“ЗИНДАА”-гийн Х.МАНДАХБАЯР: Надад кран байгаагүй ээ

    Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Их хурал 2018 оны хоёрдугаар сарын 8-нд болох тов гарсан. Сэтгүүлзүйн салбарын өнгөрсөн дөрвөн жилийн ажлыг дүгнэж, удирдлага зохион байгуулалтын сонгууль явагддаг учраас сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Их хуралдаа нэлээд ач холбогдол өгч оролцдог. Одоогоор МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр нь дуулдаж байгаа 11 сэтгүүлч байна. Тэдний дундаас цахим ертөнцөд сүүлийн өдрүүдэд нэр нь яригдах болсон Хархүүгийн Мандахбаяртай ярилцлаа.


     

    -Хоёр жилийн өмнө билүү, эмнэлэгт хэвтэж байхад цэцэг бариад ирж байсан. Тэрнээс хойш уулзалдсангүй. Фэйсбүүкээр хааяа таарч л мэнд ус мэдэлцдэг болж дээ, бид. Сайн л яваа харагддаг. Гэтэл саяхнаас сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн даргад өрсөлдөх нь гэж цахим ертөнцөөр цацагдаад уналаа. Миний хувьд урьж ярилцах сайхан боломж юм. Тийм биз дээ?

    -Ингээд ярилцлага эхэлчихэж байгаа юмуу, Ганаа эгч. 

    -Би диктафоноо асаачихлаа. Энэ диктафон ассан л бол чиний үг миний мэдэлд шилжчихлээ гэсэн үг. Чи мэдэх байлгүй дээ.

    -Танд ярилцлага өгнө чинээ бодож явсангүй. Ганчимэг сэтгүүлчийн диктафоны өмнө суугаад. Би одоо хэн ч билээ, юу ч билээ гэж бодогдож байна ш дээ. Нөгөө пальдагдана гэдэг шиг биш шүү. Нээрээ сандраад балмагдаад хэцүү юм байна. Би угаасаа ингэж ярилцлага өгч үзсэн биш. Тэгээд бас болоогүй Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд нэр дэвшинэ энэ тэр гээд том, том юм яриад таны өмнө сууж байна. Би жаахан тайвшрах хэрэгтэй байна. /инээв/

    -Би чамайг мэднэ л дээ. Чи бол утга зохиол, бичиг соёлын ертөнцийнхний тоосон дунд өссөн хүүхэд. Аавыг тань би хүндэтгэж явдаг юм. Манай Э.Хархүү ах бол говиос төрсөн том найрагч. Сэтгүүлзүйн хувьд ч их зөөлөн торгон мэдрэмжтэй хүн. Ийм хүний үр сад сэтгүүл зүй ярихад “том дуугарлаа” гэж бодох хүн цөөхөн биз. Ялангуяа чам шиг хар багаасаа хэвлэл мэдээллийн салбарт ажилласан хүний хувьд. Угаасаа хувь заяа чинь чамайг зохиолч хүний гэрт сэтгүүлч болгоод төрүүлчихсэн юм биш үү?

    -Еэ базарваань. За баярлалаа танд. Би ч сэтгүүлч гэхээсээ илүү менежер хүн шүү дээ. Яг сэтгүүлчийн хувьд ийм мундаг ах эгч нар, найзууд, дүү нарын дэргэд жулдана. Үнэхээр тэр тал дээр том дуугарч болохгүй хүн гэж боддог. Яахав бага залууд диктафон бариад дэрвэж явсан үе бий. Хөөцөлдөж байж нэг том ярилцлага авчихаад шөнөжин тэрийгээ комьпютер дээр нүдээд хонох ч сайхан шүү. Гэхдээ тэр мэдрэмжийг аваагүй удсан байна. Нэлээд хэдэн жил мэдээ бичиж, ярилцлага, сурвалжлаганд гүйсний хүчинд нийтлэл рүү орох шахсан. Даанч дорвитой юм гараагүй л дээ. Тийм учраас өөрийгөө сэтгүүлч гэхээс илүү, хэвлэл мэдээллийн салбарын менежер гэж үздэг. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэдэг том айлд менежментийн хувьд хийх ёстой шинэчлэл, цааш нь идэвхжүүлээд явах томоохон ажлууд байна гэж харж, их том зориг гаргаж нэрээ дэвшүүлж байна. Олон ч найз нөхөд, дүү нар “өрсөлдөөч” гэж хөглөж өглөө. Би энэ салбараас өсч өндийсөн хүн. Өдий зэрэгтэй яваа маань сонин, сайт эрхэлж явсны минь буян. Одоо 21 дэх жилдээ хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарт ажиллаж байна. Үүнээс зургаа долоон жилд нь л бичиж, редактор хийсэн. Бусад үед нь дандаа хэвлэл мэдээллийн байгууллага удирдаж, менежмент хийж явсан байна. Эргээд харахад энэ салбартаа өртэй хүмүүсийн нэг. Тэрнээс биш би л удирдахгүй бол болохоо байчихлаа гэж харж байгаа юм биш. 

    -Чи чинь “Зиндаа”-гаа хэдэн онд байгуулсан юм бэ?

    -2002 онд. Ер нь бол 1998 оны намраас мэдээ бичээд эхэлсэн. Анх сэтгүүлзүйд хөл тавьсан түүхээ танд ярих уу. 

    -За, тэг л дээ. Танай “Зиндаа” сонин бол тухайн үеийн хамгийн том чөлөөт хэвлэлүүдийн нэг байсан. Нэг үе ч захиалгаар бол мундаг байсан шүү. Тийм том сонины эзэн хэвлэлийн карьераа яаж эхлүүлсэн нь уншигчдад сонин байж мэднэ?

    -Түүх ч гэж дээ. Бараг паян гэвэл ононо. 20 настайдаа хоёрдугаар курсдээ аав болчихсон. “Бөмбөгөр” зах дээр хүүхдийн сүү авах гээд тууж явлаа. Тэгсэн алиалагч Д.Галсантогтох гуай нэг микрон дээр гараад зогсчихсон цагаан хоолойгоор хашгираад л сонин зарж байна. Сонирхоод яваад очлоо. Гурван сонинг багцлаад 1000 төгрөг, хэрвээ аз таарвал угаалгын машин, зурагт хожно гэнэ шүү. Бодлоо. Аз таардаггүй юмаа гэхэд гурван сонинтой л харина биз. Аавдаа аваачаад өгчихье гэж бодоод сугаллаа. Тэгсэн нэг улирал сонин захиалах эрх таарчихдаг юм байна. Бөөн баяр. Гэртээ очоод сонингоо уншаад хэвтэж байсан “Хувийн амьдрал” сонины буланд нь сурвалжлагч ажилд авна гэсэн зар байна. Энэ ер нь юу бичдэг сонин юм бол гээд нэгд нэгэнгүй уншлаа. Бичиж болмоор аятай юмнууд харагдаж байна. Аавд “Би энэ сонинд сурвалжлагчаар орвол яадаг бол” гэсэн аав инээгээд “Аав нь ёстой мэдэхгүй юм. Чамайг ажилд авах юм болов уу даа. Миний жанр бол биш байна” гэж байна шүү. Шар сонин гэж хэлж байгаа нь тэр. Маргааш нь редакци дээр нь гүйж очоод сонингоо захиалчихлаа. Захиалга авч байгаа хүнээс нь “Сурвалжлагч ажилд авна гэсэн зар байна, ямар хүнийг авдаг юм бол. Оюутан авах болов уу” гэсэн чинь “Оюутан ажилд авахгүй. Гэхдээ мэдээ, ярилцлагаа өгөөд яваад байж болно. Манайх шагнал их сайн өгдөг” гэж байна. Тэр оройдоо талийгаач алиалагч Д.Батсүх ахынд эхнэр хүүхдээ аваад яваад очлоо. Манай хүний ойрын хамаатан байсан учраас гул барьж байгаа нь тэр. За, тэгээд жаахан хэтрүүлэгтэй гуйлаа. “Ахаа би энэ сонинд ажилд орсон юмаа. Надад яг ийм мэдээллүүд хэрэгтэй байна. Та надад олны танил хүмүүсийн тухай жаахан юм яриад өгөөч” гээд зөндөө юм яриуллаа. Тэр шөнөдөө унтахгүй суугаад 20 мэдээ бичлээ. Маргааш өглөө нь хар эрт редакци дээрээ яваад очлоо. Нөгөө мэдээ авдаг хүүхэн нүдээ том болгоод л гайхаад уншаад байна. “Хэн бичсэн юм” гэж байна. “Би өөрөө бичсэн” гэлээ. “Чи түр хүлээж бай” гээд гараад явчихлаа. Эргэж ирээд ”Чиний энэ мэдээг үнэн гэж яаж итгэх юм. Хаанаас авсан юм” гэж манай редактор асууж байна гэлээ. Би бүх үнэнээ хэллээ. “Гэхдээ та нар Д.Батсүх ахад хэлэхгүй биз дээ, би нууцыг хадгалах ёстой юмаа. Надад үнэхээр ажил хэрэгтэй байна” л гэлээ. Хоёр хоногийн дараа “Хувийн амьдрал” сонины хоёр нүүр дамнаад хажуу колонкууд нь миний мэдээгээр дүүрчихэж. Нөгөө хүүхэн чинь шагналаа ав гээд арван хэдэн мянган төгрөг өгч байна. Пээ итгэж өгдөггүй. Миний амьдралдаа хамгийн их баярлаж, хөөрсөн мөч бараг тэр байх. Аав минь Улаанбаатар сонины редактораар ажиллаад 36 мянган төгрөгийн л цалин авдаг байлаа шүү дээ. Тэрүүгээр нь таван хүүхэд, хоёр оюутантай долоон ам бүл амьдардаг байж. Дээрээс нь би хоёр хүн нэмчихсэн. Дөрвөн буудалд хоёр өрөө шавар байшинд 9 хүн амьдарна. Би хагас бүтэн сайнд хоёр эрэгтэй дүүтэйгээ зах гарч бохь, чихэр зараад хэдэн төгрөг нэмэрлэнэ. Ээж маань яг тэр үедажил бизнес нь жаахан бүтэлгүйтээд гэртээ сууж байсан үе л дээ. Тийм үед хэдхэн мэдээ нийтлүүлээд аавынхаа цалингийн 30 хувийг олчихсон хүн чинь баярлахаас ч яахав. Ингэж би гэдэг хүн “Итгэлт-Оюу” ХХК-д гэрээт сурвалжлагчаар анх ажилд орж байсан. Манай компани “Хувийн соёл”, “Хувийн амьдрал”, “Урт чихт”, “Жигшүүрт хэрэг”, “Яагаад”, “Гадаад амьдрал” гээд зургаан сонин эрхлэн гаргадаг, тухайн үедээ их том байгууллага байсан. Гурван сар болоод жинхэлсэн. Сургуулиасаа шууд жилийн чөлөө авсан. Ерөөсөө хамаг ухаан санаа тэр сонины ажил руу эргэлт буцалтгүй автчихсан. Тэгээд төд удалгүй “Хувийн амьдрал” сонины туслах редактор болж албаны унаа унадаг, аппарат зүүдэг аймаар амьтан боллоо шүү дээ. Би 22 настай компанийнхаа Ерөнхий редактор болж дороо 40 гаруй сэтгүүлч, ажилтан удирдаж ажилласан. Энэ л намайг хэвлэлийн салбарт бизнес хийх дөр суулгаж өгсөн дөө.

    -Гэхдээ чи бичих авьяасыг ааваасаа өвлөсөн байх?

    -Мэдээж тэр бол гарцаагүй. Түрүүнд таныг утга зохиолын тоосон дунд өссөн гэхээр их гоё санагдлаа. Би багадаа яг л тийм амьдрал дунд өссөн. Аав маань багш, ээж оёдлын технологич. Манайх гэдэг айл хоёр идэхгүй, хоосон хонодоггүй л айл байсан. Уран үгийн мастерууд, олон алдартай зохиолчид манайд ирнэ. Манай аав бол ер нь аж ахуйн тал дээр паг, ерөөсөө л эрдэм номын хүн. “Хэдэн номоо л гэхээс биш гэр орны асуудалд санаа зовдоггүй хүн шүү” гэж ээж маань насаараа үглэж байна даа. Гэхдээ ээж маань аавын фэн байсан. Аавын хамгийн эхний сонсогч бол ээж бид хоёр байсан. Аав шинэ шүлэг биччихээд ээж бид хоёрт уншиж өгнө. Зайлуул миний ойлгодог гэж юу байхав. Бүх шүлэг нь л гоё санагддаг байж. Харин ээж бол хэдэн үг хэлнэ шүү. Бага байхад хотоос аавын найз нар гэрт ирнэ. За тэгээд л шөнөжин шүлэг уншина даа. Би хөнжлөө нөмрөөд аавын хажууд суучихна. Архи тулгаж байгаа нь хүртэл гоё харагдана. /инээв/ Согтохоороо бүгдээрээ шүлгээ улам гоё уншина. Паа би ийм л болох юмсан гэж боддог байлаа. Даанч надад аавын минь яруу найргийн онгод заяасангүй. Гэхдээ л дундаж сэтгүүлчийн түвшинд бичгийн авьяас заяасан нь аавын минь буян. Хожим сонины сугалаанд сурвалжлагчийн мандат таараад сэтгүүлзүй рүү эргэлт буцалтгүй орсон хүн л дээ.

     

    БИ САЛБАРЫНХАА ЭРЭГ ШУРАГ БҮРЭЭР ОРОЛДОЖ ҮЗСЭН ХҮН

     

    -Амьдралынхаа замыг сугалаагаар заалгачихсан хүн байх нь?

    -Ёстой л тэгсэн. Манай захирлууд Т.Амардаваа, С.Түмэндэмбэрэл гээд гэр бүлийн хоёр хүн бий. Би энэ хүмүүст маш их талархаж явдаг. Надад сэтгүүлзүйг мэдрүүлж, намайг хөтөлж сургасан хүмүүс бол тэд. Би ч захирлуудынхаа итгэлийг алдахгүйг хичээдэг байсан. Ерөөсөө их шуналтай сурвалжлагч байж. Миний материал нүүрэнд гарахгүй бол бөөн юм болно. Хор шар хөдлөөд илүү их улайрч гүйнэ. Заримдаа тэрнээсээ болоод долоо хоногийн гурван өдөр ажил дээрээ хононо. Би энэ компанидаа дөрвөн жил ажиллаад сургуулиа төгссөн жил буюу 2002 онд “Зиндаа” сониноо бие дааж байгуулсан. 24 настай байж. Түүнээс хойш нэлээд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл үүсгэн байгуулжээ. 2004 онд “Хийморь” сонин, 2005 онд “Хүүхдийн нэвтэрхий толь” сэтгүүл, 2011 онд “Үндэсний мэдээ” өдөр тутмын сонин /хамтарсан/, 2011 онд zindaa.mn сайт, 2012 онд zone.mn сайт, 2014 онд breakingnews.mn сайт, 2017 онд “Зиндаа” сэтгүүлээ байгуулсан. 2015-2017 онд Монгол Сайтын Холбооны ерөнхийлөгчөөр ажилласан. Өнгөрсөн онд орон нутгийн UCTV телевизэд хөрөнгө оруулалт хийсэн. Бас Zaluu.com, Factnews.mn гээд хоёр ч сайт худалдаж авсан. Гэхдээ одоо миний эзэмшлээс гарсан.

    -Яг ний нуугүй хэлэхэд тэр үеийн шар сонинууд цадиггүй байсан шүү. Би бол шүүмжилдэг хүний нэг байлаа. Сайт ч адилхан. Мэдээллийн цензур, мэргэжлийн юм бага харагддаг. Харин “Зиндаа” сэтгүүлийг чинь авч үзээд баярласан. Чи Монголын сэтгүүл зүйд том алхам хийсэн шүү. Их ч хөрөнгө зарсан байна лээ. Тэр олон хуудастай, бичлэгийн олон төрөл жанр агуулсан, хэвлэлтийн чанар, дизайн гээд бүх зүйл нь мэргэжлийн түвшинд хүрсэн. Чи тэндээс яаж энд хүрэв ээ?

    -Шар сониноос том сэтгүүл хүртэл яаж явсан юм гэж үү. /инээв/ Их урт бөгөөд хатуу зам туулсан даа дүү нь. Үүнийг цөөхөн хүн мэднэ. Яг үнэндээ иргэн Х.Мандахбаярын амьдрал хэнд ч сонин биш байх. Харин Монгол улсын сэтгүүлзүйн салбарын толгой байгууллагын дарга болно гээд байгаа энэ товарищ юу бодож санаж явдаг юм бэ гэдэг нь сонин байх. Ямар ч байсан Мандах гэдэг хүн сэтгүүлзүйн салбарт ингэж төлөвшиж чаджээ гэдэг ч юмуу энэ хүртэл яваад л ирж. Сэтгүүлийг маань магтсанд танд маш их баярлалаа. Та ингэж хэлж байгаа бол тодорхой босго давсан байна гэж ойлгож байна. “Зиндаа” сэтгүүл бол миний олон жилийн мөрөөдөл. Би яг өнөөдрийн “Зиндаа”-гийн хуудас бүрийг мөрөөдөж байсан. Энэ шилжилтийг хийхэд 20 жил зарцуулсан. Энэ бол зөвхөн миний түүх биш, манай үеийнхний түүх. Шар бор гэж нэрлэгдэж байсан тэр үеийн чөлөөт хэвлэлүүд дундаас хэдэн сайхан сэтгүүлч төрсөн. Хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн менежерүүд бас том бизнесменүүд ч төрсөн. Яг үнэндээ бид гарааны тэгш бус нөхцлөөс өөрсдийн хүчээр өндийж гарсан. Бидэнд хувьчлаад авсан төрийн үйлдвэр, өмч хөрөнгө байсангүй. Зах зээлийн шилжилтийн үеийн нуга нуга ашигтай ганзагын наймаа ч маниусаас алсарч одсон үед бид хэвлэлийн бизнест бор зүрхээрээ хөл тавьсан. Ёстой нөгөө Аса аваргын хэлдгээр алаан дундаас бид тэсч үлдсэн гэж боддог. Намайг анх сонин гаргахад Кёкүшюзан Д.Батбаяр, тухайн үеийн Кёкүшюзан хөгжил сангийн гүйцэтгэх захирал Б.Батзориг, зөвлөх Я.Төмөрбаатар ах нар дэмжсэн. Эргээд надаас ёстой юу ч нэхээгүй дээ. Зүгээр л сэргэлэн бацаан сурвалжлага сайн хийж байгаарай гээд л дэмжсэн. Б.Батзориг ах маань эхний гурван дугаарын хэвлэлтийн зардал, хоёр компьютер, принтер, скайнер авч өгч байлаа. Би компьютер, принтерийнхээ үнийг буцааж төлсөн. Гурван дугаарын хэвлэлтийн зардал бол буцалтгүй тусламж байсан. Хамгийн гол нь ах нар маань намайг бүтэн хоёр жил үнэгүй байраар хангасан. Та санаж байгаа бол Ленин клубын урд Кёкүшюзан хөгжил сангийн байр гээд гурван давхар улаан тоосгон байшин байлаа. Тэр байшингийн подвальд дөрвөн ширхэг сурагч ширээтэй, Б.Батзориг ахынхаа авч өгсөн компьютер принтертэйгээ хэдэн сайхан нөхөдтэйгөө нийлээд хэвлэлийн бизнесээ эхлүүлсэн дээ. Яг нэг жил хагасын дотор бид “Зиндаа”-г Монгол улсын хамгийн олон захиалагчтай сонин болгож чадсан. Нөгөө олон машин тэрэг, байшин саваа сугалаагаар тараагаад л. 

    -Би хэдэн нийтлэлчтэйгээ хамтраад “Оpen Door” гээд сонин гаргасан. Хэдэн сэтгүүлч цалинжуулж, хэвлэлтийн зардал олох гэж их зүдэрсэн дээ. Надаас хойш Х.Бүрэнтогтох одоо зовж байгаа байх. Одоо нэг юм хийх гээд л зүрхшээгээд байна. Би бол чамайг ойлгохгүй байна. Чи тийм залуудаа тэр сонинг яаж гаргаж ирэв ээ. Цаана нь том кран байна даа л гэж хэвлэлийнхэн ойлгодог байсан?

    -За, эгч минь надад үнэхээр тийм кран мран байгаагүй ээ. Сая нэрлэсэн гурван ах маань дүүгийнх нь эхний бөгөөд эцсийн хандивлагч байсан. Олон сайхан ах нар, бизнесменүүд, улстөрчид надад сайхан хандаж, хамтарч ажиллаж байсаан. Гэхдээ тэд бол хандивлагч биш, бизнесийн зарчмаар хамтарч байсан. Хөрөнгө оруулалт авсан, сонгуулийн сурталчилгаанд нь ажилласан, маркетингийн зөвлөгөө өгсөн гээд цалингаа аваад ажилласан олон сайхан хүмүүс бий. Хэвлэлийн зах зээлд томорч явахад дүүд нь асаалттай арван танк байлаа. Ах нь ард чинь асаалттай байгаа шүү л гэдэг байсан. /инээв/ Харин яг хэцүү хүнд үед тэр танкнууд асдаггүй юм байна гэдгийг би биеэрээ мэдэрсэн. 

    -Тэр ч тийм шүү. Инээж байгаад хэлж байгаа ч гашуун үнэн юм.

    -Миний төлөө асдаг танк бол миний энэ муу толгой, хэдэн бор найз нар минь юм байна гэдгийг би ойлгосон. “Зиндаа” сонин маань 2004-2008 оны хооронд ганц нэг улирлыг эс тооцвол захиалгын тоогоороо дөрвөн жил улсдаа босоо байлаа шүү дээ. Оргил үедээ 65.000 хувь хэвлэгддэг байлаа. Нэг дугаарын реклам сурталчилгаанаас бид доод тал нь 12 сая төгрөг олдог байсан. 2004 оны сонгуулийн үеэр бол гэрээ байгуулах ч завгүй. Төлбөрөө тэр данс руу хийчих гээд л мэдээ материалыг нь тавиад ажилласан. Сонгуулийн өмнөх хамгийн сүүлийн дугаарыг би санадаг юм. Үсгийн фонт долоогоор шахаад материал пиг дүүрчихсэн. Гэтэл нэр дэвшигчийн менежерүүд манай дээр ирээд ганц мэдээ л тавиад өгчих гээд мөнгөө бариад зогсчихсон байж билээ. Тэр үед уг нь би санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүн байхгүй юу. Ёстой лбурхны бэлэг байсан гэлтэй. Чөлөөт хэвлэл сан дээр манай сонинг хэвлэх гэж бөөн юм болно. Би эртэй баяртайдаа ганцаараа энэ амжилтанд хүрчихээгүй. Надад дэндүү сайхан хамт олон байсан. Одоо ч бид хэвлэлийн салбартаа хамт явж байна. Аав ээж, ах дүү нар маань ч миний бизнест тусалдаг байсан. Товчилж хэлбэл, шар сониноос сайт хүрч, өдөр тутмын сонин эрхлэн гаргаж, телевизэд хөрөнгө оруулалт хийж явахдаа энэ салбарынхаа эрэг шурга бүрээр оролдож үзсэн хүн гэж би өөрийгөө дүгнэдэг. Бас болоогүй ээ, залуучуудад зориулсан “650” гэдэг нэртэй кино продюссорлож, C1 телевизтэй хамтран “Big Sale” нэвтрүүлэг хүртэл хийж явсан. Их мэднэ, би чадна гэж хэлж байгаа юм биш. Зүгээр л амьдралын төлөө тэмцэж явахдаа энэ бүхэнтэй таарсан хүн.

    -Танай редакцид одоо хэдэн хүн ажиллаж байна. “Зиндаа” шиг ийм ланжгар сэтгүүл хийнэ гэдэг хэр баргийн аавын хүүгийн бариад авах ажил биш. Чи зоригтой байна?

    -Одоо л нэг цаг нь ирлээ гэж бодсон л доо. “Зиндаа”-гаа ярихаар дүү нь жаахан онгирдог, омогшдог. Энэ нэр эцгийн минь овог шиг намайг дагадаг болж дээ. “Зиндаа” сэтгүүлийнхээ эхний дугаарыг хэвлэчихээд хэдэн найз нартайгаа уугаад хэсэг уйлж суусан. Олон жил мөрөөдсөн ажлаа хийсэндээ тэгсэн ч юмуу. Шинэ юм хийж л байдаг, би тэгэж догдолж сэтгэл хөдлөхөө больсон хүн. Харин “Зиндаа”-гаа дахин сэргээж, сэтгүүл болгож хэвлээд маш гоё кайф авсан. Миний хамгийн үнэтэй өв хөрөнгө бол энэ сэтгүүл. 2009 онд яалтачгүй мөнгө хэрэгтэй болоод “Зиндаа”-гаа би чинь зарж байсан хүн. Хичнээн шөнө зүүдэлж билээ. Сайн хүлэг морио, анд нөхрөө алдчихсан юм шиг нэг л эвгүй байдаг сан. Тэгээд өнгөрсөн жил эрхийг нь буцааж худалдаж авсан. Өөрөө яхийтал сууж байж эхний хоёр дугаараа хийсэн. Одоо манай редакцид 42 хүн ажиллаж байна. Хамт олны минь ур ухаан, оюун бодол, сэтгэл зүтгэлээр бүтэж байгаа оюуны томоохон бүтээл. Монгол хүний сэтгэл оюуныг ариусгаж, Монгол гэдэг дархлааг бага ч гэсэн сэргээж байхыг бид зорьдог. Одоо бол ажилд нь оролцохоо байсан. Найман дугаар хэвлэгдэн гарлаа. Одоо өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг, бас нэхэж авч уншдаг уншигч, захиалагчидтай болж байна. Миний хувьд хувийн бизнес гэхээс илүүтэй сэтгүүл зүйн салбартаа илүү далайцтай ажилламаар байна. Одоо дүү нь яг 40 нас хүрч байна. Энэ сайхан амьдралыг, ийм сайхан анд нөхөрлөлийг би хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбараас олж авсан. Эргээд би энэ салбартаа хариу барих ёстой гэж боддог. Их том ярьж байж магадгүй. Ний нуугүй хэлэхэд 40 нас гэдэг өөрөө том ухаарал, зорилгыг ачаад ирдэг тоо юм байна. Өнөөдрөөс цааш чи юу хийх вэ гэж өөрөөсөө өөрийн эрхгүй асуудаг тийм л нас юм байна гэж ойлгож байгаа. Надад үсрээд л идэвхтэй 25 жил байгаа байхдаа гээд бодсон чинь өөрийн эрхгүй цаг хугацаатай уралдахгүй бол болохгүй нь гэсэн бодол төрдөг юм байна. Миний хувьд өсч өндийсөн энэ сэтгүүлзүйн салбартаа өөрийн хүчийг өргөе гэсэн үнэнхүү сэтгэл, зүтгэл байна.

     

    2.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДЛЫН АРД ГАРСАН

     

    -Тийм л дээ. Уг нь би чамаас сэтгүүлзүйн салбартаа юу хийх вэ гэдгийг л ярилцах гэж дуудсан чинь хазайгаад явчихлаа. МСНЭ-д юу хийж чадах вэ гэдгийг асуухын өмнө би чамаас нэг зүйл тодруулъя. Түрүүнд ярианаас чинь хоёр ч удаа цухалзаад өнгөрлөө. Яг хэцүү хүнд үед чиний төлөө асаагүй танкны тухай ярилаа шүү дээ. “Зиндаа сан” гэдэг хадгаламжийн зээлийн хоршоо байгуулж байсан санагдаж байна. Тэр үеэ дурсав уу. Тэгэхэд яг юу болсон юм бэ?

    -Уг нь миний хувийн түүх хүмүүст сонин биш байх. Гэхдээ та асууж байгаа учраас би хариулъя.

    -Хэрвээ чамд эмзэг байгаа бол энэ сэдвийг орхиж болно.

    -Тийм биш ээ. Энэ бол миний хувьд эмзэг сэдэв биш. Харин ч намайг бусдаас ялгаж харагдуулдаг зөв өнцөг гэж боддог. 2002 онд “Зиндаа” сонинг гаргаад, 2004 оны сонгууль өнгөрөхөд тэр үедээ л хөрөнгөлөг, мөнгөлөг залуу болсон байлаа. “Бест компьютерс”, “Бест принтинг”, “Бест арт”, “Хийморь” сонин, “Их Монгол” шуудан гээд нэг хүн ханавал ханахаар, цадвал цадахаар бизнестэй болсон байсан. Бэлэн мөнгө ч ихтэй. Нэмж юм хийхгүйгээр амьдрахад өөрийгөө хангалттай тэжээх, бизнесийн хувьд хангалттай томрох тийм л орлоготой “Эрхэт Монгол” гэдэг компаниа үүсгэн байгуулсан байсан. Тэгээд хүний шунал гэдэг зүйл бол хэзээ ч зогсдоггүй юм билээ. Би ийм их мөнгийг хоёр жилд хийж байгаа юм чинь банктай болчихвол бүр их баяжина гэж бодсон. Банк гэдгийг хашилтан дотор хэлж байгаа юм. Өдөр тутмын сонин гаргах, хэвлэх үйлдвэр байгуулах, телевиз байгуулах хүсэл төрлөө. Нүдэндээ том том байшин барьж байна гэж төсөөллөө. Тэгээд “Зиндаа сан” гэдэг хадгаламж зээлийн хоршоогоо байгуулаад нэг жил болоод дампуурсан. 2006 оны эхээр хадгаламж зээлийн хоршоодын дампуурал эхэлснийг уншигчид санаж байгаа байх. 2006 оны 12 дугаар сард манай хоршоо албан ёсоор дампуурлаа зарласан. Тэр үед манай хоршоо таван салбартай, 5.2 тэрбум төгрөгийн активтай, 3700 гишүүнтэй байсан. Олон хоршоод дампуураад ирэхээр яагаад ч тогтоон барьж болдоггүй юм билээ. Санхүүгийн бизнесийн үндсийн үндэс нь итгэл дээр тогтдог. Иргэдэд ямар ч итгэл байхгүй болчихож байгаа юм. Тэгээд л хүмүүс хадгаламжаа татаж эхэлсэн. Харин зээл төлөлт илт хүндэрсэн. Энэ цавчаан дундаас санхүүгийн бизнес нүдэн дээр хэдхэн хоногийн дотор нураад уначихдаг юм билээ. Нөгөө цуглуулсан хөрөнгө, бизнес маань хадгаламж зээлийн хоршооны алдагдал руу живчихсэн. Нийтэд нь тооцож үзэхэд би яг 2.7 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Үүнээс хойш би 2011 оныг дуустал зургаан жил өр төлж амьдарсан даа. Гэхдээ ард нь гарсаан.

    -Чи өнөөдөр ямар ч байсан ард нь гарсаан гэж хэлээд сууж чадаж байна. Олон хүнийг хохироогоод, орон шоронд ороод явчихсангүй. Тэр үеийн 2.7 тэрбум төгрөгийн өр гэдэг бол аймшигтай том тоо шүү дээ. Миний санаанд бол багтахгүй байна. Хадгаламж зээлийн хоршооны дампуурал юунаас эхэлсэн юм бэ. Чи бол үнэнд хамгийн ойр хариулт өгөх хүн байх гэж би боддог. Үүнийг үзэж туулсан хүний хувьд?

    -Та намайг биеэ өмөөрч байна гэж битгий бодоорой. Надад алдаа байсан л байх. Тэр том эрсдлийг олж хараагүй, байгаа юмандаа ханаж цадаагүй гээд. Бас хадгаламж зээлийн хоршооны захирлууд дунд маш хариуцлагагүй, буруу зам руу орсон этгээдүүд ч байсан. Энэ бол тусдаа асуудал. Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэг шиг. Гэтэл хадгаламж зээлийн хоршоо гэж луйврын газар гэдэг ойлголтыг нийгэмд маш хүчтэй өгсөн. Жинхэнэ үнэн бол өөр. Энэ бол санхүүгийн зах зээл дээрх хүч тэнцвэргүй дайн байсан. Банк үлдэх үү, хадгаламж зээлийн хоршоо үлдэх үү гэдэг том сонголтын өмнө Монгол улс тулж ирсэн. Санхүүгийн зах зээл нь бичил санхүүгийн байгууллага дээр суурилсан улс орнууд байдаг. Хамгийн тод жишээ нь Канад улс. Тэнд бол банкны үйлчилгээг хадгаламж зээлийн хоршоод үзүүлж байна. Харин банк бол тэднийг зангиддаг тусгай бүтэцтэй. Олон нийтэд илүү хүртээмжтэй, илүү хяналттай санхүүгийн үйлчилгээг хадгаламж зээлийн хоршоод үзүүлдэг гэж үздэг юм билээ. 2004 оноос Монгол улсын санхүүгийн салбарт хадгаламж зээлийн хоршоод маш хүчтэй хөгжиж гарч ирсэн. Жишээ нь, Улаанбаатар банкны татан төвлөрүүлсэн нийт хадгаламж 20 гаруйхан тэрбум төгрөг байхад “Номин сан” хадгаламж зээлийн хоршоо 75 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн байлаа. Улсын хэмжээнд хадгаламжийн активын бараг 30-40 хувь нь хадгаламж зээлийн хоршоодод төвлөрчихөөд байсан. Банкны эзэд маш хүнд байдалд орсон. Тэгээд улс төрчдөөр дамжуулж хадгаламж зээлийн хоршоодыг нухчин дарсан. Цагдаа, прокурор, шүүх бүгдийх нь тархийг угаагаад, заримыг нь худалдаж аваад нийгэмд хадгаламж зээлийн хоршооны эсрэг асар өргөн хүрээтэй хэлмэгдүүлэлт явуулж байж дарж авсан даа. Олон сайхан залуусыг ид хийж бүтээх насанд нь шоронд хийж, олон мянган иргэдийнхээ мөнгийг үнэгүйдүүлж, хоршоодын хөрөнгийг нь луйвардсан. Миний хувьд ч гэсэн тэр хэцүү нэртэй газар орчихоогүй ч оюун санааны хувьд бол хэдэн жил шоронд л байсан. Хүссэнээрээ хүнтэй уулзаж ажил бизнес ярих боломжгүй, итгэдэг хүн маш цөөхөн, шинэ юм хийх гэхэд хөрөнгийн эх үүсвэр олдохгүй, бүх данс нь хоригтой, татвар нийгмийн даатгалын өртэй, хилээр гарах эрхгүй, цагдаа шүүхэд өдөр болгон дуудагдана, хамгийн хэцүү нь өөрийнхөөрөө нэг хором ч амьдрах боломжгүй тийм он цагийг би туулсан. Энэ бол улс төрчид, олигархуудын хамтарч үйлдсэн луйврын төлөөс нь байсан. Үүний дараа монголчуудад ямар үр дүн үлдсэн бэ. Хэдэн арилжааны банкаар дамжуулаад улс төр, бизнесийн эрх ашгаар сүлжилдсэн хэдхэн бүлэглэл Монголын хамаг өнгөтэй өөдтэй бизнес, газрын баялгийг аравхан жилийн дотор үндсээр нь сорчихлоо шүү дээ. Өнөөдөр банкуудын зээлийн хүү яагаад ийм өндөр хэвээр байна. Ямар ч хараа хяналтгүй учраас тэр. Дээрээс нь нэгэнт ийм их мөнгөтэй болчихсон хүмүүс эрх мэдлийг өөрийнхөө хүссэн зүгт залуурдаж байна. Би энэ талаар ном бичиж байгаа. Тэндээс хүмүүс илүү дэлгэрэнгүй унших боломжтой.

     

    УЛСТӨРЧИД СЭТГҮҮЛЧДИЙГ АШИГЛАХ БИШ, СЭТГҮҮЛЧИД УЛС ТӨРЧДИЙГ АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

     

    -Энэ талаар хоёулаа дараа жич ярина аа. Номыг чинь гарсны дараа чамайг ахин урьж нэг “мөлжинө” өө. Хадгаламж зээлийн хоршооны тухай жинхэнэ түүхийг чи надад ярьж өгнө шүү. Одоо үндсэн сэдэв рүүгээ оръё. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчөөр сонгогдвол яг юу хийхээр зорьж байна вэ?

    -Би Монголын Сайтын Холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хэдэн зүйл ажигласан. Бид ерөөсөө энэ салбарынхаа төлөө нэгдэж ажиллаж чаддаггүй юм байна. Яг үнэндээ манай сэтгүүлчид бол их амбицитай хүмүүс. Мэргэжлийн онцлог ч биз. Тэр амбицаа салбарынхаа хөгжлийн төлөө, эх орныхоо тусгаар тогтнолын бүрэн бүтэн байдлын төлөө, хүн ардынхаа сайн сайхны төлөө л гаргах ёстой байх. Ардчилсан нийгмийн үнэт зүйл бол хүний эрх, чөлөөт хэвлэл гэж дээр дооргүй ярьдаг биз дээ. Тэгэхээр бид бол Монгол улсын ардчиллын үнэт зүйлийг тээж яваа хүмүүс. Бүр том утгаар нь хэлбэл бид Монгол улсын тусгаар тогтнолыг сахин хамгаалах үүрэгтэй ээлжгүй манаач нар. Энэ хэдэн улстөрчдөд улс орны хувь заяаг даатгаад үлдээж болохгүй. Байнга дэргэдээс нь сануулж, засч залуурдаж байх ёстой. Бид дөрөв дэх засаглалын үүргээ биелүүлэх ёстой. Эрхээ ч эдлэх ёстой. Харамсалтай нь улстөрчид биднийг залуурдах гээд байна. Бид санхүүгийн хувьд тэдний эрхшээлд орчих гээд байна. Үүнийг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Тиймээс хувийн жижиг амбицаа дараад энэ салбарынхаа жинхэнэ хөгжлийн төлөө хамтарч ажиллацгаая гэж нөхдөдөө уриалмаар байна. Хэрвээ энэ байгууллагыг удирдах боломж надад олдвол миний бие дөрвөн багц зорилтыг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлнэ. Нэгд, Сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллах. Хоёрт, Хууль эрх зүйн орчныг сайжруулах. Гуравт, Санхүүгийн хараат бус байдлыг салбарын түвшинд нэмэгдүүлэх. Дөрөвт, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх.

    -Хоёулаа жаахан задалж ярья. Үнэхээр манай салбарын хууль эрх зүйн зохицуулалт муу байгаа. Яг яаж өөрчлөх вэ?

    -Улс төрчид “Монгол бол ардчилсан улс. Баталгаа нь чөлөөт хэвлэл мэдээлэл байна” гэж байнга л рекламддаг. Харин төрийн эрхэнд гарангуутааөнөөх ардчиллын баталгаа болсон хэвлэл мэдээллийн амыг барих, өөртөө үйлчлүүлэх арга зам хайж эхэлдэг. Аль ч нам нь ялгаагүй. Бүгд адилхан юм байна. Эрүүгийн хуулиас гүтгэн доромжлох гэдэг зүйл ангийг хасуулах гэж хичнээн жил бид тэмцэв. Үр дүн нь Зөрчлийн тухай хууль. Зөрчлийн тухай хуулиар зөрчил гаргасан эсэхийг тогтоох чадамжгүй этгээд өндөр хэмжээний торгууль оногдуулдаг байдал бий боллоо. Сэтгүүлчийн ажлыг хорооны цагдаа дүгнэж байна. Монголын хэвлэл мэдээллийн салбарт өнөөх торгууль нэртэй эдийн засгийн дарамт улам нэмэгдэж байна. Биднийг шоронгоор дарамталдаг байсан бол одоо торгуулиар айлгадаг боллоо. Сэтгүүлчид бид өөрсдөө төрийн хууль, мэргэжлийн ёс зүйгээ баримталж ажиллах ёстой. Гэхдээ Зөрчлийн тухай хуулинд шууд хувь сэтгүүлчийг 2 сая, хэвлэл мэдээллийн хэрэгслийг 20 сая төгрөгөөр торгох заалт орсон. Өөр ямар ч хувилбар байхгүй. Энэ хуулийн заалтыг ядаж шатлалтай болгох ёстой. Огт байж болохгүй гэж хэлээгүй. Эргэж харах хэрэгтэй. Үүнээс гадна тусгай зөвшөөрөл гэж нэг том асуудал бий. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох эрх мэдэл бүхий байгууллага уг нь хэнээс ч хараат бус байх ёстой. Гэтэл хамгийн том цензур тогтоодог, шантааж хийдэг байгууллага болсон. Эдгээр байгууллага Засгийн газрын бүтцэд багтаж, сонгуулийн үр дүнгээс шалтгаалан радио, телевизийн тусгай зөвшөөрлийг цуцлах, эс цуцлах тухай асуудал үүсч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздийг улс төрийн намын гишүүнчлэлээр ялгаварлан гадуурхдаг байдал газар аваад удаж байна. Одоо бараг бид өөрсдөө дасан зохицож байна гэвэл хэтрүүлэг болохгүй. Үүнтэй эвлэрэх биш зогсоох ёстой биз дээ. Уг нь сайт гэдэг хувийн өмч. Хувийн өмчийг хуулиар хамгаалсан олон заалт бий. Гэтэл өнөөдөр энэ хувийн өмчинд хэн дуртай нь хүссэн үедээ халдаж байна. Дур зоргоороо хаадаг, нээдэг, хэн нэг даргыг шүүмжилсний төлөө шууд бойкот хийдэг болсон. Нууцгүй хэлэхэд тагнуул, цагдаагийн байгууллага ч хэвлэл мэдээллийн салбарт шууд оролцдог болсон. Монгол Улсын Үндсэн хуулиас давсан эрх мэдэлтэй байгууллагууд олон болчихлоо. Бүгд хаасан боосон, хавчсан шахсан байдалтай байгаа нь үнэн шүү дээ. Хэвлэл мэдээллийн байгууллагыг НӨАТ-аас чөлөөлсөн хуулийн заалт байсан. Төрөөс хэвлэл мэдээлэлд үзүүлж ирсэн хамгийн том дэмжлэг энэ л байсан. Гэтэл энэ заалт бас л хүчингүй болсон. Оюуны өмчийн асуудал гээд асар том маргаан байна. Оюуны өмчийн эрх зүйн орчинд сэтгүүлчийн бүтээлийг хамгаалсан хуулийн заалт тун бага. Хуулийнхан Оюуны өмчийн тухай хуулийг дур зоргоороо л тайлбарладаг. Дээр нь оюуны өмч зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага сул. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын бэлтгэж байгаа контентын үнэлгээ хэтэрхий бага. Тэдний бэлтгэсэн мэдээ, мэдээлэл, контентыг IPTV-ийнхэн бусдад дамжуулдаг. Хэрэглэгчээс ч, бэлтгэн нийлүүлэгчээс ч их хэмжээний мөнгө авдаг монполиуд бий болсон. Төлбөрөө төлсөнгүй гэж хэрэглэгчийн мэдээлэл авах эрхийг хаана, дээрээс нь төлбөр өгсөнгүй гэж хэвлэл мэдээллийнхнийг шахна. Нөхцөл байдал ярвигтай, хүнд. Үнэхээр маш хязгаарлагдмал хууль эрх зүйн орчинд хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаа явуулж, сэтгүүлчид маань ажлаа хийж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай, Цахим орчны зохицуулалтын тухай, Мэдээллийн технологийн тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай, Контентын тухай гээд олон хууль манай салбарт хэрэгтэй байна. Олон хуулийг шинээр боловсруулах, зарим хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа. “Тэрний эрх зөрчигдөөд байна. Тэд хохироод байна. Энэ салбарт тийм хууль хэрэгтэй байна” гээд л сэтгүүлчид маань бусдын төлөө гүйгээд байдаг. Гэтэл бид өөрсдөө яачихсан улсууд юм. “Манай салбарт яг ийм хууль эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байна” гэж барагтай л бол дуугардаггүй. Дуугарч байгаа нэгнээ дэмждэггүй. Үе үе, гэнэ гэнэхэн улстөрчид л “эздийнхээ” захиалгаар хууль нэртэй нэг тийм ядруухан бичиг баримт хавтаслаад парламент руу гэтдэг боллоо. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчилнө гэж 10 гаруй жил ярилаа. Энэ хооронд хичнээн хууль батлагдаж, хэдэн хууль шинэчлэгдсэн бол. Тиймээс бид энэ асуудалд дорвитой анхаарал хандуулж, бүх хүчээрээ хамтдаа тэмцэж шийдүүлж авахгүй бол сэтгүүл зүйн салбарын хөгжил ярих нь утгагүй болж байна.

    -Хууль эрх зүйн орчноос гадна сэтгүүлчдийн маань мэдлэг боловсрол, ур чадвар гэж айхтар асуудал бий. Үнэнийг хэлэхэд зарим сэтгүүлчдийнхээ өмнөөс нүүр улайх үе их болж?

    -Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэргэд эрдэмтэд, судлаачид, ахмад сэтгүүлчдээс бүрдсэн том баг ажиллах учиртай. Энэ баг Боловсролын яамтай, сэтгүүлч бэлтгэж байгаа Их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж, сэтгүүлч бэлтгэж байгаа сургалтын хөтөлбөрөө эргэж харах ёстой гэж би үздэг. Стандарт хэмжил зүйн үндэсний зөвлөлөөс 2003 онд баталж, улсын хэмжээнд мөрдөж байгаа Сэтгүүл зүйн чиглэлийн бакалаврын боловсролын стандарт гэж байдаг юм билээ. Энэ стандарт өнөөдөр үүргээ биелүүлж чадаж байна уу? Ур чадвартай, ёс зүйтэй сэтгүүлч бэлтгэх шаардлагад стандарт маань өөрөө нийцэж байна уу гэдгээс эхлэж ярих нь зүйтэй. Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Төрийн ордонд Цахим сэтгүүлзүйн анхдугаар форум зохион байгуулж, тэр үеэр “Отгонтэнгэр” Их сургуультайхамтран бакалаврын зэрэгтэй цахим сэтгүүлч бэлтгэх мэргэжлийн ангийг анх удаа нээсэн. Цахим орчин, мэдээллийн аюулгүй байдлын талаар илүү мэдээлэл, мэдлэгтэй сэтгүүлчид тэнд бэлтгэгдэж байгаа. Сэтгүүлчийн ур чадвар, ёс зүй гэдэг хоёр асуудлыг салгаж ярих боломжгүй гэж би боддог. Өмнө нь яг үнэндээ редакцийн гал тогоо, тэнд ажиллаж байгаасэтгүүлчид маань өөрсдөө сэтгүүлчийг мэргэшүүлж бэлтгэдэг байлаа. Харин өнөөдөр өдөр тутмын цөөн хэдхэн сонин, телевиз, ганц нэг сайтыг эс тооцвол сэтгүүлч сэтгүүлчээ бэлтгэдэг энэ залгамж чанар алдагдсан. Дөнгөж сургууль төгссөн залуу сэтгүүлчид хэвлэл мэдээллийн том салбарт орж ирээд учраа олохгүй хөл алдаж байгаа нь ч нууц биш. Сургах, сургасан сэтгүүлчийг дадлагажуулах ажлыг Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл бодлогоороо дэмжих хэрэгтэй. Нөгөө талаар ёс зүй. Өнөөдөр сэтгүүлчийн ур чадвараас илүүтэйгээр ёс зүй алдагдаж байгаад би харамсдаг. Ёс зүйгээ баримтлаагүйгээс болж сэтгүүлчид маань өөрсдөө хариуцлагад унаж, сэтгүүл зүйн салбарынхаа нэр төрийг давхар хөөдөж байгаа. Нягт нямбай байх, шударга байх, мэдээллийг тэнцвэртэй хангах, бусдын оюуны өмчийг дээдлэх гээд сэтгүүлчийн үйл ажиллагааны хэм хэмжээг тодорхойлсон ёс зүйн зарчмыг бид нийтээрээ дагаж мөрдөх учиртай. Энэ чиглэлийн сургалтуудыг зохион байгуулахын зэрэгцээ ёс зүйн зарчмаа зөрчсөн бол хүлээдэгхариуцлагыг ч бид өнөөдөр ярих цаг болсон. Сэтгүүлчдийн байгууллага сэтгүүлчдийнхээ эрх ашгийг хамгаалах ёстой. Гэхдээ сэтгүүлчээ хамгаалж байна гээд алдаагаа хамт хамгаалж суух ёсгүй.

    -Сэтгүүлчдийн ёс зүй яриад ирэхээр хөрөнгө мөнгөний асуудал сөхөгдөх гээд байдаг гэмтэй. Хаалтын гэрээ ч гэдэг юм уу. Үнэнийг хэлэхэд Монголын сэтгүүлчид ч, сэтгүүлчдийг нэгтгэсэн мэргэжлийн төв байгууллага маань ч гэсэн хөрөнгө мөнгөний дутагдалтай л байна шүү дээ?

    -Хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Монголын сэтгүүлчдийг нэгтгэсэн 67 жилийн түүхтэй байгууллага 60 гаруй жил айл айлын хаяанд толгой хоргодож, хөөгдөхдөө хөөгдөж явсаар сая л Б.Галаарид ерөнхийлөгч өөрийн гэсэн байртай болголоо. Үүнээс үүдээд санхүүгийн хараат байдлаас яаж гарах ёстой юм бэ гэсэн асуулт гарч ирж байна. Монголын Сэтгүүлчдийн эвлэл дан ганц гишүүдийнхээ татвараар санхүүжиж байгаа нөхцөлд цаашдаа том хөгжил ярих боломжгүйгэдгийг өнгөрсөн он жилүүд бидэнд баталж өглөө. Одоо гадагшаа, дотогшоо хандсан илүү нээлттэй бодлого баримталж ажиллах шаардлагатай. Гадагшаа хандсан төсөл хөтөлбөр, хамтын ажиллагаа, контент солилцоо, сургалт сурталчилгааны ажлуудыг хийх ёстой. Дотооддоо бид төрийн дэмжлэгийг авах шаардлагатай. Улстөрчид сэтгүүлчдийг ашиглах биш, сэтгүүлчид улстөрчдийг ашиглах хэрэгтэй байна. Сэтгүүлчид хараат бус байх ёстой. Гэхдээ хараат бус байна гээд төрийн бодлогын гадна хаягдаж үлдэж таарахгүй. Өөрийн гэсэн хуульгүй, байргүй, төсөвгүй, нийгмийн асуудлаа эмхэлж цэгцэлж чадаагүй хаягдаж үлдэх дээрээ тулсан ганц салбар бол сэтгүүл зүй. Гэтэл ямар их мөнгө сэтгүүл зүйн нэрээр, мэдээлэл сурталчилгааны нэрээр урсаж байгааг олон нийт төсөөлөх ч үгүй байгаа. Манай салбарын оролцоогүй хөгжиж байгаа, олон нийтэд мэдээлэл түгээж байгаа салбар гэж байна уу. Mэдээлэл сурталчилгаанд зориулсан төрийн байгууллагын төсвийг хэрхэн зарцуулж байгаад тавьдаг хяналт, ямар нэгэн дүрэм, журам, зохицуулалт байхгүй. Хэдхэн хүнд цөөхөн төгрөгийн гэрээ байгуулсан болоод үлдсэн төлбөрийг нь халаасалдаг. Цөөхөн хэдэн төгрөг өгөхдөө зүгээр ч нэг өгөхгүй. Заавал хаалт, боолт ярьдаг. Үүнээс гадна Монгол Улсын нэрээр орж ирж байгаа олон улсын төсөл хөтөлбөрүүд гэж бий. Хэдэн арван тэрбум төгрөг мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх, сургалт сурталчилгаа явуулах гэсэн нэрээр орж ирдэг. Цөөхөн хэдхэн зурагт хуудас хэвлэж, телевизийн ганц нэг мэдээ гаргасан болоод тайлангаа хаадаг. Тэр их мөнгө хаагуур урсаад байна аа. Энэ мөнгийг ил тод болгож, хөөцөлдөж олж авч зарцуулах ёстой зүйлд нь шударгаар зарцуулдаг болгоё. Манай салбарын санхүүжилт эндээс л босоод ирнэ. Бид бусдаас гуйгаад явах шаардлагагүй. Далд байгаа тэр эдийн засгийг л ил болгоё. Тэгвэл аяндаа бидэнд хийх ажил ч ундраад ирнэ, мөнгө санхүүгийн асуудал ч дагаад шийдэгдэнэ.

     

    СЭТГҮҮЛЗҮЙН САЛБАР НЬ СЭТГҮҮЛЧЭЭ ТЭЖЭЭЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА УЧРААС ОЛОН АВЬЯАСЛАГ СЭТГҮҮЛЧИД САЛБАРААСАА ЯВЧИХААД БАЙНА

     

    -Үнэхээр манай сэтгүүлчид хүндхэн нөхцөлд ажиллаж байгаа. Би өөрөө амьд жишээ байна.Би байрныхаа зээлийг төлөхөд ихэнх жилээ зориулсан. 38 хүртлээ байрны зээлээ төлөх гэж махаа идэж зүтгэсэн. Саяхан “Зиндаа” сэтгүүл нэг сэтгүүлчдээ гурван өрөө байр бэлэглэлээ гэдгийг сонсоод тэр сэтгүүлчийн өмнөөс би чамд үнэхээр их баярласан. Сэтгүүлчийн хөдөлмөрийг үнэлж чаддаг ийм хүн олон байгаасай.

    -Баярлалаа танд. Манай “Зиндаа” сэтгүүл, Zindaa.mn сайтын редактор Д.Дамдинжав гэж авьяаслаг сэтгүүлч бий. Бид хоёр уг нь найзууд. Одоо бол дарга цэрэг болчихож. Гэхдээ манай редакцийнхан намайг захирлаа даргаа гэхээсээ илүүтэй ахаа, андаа л гээд явж байдаг. Дарга үедээ дарга, найз үедээ найз. Манай Д.Дамдинжав над дээр өөрөө ирсэн. “Найз нь нас явах нь ээ. Болсон болоогүй юм хийж явсаар өдий хүрчихлээ. Хүний төлөө ч ажиллаж үзлээ, өөрөө ч юм оролдлоо. Би найздаа зүтгэе. Чи надад байр шийдэж өг” гэсэн. Би тэгэхээр нь хэлсэн. “Би чамд шууд байр өгч чадахгүй. Чи юу хийж чаддагаа харуул. Найз нөхөд хамаагүй” гээд хоёулаа гэрээ байгуулаад ажилласан. Хоёр жилийн дотор Д.Дамдинжав Зиндаагийн өнгө болсон сайхан хэдэн нийтлэл, ярилцлагуудыг гаргасан. Би 2017 оны байгууллагынхаа хөдөлмөрийн аваргаар Даймаагаа тодруулж гурван өрөө байраар шагнасан. Тэрийгээ сая гардуулж өглөө. Би өгөх л гэж өгсөн. Харин Д.Дамдинжав маань хамтдаа зүтгээд байна аа л гэж байгаа. Бид ингэж бие биесээ бодитой дэмжих ёстой. Хэлсэндээ хүрдэг байх хэрэгтэй. 2004 онд Д.Ариунаа гэдэг сэтгүүлчдээ анх удаа байр өгч байсан. Гэхдээ тэр үед байрны төлбөрийнх нь 60 хувийг шийдэж өгч байж. Түүнээс хойш би гурван ажилтандаа 100% төлбөрийг нь даагаад байр шийдэж өгсөн. 30 хувийг нь даагаад зээлэнд хамруулсан хэдэн сэтгүүлч бий. Би чаддагсан бол редакцидаа ажиллаж байгаа хэдэн сэтгүүлч, админуудаа бүгдийг нь байранд оруулчих юмсан гэж мөрөөддөг. Болох байх аа. Сэтгүүлч хүн ар гэрийнхээ асуудлыг шийдэхгүйгээр ажилдаа анхаарал хандуулж чадахгүй. Сэтгүүлчийн ажил бол хамгийн хариуцлагатай, хамгийн үнэ цэнэтэй ажил. Бид алдаа гаргавал нийгмийн оюун санаанд гажилт үүсдэг. Бид сайхан зүйлийг зөв бичээд түмэнд түгээвэл нийгмийн сэтгэл зүй, оюун санаа эрүүлжиж байдаг. Нэг хүнд худлаа ярихад ямар их хор уршигтай байдаг билээ. Тэгвэл нэг сэтгүүлчийн мэдээ, нийтлэл хэдэн хүнд хүрч байна. Яг энэ талаас нь харж сэтгүүлчээсээ хариуцлага шаардахдаа нийгмийн асуудлыг нь дандаа давхар тооцож явах ёстой. Би таны тухайд жишээ татаж хэлмээр санагдлаа. Таны нийтлэл, ярилцлагуудыг уншиж өссөн хүүхдүүдийн нэг нь би. Хүмүүс бол алдарт Б.Ганчимэгийг тасарчихсан л гэж боддог байх даа. Зайсанд олон өрөө гоё харшид амьдардаг том сэтгүүлч гээд л ярьдаг байж магадгүй. Гэтэл нөгөө Б.Ганчимэг аравдугаар хороололд олон жилийн өмнө зээлээр авсан байрандаа л амьдардаг гэдгийг миний үеийн дүү нар нь л мэднэ. Мэдэх тусмаа хайрладаг, халагладаг. Гэхдээ цаашид бид зүгээр хараад суухгүй. Өнөөдөр аль нэг улстөрчийг дагасан хэвлэлийн төлөөлөгч хоёр жилийн дотор байрны асуудлаа шийдчихэж байна. Гэтэл насаараа сонины редакцид амьдарсан нь нэг иймэрхүү. Би таныг ч юмуу, өөрсдийгөө доош нь хийж байгаа юм биш. Гэхдээ бодит байдал ийм байгаа. Сэтгүүлзүйн салбар нь сэтгүүлчээ тэжээж чадахгүй, санхүүгийн хувьд тогтоон барих боломжгүй байгаа учраас олон авьяаслаг сэтгүүлчид салбараасаа явчихаад байна. Сард 200 долларын цалинтай сэтгүүлчдээ буруутгах ч арга алга. Эцсийн бүлэгт хүн өөрийнхөө амьдралыг л бодно шүү дээ. Үнэхээр энэ салбартаа хайртай хэдхэн хүн л хоолтой хоолгүй хоолойгоо хорсгоод үнэнч зүтгэж яваа байх. Бид энэ байдлыг засах ёстой. Үүний тулд бид МСНЭ-ийг төсвөөс санхүүждэг болгох хэрэгтэй гэж би үзэж байгаа. Улс төрчдөөс биш ард түмнээсээ санхүүждэг болцгооё. Яг үнэнийг хэлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид маань улс төрчидтэй гэрээ байгуулаад санхүүжилт аваад байхаар тэдэнд л үйлчлэх өртэй болчихоод байна. Ер нь МСНЭ төсвөөс санхүүжилт авлаа гэхэд байгууллагадаа л үлдэнэ. Редакцид юмуу сэтгүүлчид шууд очихгүй байгаа учраас эргээд нэхэл байхгүй гэсэн үг.

    -Урьд нь ер нь ийм санаачилга гарч байсан уу?

    -Гарч байсан юм билээ. Даанч сэтгүүлчид маань өөрсдөө дэмжээгүй. Ихэнхдээ МСНЭ үйлдвэрчний эвлэлийн үүрэг гүйцэтгэж ирсэн. Уг нь сэтгүүлчийн мэргэжлийн эрхийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй. Төсвөөс санхүүжилт хүсье гэхээр МСНЭ-ийг худалдах гэж байна, улстөрчидтэй хуйвалдах гэж байна гээд манайхан өөрсдөө тас цохиод хаячихдаг. Тэгээд бүгдээрээ мөнгөгүй, хуульгүй хоцордог. Төрөөс санхүүжилт авдаг маш олон төрийн бус байгууллага, холбоодыг нэрлэж болно. Тэд авч болоод байхад бид яагаад болдоггүй юм гэсэн барьцсан үзлээр би хандаж байгаа юм биш. Ийм жишиг байна аа гэдгийг л хэлж байгаа юм. Бас нэг асуудал байна. МСНЭ хэвлэл мэдээллийн хэрэгслийг гишүүнээр элсүүлдэг болсон нь маш том дэвшил болсон. Бид ажил олгогчдын өмнөөс сэтгүүлчдийг нь турхираад байж болохгүй. Хэдэн хүний цалин өгөх гэж энэ хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд яаж зовж байгааг энэ ажлыг хийж үзсэн хүн л ойлгоно. Машинаа ломбардаад, байраа барьцаалаад цалингаа тавих үе гардаг л юм даа. Тэгэж байж тэсч үлддэг. Тэрийг давахгүй бол бүх юмаа алдаад өөрөө юу ч үгүй хоцорсон жишээ олон байгаа. Тийм учраас сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздийн эрх ашгийг адилхан хамгаалж явах ёстой.

     

    ГАДААД ХАРИЛЦАА, ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР, МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН БАЙНГЫН ОРОН ТООТОЙ ГУРВАН ТОМ ХЭЛТЭС БИЙ БОЛГОМООР БАЙНА

     

    -Б.Галаарид ерөнхийлөгчийн ажлыг яаж үнэлдэг вэ?

    -Би Б.Галаарид ерөнхийлөгчийг маш хүнд нөхцөлд сайн ажилласан гэж боддог. Гэхдээ нэг зүйл дээр шүүмжилнэ. Хэтэрхий төвийг сахиж, улс төрчдөөс зайгаа барьсан нь алдаа байсан. Б.Галаарид ерөнхийлөгч хэдэн ч засгийн нүүр үзэв. Төрийн толгойд хэн байх нь хамаагүй бид өөрсдийн эрх ашгийн төлөө ойлголцож, хамтарч ажиллах ёстой. Тэднээс дөлж зугтаах хэрэггүй. Болгоомжлол бол байх ёстой. Аль ч намын дарга нартай уулзаж асуудлаа ойлгуулах ёстой. Эрх барьж байна уу, сөрөг хүчин байна уу хамаагүй. Гуравдагч хүчин, иргэний хөдөлгөөнийхөнтэй ч уулзах хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт эд нар чинь ээлжлээд л төрийн толгойд очно шүү дээ. Эн тэнцүү, хана чацуу гэдэг шиг улс төрчидтэй уулзах үедээ уулзаж, хэлэлцэх үедээ хэлэлцэж, учирлах үедээ учирлаж байж энэ хэдэн хуулиа батлуулж авна. Улс төрчид бол биднийг байнга “хайрын” нүдээр харж байдаг хүмүүс. Тэглээ гээд өвөр түрийд нь орчих гэсэн үг биш. Монгол улсын сэтгүүлзүйн салбар гэдэг энэ том айлыг хөгжүүлэхийн тулд хамтарч ажиллахаас өөр гарц бидэнд байхгүй. МСНЭ-ийн удирдлага улстөрчтэй уулзана гэхээр салбараа улс төржүүллээ гэсэн шүүмжлэл гардаг. Улс төрчид МСНЭ-ээр дамжуулаад редакцийн бодлогод нөлөөлөх юмуу. Хэн нэгэн удирдлагаар дамжуулаад сэтгүүлчийн үзэл бодлыг өөрчлөх юмуу. Хэзээ ч тийм юм байхгүй. “Манай салбар бол сэтгүүлчийн эрх чөлөөг шийдсэн, санхүүгийн эрх чөлөөгөө шийдэж чадаагүй” гэдэг Б.Галаарид ахын үгтэй би санал нийлнэ. Хэрвээ МСНЭ-ийн хэн нэгэн удирдлага аль нэг улс төрчийг магтан дуул, эсвэл шүүмжлэхээ боль гэж сонин, телевизүүдэд үүрэг өгвөл яг тэр цаг дор тухайн удирдлага, захиалсан улстөрчтэйгөө хамт “будаа” болно. Ёстой алуулна биз дээ. Ер нь манай сэтгүүлчид бие биесээ шашин шүтлэг, улс төрийн үзэл бодлоор нь гадуурхаж, ялгавартай хандаж болохгүй. Бид МСНЭ-ийн хаалгаар орохдоо улс төрөө уяан дээрээ аргамжаад орж ирдэг ёс суртахуунтай, ухамсартай байх ёстой. Тэрнээс биш чи АН-ын тэрний хүн, МАН-ын энэний хүн гэдэг зүүсгэл, хоч оноогоод эхэлбэл аюул болно шүү. Бид бусдын олз л болно. Энэ салбарт хийх ёстой нэг ч ажил урагш ахихгүй. Үүнийг манай зарим сэтгүүлчид ойлгохгүй МСНЭ рүү улстөрчид санаархаж байна гэх утгатай гүжир мессеж салбар дундаа хаяж ч байх шиг. Бид яагаад нэг нэгэндээ хүртэл ийм хар технологи хэрэглэхдээ тулчихав. МСНЭ сэтгүүлчдийнхээ мэргэжлийн эрх, редакциудынхаа нийтлэлийн бодлогод хэрхэвч нөлөөлж болохгүй. Хэрвээ би МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдвол энэ зарчмыг хатуу мөрдөж, шаардаж ажиллана. 

    -МСНЭ одоо ямар бүтцээр ажилладаг юм. Бүтцийн хувьд ямар байх ёстой гэж чиний хувьд үзэж байна?

    -Одоо бол 4 хүнтэй ажиллаж байгаа юм билээ. Б.Галаарид, С.Алтанцэцэг гэдэг хоёр хүн л дороо хоёрхон хүнтэй зүтгээд л байдаг. Бид өөрсдөө МСНЭ-ийнхээ ажлыг дэмждэггүй. Бид өөрсдөө дэмждэг, оролцдог байж эргээд хариуцлага, эрх, үүрэг ярих ёстой. Миний хувьд МСНЭ-ийн ажлын албыг 20-иос доошгүй хүнтэй том багаар ажиллуулах ёстой гэж үздэг. Гадаад харилцаа, төсөл хөтөлбөр, мэргэжлийн ё с зүйн байнгын орон тоотоой гурван том хэлтэс бүхий бүтцийг заавал бий болгомоор байна. Гадаад харилцааны үйл ажиллагаа тасралтгүй бөгөөд нэг цонхны бодлогоор явагдах хэрэгтэй байна. Хүн бүр, хэвлэл мэдээллийн холбоо бүр өөр, өөр юм яриад байж болохгүй. Үүний тулд ядаж Орос, Англи, Хятад хэл дээр ус цас болсон гурван сайхан мэргэжилтэн байнгын орон тоогоор ажиллах хэрэгтэй байна. Яг үүнтэй адил төсөл хөтөлбөр, маркетингийн хэлтсийг 5-6 хүнтэй байгуулах хэрэгтэй. Өдөржин төслийн судалгаа хийдэг, төсөв төлөвлөгөө боловсруулаад сууж байдаг орон тооны мэргэжилтнүүд хэрэгтэй. Ингэж байж бид салбарынхаа санхүүжилтыг нэмэгдүүлж чадна. Хэдэн редакцидаа нэмэлт орлого оруулах, тэднээр дамжуулаад сэтгүүлчдийнхээ цалинг нэмэгдүүлэх ажлын араас уйгагүй хөөцөлдөх нь чухал байна. Үүний зэрэгцээ судалгааны ажлыг өргөн хүрээтэй хийж, бид яг хаана яваад байгаагаа тодорхойлъё. Мэргэжлийн ёс зүйтэй холбоотой гомдол, саналыг цаг тухай бүрт нь шийдвэрлэдэг, алдаа гарсан бол залруулдаг, зөвлөдөг, сургалтанд хамруулдаг болгоё. Үүний тулд санхүүжилтэндээ санаа зовдоггүй болох шаардлага бидэнд үүсээд байна. Тэгээд төсвөөс буюу ард түмнээсээ санхүүждэг болъё гэсэн саналыг би гаргаж байгаа юм. Өдөр тутмынхаа санхүүжилтэнд санаа зовохгүй болчихвол бид илүү том бодлого, илүү том хөгжлийн тухай ярих боломжтой болно. Ахуйн асуудлаа шийдэж чадаагүй хүмүүс салбарын хөгжлийн тухай юугаа ч ярих вэ дээ.

    -Сэтгүүлзүйн салбараа залуучууд та нар нийлээд босгоод ирвэл сайхан л байна. Олон сэтгүүлч чамтай санал нийлнэ. Энэ амлаж байгаа ажлуудаа л хийгээрэй. Монголын сэтгүүл зүйн салбар гэдэг энэ том айлын хувь заяаг хэн нэгэнд даатгаж л таарна. Хамт өрсөлдөж байгаа хүмүүсээ судалж үзсэн үү. Нэлээд хэдэн хүний нэр дуулдаж л байна?

    -Судлах юу байхав дээ. Дандаа л нэг салбарын улсууд нэр дэвшиж байгаа юм байна. Бүр сайн найз маань ч явж байна. Бид нэг нэгнээ мэднэ ш дээ. Хэн нь ч гэсэн салбарынхаа төлөө зүтгэх сэтгэлтэй, энэ тогоон доторх жаргал зовлонгоо мэддэг хүмүүсийн нэр дуулдаж байна. МСНЭ-ийн их хурал дээр л бүх зүйл шийдэгдэнэ. Шударга сайхан өрсөлдөөд бодлого зорилтоо уралдуулна даа гэж бодож байна. 

    -За амжилт хүсье.

    -Баярлалаа. 

     

Сэтгэгдэлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан