Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл танаа

    Сэтгүүлч миний бие хэд хоногийн өмнө “Хохь нь” нэртэй нэгэн нийтлэл бичсэнийг уншигч авхай та санаж байгаа байх.

    Сэтгүүлч миний бие хэд хоногийн өмнө “Хохь нь” нэртэй нэгэн нийтлэл бичсэнийг уншигч авхай та санаж байгаа байх. Мэдээж би монголынхоо ард түмнийг хохь нь гэж хэлээгүйг та бүхэн мэргэн оюундаа тунгаасан биз ээ. Тус нийтлэл хэвлэгдсэний дараа надтай олон уншигч уулзаж ярилцсан төдийгүй бас цөөнгүй иргэд  утсаар ярьж санал бодлоо илэрхийллээ.

    Нэгдүгээрт, уг нийтлэлийг бичсэн зорилго маань сэтгүүлч хүний хувьд улс нийгмийнхээ өмнө хүлээж байдаг үүрэгтэй маань холбоотой болохоос аль нэг улс төрийн хүчин, хэн нэгэн улстөрчийн захиалга байгаагүй гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

    Хоёрдугаарт, би монгол улсын иргэн хүнийхээ хувьд санаа зовж, эх орныхоо аюулгүй байдлын төлөө зарим нэгэн зүйлийг хөндөж тавих эрхтэй гэж үздэг учраас манайхны  тэр бүр барьж аваад байдаггүй дээрх эмзэг сэдвийг хөндсөн  юм.

    Гуравдугаарт, ахин энэ сэдвийг үргэлжлүүлэн тавихыг манай улс орны өнөөгийн нэн аюултай,  эмх замбараагүй гэж үзэж болохуйц нөхцөл байдал шаардаж байгаа учраас  уншигчдынхаа өмнө дараах ноцтой баримтуудыг дэлгэж байна. Улс орны аюулгүй байдал гэдэг зүйл зөвхөн дээр байгаа хэдэн нөхдөд хамаатай асуудал биш билээ. Монгол орны ирээдүй, тусгаар тогтнолтой хамаатай  нэн хариуцлагатай ойлголт гэдгийг манай иргэн бүр ой тойндоо ягштал шингээн авах шаардлага тулж иржээ. Энэхүү шаардлагыг үндэсний ухамсар дээр суурилсан юугаар ч зольж болдоггүй амин чухал шаардлага хэмээн үзэж доорхи баримтуудыг гаргаж тавьж байгаа юм. Энэ үйл ажиллагаагаараа мэргэжлийн тусгай албадын дотоод асуудалд хутгалдах гэсэн өчүүхэн ч санаа бодол агуулаагүй гэдгээ ахин илэрхийлэхийг хүсч байна.

    ҮАБЗ  нарийн бичгийн даргагүй байх хэнд ашигтай байна вэ

    Монголын төр сүүлийн арав гаруй жил хүчний тусгай албадаараа эрээ цээргүй тоглож ирлээ.  Энэхүү харалган бодлогоос нь болж өнөөдөр манай улсын  Тагнуулын байгууллага үндсэндээ сөнөөд байна.

    Миний бие төрийн энэхүү тусгай албаны доторхи болж бүтэхгүй байгаа асуудлаар олонтой дуугарч, түүний хариуд багагүй дарамт, гүтгэлэг, доромжлолыг хүлээж ирсэн сэтгүүлчдийн нэг. Өнөөдөр  энэ хаалттай ертөнцийн дотор өмнөхөөсөө ч илүү буй  бузар булай явдлууд нүүрлэж, монгол улсын тагнуулын байгууллага түүхэндээ байгаагүйгээрээ унаж доройтоод байна. Энэхүү байж болшгүй явдлуудын зах зухаас (улсын нууцтай холбоотой олон чухал асуудлуудыг тойрч)  ард иргэдийнхээ өмнө дэлгэж тавих нь нийгмийнхээ өмнө хүлээж байгаа үүргээ биелүүлж буй явдал хэмээн үзэж байна.

    Аливаа улсын төр мэргэжлийн тусгай албадаараа тэр бүр оролдоод байдаггүй. Чингэх нь тухайн улс оронд биш гадны тусгай албадад л ашигтай нөхцөл байдлыг бүрдүүлж байдаг учраас дэлхийн том том гүрнүүд ийм тоглоомоор манайхан шиг ил задгай тоглодоггүй дархан хуультай. Харин манайд бол дархалсан ан амьтан, уул, овоо л гэж байдгаас дархалсан төрийн бодлого гэж байдаггүй.

    Үндэсний Аюулгүй Байдлын  Зөвлөл гэх төрийн хар хайрцгийн бодлогыг сахин сууж байдаг хамгийн чухал институци улс төрийн тоглоомонд хутгалдаж байгаад л шагналын журмаар юм уу , эсвэл завсар сиймхийгээр нь  тэнээд гараад ирсэн захын нэг азтай амьтны заларчихдаг  сэнтий болон үнэгүйджээ. Улстөрчийнхөө хувьд зангараг суугаагүй, төрийн өндөр албан тушаалд системтэй бэлтгэгдээгүй тохиолдлын хүмүүсийн нүүж сууж байдаг газар болсон шиг л үзэгдэнэ. Сүүлдээ Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл гэх энэ байгууллага нарийн бичгийн даргаа ч тохоон томилохоо байсан. Р.Болдоос хойш Готов гэж нэг хүн энэ албыг залгуулж байсан ч тэр нөхөр гадаадад элчин сайдаар явчихсан. Готовоос хойш ҮАБЗ нарийн бичгийн даргагүй хоёр жил шахам хугацааг өнгөрөөж байна. ҮАБЗ –ийн гол зохицуулагч субьект нь нарийн бичгийн дарга. Өнөөдрийг болтол энэ байгууллагын дотоод зангилгааг ийм сайн дурын хэлбэр төрхөөр байлгаж байх нь хэнд ашигтай байгааг ойлгох аргагүй. Лав Монгол Улсад ашигггүй нь тодорхой. 

    Монголын тагнуулын байгууллагын толгойд зэвсгийн наймаачин заларч байгааг та мэдэж байгаа юу

    Тагнуулын ерөнхий газрын даргаар Нийслэлийн цагдаагийн газрын даргаар олон жил ажилласан, цагдаагийн хурандаа Н.Ганболд томилогдоод хэдэн сарын нүүрийг үзэж байна. Хувь хүнийхээ хувьд зөөлөн дажгүй кадр боловч одоогийн Ерөнхий сайд М.Энхболдын хүн гэдэг нь үнэн. Хотод олон жил хамтарч ажилласан тэднийг сайн муугаа мэдэлцсэн дуэт гэхээс өөр юу гэх билээ. Н.Ганболд тагнуулд очоод дэд даргаараа Сок гэгддэг Жаргалсайханыг томилсон. Мэдээж толгой мэдэж шийдээгүй. Товчхондоо дээрээс өгсөн хүн гэдэг нь тодорхой. Жаргалсайхан дарга өөрөө ч энэ тухайгаа ТЕГ дотор хангалттай тунхагладаг. Намайг төр мэднэ, би Н.Энхбаярын хүн гэх омогшлоо нээлттэй зарлаж яваа түүний талаар ил тод л ярьцгааж байх болжээ. Тэгэхээр тагнуулын байгууллагаас гараад 15 жил гадуур явсан түүнийг гэнэт эргэж татсаны учрыг хүчнийхэн дотор Ерөнхийлөгчтэй холбон тандаж буйг буруушаах аргагүй. Сүүлийн үед Ерөнхийлөгчийн нэрийг эсэн бусын юмнууд өөртөө нааж явах явдал энэ мэтээр гаарлаа. ҮАБЗ-ийн тэргүүн таны нэр захын нэг агентлагийн дэд дарга нарын томилгоонд ч хавчуулагдаж, газар ус өгч авалцсан гэх мэтийн амьтны нүд орой дээрээ гармаар бохир юманд хутгалдаж явах болсонд туйлын эмзэглэж байна. Та тэдгээр  нөхдүүддээ хариуцлага тооцож, ар хударгаар нэрийг тань барин галзуурч яваа улсуудыг монголын ард түмний танд өгсөн итгэл найдварыг бодолцон төрийн албанаас чөлөөлж өгнө үү.

    ТЕГ-ын дэд дарга Жаргалсайхан нь оросуудтай олон жилийн турш зэвсгийн наймаа хийсэн үл бүтэх этгээд байжээ. Тэрбээр батлан хамгаалах салбарын мэдэлд байсан хуучин зэвсэг техникүүдийг орос руу гаргах бизнес эрхэлж байсныг нотлох баримтууд тусгай албадын гарт орж эхэлжээ. Новосибирскийн зэвсгийн наймаачидтай гүн гүнзгий холбоотой ажиллаж байсан энэ хүнийг монголын тагнуулын байгууллагын толгойд гарахад оросууд юу гэж ойлгоо бол. ТЕГ-ын дэд дарга болонгуутаа москвад томилолтоор ажиллаад ирэхдээ хамт явсан нэгэн ажилтнаа буцаачихаад өөрөө Новосибирскээр дайрч хуучин түншүүдтэйгээ уулзжсан тухай баримтууд мөн бидэнд олдлоо. Ийм хүн хэдэн хайрцаг калибрийн сум оруулаад ирсэн залуучуудтай юу ярьж чадах вэ. Чи битгий донгос, бид чам шиг танк, буу зэвсэг гаргаагүй шүү гээд хэлэхэд л таг биз дээ.

    Өөр нэгэн ноцтой баримт бол Монголын тагнуулын байгууллагын дэд дарга Хятад улсад хориотой наймааны хэргээр эхнэртэйгээ хамт 6-7 сар шоронд хоригдож байсан гэвэл уншигч авхай та итгэх үү. Эх сурвалжийн нотолж буйгаар тэрбээр их хэмжээний өрний асуудалтай урд хөршид тийнхүү хоригдож байсан юм байна. Өрнийхөө оронд эхнэрээ барьцаанд орхиод яв гэхэд эс зөвшөөрсөн тагнуулч юун дээр гарын үсэг зурж байж мултарсан байж таарах вэ. Өрөндөө улсаа л худалдана биз дээ. Өөр гаргалгаа байхгүй.

    ҮАБЗ-ийн нэгэн гишүүнийг урьд өмнө нь 6-7 хоног томилолтоор ажилласны нь төлөө тагнуул туршуулаар дуудан яллаж байсан орон 6-7 сараар шоронд хоригдож байгаад ирсэн, өр ширээ яаж шийдсэн нь тодорхойгүй тагнуулчийг  яагаад тусгай албаны даргаар томилж байгаа юм бэ.

    Сок гэх хоч бол согтуу гэсэн үг аж. Гэхдээ ноён Жаргалсайхан архи их уудаг хүн биш аж. Залуу цагт нь нүднийх нь харцаар шоглож өгсөн сок хэмээх хоч одоо болтол дагаж яваа нь энэ гэнэ. ТЕГ-ын дэд даргын асуудал үүгээр зогсохгүй. Одоогийн байдлаар ТЕГ-т түүний төрсөн охин, охиных нь нөхөр, охиных нь хадам аав бүгд ажиллаж байна. Өөрийнх нь авгайн ах гэж 60 гарсан тэтгэвэрийн хүн алба хашаад л байж байна. Тагнуулын байгууллагыг гэр бүлшүүлж буй энэ явдал яагаад ҮАБЗ-ийн хараа хяналтаас хол оршоод байна вэ. Гэрээ нүүлгээд аваад ирсэн Жаргалсайхан дарга одоо хашир тагнуулчдыг аттестатчлах нэрээр хуу зайлуулах явдлыг эхлүүлэхээр гүйж явна.

    Мөн тэрээр ТЕГ-ын мэдэлд байсан нэгэн зочид буудлыг түрээсээр ажиллуулах нэрийн дор бохир бизнес хийгээд удаж байна. Хоёр давхар тэр байшингийн КВ.м –ийг нь мань хүн цааш нь 400 ам доллараар хөлсөлж байна.  Ойр хавийнхан урд өмнө тагнуулынхны тусгай объёкт байсан энэ буудал одоо шөнө дөлөөр ажилладаг янхны газар болсон гэцгээж байгаагаас үзвэл ТЕГ-ын дэд даргын ивээлд бас нэгэн бохир бизнес цэцэглэж байна гэж үзэх үндэслэлтэй. Төрийн өмчийг түрээс нэрээр ашиглаж байгаад хувьдаа гулсуулан авах сонирхол явж байна ч гэхэд буруудахгүй.

    Одоогийн байдлаар тагнуулынхан дунд түүний нэр навс унаад байна. Дөрөв тавхан хүнээр хүрээлүүлсэн дэд дарга одоогийн байр сууриндаа үл ханан нэгдүгээр хүнийхээ ухархайг ухан эрүү хүртэл үүсгэн шалгасан мэдээ ирж байна. Манай даргын бие их муу юм аа. Архи ч уудаг юм байна. Байн байн эмнэлэгт хэвтээд ажил явахгүй нь хэмээн дээшээ доошоо хов зөөн гүйж, ах дүүс, эхнэр хүүхэд рүү нь хүртэл утас цохиж суудаг гэж нэгэн эх сурвалж жигшин хэлж байв. Тагнуул дотор ер нь юу болоод байна вэ. Жаргалсайханыг өөрийг нь ч эрүү үүсгэж шалгаад хаасан мэдээ байна. “Хүрд” компаниас их хэмжээний зээлтэй байсан түүнд цагдаагаас ч эрүү үүсгэн шалгаж байжээ. Тэрбээр Билэгт даргын үед “Би сөрөг тагнуулын газрын дарга болъё” хэмээн гүйж явсан гэнэ. Бараг шийдэгдэх гэж байхын даваан дээр дотоодод нь санал өгсөн хүмүүс унагачихжээ. Үүнд хорсохдоо санал өгсөн хурандаа нарт агсан тавьж зодолдож байсан тухай нь хүртэл бүхэл бүтэн хавтас дүүрэн баримт байх юм. Монголын тагнуулын байгууллага энэ мэтээр ялзран доройтох нь хэнд ашигтай вэ. Монгол улсад уу?

    Хүчний байгууллагын тогтолцоо буруу байгаагаас болж байгаа юм биш үү 

    Манай тусгай албадад маш олон тусгай хэлтсүүд бий. Эдийн засгийн хэлтэс гэхэд цагдаа, тагнуулд бүгдэд нь бий. Гэвч монгол орны эрх ашигт хохиролтой гэрээ тендерүүдийн ард хэн байна, монголын эдийн засагт ямар хор хөнөөл ойрхон байна гэх мэтийн амин чухал асуудлуудтай хөөцөлдөж ард түмэндээ сэрэмжлүүлж анхааруулах ажлыг огт хийдэггүй. Одоо энэ ажил хэдэн сонин, иргэний нийгмийн төлөөх хөдөлгөөнүүдийн нуруун дээр л явж байна гэхэд хилсдэхгүй. Монгол орон эдийн засгийн хувьд хараа хяналтгүй, хэн ч юуг нь ч ачаад явж байж болдог улс болсон.  Зүй нь “Хөөе, ард түмээн Бороо гоулд  монголын газар нутгийн тэдэн хувийг сэндийчээд, төдий хэмжээний алтыг маань аччихлаа шүү. Тэр Оюу толгойд ийм ийм манайд ашиггүй олборлолт явагдчихлаа шүү” гээд хашгирч байх ёстой тагнуулын байгуулага иргэдээ хөршөөсөө  мөнгө зээлэхэд нь хүртэл тагнаж чагнан уран сайхны ажил хийгээд  явж байна. Тагнуулын байгууллага гадагшаа үйл ажиллагаа явуулах ёстой болохоос биш иргэдээ тагнах ажиллагаа эрхлэх ёсгүй. Монголын ард иргэдийн эрх ашгийн төлөө ажилладаг  байсан тусгай албад өнөөдөр  ийнхүү  нэг муу  улс төрийн хүчнүүд, улстөрчдийн төлөө зүтгэдэг хөлсний хямдхан  “зандалчид” болон хувирчээ.

    Монгол цэргийн орон байсан бол одоо цагдаагийн орон болжээ

    Иргэдийн хэв журмын энхийн манаанд зогсох ёстой цагдаа улс төрийнхний дохио зангаагаар тэрэглэн очиж айлын гэр буулгаж, унь тооно дэвсэлж байдаг хар хүчин болж хувирсан. Угтаа бол цагдаа иргэний байгууллага байх ёстой. Цагдаа иргэдтэй бөөрөө нийлүүлж явах ёстой болохоос эрх баригчидтай хүзүү сээрээрээ хэлхэлдэж явах ёсгүй. Монгол социализмын үед цэргийн орон байсан бол эдүгээ төр засгийн харалган бодлогын гайгаар цагдаагийн орон болж хувирах нь энэ. Энд тэндгүй цагдаа. Тэднийх нь дарга даамал болох донтойг яана. Дарга нар нь хөдлөх сураг гарав уу үгүй юу л захын нэг төлөөлөгч нь бас дэвшчих санаатай одон тэмдгээ зүүгээд  “Би 1000 хэрэг илрүүлсэн” гээд зураг хөрөгтэйгөө сонины хуудаснаас эрээлжилж байх жишээтэй. Хэргийн хувь заяа бол тэдний хувьд мөнгө олох хэрэгсэл болсон. Сонинуудад хэдхэн халтар төгрөгөөр хавтаст хэргээ арилжчихаж байгаа мөрдөгчидтэй юу ярих юм бэ. Ийм явдал өнөөдөр ч гарсаар байна. Улаанбаатарын төв талбай тэдний ажлын байр болсон. Ард нь айлууд гэр бүлээрээ хүйс тэмтрүүлж, нэг нь нөгөөгөө хөнөөж л байдаг. Нөгөө хар хувцастнууд харин ардчилсан орны нийслэл хотын төв талбай дээр амьдрах эрхийнхээ төлөө тэмцэж байгаа  иргэдийн майхан савтай л ноцолдож байдаг. Цагдаа орон гэрээсээ дайжиж, гэр бүлийн баяр жаргалгүй технократууд болон хувирсан. Нэг муу халтайсан жаалын зарж байгаа самрыг булаасан шиг, цагаан утас бариад өдөржин хотыг хэрэх ядарсан авгай нараас татаас авсан шиг ээ бохь зажлан холхих болсон.

    Амьдрал нэг ийм л байна даа, эрхэм дарга нар аа

Сэтгэгдэлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан