МАХН Монголын залуу насыг буруу дэвсэн шувуу шиг болгожээ

    Улс төр бидний амьдралаас байгаа болгоныг минь булаан авах болжээ. Эхийн хэвлийгээс хүйгээ тасдан унав уу үгүй юу улс төрд бүртгэгдэх болов. Төрсний гэрчилгээ авч, эцгийн нэрээр овоглож амжаагүй шахам байхад нь тэр нялх амьтдыг “Өө, нөгөө МАХН-ын 100 мянгын хүүхэд үү” гэх нь халаг болжээ.
     Одоо манай улс төрийн голлох хоёр хүчин болох МАХН, АН хоёр парламентын суудлыг хуваан шахуу эзэгнэж байгаа өнөө цагийн бүтцэн дээрээ амжиж хүүхэд бүрт олгох алдарт арван мянгыг өгүүлчих санаатай ид үзэж байна. Гэвч ард нь бас л “ярлык”-ны дайн дэгдэж үзэгдэнэ.

    Монголын залуус улс төрийн хүчнүүдийн мөнгөн амлалтаас болж өнөөдөр айл гэр болон тоглоцгоож байна. МАХН шинээр гэр бүл болж буй залууст 500 мянгыг амлаж гарч ирсэн шүү дээ.

    Гэрлэх ёслол бол хүний амьдралын хамгийн гоё дурсамж билээ. Гэвч одоо бодохоос ч аймаар эрээ цээргүй шоглоом болж орхилоо. Жам ёсоороо хоёр сэтгэлийн эрхээр учирч, гал голомтоо бадраан, өрх нэмж , үрийн зулай үнэрлэн хамтын  амьдралаа зохиож буй залуусын нэр хүнд дээрх шоглоомон дунд өнхрөн сэвтэж байгаа нь ч үзэгдэнэ. Хуримын зарыг сөрөн аан, 500 мянгын хоёр уу гэх сэрүүн тоомсоргүй үг унаж ирэх хөндлөнгөөс үнэхээр гунигтай харагдана. Энэ мэт нь ч дүүрчээ. Мөнөөх заваан улс төр монголын залуусын тархийг энэнээс ч аймаар эзэмдэж орхисныг олон хүмүүс шүүмжилж байна. Залуусын толгойг улстөрч, дарга даамал, ямар нэгэн эрх мэдэлтэн болох хүсэл шунал нэлэнхүйдээ эзэлжээ. Сайхан охин, сайхан амьдрал мөрөөдөж явдаг насандаа тэдний дийлэнхи нь сандал ширээ мөрөөдөж явах болсон байна. “Болор цом” –д хэд хэд гараад үзэгдчихвэл хүнд танил болчих нь, дараа нь цаашаа улс төр хийх ганц гарц тэр болно гэсэн шүү өрөвдөлтэй төлөвлөгөө цээжиндээ боловсруулчихсан сөөсгөр банди нар хаа сайгүй. Бидний үеийн хөвгүүд инженер, цэргийн дарга, сансрын нисгэгч болохыг л мөрөөддөг байсан бол одооны банди нар шууд улстөрч болохыг  зүүдэлдэг. Зүүдээ биелүүлэхийн тулд энд тэндэхийн улс төрийн эзэнтэй уран сайхны холбоодын гар хөл болон зүдрэх юу ч биш. Жагсаал цуглаанд оролцож телевизийн дурангуудад толгойгоо л хавчуулж байвал болоо. Нэг болор цомчин банди ноднин төрийн ордны гадаа тоосго зөөдөг ачааны машинархуу юмны тавцан дээр зогсчихоод “Хөөе Элбэгдоржоо чи гараад ир. Би чамайг дүэлд дуудаж байна” гэж ирээд цагаан хоолойгоор орилж байж билээ. Тэр жаалыг хараад хүмүүс бараг бөөлжих шахаж байсан. Ишш энэ амьтан хэний гар хөл болж,хэний тухай ярьж яваагаа ер нь мэдэж байгаа болов уу гэлцэн толгой сэгсрэлдэж байхыг хараад өмнөөс нь ичээд үхмээр болж билээ. Улс төрийн хүчнүүд дотроос монголын залуусыг ийнхүү хайр найргүй гар хөлөө болгож байдаг намаар  МАХН-аас өөр тодрох хүчин байхгүй. МАХН-ын бүтцэд цагаан хоолой барин жагсаал цуглаан зохион байгуулж, бэлдэж өгсөн сценарийн дагуу сурамгай тоглодог хэд хэдэн холбоорхуу юм бий. Болохоо байвал нөгөө бацаануудаа гаргаад ир гэх командыг ордноос өгөөд сууж байдаг ганц хоёр залуу гишүүн бий. Өөрсдөө  ил гарч ирээд  толгойгоо цусан тамгатай цагаан ороолтоор боочихоод Чойбалсан өвөөгийнхөө намыг хамгаалж байна гээд амаараа цагаан хөөс сахруулчихсан бөөлж байсан удаатай. Хөөрхий машины тэвшин дээр орилж зогсдог тэр залуусын  идеал нь энэ амьтан гэж бодохоос уйлмаар. Улстөрчдийн араас хуйлран дагаж, эрх мэдэл зүүдлэн чихээ хөлдөөж яваа хөвгүүдээ эцэг эх нь гэж байдаг бол татаж авмаар. МАХН олон сайхан аавын хөвгүүдийг сахал нь ч ургаж амжаагүй балчир насанд нь хүзүүгээр нь гогодож аваад эцэс сүүлд нь бүлэглэлүүдийнхээ хооронд юу ч болгон шогшуулж байгаад амь насыг нь хүртэл үрдэг болжээ. Буруу гартнуудыг дагаад айж ичихээ мэдэхгүй булгилж яваа энэ залуус саяхан алуурчны гарт амиа алдсан Бадраа агсны араас, орон шоронд орон тарчилж эцсийн өдрөө хүлээж хэвтээ Түмэнгэрэлийн араас орохгүй гэх газаргүй харагддаг. Ийм юмны ирмэг дээр дүүлж яваа олон арван залуус байна. М.Энхболдын дор ажилладаг бүлэг, У.Хүрэлсүх, Д.Занданшатар нарын дор зүтгэдэг үхэхээс буцахгүй хэсэг залуус гээд өдий төдий бий.  Залуус дээшээ гарч ирэхийн тулд заавал ардчилсан социалист залуучуудын холбоо гэгчээр дамжих ёстой гэнээ. Дээшээ гарна гэдэг нь одоо У.Хүрэлсүх шиг болно гэсэн үг юм уу даа, янз нь. 

    Улс төр учраа олохгүй дарцаглаж яваа залуу насыг  цаламдаж аваад буруу зөвгүй ашиглаж ашиглаж эцэст нь өшиглөж хаядаг ажээ . Хадгаламж зээлийн хоршоодыг байгуулан пижигнэж явсан сүрэг залуус байсан. Толгойтой бол толгойтой, азтай бол азтай, одтой бол одтой сайхан л залуус. Одоо харин тэдний ихэнхи нь баригдаж хоригдсон бол итгээд мөнгөө өгөн хадгалуулж байсан иргэдийн хөрөнгөөр гараа угааж байсан эрх мэдэлтнүүд саарал ордондоо зөөлөн буйдандаа шигдэн нугдайж суугаа. Зохиолын дуучин авгай нарт зуучлан шахалт үзүүлж зуу зуун саяар нь зээл нэртэй луйвар хийлгэж байсан хэд хэдэн гишүүд гэм зэмгүй сэмбэлзтэл алхаж явна. Гишүүнээр мундагдуулж байгаад авсан мөнгөө клип нэртэй уул хадан дээр унтлаганы хувцастай орилж байгаа дүрс болгон урсгаж орхисон дуучинцарууд одоо юу бодож яваа бол. “Найман онд дуулж өгнө гэж л гэрээ хийсэн ш дээ яг өгч харагдаач, шорондоо орно уу, торондоо хоригдоно уу надад ямар хамаатай юм гэж” тэнэгтэж яваа гавъяат ч байна гээд бод доо. Энэ заваан  явдлууд монгол орныг минь ер нь юу болгож орхих нь энэ вэ. МАХН Монголын залуу насыг ийнхүү буруу дэвсэн  шувуу шиг болгожээ. Одоо тэдний савраас энэ сайхан залуусыг  эцэг эх, эхнэр хүүхдээс нь өөр татаж авч хүчрэх хүн байхгүй болсон байж ч мэднэ шүү

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан