У.Ариунзоригт: Уулчин хүний хүрэх хамгийн өндөр оргил бол үхэл

    Урука гэхээр уулчид андахгүй гэлцэх. Олон хүнийг оргил руу хөтөлж гаргасан ч чимээгүйхэн, “жирийн  амьдралтайгаа” нэг олсонд яваа түүнтэй уулзаж ярилцлаа. Уулчны өрсөлдөөн зөвхөн өөртэйгөө хийх тэмцэл байдаг гэх. Өөртэйгөө хийх байнгын тэмцэл нь хүн өвчнийг ялж болдог, бэрхшээлийг ялж болдог, өөрчлөгдөж болдог, хязгаарыг давж болдог гэдгийг харуулах ил сайхан үлгэрлэл билээ. Мongolian Mountain Summit компанийн захирал У.Ариунзоригттой ярилцлаа.

    -Та аялал жуулчлалын нэг төрөл болох уулын аялал жуулчлалыг хөгжүүлж буй хүн. Жуулчид ер нь Монголын аль ууланд ихэвчлэн гардаг бол? 
    -Манай Монголын уулс маань дэлхийд танигдаагүй болохоор хүмүүс тэр бүр мэдэхгүй л дээ. Ямар уулс,  оргил хаана юу байдаг гэдгийг нь жуулчид мэдэхгүй. Хамгийн гайгүй мэддэг нь Алтай таван богдын Хүйтний оргил 4374 метр өндөр. Өөр олон гайхалтай уулс байгаа. Яахав Монголын өндөр уулс дунджаар 4000 метр өндөртэй, жигдхэн. Гэхдээ ямар авиралттай юм, ямар ангиллын замуудаар авирах боломжтой юм гэх зэрэг мэдээлэл байхгүй л дээ. Гадны уулчид чинь зөвхөн өндөрт авираад байдаггүй, замын ангилал сонгож авирдаг. Өндөр биш ч гэсэн техник ур чадвар шаардсан ангилцлын замыг авирах сонирхолтой, өндөрт авирдаггүй тийм хүмүүс ч байдаг. Мэдээ мэдээлэл түгээмэл байвал зорин ирэх хүний тоо нэмэгдэх байх.
    -Уул руу авирах хамгийн тохиромжтой улирал гэж байдаг уу?
    -Тохиромжтой улирал гэвэл монголын хувьд зуны улирал. Уул уулын онцлог байгаа л даа. Энэ уул руу тэдэн сард авирах нь зүгээр гээд. Эверест гэхэд жишээ нь таван сар, есөн сар буюу хавар намартаа авирдаг. Памирийн нурууд руу бол найман сар дуустал жуулчид аваад улирал нь дуусчихдаг. Монголын хувьд бол долоо, найман сар хамгийн тохиромжтой. Зургаан сард бол цас ихтэй. Заримдаа хүмүүс зургаан сараас эхлээд авиралт хийх нь бий.
    -Яагаад энэ спортоор хичээллэх болов? Нэлээд их үнэтэй хобби юм байна лээ. Хувцас хэрэглэл,  явдал суудал гээд л...
    -Уулын спортыг анх эхнээс нь сонирхоод ороогүй юмаа /инээв/. Бусдын адил нийтлэг нэг зовлон байна ш дээ. Жин хасах, эрүүл байх гэсэн. Нэг удаа найзтайгаа гэртээ сууж байхдаа ууланд алхдаг хоёр хүний яриа сонссоноос хойш Богд ууланд алхаж эхэлсэн. Гэхдээ Богд ууланд алхаж байхдаа өндөр уул бодож байгаагүй. Нуруугаар өвддөг хүнд юм үүрч болохгүй байлаа. Тэгээд бага багаар уулаар явсаар өвчнөө мартаад, зүгээр болчихдог ч юмуу, нэг мэдсэн чинь л Мөнх цастай хайрханд явж байсан. Хүний сонирхол гүнзгийрээд, тэрнийгээ дагасаар өвчин зовлонгоо мартчихдаг ч юмуу, аль эсвэл илааршдаг юмуу, нэг тийм юм болдог юм шиг байгаан.
    -Таны бие муу, нурууны өвчтэй байжээ. Тийм өндөр Алтай Таван Богд, Хархираа ч юм уу уулсад гарахаар хүний биед янз бүрийн физиологийн өөрчлөлт гараагүй юмуу?
    -Өндрийн нөлөө чинь хүн хүнийхээ онцлогоос л болдог эд. Монголын хувьд бол хэт нөлөөлөөд байх өндөрлөг байхгүй. Тодорхой хэмжээний өндөрт гарахаар зарим хүнд нойр хүрэх, дотор эвгүйцэх шинж тэмдгүүд илэрдэг. 5000 метрээс дээш өндөртэй ууланд хүн өндрийн нөлөөлөлд орж эхэлдэг юм шиг байгаан хоолны дуршил буурч толгой өвдөхөөс л эхэлнэ. 

    -Хэрэв нойр хүрч, хоол унд идмээргүй болвол ямар арга хэмжээ авах ёстой вэ? 
    -Монголын нөхцөлд бол хэрэв их хүндрээгүй бол оргилдоо гарчихаад эргээд бууж болдог. Өндөр уул бол аль болох доошоо буугаад хүнд тааламжтай нөхцөлд хүртлээ доошоо буух хэрэгтэй. Тэгэхгүй дээшлээд байвал өвчин улам хүндэрнэ.  
    -Миний хувийн бодол шүү. Оргилд гараад байхаар уулчид гэдэг амьдралын бусад асуудал дээр ч бас юмны оройд хүрэх дуртай хүмүүс болчихдог юм болов уу гэж таамагладаг ш дээ?
    -Миний ажигласнаар, ууланд алхдаг, авирдаг хүмүүс үнэндээ яг нэг юмыг бариад авсан, эхлүүлсэн бол дуусгаад ард нь гарч байж салдаг болчихдог байж магад. Тухайн ажлыг бүрэн дуусгасныхаа дараа л өөртөө зав чөлөө олгоно гэсэн үг. Ууланд явахад хоног хугацаа, цаг их шаарддаг учраас ажилдаа их тууштай, хичээнгүй хүмүүс байдаг юм болов уу гэж би боддог. Ардаа асуудал үлдээхгүй, санаа зовох юмгүй бүх юмаа шийдчихсэн явж байгаа хүн бол маш сэтгэл хангалуун, тэрнээсээ эхэлж кайф авдаг. Бүх юмаа жин тан болгоод, утсаа хаагаад ч юмуу, 22-ын товчоо өнгөрөөд гарахад сэтгэл амар би чинь ёстой бүх юмаа цэгцэлчихсэн өөрийнхөө цагийг эдэлнээ гээд л явдаг. Энэ бол үнэхээр кайф л даа. Ууланд авирдаг хүмүүсийг ажилд авбал тууштай ч юмуу, сул цаг гаргахгүй талаараа бусдаас давуу байх талтай.
    -Харин баг болон ажиллах чадвар маш сайн суудаг гэсэн. Нэг хүн л алдвал бусад нь бүгд алдчихдаг. Тиймээс хүний амь насыг хариуцах ч юмуу, багаар ажиллах хэрэг их гардаг байхаа уулчдад?
    -Мөнх цаст ууланд явж байгаа хүмүүс нэг олсонд ороод, нэг баг болоод зөвхөн нэг удирдлагатай л явна. Түүнээс биш нэг олсонд бэхэлгээтэй мөртлөө дур дураараа аашлаад байж болохгүй. Тиймээс хүний үг сонсдог, үг даах чадвартай хамт олныхоо төлөө гэдэг нэг нэгнийхээ төлөө байж чаддаг, золиос гаргах чадвар байх ёстой. Цуг нэг олсонд явснаар хүний олон сайхан чанар хөгждөг байх. Итгэдэггүй хүнтэйгээ цуг олсонд ороод явахад хэцүү ш дээ. Ядаж нэг жижиг ангал дээгүүр харайхад хүртэл “энэ ч дээ” гээд бодох ч юмуу. 

    -Таны хамгийн олуулаа авирсан оргил аль вэ? 
    -Дэглий Цагаан. 25, 26 хүн гарч байсан. Хүн бүр өөр ааш зан гаргана. Суурь хүмүүжил, биеийн бэлтгэлжилт нь ч өөр байдаг. Тэсвэр хатуужилтай хүн байхад амархан ядардаг ч хүн байна. Тэр бүхнийг нэгтгээд багийн ахлагч аваад гарч байна л гэсэн үг. Тэгж байж оргил дээр гарна. Түүнээс биш хурдтай хүний темпээр яваад байвал удаанууд нь чирэгдээд, талаар нэг хоцрох жишээний. Тиймээс хүмүүсийн хүсэл зорилго дээр үндэслэж бүгдийг нь нэгтгээд авч явах учиртай. 
    -Памирын уулс, Альпийн нурууд гээд дэлхийн оргилуудад авирахад хэр их бэлтгэл, хугацаа шаарддаг юм болоо?
    -Бэлтгэлийг маш их хийнэ. Бид бол жил орчим хийж байж явж байсан. Хамгийн супер жишээг нь хэлэхэд тэмцээнд цуг орж байсан Морь гээд хочтой ачаа зөөгч байсан. Киргиз хүн. Өглөө тэмцээн эхлэхэд гараанаас гараад оргилд хүрээд орой нь буугаад ирж байгаа юм. Энгийн жуулчин бол 4 хонож гарах оргил. Тэгэхэд суперүүд бол өглөө гүйж гараад л үдэшдээ буугаад ирж байгаа юм. Манайхан болохоор дундын зай буюу одоо нэгдүгээр кэмпээс гуравдугаар кэмп хүртэл ангилалд оролцож байсан юм. 
    -Олон мянган метрийн мөнх цаст оргил дээр гараад авах хамгийн гоё мэдрэмж юу вэ? 

    -Олон мянган метрийн мөнх цаст оргил дээр гараад авах хамгийн гоё мэдрэмж юу вэ? 
    -Миний хувьд бол нэг олсонд байгаа багийнхнаа бүгдийг эсэн мэнд аваад гарсандаа кайф авдаг юм болов уу? Ямар ч байсан бүгдийг нь гаргаад ирсэн шүү, одоо яаж зөв буумаар юм гэж боддог. Ер нь байнга санаа зовж явна. Ингэх вий, тэгэх вий гээд, бүх юмаа төлөвлөнө. Ер нь бол кайфаас илүү санаа зовж явах нь илүү болоод байна миний хувьд.
    -Уулын спорт руу ороход тохиромжтой нас гэж байдаг уу? 
    -Саяхан жишээ нь 9 настай хүүхэд Алтай Таван Богдын Хүйтний оргилд гарсан гээд л байна. Ер нь бол 18 наснаас дээш ямар ч насны хязгаар байхгүй. Хөдөлж чадаж байгаа, биеэ дайчилж байгаа, бэлдэж чадаж байгаа хэн нь ч оргилд гарах боломжтой. Би чадахгүй гээд суугаад байвал хэн ч гарч чадахгүй. 
    -Миний мэдэхийн МУГТ Б.Гангаамаа байна. Өөр Монголын хамгийн сайн уулчин гэвэл та хэнийг нэрлэх вэ? Эсвэл гадны агуу уулчдаас ч юм уу?
    -Миний хүндэлж явдаг Л.Баярсайхан багш байна. Монголоос 8000 метрийн өндөр гурван оргилд гарсан ганцхан хүн байдаг юм. Тэр хүнийг үнэхээр мундаг гэж боддог. Нэг жилийн дотор 4000-аас дээш өндөртэй гадаадын арван хэдэн ууланд авирчихсан хүн. Тэр хүний гарсан гайхалтай сайхан уулс бий. Монгол хүмүүс өмнө нь огт авирч байгаагүй. Энд тэндэхийн авиралтуудыг бүгдийг нь чих тавин сонсдог. Харна, дэмжинэ, дотроо хүлээнэ. Олон агуу уулчид байнаа. Тэгээд ер нь эцсийн цэг гэж байхгүй, ууланд авирагчдын эцсийн цэг нь үхэл л юм болов уу гэж боддог. Үнэхээр супер уулчид байна бүр л супер юм хийж явсаар байгаад л тэнгэртээ хальдаг байх. Анатолий Букреев гэж домогт уулчин байсан. Түүний тухай уншдаг, үздэг, судалдаг.

    -Танд нэг тийшээ хүрэх юмсан гарах юмсан гэж дотроо тэмүүлж явдаг оргил байдаг уу?
    -Мөрөөддөг оргил бий. Хан-Тенгри гээд. Хэзээ нэг өдөр зорино гээд бодчихсон явж байгаа. Хүмүүс Эверест ч юм уу өөр ноён оргилуудыг боддог байх. Миний хувьд бол Хан-Тенгрийг үнэхээр гайхам үзэсгэлэнтэй гэж төсөөлдөг. Монгол уулчид бас авирсаан. Ноднин хүртэл МУГТ, уулчин Г.Өсөхбаяр баг аваад гарчихаад ирсэн. 
    -Нэгэнт уул ус ярьсных. Манай монголчууд чинь одоо эмэгтэй хүн уул овоо руу гарч болохгүй гэж их цээрлэдэг. Манай уулчдын хувьд ийм хүйсийн ялгаа байдаг уу? Чи одоо наанаа байж бай, эсвэл энэнээс илүү дээшээ гарч болохгүй гэдэг ч юм уу? 
    -Тиймэрхүү юмыг тоохгүйг хичээдэг. Эмэгтэй хүн биш уулчин гээд гараарай, дэмжье энэ тэр гээд, Бурхан Халдун уулаа хүндлээд гаргахгүй л дээ. Тэрнээс бусад уулыг бол асуудал байхгүй. Уулчин хүн ямар ч уул байсан гарна. Янз бүрийн шашны холбогдолтой юм ярьж л байдаг. Бид чинь явахаараа шашинтай тулах болдог. Уламжлалт зан үйл бүхэн байгалийн эсрэг юм шиг санагддаг. Хэлж, ярьж байгаа нь хүртэл эмэгтэй хүн гарч болохгүй гэдэг ч юмуу огт эсрэг. Тахиж шүтэхдээ хүртэл уул хайрханд өргөсөн хадаг, тавьсан өргөл барьц бүхэн хог шиг харагдаад зөрчилддөг. 
    -Та өөрөө шашин шүтэх үү? Бөө, лам дээр очиж ном уншуулдаг уу?
    -Хүндэлдэг. Гэхдээ өөрөө зорьж зан үйл хийлгээд байдаггүй. 
    -Оргилд гараад л уулчид өргөл өргөөд л явдаг. Тэгдэггүй гэж үү
    -Хүмүүс өргөж л байдаг. Би тэгдэггүй ээ. Дотроо залбираад, дотроо гуйгаад ч гэдэг юм уу ихдээ л тэгнэ. Ууланд юм өргөхөөр авч явж байгаа хүмүүст энэ хайрханд ийм юм өргөж болно болохгүй  гээд зөвлөгөө өгдөг. Одоо Бурхан Халдунаар жишээ авахад очсон хүн болгон хэвийн боов, савтай ус ундаа хамаг юмаа тавих юм. Аливаа зүйл ихдэхээрээ хог болдог. Арвай, будаа тиймэрхүү юм өргөчихвөл зүгээр. Гэхдээ нэг газар нь овоолоод байх биш. Өчнөөн олон хорхой шавьжнаас эхлээд араатан жигүүртэн байна. Хангайд нь сайхан цацаад л явчихвал арай дээр юм болов уу. 

    -Монголын хамгийн өндөр оргил юу вэ? 
    -Алтай Таван Богдын Хүйтний Оргил 4374 м өндөртэй. 1970-аад оны газрын зураг дээр Найрамдалын оргил гэж тэмдэглэсэн байдаг. Сүүлд 2006 онд Их Монгол Улсын 800 жилийн ойгоор Ерөнхийлөгч Н.Энхбаяр тэргүүтэй уулчид гарсан. Тэгээд Их Монгол оргил гэж нэрлэе гэж тогтсон байдаг. Даанч Хүйтний оргил гэдгээрээ хоногшоод, гадныхан ч гэсэн Хүйтэн гэдгээр нь байнга ярьдаг болохоор тэр нэршил нь ч явсангүй дээ.
    -Ер нь мөнх цаст ууланд авирахад дунджаар ямар зардал, бэлтгэл хэрэгтэй вэ?
    -Монголын хувьд замын зардал гэхэд дунджаар 700 мянгаас 1 сая төгрөг болдог. Хувийн бэлтгэл нь тухайн хүн хэр зэрэг бие бялдрын хүмүүжил сайтай вэ гэдгээс хамаарна. Тэсвэр тэвчээр сайтай хүн бол тэгээд жаахан бэлдээд гүйгээд байхад асуудалгүй. Иж бүрэн хувцастай байх ёстой. Мөсөн голоор явдаг учир сайн гуталтай, зориулалтын өмд, цамц, салхи борооны хамгаалалтай хүрэм, үүргэвч гээд өөрийнхөө хэрэгцээний дунджаар 55-75 литрийн багтаамжтай үүргэвч хэрэгтэй. Тэр нь дотроо хөнжил, хоёр гурав хоногийн хоол хүнс, пермуск, газ, нүдний шил, малгай, ороолт, таяг, хударга, дуулга, бээлий гээд хээр, ууланд очоод хэнд ч царай алдахгүй, нэг юм хэрэг болоход гаргаад ирэх хэмжээний бэлтгэлтэй байх хэрэгтэй. Түүнээс биш ачаагаа хөнгөлөх гээд бороо цастай зутруу үед нэг юм хэрэг болоход байхгүй бол хэцүү. Бүх юмыг тооцоод бүх бэлтгэлээ хангаад явах ёстой. Нэг олсонд ороод... 
    -Яриаг нь тасалсанд уучлаарай. Олсонд орж баг болохгүйгээр ганцаараа мөнх цаст ууланд гарчихдаг уулчин Монголд байдаг уу? Ер нь тэгж болдоггүй юм уу?
    -Хүйтний оргил зэрэг мөсөн голоор явдаг ангал ихтэй газар ганцаар явах эрсдэлтэй ч өөрийгөө сорих уулчид бий. Ганцаарчилсан авиралтыг соло гэж уулчид ярьдаг. Хамгийн супер авиралтыг Завханы уулчин Ө.Батманлай 8000-с дээш өндөртэй Шишапангма ууланд Монгол дээлтэй оргилдож байсан. 
    -Уулын спортоор хичээллээд олон хоногоор явахдаа ар гэр хувийн амьдралаа яаж зохицуулж төлөвлөдөг вэ? 

    -Ард үлдэж байгаа амьдралаа бүгдийг нь тооцоолоод ямар нэг асуудал эрсдэл гарахад хойноос хүүе хэнээ нааш ирээ гэж дуудахааргүй хэмжээнд зохицуулж байж явдаг. Үгүй бол хотоос гараад л сүлжээгүй болчихдог. Ихэнх хугацаандаа сүлжээгүй байдаг учир хүний санаа зовоогоод байж болохгүй. Тэгэхээр бүх юмыг сайн тооцоолох хэрэгтэй.  
    -Яг одоо ингээд ярилцаад сууж байхад хамгийн сайн найз тань орж ирээд за хоёулаа маргааш Жомунглома юмуу нэг эгц оргил өөд мацъя гэвэл яах бол? 
    -Уулчид бол за явах уу гэхэд цүнхээ бариад үүрээд гарах хэмжээний бэлтгэлтэй болдог ш дээ. Энгийн хүн зөвхөн шийдвэрээ гаргах гэж өчнөөн хоног болдог бол уулчид шийдвэрээ тухайн мөчид гаргаад бүх юмаа хамж үүргэвчиндээ хийгээд үүрээд аваад гарах боломжтой шүү ер нь. 
    -Уулын спортын зэрэгцээ аялал жуулчлалын салбарт ажилладаг юм байна. Хүн ямар нэгэн юмыг төлөвлөөгүй зорилгогүй, утга учиргүй хийхгүй байх тээ?
    -Сэтгэлийн мухарт олон жил бодож явсан. Тэгээд ууланд явсаар газар усаа таньж мэддэг болоод чиний ажил энэ юм л байна гэдэг зүг рүү яваад байхгүй юу. Хүн авч явдаг болсноос хойш энэ сайхан байгаль орчныг өөр хүмүүст харуулах юмсан гэж бодоод гэрэл зураг авдаг болсон. Дараа нь  Монгол орноо сурталчлах юмсан гэж бодох болсон. Ингээд ганцаараа хоббигоо хөөгөөд яваад байх биш бусдад харуулъя гэсэн зорилгоор эхлүүлсэн. 
    -2018 оноос эхлэн нэг жил илүү хугацаанд Монголын аялал жуулчлалын салбарт зүтгэж байна. Одоо танд анзаарагдаж байгаа тулгамдсан асуудал ч юмуу, энийг л засчих юмсан ингээд өөд нь татчих юмсан гэх мэт зүйлс байдаг уу? 
    -Мэдээж бодолгүй яахав. Ерөнхийдөө бүгд адилхан юм яриад байдаг хэрнээ хөрсөн дээр буухгүй юмаа. Бодит байдал дээр нэг жуулчин явж байхад тэр хүнд л хүрэх бодлого хэрэгтэй байхаас биш хүнд хүрэхгүй бодлого явуулаад утгагүй байхгүй юу. Наад зах нь хотоос гараад давхиж байхад замд буугаад бие засах газар байхгүй байна ш дээ. Тэгээд буруу харуулж зогсоогоод эрэгтэй нь тийшээ, эмэгтэй нь ийшээ яв гээд заах дэндүү бүдүүлэг л байна. Модон жорлонд ороход үнэр танар, ялаа шумуул нь дийлдэхгүй. Хүний бие физилогийн асуудал болохоор хүчээр л орж байна. Ядаж аймаг болгон жуулчид ирээд хооллодог, амардаг, боловсон нойлтой төвтэй болчихвол. Аймагтаа том том хаалга хийж байхаар ганцхан тийм юм хийчихвэл аймгийн иргэд ч ажлын байртай, жижигхэн гар үйлдвэрүүдтэй, жуулчлалын төвтэй хийчихвэл. Тэрбумаар нь хаалга бариад л байдаг. Юунд ч хэрэгтэй юм тэр хаалга нь. Тэгээд аялал жуулчлал хийж байна гээд байх. Түрүүнд нэг залуу гоё үг хэлсэн байдаг. Суварга барихаар жорлон барь гэж тэр нь илүү буян болно шүү. 

    -Оргилд гардаг, зураг авдаг, аялал жуулчлалын бизнест яваа туршлагатай хүн байна. Одоо уулын спорт руу орох гэж байгаа залуу хүмүүст юу гэж зөвлөх вэ? 
    -Залуу хүмүүст зардал нилээн өндөр шүү гэж хэлье. Бэлтгэл сайн хийх хэрэгтэй. Нэг үг байдаг, энхийн цагт хөлс их гарвал дайны үед цус бага урсана гэж. Биеийн бэлтгэлийн дараа техникийн бэлтгэл байна. Биеэ тойруулаад гацуур мод шиг баахан багаж өлгөчихсөн яваад байдаг. Ашиглаж мэдэхгүй бол хэрэгтэй үед нь очоод хэрэглэж чадахгүй байвал ямар олиг байхав. Ном журмых нь дагуу уулын спортын сургалтанд суугаад шөлийг нь сайн ууж сонсоорой л гэж хэлье. Энэ тэндээс сонсон эрээвэр хураавар мэдээллээр биш урд нь туулаад ирсэн, сурчихсан бусаддаа зааж байгаа тийм хүмүүсээс суралцаарай. Өөрөө мэдэхгүй бол уулын клубүүд байна. Тэнд нь элсээд сурах хэрэгтэй. Би анх алхдаг байхад заагаад өгөх хүн байхгүй, сургууль ч байсангүй. Саяхан долоон жилийн өмнөхөн ш дээ. Ёстой хүний рефлексээр алхаад л явж байлаа. Тэр үеийхний ихэнх нь буруу алхсанаас болоод бүгд өвдөгний зөөлөн эдийн гэмтэлтэй тийм нэг үе байна ш дээ. Зүгээр нэг алхах биш, техник байгаа юм. Биеэрээ туулаад мэдэрчихсэн заах хэмжээнд очсон уулчид, клубүүд зөвлөмжүүд гаргаж байна тэрийг нь сайн уншиж судлах хэрэгтэй. Интернет юүтүүб, гүүглээс бас харж болно. 
    -Уулын клуб Монголд хэр олон бэ?
    -Одоо бол олон болсоон. Би анх “UB hiking” клубыг нөхдийн хамт байгуулж байлаа. Тэр клубын гишүүдээс маань 2017 онд дөрвөн тамирчин олон улсын скаймарафонд оролцоод нэг алт, гурван хүрэл, дөрвөн тамирчин маань бүгд медальтай олз омог дүүрэн ирж байлаа.
    -Уулын спортын тэмцээн гэхээр, цагтай авиралт байдаг юмуу? 
    -Уулын марафон, Skyline марафон гээд төрлүүд бий. Ленин пийкт зохиогддог нь хамгийн өндөр нь байхүй юу. Доор гараанаас гараад оргил дээр цаг барьдаг. Аль бага хугацаанд тэр замыг туулсан хүн шалгардаг. Манай Э.Уранболор алтан медаль авч, нэг эрэгтэй, хоёр эмэгтэй нь хүрэл авч байв. Тав зургаан улсын тамирчид оролцож байсан. 
    -Одоо клуб нь хэдэн гишүүнтэй болсон бэ?
    -Таван жил авч яваад ажлаа өгсөн. Компаниа байгуулаад гарсан. Тэр үед 500 орчим гишүүнтэй болсон байсан. Дагагч нар гэхэд 25000 орчим бий. Тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, тогтсон суурьтай, эргэлтэнд орчихсон клуб.
    -Заа ууланд алхдаг хүн тэчвээртэй, зохион байгуулалт сайтай болдог байх. Дээр нь хүний эрүүл амьдралын хэвшилтэй болж жин хасдаг байх. Өөр одоо миний мэдэхгүй ямар ач тус, нөлөөтэй вэ?
    -Анх алхаж эхлээд өөрийн биеэр мэдэрсэн жишээ гэвэл ханиадыг мартсан байсан. Бүр хоёр жил огт ханиад хүрээгүй. Би нурууны бэртэлтэй байсан. Өндөр ууланд явах хэмжээний ачаа үүрч чадахгүй, надад тийм нуруу байхгүй гэж боддог байсан. Би алхаад явж байсан тэгээд тэрийгээ мартчихсан байсан. Одоо бол 7000 метрийн уул руу ачаагаа үүрээд явж байх жишээний болсон байна. Надад энэ hiking сайнаар нөлөөлсөн тал нь энэ.
    -Нурууны өвчин ор тас байхгүй болсон уу?
    -Сая, гамгүй ашигласнаас болсон гэдэг шиг жаахан хүндрээд эргээд гайгүй болсон. Би чинь бүр юм хум үүрэх нь битгий хэл гэмтэл авчихсан байсан.
    -Ямар сургууль төгссөн бэ?
    -Тамирын Дээд төгссөн. Жудо бөхөөр барилддаг байсан. Тэгээд нурууны бэртэл аваад спортоо орхиж байлаа. 
    -Ууланд алхах зүрхэнд бас сайн гэх юм?
    -Байнга ачаалал ихтэй явдгаас болоод энгийн хүний зүрхнээс арай томорсон байдаг юм шиг байгаан. Байнга өндөр ууланд гардаг элит уулчдын зүрх ачааллаа нэхдэг  болчихдог. Их өндөр ачаалал авна, агаар сийрэг бүст явсаар хэвийн хүнийхээс хамаагүй томорсон байдаг учир элит уулчид гэдэг юм гэсэн.
    -Зүрх нь муу хүн ууланд гарсан тохиолдол мэдэх үү? 
    -Ноднин манай нэг багийн гишүүн ямар ч байсан 4000 метр өндөр ууланд гарчихсан. Эмч нэлээн муугаар хэлж байсан юм билээ. Өөрөө зориглоод явсан, ямар ч асуудалгүй гараад ирсэн.
    -Өндөрлөг газарт, мөнх цаст ууланд ямар хоол хүнс зохимжтой вэ? 
    -Хоног хугацаанаасаа болно. Яг өндөрт явж байвал хялбар хооллохыг бодно. Цасан дээр нэг, хоёр хоног өнгөрөөх үед нөгөө борцоороо хоол хийнэ дээ. Борц ер нь хөнгөхөн, зай бага эзэлнэ. Монгол хүн чинь махсаг учраас махыг орлоно. Яг зориулалтын хоолнууд нь ч бий. Ууттай ирдэг. Дээр нь халуун ус хийж, найруулаад идчихдэг. Жаахан үнэтэй, манай нөхцөлд тэр болгон зардаггүй. Гадагшаа ууланд явахад манай уулчид авч явдаг. Ихэнх нь голоод байдаг. Монгол хүний аманд таарсан тийм хоол байвал зүгээр л байх. 
    -Усаа яах вэ? 
    -Цас хайлуулна. Байнга шинэ цас орчихдог. Хот шиг ямар утаа тортог байх биш. 

    -Өөрийнхөө амьдралыг уулгүйгээр төсөөлөх үү? 
    -Хэцүү л дээ. Явж байхдаа л бодно шүү дээ "Яах гэж ийшээ явав даа" гээд. Тухайн үедээ л тэгж бодохоос биш өнгөрснийх нь дараа маргаашийнхаа ажлыг бодоод л явах хэрэгтэй. Эсвэл бэлтгэл муутай бол “ахиухан бэлтгэл хийхгүй яав даа” гэж өөртөө харамсана.
    -Бэлтгэлийн тухай их ярьлаа. Уулчны бэлтгэл гэж яг ямар бэлтгэл байх вэ? Гүйх, харайх зааланд тоглохыг хэлээд байна уу?
    -Биеийн бэлтгэл л мэдээж чухал. Бид нарт бол Богд уул гээд нэг сайхан бааз байна. Тэнд чинь бол Монголын ихэнх уулчид бэлтгэл хийдэг. Цаг хараад дээшээ оргил дээр гараад бууж ирдэг. Хэн нэгэнтэй уралдахгүй, өөрийнхөө амжилтыг ахиулаад л явж байгаа. Замдаа амарсан бол амралтынхаа цагийг багасгах гэх мэтээр тэгээд л өөрийгөө бэлтгэнэ дээ. Бэлтгэлийнхээ тоог нэмнэ. Долоо хоногт хоёр байсан бол гурав болгодог ч юмуу. Ууж, идэх дээрээ анхаарна. Тэрнээс гадна багаж хэрэгслээ байнга ашиглана. Үгүй бол мартагддаг. Олс зангидах арга гэхэд нэг удаа зангидаж чаддаг байсан ч хэд хоногийн дараа мартагддаг. Байнга ашиглахгүй л бол. Тэгээд л нэг буруу зангидахад бүх юм дуусаа ш дээ. Тийм учраас тэр бүхнийг давтаж байх, нөгөө нэг бие махбодын рефлексээр хийдэг хэмжээнд хүргэх хэрэгтэй. 
    -Та өөрөө хэр хугацаанд бэлтгэл хийдэг вэ?
    -Нэг ууланд авирч ирээд формоо алдахгүй явдаг. Хэмнэлтэй болоод дараагийн уул хүртлээ тэрийгээ алдахгүй байх хэрэгтэй. Ууж, идэхээ хянаад, бэлтгэлээ таслахгүй байх хэрэгтэй. Тэгвэл дахиад авирахад зовлон багатай шүү дээ. Хүн авч явах хүн чинь өөрөө чирэгдээд явбал хэцүү. Хэн нэгнийх нь бие муудсан тохиодолд ядаж үүрээд явах ч юмуу. Бусдаасаа илүү байж л багийг авч явдаг. Өөрөө дунд нь ороод чирэгдээд байвал зүгээр л зам мэддэг хүн болно.
    -Дэлхийн хамгийн том уулын спортын тэмцээн хаана болдог вэ? 
    -Хүмүүс уулын спорт гэж яриад байдаг юм. Би бол спорт гэж боддоггүй. Спорт гэдэг бүгдээрээ тойрч суугаад үзэгчид үзээд сууна. Ууланд бол үзэгч байхгүй, өрсөлдөгч байхгүй. Тэгэхээрээ спорт биш байгаа биз дээ. Хэрвээ хүмүүс үздэг, бид хоёрыг тэнд өрсөлдүүлээд хараад суудаг, чи ингээч тэгээч гээд араас орилолдоод байдаг бол спорт юм. Уул бол зүгээр хувь хүн өөртэйгээ л тэмцэлдэж байгаа зан үйл гэх нь хаашаа юм, яг оновчтой тодорхойлолт хэлж чадахгүй нь. Гэхдээ ямар ч байсан спорт биш гэдгийг хэлж чадна. Одоо уулнаас чинь спорт авиралт, мөсөнд авиралт, хаданд авиралт гээд эхнээсээ олимпт орж эхэлж байна. Хананд авиралтын тэмцээн чинь Токиогийн олимпт орчихлоо. Дараагийн өвлийн олимпт мөсөнд авиралтын тэмцээн нь яригдаж байна. Ингээд олимпийн төрөлд орчихоор  хөгжөөд байдаг юм. Тэнд хэрэглэж байгаа арга техникийг ууланд явахад хэрэглэж, ашигладаг. 
    -Сонирхолтой ярилцсанд баярлалаа. Цаашид улам өндөр уулс оргилыг эзэгнэн Монголын тугаа мандуулаарай та.
    -Заа баярлалаа 

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан