Д.Хаянхярваа: Би энэ хорвоог үлбийж биш эрчилж буцалж туулахыг хүсдэг

    “Ярилцъя” та бүхэнтэй Сангийн сайд Д.Хаянхярвааг уулзуулж байна. Түүнтэй нэгэнтээ уулзахад тэр ингэж ярьж байж билээ.

    Хүн хэн ч явж болно. Баян тарган, том дарга, сайд хэн ч явж болно. Гагцхүү хүн л байх ёстой. Эр хүний хувьд шальдар бульдар зангүй, хэлсэн амласандаа хүрчихдэг, хүнийхээ хувьд ноён нуруутай байхыг хичээдэг. Хүмүүс хэлдэг дээ. Сайхан эр хүн байна лээ гэж. Сайхан эр хүн нь ховордсон болоод л энэ үг гарсан байх гэж би боддог. Эрийнхээ хувьд хариугүй амьтан байна лээ дээ гэх үг бас хүмүүсийн амнаас унаж байдаг. Энэ юуг хэлээд байна вэ. Нөгөө л мөн чанар алдагдаад, хоёрын хооронд зан чанартай улс олширсны шинж биз дээ гэж.

    Бидний дунд өрнөсөн бас нэг яриа санаанаас гардаггүй юм. Тэр ингэж ярьж байж билээ. 

    Хүмүүс сэтгэлийнхээ бөглөөг хань ижилтэйгээ сайхан ярьж тайлах хэрэгтэй гээд л ярьдаг юм. Тэр бол би биш. Би тэгж эхнэр хүүхэддээ очоод долоон булчирхайгаа тоочоод чавганц шиг юм яриад байдаг нь биш. Би нээлттэй хүн. Миний найз нөхөд бүгд мэднэ. Сэтгэл бачимдаад, бөглөрөөд байвал жинхэнэ сайхан нөхөдтэйгөө суугаад сэтгэлээ онгойтол яриад, тавь байдаг юм уу, зуу байдаг юм уу, нөгөө хэцүү нэртийг татчихаад тарж одоход сэтгэл онгойсон байдаг. Зарим үед бол бүр навсайтал архидаад онгойно. Зарим үед загас жараахай эргүүлсэн шиг хээр гадаа явж бас онгойно. Гэхдээ сэтгэлээ онгойтол, хөнгөртөл ярихгүй л бол би чаддаггүй. Ярьж л гаргаж хаяхгүй бол улам сэтгэл хүндрээд явчихдаг. Би хүнд юм санаж, дуугүй бүгшиж чаддаггүй. Уучилж, мартаж, тэвчиж чадах бол төрийн хүнд байх хамгийн гол чанар гэж би боддог. Бас би бөөрөнхий байхыг тэвчдэггүй гэж. Тэр ийм л нөхөр....

    -Тантай уулзалгүй яг 3,8 жил болсон байна. Тэр үед би Засаг дарга Д.Хаянхярваатай ярилцаж байлаа. Харин өнөөдөр Сангийн сайд Хаянхярваа миний өмнө сууж байна. Бидний уулзалтаас хойш цаг хугацаа нисэх мэт хурдалжээ?

    -Тийм ээ. Нэг л мэдэхэд өдөр хоногууд жирэлзээд өнгөрсөн байх юм. 

    -Засаг дарга, парламентын гишүүн, сайд гээд их богинохон хугацаанд эрчтэй ажиллалаа. Дарханд бол та нэлээн тогтвортой ажилласан. Хууль тогтоох дээд байгууллагад ирж ажиллаад мэдээж сэхээтнийхээ хувьд өссөн байх. Зарим талаар гутралын ч шинжтэй зүйлүүдтэй учирсан байх гэж бодож байна?

    -Бараг дөрвөн жилийн өмнө өөртэй чинь ярилцаж, санаа бодлоо сайхан хуваалцаж байсныг тод санаж байна. Тэр үед сонгуульд нэр дэвшчихсэн, ид бужигнаж явсан. Тэгээд яахав энд ирлээ. Улс төрийн энэ том тогоон дотор  орж ажиллалаа. Хувь хүнийхээ хувьд хууль гэдэг юмыг миний хувьд их муу мэддэг, муу ойлгодог, мэргэжлийн биш хүн байсан гэдгээ маш сайн ойлгож авсан. Өөрөөр хэлбэл хууль чинь ингэдэг юм байна. Уншихаар хүн бүхэн мэддэг юм шиг, мөрдөөд явахад амархан юм шиг. Тайлбарлаад явъя гэвэл маш олон салаа мөчрөөр тайлбарлаад явж болдог сонирхолтой эд байдаг юм байна л даа. Энийгээ бодож суухад би ер нь Засаг даргын гэдэг юм уу, өдөр тутмын ч юм уу, аж ахуйн чиглэлийн ажлаа хийж гүйсээр байгаад нарийн ширийн юмыг уншиж ойлгох цаг заваар бага байсан юм болов уу. УИХ бол 76 чиглэлийн, 76 өөр оюун бодол, 76 өөр эрдэм чадал, 76 өөр амьдралын туршлага цогцолсон мэтгэлцээний том талбар. Эхлээд нэг хэсэг дасахгүй жаахан хэцүү байлаа. Нэг шийдвэр гаргах гэж ингэж ч хэрэлдэж мэтгэлцэж байх гэж. Ийм юмыг ингэж цаг аван хэлэлцэж хэрэлдэж явах юм бол яаж улсын ажил явах вэ дээ гэсэн бодол миний толгойд аягүй их орж ирж байсан. Тэгээд жаахан хямарсан. Би ер нь хаана ирчихэв ээ гэж. Засаг дарга байхад чинь шийдвэрээ шууд өөрөө гаргаад л, хариуцлагаа өөрөө үүрээд явдаг. Тийм болохоор бүх хүчээ дайчилж ажиллана. Тэрнийхээ хэрээр үр дүн нь гардаг, харагддаг, гарт баригддаг. Тийм болохоор тэрийгээ жаахан үгүйлээд байсан. (инээв)

    -Үр дүн нь гарт баригддаг, өөрөө дунд нь ороод бужигнаж хийдэг, хөлс үнэртдэг тийм ажил хийж байсан хүн тэрийгээ жаахан үгүйлсэн болов уу гэж боддог юм. Энд болохоор нийгэмд загнуулаад л байдаг, үр дүн харагдахгүй?

    -Ерөөсөө нүдэнд харагдах юм УИХ-ын ажилд байхгүй шүү дээ. Иргэдийн тодорхой хэсэг парламентын үйл ажиллагааны талаар ойлголт багатай байдаг. Түүнээс нь болсон уу, өнөөдөр нийгэм бүхэлдээ шахам УИХ руу чиглэсэн нэг тийм бараан нүдтэй байдаг шиг. Энэ буруу хандлага төр, нийгэм хоёрын дунд жаахан зай гаргах гээд байна уу даа гэсэн бодол төрүүлдэг юм.

    -Та бол Дархан-Уул аймагт нэлээн юм хийсэн хүн?

    -Баярлалаа. 

    -Өнгөрсөн намар Дарханд очлоо. Таныг байхад яралзаж байдаг байсан гэрэл жаахан бүүдийсэн. Зарим нь хагараад уначихсан, зарим газар нь эргээд харанхуйлчихсан ч юм шиг харагдсан. Тэгээд сайн Засаг дарга байж дээ. Зарим хүнийг байрнаас нь дэмий ч хөдөлгөчихдөг юм уу даа гэсэн бодол төрж байсан. Та чинь тэндээсээ нүүсэн юм уу, нүүгээгүй юм уу?

    -Би Дарханаас нүүх нь байтугай шилжээгүй байгаа шүү дээ. Одоо би Дархан-Уул аймгийн 14 дүгээр багийн хоёрдугаар хороонд амьдардаг иргэн Хаянхярваа гэдгээрээ хэвээрээ л байгаа. Эхнэр маань тэндээ ажил төрлөө хийгээд байж байна. Өөрийнхөө аавтай, дүүтэйгээ амьдарч байгаа л даа. Би энд бас нэг эмээтэйгээ, бага хүүтэйгээ амьдардаг. Дархан Улаанбаатар хоёрын хооронд энэ гурав, дөрвөн жилийн хугацаанд худалч хүнд бол өдөр бүхэн ирж очиж амьдарлаа. Дархантай миний хувь тавилан гүн гүнзгий холбогдсон. Одоо би энд тэднийг төлөөлж байна. Ер нь хүн олон жил хийж байсан ажлаасаа шууд өөрийгөө салгах тийм амар биш юм байна. 

    -Яагаад?
    -Яагаад гэвэл би УИХ-д ирснийхээ дараа юм л бол Дарханд очихоороо нөгөө л хуучин заншлаараа аймгийн дарга руу утасдаад л, тэнд үхэр мал чинь явж байна, тэнд нохой чинь болохоо байж, гэрэл гэгээ чинь болохоо байж гэж үглээд л. Хэд хэдэн удаа тэгж утасдаж байснаа гэнэт бодсон. Эхний хоёр гурван сар тэгсэн байх. Гэв гэнэтхэн нэг өдөр бодсон шүү. Үгүй, би чинь одоо галзуу солио тусчихсан юм биш биз дээ. Би одоо энэ аймгийн дарга биш шүү дээ, аймгийн удирдлагууд нь үүргээ хүлээж авчихаад байж байхад тэр хүнийг ажил хийлгэхгүй, өөрөө нэг айхтар сүрхий байсан юм шиг хүн зэмлээд ингээд байдаг нь миний буруу байна гэж бодсон. Тэгээд л тас больсон доо.

    -Засаг дарга нь ямар хүн байгаа билээ?

    -Эрдэнэбат гээд манайд хэлтсийн дарга байсан хүн байгаа. Бид хамт ажиллаж байсан. Нэг талын би дарга нь байсан ч, нөгөө талын найз нөхдүүд учраас за, нэг иймэрхүү юм надад ажиглагдаад байна аа, одоо би дахиж хэлэхгүй гэж хэлээд нөгөө зуршлаа хаясан. (инээв)

    -Хотын статусаа эргэж олж авах юу болсон бэ?

    -Дарханыг хот болгохын хувьд бид ярихгүй биш ярьж явдаг. Үндсэн хуультай холбоотой асуудал л яригддаг юм л  даа. Сая Ерөнхий сайд Дархан хотыг бүсийн хөгжлийн загвар хот болгоно гэж зарлалаа шүү дээ. Энэ бол манай хотын хувьд гайхалтай том ирээдүй гэж би ойлгож байгаа. Ойрын үед ажлын хэсгийг гаргая. Хотын ерөнхий төлөвлөгөөгөө өөрчилье, ямархуу бүтэцтэй, ямар төлөвлөлттэй, үйлдвэрлэл нь хаанаа яаж байх юм, энийгээ нэлээн тодорхой болгоё гээд ажил эхлүүлж байна. 

    -Дархан чинь Эрдэнэтийг бодвол гэр хороолол арай багатай юу?

    -Бий бий, гэр хороолол байлгүй яахав. Ер нь бусад газарт байгаа бүх зовлон Дарханд адилхан л байгаа шүү дээ. Утаа, агаарын бохирдол гэх мэт шинэ зовлонгууд их гарч байгаа учраас бага дээр нь бид ерөнхий төлөвлөгөөгөө хийгээд тэр зорилгынхоо төлөө идэвхтэй ажиллах хэрэгтэй байна. Гэр хорооллын иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулах хэрэгтэй байна. Ер нь тэгээд хотын төрхтэй байлгах, тэр чиглэл рүү илүү анхаарах асуудал чухал байна. Монгол орон маань үндсэндээ ганцхан хоттой болчихоод байна шүү дээ. Тэр нь Улаанбаатар. Бусдыг нь саармагжуулаад хаячихсан. 

    -Энэ Эрдэнэтийн гишүүд чинь хот болгоно гээд л гүйгээд байдаг юм байна лээ. Та тэд нартай баг болж гүйдэг үү?

    -Гүйлгүй яахав. Бид гүйж байгаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналаа гаргасан. Үндсэн хууль чинь бас тийм ч амар хүрчихдэг эд биш л дээ. Ер нь тэгээд сүүлийн үед бас бодож байхад нэг бодол төрөөд байгаа юм. Хот болсон, аймаг байсан хоёр хөгжлийн бодлого нь зөв байвал ер нь ямар ялгаа байна вэ гэсэн. Хөгжлийн бодлогоо зөв тодорхойлоод явах юм бол адилхан. Гэхдээ мэдээж төрөөс хот суурин газруудыг хөгжүүлэхийн тулд тусгай бодлого боловсруулах ёстой. Татварын бодлогоор, төрийн бодлогоор маш том дэмжлэг үзүүлэх шаардлагатай. 

    -Аливаа ард түмэн тухайн удирдлагыг байхад нь үнэлж мэддэггүй, хийж байгаа юманд нь ч нэг их анхаарал хандуулахгүй, болж өгвөл загнаад байдаг. Явангуут нь эргээд үнэ цэнийг нь санагалзаж эхэлдэг. Оронд нь ирснийг нь жишээд л, голоод л. Энэ бол тогтчихсон сэтгэл зүй юм шиг байгаа юм. Очоод иргэдтэй уулзаж байхад тэр санагалзал мэдрэгддэг үү?

    -Сонин асуулт байна. Ер нь бол тийм зан чанарын онцлог аль ч газар байдаг юм байна. Хүн л болсон хойно, ний нуугүй хэлэхэд, дотроо бол жаахан магтаалд дуртай ш дээ. (инээв) Дандаа муулуулаад байх чинь бас нэг их сайхан юм биш шүү дээ. Дарханд очоод хүмүүстэй уулзаад явж байхад бас миний удирдаж байсан үеийн ажлыг сайн явж байсан, сайн ажиллаж байсан байна, юм хийж бүтээсэн шүү гээд хэлэхэд нь хувь хүнийхээ хувьд баярладаг. Бас яахав дээ, зарим нь ч болтугай миний хийж байсан ажлыг үнэлж л байгаа юм байна даа. Миний ажиллаж байсан баг муугүй ажиллаж байж дээ гэж дотроо боддог. Харин аливаа удирдах ажил хийж байсан хүн өөрийнхөө араас гарсан удирдлагатай өөрийгөө жишээд л, би бол ингэдэг байлаа, чи ингэж чадахгүй байна гэсэн нэг хөөргөн утгаар яриад байх таатай явдал биш гэж би хувь хүнийхээ хувьд боддог. Өөрөөр хэлбэл тэр хүн ч хувь хүн, би ч хувь хүн. Тэр хүн өөрийн гэсэн арга барилаар, би өөрийн гэсэн арга барилаар ажилладаг байж таарна. Гол нь бидний дунд нэг л том зорилго байх ёстой. Тэр нь ерөөсөө л энэ хотын ард иргэдийн амьдрал ахуйг яаж өөдтэй өнгөтэй байлгах вэ гэсэн л нэгдмэл том зорилт. Тэр том зорилгод л хөтлөгдөж ажиллах ёстой. Арга барил нь ялгаатай байх нь чухал биш. Хандах зүг, очих газар нь нэг л байх ёстой. Тэгж байж л төрийн ажил явдаг. 

    -Та аймгийн дарга байхдаа тэндээ номер нэг том хүн нь байсан. Тан руу халдаж сүйд болдог ч үгүй байсан байх. Энд ирлээ. Парламент бол манай засаглалын хамгийн том индэр. Даанч манайхан сонгож гаргаад л маргаашнаас нь 76 мангуу, 76 ямаа гээд хараал шидээд эхэлдэг. Нөгөө дарга байсан хүн энд орж ирээд ямаа, мангуу гэгдээд унахаар сэтгэл зүйн хувьд тэр эхний үеүд сонин байсан байх даа?

    -Би түрүүн хэлсэн дээ. Эхний үед бол бухимдах маягтай шиг, жаахан дүнхүү талдаа шиг явах юм байна лээ. (инээв) Үндсэндээ энэ парламентын үйл ажиллагааг одоо л жинхэнэ утгаар нь энэ парламент чинь ингэж ажиллах ёстой юм байна гэдэг ойлголтыг бүрэн дүүрэн авч эхэлж байна ш дээ. Энийг нуугаад байх юм байхгүй. Энэ бол маш нарийн ажиллагаатай, ярвигтай тогоо. Бид 76 мангуу, 76 хулгайч гэж элдвээр хэлүүлээд ажиллаж л байна. Нэгэн үе Солонгост бас ийм байсан гэсэн. Гараад ирсэн төрийнхөө улсуудыг хулгайч, олигархи, мангуу тэнэг гэж дууддаг. Ийм үед хууль хэрэгжих нь маш муу болдог. Ингэхээр төрөө иргэд нь тоохоо байдаг. Ийм нөхцөл байдал төрийн чадавхийг муутгадаг гэж  нэгэн солонгос хүн ярьж байсан. Танайд  ч гэсэн ийм байдал үүсээд байна ш дээ гэж. Бодоод байхад энэ хүний хэлсэн үг бодитой үнэн юм шиг бодогдож байна л даа.

    -“Төрийн минь сүлд өршөө” гэдэг үг захын өвөө эмээгийн амнаас гардаг байсан бол одоо таягаараа л энэ ордон руу чичээд зогсч байдаг болсон л доо?

    -Тийм ээ. Энэ төр гэдэг үг ганц хэцүү зэвүүн үг болчихоод байна уу  даа. Сүүлийн үед ер нь бол төрөөс хүн зугтааж байх ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байгаа томоохон улстөрчид ч байна ш дээ. Төрөөс зугтаах ёстой, төрөөс зайлах ёстой гэдэг. Би бол энэ бүхэнтэй үнэндээ зарчмын хувьд санал нийлдэггүй. Ер нь яагаад энэ Монголын хөрсөн дээр олон зуун жил төрт ёс гэдэг юм тогтоод, энэ ард түмэн нь өнөөдрийг хүртэл “Ээ төрийн минь сүлд өршөө” гэдэг болчихсон юм бэ. Тэгэхээр төр хүчтэй байх ёстой гэдгийг манай амьдралын бүхэл бүтэн он зуунуудыг дамжсан түүх сануулж байдаг гэж би ойлгодог. Нөгөө талаасаа төрийг хүчгүй болгож байгаа нэг юм нь өөрт нь байна. Гаднаас битгий хай, энэ УИХ дотроо, энэ төрийнхөн дотор байна. Төрийн танхим дотроо суучихаад бие бие рүүгээ хуруу чичлээд чи муу луйварчин, чи муу хулгайч, чи тийм ч юм ингэсэн, ийм ч юм ингэсэн гээд орилж байдаг. Сонин хэвлэл дээр ярилцлага өгөхөөрөө тэр хулгайчууд ийм юм идэж байна, тэр нь энийгээ идэж байна гээд ямар нэгэн нотолчихсон баримтгүй юм нийгэмд цацаад байдаг. Тэрийг нь нийгмийн зонхилох масс тэр их хуралд нь улаан луйварчид байдаг юм байна гээд шууд утгаар хүлээж авдаг. Ингээд байхаар чинь яаж төрийн ноён нуруу, нэр хүнд төвшин байх юм. Амны билгээ ч бодсон ард түмэн нь төрөө нулимж хараагаад байх ямар вэ дээ. Төрийн хүмүүс нь ч өөрсдөө бас ярьж хэлэхээ бодож байгаасай гэж боддог юм. 

    -Та өмнө нь хатуу улс төржилтөөс холхон ажиллаж амьдарсан хүн байх. Сүүлийн хэдэн жил улс төрийн халуун тогоонд ажиллалаа. Намдаа ч нэлээн сайн танигдах шиг боллоо. Парламент дотроо ч гэсэн. Хаянхярваа гэдэг чинь бас дажгүй нөхөр байна шүү гэсэн үнэлэмж, дээр нь эзэмшсэн боловсрол, таны түүх, туулсан туршлагыг үнэлсэн болоод сангийн сайдаар ажиллуулахаар сонгосон байх. За, ингээд ёстой ёс ёмбогор, төр төмбөгөр гэдгийн үлгэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч дээр орлоо доо. Нэлээн баалуулсан хүн нь та. Тэр өдрийн тухай сэтгэгдлийг тань сонсмоор байна. Та Ерөнхийлөгчид хувь хүнийхээ хувьд гомдсон уу. Дараа нь яагаад Хонгор луу явсан бэ. Хонгор бол ганцхан таны бэтэг биш биз дээ?

    -Гомдоно гэж юу байхав дээ. Би зүгээр гайхсан. Яагаад гайхсан гэхээр Ерөнхийлөгчийг ийм мэдээллээр хэн хангав гэдгийг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын төрийн тэргүүн хүн тийм баталгаагүй, нотлогдоогүй мэдээллээр ийм зүйлийг цацахгүй гэдэг төрийн хүний хатуу ойлголт надад бас байна шүү дээ. 2008 оны сонгууль болоод өнгөрсөн. Энэ асуудал таг чиг болсон. Ганц хоёр дурсч л байсан байх л даа. Гэхдээ л ерөнхий утгаараа таг чиг болсон. Гэв гэнэтхэн Хаянхярваа гэдэг хүн гараад ирэнгүүт дахиад л нөгөө Хонгор гараад ирсэн. Гэтэл бид энэ газар яаж ажиллалаа. Яаж үйлээ үзлээ. Сүүлдээ олон улсын хөндлөнгийн шинжээчид ирсэн шүү дээ. Тэгээд 300 хүний цусны шинжилгээг Англи руу авч яваад, 300 хүний үсний шинжилгээг Япон руу авч яваад бүгдийг нь шинжлээд авч ирээд, Хонгорын ард түмэн мөнгөн ус, цианит натрид  хордоогүй байна аа гэдэг дүнг гаргачихсан. Монголын мэргэжлийн лабораторийнхон бусад хүмүүс ч тодорхой давтамжтайгаар очоод шинжилгээ судалгаа авдаг. Хонгорт тийм юм алга аа гэж бас хэлчихсэн. Энийг би шинжлээгүй биз дээ. Гэнэтхэн тэр асуудал сөхөгдөөд гараад ирэхээр нь би аймгийн удирдлагуудад нь хэлсэн. Үнэхээр энэ яриад байгаа шиг юм байна уу, та нар очиж иргэдтэйгээ уулз аа гээд. Хэрвээ та санаж байгаа бол би Ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа яг тэр долоо хоногийнх нь хагас сайн өдөр ямар ч сэтгүүлчгүйгээр ганцаараа очоод Тамгын газар дээр нь нэг өрөө гаргуулж сууж байгаад өдөр 12 цагаас шөнө болтол иргэдтэй уулзсан. За, яг ний нуугүй хэлэхэд иргэд үнэхээр залхсан хариултыг надад хэлж байсан. “Энэ одоо арай дэндэж байна аа, болимоор байна. Бид тайван амьдармаар байна. Балга сүүгээ бид зүгээр зармаар байна, тарьсан жаахан ногоогоо чөлөөтэй худалдаалмаар байна, бидний амьдрал дэвжиж эхэлж байна, газар тариалан сэргэж байна. Гэтэл дээрээсээ төр нь эсрэг сурталчилгаа хийгээд бидний амьдралыг улам унтраагаад байна шүү дээ” гэж. Төр ард түмэндээ туслах биш, нөгөө улс төр гэдэг бохир юмнаасаа болж буцаагаад түлхэж эхэлж байна шүү дээ. Тэр сумын төв дээр байгаа 2500 хүний амьдрал жаахан дээшлэх маягтай болоод ирж байтал буцаад нөгөө ангал руу нь төр нь өөрөө түлхээд оруулчихаж байгаа байхгүй юу. 

    -Хонгорын замын цайны газарт ч машин зогсохоо байсан гэдэг үнэн үү?

    -Нэг хэсэг тийм болсон, одоо бол хэвийн. Ард түмэн нь хөдөлмөр хийх гээд зүтгээд, амьдраад ингээд явж байгаа. Энэ дээр би юу гэж хэлэх вэ гэхээр энэ бол хаа хаанаа туйлын хариуцлагагүй асуудал. Ялангуяа Монгол төрийн тэргүүнд өгч байгаа тэр мэдээллийг ямар эх сурвалжаар, хэн гэдэг хүн өгөв өө гэдгийг л сөхөж бид ярих ёстой. Төрийн тэргүүн хүнтэй ажиллаж байгаа аппарат нь Монгол Улсын төрийн тэргүүнд худлаа мэдээлэл өгч болохгүй. Бүх мэдээллийг үнэн зөвөөр нь өгч байх ёстой шүү дээ. 

    -Ургийн гажигтай хүүхдүүд төрөөд байна гэж бичих юм, тийм юм үнэхээр байна уу?

    -Би өнөөдрийг хүртэл Хонгорт сэтгэцийн өвчтэй хүүхэд төрсөн гэж сонсоогүй. Хэдэн жилийн өмнө билээ, нэг эмгэгтэй хүүхэд гарлаа, уруул нь сэтэрхий хүүхэд гарлаа гээд шуугисан. Эрүүл мэндийнхэнтэй ярьж тодруулахад Монголд тохиолддог л өвчин гэж байсан. Энэ бол уг нь маш эмзэг сэдэв. Яаж ийм болгоомжгүй хандаж болдог юм бол гэж би гайхдаг. 

    -Нэг талаараа энэ бол хүмүүсийн амьдралын эмгэнэл. Тэрийг шууд улс орон даяар цацаж шуугих нь харамсалтай явдал л даа?

    -Ер нь хүний өвчин хүний зовлонгоор ингэж тоглоно гэдэг бол дэндүү ёс суртахуунгүй асуудал. Би хэзээ ч тэгж хүний зовлон дээр, хүний амьдралд тохиолдож байгаа гай түйтгэр дээр улс төр хийхгүй. Хэзээ ч өөрийнхөө имижийг ийм зүйл дээр өргөж давхихгүй. Надад ядаж эр хүний маань хувьд тийм жудаг бий.

    -Ерөнхийлөгчтэй уулзсан уулзалт дээр урдаас нь хэн ч хэдэрлээгүй. Тэндээс төрийн ёс жаяг харагдаж байсан шүү?

    -Ер нь бол манай намынханд нэг мундаг суурь хүмүүжил байдаг юм. Төрийн тэргүүн хүн юм хэлж байгаа тохиолдолд бид хичнээн дургүй хүлээж авч байлаа ч гэсэн төрийн тэргүүнийхээ урдаас хэрэлдээд, уралцаад, тэгдэггүй юм, ингэдэггүй юм гээд давхиад байх тийм ёс суртахуун бидэнд байхгүй. Тийм болохоор бид сонсоод гарна. Гараад өгсөн үүргийг нь биелүүлж, хэлсэн юмыг нь магадлах ёстой. Ёс ёмбогор, төр төмбөгөр. Гарч ирээд Ерөнхий сайдын өрөөнд тийм л яриа ярьсан. Нэгэнт төрийн тэргүүн ингэж байгаа бол шалга, нягтал, ажилла. Өнөөдөр тэр явдлыг нэг хэсэг нь “Үгүй ээ, одоо энэ Монгол Ардын Намаас орсон хэдэн унжгар юм Ерөнхий сайдтайгаа, генсектэйгээ орчихсон толгойгоо унжуулаад, загнуулаад л” гээд хэлж л байна лээ. Хэрвээ энэ нийгэмд чинь Ерөнхий сайд нь ороод л Ерөнхийлөгчтэйгөө хэрэлдээд, энэ хэдэн УИХ-ын гишүүд нь ч урдаас нь цоролзоод л, сайдад нэр дэвшсэн хэд нь ч Ерөнхийлөгчтэйгөө хэрэлдээд л, хуруу гараараа зангаад байвал харин жинхэнэ гутамшиг болно биз дээ. 

    -Хонгороос иргэд их нүүж байна гэж үнэн үү? 

    -Нүүгээд сүйд болсон юм алга. Ирэх нь ирж байна, явах нь явж л байна. Үндсэндээ балансан дээрээ л байж байна лээ. Би статистик судалгааг нь авч үзсэн. Харин одоо Хонгорт шинээр хашаа байшин аваад ажил амьдралаа төвхнүүлэх гээд явж байгаа хол ойрын хүмүүс нэлээн олширч байна. Би Хонгорт нэг л юманд итгэлтэй байдаг. Бид хоёрын энэ ярилцлага хэзээ нэгэн цагт арван жилийн дараа ч бай, таван жилийн дараа ч бай ахиад нэг юман дээр тавигдах байх гэж найдаж байна. Яагаад гэвэл одоо би хэлдэг юм. Хонгорын ард түмэн та нар хараарай, одоо энэ сул чөлөөтэй байгаа газар чинь та нарт тун удахгүй олдохгүй шүү гэж. Дэд бүтэц хөгжчихсөн, цахилгаан, уул ус, зам харгуй, газар талбай, хөрс бүх юм нь бүрдчихсэн тийм сайхан сууринд тэгээд зах зээлтэй тийм ойрхон газар хүн амьдаръя гэхгүй яахав дээ. Тэр үед газар олдохгүй байна гээд хэрүүл хийгээд гүйнэ дээ гэж.

    -Би хэдэн жилийн өмнө өөрийн биеэр очоод гудамжинд нь явж байгаа захын хүний хувцсыг сөхүүлээд харахад л эржгэр юмнууд туурчихсан байсан юм даа. Гахай нь үхэж, үнээнээс гажигтай тугал төрж. Өөрөө би харсан л юм даа. Тэр тэгээд халуун усгүй зургаан жил болсноос үүдсэн хамуу гэдэг өвчин болж л  дууссан уу?

    -Тэр үед Эрүүл мэндийн яамнаас мэргэжлийн 50-иад хүнтэй маш том баг очиж ажилласан шүү дээ. Тэр эмч нар үзээд арьсны харшлыг нь харшлаар нь, хамууг нь хамуугаар нь, өөр элдэв төрлийн өвчлөл байдаг бол өвчлөлөөр нь бүгдийг нь ялгаж салгаад хэлээд өгсөн. Тэр бүгд баримтаараа байж байгаа. Хичнээн хүн хамуутай вэ, хичнээн хүн харшилтай вэ, хичнээн хүн үрэвсэлтэй вэ бүгдийг нь хэлээд өгсөн. Гэтэл ганцхан юуг нь өлгөж аваад цацчихсан гэхээр хамуутай, арьс өнгөний өвчтэй байна аа гэсэн ийм юмыг л өлгөж аваад Хонгорыг бүхэлд нь хамуутай, бүхэлд нь арьс өнгөний өвчтэй гээд зарлачихсан. Мэдээллийн ийм харгис үерт нийгмээ автуулаад байвал яаж тайван амгалан амьдрах юм бэ. Тэгэхээр энэ улс төржилтөөс,  хэвлэл мэдээллийн наана цаанаа, улс орноо бодохгүйгээр хуйхлан дайрдаг гаж хөгжлөөс аль болохоор бид салж амьдрах ёстой. Монголын нэртэй сэтгүүлч хүний хувьд эмзэг сонсогдож магадгүй. Би хэлье гэсэн бодлоо хэлж байгаа юм. Өнөөдрийн Монголын сэтгүүл зүй хаашаа явж байгааг би ойлгохоо байсан. Тэрэнд та ямар бодолтой байдгийг би мэдэхгүй. Өнөөдөр сэтгүүл зүй дарга нарыг дагаж явдаг, сайд байвал дагаж гүйдэг, мөнгөтэй хүнийг дагаж гүйдэг, мөнгөөр худал үнэн мэдээлэл цацдаг, хэвлэлээр хүнийг шантаажилдаг болчихсон. Энэ одоо сэтгүүлзүй мөн үү.

    -Үнэхээр сэтгүүлчид хүсээгүй байхад тань дураараа залгаад байдаг юм уу. Үнэхээрийн гишүүдийн өрөөг онголзуулаад, зоргоороо орж ирээд байдаг  юм уу. Үнэхээр таны тухай муу юм бичих гэж байна мөнгөө өг гэж ярьдаг гэж үү. Зарим нь ингэж хэлээд байх юм. Жишээ нь, тантай яг ийм зүйл тохиолдсон уу ?

    -Надад бол шууд одоо таны тухай юм бичих гэж байна ингэ тэг гэж хандаж байгаагүй. Харьцангуй би чинь хэвлэлийнхнээс хол хүн. Сая л Сангийн сайд болох үеэр л хэвлэлийн “бай”-нд өртсөн болохоос. Би жаахан юм хийчихээд л хэвлэл дээр очоод яриад байх дургүй. Өнөөдөр надаас орон сууцны зургаан хувийн хүүтэй холбоотой ярилцлага авъя гээд маш олон сэтгүүлч хандаж байгаа. Би ярилцлага өгөхгүй, хангалттай ярьсан. Одоо яриагаа болъё, хэдүүлээ ажлаа хийе л гэж хариулдаг. Ажил нь эхлээд ядахдаа ганц сөөм ч гэсэн урагшлаадхаг гэж хэлж байгаа.

    -Улстөрчид өөрсдөө ярих ажлыг илүү их хийгээд дасгачихсан л байхгүй юу?

    -Одоо сонгууль дөхчихсөн болоод тэр юм уу, жаахан юм хийхээрээ л би тийм юм хийж байна гээд яриад унах юм. Ер нь бол Ганчимэг сэтгүүлч ээ би ингэж боддог шүү. Өнөөдөр телевизээр чөлөө завгүй ярьдаг ч ажил хийдэггүй хүмүүс, таг чимээгүй юмаа хийгээд байгаа хүмүүс хоёрыг ард түмэн бас ялгадаг болчихсон гэж. Ер нь бол ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг  ялгаж салгаж заагладаг. 

    -Залуу үеэ жаахан юм хийдэг болгох юмсан. Бас л нэг их ярьдаг, цэцэрхдэг залуус дүүрч байх шиг?

    -Тийм ээ. Үнэхээр санал нэг байна. Сүүлийн үеийн залуучуудад бол “Би аль намд орох вэ, ямар хүнийг дагавал ямар албан тушаал дээр очих вэ” л гэдэг ийм юм давамгайлчихсан байна. Аль ч намд ийм болсон байна. Тэгэхээр энэ үзэгдэл рүү төр бодлогоо хандуулахгүй бол нийгэм жаахан биш тал руугаа явчих вий дээ. Би дөрвөн хүүхэдтэй хүн. Хүүхдүүддээ хэлдэг. Миний хүүхдүүд өнөөдөр аавынхаа энэ замаар явж улс төр гэдэг энэ тогоо руу хэзээ ч бүү алх. Ажил мэргэжилдээ л эзэн нь болсон сайн хүн бол. Чамайг байхгүй байхад тэр хамт олон чинь үгүйлдэг, ажил нь бараг чамгүйгээр зогсчих гээд байдаг тийм л мэргэжилтэн бол. Тэгээд л болоо, тэр бол чиний амьдралын баталгаа гэж. Миний хүүхдүүд сайн ойлгодог гэж би боддог. Хоёр нь ажил хийх гээд л гүйж яваа. Би хүүхдүүдийнхээ ажил амьдралд сэтгэл хангалуун байдаг. 

    -Нам шинэчлэгдсэн гэж хоёр том хүчин хоёулаа л мэдэгдэх юм. Хоорондоо онцын ялгаагүй хөтөлбөр бариад, хоёулаа тоос манартал 21 аймгаар тойрлоо. Танай нам таны анх элсч байсан, хуучны нөгөө шатаар нь алгуур дээшилдэг байсан айл биш болсон байх аа. Өмнөх үеийн дарга нартай уулзаж учирч явсан, өмнөх Их хурлуудад ирж явсан биз. Өнөөдрийн намаас үнэхээр өөрчлөлт харагддаг уу. Худлаа юм яваад байна уу. Та намаа бодож улс төрийн бодол агуулалгүйгээр хариулчихгүй юу?

    -Миний намд элсч байсан үе 1986, 1987 он. Орлогч гишүүн гээд ногоон батлахтай ороод явж байгаад жинхэнэ гишүүн болдог байлаа ш дээ. Тэр үеийн манай намыг хүмүүс арай л нэг хар өнцгөөс харах гээд байдаг. Гэвч тэр үед өнөөдрийн нийгэмд авч мөрдүүлэх ёстой олон чухал үнэт зүйлс байсан. Боловсон хүчнээ бэлтгэдэг бодлого, ажил дээр хүнийг шат дараалуулж зүтгүүлж сургадаг бодлого, ёс суртахуунтай байлгадаг бодлого гэх мэтчилэнгээр. Ажлын хариуцлага тооцдог энэ тэр гээд олон үнэ цэнтэй бодлогуудын ачаар манай улс хөгжиж байсан. Хүнийг ажил мэргэжил дээр нь өсгөж өндийлгөх бүх арга механизмыг бүх талаас нь шахаж хийлгэдэг байсан. Өнөөдөр нийгэмд тийм л юм хэрэгтэй болоод байна. Бид цоо шинэ нийгэмд орж ирээд цоо шинэ улс төрийн нөхцөл байдалд шилжсэний дараа 20 жил өнгөрлөө. Сүүлдээ баруун зүүний намын ялгааг бол ойлгохоо байсан. Манай нам бол зүүний нам. Гэтэл өнөөдөр дэвшүүлж тавиад байгаа зорилго том хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө бүхэлдээ Ардчилсан нам, Ардын нам хоёрынх үндсэндээ адилхан болчихсон. Хоёулаа зүүний нам ч юм шиг. Үнэнийг хэлэхэд надад хувь хүний хувьд баримталдаг зарчим байдаг. Тэр нь би ажил хийж явахдаа ажил л урагшаа явж, ажил л болж байвал бусад жижиг сажиг юмаар хүнд садаа болохгүй явахыг эрхэмлэдэг зарчимтай. Тийм болохоор би Дарханд ажиллаж байхдаа хэзээ ч намынхаа байгууллага руу орж хүний тухай ярьж яваагүй. Хэзээ ч ажил төрөл болохгүй байна, бүтэхгүй байна гэж Засгийн газар дээрээ ирж надад тийм дэмжлэг туслалцаа үзүүлээч гэж явж байгаагүй. Ерөөсөө өөрөө хийе, болгоё гэсэн хүслээр л бүх юмаа явуулдаг, ард нь гардаг  байсан. Тэр утгаараа би магадгүй намынхаа дээд удирдлагуудтай нэг их уулзаж, янз бүрийн юм ярьж явааагүй. Жаахан хөндий байсан байх. Одоо ч гэсэн би нэг их айхтар намынхаа удирдлагууд руу ороод зовлон жаргал яриад, хүний тухай элдэв юм яриад яваад байдаггүй. Ер нь өөрийн минь урд оногдсон ажил л миний хамгийн гол үүрэг байдаг. Дараагийн зүйл, манай нам шинэчлэгдэж байна уу гэвэл шинэчлэгдэж байна. Бүгдийн нүдэн дээр шинэчлэгдэж байна гэж би хардаг. 

    -Монгол Улс гэдэг ганцхан юмныхаа төлөө л зүтгэмээр байна. Намуудыг гишүүнчлэлгүй болоосой гэж боддог юм?

    -Би ч тэгж боддог. Яг сонгодог утгаар нь том хүчтэй лидерүүд нь нам гэдэг том юмаа аваад явдаг. Улс төрийн намуудын дэвшүүлсэн бодлогыг дэмжигчид нь дэмжээд явдаг. Тийм юм руу шилжвэл сайхан л байна. Сая манай намын бага хурлаар хөгжлийн хөтөлбөр гээд баталлаа шүү дээ. Тэрэн дээр бол дандаа залуучууд ажилласан. Би энийг бол дэвшил гэж ойлгож байгаа. 

    -2032 хүртэлх хөтөлбөр гэсэн үү?

    -2032 он хүртэл, хорин жилээр. Энэ чинь манай намын залуучууд анх удаагаа улс эх орныхоо ирээдүйг 20 жилээр, 10 жилээр хараад ийм юм хийчихье гээд бодлоо гаргаж ирээд тавьж байгаа явдал. Хөтөлбөрийг хараад энэ бол намд орж ирж байгаа бас нэг шинэ уур амьсгал гэж ойлгож байгаа. Яахав ээ, намын боловсон хүчний сонголт ч гэдэг юм уу томилгоон дээр бүх улс төрийн хүчин адилхан байдагт би эргэлздэггүй. Ямар ч нөхцөлд л ярьдаг хэлцдэг, тодорхой бүлэг фракц дээр яригддаг ийм л жишиг улс төрийн хүчнүүд дотор явдаг. Бид дотор нь байгаа юмаа өөрсдөө ойлгодог мөртлөө нийгэмд дандаа эсрэгээр цацдаг. Энэ бол бас улс төрийн төвшинд л байгаа нэг буруу жишиг. Цаашдаа яах ёстой вэ гэхээр улс төрийн намуудын төлөвшлийг урагшлуулж, парламентат ёсоо улам төвшитгэж явахыг хүсч байгаа бол боловсон хүчний бодлого дээр л анхаарах ёстой. Боловсон хүчний талаар баримтлах бодлогын хувьд хоёр нам хоёулаа дорвитой шинэчлэл хийгээгүй байна. Төрийн албан хаагч мэргэшсэн хүн байх ёстой гэж хаа хаагүй хичнээн жил хашгирч байж одоо нэг замбараа руу нь арай гэж нэг орууллаа ш дээ. Тэгэхдээ л энд улс төрийн байнгын нөлөөтэй. Нэг агентлагийн дарга тавьсан ч, нэг газрын дарга тавьсан ч, аймгийн дарга тавьсан ч л улс төрийн нөлөөтэй. Ингэж явж байгаад нийгмийн хөгжлийн тодорхой шаардлагаар алга болох л байх л даа.

    -Та нарын хувьд төрд ирэхдээ тэрний хүн гэсэн малгай даанч байдаггүй явсан байх. Ёстой ардын хүүхдүүд тэлчилж явж байгаад л, ажлаа хийж явж байгаад л төр нь олж хардаг байсан шиг. Одоо бол ямар ч сайхан залуу гараад ирсэн “тэрний хүн ш дээ” гэж яригддаг, үнэхээр л “тэрний хүн” байдаг нэг тийм өрөвдөлтэй тавилан бий болчихоод байна. Та одоо Сангийн сайдаар ажиллаж байна. Танай энд С.Баярцогтын хүн гэж дүүрэн байна уу. Та ирээд энд халаа сэлгээ хийв үү?

    -Би сайдын ажлыг нэгдүгээр сарын 27-нд авсан. Өнөөдөр гуравдугаар сарын 18. Сар гаруй болж байгаа юм уу даа. Энэ Сангийн яам харин тэр талаараа харьцангуй их тогтсон, төрийн хүчтэй том аппарат юм. Тийм ч байхаас аргагүй. Үнэндээ энэ Баярцогтын хүн шүү, энэ Улааны хүн шүү, энэ тэрний хүн шүү гэдэг юм үндсэндээ надад харагдахгүй байна. Хуучин байсан, миний мэдэх газрын дарга, хэлтсийн дарга, энд ажиллаж байсан мэргэжилтнүүд нь бүгд л байж байна. Би Сангийн яамыг ерөнхийдөө мэддэг учраас ийм ч тогтсон хамт олон угтана гэдэгт эргэлзээгүй. Би чинь найман жил санхүүгийн хэлтсийн дарга, найман жил Засаг даргаар ажилласан хүн шүү дээ. Тэгээд энэ парламентын дөрвөн жилийн хугацаанд төсвийн байнгын хороонд ажиллалаа. Бүх үедээ энэ яамтай салшгүй нягт холбогдож ажиллаж ирсэн.  

    -Санхүүгийн хэлтсийн дарга бол ялангуяа байнга Сангийн яамтай харьцах байх л даа?

    -Байнга. Одоо энд газрын дарга хийж байгаа залуучуудыг ч би эртнээс мэдэх юм. Эд нартай байнга харьцаатай байсан учраас их сайхан тогтсон, чадварлаг мэргэжлийн баг гэдгийг мэднэ. Би өөрөө л эд нартай зөв ажиллах ёстой. Эднээс би их юм сурах ёстой. Би ирээд хэлсэн. Өмнөх сайдын туслахад ч, хэвлэлийн төлөөлөгчид нь ч. “Хэрвээ та нар хүсвэл надтай хамт ажиллаж болно шүү. Та нар өөрсдөө шийдээрэй” гэж. Надад бол ямар нэгэн хувийн атгаг бодол байхгүй. Ирээд яамныхандаа нээлттэй байгаарай, ажлаа сайн хийгээрэй, ажлын хариуцлага алдаж болохгүй шүү, би хүнээр оролдохгүй гэж л хэлсэн. Та бид хоёр цөөхөн уулзсан улсууд. Гэхдээ л та намайг зах зухаас нь мэдэрдэг байх. Би энэ хорвоог, ялангуяа төрийн ажлыг  нуруутайхан, чанартайхан хийж, хоёрын хооронд үлбийж биш эрчилж туулахыг хичээдэг хүн. Би өөрөө их нийтэч. Айхтар тийм улс төржсөн юм гаргах дургүй. Энэ парламентад орж ирээд 75 гишүүнтэйгээ бол хувь хүнийхээ хувьд сайхан л харьцаатай байдаг гэж боддог. Намайг хүмүүс яаж үнэлдгийг мэдэхгүй юм. Би түрүүнд хэлсэн дээ, 76 оюун ухаан, 76 үзэл бодол, 76 хүсэл тэмүүлэл нэг дор төвлөрсөн, асар том  мэтгэлцээний талбар шүү дээ гэж.

    -Бас л сортоотой л аавын хүүхдүүд гарч ирж байгаа юм л даа. Тэр том өрсөлдөөн дундаас? 

    -Хоёр сая 700 мянган хүн дотроос явсаар байгаад л өөрийгөө таниулаад, үзсээр байгаад олонхийн санал аваад гараад ирнэ гэдэг бол ямар ч байсан тодорхой төвшинд олон түмэнд үнэлэгдсэн ийм л хүмүүс гэсэн үг шүү дээ. Би бас орж ирээд эхэндээ нохой гахай гээд хэрүүл хийгээд унахаар нь их гайхдаг байсан. За одоо ингэж айхтар хурц хэрэлдсэн хоёр гараад яадаг юм бол доо, юу болдог юм бол доо гэж боддог л байлаа. Үнэхээр энэ парламентын гишүүд дотор бие биенээ хорхой идсэн араандаа зуугаад ингээд занаад байдаг юм байхгүй. Асуудлаас болж хэрэлдлээ, тэмцэлдлээ, гарлаа. Хөхрөөд л бие биенийхээ мөрөн дээр нь алгадаад л яваад өгдөг тийм нэг эр хүний жудгийн сайхан харьцаа байдаг. 

    -Зарим нь тийм л байх. Зарим нь бие биенээ хэвлэл мэдээллээр бичүүлээд л, зураг хөргийг нь санамсаргүй үед нь авч интернэтээр цацаад л. Бас л олиггүй юм хийдэг л дээ?

    -Та түрүүнд нэг цухас дурьдаад байна лээ. Бие биенээ зохисгүй үед нь зургийг нь дарж  интернэтэд тавиад л, бие биенээ захиалга өгч энд тэнд бичүүлээд л байдаг нь үнэн бол цэвэр эр хүний жудгийн тухай л асуудал. Ер нь тэгж яах юм бэ. Би ийм юманд дургүй. 

    -Ер нь хүн алдана, ононо. Ууна иднэ. Тэр бүрд бие биенээ мөшгөөд явбал аймшиг биз дээ? 

    -Хажуу тийшээ хальт гишгэдэггүй, ер нь бол гишгэсэн мөр бүхнээ эргэж харж явдаг хүн бол сайн хүн биш шүү дээ. Тэр бол аймшигтай, хэтэрхий хайрцагт орсон, зовлонд хүлээстэй хүний л шинж. Ерөөсөө нэг хоёр гурван алхам хийчихээд хойшоо эргэж хараад л, одоо энд юу байгаа бол гэж тойрч шиншлээд л, айж ухраад л, нэг жаахан юм ярих гэсэн ч энэ намайг юу гэж дараа нь бодчих бол гэж явах бөөн ядаргаа зовиур шүү дээ. Надад хүн зөвлөж байсан юм. Ээ дээ, сэтгүүлчид юм асуухад чи мэдэхгүй гэж хэлж болохгүй шүү гэж. Би тэрэнтэй үнэхээр санал нийлдэггүй. Би яахаараа бүх юмыг мэдэж байх ёстой юм. Мэдэхгүй байж мэддэг гэж худлаа ярих юм уу. Тэрний оронд мэдэхгүй гэдгээ хэлчихсэн нь дээр биз дээ. Бүгдэд таалагдах албатай биш. Мэдэхгүй юмаа мэдэхгүй гэж хэлээд, мэддэг хүнээс нь лавлаад мэддэг хүнээр нь хариултыг нь өгүүлээд ингээд явах нь зөв зохистой л харьцаа биз дээ.

    -Та нэр дэвшиж байхдаа хэлж байсан. Би иргэн хүнийхээ хувьд өөрийн зохиосон хувийн амьдралаа, үр хүүхдээ шийдээд явчих хэмжээний хүн гэж. Зохих хэмжээний бизнестэй гэж. УИХ-ын гишүүн болоод явсны дараа заримынх нь бизнес нурчихдаг гэнэ. Заримынх нь тендер авч гүйгээд нэлээн зузаардаг ч гэнэ. Таны ар талын аж ахуй ямархуу байгаа вэ?

    -Маш сайн байгаа. Яагаад сайн байгаа гэж ийм бардам хэлж байна вэ гэхээр сайн хүний буян гэж бас нэг юм байна. Надтай хамтарч ажилладаг миний нэг найз Р.Болорсайхан гэж сайхан эр хүн байгаа. Бид хоёр газар тариалангийн компанитай гэж өөрт чинь ярьж байсан даа. Сүүлийн үед бид хоёрын буян заяа түшээд байгаа юм уу, монгол түмний амны хишиг өөдрөг сайхан болоод байгаатай холбоотой юм уу, хорвоо дэлхий ч хураа чамгүй хайрлаж арвин сайхан ургац өглөө. Сүүлийн гурав, дөрвөн жил дараалан манай компани маш сайн ургац авсан. Манай тэр найз надаас ямар ч хамааралгүйгээр бүх юмаа хийдэг. Би бол компанийнхаа хэдэн хүн дээр зундаа тариа будаанд гарсан үед нь нэг сүрхий эргэдэг хүн болж машиныхаа ард талд жаахан идэж уух  юм, жимс ногоо ачиж аваад очдог юм. Нэг л мундаг компанийн эзэн хүн очиж байна ш дээ, тэнд чинь. Тэгээд очоод тэд нартаа юу гэж хэлдэг вэ гэхээр та нар минь өвдгөө халцартал зүтгэх юм. Тэр олсон хэдэн төгрөгийг нь би Султан хаан шиг үрэх юм даа гэж хөхрүүлдэг. Амьдрал ийм л байна. Би энэ бизнесийн юман дээр нэг зүйлийг боддог юм. Монголд одоо ялгарал гарч ирсэн. “МCS”, “Бодь”, “Женко”, ”Буян” ч гэдэг юм уу, Монголын олон том компани гараад ирлээ. Эд нарыг ч ёстой хэмлэж өгөх юм аа. Би бол хувийн хэвшилд гараад ирсэн том бизнесийн салбарын хүмүүсийг бүр бодлогоороо дэмжиж байх ёстой гэж боддог. Тийм л үзэн ядаад байгаа юм бол элдвээр оролдож байгаад эднийгээ дампууруулчих л даа. Монголд хичнээн хүн ажилгүй болох вэ, хичнээн айл ажил амьдралгүй болох бол, хичнээн хохирол татварт  учрах вэ. Ингээд бодоод үзэхээр энэ том компаниуд чинь хувь хүний, одоо жишээ нь Х.Баттулгын гэдэг юм уу, тэр Оджаргалын гэхээсээ илүү нийгмийн, Монголын том баялаг болсон байна шүү дээ. Бидэнд хоорондоо алалцсан атгаг юм ерөөсөө хэрэггүй. 

    -Жишээлбэл таны тэр найзын авч явж байгаа компани гэхэд л овоо хэдэн хүний аж амьдралыг авч явж байгаа биз дээ. Та энийг мэддэг учраас ингэж ярьж байгаа юм уу?

    -Манайх одоо бас нэг 20-иод айлын аж амьдралыг ямар ч хэл амгүйгээр цалин хөлсийг нь шийдээд, болсон болоогүй өөрсдийнхөө төвшинд чирээд явж байна ш дээ. Би хүүхдүүддээ, найз нөхдөдөө юу гэж захидаг вэ гэхээр өөрийнхөө байгаа амьдралд сэтгэл хангалуун бай гэж захидаг юм. Чи юу хийж чадаж байна, ямар хэмжээний хөрөнгө орлоготой байж чадаж байна тэрэндээ маш сэтгэл хангалуун амьдарч сур. Хөөрхөн бизнестэй амьдралаа аваад явж чадаж байсан мөртлөө миний хажуугийн нөхөр л бенз уначихаад байна ш дээ гээд шээс нь гоожчих гээд бүх юмаа үрж тараад, нэг хуучин бенз авч унаад амьдралаа үрэх үү, унадаг дугуй авч унаад ажлаа амжуулаад амьдрал нь сайхан хангалуун байх уу гэдэг л асуудал шүү дээ. Өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байх л миний амьдралын философи. 

    -Тийм шүү. Тайван, санаа сэтгэл амар амгалан, өвчин зовлонгүй амьдрах л аз жаргал бололтой. Гэвч сүүлийн үед манайхан хувьсгал их ярьдаг болчихлоо. Үр хүүхдүүд маань тогтуун, хөгжсөн, эрүүл нийгэмд амьдраасай гэж хүсэх юм?

    -Долдугаар сарын 1 давтагдана, хувьсгал хийнэ, хувьсгал гаргая гэж дандаа хар амлаж байна. Энэ бол жаахан хэрээс хэтрээд байгаа юм болов уу даа. Энэ одоо хаанаас гаралтай юу болоод байгааг анхаарал тавьж байдаг байгууллагууд нь анхаарал тавьж байгаа байх гэж найдаж байгаа. Ер нь бол монгол хүн амны билгээс, ашдын билэг гэж ярьдаг шүү дээ. Бүх л юмыг хараар харж, хараар хэлж байдгаа бодох цаг болсон байх. Монголын нийгэм хөгжиж байна уу, хөгжиж байна. Өнөөдөр тодорхой төвшинд хүний амьдрал өөрчлөгдөж байна. Монголд орж ирж байгаа машин тэрэг, баригдаж байгаа байшин барилга, эдэлж хэрэглэж байгаа юм, идэж ууж байгаа юм өөрчлөгдөөд л байна ш дээ. Гэтэл өнөөдөр телевиз асаа, хэвлэл хар, хичнээн телевиз байна, хичнээн сонин хэвлэл байна. Бүх юм хар, ерөөсөө л бүх юм болохгүй байна гэж цацаж байна. Энэ биш л дээ. Ялангуяа сэтгүүлчид энэ дээр үнэхээр ёс суртахуунтай хандаж ажиллах ёстой гэж би боддог. Өөрөөр хэлбэл бодит үнэнийг мэдээлэх үүрэг сэтгүүлч хүний уншиж мөрддөг тарни нь байх ёстой биз дээ. Нийгэмд өнөөдөр юу болж байна, юу болохгүй байна гэдгийг маш сайн ялгаж гаргадаг. Ялгаж гаргахдаа бэлгэдлээ бодож цагаанаа эхэлж тавьдаг байх ёстой, зөвөө эхэлж ярьдаг байх ёстой. Тэгээд сайны хажууд саарыгаа маш чанга онож хэлж ярьдаг байх ёстой л гэж бодох юм даа. 

    -Бүх юм сэтгүүлчдээс болчихоогүй шүү дээ. Гэхдээ зөвлөгөөг тань нөхөрсөг зөвлөгөө гэж хүлээж авъя?

    -Бүх юм танайхнаас болсон гэж би дүгнээгүй шүү. Битгий буруу ойлгоорой. Хаа хаанаа л байна. (инээв) Нийгэмд үзүүлдэг нөлөөллөө улс эх орондоо зөв, эрүүл тусгалтайгаар ашиглаасай л гэсэндээ хэлсэн юм. Та ч инээж байгаад мушгих гээд хэцүү юм аа.  

    -Би бас тэгээгүй шүү. Та бид нэлээн удаан ярилаа. “Оюутолгой, Тавантолгой” гэсэн хоёр толгой”, “7 сарын 1” гэсэн сэдвүүдийг энэ удаа алгаслаа?

    -Бүх улстөрчид ярьж байгаа болохоор дэмий биз дээ. 

    -Ингээд цаг зав гарган манай сонины урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье?

    -Та бүхний ажилд ч амжилт хүсье. 

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан