Ц.Ивата: Монголд эдийн засгийн хямралтай байгаа хэдий ч “Суруга Монгол” компани төслөө үргэлжлүүлнэ

    -Ноён Ивата, Та бол миний эртний танил. Уулзаагүй уджээ. Эргэн уулзсандаа баяртай байна.
    -Би ч гэсэн дотны андтайгаа дахин уулзаж байгаадаа баяртай байна.  Өнгөрсөн жилүүдэд бизнесийнхээ ажлуудыг цэгцлэх гээд тун завгүй ажиллалаа. Тохиолдсон бүх бэрхшээлүүдээ давж гарч чадлаа. Одоо компанийн маань ажил их амжилтай явж байгаа. Энэ удаа бизнесийн шинэ хамтрагчийнхаа хамт ирлээ. 

    -Хамгийн сүүлд биднийг ярилцаж байхад таны хэлж байсан үг санагдаж байна. “Суруга Монгол” бол танай баялгийг аваад явах хөрөнгө оруулагчид биш шүү дээ. Монголын газар нутаг дээр баялаг бүтээж өгөхөөр ажиллаж байгаа ийм хамт олон” гэсэн. Танай хэрэгжүүлж байгаа төсөл бол маш том төсөл. Олон жил үргэлжилж байна. Бас чанарын тухайд манай хэрэглэгчдэд ямар ч гомдол байдаггүй. 
    -Тийм ээ, танд тэгж хэлж байснаа би сайн санаж байна. Бид Монгол оронд баялаг бүтээх үйлсэд оролцож, өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байдаг. Энэ итгэл найдварыг ч таслахгүй, энд хэрэгжүүлж буй төслөө тасралтгүй ажиллуулж ирсэн.

    -Харин Японд байгаа толгой компанид тань хүндрэл учирсан гэж сонссон. Бас эндэх зарим захирлуудтай холбоотой сөрөг мэдээлэл гарч байсныг санаж байна. Энд хэрэгжүүлж байгаа төсөл тань ямар шатандаа явж байгаа вэ. УУлзаагүй удсан болохоор мэдээлэл хомс байна?
    -Тийм ээ. Токио дахь манай төв компанид санхүүгийн бэрхшээл тохиолдсон нь үнэн.  Энэ байдал бол хаа ч, хэнд ч тохиолддог зүйл. Токио дахь манай Төв компани санхүүгийн хүндрэлтэй асуудлаа шийдэж хэвийн байдалдаа буцаж орж чадсан. Асуудлаа шийдэхэд тодорхой хугацаа орлоо. Одоо шинэ хөрөнгө оруулагч, шинэ менежертэй болсон. Энэ төслөө ч идэвхтэй явуулах урам зориг дүүрэн байна. Та бүхэн сайн мэднэ. “Суруга Монгол” компани бол 300 гаруй монгол ажилтан ажиллуулдаг, энэ хавраас C 5, C 6 блокуудыг барьж эхлэхээр төлөвлөж байна. 13 жилийн өмнөх тэр хүсэл тэмүүлэл, тэр эрч хүч огтхон ч цуцаагүй хэвээрээ шүү.

    -Ийм үг сонсох таатай байна. Танай гэр бүлтэй би 13 жилийн өмнө танилцаж байсан. Тэр үед таны аав Токиод өөрсдийн компанийн барьсан барилгуудыг зааж танилцуулж явсан сайхан дурсамж санагдаж байна. Хэдий танайд хүндрэл тохиолдсон ч гэсэн Монгол дахь төслөө зогсоогоогүйд үнэхээр талархаж байна. 
    -Баярлалаа. Бид маш их хичээж ажилладаг. Та бүхэн сайн мэднэ. Цаг хугацаа маш хурдан юм аа. 

    -Эндэх компанийн нэг захирал хар тамихины хэрэгт холбогдлоо гэх мэт мэдээллүүд гарч байсан. Тухайн үед та бүхэнтэй уулзах гэсэн боловч амжаагүй. Тантай уулзсаных асуумаар санагдаад байна. 
    -Манай эндэх зарим захиралтай холбоотой тийм мэдээллүүд гарсан байсан. Харамсалтай нь тэр бүгд худлаа байсан. Монголын хууль хяналтын байгууллагуудаар шалгагдаад тэр нь худлаа гэдэг нь батлагдсан. 

    -Танай төсөл бол маш гоё, маш том төсөл. Батлагдсан газраас тань авах гэсэн оролдлогууд бас гарч байсан. Та монголчуудын сайныг нь ч, саарыг нь ч сайн мэдэх хүн. Монгол түншүүдтэйгээ муудалцсан, мөнгөө алдсан гэх мэдээлэл бас байдаг. Энэ асуудлаас болоод таны аавын бие муудсан гэсэн. Энэ үнэн үү?
    -Огт худлаа цуурхал байна. Бид Монголд мөнгө алдсан гэсэн тийм зүйл болоогүй. Мөн монгол хамтрагчтайгаа муудалцсан гэдэг ч худлаа. 

    -Газраа алдаагүй биз дээ?
    -Үгүй. Барилга барьж байгаа газар манай “Суруга Монгол” компани дээр байгаа. Анх л энэ компани дээр урт хугацааны гэрээ байгуулсан. Тэр л хэвээрээ. Өмнөх хэсэг дээр “Mongol corporation” гээд манай охин компани хариуцаад ажиллаж байгаа. Тэрэн дээр ийм андуурагдсан ойлголт явсан байж болзошгүй. 

    -Таны аавыг монгол түншүүдийн гаргасан зан аашнаас болоод бие нь муудсан гэж ойлгож явсан юм аа. Энэ ташаа ойлголт байжээ.
    - Ташаа ойлгожээ. Тийм юм болоогүй. 

    -Би эдгээр мэдээллүүдийн хойноос бас их явсан. Өөрийн цахим хуудсаараа хүртэл энэ тухай бичиж байсан. 
    -Ажил төрлийн байдлаас болоод ирж амжихгүй яваад байлаа. Мэдсэн бол тэр үед нь уулзаж мэдээлэл өгдөг байж гэж харамсаж байна. 

    -Та манай улстөрчидтэй танил уу. Тухайлбал, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүхтэй хэн танил вэ. Түүнийг танай компанитай холбосон сайн, муу олон яриа яригддаг. Энэ мэдээллүүдийг нягтлахаар Японд очоод та бүхэнтэй холбоо барих гэсэн боловч бүтээгүй. Тэгээд л танаас асууж лавлаад байгаа юм. 
    -Би 2001 онд анх өмгөөлөгч А.Гансүхтэй танилцсан. Тэр үед бол А.Гансүх сайд болоогүй байсан шүү дээ. Түүний хуулийн компани манайд зөвөлгөө өгдөг байсан юм. Тэр үеэс бидний хооронд маш сайхан нөхөрлөлийн харилцаа тогтсон. Одоо ч үргэлжилж байна. Бидний хооронд ямар нэгэн таагүй зүйл болж байгаагүй. Би их гайхаж байна. Өмнө нь нэг удаа би бас энэ мэдээллийг сонсч байсан. Яагаад тэгж ярьж байгааг ерөөсөө ойлгоогүй. Би ирэх болгондоо түүнтэй уулздаг. Тэр бас Японд очих бүрдээ надтай уулздаг. Бидний нөхөрлөл хэвээрээ. 

    -Хамгийн сүүлд та түүнтэй хэзээ уулзсан бэ?
    -Би өнөөдөр уулзахаар тохирсон байгаа. Орой уулзаж, найзтайгаа сайхан ярилцаж сууна гэж бодож байна. Өнгөрсөн сард би ирэхдээ бас түүнтэй уулзсан. 

    -Би бас А. Гансүхтэй ярилцах хүсэлтээ өгчихсөн байгаа. Таныг би хариуцлагатай эх сурвалж гэж үзэж байна. Яагаад гэвэл та энэ бүх сэдвийн хамгийн гол хүн шүү дээ. Би харамсалтай алдаа гаргачихжээ. Та намайг уучлаарай.
    -Та нар эх орондоо байгаа улсууд уулзалдах биз дээ. Тэр бас их сонирхолтой хүн шүү. Сайхан ярилцлага болох байх гэж бодож байна. Би бас үүнд гэмшиж байна. Тантай уулзаад бүгдийг ярьж болох байсан. Үнэхээр ажил ихтэй байлаа. Өнгөрсөн жилийг хүртэл би Монголд ерөөсөө ирж амжихгүй явсан. Хэрэв ирээд та бүхэнтэй холбогдсон бол энэ мэт яриа гарахгүй байсан шүү дээ. Намайг бас уучлаарай.

    -Та шинэ түнийнхээ хамт ирсэн юм байна. Түүнд асуулт тавьж болох уу?
    -“Python Capital Advisors” гэдэг Хөрөнгө оруулалтын компани юм. Ноён Jinkhyu Hong-той таныг танилцуулж байгаадаа таатай байна. 

    -Манайд эдийн засгийн хямрал болж, хөрөнгө оруулалтын орчинд тодорхой асуудлууд гарч байгаа. Гэсэн ч түүнийг давахаар хичээн ажиллаж байна. Энэ үед гадаадын хөрөнгө оруулагчтай уулзах сайхан байна. Ойрын үед би хувьдаа гадны хөрөнгө оруулагчидтай огт уулзаж ярилцлага аваагүй юм байна. Танай төсөл хэзээ дуусах вэ.
    Жинку Хонг: Энд хэрэгжиж байгаа төслийн хувьд анхныхаа батлагдсанаар явж байгаа. Дунд нь жаахан жаахан өөрчлөлт орж, баяжаад явж байгаа. Энэ төсөл маань амжилттай хэрэгжинэ гэж бодож байна. 

    -Дараа нь та бүхэн монгол дахь хөрөнгө оруулалтаа тэлэх үү ?
    Жинку Хонг: Цаашдын хөрөнгө оруулалтын тухайд бид шинээр байгуулагдаж байгаа Засгийн газарт ихээхэн найдлага тавьж байгаа. Хөрөнгө оруулагчийн хувьд энгийн үгээр хэлэхэд ороход хялбар, зөв, эрүүл хөрстэй тийм зах зээл болж хөгжөөсэй гэж хүсч байна. Ийм орчин тогтох нь хоёр талдаа ашигтай зүйл юм. Зөвхөн хөрөнгө оруулагчдад ч биш Монголд ашигтай хэлбэр лүү л орох ёстой. Аливаа улс орны ард түмэн үүнийг л хүсдэг шүү дээ. Хөрөнгө оруулалтын бодлого дээр зөвхөн уул уурхай хараад байж болохгүй. Бусад салбарууд, жишээлбэл, үл хөдлөх хөрөнгийн салбар байна. Үйлдвэрлэлийн салбар байна. Аж үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлэх ийм чиглэлүүд рүү анхаарах ёстой. Энэ салбарууд руу хөрөнгө оруулалт хийнэ гэдэг өөрөө бүтээмж өндөртэй эдийн засгийг бий болгох утгаараа маш чухал. Монголчууд бол толгой сайтай, их үнэнч хүмүүс гэж бид боддог. Гэхдээ энэ улсад шинэ технологи хэрэгтэй. Бас мөнгө хэрэгтэй. Тийм учраас гадны хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах нь зайлшгүй болов уу. Бид ч гэсэн Монголын эдийн засагт үнэлэгдэхүйц хувь нэмрээ оруулах юмсан гэсэн чин хүсэлтэй байдаг. 

    -Хуучнаа бодоход Хөрөнгө оруулагчдад хандах манай нийгмийн хандлага их өөрчлөгдөж байгаа. Энэ бол таатай явдал. Та бүхэнд мэдрэгдэх байх аа. Амжилт хүсье.
    Жинку Хонг: Баярлалаа. Таны ажилд бас амжилт хүсье. Энд хямрал үргэлжилж байна. Гэхдээ Японд бас том хямрал болж байсан. Одоо хүндрэлүүдийнхээ ард гарч байна. Хэдий тийм ч гэсэн бид Монголд хийж байгаа ажлаа орхиогүй. Тал талаасаа хичээгээд ажиллахад бүх зүйл сайхан болно гэж хэлмээр байна. Монголынхоо хөрөнгө оруулалтын орчны төлөө та бүхэн ч сайн ажиллаарай. Ялангуяа сэтгүүл зүйн үүрэг  маш их шүү. 

    -За, баярлалаа. Ахин амжилт хүсье.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан