Д.Дорлигжав: Билэггүй асуулт байна

    “Open door“ сонин энэ удаагийн VIPerson зочноороо Монгол Улсын Ерөнхий прокурор, ноён Д.Дорлигжавыг урьсан юм. Тэр хэвлэлд ярилцлага өгөөгүй тун чиг удсан. Ер нь ч тэр бүр мэдэгдэл хийж, олны хэл амыг асааж явдаг хүн биш. Хэвлэл мэдээллийн ертөнцөөс алсхан орших дуртай эрхэм юм. 



    -Ерөнхий прокурор таныг манай урилгыг хүлээж авсанд баярлалаа. Улс төрийн цаг эмзэг, халуухан үе таарч буй ч яг энэ үе бол бидний онцолсон үе биш юм шүү. Монгол оронд ардчилсан хөдөлгөөн үүсч хөгжөөд 25 жил болж байна. Энэ бол том цаг хугацаа. Энэ мөчлөгт  тодрон гарсан, хувийн хийгээд ажил хэргийн, үзэл санааны түүхээрээ салшгүй холбогдсон тодорхой эрхмүүдтэй уулзахыг бид  зорьж байгаа юм. Таныг энэ талаас нь сонгож урьсан гэдгийг ойлгоорой. 
    -За. Би бас тэр бүр хэвлэлд яриа өгөөд байдаггүйг та өөрөө сайн мэднэ. Яагаад ч юм анхнаасаа л тэгж хэвшсэн, ярих тийм ч дуртай биш. Энийг та бас ойлгоорой. 

    -Нэлээн удаан ам нээгээгүй хүн болохоор ойр зуурын салбарын ажил зэрэг сэдвээс яриагаа эхэлмээргүй байна. Нэн удахгүй шинэ жилийн уур амьсгал ороод л явчих биз. Бид өнгөрүүлсэн нэг жилийн ажил амьдралаа дүгнэж цэгнэнэ. 
    -Хоёулаа шинэ жил, өвлийн өвгөн, цасан охид арай ярихгүй биз дээ. (инээв). Хэрэв тийм бол би яг одоо арай бэлэн биш байна шүү. 

    -Үгүй дээ. 
    -Тийм байлгүй дээ. 

    -Монголын хувьд гадаад бодлогын тал дээр маш амжилттай ажилласан жил боллоо гэж харж байна. Энд гарсан амжилт, алдаа оноо юу байв. Хоёр хөрштэйгөө амжилттай гэрээ хэлцлүүдийг хийж чадлаа. Бүс нутгийн хэмжээнд чамлахааргүй бодлого хийж ажиллалаа. Харин хорин жилийн турш ярьж, чирч ирсэн гурав дахь хөршийн бодлого дээр үл ялиг салхи үлээж байна уу даа гэсэн зовнил төрж байна. Энэ тухай таны ажиглалт, бодол санааг сонирхмоор байна. 
    -Ер нь бол 1990-ээд онд Монголын гадаад улс төрийн бодлогод асар том, бүр орвонгоороо эргэсэн өөрчлөлт болж, нийгэм улс төр, эдийн засаг, оюун санааны амьдралд эргэлт гарснаас хойш үндсэндээ энэ 25 жилийн амьдрал онцын том савалгаагүй явж ирлээ л дээ. Энэ жилийн гадаад бодлогод болж өнгөрсөн үйл явдлууд бол өнгөрсөн 25 жилийн амьдралд тохиолдсон содон үйл явдлуудын нэг болж өнгөрлөө. Өмнө нь хоёр хөршийнхөнтэйгөө дээд төвшний уулзалт, айлчлалууд хийдэг л байсан. Гэхдээ энэ удаагийн айлчлалын цар хүрээ, цаг хугацаа, агуулга гээд бүхий л хүчин зүйлсээр авч үзэхэд үнэхээр том үйл явдлууд л даа. Зөвхөн аль нэгэнтэй нь салангид байдлаар асуудлуудаа авч үзээгүй, гурвуулаа нийлж, хамтарч бүс нутгийн хэмжээнд ажиллах суурийг тавьснаараа асар өндөр ач холбогдолтой. Гэхдээ гурав дахь хөршийн бодлогоо ч орхигдуулаагүй. Ийм хэмжээний бодлогын үсрэлт сүүлийн 25 жил манай гадаад бодлого дээр хийгдээгүй. Өөрийн тань хөндөж байгаа эмзэглэлийг мэдэрч байна. Хүмүүсийн зарим нь хөндөж, сонжиж л байх шиг байна. Одоо энэ хоёртойгоо л тэврэлдээд явах юм уу. Нөгөө гурав дахь хөршийн бодлого хаачив гэж. Гадна дотнын шинжээчдийн зүгээс цухуйлгаж байгаа ч юм ажиглагдаж байгаа. Гэхдээ хоёр хөрш оронтойгоо манай улс бүх талаар ойлголцож, нягт, гурван талт харилцаа болгон өргөжүүлж, дээд төвшинд харилцаагаа шинэчлэн гаргаж ирж ажиллах нь манай орны амин чухал эрх ашгийн асуудал юм. Мэдээж хажуугаар нь гурав дахь хөрш болон бусад улс орнуудтай идэвхтэй гадаад бодлого барьж, хамтарч ажиллах ёстой. Энэ бодлого орхигдохгүй. Улс орны гадаад бодлого дотор амин чухал эрх ашгийн асуудал гэж байдаг. Монгол Улс хойд урд хоёр хөрштэйгөө гурвуулаа нэгдсэн байр суурьт хүрэх, хамтын ажиллагаагаа жигдрүүлж, тодорхой болгож авах бодлого маш чухал. Ийм төвшний харилцааг бий болгох асуудал урьд өмнө нь хараахан биеллээ олж өгөхгүй явж ирсэн. Энийг хийлээ. Энэ бол асар том ололт. Энэ бол манай улсын өөрийн амин чухал эрх ашгийн асуудал гэдгийг дахиад хэлье. Харин үүний хажуугаар бусад улс орнуудтай харилцах гадаад бодлогоо энэ суурин дээрээ нэмж өргөжүүлэх үзэл баримтлалыг гурав дахь хөршүүдийн хувьд нээж өгч байж болох юм. Тухайлбал Орос, Хятад улс Монголд үйлдвэрлэсэн барааны гаалийн татварыг хөнгөлөөд, хүчингүй болгоод явчих юм бол тэд Монголд ч үйлдвэрлэлээ явуулаад шинэ зах зээл рүү гарах боломж  нээгдэх ч гарц гарч ирэхийг үгүйсгэхгүй. Ер нь бол Монгол бүс нутагтаа дэлхийн хоёр том зах зээлийг холбосон чухал бүс нутаг учраас бусад улс орнууд өөр сонирхлын нүдээр харж байгаа байх. Эмзэглэлийн биш сонирхлын шинэ харцаар харж байгаа болов уу. 

    -Нөгөө талаар хоёр хөрштэй энэ төвшинд харилцааны бодлогын шинэ суурийг гаргаж ирж тавих нь үнэндээ хялбар ажил биш шүү дээ. 
    -Үнэхээр манай гадаад бодлогын дээд төвшинд ажилладаг хүмүүс, тэр дундаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс  гаргасан хүчин чармайлт асар их. Бид талархах ёстой, хийсэн гэрээ хэлцлүүдийг даруй ажил хэрэг болгох ёстой.  

    -Та бол юмыг чичилж, нүдэж хэлдэггүй хүн. Гэхдээ зориуд тодотгон хэдэнтэй давтан нэг зүйлийг сануулж байгааг тань харж байна. Бидний шинэ үеийн амьдралд орж ирсэн гайхалтай атлаа зарим талаар дайсантай ч юм шиг нэг орчин байгаа. Тэр бол сошиал ертөнц. Энэ урсгал маань хийгдсэн айлчлалуудын өмнө хойно элдэв тийш нь хамж давхичих гээд их хэцүү байлаа. Үүнээс үүдсэн эмзэглэл байгаа юм болов уу гэж бодлоо.
    -Аливаа юм чинь сайн муу хоёр талтай юм л даа. Хүмүүс чөлөөтэй ярих гэдэг маань чөлөөтэй бурах гэсэн ч үг бас биш шүү. Улс орны гадаад бодлого, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой бодлогын чанартай асуудлууд дээр болгоомжтой, ухамсартай, гол нь ухаантай хандаж баймаар байна л даа. Хаа очиж манай иргэд, манай Төр энэ өнгөрсөн 25 жил ийм зүйлс дээр бас нухацтай хандаж ирсэн. Одоо улам л нямбай чамбай баймаар байна гэдгийг л хэлэх байна.

    -Харин ч танайхан илүү эмзэг танхил болчихоод олон нийтийн цахим сүлжээ рүү дайрдаг, хараадаг, элдэв зохисгүй үгээр доромжилдог болчихоод байгаа юм биш үү?
    -Бид иргэддээ үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх энэ эрх чөлөөг авчрах гэж зүтгэсэн. Ганцхан бид дотоод ухаанаа зөв захирч, залж байх цаг шүү гэдгийг л санах ёстой. Улс орноо бодож шүү дээ. Одоо бараг бид бүх асуудлыг, бүх шийдвэрийг нийгмээрээ ярьж хэлэлцэж шийддэг болж байна шүү дээ. Хэдэн сар хэлэлцүүлж байж шийддэг. Сошиал даяар шуугин хэлэлцсэн зүйлийн дараа бол шийдвэр гарахад нэг их цацаа цалгиа үүсэхгүй юм. Энэ бол сайн тал. Нийгмээрээ асуудлыг  хэлэлцдэгийн давуу тал энэ. Юмыг нууж байгаад, пал хийтэл чимээгүй хийдэг цаг ард үлдсэн. Одоо ард иргэдээсээ нууж хаах, ар хударгаар нь аливаа болж бүтэхгүй юм хийх бололцоогүй болсон гэдгийг хаа хаанаа мэдэрч байгаа байх. 

    -Та ингэхэд яагаад олон нийтийн сүлжээнд орж ирдэггүй юм бэ. Twitter, facebook-т хаяггүй биз дээ?
    -Нэгд надад зав бага байдаг. Хоёрт, миний одоо хариуцаж байгаа албаны онцлог гэж байна. 

    -Хашиж байгаа албаны тань онцлогоос л зөвхөн болж байна гэж үү?
    -Тийм гэж хэлж болно.

    -“Намайг доромжлох энэ эрх чөлөөний чинь төлөө л бид тэмцсэн юм” гэдэг нэг алтан үгийг танайхан хэлдэг байсан л даа. Гэвч сүүлийн үед хэвлэлийнхнийг тагнуул дээр аваачиж байцаадаг, лалрууд, тэнэгүүд, хогийн тантан гэх зэргээр цахим ертөнцийнхнийг хараадаг, хэвлэлийнхнийг шүүхэд өгдөг болчихсон болохоор ойрд уулзаагүй таны байдал өөрчлөгдсөн эсэхийг л тандаж асуусан юм. 
    -Энэ олон нийтийн чөлөөт индэр байдгаараа л байж байг л дээ. Эдэнтэй ноцолдоод, элдэвлээд байх шаардлагагүй. Би хэвлэл мэдээллийнхэнтэй бусадтай харьцуулахад ойр биш ч тэдний эрх чөлөөг боомилохыг эсэргүүцдэг. Энэ зарчим маань хэвээрээ. Харин хэвлэлийнхэн ёс зүйтэй, үнэн мэдээллийг өгч байх шаардлагатай. Иргэд маань боловсролтой болсон. Мөн ч их хэрэггүй мэдээ эфир эзлэн явах юм аа. Сэтгүүлчид та бүхэн өөрсдөө л үүнийг бодох ёстой. 

    -Сүүлийн хэдэн жил манай дэлхий ертөнц дээр дайн тулаан, элдэв сөргөлдөөний урсгал гэмээр зүйл тасралтгүй явагдаж байна. Одоо энүүхэн хаяанд ч Хонгконгод юм болоод л уналаа. Хаа сайгүй л юм болж байна. Украйны асуудал гэхэд дэлхий нийтийг хамарсан талцал тэмцэл дагуулж байна. Энэ бүх үйл явцаас бид юуг яаж уншиж явах, юуг нь тусгаж явах ёстой юм гээд олон асуудал бий. 
    -Өнгөцхөн харахад бол Украйн дотроо нааш цааш болоод л, тэрнээсээ болоод элдэв юманд автаад байгаа юм шиг харагдаж байгаа юм л даа. Ер нь ертөнц дээр болж байгаа томоохон үйл явдлууд бол аль ч улс оронд хамаагүй байх цаг өнгөрчихсөн. Бүгд хамаатай болсон. Харин ч бид анхааралтай харж, үндэс шалтгааныг нь судалж,  бодож боловсруулж суух ёстой. Тэр үүднээс нь авч үзэх юм бол жишээ нь, Украинд болсон үйл явдлын гол шалтгаан бол хүйтэн дайн дууслаа, бүх ойлголцол бий боллоо гэж ярих болсноос хойш улс орнууд, ялангуяа тэргүүлэх гүрнүүдийн хувьд ч бүрэн итгэлцэл бий болоогүй байсантай холбоотой. Өөрөөр хэлбэл 25 жилийн өмнөх хүйтэн дайны шалтаг зогссон байхад түүнээс хойш тэргүүлэх улс гүрнүүд зэвсэглэлээр хөөцөлдсөн хэвээрээ. Өнөө л нэг цөмийн пуужин тэвэрч авч нэгийгээ айлгах гэсэн хандлага хэвээрээ. Цэрэг зэвсэгт мөнгө хаясан хэвээрээ. Геостратегийн бодлого явуулсан хэвээрээ, газар нутаг хомслох гэсэн санаархал нь хэвээрээ. Өнгөн дээрээ л хүйтэн дайн дууссан гэсэн боловч далдуур өөр байсан явдал. Энэ нь хорь гаруй жил явсаар байгаад Украин дээр ирж их томоор илэрч гарч ирж байна л даа. Яагаад гэвэл Украин бол ОХУ болон Баруун Европын орнуудын хувьд бол эдийн засаг, геостратеги, цэргийн стратегийн хувьд маш чухал бүс нутаг. Дэлхийн улс гүрнүүд одоо энд нэг том хариулт өгч шийдэлд хүрэх цаг нь болсон. Хүйтэн дайныг цэглэсэн гэж өөрсдийгөө хуураад далдуур сөргөлдөөд байгаа энэ сөргөлдөөн өнөөдөр ил гүнзгий зөрчил болж гарч ирж байна. Энэ даамжирвал дэлхий нийтийн гамшиг болохыг үгүй гэх газаргүй.

    -Яаж энэ байдлаас гарах вэ гэдэг асуулт дэлхийн шинжээчдийн тархийг гашилгаж байгаа. Олон л арга зам санал болгож байх шиг байна.
    -Түүх харах юм бол олон зүйл байдаг. Жишээ нь, 1962 оны Карибын хямрал. Тэр үеэс эхэлж цөмийн зэвсгээр хөөцөлдөж болохгүй юм байна шүү гэсэн аюулын харангын дохиог хаа сайгүй авсан. Энд ялагч байхгүй гэдгийг ойлгоцгоосон. Энэ логик явсаар байгаад 1975 оны Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны Хэльсинкийн форум болсон.  Тэрэн дээр Хэльсинкийн төгсгөлийн баримт бичиг гэж баталсан юм. Асар том баримт бичиг. ЗХУ, Европын орнууд, Америк гээд бүх орон оролцсон. Энэ бол маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Дэлхий нийтийн энх тайван, итгэлцэл, хамтын ажиллагаа, зэвсэглэлээр хөөцөлдөхийг зогсоох тухай гээд бүх чухал асуудлууд тусгагдсан. Ийм том баримт бичиг байсан. Үүний үр дүн явсаар байгаад үндсэндээ 1985 оны Горбачевын өөрчлөн байгуулалт явагдсан юм. Одоо дэлхийн гүрнүүд тэрэнтэй дүйх хэмжээний том зөвөлгөөнийг хийж, асуудлыг дахиж томьёолж ярих цаг болсон байх. Энэ бол их гүрнүүдийн санаачилж хийх ажил байх. 

    -Одоо эдийн засгийн хямралын тухай бүгд ярьцгааж байна. Дэлхий нийтийн гэх төвшинд бол бас тийм ч том шуурга явчихаагүй байх шиг. Манайх дотооддоо хямарч байна. Гэхдээ энэ хямрал дэлхийн урсгалтай хамааралтай доргион уу, өөр учир шалтгаантай байх шиг байна уу?
    -Дэлхийн эдийн засаг гүнзгий хямралд автчихсан гэвэл үгүй л дээ. Юу гэж зүйрлэмээр юм бэ дээ. Хүний ходоод нэг цочирчихдог доо. Тэгээд дараа нь олигтой хоол идэж чадахгүй эвгүй оргиод байдаг шиг тийм цочроо бол байна. Энэ цаашаа гүнзгийрэх үү, үгүй юу гэдэг асуудал шууд хэлэхэд хэцүү. Ерөөсөө Америк, Баруун Европын орнуудад дэлхийн ихэнх үйлдвэрлэл, банк санхүүгийн нөөц төвлөрдөг байсан. Гэтэл сүүлийн үед Хятад тэргүүтэй азийн бусад орнууд маш хүчтэй хөгжиж гарч ирээд тэр рүү дэлхийн мөнгөн урсгал чиглэж байна. Тийшээ бүх технологи очиж байна. Үйлдвэрлэл тийшээ оччихоор хүссэн хүсээгүй нэг талдаа тогтчихсон байсан эдийн засаг  татагдаад сунаад нөгөө тал руу явж байгаа юм л даа. Иймд хүндрэл гарч байна. Үүнийг яаж даван туулах вэ гэдэг хөгжилтэй орнуудын толгойны асуудал болчихоод байна. Тэд үүнийг даван туулах бодлогоо тодорхойлж арга хэмжээ авч байгаа байх. Гэхдээ энд цаг хугацааны асуудал бий. Тэдэнд урд нь үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд хөрөнгө хүч их шаарддаг байсан, үнэ өртөг өндөртэй байсан өөрсдийнх нь боловсруулсан өндөр технологиуд байгаа. Тэр өндөр технологиудаа гаргаж ирж, үйлдвэрлэлд оруулж байж, тэрийгээ дагасан үйлдвэрлэл нь эргэж  эдийн засгийн хямралаас гарах, дахиж хүчтэй болох боломж бий. Гэхдээ нөгөө талд адилхан хөгжлийн бодлого явж байгаа. Адилхан өрсөлдөөн явагдах нь тодорхой. Одоо ингээд харахад Европт депиляци ажиглагдаж байна. Америк бол арай гайгүй байх шиг байна. Японы эдийн засаг ч гэсэн дээрх нөлөөнд өртөж байна. Манай Монгол орны хувьд бол нэг их онцгой хямраад байх тийм том цохилт ч бид аваагүй л дээ. Гэхдээ үндсэн экспорт болох зэс, төмрийн хүдэр, нүүрс гэх мэтийн үнэ унасантай холбоотой хэтэрхий тэлчихсэн эдийн засаг буцаж огцом агших шаардлага гараад бэрхшээл гарч байна. Манайх том хямралд өртөхгүй явах ч бололцоотой. Барагтай давалгаанд автчихгүй явах бололцоо байгаа. Тэр утгаар нь би гадаад бодлогын тухайд гарсан ахиц, ололтуудад илүү ач холбогдол өгөөд чухалчилж яриад байгаа юм. 

    -Та манай орныг дөчөөд жилийн турш нуруун дээрээ үүрч явсан “Эрдэнэт” үйлдвэр гэх том айлыг удирдаж байсан хүн. Сүүлийн жилүүдэд бид чинь нөгөө алдартай “толгой”-нуудаа тойрч ханараад “Эрдэнэт”-ээ тоож тордох талаар хойрго хандсан. “Эрдэнэт”-ийн үүрэг буурсан, элэгдсэн ч гэдэг. Энэ талаар та юу хэлэх бол.  
    -Бид нарт нэг том гамшиг байна. Тэр юу гэхээр нэг хүн нэг салбарт сайд болоод очихоороо бусадтай зөвлөхгүй, бодож боловсруулахгүй, судлахгүй, өөрийнхөө толгойнд орж ирсэн, зөв гэж бодсон юмаа төрийн бодлого гэж андуурдаг. Тэр нь холыг харсан юм байхгүй. Судалсан юм байхгүй. Уламжлалт бодлогыг шингээсэн юм байхгүй. Зүгээр л дур зоргын ажил байдаг. Энэ бол байж болохгүй үзэгдэл. “Эрдэнэт” үйлдвэрийн тухай та асуулаа. Энэ үйлдвэр Монголын эдийн засагт нөлөөтэй хэвээрээ байна. Цаашдаа ч нэг хэсэгтээ хэвээр байна. Ер нь бол “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон, энэ үйлдвэрийг дагасан үйлдвэрлэлийн бодлого Монголд байх ёстой юм. Би захирал байхдаа ийм төсөл хийж байсан. Одоо надад хадгалагдаад л байж байдаг. Энэ орчинд өчнөөн олон жижиг, дунд үйлдвэрлэлүүд бий болгох ёстой. “Эрдэнэт”-ийн нөөц дуусч, энэ үйлдвэр зогсоход үүнийг юугаар сольж, энд амьдарч байгаа иргэдийн  амьдралыг юугаар яаж авч явах вэ. Ийм юмыг төр засаг нь бодож байх ёстой юм л даа. Тэрийг өнөөдөр бодож байгаа зүйл алга л байх шиг байна. Цаг үеийг дагаад урсаад л явцгаагаад. Энэ чинь цаг хугацаа шаардсан ажил байдаг. “Эрдэнэт”-ийн хүчин чадал буурч, Монголын эдийн засагт үзүүлэх нөлөө нь эдийн засаг тэлсэнтэй холбогдуулаад жин нь багасч байгаа л даа. Гэхдээ одоогоор чухал, шийдвэрлэх хүчин чадал нь хэвээрээ л байгаа. Манай хамгийн том экспортыг тээж яваа, олон хүн ажиллаж байгаа, хот үүсгэчихсэн. Нийгмийн олон асуудлыг шийдэж байгаа. Өчнөөн олон юм бий. “Эрдэнэт”-ийн ач холбогдлыг бууруулж үзэж огт болохгүй. Тэгэх чадал ч одоогоор бид суугаагүй байна. 

    -Гэтэл “Оюутолгой” маань өнөөдөр зогсож байна. Хэтэрхий дур зоргоороо популизм хийж хашгирцгаасныхаа горыг бид амсаж байх шиг ээ.
    -“Оюутолгой”-той холбоо-той асуудлууд дээр эх оронч хүн болох гээд, ухаантай хүн болох гээд зөв буруу юм ярьж тоглоод байцгаах юм. Миний бодож явдаг энэ гэрээ дагасан эмзэглэл бий. Монголын талаас тавьж байгаа зарчмын чухал чухал асуудлуудыг хамтрагч нар маань хүлээж авахгүй, бид нарыг хэт шахчихсан, хэт өөрийн талын ашгийг харсан бодлого тулгаад л явж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг гомдоолоо гээд өөрийн хүнийгүй шуугиж, бас эдийн засаг нь хүнд байхад бидний үгээр л болно гэх аястай хандаад байвал бидний хамтын ажиллагаа олигтой үр дүнд хүрч чадахгүй гэдгийг ойлгуулах ёстой. Мөн нэр төр, ашиг завшаан хөөж, ойлгох ойлгохгүй юм ярьж нийгмээ самардаг, бусдын дургүйцлийг өдөөсөн ажиллагаа явуулж байдаг нөхдүүд энэ талаар болгоомжтой, мэдлэгтэйгээр энэ ярианд оролцвол зохино.

    -Манай дотоодын бүх зовлон улс төрөөсөө үүдэлтэй байна гэж Ерөнхийлөгч манай зочноор уригдахдаа мэдэгдсэн. 
    -Үнэн шүү дээ. Үнэхээр байдал тийм л байна. 

    -Та өнөөдөр хүчний том байгууллагыг толгойлж байна. Хуулийн салбарт шинэчлэлийн бодлого яваг-даж байгаа.  Яг прокурорын байгууллага дээр ямар шинэчлэл явагдаж байгаа юм. Х.Тэмүүжингийн гэх энэ шинэтгэлийг зарим салбар нь хөрсөн дээрээ нутагшихгүй байна. Салбарынхаа сэтгэл зүйг бэлтгэхгүйгээр шууд тулгаад явчихсан нь хүнд цохилт болж байна гэж үздэг. Энэ талаар та ямар байр суурь илэрхийлэх вэ?
    -Х.Тэмүүжингийн шинэчлэл гээд байх нь ч юу юм. Ерөнхийлөгч анх энэ хөтөлбөрийг зорилт болгож дэвшүүлсэн. Би ч бас Тамгын газрын дарга байхдаа гар бие оролцож, Б.Чимэд багш бид нар хамтраад энэ шинэчлэлийн анхны үзэл санаа, хийх ажлын цар хүрээ ямар төвшинд явагдах юм гээд хийж төлөвлөж байсан зүйл бий л дээ. Одоо би  прокурорын байгууллагад ирсэн болохоор тэнд оролцох миний оролцоо багассан. Прокурор дээр хийгдэж буй шинэчлэл дээр би хоёр зүйлийг хэлнэ. Нэгд, одоо байгаа хууль тогтоомжийн хүрээнд  прокурорын байгууллагын ажлыг яаж сайжруулах, хариуцлагыг яаж өндөрсгөх вэ гэдгийг одоо байгаа нөөц бололцоон дээрээ тулгуурлаад дотооддоо бид нэлээн чухал чухал шийдвэр гаргасан. Тэрийгээ хэрэгжүүлэх гэж шаардаж шахаж ажиллаж байгаа. Үр дүн гарч байгаа. Ахиц гарч байгаа. Зарим тохиолдолд энэ шахалт шаардлагыг дааж чадахгүй хүмүүс өргөдлөө өгөөд гарч байгаа. Нөгөө талаас ирээдүйд гарах үндсэн өөрчлөлт шинэчлэлт боллоо гэдэг нь мэдрэгдэх хоёр хууль байгаа юм. Энэ нь  Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль. Энэ хоёр хуулийн ирээдүйд гарах гэж байгаа концепцитой нийцүүлээд прокурорын тухай хуульд орох нэмэлт өөрчлөлтийн төслийг бид бэлэн болгочихсон байгаа. Энэ хоёр хууль багцаараа гарах ёстой.  

    -Хуулийн байгууллагууд тал тал тийшээ хараад суучихлаа. АТГ, прокурор, цагдаагийн байгууллагууд салбарын сайдтайгаа ойлголцохгүй байна гэсэн шүүмжлэлүүд явсан. 
    -Үл ойлголцол гэж томьёолох нь буруу л даа. Ерөөсөө энэ эрх зүйн шинэчлэл гэдэг зүйлийг үнэхээр ултай суурьтай ярих ёстой. Хөнгөн хандаж болохгүй. Олуулаа ярих ёстой.  Яарч болохгүй. Ийм чухал зүйлийг хэтэрхий яаран, шуугиулж давхисан. Популист хандлага ч гаргасан. Тодорхой хуулиуд дээр бид зарчмын саналууд гаргасан. Тэрэн дээр маргасан, шүүмжилсэн тал ч бий. Шүүмжлэл хэлэх гэхээр л шинэчлэлийг эсэргүүцэж байгаа, шинэчлэлийг ойлгохгүй байгаа гэсэн үгээр ам хаагаад байсан. Эхэн үедээ ч хүмүүс энэ нэг хүн л шинэчлэл хийх гээд байхад хуучин хэдэн юмнууд, салбарынх нь нөхдүүд саад болоод байгаа юм байна гэж ойлгож байсан байх. Тийм учраас би хуулийн төслүүдэд бичгээр санал өгөх хэмжээнд үйл ажиллагаагаа хязгаарласан. Шинэ хуулиуд  дотроо зөрчилтэй, манай эрх зүйн үндсэн зарчмыг зөрчсөн, амьдралд наалдаагүй, үр дагаварыг нь тооцоогүй ийм юмнууд  байгаа. Гэхдээ бүхэлд нь энэ хугацаанд гарсан хуулиудыг бүгдийг нь харлуулж болохгүй. Суурь нь гайгүй тавигдсан зүйл бий. Бас энэ шинэчлэлийнхээ ач холбогдлыг бууруулах зөрчилтэй заалт хийсэн. Харамсалтай нь бусдын хэлээд байгаа зүйлүүдээс зөв бурууг нь ялгаж шүүрдэж авах ухаан дутсан. Цэцэрхэх тал нь хэтэрсэн. Энэ бүхнийг нь хуулийн салбарынхан янз бүрээр л хүлээж авцгаасан байх. Шүүх, цагдаагийн байгууллагынхан дотроо хүндээр хүлээж авсан зүйл ч бий. Прокурор дээр бол дагалдах хуулиуд гараагүй учраас харьцангуй тогтуун байгаа. Ер нь бол хуулийн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх замаар хууль дагасан эрх мэдэл рүү илүү тэмүүлэх оролдлого байгааг би тухайн үед нь хэлж л байсан. Үндсэндээ хүмүүсийнхээ дургүйцлийг төрүүлсэн гол зүйл нь энэ л дээ. Прокурорын байгууллага энэнд өртөөгүй байж байгаа. Бид зохих ёсны бодлогын баримт бичиг хуулийн төслөө боловсруулчихсан байгаа.

    -Ер нь төрийн хоймор орчим төрийн хүний хэв шинжит дүр цөөрч байна. Төрийн зүтгэлтэн хаана байна гэх асуулт зүй ёсоор гарч ирж байх шиг ээ. 
    -Төрийн хүн  гэж хэн бэ гэж асууж байх шиг байна. Миний үзэж, уншиж, сонссоноор Чингис хааны үеэс аваад үзэхэд Цагаадай хаан үнэхээр байсан шиг санагддаг. Түүхийн зарим баримт бичгүүдэд Цагаадай хааныг бол ойворгон, хурц зан төлөвтэй байсан мэтээр тодорхойлсон нь бас бий л дээ. Гэхдээ бодит байдал Өгөөдэй хааны үед түүнийг дагаад үл хүндэтгэх, эс хүлээн зөвшөөрөх янз бүрийн юм гарч байсан. Энэ мөчид төр гэдэг үүднээсээ хамгийн их хүндэтгэлтэй хандаж, үлгэр үзүүлж байсан хүн бол Цагаадай хаан байдаг л даа. Төрийн наадамд Цагаадайгийн морь түрүүлж л дээ. Гэтэл Цагаадай өөрөө хаанаас уучлал гуйж байсан байдаг. Төрийн их баяр наадамд эзэн хаан тантай мөчөөрхсөн мэт үзэгдэх вий, эзэн хаан та минь өршөөгөөрэй гэж. Энэ бол үнэхээр өндөр жишиг. Хаан ч гэлээ миний дүү юм чинь гэж харж болно шүү дээ. Гэтэл тэр хүн Төрөө өндөрлөх гэж, Төрөө өндөр байлгах гэж тийм том жишиг үзүүлж байсан байх жишээтэй. Цагаадай хааны энэ хандлагад би маш их сэтгэл уярдаг. Ийм л улсууд олон байсан болоосой гэж боддог юм. Миний улс төрд орж ирсэн үеийн дууриал бол Дашийн Бямбасүрэн гуай. Анх нэг кабинетэд ажиллаж эхлэсэн. Энэ хүн бол хувийн ашиг завшаан гэдгийг огт мэддэггүй хүн. Хүүхдүүд нь гэхэд энд тэнд нэрийг нь гаргаад бужигнуулж яваа хүн нэг ч алга. Д.Бямбасүрэн гуай өөрөө айлгаж туниад элдэв ааш гаргаж яваа юм алга. Хэлэх үгээ хэлээд л сууж байдаг. Төрийг төвшитгөхийн төлөө л ухамсарт бүх амьдралаа зориулж байгаа. Энэ хүний сэтгэл үнэхээр Төр түмнийхээ төлөө байдаг.

    -Би таныг Ю.Цэдэнбал л гэж хэлэх байх гэж бодож байлаа. 
    -Би тэр хүнтэй цуг ажиллаж, он жилүүдийг хамт туулж яваагүй учраас мэдэхгүй шүү дээ. Би мэдэх юмаа л хэлнэ.

    -Нутаг дамжсан улс төрд ханддаг хандлагыг тань л төнхөж үзэж байгаа маань. Уучлаарай.
    -Нутаг ус гэдэг мэдээж хүн болгонд эрхэм зүйл нь.  Гэхдээ энд та бид хоёр Монгол Төрийн тухай ярьж байна шүү дээ. 

    -Өнөөгийн Ерөнхий сайдыг үнэхээр өвөрмөц содон хүн юм гэж хардаг. Их ч шүүмжлэлээр балбуулж байна. Та хоёр бол нэг нутгийн улс. Эрүүгийн шинжтэй олон л хэрэгт нэр нь хавчуулагдаад шуугиж байгаа харагдах. Д.Дорлигжав энэ асуудлуудад нь яаж ханддаг юм бол гэж олон хүн бодож байгаа байх. Би энэ тухай асуух ёстой гэж бодож байна. 
    -Ямар хэргийн тухай ярьж байгаа юм бол. 

    -Охиных нь холбогдсон, хүргэн гэх Г.Дэнзэнгийн талаарх асуудлууд гээд олон л шуугиан явж байна шүү дээ. 
    -Төрд зүтгэж байгаа хүн нутаг ус, жалга дов, хувь хүмүүсийг яриад байх нь үнэхээр зохисгүй бөгөөд хоорондоо хэмжээ хязгаар, ёс зүй, эрэмбэ зиндааны хувьд огт авцалдахгүй яриа хөөрөө шүү. Мэдээж унасан өлгийдүүлсэн нутаг усаа хайрлаж чадаагүй хүн эх орныг бүхэлд нь хайрлаж чадахгүй. Тэр амин голын хайртай бага эх орон болсон нутаг усаа сэтгэлдээ тээж явах ёстой. Миний баримтлах зарчим бол өнөөдрийн хүчин төгөлдөр байгаа хууль тогтоомжийг л мөрдөж ажиллах, энэ миний үүрэг. Би аливаад автахгүй. Тийм зан надад байхгүй.

    -Сэтгүүлчийн ажил баримтын араас л явдаг ажил. Сүүлийн долоо хоногийн турш олон тэрбумын тоо тавьсан Ерөнхий сайдын хүргэн гэх Г.Дэнзэнтэй холбоотой мэдээлэл цахимаар урслаа. Үнэхээр шалгагдаж байгаа ийм зүйл байна уу, байхгүй юу. Эсвэл танай эрх үүрэгт хамаагүй асуудал уу?
    -Би барин тавин нотолгоогүй шуугиж байгаа зүйлийг дагаж намирахгүй. Байгаа юмыг байгаагаар нь л явуулна. Эцсийн дүндээ буруу бол буруугаар нь шүүгээд л тунгаалгаад гаргана. 

    -Албан тушаалтнуудыг хаацайлаад гардаг, ард түмэн дээр үйлчлэхдээ ялын бодлого хатуу байна л гэх юм. Ноён Прокурор, та бол бөөрөнхий хүн биш. Албаны ёс журам, баримтлах ёстой зарчмаа надад хэллээ. Би шалаад баймааргүй байна. Гэхдээ намайг уншигчид маань хүчтэй шүүж байдаг. Асуусангүй гээд л буруушаана шүү дээ.
    -Сэтгүүлч хүний зовлон. Би ойлгож байна. 

    -Цагдаагийн шалгаж байгаа олон хэргүүдийг будлиантуулдаг, гараа дүрж бужигнуулдаг байгууллага гэж прокурорынхныг хэлцэх юм. Таныг ирэхэд ёс суртахууны хувьд хэр төлөвшсөн байгууллага байсан бэ. Одоо энд дорвитой ямар өсөлт, өөрчлөлт шинээр бий болов?
    -Ер нь жилдээ 20-иод мянган хэргийг хуулийн байгууллага шийддэг. Энэ дотроос гарын арван хуруунд багтах тооны хэргийг л хүмүүс тойруулж шуугидаг шүү дээ. Энэ байдлаас болоод тэрний алдаа оноогоор бүхэлд нь салбарын ажилтнуудыг харлуулсан дүгнэлт хийж болохгүй. Төрийн хүнд албыг хуулийн байгууллагын мянга мянган алба хаагчид өдий хүртэл залгуулаад, буруу зөвийг нь тогтоогоод ирсэн юм. Цаашдаа ч тийм байна. Энэ дотор алдаа гаргаж байгаа, албаа хувийн эрх ашигтаа ашиглаж байгаа, төрийн хүний байр сууринаас биш хандаж байгаа, тэрнээсээ болоод иргэдийг гомдоож байгаа цөөн хүмүүс байж болохыг үгүйсгэхгүй. Ийм зүйлтэй  бид хатуу тэмцэж байгаа. Төрийн энэ албыг ариун байлгах гэж чадлаараа л ажиллацгааж байгаа. 

    -Шүүгчдийн цалин дээр бол үсрэнгүй өөрчлөлт гаргалаа. Яагаад тэдний цалинг нэмж болохгүй гэж. Энэ бол шүүгчдийг хараат бус үйл ажиллагаагаа явуулахад асар том түлхэц өгсөн шийдвэр. Гэвч манайхны зарим буруутгаад дайрч л байна. Харин прокурорын цалин хөлс хэр байдаг вэ.
    -Энэ асуудал дээр төрийн зүтгэлтнүүдээсээ эхлээд нийгэмд буруу дохио өгчихсөн юм. Шүүгч л чухал. Шүүхийн байгууллагыг онцгойлон авч үзэх ёстой ч гэдэг юм уу. Тэгээд тэрийгээ дагуулсан сурталчилгаануудыг урсгачихсан. Гэтэл прокурор ялгаа байхгүй хүнд нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэдэг. Шүүгчийн цалинг өндөрсгөөд өгөхөөр сөрөг үр дагавар гарч эхэлж байна. Сүүлийн үед өргөдлөө өгч гарч байгаа, шүүхэд орохоор шалгалт өгч байгаа прокурорын тоо нэмэгдэж байна. Хаана л шүүгчийн орон тоо гарна. Тэнд прокурорууд очиж өрсөлддөг болсон. Өмгөөлөгч болохоор явдаг болсон. Бүгд амжиргааны орлого дагасан тэмүүлэл шүү дээ. Үүнийг шүүмжлэх хэцүү шүү дээ. Ийм сөрөг юмнууд бол гарч байна. Анхнаасаа иж бүрнээр нь хандах ёстой байсан. 

    -Сүүлийн жилүүдэд бизнес, улс төрийн салбараас хүмүүс шалгагдах, баривчлагдах тохиолдол ихэссэн. Тэгээд маш олон сараар, жилээр хорьж гэсгээх юм. Жишээ нь, Х.Анхбаяр гэж бизнесмен залуу байна. Д.Цогтбаатар хурандаа байна. Гэр бүл, үр хүүхдээрээ, амьдралаараа гэсгээгдэж шаналж байна. Ингэж залхаан цээрлүүлэх арга барил үеэ өнгөрөөсөн биш юм уу. Сая Л.Гансүх бас баахан хоригдлоо. Энэ тухай би зочин болгоноосоо л асуух юм. Бүгд л буруу гэх. Гэвч байдал өөрчлөгддөггүй. Энэ талаар таны байр суурь ямар байдаг юм бол?
    -Манай Эрүүгийн болон байцаан шийтгэх хуульд заагдсанаар хэрэг шалгаж байгаа байгууллагад өгөгдсөн нэг эрх нь мөн үү гэвэл энэ мөн. Энд нэг зүйлийг нарийн ойлгох хэрэгтэй. Гэмт хэргийг илрүүлнэ, нотолно гэдэг бол маш хүнд ажил. Тэр дундаа албан тушаалтнуудын хэргийг илрүүлнэ, нотолно гэдэг маш хүнд. Нэг талаасаа тэр хүмүүс хоригдож байгаа нь хэцүү, хүнд байдалтай харагдаж байгаа. Гэтэл хэргийг зүгээр л нэг илрүүлчихгүй. Хэрэг илрүүл гэдэг шаардлага тавигддаг. Бидэнд тийм үүрэг байдаг. Яагаад хориод байдаг юм бэ гэвэл тэр сэжигтний өөрийн үйлдлээс болдог. Гадуур шалгаж яагаад болдоггүй юм бэ л гээд байдаг. Гадуур тэр хүмүүсийг зүгээр сууж байдаг гэж бодож байна уу. Үгүй. Аль болох хэргийг илрүүлэхгүй байх, өөрийгөө хамгаалах гэсэн сэдэлтэй бүтэн кампанит ажиллагаа явуулдаг. Энэ бүхэн нь мөрдөн байцаах ажиллагаанд асар их саад учруулдаг. Тийм учраас яалт ч үгүй тусгаарлаж шалгах шаардлага байдаг. Бас нэг зүйл бий. Ганцхан хэрэг байдаггүй. Авагдсан мэдээллээр, шалгах ёстой олон салаа хэрэг байдаг. Өчнөөн олон үйлдэл цаана нь байдаг. Тэр бүхнийг эцэслэн шалгах, харилцан холбоог нь авч үзэх ийм шаардлага гардаг. Тийм учраас тусгаарлаж байж, хооронд нь хэл авалцуулахгүй байж байж шалгах ёстой болдог.Үүнийг хүмүүс ойлгодоггүй. Гэхдээ би онц шаардлагагүй бол хүнийг хорихыг урьтал битгий болгоорой гэдгийг мөрдөн байцаах, прокурорын ажилтны хамтарсан зөвлөгөөн дээр үүрэг болгосон. Харин гүйцэтгэх ажил, гэмт хэргийг илрүүлэхэд ил далд зөвшөөрөгдсөн арга техникүүд байнаа даа, тэрийгээ сайн хэрэглээрэй.Прокурор тэрэнд чинь зөвшөөрөл өгнө. Бүх үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдана шүү. Гарцаагүй шаардлага тулгарсан үед л хорих арга хэмжээ авна шүү гэсэн ийм чиглэлийг өгч байгаа.

    -Баярлалаа. Та миний асуултуудад илэн далангүй хариуллаа. Одоо нэг асуулт байна. 
    -Асуу асуу. 

    -Та бол хэдийгээр түдгэлзсэн ч гэсэн Ардчилсан намын хүн. Танай намаас томилогдсон Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн тухай Ерөнхийлөгч “Ноцтой алдаа дутагдал гаргасан. Гэхдээ үнэт зүйлд нь итгэж байна” гэх үгийг хэлсэн. Хэрэв танд хаяглаж Монгол Улсын Ерөнхийлөгч “Дорлигжавт гаргасан ноцтой алдаа бий” гэсэн үгийг амнаасаа унагасан бол та яаж хандах байсан бэ?
    -Билэггүй муухай асуулт байна.

    -Ахиад нэг асуулт байна. Тун саяхан манай дотоод улс төрийн амьдралд нэг хачирхалтай үйл явдал боллоо. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тодорхой үйлдсэн эрүүгийн хэргүүдээс үүдэж шүүхээс яллагдсан. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн. Гэтэл авилгын загалмайлсан эцэг хэмээгддэг, яллагдаж, уучлагдсан тэр хүнтэй эрх баригч Ардчилсан намын дарга 10 жилээр хамтран ажиллах гэрээ хийчихлээ. Ингээд нэг өглөө сэрэхдээ АН-ын гишүүд авилгын загалмайлсан эцгийнхээ хамтран зүтгэгчид болж хувирсан байсан. Энэ гэрээ яг юу юм бэ. Та бол энэ намын толгой лидерүүдийн нэг. Танай зарим нөхөд бол бараг уйлж байх шиг байна. 
    -Хувь хүний маань хувьд энэ зөв үү, буруу юу гэж хэн ч надтай яриагүй. Хийснийх нь  дараа ч зөвлөлдөөд яриад байсан юм байхгүй. Нэг зүйлийг би мэдэж байгаа. Тэр юу гэхээр Ардчилсан нам Засгийн газраа байгуулахын тулд "Шударга ёс" эвсэлтэй гэрээ хийсэн юм. Энэ гэрээг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гарсан бол тэр асуудлыг гэрээ хийсэн эвсэлтэйгээ хийх байсан. Яагаад МАХН-тай тусгайлан гэрээ хийх болсон юм бүү мэд. Үүнийг би ойлгоогүй. Ийм гэрээнүүдийг намын удирдах дээд байгууллагаас эрх авч байж хийдэг. Шууд гэрээ хийдэггүй. Санамж бичиг хийчихээд тэрийгээ дараа нь даруйхан намын удирдах байгууллагаар хэлэлцүүлж хүчинтэй баримт бичиг болгодог. Ийм л юм. Тэгэхээр энэ явдлын дараа бухимдах, эргэлзэх, үл ойлголцол гарах, гайхах нь зүй ёсны л хэрэг. 

    -Улс төрийн ёс зүйн хувьд харахад энэ явдал үнэхээр хэцүү явдал мөн биз дээ. Бүх лидерүүд хямарсан. Ерөнхийлөгч бол игзаар хүрэм явдал гэж хэлсэн?
    -Ер нь хүн аливаа ажлыг хийж явахдаа зарчимтай л хандах ёстой. Зарчим гэдэг ойлголтоо л зүрхэндээ тээж явах ёстой. Өнөө маргаашийг харж болохгүй. Зарчимгүй явах юм бол бид өөрсдөө хэн ч биш болж хувирна. Түүхэнд алиа салбадайнууд, амиа хичээсэн, хувиа хичээсэн “амьтад” л болж үлдэнэ. Тийм муу “өв”-ийг, тийм муу уламжлалыг л үлдээнэ. Тэр тусмаа Төрийн эрхийг барьж байгаа улсуудын хувьд ийм муу “өв”, ийм муу соёлыг үлдээж хэрхэвч болохгүй. Энэ бол улс орны эрх ашгийн асуудал шүү дээ. Энэ үүднээс нь харж л эмзэглэлээ гаргаж байгаа юм. 

    -Та ҮЗХ-ны гишүүн мөн үү?
    -Прокурор нам бусаар үйл ажиллагаа явуулах хуультай. Тийм учраас надаас ахин намын амьдралын талаар асуухгүй байхыг танаас хүсч байна. 

    -Би энэ намын бас нэг зүтгэлтний хувьд тань тавьсан л даа.
    -Зүтгэлтэн байсны хувьд гээд засчих уу. 

    -Тэгвэл, зүтгэлтэн байсны хувьд асуулаа. Танд амжилт хүсье. Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа.
    -Танд ч бас амжилт хүсье.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан