Д.БОЛД: ЗОРИЛГО МААНЬ УЛАМ ЧАНГАРЧ, УЛАМ ХАТУУЖИЖ БАЙНА

    Энэ цагийн хамгийн алдартай, хамгийн олон фентэй, үргэлж шинийг эхлүүлж, шинийг сийлж байдаг поп дуучин залууд Монгол улсын Ерөнхийлөгч Төрийн соёрхол хүртээж шуугиан тариад байна. Төрийн соёрхлыг хүртээдэг хуучин уламжлалд эргэлт хийсэн ийм содон шийдвэрийг Ц.Элбэгдорж шиг Ерөнхийлөгчөөс өөр хэн ч гаргаж чадахгүй.

    Шагнал олгодог тоос шороонд булагдсан тогтсон жишигт шинэчлэл хийсэн анхны Ерөнхийлөгч тэр болов. Өгч байгаа нь ч, авч байгаа нь ч үнэхээр гоё байлаа. Би хувьдаа бахархаж, бас баярлаж байна.

    Өөрийнхөө дүрд тоглосны төлөө 23 настай залуу жүжигчинд Төрийн соёрхол олгож байсан удирдагч ч бидний түүхэнд бий. Тэгвэл өнөөдөр дэлхийтэй монголынхоо үнэртэй хөгжмийн урсгалаар гар барихаар зориглон хөдөлмөрлөсөн, “Монгол поп” хэмээх шинэ урсгалыг бий болгосон 33 настай поп дуучинд улсын маань Ерөнхийлөгч Төрийн соёрхлоо хүртээлээ.

    “Ярилцъя” Төрийн соёрхолт Д.Болдыг хоймортоо урив. Бидний яриа дуучны маань талаар олон шинэ мэдрэмж, олон шинэ мэдээлэл өгнө гэдэгт найдаж байна.        
     

    -Юуны өмнө Төрийн соёрхол хэмээх хүндтэй шагнал хүртсэнд  баяр хүргэхийг хүсч байна. Манай залуусыг араасаа байлдан дагуулсан сайхан дуучин идэр залуу насандаа ийм том өндөрлөгт дүүлэх гоё байна шүү?

    -Баярлалаа, танд.

    -Таныг ямар нэгэн том шагнал авна гэж бол бодож байсан. Гэхдээ Төрийн соёрхол гэж үнэндээ таамаглаагүй. Энэ бүхний өмнө яг сэтгэл санааны хувьд хэр бэлтгэлтэй байсан бэ?

    -Ерөнхийдөө бол мэдээгүй байсан л даа. Өглөө нь над руу Ерөнхийлөгчийн тамгын газраас утасдаад Төрийн ордонд ирээрэй. Шагнал авч байгаа юм байнаа гэсэн. Ямар шагнал авах гэж байгаа юм бэ гэж асуух биш. Тэгээд л ямар ч байсан шагнал авах гэж байгаа юм байна гэж мэдсэн. Төрийн ордонд би их догдолж очсон. Ер нь бол  дотроо гавьяат авах гэж байгаа юм байна даа гэж ойлгосон. Тэгээд яг зарлиг унших үед л Төрийн шагнал авах гэж байгаагаа мэдсэн. Үнэхээр гэнэтийн явдал байлаа. 

    -Жүжигчин Ц.Төмөрбаатарыг их залуудаа Төрийн соёрхол авч байсан гэж ярьдаг. Та хэдтэй вэ?

    -Би 33-тай. Энэ шагнал манай рок попынхны хувьд бол анхных нь болж байна. Манай рок поп Төрийн шагналтай боллоо гэж би хувьдаа  ойлгож баярлаж байгаа. Яагаад гэвэл энэ рок поп урлагийн төлөө зөндөө олон уран бүтээлчид зөндөө олон жил зүтгэсэн. Сайн муу хэлүүлээд л энэ урлагийг амьдралаа болгоод явсан хүмүүс. Өнөөдөр Төрийн шагналтай боллоо. Тэгэхээр бидний шагнал, бидний баяр гэж би хүлээж авч байна л даа. 

    -Хамгийн эхэлж баяр хүргэсэн хүн хэн байв?

    -Мэдээж манай ээж. Ээжийгээ баярлуулсандаа би маш их баярлаж байсан. Ээж намайг гараад ирэхэд “Ямар шагнал авчихав аа, ямар шагнал авчихав аа” гээд учраа олохоо больчихсон зогсож байсан. Тэгээд миний энгэр дээр байгаа шагналыг харчихаад шууд хоолой нь зангирч байсан. Ээжийгээ тэгж их баярлуулсандаа огшсон. Ээж маань гавьяат аваагүй л хүн шүү дээ. Би ээжээрээ бахархаж, баярлах сэтгэл төрж байсан.Бас өвөөдөө их залбирсан даа.

    -Танай өвөө хуурч Жамъян гуай Ардын жүжигчин биз дээ?

    -Тийм. Ардын жүжигчин, гавьяат жүжигчин, Төрийн соёрхолт хүн шүү дээ. Өвөөдөө л их залбирч байна даа. Аав ээж хоёртоо баярлаж байна. Манай ах эгч нар бүгдээрээ намайг шагнал аваад гарч ирэхэд байсан. Багш нар маань байсан. Манай “Соёл эрдэнэ” хамтлагийн басс гитарчин Батсайхан ах маань хүртэл ирсэн. 

    -Урлагийнхнаас хэн хэн ирэв?

    -“Камертон” хамтлагийнхнаас маань Ганаа, Мээдээ хоёр маань ирсэн. Эба маань эхнэр нь төрөх гээд Сөүл явчихсан байсан. Ирж амжаагүй. Манай Мээдээ бүр уйлсан. Ер нь найз нөхөд, ах дүү нар маань л их баярладаг юм байна лээ. Яагаад ч юм нэг л тийм гоё сэтгэгдэл төрж байсан.

    -Танай гэр бүл бол язгуураараа урлагийн гэр бүл. Таныг  ухаан ороод нүдээ нээсэн цагаас чинь л урлагийн амьдрал угтсан байх. Таныг хөгжим бүжгийн коллеж төгссөн гэдгийг мэднэ. Яг их  урлаг гэдэг юмтай хувь заяагаа холбоод хэр удаж байна вэ?

    -Тийм. Төрөхөд л манай ах толгой дээр хөгжмөө давтаад, ээж дуурийнхаа дууг бэлдээд л ингээд эхэлсэн байх л даа. Цэцэрлэгт орохоосоо эхлээд урлагийн үзлэгт орох дуртай, байнга л урлагтай холбогддог хүүхэд байсан. “Адуучин” бүжгээр Монгол телевизэд очиж бичлэг хийлгэж байснаа ерөөсөө мартдаггүй юм. Тэгээд 1986 онд Хөгжим Бүжгийн Коллежид  орох гэж байхад аав надаас яг асууж байсан юм. Миний хүү архитекторч болох юм уу, урлагийн хүн болох юм уу гэж. Би хөгжимчин болно л гэж хариулаад сонголтоо хийж байсан. Тэгээд аав ээж хоёртойгоо хөтлөлцөөд л сургуульдаа ирж байсан. Анх шалгалт өгсөний дараа төгөлдөр хуурын ангид ч, хийлийн ангид ч авъя гэж багш нар санал тавиад л. Надад хийл хөгжим л  гоё санагдаж байсан. Тэгээд л хийл хөгжмийг сонгож байлаа.

    -Ээж ааваас гурвуулаа байх аа?

    -Тийм. Ах маань “Квартет” гэж сонгодог хөгжмийн дөрвөлийн нэг байсан.

    -Тийм. Тухайн үед их алдартай байсан?

    -Энд тэндхийн ёслолын ажилд дандаа уригддаг.  Сонгодог хөгжмийн зүтгэлтэн хүн байсан. Манай эгч маань гэхэд их олон мэргэжилтэй хүн шүү дээ. Дуурийн дуучнаар анх төгссөн. Тэгсэн атлаа буудлагын спортын мастер. Бас “Хулан” тураах төв гэж анх санаачилж амжилттай ажиллаж байсан. Олон салбарт хүчээ сорьсон хүн. Ах маань талийгаач болоод олон жил болж байна. Одоо бол бид хоёулаа л үлдсэн. Би багаасаа аавыгаа архиктекторч хүн гэдгийг мэддэггүй байсан. “Камертон” хамтлаг бий болсны дараа хөдөө анх аялан тоглолт хийсэн юм аа. Эрдэнэт хотод Гок-ынхон уриад очиж тоглосон. Тэгээд тэнд музей үзээд явж байсан чинь Эрдэнэт хотын анхны депутат гээд аавын маань зураг байж байсан. Аавынхаа зургийг тэгж хараад би нэг их урд нь сайн мэддэг байсан юм шиг найзууддаа онгрч байсан юм. Миний аав ийм мундаг хүн шүү дээ гээд л. Яг үнэндээ бол аав Эрдэнэт гээд л их ярина. Түүхийг нь сайн мэддэггүй л явж байсан. Тэгээд аав маань мундаг хүн юм байна даа гэж мэдсэн. Тэндэхийн анхны депутат, анхны архитекторчийн нэг нь миний аав байсан. Эрдэнэт хотыг анх хоосон цэлгэр тал байхад тэнд очиж бүтээн байгуулалтын анхны төслийг хийсэн инженерүүдийн багт аав маань орж байсан юм билээ. Аавын бүтээсэн зүйл маш их байдаг л даа.Сүүлд аав маань осолд ороод группт байдаг байсан. Мэдээж группт байгаагүй байсан бол бас л одоогийн нэг том барилгын компанид  мэргэжлээрээ ажиллаад явж байх байдаг ч юм уу, их л том бүтээн байгуулалтын эзэн байх байсан байх л даа. Гэхдээ л миний аав хийсэн юмтай хүн. Эрдэнэт хот гэдэг бол асар том бүтээн байгуулалтын ажил. Энүүгээрээ л дэд эрдэмтэн, докторын зэрэг авсан байх. Дараа нь сүм дугануудыг сэргээх олон ажлуудыг хийсэн байдаг. Зураг төслүүд нь одоо ч  гэрт хадгалаастай байдаг. Тэнгэрт байгаа өвөө минь надаар бахархаж, хүүдээ баярласан байх.  

    -Таны ээж бол манай дуурийн дуучид дотроо их ховор хоолойтой хүн. Эгч Цолмон тань яг ээжтэйгээ адилхан хоолойтой . Төгсөөд Дуурийн театрт орох гэсэн чинь “Чи ээжийгээ тэтгэвэрт гаргаж байж орох юм уу. Хоёр адилхан ийм хоолойтой дуучин авах бололцоо бидэнд алга” гэсэн хариу сонсоод уйлж байснаа дурсаж байсан нь санагдаж байна. Ямар ч хүн ээжийнхээ амьдралыг гишгин байж хүсэл мөрөөдөл рүүгээ зүтгэхгүй шүү дээ. Урлагт бол бас л олон юм болдог юм билээ?

    -Кларотурный сопрано хоолойтой л доо. Сопрано дотроо хамгийн нарийнд ордог. Кларотурный сопрано гэдэг бол их ховор хоолой.Миний  дуучин болоход ээжийн маань үзүүлсэн нөлөө маш их байсан байх. Тэр үеийн хүүхдүүд чинь гэртээ харах хүн байхгүй. Дандаа ээжийг дагаад явчихдаг. Тэгээд л дуурийн театр дотор л амьдардаг хүүхэд байсан. Ээж “Травиата”, “Кармен”, “Ламбагуайн нулимс” гээд  тухайн үед тавигдаж байсан бүх дууриудад тоглож байсан. Намайг бүр гэдсэнд байхад л жирэмсэн атлаа  “Травиата” –д  дуулж байсан гэж ээж ярьдаг. Би жаахан байхдаа ээжтэйгээ хамт дуурьт тоглоод л гүйж явсан. 

    -Гоё дурсамж байна ?

    -“Чио Чио Сан”-д Х.Уртнасан гуайтай дуурьт  тоглоод л.  “Чоно ба долоон ишиг”-т тоглоод л. Ер нь л дуурийн театрын арын жижиг хэрэглэлийн өрөө рүү орж тоглодог. Сэлэм бамбай бариад л үзэж тарна. Хамгийн тод нэг мартдагддаггүй явдал байдаг. “Риголетто” дуурь дээр ээж сүүлдээ алуулдаг байхгүй юу. Яг тэр үед нь би тайзны араас ээжийгээ жинхэнээсээ алуулчихлаа гэж ойлгоод  “ээжээ” гээд л муухай   орилсон. (инээв) Тэгсэн чинь ээж дараа нь нэг мэдсэн гараад ирчихсэн зогсч байсан. Яасан бэ, ээж нь зүгээр л байна шүү дээ. Энэ чинь зүгээр дуурь байхгүй юу гэж хэлж аргадаж байж билээ. 

    -Та ээжтэйгээ цуг гамм уншдаг уу?

    -Дуучин гэх утгаар бол би өөрийгөө ээжтэйгээ зүйрлэхгүй л дээ. Ээжийн хажууд би гамм уншихаас ичдэг юм. Сонгодог школ гэдэг бол  үнэхээр гайхамшигтай школ. Энэ маань өөрөө микрофонгүйгээр цаг гучин минут, хоёр цаг бүтэн тайзан дээр дуулдаг дуучин. Микрофонгүйгээр бүх хүнд сонсогдтол дуулдаг. Энэ бол том урлаг л даа. Рок поп бол шал ондоо жанр. Ээж маань надад асар үнэтэй зөвлөгөөнүүдийг байнга  өгдөг. Дуулж, дасгал хийж байхад  жишээ нь битгий их хүчилж дуулж бай, хоолойгоо хайрлаж бай гэх жишээтэй. Хоолой өвдөх, өвдөхгүйгээс сэргийлэх гээд мэргэжлийн талын зөвлөгөөнүүдийг их  өгдөг. 

    -Ээжийн тань  бүтээж байсан дүрүүдээс хамгийн хайртай дүр нь ямар дүр вэ?

    -“Травиата”-г л гэж хэлнэ. Вердийн өөрийнх нь уран бүтээл дотор том байр суурь эзэлдэг бүтээлүүдийн нэг л дээ. Ээжийн өөрийнх нь тоглож байгаа жүжиглэлт энэ тэр надад их өөр санагддаг. Ерөөсөө санаанаас гардаггүй юм. Одоо ч би “Травиата”-г үзэх дуртай. Багаасаа л дуурийн орчинд өгссөн болохоор дуурьт үнэхээр дуртай. 

    -Өвөөтэйгөө холбоотой дурсамжууд бол зөндөө биз дээ?

    -Өвөө эмээтэйгээ дандаа лагерь дээр байдаг байсан. Ээж аав лагерь дээр намайг аваачаад хаячихна. Манай өвөө эмээ хоёр угаасаа л нэг тийм чамбай улсууд л даа. Лагерь дээр байгаа байж л үргэлж  шалаа зүлгүүлдэг. (инээв) Өвөө дээр үргэлж л шавь нар нь ирнэ. Манай өвөө өглөө болгон үсээ гельдэж самнадаг хүн байсан. Лагерь дээр байгаа хэрнээ л үс зүсээ байнга янзална. Тэгээд л шавь нар нь ирнэ, ирээд л баахан загнуулаад л буцна. Тэгээд л би дотроо манай өвөө чинь ер нь л их том хүн юм байна шүү. Ийм олон хүмүүс манай өвөө дээр ирж загнуулаад л гэж боддог болж билээ. Өвөөтэйгөө би түлээнд их хамт явна. Өвөө хатсан, унасан мод хайгаад ойгоор эцтэл явна. Өвө энийг л авчихъя л даа гэхээр навчтай мод болохгүй гэнэ. Тэгээд л ойгоор явж явж хуурай мод олоод түүнийгээ авчраад сандал хийнэ, түлээ хийнэ. Ер нь л бүх юман дээр айхтар  чамбай, гарын уртай хүн байсан.

    -Өвөөгийн тань эдлэл юмнаас өөрт тань юу байдаг вэ?

    -Өвөө маань өнгөрөхийнхөө өмнө миний төрсөн өдрөөр морин хуураа бэлэглэсэн. Энэ л хамгийн том бэлэг дээ.   

    -Таны клипэн дээр гардаг мөн үү?

    -Тэр биш. Би гэртээ байлгадаг юм. Нэг их олон гаргахгүй. 

    -Хуурч Жамъянийн ач хүү юм чинь хуурын татлагатай л биз дээ?

    -Би хуурийг бол хөглөнө. Яг тоглох нь хаашаа юм. Өвөөгийнхөө юмнуудыг хайрлаж, цуглуулах дуртай л даа. Өвөөгийн маань хөөрөг бас байдаг юм. Өвөө маань их даруухан хүн байсан. Хөөрөг нь гэхэд  одоогийн томчуудын хөөрөгний хажууд зүгээр л жирийн  нэг хөөрөг. Надад бол өвөөгийн минь хөөрөг гэдэг утгаараа үнэтэй. Одоо бодоод байхад бол дотоод соёлоороо их энгийн хүн байсан байгаа юм. Эдэлж хэрэглэж байгаа юмыг нь харахад л илт шүү дээ. 

    -“Камертон” хамтлагийг ер нь хэдэн онд байгуулсан бэ?

    -1994 онд . 

    -Сургуулиа төгсчихсөн байсан уу?

    -Төгсөөгүй байсан. “Камертон” хамтлаг чинь яг байгуулагдах үедээ гурван эмэгтэй, хоёр эрэгтэй гишүүнтэй байсан. Мээдээ бид хоёр ангийнхаа гурван охинтой нийлж хамтлаг байгуулсан. “Камертон” гэдэг нэрийг анх ээж маань өгч байсан юм. Тэгээд 1995 оноос Ганаа, Эба хоёртойгоо нийлээд дөрвүүлээ болж нэгдсэн. 

    -Та хэдийн хэн хэн нь нэг анги вэ?

    -Мээдээ бид хоёр нэг анги. Ганаа Эба хоёр нэг анги.

    -1997 онд бил үү дээ, Дарханд залуучуудын чуулга уулзалт болоод сурвалжлагаар явж байсан юм. Буцахдаа  нэг нуурын эрэгт иртэл танай хамтлагийхан  усанд орж байсан. Нэг харсан  баахан охидууд эрэг дээр ирчихсэн. Тэднийг хараад Мээдээ “Ганаа эгчээ Дарханы охидууд манай хамтлагийнханд их хайртай байгаа биз”  гэж байсан нь санаанаас гардаггүй юм. Үнэхээр фенүүд гэж ийм л байдаг юм байна даа гэж харж байсан шүү?

    -Бид олон жил тууштай уран бүтээлээ хийж ирсэн. Үнэхээр “Камертон” хамтлаг бүх даваа гүвээг давж, бэхжиж, амжилтад хүрч чадсан. Энэ л бидний капитал юм даа.  

    -“Камертон” хамтлаг  байгуулагдаад олон жил болжээ. Бид  анхнаас нь л мэднэ шүү дээ.  “18 нас”, “Маамуу нааш ир” гээд  л бүх дуунууд нь хит болоод л. Эрчүүдийн нөхөрлөл гэдэг юм үнэхээр байдаг гэдгийг та нар залууст харуулсан. Гэхдээ л хувь заяаны эрхээр бүгд л сарнидаг юм шиг ээ. Одоо албан ёсоор танай хамтлаг тарсан байна уу. Тараагүй байна уу?

    -Албан ёсоор бол тараагүй. Бид байж л байгаа. Одоо бол бид гучин хэдтэй залуучууд болжээ. Бүгд тус тусын хувийн амьдралтай. Тийм учраас хүсэл сонирхлууд маань өөр өөр чиг рүү хандаж эхэллээ.  Эба бизнес хийж байна. Ганаа маань телевизийн урлагт хүчээ сорьж байна. 

    -Мээдээ  юу хийж байгаа?

    -Мээдээ ч гэсэн бас бизнесийн ажил хийгээд явж байгаа. Бид одоо урьдийнх шигээ 18 настай биш шүү дээ. Одоо хүсэл сонирхол маань ч арай нэг өөр төвшинд оччихсон байх шиг байгаа юм. Дээр нь амьдрал гэдэг маань бас юу билээ. Бид нар чинь бөөн л аав нар болчихсон шүү дээ. Баахан хүүхдүүдтэй. Өшөө илүү юм хийх хэрэгтэй болчихсон. Миний хувьд бол яг л энэ урлагийнхаа юманд илүү хайртай. Яагаад ч юм энэ тойргоос гарах боломжгүй хүн болчихсон. Тэгээд бас өвөөгийнхөө энэ удам угсааг залгаж яваа, урлагийн гал голомтыг нь  тасдахгүй явах үүрэгтэй. Үр хүүхдүүдээ ч гэсэн би Хөгжим бүжгийн сургуульд оруулах сонирхолтой байгаа. Өвөөгийн маань бүтээсэн энэ удам угсаа гэдэг бол бидэнд асар их үнэ цэнэтэй зүйл гэдгийг мартах эрх байхгүй. Өвөө мааньхэлдэг байсан. Урлаг гэдэг үнэхээр гайхамшигтай зүйл шүү. Урлагийн үнэлэмж улам л ихсэнэ үү гэхээс доошоо бол орохгүй.Цаг зуурын хувьд доошоо орох юм зөндөө л  байдаг. Гэхдээ энэ бол зүгээр л урлагийн замд тохиолддог зүйл. Урлагийн эрэмбэ, урлагийн үнэ цэнэ, мөн чанар гэдэг юм бол хэзээ ч тэргүүн зэрэгт оршдог зүйл гэж. Би энэ үгийг нь мартдаггүй.  

    -“Камертон” хамтлагт ямар нэгэн хамтарсан мөрөөдөл бий юу. Төрийн соёрхлыг фенүүдтэйгээ нийлж тэмдэглэх юм биш үү?

    -Бид нар шинэ дуундууд зөндөө хийчихсэн байгаа. Яагаад ч юм бид дөрөв уран бүтээлийг зүгээр нэг базаад, дайраад, оромдсон маягаар  хийчихдэггүй. Бүр багаас хэвшсэн төлөвшил байдаг. Бэлтгэлийг бол өндөр төвшинд хийж сурсан. Тийм учраас цаг гаргах хэрэгтэй. Жаахан ажлаа цэгцлээдэх. Тэгж  байгаад бүгдээрээ оръё гэж ярьж байгаа. Одоо жишээ нь Эбагийн хийж байгаа бизнес чинь өөрөө их цаг зав шаардлагатай ажил. Тэгээд л тэрийгээ хаяад өөр юм руу орчихож болдоггүй. Аль алиныгаа алдаж болохгүй. Энийгээ хөл дээр нь босгосны дараа бүгдээрээ  нэг жилийг уран бүтээлдээ зориулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. 

    -Таны авсан шагналын тухай асуудал урлагийн ертөнцөд битгий хэл Монголын нийгэмд шуугиан тарилаа. Хүлээн зөвшөөрөхгүй гэхээсээ илүү хүлээн зөвшөөрч, баярлаж догдолж, өөрсдийн баяр мэт хүлээж авч байгаа уур амьсгал өргөн байна. Энийг танд хэлэх ёстой гэж бодож байна. Танд олон хүн баяр хүргэж байгаа байх. Танай рок попынхноос хэн хэн баяр хүргэв ээ?

    -“Чингис хаан” хамтлагийн Жагаа ах маань баяр хүргэсэн. Миний хувьд бол ахмад настай, том хүн гэж ойлгож хүндэлж явдаг. Над руу Жагаа ахыг ярихад нь их баярласан. Жагаа ах маань “За баяр хүргэе. Заавал бид нарын замаар явах гэж юу байхав дээ. Ахын дүү их сайн байна. Өшөө илүү уран бүтээл хийгээрэй” гэж хэлсэн. Болоож ах маань баяр хүргэсэн, “Номин талст” хамтлагийн Батсүх маань баяр хүргэсэн, Балхжав ах, Гүрбазар ах, Хүрэлбаатар ах маань баяр хүргэсэн. Олон хүн баяр хүргэсэн дээ. Шагнал авсны дараа миний хувьд үнэнийг хэлэхэд буруу юм хийчихсэн ч юм шиг, сэтгэл нэг тийм зовиуртай ч болчих шиг сонин бодол бол төрж байсан. Тэгснээ улам илүү бахархаад ч байгаа юм шиг, улам эрч хүч оргилоод ч байгаа юм шиг сонин л болдог юм байна лээ. Хамгийн гол юм бол хийж байгаа юмнаасаа өшөө илүү давж юм хийхгүй бол болохгүй нь. Энэ хийж байгаа зүйлийг маань үгүйсгээд байгаа зарим хүмүүсийн асуултад хариулсан сайн юм хийх хэрэгтэй гэх зорилго маань улам чангарч, улам хатуужиж байна.

    -Төрийн шагналыг  та  “Монгол поп” гэдэг цоо шинэ урсгал гаргаж ирснийхээ төлөө хүртсэн. Танд “Монгол поп” гэсэн ийм төсөл хийх санааг анх хэн өгсөн бэ. Та энэ ажилдаа хэдэн жилийг зарцуулав?

    -Би  R&B урсгалд их дуртай байсан. Америкаас гаралтай урлаг л даа. Энэ маань өөрөө яг л залуучуудын хэв маягийг илтгэсэн урсгал. Миний өмсдөг  мак, саравчтай малгай гэх мэт тэр имиж бол R&B имиж. Энэ бол дэлхий дахинд явж байгаа урсгал. Энийг Монголд анх дэлгэрүүлэхийн төлөө би нэлээн хүч хөдөлмөрөө дайчилж ажилласан. 

    -“Хайрын хүч” цомог гэхэд л тэр чигээрээ R&B биз дээ. Бас л их хөдөлмөр шүү дээ?

    -Тэгэлгүй яахав. Би нэг л юм бодсон. Америкт ч очсон, Англид очсон ч бид монгол дуучин атлаа тэдний л юмыг дуулдаг. Нөгөө л R&B байгаад  байдаг. Монгол гэсэн өвөрмөц амьсгал байдаггүй. Тэгсэн мөртлөө миний удам угсаа гээд бодохоор аягүй том морин хуурчийн удам угсаа яваад байдаг. Тэгээд урлагийн энэ тавцанд явж байгаа хүний хувьд  Монголынхоо нэрээр Азийн тавцанд гарах ч юм уу, гадаад ертөнцөд уран бүтээлээ сонсгох хүсэл мөрөөдөл байгаад байдаг. Тэгсэн мөртлөө гадны R&B дууг дуулаад явах уу, яах ёстой юм бэ гэсэн шалаа намайг зовоогоод эхэлсэн. Би хичнээн  R&B авьяастай байгаад явлаа гээд Америкт очоод дуулахад тэнд нь яаж үнэлэгдэх юм. Сайхан дуурайж дуулдаг ази хүүхэд байнаа л гэхээс R&B-ийн том төлөөлөгч ирлээ гэж хүлээж авахгүй байх л даа. Нөгөө талаасаа дэлхийд оршиж байгаа бүх урсгалууд маань өөрөө дандаа классик хөгжмөөс үүсэлтэй байдаг. Классикаас Джаз, Блюз, Блюзээс рок, R&B, хип поп гээд салбарлаад л явчихдаг. Гэтэл бидэнд энэ хэмжээний зиндаатай язгуур хөгжим байна. Дэлхийд давтагдашгүй морин хуур, уртын дуу, хөөмий байна. Гадны “Энигма” хамтлаг хүртэл манай уртын дууг ашиглаад юм хийчихсэн дэлхийд сонсгоод яваад байдаг. Дэлхийд хит болчихсон. Гэтэл бид юутай байгаа юм бэ. Тэгэхээр яг өөрсдийн гэсэн урсгалыг бий болгоё. Энэ хүсэл мөрөөдөл дээрээ суурилж би “Монгол поп” төслөө эхлүүлсэн. Орчин үеийн хөгжмийн урсгалд хүчин зүтгэж байгаа залуус бид энэ урсгалаараа Азид ч юм уу дэлхийд гарах цаг ирнэ. Түүний тулд  шатыг нь бий болгох хэрэгтэй. Тэр шатаар ирээдүйн залуус алхаж дээшлэнэ. Амбиц маань ердөө л энэ байсан. Ерөнхийдөө бол хоёр жил энэ төсөл дээр ажилласан. Өвөөгийнхөө бичлэгийг, Н.Норовбанзад гуайн CD-нүүдийг маш их сонссон. Олон улсуудаас зөвлөгөө авсан. Олон улсуудтай уулзсан. Явсан, судалсан. Уртын дуучидтай ажилласан. Судлах тусам би өв соёлоороо бахархсан. Ууссан, сэтгэл зүрхэндээ нэвчээсэн. Манай морин хуур гэхэд л дэлхийн сонгодог бүтээлүүдийг хоёрхон чавхдсан дээрээ тоглож байна. Энэ хэмжээний бүтээлүүдийг тоглож байгаа учраас рок хөгжмийг өлхөн тоглоно гэсэн тийм юм бас гарч ирж байгаа юм. Дэлхийн гудамжнаас үүссэн хип поп хөгжмийн урсгал гэхэд дэлхий дахинд түгэж болж байхад  яагаад монголын тал нутгаас үүссэн, дэлхийн талыг эзэлж явсан түүхтэй ийм ард түмний урлаг бас дэлхийд түгэж болохгүй юм бэ гэсэн ийм л амбиц надад байсан. Тэгээд төслөө “Монгол поп” гэж нэрлэе гэж шийдсэн. Энэ дотор юу байх юм гэхээр язгуураас маань гаралтай уртын дууны хэв хэллэг шүлгэнд нь тусгагдчихсан байг. Хөгжмийн элементүүд, зэмсгүүд нь морин хуур юу байдаг юм язгуур хөгжим бүгд энэ дотор дуугараг. Онолын хувьд дандаа пентатоник гармон дээр дүрсэлсэн ийм хэлбэрүүдээр хийх нь зөв юм байнаа. Поп хөгжимтэй нийлсэн нийлэмж гаргасан ийм л бүтээл байх юм зөв юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Ингээд л  ажилласан.Анхны дуу бүтэх гэж нэлээн ч удсан. Зөндөө ажилласан. Компьютерийн элдэв программ дээр ажилласан. Бөөгийн хэмнэл, магтаал дуунууд, морин хуурын хөдөлгөөн энэ болгоныг л поп хөгжим дээр яаж суулгавал зүгээр вэ гээд  өдөр шөнөгүй ажилласан.  

    -Энэ салбарт өнгөрүүлсэн 16 жилийн хөдөлмөр тань бол мэдээж асар үнэтэй хөдөлмөр. Хэн их хөдөлмөрлөсөн тэр илүү амжилтад хүрч, илүү амьдардаг, илүү үнэлэгддэг. Энэ зарчмаар л таны амьдрал явсан байх. Сонсч байхад хамгийн үнэтэй гэрээнүүдийг  хийж байгаа дуулддаг. Таны хийсэн шинэ алхмуудын нэг өөрийн нэрийн брэнд гаргасан явдал.  Та монгол ноолууран бүтээгдэхүүнээ маш том сурталчилсан. Таны нэртэй загвар хүртэл гарсан. Энэ төслөөсөө та шинэ юм юу олж харсан бэ?

    -Яагаад тэгж ажилласан бэ гэхээр нэгдүгээр “Гоёо” надад санал тавьсан. Тэр саналыг нь би 100 хувь дэмжсэн. Яагаад гэхээр “Монгол поп” гэдэг маань зөвхөн хөгжмийн урсгал биш. Ерөөсөө бүх л монгол гэсэн тодотголтой юмыг имиж тал дээрээ ч тэр, хэрэглэж байгаа хэрэглээн дээрээ ч, харагдаж байгаа өнгө төрхөн дээрээ ч тэр цогцоор нь  ингэж гаргаж ирье гэсэн бодол надад байсан. Тэр утгаараа манай улсыг  дэлхийд таниулдаг хөлөө олчихсон нэг зүйл бол монгол ноолуур байсан. Ноолуур маань зөвхөн гадныханд бэлэг болгож өгдөг,  загвар муутай гэх мэтээр үргэлж өөлөгдөж гологдож байдаг зүйл байх ёсгүй. Энэ бол миний үзэл. Тэдний тавьсан санал миний үзэл хоёр нэгдсэн. Яг л гадны жишгээр одуудад нь яаж бусад үйлдвэрлэлээ дэмждэг, яаж хамтран ажилладаг тэр жишгээр хамтран ажилласан. Үнэхээр амжилттай төсөл болсон.

    -Том мөнгөний ажил байсан байх, тийм үү?

    -Нэг их том мөнгөний ажил байгаагүй. Яг үнэндээ. Гол нь шинэ ажил гэдгээрээ аягүй үнэ цэнэтэй санагдсан. 

    -Одоо таны нэртэй тэр брэнд хэр гүйлгээтэй байгаа вэ?

    -Ерөнхийдөө тэр үед гайгүй байсан гэсэн шүү.  

    -Өөрийнхөө загварыг өмсдөг биз дээ. Одоо гадуур худалдаанд байдаг уу?

    -Байгаа шүү дээ. Өмсөлгүй яахав. Одоо бид ирэх онд дахиад шинээр загвар гаргаж ажиллах гэж байна.  

     -Таы фенүүд их өргөн хүрээтэй юм билээ. Таван настай хүүхдүүдээс авахуулаад дээшээ явж өгдөг бололтой. Зориуд насны ангиллаар нь фенүүдээ судалж үзэж байв уу?

    -Хамгийн залуу нь бол бас нэлээн залуу юм шиг байна лээ. (инээв) Надтай нэг ээж аав хоёр уулзаж байсан юм. Охин нь би Болдтой сууна гэдэг гэнэ. Жижигхээн охин шүү дээ. Тэгсэн ч том болоод Болдтой л сууна гэдэг гэнэ. Тэгээд хоолоо идэхдээ заавал хажуудаа таваг тавиад Болдоогийн хоолыг бас хийж тавь гээд хийлгэдэг гэнэ. Тэгэхгүй бол хоолоо иддэггүй. Тэгээд дараа нь ээж нь тэр хоолыг асгадаг гэсэн. Хөгжилтэй санагдсан.  Саяхан бас “Монгол поп”-ын тоглолтын үеэр нэг жижигхэн хүүхэд ирээд чи хүүхэдтэй юм уу гэж асуусан. Тийм гэсэн чинь тэгээд дандаа хүүхдүүдтэйгээ байгаад байдаг юм уу гэсэн. Жижигхэн хүүхдүүд сонин сонин асуулт асуудаг. Бас сая “Монгол поп” цомог хийснээр насны хувьд нэлээн ахмад хүмүүс над руу ярьж баяр хүргэж байгаа нь анзаарагдсан. Би урд нь ерөөсөө сонсдоггүй байсан. Одоо энэ дуунууд чинь гоё байна шүү гээд ярих сайхан л байна лээ. “Монгол поп” төсөл маань нэлээн өргөн цар хүрээг хамарч байх шиг байна. Тоглолтон дээр ахмад настай хүмүүс нэлээн их үзэж байгаа нь анхаарал татсан. 

    -Та хамгийн анх төрийн ордонд тоглосон дуучин. Харин тэндээс ямар таашаал авсан бэ?

    -Тийм. Кремльд олон дуучид тоглож  байсан. Цагаан ордонд джаз тоглож байсан гээд тохиолдлууд зөндөө байдаг. Би “Монгол поп” гэж шинэ урсгал босгож ирэх гэж хөдөлмөрлөлөө. Энийгээ төрийнхөө хоймроос сонсгох бодол байсан. Надад өөр нэг гоё санаа байсан. Энэ бол цагаан эсгийний ёслол. Бид улаан хивс гээд л яриад, дуурайгаад давхиад байсан чинь манайд цагаан эсгийний ёслол гэж гайхалтай гоё уламжлал байдаг байсан юм байна. Тэрийгээ сэргээе л дээ. Тэгээд явлаа. Тэр цагаан эсгий ширдэг оёдолчдын ажил аягүй хэцүү ажил байдаг юм байна лээ. Мэдээж тийм нарийн хүнд хөдөлмөрөөр бүтдэг тийм гоё цав цагаан эсгийн дээр гишгэнэ гэдэг бол өөр л юм байдаг байж таарна шүү дээ. Төрийн ордонд “Монгол поп” тоглолтоо тавих гэж их олон шатаар дамжсан. Ёс жаяг, дэг журам гэж нарийн байхаас ч аргагүй.  Ерөнхийлөгчид хүсэлт тавьж уулзаад санаагаа нарийн тайлбарласан. Маш сайхан ойлгож хүлээж авсан. Бүх шатны хурлаар орсон. Тэгээд л тоглосон. Яг тэр хөшиг нээгдэх  үед “За, энэ яг үнэн үү”  гэж би өөрөөсөө асууж байсан л даа. Үнэхээр сандарсан. Манайхан их гоё хүлээж авсан. Миний хувьд бас л том алхам байсан л даа. Төрийн ордонд тоглоно гэдэг бол.

    -Монгол орноороо бол олон тойрсон биз?

    -Тойрсон. “Камертон” хамтлагийн хөл тавиагүй газар байхгүй. Монгол орноороо тойрсон. Одоо “Монгол поп”-оороо бас тойрох бодол байна. 

    -Хөдөөгийн алс хол хязгаар нутагт суугаа малчид таныг таньдаг гэдэгт та итгэлтэй байна уу?

    -Сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан 21 аймгаар явж байхад таньж байна лээ. 

    -Тэр бол гоё мэдрэмж биз дээ?

    -Тэгэлгүй яахав. “Камертон” хамтлагаараа П.Очирбат ерөнхийлөгчийн сурталчилгаагаар Монгол орноо яг бүтэн тойрч байлаа. Сайхан мэдрэмж, сайхан дурсамж. 

    -Танд их олон намаас санал тавьдаг гэж сонссон. Манай намд элсээч гэж?

    -Тийм санал зөндөө ирж байсан. Би урлаг гэдэг ганцхан намын гишүүн нь явъя гэж л бодсон. 

    -Таны эхнэрийг уран  нугараач хүн гэж мэднэ. Анх танилцсан түүхийг тань фэнүүд нь их сонирхдог байх даа?

    -Бид “Холливуд” бар-нд танилцсан юм. Камертон хамтлаг “Холливуд” бар-нд гэрээтэй дуулдаг байлаа. 10 мянган төгрөгөөр. Тоглочихоод тарахдаа тус бүр 2500 төгрөгөөр нь хувааж авчихаад л, хангалтынхаа ундааг уучихаад явдаг байсан. Тэр үед гадаадад нугардаг гээд хэдэн  охидууд амралтаараа ирчихсэн гээд бүжиглээд л. Манай хамтлагийн фэнүүд гээд л. (инээв) Нэг их ганган охидууд. Бид нар чинь бас тэр үед хэцүү ш дээ. Тэр үеийн залуучуудад мөнгө байхгүй. Санаа байв ч нөгөө....Тэгээд  л хараад байна. Тэгсэн та нартай зургаа авахуулъя гээд аймаар гоё үнэртэй ус үнэртүүлсэн охидууд ирээд л. Өөрсдийгөө харахаар бид нар чинь нэг л тийм саарал улс л байгаа юм чинь. Тэгээд зургаа авахуулаад л. Тэр охидууд  дандаа ирж бидний тоглолтыг үздэг байсан. Тэгээд хааяа ундаагаар дайлъя гээд л. Тэр үед чинь архи энэ тэр уух биш. Ууя ч гэсэн мөнгө  байхгүй. Бид нар заримдаа 2500 төгрөгөө цуглуулж байгаад понаграммаа хийлгэнэ гээд л гүрийдэг  байсан үе л дээ. Тэгээд л танилцсан. 

    -Эба та хоёр нэг айлын хүргэн? 

    -Эбаг би уруу татсан юм аа. (инээв) Би эхнэртэй уулзах гээд л хань татаад Эбаг дагуулж явсаар байгаад эчтэй нь танилцаад Эба суучихсан. Одоо ярихаар бөөн дурсамжууд л байдаг ш дээ.

    -Танай охин нугардаг уу?

    -Манай охин нугардаггүй. Бид хоёр их сонин. Охиныхоо тал дээр адилхан бодолтой.  Хүүхдүүдээ тэгж зовоогоод яахав дээ гэдэг бодол хоёуланд маань байдаг юм. Би хүүгээ бол урлагийн хүн болгоно гэж бодож байгаа. Өөрөө аягүй их сонирхдог.  

    -Танай хүү сургуульд орсон уу?

    -Ирэх жил орно. 

    -Аавынхаа клипэнд тоглосон байсан?

    -Тийм. Өөрөө хараад ичдэг юм. Би гарч байна шүү дээ гээд л аягүй өөрийгөө  анхааралтай үзнэ.

    -Аавыгаа хэр дуурайж байна. Таныг залуучууд их дуурайдаг шүү дээ?

    -Манай хүү яг над шиг үсээ засуулна. Минийх яагаад дээшээ босохгүй байнаа гээд л толины урд үзчихдэг . (инээв) Миний хүү хоёулаа үсийг чинь ургуулна. Сайн ургуулж байж дараа нь  босгоно гэхээр аан заа гээд л.  

    -Таныг олон хүмүүс үнэхээр хөдөлмөрч гэж ярьж байхыг сонссон. Та өдөрт хэдэн цаг унтдаг вэ?

    - Би бол энгийнээр харахад зүгээр л нийгэмдээ зөв амьдрах гэж яваа хувь хүн. Ажил нь өөрөө гоё хувцаслах ёстой, олны өмнө байх ёстой, амьдарч биеэ авч яваа хэлбэр нь гадагшаа зөв үлгэр үзүүлж байхыг шаарддаг.  Нөгөө талыг нь эргүүлээд харвал үр хүүхдээ тэжээх гэж, гэр бүлээ авч явах гэж хичээж  байгаа л нэг аав.  Ээж аавыгаа тэжээх, үр хүүхдээ тэжээх гээд яг л бид нарын бүгдийн хийдэг юм адилхан. Ерөнхийдөө би их унтах дуртай. Яг ажилгүй үедээ бол сайн унтаж амрах дуртай. Ажилгүй, амрах шаардлагатай  үедээ бол би үдээс хойш тав хүртэл бараг унтдаг. Ажилтай үедээ бол өглөө найм гээд л гарна.  

     -Таны ажил хүмүүст амьдралын кайф бэлэглэдэг, таашаал өгдөг ажил. Өөрөө заримдаа хүмүүсээр дуулуулаад бүжиглээд бусад шиг  таашаал авах тийм үе хэр олон бэ?

    -Тэгэлгүй яахав. Өөртөө тийм үе гаргана шүү дээ. Найзуудын маань төрсөн өдөр болно. Баяр болно.  

    -Та хамгаалагчтай юу, бас жолоочтой юу?

    -Жолоочгүй, хамгаалагчгүй. Өөрөө машин дотроо юм бодоод явах дуртай. Одоо чинь бүр илүү боломжтой боллоо шүү дээ. Бөглөрдөг. (инээв) Хөгжим сонсоод л явж байх сайхан байдаг юм. 

    -Өөрийнхөө дууг сонсдог уу?

    -Сонсоно.

    -Бүр дээр үеийн “Камертон”-ы дуунудаа сонсох уу?

    -Сонсолгүй яахав.

    -Хамгийн дуртай нь ямар дуу вэ?

    -“18 нас” цомгийн дуунууд байна. “Амин нутаг” цомог байна.

     -Та бол энд тэнд элдэв шоу дэгдээгээд явдаг хүн биш. Бааранд зодолдож гэнээ ч гэх юм уу, хэн нэгэн бүсгүйтэй амраглаж гэнээ ч гэх юм уу тийм мэдээллүүд байдаггүй. Биеэ авч явж сурсан соёлтой тань холбоотой юу, эсвэл амьдралаа их сайн нууцалдагтай холбоотой юу?

    -Хэвшил байхаа. Би баардах бол яг үнэндээ дургүй. Хүмүүс худлаа ярьж байна гэж бодох байх. Үнэхээр бааранд чанга хөгжимд байх дургүй. Тэрний оронд харин зүгээр нэг намуухан аятайхан газар хүмүүстэй юм яриад суух дуртай. Үнэхээр хааяа нэг арга хэмжээнүүдэд бол ордог.

    Д.Болд бол нягт нямбай, элдэв салхи савалгаагүй, хөдөлмөрч, албаны маягийн үгээр хэлэхэд дэндүү үлгэр жишээ залуу. Тэр тасархай хөдөлмөрлөснийхөө үр дүнд тасархай өндөрлөгт гарч ирлээ. Одоо түүн рүү нулимах хэтэрхий инээдэмтэй харагдана. Учир нь дээшээ нулимах бололцоогүй. Нүүрээ л таагүй юмаар будсан хэрэг болно. Та туршаад үз л дээ. Дээшээ нулимах ямрыг.... 

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан