Зүгээр л эрхэмлэх, дэмжих Ерөнхийлөгч бидэнд хэрэггүй

    Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ид явж байна. Хоёр эрэгтэй, нэг эмэгтэй нэр дэвшигч парламентад суудалтай намуудаас дэвшээд байгаа. Одоогоор хөдөө орон нутгаар л ажиллацгааж байх шиг байна. Өмнөх жилүүдийг бодвол хар пиар гэж бидний нэрлэж заншсан хэт бохир бараан аргачлал, улаан гүжир харьцангуй багатай сонгууль явагдаж байна уу даа. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ сурталчилгааны нээлтээ эхлэхээс өрсөлдөгчид рүүгээ дайрсан, шүлэг дуу болсон сүржин үгсээр эхэлснийг эс тооцвол бас ч гэж гайгүй ээ. Миний нэр цэвэр, мөр цэвэр, бас гар цэвэр гэж ирэн дуугаа өндөрсгөн тунхагласан аварга бөхийг харсан хүмүүс аргагүй л хүрэл тулга маягийн наадамд хөдөөнөөс ирж оролцож байгаа аравдугаар ангийн том биетэй төв царайтай түгээмэл хөвгүүн шиг л эхлүүлж байна шүү, манай хүн... гэж ирэн чимхээд авахаа мартсангүй. МАХН-ын нэр дэвшигч Н.Удвал өөрөө бол төв маягийн байр суурийг баримталж, элдэв хэрүүл хараалын үг амнаасаа унагахгүй явж байхад араас нь намынх нь төлбөртэй нэвтрүүлгүүд гэж хавтгайд нь харлуулж дайрсан, бөөн коммунизм ханхалсан  юмнууд явж баллаж байх нь хааяа хааяа үзэгдэнэ. Харин Ц.Элбэгдорж товчхон хэлэхэд дөрвөн жилийн өмнө хэлж байснаа хийж чадсан учраас зүгээр л дүнгээ тавиулах гэж явна. Хэлснээ сануулж, хийснээ тайлбарлаж, хийхээ ойлгуулж яваа нь илхэн. Гурван нэр дэвшигчээс хамгийн их боорлуулж, ноцуулж байгаа нь ч мөн л тэр хүн байна. Учир нь юу ч хэлээгүй, юу ч хийгээгүй хүн рүү хэн ч боорлож бүүрлэхгүй шүү дээ. 

    Нэр дэвшигч Б.Бат-Эрдэний хувьд мөрийн хөтөлбөрийнх нь гол цөм гэж хайвал ногоон бодлого тойрсон ерөнхий зүйлс байгаа нь хэтэрхий дутуу дулимаг санагдана. Ердийн л нэг нийгмийн хөдөлгөөний гишүүн шиг энэ сэдвийг тойрч хамаж шимсэн зүйлс ярьж явах нь өөрийнх нь хувьд оносон гарц байж болно. Энэ нь ч зөв. Өөрийнхөө мэдэхгүй, өөртөө томдсон асуудлуудаар хамаа намаагүй тоглох нь дэндүү халгаатай зүйл гэдгийг эрхбиш парламентын танхимд хэдэн жил суухдаа анзаараа биз ээ. Б.Бат-эрдэнэ аварга ногоон үзэл санаан дотроо ч  жишээлбэл, усны бодлого, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх тухай цогц бодлого, ногоон технологи, цацраг идэвхит бодис, цөмийн хаягдлын асуудал зэрэг том асуудлууд руу орж барьж авч чадсангүй. Багцаагаар л байгаль хамгааллын асуудлаар зөндөө юм хийнээ л гэх шахаж. Шүүрдээд шүүрдээд  “Эх байгалиа хамгаалах чиглэлээр гарч буй иргэдийн бүхий л үүсгэл санаачилгыг дэмжинэ” гэж байх жишээтэй. Түүний сонгуулийнх нь гол уриа нь ч эвийг эрхэмлэнэ, зөвийг дэмжинэ гэжээ. Энэ бол хамгийн сул уриа. Жишээ нь, залуус зүгээр л эрхэмлэх, дэмжих төдий бэлгэдлийн Ерөнхийлөгч өнөөдрийн шинэ тутам Монгол оронд хэрэггүй. Бидэнд хийдэг, хийсэн ажлынх нь үр дүн нийгмийн амьдралд туяагаа тусгаж байдаг, дэлхий ертөнцөд шинэ Монгол орны шинэ имижийг дэлгэрүүлэн түгээж байдаг, тэднээр биднийг зөвшөөрүүлж чаддаг, тэнд бидний “голос” болж чаддаг тийм төвшний Ерөнхийлөгч л хэрэгтэй гэж үзэж байна.    

    Одоо нэр дэвшигч Ц.Элбэгдорж мөрийн хөтөлбөртөө ногоон үзэл баримтлалаар ямар ямар цогц асуудлуудыг тусгаж вэ гэдгийг харъя.  “Онгон дагшин байгаль, давтагдашгүй ховор, эмзэг экосистемийг хамгаалахад чиглэсэн иргэдийн санал санаачлагад тулгуурлан “Байгалийн нөөцийн үндэсний парк” байгуулах тухай гаргасан зарлигийнхаа хэрэгжилтийг хангана. Байгаль орчныг сэргээх, усны нөөцийг нэмэгдүүлэх, цөлжилттэй тэмцэхээр ажиллаж байгаа иргэд, олон нийт, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжиж, байгаль орчны салбарт ажиллагсдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлнэ. Байгаль хамгааллын ажлыг мэргэжлийн байгууллагууд, иргэдийн болон орон нутгийн оролцоонд түшиглэн хэрэгжүүлнэ” гэж  онцгойлон тусгажээ. Мөн ой, усны бодлого, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр Монгол Улс олон улсын идэвхи санаачлагад нэгдэж, тухайн асуудлаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт хамрагдан үр шимийг нь хүртэгч байна гэлээ. Энэ цогц асуудал бол дэлхийн индрээс түүний дуугаа хадаадаг сэдэв юм. Тийм ч учраас хүн төрөлхтний даяарчлагдан нэгдэж буй энэхүү үзэл санааны ази дахь шинэ төлөөлөгч болж чадсан. Зүгээр л ой, мод тойрсон ганцхан сэдэв дээр гэхэд бид түүнийг мод тарьж явсан хүн болохоос мод огтолж явсан хүн биш гэдгийг нь мэднэ. Гэхдээ түүн шиг далайцтай үйл ажиллагааны эзэнд энэ жишээ жижигдэх биз.   

    Хоёр гол намын нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр дотроос зөвхөн нэг л сэдвийг сонгож харьцуулахад ийм байна. Хураана, буцаана гэх мэтийн хоосон хийрхэгчдийн төвшний хөөсөрсөн улс төр ярьж, улсынхаа зах зээлийн тогтсон жам ёс руу сүх далайсан бодлого өвөртөлж, баримт бичгийн ч чанаргүй дэмжинэ, хичээнэ, эрхэмлэнэ гэх төдий дулимаг хөтөлбөр барьчихаад улс орноо тойрч яваа ерөнхий дүр төрх нь энэ нэр дэвшигчийн царааг төвөггүй илтгэж байна. Сүүлдээ залхсан ажиглагчдын зарим “за даа, энэ хүн Ерөнхийлөгч болбол Монгол Улсын төлөө, иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө юу хийж чадах вэ гэдэг нь ч тодорхойгүй юм байна. Шоронгоос нэг авилгачийг л гаргах юм биз дээ. Тэгэсхийгээд ямар нэгэн шадар сайдын хамт Германд бариулж байгаа буудалдаа очоод хэвтчих юм биз дээ” гэх битүү хатуу үг унагаж сонсдоно. 

    Газар шорооныхоо төлөө тэмцэнэ гэх үг гудамжны маягийн улс төрийн гол хөзөр болоод удаж байна. Манай аварга бөх ч энэ сэдвээр нэлээн хэдэн шүлэг цээжилсэн хүн байх. Гэвч үнэн хэрэгтээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шиг бодитой тэмцэл хийсэн, бодитой үр дүн харуулсан нэг ч төрийн зүтгэлтэн өнөөг хүртэл алга байна. Тэр хүн монгол орныг битүүд нь лиценцийн тороор хэрээд хуваагаад авчихсан байсан луйварчдын гараас жаран ширхэг Дархан аймаг, таван ширхэг Архангай аймгийг нийлүүлсэнтэй дүйх газар нутгийг ард түмэндээ чөлөөлж өглөө. Энэ бол гарт баригдаж, нүдэнд харагдаж буй түүний хийсэн том гавъяа. Ашигт малтмалын лицензийг замбараагүй олгодог байсан, түүгээрээ тэрбум тэрбумын хууль бус ашиг орлого халаасалдаг байсан төрд шургалсан олигархиуд, тэдний гадна дотнын далд эздэд түүний хийсэн энэ ажил халгаатай туссан.  Халгаатайгаар зогсохгүй бүрэн хааж, таслан зогсоож, зам дээр нь хараалган байж хөндлөн хэвтсэнийх нь төлөө өнөөдөр ч зарим нь боож үхэх гээд гүйлдэж яваа юм.  Дархан аймгийн газар нутгийг 60 дахин, Архангай аймгийн газар нутгийг тав дахин нийлүүлсэнтэй тэнцүү хэмжээний газар нутгийг лиценз эзэмшигчдээс эргүүлэн авч чадсан түүний тэмцэл шиг тэмцлийг хэн ч хийж чадаагүй. Дархан аймгийг 60 дахин нийлүүлснийг байг гэхэд ганцтай нь тэнцэх газар нутгийг энэ савраас салгаад өгсөн бол дархан аваргыг ногоон үзэлтэн, байгаль дэлхий, газар шороондоо хайртай хүн гэж үнэхээр итгэх л байлаа, бид. Гэвч...

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан