Хишигдэмбрэлийн Тэмүүжин. Хууль зүйн сайд Тэмүүжин. Хишигдэмбрэлийн Тэмүүжингээс Хууль зүйн сайд Тэмүүжин хүртэл гучаад жил тарчингаа эдэлсэн нэгэн. Ямар урт тарчин байсан бол гэж өөрийн эрхгүй түүнийг харахаар бодогддог юм.

    Тэрбээр 1971 оны 3 сарын 20-нд Төв аймагт төрсөн. Би 1971 оны 1 сарын 6-нд Булган аймагт төрсөн. Хоёрхон сарын урд хойно төрсөн болохоор ойролцоо түүхтэй хоёр л доо. 1989 онд тэр Зуунмодын хоёрдугаар дунд сургуулийг төгссөн бол би 1988 онд Булган хотын нэгдүгээр арван жилийг төгссөн. Харин сайдын намтрыг судлахад 1989 оноос 1994 он хүртлэх хугацаа хаана юу хийж явсан нь тодорхойгүй сох дутуу байдаг юм. Сох дутуу тэр таван жилд хашир хаана галгиулж явснаа намтартаа бичсэнгүй. Сураг ажиг тавьж үзэхээр манай баатар  Зуунмодын гудамжинд атаман хийгээд тууж явсан гэдэг. Эрэгтэй хүүхдийн намтарт байх л зүйл. Юунд тэгтлээ нууцалдаг нь л сонин. Уншигч авхай энэ одоо өөрөө яагаад юу хийж явснаа ярихаа байчихав аа гэж бодож байгаа байх. Энэ чинь миний хөрөг биш түүний хөрөг гэдгийг бо­доо­рой. Гэхдээ нуугаад яахав надад ч бас сох дутуу таван жил бий. Тэр хооронд би кон­курст бүдрээд дүү нараа өсгөлцөж, цэцэрлэгт багшилж, гэрлэж, бас ээж болж хөндлөн гулд таваргасан. Эмэгтэй хүнд бол ичиж болохоор түүх ч байж мэднэ. Гэхдээ би сонгогчдын өмнө түүхээ нуух эрхгүй улстөрч хүн бишид учир нь байгаа юм. 

    Бидний үед дунд сургууль төгсөхөд хүссэн сургуульдаа явж чадахгүй хоцрох, хоцорсон бол хоёр жил хүлээх соц нийгмийн чанд зарлиг үйлчилдэг байв даа. Тэмүүжин ч тийм л зүйлээс анх бүдэрч, дотоод сэтгэлийн уур хилэндээ шатах эхийг тавьсан юм шиг байгаа юм. Гадаадад сурч, зарим харахаас ч дургүй хүрэм гавихгүй амьтдын гарт өөрөө гүйгээд оччихдог тэр сохор азыг атгаж чадаагүйдээ шатдаг ч байсан байх. Ер нь л шатмаар явдал мөн үү гэвэл мөн л дөө. Дотоод шаталт нь ингээд л ураад явжээ, мань эрийг. Тэрнээсээ болоод бүгдийг нь зодчих ч үе байсан биз. Энэ яах вэ, эр хүнд бол муучлаад байх явдал огтхон ч биш. Гэхдээ энэ бүхнээс эрт үүссэн өөр нэг тарчин түүнд бий юм шиг санагддаг. Тэр бол өсөх насны дутуу гуцуу амьдрал байсан байж мэдэх. Намхан нурууны гачланг бол манай хүн хулигаан болж ялсан. Насан багад угжуулж өсөх хайрын дундуур дүүрэн байх бол түүнээс шалтгаалахгүй зовлон. Хурд, хүч, аз хийморь, өс хонзон, тэсвэр тэвчээр, эзэмшсэн бүхэн хичнээн илүү байлаа ч хар багаас бугшсан иймэрхүү төрлийн эмзэг комплекс хаа нэгтэйгээс нь харагдаад л байх шиг байдаг. Элэг бүтэн, илүү жаргалтай, элбэг тансаг, шулуухан хэлэхэд байгаа бүхэнтэй хүүхдүүдэд дургүй хүрнэ. Мань хүний үндсэн зовлонгийн суурь ийм эхтэй ч юм билүү. Илүү болгон руу ноцож, урж, эцэст нь унагаж, унагасныхаа дараа дэвслээд ч тайтгарч чадахгүй байгаа байдал нь араас нь ийм зовлон эрэхэд хүргэдэг юм. Ядаж байхад хайр үзэж өссөн хүн яаж ч эвдрээд гол нь гэрэлтэй хэвээр үлддэг ялагдашгүй нэгэн шинж байдаг билээ. Тэр шинж бол Ерөнхийлөгч нэгэнд ч заяагаагүй байх хэрнээ ерийн нэг муу ялтан эрийн туранхай цээжний цаанаас гэрэлтэж байдаг хорлонтой эд. Янагийн охин тэнгэрт оногдоогүй хэрнээ янхны гудиггүй инээмсэглэ­лээс туяарч байж мэдэх хоржоонтой тавилан. 

    1998 он бол Х.Тэмүүжингийн амьдралд оюутан болсон 1994 оноос нь ч илүү чухал он. Учир нь тэр Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийг дүүргэсэн. Сургуульдаа багшлах болсон. Дараа нь  “Нээлттэй академи” ТББ-ын тэргүүн, Монголын либертари сангийн Удирдах зөвлөлийн гишүүн, Ардчилсан Намын нарийн бичгийн дарга, Нээлттэй нийгэм форумын удирдах зөвлөлийн гишүүн, нийтлэлч, гишүүн, сайд гээд давшаад явчихсан. Хувь заяа түүнд шударга хандсаан. Учир нь тэр уйгагүй хөдөлмөрлөж байсан.  Их сургууль бол түүний орон гэр. Энэ орон гэрт хөл тавиулсан хүн нь академич С.Нарангэрэл. Хожмоо том улстөрч болсон хойноо мөнөөх багшийгаа “хоцрогд­сон” хэмээн хэлснээс болж шүүхэд хүртэл дуудагдаж намтраа зузаалсан. С.Нарангэрэл бол өөрийгөө хуулийн сүмбэр орой гэж үздэг хүн. Өөрөө ч биш бараг бүгд л түүнийг тэгж үздэг. Тэр малгайг насан турш зүүж яваа мань докторт манай Тэмүүжин нэг л өдөр “шанаа” өгчихсөн нь тэр хэргийг мандааж орхисон юм. Ер нь бол сургуулийн захирал байсны хувьд залуу төгсөгчийг багшаар ажилд авсан гэх мэт дараа үеийнхээ өмнө хүлээх л ёстой үүргээ өр шир болгон санаж явдаг зан манай хууччуулд нэвт шингэсэн нь нууц биш. Тэмүүжин тэдний тэр зах хязгааргүй ааш аягийг хумиж шидсэн гавьяатай. Энэ үгээрээ би бүгд төгсч гарч ирээд л багшийгаа нулимаад бай гэж байгаа юм биш шүү. Зүгээр л монголчуудын өөрсдөдөө сайн дураараа олж наадаг, зарим талаар ичихээ ч мэддэггүй бүгдийн дээр заларч байх ёстой гэж эндүүрдэг хоцрогдсон хандлагад  дургүйгээ л хэлж байгаа юм. Тэмүүжиний энэ үйлдэл хүмүүст увайгүй харагдсан байх. Бүгд л түүнийг пөх пах болон жигшиж байсан. Гэхдээ Тэмүүжин олон залуусын цээжний цаана явсныг л ил гаргаж ирсэн. Юу ч болж болдог орчин цагт бол гайхмаар цочир явдал ч биш. Энэ баримтыг эшлэснээрээ би нэг л ажиглалтаа хэлэх гэсэн юм. С.Нарангэрэл Х.Тэмүүжин хоёрт хоёуланд нь байдаг нэг том зовлон бий. Тэр бол багш мэргэжил нь. Багшид нэг там байдаг. Энэ тамаа өөрсдөө хэзээ ч мэддэггүй. Багш хүн насан турш өөрөөсөө дутуу ухаан, дулимаг мэдлэгтэй харьцдаг. Тийм болохоор өөрийгөө дутуу гэж хэзээ ч боддоггүй. Үргэлж заадаг, үргэлж өөрийнхөөрөө байлгадаг. Үргэлж өөрийнх нь зөв байдаг багшийн шинж нь одоо Тэмүүжингээс их тод илэрч харагддаг. Заагаад л, тулгаад л, тушаагаад л, зандраад л. Өөрөө л оройн дээд. Ийм багш нар нийгмийг сургуулийн танхим гэж хардаг төдийгүй, өөрийгөө насан турш зааж дарангуйлж байх эрхтэн гэж ойлгодог. Энэ бол түүний өөрөөсөө хөөж гаргахад маш хэцүү нэг том зовлон нь болж  мэдэх юм. 

    Тэмүүжин бол бөөрөнхийлөгч биш. Хутган үймүүлэгч, авилгач, сүйтгэгч биш. Тэр хийх гэж байгаагаа ч, хийж байгаагаа ч ил тод зарлаж байгаад хийдэг. Энэ бол сайн чанар. Тэмүүжинд байдаг өөр нэгэн гайхам чанар нь тэр юунаас ч айдаггүй. Энэ нь түүний юуг ч шүтдэггүйтэй холбоотой. Бас хэзээ ч алдах юмтай байж үзээгүйнх нь илрэл. Түүн шиг зовлонгоо зорилго болгож, тэрнийхээ төлөө шүд зуун тэмцэж гарч ирсэн түүхтэй залуу манай үеийнхэн дунд ховор. Амжилт үнэтэй байдаг. Тэр үнийг Тэмүүжин шударгаар төлсөн учраас өнөөдөр Хууль зүйн яам хэмээх сүрлэг айлын оройд гялалзаж яваа юм. Тэр цахилгаан шатаар хөл дүүжлээгүй. Дарга, сайд, ядаж сумын даргын нөмөр нөөлөг ч түүнд байгаагүй байх. Тийм ч болохоор бусдаас хэзээ ч илүү байгаагүй багынх нь намтар өнөөдөр түүнд бөөн бөөн атаархагчдыг төрүүлж байна. 

    Юуг ч шүтдэггүй хүн юуг ч хайрладаггүй. Бурхан бол түүний хувьд сул дорой, хүч чадалгүй хүмүүсийн хамаг азгүйтлээ аваачиж асгадаг хоосон зүйл.  Тийм болохоор бусдын итгэл үнэмшилд төрийн хоймроос л доромж ханддаг. Хамгийн сүүлд гэхэд христийн шашинд итгэдэг О.Баасанхүүг  сүмд очдог жаалхүүгээр нь дуудаж хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргаад байна. 

    Тэмүүжингээс уясал, чийгтсэн нүд харагд­даггүй. Эмэгтэй хүн хальт гишгээд хараалын мессеж  биччихсэн ч тэрийг арчиж л байж санаа нь амарч байх жишээтэй. Өөрийг нь сөрсөн л бол хүйс мүйс гэж нялууралгүй няцалж хаяна. Энэ үүднээсээ тэр аймшигтай харгис хүн. Юу ч хийж мэдэхээр. Дэвшилтэт үзэл санаа нь л эцсийн тээг нь болохгүй бол түүнийг зогсооно гэдэг санашгүй зүйл. Эмэгтэй хүнийг цагдаад өгч зовоож байгаад бичсэн захидлыг нь хэлүүлж тогтоолгодог хүн О.Баасанхүүд ирсэн зүй бус заналхийллийг тоож шиншлэхгүй байгаа мэт нь ямархуу дарангуйлагч өсч бойжсоныг төвөггүй илтгэж байна биш гэж үү.  

    Хууль зүйн сайд болсон түүний дотор хуу­лийнх­ныг үзэж чаддаггүй өөр нэг хүн амьдардаг ч юм шиг заримдаа харагддаг. Хар багадаа цагдаа, шүүхийнхний ямар нэгэн шийдвэрт хорссон, сэтгэлээс нь гардаггүй шархнаас ч болсон байж мэднэ. Тэр салбарын сайд болонгуутаа жишээ нь цагдааг үзэж чаддаггүйгээ илэрхийлсэн.  Орост голдуу боловс­рол олсон дээд зиндааны офице­руудыг цэвэрлэх ажиллагааг ил тод явуулж, тэр бүү хэл орост төгссөн хүнээс баруунд төгссөнийг нь илүүд үзэж, албан тушаалд дэвшүүлнэ гэдгээ хэлсэн. Мөн аав нь хурандаа, хүү нь араас нь замнасан залуу офицер байж болохгүй гэж зарлигдсан. Амаараа дүүрэн хүний эрх, зөв нийгмийн тухай тунхаглалтай сайд аймшигтай харгислалыг ийнхүү явуулж эхлэсэн.   Одоо хэвлэлээр эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөсөн хүүхэд нь нэг салбарт ажиллаж ч болохгүй тухай ой гутам цувралуудыг явуулж эхлэсэн нь түүний тавьж буй жишгийн суурь. Хууль зөрчихгүй л бол би та нараар оролдохгүй гэж нийгэм рүү тэр өнөөдөр ичиж зовох ч үгүй зандарч байна.  Хаа хүртэл хадуурч байгаагийнх нь илрэл. 

    АН-ын сонгодог лидерүүд намаа өнгөлөхөө төдийлөн больж, арын залуу үеийнхний өнгө төрх ил гарч ирсэн. Тэмүүжин бол тэдний тод төлөө­лөл. Одоогийн Засгийн газрын толгой сайд нарын нэг.  Тэр одоо  муу усны нүх ухаж байгаа. Түүний залуу насны ааг ч юм шиг, олон жилийнх нь занал ч юм шиг шүдээ үйртэл зууж байгаад явж орсон зүйл нь энэ юм. Тэр энэ бүхний ард яаж үлдэх нь таашгүй. Гэсэн ч  түүнд улс төрийн идэвхтэй амьдрал дор хаяж 15, цаашилбал 20 жил байгаа. Тийм болохоор түүнийг тийм амархан нураачихна гэж санах нь гэнэнчүүдийн хэрэг. Тэр бол манай үеийнхний шилдэг дүр. Ямар үе ирснийг эхнээс нь таних хэрэгтэй гэж би хувьдаа бодож байна. Бас хорин жил салхи ч оруулалгүй лаглайтал дээр заларч ирсэн бүхэл бүтэн үеийг татан буулгаж байгаа шалдан зориг болохоор нь сонгож аван ийнхүү зурж байгаа юм. 

    Бас УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин 2013 оны засаглал-хууль зүйн салбарын онцлох хүнээр тодорсон учраас би ч бас онцолж байна. АНУ-ын Азийн сан Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсний 20 жилийнхээ ойн хүрээнд манай улсын хөгжилд үнэт хувь нэмэр оруулсан нийгмийн 20 зүтгэлт­нийг тодруулжээ. Тэдний нэг нь Хууль зүйн сайд байгаа нь нэгийг бодогдуулж байгааг ч нуумгүй.

    Шагналыг Азийн сангийн Улаанбаатар дахь суурин төлөөлөгч, хатагтай Мелони Линдберг гардуулж. Тэрбээр шагнал гардуулах үеэр хууль ёсыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж энэ шагналыг олгож байгааг дурдаад, цаашид Азийн сан засаглал-хуулийн чиглэлээр явуулж буй түүний бодлогыг дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдсэн байна. Манай аль нэгэн төрийн бус байгууллага ч биш гаднын байгууллага ийнхүү юм юм “хэлж” байдаг болсныг гайхаж буйгаа илэрхийлэхийг хүсэв. Өөр ямар нэгэн санаа үгүй. Үүний төлөө бас өөртөө юу ч учирсан хүлээж авахад бэлэн гэдгээ уламжилсуу.

     

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан