Нойтон чийглэг Бонн, нулимстай Бетховений нутаг

    Германыг хүсэх хамгийн том шалтгаан маань Берлин биш Бонн байлаа. Хэзээ ч юм Боннд очно доо гэж нэг бус удаа боддог байсан минь үнэн шүү. Бонн гэсэн нэр чихний хажуугаар энгийн нэг өнгөрч байсан удаагүй. Боннын Алтангэрэл гэж бүсгүй манай сонинд нийтлэлээ явуулдаг байлаа. Одоо ч гэсэн хаа нэг тааралдахад тэр бүсүй хуучин дурсамж шиг дотно санагддаг. Манай ерөнхийлөгч нар Боннын Их сургуульд лекц уншжээ. Бас л хоёр гурван удаа сонссон мэдээ. Бонн манай Улаанбаатартай найзын харилцаатай...хамгийн энгийн нь энэ юм байна. Өшөө юу билээ. Манай цөөвтөр залуус Боннд суралцдаг. Тэдний тоо нэмэгдэж байгаа...энэ харин хамгийн сайхан мэдээ.

    Манан нуугисан тэр жигтэй саарал хотод, сүрлэг сайхан Их сургуулийнх нь ногоон зүлэгтэй хашаанд ер бусын мөрөөдөл зүрхэндээ тээсэн монгол залуу зогсч байна гэж бодох сайхан байдаг. Бага ах маань урлагийн хүн болохоор би хар багаас хөгжмийн чимээнд өсч, урлагийн тухай бадрангуй атлаа бага сага мэдээллүүдээр бяцхан цээжээ дүүргэж, элдэв зүйлсийг мөрөөсч явдаг охин байсан. Хуучин муу төгөлдөр хуур дээр нь ноотны дэвтрүүд, бас Бетховений гипсээр хийсэн жижигхэн цээж баримал дандаа тавиатай байдагсан. Үнэндээ тэр сонин царайтай, арзгар үстэй хүний тухай би юу ч мэдэхгүй. Сүүлд харин гэрэл зургийг нь номноос үзэж сүлбэ татсан хурц харцнаас нь дальдарч байсан санагдана. 

    Нэг мэдсэн би Боннын зүг хурдан галт тэргээр давхиж явна.Гэхдээ тийм ч сүртэй догдлол сэлтгүйгээр шүү. “Хаадын өвөлжөө”  гэх содон нэртэй бяцхан тосгонд Рейн мөрний хөвөөн дээрх тохилог сайхан  буудлын өрөөнд цонхоор ширтэн зогсч байхдаа аль хэдийнэ миний гэнэн багын мөрөөдлүүд сарнин тарж одсоныг  шимшрэн мэдэрч байлаа. Он жилүүд Рейн мөрөн шиг урсан оджээ. Одоо элдэв юм мөрөөдөх хэрэггүй бодогдоно. Ийшээ очно, тийшээ хүрнэ гэх резин шиг сунасан мөрөөдөл дэмий санагдана. Эзнээ үргэлж байгаатай нь хамт чамлан ээрч байдаг зогсч өгдөггүй цалгисан их мөрөөдөл гэдэг нэг талаас дарамт аж. Ахиад нөгөө талаас нь харвал мөрөөдлийн далд талыг  хүсэл шунал гэж хэлж болмоор. Тэлчилсэн их хүсэл мөрөөдлөөсөө болж би хар багаасаа амар амгалангүй хүн болчихсон ч юм шиг. Ийнхүү элдвийг бодож зогсоно. Үнэхээр сонин газар мянган бээрийг дүүлэн иржээ, би. 

     Шаналал зовиураа юугаар хэмжих вэ

    Салхин цонхны минь хөшгийг ярна

    Хэрэв чи яг одоо намайг харвал

    Хэрхэн гундаж буйг минь олж үзэх вий...
    гэсэн хайртай мөрүүд санаанд орж ирнэ. Энэ мөрүүдийг  Сүн улсын үеийн нэгэн эмэгтэй яруу найрагч 850 жилийн өмнө бичсэн юм. Нэр нь Ли Чин Жао. Зарим судлаачид түүнийг Хятадын Сапфо ч гэж нэрлэдэг. 

    Хажууд минь чи үгүй

    Хан хорвоо нөгөө л янзаараа

    Амьдралын утга юундаа байгааг

    Аяа, ер ойлгох аргагүй.


    Яагаад ч юм бараг мянган жилийн өмнө дурлаж хайрлаж, зовж үрэгдэж явсан шаналант эмэгтэйн шүлгүүдтэй ханьсана. Нэгэн эрхмийн “зүгээр байж чаддаггүй хүн” гэж намайг шоглон хэлдэг нь бодогдоно. Нээрээ зүгээр л маргаашийг угтвал болоо биш үү...Ингэж би өөрийгөө шоолов. Рейн мөрөн чи гэрч минь боллоо шүү.           

    Маргааш  энд хөл тавьсны хувьд хамгийн гайхамшигтай өдрийг өнгөрөөнө. Бетховений төрсөн гэрийг үзнэ. Тэнгэр минь уран зохиол шиг өдөр болох нь ээ.

    Энэ жижигхэн өрөөнд дөрөвхөн настай хүү түгжээтэй 

    Хотын төвийн нэгэн бачимхан гудамжинд суут Бетховений төрсөн гэр болох жижиг байшин байх. Мэдээж бяцхан Бетховений хувьд тэр үед заримдаа хаашаа ч юм зугтмаар болдог “шорон”, одоо бол ертөнцийн түг түмэн хүн зорин ирж үздэг, түүгээр нь дамжин шидэт мөнгө урсан орж ирж байдаг домгийн байшин. 300 жил өнгөрсөн ч байшингийн шал, цонхнуудыг сольж өөрчлөөгүй байгааг гэр музьейн тайлбарлагч өвгөн онцолсон. Дотор нь ч гадна нь ч бэлэг дурсгал, гар урлалын дэлгүүрүүд. Тэр гудамжинд явагддаг худалдааны  гол бараа Бетховен. Энэ бол орчин цагийн дэлхий ертөцөд бий болсон нэгэн төрлийн супер зах зээл. Аль хэдийнэ хорвоо ертөнцийг орхин одсон ч сая сая доллароор үлдэгсдээ тэтгэж байгаа алдар суутнууд зөндөө бий. Харин тэдэнтэй харьцуулахад Бетховен амьд ахуйдаа ч, одоо ч мөнгөөр дулимагхан явах тавилантай хүн байжээ гэж санагдсан. Мэдээж Майкл Жексон, Элвис Пресли, Пьер Гарден, Версачи эд нарын одоо “олж” буй орлоготой харьцуулахад шүү дээ.       

     Людвиг ван Бетховен... 1770 оны арванхоёрдугаар сарын 16-нд Бонн хотын захад (одоо хотын төв болсон)  ядруувтар байшингийн нэгэн жижиг өрөөнд төрсөн. Намхан таазтай, жижиг жижиг нэлээн хэдэн өрөөтэй, гурван давхар гэж үзэж болохуйц энгийн атлаа сэтгэлд ер бусын зүйлсийг шивнэх энэ байшинд шүү дээ. Дөрөвхөн настай Бетховен өлссөндөө ходоод нь хоржигнон дуугаравч цоожтой өрөөнд нэг бол даралтат хөгжимтэй, нэг бол хийл хөгжим бариатай тэсвэрлэн өнждөг байжээ. Хүүгийнхээ хөгжмийн ер бусын авъяасыг  мэдсэн эцэг нь түүнийг мөнгө олох таатайхан хэрэгсэл болгохоор шийдсэн гэдэг. Хэдийгээр төрсөн эцгийнх нь тухайд ийм эвгүйгээр бичигдэн үлдсэн нь харамсалтай хэрэг боловч Бетховений туулсан хатуу хөтүү бага насны амьдрал, түүнээс улбаатай зовлонт тавилан нь энэ эцгийн түүхийг одоо ч буланд шахах шалтгаан болж байдаг юм. 

    Бетховений өвөг эцэг хорин настайдаа Боннд шилжин ирж, ордны найрал дууны удирдаач багш болж байсан хүн бол эцэг нь дуучин. Бас архичин байсан. Энэхүү угшил сэлтийнх нь тухайд зарим судлаачид “Хэрэв Бетховений дуулгаваргүй зөрүүд зан хийгээд цэвэр герман гэхээргүй бусад шинж төрхийг нь ойлгоё гэвэл энэ баримтыг мартаж болохгүй” гэж бичсэн байдаг юм билээ.

    Хаалгыг нь хааж түгжиж, бараг л хүчээр хөгжимд сургаж байсан эцгийг нь үзэн ядавч хөгжим гарт нь бариулах биш гудамжинд гуйлга гуйлгуулж, гутал тослуулж, тамхины иш түүлгэж байсан бол яанаа гэж бодмоор. Азаар яаж хүүгээ урлагт үүрд  дургүй  болгочихсонгүй вэ гэж зарим нь дуу алдсан нь аргагүй юм даа. 

    Тэр ийнхүү хар багаас амин зуулгын төлөө зүтгэх хатуу ширүүн үүрэг хүлээжээ. Зургаа  долоон жил эцгийнхээ дарамт дор гэртээ хөгжим  “нүдсэн” тэрбээр 11-хэн настайдаа театрын найрал хөгжимд хөгжимчнөөр ажиллахуйц  амжилтад хүрсэн байлаа. 13- тай ч найрал хөгжмийн органч болсон Бетховенд азаар сайн багш тэнд нь учирч, гэрээсээ өөр орчинд урамтай ажиллах боломж олдсон. Гэвч ахиад л азгүйтэл. 1787 онд тэр ээжийгээ алдав. Ээж минь надад сайн, хайрлууштай хүн, шилдэг найз минь байсан юм. Эх хэмээх сайхан үгийг би хэлж, ээж түүнийг сонсож байсан цагт би дэлхийд хамгийн аз жаргалтай хүн байлаа...гэж тэр нэгэн захидалдаа бичсэн нь бий. Тогооч, бараг л зарц  эмэгтэйн охин болж заяасан түүний ээж ч амьдралынхаа турш зовж явсан. Заримдаа бурхан зовлонг гэм зэмгүй хүмүүс дээр овоолдгийн тод жишээ бол энэ. Гэсэн ч тэр зовлонт эх хүүдээ хайр нигүүслийн дээдийг өвлүүлж, хүн хүнээс өөр сод нэгэн болох үндэс суурийг нь өгчээ. Шаналгаат амьдралыг туулавч амиа бодон үр хүүхдээ золигт хаялгүй гүрийн тэсвэрлэсэн тэр эмэгтэйн хүнтөрөлхтний өмнө бүтээсэн гавъяа. Бетховений ээж  уушигний өвчнөөр нас барсан бол хожим Бетховен мөн л уушигний өвчинд нэрвэгдсэн. Харин тэр өөрийгөө уй гунигийн өвчин туслаа гэж боддог байсан гэдэг. 1816 онд Бетховен “Үхэж чаддаггүй хүн өрөвдөлтэй, үүнийг би бүр арван таван настайдаа мэддэг байсан юм” гэж хэлжээ. Энэ үг нь өрөвдөлтэй, мунхаг эцэгтээ зориулсан үг үү, оногдсон тавилангаа шударгаар дув дуугүй үүрсээр явж одсон ээжийнхээ үхэлд харуусч багтарсандаа хэлсэн үг үү. Бохирч уначих гээд байсан бяцхан хүүгийн өөртэйгөө тэмцэлдсэн үеээ санаж хашгирсан үгийн алин болох нь ил биш. Тайлагдашгүй санагдана.  

    17- тойд нь түүнд бөөн үүрэг албан ёсоор шахуу иржээ. Хоёр дүүгээс гадна архинд гүн орсон эцэг нь. Тэтгэмжийн мөнгөө зөвхөн уугаад дуусгачихдаг байсан болохоор нь тэр мөнгийг Бетховенд өгдөг байсан гэдэг. Энэ үед түүнтэй Боннын нэгэн гэр бүл учирчээ. Энэ бол Брёнингийн гэр бүл. Элеонора Брёнин буюу Лорхен гэж охины тухай түүний түүхэнд багахан зүйл бичигдсэн байдаг нь энэ айлын охин юм. (энэ охиноос гадна хэд хэдэн бүсгүйн нэр түүний амьдралд бий л дээ. Жозефин, Амалия Зебальд,Фанни дель Рио гээд л ) Элеонора түүнээс хоёр насаар эгч. Бетховен түүнд хөгжим зааж, тэр охин харин түүнийг яруу найрагтай холбосон гэж зарим түүх сурвалжид бичсэн нь бий. Ямартай ч Эленора түүний хүүхэд насны “хань” байсан бололтой. Жижигхэн Элеонораг хожмын суу билэгтэн Бетховений хүүхэд ахуйн зовлонт амьдралд нь туссан гэрэл гэгээ байсан гэж нэг биш судлаачид тэмдэглэсэн . Энэнээс ч илүү харилцаа холбоотой байсан байж магадгүй гэж зарим нь үздэг. Элеонора хожим Бетховений хамгийн сайн найз доктор Вегелерийн эхнэр болсон нь сонин. Тэгээд гурвуул хачирхалтай халуун дотноор үерхэж яваад дууссан нь гайхам. Бетховен нөхөрлөлийг ч, хайр дурлалыг ч эргэлзэхгүйгээр шийдэмгий барьж авдаг, тэрэндээ гүн гүнзгий уусан ордог  гайхалтай үнэн хүн байсан нь бүх баримтаар нотлогддог. Амьдралынхаа сүүлчийн мөчүүдэд хүртэл анд Вегелертээ захидал бичсээр, хувь заяаны эрхээр салан одсон дурлал хайрын эзэн эмэгтэйнхээ хөргийг үнссээр, нулимсаа урсгасаар дууссан байх жишээтэй. Өөрийг нь худалдсаар, хуурсаар, үргэлж урвасаар байсан дүүгийнхээ хүүхдэд итгэсээр, араас нь уйгагүй хөөцөлдсөөр өнгөрсөн ч байх шиг.Зовлон түүнийг өөртөө ийм үнэнч болгожээ.        

    Уй гуниг, суу билэг...

    Чих нь дүлийрэх аюул эхэлсэн мөчөөс Бетховений эмгэнэл жинхэнэ утгаараа эхэлсэн ч юм шиг. Нэг л мэдэхэд  чих нь дүнгэнэн тасралтгүй шуугиж, хажуугаар нь ходоодны өвчин зовоож эхэлсэн гэдэг. Гэвч тэр ойр дотныхондоо хэлэлгүй нууж, хүмүүсээс зугтаж эхэлсэн. Гэвч бүх тэсвэрт хязгаар байдаг болохоор тэр энэ тухай найз нараасаа хамгийн эхлээд Вегелерт бичжээ. “Миний эрхэм чухал зүйл болох сонсгол минь их муудаж байна. Ахиад л би өрөвдөлтэйгээр амьдрахчаан болж байна, анд минь. Би дүлий шүү дээ гэж хүмүүст хэлэх аргагүй болохоор бүгдээс нь дөлж явсаар хоёр жил боллоо. Би ямар нэгэн өөр мэргэжилтэй байсан  бол ч яахав. Гэтэл миний хувьд энэн шиг аймшигтай юм гэж хаа байхав дээ” хэмээн бичсэн гаслант захидлын мөрүүд нүдний өмнө жирэлзэнэ. Харамсалтай нь энэ үеэр түүний өвчин шаналал дээр нь бас нэгэн тэс өөр гаслан нэмэгджээ. Тэр шаналангийн нэрийг Жульетта Гвиччарди  гэдэг. 

    Бетховен хайр сэтгэлийн хувьд азгүй амьдралыг туулжээ. Энэ тухай нь  Шиндлер “Ийм хүмүүс ихэнхдээ хуурамч хайрын золиос болохын тулд төрсөн юм шиг байдаг. Үүнийг Бетховен харуулсан. Тэр ухаан жолоогүй дурлаж, аз жаргалын тухай эцэс төгсгөлгүй мөрөөдөлд автан, тэгээд тун удалгүй урам хугаран хэцүү бэрх зовлон эдэлдэг байв. Онгод хийморийнх нь хамгийн үр бүтээлтэй эх сурвалжийг чухам энэ дундаас эрж хайх хэрэгтэй” хэмээн бичжээ. Жульетта Гвиччардитай учирсныхаа дараа тэрбээр найз Вегелертээ амьдрахад урамтай сайхан санагдах боллоо. Хүмүүстэй уулзаж учрах минь оширлоо. Энэ өөрчлөлтийг надад нэг аятайхан бүсгүйн ааль араншин авчирлаа. Тэр надад хайртай, би ч түүнд хайртай. Энэ бол сүүлийн хоёр жилд миний амьдралдаа амссан хамгийн аз жаргалтай мөчүүд минь юм шүү гэж бичсэн байдаг. Гэвч энэ хайр сэтгэлийг нь түүнд хангалттай зовлон амсуулсан гэж судлаачид халагласан. Энэ хайр сэтгэлээсээ болж тэр дүлий байна гэгч хичнээн зовлон болохыг , хайртай бүсгүйтэйгээ гэрлэж чадахгүйн хяслан ямар хэцүү болохыг улам хүчтэй мэдрэн эмзэглэх болжээ. Уг нь харилцан хайртай хоёр хүний зовлон нь ч жаргал нь ч нэг болон хувирч, хамтдаа тэр бүхнээ эдэлдэг бол энэ тохиолдол эсрэгээрээ эргэжээ. Юутай гаслан. Эх сурвалжууд Жульеттаг зөвхөн өөрийгөө боддог, хөнгөн сээтэгнүүр бүсгүй байсан гэж тэмдэглэсэн байх юм. Гэвч Бетховен судлалын зүтгэлтнүүд бол нэг талаас түүнийг хайрлагчид, бишрэн шүтэгчид юм. Тэдний хувьд шүтээнийг нь орхин одсон, үнэт зүйлийг нь гишгэлсэн, зовлонд унагасан бүсгүй аятайхнаар үлдэхгүй нь ойлгомжтой. Суут эрхмийн сэтгэл зүрхийг эзэмдсэн энэ бүсгүй хожим нэгэн гүнгийн эхнэр болон оджээ. Бетховен энэ явдлаас болж гүн гүнзгий шаналан зовов. Ийм үүдэлтэй зовлон Бетховен шиг ужиг өвчтэй, уй гунигт нэрвэгдсэн хүнийг нэг мөсөн нугалан дарж ч мэднэ гэж найзууд нь айж байжээ. Энэ бол Бетховений амьдралын гаслант үе юм. Аймшигтайгаар гутарч цөхөрсөн Бетховеныг мөнөөх бүсгүй нь ахин шархлуулж бүр үзэн ядах хэмжээнд очсон баримт бий. Нөхөртөө ашиг хонжоо хийхийн тулд Бетховений хайр сэтгэлийг ашиглахаасаа ичиж зовоогүй юм хэмээн нэгэн найз нь дурсамжиндаа бичсэн байсныг бодоход тэр бүсгүйн тухай баримтууд таагүй тийш эргэсний буруу зөвхөн судлаачдынх  биш ч юм шиг. Бетховен түүний нөхөр Галленбергт тусалдаг байжээ. Энэ талаар нь гайхсан найз Шиндлертээ бичсэн захидалдаа  “Тэр миний дайсан байлаа. Чухам тиймээс ч би түүний тусын тулд бололцоотой бүхнээ хийсэн юм. Харин Жульетта Венад хүрч ирээд надтай уулзах гэж уйлж унжсан боловч би түүнийг үзэн ядав ” гэж бичсэн гэдэг. Энэхүү гунигтай хайр дурлалаасаа болж шархалсан Бетховен  “Гашуудлын марштай сонат”, “Сарны сонат”, “Хоёрдугаар сонат”, “Крейцерийн сонат”, Хоёрдугаар симфонио бичсэн нь хайр, харуусал, эмгэнэлийн гүн ул мөрөөс хүн төрөлхтөнд гайхамшиг илгээгдсэнийг илтгэх шиг.  

    Аяа би түмэн наславал хичнээн сайхан байхсан бол.Энэ бол дэндүү богинохон амьдрахаа мэдэрсэн суу билэгтний дуу алдалт.Аяа би түмэн наславал  хичнээн сайхан... 

     Бетховен Жульеттагаас хагацсаны дараа толгойгоо нэг мөсөн гудайлгасан юм шиг тарчилсан ч бурхан түүнд амьдралынх нь агуу хайрыг илгээжээ. Тэр агуу хайрын нэрийг Тереза фон Бруневский гэдэг.  Бонныг орхин явж Венад очоод удаагүй байхад нь нэгэн охин төгөлдөр хуур заалгадаг байжээ. Тереза жаахан охин байсан цагаасаа түүнд хайртай байсан аж. Харин Бетховен түүний ах Францтай найз байсан нь сайхан түүх юм. Тереза Бетховен хоёр Унгарт дурлалцаж, хайр сэтгэл нь гал халуунаар дүрэлзжээ. Удалгүй Тереза ахаасаа зөвшөөрөл аван Бетховений сүйт бүсгүй болов. “Дөрөвдүгээр симфони” нь түүний амьдралын хамгийн саруул тунгалаг өдрүүдийн анхилуун үнэрийг хадгалсан гэж бүх судлаачид зөвшөөрдөг . Энэ хайрынх нь нөлөө түүний амьдралд 1810 он хүртэл байсан гэсэн хөдөлгөөнгүй баримт үлджээ. Чухам энэ нөлөөгөөр тэр хамгийн төгс төгөлдөр бүтээлүүд болох до-минорын симфони хэмээх сонгодог эмгэнэлт зохиолоо, “Пастораль симфони” “Аппассионатаа” туурвисан байна. “Аппассионатаа” тэрбээр  хамгийн хүчирхэг сонат гэж  үздэг байсан гэдэг. Агуу их суу билэгтэн ахиад л хагацан салав. Гэхдээ бие биедээ хязгааргүй хайртай хэрнээ шүү. 

    “Чиний минь хайр сэтгэл намайг аз жаргалтай болгосон ч, аз хийморь дутсан хүн болгож орхилоо..битгий санаа зов...битгий санаа зов...наддаа л хайртай бай....амь нас минь цөм чинийх..амрагийнхаа зүрх сэтгэлээс хэзээ ч бүү урваарай...үүрд баяртай...”гэж тэр бичжээ.  

    Хөрөнгө мөнгө, нийгмийн байдлын ялгаа, учир утгагүй хүлээлт, омголон шазруун зан гээд зөндөө юм саад болж тэд хагацсан ч үхэн үхтлээ хоёр биедээ хайртай байсан байна. Хожим Тереза түүнд өөрийнхөө хөргийг бэлэглэсэн нь Бетховений сүүлчийн хань нь болсон гэлтэй.  “Хосгүй ховор сод билэгтэн, агуу уран бүтээлч, сайхан сэтгэлт хүмүүнд... Т.Б” гэсэн бичигтэй тэрхүү хөргийг ширтээд Бетховений гэрт би зогсож байна. Нас барахаасаа өмнө тэрбээр Терезагийн энэ зургийг тэврээд уйлан хайлан, үнсэн үглэн байдаг байсныг нь ойр дотныхон нь нэг биш харцгаажээ. Сэтгэл шимшрүүлсэн гайхалтай түүх, дурсгалууд, гар бичмэл, захидал, хөрөг зургууд, тоглож байсан төгөлдөр хуур, хийл нь... Төрсөн байшинд нь цөм хадгалаастай. Эднийх ядуу тарчиг айл байсан болохоор наран талын өрөөнүүдээ айлд түрээсэлж, өөрсдөө нар тусдаггүй жижиг өрөөнүүддээ амьдардаг байжээ. Энэ өрөвдөлт түүх нь түүний амьдралд анхнаасаа нар байгаагүй ч юм шиг хачин бодолд автуулна.  

    Бетховен ажил төрлөөсөө болж хөршүүддээ үргэлж хөөгддөг хүн байв. Шөнөөр төгөлдөр хуураа тасралтгүй “нүдэх” түүнийг бүгд л үл ойлгоно. Амьдралынхаа 40 жилийг өнгөрөөсөн Венад, амьд ахуйдаа хүндлэгдэн зөвшөөрөгдөж, алдарт “Есдүгээр симфони”-оо хадааж чадсан ч нийтдээ 50 удаа нүүсэн гэдэг. Ингээд би Бетховенийоос гарах боллоо. 

    Яаран бууж доод давхрын цөөхөн хүний суудалтай өрөө рүү оров. Бүслүүрээр ороон тусгаарласан төгөлдөр хуурыг хойморт нь залжээ. Харин өрөөнд “Есдүгээр симфони” эгшиглэж байна. Хүссэн зочид тэр өрөөнд суугаад Бетховений үлдээсэн суу билгээр ахин дахин амьсгалж болно. Нүдээ анин, сэтгэлээ чөлөөлөн тэрхүү ид шидийн бүтээлийг сонсонгоо Бетховенийг өөрөө тэр хуучин хуурын ард суугаад тоглож байгаагаар төсөөлж болно. Үсээ хайш яайш арзайлгачихсан, сэмэрсэн хар хүрэм, хүзүүний улаан алчууртай, нүдээ тас аничихсан тоглож байгааг  нь хэрэв өөрт чинь заяасан бол хэд дэх ч юм мэдрэхүйгээрээ “үзэж” болно. 

    Рейн мөрний ус эргээ даван үерлэж байна. Их усны жихүүн хаялганд жиндэн, энд би ганцаараа зогсч байна.  

    Альхан нэгийг хүүрнэх гэрлийн зүг харахуйд

    Асуулгүй асгарах нулимсан даанч садаатай.

    Хаврын цагт Сун-Шин сайхан гэлцэх юм билээ,

    Халих давалгаанд дайгдаад одоохон тийш явчихсан

    Замхарч сарнихгүй энэ их уйтгар

    Завинд хүнддэх ачаа бишээ, Гэвч

    Эргээс жаахан холдмогцоо л би

    Энэ голд живчих вий гэж айнам...


    Хаа холын энэ газар Хятад Сапфогийн ганихарсан шүлгүүд зууралдаад юутай сонин. 2000 гаруй жилийн түүхтэй Бонн хот чимээ аниргүй, уйтгар гуниг нь зүрх сэтгэлийн эртний анд юм шиг хамаг мэдрэхүй тэмтэрсэн ганцаардлын нутаг болохоор тэр үү .Ганцаардлын нутаг...Бонн баяртай. Галзуу Бетховен бүх дэлхийгээр дүүрэн дуурсаж байгаа болохоор хөгшин хот таныг л баяртай гэхээс дээ.

     

Сэтгэгдэлүүд : 1

  • Анар

    энэ яасан гоё нийтлэл вэ,

Сэтгэгдэл оруулах

урлан