Петер Сайкс: Хүн хэн ч байсан, хаана ч амьдарсан хөх тэнгэрт нэг л нар манддаг

    1952 онд Австрали Улсын "New South Wales"-н Goulburn хотод төрсөн. 2007 оноос хойш 20 гаруй удаа Монголд ирж, 2013 онд 34 хоногийн хугацаанд 21 аймаг, 97 сумын нутгаар нийт 12248 км зам туулан Монгол орныг автомашинаар тойрсон. 2017 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Найрамдал одонгоор шагнуулсан. 

    -Сайн байна уу? Эхлээд танилцъя. Та өөрийгөө манай уншигчдад товчхон тодорхойлоод танилцуулж болох уу?
    -Намайг Петер Сайкс гэдэг. Австралийн малчин айлд хүүхэд нас минь өнгөрсөн.  Гэрээсээ хол дотуур байранд сууж боловсрол эзэмшсэн. Сургуулиа төгсөөд барилгачин болж янз бүрийн  засвар,  мужааны  ажлуудыг хийлээ. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд барилгын салбарт ажиллаж байна. Гэрэл зураг авч, мотоциклиор аялах дуртай. Энэ мөрөөдлөө хэзээ ч  орхиж байгаагүй. Хэзээ нэгэн өдөр аялна гэсэн бодолтой байсан. Хамгийн анх Монголд ирээд  эх нутагтаа ирсэн мэт сэтгэгдэл төрсөн. Олон ч гэрэл зураг авсан даа. Монголыг тойрсон аялал надад их эерэг сэтгэгдэл үлдээсэн. Монголд авсан гэрэл зургуудаа ямар нэг засваргүй хэвлүүлж “Mongolia” гээд фото ном гаргасан. Мөн Монголын Элчин Сайдын Яам анх Австрали улсад байгуулагдсанаас хойш үе үеийн элчин сайдуудтай тодорхой хэмжээгээр холбоотой ажилласаар ирсэн. 
    -Таны аялалын зорилго юу вэ? Ер нь аялахдаа зорилго тавьдаг уу?
    -Би хэзээ ч ямар нэгэн юманд хүрэх юмсан гэдэг бодлоор аялал хийж байгаагүй . Харин цаг хугацаа өнгөрөхийн тусам эх нутагтаа байгаатай адил олон сайхан найз нөхөртэй болсон. Мото аяллын хувьд бол зүгээр хүсэл мөрөөдлөө дагаад "харли" моциклоо унаад явж байна даа.
    -Ингэхэд та хэдэн орноор аялсан бэ?
    -Нийт 16 орноор явжээ.
    -Ингэж явахдаа та улс орон болгоны хөгжил, соёлын ялгааг анзаардаг байх даа. Жишээ нь Монгол ямар ялгаатай байна?
    -Үзэж харсан улс орнуудаа харьцуулахаас илүүтэй аяллаас юу ойлгосон бэ гэхээр хүн бол хэн ч бай, хаана ч бай нас хүйс ялгаагүй ямар ч нийгэмд хүн л бол хүн гэдгийг маш сайн ойлгосон. Хүний баяр, жаргал аль ч улсад байсан ялгаагүй. Өөрийгөө хамгаалах, бусдыг үгүйсгэх, тэмцэх, нэр хүндийн төлөө өрсөлдөх зэрэг нь баян ядуу ялгаагүй бүх л газар адилхан байдаг. Магадгүй Монголыг бусад оронтой, ялангуяа өөрийн Австрали улстай харьцуулахад Австрали улс хөгжлийн хувьд арай илүү байж болно. Гэхдээ хаана ч, ямар ч нийгэмд, ямар ч орчинд хүн бол хүн. 
    Би өөрийгөө азтай хүнгэж боддог. Австрали улс одоогийн хөгжилд хүрэхийн тулд  70, 80 жил зарцуулсан. Монгол улс нээлттэй эдийн засагт шилжээд удаагүй боловч бидний туулсан 80 жилийг 20 гаруйхан жилд шууд товчлон хурдацтай хөгжиж байна. Монголд ирэх бүртээ өдий хүртэлх хугацаанд яг энэ хөгжлийн гэрч болж ирэх бүрт ямар нэг юм өөрчлөгдчихсөн байгааг хардаг. 
    Монголчууд хэзээ ч нийгмийн доод, дундаж, дээд давхарга гэж бөхийдөггүй. Монголчууд хэнээс ч айхгүй санасан бодсоноо шууд хэлдэг эрх чөлөөт улс гэж мэдрэгдсэн.Нүүдэлчний соёл ахуйн цусанд нь шингэчихсэн өгөгдөл байх. Хэзээ, хаана амьдрахаа хэнээр ч заалгадаггүй, зөвшөөрөл авдаггүй. Ер нь Монгол улс бол жинхэнэ эрх чөлөөт орон гэж хэлж чаднаа.
    -Монголоор аялахад тань энийг засчихаасай, ингэчихвэл илүү дээрдэх болов уу гэсэн бодол таньд төрж байв уу?
    Би олон монгол найзтай. Австраличууд, тэр тусмаа залуу үеийнхэн барууны Америк соёлыг шууд хүлээж авдаг. Гэтэл монголчууд өөрийн онцлог зан чанартай. Нүүдэлчин ахуй соёл, дэлхийн хаана ч байхгүй Монгол хүн байхын үндэс суурь эндээс эхэлдэг. Барууны орны соёлыг шингээх амархан харин нүүдэлчдийн соёл онцгой, тийм амархан хүлээж авч шингээх эд биш. Тэгэхээр монголчуудыг ямар нэг юмаа өөрчлөх биш зүгээр л энэ соёлоо хадгал, байгаагаараа байгаасай гэж хэлмээр байна. 

    -Та “Чонотой хүү” гээд хүүхдийн ном бичжээ. Бас таны өмссөн энэ чонын зурагтай цамц, бөгжийг харах нь ээ та их чоно их шүтдэг бололтой.  
    -Амьтдын тухайд бол би зүгээр л байгальд маш их хайртай хүн. Байгальтай илүү ойр байх дуртай. Мотоцикльтой явахаар машинаар явснаас илүүтэй байгалийг мэдэрдэг. Ганцхан чоно ч биш байгаль дээрх бүх амьтанд хайртай. Яагаад гэхээр амьтдын сэтгэл маш үнэнч, хэзээ ч хувирдаггүй. Хүний сэтгэл хувирдаг, зан нь өөрчлөгддөг. Амьтан бол хэзээ ч тэгэхгүй. Магадгүй тийм болохоор хүнээс илүү амьтад л жинхэнэ анд нөхөр байж чаддаг. Байгаль эх дэлхийтэй ойр байхаар өөрийн эрхгүй үүнийг мэдэрдэг. Би хүүхэд байхдаа ч гэсэн Монголын хөдөө өсч байгаа хүүхдүүтэй адилхан гэр гэрээсээ гараад нохой муураа дагуулаад хөл нүцгэн уул модоор явж тоглож өссөн. Сайн найз нөхөр байна гэдэг бүх зүйлд л сайн сайхан үргэлжлэхийн үндэс хэсэг байдаг. Би өөр улсын хүн ч гэсэн монголд ирээд олон найз нөхөртэй болсон. Цацрал, Од-Гэрэл, элчин сайд Чулуунхүү эсвэл Баян-Өлгий рүү очиход миний нэг хоёр уулзаж байсан Казак, Монгол хүмүүс бүгд л найз нөхөд минь мөн.  Миний чадахгүй зүйл дээр дэм болдог энэ найз нөхөрлөлийн холбоо маань намайг өнөөдөр энд суулгаж байна. Би хэзээ ч хэдэн жилийн дараа Монгол руу очоод ингэнэ тэгнэ гэж юу ч төлөвлөөгүй. Одоо ч төлөвлөдөггүй. Харин олны дэмжлэгтэйгээр хааяа бодоо ч үгүй санаа ч үгүй зүйл дээр дэм тус авч явна даа. 
    Амьтадад ээлтэй байдаг бөөгийн шүтлэг бусад шашныг бодвол надад илүү ойр санагддаг. Яагаад гэвэл эх дэлхийтэй ойр байдаг. Би бөөгийн шашинтай биш ч гэсэн ойрхон адил байхыг хичээдэг. Мотоциклэн дээр  маань ч шүтээн амьтдын зураг бий.

    -Монгол орны юу нь таны сэтгэлийг тэгтлээ татдаг нь сонин байна? 
    -Нүүдэлчин соёл ахуй, байгаль нутагтайгаа ойрхон хэвээрээ байгаа нь намайг илүү татдаг. Барууны улс орнууд хөгжөөд илүү гарч байгаа гэж дүгнэж байгаа ч тэд хүний язгуур чанараас холдсон. Байгаль дэлхийгээсээ холдон хэтэрхий их хөгжил, техник технологи рүү тэмүүлснээрээ хүмүүс хэн гэдгээ, хаанаас ирсэн бэ гэдгээ бараг мартчихсан. Тухайлбал, барууны улс орны ихэнх хүүхэд сүүг дэлгүүрт байдаг хайрцагтай зүйл гэж л мэднэ. Үхэр өвс идээд боловсруулаад сүү гарах процессийг бол тэд огт мэдэхгүй жишээний. Гэтэл нүүдэлчин ахуй соёлд үүнийг бүгд мэднэ. Энэ соёлдоо уялдаад Монголчууд их хамаатан садансаг байдаг. Зургаан сарын нэгэн болоход хүүхдүүдийн хичээл амраад дийлэнх нь хөдөө хамаатан садан руугаа, зуслан руу явцгаадаг. Хотод байшинд суулгүй гадаа өвсөн дээр очоод гараад мал хариулдаг. Байгальтайгаа ойрхон ирдэг. Байгальд дэлхийтэйгээ ойрхон байгаа хүн "би хаанаас ирсэн бэ?", "би хэн бэ?", "би юу хийх вэ?" гэдгээ хэнээр ч заалгахгүйгээр өөрийн зүрх сэтгэлээрээ таньсан байдаг. Хаанаас ирсэн бэ гэдэг нь Увс аймагт төрсөн, Баян-Өлгийгөөс ирсэн, Улаанбаатарт өссөн гэдэг утгаар биш. Харин би яагаад эх дэлхийд ирсэн, хорвоо ертөнцөд байгаа юм бэ гэдгээ байгальд ойрхон байгаа хүн зүрх сэтгэлээрээ мэдэрдэг. Ингэсэн цагт хэзээ ч, хаана ч байсан хэнээс ч шалтгаалахгүйгээр өөрөөрөө, хэн нэгэнд автахгүйгээр байж чадна. Би эх дэлхий хайрлаад хүчтэй зоригтой байх ёстой гэдгээ олж мэддэг. Тэрийгээ хаяцан хүмүүс өөрсдийгөө мартчихсан бусдыг даган дуурайдаг, техник технологи, хэн нэгний туслалцаагүй бол юу ч хийж чаддагүй, боол нь болчихсон байдаг. Харин өвөө эмээ дээрээ очдог хүүхдүүд өвс ургамал, цэцэг модноос эхлээд байгалиа хайрлан хамгаалах ёстой гэдгээ хэнээр ч заалгахгүйгээр ойлгодог. Хүмүүн байхын утгыг өөр дээрээ ойлгодог. Тэр нь надад бахархам байдаг.
    -"Interview" сэтгүүлд ярилцлага өгсөн танд баярлалаа. Европын орнуудыг мотоциклиор туулах таны аялалд амжилт хүсье.
    -Баярлалаа. Танай хамт олонд ч гэсэн амжилт хүсье.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан