Г.Түвшин: Биднээс өмнөх үеийнхэнд байгаагүй боломж бол интернэт

    #interview > экспресс

    Сайн байна уу. Та ямар мэргэжлээр суралцаж байгаа вэ? 
    - Би яг одоо "Ойрхи Дорнодын түүх археологи" гэдэг чиглэлээр, "Классик түүх" гэдэг мэргэшлийг нарийвчлан судалж байгаа. 

    - Классик түүх гэхээрээ юу гэсэн үг вэ? 
    - "Classic history" гэдэг нь бас их сонин ойлголт шүү. Энд сонгодог түүх гэдэг хичээлээр Европын түүх, тэр тусмаа Ромын түүх их орж ирнэ л дээ. Германчууд чинь өөрсдийгөө Ромын эзэнт гүрний залгамж халаа гэж үздэг.  Яагаад гэвэл Ромын эзэнт гүрэн өөрөө бүргэдийг символ буюу бэлгэ тэмдгээ болгож ирсэн бол Герман бас түүнийг нь өвлөөд авсан байх жишээтэй. Тийм болохоор Германд түүх судлахад түүхийн анги Ромын түүх дээр ихэвчлэн тулгуурлаж явдаг.
     
    - Хэзээ сургуулиа төгсөх билээ? 
    - Одоо гурван жил байна даа. Би өмнө нь хуулийн чиглэлээр сурч байгаад ангиа сольсон. Германд хуульч, эмчийн сургалтын систем нь арай өөрөөр явагддаг. Жишээлбэл, бакалаврын зэрэг гэсэн ойлголт байдаггүй. Сурах дундаж хугацаа нь зургаан жил. Олон жил сурсны эцэст манайх шиг диплом гэж авахгүй, "гэрчилгээ" маягийн юм авна. Түүн дээр байх дүн нь ердөө төгсөлтийн шалгалтын л дүн байдаг. Өөрөөр хэлбэл чиний зургаан жил сурах явцдаа авч байсан дүн ердөө хамаагүй. Шалгалтууд өгөөд л тэр шалгалтууддаа тэнцээд л явах ёстой гэсэн үг. 

    - Мэргэжлийн хуульчийн шалгалт, эмчийн шалгалт гэсэн үг юм байна, тийм үү? Хуулийн сургууль төгслөө гээд хуульч болчихож байна гэсэн үг биш гэсэн үг байна шүү дээ?
    - Яг тийм. Ер нь бол Германы боловсролын систем дэлхийд дээгүүр ордог, сонгодог систем гэж үнэлэгддэг. 

    - Монгол залуучууд яагаад Германд сурахаар энэ улсыг зориод байна вэ? 
    - Бусад залуучууд яагаад сонгодгийг шууд хэлж мэдэхгүй юм аа. Миний хувьд гэвэл гэр бүлийн шалтгаантай. Манай авга эгч, аавын маань хамгийн бага дүү бас нэг дүү нь буюу авга ах маань энд амьдарч байна. Тэгээд л ах эгчийгээ бараадаад гэх юм уу даа. Дээр нь бас Герман сургалтын төлбөргүй учраас Америк гэх мэтчилэн өөр улсад очоод жилийн 20-30 мянган доллар төлөөд суралцах боломжгүй залуучууд Германы боломжийг ашиглахаар ирцгээдэг гэж хэлж болно. Энэ нь бас нэлээн том хүчин зүйл болдог байх. 

    - Германы их дээд сургуульд элсэн суралцахад монгол хүүхдүүдэд ямар шаардлага тавигддаг юм бол? 
    - Мэдээж хэлний шаардлага тавигдана. Бас Монголдоо 12 жил сургуульд сурсан байх шаардлагатай. Одоо ахлах сургуулиа төгсөөд шууд орж болдог болсон эсэхийг мэдэхгүй байна. Миний хувьд 11-р ангиа дүүргээд их сургуульд нэг жил суралцаж байгаад ирж сурсан. Гэхдээ их сургуульд хоёрхон семестр сурсан учраас ирсэн хойноо их сургуулийн өмнөх бэлтгэл анги гэх юм уу, "studencolleg" гэж коллеж маягийн сургуульд сууж байсан. 

    - Герман хэл ер нь их хэцүү дээ. Залуучууд хэлээ сайжруулах зорилгоор бүр герман охидуудтай үерхдэг гэж сонссон?
    - Аан, тиймэрхүү юм байдаг шүү. 

    - Монгол эмэгтэйчүүд герман эрчүүдтэй суусан тохиолдол олон байдаг шүү дээ. Тэгвэл монгол эрэгтэй хүн герман эмэгтэйтэй гэр бүл болох зүйл байдаг юм уу? 

    - Тийм гэр бүл харьцангуй цөөхөн. Би энд ирснээсээ хойш тийм гэр бүл гарын таван хуруунд багтахтай үгүйтэйг л үзсэн дээ. Бараг л байхгүй. Маш ховор. Манай авга эгч бас герман нөхөртэй шүү дээ. Манай тэр эгч ярьдаг юм, монгол эрчүүд маш үндсэрхэг үзэлтэй, гадаад эмэгтэйтэй гэр бүл болно гэсэн бодол толгойд нь ордоггүй юм шиг байгаа юм, нэгдүгээрт. Хоёрдугаарт, манай монгол эмэгтэйчүүд шиг халамжтай эмэгтэйчүүд тэр болгон таардаггүй. Эхнэр нь том компанид өндөр албан тушаал хашдаг, нөхөр нь гэртээ хүүхдээ хараад байж байдаг гэр бүлийг Германд бишгүйдээ л нэг харлаа. Монгол эр хүний хувьд үүнийг хүндээр хүлээж авч байгаа юм л даа. Миний сонсох нь ээ, Монголд ч гэсэн эхнэр нөхөр хоёр байрныхаа мөнгийг яг 50, 50 хувиар нь хуваагаад төлөөд явдаг гэр бүлүүд мэр сэр байдаг болсон гэсэн. Энэ бол барууны соёлын нөлөөний л нэг үр дүн гэж хараад байгаа юм. Тийм байж болохгүй гэсэн үг биш л дээ. Мэдээж бие биедээ тусалж, хамжиж дэмжээд явах зүйл байлгүй л яахав. Гэхдээ яг 50, 50 хувь гэдэг бол хэтэрхий. 

    - Би нэг сонирхолтой зүйл уншиж байж билээ, Германаас бусад орнууд дундаас хүн амынхаа тоотой харьцуулахад хамгийн олон хүн Германаар ярьдаг улс нь Монгол гэж. 
    - Тийм үү, сонирхолтой юм. 

    - Эргээд Германд хамгийн олон монгол судлаач эрдэмтэд байдаг юм байна. Монгол-Германы соёлын харилцааны энэ онцлог цаанаа ямар учиртай байдаг юм бол? Түүх судалж байгаа хүний хувьд хариулаач. 
    - Монгол судлаач олон байдаг гэдгийг ойлгож болж байна. Ерөнхийдөө яахав түүх судлалынхаа талаар бол 1871 онд Германы 2-р рэйх гэж байдаг. Германы эзэнт гүрэн байгуулагдаад Отто фон Бисмарк канцлер байсан. Тэр хүн маань Германд цоо шинэ үндсэн хууль, шинэ засаглалын системийг бий болгоод тэрнийхээ дүнд Герман улс тухайн үедээ бусад улс орноос үсрэнгүй хөгжсөн байдаг. Тэр үсрэнгүй хөгжлийнхөө үр дүнд нь Герман хэтэрхий хүчтэй болоод дэлхийн нэгдүгээр дайныг өдөөсөн байдаг. Ингэж ярьвал овилгогүй хэрэг болох байх л даа. Гэхдээ Германы хаан бол цэрэг зэвсгийнхээ хүчийг үзмээр санагдсан учраас дайн өдөөсөн гэж ярьдаг нь оргүй хоосон зүйл биш. Тухайн үед Герман улс зөвхөн цэрэг зэвсгийн хувьд ч биш, мундаг эдийн засагтай болоод ирэнгүүтээ дэлхийг судлах судалгаа, шинжлэх ухааны ажлууд руу ханцуй шамалж орсон байдаг. Жишээлбэл миний сурч байгаа энэ ойрхи дорнодын судалгаанууд ч 1871 оноос хойш эхтэй судалгаанууд байдаг. Ойрхи Дорнодыг судалсан судалгааны 80 хувь нь Германых байдаг. Ялангуяа дэлхийн 2-р дайн хүртэлх үе. 

    - За нутгаа санаж байна уу? 
    - Би ч жил болгон Монголдоо очоод байгаа. Гэхдээ өнгөрсөн зун л алгасчихлаа. Алгассан жил болохоор аймаар их санаж байна аа. 

    - Эх нутгаасаа юуг нь хамгийн их санадаг юм бэ?
    - Уул усаа л их санадаг даа. Энэ жил би анх удаа л "Хангай ханыхаа өвөрт очиж хэвтэх юмсан" гэж бодож санаж, бэтгэрлээ. 

    - За эх оронч дүү нартаа захиж хэлэх зүйлс юу байна даа? Хамгийн чухал гурван зүйлийг зөвлөөч. 


     

    Манайхны гаргадаг гол алдаа нь "би ганцаараа ингэлээ гээд бүгд өөрчлөгдөх биш" гэж боддогт байдаг.

    - Миний нэг дутагдал байдаг л даа. Юмыг товч тодорхой ярьж чаддаггүй. Захих юм гэвэл зөндөө л байна. Гэхдээ нэг зүйлийг хамгийн эхэнд хэлчихье гэж бодож байна. Биднээс өмнөх ямар ч үеийнхэнд байгаагүй боломж манай үеийнхэнд байгаа нь интернэт. Интернэт гэдэг зүйлийг зөв, үр бүтээлтэйгээр ашиглаж чадах юм бол интернэтэд бүх юм байдаг. Өнөөдөр хувийн багш аваад маш их мөнгө төлөөд, давтлага аваад, секц дугуйланд яваад байх шаардлагагүйгээр интернэт ашиглаад юуг ч сурах боломжтой болсон байна. Энэ боломжоо зөв ашиглаад хувь хүний хөгжил тал дээрээ анхаараасай гэж хэлмээр байна.  
    Хоёрдугаарт гэвэл, манай Монгол улс бусад улсыг хөгжлөөрөө гүйцэхээр мундаг болчихоогүй байна л даа. Гэхдээ хүн болгон өөрийнхөө хэмжээнд хувь нэмрээ оруулаад явчихвал болно гэж би боддог. Жишээ нь замын түгжрээ гээд нэг асуудал байхад хүн бүр л замын хөдөлгөөний дүрмээ сахидаг болчихвол замын түгжрэл багасна. Хүн болгон тийм болно гэж байхгүй ч гэсэн олонх нь тийм болчих юм бол манай монголчууд чинь аягүй нэрээ боддог хүмүүс шүүдээ. Тийм биш хүмүүс нь ядаж л "хүн муу хэлнэ, яршиг" гээд хичээгээд эхэлнэ гэж бодож байна. Дор бүрнээ биеэ хичээгээд явчихвал болно доо. 

    Би хүмүүстэй ярих яриан дундаа оруулаад хэлчихдэг л юм. Та нар юу ч худалдаж авсан бай Монгол Улсад татвар төлөх л юм хийгээрэй гэж. 
    Гуравдугаарт, үндэснийхээ түүх соёлыг сайн судалж мэдэж аваарай. Монголд энэ тухай бодохгүй амьдардаг байж болох л юм. Гэхдээ гадаад улсад явахад "чи хаанаас ирсэн, хэн юм бэ" гэдэг асуулт тавигддаг. Хүн хоёр эмээ, хоёр өвөөтэй байдаг байхад тэр дөрвөн хүн дөрвүүлээ дөрвөн өөр улсын хүн байдаг ийм хүнийг би танина. Нэг талаасаа амьдрал нь утга учир багатай юм шиг санагдсан. Өөрөө Монгол, Хорват эсвэл Герман юм уу гэдгээ хэлж чадахгүй байна гэсэн үг шүү дээ. Тэр хүний зорилго нь мэргэжлээрээ амжилтанд хүрэх, нэг сайхан гэр бүлтэй болох, тэгээд л болоо. Гэтэл би бол дэргэд нь арай өөр байгаа юм шиг санагддаг. Хайрлах эрхэмлэх эх оронтой, үндэсний зан заншил нь дэлхийд гайхагдахаар оюун санааны ертөнц байдаг. 
    - Монголдоо ирээд юу хийх төлөвлөгөөтэй байна вэ? 
    -Хоёр юм байна. Ямар ч байсан Монголынхоо болоод дэлхийн түүх судлалд өөрийнхөө хувь нэмрийг оруулахыг хүсдэг. Нөгөө нь гэвэл бизнесийн салбарт хүч үзэх, бизнес дундаа бүтээгдэхүүн үйлчилгээ үйлдвэрлэдэг, баялаг бүтээдэг тийм зүйл хийхийг бодож явдаг. Тэгвэл Монгол Улсын хөгжилд их түлхэц болно гэж боддог. Угаасаа үндэстэн бол үйлдвэрлэгч байж л өндөр хөгжинө үү гэхээс хэрэглэгч байсаар байгаад хөгжилд хүрсэн улс орон гэж байдаггүй шүү дээ. 
    - Ярилцсанд баярлалаа. 
     

    Гантулгын Түвшин
    • 1995 онд Улаанбаатар хотод төрсөн
    • Улаанбаатар -Монтурк сургууль төгссөн
    • Орос, Англи, Герман хэлтэй
    • University Frankfurt am Main их сургуульд түүхч, археологич мэргэжлээр суралцдаг

                                                                                                                                                                         Tuvshin Photography

    Бурхан та Улаанбаатарын утааг арилгаж чадахгүй л байна уу

Сэтгэгдлүүд : 2

  • Ebe

    Сайхан залуу байна даа. Залуусын тухай уншууштай ярилцлага хийсэн танай хамт олонд эрхий хуруу :-)

  • zochin

    Амжилт ! Шинэ үеийнхэн арай өөр харагдаад байгаа шүү :)

Сэтгэгдэл оруулах

урлан