Дотоодын  улс төр эцэс төгсгөлгүй будлиан дунд хямарч байна. Энэ засаг ч дээ, удах болов уу даа гэсэн үгс нисэлдээд л. 

    Хамтарсан Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал тойрсон хэл үг арай гэж нэг юм цэгцэрч, намынхаа “буян”-аар төрийн ажлын дадлага туршлага маруухан, насаараа гудамжинд хорсож шогшсон шинэхэн гонжоомтой нөхдүүд яам тамгын газраар эвээ олж ядан алхацгааж, зарим нь юу хийх яахаа мэдэхгүй алмайрч, зарим нь шууд л халж сольж баллаж таллаж эхэлснээр томилгоо шувтарч байна. 

    Гүйцэтгэх засаглалын толгой хэт данхайх нь таагүй  ч арга буюу эвсэж хамтарсан үед энэнтэй нүүр тулдаг.  Хоёр намын эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйн тулд нүсэр гэж хэлж болохуйц бүтцээр гэрийнхээ ханыг дугуйлахаас өөр аргагүйд хүрдэг нь бараг жам болжээ. Одоо бол бүр гурвын гурван субъектын хүслийг харгалзах зовлонг Н.Алтанхуяг эдэлж байгаа.  Өнөөгийн бодит байдлын хувьд түүнд үүнээс өөр байх боломж байхгүй. Н.Алтанхуяг лидерийн хувьд өөрөө ч араасаа олон хүн дагуулдаг, нам дотроо хамгийн том фракцыг толгойлдог хүн юм. Олонтой хүний зовлон оломгүй л байдаг бололтой. Ийнхүү эрсдэлээр бүслүүрээ хийдэг гэмтэй эвслийн Засгийн газар энгийн биш зовлон тээсээр замдаа гараад явж байна.   

    Алдарт С.Баяр Ерөнхий сайд болоод бусдаас өөр зан араншингаа шууд тунхаглаж эхэлсэн нь  албан тушаалд өөрийгөө санал болгогсдод анхнаасаа хатуу хариг хандсан нь байлаа. Улс төрийн сонгуульд нам төлөөлж нэр дэвшээд суудал авчирч чадаагүй уначихаад дараа нь “Ордон”-оор гүйгээд, шуудан болгоноор захиа дайж, шувуу болгоноор үг зөөлгөөд байсан нөхдүүдэд тэр шууд л “дураа цааш нь” гэж хатуухан хэлж байсан. Энэ бол түүний ялгаа. Энэ зарчмаас нь болж нам дотор нь өнөөгийн олон “дайсан”-ууд мэндэлсэн биз. Намуудын нэр хүнд нийгэмд унаж, улс төрийн хүчнүүдийн төлөвшлийн талаарх шүүмжлэлүүд хавтгайрч, засаглалын талаарх эргэлзээ газар авч эхэлсэн энэ үед С.Баяр хэмээх тэр хүний үүрч явсан зовлон эрхгүй санагдаж буй нь энэ.   Өнөөдөр МАН хэмээх том айл ядарч байна. Харин ядарч доройтсон шалтгааныг гаднаас хайх нь шинэ юм биш. Одоо дотроосоо хайх, дотроо төвхнөх, дотроо нэгдэж нягтрах зайлшгүй шаардлага тулгарчээ. Улс төрийн хариуцлагыг намууд хамгийн эхлээд сонгуульд ялагдаж, суудал алдсан нөхдүүдтэйгээ тооцож сурах хэрэгтэй гэдгийг С.Баяр ингэж жишиг болгон тавьж байсан юм. Мэдээж шударга бус өрсөлдөөнд орон саналаа луйвардуулсан гишүүдийн асуудалд ултай суурьтай хандах нь зүйн хэрэг. Ерөнхий утгаараа бол хариуцлага тооцож байж л улс төрийн соёл, улс төрийн хариуцлага зэрэг ойлголтууд цаасан дээрээс амьдрал руу бууж ирэх юм шүү дээ.

    Одоо ч сонгуульд орж намд суудал алдчихаад ажил нэхээд эргэлдээд байгаа нөхдүүд олон байна. Өөрсдөө ичих хэрэгтэй.   

    Энэ ч яахав. Ялсан намынхан лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаагүй л гэх байх. 

    Ялагдсан МАН одоо шокноосоо эрхбиш гармаар байна. Хамгийн сонирхолтой нь эд дотроо задарч байгаа явдал болж байх шиг. Жишээ татъя. 

    Увсын хоёр гишүүний бүрэн эрхийг тойрсон асуудал дэгдэж байна. Сонгогчдынх нь өгсөн саналыг шүүх хүчингүй болгож байгаа юм байх. Энд нэг юм дэндүү муухай харагдаж байна. Авсан саналаараа тэдний ард жагссан АН-ын хоёр нөхөр өдөр өнжихгүй нутаг нэгтнүүдээ муучилж буй нь монголчуудын дотоод эгдүүцлийг маш их хөдөлгөж байгаа нь мэдрэгдээд эхэллээ. Монгол хүний чанар бас ч гэж ягтаа тултал уначихаагүй бололтой. Энэ хоёр нь яах вэ, нөгөө орж ирэх гэж шүлэнгэтээд байгаа хоёр нь яасан өөдгүй амьтад вэ гэсэн яриа айл болгонд л өрнөж байгаа нь үүний тод илрэл. Увсынхан өөдгүй гэх улиг болсон яриа бий. Үүнийг ганцхан би ч хэлж байгаа юм биш. Увсынхны өөдгүй дээр Увсынхан нь өөрсдөө нэмэр хандив өргөж буй нь гадагшаа ингэж үзэгдэж байна. Зүгээр шүүхийн шийдвэрийг хараад л сууж байна биз дээ. Ээлж дараагүй нөгөө хоёроо муулж ярилцлага өгч байх ямар хэрэг байна вэ гэж хамгийн төвшин хүн ч хачирхан дуугарч байгаа болохоор энэ сэдвийг хөндлөө.

    Ядрахад яр гэдгийн үлгэрээр ялагдсан МАН-ын хоолойг дээрх явдал улам шахаж   байна. Ядаж байхад дотроо үзэлцээд зогсож өгдөггүй нь гэрийнх нь үл ойлголцлыг гадагш нь гаргаж чулуудаад байх аж. Уржигдар гишүүн асан Ш.Сайхансамбуу “Зууны мэдээ” гэдэг сонинд ярилцлага өгчээ. Уг нь би түүнийг эр хүн гэж бодож явсан юм. “Сайхансамбуу эр хүн юм аа” гэсэн миний нийтлэлийг уншигчид санаж байгаа биз ээ. Тэртээ олон жилийн өмнө Ганц худагт татварын хэргээр сууж байхдаа учирсан нэгэн хөвгүүнийг Тахир соёот руу байн байн хамер жийпээ хөлөглөн эргэж очдог байсан тухай бичсэн юм. Ийм гоё хүн яахаараа намынхаа зовлон дээр зоолж, улам дотроос нь тараах ажиллагаа явуулж байдаг юм бол. Сонин гэхэд багадам явдал юм шиг бодогдоно. Түүнийхээр бол одоо МАН Ц.Нямдоржийгоо ч, С.Баярыгаа ч, Сү.Батболдыгоо ч, за тэгээд Т.Бадамжунай, Г.Занданшатар, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан, Д.Дэмбрэл, У.Хүрэлсүх, М.Энхболд нарыгаа намаасаа хөөх хэрэгтэй юм байх. Энэ юу гэсэн үг вэ. Эд бол энэ намын их бие, уураг тархи. Их биегүй организм цаашаа яах юм бол. Энэ их дэмийрэл эдний намыг улам гутааж байна. С.Баярыг одоо бүгд үгүйлж байгаа. Юу үнэн. Энэ үнэн. С.Баяр энэ намын ялалт болгоны ерөнхий менежер байлаа. Түүх гэрчилнэ. С.Баяр бол залагдаж ирдэг зайран болохоос “зайл” гэгддэг ялтан биш. 

    Ц.Нямдоржийг зайл л гээд байгаа гэнэ. Энэн шиг худал байхгүй. Улаан гүжрийн өмнө хэлэх үг олддоггүй гэгч л энэ байх. Үнэн хэрэгтээ уйлж суугаа намынхаа өмнөөс тэрэн шиг уралцдаг нь хэн юм бэ. Түүний хэмжээний лидерт сайн ч хэлэгдэх нь, саар ч хэлэгдэх нь аль тэртээ утгаа алдсан. Тэр бол эдүгээн МАН-ын нэгэн том багана. Хөрөөдөөд ч, шатаагаад ч унагах нь үгүй тийм л багана. Багануудаа баларчихсан тэнэгүүд нь одоо устгах юм байна л даа. 

    Д.Оюунхоролыг бас явуулна гэнээ. Энэ бол ердөө л эмэгтэй хүнд ялагдсан эрийн байдаг л нэг тачаал төдий харагдана.Ич бас дахин  ич л гэж хэлмээр санагдана. 

    Болоогүй ээ, зүв зүгээр зүтгэж яваа Занданшатарыг  МАН-ынхан нь зайлуулах гэж өдөр шөнөгүй үгэлж дуулж байгаа гэнэ үү. Энэ зүгээр л нэг дэмийрэл бус уу.     

    Хэдэн жилийн өмнө улс төрөөс энэ залууг арчих гэсэн том “камаз” хөдөлж л байлаа. Тэр чив чимээгүй атлаа өмнөөс нь шазруутан зогсож байгаад шалгуулж, нэр цэвэр, мөр бүтэн давж гарсан. Баргийн хүн түүн шиг ноцуулсны дараа тамирдан унаж байгаа харагддаг. Харин тэр улам гялалзсан. Улам эрчтэй ажилласан. 

    Эргэн тойрныхон нь түүнийг залуу хүн гэхэд үнэхээр хөдөлмөрч гэж онцолдог. Энэ бол залуу хүнд дэндүү содон тодорхойлолт гэж би бодож байна. Ажлын ачаалал даах тэнхээг тэр хар багаас олсон болохоор тэр л дээ. Одоо манай төрд байгаа залуучууд ажлыг оромдох гэдгийг үзүүлж өгдөг. Харин Занданшатар гүрийн сууж, олон талаас нь тойрч шинжиж, санаандаа багтааж, багтааснаа барьж аван хийж сурснаараа ялгардаг.  

    Занданшатарын өөр нэг чанар тэр асуудлыг хурцатган, ийш тийш хагалж ярган шидэж, хавь орчиндоо сэрүүн салхи үлээлгэж байдаг зөрчилтэй хүн биш. Тэр бол эвцэлдүүлэгч. Шатар шиг чигжүүхэн нүүж харилцаануудыг хэв шинж оруулж, шийдвэрүүдийг үнэ цэнэтэй болгож, бодлогоо улам нухаж чамбайруулан явуулж байдаг. Төрд хийсгэлэн улсын тарьдаг гай гэж байдаг. Бүх харилцаан дээр ийм гайхалтай нуруутай, нухацтай сууж чаддаг болохоор тэр үе үетэй гар барьж чаддаг. Залуу насыг алдаа нь чимдэг гэсэн нэг романтик үг байдаг. Занданшатарыг харин буурь суурь нь чимдэг юм. Тэр Генсек байгаа нь тийм л намд муу оноо авчраад байгаа юм бол бусад нь яагаад ялагдсан үед зугтсан юм бэ. 

     Сү.Батболдыг эргүүлэн татах тухай бас нам ярилцдаг гэнэ. Сү.Батболдын хийснийг энэ улс үнэлэх болно. Тэр эргэж “ирнэ”.  Тэр ямар Ерөнхий сайд байсныг дөнгөж одоо ч төрийн албаныхан санагалзаад эхлэсэн нь энэ бүхэнд өгч буй хариу биш үү. Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцангаа хөө хөө. Хуруугаа дарж хасчихаад эргээд цагаан ордон руугаа нэг хараарай. Ийм үгийг олон түмэн хэлнэ дээ. 

    Одоо МАН муу дээр муухай, муухай дээр улцан гэдэг шиг л үзэгдэж байна. Үргэлж энэ нам, энэ олон түмний сэтгэл дээр эрхэлж амьдарсан Б.Бат-Эрдэнэ аварга ч  намаа самрах л үгсийг унагаж гадагшаа пиарддаг болж. Дотроо ярих гэхээр улс төрийн эрэмбэ гэж айхтар юм хаагаад байдаг байх. Гэхдээ аварга хүн эвцэлдүүлэгч л байх ёстой. Эвдлэгч биш. 

    Арвин гэж бүсгүйг явлаа л гэнэ. Арвинг явахаас аргагүйд хүргэсэн гэж ирээд л зусрын үг чулуудацгаах юм. Авсан өгснөө яривал нам нь арай л гүн дуугарах байх. Гарсан гүйсэн тухайд гэвэл ааль аашны л жижиг сажиг юм гарч ирэх байх. АН-ын спикерт асар их баярласнаа хатагтай нуугаагүй. Тэгэхээр энд тарж тарамдаж байгаа айлын зовлон дээр бүсгүйчүүдийг нь “оролдсон” АН-ынхны л тоглолт шүү дээ. Амьдрал их энгийн гэдгийг бид мартчих юм. 

    МАН үнэхээр муу дээр муухай байна. Орон нутгийн сонгуулийн дараа энэ нь бүр ил тод боллоо. Ялчихсан газрууд дээрээ л засаг даргаа тодруулж чадахгүй элэг доог болж байна. Өөрсдөө дотроо учраа олж чадахгүй байна. Ийм аймгууд олон байна.  Говь-Алтайг эндээс Ц.Дашдорж нь очоод самарчээ. Дундговьд олон суудлаар илүүрхэж ялчихаад бас л Засаг даргаа тавьж чадахгүй байна. Намаасаа урвачих гэж өөрсдөө айлгаад далд санал хурааж чадахгүй байгаа бололтой. Тэрэн дээр нь АН тоглож байна. Энэ бүхэн Н.Алтанхуягийн буруу биш. МАН-ын өөсдийнх нь байж байгаа царай. Одоо ийм айлд юу хэрэгтэй вэ. Эв нэгдэл. Дотоод ухаан. Дотоод нягтрал. Өөр юу ч хэрэггүй.      
     
    Үнэн хэрэг дээрээ эрх баригч байсан намаа сонгуульд амжилтгүй оролцож элгээр нь хэвтүүлсэн улсад орон нутгийн сонгуульд алдах эрх байгаагүй. Ахиад л унасан. Унасан мөртлөө нам дотроо дотоод хариуцлага тооцоогүй. Тэрэнд гишүүдийнх нь зарим дургүйцэж байх талтай. Ер нь шууд л бага, их хурлуудаа хийгээд хариуцлагыг ярих нь зарчим. Гэвч одоогийн удирдлагууд нь ийм хүчтэй шийдвэр гаргах чадамжгүй байна. Гаднаас удирдамж харсан улс л хоосон байрандаа холхиж байгаа. Энэ бас үнэн.  Одоо сэхээнд байгаа хүн шиг ийм байдалтай удаан байх нь МАН-д өөрт нь ч, Монголын улс төрд ч үр өгөөжгүй. Лидерүүд нь цугларч, цулшиж гэрийнхээ зовлонг ярих ёстой. Эс тэгвээс дотоодынх нь хэрүүл хараал улам өөгшинө. Хүнийхээ чанарын хувьд ч, боловсрол чадамжийнхаа хувд ч, зүгээр л намын гишүүнийхээ хувьд ч дундаас доогуур төвшний, улс төрийн үнэт үзэл санаагүй, тэгсэн мөртлөө юмыг хутгаад самраад байх хэмжээний төлбөрийн чадвартай дэмийрэгчид энд тэнд гал тавиад л гүйгээд байх болно. Одоо Г.Занданшатар генсек илүү их ажиллах ёстой. Тархитай, стратеги хийдэг өндөр эрэмбийн чадавхитай, хаашаа ч хөрвөж хэлэлцээрт орох авхаалж самбаа, нэр нүүртэй, хурдтай, хурц ухаантай гишүүдээ татаж ажиллах цаг иржээ. Түүнээс биш Хүрэлсүхийнх ч биш, өөрийнх ч биш сандал дээр хагас суучихаад, хэт эелдэг байр сууринаас бууриа сахих төдий суух нь түүнээс гишүүдийнх нь хүсч байгаа зүйл биш. Ийм үйл хэргийн төлөө оны шилдэг 10 зодоончийн нэгээр шалгарахад яадаг юм. Та зоригтой бай. Та энд тэндэхийн “хүний” гэмээр зүрхтэй нөхдүүдийг биш өөрийнхнийгөө дууд. Ядарч яваагаа ч дууд. Чадарч яваагаа ч зал. Та нар намд мөнгө төлснөө, өөртөө зусардсанаа дууддаг, холхон амьдраад зүрх сэтгэлээрээ зүтгэж яваагаа хөсөр хаядаг зантай шүү. Тэр чинь ч өнөөгийн энэ байдлыг авчирсан байхыг үгүйсгэхгүй. Одоо тэднийгээ дууд. Одоо бол дуудах, түүдэг гал тойроод цөмөөрөө суух цаг шүү.    
     

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан