Хүннүгийн үеэс бидэнд уламжлагдан ирсэн морин хуур гэгч гайхамшигт хөгжмийн зэмсэг байнаа.  Их хаан Чингисийн нэртэй хамт дэлхийн дайдад хангинан дуурсаж яваа энэ “царай муутай” хөгжмийн зэмсэг монгол айл бүрийн гэрт бэлэг дурсгалын ч бай, жинхнээрээ ч бай ямар нэг хэлбэрээр байж байдаг эд. Гэхдээ л бид одоо болтол энэ чухал эдээ тултал танин мэдээгүй яваа алмай улс шүү дээ. 

    Би жишээ нь, үндэснийхээ ганц морин хуурын чуулгынхаа тоглолтыг гадаадад тоглож байхад нь анх өөртөө “нээж” байсан. Яахав дээ, бид чинь ер нь хүний газар зогсож байж өөрийнхөө барааг олж хардаг гажиг зантай улс шүү дээ. Хүн юу гэх нь вэ л гэж чагнаархаж байдаг зантай. Ийм ичмээр хоцрогдолтой. Сүүлдээ энэ маань явсаар байгаад хүний улсаар хуулиа “хийлгэдэг” , сонгуулиа заавардуулдаг завааруулдаг болтлоо дампуурлаа шүү дээ. Энэ нэг их бахархаад байх зүйл биш. Бидний гол тэнэгрэл л юм даа.

    Хорвоогийн бүх явдлыг хоёрхон чавхдсанд багтаадаг... гэх омгорхол бидний цээжинд байдаг. Гэхдээ яг бие цогцсоороо мэдэрсний дараа нээрээ юу билээ гэж эргэцүүлмээр болгодог увидас юм билээ шүү, тэндээс ирэх аялгуу.  Монгол морин хуур зуун зууныг илээн өртөөлсөөр, навсархай монгол гэрийн хоймроос тайзны сонгодог хөгжим болтлоо хөгжиж чадсан нь өнөөдөр ийнхүү бидний бахархал болж чаджээ. Чингээд зогсохгүй  Монгол улс НҮБ-ийн ЮНЕСКО-д "Дэлхийн оюуны биет бус соёлын өв" болгон бүртгэгдсэн нь гайхамшигтай биш гэж үү.Үүний шидээр морин хуурын эгшиг тал нутгийн минь сүнсийг тээн омогшсоор дэлхийн тайзнаа заларч, бидний өмнөөс үндэсний урлагийг маань дэлхийд төлөөлдөг болж чадлаа. Энэ үүргийг тээгч нь  бараг дангаараа  “Морин хуурын чуулга” . 

    Гэтэл  бид энэ чуулгынхаа  бүтцийг ч нарийн мэддэггүй. Энэ бол гутамшиг. Тийм болохоор анхан шатны хэмжээнд ч атугай ” Морин хуурын чуулга”-ын бүтцийг тайлбарлах гэж хичээе. Нэгдүгээрт, морин хуурын чуулга маань монгол үндэстний өвөрмөц онцлогийг тээгч юм. Энэ бүтцэд “гол баатар” болох морин хуур хөгжмөөс маань гадна ятга, ёочин, дунд хуур, их хуур багтдаг. Дээрээс нь флейт, төгөлдөр хуур, цохивор хөгжмүүд ордог. Ингэж цогц бүрдэж байж бидний чихнээ тэр аялгуу сайхан увидасаар дамжиж дотоод сэтгэлийг доргиох ид шид нь ирж байна. Энэ чуулгын урын сан үндэсний язгуур, ардын уламжлалт, дэлхийн сонгодог, орчин цагийн монголын болон бусад олон улс орны мэргэжлийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээр  баяжиж байдаг. Гэхдээ агуулгын хувьд төрмөл авъяастнууд тоглодог. Тэд төрийн ёслол хүндэтгэлийн том арга хэмжээнүүд, концерт, тусгай арга хэмжээнүүдэд л уригддаг. Тэдэнд ингэж “биеэ тоох” хангалттай шалтгаан байгааг одоо эрхэм уншигч авхай та ойлгоо биз ээ. Монгол улсын Морин хуурын чуулга нь ОХУ-ын "Большой театр", БНХАУ, БНСУ, БНСАУ, Канад, Францын ЮНЕСКО-ийн танхим, Итали, Австрын "Musikverein", Швецари улсын НҮБ-ийн танхим Германы Берлины Филармони, Япон улсын Suntory Hall, Accoros, Orchard hall, Тайван зэрэг олон улсын олон алдартай тайзан дээр залардаг. Гэхдээ энэ нь монгол улсын нүүр царай болдог чуулгын хувьд нэг их онгироод байх зүйл биш л дээ. 

    Хэдхэн хоногийн дараа Улаанбаатарчуудад нэгэн том тоглолт тавигдах гэж байна. Энэ бэлгийг барьж буй газар нь “Төгөлдөр сан”. “Төгөлдөр сан” гэх энэ нэр урлаг сонирхогчдын хувьд хэдийний танил байгууллага. Энэ сан төрийн хийж хүчрэхгүй өдий хүрсэн нэг талын цоорхойг нөхөж, монголынхоо урлагийг, тэр дундаа сонгодог урлагийг, тайз дэлгэцийн хийгээд кино урлагийг дэмжиж, хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. Тэргүүн нь хатагтай Х.Отгонтуяа. 


    “Төгөлдөр сан” энэ удаа бидэнд нэгэн шинэ одыг бэлэглэхээр шийджээ. Тэр бол үндэсний хөгжмийн залуу ноёнтойн Н.Жигжиддорж. Энэ сарын 16 нд “Трио” хэмээх нэгэн өвөрмөц концерт тавигдана. Гол дүр Н.Жигжиддорж. Энэ залуу ноёнтон монголын хөгжмийн ертөнцийн сүмбэр оргилууд болох Х.Билэгжаргал, Н.Жанцанноров, Б.Шарав гурвын уран бүтээлд хүндтэй байр эзлэдэг “трио”-г морин хуурын чуулгатай тоглохоор шийджээ. Том “юм” барьж авахаар шийдсэн нь залуугийн омог, авъяас чадварынх нь түлхэц биз. Гэхдээ түүнд найдаж байна. Мөн энэ үдэш тэрбээр хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын “Морин хуурын концерт-2”-ыг тоглоно. Энэ тоглолтонд Итали улсаас уригдан ирж байгаа морин хийлч Д.Амармэнд, төгөлдөр хуурч Ц.Шаравцэрэн, Улсын филармонийн симфони найрал хөгжим, удирдаач Ц.Батчулуун оролцоно. Маш цомхон, маш том бүрэлдэхүүн. Морин хуурын чуулга тоглоно гэхээр манайхан ардын хэдэн хөгжим тоглохоор төсөөлдөг. Энэ одоо хэтэрхий гэнэн ойлголт болон хувирчээ. Миний мэдэхийн мэргэжлийн морин хуурчдын уралдаан гэхэд олон  үе шаттай зохион байгуулагддаг. Шат бүрт хуурчдын заавал тоглох ёстой гурван бүтээлийг зааж өгдөг. Бах Марчеллогийн “Гобойний концерт”,  П.И.Чайковскийн “Меланхолическая серенада” зэрэг бүтээлүүд гэхэд заавал тоглох бүтээлийн жагсаалтад нь багтдаг юм билээ. “Меланхолическая серенада”-г эрхбиш манайхан мэднэ байх. Мэргэжлийн хийлчдийн уралдааны програмд гэхэд энэ бүтээл заавал  багтдаг юм шүү дээ. Энэ мэт дэлхийн сонгодгуудыг манайхан морин хуураараа тоглодог. Ийм төвшинд чардайн зүтгэж хүрснийх нь төлөө “Төгөлдөр сан” тэдэнд анхаарлаа хандуулсан биз. Тэгээд ч үндэсний хөгжмийн од төрүүлэхээр уйгагагүй ажиллаж байгаа биз. Тэдэнд энэ зүтгэлийнх нь төлөө талархах ёстой шүү. Ингээд бүгдээрээ тоглолтын дараа уулзъя даа.   

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан