Данзангийн Лүндээжанцан хэмээх эл эрхэмтэй танилцсанаас хойш олон жил өнгөрчээ. Угаасаа тэр монголчууд бидний хувьд зүгээр нэг гадарладаг биш доторлодог болсон түшээ л дээ. 
     

    Лүндээжанцан гэдэг хүний ажил хэргийн карьер дунд сургуулийн ангийн даргаас эхэлсэн бол улстөрчийнх нь түүх тухайн үеийн МАХН-ын XX их хурлын үеэс эхтэй гэж үзэж болох юм. Тэрбээр 1989 оны хавар нөхөдтэйгээ нийлэн “Эх орон” нэртэй клуб байгуулж, өөрчлөлт шинэчлэлийн үзэл санаа бүхий өгүүллүүд бичиж, “Эх оронч нэгдлийн фронт” гэх байгууллага байгуулалцан ажиллаж байлаа. Улмаар 1990 онд нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулан АИХ-ын депутатаар сонгогдсон бол 1991 онд намын төв хорооны бүгд хурлаар Төв хорооны тэргүүлэгч болж байв. Яагаад энэ эртний түүх рүү орон иш татаж буйгаа би тайлбарлахыг хүсч байна. 

    Өнөөдрийн хүмүүсийн зарим МАН-ын зүтгэлтнүүдийг өөрсдийнхөө ч үзэж мэдрээгүй коммунизмын төлөөлөл мэтээр дайрч давшиж, коммунист хэмээн цоллож үзэгддэг юм. Ардчиллыг эх барьж авахад монголын ард түмэн бүгдээрээ хичээсэн. Нэг хэсэг нь өлгий нь болж, нөгөө хэсэг нь живх болж, хамтдаа гараас нь хөтөлж хөлд оруулсан түүх монголчуудын бүгдийнх нь түүх шүү дээ. Энэ түүхээс аль нэг хэсгийг нь тасалж тайрч, хасаж хаях боломж нэгэнт үгүй билээ. 

    Данзангийн Лүндээжанцан бол Үндсэн хуулийг боловсруулалцаж, улмаар эх барьж авсан хүмүүсийн нэг. Мэдээж Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаас эхлээд манай голлох бүхий л суурь хуулиуд түүний тархинд ширгээгдэж, гараар нь орж боловсруулагдаж байсан гэхэд хилсдэхгүй. 

    Учир нь тэрбээр Монгол Улсад хууль тогтоох байнгын ажиллагаатай парламент үүсч бий болсон цагаас хойш тасралтгүй 25 жил төрийн түшээгээр сонгогдон ажилласан тоотой хэдийн нэг. Энэ утгаараа түүний намтар шиг цээжлэгдсэн намтар монголд ховор. 

    Д.Лүндээжанцан нь Монголын хууль эрх зүйн салбарын нэртэй эрдэмтнээс гадна шинэ цагийн хуульчдын хүндэтгэл хүлээсэн багш нарын нэг юм. Шавь нар нь түүнийг зөөлөн, аливааг ааш араншингийн ширүүнээр биш арга ухаанаар шийдвэрлэхийг чухалчилдаг хэмээн онцолдог. 

    Л.Лүндээжанцан хувь хүнийхээ хувьд ихээхэн сонирхолтой хүн. Маш энгийн зан ааштай, төлөв, басхүү гэрэл гэгээтэй. Түүнийг хэрэлдэж, шатаж байхыг би хувьдаа хараагүй. Эв эеийг эрхэмлэдэг, аядуу, түшигтэй чанараараа олон хүнд асуудлуудыг зохицуулж, олон ч залуу улстөрчдийг өөрийн гэсэн жишиг, дэг соёлоороо хүмүүжүүлж ирсэн хүн дээ. 

    Зарим нь түүнийг бөөрөнхий гэж шүүмжилдэг. Угаасаа тэр сөргөлдөгч фигур биш. Товчхондоо тэр зөөлөн хүч. 

    Олон удаагийн өрсөлдөөнд орж, ялж явсан энэ хүний дотор ялдаг, дийлдэг хийморийн дарцаг дэрвэж явдаг юм. Гадагшаа огт сагадаггүй даруу чанар нь түүний олон түмэнд хайрлагддаг бас нэг гол хүчин зүйл. 

    Д.Лүндээжанцан шиг хүмүүстэй эвлэг, нэг өнгөөрөө л хорвоог туулж яваа хүн ховор. Хүмүүсээр хүрээлүүлж, хүндэтгүүлж, олонтой явах атлаа найр хайран дунд зарчмаа гээдэггүй. 

    Мань хүний амьдрал бусад лидерүүдтэй адилхан л өрсөлдөөн байсан. Гэхдээ тэр энэ дундаас дайсангүй үлддэг. Сонирхолтой гэмээр нэг жишээ хэлье л дээ. Сонгууль эхлэхээр бизнесменүүд өөрийн хүндэтгэдэг улстөрчдөд хандив өгч, тусалж дэмждэг жишиг бий. Тэр харин ийм үед зугтчихдаг. Яагаад тэгдэгийг нь асуухаар “Дараа нь гуйх юмыг нь дийлэхгүй” гэж хариулдаг. Ийм л хэцүү хүн. 

    Лүндээ гишүүнтэй аян замд хамт явж, хөдөө хээр тааралдаж олонтой уулзаж ярилцаж явлаа. Тэр бусдыг маш уран шоглодог. Өвтгөхгүй, хатууруулахгүй, амтлагаар шоглож, хамрын тамхиа татан инээд алдаж явдаг нь энэ хүний бас нэгэн гэгээн тал нь юм. 

    Хүнд байдлаас инээж гардаг ухаан баргийн хүнд дутдаг. Олон жилийн өмнө Өвөрхангай аймагт болсон нэгэн уулзалт дээр Ардчилсан намын нэг залуу танай нам гучин долоон оны хэлмэгдүүлэлтийг гардан хийсэн, муусайн алуурчин энэ тэр гээд л чарлаад дайрсан. Хурсан олон ч эвгүйцэж, танхимд таагүй уур амьсгал яах ийхийн зуургүй бүрхэн ирэхэд Лүндээ гишүүн шууд өөдөөс нь “Арваад жилийн өмнө би танай тэр уулын тэнд байдаг өвөлжөөнд очиж байсан юм байна. Чи тэрний хүү тэр мөн үү. Сайхан залуу болжээ. Аав ээж нь сайн уу” гэж тэс хөндлөн атлаа гарцаагүй, яг таг алмайртал олон жилийн өмнөхийг хэлтэл нөгөө залуу өөрийн эрхгүй дуугаа хураан, толгойгоо маажсаар, сүүлдээ инээсээр эргэж суусан. Энэ бол түүний дотор явдаг шал өөр ухаан. Шавь нар нь түүний ой санамжийг гайхдаг. Багш яаж бүгдийг тэгж яг таг санадаг юм бол гэх юм билээ. Ийм л олон талтай, олон төрлийн авьяастай, өөрийгөө бүх төрлөөр хөгжүүлж явдаг хүн дээ, манай Лүндээ гишүүн. Тэр бол энэ Төрийн хаяж болохгүй, үлдээж болохгүй үнэт хүн. Маш том орон зай. 

    Жишээ нь, УИХ-ыг ямар төвшний лидер удирдвал зохилтой талаар хүмүүс их жишиж ярьдаг юм. Ц.Нямдорж шиг догшин, шазалзсан хурц лидер парламентыг удирдахдаа бас л амжилт алдаа хослуулсан. З.Энхболд шиг харгис, хүний өөрийнгүй сөргөлдөж хэрчсэн хүн ямар үр дагавар чирсээр бууж буйг бид бас харж байна. 

    Спикерүүдийн түүхэнд тэр хамгийн чамин ДҮР бүтээсэн болов уу гэж би хардаг. Доошоо, дотооддоо эв цацаж, дээшээ хөдөлбөргүй бат эеээр холбож, төрийн институц хоорондын алтан хэлхээг ганхуулахгүй баринтаглаж байх сонгодог үүрэг бол Спикерийн үүрэг. Лүндээжанцан энэ үүргийг биелүүлж чадсан. Тэр бол харилцааны уртай лидер. 

    Д.Лүндээжанцангийн дотоодод бичдэг, уярдаг, амьдралаас гэгээ түүж гэгэлздэг бас нэг өнгө бий. Шүлэг, эссэ, дурсамж, хөрөг бичнэ. Шатар тоглоно. Бөх барилдана. Бас л олон талтай эр дээ.

    Д.Лүндээжанцанг 25 жил төр түшилцэхэд сайд болооч гэх санал гурван ч удаа ирж байсан гэдэг. Харин тэр татгалзсан. Ингэж сайд болж үзээгүй Лүндээг бүтээсэн түүхтэй. Энэ нь түүний парламентат ёсыг бэхжүүлэх чин хүсэл зорилгынх нь илрэл басхүү албан тушаалд тачаангуй биш цэвэр төрийн хүний шинж. Сайдаас татгалзаж парламентдаа ажилласан жилүүддээ тэр 500 гаруй хуулийн төсөл боловсруулж батлуулсан гэхээр энэ хүний хэн болох талаар илүү олон үг хэрэггүй мэт санагдана. 

    Зарим нэг ойворгон улсын амнаас парламентад олон жил суусан цөөн хэдэн гишүүнийг “Явах цаг нь болсон, бууцгаа” гэж аяглаж байгаа үзэгддэг л юм. 

    Үүнд би нэг л хариу баримаар санагддаг. Өнөөгийн Монгол орны олон асуудлууд ээдэрч, улмаар улс төрийн хүчнүүд ч зарим дээр нь гацан мухардалд орж, улмаар үл ойлголцлууд үгдэрч, Төрийн хямрал руу ч орчих гээд байдаг эмзэг байдалд байна. Улс орны хөгжилд амин чухал түлхэц өгөх шийдвэрүүд Үндсэн хуулин дээр очин зог туссаар. Олон жилийн энэ төвөгтэй байдал Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой гэсэн нэгдсэн дүгнэлт дээр биднийг авч ирээд байна. Ирэх дөрвөн жилд энэ өөрчлөлтийг хийх нь ч гарцаагүй. Д.Лүндээжанцан бол одоогийн мөрдөж буй Үндсэн хуулийг гардан боловсруулалцаж, эх барьж авсан хүн. Одоо тэрхүү эцэг хэмээгддэг хуулийнхаа үнэтэйг нь авч үлдэж, шинэ цаг үед зохицуулахыг нь зохицуулж Төрийн дархан шиг няхуур, ухаалаг шинэчлэлт хийхэд гол түших хүний нэг яах аргагүй тэр. Тиймээс түүгээр шинэ үндсэн хуулиа эх бариулъя гэхэд татгалзах хүн гарахгүй болов уу. Энэ бол яах аргагүй түүнийг ахин сонгох чухал шалтгаан гэж үзэж байна. Сонгогч та ч гэсэн санал нэг байгаа байх аа. 

    Монгол Улсад хууль тогтоох байнгын ажиллагаатай парламент үүсч бий болсон цагаас хойш тасралтгүй 20 жил төрийн түшээгээр сонгогдсон Монгол төрийн үнэт капитал шүү дээ. 

    Ийнхүү Монгол төрийн нурууг хотойлголгүй тулж яваа тулгууруудын нэг, Монголын хууль зүйн салбарын тансаг инжаан Данзангийн Лүндээжанцангийн тухай таталбараа өндөрлөж байна.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан