Хувьсгалт нам хульхидана даа, хульхидана

    Одоогоос жилийн өмнө Ху нам Гүндалайтай ёслол төгөлдөр хуримлаж байлаа. Гэвч энэхүү гэрлэлт ганцхан жилийн настай байжээ.

    Одоогоос жилийн өмнө Ху нам Гүндалайтай ёслол төгөлдөр хуримлаж  байлаа. Гэвч энэхүү  гэрлэлт ганцхан  жилийн  настай байжээ.  Бараг л бал сараа дуусгав уу үгүй юу улаа бутруулан инээмсэглэж байсан АТН-аа төрхөмд нь буцааж, баян тарган хадмын худрагагүй араншинг үзүүлж орхих нь тэр. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 20 –ны өдөр хоёр намын дарга мөр зэрэгцэн сууж байгаад үзэглэж баталгаажуулсан гэрлэлтийн баталгаа  ингээд  зүгээр л  нэг хоосон цаас болон үлдлээ. Тэр цаас одоо улс төрийн музеи рүү, магадгүй хогийн сав руу шидэгдэх биз.

    Эв нэгдлийн засгийн газар гэх шинэхэн айлын тооныг өргөж, тулах хоёр баганынхаа нэгээр Гүндалайг дуу хуур болон залж байсан Ху нам ор хөнжлийн ажилд үнэхээр гаргуун нам болохоо ахин харуулав. Монголчууд за гэвэл ёогүй эртний сайхан худрагатай түмэн. Энэ нь бараг ёсчлоогүй л болохоос монголын андгай болсон гэхэд хилсдэхгүй. Тэрхүү үнэ цэнэтэй андгай өнөө цагийн тарьмал үрээр бойжсон эрэмдэг улстөрчдийн  хөлд үрэгдээд дуусч байна уу даа гэх эмзэглэл төр, улсынхаа төлөө зовнидог болгонд төрж эхэлжээ. Гудамжинд таарсан захын хүн л “За даа, одоо ч хэлсэндээ хүрдэг, амандаа зогсдог, буурь суурьтай, ноён нуруутай чанар хаа хаанаа алга болж дээ. Төрийн хоймороос л нэг нэгийгээ яаж алж, яаж хульхидаж, яаж урваж шарваж  болдгийн сонгодог жишээнүүдийг мань мэт рүүгээ шидэж байдаг боллоо шүү дээ” гэх үгийг хацар халуу оргитол хэлэх болжээ. Монголын яс чанарыг ингэтэл нь доройтуулж байгаа улс төрийнхнийг харахаас ой нь гутах болсон нь ард түмний буруу биш.

    Манай уншигчид МАХН болон АТН-ын хооронд байгуулагдаж байсан мөнөөх гэрээтэй хэдхэн хоногийн өмнө бүрэн эхээр нь танилцсан байгаа. Тус гэрээний 4.2 дугаарт …талууд дангаараа гэрээгээ цуцлахгүй байх үүрэг хүлээнэ гэжээ.  Гэтэл яав МАХН нь нэг өглөө босч ирээд л гэрээгээ ураад шидчихсэн. Гүндалай одоо хэрэггүй боллоо гээд л замын дундаас торойтол нь хөөгөөд гаргачихсан. Мөн тус гэрээний 4.3 дугаарт, Энэхүү гэрээ нь байгуулагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд УИХ-ын дөрөв дэх удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд үйлчилнэ гэжээ.  Юун бүрэн эрхийн хугацаа. Энэ ч бүр шоглоом болчихлоо.

    Мөн гэрээний 3.2 дугаарт, …Засгийн газрын бүрэлдэхүүнд Ард түмний нам нэг төлөөлөлтэй байна хэмээжээ. Гэтэл одоо эв нэгдлийн нэртэй энэ эмтэрсэн засгийн газарт АТН-аас үс ч алга.

    Хөөгдөж туугдан төрхөмдөө буцсан мань Гүндалай аргаа бараад Ерөнхийлөгч Н.Энхбаяр,Ерөнхий сайд М.Энхболд нарт болон УИХ-ын нийт гишүүдэд хандан захиа илгээжээ. Уг  захидалдаа тэрбээр  МАХН болон АТН-ын хооронд хийсэн гэрээний дагуу өөрийн намаас гурван эмчийн нэрийг Ерөнхий сайдад өргөн мэдүүлээд байгаагаа дурьдаад, Ерөнхий сайдыг улс орон ард түмний эрх ашгийг дээдлэн, хүчин төгөлдөр гэрээний дагуу ойрын хугацаанд засгийн газрын гишүүнээр АТН-ын төлөөллийг сонгох саналыг УИХ-д оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн  байна. Мөн тэрбээр цаашид эрх баригчид , төрийн өндөр албан тушаалтнууд нь энэ мэтээр өөр хоорондоо дотооддоо хийсэн гэрээгээ зөрчөөд байх юм бол Монгол Улсад цаашилбал  гадаад ертөнцөд ч манайтай гэрээ хэлэлцээр хийх тухай ойлголт утгаа алдаж,  гадаад ертөнцийн өмнө найдваргүй, барьцгүй улс орон болж үзэгдэх гутамшигт байдалд орж нийгэмд буруу муухай үлгэр дуурайлал тогтож болзошгүйг сануулжээ.

    Ерөнхийлөгч Н.Энхбаярт илгээсэн захидал нь ч мөн адил төстэй утгатай  аж. Хоёр намын гэрээний дагуу Үндэсний эв нэгдлийн засгийн газарт АТН-ын төлөөлөл байна гэдгийг дэмжинэ гэдэгт түүнд ихээхэн найдаж буйгаа тэр Ерөнхийлөгчид бичжээ.

    Саарал ордноор энэ талаар янз бүрийн л яриа хөөрөө өрнөж байна. МАХН-ын толгой хавиар цөөхөн хүний бүрэлдэхүүнтэй уулзалт болж, Эрүүл мэндийн сайдын асуудлаар санал солилцсон мэдээлэл ирж байна. Нэг хэсэг нь Л.Гүндалайгаас л салж амарсан юм чинь тэр суудалд заавал манай нам хүнээ чихэж нэр нүүрээ бараад баймааргүй байна гэсэн хатуу байр суурьтай байгаа бол зарим нь тэр муу жижиг намтай яаж ч харьцсан яадаг юм. Элэнцэгний чинь гэрээ. Тэрэнд юунд нь сүржигнэж айж болгоомжлоод байгаа юм. Энэ М.Энхболд биднээр кноп даруулж огцруулуулчихаад өөрөө нэг их улс төрийн соёл сахидаг хүн болж нэр хүндээ өсгөх гээд байгаа юм уу гэж агсарсан сураг чих дэлсэж байв. Дээрх хов живэн дунд МАХН-аас дараагийн эрүүл мэднийн сайдад тавьж болох хэд хэдэн хүний нэрийг тодруулчихсан нисгэж л явав. Тэдэн дотроос Д.Туяа, Н.Удвал, одоогийн дэд сайд А.Отгонболд нарын нар эрчимтэй яригдаж байна. Л.Гүндалайн эрүүл мэндийн сайд болонгуутаа гэнэт гаргаж ирэн дэд сайдын сэнтийд залсан “Хатагтай” эмнэлгийн эзэн А.Отгонболдын талаар саарал ордноор тун тааруу бор шувуу нисч байна. Сайдаасаа урвасан, Л.Гүндалай хүн таньдаггүй, эргээд өөрөө алуулж байгааг нь харахгүй юу, нөгөөх нь сайд болох гээд завсаргүй гүйж байна шүү дээ гэх үгийг өрөө болгонд шахам ярьцгааж байгаа нь хачин.

    Л.Гүндалай алдаа гаргасан уу гэвэл гаргасан. Энэ талаар нь сануулж хэлж байх үүрэгтэй сөрөг хүчин нь асуудал оруулж ирээд тавьж л байсан. Сайд нар чинь танхимын зарчмаар ажиллаж чадахгүй байнаа гээд хэлээд л байсан. Үгүй ээ, бид хаа ч цуг гээд хир халдаахгүй байсан Ху нам хэдхэн хоногийн дараа арьсан цаадах мөн чанараа үзүүлж нөгөөхөө золигт гаргаад чулуудчих нь тэр. Эндээс эдүгээн төрд ямар зарчим үйлчилж байгааг тодоос тод харж болно.

    Гомдож цөхөрсөн Л.Гүндалай хашрахгүй ахиад л гэрээгээ сануулж байна. Цаадуул нь харин таг чиг. Албан бус мэдээллээр бол Ерөнхий сайд нөгөө бичгийг нь авчихаад уулзаж учрах нь битгий хэл, нуруугаа харуулаад ургаа хад шиг суучихсан гэнэ. Ёстой нөгөө юун гэрээ, юун Гүндалай л болж байгаа юм байх. Ажиглагчид харин ганцхан юмыг хэлж байна. Ху  нам хульхидана даа, хульхидана…гэж

Сэтгэгдэлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан