Х.Бадамсүрэн: Манай уурхайчид үнэн мөнийг мэддэг, үйлдвэрлэлээ ойлгодог хүмүүс

    - Үйлдвэрийг өмнө нь  ажиллаж байснаас илүү сайн ажиллуулах үүрэг хариуцлага надад ногдож байгаа –

    Х.Бадамүрэн гэдэг хүн миний хувьд шинэ танил биш. Монголын Уул уурхайн салбарын амьд түүх, архив ч гэж хэлж болох энэ эрхэм олон таван юм ярьдаггүй, ерөнхийдөө чимээгүй хүн. Ер нь уул уурхайн үндсэн зүтгэлтнүүд иймэрхүү л хүмүүс байдаг. Ил гарч ирээд л дарцаглаж явдаг нь ховор таардаг байсан.

    Ш.Отгонбилэг агсантай шүүх хурлын танхимд уулзаж, ярилцлага авах хүсэлтэй байгаагаа хэлэхэд Ганчимэг ээ, хожим...магадгүй бүр хожим хоёулаа яривал илүү гоё байх шүү гэж хэлээд, ялдамхан цааргалж байж билээ. Хорь гаруй жилийн дотор Х.Бадамсүрэн захиралтай би хоёр дахь ярилцлагаа л хийж байх жишээтэй. Энэ үгээрээ би “Тэд чинь ерөөсөө иймэрхүү л хүмүүс” шүү дээ л гэж хэлэх гэсэн юм. Илүү тодорхойлох гэхээр энэ зөөлөн атлаа гүн,том атлаа даруу хүний араншинд тохирохгүй ч юм шиг санагдаад байна л даа. Бид энэ удаа олон цагаар, олон сэдвээр ярилцлаа. Тэрнийхээ нэгээхэн хэсгээс уншигч танд хүргэж байна.


    -Мэдээж хэвлэл мэдээллийнхэн таныг сонирхож, ярилцлага авах хүсэлт их ирүүлж байгаа байх. Улс төрийн элдэв санаархлаас гадна янз бүрийн шалтгаанаар та анхаарлын төвд дахин ороод ирчихлээ. Талуудын байр суурийг олон нийтэд дамжуулж, тэдэнд дүгнэлт хийх,  үнэн худлыг дэнслэх боломжийг  олгох нь сэтгүүлчдийн үүрэг.

    -Тийм ээ. Би ойлгож байна.

    - Юуны өмнө миний урилгыг хүлээн авч, ярилцахыг зөвшөөрсөнд баярлалаа. Олон нийтийн байр суурийн талбар цахим орчинд олон хэлэлцүүлэг өрнөж байгааг та мэдэж байгаа. Ямар нэгэн хариуцлага ярих боломжгүй, савлуулсан, барих баримжаагүй ийм нэг цоо шинэ ертөнц үүсчихлээ.

    - За зүгээр дээ. Тийм асуудал бий. Ер нь цахим ертөнцөөр буруу зөв янз бүрийн л юм явж байдаг. Хүн бүр өөрийнхөө ойлгосноор, ойлголтын хэмжээнд, зарим нь бүр санаатайгаар мушгин гуйвуулдаг бололтой юм.

    - Энэ талбар дээр тоглож буй тоглогчид буюу шинэ үеийн залуучууд хариуцлагатай алба хашиж байгаа зарим дүрүүдийг үнэхээр мэдэхгүй байна. Х.Бадамсүрэн гэдэг хүн гэнэт хаа нэгтэйгээс гарч ирсэн юм шиг ойлгож байна. Дээр нь та өөрөө их бага ярьдаг, цөөн дуугардаг хүн. Тэгэхээр таны тухай сайн мэддэггүй үеийнхэнд зориулсан асуултаар яриагаа эхлэе.

    - Тийм тал байгаа байх.Юу асуух нь таны эрх. Таны асуусан асуултад л би хариулья даа.

    -Миний мэдэхийн та говийн хүн. Тухайн үед бүгдээрээ л малчин айлын хүүхдүүд байсан байх. Ингэхэд та  бүр хөдөө төрсөн  үү?

    - Тийм ээ. Малчны хотонд төрсөн. Манайх Өмнөговийн Хүрмэн сумын “Товцогийн худаг” гэдэг газар дөрвөн улирлын туршид нутагладаг айл байсан юм. Манайхны хаваржиж, зусаж,  намаржиж, өвөлждөг хэдэн бор толгой байдаг, би өвөлжөөнийхээ урдхан л төрсөн юм билээ. Мэдээж говь нутагт өнтэй, зудтай, гантай гээд цаг агаарын бүх үзэгдэл ээлжилж, айлууд хэдэн малынхаа эрхэнд захирагдаж л амьдарна шүү дээ. Мэдээ орсон цагаас хүрээлж байсан ахуй, байгалийн үзэгдэл, юмс сэтгэлд их ойр үлддэг юм байна. Хүний өссөн, төрсөн нутаг, эцэг өвгөд, ээж, аав гэдэг  бол заяагдмал юм. Цаанаас нь зурсан өгөгдөл гэж хэлж болно. Би айлын том хүү. Манай ээж, аав таван хүү төрүүлж, өсгөсөн. Ээж, аав, өвөө, эмээ маань биднийг хүмүүжүүлж хүн болгосон. Айлын том нь учраас мэдээ орсон цагаасаа л эцэг эхийнхээ нэр төрийг хичээж, дүү нараа манлайлж явах ёстой шүү гэсэн нэгэн том үүрэг надад оногдсон л доо.

    -Ингэхэд та чинь ОХУ-д төгссөн бил үү?

    -Тэгсэн.

    -Та  уул уурхайн салбарыг босгох инженерүүдийг бэлтгэж байсан үеийн бүтээгдэхүүн. Хөдөө орон нутагт гадаадын хуваарь цөөхөн очдог. Тэр үед гарцаагүй л сурлага, хүмүүжлээрээ тасарч байж л гадаадад сурах эрхээ авдаг байлаа. Ингэхэд та мэргэжлээ яаж сонгов?

    -Зөвлөлтийн тусламжаар баригдсан сайхан сургуульд 10 дугаар ангиа төгсөөд, Зөвлөлт Холбоот Улс руу явж сурахаар болсон. Тухайн үед  нутаг уснаасаа  гадагшаа  явж сурах бараг л  анхны хүүхэд болж байлаа. Нутаг усныхан маань тэр аяараа хөл хөөрцөг болж,  айраг цагаа, чанасан өвчүү хүртэл бариад ирчихсэн, баяр хүргээд л... Эргээд бодоход яг кино шиг санагддаг юм. Миний аав Дэндэвийн Хоохор гэж нутаг усандаа нэр хүндтэй хүн байсан.  Хүү маань аймгийн төвийн 10 жилийн сургуулийг алтан медальтай төгсөж, хол явж эрдэм сурах нь гэж аав минь бөөн баяр, хөөр болж суусныг эргээд дурсахад сайхан байна. Нутгийнхан маань намайг адуу малд дуртай гэдгийг мэддэг болохоор даага, шүдлэн, хурга, төлөг бэлэглэж байсан нь санаанаас ер гардаггүй юм. Би яахав сургуульд явна гээд их сүрхий нөхөр байлаа. Гэтэл яг үнэндээ ямар мэргэжлээр сурах талаараа мэдээлэл муутай байсан юм. Уул шиг түшигтэй сайхан өвгөд гэрийн хойморт тухлаад яриа, хөөрөө дэлгэж, ерөөл сургаалиа хайрлаж байсан нь одоо ч сэтгэлд үлдэж дээ.

    -Одоо тийм өвгөчүүл их ховор болсон юм шиг ээ?

    -Өөртэй чинь санал нийлж байна. Ховор болсон. Айлын найр хурим дээр залуучууд тамхи татаж, архи ууж чанга дуугарч суудаг болсон байна билээ. Харж дассан дүр төрх биш болохоор жаахан эвгүй л юм билээ. Миний үед буурлууд  маань  гаансаа нэрэн, хөөрөг зөрүүлж, хоймор дүүргэн налайж байдагсан. Тухайн үед хүүхэд, залуус бид хөндлөнгөөс  харцгааж, хууч яриаг нь шимтэн сонсдог л байж. Асуулт асуувал хариулна уу гэхээс үг сольж, цэц булаалдана гэж байхгүй. Ийм л цаг үе байсан. Намайг сургуульд үдэж өгсөн тэр үдэш нутгийн өвгөчүүл “Энэ Хоохор мөн айхтар золиг шүү. Ухаантай толгой, хүүгээ сайн хүмүүжүүлсэн” гэцгээн аавыг магтаж байсныг ер мартдаггүй юм.

    - Леонид Ильич Брежнев нэлээн хэдэн аймагт сургууль бэлэглэсэн гэдэг. Нэгийг нь танай Өмнөговьд барьжээ дээ?

    -Манай сургуулийг тэр үеийн ЗХУ-ын удирдагч Леонид Ильич Брежневийн хандиваар барьсан. Шинэ сургууль ашиглалтад ороход би хөдөөнөөс ирж наймдугаар ангид дэвшин суралцаж байлаа. Шил толь, гял цал болсон сайхан сургуульд орж билээ. Энэ жил сургуулийн маань 90 жилийн ой тохиож байгаа шүү.Тэр үеийн сургуулиудын сургалт, арга зүй сайн байсан. Харин сумдын  бага сургуульд спортын анги танхим, материаллаг бааз тааруухан. Би гэдэг хүн чинь аймагт ирж наймдугаар ангид ороод л сагсан бөмбөг, гар бөмбөг гээчийг анх мэдэж байлаа шүү дээ. Жинхэнэ бөмбөгийг барьж, тоглож үзээд л... (инээв)

    -Ингэхэд таныг хойшоо сургуульд мордоход аав тань юу захиж байв?

    -Сайхан асуулт байна. Аав надад захиасаа хэлсээн. Намайг сургуульд  үдэхдээ толгойг минь илээд “За, аав нь хүүдээ хоёр гурван юм хэлнэ ээ” гээд хажуудаа суулгасан. “Миний хүү тамхи битгий татаарай. Үнэр танараас эхлээд дэмий эд байгаа юм. Архи дарс бол яах вэ. Идээний дээж. Гэхдээ хэнтэй, хэзээ гэдгээ тохируулж хэрэглээрэй” гэж захиж билээ. Аавын  гурав дахь захиас  “Миний хүү хэл усыг нь мэдэхгүй хүний үр битгий дагуулж ирээрэй” гэсэн нь одоо ч санаанаас гардаггүй юм. Аав надад ийм л гурван захиас хэлсэн. Манай нагац ах орос эхнэртэй байсан юм. Аавд минь, хөөрхий холын хүн, хүний нутагт хэцүү харагддаг байсан юм байлгүй.  Би аавынхаа захисныг хичээж биелүүлсэн дээ, үнэхээр амьдралд хэрэгтэй сургаал хайрласан гэж аавдаа залбирч явдаг.

    -Ер нь тэр үеийнхнийг өмчийн мэдрэмж багатай хүмүүс гэлцдэг шүү дээ. Гэхдээ яг хараад байхаар өмчийн мэдрэмж сайтай, айхтар буурлууд монголын нутгаар дүүрэн байсан юм шиг ээ.  Танайх ер нь хэр бэл бэнчинтэй айл байв даа?

    -Манайх нутаг усандаа мал, малын захтай л айлын нэг байсан. Хол ойроос  айлчин гийчин ирэх тоолонд аав, ээж гэр орон бэлдэж, идээ цагаагаа дэлгэж, хонь хагалж өгнө. /Манайхан мал гаргахыг тэгж ярьдаг юм/. Миний ээж  одоо ч нутагтаа өндөр ээж л гэсэн үг. Намайг сургуульд сурахаас өмнө манай нагац ах, аав маань хамтдаа жин тээдэг байв. Ирэх бүртээ бидэнд чихэр жимс авч ирдэгсэн. Ёотон, нар хамба, нандин чавга гээд нөгөө амттанг чинь идэж өссөн эрх танхи хүүхэд байлаа даа.

    -Говийнхныг их ажилсаг улс гэлцдэг ?

    -Аав ээж, буурлууд маань бол лут ажилсаг хүмүүс байсан. Манай говийнхон чинь хонио холбоод л саана шүү дээ. Хонь холбож саана гэдэг бол амаргүй ажил. Халуунаас ч халшрахгүй. Хүүхэд байхдаа ишиг, хургатай хөөцөлдөж, малын дөр суунгуутаа л адуу малаа услахаас эхлээд эрэл суралд явж, хөдөөний эрчүүдийн хийдэг бүх ажлыг нугалж сурч байлаа. Нутаг усныхан маань  хүнд тусархуу, малд нүдтэй хүү гэж магтана. Говийн мал чинь чийгтэй шороо долоогоод их өрөвдмөөр шүү дээ. Ер нь би өрөвч талдаа хүн. Манай тэнд ганц хоёрхон худагтай, тэрэн дээр нь мал үргэлж багшраастай. Эхлээд өөрийнхөө малыг усалчихаад, дараа нь бусдын малыг усалдагсан.

    -Ер нь  илүү хөдөлмөрлөж, ажилласан нь л анхиатай амьдарч байсан. Анхиатай айлын амьдрал хашаа хороо, хүүхдүүдийн сурлага, хүмүүжлээс  төвөггүйхэн харагддаг байлаа шүү дээ?

    -Тийм шүү. Тэр үед бүгд л ажил хөдөлмөр эрхэлж, амьдралын төлөө зүтгэж байсан. Биеийн амрыг хараад хэвтээд байдаг нь цөөн байсан даа.

    -Хариуцлагын мэдрэмжийг та бүр багаасаа мэдэрч. Айлын том хүү шүү гэдэг мессеж байнга толгойд явна биз ?

    -Манай Өмнөговийнхон “Унаганы үрс” гэж баяр хийдэг. Танай хангай нутагт бол тамганы баяртаа илүү анхаардаг бололтой. Манайхан унагаа барьж, идээ будаа болж, хонио зэлэн дээр нь хуваан, тэнгэр хангайдаа саам, сүүгээ өргөж ерөөл айлддаг. Гэрээс зайдуухан зэлээ татна. Манай нутгийнхан хүндлэх ёс, заншлаа лут дээдэлж ирсэн хүмүүс. Нөгөө талаас аливаа ажлыг хийсэн шиг хийх  тэмүүлэлтэй байж. Говьд хашаа хороо гэж байх биш. Тал дээр унага уургалахад хөгшид “Халуун байхад битгий бужигнуулаад хөөгөөд бай. Цуглуулж байгаад нэг эвтэйхэн өлгөөд ав л даа” гээд сургадагсан. Манай нутагт хүүхдүүдийг 4-5 дугаар ангиас нь л эхлээд унага уургалуулж сургадаг байсан. Уургаа алдчихвал бөөн ажил болно. Хангал догшин адууны толгойд уургаа алдчихвал аваад талийж өгнө. Тэгээд л бэлтгэл хийнэ дээ. Уургын морийг сойж хөнгөрүүлнэ, уургаа бэлдэнэ гээд л ажил ундардагсан. Эндээс л сахилга, хариуцлага, хүний итгэл даах зэрэг төлөвшил эхэлсэн. Говийнхон зассан уургаа барагтай хүнд бариулахгүй. Модгүй газар уурга гэдэг чинь нандин эд шүү дээ. Харин ойр хавийнхан маань надад итгээд  л уургаа өгдөгсөн.

    -Тэгэхээр монгол хүмүүжлийн анхны дэг сургууль хот айлд л бий болдог байсан байна. Та бүх хичээлдээ жигд сайн сурдаг байсан уу. Эсвэл зарим хичээлд л гарамгай сайн байв уу?

    -Ер нь л тийм дэг шүү. Тооны төрлийн хичээлдээ сайн байсан. Бас хими, биологид дажгүй, бүх хичээлдээ л жигд сайн, онц сурлагатан хүүхэд байсан.

    -Хуваарь сонгохдоо  Эрхүүд л суръя гэж бодсон уу?

    -Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийн Уул уурхайн инженер-маркшейдер мэргэжлийг сонгосон.

    -Маркшейдер чинь Ш.Отгонбилэг, П.Очирбат гуайн эзэмшсэн мэргэжил биз дээ?

    -Ш.Отгонбилэг агсан уул уурхайн инженер-маркшейдер мэргэжилтэй. Харин П.Очирбат гуай уулын инженер, технологич.

    -Та багаасаа л бие даажээ дээ?

    - Би зургаадугаар ангид орохоосоо эхлээд л замын унаагаар ганцаараа аймаг явчихдаг болсон. Хүмүүс чи яагаад ганцаараа яваа юм бэ гэхэд нь “Сүү, саалийн цагаар аав, ээж маань хүргэж өгөх завгүй” гэсэн товчхон хариулттай. Манай гэр сумынхаа төвөөс 60 км, аймгийн төвөөс 100 гаруй км зайтай байсан. Намар айраг цагааны цагаар мотоцикльтой хүн амьтан гуйгаад амралтын өдрүүдээр харьчихна. Буцахдаа мориор явах үе ч байлаа. Сумандаа очоод морио тавьчихад гүйгээд гэр рүүгээ харьчихдаг. Тэгээд сургачихсан хэдэн сайхан морь байсан. Дөрөвдүгээр ангид байхад аав, ээж маань дугуй авч өгсөн болохоор заримдаа дугуйгаар явчихна. Ер нь багаасаа бие даасан  гэх үү дээ. Энэ жишгээрээ конкурс  яаж өгдгийг мэдэх гээд 9 дүгээр анги төгссөн жилээ дотуур байрныхаа аравдугаар ангийн ах нартай хамт Улаанбаатар явж үзэж билээ.

     

    ЭРГЭЭД ХАРАХАД МАРКШЕЙДЕРУУД Л УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРҮҮДИЙГ УДИРДСАН БАЙДАГ

     

    -Ямар айхтар хүү байгаа вэ. Бүр хот орж үзэж байгаа юм уу?

    -Тэр үед нэг аймагт гадаадын 5-6 хуваарь ирдэг байсан.  Гадаадад сурчих л санаатай байдаг, аав, ээж дэмжсэн, харин өвөө, эмээ маань “Энд хэдэн мал хэцүүдэх нь. Бидний тамир тэнхээ барагдах нь. Чи л энэ хэдэн малын эзэн бол” гэдэг байсан юм даг хөөрхий. Ер нь тэгээд  гадаадад сурна гэвэл Улаанбаатарт очиж конкурс өгдөг байлаа. Туршлага судалж яваа нь л тэр. Анх Улаанбаатарт ирэхэд  толгой эргэмээр том газар байлаа ш дээ. Дараа жил нь намайг төгсөхөд  6-7 хуваарь ирсэн. Хамгийн түрүүнд орж сонголт хийхээр болсон. Тэр үед манай нагац ах Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд ажиллаж байсан. Урьд жил нь хот ороход ах маань за, миний дүү сургууль төгсөхөд чинь зөвлөх юм гарна шүү гэж хэлсэн юм даг. Тэр үед утас, шөрмөсөөр ярина гэдэг хэцүү байлаа шүү дээ. Яаж ийгээд ах руугаа  холбогдоод асуутал уул уурхайн мэргэжил нь дээр гэж зөвлөсөн болохоор маркшейдер мэргэжил сонгосон түүхтэй. Тухайн үед зам тээврийн ангийг нь сонгодог юм уу гээд эргэлзэж л байсан. Миний дотор орос хэлтэй л болъё гэсэн бодол байсан. Тэгээд л Зөвлөлт улсад сургууль сонгосон. Эргээд харахад маркшейдер мэргэжилтэй олон хүмүүс л уул уурхайн үйлдвэрүүдийг удирдсан байдаг. “Эрдэнэт үйлдвэр”-ийн дарга Ш.Отгонбилэг, Багануурын даргаар доктор Дондов, миний оюутан цагийн нэг өрөөний анд Т.Шуурай, “Хөтөл”-ийн даргаар манай сургуулийг төгссөн Ихболд, Шарын голын даргаар Бадамдорж нар ажиллаж байсан.   Уул уурхайн инженер-маркшейдер бол уулын ажлын төлөвлөлт хийх, хийсэн ажлын гүйцэтгэлийг хэмжиж тогтоох, нөөц баялгийг хаягдал, бохирдол багатай ашиглах зэрэг нягт нямбай ажиллагаа, тооцоо, зураглал, дүгнэлт шаардсан  уул уурхайн ажлын цөмийг  авч явдаг мэргэжил л дээ.

    -Уул уурхайн мэргэжлүүд дундаа оргил мэргэжил гэж үү?

    -Тэгж ойлгож болно. Аль алийг нь ойлгодог өргөн мэдлэг бүхий мэргэжил. Өөрөөр хэлбэл, уурхай нээхийн тулд нөөц баялгийг тогтоох асуудал чухал. Тэр нь геологитой ойр юм. Ил, далд уурхайн алинд нь ч  хэмжилт хийж, уулын ажил өрнөх зүг чигийг нь гаргаж өгдөг. Харин үүний дараагийн шатанд баяжуулах фабрикийн ажил явдаг. Ил уурхай, баяжуулах фабрик хоёрын хооронд хүдрийн агуулга жигд байхаас эхлээд асуудал гарна. Тэгэхээр баяжуулах фабрикаа мэдэж байх ёстой. Хэмжилт  хийхийн тулд нарийн нандин багаж, тоног төхөөрөмжтэй харьцана гээд уурхайн олон зүйлтэй холбогддог онцлогтой. Ер нь уул уурхайн мэргэжил бүхэн өөрийн онцлогтой л доо.

    -Та өмчийн талаар хэр ойлголттой, мэдрэмжтэй хүүхэд байсан бэ?

    -Намайг есдүгээр ангид ороход аав, ээж маань ноосныхоо мөнгөөр Планет-5 мотоцикль авч өгч билээ. Багш нарынхаа амбаарт өнөөх мотоциклоо хадгалж байгаад хагас, бүтэн сайн болонгуут гэрийн зүг гараад давхичихна. Бас  өөрийн гэсэн эдтэй байх нэг ойлголт нь модон авдар. Даланзадгад сумын дотуур байранд байхад хүүхэд бүр өөрийн гэсэн  модон хайрцаг, авдартай байлаа.  Өнөөх авдрандаа хувцас хунар, идэж уух юмаа хийчихнэ. Аав минь гарын дүйтэй мужаан хүн байсан болохоор надад ганган хийцтэй модон хайрцаг хийж өгч билээ. Монгол цоожоор тас хийтэл цоожилчихно. Тэр үед л өөрийн юм гэсэн сэтгэлгээтэй болж байж.

    -Оюутан болоод сурах явцдаа мэргэжилдээ хэр дурлав?

    -Оюутан болж Эрхүүд оччихоод хоёр оростой нэг өрөөнд орсон. Маркшейдерийн мэргэжил бол тоо голдуу орно. Ялангуяа агаарын геометр их үзнэ. Эхлээд очсон хүн хэл ус тааруухан учир монгол оюутнуудын хувьд тооны чиглэлийн хичээл их ойр байлаа.  Нэг хэсэг тиймэрхүү байсан монгол оюутнууд хэсэг хугацааны дараа  цоорч байгаа юм чинь. Хойно сурч байхад бидэнд тодорхой хэмжээний тэтгэлэг өгдөг байсан. Онц сурвал тэтгэлэг нэмэгдэнэ.  Улс орныхоо нэрийг бодоод сайн сурах гэж мэрийнэ, бас өмсөх зүүхээс эхлээд орос ах нараас их зүйл сурсан даа.

    -Та ирээд шууд хөдөө томилогдов уу. Та нар тухайн үед Уул уурхайн яамны нэр дээр сурч байсан уу?

    -Тийм ээ, яамдын нэр дээр сурч ирдэг байсан. Би сургуулиа төгсөөд Геологи, уул уурхайн яаманд ирсэн. Би дипломын ажлаа Эрдэнэтийн сэвдээр хийсэн болохоор Эрдэнэт явна л гэсэн бодолтой, бэлтгэлтэй байсан. Тэр үед Эрдэнэтийн бүтээн байгуулалт эхэлчихсэн, эхний ээлж нь ашиглалтад ороод байсан үе. Илгээлтийн эздийн хувьд Эрдэнэт гэдэг сайхан газар байлаа. Хүн бүр л Эрдэнэт рүү явах хүсэлтэй. Намайг төгсөж ирэхэд Уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд хэлтсийн даргаар Ш.Отгонбилэг ах ажиллаж байсан. Намайг нэгдүгээр курст байхад Отгоо ах  сургуулиа төгсөөд явсан юм. Тэр үеэс л бид бие биенээ мэднэ. Тэгээд өмнө нь өөрөө хашиж байсан Геологи, уул уурхайн яамны ерөнхий маркшейдерээр яаманд ажиллах санал тавьсан. Би ч урдаас нь хөдөө явмаар байна л гэлээ. Гэтэл “Хөдөө явах цаг гарна. Яам гэдэг чинь хүнд лут юм сургадаг газар шүү. Ах нь үүнийг сайн мэдэрлээ. Би хөдөө явна гэвэл маргааш ч гараад л давхичихна. Чи ч тэгж болно шүү дээ” гэж хэлж байсан юм даг.

    -Тэгээд яаманд үлдэхээр шийдсэн хэрэг үү?

    -Би эхнэртэйгээ Эрхүүд танилцаж, Ангарын хөвөөн дээр хань ижил болсон юм. Хоёулаа л Эрдэнэт явна гээд ачаа бараагаа ч задлахгүй хүлээж байсан үе. Гэтэл Амгаланг маань Анагаахын дээд сургуульд багшаар үлдээхээр хуваарилдаг юм байна. Ингээд хоёулаа хотод үлдэх тохироо бүрдээд Улаанбаатарт ажилласан даа. Уул уурхайн хэлтэст голдуу залуус ажилладаг, Ш.Отгонбилэг дарга, яамны орлогч сайд Д.Рэнчинханд хоёр ч биднийг их сайхан дэмждэг, их ч юм сургаж байсан даа.

    -Тэр үед Монголын  баялгийн тухай гол мэдээллүүд яаман дээр ил байж байх уу ?

    -Салбарын аливаа асуудал яаман дээр зангидагдаж төвлөрдөг байлаа. Д.Рэнчинханд сайд залуусын их хүрээлэлтэй хүн. Ямар сайндаа уул уурхайн хэлтсийн залуусыг Д.Рэнчинхандын банди нар гээд нэрлэчихсэн байх вэ дээ. Тэр үед яаманд Зөвлөлтийн Геологийн яам, Өнгөт металлургийн яамны бүрэн эрхт төлөөлөгчийн газар гээд нэлээн том аппарат ажиллаж байлаа. Дэг журамтай, бүх материал цэгцтэй сайхан байсан. Геологи хайгуулын ажил хийгээд, тайлангаа хамгаалаад нэг хувийг фондод нөгөөг нь яаманд үлдээнэ. Тухайн үед Цагаан суваргын ордын хайгуулын ажил өрнөж, бид  хяналт тавьж байлаа. Мөн Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглах ТЭЗҮ-ээс гадна Дархан, Сэлэнгийн төмрийн хүдрийн ордуудын хайгуулын ажил, Бороогийн хайгуулыг хийж байсан үе. Мөн Монголросцветмет нэгдлийг цаашид хэрхэн түүхий эдээр хангах вэ гэдэг асуудлыг хөндөж байв. Нэг үе чинь Монголросцветмет нэгдлийн харъяа Бэрхийн уурхай, Хажуу-Улааны уурхай, Айргийн уурхайгаас олборлосон жоншийг экспортод гаргадаг. Бэрхийн уурхайн жоншийг Дорнодоор бусад уурхайнхыг Наушик руу гаргадаг байсан.  Ер нь тэр цагийг уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрчимтэй хөгжлийн үе гэж хэлж болно. Намайг төгсөж ирэхэд Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж 4 сая тонн хүдэр олборлон баяжуулж байлаа.

    -Монголросцветмет байгуулагдчихсан байсан юм байна?

    -Тийм. Монголросцветмет, Эрдэнэт үйлдвэрүүдийг 1973 оны Монгол, Зөвлөлтийн Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулах шийдвэр гарч, Монголросцветмет нь түрүүлж байгуулагдсан байдаг.

    - Монголросцветметийг та хожим нь даргалж байсан хүн. Уул уурхай дагасан тэмцэгчид гэж олон нөхдүүд гараад ирчихлээ. Мэдээлэл хомсоос болдог юм уу, улс төрийн санаа зорилгоор ч юм уу их дутуу дулимаг ойлголттой хийрхсэн тэмцэл л яваад байх юм. Монголросцветметийг ямар чиг үүрэгтэй байгууллага юм бэ гэдгийг ер нь бол хүмүүс сайн мэддэггүй л байсан шүү дээ. Сүүлд Эрдэнэтийн их өр эцсийн байдлаар шийдэгдэх үед Монголросцветметийн асуудлыг хөндөж байсан. Энэ хоёр үйлдвэрийн талаар мэддэг хүний хувьд та шинэ үеийн уншигчдад тодорхой ойлголт өгөхгүй юу?

    - Яаманд ажиллаж эхэлснээс хойш Монголросцветмет нэгдэлтэй хувь заяагаа холбосон. Тэр үед ажлыг тодорхой эзэнтэй байлгахын тулд яамнаас куратор буюу хариуцагч мэргэжилтэн томилдог байлаа. Надад Монголросцветмет нэгдлийг  хариуцуулаад өгчихсөн. Тэр үед Монголросцветмет нэгдлийн ерөнхий захирлаар Ларов Юрий Васильевич гээд мундаг уул уурхайн инженер, биерхүү орос ажиллаж байв. Эрдэнэт, Монголросцветметийн Ерөнхий захирлууд улаан номертой машин унана. Хөдөө ажлаар явахдаа УАЗ-469, хотод 24 унадаг байлаа.

    Д.Рэнчинханд сайд “Бэрхийн уурхай явж нөхцөл байдлыг нь судал. Тэнд жоншны тээвэр доголдоод байна. Арга хэмжээ ав” гэж үүрэг өгсөн учир би анхныхаа томилолтыг Бэрхийн уурхайгаас эхэлсэн. Ларов захирал жолооч Жанцан гуайтай гурвуулаа хотоос өглөө эрт хөдөлдөг юм байна. Юрий Васильевич манай үйлдвэрүүд 6-7 аймгийн нутагт тархай бутархай учир явахад амаргүй шүү. Ядарч, зүдрэхгүйн тулд 100 км яваад 100 грамм татдаг юм шүү гээд надад аминчлан хэлж байна. Тэгээд хэсэг явж байснаа “Жанцан Давай останови” гэх нь тэр. (инээв) Тэгсэн Жанцан гуай халуун савтай цай, чанасан мах гарган, Ларов захирал чанасан өндөг, пирошки гаргаж ирээд цайлав. Тэгсэн би ямар ч бэлтгэлгүй, аяга ч байдаггүй. “Ну бывает. Следующий раз ...” гэж байна. Надад илүү аягаа өгөөд, өөрөө нэг рюмка 100 татчихаад “Давай молодой” гэж байлаа.  Энэ томилолтоос хойш хөдөө явахдаа аяга, халуун савтай цай, цүнхэндээ нэг шил юмтай явдаг болсон. Ингэж л жинхэнэ уурхайчны амьдрал эхэлж байлаа, хөөрхий (инээв). Ларов гуайтай одоо ч сайхан харилцаатай байдаг. Хамтарсан хоёр үйлдвэрийг анхнаас нь түшилцэж явах тавилан надад оногдож дээ. Монгол Улсын уул уурхайн салбарыг хэрхэн хөгжүүлбэл үр ашигтай байх вэ гэдэгт монгол инженерүүд оюун ухаанаа уралдуулсаар ирсэн юм. Улмаар бүс нутгийг хөгжүүлэх талаар ажил өрнөж уурхай болгоныг дагаад жижиг хот, суурин хөгжсөн. Эрдэнэт ч ингэж л хөгжсөн шүү дээ.

    -Та бол гярхай хүн, ажиглаж байсан байж магадгүй. Монголчууд эрт дээр үеэс газар усны нэрийг их мэдрэмжтэй өгдөг байжээ. Эрдэнэт овоо, Цагаан суварга гээд л... Төмөртэйн орд мөн л нэрнээсээ  эхлээд баялагтай гэдэг нь ойлгогддог. Нэршлүүдийн баялагтайгаа тохирсон энэ байдал нь танд хачирхалтай санагддаг уу ?

    -Монголчууд эрт үеэс уул нуруу, худаг усныхаа нэрийг үнэхээр гайхалтай оноож өгч байж дээ. Би бас сонжиж, бодож л явдаг. Монгол хүний ухаан цар хичнээн агуу байсны нэг илрэл энэ гэж боддог юм.

    -Гайхмаар айхтар шинжээч улс юм?

    -Тийм. Тухайлбал, “Эрдэнэт овоо”-нд эрдэнэ байна гэдгийг мэдэж байж. За тэгээд Оюутолгой байна, оюутай гэж мэдсэн л байна. Төмөртэйн овоо гэж нэрлэгддэг ордууд ч байдаг.

    -Ер нь хайгуулын ажил сансараас авсан зураг гэх мэт нарийн технологид түшиглэдэг. Гэхдээ манайд ирж ажиллаж байсан геологичид манай өвгөдийн өгсөн нэршлээр хөөж уурхай олох тохиолдол байв уу?

    -Ер нь хайгуулын тандалт өмнөх ажлуудад суурилна. Гэхдээ 1970-1980-аад оны үеэс нэрэнд их ач холбогдол өгдөг болсон. Одоо  лиценз авах гэж байгаа хүмүүс нэрний утга хөөх болж. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын аль чиглэлийнх гэдгийг уул усных нь нэрээр баримжаалдаг болсон тал бий.

    -Олон түмэн оноож л өгсөн байж таарна. Өрөм тавиад үзье гэх жишээний юу?

    -Тийм. Энд нэг юм байж магадгүй гэх таамаг бий болсон гэсэн үг.

    -Гэхдээ мэргэжлийн хүний хувьд энэ талаар ярихад хэтэрхий жижигдсэн яриа.  Монголчуудын зөн билэг, мэдрэмж, эрт дээр үеэс байгальтайгаа ойр байж түүнийгээ шинждэг хүмүүс байсныг л сонирхов?

    -Энэ бол Монгол хүний гярхай байдалтай холбоотой. Өвгөд хонио тогтоочихоод уул толгод дээр гарч эргэн тойрноо ажиглаж, алсын барааг хараалж суудаг нь энгийн юм биш. Зарим нэг нь уул, овоон дээр завилж суучихаад л гараараа шороо малтан, холхон байгааг нь ташуураар тогшиж ч үзэж байх шиг, нэг тийм гярхай ажигч байдал нь үнэхээр мэдрэгддэг.

    -Яам гэдэг бол бодлого тодорхойлогч газар. Уул уурхайн хөгжлийнхөө бодлогыг зангидах, түрүүчийн том төслүүдээ хөдөлгөх суурь яаж тэртээ үед тавигдаж эхэлж байсныг дурдлаа. Ордуудыг нээх, цэгцлэх, нотлох гэдэг бол чимээгүй ажил. Тэр үед мал аж ахуйн орон байсан ч манай Төр уул уурхайгаа их дэмждэг байж.

    -Яаманд маркшейдерээр, дараа нь Уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд хэлтсийн даргаар ажилласан он жилүүдэд үнэхээр завгүй байлаа. Зөв мэргэжил эзэмшиж дээ гэж мэргэжлийнхээ амтанд нь орсон цаг үе юм даа. Өнөөдрийн стратегийн ач холбогдолтой гэж нэрлээд байгаа ордуудын хайгуулын ажил бол яг л намайг  яаманд байх үед эхэлсэн, өрнөсөн ажлууд. Зарим ордын хайгуулын ажил нь дуусч, яам тайланг нь хүлээн авч байлаа. Нөгөө хэсгийг нь ашиглах ТЭЗҮ ид  хийгдэж байсан. Тухайн үед Зөвлөлтийн  болон Олон улсын геологийн экспедици ажиллаж байв. Уул уурхайн хэлтэс, Геологийн хэлтэстэйгээ их ойр хамтарч ажиллаж байсан. Тэр үеийн Зөвлөлтийн туршлагатай геологчид, уурхайчид төлөөлөгчийн газарт ажилладаг байсан. Тэдэнтэй хөдөө их явна. Эрэл, хайгуулын ажил ид явж байсан даа. Хөвсгөлийн фосфоритын орд нуурынхаа гүнээс ургаад гарчихсан юм шиг тогтоцтой. Үүнийг анзаарсан Ц.Балдорж агсан “Далай ээж цаазын тавцанд” нийтлэлээ бичиж байлаа. Бүрэнхааны ордыг ашиглах ТЭЗҮ-г хийж, төмөр зам тавих хүртэл асуудлыг хөндөж байсан. Тэр үеийнхэн уг ордыг Хөвсгөл далайн хажууд байдаг, эл орд Хөвсгөл далайдаа нөлөөлөх нь гэсэн нийтлэг ойлголттой байсан. Одоо ч зарим хүмүүст энэ ойлголт хэвээр үлдсэн бололтой. Бодит байдал бол тийм биш шүү дээ. Бүрэнхааны орд Хөвсгөл нуураас 110 гаруй км‑ийн зайд байдаг, Тэр цаг үеэс эхлээд том ордуудын асуудлыг хөндөж, аажимдаа стратегийн ач холбогдолтой ордууд гэж яригдах боллоо. Мөн нүүрсний томоохон орд болох Шарын голын талаар бодлогын түвшинд ажиллаж байлаа. 1982 онд яамнаас “Шарын голын нүүрс дангаараа явахгүй, тиймээс алт олборлож эхлэх” чиг үүргийг надад өгсөн. Тухайн үед тоног төхөөрөмжөө бэлтгээд сайдад танилцуулсан чинь “Өө тэр шар юмаа гаргаж байж ир” гэлээ. Эхний алтаа гаргаад дуулгасан чинь “За чи нэлээд хэдэн кг болгочих” гэдэг юм байна. Тэгээд би 10 кг болгочихоод яам руугаа буцаж байлаа.

    Бор-Өндөрийн ТЭЗҮ боловсруулахад би оролцож байсан инженер. Үүний дараа Бор-Өндөрийн үйлдвэр байгуулах ажил эхэлсэн. Үүнтэй давхцаад Бүрэнцогтын уурхайг татан буулгаж, тэнд ажиллаж байсан хүмүүсийг Бор-Өндөрт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм. Д.Рэнчинханд сайд тэр ажлыг надад хариуцуулж билээ. Би уурхайн эдэлбэр газрын хил хязгаарыг тогтоох ажлыг хийсэн. Хил тогтооно гэдэг бол миний жинхэнэ мэргэжлийн ажил шүү дээ. Тэгээд Бор-Өндөрийн уурхайн талбайг сонгох, баяжуулах фабрик, төмөр зам гээд гол объектоо хаана барих вэ, гэр хорооллоо хаана байрлуулах вэ гэдгийг сонгож байлаа. Зураг төслийг нь ч хариуцаж батлуулсан даа.
     

    П.ДАМДИН ДАРГА “ЧИ ЧИНЬ БАС ИХ ЭР БАЙХ НЬ ЭЭ. САЛБАР ЯРИАД” ГЭЖ БИЛЭЭ.

     

    -Таныг өөр ажилд дэвшүүлэх санал хэдийд ирж байв ?

    - 1980-аад оны дундуур юм даа. Тэр үед МАХН-ын Төв хорооны Аж үйлдвэр эрхэлсэн нарийн бичгийн даргаар ажиллаж  байсан П.Дамдин дарга надыг дуудан уулзаж, ярилцдаг юм байна.  “Чи үйлдвэр дээр ажиллаагүй нөхөр байна. Тийм мундаг нөхөр юм уу чи” гэлээ. П.Дамдин даргатай уулзахад их энгийн хэрнээ мэргэжилтнүүдийг  их сорьдог  хүн шиг анх санагдсан. Тэр үед Дамдин даргаас хүмүүс их сүрддэг байлаа шүү дээ. Ер нь л мундаг хүн дээ. Миний ярихыг сонсоод “Чи чинь бас их эр байх нь ээ. Салбар яриад” гэж билээ. Намайг референтээрээ ажиллуулах гэж судалж байсан юм билээ.  

    Харин би үйлдвэрлэл дээр ажиллах, санаж бодсоноо гүйцээх, эрдэм номын ажил хийх зорилгоор Бор-Өндөрт очиж ажиллах хүсэлтээ Д.Рэнчинханд сайдад тавьж 1989 оноос Бор‑Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн нэгдүгээр орлогч даргын албыг 30 гаруйхан насандаа хаших болсон. Үйлдвэрийн захирлаар Лысенко А.А гэж мундаг, хашир, туршлагатай орос хүн ажиллаж байсан.  Бас болоогүй, Хэрлэн хорооны Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргааны даргын албыг би давхар хашсан юм. Тэр үед олон сайхан инженерүүд, Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй гар нийлж ажилласан даа. Удирдах албан тушаалд үндсэндээ Зөвлөлтийн мэргэжилтнүүд ажиллаж байсан. Инженер, техникийн ажилтнуудаасаа шилж, сонгоод зарим цехийн дарга нарыг монгол хүнээр тавьж эхэлсэн. Тухайн үед Монгол залуу инженерүүдэд дэвшиж ажиллах хүсэл, эрмэлзэл байлаа шүү дээ. Бор-Өндөрт таван жил ажиллахдаа бүтээн байгуулалтыг өрнүүлж, санаанд хүрээгүй байсан ажлаа гүйцэлдүүлсэндээ сэтгэл хангалуун байдаг. Яам бол бодлогын хэмжээнд бүх харъяа байгууллагуудаа хянаж заавар зөвлөгөө өгдөг өргөн хүрээтэй ажилтай. Харин үйлдвэрлэл дээр яаманд яригдаж байсан ажлынхаа үр дүнгээ гаргасан. Тухайн үед Д.Рэнчинханд сайдтайгаа зөвлөлдөн ярьж байгаад Монгол Улсад хайгуул‑ашиглалтын үйлдвэр хэрэгтэй гэсэн санаачилгыг гаргаж байлаа. Хайгуул хийгээд нөөц нь тодорхой бол заавал нөөцийг бүрэн тогтооно гэж цаг алдахгүйгээр ажиллах явдал юм. Бор-Өндөрийн хайгуул-ашиглалтын үйлдвэрийг ажиллуулсан нь тухайн цаг үедээ шинэлэг зүйл болсон. Үндсэндээ Бор-Өндөрийг хоёр гуравхан вагончиктай байхаас эхлээд зураг төсөл бүх зүйлийг нь хийж, зохион байгуулсан даа. Мөн Бор-Өндөрийн үйлдвэрийн 10 жилийн ойг тэмдэглэх үеэр “Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал”-ыг хэлэлцэх зөвлөлгөөнийг санаачилан, Бор-Өндөртөө зохион байгуулж, зарчмын хэд хэдэн асуудлыг дэвшүүлэн тавьж, шийдвэрлүүлсэн. Тухайлбал, Уул уурхайн бодлого, хэтийн хөгжлийг бие даасан яам, удирдлага түүчээлнэ гэдэг асуудлыг гаргаж тавьсан. Тэр үед Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдэл уул уурхайн салбарыг тэргүүлж байсан. 1973 оны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг өөрчлөх ёстой гэсэн зөвшилцөлд хүрч, засаг төр ч бидний саналыг дэмжин зөв, зоригтой алхам хийсэн. Түүнчлэн бидний  хөндсөн зарчмын гол асуудал нь эдгээр үйлдвэрүүдэд хоёр улсын Засгийн газрын хувь оролцоо 50:50 хувь эзэмшиж байгааг өөрчлөх ёстой. Газрын баялаг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа тул Монголын тал давуу эрхтэй байх гэсэн байр сууриа илэрхийлсэн. Ямар ч үйлдвэрийг аваад явчих инженер, техникийн болоод удирдах ажилтнууд бэлтгэгдэж байгаа учраас Ерөнхий захирал  монгол хүн байх нь зүйтэй. Ингэж байж орон нутгийн тулгамдсан олон асуудлууд, Монгол Улсын онцлогт нийцсэн дэд бүтэц шийдэгдэнэ гэж үзсэн. Мөн анх удаа ярьж зөвшилцөлд хүрсэн нэг зүйл нь газрын баялаг ашигласны төлбөрийг Монгол Улсад бий болгох цаг болсныг тодотгосон. Ингэхдээ хувь хэмжээг нь ч орхигдуулаагүй. Тухайн ашигт малтмалын үнэ цэнэ, олборлох зардал гээд Монголд байгаа нөөц баялгийн цар хэмжээг бодолцох ёстой гэдгийг гаргаж тавьсан. Тухайлбал, алт 8 хувь, зэс 6 хувь, жонш 4 хувь гэсэн тооцооллыг хийсэн. Тэргүүлэгч үйлдвэр гэдэг утгаар нь Монголросцветмет, Эрдэнэт үйлдвэрт төвлөрөн хэлэлцүүлэг өрнүүлэн зөвлөлгөөнөөс 51:49 байх санал санаачилга гаргасан юм. Эдгээр санал санаачилгыг төр засгийн удирдлагуудад танилцуулж, шийдвэрлүүлэхийг Ш. Отгонбилэг захирал бид хоёрт даалгасан. Бид асуудлыг  БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга П.Очирбат гуай нарын удирдах хүмүүст  танилцуулж, холбогдох Яам, байгууллагуудын удирдлагуудтай санал солилцсон. Үүний үр дүнд 1973 оны хэлэлцээрийг өөрчлөх үндэс суурь тавигдсан, 1991 оны хэлэлцээр байгуулагдсан. Хамтарсан үйлдвэрийн хувь долийн харьцааг 51:49 болгох асуудал бол уул уурхайн инженерүүд, төр нийгмийн зүтгэлтэн олон хүний сэтгэл зүтгэл, хүч хөлс, хамтын нэгдсэн ажиллагааны үр дүнд шийдэгдсэн асуудал юм шүү. Тэр үед шийдээгүй бол дараа нь амаргүй болох байсандаа, УБТЗ-ыг хар л даа. Энэ бол Монголын талд, манай ард түмэнд онцгой ач холбогдолтой, зарчмын асуудал байсан.

    -Тэгээд 1991 оны хэлэлцээрт хийсэн ололттой зүйл нь юу байв?

    Бидэнд тухайн үед ямар ойлголт байсан бэ гэхээр Эрдэнэт, Монголросцветметийг ЗХУ-ын Засгийн газар 100 хувь хөрөнгийг нь гаргаад барьсан. Үүний 50 хувь нь ЗХУ-ын Засгийн газарт монголчуудын тавьсан өр болж үлдсэн. Тухайн үед хөрөнгийг 100 хувь ЗХУ-ын Засгийн газар гаргасан нь сайн хэрэг. Хамтраад барьсанд бид талархах ёстой. Гэхдээ хэзээ нэгэн цагт Монголчууд бид өөрт ногдох 50 хувийг төлөх болно гээд 1991 оны хэлэлцээрт хийсэн нэг чухал зүйл бол газрын төлбөр авдаг болсон явдал юм. Мөн 1991 оноос өмнөх жилүүдийн асуудлыг нөхөж суулгасан. Үндсэндээ их өрийн асуудлыг шийдэхэд дорвитой хувь нэмэр оруулсан. Мөн жоншоо урсгал өрөндөө өгөх болсон нь валют хэмнэхэд нөлөөлсөн. Монголросцветмет нэгдлийн өрийн асуудал цаг алдсаныг М.Энхболд дарга очиж эцэслэсэн шүү дээ. Уул уурхайн салбарт, ялангуяа үйлдвэрлэлд ажиллаж байгаа хүмүүс юу доголдож байгаагаас эхлээд асуудлаа сайн мэддэг. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хүмүүсийг сонсох явдал  чухал. Энэ хоёр хамтарсан үйлдвэр бол Монгол Улсын эдийн засагт их өгөөж өгсөн. 1970-1980 оны үед манай гадаад харилцааны асуудал эдийн засгийн харилцан туслах орнуудын хүрээнд явж байлаа шүү дээ. Монгол Улсын дэд бүтцийг, томоохон төслийг урагш нь алхуулахад зайлшгүй гадаадын хөрөнгө оруулалтын дэмжлэгийг авах хэрэгтэй, боломжтой гэдгийн үлгэр жишээ, оновчтой хэлбэр загвар нь Эрдэнэт, Монголросцветмет болсон. Эрдэнэт үйлдвэр гэхэд стратегийн ач холбогдол бүхий томоохон ордуудыг ингэж ашиглавал Монголчуудад үлдэцтэй, үр нөлөөтэй, тухайн бүс нутгийг хөгжүүлэхэд  ашигтай гэдгийг харуулж чадсан.

     

    АНУ-Д СУРААД ИРТЭЛ ЯАМ ДУУДСАН

     

    -Монголросцветметэд та хэдэн онд ирлээ?

    -Бор-Өндөрт ажиллаж байхад яамнаас зах зээлийн эдийн засгийн чиглэлээр АНУ-д сурах  санал тавьсан. Тэр үед зах зээлийн эдийн засаг гэсэн ойлголт бий болж байсан үе. ЗХУ-д ч өөрчлөн байгуулалт эхэлсэн цаг үед л явж сурахаар шийдсэн. Очсон даруйдаа англи хэл, дараа нь зах зээлийн эдийн засгийн харилцаа, менежментийн чиглэлээр жил гаруйн хугацаанд суралцсан. АНУ-д очиход урьд нь манай Бор-Өндөрт ирэхэд нь танилцаж байсан Колародо мужийн сенатор Америк анд маань намайг тосч авсан нь санаанаас гардаггүй юм. Тэр нөхөр маань амралтын өдрүүдэд гэртээ урьдаг, уул уурхайн чиглэлийн хурал зөвлөгөөнд урьж оролцуулдаг байв. Түүний туслалцаатайгаар зарим үйлдвэр, компаниудтай танилцан уран, алтны уурхайнуудаар явсан. Харин намайг Америкаас  ирэхэд яам, тамгын газарт өөрчлөлт орж манай яамны сайдаар Б.Жигжид гэдэг хүн томилогдсон байв. Бор-Өндөртөө ирээд ажиллаж байтал Б.Жигжид сайд над руу утасдаад шинэ Засгийн газар байгуулагдлаа гээд, намайг яамны Уул уурхайн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч сайдаар ажиллуулах санал тавилаа. Тэгээд би “За, сайдаа баярлалаа. Би үйлдвэрлэл дээрээ ажилламаар байна. Эрдэм номынхоо ажлыг хиймээр байна. Үүгээрээ салбарынхаа хөгжилд хувь нэмрээ оруулна. АНУ–д сураад ирлээ. Үзсэн харсан зүйлээ хөрсөнд буулгах бодол бий” гэж хэлсэн. Сайд, “За, чи өөрөө татгалздаг юм байж. Ямар хүн санал болгомоор байна. Салбарынхан чинь бол  чамайг л мундаг гээд байх юм. Чи хэдэн хүн нэрлэ дээ” гэв. Хамгийн эхэнд Д.Амгалан гуайг нэрлэсэн. Миний саналыг судлаад Д.Амгалан гуайг томилсон юм. Тэр үеэс Б.Жигжид сайдыг мэдэх болсон. Их мундаг хүн, зарчимтай, зангарагтай сайд. Тухайн үед  “Хөдөө хөхөрч, гадаа гандаж байхаар салбараа хариуцсан сайд болчихгүй дээ” гэх зэмлэл ч найз нөхдөөс ирж байсан л даа.

    -Тэр  үед ч хаа хаанаа амьдрал хүндрээд ирсэн үе дээ?

    -1994 он гэхэд Монголросцветмет нэгдлийн үйлдвэрүүдээс Бор-Өндөрөөс бусад уурхайнууд алдагдалд орсон байлаа. Тэр үед Бэрх, Өргөн,  Хажуу-Улаан, Айргийн уурхай гээд жоншны үйлдвэрүүд хаалгаа барих хэмжээнд хүрч, амаргүй үе эхэлсэн.  Толгойтын алтны үйлдвэр ч зардлаа даахгүй хэмжээнд хүрсэн байв. 1994 оны хоёрдугаар сарын эхээр Ерөнхий сайд П.Жасрай гуай утасдлаа. “За, Бадамсүрэн ажил төрөл нь юу болж байна. Монголросцветметийн байдал хүнд байгааг чи мэдэж байгаа. Оросын тал ер нь монгол хүн тавиад үзье. Тэгэхгүй бол бид барахаа байлаа. Монгол хүнээ төр засаг нь сайн дэмжвэл ахиц өөрчлөлт гарч магадгүй гэж байна” гэв. Тэгэхээр нь би  “Сайн бэлтгэгдсэн боловсон хүчин бий л байх” гэлээ. Тэгтэл Жасрай гуай “Гэхдээ ховор шүү. Захирал хийх хүн нь чамайг гэж Александр Феодорович санал болгож байна. Тэгээд чи юу гэж бодож байна” гэлээ. Хариуд нь “Монголросцветметийн байдал ямар байгааг би ойлгохын дээдээр ойлгож байгаа. Тийм учраас ийм хэцүү нөхцөлд анхны монгол захирлаар ажиллахад надад татгалзах эрх алга. Та бүхэн шийднэ биз дээ” гэсэн чинь “За, тэгвэл би Оросын талтай яриад эцэслэж шийдэх нь байна шүү” гэсэн.

    Хэдхэн хоногийн дараа Б.Жигжид сайд утасдаад “Чи тэгээд намайг ажил санал болгоход татгалздаг. Ерөнхий сайдыг ажил санал болгоход үг дуугүй зөвшөөрдөг нөхөр байх нь ээ” гэв. Би ч хошигнож байгааг нь ойлгоод “Тиймээ сайд аа” гэтэл инээж байсан. “Чамайг эхлээд үүрэг гүйцэтгэгчээр томилно. Яваандаа Зөвлөлийн хурлаар шийднэ” гээд би Монголросцветмет нэгдлийн анхны монгол захирал болсон түүхтэй.

    Ажлаа хүлээлцэж байхад нэг сонин мэдрэмж төрж байсан. Орос хүн оросдоо л ажил хүлээлцэж байсан уу гэхээс монгол хүнд хүлээлгэж өгч байсан удаагүй. Ястребков гээд гар бөмбөг сайн тоглодог, уралдааны машин унадаг ёстой л “мужик” нөхрөөс ажил хүлээж авсан даа. Тэр үед Монгол, Оросын харьцаа сайхан байсан ч монгол хүн захирал болохыг хамт олон хүлээж байсан нь мэдрэгдэж байсан шүү. Ястребков захирал хөдөө УАЗ 469 унадаг байсан. Тэгээд мань хүн “Молодой Генеральный, первый Монгольский Генеральный директор должен работать хорошо. Тебя ждут Монгольские  горняки” гээд надад дөнгөж орж ирсэн супер 469 авч өгөөд амжилт хүсэж, гар барьж билээ. Ингэж л Монголросцветмет нэгдэлд ирж байлаа.

    -Ингэхэд монгол дарга томилогдоосой гэсэн хүлээлттэй байсныг та яаж мэдэв?

    -Монголросцветмет нэгдэл арваад аймагт салбар, нэгжтэй байлаа. Дорнод, Хэнтий, Дорноговь, Сэлэнгийн Толгойтын алтны үйлдвэр, Заамарын ордуудаар явж мэргэжилтнүүд болон нутгийн хүмүүсийн санал бодлыг сонссон юм. Очсон газар бүрт монголчууд тосч аваад уулзана. Бүх үйлдвэрүүдийн байдал үнэхээр хүндэрчихсэн байсан үе л дээ. Яаж ажлын байр, цалин хөлстэй үлдэх вэ, үр хүүхдийнхээ ирээдүйг хэрхэн зохицуулах вэ гэсэн бодол болсон хүмүүс байсан. Үйлдвэр нь орон гэр шиг нь болчихсон. Ерөөсөө үйлдвэр ажиллаж байж л бидний амьдрал урагшилна гэсэн бодолтой.  Монгол хүнтэй хэл амаа ололцох нь илүү гэж үзэж байсан юм билээ. Тэгээд эрвийх дэрвийхээрээ хөөцөлдөж байж, хүн бүрийн хүчин зүтгэлээр үйлдвэрээ босгоно шүү гэсэн итгэлийг хүмүүстээ, уурхайчиддаа өгөхийн төлөө л  ажилласан даа би.

    -Үүрэг гүйцэтгэгчээр ажилласан нэгдлийн захирлыг Зөвлөлийн хурлаар хэрхэн  шийдсэн бэ?

    -“Монголросцветмет”-ийг хөгжүүлэх 10 жилийн үндсэн чиглэл гаргаж, таван жилээр төлөвлөх боловсруулалтын ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэж би тэр үед шийдсэн. Үйлдвэр тус бүр дээр үндсэн чиглэл, концепци боловсруулахаар болсон. Удалгүй Москвад Зөвлөлийн хурал хуралдахаар боллоо.

    Д.Амгалан сайд Зөвлөлийн Монголын хэсгийн дарга болсон байв. Бид урьд нь Уул уурхайн хэлтэст хамт ажиллаж байсны хувьд, би түүнийг сайн мэднэ. Хэдийгээр уул уурхайн инженер ч гэсэн аливааг эдийн засгийн талаас нь хардаг хүн. Д.Амгалан гуай Монголын хэсгийг тэргүүлж, холбогдох яамдын төлөөллийн хамт  Москвад  болсон Зөвлөлийн хуралд оролцсон. Хурал боллоо. Анхны монгол захирлаар намайг томилох асуудлыг хэлэлцсэн. Тэгсэн  дараа нь Тюряков дарга өрөөндөө дуудаж оруулаад “Первый Монгольский энергичний молодой Генеральный директор. Очень молодой” хэмээн хундага тулгаж, хэдүүлээ сайхан яриа хөөрөө дэлгэв. Хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн Монголын хэсгийн анхны дарга П.Очирбат гуайг ч дурсан ярьцгаалаа. Бидний хэсэг нөхөд хөөрөлдөн суух зуур Тюряков даргын орлогч нь: Х.Бадамсүрэн захирлын хамгийн анхны ажил бол ашиггүй үйлдвэрүүдийг хаах явдал гэв. Би ч сэртхийгээд явчихлаа. “Как” гэлээ. “Одоо энэ олон үйлдвэрүүдээс ганц Бор-Өндөр л ашигтай ажиллаж байна. Бусад нь ашиггүй. Нийгмийн ачаалал маш их байгаа учир үүнийг та барахгүй ээ. Тийм учраас Бор-Өндөрийг татаж унагахгүйн тулд бусад үйлдвэрүүдийг нь хаах ёстой. Тэгж байж таны ажил явна” гэдэг юм. Тюряков дарга дуугүй л байна. Зөвлөлийн Монголын хэсгийн гишүүд сууж байгаа шүү дээ. Манай хэд ч нэлээн гайхсан харагдана. Миний гайхаш төрөөд л явчихлаа шүү. “Энэ үйлдвэрүүдийг ажиллуулахыг бодож, миний мэдлэг боловсрол,  мэргэжил, туршлагыг харж захирлаар тавьсан гэж бодсон чинь үйлдвэр хаалгах гэж томилсон бол би эртхэн больсон нь дээр” гэж хэлэв. Оросууд “Та ингэж цочмог хүлээж авч болохгүй” гэж байна. “Үйлдвэр хаахад мэдлэг мэргэжил хэрэггүй. Надтай надгүй та нар хаана” гээд авлаа би. Тэгээд нэлээн яриа хөөрөө болж Амгалан сайд “Х.Бадамсүрэн захирлын хэлж байгаа зөв” хэмээв. Түүний үгэн дээр нэмэрлэж “Би та бүхний итгэлийг дааж ажиллана гэж бодсон нь буруу болжээ. Эх орны маань үйлдвэрийг хаалгах гэж байгаа бол би энэ ажлыг хийхгүй” гэлээ. Тэгсэн зарим нь “За, хаахгүй байя гэж бодъё. Дараа жилүүдэд алдагдал чинь өснө. Тэр их алдагдлыг хэн хариуцах юм” гэж байна. “Ерөнхий захирал л хариуцна” гэлээ. Тэгсэн  “Ийм хүнд үед барахгүй шүү дээ л” гэнэ. “Миний хувьд хүндрэлээс гаргаж чадна гээд Монгол улсын Ерөнхий сайдын саналыг хүлээн авсан. Үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод үйлдвэрүүдээ тойрч, хамт олны хүсэл эрмэлзлийг сонссон, мэдэрсэн. Инженер-техникийн ажилтнууд үйлдвэрийнхээ төлөө санаа зовж, зүтгэхэд бэлэн байгааг би яс махаараа ойлгосон. Цаашид хийх ажлынхаа чиглэлийг гаргачихаад ирсэн учраас би үйлдвэрээ босгож чадна гэдэгтээ итгэлтэй байна. Ашигтай болгоно” гэлээ.

    “Хариуцлага хүлээнэ гээд алдсан цаг хугацаа, хөрөнгө мөнгийг бид яаж олох вэ. Хаанаас гаргах юм” гээд тоглоом шоглоом болгон Оросын талаас хэлж байна. “Үйлдвэрлэлээс гаргана” гэлээ. Нэг тиймэрхүү шахаад ч байгаа юм шиг, нөгөө талаасаа тохиролцоод байгаа ч юм шиг яриа хөөрөө болдог юм. “Бор-Өндөрөөс бусад үйлдвэрийг ашигтай болгоход танд ямар хугацаа хэрэгтэй юм” гэж байна. “Өө, надад цаад тал нь хоёр жил хэрэгтэй” гэлээ. “Тийм богино хугацаанд наадах чинь бүтэхгүй дээ” гэх нь тэр. Хариуд нь “Та хэд  хаах гэж яараад байхаар чинь би бага хугацаа хэллээ. Дээрх хугацаанд шахаж, зүтгээд хамт олноо зөв менежментээр залаад ажиллавал болох байх аа. Мэдээж Орос, Монголын төр засгаас дэмжлэг хэрэгтэй” гэв. Нөгөө талаас хугацаагаа тохиръё гээд “Энэ үйлдвэр хоёр жилд юу хийх вэ. Ойрын 10 жилд ямар ажил хийх вэ гэдгээ яаралтай боловсруулж ажилла” гэж байна. “Тэгье. Ийм нөхцөлд би ажиллахад бэлэн” гэлээ. Оросууд ч айхтар л даа. “Хоёр жилд ашигтай болохгүй бол яах вэ” гэж байна. “Тэр хариуцлагыг би хүлээнэ” гэлээ. Тэгээд Монголросцветметийн Ерөнхий захирлаар ажиллаад нэг жилийн хугацаанд Толгойт, Хажуу-Улаан, Өргөн, Айргийн уулын үйлдвэр ашигтай ажилласан. Заамарын үйлдвэрийн үйл ажиллагааг шинээр эхлүүлсэн. Ганцхан Бэрхийн уулын үйлдвэр л  ашигтай ажиллаж чадаагүй. Тус үйлдвэр нь намайг ажил хүлээж авахад гурван тэрбум төгрөгийн алдагдалтай байсан юм. Тал нь үйлдвэрлэлийн, тал нь сургууль цэцэрлэг, соёлын ордон нийгэм ахуйн зориулалттай объектуудын  зардал байв. Ингээд л ард нь гарсан, намайг сайн ажилласан гээд миний контрактад нэмэлт өөрчлөлт оруулсан юм даг.

    -Ажилчдынхаа итгэлийг яаж сэргээв?

    -1993 онд Монголросцветметийн 20 жилийн ой болох байсан. Тухайн үед  байдал хэцүү байсан болохоор тэмдэглээгүй юм билээ. Харин би ажлаа аваад 20 жилийнхээ ойг нөхөж тэмдэглэнэ гээд холбогдох хүмүүсээ цуглуулаад хэлтэл нөгөөдүүл маань гайхсан янзтай над руу том хараад л байна. Тэгсэн  “Захирлаа цалингаа тавьж чадахгүй байгаа. Ойд их мөнгө хэрэгтэй. Яах вэ” гэж байна. “Хамт олноо зоригжуулах, урамшуулах хэрэгтэй” гэлээ. Надад яагаад тэр санаа төрсөн бэ гэхээр тэр үед НИК-ээс  манайд шатахуун тослох материал нийлүүлдэг байсан юм. НИК-д баахан өртэй. Түлшээ өгдөггүй. Төмөр зам вагон тавьдаггүй гээд Монголросцветмет гэхээр бүтэхгүй газар харагдаад хүлээн зөвшөөрөхөө байчихсан үе. Гол нь Монголросцветмет гэдэг айл байна. Цаашид байсаар байх болно гэдгийг ойгоороо харуулахыг зорьсон. Нөгөөтэйгүүр хамт олондоо урам зориг нэмье гэж бодсон юм. Тэр мөнгө төгрөгийн асуудлыг би хариуцъя л гэлээ. Манайд олон байгууллагууд өртэй байсан. Тухайлбал, Полевской заводод “Разный импорт” хэмээх том нэгдлээр дамжуулж бүтээгдэхүүнээ арилжаалдаг байсан. Тэнд бараг таван сая ам.долларын авлага байв. Тэр үеийн 5 сая доллар ч мөнгө шүү дээ. Авлагаа авчихвал нэлээн юм амжуулна гэж толгойдоо бодсон хэрэг. Зориглоод л тэмдэглэсэн. Манай ерөнхий нягтлангаар Ч.Батаа ажиллаж байлаа. Манай хүн ч мундаг шүү дээ, надад их өмөг түшиг, хань болж байсан даа. Тухайн үед бид “Монголросцветмет нэгдлийн тэргүүний ажилтан 1, 2, 3” гэсэн тэмдэг гаргасан, 250-1000 ам.долларын мөнгөн шагнал дагалдах журамтай. Ойн баяртаа хамтарсан үйлдвэрийн Зөвлөлд байсан бүх хүмүүсийг урив. Мөн салбарын яамдыг толгойлж байсан бүх сайд нарыг урьж оролцуулсан. Бөхийн өргөө ашиглалтад орж байсан, бид бараг анхны барилдааныг нь зохион байгуулсан байх шүү. Хамт олноо  ингэж л  урамшуулсан даа. 20 жил ажиллахдаа би ийм шагнал авч байсангүй гээд  нулимс дуслуулж байсан хүмүүс ч бий. Үүгээрээ  үйлдвэрийн ач гавьяа гэдгийг мэдрүүлэх гэсэн хэрэг. Он удаан жил сайн ажилласан уурхайчиддаа хөргөгч, тухайн үед моод болж байсан приставка, видео магнетфон бэлэглэж байлаа.

    -Монголросцветмет нэгдлийн захирал болоход тань Тюряков Александр Феодорович гэдэг хүн нэлээн нөлөө үзүүлжээ дээ?

    - Тюряков Александр Феодорович Монголын төлөө сэтгэлтэй, сайхан хүн байсан юм. Түүнийг манай сайд, дарга нар ч их хүндэлдэг байлаа. Хамтарсан 2 үйлдвэрийг хөл нь дээр босгоход үнэлж барашгүй үүрэг гүйцэтгэсэн, холын хараатай удирдагч байсан. Манай П.Очирбат гуай, Д.Рэнчинханд гуай нартай их сайхан ойлголцож ажиллаж байсан даа.

    -Хоёр жилийн дараа тайлан тавьсан уу?

    - Миний амласан хугацаа бол хоёр жил. Гэхдээ нэг жилийн хугацаанд Бэрхийн үйлдвэрээс бусад нь ашигтай ажилласан учир Оросуудаас их гайгүй үнэлгээ авсан. Тэр хэрээрээ Оросууд бидний ажлыг их дэмжсэн. Ингээд л жоншны үйлдвэрлэлээ үе шаттайгаар өсгөж, олон улсын хэмжээний чанартай бүтээгдэхүүн гаргадаг болсон. Анх ажил авч байхад алтны олборлолт 300 орчим кг байсан. Хоёр жилийн дараа гурван тонн гаруй болсон.

    - Монголросцветмет нэгдлийн хүнд байдалд орсон шалтгаан нь юу байв?

    - Монголросцветмет нэгдэл тэр үед хүнд байдалд орсон нь зах зээл хараат байсан явдал нөлөөлсөн. Бүтээгдэхүүнээ зөвхөн ОХУ-ын зах зээлд нийлүүлдэг. Оросын гэрээт үйлдвэрийн ажил доголдохоор манай үйлдвэрүүдийн эдийн засаг дагаад саарсан. Тиймээс зах зээлээ тэлэх, нэг зах зээлийн хараат байдлаас гарах зорилго нэн тэргүүнд тавигдсан. Тэр үед бид бүтээгдэхүүнээ АНУ руу туршилтаар гаргасан. Аажмаар Энэтхэг, Герман, Япон руу бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлсэн.
     

    ГУРВАН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДЛЫГ ГУРВАН ТЭРБУМЫН АШИГ БОЛГОЖ БАЙЛАА

    - Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн менежментийг нь авч ажиллуулсан гэдэг. Энэ ямар учиртай юм бэ?

    -Тиймээ. Манай менежментийн багийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажлыг хүлээж авахад гурван тэрбум гаруй төгрөгийн алдагдалтай, 10 тэрбум гаруй төгрөгийн өртэй, хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг ашиглаж байсан. Тэгээд “Энэ үйлдвэрийн менежментийг нь аваад, үзээд алдъя. Улс оронд хэрэгтэй юм” гэж бодсон. Тэгээд Ганзориг сайдад саналаа танилцуулсан. “Наад үйлдвэр чинь амаргүй шүү.  Ашигтай ажиллуулна гэдэг бол хүнд. Үнэхээр та болно гэж байгаа бол үүн шиг сайхан юм алга” гэсэн. Тухайн үед Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс хуралдаж байсан юм. Би Оросын талд “Энэ үйлдвэрийн ажлыг намайг яаманд байхад манай хэлтэс хариуцаж байсан. Монгол инженерийн хувьд, хамтарсан үйлдвэрийн нэр хүндийг бодсон ч гэсэн энэ үйлдвэрийг менежментээр нь аваад босгох хэрэгтэй байна” гээд саналаа хэллээ. Тэд “Хамтарсан үйлдвэрийн харъяанд авах юм уу. Ямар тооцоо байна” гэлээ. “Хамтарсан үйлдвэрийн бүрэлдэхүүнд орохгүй. Зөвхөн менежментийг нь аваад ажиллана” гэсэн чинь “Хамтарсан үйлдвэрийн мөнгийг үндэсний үйлдвэртээ шингээх нь ээ. Оросд ирэх хувийг багасгах нь уу та” гэж хошигнож байсан. Менежментийг авах талаар яамтай хэлэлцэж нэлээн юм болж, тендер зарлагдаж байж 7 сарын дараа үйлдвэрийг хүлээн авч байсан юм. Бас л хоёр жилийн хугацаанд сэргээх үүрэг хүлээв. Үйлдвэрийн дүр төрх шөнө илүү бодитой харагддаг. Тиймээс ажилтайгаа шөнө танилцахаар боллоо. Тухайн үед ажилтнууд нь “Энэ нөхөр чинь ямар сонин хүн бэ. Үйлдвэртэй шөнө танилцдаг ямар сонин дарга вэ” гэсэн яриа гарсан байсан.

    Би ажлын комисс авч очсон юм. Шөнийн нэгээс дөрвөн цаг хүртэл үйлдвэртэй танилцсан юм даг. Үндсэндээ үйлдвэрийн нөхцөл байдал таалагдаагүй. Өвөл болчихсон байхад салхи сийгээд яг л гадаа байгаа юм шиг. Үйлдвэрийн өнгө нэг л бүтэлгүй ээ. Тэгээд өглөө хуралдлаа. Хурал дээр “Би энэ үйлдвэрийн даргыг солино гэж ирээгүй ээ. Хамгийн гол нь ажил явуулъя гэж ирсэн.  Гэтэл  байгаа байдал, ам ажил хоёр их зөрүүтэй байна. Тийм учраас даргыг солих шаардлага гарлаа. Уучлаарай, надад битгий гомдоорой” гэлээ. Ингээд үйлдвэрийн даргын оронд нь шинэ хүн тавих хэрэгтэй болж, Бэрхийн үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэнг ажиллуулахаар сэтгэл шулуудаж, Даваацэрэндээ “Чи механик инженер. Энэ бол төмөрлөгийн үйлдвэр учраас чиний мэргэжил дөхүү юм. Нөгөө талаас чи Бэрхийн үйлдвэрт амаргүй үед сайн ажилласан. Чамд бүх салбарт ажиллах сайхан боломж бүрдэж байна” гэлээ. Ц.Даваацэрэн “Та ч их сонин арга барилтай болж байгаа юмаа” гээд инээмсэглэж байна. “Яав” гэсэн “Та намайг Бэрхийн үйлдвэрт томилохдоо комисст оруулж яваад л мөн энэ үгийг хэлээд үлдээсэн. Одоо бас л тэгж байна. Таныг хий гэж байгаа болохоор зүтгээд үзье” гэлээ. Ц.Даваацэрэн маань ч сайн ажилласан. Би ч чамгүй анхаарал тавьж, өдөр, шөнөгүй энэ хооронд давхидаг байлаа. Тэгээд жил гаруйн хугацаанд хүчин чадлын ашиглалтыг 60-70 хувьд хүргэн, гурван тэрбум төгрөгийн алдагдлыг гурван тэрбумын ашиг болгож чадсан. Орон нутгийн төсөвт хоёр тэрбум орчим төгрөг төлдөг болсон байх шүү.

    -Та Монросцветметийн захирлаар хэдэн жил ажилласан бэ?

    - Монросцветметийн Ерөнхий захирлаар 12 жил ажилласан.

    -Тэгээд УИХ-д нэр дэвшсэн байх аа?

    - 2007 онд Өмнөговийн Засаг даргыг солих асуудал гардаг юм. Тэгэхэд М.Энхболд дарга Ерөнхий сайд байсан. Тэгээд Өмнөговийн даргад өрсөлдвөл яасан юм бэ гэв. Нутгийнхан ч санал тавиад, давхар давхар юм болсон. Аймгийн ИТХ-д Ардын нам, Ардчилсан нам ойролцоо суудалтай. Хоорондоо тохиролцоонд хүрчихдэг. Хүн гаргахад хэцүүхэн л байсан гэдэг. Харин миний асуудлыг аймгийн ИТХ хэлэлцээд Засаг даргаар томилохыг дэмжсэн, гэтэл Засгийн газар дээр гацчихсан. Том дарга нар санал зөрөөтэй байсан юм болуу даа. Би 2006 онд салбарын инженер, эрдэмтэн хүний хувьд санал боловсруулж, М.Энхболд даргад  захидал бичсэн юм. Монгол Улсад  стратегийн ач холбогдолтой ордууд, том үйлдвэрүүдээ авч явах төрийн өмчийн оролцоотой том компани хэрэгтэй байна. Цаашдаа дэлхийн хэмжээний компанитай болох ёстой гэсэн санал байлаа. М.Энхболд дарга дэмжиж, холбогдох хүмүүстээ үүрэг өгсний дагуу ажил өрнөж Засгийн газраар хэлэлцээд  компани байгуулах болсон. 100 хувь төрийнх, 51 хувь нь төрийнх, 33 хувь нь төрийнх гэсэн гурван хувилбартай төсөл боловсруулсан юм. Харин Засгийн газар 100 хувь төрийнх байхаар шийдсэн. Ингэж “Эрдэнэс Монгол” байгуулагдсан түүхтэй. Ийнхүү төрөлх аймагтаа очиж ажиллах уу, санаачилж бий болгосон компаниа толгойлох уу, салбарын яамандаа ажиллах уу гэсэн хувилбарууд яригдсан хэрэг. Тэгээд л 2007 онд Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын даргаар томилогдож, эргээд төрийн захиргааны ажилд орсон. Яамны залуучуудтайгаа баг болж, сайхан ажилласан даа. Мартагдсан, орхигдсон асуудлыг хөдөлгөж, салбараа өөд татах санаатай гайгүй ажилласан шүү. Тэгээд 2008 онд нутгаасаа УИХ-д гишүүнээр сонгогдсон доо.

    -Төр  уул уурхайгаа ямар нэгдсэн бодлогоор авч явах вэ , XXI зуун руу энэ салбарыг авч явах суурь үйл явцын эхлэл дээр та нөхөд хэрхэн ажиллаж байсан тухай бид хоёр чамгүй ихийг ярилаа. Сүүлийн 10 жил уул уурхай тойроод монголчууд хэрэлдлээ. Эхний төслөө хөдөлгөх гэж 6 жил хэрэлдсэн шүү дээ. Энэ үнэхээр том зовлон болж байна?

    -Би УИХ-д байхдаа Оюу толгой, Таван толгой зэрэг стратегийн ордуудыг эргэлтэд оруулах бодлого, чиглэл гаргах, эрх зүйн орчин бүрдүүлэх ажлын хэсгийг ахалж, шийдвэрлүүлэх ажилд мэргэжлийн хүний хувьд хүчин зүтгэж, хариуцсан үүргээ гүйцэтгэсэн гэж боддог. УИХ-ын тогтоолууд гарснаар тухайн үедээ Оюу толгой, Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруулах үндэс тавигдаж, төслүүдийг хөдөлгөсөн юм. Түүнээс хойш 8 жил өнгөрсөн ч өрнөл нь мэргэжлийн хүний хувьд төсөөлж байсан хүлээсэн хэмжээний үр дүнд хүрэхгүй л байна. Харамсалтай нь одоо ч гэсэн уул уурхайн хөгжлөө хэрүүл, маргаанаар уясаар байна.

    -Олон ордыг стратегийн гэж онцгойлж авч үзэн бэлтгэсэн ч ороод ажилласан нь цөөхөн. Олон нийт бүх амьдралаа уул уурхайн салбарт зориулсан мэргэжлийн хүнд энэ асуултыг тавьдаггүй. Харин улстөрчдөөс их асуудаг. Манайх Африк шиг болох гэж байна гэж захын Должин гуай ярьж эсэргүүцэж байх жишээтэй. Та бараг бүх уурхайгаар тойрч ажилласан мэргэжилтний хувьд юу хэлмээр байдаг бол?

    -Эрдэс баялаг, уул уурхай тойрсон янз янзын яриа бий.  Энэ нь зөвхөн Монголд ч төдийгүй дэлхийн уул уурхайн үйлдвэрлэл түлхүү хөгжсөн орнуудад ч түгээмэл. Энэ утгаараа олон нийтийн анхаарлын төвд зайлшгүй байдаг л асуудал. Газрын хэвлийн баялаг бол нөхөн сэргээгдэхгүй. Нэг олборловол орон зай нь л үлдэнэ гэхээс эргэн төлжихгүй. Тэр утгаар нь аль ч улсын иргэд, олон түмэн анхаарлаа түлхүү хандуулдаг. Үүнд төрийн хар хайрцагны зөв бодлого хэрэгтэй. Уул уурхайн салбарт олон жил ажилласан, үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудаар явж юм үзэж, нүд тайлсан хүмүүс, мэргэжлийн уурхайчид энэ талаар олон нийтэд илүү мэдрэмжтэй яриа дэлгэх хэрэгтэй. Эрдэс баялаг, уул уурхайг хөгжүүлэхэд юу нь болж, юу нь болохгүй байгаа талаар жирийн иргэнээсээ эхлээд төрийн өндөр алба хашиж буй хүмүүст  үнэн зөв мэдээллийг хүргэж байх учиртай. Энэ бол салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын үүрэг гэж би боддог. Олон нийтэд падлий байхгүй ээ, бид юмаа мэдэж байна гэх өнгөөр энэ салбарын тухай ярьж болдоггүй. Тийм учраас би хэвлэл мэдээллийнхэн хийгээд олон нийтийн анхааралд харин ч илүү байх ёстой гэж үздэг. Ингэж баймааж нь ойлголцол, зөвшилцөлд хүрнэ шүү дээ.
     

    НАДАД МЭДРЭГДЭЖ БАЙГААГААР МОНГОЛЫН АРД ТҮМЭН “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРТ ХАЙРТАЙ

     

    - Та иргэдээ соён гэгээрүүлэх, ойлгуулах, эрүүл мэдээллээр хангах ажлаа хийлгүйгээр уул уурхайгаа хөдөлгөх, хийж бүтээх ажилд түрүүлээд орчихсон гэж хардаг уу?

    -Тийм тал бий байх аа. Ер нь бол нэгдүгээрт, үнэн зөв мэдээллийг баттай эх сурвалжаас өгөх явдал маш чухал. Хоёрдугаарт, уул уурхайн ажлын онцлог, үр өгөөжийг зөв тооцон ажиллуулбал үр дүнтэй гэдгийг сайн ойлгуулах ёстой. Байгалийн нөөц газрын хэвлийд байхдаа ямар байдаг, хэрхэн үндэсний баялаг болдог гэхчилэн бүх ажиллагааг хүргэх хэрэгтэй. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн талаар иргэд их зөв ойлголттой явдаг бололтой. Надад мэдрэгдэж байгаагаар монголын ард түмэн “Эрдэнэт” үйлдвэрт хайртай. Учир нь монголчууд Эрдэнэтийн овооны ордыг зөв ашигласан. Энэ ордыг ашигласны үр дүн төсвөөр дамжин монголын иргэн бүрт хүрдэг. Төрийн албан хаагчдын цалин, төсвийн  хөрөнгө оруулалтаар барьж буй сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдэд энэ үйлдвэрийн нөөлөг нь шингэсэн. Үүнийг үгүйсгэх аргагүй.  Нөгөө талаас Эрдэнэтийн ордыг ашиглахын тулд  бүхэл бүтэн дэд бүтцийг бий болгосныг ард түмэн мэднэ. Мөн нийгэм соёлын зориулалттай барилга байгууламжуудыг барьж, нийгмийн асуудлыг бүхэлд нь цогцоор шийдсэн. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг дагаад 100 мянга гаруй хүн амтай Монгол Улсын гурав дахь том хот  бий боллоо. Энэ хотыг дагаад иргэншлийн зөв хандлага төлөвшилөө. Соёлтой, сэтгэл хангалуун амьдрах нөхцөл бүрдсэн нь  зөв хөгжсөний л үр дүн. Нөгөөтэйгүүр Эрдэнэт үйлдвэрийн олон жил тогтвортой ажиллаж байгааг Монгол, Оросын найрамдалтай холбон ойлгож болно. Тэгэхээр  иргэдэд ийм зөв төслүүдийн талаар цэгцтэй ойлголтыг юун түрүүнд өгөх ёстой. Энэ хэрээр уул уурхайн хөгжил урагшилна.  Манай уул уурхайн салбарын 95 жилийн ой энэ жил тохиож байна. Тиймээс уул уурхайн талаарх үнэн зөв мэдээллийг жигд, цэгцтэй болгож, хүн ард, олон нийтэд хүргэхийг зорьж байгаа. Цэгцтэй ойлголтыг хүргэхийн тулд танин мэдэхүйгээс эхлээд техник, технологийн нарийн ширийнийг, үр ашгийг хүртэл иргэддээ тайлбарлан таниулах нь чухал.

    Салбарын 95 жилийн ойн арга хэмжээний хүрээнд уул уурхайн салбарын бүсийн чуулгануудыг зохион байгуулж байна. Төвийн бүсийн чуулганыг Орхон аймагт, зүүн бүсийн чуулганыг Сүхбаатар аймагт зохион байгууллаа. Одоо баруун бүсийнхийг Ховд аймагт, говийн бүсийг Өмнөговь аймагт зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Энэ бүсийн чуулгануудаар уул уурхайн салбарын тулгамдсан асуудал, түүнийг хэрхэн шийдэх, салбарын тогтвортой хөгжлийг хангахад төр засаг, салбарын төрийн захиргааны байууллага, уул уурхайн компаниуд нь орон нутгийн удирдлага, ард иргэдтэйгээ  хэрхэн хамтран ажиллах, хөгжлийн гарцыг зөв тодорхойлох гээд олон чухал асуудлыг хэлэлцэж нэгдсэн ойлголтод хүрч, үнэн зөв мэдээ мэдээллийг түгээхэд чухал ач холбогдолтой ажил гэдгийг хэлмээр байна.

    -Үнэндээ геологи хайгуулын ажил хийнэ гэхээр ухаж төнхөнө гэсэн болгоомжлол ард иргэд, тэр дундаа малчдын дунд бий. Өөрөөр хэлбэл улс орны хөгжилд дургүйдээ биш малчид бэлчээрээ, газар тариалангийнхан талбайгаа хамгаалж буй хэрэг?

    -Тантай санал нэг байна. Манай улсад уул уурхайн баялгийг бий болгох геологи хайгуулын ажлын судалгааны төвшин тийм ч өндөр биш. Тиймээс мэргэжлийн төвшинд цэгцлэх, төрийн  алсны хараатай бодлогоор хууль тогтоомж гарган зохицуулах шаардлага байгаа. Уул уурхай өндөр хөгжсөн орнуудад мөрдөгдөөд загвар жишиг болсон олон хууль бий. Үүнийг монголын онцлогт тохируулан ухаантайхан шиг хуулж, эрхзүйн орчноо бүрдүүлэх боломжтой. Зөв явж байгаа уул уурхайд хүмүүс дуртай байдаг. Нөхөн сэргээлт хийдэггүй, хариуцлагагүй зарим компаниудын балгийг уул уурхайн бүх компаниудад нялзааж болохгүй. Зарим нэгэн хариуцлагагүй компаниудын бүтэлгүй ажиллагаанаас болж бусад нь ад үзэгдэх ёсгүй. Тиймээс энэ “бүтэлгүй” тойргоос гарах ёстой. Цаашид стратегийн ач холбогдолтой томоохон ордыг Эрдэнэт үйлдвэрийн жишгээр ашиглана гэвэл иргэд дэмжих нь дамжиггүй. Гэхдээ бодлогын хүрээнд нөөц нь батлагдсан бүх орд илэрцийг ашиглана гэсэн үг биш шүү дээ. Гол нь тухайн аймаг, бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулах ёстой. Тухайлбал, Орхон аймаг уул уурхайг түшиж хөгжиж байна. Хаяа дэрлэх байгаль сайхантай Булган, Хөвсгөл аймгийг хөгжүүлэх  бодлоготой холбож, хөгжлийн үндэс суурь нь юу юм бэ? уламжлалт таван хошуу мал, газар тариалан, аялал жуулчлал уу, эсвэл уул уурхай юм уу? гэдгийг тодорхойлох учиртай. Уул уурхайгаар хөгжүүлэх гэж байгаа бол сайхан байгальтай хангай нутагт ганц хоёр ордыг л бодлогоор ашиглах юм бол зөв. Аливаа салбарыг удирдаж байгаа хүний ухаан, сэтгэлээс хөгжил үнэртдэг. Африкийн оронд буруу ашигласан зүйлийг монголд ийм болно гэж урьдчилан тохож болохгүй л дээ. Тухайлбал, Чили улс дэлхийд зэсээрээ тэргүүлдэг. Манай улс зэсээрээ дэлхийд эхний 10-д багтддаг. Саяхан Чилийн зэсийн Коделко компанийн Ерөнхийлөгч нь орлогч нартайгаа манай улсад айлчилж, Эрдэнэт үйлдвэртэй танилцсан. Бидэнтэй илэн далангүй яриа хөөрөө өрнүүлсэн. Чили улс дэлхийн нийт нөөцийн 30 шахам хувь буюу 210 сая тонн зэсийн нөөцтэй. Энэ компани 100 жилийн түүхтэй, 18 мянган ажиллагсадтай, компани улсынхаа эдийн засгийг авч явдаг том компани юм. Зэс үйлдвэрлэлийн хэмжээ нь манайхтай харьцуулашгүй их. Төрийн цэгцтэй бодлогоор, мэргэжлийн өндөр төвшинд зөв ашиглах ёстой гэдгээ хуульчилсан юм билээ.

    -Эрдэнэт үйлдвэр байгуулагдсаны 40 жилийн ой 2018 онд тохионо. Тус үйлдвэр дээрх хугацаанд хоёр удаа улс орныг хамарсан томоохон хэрүүл хэлцлийн бай боллоо. Эхнийх нь талийгаач Ш.Отгонбилэг захирлыг буулгах үед томоохон тэмцэл өрнөж, олон шатны шүүх дамжсан маргаан болж байв. Хоёр дахь нь, Оросын төрийн өмчит компанийн мэдэлд байсан 49 хувь нь манай монгол компанид зарагдсан асуудал.

    -Тийм ээ. 40 жилийн түүхт ойгоо бүтээлчээр тэмдэглэнэ. Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

    -2016 оны сонгуулийн санал хураалт явуулахын урд өдөр Ерөнхий сайд энэ мэдээллийг зарласан. Энэ үйл явц сонгуулийн дүнд нөлөөлсөн. Сонгуулийн дараа олонхийн суудал авч эрх баригч нам болсон МАН 49 хувийг монголын төрд буцааж өгөх шийдвэр гаргасны дараа, хэл ам ээрсэн хэцүү үед таныг захирлаар томилсон. Энэ 49 хувь тойрсон асуудлыг хүмүүс яаж харах ёстой юм бэ. Үүнийг тойроод хэрэлдээд байх уу. Халуун цэгт нь ажиллаж байгаа хүний хувьд чухам юу болж өнгөрснийг та тайлбарлаж өгөөч. Энэ ярилцлагыг уншиж байгаа хүмүүс үүнд хариулт хүлээж байгаа. Шийдвэрийг та мэдээж гаргаагүй. Гэхдээ мэргэжлийн хүний хувьд танд хариулт байгаа байх?

    Энэ эгзэгтэй, ярвигтай амаргүй үед намайг томилсон. 51:49 хувийн төлөөллөөс бүрдсэн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн гишүүд намайг 100 хувийн саналаар 4 жил ажиллуулахаар баталсан.

    Ерөнхий Захирлын хувьд ашиглалтын зардал багатай, бүтээмж өндөртэй техник, технологи нэвтрүүлэх, шинэчлэл хийх замаар таваарын бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах, үйлдвэрийн ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилт тавьж, үйлдвэрээ илүү сайн ажиллуулахын төлөө байна.

    Энэ томилгооноос өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайдаар ажиллаж, тодорхой ажлууд эхлүүлээд байсан юм. Ялангуяа олон жил ярьсан ашигт малтмалын гаралтай  түүхий эдийг өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн рүү шилжүүлэх, үнэлэмж өндөртэй, овор хэмжээ багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж өрсөлдөх чадвараа дээшлүүлэх замаар гадаадын зах зээлд хүргэх  олон чухал ажлыг эхлүүлэхээр ажиллаж байсан. Монгол орны эдийн засгийг амаргүй  үед ч, социализм, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн үед ч, дэлхийг хамарсан эдийн засгийн хямралын үед ч  гал алдалгүй жинтэй хувь нэмэр оруулсан томоохон үйлдвэр бол “Эрдэнэт”. Эрдэнэтийн хувьд мэргэжлийн төвшинд шийдэх асуудлууд бий. Эрдэнэтийн овооны ордыг ашиглаж эхэлсэн түвшинээс ил уурхайн ёроол хүртэл 370 гаруй метр гүнзгийрсэн байна. Монголын ард түмний буян заяа түшиж Эрдэнэтийн овоо гэдэг сайхан уулыг дээрээс нь ашиглаад явж байна. Цаашдаа уурхайг улам гүнзгийрүүлээд ашиглавал 300 гаруй метр, оройноос нь эхэлснээс тооцвол ил уурхайн түвшинд 700-аад метр ашиглах боломж бий.

    -Нөөц нь шавхагдаж, ашиглалт нь дуусч байгаа үйлдвэр гэж зарим мэргэжилтнүүд хэлдэг. Тэгэхээр тэр дүгнэлт ч тийм гүнзгий тооцоо үндэслэлтэй зүйл биш байх нь ээ?

    - Өнгөрсөн хугацаанд 5.3 сая тонн металл зэсийг газрын хэвлийгээс олборлон гаргажээ. Газрын хэвлийд байсан энэ зэсийг ашиглахын тулд 2017 он хүртэлх хугацаанд 570 гаруй сая метр куб уулын цул, үүний дотор 840 орчим сая тонн хүдэр олборложээ. Энэ нь маш их хэмжээний уулын ажил хийсэн гэсэн үг. Цаашид 40-өөд жил ашиглаад Эрдэнэтийн овооны нөөц дуусах нь, тэгэхээр ажиллаж байгаа 6000 хүн, энэ хотын 100-аад мянган  иргэд яах билээ гэдэг асуудал Монгол хүн бүрийн санааг зовоодог. 2016 оны сүүлийн байдлаар иймэрхүү дүр зурагтай л байсан. Өнгөрсөн хугацаанд ажилласан байдалд бид дүн шинжилгээ хийсэн, бүх мэдээлэл хадгалаастай бий. Нөгөө талаас бидэнд мэргэжлийн чиг баримжаа байна. Тиймээс онол, практик талаас нь харьцуулж жиших ажлыг өрнүүлж байгаа. Зэс агуулсан хүдрийн нөөцийг уурхайн гүнд ч, уурхайн зах хязгаарт ч өсгөх боломжтой. Эрдэнэт хотын эргэн тойронд өсгөх боломжийг практикт тулгуурлан онолын таамаг дэвшүүлж, үүнийгээ баталгаажуулах ажилд ороод байна. Бид 2017 онд геологи хайгуулын ажлаа 2 дахин нэмэгдүүлж, их ажил хийж байна. Эндээс Эрдэнэт үйлдвэрийн нөөцийг өсгөж, үйлдвэрийнхээ ажиллах насыг наанадаж 60 жил болгон нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Энэ бол бодитой тоо. Надтай хамт геологи-маркшейдерийн хэлтэс, хүдрийн ил уурхай зэрэг мэргэжлийн  албад, баг ажиллаж байна.
     

    НААНАДАЖ  ҮЙЛДВЭРИЙНХЭЭ АЖИЛЛАХ НАСЫГ 60 ЖИЛ БОЛГОЖ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭВ

     

    -Энэ жил 14 мянган тууш метр өрөмдлөг хийнэ гэсэн тооцоо уншиж байсан. Энэ тооцоо ч илүү гарч хийгдэнэ гэж харж болох нь ээ дээ?

    -2017 онд төлөвлөж байсан 14 мянган тууш метрийг 30 мянган метр болгож өсгөсөн. Зарцуулах хөрөнгө оруулалт бараг 2 дахин нэмэгдэж, 5.6 сая ам.доллар болж байгаа. Энэ ажлыг бид хийнэ. Эхний 9 сарын байдлаар 22 мянга гаруй тууш метрийг өрөмдөөд байна.

    Ингээд үзэхэд бидний тооцоо батлагдах тал руугаа явж байгаа. Исэлдсэн хүдрийн овоолгыг уусгах ажлыг Эрдмин, Ачит эх зэрэг үйлдвэрүүд хийж байна. Мөн Зэс эрдэнийн хувь гэсэн үйлдвэр ч яригдаж байгаа. Эрдэнэт хотод ажлын байр шинээр бий болгохын төлөө байна. Бид өөрсдөө ч ийм үйлдвэр барина.  Аль болох  зардлаа хэмнэж, үр ашигтай ажиллахыг хичээж байна. Өөрөөр хэлбэл исэлдсэн хүдэрт байгаа металлыг өндөр төвшинд ялган авахад анхаарна. Мөн байгаль орчны асуудал ч анхаарлын төвд байгаа.

    Бид ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр харж байна. Үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжүүдийг төлөвлөгөөтэйгөөр сайжруулан шинэчлэх, дэвшилтэт технологийг үе шаттайгаар нэвтрүүлэх, хүчин чадлын өсөлтийг тооцон өргөтгөх, өртөг зардлыг бууруулж, ашигт ажиллагааны түвшинг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэг асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 2017-2031 онд буюу дараагийн 15 жилд хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсрууллаа.

    Энэ зорилтын хүрээнд зургаан томоохон төслийг, тухайлбал, Эрдэс баялгийн нөөц өсгөх төсөл, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төсөл, Баяжуулах фабрикт хагас өөрөө нунтаглалтын шугам барих, хөвүүлэн баяжуулах хэсгийн өргөтгөл шинэчлэлийн төсөл, Засвар механикийн заводыг шинэчлэх, өргөтгөх төсөл, Зэсийн хүдрийг уусган боловсруулж, цэвэр зэс үйлдвэрлэх төсөл, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх бөгөөд төсөл тус бүрийг өндөр мэргэжилтэй, дадлага туршлагатай инженерүүд удирдан ажиллаж байна.

    Нийт техник, тоног төхөөрөмжийн 55-70 хувийг, тухайлбал ил уурхайн техникийн 50 гаруй хувь, баяжуулах үйлдвэрийн бутлуурын 75, тээрмийн 52, хөвүүлэн баяжуулах машинуудын 70 хувийг яаралтай шинэчлэх шаардлагатай болсон, ус хангамжийн шугам сүлжээний насжил 40 жил хүрч хуучирсан, хаягдлын аж ахуйг өргөтгөх, шинээр байгуулах зэрэг шаардлагууд гарч байна. Иймд, үйлдвэрийн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах зорилгоор үйлдвэрлэлийн элэгдэж хуучирсан, ашиглалтын хугацаа дууссан техник, тоног төхөөрөмжүүдийг солих, барилга байгууламж, техник, тоног төхөөрөмжид их засвар хийх, дэд бүтцийг шинэчлэх, уурхайн цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөх, иж бүрэн дэд станц барих, Эрдэнэт-Сэлэнгийн цэвэр усны шугамыг шинэчлэх, хаягдлын аж ахуйг өргөтгөх, шинэ хаягдлын аж ахуйг барьж байгуулах зэрэг томоохон ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр хөгжлийн үндсэн чиглэлд тусгасан болно.

    Компанийн хөгжлийн үндсэн чиглэлээр дэвшүүлж буй зорилго, зорилтдоо хүрэхийн тулд тогтвортой хөгжлийн цогц бодлого буюу дэвшилтэт Технологийн бодлого, Техникийн шинэчлэлийн бодлого, ирээдүйгээ харсан санхүү, мөнгөний бодлого, байгаль орчны бодлого, Хүний нөөц, нийгмийн хөгжлийн бодлогыг харилцан уялдаатайгаар хэрэгжүүлэх болно.

    -Ахиад шинэ үйлдвэр барих гэж үү?

    -Эрдэнэт үйлдвэр жилд 600-аад мянган тонн баяжмал гаргадаг. Баяжмалд 120-130 мянган тонн металл зэс бий. Мөн 30-40 тонн мөнгө байгаа. Үүнийг өөрийн оронд ялгаж авах асуудалд төвлөрч байна. Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барьчихвал  тээврийн зардлаа  хэмнэнэ. Экспортонд 600 мянган тонн баяжмал тээвэрлэн гаргах, 120-130 мянган тонн зэс гаргах хоёрын хооронд ялгаа их бий.  Металл зэс гаргаснаар Монголдоо зэс утас зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Цаашлаад машин, гар утасны эд ангийг  үйлдвэрлэхийг зорино. Нэг тонн металл зэс дэлхийн зах зээл дээр энэ оны эхний 9 сарын дунджаар 5947 ам.доллар байлаа.  Цаашид ямар байхыг тааж, төсөөлөхөд хэцүү л дээ. Зэс утас  нэг тонн нь 10 мянга ам.доллар, гар утасны эд анги  нэг тонн нь 100 мянган ам.доллар гээд газар тэнгэр шиг үнийн зөрүүтэй. Тиймээс бид эцсийн бүтээгдэхүүн гаргах чиглэл рүү явах ёстой. Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барихад хүндрэл учруулж байгаа гол асуудал нь хүхрийн хүчил юм. Бор-Өндөрт баръя, Эрдэнэтийн баяжмалыг зөөж хайлуулъя, Оюу толгойн баяжмалыг татья, Цагаан суваргын баяжмалыг зөөе гэсэн тооцоо хийсэн. Гэтэл хүхрийн хүчлийн асуудлаас шалтгаалж Засгийн газраас Оюу толгойн баяжмалыг тэр хавьд нь хайлуулж боловсруулан, хүхрийн хүчлээ цааш нь экспортод гаргах хувилбар сонгосон. Хил гаргахад 100‑гаадхан км явна. Эрдэнэтийн баяжмалыг хайлуулан боловсруулахад хүхэрлэг хий, хүхрийн хүчил гарна. Энэ бол технологийн бодит байдал. Үүнийг яах вэ гэдэгт анхаарч ажиллаж байна. Хүхрийн хүчлийг саармагжуулах, борлуулах асуудлыг шийдчихвэл, газар дээр нь аранжин зэс, цалин цагаан мөнгө гаргаж авах боломж бүрдэнэ.

    Эрдэнэт үйлдвэрийн дэргэд засвар механикийн завод  ажилладаг. Тус завод өөрийн үйлдвэрт хэрэгтэй түргэн элэгддэг эд ангиуд, зарим сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэдэг. Дотоодын зах зээлд нийлүүлж байгаа бүтээгдэхүүний нэр төрөл  нь цөөхөн учир өртөг  өндөртэй. Иймд үйлдвэрийн үр ашгийг дээшлүүлэх, Монголын зах зээлийг хангах засвар механикийн заводтой болох зорилт тавьж, техник эдийн засгийн үндэслэл, тооцоо судалгааг хийж байна.  Манай залуучууд гаалийнхантай уулзан, энэ тухайгаа тайлбарлан импортоор орж ирж буй төмөр хийцийн жагсаалтыг авсан. Гэхдээ энэ том ажил нэг амьсгаагаар бүтэхгүй, үе шаттайгаар явуулах нь чухал. Манай инженер, техникийн ажилтнууд үйлдвэр байгуулах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа нь бахархууштай. Үйлдвэр барихдаа аль улстай хамтрах вэ, ямар улсын техник технологи илүү вэ гэдгийг ярьж, судалж байна. Хамгийн гол нь эндээс гарах бүтээгдэхүүн гадны зах зээлд борлогдох чанар чансаатай, өрсөлдөх чадвартай  байх ёстой. ОХУ-ын хайлах, цувих чиглэлийн машин тоног төхөөрөмжийн үйлдвэрүүдийг явж судалсан. Мөн гадаадын олон орнуудад судалгаа хийж байгаа. Урьдчилсан судалгаагаар Герман, Япон толгой цохиж байна. Мөн Польш, Чехийнх хамгийн боломжит технологи сайтай хувилбар байж магадгүй. Үйлдвэрлэлийн цар хүрээ, хэмжээ  нь авсаархан, манайд илүү тохиромжтой юм билээ. Дотоод зах зээлээ хангахаас гадна экспортлох зорилгоор далайцтай үйлдвэр байгуулах хэрэгтэй. Үр ашгаа дээшлүүлэхийн тулд үйлдвэрлэлийн хэмжээ их байх, гадагшаа өрсөлдөх чадвартай байх нь чухал. Ер нь үйлдвэр барина гэдэгт бид эргэлзэхгүй байгаа. Гагцхүү ямар эд анги, бэлдэцийг үйлдвэрлэх вэ гэдгээс гадна түүхий эдийн нийлүүлэлт чухал. Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Сэлэнгийн төмрийн хүдрийн уурхайнуудтай хоршиж ажиллах хэрэг гарах байх. Мөн ширэм, ган үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж байгаа Бэрэн групптэй хамтарч ажиллах боломжтой. Одооноос металлургийн чиглэлийн инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэх шаардлагатай. Энэ ажлын хүрээнд Эрхүү, Уралын техникийн их сургуулиуд,  Воронежийн их сургууль, Москвагийн уул уурхай, ган ширэмний их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Манай Эрдэнэт үйлдвэр дэргэдээ Технологийн сургуультай. Гадаадын их, дээд сургуулиудтай жигд төвшинд хамтран ажиллахын тулд сургуулийнхаа статусыг өргөх хэрэгтэй байна. Тиймээс ШУТИС-ийн сургуулийн статустай болох саналыг БСШУЯ-нд тавьсан. Салбарын сайд, ШУТИС-ийн ректор ирж ажиллаад, сургалт үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх талаар санал бодлоо солилцсон. Боловсролын системд шинэ жишиг бий болгох чиглэлээр ажиллаж байгаа. Ингэж мэргэжилтэн бэлтгэх боломж бүрдэнэ. Тухайлбал, ОХУ-ын техникийн их сургуулиудтай хамтарч ажиллан мэргэжилтэн бэлтгэх янз бүрийн л арга, хэлбэр байна. Тодорхой хугацаанд монголдоо сургаж байгаад хоёрдугаар курсээс нь том сургуулиудад шилжүүлж сургаад тэдгээрийн дипломыг олгоё. Нөгөөтэйгүүр Эрдэнэтийн нэг онцлог бол  үйлдвэрийн дэргэд орос цэцэрлэг, сургуультай. Технологийн сургуулийнхаа дэргэд орос хэлний бэлтгэл бий болгож, улмаар англи хэлний бэлтгэлтэй болгох боломжтой. Ийнхүү цогцоор нь авч үзэн ямар үр дүнд хүрэх вэ гэдэг талаар зөвлөлдөж байна. Дээрх  асуудлыг олон талаас нь хэлэлцсэнээр дүр зураг гараад ирнэ гэсэн хүлээлт байна.

    -Зүтгэхээс өөр аргагүй байдалд л байцгааж байна шүү дээ. Үнэхээр сайхан төслүүд байна даа?

    -Эрдэнэт үйлдвэрийг удаан хугацаанд тогтвортой ажиллуулах, Орхон аймгийг хөгжүүлэх шинэ  модыг тарих гэж хичээж байна.  Үүнд Эрдэнэт үйлдвэрийн 6000 хүний оюун ухаан шингэж байгаа. Цэцэрлэг, дунд сургууль, их дээд сургууль, аспирантур, докторантур гээд тасралтгүй нэг жим, бүтэн үечлэлээр явбал нэлээн үр дүнд хүрнэ гэж харж байна. Өмнөх захирал Ц.Даваацэрэн  инженерүүдийн инновацид суурилсан ажлыг эхлүүлсэн нь сайшаалтай. “1000 инженерийн зөвлөлгөөн”-ийг жил бүр зохион байгуулж байна. Үйлдвэрийг үр ашигтай, хамт олноо урам зоригтой ажиллуулъя гэвэл уурхайчдынхаа, ажилчдынхаа санаа бодлыг сонсох зайлшгүй хэрэгцээ байдгийг олон жил үйлдвэр удирдсан туршлагаасаа мэдэрсэн хүн дээ би. Тийм ч учраас Эрдэнэт үйлдвэр анх удаа уурхайчдын нийгмийн асуудлын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, удирдлагын баг ажилчдынхаа санаа бодлыг сонсож, ажил хэрэгч яриа өрнүүлж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж байна. Мөн саяхан мастеруудын анхдугаар зөвлөгөөнийг хийлээ.

    -Эрдэнэтийг тойрсон асуудлаас нэг яриа олон жил явж байна. Улс төрийн намууд ээлжилж засаг төр барьдаг. Гол мөнгө олдог, шахаа хийдэг  түшиц газраа болгосон.  Зарим нэг даргын шахаагаар вандуй хүртэл нөөцлөөд  тэр нь муудаад гахайн тэжээлд өгсөн гээд яригдаж л байсан. Энэ бол зарим  зүйлийн дэргэд өнгөрсөн явдал. Эсвэл худлаа шуугиан яваад байдаг юм уу. Оросын төрийн өмчит компани эзэмшээд явж ирсэн үйлдвэр шүү дээ. Үнэхээр тийм зах замбараагүй, цадиггүй зүйл байсан юм уу. Энэ их домог хэзээ дуусах юм бол?

    -Эрдэнэт үйлдвэртэй холбоотой янз янзын яриа явдаг. Гал тогоонд нь ороод ажиллахаар бодит дүр зураг гарч байна. Миний арга барил, байр суурь бол дэл сул үгээр ажил явуулдаггүй. Энэ удаа ажлаа аваад үйлдвэрлэл, цех бүрээр явж танилцсан, хамт олонтойгоо уулзсан. Миний үүрэг бол Эрдэнэт үйлдвэрийг олон жил, тогтвортой, тасралтгүй, үр ашигтай ажиллуулах явдал юм. Түүнчлэн өөрийн чинь хөндсөн асуудал, асуултыг байлгахгүйн төлөө ажиллана. Гол нь аливаа зүйл бодитой л байх ёстой. Уул уурхайн салбарын 95 жилийн ойд зориулсан хэвлэлийн хуралд сэтгүүлчид  маш олон зүйл асууж тодруулж байсан. Цаг хугацаа л  харуулна гэж хэлмээр байна. Гол нь ажлынхаа үр дүнгээр л асуултад нь хариулна гэж бодож байгаа. Ямар ч байсан Монгол, Оросын хамтарсан үйлдвэр байсан үеийнхээс илүү ажиллуулахын төлөө байна. Тэгэж чадна гэж найдаж байна.
    -Та энд ирээд жил болчих шив дээ. Ажлын үр дүн ямар байна даа ?
    - Харин тиймээ, жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Цаг хугацаа хурдан явах юмаа. Ажил ч дажгүй шүү. Үйлдвэрийг өмнө нь  ажиллаж байснаас илүү сайн ажиллуулах үүрэг хариуцлага надад ногдож байгааг дээр хэлсэн. Манай үйлдвэрийн 6000 хүн, бүтээлч хамт олон урагшаа харж  ажиллах ёстой. Үйлдвэрийг тойрсон хэрүүл маргаан, намайг янз бүрээр оролдоод амар заяа үзүүлэхгүй байгаа ч гэсэн  үйлдвэр маань хэвийн ажиллаж буйд би сэтгэл хангалуун байгаа. Үйлдвэр сайн ажиллах тусам оролдох гээд байдаг бололтой. Тэгэхээр чинь би гэдэг хүн үйлдвэртээ 100 хувь анхаарч ажиллахаас гадна, улс төр, хэвлэл мэдээлэл, олон нийт, нийгэмд цаг зарцуулах шаардлагатай болоод байна л даа. /инээв/ Бид 2017 оны эхний 9 сард үйлдвэрлэлийнхээ бүх үзүүлэлтүүдийн төлөвлөгөөг 101,3-153,5 хувиар биелүүллээ. Мөн орлогын төлөвлөгөөгөө 24,5 хувиар давуулан биелүүлсэн. Энэ хугацаанд хөдөлмөрийн бүтээмжээ 2 хувиар өсгөж, таваарын бүтээгдэхүүний өөрийн өртгийг 2,3 хувиар бууруулсан. 2017 оны эхний 9 сард улс, орон нутгийн төсөвт болон цахилгаан эрчим хүчний төлбөр, төмөр замын тээврийн зардалд нийт 551,2 тэрбум төгрөгийн татвар, хураамж, төлбөр төлсөн. Эндээс үзэхэд манай Эрдэнэт үйлдвэрийн ажилтан бүр 68 орчим сая төгрөгийн баялаг бүтээсэн гэсэн үг. Энэ бол нэг талаас бахархал, нөгөө талаас их өндөр хариуцлага юм. Үйлдвэрийнхээ үйл ажиллагааны талаарх мэдээллийг хэвлэл, мэдээллийн байгууллагуудаар дамжуулаад тодорхой хугацаанд олон нийтэд мэдээлж байх болноо

    -Өмнөх захиралын үед зургаан дэд захиралтай байсан. Орон тоог нь цөөлсөн үү. Ачаалал бол их. Одоо гэвч олон нийт энэ сэдвийг нухацтай авч үзэх дургүй байна шүү дээ?

    - Үйлдвэр, хамт олон нь хийх ажил, тавьсан зорилгодоо таарсан бүтэц бүрэлдэхүүнтэй байх ёстой. Харин Ерөнхий захирал, удирдлагын баг нь бүтэц, зорилготой тохирсон үүрэг, хариуцлагатай, хэрэгжүүлэх эрх мэдэлтэй байж, үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд удирдан авч явах учиртай.

    Мөн ТУЗ-ийн эрх, үүрэг, хариуцах ажил нь тодорхой. Энэ бүхний  дээр хувьцаа эзэмшигчид бий. Хувьцаа эзэмшигчдийн үүрэг, эрхийг Компанийн тухай хуулиар зохицуулдаг. Тиймээс талуудын эрх үүрэг тодорхой.

    Эрдэнэт бол Азид, дэлхийд томд тооцогддог үйлдвэр, хоногт 5,0 тэрбум төгрөг, буюу 2 сая ам долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж байна шүү дээ.

    -Таны цалин, байрны тохижилттой холбоотой шүүмжлэл сошиалаар цацагдсан. Хариуцлагатай тоглогчдын зарим нь “Эрдэнэт үйлдвэр дэлхийн хэмжээнийх. Ийм хэмжээний үйлдвэрийн захирал ямар цалин авч байгаа нь ойлгомжтой. Манайхан арай  жижгэрч байна. ТУЗ-д суугаа хүмүүс болон захиралд ямар үүрэг хариуцлага ирэх нь ойлгомжтой. Гэхдээ цацагдаад байгаа тоо нь бодитой юу. Авч байгаа цалингийн хувьд танд сэтгэл ханамж ямар байна? Хоногт хэдэн цаг ажиллаж байна даа?

    -Би сургууль төгссөнөөс хойш өөртөө хуримтлуулсан эрдэм боловсрол, дадлага туршлагаа төрийн төлөө, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө, хүний хөгжлийн төлөө 37 жил зориулж явна.  Ямар ч үед нь ийм цалин өгвөл тэгнэ гэсэн үзэл бодол, арга барил байгаагүй.  Үйлдвэрийн цар хүрээ, улс орны хөгжил дэвшил, эдийн засагт өгч байгаа үр өгөөж, үүрч байгаа ачаа, хариуцлагыг нь бодож тогтоох ёстой гэсэн чиг ТУЗ-ийнхөнд байдаг юм билээ. Та ажилдаа хэдэн цаг зарцуулж байна гэж хүмүүс их асуудаг.  Эрдэнэт үйлдвэрийн захирлын ажлыг аваад хоногт 12-16 цаг зарцуулж байна.  Манай үйлдвэрийн онцлог учраас цех, хэсэг, нэгжүүдээрээ явж нүдээрээ үзэх шаардлага гарна ш дээ.

    Цалингийн хувьд яриа гарсан, Та ч бас асууж байна. Өмнө нь Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын цалин хөлс нууцын зэрэглэлд байсан. Нэгдүгээр орлогч байсан орос хүний гэрээгээр авч байсан 10 мянган долларын орчуулж цацсан, түүнийг тойрсон яриа хөөрөө дэвэрсэн юм шиг байна билээ. Миний хувьд бол хэвлэл мэдээллийнхэнд гурван сая гаруй төгрөгийн цалин авч байгаагаа хэлсэн. Олон улсын хэмжээнд цалин хөлсний асуудал нь нэг талаас хувь хүний нууц, нөгөө талаас компанийн бизнесийн нууц, өрсөлдөх чадвартай холбоотой асуудал байдаг. Гэвч Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын цалин хөлстэй холбоотой буруу ташаа мэдээлэл нэлээд яригдаж байгаа учраас тоймлон хэлье. Эрдэнэт үйлдвэрийн цалингийн хамгийн доод хэмжээ 920 мянган төгрөг, хамгийн дээд тал нь 3,3 сая төгрөг байна. Ерөнхий захирал 3,3 сая төгрөгийн, дэд захирлууд 3,0 сая төгрөгийн, газар, хэлтсийн дарга нар 2,5-2,9 сая төгрөгийн цалинтай байгаа.

    Бид ажилчдынхаа цалинг 2017 оны тав дугаар сарын 01-нээс 10 хувиар нэмснээр үндсэн цалингийн фонд 6,9 тэрбум төгрөгөөр өссөн, мөн урамшууллын санг 7 дугаар сарын 01-нээс үндсэн цалингийн сангийн 20 хүртэл хувиар нэмэгдүүлснээр нийт дүндээ нэг ажилтны сарын бодит орлого 120-450,0 мянган төгрөгөөр өссөн. Үүнээс гадна нийт ажилчиддаа 2017 оны эхний хагас жилийн ажлын үр дүнгээр 2,7 тэрбум төгрөгийн, цэвэр зэсийн тооцоот өөрийн өртгийг бууруулсан үзүүлэлтээс 990,0 сая төгрөгийн урамшуулал тус тус олгосон. Мөн эхний хагас жилийн ажлын үр дүнгээр ажилтнуудын ур чадварын нэмэгдэлд нийт 3,2 тэрбум төгрөгийг олгосон. Үүний үр дүнд эхний 9 сард хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэн, нэг ажилтны сарын дундаж цалин 2,218.0 мянган төгрөгт хүрсэн байгаа. Мөн эхний 9 сарын үр дүнгийн шагнал урамшуулалд 3 тэрбум гаруй төгрөг зарцуулахаар шийдлээ.

    -Орон байрны хувьд өмнөх захирлуудын жишгээр хэмээн хариулсан гэж твиттерт бичсэн байна билээ. Үнэн үү?

    -Надад заавал тийм байх ёстой гээд харьцуулаад, барьцаад байх зүйлгүй. Үе, үеийн удирдлагууд ордог байр байгаа орох уу гэсэн. Жишгээр нь оръё л гэсэн. Ц.Даваацэрэн захирлын байсан, 1970 онд баригдсан, үйлдвэрийн өмчлөлд байдаг, дөрвөн давхар байшинд байрны өрөө тасалгааг засварлаад өгсөн. Тэр байранд амьдарч, албаны унаа унаж байна. Үйлдвэрийн хамгийн алслагдсан объект нь 65 км-т байдаг. Үйлдвэрийнхээ бүх хэсэг нэгжүүдээр бүтэн тойрч ажилтай танилцахад 230 гаруй км болдог. Хэл амнаас илүүтэй үйлдвэрийг хэвийн жигд, үр ашигтай ажиллуулах нь л чухал. Хэвлэл мэдээллээр Ерөнхий захирлын асуудлыг хөндөж байгаа  мэт боловч  давхар хамт олны сэтгэл зүйг үймүүлж байгаа нь харамсалтай. Манай уурхайчид үнэн мөнийг мэддэг, үйлдвэрлэлээ ойлгодог хүмүүс тулдаа эргэлзэж тээнэгэлзэхгүй ажлаа хийж байна. Хамгийн гол нь энэ бүтээлч хамт олныг амар амгалан ажиллуулах явдал юу юунаас чухал. Энэ нь улс оронд хэрэгтэй юм даа.

    -Таныг орос нарийн бичгийн даргатай гэсэн нэг мэдээ явсан. Би сошиалаар гарч байгаа дэл сул хэрүүлийг нэгжээд  асуугаад байх дургүй. Зарим уншигчид ая тал заслаа, хурц асуудлуудыг асуусангүй гэх шүүмжлэл ирүүлдэг учраас зарим зүйлийг асуухаас өөр аргагүй. Оросуудын байгуулсан хот, оросын барьж өгсөн үйлдвэрт орос нарийн бичгийн дарга яагаад байж болохгүй гэж...гэсэн бодол надад бол төрж л байсан ?

    -Би харьцангуй нээлттэй хүн. Тэр тусмаа өөр шиг чинь нэр хүндтэй сэтгүүлчийн тавих асуултыг хязгаарлах биш харин илүү нээлттэй хариулчих бодолтой энэ ярилцлагыг зөвшөөрсөн. Би асуудлыг өөрийнхөө байр суурь, үзэл бодлоор тоо баримттай л хариулна. Орос нарийн бичгийн дарга ажиллаж байгаа. Өнөөдөр  манай үйлдвэрт 250-аад Оросын мэргэжилтэн ажиллаж, амьдарч байна. Үйлдвэрийн бүрэлдэхүүнд орос цэцэрлэг, сургууль, эмнэлэгт ажилладаг. Урьд нь гадаадын мэргэжилтний асуудлыг нэлээн өргөн хүрээнд авч шийддэг байсан. Тухайлбал, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч нь Оросын талаас ажилладаг. Нэгдүгээр орлогч гадаадын мэргэжилтнүүдийн сахилга дэг журам, нааш цааш явах визийн асуудал, тэтгэвэр тэтгэмж, ахуйн амьдралтай холбоотой асуудлыг хариуцдаг байсан. Одоо бол зарим асуудлуудыг нарийн бичиг-референтдээ давхар хариуцуулаад явж байгаа.

    -Энэ бол тийм ч ил тод хэлэлцээд байхаас илүүтэй эмзэг асуудал ч байж болохоор харагддаг ?

    - Миний хувьд  Оросын ард түмний зан заншлыг мэддэг, тэнд сурч боловсрол эзэмшсэн, энэ салбарт орос хүмүүстэй олон жил хамтран ажиллаж байгаа. Ер нь бол ойлгох хэрэгтэй. Хамтын ажиллагааны удаан жилийн зузаан түүхтэй энэ ард түмний төлөөллийг ажлаас шууд гаргаад явуулчихаж болохгүй. Энэ үйлдвэрт хамаг залуу насаа зориулсан хүмүүс л байна шүү дээ. Ажиллаад 5-8 жил, 10 гаруй жил,  дээд тал нь 30-аад жил ажиллаж, хамтарсан үйлдвэрийн төлөө амьдралаа зориулсан, үр хүүхэд нь энд өсч торнисон олон хүмүүс  байгаа. Энд Монгол хүний мөс чанар, ёс жудаг байх ёстой. Энэ бол миний зарчим.

    Аливаа зүйлийн мөн чанар, нөхцөл байдлыг цагийн аяс харуулна даа л гэж хэлмээр байна.

    Монгол, Оросын харилцаанд Төрийн тэргүүн ч анхаарал хандуулж байна. Шинээр томилогдсон Ерөнхий сайд ч хоёр хөршөө хүн далайтай зүйрлэж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд ач холбогдол өгч, байр сууриа илэрхийлсэн. Ер нь үе үеийн Төр, Засгийн удирдлагын анхаарлын төвд байсаар ирсэн асуудал шүү дээ.

Сэтгэгдэлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан