Хязгааргүй тийш...

    “Ярилцъя” өнөөдөр хоймортоо “Манбадацан” хийдийн Тэргүүн хамба, “Оточ Манрамба” анагаах ухааны дээд сургуулийн захирал, Монгол Улсын хүний гавьяат эмч Д.Нацаг­доржийг заллаа. Түүний яриа намайг ер бусын ертөнцөд аваачив. Уншигч таныг ч гэсэн тэгээсэй гэж хүсч байна.

    -Удахгүй манай үндэс­ний баяр Цагаан сар болох гэж байна. Тэгэхээр ярилц­лагаа гарч буй жилийнхээ өнгө төрхөөс эхэлье гэж бо­дож байна. Мэдээж та бүхэн тус бүрнээ өөрсдийн шин­жилгээ судалгаагаа хийсэн байгаа байх. Дээр нь хэдхэн сарын дараа улс төрийн сонгууль болох гэж байна. Сонгууль дагаж янз бүрийн бужигнаан их болдог. Жи­лийн ерөнхий нуруу зурхай төлгөнд ямархуу байдлаар бууж байгаа бол? 

    -Арвандолдугаар жарны усан луу жил гарч байна. Энэ луу жил нийт хүмүүст  ээлтэй сайхан байна гэсэн билэг дэмбэрэл бууж байгаа. Зүгээр байгалийн үүднээс аваад үзэхийн бол хаврын сарууд жаахан хахир, салхитай, хүйтэн байх шинжтэй. Зуны улиралд хур бороо ихтэй. Ерөнхийдөө жаахан салхи ихтэй тиймэрхүү жил байгаа л даа. Ирэх өвөл харин нэлээн чанга өвөл бо­лохоор. Тэрийг одооноос хү­мүүс маань бодож байх хэ­рэгтэй юм.

    -Сайхан жил болох нь ээ. Гол нь байгаль дэлхийн ааш аяг төвшин сайхан байх чухал шүү дээ?

    -Тийм ээ. 

    -Өнгөрсөн зун, бас на­мар нь үнэхээр сайхан бай­лаа. Харин намрыг нь илүү сар­тай намар боллоо гэц­гээ­сэн. Шашны утгаар илүү сар­тай зун, намар гэж байдаг юм уу?

    -Энэ бол зурхайн тооллоор зурж тооцож гаргаж ирдэг эд л дээ. Тэрүүгээр  тооцож хоног нь явсаар зундаа илүү байна уу, намартаа илүү байна уу гэдгийг гаргадаг. 

    -Тийм байх нь. Би бо­дох­доо намрын налгар сайхан өдрүүд явах нь болчихоод л байхад гадаа уяатай бай­гаад байхаар хүмүүсийн ро­мантик хөдлөөд зохиосон уран зо­хиолын шахуу томъ­ёо­лол юм уу гэж хардаг байсан юм?

    -Үгүй ээ, тэр бол нарийн учир­тай зүйл. Зурхайн онолын болоод тооцооны үндсэн дээр гарч ирдэг байгалийн үзэгдэл юм л даа. 

    -Та намайг уучлаарай. Ерөн­хий­дөө­ шашин бурхнаас жаахан хөн­дий хүн. Та миний уулзаж ярилц­лага хийж байгаа хоёр дахь Хамба?

    -Тийм үү.

    -Түрүүн би танаас улс төрийн сонгуулийн жил гэж онцолж асуу­сан даа. Та алгасаад явчихлаа?  

    -Улс төр болоод ард түмний оюун са­наа, хүмүүсийн эв түнжингийн хувьд жаахан хямралтай шүү. Энэ жил жаа­хан тийм байгаа. Тийм учраас үүнийг бүг­дээ­рээ бодоод аливаа муу юмыг гар­гахгүйн төлөө хүн болгон дор бүрнээ хичээгээд, өөрсдийнхөө муу оюун санаа, муу сэтгэл санаагаа ариус­гаад, өөр сайн сайхан зүйлийн төлөө зүтгэц­гээвэл тэр бүх таагүй үйл засрах ёстой. Хэр­вээ тэгж чадахгүй бол муу үр дага­вар нь гарах магадлал өндөртэй. Тийм учраас бид аливаа юмыг  алсаа бодож, тэвчиж, ухаа­лаг хийх хэрэгтэй. Монгол­чууд морины­хоо жолоогоор зүгээ залдаг даа. Өөрөөр хэлбэл, жолоогоо сул тавьчих ч гэж нэг байна. Жолоог нь татаад явах ч гэж нэг байна аа даа. Тэрэн шиг хүн амьдралдаа ямарваа нэг юмыг их зөв зохицуулж, морины­хоо жолоог татах үед нь татаж, тавих үед нь тавьж, зүгээ ололцохдоо хүртэл зөв зүг рүү нь ам хэлээ залах хэрэгтэй байна шүү дээ. Тэр утгаараа ард түмнээс бас ухаан тэвчээр шаард­сан, нэг талаараа сайн үйлсийн төлөө эв нэгдэлтэй байхыг шаардсан жил. Энийг бүгдээрээ анхаарвал сайнсан. 

    -Сонгуулийн үр дүнгийн талаар та үзэж амжаагүй байна уу?

    -Үгүй. 

    -Одоо бол хараахан эрт байна уу?

    -Тийм гэж бодож байна. 

    Шуналаас л салах хэрэгтэй байна

    -Сая засаг төр жаахан бужиг­на­лаа. Шатахууны үнийн өсөлт, тэ­рийг да­гасан иргэдийн бухимдал гээд л. Теле­визээр харж байхад хүмүүс үргэлж л амны билэггүй, бухимд­сан, буруут­гасан үг ярьж байна. Энэ ямар учиртай вэ. Үнэхээрийн төр засаг нь үргэлж буруу бодлого явуулдаг юм уу. Эсвэл бид нарт амны билэггүй, үргэлж голж байдаг  зуршил суучихаад байна уу? 

    -Ерөөсөө ертөнцийн бүх юмс үзэгдэл шүтэн барилдлагатай байдаг. Цаана нь шүтэн барилдахуйн том хууль үйлчилж байдаг. Тэгэхээр хувь хүн ч, улс орон ч шү­тэн барилдахуйн тэр мөн чанарт л ор­шиж байгаа юм. Тэр шүтэн барилда­хуйн мөн чанар дээр оршиж байгаа уч­раас л хүмүүс тэр шүтэн барилдахуйн та­лаас нь муу юм болох гэж байна гэд­гийг хэрвээ мэдэх юм болбол сайн юм болох шүтэн барилдлагуудад нь өөрс­дөө орж өгөх ёстой. Түрүүн хэлсэн дээ са­наа бод­лынхоо жолоог сайн барилд­лага руу залж байх ёстой гэж. Ингэхийн бол цаашдын үр дагавар нь сайнаар гар­на. Нөгөө талаараа бол ерөөсөө улс ор­ны ажил үйлс бүтэж явна гэдэг чинь хүний ухаанаас болж байгаа юм. Тэрийг хэн чиглүүлж байна вэ гэхээр хүний ухаан чиглүүлж байгаа юм. Тийм учраас улс болоод ард түмний аж амьдрал, аливаа үйл хэрэг дорой байна гэх юм бол бид өөрсдийнхөө ухаан руу харах хэрэгтэй. Бидний ухаан чинь буруу ажил­лаад байгаа юм биш үү. Бид буруу сэт­гээд бай­гаа юм байна шүү. Зөв сэтгэж ча­­дах­гүй байгаа юм байна гэж  ухамсар­тай хандах хэрэгтэй. Улс үндэстнийг авч явах гол юм ерөөсөө мэргэн саруул, алсыг харсан бодлого шүү дээ. Өнөөдөр бид бараг л улс орныхоо явдал суудлыг сон­гуулийн мөчлөгт тохируулж л төлөв­лөөд байна шүү дээ. Дөрөв дөрвөн жи­лээр. Уг нь  ухаантай ард түмэн бол жар­наар төлөвлөдөг. Жарнаар шүү дээ. Энэ маш чухал. Одоо арвандолдугаар жаран гэж бай­гаа бол арваннаймдугаар жаран­даа өнгөрсөн жаран ямар мөн чанартай байв гэдгийг судалсан, мэдсэн, туулсан түмэн гишгэж орно шүү дээ. Тэр жаранд байгаль болоод энэ ертөнцөд үүсдэг ямар ямар шалтгаанууд байна. Тэрний аль нь сайн нь юм, аль нь муу нь юм гэдгийг мэдсэний үндсэн дээр тэрэнд зохицуулж улс үндэстэн өөрийнхөө хөгжлийг тодорхойлж байх ёстой байхгүй юу. Би бол тэгж л боддог. Бас нөгөө нэг талаараа төрд хэрвээ итгэл аваад гарч ирж байгаа бол үнэхээр тэр ард түмний итгэлийг даасан итгэлт хүн нь байх хэрэг­тэй. Гэвч зарим маань тэр итгэлт хүн байж чадахгүй бол­чихоод байна л даа. Өнөө­дөр нэг сай­хан юм амладаг. Дараа­чийнхаа суурин дээр шал өөр. Ард түмний итгэлийг олж сонгуульд  гарч ирэх болохоороо их аятай­хан юм ярьчи­хаад, гарч ирснийх нь дараа үйлдлүүдээ буруу хийгээд явчихаж байна шүү дээ. Тэрийг бид бүгдээрээ хараад л явцгааж байна. Ямар юм хэлж байсан нөхөр би­лээ. Гэтэл нөхрийн гаргасан муу үйлд­лүүд, түүний араас ургасан муу үр дагавар иргэд бидний аж амьдралд яаж тусав. Зөрчил бол ердөө л энэ. Тэгэхлээр анх тэр өндөрлөг рүү зүтгэхдээ агуулсан сэтгэл нь буруу байсан л байгаа байх­гүй юу. Сэтгэл нь буруу байсан, бод­сон санасан юм нь буруу байсан уч­раас үр дагавар нь буруу л гарна. Али­ваа нэгэн хортой ургамлыг тарихад тэр­ний хортой үр үсэрхийлж л таардаг. Тэгэхээр ямарваа нэгэн юмыг зорих­доо эхлээд зөвийг бодож, зөвийн төлөө л зүрхээ цохилуул. Тэгвэл үр дагавар нь бас яг тэрэн шигээ цагаан үр дага­вар л гарна шүү дээ. Тийм учраас энэ шалт­гаан үрийн хуулийг Монголын ард түмэн сайн ухаж мэдэх хэрэгтэй юм шүү дээ. Хуучин бол мэддэг байсан юм аа. 

    -Одоо?

    -Одоо харин мэдэхээ больчихож. 

    -Угаасаа л төр дандаа чамлагдаж явах заяатай юм биш үү?

    -Түрүүний үгээ жаахан гүйцээ­чихье. Шалтгаан, үр дагавар энэ хоёрын хуу­лийг л сайн ойлгох хэрэг­тэй. Би хувьдаа төрд шуналаасаа ха­гац­сан хүн л байх хэрэгтэй гэж үздэг. Эрх мэдлийн, эд баялгийн гээд бүх шу­налаас шүү дээ. Шуналаас л хагацаж чадаагүй бол өөрөө ерөөсөө больчих хэрэгтэй. Би хүн гэдэг энэ сайхан төрлийг олж төрчихөөд өөрийнхөө шуналд хөтлөгдөж хэдэн жил улс түмнээ хуурчээ. Дахин муу үйлийн үрийг нэмж хураагаад яахав гэж бодоод ухамсраараа болих хэрэгтэй. Аа, харин би нэгэнт шуналаасаа хагацаж чад­жээ. Би яг үнэн чанартаа бодьсад­ваагийн явдлаар явж, амьтны тусыг хийх гэж байна аа гэвэл тэрэнд гарч ирэх хэрэг­тэй. Ер нь УИХ, Засгийн газар гэлтгүй төрд зүтгэж яваа хүн бүр аливаа нэгэн байгууллагын дарга удирдлага бүгд бодьсадваагийн явдлаар явах хэрэгтэй. Бодьсадваа­гийн явдлаар яваад ирэхлээр үр дагавар нь ард түмэнд болоод улс эх оронд сайнаар нөлөөлж эхэлдэг байхгүй юу. Би бол ингэж л боддог. Тийм учраас өнөөдөр энэ Улсын Их Хурлын гишүүн болоод явж байгаа, болох гэж зүтгэж яваа, төрийн бусад албан тушаалд дэвших гэж байгаа нөхөд хамгийн нэгдү­гээрт үйлийн үрийн толинд өөрийгөө харах хэрэгтэй. Би ер нь ямар үйл хийх гээд бай­­гаа юм. Үр дагавар нь юу гарах юм гэ­дэг юмаа эхлээд өөрийнхөө толинд, үйлийн үрийнхээ толинд харах хэрэг­тэй. Тэрний дараагаар өөртөө үнэхээр үнэ­лэлт өгчихсөн бол, тэр үнэлэлт нь сайн гэж гарсан бол ард түмний боол мэт зүтгэх хэрэгтэй. Ерөөсөө бодьсад­ваа нар бол амьтан болгоны тусын тулд боол мэт зүтгэдэг тийм л агуу сэт­гэлтэй бай­даг. Тийм их нинж асрал­тай. Нинж асрал байхгүй байж амьтны тусыг яаж хийх билээ. Энэ хүмүүс маань харин үнэн хэрэг дээрээ тэгэх­гүй байгаа учраас энэ чинь зөрчилдөөд байна шүү дээ. Зарим­даа ямар ачаал­лыг ард түмний нуруун дээр үүрүүлээд байна гэдгээ ухамсартай ойлгодог байх хэрэгтэй. Өнөөдөр би байгууллага удирдаад явж байхад тө­рийн ямар нэгэн дарамт шахалт, төрийн буруу үйлдлээс болсон муу үр дагавар нь надад нөлөөлнө. Миний харьяалалд яваа бүх хүнд нө­лөөлж байгаа. Тэ­гэнгүүт би тэд нарыгаа хараад өрөвдөж байгаа байхгүй юу. Ямар хэцүү юм бэ, бид өөрсдийн эрх мэд­лээс бололгүй бу­сад эрхтэн дархтануудын эрх мэд­лээс болоод нийтдээ ийм зовлонг эдэлж байна шүү дээ гэж. Ийм л юм байна шүү дээ. Тийм учраас аливаа нэгэн тушаал шийдвэр, гаргаж байгаа хууль дүрэм гэдэг бүгд цаанаа хүний амьдралын үйл явцтай холбоотой байдаг учраас мэргэн бод­лого л хэрэгтэй. Нэг мулгуу тушаал, нэг муу шийдвэр гаргачихсан бол би нү­гэл хийчихлээ гэж бодох хэрэгтэй. Эсвэл нэг тушаал, нэг зарлиг нь зөв гарснаас болоод иргэд нь тайтгарч, хүмүүс инээж, талархаж, дэмжин хүрээлж байвал би нэг буян хийчихлээ гэж бодох хэрэгтэй. 

    -Манай монголчууд ярьдаг даа. Харахаас нуруу сайтай хүн дээ гэж. Тэрэн шиг та дотоод сэтгэлээ угаа­сан, бодьсадваа болсон хүн л улс орон, төрийн төлөө зүтгэх зөвшөөр­лийг өөртөө олгож болох юм гэж хэлж байна. Яг одоо таны энэ хэм­жүүрт дүйхээр хүн хэр олон ха­рагддаг вэ?

    -Би Монголынхоо ард түмнийг их амны хишигтэй улс гэж боддог. Долоон  миллиард хүн байна аа даа, миний ойл­гож байгаагаар. Тэр үй түмэн улс дот­роос Монголыг олж төрнө гэдэг бол сай­хан хувь төөрөг. Их амны хишиг, буян. Тэр түг түмэн хүн дотроос шиг­шиг­дээд Мон­голоо олоод төрчихлөө. Тэрнийхээ дараа Монголынхоо ард түмний төлөө юм хийх хүмүүс нь дахиад тэр дотор шигшүүрдэгдээд бас үлдэх хэрэгтэй. Би бол Монголын ард түмэн дотор жинхэнэ буяны сэтгэлтэй, сайн явдал мөртэй, бодьсадваагийн явдал мөртэй улсууд олон байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Хуучин ч их олон бодьсадваа нар Мон­голд төрж байсан. Тийм учраас тэр хү­мүүсээ Монголын ард түмэн “Тэр нам, энэ миний танил, тэр минь, энэ минь” гэх алагчилсан үзэл дээр биш жинхэнэ бидний итгэлийг даадаг, өөрөө тийм чадал суучихсан, шуналаасаа салчих­сан, муу сэтгэлээсээ ангижирсан хү­нийг таньж сонгох хэрэгтэй. Тэр итгэл даагч нь ч ёстой хамгийн хүнд ачааг би үүрнэ гэж бодох хэрэгтэй. Ард түмэн дээр ирж байгаа лай ланчигийг тэр хүмүүс үүрч явдаг байхгүй юу. Бодь­сад­ваа нар үүрч явдаг. Бодьсадваа нар нэг хүнд тохиол­дож байгаа зовлонг өөр дээрээ татаж авдаг. Би чамд буянаа өгье, чиний зов­лонг би авъя гэж зүт­гэдэг байхгүй юу. Тэгэх­лээр өнөөдөр тийм юм байна уу. Тэгээд л бодох хэрэгтэй. Тийм хүмүүсийг л бид нар бо­­дох хэрэгтэй. Шуналаас салсан, юмыг хийж бүтээе гэсэн уйгагүй хөдөл­мөрч мятрашгүй хүмүүсийг гаргах хэрэг­тэй. Өнөөдөр хүмүүс зовлонгоос зугатаад байна. Жаахан барцад саа­даас зугатаж байна. Сайн юм болгоны өмнө барцад саад байдаг. Тэр болгоныг даван туулах тийм агуу чадлыг өөртөө бий болгох хэрэгтэй. Ардынхаа төлөө зүтгэнэ гэдэг зовохын нэр шүү дээ.  

    -Ард түмэн нь ч бас сайхан хү­лээж, тэсч, итгэж найдаж сурах хэрэгтэй биз дээ?

    -Тийм.

    -Би боддог юм. Таны бодолтой хэр нийцэх эсэхийг мэдэхгүй байна. Манай шинээр тавигдаж байгаа жүжиг, гарч буй уран зохиол, дуурь бүх юм нэг л сэдэвтэй зууралдаж бай­на. Харахаар л эргээд мөлжиж бай­­гаа юм нь өнгөрсөн түүх. Хам­гийн сул дорой ард түмэн өнгөрсөн түү­хээрээ амьдардаг гэдэг дээ. Чин­гис гэдэг нэр л урдаа барьж давхисан улс. Бид бол зовлон үзээгүй ард түмэн шүү дээ. Японы ард түмнийг хар, Орос, Хятадыг хар. Юу туулж явж өнөөдрийн супер гү­рэнд очив. Яахав өмнөх үедээ бид зөн­дөө л байлдаж, дайтаж явсан үйлийн үртэй улсууд байх л даа. Гэхдээ л манай ард түмнээс нэг тийм танхилдуу, хатуу хөтүү юм үзээгүй зан мэдрэгддэг. Юм даахдаа тэсвэр муутай ч юм уу, ам хэл нь түргэн ч юм уу. Танд ийм юм ажиг­лагддаг уу? 

    -Таны асуулт надад олон зүйлийг бодогдуулж байна. Би  дээр юу ерөөсөө энэ дэлхий ертөнц үүссэн цагаасаа эхлээд л дандаа зөрчил тэмцэлтэй явж ир­сэн. Ер нь энэ замбуулингийн өөрийнх нь мөн чанар тийм. Мон­гол­чуудын хувьд ч маш олон дайн дажныг үзэж зовж шаналсан. Бас өөрсдөө ч хаа газрын олныг зовлонд унагаж бай­сан үйлийн үр бидэнд байна. Тэгэхээр бид өнөөдөр энэ нэг эрх чөлөөний нар­ны тусгал тусч бай­гаа орон зайгаа сайн мэдэрч амьд­рах хэрэгтэй. Хүссэн болгон бас бидэн шиг хувь заяаг эдлэхгүй байна шүү дээ. Том утгаар нь харвал тийм. Хүн төрөлх­төн чинь ердөө энх тайвнаар зэрэгцэн ор­шъё гэдэг л нэг нийтийн хүсэл эрмэл­зэлтэй байгаа биз. Энэ бол хамгийн чу­хал. Энэ яаж байна гэхээр ертөнцийн хү­мүүс урьдах тэр их зовлонгуудын мөн чанарыг санаж байгаа байхгүй юу. Зов­лон, дайн дажны ул мөр гэдэг чинь али­ваа хүмүүн төрөлхтний ойгоос тийм амар арилдаг эд биш шүү дээ. Тийм уч­раас одоо энэнээс түр ч гэсэн амс­хийе гэж бодоод байна ш дээ. Гэтэл сүүлийн үед зовлон үзээгүй нөхдүүд, зовлонгийн мөн чанарыг мэдэхгүй нөхөд дайн да­жин хийе, аль болохоор болохгүй юмыг хийе гэсэн харгис өдөөн хатгалга явуулж эхэлж байх шиг байна. Ингэж болохгүй л дээ. Энэ бол хамгийн буруу. Хүн чинь ингэдэг юм байна. 100 юмуу, 150 жил ингээд дайн дажингүй явчи­хан­гуутаа дандаа ийм байдаг юм шиг бо­доод нэг хийгээд үзье ч гэдэг юм уу элдэв бол­чимгүй сэдэл гаргадаг юм байна. Ингээд  л зовлон эхэлчихэж байгаа байх­гүй юу. Тийм учраас л бид тэр зовлонг дуудсан тийм юм руу явж болохгүй. Энэ бол дэлхий нийтийн өөрийнх нь эрх ашиг. 

    -Одоо манайд ч тэмцэл, хувьс­гал гэж нэг хэсэг нь их ярьдаг болоод байгаа шүү дээ?

    -Тийм, одоо тэгж дуудаад аягүй хэцүү. Их зовлон л авчирна. Нөгөө  та­лаараа бол бас тэрэндээ тултал шанал­гааг нь үүсгэх хэрэггүй л байгаа байх­гүй юу. Ерөөсөө л хүн төрөлхтөн гэдэг бол амар амгаланг, аз жаргалыг л хүсч явдаг. Тийм учраас тэдэнд зов­лон өгөх биш, хүсээд байгаа аз жар­галыг нь өгөх гэж төр засаг нь ажил­ладаг. 

    Эвий хөөрхий минь гэдэг үг өнөөдөр бараг хэлэгдэхээ больчихож дээ

    -Ер нь бол хүний туйлын хүслэн амар амгалан байх л юм даа. Да­рамтгүй, эрх чөлөөтэй, дуртай зүй­лээ хийж амьдрах. Тэрэндээ тохир­сон цалин авч, түүгээрээ тайван, сэтгэлийн жаргалтай аж төрөөд явбал болоо? 

    -Тийм ээ, яасан сайхан санагдаж байна вэ. Амар амгалан. Амар амгалан л шүү дээ. Ерөөсөө тэнд явж байгаа хор­­хой ч амар амгаланг хүсээд л явж байгаа, тэнд хөөрхий буудуулах гэж бай­гаа тарвага ч гэсэн буудуулж үхэн үхтэлээ амар амгаланг л бодоод явж байгаа. Тэрний төлөө л явж байдаг. Амьтан болгоны эрхэм зорилго амар амгаланг л хүсч явдаг. Тийм учраас бид ийм мөн чанартай амьтан мөртлөө нэгэндээ зовлон хураах юмыг хийгээд хэрэггүй л дээ. Хүн болгон л дор бү­рэндээ л нэг хүнд сайхан үйл хийж, сай­­хан бодол тө­рүүлж, дэмнэж дэм­жиж, амар амгаланг өгөхийн төлөө явах хэрэгтэй. Эвий хөөрхий минь гэдэг үг өнөөдөр бараг хэлэгдэхээ больчихож дээ. Бид бүгдээрээ нэг нэгнийгээ хайрлах сэтгэлд суралцах хэрэгтэй. Нэг нэгнийгээ сэтгэлээр нь хөнөөгөөд явж болохгүй. Монголчууд бид сайн хү­мүүсийг мэддэг, таньдаг өвөрмөц мэдрэхүйтэй хүмүүс шүү дээ, уг нь. Тэднийхэн удмаараа сайн улс шүү гээд хөшчүүд нэг дуугарч байдаг даа. Тийм мэдрэмжтэй улс. Гэвч одоо сайхан юм хийчихсэн хүнийг мэдэж байгаа. Сайн үйлтэй гэдгийг нь мэдрээд байгаа мөрт­лөө монгол хүний одоо тэр ямар зан нь байдгийг би мэддэггүй юм. Тэр үед нь тэр хүндээ хэлдэггүй. Дараа хэлнэ дээ л гэж боддог юм шиг байгаа юм. Дараа хэлэх гэж явж байтал хор­воо мөнх бусын хуулиар тэр нь өнгөр­чихдөг. Тэгэнгүүт нь нэг хэсэг уйлдаг. Энэ бол бид нарын бас нэг дутагдал. “Тэнэгийн ухаан үдээс хойш” гэдэг ухаанаар л яваад байгаа юм болов уу гэж би боддог юм. Чамд тэр хүн үнэхээр л сайн юм хийсэн л бол яг нүүрэн дээр нь хэлээд, сайшаагаад, баяр бахдалаа хуваалцаад, гэрэл гэгээг нь улам бадрааж өгөх хэрэгтэй. Энэ сай­хан эрдэнэт хүмүүний төрлийг олчихоод нэгэндээ хайрлах нигүүлсэх сэтгэлийг харамгүй үзүүлж, чамайг гийгүүлж бай­гаа тэр сайхан нөлөө, чамд өгч байгаа баяр баясга­лангийн хариуг ариун сайх­наар өгч сурах хэрэгтэй. Сайхан үгийг дараа хэлнэ дээ гэж болдоггүй юм байна шүү гэж л би хэлэх гээд байгаа юм. 

    -Би их олон хүнтэй уулзаж учирч явжээ. Бараг л 20-иод жил  дандаа хүмүүстэй ярилцлага хийж байна. Тэгж явахад маань нэг ухаан­тай хүн хэлж байсан юм. Харамч хүнд юм байвал өгөөд л бай. Чамд муу үгийг хэлж, муу үйлийг тариад байдаг хүнд чи улам л сайн байгаад бай гэж.  Би үүний учрыг ерөөсөө олоогүй?

    -Жаахан цөхрөөд байгаа юм аа даа. 

    -Хайрлаж хүндэтгэсний хариуд чанга чанга алгадалт, нулималт, ха­туу өсгийгөөр зүрхэн дээр гишгэл­сэн зовлонгууд ирдэг юм биш үү?

    -Тэрэнд сэтгэлийн тэвчээрээ да­руулж болохгүй. Тэвчээрээ алдаж бо­лох­гүй. Ерөөсөө тэр тэвчээрийг хатуу­гаар барих нэг ёс байна. Энэ эргэн той­ронд чинь бас муу мөн чанарууд байгаа шүү дээ. Хөөр­хий тэр хүнд чиний энэр­лийг сэт­гэлд чинь хүртэл хүлээж авах ухаан, соёл, эрдэм боловсрол нь байх­гүй бай­гаа байхгүй юу. Тийм учраас мунхагийн харанхуйд тэр амьтан бас хүлээтэй байна. Энийг л бодож тэвчих хэрэгтэй. Нэгэнт олоод агуулаад төрчихсөн гэрэл гэгээ, энэрэлт нинжин сэтгэл, саруул ухааныг хүн ийм дайрлагаас болж алдаж болохгүй. Гомдол, гутрал төрөөд байсан ч тэвчих л хэрэгтэй. Бид бүгдээрээ тэвчээрт суралцах хэрэгтэй юм даа. 

    -Сайхан сэтгэл гэдэг юманд хязгаар байх уу. Цөхрөх гэсэн ойл­голт байх уу?

    -Сайн сэтгэлд хязгаар байж болох­гүй. Улам л хязгааргүй руу нь явуулах хэрэгтэй. 

    -Харахад тэнэг хүн шиг болтлоо яваад л байх хэрэг үү?

    -Баяжуулаад байх хэрэгтэй. Улам л мөн чанарынх нь утга учирт хүртэл  явах хэрэгтэй. Сайн санааны тэвчээ­рээ буяныг ургуулаад л яваад байх хэ­рэгтэй. Тэр хүн чиний тэвчээрийг ба­раад байвал энэ хүн миний хамгийн сайн багш байна даа гэж бодох хэрэгтэй. Миний уурыг дарж байгаа багш маань байна даа гэж ойлго. 

    -Хайрлах, тачаадах сэтгэл үйлийн үрд орох уу?

    -Хайрлах сэтгэл юуны үндсэн дээр байна гэдгээс болоод бас ялгаа байгаа. Үнэхээр бодьсадваагийн үүднээс өрөв­дөж хайрласан бол буян л болно. Тачаадах сэтгэл бол тэртээ тэргүй нү­гэ­лийн үр үндэстэй л байгаа ш дээ. /Инээв/ Ертөнцийн юмыг бид нар ертөн­цөөс гэтэлчихсэн ухаантай холиод бай­гаа юмаа. Үнэхээр ертөнцөөс гэтэл­чихсэн мөн чанарын юм хийнэ гэдэг бол бас арай өөр ойлголт. 

    -Бас нэг юмыг гайхдаг. Үнэхээр муу хүн мөртлөө аргалаад л эд баялаг, эрх мэдэлд хүрээд байдаг. Алхам тутамдаа худлаа ярьж, хүн мэхэлж байгаа хүн амжилттай л яваад байдаг. Эрдэм чадалгүй, эл­дэв муу үйлийг үргэлж хийж явдаг хүмүүст боломж дандаа олдож байдаг нь ямар учиртай юм бол?

    -Тэгэхлээр тэр хүн бол урьд төрөл­дөө сайн явах үйлийнх нь үр нь хурааг­даад тэрний үр дагавар нь энэ яваа насанд нь тохиолдож байж болно. Гэтэл энэ төрөлдөө бусдын өмнө үйлдээд байгаа бурууг нь та ч, би ч хараад байна ш дээ. Яаж ингэж явж болдог юм бол. Үйлийн үр нь ирж улаан цайм доройтох ёстой доо гэж харах гэн­гүүт тэр муудахгүй л яваад  байгаа биз. Хөөрхий тэр амьтан бол энэ насандаа муугаа хураачихлаа. Үр дагавар нь энэ яваа насанд нь ч гарч болно, дараа төрөлд нь ч гарч болно. Гарах нь бол гарцаагүй. Хэзээ гэдэг нь цаг хугацааны л асуудал. 

    -Бусдыг хуурах, мэхлэж ашиг хон­жоо олох, нөхөрлөл андгай­наа­саа урвах, хүмүүсийг хооронд нь эе эвдэх, гүжирдэх, хилсээр яллах эд бүгд чинь одоо аймшигтай нүгэл биз дээ?

    -Нүгэл, нүглээс гадна өөрт нь их зовиуртай шүү дээ. Гутамшигтай, үнэ цэнгүй, ариун бус амьдрал юм.  

    -Би бол нийгмийн бүх дав­харга руу орж ажилладаг мэргэжилтэй хүн. Тран­шейнд байгаа хүүхэдтэй ч ярилцаж, шоронд байгаа дээр нь ч очиж, УИХ-ынхантай нь ч уулзаж явдаг. Ингэж  холилдож явдаг хүн л дээ. Сүүлийн үед нэг тийм олиггүй хүн дээ гэж бодсон хүмүүсээс, эл­дэв зов­лонтой, хэл амтай сэдвээс зугтмаар санагдаад байдаг бол­чих­лоо. Энэ нь өөрийнхөө үүргээс зуг­таж байгаа хэрэг үү, эсвэл ядарсан хэрэг үү. Эсвэл аминчхан болж бай­гаагийн илрэл үү?

    -Та бол хязгааргүйд явж байгаа хүн. Ер нь одоо энэ мэдээлэл гэдэг юм хяз­гааргүй болж байна шүү дээ. Энэ бол дуу­сашгүй орон зай. Дуусаш­гүйтэй ажил­лаж байгаа мэргэжил, мэдлэг бол хяз­гаар­гүй руу л явж байна гэсэн үг. Нэгэнт сонгосон мэргэжил чинь шүү дээ. “Би энэ муу энергитэй юмнаас хол явъя” гэж бодож эхэлж бай­гаа бол бас л доголдолтой сэтгэг­дэл. (инээв) 

    -Би өөрөө амьдралд алжааж, өөрөө амар амгалангаа алдаад бай­гаа юм бай­на гэж бодох хэрэгтэй юм байна л даа?

    -Тэгэж л бодох хэрэгтэй. (инээв) Та их сонирхолтой хүн юм. Би сэтгүүл­чидтэй тэр бүр уулзаад байдаггүй. Энэ орчиндоо л амьтны тусын тулд чад­лаараа  зүтгэж яваа хүн. Ингэж удаан яриагүй удсан байна.  

     

    Би бол тал дээрээс босч ирсэн энгийн нэг  малчны хүүхэд



    -Шашны томоохон зүтгэлт­нүүдийн намтар түүх, гарал угсааг бид тэр бүр сайн мэддэггүй. Таны зам яаж яагаад энэ ертөнцийн хүн байхаар заяагдсан юм бол. Та өөрийгөө энгийн бид нар шиг сэт­гүүлч, инженер, техникч болохоор хүн биш байна гэдгээ анх хэзээ яаж мэдэрсэн бэ.  Таны бага нас, удам гарал бүгд сонин байна?

    -Завхан аймгийн Цагаанчулуут сумын хүн л дээ. Би  хүний төрлийг олс­ноороо их баясч, бахархдаг хүн. Хүний төрлийг олсныхоо мөн чанарыг бас зөв өнгөрөөчих юмсан гэж хичээж явдаг. Хүний төрөл бол цаг хугацааны хэмжүүр­тэй. Мөнхийн төрөл биш. Тийм учраас хүмүүний төрлийг олсноо арван цагаан буяныг хурааж явсныгаа нэг удаа авч ашиглаж байгаа дээдийн төрөл гэж ойлгож болно. Тийм их буяныг цуглуулж цуглуулж энэ  сайхан хүмүүний төрлийг авчихсан юм чинь дордуулчихгүй юмсан гэж чармайж явдаг . Миний урд төрлүүд их сайн байж дээ гэж би боддог. Тэр урд төрлүүд нь сайн байсны үр дагаврыг би өнөөдөр эдэлж байгаа учраас хийж ирсэн буяныг нь дордуулахгүй сайжруул­чих юмсан л гэж бодох юм. Нийтийн ачааг үүрэх тийм хувь тавилан надад оноогд­жээ. Юм бүхэн учиртай. Намайг бага балчир ахуйд манай нутаг орныхон наадахаа харж яваарай гэж захицгаа­сан  гэдэг . Олны тусыг хийх хүн юм байна шүү гэсэн юм гэнэ лээ. Тэр утгыг нь одоо би бас үнэн ч юм болов уу гэж боддог. 

    -Танай удамд лам, хуварга хүмүүс олон байв уу? 

    -Манайханд лам, хуварга улсууд байсаан. Тэгээд яахав энэ төрөлд маань бас нэг удмынхаа тэр их хүмүүсийн ачааг үүрэлцэж явахын залгамж ерөөл надад ирж дээ. Ачаа үүрнэ гэдэг бол бас учир­тай юм байдаг аж.  Өөрөө сайн боловс­рох хэрэгтэй юм байна. Эрдэм боловс­ролыг сайн эзэмших хэрэгтэй юм байна, чадалтай болох хэрэгтэй юм байна, сэтгэлээ улам их агуу болгох хэрэгтэй юм байна. Сэтгэлийн агуу их, ариун тансаг хязгааргүйд өөрөө амар амга­лантай­гаар орших хэрэгтэй юм байна. Өөрөө хэдий чинээ амар амгалан сайн агаарыг өөртөө бий болгож чадна, төдий чинээр олон хүнд туслах юм байна. Би хүмүүст хэлдэг л дээ шаварт хоёр хүн шигдчихлээ. Хэн нь нэгийгээ татах вэ гэдэг асуудал байгаа байхгүй юу. Хэн нь ч татаж чадахгүй  бол хоёулаа тэр шаварт шигдсээр байгаад л дуус­чихна. Тийм учраас  нэгийгээ татахын тулд шаврын гадна талд л байх хэрэгтэй гэж. Нүгэл хилэнцэд шигдвэл шавар шиг улам л доош нь хөхөөд татаад байдаг. 

    -Намаг...нүгэл...оносон зүйрлэл байна?

    -Тийм учраас тэрэнд татагдаад ор­чихгүйн тулд хүн жаахан буянлаг байх хэрэгтэй. Би хүмүүсийн зовлонтой, өв­чин эмгэгтэй ажилладаг хүн . Тиймийн тулд би өөрөө тэднээсээ арай дээр хэм­жээнд хүрээгүй байж тэд нарыг татаж, тэдэндээ сайхан юмыг өгч чадахгүй. Эсвэл би тэд нараасаа дор байх юм болвол яаж санаа байгаа ч туслахад хэцүү л байгаа байхгүй юу. Тийм учраас өдөр шөнөгүй суралцаж, судалж, ажил­лаж байдаг. Тэрний төлөө номтой болох хэрэгтэй юм байна. Яахав эмч хүнийх нь хувьд надад ит­гээд хүмүүс ирж байна. Өнөөдөр зов­лон­гоосоо тэр хүнд очоод нэг салчихъя даа гээд надад итгээд ирж байхад би тэр итгэлийг нь даасан л хүн байх хэ­рэгтэй. Тэр итгэлийг даахын тухайтад хариуцлага бол надад том ачаа болж ирж байгаа юм. Тэр том ачааг л одоо яаж зөв ухамсартай үүрэх вэ, тэр хүмүүсийн зовлонг би яаж нааш нь ховх татаж, тэр зовлонгийнх нь оронд яаж би аз жаргалыг өгөөд явуулах вэ гэдэг юмыг бодож суудаг. Тэрэнд л одоо суралцаж яваа хүн дээ. Тийм учраас энэ бол бас л нөгөө хязгааргүй рүү л явж байгаа хэрэг юм даа.

    -Таны багш гэж ямар хүн байна, но­мын багш, эмийн багш гээд олон биз дээ?

    -Би бол олон багш нарыг шүтэж, олон жил ном үзсэн хүн л дээ. Мон­голын, Түвдийн сор болсон эрдэмтэн мэргэдээс ном сонсож явсан нь нэгэн сайхан хувь тавилан юм болов уу. Урьд урьдын их ерөөл байсан болов уу гэж боддог юм. Олон сайхан багш нарыг шүтэж тэдний­хээ зарлигийг сонсч явлаа. Багшийгаа үнэн сэтгэлээсээ хайрлаж, тэд нарынхаа ач тусыг дурсан санаж, ачийг нь зөв хариулах юмсан гэж бодож явдаг. Надад  далан хэдэн оноос хойш анагаах ухаан, зурхай, энэ бурхны шашны номыг зааж байсан тэр их мэргэдүүд бол Нацагдор­жоо чи өөрөө л сайхан амьдраарай гэж заагаагүй. Өрөөлд чи тус болоорой, бусдад тус болоорой гэж заасан. Тийм учраас би тэр заасан юмыг нь арвижуу­лаад улам бусдын хүртээл болгох юмсан гэж л зүтгэж байгаа. Багш нарынхаа ачийг хариулах юмсан, аав ээжийнхээ ачийг хариулах юмсан. Ахан дүүс бол­сон энэ Монголын ард түмэн, миний энэ амьдралд тус болж явсан, ядарч зүдэрч явах үед минь хажууд минь зогсч байсан тэр олон хүмүүсийн тусыг хариулахын тухайтад унтах нойроо хасах хэрэгтэй юм байна. Ер нь бид одоо бүгдээрээ тэр их тансаг тарвалздаг явдлыг зогсоох хэрэгтэй. Тийм амьдралыг би нэг их эдлээгүй. Би бол тал дээрээс босч ирсэн Монголын нэгэн малчны хүүхэд. Би юунд итгэдэг вэ гэхээр урд тавилан, урд төрлүүд маань их сайн, буянтай улс байж дээ гэдэгт харин итгэдэг. 

    -Таны бага нас яг тэр сумандаа өнгөрсөн үү? 

    -Тэгсэн, Цагаанчулуутад. Хүүхэд на­саа тэндээ өнгөрөөгөөд хожим хотод ирж, сургууль соёлоор дамжиж энэ хүр­сэн.

    -Шашны сургууль уу?

    -Эхлээд би гидротехникээр сур­сан. Усны мэргэжлийн хүн л дээ. Миний анхны мэргэжил энэ. Дараа нь Шашны их сургууль төгссөн, дараа нь Их сур­гуульд сурч төгссөн, гадаад харил­цаанд. Тэгээд Түвдийн “Эмнэ­лэг зурхайн институт”-д очиж суралц­сан. Тэгээд 1990 оноос хойш Мон­голын уламжлалт эмнэлэг сургалтын төв “Манбадацан” гэдэг байгууллагыг анх байгуулаад, 1991 онд “Оточ Ман­рам­ба” дээд сургуу­лийг байгуулаад өнөөг хүртэл аваад явж байна. Миний сэргээж байгуулсан “Ман­бадацан” хийд бол 1760 онд байгуу­лаг­даж байгаад 1938 онд устсан ийм хийд юм.  Анагаах ухааны энэ хийдийг нэрээр нь, уламж­лалаар нь дахин сэргээж хөг­жүүлсэн. Гэхдээ энэ хийдийг манай гу­рав­дугаар Богд Ишдам­бийням Хутагт бээр барьж байгуулж байсан юм байна лээ. 

     

    Манай анагаах ухааныг Өрнийн ч биш, уламжлалт ч биш болгох гэсэн нэг хэсэг том хүч байгаа 



    -Манайхан гадны юмыг, хүний юмыг илүүд үзэж шүтэхдээ дуртай улс. Хятадын уламжлалт анагаах ухаан үгүй ээ мөн сайн шүү гэж ярина. Монголын уламжлалт анагаах ухаан маань болохоор бидний амьдралд эзлэх байр сууриар бага. Ялангуяа шинэ үеийн монголчуудад. Бид хуучин өөрөө өөрсдийгөө анагаагаад л, нүүж байлдаж явсан ард түмэн байх. Яагаад бид уламжлалт анагаах ухаанаа хая­чихаад Өвөрмонгол руугаа  явсаар, Хятад, Солонгос руу урссаар байдаг юм бэ. Монголын энэ уламжлалт эм­нэлгийн хөгжил нь ямар төвшиндээ явж байна вэ. Мөн төрийн зүгээс уламжлалт анагаах руугаа чиглэсэн юм хэр байдаг юм бол?

    -Монголын уламжлалт анагаах ухаан гэдэг юм маань өнөөдрийн бид­ний тооцож гаргасан баримтан дээрээс аваад үзэх юм бол 2972 жил болж байна л даа. Гэхдээ яг одооны энэ хэрэглэж бай­­гаа онол нь. Тэрнээс өмнө бол хяз­гаар­­гүй. Хэдийд анагаах ухаан үүссэн байна, энэ дэлхий ертөнцөд. Тэгээд л эхтэй. Бидний авч явж байга яг энэ анагаах ухааны онолыг авсан хэд хэдэн хэдэн улс үндэстнүүд байгаа юм. Энэ анагаах ухаан бол Буддын онол дээр суурилчихсан тийм анагаах ухаан юм. Тэгээд нөгөө шашингүй үзэл мүзэл болоод ирэхлээр чинь нэг хэсэг далд явс Энийг хэн авч хөгжүүлсэн гэхлээр Түвдүүд авч хөгжүүлсэн, зарим нэг Энэт­хэгийн одоо анагаах ухаангуутангууд л бол энд хамааралтай байж байгаа. Тэгээд Монгол авсан. Халимаг, Буриад, Тува гээд Монгол үндэстэн ястнууд авсан. Хүмүүс маань ямар айдастай аж төрж байв. Хөжилд нь саад болсон олон юм бий. Яг манай энэ онолыг авсан улсууд гэвэл Түвд байна. Бутан  хавийн улс үндэстнүүд бол бүгд энэ анагаах ухааныг авч хөгжүүлсэн. Өвөрмонгол ч гэсэн үүний үндэс суурийг авч хөгжүүл­сэн. Энэ олон мянган жил хөгжиж ирэх­дээ нийгмийн болоод ард түмний эрүүл мэндийн сайн сайхны төлөө л байсан. Энэ анагаах ухаан бол бүр гэгээрлийн төвшинд нотлогдчихсон тийм анагаах ухаан. Энэ анагаах ухааныг бол Түвд, Монгол хоёр харин хар хайрцагны бодлогоор олон зууны турш ерөөсөө гадагш нь гаргаагүй авч явж ирсэн. Сүүлд наян хэдэн оноос хойш дэлхийн хил рүү ороод ирлээ л дээ. Тэгээд энийг чинь дэлхий судлаад ирэнгүүт үнэхээр гайхалтай юм байна аа гэдгийг нь олж нээж эхэлж байх жишээтэй. Үнэхээр сор болсон анагаах ухаан л даа. Гайхамш­гийг нь дараа дараачийн зуунууд улам л тодруулж өгнө. Улам үр дүн нь гарна. Ийм л юмыг бид тээж яваа юм. Тийм ч учраас монголчууд энийгээ хөгжүүлж явж байгаад 70-80 жил бол энэнээсээ холд­сон. Холдохдоо бол бас олон ний­тэд дандаа муухайгаар сурталчил­сан. Нэг тийм муухай цаг үе байсан л даа. Тэр нь хүмүүсийн сэтгэхүйд хоногш­чихоод байгаатай л холбоотой юм. 

    -Шашин бухан шүтэж болохгүй, Цагаан сарыг хийж болохгүй гээд л баахан явсан биз дээ?

    -Тийм. Монголчууд энэ том анагаах ухааныг авснаараа бахархах хэрэгтэй юм байна лээ. Бас омогших хэрэгтэй юм байна лээ. Одоо дэлхийн анагаах ухаанд том хувь нэмэр оруулъя гэвэл мон­гол анагаах ухаан руугаа харах хэ­рэг­тэй. Бүр  бодлогоороо. Энийг хийхэд хэн хэрэгтэй юм бэ гэхээр уламжлалт ана­гаах ухааны нарийн мэргэжлийн мэр­гэшсэн улсууд, өндөр мэргэжлийн эр­дэмтэд. Өрнийн анагаах ухааны на­рийн мэргэшсэн эрдэмтэд. Энэ хоёр л нэг уулзвар дээр уулзаж байж, ярил­цаж байж, шүүж байгаад монголчуудын хувьд дэлхийд анагаах ухаанд хувь нэмэр оруулах том юмыг хийж чадна.

    -Үргэлж л бие биеэ үгүйс­­гэж байсан хоёр шүү дээ? 

    -Гэхдээ одоо ойртон нягт­рах нэг утга байгаа юм. Зүгээр л дэлхийн анагаах ухааны тул­гамдсан асуудлуудад хариулт өгөх. Ийм юм байдаг юм байна, ингээд үр дүн нь гардаг юм байна, ингэдэг юм байна гэдэг юманд хариу өгөхөд энэ хоёр эрдэмтнүүд нийлчих юм бол цаг хугацаа хожно. 1998 онд Монгол улс уламжлалт ана­­г­аах ухааны төрийн бодлого гарга­сан. 2015 оныг хүртэл Эрүүл мэндийн яамнаас уламжлалт анагаах ухааныг хөг­жүүлэх төрийн бод­логын хэрэгжил­тийг хэрэг­жүү­лэх хөтөлбөр төлөвлөгөө гар­гаад явж байгаа. Энд бүх тус­галуудаа олсон. Гэхдээ уламж­лалт ана­гаах ухаан дээр бол тө­сөвт нэг ч юм тусгагддаггүй. Тэгж байж яаж хөгжүүлэх юм. Бидэн  шиг энэний төлөө 21 жил зүтгэж байгаа улсуу­дын хувийн зүтгэлээр л явж байна. Хоёрт нь бол энэ уламж­лалт анагаах ухааныг чинь ашиг­лаад анагаах ухаанд юм хийе гэсэн тийм нэг хэсэг том хүч бай­гаа. Манай анагаах ухааныг өрнийн ч биш, уламжлалт ч биш болгох гэсэн нэг хэсэг том хүч байгаа. 

    -Саармаг юм болгож хаях гэсэн үү. Аймаар юм. Гадны л хүч гэсэн үг биз дээ?

    -Тийм. Ийм сургалт ч явж бай­гаа. Би бол энэний эсрэг явж бай­гаа хүн. Энд би хүнтэй муу­дал­цах гээд байгаа юмуу, сал­барыг унагах гээд байгаадаа биш. Ана­гаахын эрдэмд сургаж бай­гаа сургалтын систем рүү анхаа­рах цаг иржээ. Энэ хольж хутга­сан юмны үр дагавар нь муу гар­на шүү. Улсын өмнө ха­риуцлага хүлээж байгаа бол шу­даргаар хариуцлагаа хүлээх хэ­рэгтэй. Чадахгүй байвал ча­дах­гүй байна гэдгээ хэлчих хэрэгтэй. Чадаж байвал чадсан шиг чадаад явах хэрэгтэй. Ийм л юмыг одоо хатуу яримаар байна.

    -Та нар эм бэлдмэлээ өөрсдөө л бэл­дэж байна уу.  Эх орноосоо юу, бас га­даад улс орноос оруулж ирж бай­на уу?

    -Энэ уламжлалт анагаах ухаа­ны сал­барт тулгамдаж бай­гаа нэг зүйл таны яг энэ асууж бай­гаа эмийн асуудал байгаа юм. Гол бүтээгдэхүүн нь ургам­лын бо­лоод эрдсийн гаралтай, зарим нэг нь амьтны гаралтай ийм түүхий эдүүдийг ашиглаж хэ­дэн мянган жороор эм хийж бай­гаа. Энэ эмүүдийг зөвхөн Мон­голд ургасан ургамлуудаар бас бүгдийг хийж чадахгүй. Халуун орны зарим ургамал орж байна. Өөр бусад оронд ургадаг ургам­лууд орж байна. Тийм учраас бид зарим ургамал эрдсийн гаралтай зүйлүү­дийг гадаадаас оруулж ирж байгаа. Нэг хэсгийг нь Монго­лоосоо түүж бэлдэж байгаа. Мон­голдоо хийж байгаа монгол эм бол дэлхийн уламжлалт анагаах ухаан дотор нэг номерийн эм шүү. Яа­гаад би тэгж хэлж байна вэ гэхээр бид гадаадаас бүр хамгийн чанартайг нь сонгоод авчирч байна. Түүхий эдүүдийг нь шүү дээ. Монголд ургаж байгаа энэ ургамалууд маань бол дэлхий дээр нэг номерийн ургамал. Байгалийн цэвэр орчинд ургаж бай­гаа, байгалийн дөрвөн ули­ралд өөрөө шалгуураар гаргаж ирдэг ийм ургамлууд. Тийм учраас чанарын хувьд бол өндөр төвшнийх. 

    -Тэсвэрлэг, огт өөр чанар­тай байх л даа. Гэхдээ л бид со­лонгосын хүн орхоодой­ноос илүү сурталчилж чадах­гүй л байна шүү дээ, энэ юмаа? 

    -Чадахгүй байна. Бид нар тэрийгээ сурталчилъя гэхээр бүх мэдээлэл юм чинь хөлс мөнгөтэй болчихсон. Бидэнд тэр мөнгө нь ал­га. Төр бодлогоороо суртал­чилж өгөх хэрэгтэй юм шүү дээ, уг нь. Байсан, жамаараа хөгжиж явсан юмыг  төр өөрөө устга­чих­сан юм чинь. Одоо төр энэн дээр нэг анхаарал тавьчихмаар бай­гаа юм. Санхүүгийн дэмжлэг хэ­рэг­тэй байна. “Оточ Манрамба” сур­гуулийн хувьд Монгол Улсад нэг номерийн уламжлалт ана­гаахын ухааны эмч нарыг бэлд­сэн. Өөрсдийнхөө хүчээр. Одоо жаахан хүнд л байна. 

    -Та өглөөгүүр их завгүй байдаг юм байна. Өдөрт ер нь хэдэн хүн үздэг вэ? 

    -Өдөртөө 30 гаруй хүн үзэж оношилж, эмчилгээг нь шийдэж байна.  

    -Манай монголчууд жаахан орой сэрдэг, юманд их хайнга ул­сууд л даа. Тэгж яваад л нэг мэ­дэхэд эрүүл мэндээ алдсан байх нь элбэг. Уламжлалт эм­нэ­лэг рүү ерөнхийдө энэ эмнэ­лэ­гүүдээр яваад итгэл найд­вараа алдсан, бүтэлгүй хариу сонссон хүмүүс ихэнхи нь ирж байна уу. Зүгээр сонгоод л ерөө­сөө  ардын эмчилгээгээ да­­гая гэсэн хүмүүс ирж байна уу?

    -Сүүлийн үед ер нь хүмүү­сийн чиг хандлага их өөр болж бай­на. Ялангуяа энэ Монго­лын­хоо чанар­тай, аюулгүй эм эмчил­гээг хэрэг­лэе гэсэн нэг хэсэг хү­мүүс бол бий бол­сон байна. Нө­гөө нэг талаа­саа бүр аргаа бар­чи­хаад ирж бай­гаа хүмүүс ч их байна. Нөгөө нэг хэсэг нь бол ерөө­сөө энэ уламжлалт эмийг ба­гаа­саа гэр бүлийн уламжла­лаар дамжиж хэ­рэг­лээд хэвш­чих­сэн хэсэг байна. Коммуниз­мын үед ч гэсэн далд явж л бай­сан. Тийм юмаар амт чадлыг нь мэдчихсэн, эдгэрч байсан, тэр­нийг амьдрал дээрэээ харчихсан тийм хүмүүс байдаг.  

    -Сүүлийн үед био энерги­тэй хүмүүс гэж бас гарч ирж байна аа. Хорт хавдрыг зог­соо­чихлоо  гэж ярих юм. Хорт хавдартай бол та олон жил тэмцэж байгаа байх. Бүрэн илааршсан тохиол­дол хэр олон байна вэ?

    -Ганцхан энергиэр хорт хавд­рыг эдгээчихнэ гэхэд бол би бас хэлж мэдэхгүй байна. Зүгээр яг уламжлалт ухаан дотор бол хортой болон хоргүй хавдрыг эм­чил­дэг бүхэл бүтэн цогц эмчил­гээний арга барил, удирдамж байж байна. Тэрний дагуу ява­хад бол хорт болон хоргүй хав­дар­тай хүмүүс эдгэж байгаа то­хиолдлууд байна. Энерги гэдэг талын са­нааг бол харин буян гэж ойлгож болно. Их буянтай хүн л хүнд их тусалдаг юм шүү дээ. Нө­гөө талаас ер нь бол хамгийн их энергитэй газар дуган, сүм хийд. Яагаад тэгж хэлж байна вэ гэхээр их хөлөгний судрын бо­лоод тарнийн ёсон өдөр тутам тэнд уншигдаж, агуу их адислал оршиж байдаг юм. Тийм их энер­ги хүсээд байвал дуганаар нэг ороод гарч байх хэрэгтэй. Сүм хийдүүдээр ороод нэг гарахад сайхан шүү дээ. 

    -Зарим  хүн “Ном би­чүүл­­чихээд ирлээ, уншдаг л байгаа даа” гэж байдаг. Энэ алдас уу?

    -Тэр хүний буян хийе гэсэн бодол нь зөв. Зориод ирсэн нь буян болчихож. Бичүүлчих­сэ­нийхээ дараа уншдаг л болов уу даа яадаг бол гэсэн эргэлзээтэй сэтгэл агуулж байгаа нь бол нис­ванисын муу сэтгэлд ордог юм. 

     

    Бөө бол зүгээр л зан үйлийн холбогдолтой зүйл шүү дээ



    -Бөө гэж сүүлийн үед ма­най­хан маш их ярьж байна. Бүр үзэгдлийн төвшинд оч­жээ. Сүүлдээ бүр өөрсдийгөө шү­тэж биширсэнгүй гэж хор­соод хүний машин дэлбэлчи­хэж байна. Хүнийг бөө болгох ёслол хийж байна гээд халуун усанд шалзлаад хөнөөчихөж байна. Одоо бүх айлд бөө төрж байна. Бид Үндсэн хуу­лиараа энэ бүх эрх чөлөөг хууль­чилсан ч шашныхаа төв бай­гуул­лагаа­саа, хамба нараа­саа ямар нэг байр суурь хүлээ­дэг. Гэвч Төр нь ч, шашны оройд байгаа зүтгэлтнүүд нь ч таг л байх юм?

    -Монголчууд энэ гариг ер­төнц дээр оршин тогтнож ирэх явцдаа янз бүрийн л шашнуудыг авч үзсэн байдаг юм. Бөө бол ша­шин гэхээсээ зүгээр зан үйлийн холбогдолтой зүйл шүү дээ. Өөрийн гэсэн онол байна уу.  Тэрийгээ гаргаад тавих хэрэгтэй. Ер нь аливаа нэгэн юманд онол үн­дэслэл байх хэрэгтэй. Гэвч ма­найд тэдэнтэй ийм юм ярих бо­ломж байхгүй. Дэндүү учир ду­таг­далтай. Нөгөө нэг талаараа бөө нар яадаг вэ гэхээр завсрын хүн хийгээд, хүн бусын хорло­лууд­тай холбогдчихдог байхгүй юу. Тэгэхлээр буддизм тийм юм­наас ангид орших ёстой атал ийм юмтай холбогдчихоор ямар өөдтэй байхав. Хоёрт нь, тэр хорлогчийн сэтгэхгүйгээр хийг­дэж байгаа бүх юм эргээд хүн төрөлтөнд зовлон л авчир­даг. Энийг чинь монголчууд өөрс­дөө эрт дээр цагтаа мэдээд больсон байхгүй юу. Нөгөө нэг шашин­гүйн үзлээр олон жил их яв­чи­хаар хүн болгон нэг юм хай­гаад бай­на ш дээ. Сэтгэлд нь нэг юм бай­гаад байгаа учраас л тэр орон зай дээр ийм буруу үзэгд­лүүд тоглочихлоо. Энийг монго­лын ард түмэн их ойлгож, жаа­хан ангид байх хэрэгтэй. Дээр үед бол харин ч энэ бөө нарыг чинь их энерги муутай гэдэг бай­сан байна ш дээ. Тийм учраас тэр хүмүүсээс хол явж байж, сал­­хин доогуур нь гарах ч онцгүй дээ гэж ойлгодог байсан улс чинь одоо бол харин салхин доо­гуур нь битгий хэл уусан архийг нь амнаас нь амандаа долоох нь халаг болчихсон явж байна. Ийм л болчихсон байна. Энэ бол бу­руу явдал руу орж байгаагийн нэг том илрэл. Нөгөө талаараа бол ерөөсөө өөрийн гэсэн ийм их хөлөгний том шашин оршин тогтноод байж байхад өнөөдөр тэрийг мөрлөж яваа, тэрийг авч яваа бид нарын бас арчаагүй асуудал байгаа юм. Энийгээ ард түмэндээ яаж зааж сургах тал дээр ерөөсөө дорвитой ажил хийхгүй байна. Дорвитой ажил хийе гэхээр энэ нь өнөөдрийн үед дахиад л эдийн засаг ч юмуу аягүй олон юмтай холбоотой. Энэ хийдүүд чинь тийм мөнгөтэй биш байна шүү дээ. Би бол энэ “Манбадацан” хийдийг өөр эх үүсвэрээс санхүүжүүлж явдаг хүн ш дээ. Өөр үйл ажиллагаа­наа­саа санхүүжүүлж л авч явж байна. 

    -Эмнэлгээсээ юу?

    -Тийм, бусад эмнэлэг, эмийн үйлдвэр тэр юмнуудаасаа эргэж энийгээ дэмжиж авч явж байгаа.  

    -Манайд Христийн шашны бүхэл бүтэн телевиз байж бай­хад Буддын шашных бай­даггүй?

    -Байхгүй. Уг нь энэ бурхны шаш­ны асар том хүч байгаа. Эр­дэмтэн мэргэд нь байна, чадал­тай лам хуваргууд нь бай­на. Зо­хион байгуулалт л байхгүй бол­чи­хсон. Нэгдсэн зохион бай­гуу­лалтын байгууллага байхгүй болo­хоор энэ явахгүй байгаа юм. Хийд болгон биеэ даасан бай­далтай явж байгаа. Нэгдсэн нэг том зохион байгуулалттай бай­гууллагыг байгуулъя гээд 21 жил яриад бүтсэнгүй. Энийг хийлгүү­лэхгүй гэсэн бас том хүч байдаг юм. Сайхан нэр барьж, бас их том юм ярьдаг хүмүүс ч байдаг. Тэгээд энэ гадны шашин болоод урсгалуудыг зохицуулах төрийн  том алсыг харсан хууль байх ёс­той. Тэр хуучин хууль нь бол шаш­ны асуудлаар одооны энэ ний­гэмд үүсээд байгаа зүйлийг зо­хицуулаад авч явах тийм ча­дамж­гүй болчихсон хууль бай­даг юм л даа. Энийг бас өөрч­лүүлэх гээд бид нар явдаг. Тэгээд өөрч­лөх болохлоор зүгээр нэг хэдхэн хүмүүсийн үзэл бодлын хууль хийх гээд байгаа байхгүй юу. Энэ төрд ч гэсэн өөр шашинд орчих­сон хүмүүс их байна шүү дээ. Тийм учраас зөв л хууль гаргах хэрэгтэй. Буруу хууль гаргах юм бол улс оронд нэлээн том зөрчил авчирна. 

    -Манай шашныг их шүүм­жилдэг. Бусад шашны бай­гуул­­лагуудыг харж байхад адаг­лаад л үгээгүй хоо­сон­чуу­даа дуу­даад хооллодог, гэр­гүйг нь орог­нуулдаг ч юмуу бас юм хийдэг.  Сургааль ном­ных нь агуулга арай өөр, сэт­гэл рүү гүн наал­дацтай.  Гэтэл бид адаглаад ун­шуулаад бай­даг номын нэрүү­дээ ч, утга ши­дийг нь ч мэддэг­гүй. Дээр нь манай шашин өгө­хөөсөө зөв­хөн авдаг л шашин шиг ха­рагд­даг.  Хүнд юм өгдөг­гүй.  Та бит­гий эмзэглээрэй “Зов­лон ихдэ­хэд  лам, зовлого гара­хад  но­хой зоолдог” ч билүү нэг ха­чин үг ч бий. Биднээс ийм хол бо­лохоор шашнаа гутаах юм ихтэй. Энэ тухай та юу гэж бод­­дог вэ?

    -Аливаа нэгэн өглөг гэдэг юмны талаар бурхны шашин  их гоё айлдсан л даа. Өглөгийг бол эд өглөгийн өглөг гэж нэг хэлбэр байна. Тэр дотор хув­­цас, мөнгө төгрөг одоо юу бай­­даг юм. Нөгөө нэг том нь номын өглөг гэж байна. Гэгээрүү­лэх, номжуулах, оюун санаанд нь зөв юм суулгах зорилготой. Нө­гөө нэг юм нь бол аюул осол­гүйн өглөг гэж. Энэ нь бол али­ваа нэг муу юмнаас урьдчилан сэргийлэх хамгаалах ийм чиг­лэ­лээр өглө­гийг өгдөг. Ер нь бол өө­рийнхөө төлөө, энэ хүний төр­лийг олоод төрснийхөө төлөө хүн ер нь нэг удаа ч гэсэн буян хийх үүрэгтэй л дээ. Тэрийгээ хийс­нийхээ төлөө хийдүүд рүү дайраад байх хэрэг­гүй. Харин ч хийдийг нь бариад, номыг нь уншаад өгдөг мэргэ­жилт­нийг нь бэлдчихсэн, тэр нь байж байгаа тохиолдолд баяр­ла­­лаа гэж хэ­лэх хэрэгтэй. Ба­рууны шашин­тай бол бид эдийн засгаар яриад  хэрэггүй. Тэдэнд чинь ар­ван эх үүсвэрээс мөнгө орж ир­дэг. Хам­гийн эхлээд тэр ба­рууны үндэст­нүүд цалингаа­саа бүр тогт­мол цөөн хувийн татаас ша­шиндаа өгдөг. 4-5 жи­лийн өмнө би интер­нэтээр хара­хад Герма­ны төр за­саг бол 9 тэрбум евро-г шашин­даа өгсөн байдаг. Ба­руунд чинь нөгөө ган­цаардмал амьдрал их­тэй ш дээ. Тэр хүмүүс насан эцэс боло­хоо­роо эд хө­рөн­гөө шашин­даа өг­чихдөг. Тэгээд дээр нь дэл­хийн одууд, супер саят­нууд гээд хам­гийн их мөнгө­тэй хүмүүс баруунд байж байна. Тэр хүмүүс нь  хү­мүүнлэгийн тус­ламж гээд  шаш­нуу­дад өгчихдөг.  Мон­голчууд ерөөсөө хурал би­чүүлэ­хээ боль­чихоод цалингаа­саа тэгээд өгчи­хөж бас болно шүү дээ. Өөрөө зорьж ирээд буян хийхэд хэцүү байгаа бол ца­лингаасаа өгчих­дөг. Ба­рууны­хан шиг болчих. Тэнд бүх хүн шаш­ны татвар гэд­гээ төлдөг. Ийм болчихоод бай­гаа байхгүй юу. Би бол яахав ээ, өөрийн энийг аваад явж байгаа учраас яриад байх юм алга. Бу­сад хий­дүүд хэцүү л байна.  Гэх­дээ бас Мон­голын ард түмэн лам хувар­гуу­даа хайрлах хүндлэх тийм сэтгэлгүй болчих­сон юм бай­на лээ. Энэ их буруу.  

    -Хуварга хүн явж байхад зогсоод зам гаргачихдаг юм ч нээрээ байхгүй болчихсон байх шүү?

    -Тийм хүндлэл байхгүй бол­чихсон. Лам хүний нийгэмд эзлэх байр суурь нь аягүй муухай бол­чихсон. Бод л доо. 60 мянган төг­рөг­ний цалин аваад явж байгаа хүмүүс лам нар л байгаа шүү дээ. 80- 120 мянган төгрөг аваад явж байгаа хүмүүс өөр хаана бай­­на. Монгол Улсад хамгийн өн­­­дөр цалин өгөөд явж байгаа хийд “Манбадацан” байгаа. Нэг лам хэлж байгаа байхгүй юу. Бид нар хамгийн хямдхан торгоор бодож байгаа юм. Нэг дээл хийнэ, нэг орхимж хийнэ гэхэд 350 мянган төгрөг болж байгаа юм. Хамгийн муу материалаар шүү дээ. Тэгэ­хэд тэр лам хүнд ядаж гурван со­лих дээл хэрэгтэй л дээ. Ингээд бодохлоор 100 мянган төгрөг авч байгаа лам яах уу. Бас хөөрхий лам хүн өөрөө бас нэг идэж уу­наа даа. Тэгээд ав­тобусанд суу­хад нь мөнгө авч байгаа байх. Дээр нь тэр хүн чинь эрэгтэй хүн гэдэг та­лаасаа нэг муу дүүгээ сур­гуу­лийнх нь төлбөрийг төл­чих юм­сан, хоо­лонд нь залгуул­чих  юм­сан гэсэн ийм нэг бодол тээгээд явж бай­гаа. Яаж энэ бүх­нийг 100 мянган төгрөгөөр авч явах юм бэ. Энэ бай­дал юунд оруул­чихав аа гэх­лээр өнөөдөр монголын шашны лам нар ду­ган­даа номоо үзээд, тэр амьтныхаа тусыг хий­гээд суух байтал гэ­рийн гүрэмд ор­чи­хож байгаа байх­гүй юу. Айлуу­даар явдаг. Өдөрт нь хурлаа хур­чихаад үдэш нь гэрийн гүрмэнд орчихож байна ш дээ. Энэ бол буруу байх­гүй юу. Тийм учраас энийг зо­хи­цуулах бодлого хэрэг­тэй бол­чихоод байгаа  юм. Нөгөө нэг талаар ганцхан юмыг би ба­тал­гаатай хэлж чадна. Лам нар до­тор эрдэмтэй лам нар байгаа шүү. Элий балай юм донгосдог­гүй, эрдэмтэй лам нар бол бай­гаа шүү. Тиймээс тэр эрдэмтэй лам нарыг одоо хайрлах хэрэг­тэй. Өдий зэрэгтэй сүжгээрээ явж байгаа тэр хүмүүсийг эвий хөөрхий минь гэж бас бодох хэрэгтэй шүү. 

    -Сая миний багын найз на­сан эцэслэж, оршуулах ёслолд нь оролцлоо. Нэгдүгээр эмнэл­гийн гадаа мооргийн үүдэнд бөөн асуудал. Улсууд цаганд хав­чигдаад бараг нөгөө хой­дохыг нь бодож уурлаж уцаар­лах­гүй гэж  тэвчиж байсан нь алдарч хүнд юм үүсч байх жи­шээтэй?

    -Мөнх бусыг үзсэн тэр амьтан хөөрхий. Үнэхээр тийм юм болж байгаа нь тун ч таагүй явдал юм. 

    -Тэрэн дотор хамгийн хүл­цэнгүй тэсч байгаа нь үүрийн 04 цагт ирчихсэн байж байх лам нар. Айл болгон л нэг нэг лам залаад ирчихсэн. Хөөрхий тэд л талийгаачдийн бүх юманд өчүүхэн сэжиг, цээр байх­гүй­гээр хүрч, хөндөж, янзалж, тэр их хүйтэнд ажил явдал дуустал нь байх юм. Хараад сэтгэл өвдөж байлаа?

    -Үүргээ биелүүлж яваа эн­гийн нэг хуврага хүнийг нигүүл­сэж хайрлах л хэрэгтэй. 

    -Тэгэхэд буяны компаниуд  аваачиж хээр хаячихаад л бидний үйлчилгээ болчихсон гээд давхиад явчихаж байх жи­шээний. Энийг хараад зүгээр л гунигтай санагдсан.  Лам нарыг тийм цалин багатай, амьдрал ахуйн хувьд яду зүдүү гэдгийг нь мэдээгүй явжээ?

    -Тийм ээ, хуврагууд маань төдийлөн ам нээдэггүй улс. Ху­вийн төлөө өчүүхэн хүслээс анги­жирсан, амтны тусын тулд өөрий­гөө элээх тавилантай төрсөн л улсууд шүү дээ. Гэхдээ төр нь, сүсэгтнүүд нь хайрлан хүндэтгэж байвал сайн сан.

     

    Есдүгээр Богд Монголын ард түмний өмнө түүхэн үүргээ биелүүллээ шүү дээ 



    -Монголын Бурхан шашинт­ны төвийн тэргүүнээр Есдү­гээр Богд гэдэг түвд хүн залагдлаа. Энэ хүн маань их өтөлж, насны до­ройтолд орсон байна. Түү­нийг бие даан үүргээ гүйцэтгэж байна гэхэд  их эргэлзээтэй харагдах юм. Судлаад үзэхэд эрүүл мэндийнх нь хувьд ч асуудал байгаа бололтой. Гэнэт яагаад ийм юм болов оо?

    -Би таныг энэ асуултыг на­дад тавих байх гэж бодож байсан л даа. Энэ бол том сэдэв.  

    -Би сэтгүүлч хүн. Өөрийн бодлоо гэхээс илүү эргэлзээ тээж яваа олон олон хүмүүст ойлголт өгөхийн тулд асууж лавлах үүрэгтэй. Энэ үүднээс нь та хүлээж авбал сайнсан?

    -Ойлгож байна. Тэр тийм байлгүй яа вэ. 

    -Энэ сэдвийг хөндөхөөр Аравдугаар Богдоо бид өөрсдөө тодруулах гэж л их нарийн бо­дож хийж байгаа ажил. Дуугүй л байж үзвэл дээр шүү гэх ан­хааруулга ирж байх жишээтэй. Бид чинь түүхэндээ гурав дө­рөв­хөн монгол Богд залж бай­сан биз дээ. Та сайн мэдэж бай­гаа байх. Бусад нь дандаа л Түв­­дээс тавигдаж байсан. “Тог­лоом” дандаа гадны удирдла­гатай л яваад байсан. Ийм бай­хад манай буддын шашин бу­сад шашинтай яаж өрсөлдөх юм бэ. Бодлого, орой толгой, цаад хар хайрцагны сэрэмж гэж байна уу?

    -Монголчууд бол олон зууны турш энэ бурхны шашныг хөг­жүүлж ирсэн ард түмэн. Тийм ч учраас монголчууд бүр эртнээсээ гурван номт орны тоонд, замбуу­лингийн түүхэнд бичигдсэн орон. Буддын их хөлгөний шашныг  авч явсан гэ­гээ­лэг ард түмэн гэж бид­нийг үз­дэг. Монголчууд их ухаан­тай бай­жээ. Юм нь зарчимтай явж ирж.  Манжийн дарлалд 200 гаруй жил дарлагдан мөлжигдөж шаналхад энэ улс үндэстнийг чнь хэн авч гарч тусалсан юм бэ. Буд­дын шашин шүү дээ. Буддын ша­шин биднийг  уусгачихгүй үлдээж авч гарсан юм. Монголын төрт улс дахиж 1911 онд тусгаар тог­ноход Буддын шашин л агуу их хувь нэмэр оруулсан. Тийм учраас бидний түүх үе үеийн Богдуудтай салшгүй холбоотой. Монголчууд харин Богдтой бай­сан­даа баяр­лах хэрэгтэй. Үе үеийн тэр Буд­дын бурхдуудын хойд дүрийг Мон­голдоо бий бол­гож авч явсан бол агуу түүх. Энүүгээрээ их хүчир­хэг нөлөөтэй байсан. Харин энэ байдлаа одоо бол алдах талдаа орсон байхгүй юу. Одоо буд­дын шашныг өмч­лөх санаар­хал  үүсчихлээ. Хята­дуудад одоо бүгдийг нь төвлө­рүүлье гэсэн бодол байхыг бид үгүйсгэхгүй.  Ийм тохиолдолд бид өөрийн үн­дэсний шашныг авч явах лидерээ байлгах ёстой. Тийм учраас бид нар аль тэртээгээс тодруул­чих­сан хүнийг үгүйсгэж болохгүй л байхгүй юу.Түүхийг үгүйсгэж бо­лохгүй. Түүхэн хүн нь байж байна, түүхээ цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй. 

    -Өмнөх Богд нас барснас хоёр жилийн дараа тодруулах ёстой ч гэдэг билүү нэг хугацаа бас байдаг юм байна лээ. Гэтэл энэ Бодыг их хожуу тод­руул­сан. Далай лам ч гэсэн нэлээн хо­жуу хүлээн зөвшөөр­сөн гэх баримт бас байдаг. Тэр энэ тэрийг бол ерөөсөө тоох хэрэг­гүй юу?

    -Тэртээ тэргүй тэрийг манай­хан тодруулах гээд явсан байдаг юм ш дээ. Тэгэнгүүт нь цаг үеийн үймээнээр зогсоогоод хаячихсан байхгүй юу. 

    -Коминтерн ахин Богд тод­руулахыг хаасныг хэлж байна уу? 

    -Харин ч бид нар тодруулж авсан нь их ач холбогдолтой. Энэ хүн бол тэр цагийн аясаар Мон­голын Богд гэдгээрээ тодорчи­хоод хаа газар амьтны тусаа хий­гээд  явж л байсан байхгүй юу. Тэгээд Монголд ардчилал бий болж улс төрийн байдал, шашин номын ажил эргээд сэргэхэд нь  шашны талаас ч гэсэн бид зүтгэ­сэн. Ард түмний талаас ч гэсэн зүрх сэтгэлд нь Есдүгээр Богд байсан. Есдүгээр Богдыг зөвхөн 1990 онд таньсан юм биш. Би наян хэдэн онд багштайгаа уулза­хад манай Есдүгээр Богд байгаа шүү дээ л гэж айлддаг байсан. Тэнд байгаа даа, уулзах юмсан. Амьддаа уулзчихвал сайхан даа гэдэгсэн.  

    -Таны багш уу. Монгол хүн байв уу? 

    -Монгол лам. Тэгэхлээр чинь эд нарын эртний холбоо сүлбээ ин­гээд л байгаад  байсан байгаа байх­гүй юу. Харин ч бид нар зөв бодлого явуулсан. Яагаад вэ гэхээр 13 жилийн өмнө туулай жил Богд маань өөрөө морилоод ирчихсэн байхгүй юу. 

    -Тунамал дүртэй Богдыгоо туулай жилдээ зална даа гэж нээрээ дуу хүртэл байдаг л даа?

    -Яг тэрүүгээр болсон. Нэгэнт тэр Богд түүхээрээ ороод ирж байгаа тохиолдолд бид нар яах ёстой байсан гэж. Анх Богдыгоо тэгж ороод ирэнгүүт нь хөөгдүү­лээд л, туугдуулаад л, гарга гэж бид нарыг чинь дарамтлаад л яаж байв аа. Тэгээд бидний хэсэг лам нар яасан гэхлээр их түүхээ бодож Хархоринд Монгол Улсын Бурхан шашинтны тэргүүн Есдү­гээр Богд гэж хүлээн зөвшөөрч, тамгаа өгөөд өргөмжилчихсөн юм шүү дээ. 

    -Тэнд Чойжамц хамба оролцсон уу?

    -Чойжамц хамба бүх үйл ажиллагаанд оролцсон. Гэсэн ч яагаад ч юм манай хүн бол яг өглөө тэнд юм гардуулахад очоо­гүй. Тэр бол их түүхтэй юм бол­соон. Тэрийг би өөрийн  номон­доо бичнэ гэж бодож байгаа. Ямар хүмүүс үүрэг хариуцла­гаасаа татгалздаг гэдгийг би тэр үед олж мэдэрсэн. Шашинд үнэнч байсан уу, үнэнч биш явсан уу гэдэг асуултын өмнө бид бүгдээ­рээ очно. Төрд нь байсан хүмүүс ч ялгаагүй.  Ингэж явсаар байгаад харин  дахиад Туулай жил дээрээ Монголын иргэншил аваад, дахин тамгаа гардсан явдал бол бас л нэгэн түүх. Харин би энэ төрд, Ерөнхийлөгчид талархаж бай­гаа. Монголын иргэн болго­сонд нь. Богдын бие лагшин чилээр­хүү байгааг мэдсэн мөрт­лөө бид цаг хугацаа алдаад бай­сан байх­гүй юу. Энэний төлөө миний хувьд маш их яарч байсан. Дандаа барцад саадтай тулгар­саар байгаад арван хоёр жилийг аваад хаячихсан байхгүй юу. Анх ирэхдээ Богд маань ямар гайхал­тай, ямар сайхан байсан билээ. Бид цаг их алдсан.

    -Одоо бол та уулздаг биз дээ?

    -Уулздаг. 

    -Үнэхээр мундаг хүн үү?

    -Би бол одоо ингэж л хэлнэ. Монголын ард түмэн минь ээ, та нар минь манай Есдүгээр Богд мөн, биш гэж хэлж л битгий нүгэл хураагаарай гэж . Ийм нүглийг л бтгий үйлдээрэй гэж үнэн сэтгэ­лээс захиж хэлмээр байна.  Одоо таны асуултад хариу өгье. Энэ хүн бол дэндүү том бодьсадваа юм шүү. Тэрнийг нь та өөрт заяа­сан хосгүй тод бэлгийн мэлмий­гээрээ харж шинжлээрэй гэж л хэлэхийг хүсч байна. 

    -Би тэр үеэр “Бээжинг инээлгэсэн Богдын томилгоо” гэж нэг нийтлэл бичсэн л дээ. Энэ маань нүгэл мөн үү?

    -Би Есдүгээр Богдод чин сэтгэлээс талархаж байна. Ер нь бол бид нарт аравдугаар Богдоо Монголоос тодорно, тодрохгүйн тухайтад сэтгэлийн зовлон бол байсан. Гэтэл Есдүгээр Богд маань дараагийн Богд Монго­лоо­соо тодорноо гэж өөрөө айлд­сан. Ингэж айлдаж байгаа явдал бол энэ хүний түүхэнд Монголын ард түмний төлөө хийж байгаа агуу их том түүх юм. Шашны төлөө хийж байгаа агуу их алсыг харсан том бодлого юм. Энэнд нь бид үүрд талархаж явах ёстой. Энэний төлөө талархаад л,  дот­роо буян бодоод явахаас өөр юу ч хэрэггүй. Шашны хөгжих үүд хаалга нь зөв тийшээ эргэ­чихлээ. Одоо бол харин бид сайн ажил­лаад л өгмөөр байна. Даанч энэ бурхан шашны хүмүүсийн үйл хэрэг дэндүү хүлцэнгүй, дэндүү удаан болчихож. Үйл ажиллагаа нь нэг тийм хурдац байхгүй бол­чихсон юм шиг л надад санаг­даад байгаа. Би өөрөө жаахан хурдацтай юм хийдэг хүн учраас надад энэ унжирсан байдал нь жаахан садаатай юм шиг санаг­даад байгаа юм. Одоо Монголын ард түмэн жаахан Буддын шаш­наа дэмжмээр байна. Бас лам хуваргууд нь энэ шашнаа хөгжүү­лэхийн тухайд идэвхитэй ажил­ламаар байна. 

    -Одоо Есдүгээр Богд гуай хаана залардаг юм бэ?

    -Одоо гандан дээр заларч бай­гаа. Яахав өндөр настай бол­сон. Хэд хэдэн эрхтэн системийн жаахан зовиур шаналгаа бол бай­гаа. Гэхдээ өөрийнх нь до­тоод ухаан хэвээрээ. Тэр бол аймаар мундаг байгаа ш дээ. Хосгүй чадалтай том лам нарын дотоод ухаан хэзээ ч мунхар­даггүй л дээ. Тэр чанар манай Богдоос илтэд харагдаж байгаа. 

     

    Хүн урлагт ойрхон явах хэрэгтэй



    -Таны хувьд яг хувийн хам­гийн том аз жаргал тань юу вэ? 

    -Миний хувьд хамгийн сайхан юм нь амьд байж байна. Хоёрт гэвэл миний таван мэдрэхүй эрүүл байна. Харж байна, тантай ярьж байна, таны үгийг сонсч байна, таны дотоод ертөнцийг мэдэрч байна. Ингээд харахуй, амтлахуй, сонсохуй, үнэрлэхүй, хүрэлцэхүй энэ таван мэдрэхүй маань эрүүл байж байх л миний аз жаргал юм ш дээ. 

    -Хүн бол ингэж л бодож баясаж байх ёстой юу?

    -Тийм. 

    -Хүн л юм чинь гуних, шана­лах, сэтгэлээрээ өвдөх мөчүү­дийг эдэлж таарна. Тэр үед та яаж өөртэйгөө ажилладаг вэ. Шаш­­ны номлол сургаалаас гад­на таныг цэнгүүлдэг юм байна уу?

    -Тэрийг мэдэхийн тухайд эх­лээд ертөнцийн зарчмыг мэдэх хэ­рэгтэй юм байна. Бурхан юу гэж хэлсэн бэ гэхээр нэг ийм айлдвар байдаг юм. Орчлонд зүүний үзүүрийн төдий ч амгалан байдаггүй юмаа гэж. Нэгэнт тийм онолыг мэдчихсэн бол тэр зов­лонтой яаж харьцах вэ гэдэг дээр өөрөө номын утгаар очиж, тэр зовлонг жаргалд урвуулж л чадаж байвал амар амгалан л байгаад байна. Тэгэхгүй тэрнийг яг бодит мөн чанараар нь аваад л байвал би ч өөрөө зовлонтой болоод, чи ч зовлонтой болоод дуусахгүй шүү дээ. Миний хам­гийн гоё жаргалыг асуугаад байх шиг байна. Лам хүн чинь уншла­гаа уншина. Номоо уншаад л, ингээд бясалгаад эхлэнгүүт бодол баясалгалын өөр ертөнцөд очиж байгаа юм. Энгийн утгаар хэлэхэд бүх л юмыг бодож байгаа юм. Бүх хүн төрөлхтөн энэ зургаан зүйлийн хамаг амьтан бүгдийг нь бодно. Тэр дотор надад таагүй үйлдэл хийсэн хүн хүртэл багтана биз дээ. Хаашаа холдох вэ, тэр. Тэгэхлээр тэр бүгдэд нь би нинж асралын гоё сэтгэлээ илгээдэг. Надад дайсан байхгүй. 

    -Та бол тамхи татаж, архи сархад уухгүй юу?

    -Тийм юм байхгүй дээ. Би харин хамрын тамхи жаахан хүрт­чих гээд байна.  Хамрын тамхи ч дэмий юм даа гэж бодоод л байж байна. Бусад нь бол хэрэггүй шүү дээ.

    -Архи бүр хориотой юу? 

    -Тийм.

    -Сонин юм даа, би тэгвэл согтуу лам харсан шүү дээ?

    -Би хараагүй л дээ.  

    -Та караокед ч орохгүй юу?

    -Караокед орохгүй.

    -Би караокед дуулж байгаа лам бас үзсэн?

    -Та их хөгжилтэй хүн юм. 

    -Машин барих уу?

    -Машин барина аа. Машин барих чинь ийм байна. Би чинь бас санхүү мөнгө, энэ байгуул­лагыг чинь авч явах гэж их ачаа үүрч байгаа хүн. Нэг жолооч аваад ажиллуулсан дор би өөрөө тэрийгээ бариад явж байвал хэмнэх юм даа гэж. Надад хүмүүс хэлдэг л юм. Та өөрөө машинаа бариад яаж байгаа юм бэ гэж. Би бас байгууллагаа хөл дээр нь зогсоох хэрэгтэй. Нөгөө талаас өөрийн байгаа юмныхаа хэм­жээнд л ажиллах хэрэгтэй шүү дээ. Одоо хэсэгтээ жолоочтой явж байна. Гэхдээ л миний өөрийн хувь хүний зан чанар юм уу. Жолоочоо 8-9 цаг ингээд га­даа хүлээлгэхээр санаа зовоод ер болдоггүй. Тэр маш хэцүү. Нө­гөө хүн чинь амьдралтай, бас нэг гэр бүл хүлээгээд байж байгаа, хүүхэд нь харж байгаа. Аав ирэх­гүй байна даа гэж бодож байгаа болов уу гэж бодонгуут санаа зовоод, за чи зүгээр машинаа тавьчихаад яв, би өөрөө бариад явчихна гэж хэлдэг. 

    -Кино бол үзнэ биз дээ?

    -Кино хааяа үзэх сайхан л даа. Гэвч одоо кинонууд чинь муу сэ­дэвтэй болжээ. Тийм кино хүнийг үймүүлнэ. Муу, буруу сэ­дэл санаа өгөхөөс цаашгүй. Мон­голын зарим киног хараад байж байх бас сайхан шүү. Тэр “Үер”-ийн Болд гээд өвгөн байдаг даа. Болд орос Михайл хоёр голын хөвөөний өвсөн дунд суу­гаад, ганц юм уусан шиг, зовлон жаргалаа хүүр­нэсэн шиг. Тийм нэг хүний бодит амьдрал, дотор гадар хоёр нь үзэгдсэн  нүднээс нулимс гар­маар кинонууд үнэ­хээр сайхан. Тийм дүрүүд бол гоё. Тэр бол ухаарал өгдөг. Бас тэр чинь надад нинжин сэтгэл гэдэг юм байна уу гэдгийг туршаад байна ш дээ. 

    -Холливуудаас таны дуртай кино юу байна?

    -Яахав, заримдаа бас нэг эр хүмүүсийн зан чанар байгаа ш дээ. Бас нэг омогшсон, эр хүний мөн чанар харагдаж байдаг сай­хан сайхан кинонууд байдаг л даа. Нөгөө хэн билээ, монголд ирсэн.

    -Ричард Гир үү?

    -Ричард Гирын тоглосон кинонууд байж байна. Хоёрт нь нөгөө хотын дарга байдаг шүү дээ.

    -Арнольд Шварценеггер үү?

    -Тийм, Шварценеггер. Бас нөгөө манай хэн байгаа ш дээ. Өө нэр нь орж ирэхээ байчихлаа. 

    -Нөгөө Буддын шашинтан уу. Зодолддог Стивен Сигал уу?

    -Тийм Сигал.

    - Машиндаа та дуу сонсоно биз дээ?

    -Би ер нь урлагийг хүндэтгэж яв­даг хүн. Урлаг бол хүний амьд­ралд баясал цэнгэл өгч байдаг том түшиг. 

    -Н.Норовбанзад гуайн 80 насны ойд зориулсан урлагийн хүндэт шагнал гардуулах ёслол дээр таны хэлсэн үгийг сонс­сон. Сонин, өвөрмөц санагдсан?

    -Би бол уртын дуу, морин хуур хоёрыг арга билэг юм гэж ойлгодог. Уртын дуу морин хуур хоёр хүний амьдралын зовлон жаргал хоёрыг хоёуланг нь шингээж чаддаг юм байна. Морин хуур, уртын дуу хоёрт үнэхээр хүний сэтгэлийг хөглөх нэг ид шид байдаг. Тэрийг мэдрэх шиг дотоод жаргал хаана байна. Манайхан тэр рүү жаахан итгэл өгч сонсох хэрэгтэй. 

    -Н.Норовбанзад гуайн дууг сонсохын тулд өөрийгөө чөлөө­лөх орчин хэрэгтэй байдаг. Надад лав тэгж санагддаг?

    -Уртын дуу бол хязгааргүй рүү явдаг. Хязгааргүйг багтааж чад­сан тийм мөн чанартай. Нө­гөө нэг талаараа ерөөсөө хүн ур­лагт бас жаахан ойрхон байх хэ­рэг­тэй. Урлаг гэдэг юм сонсохуйн мэдрэмжээр нь, харахуйн мэд­рэм­жээр нь хүнийг гэгээрэл рүү татах увидас, сайхан мөн чанар­тай. Би анх ерэн хэдэн онд Мон­голынхоо морин хуурын чуулгыг “Манбадацан”-д авчирч Цагаан сараар тоглуулсан юм. Тэгэхэд намайг бас л хүмүүс муулж л байсан. Энэ одоо дуган, сүмийн газар ингэлээ тэглээ гээд. Би тэгэхэд нь “Үгүй ээ, хүний зүрх сэтгэл рүү орсон аялгуунууд бол хүний мэдрэмжийг авах тусам нь аз жаргалд хүргэж байдаг. Хүн өнөөдөр өөрийнхөө сэтгэлд бай­гаа тэр их дарамт, тэр их сэтгэ­лийн гансрал, сэтгэлийн бухим­дал бүгдээ тайлах хэрэгтэй. Ариусах хэрэгтэй” гэж.  

    -Н.Норовбанзад гуайтай уулзаж байв уу?

    -Уулзаж байсан, бас гэрт нь нэг очиж байсан.  Гайхамшигтай гэх хэмжүүрээс өөр төвшинд тэр хүний тухай авч үзэх аргагүй. Би уулзаад зогсохгүй хамтдаа уран бүтээл хийж явсан. Одоо хүүх­дүүд­­тэй нь ч нэгэн үрээр холбоо­той л явна даа. 

     

    Цаазаар авах ялыг халсан явдал бол гайхалтай шийдвэр



    -Манай орон цаазаар авах ялыг халж чадлаа. Энэ тухайд шашны нээн том зүтгэлтэн хү­ний тань хувьд үг сонсохсон гэж бодож байна?

    -Би бол лам хүнийхээ хувьд, буддын шашинтныхаа хувьд та­лар­хан хүлээж авсан. Энэ бол их зөв алхам. Нөгөө нэг талаараа бол энэ их том хүндэтгэл гэж ойлгож байгаа юм. 

    -Яагаад хүндэтгэл гэж?

    -Хэрэг хийсэн хүнд ухаарал өгөх гэж байгаа юм. Уучилж, өр­шөөнө гэдэг өөрөө хүний энэ эр­хэм дээд төрлийг олж төрсөн хү­мүүнд асар том хүндэтгэл шүү дээ. 

    -Уучлал, өршөөл гэдэг бас нэг талаараа том цохилт байх?

    -Тийм. Тийм учраас Монго­лын ард түмэн энийг битгий л буруу ашиглаасай.  

    -Шийдвэрийнхээ хувьд үнэхээр гайхалтай биз дээ?

    -Сайхан шийдвэр. Гайхал­тай шийдвэр. Хамгийн гол нь битгий буруу ашиглаасай. Тэрийг хийх­гүйн төлөө л зүтгэе дээ, хэдүүлээ. 

    Сайхан юм аа. Ойрдоо би ийм том цэнгэлийг эдлээгүй са­нагдана. Баярлалаа, эрхэм Хам­­­батан. Асрал нинжин сэт­гэлт агуу Бодьсадваа та ажиг­гүй, тоомсоргүй биднийгээ ариун номын хүрдэндээ бол­гоож л яваарай.

Сэтгэгдэлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан