Н.ДЭМБЭРЭЛ: МИНИЙ АМЬДРАЛДАА ХИЙСЭН ХАМГИЙН ТОМ МЭДЭГДЭЛ БОЛ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБАНЫ ДАРГААС ОГЦРОХДОО ХИЙСЭН МЭДЭГДЭЛ

    Энэ удаагийн зочноо би хамгийн сонирхолтойд тооцож байна. Бидний үеийнхэн дотор түүн шиг нөхөр ховор санагддагийг ч нуумааргүй байна. Түүнийг зарим нэг нь гаднаас шууд л аюултай этгээд гэж тодорхойлдог бол мэддэг, мэдэрдэг нөхөд нь цээжнийх нь тэртээ алсад цалгилж цацарч байдаг гэрэл гэгээнд нь татагдаж, элдвийн тэнэмэл дүгнэлтүүдээс өмөөрөн хамгаалдаг. Тодорхойлоход тийм ч амар биш энэ эрхмийг дэндүү олон талтай, үргэлж шинэ санаа, шинэ төслөөр халуурч явдаг хүн гэдгийг хүлээн зөвшөөрнө. Намайг хэний тухай ярьж байгааг зарим маань одоо шууд тааж байгаа байх. Мэдээж тэр бол манай супер пиарчдын нэг Н.Дэмбэрэл.  
     

    -Өөрийг тань сураг алдарсан хүмүүсийн тоонд оруулчихсан явж байлаа?

    -Тийм үү. 

    -Гэнэтхэн монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ойн үеэр NTV-гийн дэлгэцээр олж харсан. Та нар үнэхээр гоё ажил хийлээ шүү?

    -Баярлалаа. 

    -Ингэхэд яагаад гэнэт ийм юм руу орчихов оо. Телевиз рүү урвах нь уу. Яг хаана, юу хийж явна вэ?

    -Ер нь бол одоо миний харж байгаагаар мэдээллийн хэрэгслүүдийн дунд зарчмын том ялгаа гараад ирлээ. Жишээ нь, дөнгөж сая би чамайг хүлээж байх зуураа уншиж байхад  DW өөрийн бодлогыг өөрчилж байна. Хуучин DW бол радио нь голлоод, телевиз нь туслах маягаар яваад, интернэт энэ тэр нь бүр хаягдчихсан явж байсан байгаа байхгүй юу. Гэтэл одоо телевиз нь нэгд гараад, тэгээд интернет, дараа нь радио гэсэн ийм бодлого гаргаж тавьж байна. Энэ нь Бундестагаар  батлагдаж байна. Яг үүнтэй адилхан манай хэвлэл мэдээллийн орон зайд ч гэсэн мэдээллийн хэрэгслийн дэс дарааллууд өөрчлөгдөж эхэлж байна. Гэтэл ийм өөрчлөлт бий болоод байхад телевиз маань өөрөө гоё гоё төслүүд байхгүй, нэг хэвийн, хэт хэвшмэл болчихоод байгаа байхгүй юу. Үндсэндээ 1980-аад оны телевизийн сэтгүүл зүй яг тэр чигтээ яваад байна. Тэгээд тэрийг жаахан өөрчилье гэдэг санаа л явж байгаа ухаантай юм л даа. 

    -Өмнө нь Сансарт монгол хүн ниссэний 20 жил гээд болж л байсан. Гэхдээ нэг их анзаарагдаагүй. Сая бол та нарын хийсэн цувралууд юм бодууллаа. Нээрээ энэ үйл явдал чинь өөрөө яг юу байсан юм, бид тухайн үед яаж ойлгож байсан юм. Одоогийн залуус энэ тухай юу мэдэх вэ гээд үнэхээр их юм бодогдлоо. Та “Оддын хотхон”-д нэвтэрсэн байсан. Бараг хаалттай бүс биз дээ?

    -Өнгөрсөн зууны 80-аад оны дундаас л зогсчихсон гэмээр цаг хугацаа тэнд байна лээ. Одоо ч гэсэн хаалттай хот хэвээрээ. Ганц нээлттэй болсон юм нь NASA, Европын сансрын нийгэмлэг хоёртой хамтран ажилладаг болсон. Өөрөөр бол бусад бүх юм нь нууц, хаалттай хэвээрээ. Хоёрдугаарт, тэр газар өөрөө үнэхээр сонин газар гэдэг нь үнэн. “Оддын хотхон”, “Байконур” гэдэг бол ерөнхийдөө энгийн төвшинд ойлгогдохооргүй нарийн технологижсон газар гэж бид ойлгодог. Үнэхээр ч тийм газар гэдэг нь үнэн. Гэхдээ бүх зүйл их энгийнээс эхэлдэг гэсэн нэг үг байдаг. Нарийн болох тусмаа их энгийн болдог юм байна. Захын хүн очоод учрыг нь олчихмоор. Надад бол үнэхээр сонирхолтой байсан. Ерөөсөө монголчууд өнөөдрөөрөө амьдардаг улсууд юм байна. Ажиглаад байхад. Үнэндээ бол монгол хүн сансарт нисэхээс 60-хан жилийн өмнө гэхэд бид үндэстнийхээ хувьд устаж байсан ард түмэн ш дээ. Гэтэл 60 жилийн дараа монгол хүн сансарт нисч байгаа байхгүй юу. Энэ ололт мөн үү. Яалт ч үгүй ололт. XX зууны монгол хүний хүрсэн төвшинг илтгэсэн, дэлхийд тэрийгээ зарласан  хамгийн том илэрхийлэл мөн үү гэвэл мөн. Пиар мөн үү гэвэл мөн. Маргахын аргагүй ололт амжилт бол энэ байгаа байхгүй юу. Бид бол олон юмаа үгүйсгэсэн. Олон юмаа устгасан. Түүхээ ерөөсөө хадгалахгүй байна. Гэтэл энэ ганцхан зүйлээр XX зууны монгол хүний хүрсэн амжилтыг илтгэж болж байгаа байхгүй юу. Тийм ч учраас NTV-тэй хамтарч энэ проектыг хийсэн. Сансраар өвчлүүлэх гэж бас үзлээ ш дээ. Төсөл ч гэсэн их аятайхан болсон. Хэдийгээр хөрөнгө мөнгө их зарагдсан ч гэсэн амжилттай болсон. Энэ бол ашиггүй төсөл ш дээ. Нэг ч төгрөгийн ашиг байхгүй. Гэхдээ сайн санаат хүмүүсийн дэмжлэгээр хийгдлээ. Ер нь бид өөрсдийнхөө түүхэнд маш хайр гамгүй ханддаг. Устгаад л, үрээд, тараад явчихдаг нүүдэлчин маягийн сэтгэхүйгээр өнөөдөр ч гэсэн хандаад байгаа. Үүнийг үнэхээр анхаарах цаг болж гэдгийг бид давхар хэлэх гэж хичээсэн. 

    -XX зууны дэлхийн монгол хэн бэ гээд харахад яг үнэндээ Ж.Гүррагчаа юм байна. Гэвч бид энэ хүнийг баатар гэж харахаа больчихсон. Тэгж үнэлж мэддэггүй. Хүүхдүүд танай төслийг үзээд гайхаж байна лээ. Та бол олон хоног хамт ажилласан байх. Тэр үнэхээр баатар мөн байна уу?

    -Бид бол тамын тогоон дотроо л байгаад байгаа улсууд шүү дээ. Сая үнэхээр олон хоног явлаа. Олон юм харж үзлээ. Тэнд бол сансрын нисгэгч дүүрэн байгаа орос орон шүү дээ. Тийм орон атлаа Гүррагчааг зүгээр л гар дээрээ эрхлүүлж байгаа байхгүй юу. Энд тэндэхийн хаалгаар ороход ч гэсэн тэр хүнийг машинаас нь буулгахгүй байна шүү дээ. Өө, Оросын баатар явж байна. Монголын баатар явж байна. Сансрын нисэгч явж байна гээд буулгахгүй байна. Сансрын хамгийн олон нисэгчтэй орон. Сансар судлалын төв болсон шахуу орон өөрөө тэгж хүндэлж байна ш дээ. Тэндэхийн багш нар, эрдэмтэд өөрчлөгдөж, нэг үе шинэчлэгдчихсэн байгаа ч бүгд мэхийж байна. Тэд баатруудаа манайхтай адилхан шавар шавхайгаар булаад хаячихдаггүй юм байна. Тэр байтугай манай орлон нисэгч Ганзоригийг ч их хүндэлж, гарын үсэг зуруулж авч байна. Намтар түүх нь бүгд байж байна. Ямар хэмжээний зовлон бэрхшээлийг туулж нисдэг, ямар хэмжээний хатуу бэрхийг амсдаг гэдгийг нь мэддэг улсууд тэр хүнийг хүндэтгэж байна. Тэр бол шал өөр ойлголт юм байна. Ганцхан жишээ хэлэхэд өмнөд Солонгос 2008 онд манай Гүррагчаа шиг нислэгийг анх удаа хийж байгаа байхгүй юу. Анхных нь нисэгч шүү дээ. 2008 онд гээд бод доо. Гэтэл бид тэднээс 30 жилийн өмнө нисчихсэн байгаа байхгүй юу. 

    -Одоо манайд бэлтгэгдэж байгаа хүн байдаг юм уу?

    -Байхгүй. Бид сансар руу зүгээр нэг жуулчин маягаар яваад ирсэн улсууд биш байна. Интеркосмос хөтөлбөрт оролцож, хиймэл дагуул хөөрөхөд бид оролцсон байна. Тодорхой юмыг нь авч хийж байсан байна. Одоо энэ Оюутолгой, Оюутолгой л гээд байна. Үнэхээр сонин юм тэнд байна лээ. Гарамжав гээд геологч чинь 1981 онд манай хоёр нисэгчийг бэлтгэгдэж байхад геологийн талаас нь тэр ажилд оролцож байсан хүн юм байна. Тэр хүний гүйцэтгэсэн ажил нь юу вэ гэхээр  сансраас авсан Монгол Улсын нутаг дэвсгэрийн нарийвчилсан зургийг боловсруулах ажлыг хариуцан оролцож байсан хүн байгаа байхгүй юу. Сансраас нэг тийм эргүүлэг маягийн тойргуудтай харагдсан газрууд заавал газрын ховор элементтэй байдаг юм байна л даа. Тэгээд л Гарамжав гуай хүмүүсээс мөнгө гуйгаад л Оюутолгойд өрөм тавиад л яваад байж. Тэгэхээр аль 1981 оны судалгаа явсаар байгаад өнөөдрийн Оюутолгойг нээсэн гэсэн үг. Тийм болохоор бид зүгээр нэг жуулчин маягаар сансарт гараад ирсэн улсууд биш байгаа байхгүй юу. 

    -Ганзориг гуай сая баатар боллоо. Үнэхээр Монголд ийм хувь тавилантай ганцхан л хүн байгаа байх. Хэр ярилцаж чадав даа. Ер нь юу ч яриагүй хүн шүү дээ?

    -Хашир бол яг базаад хэлэхэд ерөнхийдөө хоёрдугаар дүрд “тоглоод” сурчихсан л хүн байна лээ. 30 жил хоёрдугаар дүрд тоглосон байгаа байхгүй юу. Эхэндээ залуу халуун насандаа бол бухимддаг л байсан байх. Омогшлоо дарж л амьдарч байгаа ш дээ, мэдээж. Сүүлдээ уйлдаг болсон байх. Бүр сүүлдээ хувь заяатайгаа эвлэрсэн байх. Гүррагчаа гуай бол бүх алдар нэр, оргил, эрх ямбыг нь авсан хүн. Тийм учраас одооны энэ өндөрлөгөөс Ганзоригийгоо илүү ойлгодог, илүү хайрладаг болсон юм шиг мэдрэгдсэн. Нэг гоё үдэш болсон. Оросууд манай сансрын нисгэгчдийг хүндэтгэж зоог барьсан. Оросууд ямар тостгүй хундага өргөх юм биш. Бүгдээрээ гоё гоё үг хэлээд л. Тэгэхэд Ганзориг гуай хэлж байгаа байхгүй юу. Сансарт нисээгүй нисэгчдийн төлөө ууя гэж. Харин Гүррагчаа гуай “тэгье, би Ганзоригийг байхгүй байсан бол тийшээ нисэхгүй байх байсан юм” гэж. Хэрэв орлон нисэгч байхгүй бол Гүррагчаа нисэхгүй байж. Тэнд тийм зарчимтай. Ганзориг хажууд нь байсан учраас нисэх боломжийг олгож. Тэрийгээ магадгүй залуухан байхдаа хашир ойлгоогүй явсан байж болно. Цаг хугацаа явах тусам үүнийг ойлгосон байж таарна. 

    -Ер нь тэдний дунд загасны мах шиг завсартай, тайлбарлахад төвөгтэй хоёр эр хүний учрал тавилан байх юм уу. Эсвэл жинхэнэ нөхөрлөл байх юм уу?

    -Одоо бол энэ эрчүүд 60 гараад явчихаж. Мэдээж одоо ертөнцийг үзэх үзэл нь ч өөрчлөгдсөн байж таарна. Тэр утгаараа он жилээр хэмжүүлж явсаар яалт ч үгүй үлдчихсэн сайхан нөхөрлөл л харагдаж байна лээ. 30 жилийн өмнө ямар байсныг бол хэлэхэд хэцүү ш дээ. 

    -Социализмын үед бол Ганзориг гуайд дотроо нээх эрх байгаагүй байх. Нийгэм солигдсоны дараа болохоор өөрөө юу ч ярих сонирхолгүй болчихсон байсан байх. Энэ бол нэгэнт хувь заяа гэж хүлээж авахаас өөр аргагүй шүү дээ?

    -Түүний дотор асар том харуусал байдаг нь ойлгомжтой. Дотроо бол би шатаж байгаа юм чинь гэж нэг удаа хэлнэ лээ. Тэсэрмээр үеүд зөндөө л байсан байж таарна. Гэхдээ энэ хэмжээнд тэсч амьдарна гэдэг бол үнэхээр ховорхон л хүний шинж. 

    -Баатар болоход нь их баярлав уу. Дөнгөж саяхан хийсэн ажил болохоор нөлөөнөөс нь гараагүй байсан байх?

    -Баярлалгүй яах юм бэ. Өөрөө авч байгаа юм шиг л баярласан. 

    -Одоо Н.Дэмбэрэлийн талаар ярилцъя. Би сүүлийн үед өөрийнхөө үеийн, 1970 оны залуустай цуврал ярилцлагууд хийж байгаа. Тэр цувралын  ээлжит зочноор таныг урихаар төлөвлөсөн. Учир нь та бол нэг их элбэг биш намтартай хүн. Засгийн газрын хэвлэлийн албаны даргаар ажиллаж байгаад шоронд хоригдсоноос авахуулаад. Харин дараа нь яагаад ч юм “алга болсон”. Амралт, хямрал юу ч байсан байж болно. Гэхдээ аль нь вэ?

    -1970-аад он гэж сонин үе. Яг энэ сэдвээр эхэлж дуугарсан хүмүүсийн нэг би өөрөө байгаа юм. Үе үеийнхэнд өөрийн үүрэг хариуцлага гэдэг юм нь ирдэг. Тэр нь хүссэн ч хүсээгүй ч 1970-аад оныхон дээр одоо ирж байна. Ойрын 5-10 жилд хүссэн ч хүсээгүй ч 1970-аад оныхон нийгмийн чиг хандлагыг тодорхойлно. Эдийн засаг, санхүү, бизнес, утга уран зохиол, урлаг гээд бүх салбарт. 1970-аад оныхонд байдаг нэг зүйлийг онцолъё л доо. Эд ямар нэгэн юм өвлөж аваагүй. Нийгмийн баялгаас ерөөсөө хүртээгүй улсууд байгаа юм. Социализмын материал техникийн баазыг хувааж идэж чадаагүй улсууд. Бүгд л өөр өөрсдийнхөө аргаар амьдралаа авч явж байгаа. Үр дүнд нь ямар ч байсан мөр бүтэн. Идэх хоолтой. Амиа зогоогоод өдий хүрч байгаа. 70-аад оныхон үзэгдэл болж гарч ирнэ. Яруу найргийн ерээд он гэдэг шиг л цөн түрж гарч ирнэ. 

    -Наадахь чинь өөрөө манай үе?

    -Тийм. Гэхдээ яг тэр үе шиг нийгмийн бүх салбарт түрж гарч ирнэ гэж би төсөөлдөг. Тийм ч учраас 70-аад оныхныг цаг нь болоогүй байхад хоорондоо зодолдохгүй шүү гэж ил далд дандаа хэлдэг. 

    -Одоо таг чиг болсон таны тухай яръя?

    -Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга гэдэг ажил бол яах ч арга байхгүй улс төрийн гал дунд зогсохоос өөр арга байхгүй дүр. Хэдийгээр улстөрч биш ч гэсэн улс төрийн эргүүлэгт яваад орчихдог учраас би ингэж хэлж байна л даа. 

    -Засгийн газрын хэвлэлийн албаны дарга гээд нөхдүүд ажиллаж л байдаг. Нэг их анхаарал татаад байхаар алба биш. Харин тухайн үеийн Ерөнхий сайд М.Энхболдын хэвлэлийн албаны даргыг бол байнга элдэв хардлага сэрдлэг дагаж байсан?

    -Нэгдүгээрт, М.Энхболд гэдэг лидер тэр үед маш хүчтэй гарч ирсэн. Энэ нь өөрөө бүх анхаарлыг татах гол дүр болгосон уу гэвэл болгосон. Мэдээж жам ёсоор энэ хүн рүү бүх урсгал эргэнээ дээ. Хоёрдугаарт, би бол уг нь сэтгүүлч хүн биш шүү дээ. Өөр мэргэжлийн хүн. Эмч хүн мөртлөө эдийн засаг гэх мэтийн салбарт ажиллаж байгаад PR–ийн салбарт хөл тавьсан. PR-ийн салбарыг Монголд үүсгэн байгуулахад гар бие оролцсон гол нөхдүүдийн нэг. Нийт масс нэг их мэдэхгүй ч гэсэн улс төрийн дээд зиндааны тоглогчид болохоор мэдээд байдаг. Энэ утгаараа би хардлага сэрдлэгийн бай болсон. Энэ нь хэмжээ тун нь хэтрээд сүүлдээ Ерөнхий сайдын явуулж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа ажил хэрэгт нь нөлөөлж ирсэн. Ямар нэгэн хэвлэлийн юм босч ирэхэд ганц хүн рүү л зангадаг болсон. Өө, энэ нөхрийн хийж байгаа ажил гэх маягаар. Бүр амар болсон ш дээ. (инээв)

    -Засгийн газрын хэвлэлийн албаны дарга хүн Ерөнхий сайдаа л барьж ажиллах ёстой юм уу. Танхимтай жигд харьцах шаардлагатай юм уу?

    -Танхимтай жигд ажиллах бололцоо байхгүй л дээ. Ерөнхий сайдтай л тулж ажиллахаас өөр аргагүй. 

    -Тийм байх. Тэгээд ч тэр танхим бол Ерөнхий сайдын өөрийнх нь байгуулсан танхим биш байсан шүү дээ. Тавьж өгсөн танхим?

    -Тийм. Тэр танхим чинь их онцлог танхим байсан юм ш дээ. Хүчтэй танхим. Бараг таван намын дарга орчихсон танхим байдаг юм. Б.Жаргалсайхан, М.Энхсайхан, Б.Эрдэнэбат, Л.Гүндалай гээд, дээр нь Ерөнхий сайд нь өөрөө намын дарга байсан. 

    -Тийм юм байна. Таныг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай, мөн одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамтарч ажиллаж байсан гэдэг. Тэднээс явсантай  холбоотой дүнэлтүүд одоо ч хааяа гарч ирж байгаа харагддаг. Энэ тухайгаа задлаад ярьж болох уу?

    -Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга болохоос өмнө би олон нийттэй харилцах талаар зөвлөгөө өгдөг тийм л ажил эрхэлдэг хүн байсан. Улс төрд ямар нэгэн оролцоо байхгүй. Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга болно гэдэг өөрөө хүссэн ч, хүсээгүй ч улс төрд аваачаад оруулаад хаячихаж байгаа байхгүй юу. Тэр танхимын тэргүүн ажиллах ёстой. Тэр хүний төлөө үүрэг хүлээсэн нөхдүүд нь мөн ажиллах ёстой. Ийм л нөхцөл байдал үүснэ шүү дээ. Тэр нөхцөл байдлыг нь гацаадаг, ажлыг нь хийлгэдэггүй, бужигнуулаад байх сонирхолтой хэсэг бүлэг бол байсан. Гадуур хэвлэлээр явж байгаа бүх юмыг л намайг хийж байгаа мэтээр гүжирдэж, тэрийгээ итгэл үнэмшилтэйгээр тараадаг. Үүгээрээ юу хэлэх гэж байна гэхээр ард нь намын дарга өөрөө суучихаад хийлгүүлээд байгаа юм шиг ойлголт л өгөх. Ийм бохир аргаар нөхдүүд үзээд байхаар нь би өргөдлөө өгөөд, үгээ хэлээд яваад өгсөн л хүн шүү дээ. 

    -Огцрох шийдвэрээ Ерөнхий сайдтайгаа зөвлөөгүй, өөрөө гаргасан гэдэг. Энэ үнэн үү?

    -Зөвлөлгүй яахав. Өөрт нь юу ч хэлэхгүйгээр шууд хаячихаад гараад явчихна гэсэн тийм утгагүй юм байж болохгүй шүү дээ. Би энэ ажлыг өгөх нь зөв юм шиг байна. Яагаад гэвэл та ажлаа хийх ёстой. Зөвхөн Дэмбэрэл гэдэг хүнээс болоод ажил нь явахгүй байж болохгүй гэж хэлсэн. Нэг хогийн тантан шиг нөхөр ирчихээд л тэр хавиар хутгаад болохгүй байгаа юм шиг ийм ойлголт бий болчихоод, улстөрчид нь хардаад л, танхимыг нь гүжирдээд л ийм байгаа тохиолдолд. Тэгээд л Засгийн газрыг унагах гэж шалтаг шалтгаан хайгаад, бодитой ийм ажиллагаанууд явагдаад байхад зүгээр гөлийгөөд суугаад байх утгагүй шүү дээ. 

    -Ерөнхийлөгч Н.Энхбаярын зүгээс энэ бүхнийг явуулаад байсан юм биш үү. Түүний бүлэглэлээс л таныг шахаж байсан шүү дээ? 

    -Ер нь бол тийм. Тэр үед Хувьсгалт нам дотор юу явагдсан бэ гэхээр алдагдсан эрх мэдлээ буцааж авах л ажиллагаа явагдсан шүү дээ. Гэхдээ миний ойлголтоор бол зөвхөн Н.Энхбаяр ч байгаагүй. Тодорхой эрх мэдлүүдэд хүрэх сонирхолтой маш олон улс байсан. Тэдний үе нь өнгөрчихсөн. Авахыг хүссэн юмаа авч чадаагүй хорссон. Цаг хугацаа эргэж өөрт нь олдохгүйгээр яваад өгч байгааг харж байсан тийм улсуудын зовлонг ашиглаж хийгдсэн л улс төр. Дээр нь яг одоо хэлэхэд би бол оросуудыг их том үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Тухайн үед явж байсан хамгийн том төсөл бол Асгат. Асгатыг оросууд зүв зүгээр л авах гээд байсан ш дээ. Энэний эсрэг зоригтой зогссон хүн нь ерөнхийдөө бол М.Энхболд. Хүслээр нь зүгээр өгөөгүй л байхгүй юу. Одоо бол хувийн эрх ашгийн төлөө яахаас ч буцахгүй байдал ажиглагдаад, хэрэгжээд байна. Тухайн үед тэр бүхний эсрэг Оросын агентууд аймаар ажилласан юм бэ. Би нөгөө газар сууж байхдаа завтай болчихоод бодож байхад улам л тодорхой болж ирж байгаа юм л даа. Тэгээд өөрийн найдвартай хүнийг сонгосон болов уу. 

    -Манай лидерүүдийн дотроос Оросын талыг баримтлагч, Америкийн талыг баримтлагч гэх мэтээр аль нэг улс гүрний шошго өөртөө наалгаагүй нь тэр байж болох л юм?

    -Аливаа нэг хүн гарч ирээд ямарваа нэг шийдвэрийг гаргаад л яваад байдаг. Эрх мэдэл нь ирсэн юм чинь шийдвэрийг гаргаж таарна аа даа. Гэхдээ тэр олон шийдвэр хачирхалтай нь аль нэгэн талд хэлтийж л гараад байдаг. Энийг та бид бүгд мэднэ. Миний ажигласнаар хашир бол дүн нуруу алддаггүй. Яг голыг нь олоод л тэр байр суурин дээрээ зогсдог. Ямар нэгэн салхи шуурганд автдаггүй. 

    -Н.Энхбаяртай яг хэдийд яаж танилцсан юм бэ?

    -2009 оны сонгуулийн үеэр надад уулзах санал тавиад бид хоёр уулздаг байхгүй юу. Уг нь бол харилцаа муудаад холдчихсон хүмүүс шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлж байсан үе. Хоёр гурван ч хүн явуулж хэлүүлсэн. 

    -Өөрөө шоронд хийчихээд уулзъя гээд байдаг. Наадахь чинь юу гэсэн үг юм бэ?

    -Үгүй, би яаж мэдэх вэ дээ. Тэр зуучаар явуулж байгаа хүмүүс нь бас тодорхой төвшний улсууд байна ш дээ. Дор хаяж УИХ-ын гишүүн, сайдын төвшний нөхдүүд ирж байгаа юм. Тэгээд тэд ч бас зөвлөсөн. Уулзах нь зөв байх аа. Уулз гэж. Гурав дахь удаагийнхад нь би очиж уулзсан. 

    -Би чамайг шоронд явуулаагүй шүү дээ. Тэр Ч.Улаан, Т.Ганди эд нар л гүйгээд байсан... гэж байх юм уу?

    -(инээв) Энэ тухай бол ярихгүй гэсэн тохироог бид хийчихсэн байсан юм. Аль аль нь сөхөхгүй гэсэн. 

    -Тэгэхээр та одоо ч гэсэн ярихгүй гэсэн үг үү?

    -Биш ээ, тэр үед бид хоёр хоорондоо энэ сэдвээр ярихгүй ээ гэсэн тохироо байхгүй юу. Хоёр талаасаа энэ сэдвийг хөндөхгүй шүү гэж зуучлагчаар дамжуулж тохиролцчихоод орсон гэсэн үг. Тэгээд оронгуут хашир нэг зүйлийн талаар ярьсан юм. Та надаас яаж танилцсан бэ гэж асуусан болохоор би хариулах гээд явж байгаа нь л энэ шүү дээ. Би тэгээд яваад орлоо. Мань хүн босч ирээд өө, Дэмбээ сайн уу гээд гар бариад нөгөө зуучлагч хүнд буцаагаад намайг танилцуулж байгаа байхгүй юу. Дэмбээ бид хоёр чинь тэдэн онд тэгж танилцаж байсан юм аа. Эдний амидаа зах зээлийн хүрээлэнгийн захирал Дэмбэрэл гэж хүн байдаг юм гээд л. Одоо энэ танхимын даргыг хэлж байгаа юм. 2003 онд шиг санаж байна. Танхимаас Монголын жил гэж зарлаад л баахан арга хэмжээ зохион байгуулсан. Дуу муу зохиогоод л, тэрийг нь одууд дуулаад л. Тэрний нээлт болдог юм. Мань мэт оччихсон хатавч, үүд хавиар л байцгааж байна ш дээ. Тэгтэл Ерөнхий сайд явах болдог юм. Н.Энхбаяр тэр үед намын дарга, Ерөнхий сайд гээд жинхэнэ л ид байсан үе нь. Арга хэмжээг эхлүүлчихээд протокол нь дуусаад л гарах болсон. Тэгээд үүд рүү алхаж байтал С.Дэмбэрэл дарга намайг танилцуулсан. Энэ залуу ийм тийм ажил эрхэлдэг, ийм хүн гээд л. Хашир гараад явах гэж байснаа саатаж, нэлээд ярилцаж тэгж танилцаж байсан юм. 2009 оны уулзалтын эхэнд мань хүн тэрийг ярьдаг байхгүй юу. Тэрнээс ч болсон уу, уур амьсгал ч зөөлөрсөн. Сонин нь анх танилцаж байснаа мартаагүй санаж байдаг юм билээ. 

    -Тэр анхны уулзалтаас хойш л хамтарч ажилласан юм уу?

    -2004 оны сонгууль, 2005 оны ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн сонгууль гээд бүгдээрэнд нь хамтарч ажилласан шүү дээ. 

    -Ц.Элбэгдорж ерөнхийлөгчтэй хэзээ танилцсан юм?

    -Ц.Элбэгдорж ерөнхийлөгчтэй би яг ойрхон хамтарч ажиллаж байгаагүй. Би  2000 онд бүр Ц.Элбэгдоржийн эсрэг ажиллаж байсан.  

    -Нөгөө хашгируулна гэснийг хошгоруулна болгох үеэр үү. Тэрийг таныг л хийсэн гэх юм билээ?

    -Биш ээ, тэрнээс бүр өмнө. 2000 он гэдэг чинь Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаас буучихсан, Дорнодод нэр дэвшээд явж байсан үе. Тэр үед Боловсролын яамны газрын дарга байсан, одоогийн Хотын орлогч дарга Б.Баатарзориг бас нэр дэвшээд, би дэмжиж ажиллаж байсан юм. Тэнд Ц.Элбэгдоржийг ялж байсан.

    -Тэр хошгирох, хашгирахыг “Нирун”-ы Батсайхан хийсэн юм уу, та хийсэн юм уу. Хашгируулна гэснийг нь хошгируулна болгосон юм уу. Хошгируулна гэчихсэнийг нь хашгируулна болгож тайлбарласан юм уу?

    -Тэр үед надад орж ирсэн материал нь яалт ч үгүй өөрийнх нь штабын дотроос гарсан материал. Тэндээсээ л улсууд хулгайлаад л авчирч өгсөн. Тэр эзнийг нь өөрсдөө олно биз. Хамар доор нь л байгаа. Зүгээр тэгээд ороод ирсэн материалыг эргэлтэнд оруулах нь бол яалт ч үгүй л миний ажил. 

    -Тийм юм гарт ороод ирэхэд ажиллагаа хийхгүй байвал хорвоогийн хамгийн мулгуу пиарч болж таарах байх л даа?

    -Мэдээж ш дээ. Харин сүүлийн 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулиар миний ямар ч оролцоогүйгээр ашиглагдаад явчихсан. 

    -Миний ойлгосноор тэгвэл хоёулантай нь хамтарч ажиллаж байгаад нэгээс нь нөгөө рүү урвасан явдал бол байхгүй юм байна шүү дээ. Гэвч яагаад тэгж яригдаад байдаг юм бэ?

    -Мэдэхгүй. Хамгийн зовлонтой нь миний хийдэг тэр ажил чинь тэрэнтэй ингэж ажиллаад, энэнтэй ингэж ажиллаад гээд алдар гавьяа, сайн муугаа дуудуулаад байх боломжгүй ажил. Надад ч тийм сонирхол огт байдаггүй. Хувь хүн надад итгэж найдаад, энэ хүн миний төлөө ажиллаж чадна гэж сонгоод, өөрийнхөө хувийн болон хувьсгалын бүх нууцаа тавьж өгөөд хамтран ажиллаж байхад би тэрийг дэвэн дэлхийгээр нэг тараах ёс суртахууны эрхгүй. Энэ утгаараа ажил маань үргэлж төлөвшүүлж, улам чанд нарийн ажиллахыг шаардаж байдаг. Ийм хэмжээний мэдээллүүдийг эргэж эздийнх нь эсрэг ашиглах, өөрийн алдар гавьяаг өргөх зорилгоор тарааж цацаж явахыг би жигшдэг. Жишээ нь би Н.Энхбаяр даргатай хамтарч ажиллаж байсан уу, байсан. Гэхдээ тэр хүнтэй ойр ажиллаж байхдаа хуримтлуулсан мэдээ материалуудаа гадагш нь гаргаад, элдэв хорлон сүйтгэх ажиллагаа хийгээд явахгүй л байгаа биз дээ. Намайг сэтгэл зүйн хувьд ийм байдалд хүртэл унана гэж зарим нь тооцож байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ би тэгээгүй. Тийм болохоор миний тухай янз бүрийн ташаа ойлголт өгөхийг хичээсэн ородлогууд байнга явж байдаг. Хатгаж хөдөлгөх гэдэг санаархал ч явдаг. Ажлаа сэтгэлийн хөдөлгөөнөөс ангид авч явах чадвар надад суулгүй дээ, эрхбиш. 

    -Хагарал тэгээд хэзээ эхэлсэн юм бэ. М.Энхболдыг сонгосноос үүдсэн үү?

    -Ер нь бол Засгийн газрын үйл ажиллагаа яваад эхэлсэн. Тэндээс л бүх юм эхэлчихсэн дээ. Бүх юм Засгийн газрын эсрэг, М.Энхболд гэдэг Ерөнхий сайдын эсрэг явж байхад тэрийг зогсоохын төлөө ажиллах нь миний үүрэг юм байгаа биз дээ. Явуулж байгаа бодлого, гаргаж буй шийдвэрүүдийг нь сурталчлах, хамгаалах, сөрөг дайралтуудыг саармагжуулах ажиллагаа явуулах нь миний өдөр тутмын ажил. Засгийн газар хоёр гурван удаа дэнжигнэсэн. Ажиллахгүй байх арга байхгүй байсан. Би бол нэгэнт л ажлыг хүлээгээд авсан л бол дайраад орчихдог зантай. Тэр зангаараа л ажилласан. 

    -М.Энхболдын хувьд таныг яагаад хэвлэлийн албаны даргаараа сонгосон юм бол?

    -2004 оны орон нутгийн сонгууль болдог юм. Орон нутагт болон Улаанбаатарт МАХН жаахан хүнд байж магадгүй гэсэн судалгаа хийсэн юм шиг байгаа юм. Тэгээд мэдээж пиарчин хэрэгтэй юм шиг байна ч гэдэг юм уу, иймэрхүү яриа хөөрөө болж. Хэнтэй ажиллах вэ, яах вэ л болно биз дээ. 2000 онд хамт ажиллаж байсан Б.Баатарзориг маань хотын орлогч болоод оччихсон. Тэгээд хашир л намайг санал болгосон юм шиг байгаа юм. Нэг ийм залуу байдаг юм аа. Та нар уулзаад үзэхгүй юу гэж. М.Энхболд даргад л хэлсэн юм шиг байгаа юм. Нөгөөх нь надтай уулзаж бариа ч үгүй, тэгвэл хийлгэ л гэсэн юм шиг байгаа юм. Сонгууль эхлэхээс бараг хоёр сарын өмнө тулчихсан яваад байдаг, би нөгөө хүний чинь царайг огт хараагүй яваад байдаг. Ямар ч хүн байдаг юм. Телевизээр л харсан. Тэгээд л ажил эхэлчихсэн, сонгуулийн бэлтгэл ажил ид явагдаж байсан. Сонгуулийн ажиллагаа бараг хоёр сарын өмнө эхэлсэн байдаг юм. Тэгээд ажиллаж ажиллаж сонгууль дууссан. Сонгуулиар тэр ажилласан хэвлэл мэдээллийн баг бол үүргээ сайн гүйцэтгэсэн. Орон нутгийн сонгуулиар ялсан. 40 суудлаас 38-ыг нь авчихдаг бил үү, 35-ыг нь авчихдаг бил үү. Үүргийг амжилттай биелүүлчихээд сууж байтал дууддаг юм. Давхиад орсон. Бид хоёр чинь бүхэл бүтэн сонгуулийн дараа анх удаа ойр дотно уулзаж байгаа нь энэ ш дээ. Тэгээд л танилцсан даа. Тэгээд хотын захиргаанд бас нэг жаахан өөрчлөлт оруулсан. Анх удаа л хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба гэдэг юмыг төрийн байгууллагад байгуулсан. Байгуулангуутаа хашир намайг ирж ажиллахгүй юу гэж урьсан л даа. Ингээд л хотын захиргааны ОНХА-нд орж ажиллах болоод явчихлаа. Ажиллаад явж байтал Ерөнхий сайд болоод явлаа. Үлдээд ажиллаж байтал хашир намайг тэндээ хүрээд ир гэсэн. 

    -Энэ болтол Н.Энхбаяр даргатай муудсан юм бол байхгүй биз дээ?

    -Байхгүй.

    -Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга болоход тань харин тэр дуудаж уулзсан биз дээ. Яагаад ийм шийдвэр гаргав аа гэж?

    -Энхбаяр дарга уу. Үгүй ш дээ.

    -Ер нь Н.Энхбаяр дарга өөрөө л сонгуульд ялалт байгуулсан менежер С.Баярыг биш М.Энхболдыг гэсэн сонголтыг хийгээ биз дээ?

    -Ер нь бол өөрөө сонголтоо хийсэн. Өөрөө сонголтоо хийсэн ч гэсэн нэг ийм юм байна ш дээ. Сонголтоо хийхдээ М.Энхболдыг бол яг өөрийнх нь тоглоомоор тоглоно гэж бодсон юм шиг байгаа юм. Нэгэнт М.Энхболд өөрийн гэсэн бодолтой, өөрөө бас том лидер хүн шүү дээ. Нөхөр гэтэл яг өөрийн бодлогоо хийгээд, өөрөө тоглоод, нам хамт олноо бодоод шал өөр тоглоомоор тоглоод яваад байхаар юм доргино биз дээ. 

    -Номхон, хүлцэнгүй гэж харж байсан М.Энхболд өөрийнхөөрөө гөжөөд явчихсан. Дургүй хүргэх зүйл ч мөн шүү?

    -Тийм. Жишээлбэл, М.Энхболд даргад бас нэг ийм сонин юм байдаг юм ш дээ.  Нам, хамт олон гэдэг юмаа их боддог. Би их олон лидертэй ажиллаж үзсэн. Ер нь бол хамт олноо эхэнд нь эрэмбэлж тавьдаг нь ховор. Аман дээрээ бол өөр л дөө. Эхлээд өөрийнхөө ойр орчинг л бодоод байдгаас биш яг намаа, хамт олноо гэж боддог хүн бол их цөөхөн. Хашир бол тэгж бодоод байдаг байхгүй юу. Нэг шийдвэр гаргахынхаа өмнө энэ эргээд сонгуульд яаж нөлөөлөх вэ, намын ирээдүйд яаж нөлөөлөх вэ гээд түрүүнд нь тавьж бодоод суучихдаг. Олон сайхан чанартай хүн дээ. Хүний амьдралыг их сайн мэднэ. Яг бодитой зовлон жаргал дундуур явсан хүн. Амьдралаас тасраагүй. Доод юмаа их сайн мэддэг. Би бол популист шийдвэр гаргуулах сонирхолтой байгаа ш дээ. Би хоёр гурван шийдвэр гаргуулах гээд, ингэж тоглох ёстой гэж бүр барьж орж л байсан. Хашир бол үгүй л гэсэн. 

    -Хүмүүсийн энгийн амьдралын утаан дунд байдаг хүн гэх гээд байна уу. Магадгүй л дээ. Гэхдээ сайн мэдэхгүй байна?

    -Гэтэл яг тэр миний гаргуулах гээд байсан шийдвэрийг С.Баяр гаргасан байхгүй юу. Тэгэхэд би бодож байсан. Намайг энийг санал болгож байхад урдаас  “Үүний чинь цаана хүний амьдрал байгаа ш дээ” гэж хэлж байсан даа гэж. Томчууд бол хүний амьдралыг зүгээр үзэгний үзүүрээр шийддэг. Элбэгээ, Баяр гээд популист лидерүүд байна ш дээ. М.Энхболд бол зовлонг нь мэддэг болохоор тиймэрхүү шийдвэр гаргахад их хүндрэлтэй байдаг юм шиг санагддаг. 

    -2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд та Н.Энхбаярт ажиллаж байсан уу?

    -Тэгсэн. 

    -Олон том политикүүдтэй ажиллаж үзсэн. Та жишээ нь тэдний нэгийг хүнийг хаядаггүй, хүмүүсийн амьдралыг сайн мэддэг, хүний зовлон жаргалд ойр байдаг гэж дүгнэж байна. Надад бол наад үг тань их хийсвэр санагдаж байна. Хүний сэтгэл жишээ нь хамгийн үнэтэй зүйл байх. Тийм үү?

    -Тэр мэдээж.   

    -Хөлсөө гоожуулаад олон арван хүн тэдний төлөө сонгуульд ажилладаг. Бүх улс төр ийм л дэмжлэг дээр явж  байдаг. Бүгд тэрийг нь аваад дэвшээд дэвшээд гараад явчихдаг. Гэвч эргэж хараад баярлалаа гэж хэлдэггүй. Би С.Баяр даргаас 2005 онд Н.Энхбаяр ерөнхийлөгч танд  баярлалаа гэж хэлсэн үү гэж асуугаад “үгүй л дээ, тэгэх албагүй шүү дээ” гэсэн хариу авч байсан удаатай. Ийм зүйл надад бол гашуун л санагддаг?

    -Энэ чинь бараг байнга л тохиолддог үйл явдал ш дээ. Та бол өөр орчинд байдаг. Тэрийг их хүнд авдаг юм шиг байна. Бид мэт бол дөжирчихсөн. Ажил юм чинь баярлалаа гэж хэлэх албатай ч биш дээ гэсэн шүү юм бодно. Тодорхой үед үүргээ гүйцэтгэж байна. Ажлаа хийж байна. Ялсан бол ялсан, ялагдсан бол ялагдсан. Тэгээд л явчихаж байна, тийм үү. 

    -Харж байхад улстөрчид ихэвчлэн гарынхаа аясаар хөдөлгөх, муу хүсэл, далд зорилгыг нь биелүүлэх, командаар нь ягштал ажиллах нөхрийг сонгон ачилж, амьдрал ахуйг нь өөд нь татаж яваа үзэгддэг. Үнэнийг нь хэлдэг, шударга хүмүүсээс тэд үргэлж цахладаг. Ийм нөхдүүдэд ажиллах хайран шүү дээ? 

    -Ийм л байдаг шүү дээ. Жишээлбэл, надтай улстөрчид яаж харьцдаг вэ гэхээр цааш нь ч явуулахгүй, нааш нь ч явуулахгүй л байхыг боддог. Надтай бүгд сайхан найз уу найз, бүгд сайхан гар бариад л инээгээд явж байдаг. Баяр ёслолоор нэг мэнд хүргэдэг ч юм уу. Ийм л байдаг. Та бол илүү эмзэг хүн юм шиг байна. Одоо жишээлбэл, Дэмбэрэлийг бол холдуулж болохгүй, ойртуулж болохгүй. Тийм л нэг хүн шүү дээ. Авч болдоггүй, бас хаяж болдоггүй. (инээв)

    -За, тэр тийм байдаг байж. Нөхөр Дэмбэрэл  шоронд орчихлоо. Гэнэт ийм юм болно гэж ер нь бодож байв уу?

    -Манай нэг ах хүү байдаг юм. Зовлон жаргал үзсэн хүн л дээ. Амьдралд учирсан л нэг сайхан хуурай ах. Тэр ах маань хэлж байсан. За, Дэмбээ тав дахь өдөр болж байна. Ер нь ачна шүү гэж. Тийм учраас би сэтгэл зүйн хувьд бол бэлтгэлтэй байсан л даа. 

    -Шүүх хурлаас гарч ирээд хийсэн мэдэгдлийн тань үеэр сэтгэл зүйн бэлтгэлгүй байна гэж л харж байсан юм байна?

    -Үгүй, үгүй. Тэр чинь бол өөр шүү дээ. Тэр бол сэтгэл санааны хувьд шал өөр юманд орчихож байгаа байхгүй юу. Юу гэж л хүн шүүх хуралд орохдоо ялагдана, шоронд орно гэж орох вэ дээ. Тийм үү. Шүүгч нь залуухан хүн байж байдаг. Дөнгөж намайг шүүхээс гурван сарын өмнө л шүүгч болсон нөхөр шүү дээ. Алдар гээд. 

    -Яг ямар нийтлэлээс болсон юм бэ. Ямар сонинд гарсан, аль нийтлэлээс гэдэг ч нэг их сайн ойлгогдоогүй шүү дээ?

    -Нийт нийтлэл гэвэл их олон нийтлэл байгаа. Нэвтрүүлэг байгаа, хэвлэл байгаа, сонин байгаа. Ерөөсөө яг яллагдсан юм гэвэл Ч.Улаан сайдыг утсан хүүхэлдэй гээд л хэлчихсэн байхгүй юу. Ярилцлаган дотор л би тэгээд хэлчихсэн.

    -Сонинуудаар нийт явсан юмнуудыг нийлүүлээд л өөр дээр чинь овоолчихсон гэж ойлгодог шүү дээ. Сонинд өгсөн ярилцлагаасаа болсон юм уу?

     -Одоо жишээлбэл намайг өргөдлөө өгөөд огцорсны дараа сэтгүүлчид ярилцлага авна биз дээ. Ямар учиртай та ингээд өргөдлөө өгчихөв өө. Юунаас болж ийм шийдвэрт хүрэв ээ гээд шална биз дээ.  

    -Тэгвэл улс төрийн албан тушаалтан биш болчихсон хойноо юу ярих нь таны эрх биз дээ?

    -Би огцорчихсон байсан. Би өөрийнхөө байр суурийг илэрхийлээд явчихсан. Дараа нь яагаад ажлаа өгчихөв өө гээд хэвлэлийнхэн асууна биз дээ. Тэгээд би хариулсан байдаг юм. Ер нь бол ийм ийм утсан хүүхэлдэйнүүдээс болоод ажиллах бололцоо алга. Эднийг цаана нь өөр хүн тоглуулж байгаа шүү гээд. Ингэж утсан хүүхэлдэй болж яваа нөхдүүд хэн бэ гэдгийг л хэлчихсэн учраас тэр тоглуулдаг улс нь хэрэг үүсгэсэн. Бүх юмыг шалгаад явахаар би буруутай биш, нөгөө улсууд буруутай болох гээд байдаг. Яг хөөгөөд явах юм бол шүү дээ. Гэтэл тийм ажиллагаа хийгдээгүй байхгүй юу. Монгол хэлний тайлбарлагч гээд нэг өвгөн оруулж ирээд л Ч.Улаан гэдэг чинь бол зүв зүгээр хүн байна. Утсаар хөдөлгөөд байдаг юм бол байхгүй юм байна. Тиймээс энэ нөхөр гүтгэн доромжилжээ л гэсэн. Шүүхийн шийдвэр бол энэ шүү дээ. 

    -Шинжээч гэдэг хүмүүс чинь харин ёстой ноцтой нөхдүүд юм билээ. Би Сергей Громовын талаар бичихдээ цагаач гэдэг үг хэрэглэлээ гээд цагдаад жил шахуу шалгуулсан. Шинжээч нь цагаач гэдэг үг нь доромжилсон утгыг агуулж байна гээд дүгнэлт гаргачихсан байж билээ? 

    -Цаад үндсэн юм нь бол өөр юм яваад байгаа шүү дээ. Цаана нь Асгатын, Төмөртэйн цайрын асуудал явж байхад. Яагаад үүнээс болоод Засгийн газар огцрох гээд байгаа юм бэ. Тийм учраас би ажлаа өгье гээд өгчихлөө шүү дээ. Тэгээд ийм юм хийгээд байгаа улсууд нь ийм ийм хүмүүс байгаа юм аа. Эд нар бол одоо үеэ өнгөрөөчихсөн. Салхи бол зөв талаасаа ирж байгаа юм шүү гэдгийг хэлчихээд гарч байгаа биз дээ. Гэтэл тэр бүхэл бүтэн том асуудал дотроос шүүрдэж байгаад “утсан хүүхэлдэй” гэдэг үгийг салгаж аваад яллаж байгаа байхгүй юу. 

    -Таныг шоронд ороход энэ лидерүүдээс эргэж очсон уу, тэгээд?

    -Ер нь бол яг тэр газар орчихсоныхоо дараа юмыг жинхэнэ мэдэрч эхэлдэг байхгүй юу. Тэрнээс өмнө бол огцорчихсон гудамжинд явж байгаа амьтан шүү дээ. Тийшээ оронгуут намайг огт өөр амьдрал угтсан. Камер дотор яваад оронгуут л өө, нөгөө  Н.Энхбаяртай үздэг залуу байна ш дээ. Дээшээ, дээшээ гээд камерт хоригдож байгаа улсууд хүндлээд эхэлдэг юм билээ. Их сонин. Би чинь өдрийн бараг 10 гаруй эргэлттэй. 

    -Өөрийг тань нэг зүйлийг их анзаарсан байх гэж боддог. Яг Засгийн газрын хэвлэлийн албаны дарга байхдаа та бол хэвлэл мэдээллийн салбараас нэг их айхтар хүрээлэлгүй юм шиг харагддаг байсан. Гэтэл гэнэт баригдаад хоригдчихсоны тань дараа хэвлэл мэдээллийн салбарынхан бараг бүгд таны төлөө “боссон”. Аймаар том мэдрэмж авсан биз дээ?

    -Тэгэлгүй яахав. Юутай ч зүйрлэх аргагүй том нөмөр нөөлөг ороод ирсэн. Бүр санаанд ормооргүй хүмүүс өмөөрч байгаа юм. Дээр нь маш том хүрээлэл үүссэн. Би чинь ийм гавьяатай бил үү гэж бодоход хүртэл хүргэдэг юм байна лээ. “Өдрийн сонин”-ы Ж.Мягмарсүрэн эрхлэгч, танай сонины Б.Ганболд эрхлэгч гээд томчууд бүгд намайг хамгаалж, тусгай бодлогоор ажиллаж эхэлсэн. Тэгээд гол гол бичдэг тоймчид, нөлөө бүхий сэтгүүлчид. Жишээлбэл, Г.Дашрэнцэн ахыг би огт таньдаггүй байлаа. Бид хоёр тэр хэргээс хойш л сайн найзууд болсон.  

    -Та одоо Ч.Улаан “сайд”-тай тааралддаг уу?

    -Энд тэнд тааралддаг ш дээ. Намайг харахаараа цагаан сарын өглөө улсууд нэг мөр гаргаад явдаг даа. Огцом огцом эргээд л… Яг тэрэн шиг явж байснаа огцом өөр тийшээ эргэчихдэг юм. 

    -Ч.Улаан бол утсан хүүхэлдэй гэдэг үгэнд эмзэглээд байхааргүй хал үзсэн хүн. Хорин хэдэн жил сайн муугаар “буудуулчихсан”. Үнэхээр сонин хэрэг шүү? 

    -Миний хэргийг шалгасан мөрдөн байцаагч бүр гайхаад учраа олохоо байсан ш дээ. Чи яг яачихсан юм бэ. Өдөржин шөнөжин хэрэг шилжүүл гээд намайг дээрээс дарамталчих юм. Гэтэл чиний энэ хэргийг чинь шалгахаар гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй ёстой хэцүү юм аа гэж. 

    -Ер нь бол М. Энхболд захиалж хийлгэсэн гэж хэлүүлэх л гээд хэрэг үүсгэсэн хэрэг биз дээ?

    -Эзнийг нь хэлчих. Хэн юм бэ. Захиалгыг хэн өгсөн юм бэ л гэдэг. М.Энхболд гээд л хүслээр нь би мэдүүлэх  ёстой юм байна л даа. Гэтэл тэр хэрэг үүсгэсэн юм нь М.Энхболдын хэлсэн үг биш. Миний өөрийн ажлаа өгснийхөө дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн үгнүүд шүү дээ. Би ер нь яагаад өөрийнхөө үзэл бодлыг хэлж болдоггүй юм бэ. Огцронгуутаа би ер нь бол ийм юм болоод байгаа юмаа гэдгийг зарлаад хаячихсан байхгүй юу. Яагаад гэвэл энэ илэрснээр тэр явуулаад байгаа үйл ажиллагаа нь зогсоно гэж би ойлгож байсан. Тэр үед Засгийн газрыг огцруулах гээд жаахан эвгүй болчихсон үе. Тэгээд бүх юмыг нь зарлаад, ил гаргаад хаячихаар чинь тэр бүх операц зогсчихож байгаа юм. Яг энүүгээр нь хийхээр дэндүү увайгүй, ил тод юм болох гээд байдаг. Энэ нь тэр хүмүүсийн хорслыг улам төрүүлсэн юм шиг байгаа юм. Миний амьдралдаа хийсэн их том мэдэгдэл бол Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаас огцрохдоо хийсэн мэдэгдэл маань гэж боддог юм. (инээв) 

    -2009 онд Н.Энхбаяр дарга тантай яах гэж уулзсан юм бэ. Ямар нэгэн хүсэлт тавьсан юм уу?

    -Яахав дээ, намайг нөгөө газраас гарч ирчихээд даль даль хийгээд унана гэж айсан юм шиг байгаа юм. Манай Баянхонгорынхон чинь юманд өс хонзон санаад байдаггүй, эргэж новшроод байдаггүй сонин зантай улсууд шүү дээ. Болбол болоод, болохгүй бол хаяад явчихдаг ийм л улс. Натур нь, төв халхынхан чинь тийм л нөхдүүд байдаг биз дээ.  

    -Орост эмчийн мэргэжлээр төгсч ирсэн залуу Монголдоо ирээд яагаад мэргэжлээрээ ажиллаагүй вэ?

    -Би Эрхүүд төгссөн. Ер нь анхнаасаа л эмч болох хүсэлгүй байсан. Тэр үе чинь социализм. Бас гайгүй сурдаг. Гадаад явмаар байна ш дээ. Уг нь бол би биологич болно гэж боддог байсан юм. Амьтан судлаач, мазаалай судлаач болъё гэж боддог байлаа. Яагаад гэвэл Сэгс цагаан богд, Эхийн голд манай аав ажиллаж байсан. Сэгс цагаан богд найраглалд өгүүлдэг усан үзмийг тарьсан хүн чинь манай аав байхгүй юу. Тэгээд л би ургамал амьтан сонирхдог, оросын экспедиц гарахаар тэднийг очиж их сонирхдог хүүхэд байсан. Амьтан судлаач болно л гэнэ. Ирвэс судлах ёстой юм байна, мазаалай судлах ёстой юм байна гэдэг ойлголттой л явж байгаад гуравдугаар группээр конкурст орчихдог байхгүй юу. Манай анги есдүгээр ангид байхдаа улсын тэргүүний хувьсгалт зулуучуудын эвлэлийн үүр гэдэг юм боллоо. Тэгээд намайг хар далайд Орлёнок зусланд амрааж байлаа. Ерөнхийдөө энэ үеэс эвлэлийн төв хороон дээр судалгаа энэ тэр хийчихсэн байсан юм шиг байгаа юм. Тэгээд нөхөр Дэмбэрэлийг Комсомолын дээдэд явуулъя гэж шийдэж л дээ. Хоёр гурван ч удаа ирж уулзсан. Манай ангийн багш Лосолмаа гэж бий. Бид нар Ло гэдэг. Ло багш намайг чирээд л аймгийн эвлэлийн хороо орно. Очоод л за, нөхөр минь сургуульдаа явна шүү. Комсомолын дээдэд явна шүү гээд л. Ингээд явж байтал нэг удаа Эвлэлийн хорооноос хүн ирээд хүрээд ир гэж дуудаж байна гэсэн чинь багш хичээлтэй болж таараад би ганцаараа очих болсон. Тэгээд яваад очтол сургуульд явах уу, үгүй юу гэж асууж байна. Би ч урдаас нь явахгүй, өөрийнхөө хүссэн мэргэжлээрээ явна. Комсомолын дээдэд явахгүй л  гэчихсэн. Тэгээд конкурст орсон чинь миний сонирхсон мэргэжлээр  МУИС-ийн  хуваарь л байсан. Гэтэл би гэдэг хүн гадаад явмаар байдаг. Өндөр оноо аваад дээгүүр жагсчихаар түрүүлж ороод хуваариа сонгох эрхтэй болно биз дээ. Тийм ийм хуваариуд байна л гэдэг. Одоо бодоод байхад манай аав ээж ямар сайхан улс байсан юм бэ. Өө, тэгээд өөрөө ороод авна биз гээд намайг шууд хаячихаж байгаа байхгүй юу. Чех, Унгар энэ тэр соц орнуудад мэргэжлүүд байна. Тэгж тэгж Эрхүүг сонгосон чинь хүүхдийн эмч болохоор явчихсан. 

    -Одоо бол гэр бүлдээ эмчээ хийнэ биз дээ?

    -Хэцүү ш дээ. Эмчээ хийхгүй гурван жил болоход л тэр хүн эмч биш шүү дээ. Хичнээн диплом байгаад одоо би өөрийгөө эмч гэж хэлбэл инээдтэй хэрэг болно.  
    -Ангийнхныхаа тухай яриач дээ. Танай ангийг супер анги байсан гэж сонссон?

    -Манай анги 10 жилдээ их гоё анги байсан л даа. Олон сайн лидертэй. Тийм учраас хоорондоо их өрсөлдөөнтэй. Тэр өрсөлдөөн нь их гоё. Жишээлбэл, тэр тэдэн ном уншчихжээ л гэхэд шууд давж унших ч юм уу. Хүний олоогүй, уншаагүй номыг олж унших ч гэдэг юм уу, тийм зүйлээр өрсөлддөг. Хичээл тараад баахан хөлбөмбөг тоглож байгаад, аймгийн номын санг очиж нураадаг тиймэрхүү л анги байсан. Нэг дор тиймэрхүү хүүхдүүд бөөгнөрчихөөр их сонин. Хажуугаар нь бас монгол хэлний олимпиад болдог байлаа. Тэрэнд түрүүлнэ гээд л бөөн бэлтгэл хийж байх жишээтэй. Монгол хэлний олимпиад хүүхдийг юм уншдаг болгодог. Дээр нь зөв бичдэг болгодог. Манай анги монгол хэлний улсын олимпиадад  түрүүлсэн. Математикийн олимпиадаар мөн улсад түрүүлж байлаа. Хими, биологи, орос хэл гээд бүх олимпиадад манай анги түрүүлж байсан. Тийм учраас  манай анги яруу найраг, утга зохиол сонирхдог хүмүүс олонтой, түүхийн бараг таван доктортой. 

    -Яруу найрагт Г.Аюурзанаас өөр хүн байна уу? 

    -Аюураас өөр лидер алга. 

    -Аюурын “Ганцаар цайвар навч” гэдэг ном гараад л. Бид оюутан байсан л даа. Тэр номын хавтсан дээр гараар үдсэн найз Н.Дэмбэрэл гээд биччихсэн байдаг. Тэр номыг гараар үнэхээр үдсэн юм уу? 

    -Аюур Москвад, би Эрхүүд. Тэгээд Горькийнхон манайд их ирнэ. Би Москва орохоороо тэднийд очиж хэвтдэг. 10 жилийн нэг анги. Илүү ойр дотно байж таарна. Тэдний шүлгийг би авч их уншдаг. Бие биедээ захиа их бичнэ. Тэр үед гоё гоё захиа бичдэг байлаа ш дээ. Тэгээд захиаг нь уншдаг, шүлэг номыг нь уншдаг оюутан цагийн гэрэл гэгээтэй амьдрал жинхэнэ өрнөнө шүү дээ. Төгсөөд ирцгээсэн. Аюур  анхны номоо гаргах гээд. Хэвлэх үйлдвэр гэж байсангүй. Бас зардал мөнгө хэцүү. Тэр үед би нэг компанид ажиллаж байв. Компанийнхаа нэг жижигхэн каноныг нь хулгайлж авчирч байгаад хийсэн дээ. Тэр үе бол үнэхээр сайхан үе л дээ. Манай Аюур эхнэр авах гээд. Одоо Өлзийтөгстэй суух гээд байна ш дээ. Өлзийтөгс манай ангийн нэг залуутай айлын карма өрөө хөлслөөд амьдарч байгаа байхгүй юу. Тэрийг манай ангийнхан зохион байгуулалттай хийж байгаа юм ш дээ. Нэг дор өрөө хөлслүүлж зохион байгуулаад. (инээв) Тэгээд Аюур бид тэднийд очиж үймүүлдэг. Тэднийд нөгөө каноноо сугавчилж авчирч байгаад л шөнө нь сайхан канондож хийцгээсэн дээ. Хавтсыг нь бол Аюур нэг хэвлэлийн үйлдвэрт хэвлүүлсэн.  

    -Аюурын шүлгүүдээс хамгийн анх гүн сэтгэгдэл төрүүлж байсан ямар шүлэг байдаг вэ?

    -Хүүхэд байж дээ. Манай ангийнхан болсон болоогүй шүлэг их бичих гэж оролдоно. Аюурын “Бойтог” гэдэг нэг шүлэг байдаг юм аа. Тэр шүлэг надад их дотно санагддаг. Тэр шүлгэнд манай ангийн охид бол нугасгүй шүү дээ. Яагаад гэсэн чинь 10 төгсөхдөө манай ангийн хөвгүүд охидууддаа нэг нэг бойтог бэлдээд. Хүүхдүүддээ өмсгөөрэй гээд эсгий бойтог аваад дурсгасан юм. Тэгээд Аюур “бойтог” гэж шүлэг бичээд хамтад нь төгсөлтөөрөө охидууддаа өгч байсан юм. 

    -Яаж хүлээж авсан бэ. Уурлаад бөөн юм болно биз дээ. Төгсөнгүүт за, одоо ингээд сайхан ээжүүд болцгоо гэсэнтэй агаар нэгэн бууж байна?

    -Тэр үедээ бол доромжлол шиг л хүлээж авч байгаа байхгүй юу. (инээв) Одоо бол бүгд дурсана. 

    -Пиарын салбар руу яаж яваад орчихов оо. Үндсэндээ оюутан байхдаа утга зохиол, сэтгүүлзүйнхэнтэй ойр байж байгаад татагдав уу. Зүгээр өөрөө тусгайлан судалсан юм уу?

    -Тэр үед бол ерөөсөө тийм юм байхгүй явж байсан л даа. Угаасаа эмч болох сонирхолгүй хүн чинь Монголд ирчихээд өөрийгөө хайсан ухаантай юм уу. Арай өөр тийм юм сонирхоод яваад байлаа. Тэр хооронд есөн шидийн юм хийж байгаа юм. Наймаа ч хийж үзнэ, компанийн менежер энэ тэр ч хийж байсан. Жишээ нь “Статус ком” гэж Монголд интернетээр анх утсаар хямдхан яриулдаг технологийг би компани байгуулаад оруулж ирж байлаа. Хийх гээд нэлээн зовж байсан. Хэн ч ойлгохгүй. Нэлээн үзэж үзэж байгаад л хийсэн. Тэгээд л акулуудтай үзэлцэж эхэлсэн. Акулууд нь юу вэ гэхээр “Монголын цахилгаан холбоо” компани, “Мобиком” хоёртой үздэг. Шударга бус өрсөлдөөний хуулиар шүүхдэж хүртэл үзлээ.  Тэр хуулийг хэрэглэсэн анхны тохиолдол, анхны заргаа би авч байсан юм. Тэгж явж байгаад 1999 оны долоон сард би Москва ордог юм. Наймаа хийх гээд явж байгаа ш дээ. Тэгээд Москвад автобусанд суугаад сонин аваад уншиж байсан чинь орчин үеийн сонгуулийн технологи гэсэн юмны зар байв. Буудалд очиж орчихоод саваагүйтээд л энэ их сонин юм байна гээд утасдсан. Ярьсан чинь нөгөөдүүл маань ийм ийм учиртай, Төрийн Думын сонгууль нь болох гэж байгаа, тэрэнд зориулж бид ийм юм хийж байгаа юм гэж байна. Төлбөр нь ямар юм бэ гэтэл 1000 доллар гэдэг байгаа. Өө за за энэ бүтэхгүй юм байна гэсэн чинь тэр залуу өөрөө сонирхдог юм. Ингэхэд чи нэг тийм акценттэй яриад байна. Хаанаас ирсэн бэ гээд. Монголоос гэсэн чинь чи тэгээд сонирхоод байгаа юм уу гэж байна. Тийм л гэсэн. Ормоор байна уу гэж байна. Ормоор байна л гэсэн. Тэгвэл 500 доллар болгоё гээд хямдардаг байгаа. Үнэтэй байна гэлээ. Хоёулаа маргааш нь уулзъя гээд тохирлоо. Маргааш нь Пушкиний хөшөөний дэргэд уулзаж танилцав. Тэгээд чи үнэхээр ормоор байна уу, тэгвэл маргааш 100 доллар өгөөд ороорой гэлээ. Тэгэхдээ хүлээн авалт энэ тэрд нь оролцохгүй шүү, бусад бүх үйл ажиллагаанд ороорой гэсэн. Тэр нөхөр намайг оруулдаг байхгүй юу. Үйл явдал нь Оросын парламент Думын ордон дотор болж байгаа юм. Би бол мэдээлэл цуглуулагчаар орж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэнд жинхэнэ пиар гэдэг юм чинь яригдаж байна аа. Америк, Оросын лаг лаг баагий нар ирчихсэн. Тэгээд л нөгөөдүүлийн чинь брошюрыг нь аваад, нэрийг хуудсыг нь цуглууллаа. Эргээд судлаад үзсэн чинь аймаар амьтад байгаа юм чинь. Тэгээд ийм ийм юм байдаг юм байна гээд ойлгосон ухаантай. Пиаргүйгээр сонгууль хийхгүй юм байна гэдэг юмыг ойлгож авч байгаа юм. Ирэнгүүт манай энэ Буянаа, Габи энэ тэр чинь FM 107-той. Бас бид нийлж буу халж пижигнэдэг. Тэгээд нөгөө хэдийгээ уруу татаж байгаа юм. За, пиар гэдэг юмгүйгээр явахгүй нь ээ. Ер нь бол болсон болоогүй сэтгүүлч хийж байхаар бүгдээрээ нийлээд ийм юм байгуулъя. Тэгээд пиарыг Монголд оруулж ирье гэдэг юм ярьцгаалаа. Анхны ТББ байгууллаа. Ингээд л 2000 оны таван сард хоёр орос авчирч байгаад л анхны онол практикийн бага хурлыг хийсэн. Хоёр орос нь топ 10-таа ордоггүй юмаа гэхэд 15-20-д орчих хоёр нөхөр шүү дээ. Тэр үеийн Оросын Сангийн сайд байсан, одоо Сенатын гишүүн байгаа Шохин гээд тэрний пиарыг хийдэг. Тэр үеийн Оросын Сангийн сайдын пиарчинг авчирч байна ш дээ, бас. Ингэж анхны пиарын семинар хийгээд пижигнүүлж байгаад л энэ салбар луу орчихсон. Одоо бол ер нь пиаргүй юм байхгүй болсон шүү дээ. 

    -Пиарчид нэр хүндийн хувьд харин яаж үлддэг бол. Хорчингууд л гэх ерөнхий нэг нэр зүүлттэй явдаг?

    -Тэр бол байх л үзэгдэл. Угаасаа пиарын түүх нь тийм юм. Дандаа л ад үзэгдэж явдаг, дандаа л муу хэлүүлж явдаг. Америкт ч ялгаа байхгүй, Орост ч ялгаа байхгүй. Манайд ялангуяа эхний үед бүр тийм байсан. Хутган үймүүлэгчид бол өөр байдаг байхгүй юу. Ялангуяа би пиарчин гээд цээжээ дэлдээд яваад байдаг улсууд чинь их аюултай нөхдүүд байдаг юм ш дээ. Би тэрийг гаргаад, энийг гаргаад гэж цээжээ дэлдэж ярьдаг хүн бол жинхэнэ пиарчид дунд байхгүй л дээ. Надтай хамт анх эхэлсэн, маш олон гоё проект хийсэн манай найзууд байна. М.Буянбадрах, А.Ганбаатар гээд л. Эд нар бол хаана ч би пиар хийдэг гээд цээжээ дэлдээд явахгүй байгаа биз дээ. Хаана ч юу хийдэг юм, бүү мэд. Хааяа нэг уран бүтээл хийгээд гараад ирдэг. Ийм хэдэн нөхдүүд яваад байдаг. Түүнээс биш дэлхий даяар зарлаад би ийм хүн шүү дээ гээд яваад байдаггүй. Эд нарын хийдэг юм бол шал өөр. Өөр төвшинд, гоё уран, цэцэн, шинэ. Заримдаа бид окопны хоёр талаас үзэж байгаа ш дээ. Тэгсэн мөртлөө л сайхан найзууд. Бие биенийхээ хийсэн гоё юмыг гоё юм хийж байна шүү гээд үнэлдэг. Сонгууль дуусахад чиний тэр ёстой нэг будаа болголоо шүү гэх мэтээр хоорондоо ярьчихаад л явж байдаг улсууд. 

    -Яг одоо та юу хийж байна вэ?

     -Одоо сэтгүүл зүйн нэг проект эхлэх гэж байна. Дэлхий нийтээр уламжлалт хэвлэмэл мэдээллийн хэрэгслийн зах зээл хумигдаж байна. Зөвхөн дөрвөн уулын дунд сонин захиалж уншихаа больж байгаа юм байна. Сэтгүүл зүйн соёлыг өөртөө тээж явдаг боловч хэвлэмэл хэвлэл мөхчих гээд байна. Хаа сайгүй, бүр 150 жилийн түүхтэй сонингууд ч дампуурчих гээд байна. Телевиз, интернеттэй хэрхэн өрсөлдөх вэ гэдэг асуултын хариуг хайж байна. Би ч мөн энэ асуултын хариуг хайлцаад Монголд таарах хувилбарыг олсон юм болов уу гэж бодоод зориглоод орохоор зүтгэж эхлээд явж байна. Хүнд гэдгийг нь ойлгож байгаа. Гэхдээ нэг тийм өөр өнцгөөс харах, шинэ эрэл хайгуул хийх улс нь, цаг үеээ мэдэрч байгаа хүмүүс нь бид юм шиг санагдаад, түүндээ бүрэн дүүрэн итгээд ормоор санагдаад хорхой хүрээд байгаа. Одоогийн сонины эрхлэгч нар чөлөөт хэвлэлийг хөл дээр нь босгосон түүхтэй улс. Харин одоо тэр түүх орон зайгаа өөр мэдээллийн хэрэгслүүдэд алдчих гээд байна. Энэ мухардалд орсон замаас нь бидний үеийнхэн л гаргана гэдэгт би итгэдэг. 

    -Тэгээд яг юу хийх гээд байгаа юм бэ?

    -Товчдоо бол үнэ төлбөргүй тараагддаг сонин гаргана. Чөлөөт хэвлэл нь 150 жилийн түүхтэй Англид дампуурах гэж байгаа сонингууд энэ хувилбарыг сонгон аваад ашигтай ажиллаад эхэллээ. Америкийн том сонингууд энэ хувилбарыг сонгох гээд байна. Энэ нь асуудлыг шийдэх арга гэдэг нь барууны зах зээл дээр нэгэнт тогтоогдчихлоо. Иймд бидэнд ухрах газар алга. 

Сэтгэгдэлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан