Ард түмний цус нулимс урсаж байхад алга байлаа, тэд

    Зовлон дунд л хүний мөс чанар танигддаг гэсэн нэгэн бичигдээгүй хууль манай ард түмний дунд оршдог.

    Зовлон дунд л хүний мөс чанар танигддаг гэсэн нэгэн бичигдээгүй хууль манай ард түмний дунд оршдог. Нээрээ ч жинхэнэ нөхөр  бол ядарч явахад ил, чадарч явахад далд л явах шиг санагддаг. Одоо ч энэ мэт сайхан монгол чанар хайгаад ч олдохоос өнгөрчээ.
     Жилийн өмнөөс манайд гэнэт баахан эх орончид “төрцгөөж”, гудамжнаас цагаан хоолойгоор төр засгийг баалж, байшин сав руу нь ялзарсан лооль шидэж, бүрээ бөмбөр нүдэн байж шинэ цагийн тэмцэгчид хэмээх алдрыг хүртэж олноо өргөгдсөн билээ. Жинхэнэдээ монголын төлөө юу ч хийгээгүй тэдгээр шинэковууд энэ улсын төлөө залуу халуун насаа  өргөж, өлсөж жагсаж, маргааш  юу угтахыг  мэдэхгүй амь биеэ золин  тэмцэж явсан  өмнөх үеийн улстөрчдийн гавъяаг  үгүйсгэн харлуулах арга замаар олны анхаарлын дунд хөл тавьсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэсэн ч ардчилсан монголын халуун итгэмтгий нийгэм тэднийг хажиглаж гадуурхалгүй алган дээрээ тосон авч, ихэвчлэн дэмжиж итгэсээр өнөөдрийн өдөрт хүрч ирлээ. Ерэн оны тэмцэгчид энэ цагийн аман хувьсгалчид хоёрын хооронд үнэндээ  дэлэм дэлэм ялгаа бий. Үнэндээ нэг талаас өнөөдрийн булган захтай, савхин дээлтэй, баруунд бойжиж байгаад гэнэт ирсэн энэ  хөлсний жагсагчидтай өчигдрийн үнэт хөвгүүдийг жишиж байгаа маань өөрөө хариуцлагагүй явдал л даа. Бид алт гууль хоёрыг нэг алхаад л жишдэг нягт нямбай араншинтай улс хэзээнээс биш. Ийм гэнэ сэрэггүй, гэнэн итгэмтгий сэтгэл зүйтэй учраас л газрын хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй баахан банди нарт боломж олгож, дур зоргоор нь гааруулж  орхисон хэрэг. Манай эх орончид тэгэх тусам улам л ахиад, улам л хувираад байв. Сонин сонин гэрээ хэлэлцээрт ороод л, сэжигтэй сэжигтэй төрх байдал үзүүлээд л, шударга бус, буруу зөрүү болгонтой тэмцэнэ гэсэн андгайнаасаа буцаад л, номхоныг нь сугалж ноцоод л , аргалж чаргалсан нэгнийх нь урд амаа үдүүлж шарваганаад л яах ийхийн зуургүй төрөл арилждаг байгаа.

    Монгол хүний зүрх сэтгэлийн гүнээс хувийн өчүүхэн ашиг сонирхлоо урьтал болгосон адгийн заваан санаархал нь хэзээ ч арчигддаггүй гэдэг шинэ цагийн категорыг батлаж өгсөн түүхэн жишээг Батзандантан, Магнайтан, Баасантан нар батлаад өглөө. Монгол улсын төлөө тангараг өргөсөн 15 алба хаагч халуун амиа алдан, улс орон даяар эмгэнэн гашуудсан энэ өдрүүдэд манай аман хувьсгалчид л алга байв. Баасан гэгч эмэгтэй бас л амьтны анхаарлыг өөр дээрээ татдаг башир аргаа хэрэглэх гэж алга болж нэг үзээд, ар өврөөсөө суруулж нэг үзээд бүтэлгүйтэж орхив. Ардын хүүхдүүд эх орныхоо төлөө амиа өгч явахад амаараа юу дуртайгаа хийж явдаг энэ мэт тэмцэгчид хаана байв. Тэдний эх орончийн дүр, элгэн халуун сэтгэл хаачив. Амь үрэгдсэнээ үдэж, ард нь үлдсэнээ бодож юу байгаагаа тэмтэрч байгаа энэ үед  манай шударга эх орончид нуувчинд орж нүүр хийх газар үгүй болтол түлж байгааг бид хэрхэн яаж хүлээж авах вэ. Өвлийн хүйтэнд гадаа гудманд улаан хошуулан бахирч зогссон тэдэнд сарын цалингаа хүртэл атгаад очиж байсан мань мэтийн сэтгүүлч олон түмний өмнө орж байх газраа олж ядахдаа  арга буюу ийн эрж хайхад хүрлээ. Бидний итгэл сэтгэл дээр гишгэлэн явсаар түрүүчээсээ албан тушаал, эрх мэдэл, элбэг тансаг амьдралд хүрээд эргэж харахгүй алга болж  байгаа эдгээр усан буунуудаас хариуцлага асуух эрх ард түмэнд бий гэдгийг тэд мартжээ.

    Өнөөдөр 15 иргэнийхээ халуун амийг нэхэн Онцгой байдлын сайдын орон гэрийг гороолж явах ёстой тэмцэгчид, Байгаль хамгаалах биш байгаль сүйтгэх яам болгон дампууруулж, Эрэлийн төлөө эргүүттэлээ зүтгэж яваа Эрдэнэбаатарыг огцруулах шаардлага тавьж байх ёстой жагсагчид, байлдагч нар нь буудалцаж тоглохоос өөрийг хийхээ байтлаа доройтож, Батлан хамгаалахын салбарыг баллаж байгаа Сономпилыг эргүүлэн татах хөдөлгөөн өрнүүлж явах үүрэгтэй шударга хөвгүүд, Онгоц хөлөглөөд үнэг хөөж явдаг ялзарсан түшээдийг яллаж байх ёстой шинэ цагийн тэмцэгчид хаана явна вэ. Хэрэв  байгаа бол та бүхэн гарч ирж, хөлийг чинь дөрөөнд хүргэх гэж сүү өргөн дэмжсэн халуун сэтгэлт ард түмний өмнө сэтгэлийн өрөө төлнө үү. Төлөх өргүй, тулах түмэнгүй гэж үзэн мөрийг хөөн одсон бол бидэнд ийм ичих нүүргүй хөлсний тэмцэгчид хэрэгтэй эсэхийг хэлцмээр байна. Та бүхэн нуувчнаасаа гарч ирнэ үү. Үхэл үзээд зугтдаг муурын занг үнэхээр тэвчиж чаддаггүй монгол араншин сэдрэх нь байна шүү.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан