Т.СОЛОНГО: AНХНЫ ДУУГАА БИЧҮҮЛЭХ ЯВЦАД ХОЁР ЖИЛ ТАЙЗАН ДЭЭР ОГТ ГАРААГҮЙ

    Энэ удаагийн “Interview”сэтгүүлийнхээ хатагтай булангийн зочноор “Emotion” хамтлагийн дуучин гэдгээр нь уншигчид сайн мэдэх Төмөрбилэгийн Солонго хатагтайг урьж ярилцлаа. Одоо бол түүнийг “Мaestro” хөгжмийн сургуулийг үүсгэн байгуулагч, төгөлдөр хуурын багш гэдгээр нь ихэнх хүн танина. Аливаа уран бүтээлч олон шат, саадыг даван туулж амжилтанд хүрдэг. Ер нь “амжилт” гэх үг урлагт нэг их тохирохгүй шиг санагдана. Учир нь 1990-ээд оны эхэн үеийн уран бүтээлчид амжилтанд хүрэхээс илүүтэй чанартай уран бүтээл туурвихийг чин сэтгэлийн биелэл гэж үздэг байсан юм. Тэгээд ч  хийж буй зүйлдээ чин сэтгэлээ зориулсан хүнд амжилт өөрөө ирдэг шүү дээ. Дуучин Т.Солонготой ярилцаж суухад эдгээрийн талаар л хамгийн их эргэцүүлсэн юм. Тэр хийсэн уран бүтээлтэй дуучин, дурлах уйлах хослуулж байж тэмүүлж ирсэн мөрөөдөлтэй эмэгтэй, мэргэжлээ умарталгүй зөв бодлого гаргасны ачаар өөрийн мэдлэгийг өвлүүлж сургасан шавь нартай багш хүн. Харин түүний өдий хүртэл туулж ирсэн замналаас нэг асуулт асуухыг хамгийн их хүсч билээ. Ингээд ярилцлагаа эхлэе дээ. 
     

    -Та 2002 онд Япон улсын Токио хотноо жил бүр зохион байгуулдаг АЖ, Төрийн шагналт Н.Норовбанзад гуайн нэрэмжит тоглолтонд хамтлагаараа очиж оролцсон байдаг шүү дээ. Энэ тухайгаа яриач?
    -Япончууд өөрсдөө уртын дуу, тэр дундаа Норовбанзад агсны дуунуудад их дуртай байдаг. Тэр ялангуяа “Уяхан замбуутивийн наран” дууг нь сонсчихоод “Уудам талд үнэхээр л ингэж нар манддаг байх гэж боддог” гэх яриа тэдний дунд байдаг юм билээ. Тиймээс ч нэрэмжит тоглолтыг нь жил болгон эх орондоо зохион байгуулдаг болов уу. Ялангуяа өөрсдийн орны хүмүүсийг тэр гайхамшигт аялгууг мэдэрч, зүрх сэтгэл нь амар амгалан, нүүдэлчдийн тал нутагтай адил уужим дотортой хүн болж төлөвшөөсэй гэж хүсдэг юм шиг санагдсан. Тэр тоглолтонд монголоос дуучин Наран эгч, “Морин хуурын чуулга”-ынхан гэх мэт олон хүмүүс уригдсаны дотор  “Emotion” хамтлаг ч бас багтсан нь нэр төрийн хэрэг байлаа.
    -Та ч тэр, Норовбанзад агсан ч тэр адилхан энэ орны уран бүтээлч, дуучин охид шүү дээ. Өөрийнх нь орны алдарт дуучны дуунд нь уярч, тэр бүү хэл нэрэмжит тоглолтыг нь хүртэл Япончууд нутагтаа хийж, та уригдаж очоод дуулж байхад бахархах сэтгэл эрхгүй төрсөн болов уу. Тайзан дээр дуулж байхад тань ямар мэдрэмж төрсөн бэ?
    -Бид эх орондоо бол “Emotion” хамтлагийн уран бүтээлчид. Хилийн дээс алхахад харин монгол гэсэн нэрээр овоглох болдог. Ер нь аль ч улсын ямар ч уран бүтээлч тэгдэг байх. Одоо хүртэл тэр тоглолтонд “Морин хуурын чуулга” очиж тоглодог гэж бодохоор үнэхээр сайхан шүү. Япончууд бидний урлаг уран бүтээлд үнэхээр их дуртай. Тэд өөр улс гүрний ёс заншил, урлаг соёлыг хайрлаж чаддаг түмэн шиг сэтгэгдэл надад үлдээсэн. Мэдээж манай хамтлаг олон орны тайзан дээр гарч ая дуугаа өргөж байсан. Хамгийн дээдлэм сайхан тоглолтын нэг нь тэр юм. Тайзан дээр дуулж байхад үнэхээр сайхан мэдрэмж төрсөн, дурсамжийг маань хадгалсан олон ч гоё гэрэл зургууд үлдсэн байдаг. 
    -Өөр ямар газруудаар явж тоглолт хийсэн бол, Европд бол нэлээдгүй хугацаанд суурьшиж, аялан тоглолт хийсэн байх аа?
    -Тэгэлгүй яахав. Уран бүтээлээ тасралтгүй хийж, хөдөлмөрлөж байлаа. Амьдралынхаа гарааг дөнгөж эхэлж байхдаа л Америк орныг зорьсон. Мөн бид Шанхайн алдартай тайзан дээр ч дуулж байсан. Амрах завгүй уран бүтээл туурвиж явсан өдрүүд хожим гэгээн сайхан дурсамж болж  үлдэх юм даа. 
    -Хамгийн гоё урлаглаг хот нь ямар улсын аль хот байсан бэ?
    -Австрийн Вена, Венец гээд гоё хотууд бий. Угаасаа л тэд ямар алдартай хотууд вэ гэдгийг бүгд сайн мэдэх бизээ. Ер нь Европын орнууд эртний уран барилга, мөргөлийн сүмүүдийг эвдэж сүйтгэлгүйгээр засч янзлах, заримыг нь байгаа чигээр нь хадгалж авч үлдсэн байдаг. Тиймээс ч өвөрмөц ёс заншил, урлагийн асар их өв соёлыг хадгалсан тэр дүр төрхтэйгөө биднийг тосч авдаг.

    -Магадгүй тухайн үеийг бодвол өнөөдөр Улаанбаатар маань хэний ч нүдэнд метрополис хот гэж харагдана. Харин тухайн цаг үед Европын орнуудтай харьцуулахад ямар ялгамжит дүр төрх таны дотор бууж байсан бэ?
    -Яг “тэр” гээд нэрлэчих боломжгүй. Учир нь арав гаруй жил өнгөрчихсөн байна шүү дээ. Ер нь хот бүр л аливаа зүйлсийг ард иргэдэд зориулж хийдэг. Гудамж талбайг ажилдаа яваа хүнд саадгүйгээр, цэцэрлэгийг зугаалж буй гэр бүлд хүндрэл учруулахгүйгээр, замыг зорчигчдод асуудал үүсэхгүй байхаар хийж бүтээсэн нь тодхон анзаарагдана. Аливаа улс болгон ард иргэдээ хэрхэн тухтай байлгах вэ гэсэн асуулт дээр хамгийн их анхаарч бүтээн байгуулалтыг хийдэг. 
    Энэ бүхнийг харж явахад өөрийн эх орноо харьцуулж бодох, эмзэглэх сэтгэл, мөн цагаахан атаархал төрдөг. Сүүлийн үед аль нэг улсын хилийн шалган дээр очиход монголын улаан паспортыг хараад л ажилчдын харц нь эрс өөрчлөгдөж, үл тоосон хандлага ажиглагдах болж. Тэгэхээр бид өөрсдийгөө өөр хүний нүдээр харж, чадах зүйлээсээ эхлээд өөрчлөгдөж, улсынхаа нүүр царай нэр хүндийг үргэлж бодож явах хэрэгтэй. Одоо чинь монголчууд маань их аялдаг болсон шүү дээ. 
    -Та уран бүтээлийн гараагаа 1990-ээд оноос эхэлсэн байдаг. Эхлэх цэгийн мэдрэмжээсээ хуваалцаач. Мөн тэндээс өдийг хүртэл юуг туулж ирэв дээ?
    -Тухайн үеийн нэршлээр “Хөгжим бүжгийн коллеж” /Монгол Улсын Консерватори”/-ийн мэргэжлийн төгөлдөр хуурийн ангид сурдаг жаахан охин явлаа. Ерөнхий эрдмийн хичээлүүдээс гадна онол болон мэргэжлийн хичээлүүд орно. Тиймээс ч бусад сургуулийг бодвол хоёр дахин их ачаалалтай байдаг байсан. Заримдаа миний мэддэг, асуугдах шаардлагагүй хичээл дээр багш надад зөвшөөрсний дагуу арын ширээн суугаад ааруул хүлхэж, ном уншиж суудаг даруухан хүүхэд байсан ч дуу дуулах нууцхан хүсэл үргэлж дотор минь байдаг байж. Угаас манай сургууль өөрөө урлагийн гэх тодотголтой, онцлог сургууль шүү дээ. Тиймээс бусад сургуулийнх шиг урлагийн үзлэг, тэмцээн уралдаан зохиогддоггүй болохоор өнөөх хүслээ бодитжуулах боломж гараагүй. Яг тэр үед анх “кассет” гарч байсан. Магнитафонд хийгээд л Сарантуяа эгч, Никитон, Камертоны дуунуудыг дагаж дуулж өөртөө “кайф” авдаг байсан даа. Харин 1990 оны тэртээх намрын нэг сэрүүн өдөр л миний амьдралд том боломж гарч ирсэн юм. 

    -Тэр өдрийнхөө тухай дурсвал...
    -Би тэр өдрийг их сайн санадаг. Учир нь түүний өмнөх өдөр Монголын улс төрийн томоохон зүтгэлтнүүдийн нэг С.Зориг агсан нас барсан. Харин маргааш нь буюу 10 дугаар сарын 3-ны өдөр миний ээж болон манай хамтлагийн гишүүн Сарнайгийн төрсөн өдөр байсан учраас өчигдөр болсон мэт тодхон санагдаж байна.
    Би хамтлагийн гишүүн Болороогоос нэг курсын дээр сурдаг байсан боловч мэргэжлийн багш маань адилхан байсан. Хоёулаа С.Наранцэцэг багшийн удирдлаган дор хичээллэдэг байлаа. Тэгтэл Болороо, Сарнай хоёр надтай уулзаад “Хамтлагтаа шинэ гишүүн хайж байгаа, чи сонирхох уу” гэж асуусан. Учир нь тухайн үед хамтлагийн нэг гишүүн байсан дуучин С.Сэрчмаа маань хувиараа уран бүтээл туурвих шийдвэр гаргаж хамтлагаасаа гарсан байсан үе л дээ. Ингээд нөгөө миний доторх дуу дуулах хүсэлтэй бяцхан охиныг өндийлгөж орхисон. Мэдээж би үзээд алдахаас юу гэж татгалзахсан билээ. 
    -Таны дуулдаг гэдгийг мэддэг байсан юм уу?
    -Үгүй. Сонирхох байх л гэж бодсон хэрэг л дээ. Бид “Хөгжим бүжгийн коллеж”-оос гарч хамтлагийн гишүүн болох Сарнайгийнхаа гэрт очсон. Тэнд биднийг Чинбаа маань угтаж авсан. Намайг эхлээд өөрийн хамгийн сайн мэддэг дуугаа дуулахыг санал болгоход нь би Сарантуяа эгчийн “Хонгор найз”-ыг дуулсан. Дараа нь Чинбаа өөрийнхөө зохиосон дууг өгч хэдэн хором бэлдүүлсэн. Ингээд “Чи тогтоосон уу” гэж асуугаад л шуудхан дуулуулсан. Тэр нь Чинбаагийн Америкт суугаа ээждээ зориулж бүтээсэн “Санахуй” гэж дуу байсан. Ингэж л анх “Emotion” хамтлагийн гишүүн болж уран бүтээлийн гараагаа эхэлсэн дээ. 
    -Мэдээж тухайн үед хэн дуртай нь ая зохиож, үг бичээд дуулчихдаг байгаагүй. Одоогийнх шиг дуугаа сонсогчдод хүргэх сошиал орчин ч бүрдээгүй байсан шүү дээ. Хийсэн дуугаа сонсох, хит болсныг мэдэх агшин ямар байсан бэ? 
    -Тийм шүү. Ганц хоёрхон FM, хэдхэн том телевиз л байсан. Дуу бичлэгийн студи ховор байсан үе л дээ. Монголын хэмжээнд “Сонор” гэж ганцхан студи байсан болохоор ачаалал их байлаа. Тиймдээ ч шөнө хүртэл дуугаа бичүүлэх тохиолдол гарна. Тэр болтол бид дасгал сургуулилтаа өдөр бүр таслалгүй хийнэ. Ингэж хөдөлмөрлөж, өөрсдийгөө бэлэн болтол хоёр жил тайзан дээр огт гараагүй бэлтгэл хийсэн.
    Бид хамтдаа амьдарч, ажиллаж байсан бөгөөд үүрийн 4 цаг хүртэл бэлтгэлээ хийчихээд өглөө 6 цагаас хичээл рүүгээ яаран гүйдэг байлаа. Орой тараад шууд бэлтгэлдээ орно. Бүгд нэг хүн шиг үзэл санаан дор нэгдэж, өдөр шөнөгүй бэлдэж байж анхны дуугаа бичүүлсэн. Угаас анх бичлэгэнд ороход бүх юм хэцүү санагдаж байв. Маш олон цагийн бичлэгийн дараагаар анхны дуу маань мэндэлсэн. Тиймээс энэ бүх ажиллагааны дараа дуугаа FM -ээр сонсох мэдрэмжийг үгээр хэлшгүй юм даа.  Хамтлагийн маань “Анхны бороо шөнө ордог” хэмээх сингл цомог миний хонхны баярын өдөр мэндэлж байсан. Бүх зүйл өөрсдийнхөө цаг хугацаанд төрдөг юм билээ. 

    -Бас нэг асуудал гарч байсан. Одоо ч гэсэн аливаа нэг хамтлагийн продюссер хэдэн охид, хүүхдээр тоглож олсон орлогыг нь хармаалж суудаг гэх яриа явсаар байдаг. Та энэ бүхнийг өөрөө туулаад гарч ирсэн хүний хувьд юу гэж хариулах вэ? 
    -Чинбаа өөрөө уран бүтээлч гэр бүлээс гаралтай хүн болохоор түүнээс уран бүтээлч хандлага нь нэвт шувт харагдаж, үнэртэж байдаг. Түүний хийсэн дуунууд нь бүгд л цаг үеийнхээ хит болж байсан. Чинбаа яг л гаргасан бүтээлүүдтэйгээ адилхан, аливаа зүйлийг тултал нь хийж байж уран бүтээлээ сонсогчдод хүргэдэг хүн. “Emotion” хамтлагийн дуунууд дээр ч яг ингэж л нягт нямбай ажилласан. 
    Бид найзан дундаа ороод, хамаа намаагүй явсан бол “Emotion” хамтлаг эхэлсэн цэг дээрээсээ эргээд тарчих байсан байх. Гэтэл бид тэр үед бусад охид шиг л гомдож туньдаг, эмэгтэй хүүхдийн зангаар аашилж уцаарладаг.  айлын эрх танхи, жаахан охид байсан ч биднийг  нэгтгэж, хамтлагийнхаа төлөө гэсэн зүрх сэтгэлтэй байлгахад сургахаас гадна аавынх нь оронд аав, ээжийнх нь оронд ээж болж явсан хүн бол Чинбаа. Юм ганцхан талтай байдаггүй болохоор бусад хамтлагийн асуудлыг би мэдэхгүй. Одоо эргээд харахад Чинбаа маань тийм өндөр шаардлагатай, зарчимч байгаагүй бол өдий хүртэл туулж ирсэн уран бүтээлчдийн баялаг замнал, дурсамж дүүрэн амьдрал байх үгүй нь эргэлзээтэй. 
    Продюссер хүн хамтлагийн бүх мөнгийг хармаалаад явчихдаг бол тухайн хамтлаг оршин тогтнож цаашид уран бүтээлээ туурвиж чадахгүй. Бидэнд яг л компанитай адилхан өөрсдийн хууль дүрэм, зохицуулалт байсан. Тиймээс ч бид хүмүүсийн ярьдаг шиг элдэв цуурхалаас хол, яг нэг хүн шиг цул хамтлаг болж чадсан. 
    -“Emotion” хамтлаг хилийн чинад явж тоглох замнал хэрхэн эхэлж байсан бэ?
    -2000 онд анхны цомогоо гаргасны дараа Америкийн хэд хэдэн хотоор зочилж тэнд суурьшдаг монголчуудад ая дуугаа өргөсөн. Тэр ч утгаараа анх удаа тив алгасч явсан охидын хамтлаг болж чадсан гэж боддог.
    Үүний дараагаар бид ид хийж бүтээх насан дээрээ яагаад гадагшаа гарч дэлхий ертөнцтэй хөл нийлж  болохгүй гэж хэмээн хоорондоо ярилцсан. Нөгөөтэйгүүр рок попд зүтгэж буй дараагийн үеийн залууст гарах гарц нээж өгөх, биднээр дамжаад тэд маань өшөө илүү амжилтанд хүрэх ч юм билүү гэж мөрөөдөж хүсэж байсан болохоор  шинэ гарц хайж үзсэний эцэст Америкийн “Entertainment One” компанитай гэрээ байгуулсны үндсэн дээр албан шугамаар тэнд суурин байж уран бүтээлээ туурвих, мөн янз бүрийн фестиваль болон олон томоохон арга хэмжээнд оролцож дуулах эрхтэй болсон. Биднийг анх очиход Америкчууд “Танай эмэгтэйчүүд хүүхдээ морин дэл дээр төрүүлдэг гэсэн үнэн үү ? Монголд тог цахилгаан байдаг уу ?” гэх зэрэг асуулт тавьж байлаа. Ер нь нүүдэлчин омог аймгуудын хэмжээнд л биднийг төсөөлдөг байсан хэрэг. Гэтэл бид алдарт Queen хамтлагийн “Bohemian Rhapsody”, “We will rock you”  гэх мэт  өөр олон дууг эх хэл дээр нь очсон газар бүртээ дуулж, өөрсдийнхөө уран бүтээлийг ч сонирхуулдаг байв. Тоглолтын дараа Монголын талаархи хүмүүсийн үзэл бодол, хандлага эрс өөрчлөгдсөн байдаг байгаа. 
    -Танай хамтлагийг хүмүүс поп хамтлаг гэж хүлээж авдаг. Гэвч хувь уран бүтээлч болгоны ард өөрсдийн үзэл санаа, дуу хоолой байсан болов уу?
    -Тийм. Манай хамтлагийн дуучид өөр өөрсдийн өнгө аястай шүү дээ. Харин нэг хүн шиг нэгдэж бол чадсан. Ер нь бол манай хамтлагийн дуунууд хөнгөн поп стилийн дуунууд биш л дээ. Чинбаа маань өөрөө хөгжим бүжгийн бүтээгдэхүүн болохоор яалт ч үгүй сонгодог урлагийн нөлөө нэвт шингэсэн, хөдөлмөр болон ур чадвар шаардсан бүтээлүүдийг туурвиж байсан. Бидний дуулсан дуу болгоны ард нөр их хөдөлмөр бий.
    Дуугаа өдөр шөнөгүй бэлтгэж бичүүлдэг яагаад гэвэл гоцлол хоолойноос гадна нэмэлтээр маш олон вокаль хоолой бичүүлдэг байсан. Бид ингэж өдийг хүрсэн болохоор одоо шинэ уран бүтээл хийх болгондоо өөрийгөө маш их голж чанартай сайн бүтээл гаргахыг л хүсдэг. Өөрөө өөрийгөө давтах мэдрэмжээс хол байж шинэ бүтээл туурвих замд  одоо ч алхаж л  явна даа. 

    -Хамтлагийнхаа дуунаас сонсох дуртай юу? 
    -Сонсох дуртай байлгүй яахав. Тэр тусмаа анхны цомогт орсон дуунууддаа дуртай. Зарим үед сонсож эрч хүч авдаг. 
    -Та Америкаас хувийн шалтгаа­наар ирсэн гэдэг. Энэ тухайгаа яриач?
    -Бид 2003 онд Америк орныг зорьсон. Харин би дөрвөн жил болоод буцаж ирсэн дээ. Учир нь гэр бүлд маань нөхөж баршгүй гарз тохиож охин дүү маань зуурдаар таалал төгссөн юм. Нэг охиных нь орон зай хоосорч, ээжид маань үнэхээр хэцүү байсан болохоор би зайлшгүй ирэх шаардлагатай болсон.
    -Таныг хамтлагийн охидтойгоо муудалчихаад ирсэн гэж хэвлэлээр бичиж байсан юм билээ.  Тухайн үед иймэрхүү цуурхал их гардаг байсан, одоо ч хэвээрээ л байна... Хамтлагийн хувьд ч бас хэл аманд нэлээдгүй өртдөг байсан. Тэр болгонд хэрхэн ханддаг вэ?
    -Бид анхнаасаа хамтдаа байж нэг нэгнээ сайн ойлгож чаддаг байсан учир үл ойлголцлоос болж хамтлагаас гарах асуудал тохиож байсангүй. Шалтгаанаа би хэлчихсэн. Харин элдэв цуурхал, худал мэдээллийн хувьд бол анхандаа эмзэглэж уйлдаг байсан. Харин сүүлдээ тийм зүйлд гомдохоо больчихсон. Уран бүтээлийн хувьд үнэн зөв, мэргэжлийн үүднээс шүүмжилсэн бол хүлээж авна. Тэрнээс ховын чанартай шар мэдээг бол тоохооргүй дархлаатай болсон гэхүүдээ.
    -Америкт уран бүтээл туурвих, Монголдоо суурин байж бүтээлээ хийх хоёрын хооронд ямар ялгаа ажиглагдаж байсан бэ? 
    -Бүх зүйл хоёр талтай. Ганцхан талтай зүйл гэж хорвоод үгүй шүү дээ. Хамтлагаараа энд хийж бүтээх долоон жилийг алдсан, эндээ дуулаад явж байсан бол илүү их амжилтанд хүрэх байсан шүү дээ гэж шүүмжлэх хүмүүс ч байна. Магадгүй тийм байж болно. Харь оронд ээж аав, нутаг ус гээд хайртай бүхнээсээ хол байхад хүн тэднийгээ илүү ихээр хайрлаж, ямархан үнэ цэнэтэй болохыг нь ойлгож ухаардаг. Гэвч тухайн үеийн монголд бид өшөө олон зүйлд суралцаж чадах байсан уу гэх асуулт бас урган гардаг. Ямартаа ч уран бүтээлч хүний өнгөрсөн цаг хугацаанд алдаа, оноо зэрэгцэн оршиж байдаг. 
    -Олон сайхан хөгжим байдаг. Үндэсний хөгжмийн зэмсэгүүдээс авахуулаад л... Харин та яагаад заавал төгөлдөр хуурыг сонгож хичээллэхээр болсон бэ?
    -Би төгөлдөр хуур тоглох болсон нь ээжтэй минь шууд холбоотой. Ээж минь өөрөө төгөлдөр хуурыг их сайхан тоглодог. Мөн Чинбаа, Сүндэрээ хоёрын ээж миний ээжтэй хамт МУГЖ С.Цэвэлмаа багшийн удирдлага дор хуучир хөгжмийн ангид суралцаж төгссөн байдаг. 
    Ээж л гараас минь хөтөлж урлагийн амьдралд хөл тавьсандаа.  Анх МУГТ, дуучин Д.Банди багшийн эхнэр М.Н.Григорьева намайг өөрийнхөө шавь болгохоор сонгож авсан боловч тун удалгүй С.Наранцэцэг багш дээр шилжиж ирсэн. Ингээд 12 жил хичээллэж төгссөн. Сүүлд Консерватори болсны дараагаар Ч.Тунгалаг багш дээр хичээллэж бакалаврын зэрэгтэй болсон. Олон сайхан багш нарынхаа ачаар өдий зэрэгтэй явж байгаадаа үргэлж талархаж явдагдаа.  Анх хичээллэж эхэлснээс хойш мэргэжилдээ сэтгэл зүрхээрээ дурласан. Төгөлдөр хуур тоглох нь бясалгал хийхтэй адил мэдрэмж төрүүлдэг. Учир нь хөгжмийн даралтуудыг тоглохдоо ямар өнгө гаргахав, хөгжмийн зохиолоос хамааралтайгаар тэр өнгийг гуниглуун, эсвэл сүр жавхлантай зэргийн алинаар нь илэрхийлэх вэ гээд л бүх үйл хөдлөл, сэтгэл санаагаа хөгжимтэйгөө нэгэн цул болгож  мэдэрч тоглох шаардлагатай болдог. 
    Хаврын урь ороход үеийн хүүхдүүд гадаа тоглож байхад бид хөгжмөө л давтаж суудаг байлаа.Адилхан л хүүхэд  байсан болохоор гадаа гарч хөгжилдөхийг хүсэлгүй л яахав. Гэтэл тийм эрх угаас байгаагүй. Бид өөрсдийн үүрэг даалгавраа ч сайн ухамсарладаг байсан. Ийнхүү бидэнд давхар хүмүүжил олгож байлаа. Урлаг өөрөө тийм гоё. 
    -Бас давхар дуулаачаар төгссөн байх аа?
    -Тийм ээ. Би МУГЖ А.Бүтэд багшийн ангид сүүлд дуулаачаар элсэн суралцсан. Өөрийн гэсэн хамтлагтай болчихсон хүн ядаж онолын түвшний мэдлэгтэй байх хэрэгтэй гэж үзсэн. Ер нь манай хамтлагийнхан бүгд л мэргэжлийн багш нараас хичээл авдаг байсан. 
    -Их л завгүй өдрүүд үргэлжилдэг байж, тийм үү?
    -Тэгэлгүй яахав. Миний санаанаас огт гардаггүй нэг явдал байдаг юм. Шинэ жил ойртчихсон, өдөр нь хичээл шалтгалтандаа бэлдэнэ, орой нь дуугаа давтана гээд яг өдөр шөнөгүй 7 хоног нойргүй явж билээ. Ёстой залуу насны эрч хүчээр л давж гарсан байх гэж боддог. Хамтлагийн нэг гишүүн нь хоолойн бичлэгэндээ орох үеэр хэдхэн хором л дугхийдэг байлаа. Тэгж явсаар нэг өдөр гэртээ очиж даашинз солих шаардлага гарч такси барьсаар гэрийнхээ үүдэнд ирэв ээ. Хөлсөө төлөх гээд жолоочид мөнгө сарвайж байгаад унтчихсан байж билээ. Жолооч нь гайхаад “хүүе хүүе” гэхэд нь л сэрж байснаа санадаг. Үнэхээр баттерей дууссан байсан. /инээв/
    -Дээр багадаа дуу зохиодог байсан гэж ярьсан шүү дээ, шүлэг бичдэг хэрэг үү? 
    -Оролдох үе байсан. Ном их уншдаг болохоор сонирхолтой санагдаад мөр толгой холбодог байлаа. Надад үнэхээр яруу найрагчийн төрмөл авьяас байхгүй гэдгийг мэдээд больсон доо, хөөрхий. /инээв/ Тухайн үеийн сонгодог романууд гээд уран зохиолын бүхий л номуудыг шимтэн уншсан. Жорж Сандын Венецийн театрын алтан гургалдай гэгддэг авьяаслаг дуучин эмэгтэйн амьдрал, хайр дурлалын талаар өгүүлсэн “Консуэло” романыг уншаад цурхиртал уйлж билээ.  Өөрийгөө яг л тэр дуучин шиг төсөөлөөд л дэрвэж өгдөг байлаа. Ер нь ном уншихын хамгийн гоё нь уншигч бүр өөрийнхөөрөө төсөөлж болдогт л оршдог болов уу гэж боддог. 

    -Танайх баялаг номын сантай айл байсан уу?
    -Манайх хэсэгхэн хугацаанд хашаа байшинд амьдарч билээ. Тэр үед зуны том амбаар дүүрэн сонгодог зохиолоос авахуулаад салбар бүрийн ном хураалттай байдаг байлаа. Д.Урианхай гуайн филисофи, гүн ухаанаар халгисан шүлэг, зохиолуудаас эхлээд “Дөлгөөн Дон”, “Мастер Маргарита хоёр”, “Зуун жилийн ганцаардал” болон “Зүрхний хилэн”, Газар шороо”, “Тунгалаг тамир” гэх мэтчилэн монголын сор болсон  зохиолчдын зохиол бүтээлийг уншдаг байжээ. Уншсан номуудынхаа талаар тэмдэглэл хөтөлдөг байснаас одоо хүртэл зарим нь хадгалагдсан байдаг. Одоо бол тэр үетэй харьцуулахгүй ч хааяа нэг ном бариад суух цаг зав бас гарганаа.
    -Тухайн үед дурлаж унших явцдаа тухайн нэг зохиолын баатар юм уу, эсвэл таалагдсан үйл явдлынх нь талаар дуу зохиож дуулахсан гэж бодож байв уу?
    -Ном уншсан хүн мянган хүний амьдралаар амьдардаг гэдэг шүү дээ. Тухайн үед миний хайрладаг гол дүрийн баатар олон байсан. Харин дуу хийх тухай бодож байгаагүй. Надад мэдрэмжүүд нь л үлдсэн.
    -Хамгийн сүүлд ямар номууд уншсан бэ?
    -Л.Өлзийтөгсийн “Толинд туссан Будда”, Р.Эмүжингийн “Улбар хөлт”, Г.Аюурзанын “Шүгдэн”, “Судасны чимээ”, “Тэнгэрийн судар” болон орчуулгынх нь “Хоёр хаан хоёр хонгил” номуудыг уншсан. Мөн  Айн Рэндийн “Бид амьд хүмүүс”роман их таалагдсан. 
    -2010 оноос хойш “Мaestro” хөгжмийн сургуулийг ажиллуулах болсон. Үйл ажиллагааныхаа талаар яриач?
    -Тэгэлгүй яахав. Бид 9 дэхь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Анх дөрвөн замын уулзварт байдаг “Гранд Плаза” дээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Одоо бол Зайсангийн “Buddha Vista” хотхонд сургалтаа явуулж байгаа. Манай сургууль төгөлдөр хуур, морин хуур, гитар зэрэг хөгжмийн ангиас гадна дуулаачийн чиглэлээр давхар суралцах боломжийг олгодог. 
    -Өмнө нь дан ганц “Хөгжим бүжгийн коллеж” л байсан. Одоо бол хөгжмийн сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг олон төв бий. Тэдгээрээс танай сургууль болоод сургалтын систем юугаараа онцлогтой вэ?
    -Зарим нэг хөгжмийн сургалтын төвүүдэд мэргэжлийн бус хүмүүс хичээл зааж байгаа  нь харагддаг. Гэтэл өөр чиглэлийн хүн хэдий мэдлэг боловсрол сайтай байсан ч яг л мэргэжлийнх биш бол төгс сайн зааж чадахгүй. Манайх энэ тал дээр маш их ач холбогдол өгч нямбай, хянуур ажилладаг. 
    -Танай сургуульд жилд хэчнээн тооныхүүхэд элсэн суралцаж байна вэ?
    -Ямартаа ч жилд гэлгүйгээр баримжаалж үзвэл сард 30-аас 40 хүн хичээллэдэг гэж бодъё. Ингээд үзвэл жилд давхардсан тоогоор дундажаар 300 орчим хүн тогтмол хичээллэдэг. Зарим нь олон жил уйгагүй суралцаж байхад, ганц  сар суучихаад сургалтанд явахаа больчихдог хүмүүс олон бий. Зарим нь “таван сайхан ая тоглоод сурчихъя” гэсэн хүсэлтэй сургуулийн босгоор алхах нь ч байдаг. 
    -Хоёр жилийн өмнөөс танай сургууль “Magic of the music” уралдааныг хөгжим сонирхогч хүүхдүүдийн дунд явуулах болсон. Энэ уралдааны тухай яриач?
    -“Magic of the music” гээд улсын анхдугаар уралдааныг 2017 онд анх зохион байгуулсан. Тухайн үед 170 хүүхэд оролцож байсныг хараад хөгжимд  хайртай, дурлаж сонирхдог олон болсныг хараад маш их олзуурхаж билээ. Эцэг эхчүүд ч хүүхдийнхээ хөгжмийн боловсролд сайн анхаарч байгаа нь мэдрэгдсэн. Тиймдээ ч олон хүүхдийг хөгжимд дуртай болгох, урамшуулах, мэргэжлийнхээс дутах­­гүй хөгжимчдийг тодруулан гаргах нь уралдааны маань зорилго. 
    -Таныг уран бүтээлээ туурвихгүй сургуулийг багш болчихлоо гэх сонсогчид их байдаг шүү дээ?
    -12 жил уйлж дуулан давтаж, өчнөөн олон хоног нойр хоолгүй сууж төгссөн. Төгсөөд л бараг энэ сургууль руу ахиж зүглэхгүй, үүрд баяртай ухааны юм бодож билээ. /инээв/ Хэзээ ч хэн нэгэнд төгөлдөр хуурын хичээл заах, сургах ямар ч бодол байгаагүй. Учир нь ээж, ээжийн эгч дүү нар гээд зургаан багш манайхан дунд байсан. Багшийн ажил ямар хэцүүг мэддэг болохоор “хэзээ ч багш болохгүй юм шүү” гэж боддог байв. 
    Харин анхны хүүхдээ өлгийдөн авч ээж болсныхоо дараагаар цаашид зөвхөн дуугаа дуулаад л явах нь өрөөсгөл санагдаж эхэлсэн. Нөгөөтэйгүүрүнэндээ өөр салбарт ажиллах гэхээр ямар ч сонирхолгүй санагдаад, урлагаасаа хөндийрч чадахгүй юм байна гэдгээ мэдсэн. Тэр үед хүн өөрийн эзэмшсэн мэргэжил рүүгээ л ханддаг юм билээ. Би бүх хүнийг төгөлдөр хуурч, мэргэжлийн хөгжимчин болгохгүй ч гэсэн ирээдүйн сонсогчдыг бэлдэхээр зориг шулуудсан. Хөгжмөөр хичээл­лэх нь хүүхдэд олон талын ач холбогдолтой бөгөөд зөв төлөвшил олгодог гэдгийг сайн мэддэг болохоор энэхүү сургуулиа нээхээр шийдсэн.
    -Таны хамгийн бяцхан шавь хэдэн настай вэ?
    -Миний хамгийн бяцхан шавь дөрвөн настай. Харин хамгийн ахмад нь гэвэл 60 настай Австрали сурагч байна даа. 
    -Жаахан хүүхдэд хичээл заахад хэр хүндрэлтэй вэ?
    -Хүндрэл учрахгүй зүйл гэж үгүй. Гэвч жаахан байх тусмаа хамгийн их тэвчээр шаарддаг. Японд цэцэрлэг болоод бага ангийн багш нар хамгийн өндөр цалинтай байдаг. Учир нь цэцэрлэгийн наснаас нь авахуулаад хүмүүжил сайтай, эх орондоо хайртай хүн болгож хойч ирээдүйгээ бэлдэхийн тулд мөнгө харамлахгүй байгаа хэрэг. Харин манай улс үүний яг эсрэг чиглэлтэй байна.

    -Та ер нь хэр ширүүн багш вэ?
    -Анхандаа жаахан ширүүндүү багш байсан шүү /инээв/. Харин одоо бол жил ирэх тусам л өөрчлөгдөж, улам туршлага сууж байна. Хүн ер нь өдөр бүр суралцаж, улам сайжирдаг. Тэр замаар л алхаж байна даа. Биднийг бага байхаас авахуулан одоог хүртэл багшилж байгаа доктор, профессор багш нараасаа маш их зүйлийг суралцдаг. Тэднээс сурсан зүйл болон өмнөх үеийн туршлага зэрэг дээр орчин үеийн арга барилыг хослуулан хичээлээ заахыг хичээдэг. 
    -Та дуулахаа больчихоогүй, бүтээл туурвилаа хийж л байгаа гэсэн шүү дээ. Уран бүтээлийнхээ тухайд яриач?
    -Маш эртнээс эхэлсэн ардын дуунуудын цоморлигтой цомог гаргах гээд л байна. Манай өвөө Ууш гэж хүн байсан. Казак хэлтэй, хил хэцүү цаг үед Османуудтай ид байлдаж явсан хүндэт чекист хүнбайсан гэдэг. Цэргийн хүн болохоор монголын бараг бүх аймгуудад томилолтоор явдаг байсан юм билээ. Тиймдээ ч казак, буриад, монгол ардын дуунуудыг их сайхан дуулна. Ээж минь ч багаасаа тэдгээрийг нь сонсож өссөн учир өөрөө ардын дууг их сайхан дуулдаг байлаа. Тэгээд л сэтгэл зүрхний гүнд нэг тийм тасалдашгүй холбоо үүсчихсэн байх. Би ардын дууг поп хөгжимтэй хослуулан туурвисан 8-аас 9 дуу бичүүлчихээд гаргаж амжаагүй л байна. “Энэ миний шинэ цомог” гээд үзүүлчихээр бодитой зүйл байхгүй болохоор уран бүтээлийн талаар ярихаас жаахан төвөгшөөдөг юм. Түүнээс бол чимээгүйхэн дуугаа дуулсаар л явна. 
    -“Эмоушн” хамтлаг эргэж нэгдэх үү? 
    -Үүнийг бол үгүйсгэхгүй. Угаасаа манай хамтлаг тарж бутраагүй. Амьдралын шаардлагын дагуу хэн хэн нь тус тусын уран бүтээлээ туурвиж байгаа. Эргэн нийлээд дуулах гэхээр цаг хугацааны хувьд ч юм уу зөрөлдөөд байна. “Цаг болж, нөхцөл бүрдэхэд” гээд шүлэг байдаг шүү дээ. Түүн шиг тэр өдөр нь ирэхээр бид эргэн нэгдэж дуулахад асуудал байхгүй. 

    Бага залуу байсан ч гэсэн “Эмоушн” хамтлагийн “Ингэн тэмээний дууг” одоо ч санаж, хааяахан сонсдог билээ. Энэ л дууны эздийн нэг, уншиж уйлдаг зохиолынхоо дүр шиг дуучин болж чадсан Т.Солонготой ийнхүү ярилцлаа. Сэтгэлд хоногшсон дуун дээрх шигээ тэр л цээлхэн хоолой, даруухан дүрх төрх, зан нь яг л хэвээрээ шиг мэдрэмж төрсөн юм. Уран бүтээлч хүн үргэлж л хийж бүтээх ёстой. Учир нь урлаг үүрдийнх бөгөөд уран бүтээлч өөрөө мөнх бус. Харин мөнхрөх учиртай бүтээлүүдийг ийм л хүмүүс чимээгүйхэн туурвиж аж төрдөг билээ. 

Сэтгэгдлүүд : 4

  • Candice

    Heya i am for the primary time here. I came across this board and I in finding It really helpful & it helped me out a lot. I'm hoping to provide one thing again and help others such as you helped me. инвестировать деньги web pag найти инвестора

  • Shayne

    Outstanding story there. What happened after? Good luck! bandarq

  • Guadalupe

    Hello to all, for the reason that I am genuinely eager of reading this website's post to be updated regularly. It consists of pleasant data. PKV

  • default

    Hi there!

Сэтгэгдэл оруулах

урлан