“Улаанбаатарын тунхаг”-ийг урагшлуулахын төлөө

    “Их гүрний жижиг хөрш байх нь бүх цаг үед ээдрээ төвөгтэй тавилан билээ” гэсэн үгийг Норвегийн улстөрч Герхард Столтенберг хэлсэн нь бий. Энэ энгийн юм шиг хэрнээ тавилангийн үнэртэй шорвог үг жирийн нэг үг биш ээ. Эсвэл бидэнд илүүтэй цуурайтан ирж дуулддаг болохоор  тэгж санагддаг  юм болов уу. Ай, бүү мэд дээ. 

    Тийм ээ, Монгол бол газар нутгийн хувьд дэлхийн хоёр их гүрний завсар хавчуулагдаж заяасан жижигхэн орон. Нэгэнт оногдсон тавилан болохоор үүнээсээ зугтаж займчих  бололцоогүй. Тийм учраас энэхүү адармаатай орон зайд өөрийн улсаа хэрхэн авч явах, яаж хамгаалах, эрх ашгийнхаа бодлогуудыг ямар замаар хангаж явах, дэлхийн дайдад нэр нүүрээ хэрхэн цогцлоох, байр сууриа яаж бэхжүүлэх зэрэг амин чухал асуудлууд бусад жижиг улсуудын л  адил  бидний хоолой дээр зангирч явдаг. Биднээс шалтгаалахгүй нэг хатуу үнэн бол хуучин ч, одоо ч жижиг орнуудын байр суурь, дуу хоолой, нөлөө хязгаарлагдмал. Энэ үнэнийг ямар ч том дуу, ямар ч гоё мөрөөдөл одоохондоо дарах бололцоогүй л байна. Өөрчлөгдсөн нэг зүйл нь жижиг орнууд байр сууриа бэхжүүлэхийн төлөө илүү зоригтой, илүү тод эрмэлздэг болсон нь л байх. Үүнийг дагаад их гүрнүүд тэднийг сонсдог, нүүрэн талдаа инээмсэглэлийн хачиртай дэмжлэгийн үгийг харамгүй хэлдэг, соёлтойгоор хүлээн зөвшөөрдөг л болсон. Нөгөө талаасаа манай хувьд баялаг маань тэднийг бидэнтэй инээж харьцахад эрхгүй хүргэж байгааг онцлох ёстой юм даа. Баялгаараа бардам амтай болсон нь бидний өнөөдрийн давуу тал ч бүх юм цаг хугацаатай билээ. Гэсэн ч бид даяарчлагдсан энэ ертөнцийн цоо шинэ дэлгэмэл орон зай дээр бусдаас дутуугүй тоглох гэж чадлаараа л тэлчилж байна. Улс орон болгон өөрсдийн эрх ашгийг хангахын төлөө ухаанаа уралдуулж байдг. Гаднаасаа шударга дотроо бүгд чинжүү шиг тамир тээсэн ийм л гадаад хүрээлэлд Монгол улс бие даасан нээлттэй гадаад бодлого хийхийг хичээж буй. Бидний гадаад бодлогын тулгуур сонирхол бол аюулгүй байдлын ашиг сонирхол, эдийн засгийн ашиг сонирхол. Үүн дээр улс төрийн ашиг сонирхол нэмж эрэмбэлэгдэх байх.

    Мөн бидний гадагшаа чиглэсэн хамгийн эхний хөдөлшгүй бодлого бол хоёр хөрштэйгээ харилцах харилцааныхаа тэнцвэрийн балансыг хангаж байх. Мэдээж найрсаг, ойр дотно гэх мэт сэтгэл зүйн балансаас гадна бусад бүх харилцаагаа нухацтай, ултай авч явах хувь заяаны үүргээ элдэв дэмий тэнэсэн дэл сул авираар самраад байж болохгүй. 

    Бидний өнө мөнхийн хөршүүд болох ОХУ болон БНХАУ хэмээх аварга гүрнүүд эмээлийн бүүрэг шиг хоёр талаас өндөрлөн хашсаар Монгол дахь улс төрийн хийгээд эдийн засгийн ашиг сонирхлоо улам бүр нэмэгдүүлэх бодлогоо тэлсээр байна. Тэд бол бидний стратегийн хамгийн чухал түнш орнууд. Тиймээс хувь заяаны зурж өгсөн  энэ эрэмбэлэл хөдөлшгүй. Тэгэхээр  “муусайн хужаа нар биднийг идэх гэж байна, оросууд далан жил биднийг туслах аж ахуйгаа байлгасан, аан муу Путин, Си Жин Пин хоёр уулзаа л биз, бидэнд ямар хамаатай юм” гэх мэт хөндий цээжний агсамнал тээгээд утгагүй. Ялангуяа улс төрийнхний ам соёлтой, бодолтой байвал зохистой.  

    Ерөөс дэлхийн улс гүрнүүдийн түүх эвдрэл тэмцэл, эв зүйгээ ололцсон хамтын ажиллагааны л түүх байдаг. Хоёр хөрштэйгээ хамт туулсан бидний түүх ч энэ шинжээр тодорхойлогдоно. Өмнөх зуунд хойд хөрштэй харилцах харилцаа бидний түүхэнд өвөрмөц үүрэгтэй явж ирсэн бол шинэ зуунд урд хөрштэй харилцах харилцаанд маань үсрэнгүй хөгжил түрж байна.

    Хятад улс сүүлийн арваны турш дэлхийд тэргүүлэх гүрний байр суурийг эзлэхийн төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ эрчээрээ явсаар 2020 он даваад л АНУ-ыг гүйцэд түрүүлнэ ч гэж судлаачид дуу нэгтэй баталдаг. Өнөөдөр тэдний үсрэнгүй хөгжил дэлхийд Хятадын гэх загварыг хэдийнэ бий болгожээ. Мэдээж энэ улсад улс төрийн шинэчлэл хэр явагдахаас олон  зүйл шалтгаална. Хятад бол манай энгийн нэг улс төрийн хөрш биш. Газар зүйн хөдөлшгүй хувь заяагаар холбогдсон хөрш. Тийм учраас бид ухаалаг, овсгоотой, уян хатан, сортоотой бодлогоор тэдэнтэй харилцахыг баримталж байна. Дэлхийн хамгийн том, хамгийн супер энэ зах зээл дээр бид мөнхийн хөршийн давуу байдлаа супер ашиг болгож чадах эсэх нь биднээс хамаарна. Тийм ч учраас Монголын төр засаг идэвхтэй бодлого явуулж байна. Ердөө гурван сарын өмнө Монгол Улсын Ерөнхий сайд айлчилсан бол энэ удаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар албан ёсны айлчлал хийлээ. 

    Лу.Болд буюу нэрт эрдэмтэн Лувсанвандангийн хүү Болд бол Гадаад харилцааны стандарт сайд юм. Мэр сэр манай Гадаад яаманд стандарт бус сайдууд ирж буцаж л байсан. Тэдэнтэй түүх өөрөө түүнийг харьцуулж буй  учраас дээрх дүгнэлт өөрийн эрхгүй түүнд ирж байгаа нь энэ биз ээ.  Өнөөгийн Засгийн газар дотор ч тэр 25 жилийн улс төрийн амьдралаараа босгосон тэргүүлэх зэрэглэлийн лидерийн нэр хүндээрээ ялгарч буй. Тийм болохоор энд тэндээс нь маажилсан жижиг улс төр, бөөрнөөс нь өшиглөж үзэх мэтийн давьтаргүй оролдлогууд түүнд огтхон ч садаа болохгүй харагдана.   

    Айлчлалын эхний өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны ёсны хэлэлцээ хийж, хоёр орны улс төр, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг салбаруудын уламжлалт хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэн тэлэх боломжуудын талаар дэлгэрэнгүй ярилцсан юм. 2014 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ой  тохиож байгаа бөгөөд хоёр тал энэ оныг Монгол, Хятадын найрсаг солилцооны жил болгон зарлаж байгаатай холбогдуулан “Найрсаг солилцооны жилийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр”-т мөн энэ үеэр гарын үсэг зурлаа.   

    Мөн  Гадаад харилцааны сайд Л.Болд Бээжингийн Олон улс судлалын хүрээлэнд зочилж, Монгол, Хятадын харилцааны өнөөгийн байдал болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-ний талаар “Хамтын хүчээр энх тайван, ирээдүйн төлөө” сэдэвт илтгэл тавьсан юм. Илтгэлийнхээ эхэнд тэрбээр 2013 оны 10 сард Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалыг “Хоёр талын харилцан итгэлцэл, ойлголцол, хамтын ажиллагааны найрсаг уур амьсгалыг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлсэн бөгөөд Монгол Улс, БНХАУ-ын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр байгуулсан нь манай хоёр орны цаашдын хамтын ажиллагааны үндсэн зарчим чиглэлүүдийг тодорхойлсон чухал ач холбогдолтой боллоо” гэж дүгнэж байх юм. Мэдээж ингэх ёстой байх. Бээжинд битгий хэл Улаанбаатарт төдийлөн ойлгогдож амжилгүй өнгөрсөн тэрхүү даржин, цаг хугацааны хувьд ч онож товлогдоогүй сонин айлчлал Монгол Хятадын харилцаанд шинэ хуудас нээсэн гэдэгтэй санал нэгдэхэд төвөгтэй юм. Эл дүгнэлттэй дотроо жаахан тэрсэлдсэнийг эс тооцвол Л.Болдын энд тавьсан илтгэл энгийн  юм шиг атлаа өөрсдийн амбицаа их тодорхой шингээсэн илтгэл байна билээ. 

    Монгол Улс АПЕК-т элсэхээр идэвхийлэн ажиллаж байгаа. Энэ асуудал дээр яг АПЕК-ийг даргалж буй энэ үед нь Хятадын дэмжлэгийг авах нь чухал. Сайдын энэ талаар явуулж буй үйл ажиллагаанууд  үр дүнгээ өгөх нь дамжиггүй. 

    Өөр нэг анхаарал татсан зүйл Зүүн хойд Азийн бүс нутгийн (ЗХА) асуудлууд руу хандсан түүний байр суурь байлаа. Түүний илтгэлээс “Өдгөө Зүүн хойд Азийн бүс нутагт байдал хэвийн биш байна гэж бид үзэж байна. Энэ бүс нутагт газар нутгийн маргаан даамжирч, хуваагдмал улсууд оршсоор байна. Өнгөрсөн түүхээс өвлөж үлдсэн асуудлууд их байна. Харилцан итгэлцэл үгүй байна. Манай Зүүн хойд Азийн бүс нутагт цөмийн зэвсэг, пуужингийн асуудал гэх мэтээр олон хүнд хэцүү асуудлууд байсаар байна. Энэ бүхэн манай бүс нутагт яриа хэлэлцээ асар их шаардлагатай байгааг харуулж байна. Ийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлсэн билээ. Монгол Улс бүс нутагтаа аюулгүй байдлын яриа хэлэлцээний механизм байгуулах талаар олон жилийн турш идэвхтэй санаачлагч байж ирсэн. Одоо ч байсаар байна. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга нь Зүүн хойд Азид энх тайван, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн урт хугацааны зорилт бөгөөд Улаанбаатарын яриа хэлэлцээний гол зорилго нь ЗХА–д бүс нутгийн аюулгүй байдлын яриа хэлэлцээний механизм бий болгох явдал юм. Тийм ч учраас олон талт асуудлуудыг хамарна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, байгаль орчин, цаг уурын дулаарлын асуудал, хүний аюулгүй байдлын асуудлууд, кибер аюулгүй байдлын хийгээд сансрын аюулгүй байдлын асуудал гэх мэт аюулгүй байдлын өргөн хүрээг хамарна. Юун түрүүн Умард Солонгос- Японы хоёр талын зөвлөлдөх уулзалтыг үргэлжлүүлэн зохион байгуулахыг эрмэлзэх болно” хэмээсэн тодорхой байр сууриуд сонсогдож байсан юм. 

    “Улаанбаатарын яриа хэлэлцээ” Зүүн хойд Азийн зургаан орныг буюу тухайлбал, Орос, Хятад, Монгол, Япон, Умард Солонгос, Өмнөд Солонгосыг эхний ээлжинд хамрах ч цаашид илүү нээлттэй байж, бүс нутгийн аюулгүй байдалд шууд сонирхол бүхий бусад субьект нэгдэх бололцоог аажмаар тэлнэ. Үүний дундаас БНАСАУ-тай итгэлцлийг бэхжүүлэх чиглэлд өөрийн харьцангуй  давуу талд тулгуурлан түлхүү анхаарна гэдгийг ч сайд Л.Болд мэдэгдсэн юм. Аливаа айлчлалын ар өврөөс гуйлга, хөнгөлттэй зээл, буцалтгүй тусламжийн тухай цагаан мэдээллүүд хөвөрч, түүнд нь ард олных нь зарим уурсч, зарим нь нүдээ анин өнгөрдөг байдал алга болох ёстой. Монголын гэх нэр төрөө авч явах шинэ хэв маяг, шинэ дуу хоолойг бий болгохоор манай лидерүүд ганц нь ганц, хоёр нь хоёрдохгүй ийнхүү ажиллаж байна. Бид өөрсдийн загварыг ингэж зүтгэж явсаар бүтээж харуулах л болно. Гагцхүү энэ супер зорилтуудын төлөө стандарт нөхдүүд ажиллах ёстой гэдгийг ноён Гадаад харилцааны сайд Л.Болд, БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ц.Сүхбаатар нарын “дуэт” энэ удаагийн айлчлалаар торох юмгүй харуулж байлаа. Монгол Улсын гадаад харилцаанд ахиц дэвшил гарахад элдэв тахилга, нар сарнаас гуйх гуйлга мөргөл хэрэггүй юм. Зүгээр энэ салбарт сэлэх чадвартай сэхээтнүүд нь ажиллахад л болно. Тийм биш гэж үү. Ингээд дараагийн нийтлэлээрээ уншигч та бүхэнтэй уулзъя.   

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан