МАХН-д Гаалийн даргыг томилох ёс суртахууны эрх бий юу

    Гаалийн тухай хүмүүсийн ойлголт их энгийн байсан.

    Гаалийн тухай хүмүүсийн ойлголт их энгийн байсан. Гааль гэдэг бол Монгол улсын хилээр орж гарах хүн ачаа тээш, машин техникт үзлэг шалгалт хийж, хуулиар хориглосон болон хязгаарласан барааг хил нэвтрүүлэхгүй байх, хууль зөрчсөн элдэв бусармаг үйлдлийг илрүүлэх, гаалийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийг ухуулан таниулах, сурталчлах үүрэгтэй байгууллага. Базаад хэлэхэд буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүйн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг төрийн тусгай алба гэсэн үг. Хүмүүсийн толгойд байсан элдэв сүржин дагалт сэлтгүй тэрхүү энгийн ойлголт ерөөсөө л энэ юм. Харамсалтай нь энэ ойлголт эдүгээ энгийн гэх үгэнд багтахааргүй аймшигтайгаар сэвтжээ. Манай гаальчдыг  хууль ёсны өмнө хүлээсэн үүргээ умартчихсан, хээл хахуульд гүн автсан, гаалийг эрхтэн дархтнуудын мөнгө угаадаг төвлөрсөн бааз болгосон  тухай амтай болгон шагшин хэлцэх болжээ. Сүүлдээ гаальчид гэсэн үгийг үгсийн сангаас алга болгож оронд нь авлигачид гэсэн үгээр оруулаа юу гэмээр сэтгэгдэл төрөхүйц уур амьсгал нийгмийг бүрхэв. Гэвч гаалийн ажилтнуудын авилга авсан тухай мэдээ баримт батлагдаж шүүхээр шийтгэгдсэн баримт одоо болтол байдаггүй гэдгийг энд дурьдах ёстой байх. Батлагдсан баримт нотолгоогүй атлаа нэгэнт бараанаас өөр будаг нүүрэндээ түрхүүлэхээ байсан гаалийн байгууллагынхны унасан нэр хүндийн дээрээс зарим ажилтнууд нь вискийг өөр бараагаар бүрдүүлэлт хийж татвараас зайлсхийсэн үйлдэлд гар бие оролцсон нь тогтоогдож нийтийн дунд явдаг мөнөөх хүнд ойлголтыг баталсан явдал болов.

    Гаалийн байгууллага манай улсын улс төр, эдийн засаг, соёл боловсрол, шинжлэх ухааны бүхий л салбарын үйл ажиллагааг санхүүжүүлж байгаа улсын төсвийн бүрдүүлэлтэд томоохон үүрэг гүйцэтгэдэг нэгж тул элдэв бусармаг явдалтай хутгалдаж мэргэжлийн байгууллагын нэр хүндийг унаган баллаж байгаа гэмт этгээдүүдтэй хатуу тэмцэл явуулж, монголын гаальд их цэвэрлэгээ хийх шаардлага нэн тулгамджээ. Нэгэнт байдал иймдээ тулан өндрөө авч, олон нийтийн зүгээс өгч буй сэтгэл эмзэглэмээр бараан үнэлэлт дүгнэлтүүдийн туйлшрал дунд бүх насаараа энэ байгууллагын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа шударга ажилтнуудын нэр төр хамагдан бүдгэрч байгааг ч зогсоох арга алга. Монголын гаальд сайн ажилладаг, мэргэжлийн ур чадвар сайтай, хүнийхээ хувьд зөв сайхан сэтгэлтэй хүмүүс олон байгаа. Гэвч тэд нь ямар ч сайн дурын уран сайханч ирээд толгой дээр нь завилж байсан сөрөн босох сэтгэлийн тэнхээгүй, гутранги, ирээдүйдээ итгэлгүй, хэт хүлцэнгүй улс болон хувирчээ. Мэргэжлийн ийм өвөрмөц байгууллага төрийн харалган бодлогоос болж уран сайхны байгууллага болон хувирсны гол бурууг хэн хүлээх ёстой вэ. Энэ асуултад ерөөсөө л төр өөрөө хүлээх ёстой гэж би хувьдаа хариулмаар санагддаг. Саяхан шинээр томилогдсон Сангийн сайд Н.Баяртсайхан гаалийн байгууллагын ажил төрөлтэй ирж танилцаад явжээ. Энэ үеэр эрхэм сайдын амнаас гарсан зарим үг элдвийн юм үзэж дарамтлагдсаар, эцэстээ нэр нүүрээ барахад хүрч зовлон амссан гаальчдын дургүйг нэлээдгүй хүргэсэн байна. “Энэ  одоо болиосой. Эд өөрсдөө л гаалийг баллаж хаясан шүү дээ. Бузар булайгаар булж, талхалж талхалчихаад эцэс сүүлд нэг ярвайсан нөхөр ирээд та нар шавар цацуулсан нэр хүндээ өөрсдийн хүчээр цэвэрлэ гэж хэлж яаж чадаж байнаа” хэмээн гаалийнхан бухимдаа илэрхийлж байна. Тэгж яривал төр өөрөө гаалийн нэр хүндийг уландаа унагасан гэдэгтэй мөхөс бичигч би бээр бас санал нэг байгаа юм. Тийм учраас төр гаалийн байгууллагын унасан нэр хүндийг сэргээх ажилд гар бие оролцох ёстой. Ганцхан гааль ч биш маш олон мэргэжлийн байгууллагуудын үндсэн мөн чанарыг устгаж, үгүй хийсэн нүгэлтэн бол монголын заваан улс төр. Улс төрийн хүчнүүд аль аль нь үүнд хамаатай. Төрийн эрхэнд гарч ирсэн хүчин болгон өөрийн хүнээ ГЕГ-ын даргаар тавьдаг. Тавьсан хойноо араас нь дарга даамал болгон дарамталж авгай хүүхдээ чихдэг. Тэдний энэ харалган алдаанаас болж гаалийн байгууллагын боловсон хүчний бодлого алдагдаж, төрийн энэхүү тусгай алба сайн дурынхнаар дүүрсэн. Баатарын үед баарны эзэн хүртэл Говь-Алтайн хүн гэх ганцхан үзэмжээр аймгийн гаалийн дарга болж байсан түүх бий. Эдүгээ ч тэр эрхэм хөл толгойгүй бизнес хийн хөндлөн гулд давхиж явахад Замын- Үүдийн боомтыг босгосон хүн ажилгүй явж байх жишээтэй. Уулзаж ярилцсан  олон арван гаальчдын ярианаас шударга ёсны тухай асуулт өөрийн эрхгүй босч ирж байлаа. Дээгүүр нь шувуу ч ховорхон нисдэг алс зэлүүд нутагт томилогдож очоод мартагдчихсан гаальчид хэдэн арваараа байхад эндэхийн эрээгээ барсан байцаагчид “Одоо би хоёр дахь байраа авах болсон уу” гээд хаалга онголзуулаад зогсч байдаг тухай баригдаж хоригдсон Х.Баатар дарга арга тасран өгүүлж байсан. Х.Баатарыг томилсон МАХН араас нь бараа товар шиг хүнээ шахсан. Шахалт дарамтанд ороод 70 шахам хүн шинээр ажилд авснаа тэр бас хүлээж байсан. Дээрээс шахсан хүмүүсээ шингээх гэж аргаа барахдаа хамгийн даруу, хамгийн номхон гаальчдыг ганц нэгээр нь халж тамтгаа барж байсан Х.Баатар буруу юм хийснээ мэдрээд заримыг нь ахин тушаал гаргаж эргүүлэн авч байлаа. Учир замбараагаа алдсан хүний тоо энэ мэтээр орооцолдон эцэсдээ цаасан дээр 70 шахам гэсэн тоо дурайн үлджээ. Үнэн хэрэгтээ МАХН шиг төрийн тусгай албыг ингэж зайдалсан улс төрийн хүчин байхгүй. Шударга ёсны хувьд эдүгээ энэ намд ГЕГ-ын даргыг томилох эрх үгүй санагдавч тэд ахиад л ичих булчирхайгүй загнан довтолж байна.

    ГЕГ-ын даргад Сангийн дэд сайд, МАХН-ын гишүүн  Ч.Ганзориг, УИХ-ын гишүүн асан, МАХН-ын гишүүн Д.Цэвээнжав, Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга, МАХН-ын гишүүн Ц.Болдсайхан нарын нэр яригдаж байгаа гэх мэдээ ирж байна. Н.Энхбаяр Ч.Ганзоригийг, М.Энхболд Ц.Болдсайханыг, Н.Баяртсайхан Д.Цэвээнжавыг зүтгүүлж МАХН-ын сонирхлын бүлгүүд зөвшилцөлд хараахан хүрч амжаагүй байна гэж эх сурвалж өгүүллээ. Хэдийгээр албаны эх сурвалжаас аваагүй ч гэсэн дээрх мэдээлэл гаалийн байгууллага дотор хэдийнэ түгсэн байхыг бодоход оргүй хоосон таамаг биш бололтой. Харин гаальчид эдгээр эрхмүүдийн хэнийг нь ч хүлээж авмааргүй байна хэмээн дотроо ярилцаж, болохгүй бол түр хороо ч атугай байгуулж гаалийн байгууллагын хувь заяаны төлөө тэмцэх талаар үг унагацгааж байна. Монголын гаальд мэргэжлийн, өндөр боловсролтой, ёс зүйтэй, хувь хүнийхээ хувьд зөв алба хаагчид олон бий. Тийм учраас энэ удаа улс төрийн томилгоо гэх нэрээр бамбай хийн бас нэг бөөн дурын уран сайханч ирж гаалиар тоглохыг харах арга алга хэмээн тэд ярьж байна. Гаалийн боловсон хүчний асуудалд ихээхэн ач холбогдол өгч, хувь хүний нь хувьд нарийн судалж, тавьж буй шаардлагыг хангасан тохиолдолд ажилд томилох шаардлага зүй ёсоор урган гарч байна. Ард нь Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдлын эрх ашиг хөндөгдөж байгаа тул их томилгооны өмнө ийн дуугархаас өөр арга алга. Миний бие энэхүү нийтлэлийг бичихийн өмнө Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын үзэл баримтлал, 1993 онд Танзани Улсын Аруша хотноо хуралдаж батлагдсан “Гаалийн албаны сайн засаглал, ариун шударга ёсны тухай тунхаг” зэрэг олон материал уншиж судлахын хажуугаар нь эгэл жирийн гаальчидтай уулзан ярилцаж санаа бодлыг нь сонссон. Уншигчид  маань ч томилгооны өмнө улсынхаа эрх ашгийн төлөө энэ мэт чухал сэдвүүдээр чадлынхаа хэрээр дуугарч байхыг хатуу даалгасаар байна. Энэ бүхэн гааль хэмээх төрийн тусгай албанд томилгоо, халаа сэлгээнээсээ илүү тулгамдаж ирсэн, хоолой дээр нь торон зогсч буй олон чухал асуудал байгааг илэрхийлж байна гэдэгтээ хэн ч маргахгүй биз  ээ.

Сэтгэгдэлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан