Оксана Панченко: Нэг сарын дотор 2000 монгол найзтай болсон

    Аавыгаа дагаж Монголд ирээд хүүхэд насаа Улаанбаатарын Орос III сургуульд суралцаж өнгөрөөсөн хүүхэлдэй урлаач Оксана Панченко. Тэрбээр сүүлийн үед дэлхийд алдарших болсон хүннү рок “Хү” хамтлагийн хүүхэлдэйг хийсэн. Гэхдээ бүр дэлхийд алдаршихаас нь өмнө шүү. Тэр хүүхэлдэйнүүд, монгол ахуй онцлогийг тусгасан бүтээлүүд нь эрхгүй анхаарал татна. Түүний хүүхэлдэйн урлангийн  этгээд ертөнцийг фэйсбүүкээр дамжуулан сонирхож ярилцлаа.

    -“Interview” сэтгүүлд ярилцлага өгч байгаад баярлалаа. Манай монголчууд таныг “Хү” хамтлагийн хүүхэлдэй урласан гэдгээр мэдэх байх. Гэхдээ өөрийнхөө тухай товч танилцуулж болох уу?
    -Би бүх амьдралынхаа туршид хүүхэлдэй хийж байна. Сүүлийн арван жилд нөхрийн хамтаар мэргэжлийн түвшинд хийх болсон. Москвад хүүхэлдэйний урлангаа байгуулсан. 
    -Таны нэг ярилцлагаас Монголд өнгөрүүлсэн хүүхэд ахуй цагийн дурсамжийг уншсан. Туул голын гүүр, сургуулийнхаа талбай, уулнаас бууж ирдэг буга, Улаанбаатар хотын музейнүүдийг санаж явдгаа ярьсан байсан? Хамгийн тод үлдсэн дурсамж байна уу?
    -Хамгийн их тод үлдсэн нь Монголын нэг өдөр зураг. Маш ихийг өгүүлсэн тэр зураг миний өрөөний хананд байдаг байсан. Зурган дээрх хүмүүсийг хараад янз бүрийн түүх зохиож төсөөлдөг байлаа. Хэдийгээр бага балчир байсан ч Монголын байгаль, Улаанбаатарт амьдарч байсан тухай маш тод дурсамжууд үлдсэн. Тэр бүхнийг би бүтээлдээ тусгадаг. 
    -Таны хүүхэлдэйнүүд, тухайлбал Леночка гээд хүүхэлдэй хүмүүсийн сэтгэл санааг засдаг гэсэн. Ямар ямар хүүхэлдэй хийдэг вэ?
    -Хүүхэлдэй бол дотроо их олон төрөлтэй бас өөр зориулалттай. Хүүхдэд зориулсан тоглоомын хүүхэлдэй байдаг бол зөвхөн цуглуулганд зориулсан хүүхэлдэй ч байна. “Хү” хамтлагийн хүүхэлдэйнүүд, сүүлд бидний хийж эхэлсэн “Тэгш ертөнц” хүүхэлдэйн цуглуулга нь тоглоход биш харин цуглуулах зориулалтынх юм. Леночка хүүхэлдэйн нь сэтгэл зүйн чанартай. Насанд хүрэгчид өөртөө туслахад, хүүхэд насандаа шархалсан сэтгэлээ засахад зориулагдсан. Жишээлбэл бага насанд хайр халамж хүртэлгүй өссөн хүүхэд насанд хүрээд хангалттай үүрэг хариуцлага хүлээж чаддаггүй. Хүний амьдралд хүнд хэцүү үе, сэтгэл зүрх урагдаж гэмтэх үе маш их байдаг. Бид насанд хүрсэн тул хүчтэй сэтгэлийн тэнхээ тэвчээртэй болсон гэж боддог. Гэтэл бага насны сэтгэлийн шарх нь хүний өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлдөг.  
    Тэгэхээр иймэрхүү сэтгэл заслын хүүхэлдэйнүүд бидэнд асуудлаа шийдэх, бүтээлч авьяасаа нээж олоход тусалдаг. Манайх хүмүүст хүүхэлдэй хийхийг заадаг. Хүүхэлдэй бүтээх явцдаа хүн өөртэйгөө ажиллаж, өөрийгөө таньдаг. Хүүхэлдэй хийх нь хамгийн идэвхитэй, хамгийн тодорхой эерэг үр дүнтэй арга зам юм. 
    Хүүхэлдэй хийхэд хил хязгаар, хэл соёлын ялгаа гэж байхгүй. Манай сургалтанд АНУ-аас нэг эмэгтэй ирж суусан юм. Түүнд орчуулагч байгаагүй ч үр дүн нь оросуудаас огт ялгаагүй, сайн байсан. 
     

    -Та урлангийнхаа тухай бидэнд ярьж өгөөч? 
    -Нөхөр бид хоёр урлангаа байгуулаад арван жил болж байна. Эхлээд бид хүүхэд томчуудад зурах, оёх, баримал хийх хичээл заадаг байсан. Дараа нь өргөжиж, тогтмолжсон. “Oleloo” гэдэг нь Ханс Христиан Андерсены үлгэрийн баатрын нэр юм.  
    -Танайд хэдэн хүн ажилладаг вэ? Ажлаа яаж хуваарилдаг вэ?
    -Гэр бүлийн урлан. Андрей \нөхөр\ бид хоёр л ажиллуулдаг. Бид нарийн хуваарь гаргадагггүй. Би хүүхэлдэйгээ хийж харин Андрей мод, төмөр, арьсаар эд зүйлс хийдэг. Одооноос бид хоёр “Тэгш ертөнц” төсөл дээр хамтран ажиллахаар оролдож байна. Хоёр өөр эрх ашгийг нэг чигт нэгтгэх амаргүй л байна. 
    -Таны хүүхэлдэйнүүдийг ямар хүмүүс голдуу худалдан авдаг вэ?
    -Энгийн хүмүүсээс эхлээд цуглуулагчид гээд янз бүрийн хүмүүс худалдан авдаг даа. Хүүхдэд зориулсан тоглоомын хүүхэлдэй, эсвэл өндөр үнэтэй хөрөг хүүхэлдэйнүүдийг их авдаг. Хөрөг хүүхэлдэй хийх процесс цаг хугацаа ур чадвар их шаарддаг. Тухайн хүний бүх деталийг тусгаж өгдөг учир тэр байх. Үс бүрийг нь ширхэг ширхгээр нь суулгадаг бид. Түүнээ дагаад үнэ өндөр байдаг. Ямар нэг тэмдэглэлт өдрүүд, баяр ёслол зориулж хүүхэлдэй их авдаг. Бас алдартай хүмүүсийн дүрээр хийсэн хүүхэлдэйг билгэддэг. Бид Путины хүүхэлдэйг хийж байсан шүү. \инээв\. 
     

    -Нэг хүүхэлдэйг хийхэд тэгээд хэдий хэр цаг зарцуулах вэ?
    -Хүүхэлдэй бүр янз янз. Хөрөг хүүхэлдэйг бол гурван долоо хоногоос хэдэн сарын хугацаанд хийнэ. Санаа улам баяжаад, онгод бадраад байвал ажил хурдан ахидаг. Гэтэл гурван жил хийсэн хүүхэлдэй ч байна даа. 
    -Таны бүтээлүүдийг ажихад голдуу үлгэр домог туульсын сэдэв баатруудаар хүүхэлдэй хийсэн байх юм. Яагаад ийм сэдвийг сонгодог юм?
    -Би бараг хэвлэгдэж гарсан бүх үлгэр домгийг уншсан байх. Гэхдээ одоо бол ямар нэг үлгэр домгийн сэдвийг бүтээлдээ тусгахаа больсон. Санаа өөрөө гэнэт төрдөг болсон. Зураач хүн зурж эхлэхээр өөр ертөнцийг харж эхэлдэг юм шиг. Тэр ертөнцөд өөр дүрүүд амьдардаг. Ажиллах үедээ би сүрхий айхтар бодож төлөвлөдөггүй. Зүгээр хэсэг зуурмаг аваад хийж эхлэхээр шинэ дүр, шинэ түүх намтар нь төрдөг. Миний үүрэг бол зүгээр л хүүхэлдэйг аль болох сайн хийх. Хийснийхээ дараа хүүхэлдэйнээсээ чи хэн бэ? Ямар намтартай вэ? гэж асуудаг. Ийм маягаар л “тэгш ертөнц” цуглуулга маань мэндэлсэн дээ. Зохиолчийн оюунд шинэ дүрүүд мэндэлж өөрийн намтрыг ярьж эхэлдэг шиг миний хийсэн хүүхэлдэйнүүд өөрөө орж ирдэг. 
    -Таны хийсэн “Чингис хааны үр сад”, “Бага Орд” хүүхэлдэйн цуглуулгууд худалдан авагчаа олсон уу? “Хү” хамтлагийн хүүхэлдэйнүүдийг авах хүсэлтэй олон хүн байгаа биз ээ.
    -Одоогоор хэн ч аваагүй л байна. Авах санал тавьсан хүмүүс бол байсан. Гэхдээ би их онцгой анхаарч үзүүлээгүй ээ. Зөвхөн фэйсбүүктээ зураг тавьсан. Яагаад ч юм монголчууд мэдчихсэн байсан. Тэгээд гайхалтай зүйл болж ганцхан сарын дотор фэйсбүүктээ хоёр мянган монгол найзтай болсон. Монголчуудтай холбоогоо сэргээсэн нь миний хувьд хамгийн үнэлж баршгүй бэлэг болсон. Хүүхэлдэйгээ худалдсанаас хамаагүй илүү харьцуулшгүй үнэ цэнтэй. Монгол орон холбогдох болсон үйлийн үрийг тайлбарлаж чадахгүй нь. Гэхдээ дотоод сэтгэлийн холбоо байгааг бол би сайн мэдэрдэг.  
    -“Хү” хамтлагийн хүүхэлдэйнүүдийг та хэр хугацаанд хийж дуусгасан бэ?
    -Хоёр долоо хоног зарцуулсан байх аа. Хийж байхдаа маш эерэг мэдрэмжүүд авсан болохоор нэг их удаагүй. Сонирхлоо дагаад л хийсэн болохоос ажил гэж бодоогүй учир тэр байх. Цахилгаан гитар нь жинхнээсээ ялгаагүй. Хүүхэлдэйн биеийн хэсгүүдийг хөдөлгөж болдог. Тоглож бас болно. /хүүхэлдэйг барьж/
    -Монголын сэдэвтэй хүүхэлдэйнүүд хийдэг таны учир шалтгаан манай сэтгүүлийн уншигчдад сонирхолтой байх?
    -Зүүдэндээ би монголчуудыг хардаг. Тэгээд харснаа хүүхэлдэй болгох нь миний хувьд сэтгэлийн амар амгалан гэх үү дээ. Монгол орноос яваад удаж байгаач өнөөг хүртэл зүүдэлсээр байгаа.
     

    -Арван жилийн хугацаанд олон хүүхэлдэй хийсэн байхаа. Та тоолж үзсэн үү?
    -Яг тодорхой тоог үнэхээр хэлж мэдэхгүй нь. Тоолж байгаагүй болохоор. Зөвхөн хөрөг хүүхэлдэй гэхэд 50 гаруй байгаа. Бид голдуу хүүхэлдэйн коллекц гаргадаг. Дараа нь үзэсгэлэнгүүдэд тавьдаг. Цаашдаа бол өөрсдийн жижиг музей юмуу галлерейтэй болоод хүүхэлдэйнүүдээ үзүүлэх зорилготой байгаа. 
    -Таны мөрөөдөл биелэх болтугай. Уран бүтээлийн амжилт хүсье.
    -Баярлалаа.Танд ч бас.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан