Сайд ч гэж дээ…Одооны энэ муусайн сайд нарын дэргэд аягүй бол манай чавганцын нэр хүнд сумандаа дээгүүр жаалах байх шүү.

    (Нутгийн өвгөний ярианаас )

    Хорон сонсогдож байгаа байх. Гэхдээ энгийн иргэний амнаас хар аяндаа л унаад ирсэн үг шүү. Нүгэлгүй үнэн. Хөгшний хоржоонтой үг цааш нь ийнхүү үргэлжлэв. Маний үед эр эм хоёр салахдаа хүртэл голтой явсан юм шүү. Үе удам дамжсан ганц мөнгөн эмээл энэ тэрхэн байвал үр хүүхэддээ үлдээгээд өөрөө нэг муу янгиа тохож аваад л гарна шүү дээ. Одооны түшмэдүүд чинь харин мундраа дэлгэсэн улс уу даа. Төрийн санг баахан тонож дээрэмдэж ёроолыг нь харуулж орхичихоод мөрөөрөө зайлахгүй тамга тэмдгийг нь хүртэл өвөртлөөд ганийдаг болсон байна. Тэр цусаар бас үхснээ хийдэг байна даа. Өгдөг юмыг нь өгчихөөд сайхан исгэрээд  гараад алхчихгүй. Хийморио гээсэн цуснууд . Эр ч гэхийн аргагүй шушмаа улсаар энэ төр бүр дүүрч орхиж шүү. Энгийн улс нь дүүрчээ. Энэ цэргийнхэн бас яаж орхио вэ. Генерал гэж дээхэн үед өргөн улаан зураастай ганган гэгчийн  өмдийг шөвгөр бажийктай өшиглөж, хар машаан унасан, ярс ярс алхсан янзтай гоё амьтад байлаа шүү дээ. Ээ бурхан минь тэдний сүр хүч гэж доройхон амьтан сүнс нь зайлчихмаар иртэй галтай. Одооны генерал гэж цаадуулаасаа дутахгүй сандал ширээтэй зууралдсан, сонин хэвлэлээр гоншгоносон  авгай хүүхэн шиг нялуун амьтас гарч иржээ. Тэр Даш гэж ер нь ямар амьтан байнаа хө. Генерал хүн хэзээ ийм байлаа. Хонин дээр таардаг болоосой, хэдэн үг хэлэх юмсан. Тэр Батаа гэж яасан дүүрчихсэн дурак вэ. Улсын онгоц монгоц унаж нэг муу шарваганасан үнэг хөөж явдаг нь юув. Сайхан жаран ёс олж унаад манай нутагт ирж мань мэттэй чоно хөөхгүй дээ. Өвгөнд бол тэр машаан тэрэг ч хэрэггүй дээ. Морь, ташуур хоёр байхад хаваасаг. Сайн эр чинь тэгж сэнстэй мэнстэй хүржигнэсэн юман дээр мордчихоод модны оройд орооцолдож явдаг юм уу. Тэгж ч шившгээ хутгахгүй шүү…Өвгөнтэй хэрэв өдөржин суувал энэ байтугай гашуун үг дуулах байсан нь тодорхой. Тэгэсхийгээд хөдөллөө. Замын турш хөгшний хөгжилтэй ч юм шиг, хорлонтой ч юм шиг тэгсэн хэрнээ яахын аргагүй хөл бурзалгасан үнэн үгс нь санаанд орж ирээд олон олон зүйлсийн тухай эргэцүүлж явав.

    Өглөө ажил дээрээ орж ирээд сонин эргүүллээ. Генерал Дашийн “Намайг сайд мэдэхгүй. Ерөнхий сайд ажлаа хийж бай гэж хэлсэн” гэсэн томоос том гарчигтай ярилцлага нийтлэгджээ. Мань генерал тамга тэмдгээ өгөхгүй гүрийж хөгөө дэлгэж байгаа тухай сурвалжлагууд бүхий алаг сонинуудаар хөдөөнийхөн шоололдон тамхи ороож суусан. Тэр балай явдал нь үргэлжилсээр байгаа нь энэ аж. Өвгөний хэлсэн үнэн ажээ. Генерал хүн ийм ч байх гэж. Ингэж ч шившгээ дэлгэж явах гэж. Хил дээр хороо жагсааж явсан генерал улс төрд хутгалдчихсан ингэж ч явах гэж. Агентлаг газруудын дарга нар энэ мэтчилэн сайдынхаа өөдөөс “Чи намайг мэддэггүй юм аа” гээд салаавч өгөөд пээдгэнэж суудаг болсон жишээ газар авсан юм байх аа. Онгоцны асуудлаас үүдэн огцрох өргөдлөө өгсөн гэх С.Отгонбаяр Онцгой байдлын газрын даргыг халах тушаал гаргасан нь ийнхүү дээрх хэл амны эхийг тавьсан бололтой. Отгонбаяр сайд огцрох өргөдлөө өгөлгүй яахав. Өгөх ёстой. Өөрийнх нь онгоцыг хөлөглөж яваад өдий төдий сайхан сайхан аавын хөвгүүд амь насаа алдчихаад байхад тушаал өгч нисгэсэн сайд огцрохгүй өөр хэн огцрох юм. Ёстой энэн шиг буух эзэнтэй, бултах газаргүй юман дээр буруу зөрүүг өөр хэн нэгэн рүү нялзааж, ташраар нь баахан хүмүүсийг хомроглож хэмжээ хязгааргүй хэрүүл тэмцэл дэгдээгээд байх шаардлагагүй.  Сураг дуулах нь ээ улаан цайм хариуцлага хүлээлгэх ёстой Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын дарга Батмөнхын толгойг томчууд илээд өнгөрөх янзтай. Учир нь энэ нөхрийг МАХН-ын нөлөө бүхий эрхмүүд хаацайлж байгаа гэнэ. Маргаашийн сонинд “Цэнгэл ээ чи намайг мэддэггүй юм. Намайг Су.Батболд ажлаа хийж бай гэсэн” гээд бас салаавч өгөөд зогсч байхад гайхах юмгүй. Сайдад нь салбарыг нь биш зөвхөн албан тасалгаа л өгдөг заваан жишиг МАХН-ын засаглалын үед тогтож, тэр нь газар авсаар монгол төрийн сайд гэх эрхэм үнэ хүндийг ийнхүү дурын дуракууд урдаас нь дунд хуруугаа гозойлгож зогсдог эмгэнэлт төрхөнд оруулж орхижээ. Олон сайхан аавын хөвгүүдийн хүн чанар, хувь хүний гайхамшигт чанаруудыг сайдын сэнтий өгч устгаж эхэлсэн энэ явдал явсаар монгол эрийн нэр нүүрийг ч шавартай хутгаж орхив. Эрүүл мэндийн сайд Л.Гүндалайн эсрэг эмнэлгийн хэдэн дарга нар нь бичиг захиа шидэлсээр байгаад унагаж байсныг уншигчид санаж байгаа байх. Эмнэлгийн даргын томилгоог толгой мэдээд шийдчихэж чадахгүй л эрүүл мэндийн сайд байна гээд бод. Мөн бэрх байгаа биз. Т.Гандийг улс төрийн томилолт өвөрлөөд очиход нь бас л чагнуураа тайлж хаяцгаачихаад л хэл ам хийгээд гүйцгээж байсан. Цаадах нь эрх биш эрх барьж байгаа намын томилолттой сайд юм болохоор нөхцөл байдлыг дарж чадсан. Өөрийнх нь ч мөчөөгөө өгдөггүй гүргэр чанар нөлөөлсөн. Хөөрхий Л.Гүндалайг бол ёстой нэг балласаан. Арай л асрагч нараа даалгавар өгч жагсаагаагүй байх.  

    Төрийн сайдын нэр нүүрийг ингэж баллаж байдгаа болиоч ээ. Салбарыг нь бүрэн гүйцэд гарт нь өгч, ажлыг нь ёс горимын дагуу хийлгээч. Эрх мэдэл өгөөч гэж өөрийн эрхгүй хэлмээр байна. Манайх шиг Цагдаагийн ерөнхий газрын дарга нь өөрийнхөө мэдлээр дэд дарга нараа болон газар, хэлтсийн дарга нараа томилж чаддаггүй, зөвхөн улс төрийнхний гарын хүмүүс дээрээс оноож өгч байдаг хачин жишигтэй улс орон дэлхийд байхгүй. Д.Сандаг-Очирын үед ч тийм л байсан. Одоо М.Ганболдын үед ч ийм л байна. Дэд дарга нь “Хуцаж бай. Миний толгойг чи мэддэггүй юм” гээд сууж байдаг, УМБГ, ЭЦГ, ЗЦГ гээд бүх газруудынх нь удирдлагыг дээрээс томилсон болохоор ил чадахгүй ч далд пээдийгээд, ийш тийшээ хов зөөж гүйгээд, болсон болоогүй хэргийн сураг чимээг улс төрийнхөнд аваачиж чалчаад явцгааж байдаг жишиг үргэлжилсээр. Ийм заваан орон монголоос өөр байхгүй. Улс төржилт төрийн албыг, тэр дундаа тусгай , онцгой зэрэглэлийн албадыг хэдий болтол ингэж балласаар байх вэ.

    Төрд зүтгэсэн аавын хүүг шилж сонгоод албан тушаалд томилсон юм бол эрх мэдлийг нь авч үлдээд хоосон хантааз углуулаад гаргаж байдгаа хэзээ болих юм бэ.

    Манай УИХ-ын гишүүд сайдууддаа хээв нэг миний хүнээр битгий оролдоод байгаарай гэсэн анхааруулга өгөөд сууж байдаг гэнэ. Ийм ялзарсан гишүүдийг илчилж зарлах зоригтой сайд яагаад байхгүй байна вэ.

    Мөрөөрөө халгиж цалгиж явсан олон сайхан эрсийг улс төрийн тайзнаас даллаж авчирчихаад адаг сүүлд нь түмний төлөө зүтгэх боломжоор нь цагдаж, элдвийн арга саамаар дарамталж, дарж, үнэ хүндийг нь унагаж, нэр нүүрийг нь баллаж байгаа жишээг хэдэн мянгаар нь бичиж болно.

    Өөр нэгэн байж болшгүй явдал бол арга хэмжээ авагдаад албан тушаалаас холдуулсан хүнийг нөгөө нэг дарга нь татаж аваад дэвшүүлэн гадаад дотоодын төлөөлөгчийн газрууд мэт рүү чихэж нүглийн нүдийг гурилаар хуурдаг аргыг энэ цагийн эрх баригчид гааруулж байна. Ийм нөхцөлд хэн энэ төрийг цэвэр, ёс зүйтэй гэж итгэх болж байна вэ.

    Манай Ерөнхий сайд улс төрийнхний шахалтад автаж сайдуудаараа ганц нэгээр нь сор залуулсаар байх уу, эсвэл сайдуудаа эрх мэдлээр хангаж, агентлаг, газруудын дарга нар мэтийн албан тушаалд байршуулсан дунд зэрэглэлийн ажил унагаагчид, нэрийг чинь барьж энд тэнд тодорч яваа нөхдүүдээс төрийг цэвэрлэх үү гэдэг том шалааны өмнө иржээ. Монгол төрийн хоймор дуудагдаж ирээд парламентад мэдээлэл хийж байгаа жирийн нэг түшмэл “Энэ чинь байдаг л нэг явдал шүү дээ. Тангараг өргөсөн цэргийн хүн үхээ л биз. Угаасаа сард нэг нэгээрээ л үхэж байдаг юм ш дээ” гээд хээдэгнэж суух даварсан  жүжгийг энэ төрийн нүүрэн дээр л үзлээ.

    Зөөлөн, хүнлэг явах нь хувь хүний хувьд сайхан ч төрийн өндөр албан тушаалтан хүнээс шийдэмгий, эр зоригтой, үнэнч шударга, сүр хүчтэй байхыг л ард олон нь хүсдэг.

    Сайдууд аа, цаана чинь та нарын өмнөөс улс төрийн эзэнтэйдээ эрдсэн байдаг л нэг  тэнэгүүд Fuck you… гээд даварч байна. Төрийн нэрийн өмнөөс тэднийг хуу цэвэрлэх цаг болжээ.

    Д.Туяа сайд та матаас  бичих донтой, хэл ам дэгдээхээс өөрийг хийдэггүй хурган дарга нараас сал. Эрүүл мэндийн салбарыг сайд нар биш тэд унагасан. Ц.Цэнгэл сайд та МИАТ, Иргэний нисэх дээр удаа дараа алдаа гаргачихаад хээв нэг таны дээгүүр дээшээ давж харьцан сагаж  байгаа нөхдүүдээсээ зоригтой хагац. Сайд та номхон тэмээ шиг ноолуулж, хүний өөрийнхөнд гадна дотноосоо мэрүүлж явахаа зогсоож, түрүүчээс нь шийдэмгий сал. Эс тэгвээс онгоцны чинь үйлчлэгч нар хүртэл толгой дээгүүр чинь давж харьцнаа хө гээд даналзаж эхлэхээр байна. С.Отгонбаяр сайд та огцрох өргөдлөө өгсөн юм бол эргэж нялцганалгүй Ц.Нямдорж шиг, Б.Жаргалсайхан шиг, Л.Одончимэд шиг албан тушаалын хаалгыг хаагаад эр хүн шиг гарч сур. Ийм алхмуудыг хийж эхлэхгүй бол, сурахгүй бол монголын төрд итгэж бишрэх бидний сэтгэл байхгүй болох нь

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан