Айзам яруу дууны хорвоод ахиад заавал төрөөрэй, ах минь

    Хэлэх үг алга аа. Хайран ч сайхан ах минь. Худлаа байгаасай, нэг мэдэхэд дугаар нь түрэмгийлэн орж ирээсэй.

    Хэлэх үг алга аа. Хайран ч сайхан ах минь. Худлаа байгаасай, нэг мэдэхэд дугаар нь түрэмгийлэн орж ирээсэй. Урьдынхаараа айлгаж, агсарч, аргадаасай... Гэхдээ энэ худлаа байх аа. Хэдхэн хоногийн дараа төрсөн өдөр нь болно ш дээ. Тэгээд мессенжерт тэмдэглэж, туним­хай, хайрламтгай үгсийг нь хүлээн авч, инээдтэй ханиадтай, хатуухан, халуухан үгээр нь зүрхээ тэмтрүүлж тэр өдрийг өнгөрөөнө шүү дээ. Би ингэж гөжүүдлэв. Гэвч энэ маань зүгээр л мөрөөдөл болжээ.  

    Хамгийн сүүлд Түмээ ахтайгаа нам­рын нэгэн өглөө уулзжээ. Өглөө­ний цай хамт ууж, баахан зэмлүүлж, бас баахан мөрөөдөл, төлөвлөгөөнд та­тагдан орж, эцэж цуцаж өгдөггүй дав­шингуй хэмнэлд нь автаж суусан тэр өглөө бидний сүүлчийн уулзалт бай­жээ. Дараа нь нэгэн үдэш ээжийн маань утсаар залган орж ирээд, ээж­тэй зүв зүгээр ярьж байснаа намайг авангуут айлгаж гомддог урьдын танил араншингаараа “Хүүр минь (энэ бидний хувьд хайртай гэсэнтэй адил­хан үг болчихсон юм аа, уучлаа­рай уншигчид аа. Манай Булганыхан бол сайн уу, хүүр ээ гэж мэндэлж байхаас сийх­гүй улс юм шүү. Тэгээд Төв хал­хын Түмэнжаргал бидэн энэ олон жил ах дүү явахдаа тэрэнд дасгаж, дасч амь­дарцгаасан юм ) чи яагаад намайг ган­цаардуулаад бай­гаан, байна уу гэх юм, байна гэж үхсэн хүн хэлдэг юм уу. Намайг үхэхээр чам руу хэн ч ин­гэж агсрахгүй, хэн ч ингэж чамд туних­гүй, хэн ч ингэж чамд эрх­лэхгүй за юу, хүүр минь. Хүүе тэнэг Дарьбазар аа, (энэ бас бидний хувийн түүхэн дэх нэршил юм, энэ бүхнийг дурсах яасан хэцүү юм бэ ) чи яагаад юм аа ч бичихгүй, ажилдаа ч очихгүй, амьтан ах дүүстэйгээ ч уулзахгүй гансраад яваа юм бэ. Чи яачихсан юм бэ  ..” гэж асгартал уйлан загнасан. Энэ бидний утсаар ярьсан сүүлчийн яриа байжээ. 

    Нулимс урсаад ерөөсөө тогтохгүй нь ээ, Түмээ ах аа. Би уумаар байна. Уйлмаар байна. Тантай ахиад уулзах­гүй гэж бодохоор дэндүү харуусалтай байна. Ахиад аашлуулж загнуулахгүй, аархуулж бахархуулж, бас таниар бахдаж, зовлон жаргалаа хуваалцаж амьдрахгүй гэж үү. Тийм өдөр ахиад миний амьдралд ирээсэй... Тэгэвч хичнээн хүсээд энэ бүхэн ахин хэзээ ч ирэхээргүй алсын холд оджээ. 

    Одоо би Түмээ ахгүй болжээ. Аархуу, эзэрхүү, басхүү хүүхэд шиг гэнэн Түмээ ах минь хүний хорвоод “баяртай” гэж хэлсэн байна. 

    Хэний тухай яриад буйг минь зарим нь гайхаж байгаа байх. Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, дууны урлагийн нэрт мастер, яруу найрагч Загдын Түмэнжаргал хорвоо­гийн мөнх бусыг үзүүлжээ. Ийм зүрх шимшрүүлж, уй гашууд автуулсан хар мэдээ хүлээж аваад нулимстай үгээ бичиж сууна. Амьдрал үнэхээр дэн­дүү богинохон юм аа. Тэрбээр амьд­ралд дэндүү хайртай, үргэлж тэмүүлж, асч явдаг гэрэл гэгээтэй хүн байлаа. Тийм ч болохоор зуу зуун бүтээл туурвиж, зуу зуун нөхдөөр хүрээ­лүүлж, зуу зуун шавиар залгамж­луулж, зуу зуун дүүгээр хайрлуулж явав.  

    Загдын Түмэнжаргал монгол түмний хайртай хүү байлаа. Түүний хоолой зангируулсан, уянга яруу, утга гүнзгий, сэтгэл гэгэлзүүлсэн гайхам­шигт дуунууд, бичиж, сийлж үлдээсэн бүтээлүүд, амьдарч туурвиж явсан он цагууд нь улс Монголдоо  ус мөрөн мэт мөнхөд үлдэв. 

    Загдын Түмэнжаргал 1953 оны дөрөвдү­гээр сарын 16-нд Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн юм. Угтаалцайдам бол түүний өнө мөн­хийн шүтээн, өлгий нь байлаа. Угтаал­цайдамын хүн болгон түүний “садан” нь, хайр нь байлаа. Тийм болохоор хаа хамаагүй бидэнд ч энэ нутаг танил дотно болж үлдсэн. 

    Тэр хавар төрсөн шигээ хавар шиг хүн байсан юм. Эхнэр нь бас хавар төрсөн. Тийм болохоор хавар бид ойр ойрхон төрсөн өдөр тэмдэг­лэж, сайхан сайхан үдшүүдийг өнгө­рөө­дөгсөн. Харин би өвөл төрсөн. Өвөл төрсөн ч гэсэн өвөл шиг хатуу биш гэж ах минь намайг хэлдэг байв. Одоогоос 10 жилийн өмнө миний төрсөн өдрөөр би баахан хожимдож, Түмээ ах маань хүүе, 3О настай Дарь­базар аа хаана явна вэ гэж байн байн залгаж байж билээ. Тэр төрсөн өд­рөөрөө би Түмээ ахаасаа нэгэн гай­хал­тай бэлэг авсан юм. Тэр миний номын нэрээр нэрлэ­сэн шүлэг бичиж бэлдсэн байлаа. Одоо тэр шүлэг өмнө минь байна. 

    Амин голын хайрт дүү Бадамдоржийн Ганчимэгтээ зориулмуу


    УРЬДЫНХААРАА Л ЧИ ӨВЛИЙГ УГТААРАЙ

    Замд чинь
    Урт урт гүдамж тааралдана,
    Энхтайвны переулок,
    Энэбишийн өргөн чөлөө ,
    Мяндагтан зандагтан, хамба лам,
    Мянган барааны дэлгүүр таа­ралдана,
    Их театр тааралдана,
    Инээх нь хүртэл жүжиг
    Илбэчин мэт хүмүүс тааралдана,
    За, чи яваад л байгаарай.

    Тамхины утаа, архины ааг,
    Тэнэг эрсийн уруул тааралдана,
    Тэр уруулуудаар хөхөөний хав­шаа шиг 
    Уран тансаг мөртлөө огимоор  үгс урсана,
    Такси, автобус,
    Метро тааралдана,
    Тэр унаануудаар хөл залгаж …л чи үхэлд дөтөлнө…

    Замд чинь
    Есенин, Высотский, Явуухулан, Баянтунгалаг, өвгөн Цэрэнпил, ногоон Мийгаа тааралдана.
    Зарлалын эрээн мяраан үг үсэг тааралдана,
    Тураах төв,
    Нураах  мунхаг,
    Тунгалаг хийгээд булингарт ус тааралдана,
    Тэр уснууд мөнхийн ус биш гэдгийг
    Санаж яваарай.

    Замд чинь
    Юм бүхэн тааралдана,
    Өдөр шөнө,
    Үхэл хагацал тааралдана…
    Үнэнч сайн хань л тааралдахгүй…
    За, тэгсэн ч чи яваад л байгаарай.

    Замд чинь 
    Хавар, зун, намар тааралдана,
    Залгаад бас өвөл тааралдана.
    Харин чи тэр сайхан, мөнгөн өвлийг
    Халаглалгүй, маяглалгүй,
    Харамсалгүй
    Урьдынхаараа л
    Угтаарай.
    За юу?
    Цаашаа бичиж чадахгүй нь ээ, уучлаарай... томоо муутай дүүгээ. 

    Айзам яруу дууны хорвоод 
    Ахин дахин төрмөөр байх юм
     ...гэж та бичсэн. Ахиад төрөөрэй, ахиад заавал учраарай, ах минь.

Сэтгэгдэлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан