Баатар зөвхөн байцаагчидтай л холбоотой гэв үү

    Гаалийн дарга Х.Баатарын нэрээр овоглогдсон дуулиант хэрэг эдүгээ олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж байгаа хэрэг яах аргагүй мөн билээ.

    Гаалийн дарга Х.Баатарын нэрээр овоглогдсон дуулиант хэрэг эдүгээ олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж байгаа хэрэг яах аргагүй мөн билээ. Хувь заяа нь хэрхэн яаж эцэслэгдэх гэж буй нь өнөө хэр тодорхойгүй улс төр, бизнесийнхний сэтгэлийг  өдрөөс өдөрт түгшээж байгаа энэ хэргийн албан ёсны гэж хэлж болох анхны баримтууд дэлгэгдэж эхлэхдээ хараажаар улс төрийн захиалгат боломжоор хөл дүүжлэн түгэж байгаа нь анхаарал татна. Улсын мөрдөн байцаах газрын тавдугаар хэлтсийн мөрдөн байцаагч И.Буян-Өлзий, Х.Доржсүрэн нарын  мөрдөн шалгасан энэхүү өндөр албан тушаалтнуудын нэр холбогдсон  ээдрээт хэрэг хавтаст хэргийнхээ дугаар сэлт, юутай хээтэйгээ  хэвлэлд дэлгэгдсэн нь өөрийн эрхгүй анхаарал татаж байна. ЦЕГ-ынхан энэ тухай сонсоод “Хэрэг манай шатнаас аль эрт хөдөлсөн. Манайхан хавтаст хэргээ мөрдөн байцаалтын шатандаа алдаагүй. Цагдаа юм болгоны буруутан болдог хойд хар овоохой биш шүү” хэмээн уухирч байгаа ч цацагдсан баримтуудыг цагдаагаас “алдагдсан” гэж ойлгогдохоор  нөхцөл байдал баримтыг гартаа оруулсан хэвлэлийнхний мяндсан ухаанаар үзэглэгдэн түгэж орхижээ. Магадгүй хэрэг прокурор, тагнуулынхны алиных нь ч гараар ороод  задарчихсан байж болно. Харин цагдаа дээрээс хэмээн ойлгуулах операци аль хэдий нь эхэлчихсэн байгаа нь л харагдаж байна. Хоёр сая төгрөгөөр арилжсан ч гэх шиг.

    Х.Баатар даргын гэх энэхүү хэрэгт нийт 14 хүн нэр холбогдон шалгагджээ. Гэхдээ эдний дотор ноён Х.Баатар, Шадар сайд асан Ч.Улааны зөвлөх Б.Өвгөнхүү хоёроос өөр албан тушаалтан гэхээр хүн алга. Анхнаасаа сүр дуулиантайгаар албан тушаалтнуудын  хэмээн олонхийн тоон дээр яригдан өндрөө авсан эл хэрэг одоо болохоор яагаад  нэр холбогдогсдынхоо тоог юу юугүй цөөлөн хонь шиг ноосоо хаян цэмцэгнэж эхлэв ээ. Явж явж  Х.Баатарын гол холбоотноор номхон зөөлөн Б.Өвгөнхүү л хүний өмнөөс гүйж яваад тодрох шив . Хорь гучин хүний нэр холбогдсон дуулиант хэргийн холбогдогчид арван хэд болж хувирсан төдийгүй  энгийн муусайн байцаагч нарын нэрсийг л эгнүүлээд өрчихсөн харагдана. Эндээс үзвэл мань Баатар зөвхөн өөрийн албан тушаалд томилсон цөөн хэдэн байцаагчтайгаа л харьцаад, зөвхөн өөртөө л хүүдийлээд явсан хүн болж таарах нь. Энэ үнэнд нийцэх үү.

    Х.Баатарын хэрэгт хэнийг нааж, хэнийг сугалах сонирхол явж байна вэ

    Энэ асуулт яах аргагүй гарч ирж байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр саарал ордныхон Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайд  Ө.Энхтүвшингийн нэр уг хэрэгт холбогдсон талаар сүрхий жиг жуг хийцгээв. Х.Баатар Ө.Энхтүвшинтэй хойно академид хамт сурч байсан  өвөр түрийний найз гэж ирээд л. Х.Баатар хамт сурч байсан болгондоо байр савыг алчуур болгон барьж байсан гэвэл бас л эндүүрэл болно. Эх сурвалжийн мэдээлж буйгаар бол Гаалийн ерөнхий газар тухайн үеийн Сангийн яаманд байрны өртэй байсан. Тэр байруудыг зарим хүмүүст тараасан гэх. Ө.Энхтүвшинг тэндээс байр авсан байж магадгүй хэмээв ч яг тэр байруудаас түлхүүр гардсан хүмүүсийн нэрс дотор түүний нэр байхгүй байгаа нь анхаарал татна. Цагдаагийнханд МАХН-ын зарим хүмүүс мэдүүлэг өгөхдөө “Ө.Энхтүвшин даргыг  Х.Баатараас 60 сая төгрөгийн авлагатай гэх яриа нам дотор явдаг байсан. Тэгээд л Х.Баатар дарга өр ширээ эндээс өгч хаасан байх” гэсэн байх юм. Гэвч Ө.Энхтүвшин энэ талаар асууж тодруулсан мөрдөн байцаагчийн асуултад “Бидний хооронд ямар ч өглөг, авлага байгаагүй. Наадах чинь миний нэрийг энэ хэрэгтэй хутгах гэсэн далдын бодлого явж байна” хэмээн нэлээн хурцхан хариулсан бололтой. Юутай ч Ө.Энхтүвшинг Х.Баатарын хавтаст хэрэг дотор 40 сая төгрөгийн асуудлаар уяад авчээ. Энэ үнэн баримт уу, санаатай хавчуулга уу. Юутай ч Х.Баатарын  гол түнш гэгддэг шадар сайд асан Ч.Улааны нэр энэ удаа хэргээс бараг бүр мөсөн хасагдаж оронд нь жигүүр мигүүр хэмээн хэл ам таталж, болдоггүй улсуудын бослогыг толгойлж  шүдний өвчин болсон Ө.Энхтүвшингийн нэр гэрлийн хурдаар орж ирсэн нь  анхаарал татаж байна.

    МАХН Х.Баатараас сэтэрхий тэвнэ ч аваагүй гэнэ

    Дээрх асуулт бас яах аргагүй гараад ирж байна. Авилгад авсан мөнгөний тоо багассаар 81 сая төгрөг хэмээн цагдаа дээр тогтоод одоо прокурор руу эл хэрэг шилжлээ. Энэ тоо одоо сонин биш. Анхаарал татаж байгаа олон зүйл ард нь байна. ГЕГ-ын дарга Х.Баатарыг сонгуулиар намдаа их хэмжээний мөнгө хандивласан гэлцдэг. Хэрэг шалгагдаад эхлэмэгц хамгийн түрүүнд тодорхой болсон тоо бол түүний намд өгсөн мөнгө байсныг хэн хэнгүй санаж байгаа байх. Гэтэл одоо намд өгсөн мөнгөний тоо байтугай намын гишүүнийх нь батлах ч олдохоо байсан гэнэ. Намын өмнөөс албан тушаалд томилогдсон энэ эрд эдүгээ Гаалийн, Хорлоогийн гэх хоёрхон овог зүүн хэлцэж байна. МАХН-ын гэх овгийг бол сануулж ч болохгүй гэсэн хачирхалтай хариуцлагагүй даалгавар хаа нэгтэйгээс өгөгджээ. МАХН-д түүнийг мөнгө өгч байсан эсэх талаар тодруулах ажлыг  УМБГ туйлын хариуцлагагүй хийлээ. Бүхэл бүтэн намын сонгуулийн үеийн санхүү, тайлан тооцоог шалгахдаа дөрөвхөн хүнийг дуудаж бэлгэдлийн чанартай лавлаад гаргасныг өөрөөр яаж тайлбарлах билээ. Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Ж.Энхбаяр,Н.Лосол нарын энэ дөрөвхөн хүн Х.Баатарын хэргийн хувь заяаг МАХН-аас салгаж дөнгөлөө гэж үү. Энэ хангалттай эх сурвалжууд мөн үү. Айлын өвчтэй авгайг гэрт нь эргэж очоод хэдэн төгрөг өгөөд гарсан жирийн нэг албан хаагчийг мөшгиж бариад өгсөн авсныг нь тайлагнуулж дөнгөсөн мөрдөгчид албаны харилцаан дээр очоод яагаад ингэж нурж унаад байна вэ. Айж ичсэндээ болоод үхчих шахаж байгаа жирийн байцаагч нарыг болохоор гавлаж гинжилж, эрүү шүүлт тулгаж байгаад хэрэг хүлээлгэж байгаа мөрдөгчид эрхтэн дархтны өмнө болохоор хаалгыг нь тогшоод үүдэнд нь гөлөлзөж байна. Энэ хэргийн хувь заяа үнэхээр бүрхэг тийшээгээ ханджээ. Х.Баатар сүүлдээ нам ч үгүй, лам ч үгүй, хэдэн муусайн байцаагч нартайгаа хамт орон шоронгийн хаалга татах нь тодорхой болж. Уг нь бид жирийн нэг Баатарын араас мөрдөж мөшгиж, ял тооцохыг сануулаагүй. Жигүүр нь болж яваад замын дундаас мултарчихаж байгаа МАХН-тай хариуцлага тооцохыг анхааруулсан. Эрхэм дээдсийн гэх тодотголтой энэ хэрэг ийнхүү эгэл буурай, номхон хүлцэнгүй хэдэн хүний хаягтай хэрэг болон хоцрох вий гэсэндээ  санаа тавьж ирсэн. Гэвч талаар өнгөрч мэдэх тийшээгээ ханджээ.

     Тагнуулын өндөр албан тушаалтан гаалийн хэрэгт холбогджээ

    Энэ мэдээ яагаад ч юм дарагдаад өнгөрсөн. Хэргийг мөрдөн шалгаж буй хүчнийхний нэгэн гол багана болох тагнуулынхан дээрх дуулиант хэрэгт өөрсдөө холбогдсон нь нотлогджээ. Гэвч хавтаст хэрэгт энэ талаар үсэг ч бичигдэлгүй өнгөрсөн байна. Тагнуулын нэгэн өндөр албан тушаалтан Говь-Алтайн боомтоор хууль бусаар хил давуулсан асар их хэмжээний ноолуурын хэрэгт холбогджээ. Тухайн үед ГЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан Д.Энхбат  уг хэргийн үеэр Говь-Алтай аймагт байсан тухай мэдээлэл ч байна. Тагнуулын газрын нөлөө бүхий тэр ноёнтон Амгаланбаатар гэдэг хүнээс 100 сая төгрөгийн авилга авсан нь нотлогдож үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн ажээ. Гэвч энэ хэргийн талаар хэвлэлийнхэн ч дуугаралгүй өнгөрсөн нь сонин.

    Жолооч оо ч таниагүй Баатар жолоодогчоо яахин таних вэ дээ

    Х.Баатарыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх төмөр замын гэх хорооллоос бүрэнхий болсон хойно хотын нөгөө зах руу биллиард тоглохоор явж байхад нь анх баривчилсан. Тухайн үед түүний машиныг цагдаа нар хаан зогсооход угийн хүүхэд шиг гэнэн тэр эрхэм нэгэн боодолтой юмыг яах ийхийн зуургүй суудал доогуураа шургуулж амжжээ. Цагдаа нар ч тэр дор нь ухаад гаргаад ирж. Гэтэл тэр нь есөн сая  гаруй төгрөг байж. Хожим нөгөө мөнгөө минийх биш, би огт мэдэхгүй хэмээн мэдүүлтэл аль хэдий нь жолооч залуу  “Дарга цагдаа хараад гялс суудал доогуур шургуулчихсан шүү дээ” гээд улайчихсан байж. Харин тэр орой Х.Баатар намынхаа болон ойр дотныхоо хэд хэдэн хүн рүү амжиж утас цохисон гэдэг. Харамсалтай нь хамгийн өндөр албан тушаалд байсан Ч.Улаан нь л ганцаараа утсаа аваагүй гэх юм билээ. Одоо Ч.Улаан морио уян гангарч явахад Х.Баатар модон нааран дээр ганихарч хэвтэнэ. Хорвоо хийгээд хүний мөс чанарын тухай ойлголтууд зарим үед хоорондоо огт авцалдаж өгөхгүй дотор ураад байх нь хэцүү еэ.

Сэтгэгдэлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан