П.АНУЖИН: ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД ХЭН НЭГНИЙ ХЭЛСЭН САЙХАН ҮГ ТАТААД Л БОСГОДОГ

    МАНАЙ ЭНЭ УДААГИЙН ЗОЧНООР “МОНГОЛ ТУЛГАТНЫ 100 ЭРХЭМ”, “МОНГАЛ ТОВЧООН” ТӨСЛҮҮДИЙН САНААЧЛАГЧ, ОЛНЫ АНХААРЛЫН ТӨВД ЯВДАГ, СОНИРХОЛТОЙ ХАТАГТАЙ П.АНУЖИН УРИГДЛАА.

    -Хамгийн сүүлд уулзаж ярилцсанаас хойш гурван жил өнгөрчээ. Сонгуулийн улайрсан хүнд үе, таны амьдралд тохиолдсон сонирхолтой, ээдрээтэй үйл явдлын дунд бид уулзаж байсан. Тэр явдлын дараа таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ. Нам гүмийг сонгов уу гэлтэй та алга болсон. Хоёулаа энэ асуултаар ярилцлагаа эхлэх үү?

    -Нээрээ гурван жил өнгөрчихөж. Би яагаад ч юм ярилцлагад дургүй болчихжээ. Яагаад гэвэл өөрөө хүнтэй ярилцдаг ажил хийгээд байгаа болохоор тэрний цаадах нарийн зүйлүүдийг мэдэрдэг, мэддэг болчихоод байна. Тийм болохоор надтай ярилцах гэж байгаа, би өөрөө ярилцах гэж байгаа хүн ямар сэтгэл агуулж байгаа бол, цаанаа юу мэдэрч, юуг хүсч надтай ярьж байгаа бол гэсэн түмэн зүйлийг бясалгадаг болчихдог юм байна. Тийм учраас хүмүүстэй ярихаас дөлж зугтаадаг болжээ. Ганаатайгаа тэр шуурган дунд ярилцаж байсан маань өнөөдрийг хүртэлх миний хэвлэлд өгсөн сүүлийн ярилцлага байсан байна. Энэ удаа ахин уулзаж байгаадаа баяртай байна. Хүнд ярилцлага өгнө гэдэг өнгөц хэлбэл асар их итгэл юм шиг байгаа юм. Итгэл байдаг юм уу, итгэлцэл байдаг юм уу. Бүүр цаашаа гүн бодохоор их нарийн мэдрэмжүүд нийлж байж, тэр мэдрэмжүүд өөрт аятай таатай сэтгэгдэл төрүүлж байж ам нээдэг цаг болчихсон юм уу гэж бодож байна. Тэр ч талаасаа тантай ярихад бол хоёр бодолгүй, нэг л тийм дулаан байдаг. Зүгээр л нэг найзтайгаа хүүрнэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг л дөө. Тэгээд бас нэг зүйлийг хэлэхэд яг тэр хүнд үед надаас ярилцлага ч авч байсан. Дараа нь тэр нэг айхтар бичлэг ид цацагдаж байх үеийн орой нь Ганаагийн UBS телевизэд өгсөн ярилцлагыг үзэж байсан. Их л баярлаж талархаж байсан. Ер нь хүнд үед хэн нэгний илгээсэн ганц сайхан үг л татаад босгодог юм билээ.

    -Үнэхээр хэцүү дуулиан шуугиан таныг ороож байсан. Улс төрийн өрсөлдөөн, тэрийг тойрсон үйл явцууд хатуу, хайр найргүй л дээ?

    -Үнэндээ бол эрчүүдийн хатуу тулаанд орж явсан, нэг тийм зангарагтай, эрчүүдийн яваа ертөнцөд өөрийн ул мөрийг гүн үлдээж, ноён нуруутай үлдсэн цөөн эмэгтэйчүүд намайг дэмжиж байсан байдаг юм билээ. Эргээд харахад тэр нь надад цаг хугацааны явцад их чухал зүйлийг ойлгуулсан.  Тэдгээр эмэгтэйчүүдэд би маш их талархаж явдаг.

     

    -Олонхийн сэтгэлзүй юуг хэлдэг вэ гэхээр “Эмэгтэйчүүд л эмэгтэйчүүдээ дэгээдэж унагааж байдаг. Эмэгтэй нэр дэвшигчдэд эмэгтэй сонгогч саналаа өгдөггүй” гэсэн ойлголт их явдаг. Гэтэл би хувьдаа өөрийн архиваа судлахад эмэгтэй хүнийг хатуу шүүмжилсэн нь цөөхөн байдаг. Том сонины соёл гэдэг зүйл ч хүнийг бойжуулдаг байх. Танд ч гэсэн саналаа өгсөн хүмүүсийн өндөр хувь нь эмэгтэйчүүд байсан гэж ажигласан.

    -Яг үнэн. Та маш чухал зүйлийг анзаарсан байна. Яг сонгогчийн хэчнээн хувь нь эмэгтэй байв гэдэг талаар, сонгуульд болдог нарийн зүйлсүүд дуусчихаар яригддаггүй. Хэн ялсан, ялагдаагүй гэсэн хатуу хууль үйлчилдэг. Гэтэл үүний цаана маш олон зүйлийг харж болохоор байдаг. Хүмүүсийн ойлголтод тогтсон тэр зүйлийг би хувьдаа үгүй юм байна аа гэдгийг бодитоор харсан. Тэр хариу бол сая таны хэлсэн зүйл. Би хамгийн их сонгогчтой дүүрэгт нэр дэвшсэн. Тэдний нэлээд өндөр хувь нь өрх толгойлсон, амьдралаа өөрөө авч явдаг эхчүүд байсан. Надад санал өгсөн 8000 гаруй сонгогчийн дийлэнх хувь нь эмэгтэйчүүд байсан. Энэ бол эмэгтэй хүн эмэгтэй хүнээ унагадаг, дэмждэггүй гэдгийг няцаасан, яг хөрсөн дээрх бодит хариу юм. Өөрөө туулж үзсэн, өөрийгөө бүтээсэн тийм хүчирхэг эмэгтэйчүүдийн нэр хүндтэй төлөөллүүд намайг бас дэмжсэн. Эмэгтэй хүн бол өгөөмөр байдаг. Эргээд харахад олон жилийн дараа миний явсан замаар бас нэг залуу эмэгтэй бэдэрч, бүдэрч явахад энэ хэд шигээ л би эргэж харж байх юм шүү гэдэг тэр чухал зүйлийг та нар надад өгсөн.

     

    -МАН-аас сонгуулийн өмнө хийгдсэн судалгаанууд дээр таны нэр дээгүүр гарч ирж байсан. Мэдээж таны хийж байсан ажлууд, олон түмний анхаарлын төвд байсан байдал нөлөөлсөн байх. За, тэгээд нэр дэвших болжээ. Улс төрд эмэгтэйчүүдийн цөөхөн нь тодорхой амжилтад хүрч, дээд давхаргад гарч ирдэг. Тэдний түүхийг үзэхэд нэг тийм эрхэлж явсан замналууд байдаг. Би тэр тойргийг авна, би тийм яам явна гээд эрхлээд явчихдаг. Гэтэл танд аль ч утгаараа хамгийн хэцүү тойргийг өгөхөд яагаад зөвшөөрсөн юм бэ. Эсэргүүцэж болоогүй юу. Эсвэл тухайн үеийн судалгааны дүн буюу дээгүүр явж байсан рейтингэд илүү итгэсэн үү?

    -Рейтингийг би огт тооцож бодоогүй. Миний сэтгэлийг хөдөлгөх хүчин зүйл ч болж чадаагүй. Бид нарын үед хэлдэг байсан хэлцээр бол нэг тийм комун зан л үйлчилсэн. Их л комун хүн өнөөдрийг хүртэл явж иржээ гэдгээ тэр сонгуулийн томилсон тойрогт яв гэхэд “за” гэж хэлсэн үеэс хардаг.

     

    -Гишүүний хувьд үүрэг хүлээнэ, яв гэсэн газар явна гэсэн зарчим бас бий л дээ?

    -Яг наадах чинь. Би тухайн үед МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн байсан. “Тэгээд ийм судалгаа байна. Та удирдах зөвлөлийн гишүүний хувьд нэг суудал аваад ирэх боломж харагдаж байна” гэж удаа дараа намын удирдлагууд тайлбарлаж хэлж байсан. Намын дарга хамгийн сүүлийн уулзалтад надад нэлээн хатуу үгийг хэлсэн учраас нээрээ би энэ олон зуун мянган хүний итгэлийг хүлээж удирдах зөвлөлд орчихоод, хувийн зүгээс олон шалтаг тоочиж үгүй гэж хэлэх эрх надад байхгүй юм байна. Тэгэхээр нам надад итгэл хүлээлгэлээ. Намын илгээсэн газар явна гэсэн сэтгэлээр л хүлээж авсан. Тойрогт очихдоо би “Намын илгээлтээр ирлээ” гэж хэлж байсан. Энэ үг маш их шүүмжийг дагуулж байсан. “Тэр Анужин чинь тойрог дээр очоод би илгээгдлээ гээд элий балай юм яриад байна” гээд. Яагаад энэ үгнээс болж шүүмжлээд буйн учрыг нь тухайн үед би олохгүй байсан. Харин дараа нь олсон. Учир нь илгээгддэг хүн ховор байдаг юм байна. Тойргийг чинь таны хэлснээр хөөцөлдөж, захиалж авдаг юм байна л даа. Тэр битгий хэл улстөрчид тойргоо “маллана” гэж ярьдаг юм билээ. Үүнийг та ч мэдэж байгаа, юуг нь нуух вэ. Би тэр тойргийг услаад байгаа гэж ярьдаг. Сонгогчид нь мал юм уу. Болж буй үйл явцыг харахаар үнэхээр л тэр хэлж ярьдгаар нь “малладаг” л юм байж л дээ. Тийм болохоор л маллах гэдэг үгийг хэрэглэдэг байж. Ард түмнээ маллаж, ядарч цангаж байгаа хүмүүсээ усламар болж байж тойрог авдаг гэдгийг хожим би ойлгосон. Яагаад тэр үгийг хэрэглэдэг гэдгийг нь. Миний хувьд намын залуу гишүүний хувьд намын өгсөн илгээлтийн дагуу илгээгдсэн тойрогт ажиллаж байна гэсэн сэтгэл дүүрэн байсан учраас би тэр үгээ хэлээд л явж байсан. Тиймээс тэр тойрогт би цэвэр хариуцлага үүрч явсан. Түүнээс биш рейтинг гэдгийг бодох ч юм надад байгаагүй.

     

    -Уучлаарай, би таны сэтгэлийн шархыг нэг бус зүйлээр хөндөж магадгүй шүү. Нэгэнт хоёулаа ярилцаж байна. Үүнийг олон зуун мянган хүн уншина. Хоёр эмэгтэй хүн ярилцаж байна. Хоёулаа нэг салбарт зүтгэдэг. Ойлгож байгаа биз дээ?

    -Ойлгож байгаа.

    -Ард түмний символ гэж нэг ойлголт байдаг. Түүний сайн муу, ямар баатар байх нь хамаагүй. С.Жавхлан симбол байсан. Зохиолын дууны ханхүү, ард түмэндээ хүндлэгддэг, амжилтаа хийчихсэн. Тэр хүнийг сонсдог масс нь ч тэнд байсан. Тийм хүнтэй тулгаад, таныг өрсөлдөөн рүү түлхчихсэн. Тэгээд араас чинь танай намын гишүүдээс хэн хэн очоо бол. Би бараг хүн очоогүй гэж боддог. Дэмжиж очвол дэмий шүү гэсэн занаа намын удирдах зөвлөл дотор явж байгааг сонсож л байсан. Юунаас болоод тань дээр танай намынхан очиж дэмжээгүй вэ. Дараа нь та тэд нарт зарчмын асуулт тавьсан уу. Гишүүний хувьд?

    -Би өмнөх асуултад нэмж хариулт өгье гэж бодож байна. Улс төрд орсон эмэгтэйчүүд ихэнх нь эрх замаар явдаг гэж та маш айхтар үг хэлсэн. Үүнийг хариултгүй үлдээж болохгүй. Миний ярьсан зүйл хэдэн хүний дургүйг хүргэж, хэчнээн хүн миний эсрэг босч ирэх бол гэдэг ёстой сонин биш байна. Надад өнөөдөр улс төр, нийгэм, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тухай эрүүл ойлголт, шулуун үнэнийг хэлэх нь хамгийн чухал. Надад санаа зовж айх юм алга. Би тэр эрх замаар нь яваагүй юм аа. Намайг улс төрийн хоёр намд холбоогүй эр хүн бараг байхгүй. Хэзээ нэг хэлэх эв нь таарах юм бол гэж бодож явлаа. Энд л хэлэх эв нь таарч байна. Би хэлье гэж боддог. Улс төрийн хоёр намын лидер эрчүүдтэй элдвийн өвөр түрийний асуудал байтугай, хоёулхнаа тусгайлаад хоол идэж байсан тохиолдол надад байдаггүй юм аа. Нэг удаа ч тийм зүйл болоогүй. Тийм зүйл байдаг бол, байна гэдгийг батлахыг оролдож байгаа бол би амьдралд байгаа бүх үнэт зүйлээ өгмөөр байна. Би ингэж л үнэнийхээ төлөө дэнчин тавьж өнөөдөр хэлж байна. Энэ бол аймшигтай зүйл. Эмэгтэй хүн улс төрийн намд амжилттай явахад хойно нь заавал эрх зам, эр хүний өмөг түшигт суурилсан зам, ивээн тэтгэгчтэй зам байдаг нь үнэн. Байхгүйгээр, байлгахгүйгээр явбал ийм байдаг юм аа гэдгийг үзсэн миний түүх бас нэг үнэн нь. Надад ямар нэгэн халхавч байсан бол, магад хэн нэгэнтэй нэг өдөр хоол идсэн бол би арай зөөлөн, дөт замыг туулах байсан болов уу гэж боддог. Миний түүхээс маш олон зүйлийн задаргааг харж болно. Эмэгтэй хүн яаж хэлмэгддэгийг, нөгөө талдаа эмэгтэй хүн яг ганцаараа, ганцын хүчээр явбал ямар байдгийг харъя гэвэл намайг хар. Би үүнийг өнөөдөр нүүр бардам, ам бардам хэлнэ. Хоёргүй сэтгэлээр, гурван хүүхдийн ээж хүний хувьд хэлье, улс төрийн түүхэнд хутгалдсан түүх маань ямар ч эр хүний холбоо сүлбээгүй шүү. Дэмжлэггүй байсан эмэгтэй хүний түүх юм шүү гэдгийг би энд үнэхээр хэлэхийг хүсч байна. Цаг нь ирсэнд баярлаж байна.

     

    -Намын удирдлагуудад яагаад нэг ч гишүүн очиж ажиллаагүй вэ гэдэг зарчмын асуулт та тавих эрхтэй. Тавьсан уу?

    -Би нэг ч тавиагүй. Нөгөө талдаа нөгөө хэд чинь тойрогтоо амь наана, там цаана юун тэрийг гэх манатай явдаг юм билээ. Тийм болохоор энэ асуудал дээр надад гомдоод байх сэтгэл үүсээгүй. Харин тэр талбарт өрсөлдөөд, үйлээ үзээд явж байхад надтай уулзахаар намын эмэгтэйчүүдийн байгууллага ирсэн. Намын нарийн бичгийн дарга эмэгтэй цэнхэр хадаг бариад, та яаж явна даа гээд ирсэн. Надтай уулзахаар хувиараа ирж бүлээн үгээ хэлсэн эмэгтэйчүүд бол тэд. Би үүнийг чамлахгүй. Тэр цагаас би эмэгтэй хүнийг улам их хайрлах болсон. Магадгүй миний амьдралд цөөн тооны, нэр бүхий надад дургүй эмэгтэйчүүд байж болно. Гэхдээ би өнөөдөр тэдгээр хүмүүсийг ч үгүйсгэдэггүй. Ер нь нарийн ширийний цаад талын эхлэх цэг нь эмэгтэй хүн байдаггүй. Би өөрөө эмэгтэй хүн учраас эмэгтэй хүнийг ойлгож байна. Эмэгтэй оршихуйг эзэлж төрсөн эмэгтэй хүний хувьд надад эмэгтэй хүнийг буруутгах сэтгэл байдаггүй. Хүнд хэцүүг үзэж туулж байсан ч тийм сэтгэл төрдөггүй. Надад ойлгох орон зай бий. Намайг эмэгтэйчүүд хайрлаж дэмжиж ирсэн. Би хоёр охинтой хүн. Би амьдралынхаа нарийн ширийнийг ээжтэйгээ л зөвлөдөг.

     

    -Намын эмэгтэйчүүдийн байгууллага очсон юм байна. Сайхан мэдээ байна. Эрчүүдийн хандлагыг нэг бус удаа харж байсан. “За, яахав ээ хэдэн хүүхэн уралцаад хэд нь гарч ирнэ л биз” гэж тоомсоргүй хэлцгээж байхыг сонсож байсан. Тодорхой багахан хувийн квотоор орж ирж буй хэдэн эмэгтэйгээ ингэж хэлдэг юм байна даа гэж дотроо бодоод өнгөрч байсан. Сонгуулийн дараа таныг удирдах зөвлөлөөс хасах шийдвэр гаргасан. Энэ ямар учиртай юм бэ?

    -Нам ялалт байгуулаад анхны удирдах зөвлөлийн хурал зарлагдсан. Намайг очиход энэ хурлыг тараад намын даргын өрөөнд Тлейхан, Анужин хоёр ирээрэй гэсэн. Тлейхан ах бид хоёр урд хойноо ороод алхацгаасан. Тэр үед манай намын дарга Их хурлын дарга болоод өрөөндөө шилжсэн байсан үе. Тэгээд ороход “Намын итгэлийг хүлээж чадалгүй тойрог алдсан учраас намын дүрмийн дагуу удирдах зөвлөлөөс өөрийг чинь чөлөөлж байна” гэж хэлсэн. Улс төрийн шийдвэр юм шиг байгаа юм.  Сэтгэл дотор хоёр, гурван зүйл бодогдож байсан. Одоо бодоход би хүүхэд шиг байжээ. “Би өөрөө сонгуульд явъя гээгүй шүү дээ. Тэгээд ч би ардын баатар шахам хүнтэй хүч үзсэн. Ардын баатар нь Монгол Улсын хэмжээнд хамгийн өндөр буюу 11 мянга гаруй хүний санал авч ялсан. Харин би бие тулгар эмэгтэй ганцаараа яваад найман мянга гаруй хүний саналыг энэ их хар, сөрөг пиар, энэ аймшигтай зүйлийн дунд нэг мөнгө, нэг төгрөг ч тараалгүй авсан минь ялагдал биш” гээд хэлмээр байсан ч хэлээгүй.  Намын дарга надад сонгуулийн дараа “Ялсан, ялагдсан гэдэг л ойлголт байдаг юм” гэсэн маш тодорхой бөгөөд товч хариулт өгсөн.

    -М.Энхболд даргад, өөрт нь ч гэсэн хэцүү байсан байх?

    -Хэцүү байсан. Яагаад гэвэл эмэгтэйчүүдийн квот гэж яригдаж байхад хамгийн их итгэл хүлээлгэж байсан гишүүний нэг би байсан юм шиг байгаа юм.

     

    -Хоёулаа илэн далангүй л ярилцъя. Түрүүчээсээ заримыг нь бичээд эхэлсэн байна лээ. М.Энхболд даргын тухайд улс төрийн дээд давхаргынхан дунд Анужингийн тээж яваа хүүхэд нь М.Энхболд даргын хүүхэд юм байна. Тэгээд л тойрог өгч, их хуралд оруулж ирэхээр явуулж байгаа гэнэ гэсэн яриа бас гарсан. Тэр нь ийм яриаг гаргасан гэж хэд хэдэн хүнийг хавчуулж, хэлмэгдүүлж өрнөсөн. Тийм зүйлийг та ер нь сонссон уу. Намын дарга сонгуулийн дараа ялагдал хүлээсэн гишүүдэд үүргийн дагуу хариуцлага тооцох ёстой байдаг, бас далдуур нэр холбосон байдаг. Ийм хоёр хашлага дотор л зогсож байсан байх?

    -Сонгуульд нэр дэвших үеэр хувийн болон хувьсгалын байдлаар намайг дэмжих хүн их байгаагүй байх. Тийм нөхцөлд бүхэл бүтэн том хүчний итгэлийг хүлээлгэж, УИХ-ын тойрогт нэр дэвшүүлнэ гэдэг бол тоглоом биш. Шийдвэрүүдээ гаргахдаа олон янзын судалгаа, ард түмний сэтгэлзүйн байдал, хувь хүний рейтинг гэх мэт хүчин зүйлс дээр тулгуурлаж гаргасан. Энэ судалгааг худлаа гэж олон хүн эсэргүүцсэн байдаг. Ийм тохиолдолд судалгаан дээрээ үндэслээд залуучуудаа, бас намайг дэмжсэнээсээ болж М.Энхболд дарга бид хоёрын нэр холбогдох үүсвэр тавигдсан байж болзошгүй.

     

    -Улс төрийн амьдралынх нь 30 жилд мань хүнийг эмэгтэй хүнтэй л холбож чадаагүй байх шүү.

    -Тэгэх тусам өөрөө илүү шударга сонголт хийхийг хүсч байсан байх. Би удирдлагад нь байсан хүний хувьд үүнийг хэлэх ёстой. Хүмүүс яаж ч ноолж ноцож байсан тэвчээртэй сонсож өнгөрөөдөг. Ямар ч сэтгэлийн хөдөлгөөн үзүүлдэггүй чанарыг нь олон залуус өөртөө авч төлөвшүүлмээр санагддаг. Заамдаад босоод авмаар юм болж байсан ч тайван байдлаа алдахгүй, эрүүл саруул ухаанаар аливаад хандана гэдэг чинь тэр юм билээ. Харин хувь хүнийхээ хувьд ямар алдаа оноотой хүн бэ гэдгийг би мэдэхгүй. Үүнийг он цаг л харуулах байх.

     

    -Тэр үеэр таны хөтөлж байсан нэвтрүүлгийн хар зургууд буюу бичлэгүүд задарсан. Түүнд намын даргыгаа, зарим гишүүдээ эс хүндэтгэдэг маягийн яриа цацагдсан. Мөн нэвтрүүлгийн зарим зочдоо маш хүнд байдалд оруулсан. Тухайлбал, Н.Энхбаяр. Ер нь камерын ард, үзэгчдэд хүрсэн зүйлийн ард олон зүйл үлддэг. Тэнд л сэтгүүлчийн итгэл байдаг. Итгэл даана гэдэг өөрөө том ачаа. 

    -Тэр монтаж хийгдэж, наана цаана нь оруулж, бужигнуулсан аймаар бичлэг задарч хөлд нь олон хүн хэлмэгдсэн. Миний хэлж ярьж байсны зарим хэсэг тэр дотор үнэнээрээ бий. Би бүгдийг нь монтаж гэж хэлэхгүй. Би Н.Энхбаяр даргатай олон өдрийн илэн далангүй яриа хийж байхдаа намын удирдах зөвлөлийн гишүүний хувьд улс төрийн байр сууриа солилцож байснаа үгүйсгэхгүй. Улс төрийн байр суурийн төлөө бидний хайрлаж хүндэлдэг хүмүүс хэрхэн яаж арчаагүйтэж байхыг хажуугаас нь харж, ой гутаж байсан бодлоо хуваалцаж байсан нь ч үнэн. Би үүнээсээ няцахгүй.

     

    -Бас л халуун байсан шүү. Хаанаас нь яаж ч тайлбарламаар юм. Тэр үед та намын удирдах зөвлөлийн гишүүн байсан шүү дээ?

    -Тийм юмыг үзчихээд би удирдах зөвлөлд нь сууж байхад М.Энхболд дарга тэр олон эсэргүүцлийг даагаад тархины, зүрхний ямар нэгэн хувийн бодол шингээхгүйгээр намын болоод олон хүний нэгдсэн эрх ашгийг зангидаж шийдвэр гаргаж байхыг нь харж байсан. Энэ чанар бол үнэхээр өнөөгийн олон залуусын өөртөө авч төлөвшүүлмээр чанар шүү.

     

    -Бас нэг зүйл байна. Экс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг таны хүүхдийн эцгээр тодруулсан байна билээ. Гэхдээ энэ хүмүүс юм дуугардаггүй. Ингүүлж байх ёстой, ингэх эрх чөлөөг нь бид өөрсдөө авч өгсөн юм гэж хэлдэг. Энэ дунд гэхдээ хүүхэд хавчуулагдаад байна. Том болоод хэдхэн жилийн дараа уншиж бичдэг болно. Ээж, аавынхаа түүхийг судална. Яг үнэндээ манай нийгмийн хийж байгаа хамгийн том бохир дарамт бол энэ. Ц.Элбэгдорж бол танай нэвтрүүлгийн нэг том зочин. Гэтэл ингээд зочинтой нь хутгаад хаячихсан. Үүнд та ч, Ц.Элбэгдорж ч дуугараагүй явж байгаа. Энэ яриаг та нэг тийш болгоод хариулж болох уу?

    -Ц.Элбэгдорж ерөнхийлөгчтэй би “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн ярилцлагыг авах гэж гарын 10 хуруу биш, гарын таван хуруунд багтах тоотой уулзсан хүн. Маш тодорхой уулзалтуудыг уран бүтээлийн багтай хамт уулзаж хийсэн.  Уран бүтээлийн багтай хамт яриа эхэлж, уран бүтээлийн багтай хамт яриа дуусч байсан.

     

    -Телевизийн ажлын гол ялгаа нь гэрчгүй юм гэж байдаггүй л дээ?

    -Та бол яг голыг нь олж хэллээ. Ц.Элбэгдорж гуайтай хэдний өдрийн хэдэн цагт уулзалт дууссан бэ гэдэг камерын өмнө бүгд бичигдсэн байгаа. Би ахиад түрүүний хэлж байгаагаа Ц.Элбэгдорж гуайн яриатай хамруулж хэлэхийг хүсч байна. Монголын ямар ч эрх мэдэлтэн, бизнесийн салбарын их мөнгөтөнтэй холбогдож явсан түүх надад байхгүй гэдгээ би бахархалтайгаар хэлмээр байна. Яахав дээ шалдар, булдар шар мэдээ, сошиалын хариуцлагагүй цуурай болгонд цочиж хариулт өгөхгүй гэж би бодож байсан юм. Ганаа надаар өнөөдөр яриулж байна л даа. Амьдралдаа би өөрийнхөө тэсэж, тэвчиж зарим үед цусаа асгаруулан нууж байсан түүхээ зүгээр нэг шидсэн шүлсний хариу болгож ярихгүй гэж боддог байсан. Харин миний үр хүүхэд тодорхой хэмжээнд том болж, нийгэмд хөл тавих үед нь тэднийхээ нэр төрийн өмнө үнэнийг хариулах хэрэгтэй болох үед би хариулсан шиг хариулна гэж дотроо хүлхэж ирсэн. Гэхдээ яагаад ч юм энэ яриа өнөөдөр энд задарч байна. Хүний амьдрал ер нь дардан биш, дардан биш байнаа гэдэг чинь завхай байна гэсэн үг бас биш.

     

    -Завхай байна гэдэг ч хүний эрх чөлөөний тухай асуудал шүү дээ. Эрх чөлөө гэдэг тэр ойлголтын л хэлтэрхий биз дээ?

    -Тэгэхээр би өөрийнхөө түүхэнд баян эр, аль эсвэл улс төрд байр сууриа олчихсон хүн ч юм уу, улс төрийн ямар нэгэн зүтгэлтэнтэй холбогдож байсан түүх надад байхгүй учраас Ц.Элбэгдорж гуайн хүүхдийг төрүүлэх тухай яриа бол ор үндэсгүй гүтгэлэг. Тийм ч учраас би тухайн үед ач холбогдол өгөөгүй. Арай үгүй байлгүй дээ гэж бодож чимээгүй байсан. Хэзээ ч тийм зүйл байхгүй. Хоёрдугаарт, би маш сайхан хүүтэй болсон. Энэ насанд хүссэнээр үр заяах нас мөн үү биш үү. Биологийн нас, дээр нь сэтгэлзүйн хувьд ч. Гэтэл ийм сайхан үр намайг сонгож, ёстой ирье гэж ирсэн. Энэ сайхан үрээ элдвийн хүнтэй нэр холбогдож, энэ тэр болж байхад зүгээр хажуугаар нь инээгээд өнгөрч байгаагүй ч гэсэн бүрэлдүүлсэн, буй болгосон түүхээ би өөрөө мэдэж байгаа учраас толгой өндөр явсан. Гол гогцоо бол энэ юм. Би хүүгээ мундаг хүү гэж боддог. Шинэ Монгол улсын түүхэнд хамгийн залуухан улс төрийн хүнд дайнд орж үзсэн эр хүн гэж боддог. Хүү минь хэвлийдээ найман сартай байсан. Бүгдийг харж, сонсож, мэдэрч байсан. Би хүүгээ их хол явах эр хүн бойжиж байна гэж хардаг. Магадгүй өнөөдөр миний хаа хүрэх чухал биш. Эх хүн угаасаа үрийнхээ өсөхийн үндэс, суурь, дэвсгэр, шат нь болдог учраас /уйлав/ магадгүй ирээдүйд монголчуудын хүсдэг шиг түмнийхээ төлөө чин шударгаар явах эр хүн болно гэж бэлгэшээсэн. Энэ бэлгэшээх эрх бол надад байгаа. Хүүхэддээ юу хүсэх нь эх хүний дэндүү эрх чөлөө биз дээ. Найман сартай хөл хүнд ээж нь найман цагийн турш сонгогчтойгоо уулздаг байсан. Надад сонгогчдод тараах нэг төгрөг ч байгаагүй. Сонгуулийн ухуулагч нар гээд нэг талдаа дэмжигч, нөгөө талдаа хорлогч юм шиг хэдэн зуун хүмүүсийг нам өгчихдөг. Үүнийх нь мөнгийг өгөх гэж өр зээл тавьсан. 250 сая төгрөг шүү дээ, Ганаа минь. Энэ одоо юу гэсэн үг вэ. Ингээд би ээж, аав, ах дүүгийнхээ байдаг байр савыг нь барьцаанд тавьж сонгуулийн хүнд өдрүүдийг ардаа үлдээсэн. Одоо ч би тэр өрийг буцааж төлөөгүй яваа. Надад энэ том хатыг суулгаж, энэ үнэн байдлыг биеэр минь туулуулахад дэм болсон дүү, түүний хань, төрүүлсэн, тэлүүлсэн аав нар минь хамт зүтгэж байлаа. Тэд маань энэ айхтар ширүүн юман дундуур найман мянган хүн саналаа өгчихлөө. Энэ хайрыг л мартаж болохгүй шүү гэж сүүлд хэлж байсан. Дэндүү ухаалаг, сэхээлэг, боловсролтой гэр бүл, хүмүүс намайг түшиж байдаг учраас би аливаа зүйлд өс хонзон, гуниг гутрал биш дандаа ухаарал авснаа жинлэж гардаг. С.Баяр дарга шоглоод “С.Жавхлантай тойрогт намын дарга морь, тэмээ унаад очвол юу байдаг юм бол түүнээс ч хэцүү дээ” гэж хэлж байсан гэсэн.  

     

    -С.Жавхлан гэхдээ тантай өрсөлдөхдөө ёс зүйтэй өрсөлдсөн байх шүү?

    -С.Жавхлан бид хоёр нэг нэгнийхээ талаар юу ч дугараагүй. Би тэр залууг хүндэтгэдэг. Одоо ч хүндэтгэдэг.

     

    -Сонин хэвлэл тойрогт чинь тараагдсан. Янз бүрийн технологиуд явж байсан. Тэр бол таны итгэж байсан хамгийн ойрын тогооноос гарчихсан уу. Эсвэл нөгөө л хоосон хардлага уу?

    -С.Жавхлан дээр хүмүүс очиж байсан гэсэн. Сонгуулийн үед элдэв хүмүүс хар бараан юм санал болгож их л эргэлдсэн гэсэн. Тэр хүн миний талаар сөрөг зүйл ярьж яваагүй гэдэгт итгэдэг.

     

    -Өнгөрсөн сонгуулийн технологид бичлэг гэж нэг зүйл орж ирсэн. Үүний бай болсон том баатар бол та. Н.Энхбаяр даргын бичлэг задарсан. Танай төслийн найруулагч Баатар энэ талаар хэлэхдээ “Маш том бүлэглэл ажиллачихлаа” гэсэн. Нөгөө талд нь Баатарыг бичлэгээ зарсан, санаатай тоглолт хийлээ гээд янз бүрээр хэлсэн. Ер нь тагнуулын байгууллагын оролцоотойгоор нэгнээ авлах гэсэн ажиллагаа явчихсан юм биш үү.  Та тэр тухай эргэж бодохыг хүсдэггүй байж магадгүй л дээ. Явж явж “бай” нь Н.Энхбаяр дарга, О.Цолмон та гурав болчихсон. О.Цолмон хатагтай нэр дэвшсэн ч унасан. Н.Энхбаяр даргын нам бас унасан?

    -Магадгүй ээ. Улс төрийн наагуур цаагуур явж байдаг нарийн ширийн тоглоом, тохироо бузар болгоныг бид тааж мэдэхгүй. Би үүнд юу хэлэхийг хүсч байна вэ гэвэл хувь хүний ноён нуруу гэдэг зүйл л аливаа зүйлийг түшдэг. Хэчнээн бид нараас үл шалтгаалах бохир бузар булай явж болно. Гэхдээ хувь хүн өөрөө тулхтай, түшигтэй бол гадуур явж байгаа дайрлага хүнээр тийм ч амар оролдож чадахгүй. Би бол Баатарын хувьд залуу хүн гэнэдсэн байх гэж боддог. Тэр хүн өөрийнхөө төвөө олоогүй явж байсан байх.

     

    -Тэр бичлэгийн дараа Баатар та хоёрын ярианы бичлэг гэх нэртэй зүйл тарсан. Ахиад л энэ пацаан аймшгийн зүйл хийдэг юм байна гэсэн ойлголт давалгаалсан. Ахиад л та хохирсон. Баатар бол сайн найруулагч. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Одоо мань найруулагч улс төрийн юманд хутгалдсандаа харамсдаг болов уу. Хэчнээн сайхан зочид урьж нэвтрүүлгээ хийсэн ч улс төрийн том тулаан болох гээд отоод байж байсан. Мөн эр хүний хувьд амьдралынх нь хэцүү, тогтоогүй үе ашиглагдчихлаа гэж хардаг. Та одоо түүнийг уучилсан уу?

    - Надад өнөөдөр үнэн л чухал. Үнэн өөрөө хатуу, хүйтэн ч гэсэн хамгийн ихэмсэг зүйл байдаг юм байна. Хүмүүсийн сонсч, тараасан гэх тийм бичлэг хаа ч болоогүй юм аа. Яг тэр бичлэгийн хувьд, Баатарт тийм бичиж тараасан зүйл байхгүй, тэр өөр зүгээс хийгдсэн зүйл гэж би боддог.

     

    -Нөгөө талаас ганц нэр дэвшигч эмэгтэйд ийм их цохилтууд дараалан ирсэн. Сайхан бүсгүй болохоор дайрлага илүү хүчтэй ороох шиг болсон. Баатарын эхнэр байсан эмэгтэй хүртэл олон жилийн дараа гарч ирж их бодолтой, тавилттай ярилцлага өгсөн. Таны тойрогт тараагдсан гэж сонссон?

    -“Өдрийн сонин” олон мянган хувь илүү хэвлэгдэж, манай тойрог руу гарсан гэж сонсч байсан. Урьд онд нь байна уу, уулзсан уулзалт. Зөвхөн миний ярьсан хэсгийг тасалж монтажлаад сонгуулийн үеэр цацсан. Зорилго нь тодорхой байсан биз ээ. Ямар ч зорилгоор бай тийм зүйл хийж явсан эмэгтэйг буруутгахаас илүү үүний цаана туйлбаргүй, бодлогогүй эр хүн байсан гэж хардаг. Үнэндээ тэр өдөр өөрийг нь хэлмэгдээд байгаа юм байна гэдгийг хэлэхийг хүсч очсон. Би ч хэлмэгдээд байгаа юм байна. Голд нь дайсагналцуулаад гал асаагаад байгаа нэг нөхөр байна гэдгийг олж харсан учраас. Нөхөр нь эхнэрийнхээ тухай аймшигтай факт бичээд явуулсан байсныг л өөрт нь үзүүлж, тайвшраач ээ эрүүл саруулаар хараач гэдгийг хэлэх гэж очсон царай. Бид хоёрыг уулзаж байхад нэг давхарт манай хүн хүлээгээд байж байсан. Тэгэхээр би тэнд эр булаацалдах гэж очих уу. Нэг давхарт нь нөхрөө хүлээлгэчихээд эр булаацалдах уу.

    -Хоёр гурван залуугийн ээдрээтэй учралаас болоод ард түмний хайртай төсөл байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил өнхөрдөг гэдэг шиг нэг тийм болж өгөхгүй өнхрөөд л яваад байх шиг?

    анц хүний хүчээр юу ч бүтдэггүй. Маш их өөр өгөгдөлтэй, гурван өөр чанартай хүмүүс гурван талаас нийлжээ гэдгийг одоо ч би хүлээн зөвшөөрнө. Энэ миний хамгийн бүлээн бодол. Энэ хүнийг яаж аятай сайхнаар дуранд буулгах вэ гэдгээр өвдчихсөн нэг уран бүтээлч, бүтээж туувиснаар нь уран үгийн хаан ч гэж ярьдаг Б.Лхагвасүрэн гэдэг нэг дүр. Дээр нь би гэж нэг эмэгтэй. Ийм гурван хүн нийлж байж энэ төсөл явсныг би хэзээ ч үгүйсгэхгүй. Үүнийг үгүйсгэсэн хүмүүс нь өөрсдөө өнхрөөд байгаа юм болов уу даа. Би юу болоод байгааг өнгөрсөнд маш удаан ойлгосон. Улайран авахыг хүссэн зүйлийг нь олж харсан. Авах гээд байсан тэр юм нь мөн чанартаа Ану ч биш, миний сэтгэл ч биш. Авах гээд байсан зүйл нь Монгол Тулгатны 100 эрхэм байж л дээ. Миний хувьд тэр тийм ч том зүйл биш. Хэдий том ч гэсэн хүн алж, хүний амьдрал, нэр төр рүү орж, устгаж байж авах чинээний зүйл биш. Өгчихвөл намайг тайван орхихыг нь мэдсэн учраас өгөөд явчихсан. Өнөөдөр орхиод явсан хүн нь байж “Энэ төсөл гурвын хүчээр бүтсэн шүү” гэдгийг би хэлээд байгаа биз дээ. Тэр хүмүүс одоо ч үүнийг үгүйсгэж нэгийн хүч л гэж боддог шиг. Найруулагч HERO байсан учраас боссон гэдэг. Сүүлдээ санаачлагч гэдэг нэрийг нь авч хаяад, HERO-гийн бүтээл болгосон. Миний үед найруулагч гэдэг нэр дээр өөр нэр явж байсан юм шүү. Үнэн түүх нь тэр. Үнэн гэдэг баллуурдаж болдоггүй зүйл. Миний үед Монгол Тулгатны 100 эрхэм гэдэг гурвын хүч байсан. Одоо хэдийн хүч юм мэдэхгүй. Монгол Тулгатан гэдэг төсөл надад төдийгүй, тэр залууд найруулагч гэдэг нэрийг авч ирсэн гэж боддог. Найруулагч гэдэг нэрийг тэр залууд зүүлгэхэд баг ажилласан гэж боддог. Хүмүүсийн хичээл зүтгэл юм.

     

    -HERO-гийн баг мундаг залуус шүү. Би бас хэсэгхэн зурвас Баатар найруулагчийн удирдлага дор Амбасэлмаа эгчтэй хамтраад жижигхэн төсөл хийж байсан. Одоо завсарлачихсан байгаа. Тэр багийн залуус маш их таалагдсан.

    -Тэгэхээр Баатарт тэр нэрийг зүүлгэх гэж баг, хүмүүсийн сайхан сэтгэл ажилласан.  Тэр хүнд хөөрч, хөл алдаж, ташаарсан үе байсан болов уу. Гэхдээ залуу хүнд ухаарал төрөө байлгүй дээ.

     

    -“Монгол Тулгатны 100 эрхэм”-ийг та одоо үздэг үү?

    -Би үздэггүй шүү дээ. Би Монгол Тулгатныг одоо үзэх байтугай өөрийнхөө байсан үед үздэггүй байсан. Найруулагч намайг “Чамайг их л сайн мэддэг хүн итгэнэ үү гэхээс өөр хүн итгэхгүй шүү” гэж шоолж байсан. Эхний Норовсамбуу гуайн дугаар цацагдахад би наашаа цаашаа гүйгээд орон даяар тог тасарчихаасай гэж бодож байсан. Өөрийгөө харахаас эвгүйцээд байдаг юм. Одоо ч гэсэн харж чаддаггүй. Надад нэг тийм хэцүү байдаг. Би өөртөө өөнтөгч, хатуу. Өөртөө баярлахаасаа илүү болохгүй муугаа өөнтөгч нүдээр харж байдаг хүн учраас нэгэнт ард түмний мэлмийд цацагдсан зүйлд өөрийгөө мянга шүүж, алгын чинээ болж агшиж, дахин дахин зовоод яах юм. Ингэж боддог учраас эфирт цацагдах үе бүрийг үздэггүй. Тэр байтугай манай ээж Монгол Тулгатныг үздэггүй байсан гэдэг. Би ээжийнхээ үзээгүй сэтгэгдлийг төслөөс гарсан хойноо асуусан. Яагаад охин чинь мэдэхгүй салбартаа орж байхад та нэг удаа тавтай сууж үзээд урмын үгээ хэлээгүй юм бэ гэж асуусан /уйлав/. Ээж минь надад хэлэхдээ “Хэчнээн хүнд замыг туулж, сэхээн амьдруулах тасгаас хүртэл хөл дээрээ тогтоод хүний сайхан түүхийг бичих гэж очиж байгаа охиныхоо үнэн түүхийг мэдэж байгаа болохоор миний зүрх өвдөөд үзэж чаддаггүй юм аа” хэлж байсан...

     

    -Одоо та “МонГал товчоон” гээд шинэ төсөл эхлүүлээд явж байна. Яагаад “МонГал товчоон” гэж нэрлэсэн юм бэ. Надад бол нэг тийм орчин үеийн биш, их хүнд буусан?

    -Тийм. Чи үзэл бодлоо твиттертээ илэрхийлсэн байсан. Би чиний үг, байр суурийг байнга сонсож, хүндэтгэдэг. Шууд надад зөвлөдөггүй ч гэсэн алсуураа хэлж байгаа зүйлийг нь өөртөө авах юмсан гэж хичээж явдаг. Ийнхүү нэрлэсэн учир нь монгол хүний дотор асдаг тэр галыг л сэрээх утга. Гал гэж бид их ярьдаг хэрнээ тэр маань биднээс алсраад байгаа он цагт бид амьдарч байна. Хүний мөн чанар, жудаг, нүүдэлчин монгол гээд л ярих юм. Ингэж ярих тусам бидний ярьж буй сэдэв алсраад байна гэж бодогддог. Уг нь тулганд ассан гал шигээ монгол хүн зүрх сэтгэлийнхээ галыг өрдөөд өгвөл монгол хүн хүчтэй шүү дээ гэж би боддог. Тэр бодлоо шингээгээд Монгол биш МонГал гэдэг үгийг бүтээсэн. Товчоон гэдэг нь бол ойлгомжтой байх.

     

    -“Монгол Тулгалтны 100 эрхэм” сэтгэлд хоногшиж, хадагдсан төсөл болж үлдлээ. Бидний амьдрал, энэ салбар тэр чигээрээ өрсөлдөөн. Тийм болохоор илүү зальтай, олон талтай, хөрвөх, хувирах боломжтой олон нэр бодож үзэхгүй дээ гэж бодсон. Мэргэжлийн хүний нэг тийм зүгээр байж чаддаггүй зан шүү.

    -Ойлгож байнаа.

    -Шинэ төсөл дээрээ та ганцаардаад, нэг тийм жулдаад байгаа юм шиг. Камер хэдэн талаас яаж авч байна, гэрэл яаж байна гээд л мэргэжлийн нүдээр хараад байгаа юм. Гэхдээ сайхан хүмүүсийг нээж байна. Бид сайхан хүмүүсийн гэгээг мартчихдаг. Яг баг дутаад л, арагшаа суумаар үе байдаг. Та ганцаардаж байна уу. Дассан баг байхгүй үед эрэгтэй хүн байсан бол хана цохимоор үе байдаг. Би “Өдрийн сонин”-оос гарчихаад яг ийм мэдрэмж авч байсан. Шантрахгүй яваарай.

    -“Монгол Тулгатны 100 эрхэм”-ийг хийж байхад тухайн үед телевизийн салбарт тийм хэмжээний хөрөнгө оруулалт хийж байсан тохиолдол байгаагүй. Их хэмжээний мөнгийг өөрөө босгож байлаа. Том хэмжээний төслийг хэрэгжүүлэхэд шинэ техник, шинэ камер, цалин хөлснөөс эхлээд маш олон зүйл шаардлагатай байсан. Овоо том төсөв Херо надад танилцуулсан. “Монгол Тулгатны 100 эрхэм найруулагчийн хүссэн техник, тайз, микрофонтойгоор эхлүүлж байлаа. Энэ бол бодит үнэн. Би даруухан загнаж өөрийн үнэн түүхийг булзааруулмааргүй байна. Энэ төслийг ингэж л нэг эмэгтэй мөнгө босгож, нуруун дээрх хүнд ачаагаа хойноо нуун байж эхлүүлсэн. Тухайн үед эрэгтэй хөтлөгч хэн бэ гэдэг дээр Пунцагийн Бадарч, Н.Жанцанноров гэх мэт олон санал байсан. Эдгээрээс би өөрийн тэнгэрт хальсан нагац ах буюу Б.Лхагвасүрэн гуайн залуу зандан насных нь найз, уран бүтээлийн нэг том галынх нь нөхөр байсан ахтайгаа зөвлөж байж шийдвэрээ гаргасан. “Үгийн урныг бодвол Б.Лхагвасүрэнтэй, ухааны гүнийг бодвол Н.Жанцанноровтой хий” гэж надад зөвлөсөн л дөө. Ингээд л Б.Лхагвасүрэн гуайг урьж, тэр гайхамшигтай хүний нөмөр нөөлөг дор бойжиж энэ төсөл босч байсан. Энэ бол миний түүх, бүтээж явсны маань ул мөр учраас би үүнийгээ хэнээр ч баллуулахгүй. Бүх зүйлийг ахин эхлэх амаргүй байсан ч одоо гэрэл чийдэн, тайз, баг, камер гээд бүх талаар монголын телевизийн түүхэнд нэгэн сайхан студийг цогцлоож чадсан. Ганаагаа ойрын хугацаанд урьж байна. Өмнө нь босгосон камер, дэлгэц тайз гээд бүгдийг нь эрчүүдэд бэлэглээд орхиж чадсан шүү дээ, би. Би HERO-д хөрөнгө оруулалт хийж үлдээсэн юм биш ээ. Монголын ард түмний хайртай контентыг үргэлжлүүлээсэй гэж тэр зүйлсийг үлдээсэн юм. Одоо ч гэсэн тэр төсөл жирийн нэг эмэгтэйн хөлс, хүч, хөдөлмөр, өгч чадсан сайхан сэтгэл дээр үргэлжилж байгаа гэдгийг би өнөөдөр хэнээс нуух вэ дээ. Энэ үнэн түүх учраас хэлж чадна. “Монгол Тулгатны 100 эрхэм”-ийг жаргаж биш зовж хийсэн гэж би хувьдаа боддог. Зовлон суурьтай юм чинь л чанартай, хамгийн гол нь үнэн болдог юм билээ.

     

    -Ороогүй олон сайхан зохиолч, тамирчид бий. Монгол хүн чинь нэг тийм өмчлөх, харамлах сэтгэхүйтэй. Надад хайртай уншигч та очиж очиж тэр муутай ярилцаж яадаг байна гээд уурлаж байх жишээтэй. Гэтэл би бүгдтэй нь л ярилцмаар байдаг. Чи тэрний хүн болчихоо юу, худалдагдчихаа юу гэдэг. 20 гаруй жил ярилцлага хийсэн хүний хувьд би сайн мэдэж байна. Ний нуугүй ярья. Долгорын Нямаа ах маань жишээ нь багахан гомдох шиг болсон. Дангаараа таны дугаар шүү гэж хэлж урьчихаад юмны хавсарга болгоод оруулчихсан ганц хоёр дүр байх шиг ээ. Яагаад тэр вэ?

    -Ер нь хүн үнэтэй цэнтэй үнэн үгээ хэн нэгний камерт бичүүлнэ гэдэг асар их бодох ёстой цаг болчихож. Хуучин бол хүмүүс ярилцлага өгөөч гэхээр яасан сайхан хэрэг вэ гэдэг байсан. Харин одоо хүн их бодох болж. Энэ цагт дүрс, яриатайгаа өөрийгөө дэлгээд бичүүлээд сууж байх хүн ховордож байна. Зочдыг авчирч нэг үг дуугаруулах гэж хуурна гэдэг увайгүй явдал. Би сүүлд гарсан хойноо сонссон. Олон хүний тусгай дугаарыг хийнэ гэж хэлээд дугааруудад хавчуулсан түүх байсныг. Хавчуулахдаа үхсэн хүн босож ирдэггүй гэдэг шиг төслөөсөө гараад явчихсан хүндээ наагаад буюу Анужин зөвшөөрөхгүй, хийхгүй байсан гэж хэлээд нэвтрүүлгээ авч гарсан түүхийг сонссон. Том эрх ашгийн дэргэд би юу вэ гэдэг шиг Монгол Тулгатан үргэлжлэхэд миний нэрийг барьсан зүйл байвал одоо надад гомдох юм алга. Гэхдээ миний мөн чанар бол хэн нэгэнтэй ярилцахын тулд худлыг өмнөө барихыг би хэзээ ч зөвшөөрөхгүй. Энэ бол миний зарчим, цусанд байгаа хүмүүжил. Үүнийг холын холыг зорьж байгаа, том уран бүтээлийг авч үлдсэн хүмүүс сайн бодох ёстой. Хорвоо гэдэг чинь дандаа эргэж байдаг. Өнгөрсөн хүний үг, нулимс хүртэл хэн нэгнээр дайгдаад ирдэг. Үүнийг бодож, энэ сайхан монголчуудын түүхийг бичиж байгаа баг хүн чанар, үнэн чанар, мөн чанартай байгаасай гэж хүсч байна. Энэ надад биш тэр багт хэрэгтэй зүйл.

    -Та яаж хөрөнгө оруулалт босгох гэж явж байснаа ярилаа. Үнэхээр ганц гоё сэтгүүл, сонин гаргах гээд гуйгаад гүйхээр хад мөргөж унаад л байдаг. Хоёрдугаарт, мөнгө өгөөд дэмжсэн хүмүүс нь уяаны нохой болгочих гээд л, байнга дэргэдээ байлгах гэдэг дээрэлхүү зан бий. Баян хүн нь өгснөө байнга сануулж, ядуу хүн нь авснаа мартахгүй байх зовлон олон уран бүтээлчийг баллаж байна. Би өөрийгөө боддог. Нэг студийн тасархай ч байхгүй, гаргая гэсэн номоо ч гаргаж чадахгүй ингээд явж байна. Энэ олон зүйл дунд хөрөнгө оруулалт босгох гэдэг амаргүй гэдгийг маш сайн ойлгосон. “МонГал товчоон”-оо эхлэхдээ өмнө нь босгож байсан хэмжээний хөрөнгө оруулалт татаж чадсан уу. Таны төсөл хэр хэмжээний хөрөнгө дээр босч байна?

    -Би чиний учрыг ингэж тайлж байна, Ганаа. Уншигчдад хамгийн ойлгомжтой байх үг нь “шар”. Чи “шар” юм хийхгүй, шар гаралтай, шар бодолтой, шар хүн биш учраас чамд энэ цагт хөрөнгө оруулалт олдохгүй. Хариулт нь энэ, шулуухан хэлэхэд. Үүнтэй адилхан ямар нэгэн ашгийн бус монголчуудын бахархал болсон хэн нэгний үнэн сайхан түүхийг бичихэд хөрөнгө оруулдаг хүн гэж байхгүй. Миний төсөл энэ талаараа чиний тавилантай адилхан. “Шар юм байсан бол тэрийг, энийг богино хугацаанд алаад өгье тэгээд мөнгө эргэлдүүлье гэвэл хурдтай мөнгө олдоно. Яг энэ үзүүрээр чиний хувь тавилан, миний босгож бүтээсэн хоёр төсөл хоорондоо адилхан. Гэхдээ продюсер гэж чухал ойлголт байна. Өнөөдөр чамд ч продюсер хэрэгтэй. Чи өөрөө ингээд шаналж явах ёсгүй хүн. Мэдээж чи өөрийн билиг авьяасаараа гарч ирсэн ч ард түмэн чамайг капитал болтол нь өсгөсөн. Чамайг уншсан, чамд урам өгсөн, ташуурдсан. Ард түмний анхааралд нэгэнт орсон хүн учраас чи өөрөө капитал. Тэгэхээр энэ капиталаа яах вэ гэдэг бол бодлого. Үүнийг чи өөрөө бодож чадахгүй. Хүнд олон гоц авьяас цогцолдоггүй. Үнэхээр гоц гэвэл нэг л зүйл байдаг. Олон тийш самгардсан хүнд гоц авьяас гэж байдаггүй. Чи өөрөө бичнэ, сэтгэнэ, туурвина. Ийм капиталуудыг амилуулах продюсерууд энэ нийгэмд дутаад байна. Энэ бол хөрөнгө оруулалт гэдэг ойлголтоос ч өмнө яригдах ёстой асуудал. Монголын контент буюу хэвлэл мэдээллийн салбарт маш сайн продюсерууд олноороо төрөх хэрэгтэй. Энэ продюсерууд эрүүл бодолтой ажиллах чухал. Юу нь капитал, аль нь биш, юуг түгээх эсвэл дарах вэ гэдгийг нэг, хоёр шатны өмнө харсан зөв талын продюсерууд дутаж байна. Би “МонГал товчоон” төслийг маш сайн продюсертой хамтран бүтээж байна. Монгол Тулгатны 100 эрхэм”-д би продюсер байсан ч чадаагүй, тэгээд яаж дууссаныг нь та нар ч, би ч үзлээ. Харин энэ удаад хоёр дахь төсөлдөө мэргэжлийн продюсертой ажиллаж байна. Үүгээрээ би бүтцийн хувьд, мэргэжлийн төвшинд контент хийж байна гэж ойлгож байгаа. Энэ төсөл худалдагдахгүй. Учир нь анхнаас нь би төслөө тодорхой танилцуулсан, дэмжсэн. Түүнээс нэр алдартай болсон хойно нь худалдаж авах гээд юм уу, баатар нь болох гээгүй. Анхнаас нь харж дэмжиж, гаргаж ирдгээрээ продюсер ялгаатай.  Гайхамшигтай санаа өвөрлөөд явж байгаа нөгөө талдаа капитал болчихсон хүмүүс байна. Эд нарыг бүтээгдэхүүн болгох продюсерууд олноороо гарч ирээсэй. Бид бойжуулж ирсэн юмаа жижигхэн салхи шуургаар сарниачаад хэн ч биш болгочоод байгаадаа өнөөдөр бид капиталгүй улс. Оюуны, хүний нөөцийн, ой санамжийн ямар ч капитал байхгүй. Үнэндээ өөрсдийгөө бэлдсэн, капитал болсон улс энэ улсад цөөдөөгүй ээ.

     

    -Ану бас олон өөр ажлууд хийдэг. Та хуульч, олон улсын харилцааны мэргэжилтэй. Та мэргэжлээрээ ажилласангүй. Нийгмийн тодорхой хэсэгт зориулж байгаа ажил чинь макробиотик. Олон зуун хүн дагаж, амьдралдаа хэвшүүлж, сошиал төслийг тань дэмжиж байна. Нөгөө талдаа зарим нь хэн болчихоод хүний идэж уухыг зааж байгаа юм гэж шүүмжилдэг. Үнэндээ энэ бол танд огт хэрэггүй ажил юм шиг санагддаг. Яагаад эмч нарт загнуулан байж энэ ажлыг хийдэг юм бэ?

    -Хуульчийн хувьд мэргэжлээрээ Япон улсад Японы компанид ажиллаж байсан. Тэгэхээр би мэргэжлээрээ гадаадад ажиллаж байсан байна. Өөрийн боловсролоо оюуны үнэлгээтэй газраар үнэлүүлж байсан байна. Сайн цалин авч, тархины цараа, бодлын гаргалгааг жинхэнэ ухаан сорьдог газар нь харьцангуй залуу насандаа сорьж байсан. Энэ үе маань миний амьдралын сайхан түүх. Эрүүл хооллолтын сэдвийн тухайд энэ сэдвийг хаячих гэхээр хүмүүс хоол идэхээ болих хэрэгтэй болчихно. Энэ сэдвийг Анужингаас салгая гэвэл би хоол идэхээ байчих хэрэгтэй болно. Хүн бүхэн ам руу хоол халбагадаад идэх эрх байгаа цагт, дураараа дэлгүүрээс хүссэнээ аваад идэх эрх ард түмэнд байгаа цагт энэ эрхээ яаж зөв эдлэх вэ гэдгийг хэн нэгэн ярих хэрэгтэй юм шиг. Би үүнийг сэтгэлийн хөөрлөөр, заах дуртайдаа, хэнээтэйдээ ингээд байгаа юм биш. Энэ бол иргэн хүний хувьд магадгүй зарим нэг хүнээс арай түрүүнд хоол гэдэг зүйлийн учрыг олсондоо ч юмуу. Нөгөө талдаа олон хүнээс хэлж, туслаад өгөөч ээ гэсэн бодит эрэлт, шаардлага байдаг учраас би дуу хоолой болдог. Би нэг зүйлд өнөөдөр баярладаг. Олон жижигхээн байшинд хоол хүнс, эрүүл мэнд, мацгийн хичээл заагаад сууж байсныг мэдэх үү. Тухайн үед монголд органик хүнсний тасаг гэж байгаагүй. Органик хүнс гэж ярихаар хэдэн баян хүүхний хийдэг зүйл гэж ярьж байсан. Ингээд хичээлд маань олон бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд суусан. Зөвлөгөөн дор минь Монгол улсад органик хүнсний тасгууд нээгдэж эхэлсэн. Энэ шүүмжид өртөөд, зөв хооллолтын тураадаг багш гээд дураараа нэрлэчихээд байгаа энэ зүйлийн цаана Монгол улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний импортын бүхэл бүтэн үе эхлүүлсэн нь хичээлтэй минь холбоотой гэдгийг хэлэхийг хүсч байна. Тухайн үед учрыг нь олохгүй байсан сэдэв өнөөдөр маш олон хүний хүртээл боллоо. Органик хүнсний импорт нэмэгдлээ, энэ тухай ойлголт ард түмний тархинд сууж байна. Эндээс нийгэмд аливаа сайн зүйлийг эхлүүлэхэд заавал улстөрч байхгүйгээр, зүгээр нэг эмэгтэй амаргүй замыг туулж, бүхэл бүтэн салбар үүсэх нөхцөл бүрдэж болдгийг харж болно. Хүн төрөлхтөн язгуур өгөгдөл гэдэг зүйлээсээ өнөөдөр холдчихсон байна. Зүгээр язгуур өгөгдлөөрөө үүнийгээ сонсож мэдэрч чадаад амьдарвал хүнд асуудал бага гарна. Хүн өөрөө хэрэгцээ, хүчин чадал багатай амьтан юм байна. Уураг тархи нь агуу гэдгээс бусдаар тооцвол хүн гэдэг хариугүй өчүүхэн амьтан. Энэ байгалийн үндсэн өгөгдлөө зөв ухаад, танихаар өвчин эмгэг ч нисээд явчихдаг, хүсэл шунал ч холдчихдог юм байна. Одоо бид зах хязгааргүй өрсөлдөөн, материаллаг зүйлд шунаж байгаа болохоор язгуур өгөгдлөө бүдгэрүүлээд, дотроо унтуулчихсан. Энэ унтчихсан өгөгдлийг сэрээгээд өгөхөөр хүн өөрөө гайхамшиг болдог гэдгийг хэлээд байгаа юм. Би олон өгүүлбэр ярихгүй байгаа. Нэг л өгүүлбэрээ яриад байгаа. Та өөрийн язгуур өгөгдлөө сэрээж чадвал бусдыг нь таны бие хийчихнэ. Мацгийг нөхөр Анужин зохиогоогүй, үүнийг хэн ч зохиосон зүйл биш. Өлсөх, өөрийгөө цэвэрлэх үйл явц хүн төрөхөд байдаг байгалийн үйл явц, үүнийгээ сэрээчих л гэж хэлээд байгаа. Үүнийгээ сэрээгээд хорт хавдар зэрэг элдэв өвчнөөс ангижирсан хүмүүс миний ачаар биш өөрөө сэрснийхээ буяныг хүртэж байгаа. Өнөөдөр Монгол улс цөс, ходоод, элэгний хорт хавдраар дэлхийд эхний 1-4 дүгээр байрыг эзэлж байна. Би цаг үеийн байдлаар “Монгол Таймс” гээд шинэ контент хийж байгаа, эхний дугаар нь эрүүл мэнд гэдэг сэдвээр энэ долоо хоногт цацагдана. Заавал үзээсэй гэж хүсч байна. Нөхцөл байдал өнөөдөр ийм байгаа болохоор тодорхой хэмжээнд энэ зүйлийн учрыг олж, хужрыг тунгаасан бол хэлж ярих нь иргэн хүний үүрэг л гэж боддог юм.

     

    -Саяхан та Өвөр Монголд лекц уншсан гэв үү?

    -Өвөр Монголын дөрвөн их сургуульд лекц тавьсан. Үзэл суртал жинхэнэ явж байгаа газар судалгаагүйгээр хүн дуудаж лекц уншуулахгүй байх. Хятад улсад хаа хамаагүй хүнээр тэр дундаа сэхээтний давхаргыг бүрдүүлж буй их сургуулиудад лекц тавиулахгүй. Лекцээ хүн оршихуй гэдэг энгийн сэдвээр тавьсан. Тэд хүнээ хөгжүүлэхэд л хамаг анхаарлаа хандуулж байна. Тэд хүний хөгжлийн либерал бодлогыг баримталж байна. Сүүлийн үед, хоол хүнс бус хүний хөгжил, 21 дүгээр зууны хүний ухамсар, сэргэх сэтгэхүйн талаар цуврал лекцийг уншиж байгаа. Монгол улсынхаа бүхий л нэр хүндтэй их сургуулиудад лекц уншсан байна.

    -Загварын “Anu Couture” гээд төсөл хэрэгжүүлж байсан. Энэ ажлаа яасан бэ?

    -Үүнийг огт бизнесийн зорилготой хийгээгүй юм аа. Хүмүүс “Монгол Тулгатны 100 эрхэм эхэлснээс хойш л намбайгаад дээл өмсчихөж гэж бодсон байх. Би багаасаа социализмын үед ч монгол дээл, монгол бичигтэйгээ байсан. Хар нялхаасаа хүүхдүүд шоолсон ч хамаагүй ээжийнхээ хийж өгсөн дээлийг өмсөөд, бүслээд явдаг охин байлаа. Энэ төслийг яах гэж санаачилсан бэ гэхээр монгол дээлийг би хөгжөөсэй гэж боддог болохоос эвдрээсэй гэж боддоггүй юм. Тэр бодлоо тээж л тус төслийг санаачилсан. Одоо монгол дээлийг хөгжүүлж байна гээд эвдээд байна. Япончууд кимоног хөгжүүлж байна гээд хэзээ ч мини болгоогүй. Солонгос ч хамбугаа мини болгоогүй. Гэтэл монгол дээлийг хэтэрхий олон янзаар хятадын ши-янгуны хүүхэн шиг, хятад даашинз шиг өөрчилж байгаад дургүй байна. Монгол эмэгтэй хүний намба ааль, хатуужил, цэх шулуун байдал бүх юм дээлэндээ байдаг. Энэ үзлийг ямар ч мундаг дизайнер битгий эвдээсэй гэж боддог. Харин материал, хүнд хөнгөн, авсаарханы хувьд хөгжих боломжтой.  “Anu Couture”-г энэ чиглэл рүү бодлогын хувьд явуулъя гэж бодсон. Энэ ч үүднээсээ энэ төсөл маань амжилттай эхэлж Францын “Louis Vuitton” компанитай хамтраад “Монгол хувцас 21 дүгээр зуун” гэсэн үзэсгэлэнг дандаа өөрийн дизайнаар гаргасан. Юу үзүүлэхийг хүссэн бэ гэвэл 21 дүгээр зуунд эрхэмсэг тансгийн дээж монгол хувцас Франц, Европын хувцаснуудтай зэрэгцээд байж болно шүү гэдгийг үзүүлэх. Тэгж үзүүлэхдээ бэлхүүсийг нарийсгаж, хөхийг нь төмбийлгөж, уртаас нь хасалгүй маш олон нарийн чимхлүүр ухааныг шингээж, эрхэмсэг, тансаг загваруудыг үзүүлж толилуулсан гэж боддог.

     

    -Та “Авьяслаг Монголчууд” шоуны шүүгчээр ажиллаж байгаа. Хувцаслалт дээр ганц нэг шүүмж явж байгаа харагдсан?

    - Би маш олон хүнээс шүүмж авч байгаа. Загвар зохион бүтээгчдээс, өмнө нь миний хувцсыг тэсэн ядан хүлээдэг байсан хүмүүсээс зэмлэл авч байгаа. “Авьяаслаг Монголчууд” нь Анужингийн шоу биш. Энэ өөрөө дэлхийн форматтай том төсөл учраас өмсөх хувцас цаанаасаа бодлогоор өгөгддөг. Би тэрүүхэндээ тэмцсээн (инээв). Үндэстний шоу учраас үндэстэн бүрийн элементийг дээлэндээ шингээж өмсье гээд бүх хувцсаа дураараа урлачихсан байсан боловч зөвшөөрөгдөөгүй. Энэ бол дэлхий гэдэг стандартынхаа дор багтах зүйл юм билээ. Би үүний гол тоглогч, продюсер биш нэг л эд эс нь болж оролцож байгаа хүний хувьд багийн удирдамж, зөвлөмжийг дагах ёстой гэдэг үүднээс өөрийнхөө хэзээ ч гарч байгаагүй чөлөөт загвар, нүүр үсний ганган будалттай гарч байгаа. Монгол Тулгатны 100 эрхэм”-д зууны сайхан эмэгтэй Л.Цогзолмаа гуай оролцсон дугаарт мэргэжлийн гоо сайханчаар будуулж байсан. Түүнээс биш би будаггүй шахуу дугааруудаа бичүүлж байсан. Цаашдаа өөрийн урласан хувцсанд шингэсэн үзэл бодлоосоо няцахгүй явна гэж боддог. Өөрийн төслөөрөө дамжуулан толилуулсаар байх болно оо.

     

    -Бөө болсон гэсэн мэдээлэл явсан. Тантай уулзсан дээрээ асуумаар байна?

    -Бөө болсон гэдэг зураг Баатар гэдэг хүний гар утсанд л байсан. Бид бөөгийн тухай “Мөнх тэнгэр” гэдэг нэртэй төслийн зохиолыг бодож хийж, амжилттай явж, олон хүнийг хэц, хэнгэргээс нь салгасан гэж боддог. Айл бүрд хэц хэнгэргийн дуу гарч байгаа. Баян тарган, сэхээтэн, сэхээтэн биш ядуу гэлтгүй айл бүрийг нөмөрч байгаа зүйл. Бүгд л очиж байгаа байж хэзээ ч бөөгийн өмнө суудаггүй юм шиг жүжиглэдгээ болимоор байна. Гэхдээ үүнийхээ үнэн мөнийг тунгаахад нь нэмэр болъё гэсэн хүн өнөөдөр байдаггүй. Энэ сэтгэлийн үүднээс би тэр дугаарыг хийсэн. Түүнээс бөө болсон юм байхгүй.

    -Хүний эрх чөлөө рүү бид их орж байна. Шашин шүтэх, хайрлан дурлах гээд бүх юм руу нь орж байна. Савнаасаа хальчихлаа. Бие биенээ гүтгэж гүжирдэж, олон сайхан залуусын амьдрал хөлд нь үрэгдэж байна. Сүүлийн үед цацагдаж байгаа сэдвүүдийг хараад та юу бодсон бэ?

    -Ижил хүйстэн гэж гүтгүүлж байгаагүй ч гэсэн хувийн амьдрал, хаалганы минь цаана, хувцасны цаана, сэтгэлийн минь угт байх ёстой гурван зүйлээр би өөрөө гүтгэгдэж үзсэн. Хувийн амьдралын эрх чөлөө, оюун ухаандаа юу бодох ёстой ёсгүйгээр буруутгагдаж. Нэг цагт бүүр Сүхбаатарын талбай дээр авч ирж үсийг нь ав гэдэг яриа хүртэл явж байсан. Ийм зүйлийг үзсэний хувьд би энэ ижил хүйстний тухай ярианд эмзэглэж байна. Энэ бол эмзэг сэдэв. Ийм хэтэрхий бүдүүлэг байдлаар хүний эрх чөлөөнд халдсан зүйл хэлж хийдэг сэхээтэн гэж байгаа хүмүүсийг өрөвдөх юм. “Энэ нэг балай юмтай нийлсээр байгаад манай хүү ийм үзэлтэй” болчихлоо гэх юм. Төрүүлсэн үрийнхээ ч учрыг олохгүй. Энэ гомо, лесби гэдэг төрдөг зүйл болохоос автдаг зүйл биш. Монгол улс өнөөдөр гэр бүлийн тогтвортой байдал гээд том лоозон ярьж байна. Гэр бүлийн тогтвортой байдал гэдэг таарахгүй айлыг таараа гээд уриалахыг хэлж байгаа юм биш. Гэр бүлийн тогтворгүй байдлыг үүсгэхэд медиа, сонин хэвлэл, хүмүүсийн дур зоргоороо аашилж байгаа байдал хамгийн их нөлөөлж байгаа. Би Монгол улсын шүүхийн танхимд нөхрөөсөө салахдаа албан ёсоор энэ үгийг бичиж аваарай, хожмоо үр хүүхдэд маань хэрэг болж магадгүй гээд үлдээлгэсэн. “Нөхрийнхөө өмнө үйлдсэн миний буруу, эсвэл миний өмнө үйлдсэн нөхрийн буруу гэхээс илүү энэ медиа гэдэг зүйл гэр бүлийг хамт амьдрах аргагүй болгодог юм байна шүү. Хэрээс хэтэрсэн гүтгэлэг гэр бүлийн дотор чимээгүй аллагыг хийж байдаг. Та нарын үзэгний үзүүрт бичигдсэн, түүнийг нь өлгөж аван шүлсээ үсчүүлдэг олонлогийн үйлдэл чинь олон эмэгтэйн хүчирхийлэлд өртөх шалтгаан болдог шүү” гэдгийг би хэлж үлдээсэн. Би ахиад үүнийг хэлэхийг хүсч байна. Энэ ганц хүний асуудал биш. Гантулга гишүүнийг элдвийн нэр зүүлгээд явуулахдаа түүний тухай бичихдээ эхнэр хүүхдийнх нь зургийг давхар гаргаж байсан. Үүнийг би жигшдэг учраас нийтлэл бичиж байсан. Болиоч энэ зургаа битгий тавь, Гантулгыгаа л тавь гэж. Намайг нийгмийн хамгийн бузар эмэгтэй гэж бичиж байхдаа миний хүүхдүүдээ тэвэрсэн зургийг тавьж байсныг тэсэхгүй байсан. Зөвхөн миний зургийг тавь. Битгий миний хүүхдийн нэрийг бич, битгий миний ард байгаа эр хүнийг тамлаач гэж бичиж байсан. Энэ аймшигтай зүйл чинь гэр бүлийн хүчирхийлэл болж дуусдаг. Түүнээс биш хэн нэгнийг өмгөөлж, хамгаалах бодол надад алга. Энэ муухай харгислал чинь нэг хүний цаана олон гэм буруугүй хүмүүсийг харгислаад байдаг юм шүү. Эцсийн эцэст хүн хүнээ шүүдэггүй юм. Цаг нь ирэхээр хүн бүхэн шүүлтэнд ордог. Хүний нарийн нандин асуудал руу шүлсээ үсчүүлэхгүй байх нь сэхээтэн хүний нэг том чанар юм. Үнэхээр сэхээтэн бол тэдний уураг тархи хүний хөнжил, дотуур өмдөнд явдаггүй. Тиймээс ярих ярихгүй сэдвээ ягштал ялгадаг, амнаасаа гарах гарахгүй үгээ цэгнэх юмсан гэж би хичээж байгаа. Өнгөрсөнд алдсанаа цэнэж, хийгүй алхахсан. Гэнэн зангаа хаях гэж маш их хичээж байна. Гэнэнгээсээ болж хүний идэш, өгөөш болж байсан санагддаг. Тэгэхээр өөрийгөө өмөөрөх биш. Өөрийн үнэнтэй тулж, урагшлах нь илүү сайхан амьдралтай нүүр тулах, алхахын үүд болдог юм болов уу гэж боддог.

     

    -Бид хоёр уулзахаараа олон цаг ярьчихдаг. Та одоо жаргалтай байна уу гэдэг асуултад нэг хариулаач. Би асуухаас санаа зовоод байна л даа. Та хүүгийнхээ аавтай хамт амьдардаг уу. Түүний тухай ярьж болох уу гээд олон хүний сонирхож байгаа асуултыг асууж чадахгүй байна. Гэхдээ та бол “од”. Олон хүн үлгэрлэн дууриаж, шүүж, бас сонирхож байдаг.

    -Би өөрийн аз жаргалыг их сонин хэмжүүрээр тавьдаг болсон байна лээ. Хүүгээ тээж байхдаа би хүүгийнхээ аавтай хамт байгаагүй. Байхын ч эцэсгүй байсан. Хоёр охиныхоо аавын үзсэн зовлонг ахиж өөр хүн битгий үзээсэй. Хайртай дуртай, хань болж байгаа хүн нь хэвлэлээр ингээд балбагдаад, үнэн худлаа нь мэдэгдэхгүй нөхцөлд зовлон битгий үүрээсэй гэж бодсон. Ганцаараа үрээ тээж, тэр шуурган дунд явах амаргүй, сөхрөөд унамаар, уйлмаар байдаг байсан. Гэхдээ би тэр үед өөрийгөө ямар зүйлтэй жишдэг байсан бэ гэхээр дэлхийн хоёрдугаар дайнд өдий төдий эмэгтэйчүүд эр нөхрөөсөө салж хагацаж, хэзээ ч ирэхгүй нөхрийнхөө үрийг хэвлийдээ үлдээж, дахин уулзахгүй гэдгээ мэдэж байж үрээ тээж төрүүлсэн хүн төрөлхтний түүх байна. Үүний хажууд чи юу болж байгаа юм гэж өөртөө хэлдэг байсан. Чи хэн болоод өвдөг сөхөрч, өөрийгөө өрөвдөж байгаа юм гэж өөртөө хатуу хэлдэг байсан. Би хүүхдээ 7- 8 сартай болчихоод байхад эмнэлэгт очиж үзүүлж чадахгүй байсан. Би чихээ өвдөөд эмнэлэгт үзүүлэхэд л маргааш нь “Чихнийх нь хэнгэрэг хагараад ингэж тэгж” гэсэн яриа хавиар нэг гарсан байсан. Ийм ёс зүйтэй нийгэмд би үрээ бүх хүнээс илүү хамгаалж нууж байсан. Хувцсыг нь тайлж жирэмсэн үгүйг нягтал, хэнээс хүүхэдтэй болж гээд л нийтээрээ хэлэлцэж байсан үе шүү дээ! Эмнэлэгт очоод эход харуулчих орон зайг ч надад үлдээгээгүй. 21 дүгээр зуунд эмчид үзүүлэлгүй үрээ тээгээд явдаг энэ замыг би туулсан.  Тэгэхээр би өнөөдрийн аз жаргалтай байна уу гэдэг асуултыг ч гэсэн ямар зүйлийг жишиж өөрийгөө аз жаргалтай байгаа вэ гэдгээ хэлэх нь зүйтэй байх. Амьдралд хайрыг үзээгүй, хамт байгаа боловч хайрын сайхныг мэдэрдэггүй, орох оронгүй, хамаг бүхнээ алдаж ганцаардахын зовлонг үзэж байгаа эмэгтэйчүүдийн дэргэд чи өнөөдөр ямар байна вэ гэдгээр би ахиад өөрийнхөө жаргалыг дэнслэх болох нь. Хоёр охинтойгоо хэцүү үе надад байсан. Жигтэйхэн их мөнгөтэй, баян, өвлөөд үлдсэн хөрөнгөтэй гэж хүмүүс ярьж бичиж байсан. Би өөрөө нэг талдаа их омог бардам хүн. Нэгэнт нөхөр маань ойлгохгүй байсаар бид ийм байдалд хүрсэн бол би гуйхгүй, авах ч зүйл байхгүй. Хайр байхгүй юм бол өөр хүнээс авах дээдийн зүйл юу байдаг юм, ямар ч тэтгэмж авахгүй, өөрөөсөө төрүүлсэн хоёр эрдэнээ аваад явна гээд эргэж харалгүй гараад алхаж байсан хүн. Тийм үед хувь тавилан намайг Баянзүрх дүүргийн хүнд хэцүү амьдралтай бүсгүйчүүдтэй уулзуулж байсан. Ургамлын тосыг граммлаж авч байгаа, байцааг 5, талхыг 10 хуваагаад авч байгаа, ТҮЦ-ндээ өртэй байгаа хэдэн мянган эмэгтэйчүүд... Тэдний дэргэд өөрийгөө өрөвдөх эрхгүйгээ мэдэрсэн. Өнөөдөр хүүхдүүд маань элэг бүтэн сайхан амьдарч байна. Элэг бүтэн амьдрал маань ч хэн нэгний элгийг эвдэж бүтээгүй гэдгийг хэлэхийг хүсч байна. Хайрыг хүн хулгайлаад өвөртөө хийчихнэ гэж байдаггүй. Хүн уртын уртад өнө мөнхөд үргэлжлэх амьдралдаа хэн нэгний аз жаргалыг булааж болохгүй. Хүмүүс аливаа зүйлийг ярихдаа үнэн мөнтэй нь тунгааж дэнсэлж ярих хэрэгтэй. Хүүхдүүд маань өнөөдөр аавын хайр гэдэг сайхан зүйлийг үзээд явж байна. Би ч гэсэн өнөөдөр эр хүний хайрыг үзэж байна. Энэ хоёр зүйлд л би өөрийгөө жаргалтай гэж хэлэхэд хангалттай болов уу гэж бодож байна. Ахиад тодотгож хэлэхэд хүмүүс хүнийг харлуулж бусдын хайр, аз жаргалыг нь булаачихсан мэтээр ярьдаг. Хэрэв үнэхээр жинхэнэ аз жаргал мөн бол хэзээ ч булаагддаггүй, хулгайлагддаггүй юм. Сэтгэлээ булаалгачихаад, айлд ангайгаад сууж байдаг эр хүн өнөөдөр байдаггүй байлгүй дээ! Хүн хүнээ хайрлахын жаргал болоод зовлонг давхар эдлээд л явж байна гэж бодож байна. Жаргалгүй дан хар зовлон, зовлонгийн өчүүхэн хэлтэрхийгүй жаргал гэж байдаггүй. Жаргал зовлон тэнцсэн амьдралд жаргалаа илүү гэж бодож явна. Би ард түмнээсээ тасарч, элбэг тансагийн дээжинд умбаж, хэн нэгэн баян эрээр тэжээлгээд сууж байгаа эмэгтэй биш. Өрх толгойлохдоо өрх толгойлж, амьдралыг ганцаараа үүрч явахдаа үүрч явсан монголын олон олон эмэгтэйчүүдийн нэг.

     

    -Бидний яриа өндөрлөж байна. Урилгыг маань хүлээж авч, чин сэтгэлийн яриа өрнүүлсэнд баярлалаа. Цаашдынх нь ажилд маш их амжилт хүсье.

    -Би ч гэсэн Ганаадаа баярлалаа. Эрүүл энх, сайн сайхныг хүсье.

     

                                                                                                                                #interview сэтгүүл №02/002/

Сэтгэгдлүүд : 5

  • Зориг

    Сайхан ярилцлага бна. Их юм боддог, бодсондоо багтдаг сайхан эмэгтэй.

  • Сайхан

    Ийм мундаг сэтгүүлчийг өнөөдөр санаандгүй олж дагаад маш гоё гоё ярилцлага уншиж байгаадаа баяртай бн Баярлалаа Ганчимэг сэтгүүлч ээ

  • Отгондулам

    За Анужин сайхан жүжигчин худалч авгай вэ ууланд бөөлөөд явж бхад чинь таарч бсан шүү!!!

  • zochin

    eej n bujigchin aav n barilgachinii xuuxed biz de chi muu xemjeendee yavaarai chini xajuud bie yos juramtai avaad yavchdag xun bi za xajuud chin tsverxen emegtei bna xachen zuram matarskof baiijiij garal gej uurchlugddui ed bn bnza

  • Neva

    10 Porn Stars Tricks All Pros Recommend Prettiest pornstars

Сэтгэгдэл оруулах

урлан