Н.АЛТАНХУЯГ: ХАМТАРСАН ЗАСАГ БАЙГУУЛАГДСАН НЬ ДОЛДУГААР САРЫН 1-НИЙ ҮЙЛ ЯВДЛЫГ МӨЛИЙЛГӨХ, ГУЙВУУЛАХ, БАС ХААЦАЙЛАХ ШАЛТГААН БОЛОХ ЁСГҮЙ

    “Ярилцъя” булангийн шинэ зочноор Ардчилсан намын дарга, Засгийн газрын Тэргүүн шадар сайд Норовын Алтанхуягийг урилаа. Нэг үг хэлээд л ард нь улс төрийн ашиг хонжоо, улс төрийн нэр хүндээ бодоод суучихдаг. Тэгснээ эргэж утасдаад тэр үгээ буцаая, энэ үгээ авъя, ерөөсөө больё, үзье харъя гэж шаналгаад байдаг төвөгтэй эрхмүүдийн нэг тэр биш байлаа. Тийм учраас бидний яриа бүхий л сэдвүүдийг хамарснаас гадна, элдэв хориглох тэмдэг байхгүй “задгай” яриа болсон гэж дүгнэж байна. Уншигч та түүний ертөнцөөр тавтай аялна уу.


    -Манан гэж нэг томъёолол гараад иржээ. Хөдөө уулзалт хийсэн Ерөнхийлөгчид хүртэл цаад Манан чинь Монголыг баллах нь байна шүү гэж хэлж байх жишээтэй. Мань хүн хариуд нь та нар яагаад заавал М үсгээр нь эхлүүлж хараад байгаа юм. А үсгээр нь эхлүүл л дээ. Энэ хоёр улс төрийн хүчин хөгжлийн бодлогоороо хоорондоо АНА МАНА өрсөлдөж, үр дүнд нь Монголын ард түмэн хожоосой гэж би жишээ нь бодож байна гэсэн. Та харин юу гэж хэлмээр байна?

    -Үгүй яахав дээ, олон жил хоорондоо ана ма­на үзэлцсэн болохоор нийгмийн дунд энэ хоёр хүчнийг ерөөсөө л үргэлж ана мана л үзэж байх ёстой гэсэн хатуу ойлголт үүсчихэж л дээ. 20 жил хоорондоо тэмцэлдсэн намууд хоёр жил хам­тарч ажиллаад, харьцангуй хэрүүл уруул нь бага­с­аад ирэхээр зарим хүнд эд ер нь яагаад өөрч­лөгдчихөв гэсэн хар төрдөг байх л даа. Энэ бол зөвхөн хоёр намын асуудал биш. Хамтраад улс орныхоо төлөө юм хийх гэж зүтгэж байгаа нь Мон­голын ард түмний л эрх ашгийн асуудал гэж би хувьдаа ойлгож байгаа. Манан ч гэнэ үү, Ана Мана ч гэнэ үү яаж томъёолох нь тэдний хэ­рэг. Эцэс­тээ ард түмэн хожих нь л чухал. Ард тү­мэнд очих тэр хожлын төлөө өнөөдөр юу ч гэж хэ­лүүл­сэн үүрээд гарахын төлөө л бид ажиллаж бай­на. Урьд өмнө нь намууд төдийлөн хамтарч ажил­лаж байгаагүй нь үнэн. Бидний явж ирсэн жи­шигт  ийм зүйл байгаагүй болохоор хүмүүс жаа­хан эр­гэл­зэж хараад байгаа тал бий. Адилхан ч бол­­чих­сон юм шиг. Үзэл баримтлалын онцын ял­гаа­гүй ч болчихсон юм шиг. Гэтэл энэ хоёр намд санаа нийлдэггүй, санал бодол  зөрөлдөөн­тэй түмэн асуудал байдаг. 20 жил тэрийгээ л  ярьж ана мана үзсэн.  Гэвч үүний үр дүнд хэн хожсон юм бэ.

    -Өмнө нь нэг удаа хамтарсан.  Хамгийн их хохирол амссан нам нь АН. Энэ удаа ч гэсэн хохирогч болж үлдэх юм биш биз гэсэн бол­гоомж­лол танай гишүүдэд байгаа.  Нэг хэсэг бүгд  хамтарсан засгаас намаа гарах ёстой гэцгээж  байсан. Харин одоо нам жим, тайван байдал руу шилжчих шиг. Саяын ротаци тойрсон асуудлууд дээр ч ямар нэгэн хурц маргаан өрнөө­гүй.  Н.Алтанхуяг  Н.Назарбаев болжээ гэ­сэн ганц нэг шүүмжлэлийг эс тооц­вол шүү дээ?   

    -Ардчилсан нам бол Ардчилсан нам. Үнэхээр энэ намд багтаж явдаг хүмүү­сийн цаад унаган төрх нь бол харьцангуй зоргоороо явдаг байдал нь юм ш дээ. Харьцангуй эрх чөлөөтэй зан төлөв нь юм. Энэ унаган гэж үзэж болохуйц төрхийг  ганцхан Н.Алтанхуяг гарч ирээд бүгдийг нь бөөгнүүлээд юм уу, багцалж хүлээд, баглаад, ямар нэгэн хайрцаг сав руу хийнэ гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Тэд чинь тэгүүлдэг ч улс биш. Энэ олон санаа бодлыг  зөв зохицолдуулж, нэгэн чиг рүү, нэгэн зүг рүү явах тэр арга эвийг л олох асуудал байгаа юм. Бид чинь нам дот­роо хоёр жил шахам бас сайхан хэ­рэлдлээ ш дээ. Хуучин зангаараа үзэлц­лээ. Энэ бүхний эцэст юуг ойлгож авав. Хэрэгтэй хэрэггүй дотоодын хэрүүл тэмцлээс хэн хожив. 50 суудал­тай байж байгаад  нэг суудалтай болж байсан түүх бидэнд бий юү. Бий. Энийг  давтах хүсэл хэнд байгаа юм. Хэнд ч байхгүй шүү дээ. “Хоорондоо хэрэлдэж байгаад 50 суудлаа ганц болгож байсан гашуун түүх бидэнд бий шүү, нөхөд өө” гэдэг үгийг би очсон газар бүхэндээ, намынхаа гишүүн бүрт хэлдэг. Энэ алдааг сануулах, ахиж дав­туулахгүй байхыг АН-ын дарга Н.Алтан­хуягийн гол хийх ёстой ажил гэж би боддог. Бусдыг нь бол манайхан өөрсдөө тасархай хийж чадна. Өөрөөр бол  өрсөлдөж байгаа намаасаа дутуу гэх юм байхгүй. Тохой илүү. Ганцхан энэ асуу­дал дээр л өнгөрсөн 20 жилийн  турш бид алдаж ирсэн. Тэгээд үүнээсээ сургамж авч байна. Ухаан сууж байна. Хэрсүүжиж байна.  Тийм учраас энэ бол Н.Алтанхуяг гэдэг хүн Назарбаев шиг болчих гээд ажил­­лаад байгаа юм биш. Энэ бол  про­цесс юм. Ард түмэн биднээс эв түнжин­тэй, нэгдэл нягтралтай байхыг, тэгээд хамтын хүчээр энэ улс орныхоо хөгж­лийг урагшлуулахыг л хүсч байна шүү дээ. Тэдний энэ хүсэл зоригийг хөсөр­дүүлэхгүйн тулд бид ойлголцож ажиллаж байна. Юм хийж бүтээх гэж зүтгэж байна.  

    -Танай намд олон фракц бий. Таны хувьд ч гэсэн фракцуудтайгаа учраа олох шаардлага тулгарч бай­сан. Ер нь бол намуудын дарга нар бүлэглэлүүдтэйгээ мөн­­­­­гөөр эсвэл албан тушаа­лаар л зохицдог. Аль ч нам дотор энэ технологи үйл­чил­дэг. Та харин алийг нь сонгосон бэ?

    -АН-ын хувьд бол зайлуул хуваа­рилаад байх мөнгө байх­гүй ш дээ. (инээв) Манай намын давуу бөгөөд сул тал энэ. 20 жил яваад хуваарилдаг мөн­гөгүй үлд­сэн нэг нам бай­на. Тэр нь АН. Тэр бай­тугай айлын байранд хор­годож, хор­годож одоо Ардчиллын өргөө босгоно гээд бай­раа нураагаад тавьчих­сан л байж байгаа. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоо­роо бид таван минут салют буу­дуулж бай­хад манай нөгөө нам бол ойгоо­роо нэг цаг хэртэй буу­дуулдаг юм байна лээ. Бид мөнгөөр бол тэдэнтэй яриад байлтгүй юм байна лээ. Юугаа ч ярих билээ. Шууд л арагшаа сууж байгаа юм чинь. Албан тушаалын хувьд ганц нэг орон тоон дээр боловсон хүчнүү­дээсээ тавь­сан. Олон ч биш дээ. Бид бо­лов­сон хүчнийхээ мэд­лэг, чад­вар хоёрыг нь хар­даг. Өөр хэм­жүүр байхгүй. Гэх­дээ дахиад л хэлэхэд ма­найд бас ху­ваа­­рилдаг албан тушаал тун ховор шүү дээ. 21 жилд ховорхон доо. Бараг байх­гүй гэж хэлж болно. 

    ПАРТИЗАНУУДЫН МААНЬ ГУНИГ ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЗОВНИЛ РУУ ШИЛЖЖЭЭ. БИ БОЛ ҮҮНИЙ ТӨЛӨӨ ХАШГИРНА

    -Ер нь АН-ын гишүүд 20 жил гу­дам­жинд л явж ирсэн. Тийм бо­ло­хоор хү­мүү­сээ алба ажилтай зал­­гуу­лах гэж чармайх нь намын даргын үүрэг байдаг байх. Энэ үүр­гээ биелүү­лэхийг тань дагалдаад зөв­хөн Алтан­хуя­гийг тойрсон хэ­дэн хүн ажилд та­вигдлаа гэсэн шүүмжлэл бас гардаг? 

    -Тэр үү, намайг намын даргаас  аваад хаячихъя гээд өнгөрсөн арван­нэгдүгээр сард нэг сүрхий бэлтгэлтэй ху­рал болсон ш дээ. Тэр хурлын үеэр тий­­мэ­р­хүү яриа гарсан. Тэрнээс хойш тэр яриа алга болсон. Үнэндээ бол  Н.Алтан­хуяг гэдэг хүн АН-ын дарга бол­чихоод зөвхөн өөрийг нь дэмждэг хүмүү­сийг ажил албанд байршуулна гэх юм бол энэ хэлбэр өөрөө манай намд явах­гүй. Боломжгүй. Яагаад гэ­вэл манай намын унаган төрх чинь өөрөө тийм үйлдлийг алхуулахгүй шүү дээ. Та өөрөө мэдэж байгаа. Тийм бо­ломж ч олгохгүй. Дүрэм нь ч тийм бо­ломж олгодоггүй. Дээр үеийн дарга нар шиг нэг орилход л бүг­дээрээ нам дуу­гүй суудаг тийм номхон араншин ма­най намд байхгүй ш дээ. Хүмүүс ха­рин ч надад сонин үг хэлдэг. Та ямар сонин дарга вэ, ойр хавьд чинь хич­нээн жил яваад байсан хүнээ огт дэмжихгүй. Тэгсэн хэрнээ өөрийг чинь хусаад байдаг хүмүүсийг дэмжээд ч байгаа юм шиг. Ойлгохгүй байна шүү, дарга аа гэж. Ойлгодог болтлоо яв даа л гэж би хэлдэг.  

    -Намын дарга дээр насаараа гу­дамжинд явлаа, ажил өгөөч гэж яг өөрөө орж ирдэг гишүүд байдаг уу?

    -Байдаг. Хүний л амьдрал болсон хой­но хэцүү шүү дээ. Бүхэл бүтэн нэг хү­ний хувийн амьдрал тэр чигээрээ гадаа гудамжинд өнгөрнө гэдэг бол хатуу л тавилан. Одоо тэд маань өөрсдийгөө ярихаа больсон байна билээ. За, дарга аа би 20 жил гут­лынхаа улыг ханзартал явлаа. Энэ бол миний л тавилан. Эргээд харахад хүүхдүүд маань өсч өндийсөн байна. Миний нэг хүү, охин сургууль төгслөө. Тэрийг минь л нэг ажил бараа­дуулах арга байна уу гэж хэлдэг. Энэ бол амьд­ралын үнэн. Би болж л өгвөл тусалдаг. Надаас өөр хэн явах юм. Хөө­­цөлддөг. Одоо 50 гарчихсан нөх­дүүд өөрсдөө нэг их ажилд оръё гэж давхиад байх юм байхгүй болчихжээ. Аргаа бараад хүүхдээ оруулъя гэдэг юм байна. Саяхан манай нэг партизан талийгаач болчихлоо. Увсын хүн л дээ. Бие нь муу байна гэж дуулаад би өөрөө утсыг нь олж ярьсан юм. Хөөр­хий минь надаас хоёр юм л хүссэн. Нэгдүгээрт, би ардчил­лын төлөө анх­наасаа явсан юм аа. Энэ амьдралд надад харамсах юм байхгүй. Харин намайг  Алтан гадас  одонгоор шаг­нах сураг дуул­даад таг болчих юм. Тэрийг жаахан хүлээлээ. Одоо болтол  ирэх­­гүй л  байна. Та нэг асууж сураглаж өгөөч гэсэн. Яахав, манай аймгийн намын нөхдүүд өгөлгүй гацаа­чихсан байсан. Би зохион байгуулаад тэрнийг нь өгүүл­сэн. Хоёр дахь хүсэлт нь би гурван охинтой юм аа. Тэд нар маань янз бүрийн шалтгаанаар ажил төр­лөөсөө халагдаад яваад байх юм. Ардчиллын нэг нөхрийн хүүхдүүд гэсэн гадуурхал байгаад болохгүй юм. Та тэдэнд минь тус­лах арга байна уу гэсэн. Тэгээд би ту­салъя л гэсэн. Одоо ганц нэгийг нь ажилд  оруулаад л явж байна. Бид бие биедээ туслах хэрэгтэй. Өөр хэн туслах юм. Хэн харж анхаарах юм. Тийм биз дээ. Ер нь бол Ганчимэг ээ, 20 жил ад үзэгдэж, уруу дорой явсан хүмүүсийн сэтгэл цаанаа­саа л гундуу байдаг юм ш дээ. Олонхи нь гудамжинд, тэрийг дагаад аав ээж нь, ах дүүс нь, үр хүүхэд нь хохирч явдаг. Ардчилсан хувьсгалын төлөө зүтгэж, сэтгэл зүрх, амь амьд­рал, залуу халуун насаа үрчихээд эцэст нь  хүүхдүүд нь тэр хувь заяаны золиос  болно гэдэг бол хүнд биз дээ. Ийм асуудал нууцгүй хэ­лэхэд миний өмнө үргэлж тулгардаг. Үүний төлөө бол би орилдог. Хашгирдаг. Өөрөө хөөцөлдөж гүйдэг. Өөр хэн явах юм. 

    -Танай гишүүд ярьдаг л даа. Ард­чилсан хөдөлгөөн Монгол оронд үүсч хөгж­сөний 20 жилийн ойг өнгөр­сөн жил тэмдэглэж өнгө­рүүл­лээ. МАХН-ынхан л шаг­нуу­лаад байх юм. Ардчил­лын  20 жилийн ойн медалиа хараад бай­даггүй шүү гэж. Тэр одонг байгаа бүхнээ ардчиллын үйл хэрэгт зориулсан хүн бүхний эн­гэрт зүүж өгөх хэрэгтэй са­нагдсан. Даавуун дээлийнхээ энгэрт ардчиллынхаа одонг зүүгээд алхаг л дээ?

    -Манай хүмүүс  зүүлгүй яахав. Зүүж байгаа. Зүүх ч ёстой. Санал нэг байна.
      
    -МоАХ- ноос олон партизанд байр өгөх шиг болсон. Энэ танай намын мөн­гө үү. Эсвэл Х.Баттулга ги­шүүн ху­виа­саа өгдөг юм уу. Та  бо­лохоор манай нам  ядуу л гэж яриад байх юм?

    -Ардчилсан намаас өгөөгүй. Энэ бол олон нийтийн байгууллага. Өөрөө л зохион байгуулж өгсөн.  

    НАДАД ЦАЛ ПАЛ ХИЙСЭН ИХ МӨНГӨ БАЙХГҮЙ. ТЭГСЭН Ч ӨӨРИЙГӨӨ АВААД ЯВЧИХНА

    -Улс төрийн лидерүүдийг аваад үзэхэд бүгдээрээр л ордтой, газар­тай, үйлдвэртэй хөрөнгөтэй чинээ­тэй баян улсууд байдаг. Танд  ер нь эдийн засгийн ямар хүч байдаг юм бэ. Хэвлэл мэдээллээр бол чацар­гана, жимс энэ тэрхэнтэй л холбосон ха­рагддаг?

    -За, яахав дээ. Би нэг их улс төрд тодроод л, лидерлээд л, нэг их олон жил улс төрийн тавцан дээр гялалзсан юм бол бага ш дээ. УИХ-ын гишүүн нэг болсон, тэр завсраа сайд нэг хийж үзсэн байх. Ийм л хүн ш дээ. Гэхдээ би гудамжинд яваагүй. Би бол гудам­жинд явдаг хүн биш. Төрөлхийн тийм хүмүү­жилтэй. Манай гэр бүлийн хүмүүжил бол гараа эвхэж суух биш. Чи ажил хийж, амьдрал ахуйгаа дээш­лүүлэхийн төлөө зүтгэх ёстой. Төрийн гадна яваа бол тэглээ гээд би архи ууж, дэмий лааз өшиглөж явахгүй. Алтанхуяг аа чамд боломж олгож байна. Чи юм хий. Хөдлө гэж л өөртөө хэлдэг байсан. 2000 онд би УИХ-д нэр дэвшээд унасан. 2000-2004 онд ингэж ойр зуурын бизнес хийх боломж бүрдс­эн. Анх би их сургуулийн баг­шийг орхиод л 1990 онд намын нарийн бичгийн дарга хийсэн. Сонгуульд нам тавиулаад  хоёр жил ганзагын наймаа хий­сэн байх жишээтэй. Гэхдээ надад  тийм их цал пал хийсэн мөнгө байхгүй. Тэгсэн ч өөрийгөө аваад явчих, өрөөл бусдын ойр зуурыг зохицуул­чих хэм­жээ­ний сууриа бол хийж чадсан. Ган­за­гын наймаанаас олсон мөнгөөрөө. Тэгээд дараа нь жижиг хэвлэх үйлд­вэр ажил­луулж байлаа. Махны үйлд­вэр, чацар­ганын талбай гээд жоол жуул юм бий. Наддаа л  хаваасаг. 

    -Чацаргана тань бол тийм том бизнес биш үү?

    -Яахав дээ. Чамлахаар чанга атга гэдэг биз дээ. Сэтгэл ханамжаасаа л  болдог биз дээ.

    -Намын байрны шаваа тавь­чихаад хоёр жил шахам боллоо. Хөрөнгө мөнгө яаж босгох гэж бай­на. Ард иргэд хандив өгөх юм уу?

    -Намын байр барьж уралдахгүй л дээ, бид. Гэхдээ би түрүүн хэлсэн.  Нам маань 20 жил айлын халаасны өрөө түрээ­сэлдэг залуу гэр бүл шиг явж ирлээ ш дээ. Насаараа ингээд явж болохгүй байх. Ардчиллын өргөө гээд байгаа маань зөвхөн  намын байр ч биш юм. Энэ байрыг барих мөнгийг АН гаргаж ч чадахгүй.  Ард иргэдийн хандив бол орж ирж байгаа. Дээр нь тэр том байшинд чинь бизнес хийх гэж байгаа хүмүүс, компаниуд, аж ахуйн нэгж, иргэд бас орж ажил хэргээ явуулна шүү дээ. Тэ­гэхээр тийм хү­сэл­тэй компа­ниуд адилхан л урьд­чилгаа мөнгөө өгөөд явна. Нам бол  нэг давхарт нь ч юм уу ороод үйл ажиллагаагаа явуул­на. Ийм байдлаар л  босгох гэж байгаа. 

    -Өө, байшин биш өрөө гаргаж орох гэж байгаа юм уу?

    -Нам тэр 20 давхар бай­шинд бүгдэд нь ордог тийм юм гэж юу байсан юм бэ. Ганц хоёр давхарт нь л орно ш дээ. Энэ цэвэр менежментийн л асуудал. Яахав ол­ны хүч, оломгүй далай. Дэмждэг л  юм байна. Энд тэндээс хүмүүс их утасдаж байгаа. 

    -МАН бол нэр дэвших сонир­хол­той, Бага хуралд орж ирэх хү­сэл­тэй гишүү­дээсээ хандив их авсан юм билээ. Бага хуралд ши­нээр хөл та­вихад дээд тал нь тэрбум төгрөг хандивласан мэдээ ч байна. Танайх тэгж болдоггүй юм уу?

    -Базарваань тийм их тоотой юм ч арай байхгүй байлгүй дээ. 2004 оноос хойш манай намд нэг уламжлал тогтсон. М.Энхсайхан манай намын дарга байхад УИХ-д нэр дэвших гэж байгаа хүн 10 сая төгрөгийн татвар төлдөг жишиг орж ирсэн. 2008 онд  20 сая төгрөг  тушааж байсан. Одоо 2012 оны сонгуульд ч бас тодорхой асуудал яригдах байх. 

    -20 жилийн ой жаахан тааруухан өнгөрөв үү дээ?

    -Бид 20 жилийн ой  боллоо гээд баярлаад давхиад байсан юм байхгүй л дээ. Ер нь энэ өнгөрсөн 20 жилд бид ямар ололт амжилт олсон юм бэ. Тэ­рийгээ л дүгнэж цэгнэлээ. Ололт ам­жилт олсон байнаа. Тийм бол  боллоо. Одоо цаашаа яах юм бэ гэдэг асуудал дээр түлхүү анхаарал тавьсан. Эрх чөлөө гэдэг асуудал дээр бол бид том ололт олчих­жээ. Одоо бид нарт дутаад байгаа нэг юм бол эрх чөлөөг ахуй амьжиргаагаараа баталгаажуулах, Монголдоо сайхан амьдрах нөхцөл бололцоог бий болгох. Хэдийгээр би эрх чөлөөтэй байлаа ч гэсэн миний ахуй амьдрал хүрэлцээгүй, хэд гур­ван төгрөг байхгүй. Хэдэн хүүхэд маань Солонгос явж ажиллаад байх юм бол би яаж сэтгэлийн жаргалтай, амар ам­галан байх вэ. Тийм учраас бид ард­чил­сан хувьсгалын хоёр дахь үе шат бол эдийн засгийн хувьсгал байх юм. Энэ эдийн засгийн хувьс­галын үр дүнд ойрын 10 жилд Монгол хүний ахуй амьдрал дорвитой дээ­шилж, гадагшаа дотогшоо явж амьд­рал хайна гэхгүйгээр Монгол­доо сайхан амьдрах нөхцлийг бүр­дүү­лэх юм байна гэдгийг дүгнэж цэгнээд  хө­төлбөрөө гаргасан. Хөтөлбөрийг хэн нэгэн ухаантай хүн зохиочихсон юм биш. Одоо бид аймаг бүхнээр яваад хэ­лэл­цүүл­­гээ хийж байна. АН өнгөр­сөндөө дүг­нэлт хийчихсэн, одоо ирээдүйн 10 жи­лийн­хээ асуудалд анхаарал тавьж ажил­лахаар шийдээд эхлүүлээд явж байна. 

    -Ямар нэгэн концертын шинж­тэй арга хэмжээнүүд байхгүй ээ?

    -Байхгүй.   

    -Түрүүчийн долоо хо­ногт АН дотор болж өнгөрсөн үйл явдлуу­дын талаар танаас сонирхмоор бай­на?

    -Өнгөрсөн долоо хоногт ҮЗХ-ны хурал болсон. Хурлаар гурван асуу­дал хэлэлцсэн. Нэгдүгээр асуудал нь энэ жилийн ҮЗХ-ны, аймаг дүүргийн намын хорооны ротац гэдэг юм бол байхгүй гэдгийг шийдсэн. Хоёрдахь нь, УИХ-д нэр дэвшигчийн татварыг ГЗ-өөр шийдэх эрхийг нь шилжүүлсэн. Гуравдахь нь, Чингэлтэй дүүргийн намын асуудлуудыг нэг тийш цэгцэл­сэн. ҮЗХ,ГЗ-ийн гишүү­дийг нь батлам­жилсан.

    -Хөдөөгүүр та бас явж ажил­ласан. Засгийн ч ажил байдаг байх, намын ч ажил байдаг байх. Хөдөө­гүүр АН-ын төлөвшил хэр байна вэ. Булган, Хөвсгөл хоёр нанчил­даантай л байх шиг санагдсан?

    -Ер нь бид ротацыг яагаад больсон юм гэхээр манай намын дүрэм бол  2000 онд батлагдсанаас хойш 11 жил явж байгаа дүрэм юм. Нам дотроо жил бүр ротац хийж байна гээд сайхнаар хэлбэл сэлбэлт хийдэг, муугаар хэл­бэл зодоон болгодог байсан. Тэгээд 11 жил явж үзээд  гишүүд маань энэ ротацыг боливол яа­сан юм бэ, ер нь дүрмээ шинэчилье гэж санал гарга­сан. Дүрмээ шинэчилж эхлэх гэж байхын хажуугаар ротац хийгээд бас нэг баахан хэрүүл уруул болох хэрэг бай­на уу. Энэ ротацаар чинь сөрөг юм яваад байна энийг больё гэсэн. Манай нам чинь заримдаа дүрмээрээ харахаар 30 нам болчихдог юм ш дээ. Хөвсгөл аймгийн АН гээд л байж байна. Л.Гүн­далай гэдэг хүнийг чинь Хөвсгөл аймгийн 100 хүн сонгоно. Тэгээд хэл амаа олол­цохгүй болохоороо огцруулна гэж тэндээ бас үзэлцэнэ. Нэг ийм юм байгаад байгаа нь нууц биш. Булганд ч л байж байна, Чин­­­­гэлтэй дүүрэгт ч байна. АН-д нэг давуу тал байдаг. Тэр нь юу вэ гэхээр шинэ юмыг туршиж үздэг. Эрсдлээс ч ёстой нэг айхгүй туршиж үзнэ шүү. Тэр шинэ юм нь бас жамаа дагаад ихээхэн гортой байдаг. Та одоо санаж байгаа бол манай нам чинь анх удаагаа 2000 онд нам дотроо сунгаанд хоёр хүнээ өрсөл­дүүлж үзсэн. Р.Гон­чигдорж, М.Энхсайхан хоёрыг сунгаанд оруулаад, хооронд нь үзэлцүүлээд ёстой нэг тарсан. Сүүлд нь яасан бэ гэхээр хоорондоо үзэлцэхээр хагаралдаад дуусдаг гэсэн хатуу үнэнтэй нүүр тулсан. Тэгээд  дүрмээсээ нөгөөхөө аваад хаячихсан. 

    -Энэ удаагийн хурал угтаад бас л бөөн хэрүүл маргаан явж байна гээд байсан. Сонирхолтой нь сая маш нам жим хуралдаад шийдээд явчих шиг болсон?

    -Сая бол нөгөө кинонд гардаг ичмээр дамшиг гэдэг шиг юм болсон. Манайхан   90 гаруй хувиар гараа өргөөд л байна лээ. Яахав дээ, хүмүүс ойлголцсон л байх­гүй юу. Одоо хоорондоо зодолдож намаа хагалж бутаргаж байдгаа больц­гооё. Элдэв болохгүй бүтэхгүй юмаа ярьж цэгцэлье гэж шийдсэн. Юм эв зүйдээ орж, хүмүүс харилцан ойл­голцож, ирээдүй рүүгээ харж ажиллах нь гайхаад байх зүйл биш биз дээ. 

    МОНГОЛЫН СОНИРХОЛ ЕРӨӨСӨӨ Л ТАВАНТОЛГОЙН НҮҮРСЭЭ ҮНЭД ОРУУЛАХ

    -Засгийн ажил ер нь ямар явна вэ, сайд аа. Хө­дөө­гүүр явж байхад стан­­­дарт бус Засгийн газрыг бо­ли­вол яа­сан юм бэ. Байр бай­рандаа оч­­вол яа­сан юм гэсэн асуудал мэр сэр сон­сог­­дож л байна лээ. Дээр нь нэг хэсэг хү­мүүс л  ууж идээд бай­­­на гэсэн хар нэ­лэнхүйдээ бай­даг бололтой юм. Их мөн­гийг их хар­д­­лага дагах нь угаасаа жам. Энэ бүх асууд­лаас нэр цэвэр гарч ирэх боломж танд хэр байна вэ?

    -Бололцоотой ш дээ. Би бар­дам хэл­­­­нэ. Ард иргэдийн хувьд  ахуй амьд­рал ямар бай­на гэдэг дээр л асуудал яриг­­­дана. Зөв үү, буруу юу гэдэг нь. Ард ир­гэ­дийн ахуй амь­жир­гаан дээр өөрч­­­лөлт гарвал болж байна. Ерөөсөө бо­лох­гүй байна, юу ч өөрчлөгдөхгүй бай­на гэж байгаа бол болих л хэ­рэг­тэй. Хөдөө явж  ард иргэдтэй уул­заж бай­­хад  бүр бүх юм бо­лох­гүй байна, бү­­тэхгүй байна  гэж үзэж байсан хувь бол  ба­гас­сан л бай­на лээ. Бас гялал­заад байна, болж бай­на  гэж үзэж бай­гаа юм ч байхгүй л бай­на. Угаасаа бид бас гялал­зуу­лаад бай­гаа юм нь ч бага. Гэхдээ л хэрэлдэж сууснаас хавь­­гүй дээр л ажиллаж байгаа байх. Ямар ч байсан өнөөдөр тав гурван төг­рөг ард иргэдэд очиж байна, тэгээд Та­ван­тол­гойн хувьцааг ард иргэддээ та­раагаад, Тавантолгой маань өөрөө том хүрээгээрээ ажил­лаад эхэлчих юм бол манай ард иргэд насан турш­даа тэр­ний тодорхой хувийг хүртээд байх боломжтой. Дээр нь зөв­хөн бэлэн юм авч идээд суу­гаад бай гэж байгаа юм биш ш дээ. Хамтарсан Засгийн га­зар  анх удаагаа 60-70 тэрбум төг­рө­­гийг хөдөө орон нутагтаа өг­лөө. Хүмүүс  аваад юм хийж эхэлж байна. Машины дугуй зас­даг хүнээс авахуулаад хиам үйлдвэрлэдэг, тоосго цохь­дог хүн гээд бүгд л хөдөлж хөл­хөж байна. Би үйлд­вэр­жил­тийн бодлогыг хариуцаж байгаа хү­ний хувьд хөдөө орон нутагт очих­­доо дандаа л энэ чиглэ­лийн ажлуудыг  үзэж сонирхдог. Хү­мүүс зүгээр суу­хыг хүсэх­гүй байна. Чадахаасаа ча­дах­гүй­гээ хүртэл хөдлөөд үзэхийг л хүсч байна. Засгийн газар хө­дөл­мөр эрх­лэлтийг дэмжих жил гэж зарласан. 40-өөд мянган хүн ажилгүй байна гэж бүрт­гэгд­сэн байна. Тэгэхээр бид ой­­рын жилд босч эхлэх их бү­тээн бай­гуу­лалтад энэ ажилгүй хү­мүүсээ бэлт­гэж, сургах чу­хал. Энэ ажил эхлээд явж бай­на.  40-өөд мянган хүнээс 9900 хү­нийг гурван жилийн хуга­цаанд сур­гаж, ажлын байран дээр гаргах юм. Үү­ний 3300 хүн нь бэлтгэгдээд эхэл­чих­сэн. Сарын 108 мянган төгрөгийн тэт­­гэлэгтэй.  Бодлого бол явж л байна. Удаан байна гэж иргэд шүүм­жилж бай­гаа. Энэ үнэн. Манай яам тамгын газ­руу­дыг харж байхад удааширсан, дэн­дүү хурдгүй байдал харагдаж л байна.  

    -Та хөдөө орон нутгаар явж бай­гаа хүн анзаараа байл­гүй. Хү­мүүс бэлэн мөн­гөнд дуртай биш бай­на. Ул­саа­саа бэлэн мөнгө аваад бай­­хаа больё. Бид  ажил хийе гэж гуй­даг болжээ. Хоёр на­мын амлал­тын мөнгө бол ирээдүйгээс зээлж бай­гаа мөнгө. Хүмүүс үүнд таа­гүй хан­даж байна.  Бас энэ ар­хинд урсч бай­гаа 21 мян­ган төгрөг тойрсон шүүмж­лэл?

    -Өнгөрсөн юмыг шүүмж­лээд л байл­тай биш дээ. Ам­лад­гаа амлаад, гард­гаа гараад, хийдгээ хийцгээж л бай­на.  Хү­мүүс  хэсэг бүлгээрээ ний­лээд энэ мөнгийг аваад үйлдвэр үйл­­чил­гээ босгоё, өнөөдөр ид­дэг мөнгө биш, маргаашийн  юман­даа зарцуул­даг мөнгө болгоё гээд ажиллацгааж бай­на. Энийг нь төрөөс дэмжиж  нээлт­­тэй бодлого  явуулж байгаа.  

    -Тавантолгойн асуудал юу болж байна вэ гэсэн ерөн­хий асуулт тавья. Оюу­толгойгоо ярьж ба­­раг дуу­саа­гүй шахам байгаа, дээ­рээс нь Тавантолгойн төс­лөө хар­луу­­лах пиар нь бага­гүй хүчтэй яваад эхлэсэн. Үү­нээс болоод хү­мүүс Та­ван­толгойгоо тавиад туучи­хаж байна уу гэсэн айдастай байх шиг байна ?

    -Тавантолгойг Монголын “Эр­дэ­нэс-Тавантолгой” гэдэг ком­пани ашиг­лаад эхэлчих­сэн. Ашиглаад гэдэг нь нүүр­сийг нь шууд аваад эхлэсэн гэ­сэн үг биш. Хар ярианы хэлээр бол ава­хын тулд дээд талын шороог нь авна аа даа. Тэр аж­лаа хийгээд эхэл­чихсэн. Одоо нүүрсээ ухах ажилдаа орж байгаа. Нэг талаасаа бол ин­гээд ажил эхлэчихсэн. Гэхдээ бүрэн утгаа­раа далайцтай эх­лээгүй байна. Том эхлэл нь хэзээ вэ гэхээр УИХ-ын тог­тоол байгаа. Тогтоолоор бол га­даад до­тоо­дын том консор­циу­мыг шалга­руул гэсэн. Тэр кон­сорциум Тавантол­гойг олбор­лох ажлыг хийнэ. Сая бид тен­дер зарлаж явууллаа.  Тендерт 15 ком­пани оролцлоо. Тэрнээс зур­гаан ком­пани консорциум үлдчихлээ. Одоо эдэнтэй ма­най ажлын хэсгийн сайд нар хэ­лэл­цээ хийж байна.  Оро­сын, Хятадын, Америкийн, Солонго­сын, Японы компаниуд үлдсэн. Энэ ком­паниудтай юу хэлэл­цэх гээд бай­гаа юм гэхээр та нар одоо нүүрсээ хаа­гуур яаж тээ­вэрлэх юм бэ, хаана ямар боомт дээр хүргэх юм бэ, бор­луу­лалтын чинь нөхцөл ямар байх юм, бүх олборлож байгаа нүүрсээ бүгдийг нь зарна гэх юм уу, тодорхой хувийг нь зар­на гэх юм уу, төмөр зам бари­хад та нар яаж оролцох юм бэ, урьдчилгаа төлбөр хэдийг төлөх юм гээд ингээд  олон асуудал байгаа.  Аж­лын хэсгийн хэлэл­цээ­рүүд явж бай­на. Хоёр ком­па­ний төлөөлөлтэй уулзчихсан явж бай­гаа. Үүний дараа аж­лын хэсэг ху­рал­даад шийдвэр гар­гана. Монгол Ул­сын сонирхол бол ерөөсөө л Таван­тол­гойн нүүр­сээ үнэд оруулах. Мон­гол­­чууд өөрсдөө ашиглая гэж байгаа л даа. Өөрсдөө ухаж бол­но. Гэхдээ яагаад гадаад до­тоодын компанийг оруул гэж УИХ тогтоол гаргасан юм гэ­хээр энэ нүүрс Оросын нут­гаар явна, эсвэл Хятадын нут­гаар явна. Тэ­гэ­хээр ямар үнээр тээвэрлэх юм бэ гэдэг  асууд­лыг Орос, Хятад хоёртой яри­маар байгаа биз дээ. Дараа нь ху­­дал­даж авах дээрээ тулбал Япон, Со­лонгос, Хятад улс ху­дал­даж авна. Ху­дал­даж авдаг улс бас ямар үнээр авах юм бэ. Тэгэхээр Тавантолгой дээр болж байгаа үйл явдал бол аль боло­хоор Тавантолгойн нүүр­сийг дэлхийн зах зээл дээр гар­гаад худалдахад нэ­лээн үнэ хүрэх нөхцөлийг  л бүр­дүү­лэх. Тэр­ний тулд гадаад дотоодын со­нир­хогч компаниудыг нь оруулж ирээд, Орос, Хятадын нутгаар тээ­вэр­лэдэг татварыг нь багасгаж өгөөд, тэгж байж Австралиас Солонгост юм уу Хя­­та­дад ирдэг нүүрстэй өрсөл­дөхүйц бол­гож өгөхийн төлөөх ажиллагаа л гэ­сэн үг. Хамгийн энгийн утгаар тайл­бар­лахад ерөө­сөө л энэ. 

    -Дараагийн асуудал Сон­гуу­­лийн хууль. Хоёр намын дотоод зөв­шилцөл яагаад ингэж удаад бай­на вэ?

    -АН-ын хувьд байр суурь нь  тов то­дорхой байгаа. Нэгдү­гээрт, жижиг 76 бол тохирохгүй юм аа гэж үзсэн. Улс орны хөг­жилд хохиролтой гэж бид үз­сэн. Хоёрдугаарт, улс орон тэр чи­гээ­рээ нэг болдог 100 хувь про­­по­­циональ тог­толцоо бас бо­лохгүй юм бай­на. Тэ­гэ­хээр холимог хувилбар буюу нэг хэ­сэг нь тойргоос сонгогддог, нэг хэсэг нь намын жагсаалтаар сонгогддог ийм хоёр хувилбар байвал яасан юм бэ. 76 ги­шүү­ний хэд нь тойр­гоос сонгогд­дог юм. 26 нь уу, 50 нь уу, эсвэл 38 нь уу гэдэг бол техникийн асуу­дал. Энэ л ху­вилбар дээр байгаа. Одоо бид  УИХ-ыг л харж байна. Их ху­рал дот­роо олонхи болсон намаа бас харж байна. 

    -МАН одоо болтол до­тоод шийд­­вэрээ гаргаагүй бай­гаа гэсэн үг үү?

    -Хараахан гаргаагүй бай­гаа.  Дө­рөвдүгээр сарын 5-нд чуул­ган эхлэнэ шүү дээ. Тэгэ­хээр удахгүй  ярьж эх­лэх байл­гүй дээ. 

    -Миний ярилцлагад таны өмнө МАН-ын Еөнхий нарийн бич­гийн дар­­га уригдсан юм. Түүнд би танай нам­­тай хол­боо­той  нэг асуулт тавь­сан. “Хоёр нам хамтраад ажиллаж бай­­­на. Энэ бүхнээс болж хам­гийн их хохирч байгаа нам нь АН. Хам­тарч байгаа най­зуудын­хаа ирээ­дүйд та са­наа зовдог уу. Энэ намын үнэт зүйл бүх юм холилдож, ма­най та­най нь мэдэгдэхээ боль­сон гэх шүүмж­лэлээр бал­буулж байна шүү дээ” гэсэн?

    -Тийм үү. Тэгээд? 

    -Харин ноён У.Хүрэлсүх “Бус­дын дотоод асуудалд оролцох нь соёл­гүй үйлдэл” гэж хариулна лээ.  Эр­гүү­лээд танд нэг асуулт  тави­маар байна. Хамт явж байгаа нөх­дүүд тань хагараад бут­раад хоёр ху­ваагдчихлаа. Өөрс­дөө хичнээн “үгүй” гэж тайлбарлаж байгаа ч энэ бол хуваагдал. Сүүлийн 20 жилд эд­нийд ийм хэмжээний дон­сол­гоон болоогүй. Намын дарга бай­сан хүн анх удаа­гаа намаасаа гарч яв­л­аа. Үнэхээр том “зодоон” болж бай­­на. Энэ үзэгдлийг та юу гэж тайлбарлах нь сонин?

    -Би таны асуултад айлын гэ­рийн зо­доон маньд хамаагүй ээ гээд ха­риул­чихаж бас чадна л даа. Гэхдээ тэ­гэмгүй байна. Би тайлбарлаж чадах­гүй. Яа­гаад  гэвэл АН өөрөө бас ийм зов­­лон дундуур туулаад гарсан ш дээ. Ма­най намын дарга бай­сан хүн намаас гараад явж л байсан. 

    -Бидний үзэж туулсан зүйл, тэгэ­хээр сонин биш байна гэсэн үг үү?

    -Энэ намын төлөвшлийн нэг үе шат яваг­­даж байна л гэж харж байгаа. Энэ бол их хэцүү үе. Гэх­дээ даван туул­даг л зүйл. МАН-д том өөрчлөлт яваг­даж бай­­на. Амжилттай явагдаж дуусах биз дээ. 

    -Өнөөдрийн улс төрд  бас нэг саар­маг бүлгийнхэн тоглолт хийх гэж оролдож байна л даа. Танай намд ч байсан, нөгөө намд ч байсан хэ­сэг бүлэг хүмүүс суугаад том том хэ­лэлцүүлгүүд зар­лаад л, бүх юм бо­лох­гүй бү­тэх­гүй байна гэж дүг­нээд л. Тэдний амнаас ямар ч бай­сан сонгуулийн аргаар бол төрийн эр­хийг авахгүй юм бай­на. Хувьсгал хийе. Хувьс­гал хийх цаг нь бол­чих­жээ гэсэн үг унаж байна. Энэ тухайд та юу хэлэх бол?

    -Үндсэн хуулийн биш ар­гаар тө­рийн эрхийг авах тухай их ярьж бай­гаа. Энэ бол угаа­саа хууль бус санаар­хал. Н.Алта­н­хуяг  сайд болчих­сон­доо ин­гэж хэлж байгаа юм биш. Ту­хайн үе­дээ Н.Энхбаяр ч, М.Энх­сайхан ч тө­рийн өндөр албан тушаалуудыг хашиж бай­сан улсууд. Одоо энэ хоёр хүн Үнд­сэн хуулийн бус аргаар зас­гийн эрхийг авна гэж уриалж бай­на. Би хувь хү­мүүс дээр нь энэ үзэгдлийг нэг их то­­хож тайл­барламааргүй бай­на. Тэр­тээ тэргүй тэднийг түүх дүгнэнэ. Энэ хан­д­лага өөрөө буруу ханд­лага гэд­гийг л хэлж байгаа юм. 

    АРДЧИЛСАН НАМ ХҮЛЭМЖНИЙ ХҮҮХДҮҮДИЙГ ТЭЖЭЭХГҮЙ

    -Долдугаар сарын 1-ний сэд­­­­вээр бүх хүн ярьсан. Та­ныг харин байр сууриа илэр­­хийлж байхыг сон­соо­гүй.  Ерөн­хий прокурорын ам­­­наас  Ц.Мөнх-Оргил, С.Баяр на­­раас мэдүүлэг авах ёс­той гэсэн шинэ байр суурь уналаа. Түүний энэ мэдэгд­лээс ул­баалж асуудлууд өр­нө­вөл ба­риатай гэр тань нур­­чих аюу­л­­гүй гэж үү.  Энэ та­лаар юу хэл­мээр байна?

    -Аливаа асуудлын цаад мөн чанар үнэн зөв үндэслэл дээр зогсч байхад бариатай гэр нурахгүй. Тэгэхээр үнэн байх нь л чухал. Долдугаар сарын 1-ний үйл явдал яг юу болсон юм бэ, яа­сан юм бэ гэдгийг  бол заавал тод­руулж, нягталж, шалгаж хариуг нь  олон нийтэд хэлэх ёстой. Хэлэх үүрэгтэй. 

    -Энэ таны улстөрчийн тань байр суурь уу. Эсвэл АН-ын даргын тань байр суурь уу?

    -Миний өөрийн байр суурь. Анх­­наа­саа хамтарсан засагт орохдоо энэ асуу­дал дээр би ийм л байр суурьтай бай­сан. Хамтарсан засаг байгуулаг­даж бай­гаа явдал бол  долдугаар са­­рын 1-ний үйл явдлыг мө­лийл­гөж, гуй­вуулж, хайцаалж өн­гөрнө гэдэг үг биш шүү гэд­гийг тэр үедээ ч хэлж байсан, одоо ч тэр байр суурин дээрээ бай­гаа. Ха­рин энийг улс төрийн хэрүүл болгож ху­вир­гаад, тэгж яривал би тэгсэн, чи ингэ­сэн  гэ­дэг ийм байдлаар битгий яваа­­сай гэж бодож байна. Яг шийд­вэ­рийг хэн гаргасан юм. Хүчийг, зэвс­гийг. Хэн нь тэр зэвсгийг хэрэглэсэн юм бэ, яагаад таван хүний амь эр­сэд­сэн юм бэ гэдгийг л заавал олж су­далж, тогтоож, ард түмэнд хэлэх ёстой. 

    -Тухайн үед онц байдал тог­тоо­сон Ерөнхийлөгч бол өнөөдөр  том ам ангайгаад байгаа. Тэр хүн онц бай­дал тогтоосон. Харин үүнийгээ то­дорхой шахалтанд орж тог­тоо­сон гэж  зарласан. АН-ын зүгээс Ерөн­хийлөгчийг онц байдал тог­тоо гэж шах­сан зүйл байгаа юу?

    -Би мэдэхгүй. Би тэр үед Сон­гино­хайр­хан дүүрэгт л цохиж явсан ш дээ. Ямар ч АН-ын дарга энэ тэр биш, зү­гээр л нэг нэр дэвшсэн нөхөр явсан юм чинь. Юу болсныг ерөөсөө мэдээ­гүй. Сонгуулийн дараа манай  тэнд бу­жигнаантай бай­лаа ш дээ. Ер нь тэр өд­рийн хэ­рэг явдал Сонгинохайрхан дүүр­гээс ч эхэлсэн байх. 

    -Гэхдээ л та намын байр суу­­риас хол, хаа хамаагүй сул гишүүн байгаагүй шүү дээ. Намын нөлөө бү­хий эт­гээд учраас нэг их тохи­рох­гүй асуулт тавьсан гэж ч бас бо­дохгүй байна шүү ?

    -Мэдэхгүй. Тэр Н.Энхбая­раас асуух­гүй юу. Нөгөө нэг “Та Брестийн цай­зыг аваагүй, би Брестийн цайзыг аваа­гүй” гэдэг шиг бидний зүгээс  л лав хэн нэгнийг шахах асуудал бай­гаа­гүй гэж бодож байна. Хэн нэгэн хүн ша­хаж байхад тэр ша­хаанд нь ороод алхам хийнэ гэдэг бол өөрийнх нь л ха­риуц­лагын асуудал шүү дээ.

    -Н.Алтанхуяг гэдэг хүн улс төрд олон жил явлаа. Одоо Монголын улс төрийн тулгуур хоёр хүчний нэ­гийг толгойлж байна.  АН-д залуу үе гэж байхгүй, мөнхийн залуу ли­де­рүүдтэй. Тэд нь л за­саглаж бай­даг  гэсэн нэг шүүмж­лэл байх юм . Та ингэ­хэд залууст хэр ээлтэй дар­га юм бэ?

    -Би халтай хүн лав биш. Яа­гаад гэ­вэл миний унаган төрх хэн нэгнийг түлх­сэн, шах­сан, энэнийг л нэг хол байл­гах юмсан, тэрнийг л тэгэх юм шүү гэсэн хорссон, зуусан, атгаг  шинж­­гүй. Надад байдаг унаган чанар бол хүн болгон өөрийн гэсэн үзэл бо­дол­той байх ёстой. Үгээ хэлэх эрхтэй байх ёстой. Тэрийг нь юун түрүүн шүүрч аваад буруутгаад, нухчаад байж болохгүй гэсэн үзэл. Гэхдээ АН хү­­лэмжний хүүхдүүдийг бол тэжээх­гүй шүү. Тэгээд л нэг зүгээр хэвтэж бай­­гаад босч ирс­нээ намайг дээшээ гар­­га­даг­гүй яасан юм бэ та нар гээд хаш­­гираад байвал тийм юм бас байх­гүй. Орж ирчихээд та нар хөгширлөө, бид­­нийг гарга гээд пэд пэд үсрээд бай­даг давар­сан юм байхгүй. Э.Бат-Үү­лийг хэн дээш нь гаргаж ир­сэн юм бэ. Тийм учраас ямар ч инку­ба­торын асуу­дал  АН-д байхгүй. Залуу хүмүүст бид­ний үүд хаалга нээлттэй. Өрсөл­дөөн бол задгай. Орж ирээд л ажил­ла. Өө­рийгөө харуул. Манайд өчнөөн за­луу­чууд гарч ирж байна ш дээ. УИХ-д зөн­дөө залуучууд байна. Ганцхан УИХ-д байгаа залуучуудыг хараад яах юм бэ. Сүх­баатар аймагт За­саг дарга Ж.Бат­суурь гэж за­луу байна. Ж.Бат­суурь шиг ажил­лаач. Гялалзаж байна шүү дээ. Заавал УИХ-ын гишүүн болж байж улс­төрч болдог юм уу. Сүхбаатар айм­гийн иргэ­дийн талархлыг хүлээ­гээд, аж­лаа хийгээд гялалзуулж байна ш дээ. Залуу хүмүүс бол хаана ч ер нь гя­лалзуулж л байх ёстой ш дээ. Тэр жа­маа дага л даа.  

    ИХ СУРГУУЛЬ БОЛ МИНИЙ ХАМГИЙН ХАЛУУН ДУЛААН ОРЧИН

    -Та нутаг руугаа хэр их явдаг вэ?

    -Боломж олдвол жилдээ нэг удаа очно оо. Хархираа уулан­даа очно. Хар­хи­раа ууланд нэг зуслан байдаг юм. Би тэр зус­ланд гуравдугаар ангиасаа эхэлж амарсан. Жил бүхэн амар­даг бай­лаа. Үнэхээр сай­хан газар. Улаан уул гэж Чанд­мань уул гэж аймгийн төв дээр үзэсгэлэнтэй сайхан уул бай­на. Нэг тийм нүцгэн улаан хад­тай уул. Тэр уу­лан дээр би өдөр­жин­гөө тоглодог бай­лаа. Тэн­дээ очих дуртай. Сүүлийн үед Хяргас нуурынхаа эрэг дээр ядаж жилдээ гурав хоноё гэж боддог бол­сон. Би дэлхийн  30 гаруй орноор яв­сан юм бай­на лээ. Гэхдээ миний хувьд ямар ч далай тэнгис Хяргасын маань гоо сайхныг даваагүй. Өсч төрсөн бо­лоод тэр үү, тийм л байдаг.   

    -Та нутгаасаа ер нь нэр дэвшиж байсан билүү?

    -Үгүй. Боломж олдоогүй юм.

    -Танд нутгийнхан тань бол сайн биз дээ?

    -Хэн мэдэхэв. Хүмүүсээс л асуух хэ­рэгтэй. Одоогийн за­луус бол мэ­дэх­гүй байх л даа. Тухайн үеийн 70-80-аад оны үеийнхэн бол манай аав, ээ­жийг, манайхны удам судрыг сайн мэд­нэ. Манайхан бол  ажилсаг, хөдөл­мөрч гэж хэлж болох хүмүүс л дээ. Ма­най Увсынхан биднийг багад  ярь­даг байсан юм. Норовын хүүх­дүүд тол­­гойтой, хөдөлмөрч гэж. Энэ  хоёр юмаар л биднийг үнэл­дэг байсан. Би гэ­хэд дол­дугаар ангиасаа эхлээд тоос­го цохисон. Ажил хийлээ гээд бидний хэн маань ч муудаагүй. 

    -Эцэг эхээс хэдүүлээ вэ?

    -Манайх наймуулаа. Ма­найх чинь бу­жигнасан айл бай­лаа ш дээ. Би тав дахь хүү­хэд нь. Хүүхэд бүхэн нэг нэг чемо­дан­тай. Хүүхэд бүр өөрийн гэ­сэн аяга­тай, халбага сэрээтэй. Манайх  бүх юм нь жин тан айл байсан.Тийм байх нь бидний төрөхөд л угтаж авсан тэр ай­лын горим, төлөвшил нь. 

    -Танд яагаад төрөхөд тань Алтантуяа гэдэг нэр өгсөн юм бол?

    -Намайг гэртээ төрсөн гэ­дэг юм. Тэ­гээд хажуу айлын эмээ орж ирж на­майг эх барьж ав­сан юм билээ. Тэгээд л Алтан­туяа гэдэг нэр өгсөн гэж манай ээж хэлсэн. Аав ээж хоёр ту­хайн үед эрэгтэй хүүх­дэд маань эмэгтэй хүүх­дийн нэр өгчихлөө гэж бодсон ч хүйс ээжээс эмээгээд хэлээ­гүй өн­гөрсөн гэ­дэг. Эх барьж аваад нэр өгч байхад нь алдас бол­но гээд. Манай нутагт эх барьж авсан хүнийг хүйс ээж гэ­дэг юм л даа. Би гэдэг хүн хүйс ээжийнхээ өгсөн нэртэй 23 нас хүртлээ явсан хүн шүү дээ. 

    -Жаахан байхдаа нэр­нээ­сээ ич­дэг байсан байх даа?

    -Жаахан байхдаа гайгүй ээ. Их сур­гуульд ороод л жаахан ичдэг бол­чихсон.

    -Охидоос болоод уу?

    -Юунаас ч юм ичээд бай­даг л бол­чих­сон.(инээв)

    -Та нэрээ солиулахдаа хүйс ээжээсээ зөвшөөрөл ав­сан уу?

    -Үгүй, чааваас тэр үед байхгүй бол­чихсон байсан л даа.

    -Нэр солих хамаагүй ший­дэхэд эм­зэг асуудал юм биш үү. Та ша­шин­гүй үзэлтэн юм аа даа?

    -Сүсэглэдэг юм бол байлгүй л яа­хав. Гэхдээ бүх үйлдлээ лам дээр гүйж очиж асуугаад байдаг юм бай­даг­гүй л бай­сан ш дээ, бид­ний үед.  Тийм мар­кийн нөх­рийн л нэг байхгүй юу. Их сур­гууль төгсдөг жилээ 1981 онд шүү дээ. Аав ээж рүүгээ энэ Алтан­­туяа гэдэг нэ­рийг солимоор бай­на. Алтан болго­чих­­дог юм уу. Туяаг нь л авчихъя гэ­сэн. Тэгсэн чинь манай аав ээж бас тэн­дээ ламд үзүүлсэн байгаа юм. Тэг­сэн нөгөө лам “Өө, хуяг нь байх юм бай­на” гээд  л Алтанхуяг бол­чихсон түүх­тэй.

    -Амархан хэвшсэн юм шиг ээ. Таны Алтантуяаг са­надаг хүн одоо олон биш байх?

    -Өө, хар багын хэд бол яаж мар­тах юм. Бусад нь бол мэ­дэхгүй байх.
      
    -Их сургууль дээрээ та ер нь оч­дог уу?


    -Хааяа очдог. Би чинь био­фи­­зи­кийн тэнхимийн багш хүн шүү дээ. Их сур­­гуулийн удир­дах зөвлөлд байдаг. Би их сур­гууль­даа хайртай. Яагаад гэ­вэл би таван жил их сургуульдаа су­­­рал­цаад, арван жил багшил­сан. На­дад их сур­гууль минь өмөг түшиг бол­сон. Миний сэт­­гэлдээ үргэлж агуулж явдаг хам­гийн  халуун дулаан орчин шүү дээ. 

    БАЯД ХҮНИЙ ЯС ЧАНАР БАРГИЙН ХҮНИЙГ ХӨЛДӨӨ ЧИРНЭ

    -Ингэхэд нутгийн аял­гаа­саа хэ­зээ салсан бэ?

    -Би чинь багш хүн шүү дээ. Багш хүн гэ­дэг чинь хүүх­дүү­дийн өмнө байн­­га  гарч үг хэлнэ ээ дээ. Их сур­гуу­­лийн гу­рав­ду­гаар курст байхад нэг­дүгээр 10 жилд дадлагад гарсан юм. Тэ­гэхэд л ми­ний аялга сүрхий за­сар­сан шүү. За­луу­хан дад­ла­гын багш хүүх­­дүүдийн өм­нө га­раад физикийн хи­­чээл заа­лаа.  Тэг­сэн нөгөө хүүхдүүд инээл­­­дээд бай­даг. Би ямар үгийг бу­руу хэлчихсэн юм бол гэж бо­дож, тэ­рий­гээ олж, уйгагүй засч эхэл­сэн. Багш­­лах дадлага маань надад миний физик заа­хаас илүү хэлээ жаахан янзал­сан дадлага л болсон шүү дээ. (инээв) 

    -Та бол үнэхээр либериал хүн. Гэх­­дээ л Ц.Нямдорж сайд та хоё­рыг UBS намын зүүн баруу­ны манлай­нууд гэдэг.  Нутгийн фрак­­цид бол нө­лөөтэй биз дээ?

    -Надад тийм юм байдаггүй ш дээ. Мэ­­дээж өссөн төрсөн Увс нутаг маань бол миний хамгийн хайртай га­зар. Гэх­дээ би тэнд ямар нэгэн нам бай­гуу­лаа­гүй. Харин Монгол Улсын хэм­жээний том нам болох АН-ын дар­га болсондоо би баярлаж явдаг. Хү­­мүүс янз бүрийн л домог ярьдаг гэ­сэн. Би тэрийг гайхаад байдаг юм. Ма­гад ч үгүй Увсынхныг чи­чилсэн энэ яриа Ю.Цэ­дэн­­бал дарга энэ тэрийн үеэс улбаатай эд байж ч мэ­дэх юм. Увс ну­тагт төрсөн нэгэн сай­хан хүү 40 жил энэ Монгол гэдэг  ул­сын төрд бай­жээ. Тэрнээс үүдэж л жаахан гоо­чил­дог юм гарсан байх л даа. Би тэрэнд нэг их эмзэглээд бай­даггүй. Гэхдээ ми­ний хувьд ямар нэг аймгийн намын ту­хай, ямар нэг нутаг ус дамнасан лоб­бины тухай бодол тээ­­дэггүй. Бидэнд ганц­­хан эх орон бий. Тэр нь энэ Монгол Улс. Энэ Мон­­гол Улсаа л яаж хөгжүү­лэх тухай бодлоор л амьсгалж явдаг.  

    -Гэхдээ л нутгийнхантайгаа найзладаг биз дээ?

    -Нутгийнхантайгаа найз байлгүй яахав. Миний үе үеийн найзууд зөндөө байна ш дээ. 

    -Баяд дөрвөд гээд л хүмүүс үн­дэс угсаагаараа бие биенээ до­ром­жилдог. Танд тийм юм то­хиолд­дог уу?

    -Үгүй.

    -Та яг аль сумынх билээ?

    -Би аймгийн төвийн хүүхэд. Аав ээжээрээ яривал баяд хүн. 

    -Баяд хүмүүсийн бусдаас ялга­рах хамгийн том чанар юу вэ?

    -Аав ээж хоёрыгоо л харж боддог юм. Манай аав бол мундаг амин тэ­жээлч хүн байсан. Манай Увсынхан бол энэ үгийн утгыг мэднэ л дээ. Та сайн ойлгохгүй байгаа байх. Аав маань үнэ­хээр юм юманд авьяастай. Хөдөлмөрч, шинийг сэтгэгч, идей гар­гагч хүн бай­сан. Манай ээж  бол юмханаар юмыг гал­зуу хийдэг хүн байсан. Яаж үүнийг хийчихэв ээ гэж гайх­ширтал хийдэг тийм хүн байсан. Манайх социализмын үед зах зээ­лийн маягаар амьдарч бай­сан айл шүү дээ. Манай аав аймгийн түүхий эдийн эрхлэгч хүн байсан юм. Айм­гийн төвийн түүхий эдийн эрхлэгч гэ­дэг чинь бүх юмыг зохицуулж байдаг, нэг үгээр мэддэг хүн байхгүй юу.  

    -Тэр мэдээж?

    -Манай аав үнэхээр олон талын авьяастай. Тэр үедээ хүмүүсийн айм­гийн шүүхэд бичих өргөдлийг бичиж өг­дөг, монгол бичиг, кирилл бичгийн авьяасаар бол тасархай. Дараагийн нэг чадвар нь олон нийтийн ажлыг их мун­даг хийдэг хүн байсан. Тэр үед ху­дал­даа­ны трестийн үйлд­вэрчний хо­роон дарга байсан. Орост явж амарч ч байх шиг. Үнэхээр сэргэг, сий­рэг ухаан­тай, юм юманд ясны авьяастай, тас­ралтгүй хөдөлмөрлөгч хүн байсан даа. Баяд хү­ний яс чанар гэж ийм л зүйл байдаг. Бар­гийн хү­нийг яд­раана даа. Манай ээж одоо­гийн хэл­лэгээр бол менеж­мен­тийн ухаан­тай, за тэр гүйцэтгэлийн хя­налт шал­галт энэ тэрээр бол дээд зэр­гийн хүн бай­сан. Ямар нэгэн юмыг дутуу хий­сэн л байвал дахин дахин хийл­гэж, да­хин дахин шалгана. Энэ их зөв юм билээ. Би гэрийнхээ шалыг цэм­цийтэл нь угааж байгаа юм. Тэгээд га­даа га­раад ахиад хананы илүү гар­сан хэсгүү­дийг гялалзтал угаана. Ээж нэг бүрчлэн шал­гана. Жаахан л сөөм хэрийн тоос­той хэсэг үлдсэн бай­хад ахиад л хийл­гэ­дэг. Тийм тө­лөв­шилтэй хүүхэд ахин дахин хий­гээд эргэж буцаад бай­даг хүн бол­дог­гүй. Бүх юмыг жин тан, анхнаас нь гүйцэд хийж сурдаг. 

    ХҮН БҮХНИЙ АЗ ЖАРГАЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ ӨӨР ШҮҮ ДЭЭ 

    -Улс төр бол хатуу салбар. Улс тө­рөөс хүн нөхөдтэй ч үлддэг, дай­сантай ч үлддэг. Та бол нө­хөд олонтой. Харин дайсан­тай юу?

    -Минийхээр бол байхгүй ш дээ. Муу­­­­­далцах сайдалцах асуудал бол байх ш дээ. Надад ч зөндөө л байдаг юм. Дээд тал нь хоёр жил дуугүй яв­даг юм. Тэгээд  л дуугараад эхэлдэг юм. Юу­гаа бу­лаацалдаад, муудал­цаад бай­даг юм бэ. Би ойлгодоггүй. Эсвэл надад хүнтэй булаацалдаад байхаар том эрх ашиг байхгүй байгаа юм уу. Лаг том мөн­гөн дээр бол дай­сан болж ма­гадгүй байх л даа. Хүн бол төгс төгөл­дөр амь­тан биш. Н.Ал­тан­хуяг бол тү­мэн дутаг­далтай. Өө­рөө түмэн дутаг­дал­тайгаа мэдсээр байж бусдын тэ­рэнд нь эмзэг­лээд яах юм. Юмыг уучил­даг, өр­шөө­дөг, жаа­хан том хардаг л байх ёстой. Дээ­­рээс нь бие биений­хээ сайн чана­рыг хө­хиүлж, дэмжих юм бол бид их том ам­жил­тад хүрнэ. Бие биенийхээ мууг л хаш­­гираад дуудаад байх биш юм билээ. 

    -Танай аав мундаг хүн байсан юм байна. Та харин хэр аав бэ?

    -Хүүхдүүдэд амьдралын арга ухаан суулгах энэ тэр Н.Алтанхуягт бол байх­гүй ш дээ. Би муу аав байх.

    -Та фото зураг их авдаг байсан юм байна лээ. Тэр хобби тань хэвээрээ юү?

    -Хэвээрээ. Фото зурганд би их со­нир­­­­­­холтой ш дээ. Сайхан сайхан  бай­галийн зураг авах их дуртай. Одоо ми­ний өрөөнд Хархираа уулан дээ­рээс ав­сан нэг зураг байгаа.  Жаа­хан цас ор­чих­­сон үед авсан Чанд­мань уулын зу­раг. Би өөрөө авсан. Тэгээд тэ­рийгээ том­­руулж угаалгаад ханан­даа өлгөсөн. Өг­лөө ажилдаа ороод ирэхэд үнэхээр сайхан энерги авдаг. Би бас явган явах дур­тай. Яагаад яв­ган явах дуртай бол­чихсон юм бэ гэ­хээр би есдүгээр анги­даа ул­сын 8000 километрийн гүйлтийн идэрчүүдийн авар­гад орж байлаа. Гүйл­­тийн спор­тоор хичээллэж бай­сан. Тэ­гээд дараа нь алхах дуртай бол­чих­сон. Өөр илүү дутуу хобби байх­гүй. Гүйл­тийн спор­тоос би тэс­вэр хатууж­лаа авсан. Сэт­гэ­лийн тэнхээ­гээ олж авсан.

    -Холын зайн “тамирчин” юм байна? 

    -Улс төр ч гэсэн холын зайн гүйлт шүү дээ. (инээв) Тэр утгаараа би ойр­хон зайны улс төрийн тоглоомд дургүй. 

    -Бүр яаж ч тэсээд байсан орол­доод, хатгаад байвал та бу­химд­лаа яаж илэрхийлдэг вэ. Тэс­вэрт хяз­гаар байдаг шүү дээ?

    -Хоёр жилд нэг тэсэрч болох л байх л даа. Би харьцангуй тэсвэртэй ш дээ. Яах юм бэ. Би хэн нэгний тө­лөө амьд­раагүй л байхгүй юу. Тийм уч­раас би хүмүүсийг уучилчихдаг юм. Би дайралт, тэр хатгалт энэ тэ­рийг нэг их хүндээр хүлээж авдаггүй байхгүй юу.

    -Сэтгэлийн шарх авдаггүй гэж үү?

    -Би аль болохоор авахгүйгээр л явдаг. Тэр байтугай санаатай орол­доод байсан ч би тэрийг хүндээр ава­хыг боддоггүй.

    -Танай Увсаас дуучид их төрж байна. Та дуулдаг уу?

    -Миний дуулах гэж юу байхав дээ. Гэх­дээ би дуунд их дуртай. Мон­гол, орос, англи дуунууд их сонсдог. Би мун­­даг дуулах биш иймэрхүү жи­жиг­хэн өрөөнд бол дуулна шүү дээ. Дээр үеийн дуунууд байдаг ш дээ. Аял­гуу нь тансаг яруу, үг нь гайхам­шиг­тай. Би тийм дуу­нуудыг нэг эхлэ­вэл дуус­тал нь дуулдаг. Дээр нь би яруу най­рагт маш их дуртай. Жишээ нь, О.Даш­балбарын “Амьддаа бие биеэ хайрла” гэдэг шүлгийг би өдөр болгон сонсохыг боддог. Аз жарга­лын тухай ойл­голт гэж чу­хам юу юм бэ. Хүн хү­ний аз жар­галын тухай ойлголт өөр ш дээ. Д.Пүрэв­­дорж гуай байна, Б.Лхаг­ва­сүрэн гуай байна. Үнэхээр гайхам­шигтай.  

    -Танай нутгийн нэг дуучин за­луу­гийн тухай хүмүүс их ярих юм. Та ойр байдаг уу. Тэр зү­гээр л нэг түмэнд хүндлэгдсэн ний­тийн дуучин явж болох бай­сан. Харин яагаад ч юм хазай­гаад явчихлаа гэж хүмүүс үзээд байх шиг?

    -С.Жавхланг асууж байгаа бо­лол­той. Би нэг удаа уулзсан. Яах гэж уулз­­сан гэхээр “Улаангом” гэж гоё дуу бай­даг байхгүй юу. Тэрнийг С.Жав­х­­лан дуул­чих­сан байсан. Аймаар гоё дуул­сан байсан. Тэр дууг нь сонсоод би С.Жавх­ланг олж уулз­сан. Би энэ дуунд клип хиймээр байх юм аа, Ув­сад очоод Увс нуур, Улаан уул, Хар­хи­раа, Хярга­сыг оруулаад гал­зуу гоё клип хийе гэж урьж бай­гаад ярьсан л даа. Түүнээс хойш уул­заж чадаагүй явна. Нөгөөх маань яагаад ч юм таг л бол­чихсон. 

    -Таны хамгийн сүүлд хүлээж ав­сан муу мэдээ юу вэ?

    -Японд болсон цунами. Үнэхээр эм­гэ­нэлтэй үйл явдал боллоо. Манай ну­тагт ингэж ярьдаг. Үйл гэдэг хэлж ир­дэг­гүй, хийсч ирдэг гэж. Байгалийн гам­шиг гэдэг бол үнэхээр хэлж биш хийсч ирдэг зовлон юм. Үнэхээр муу мэдээ энэ л байлаа. 

    -Тэгвэл хамгийн гоё мэдээ юу байв?

    -Бас л цунамитай холбоотой. Бид өөрсдийгөө хүнээ байж байна. Яс чана­раар муудаж байна гэж их шүүм­жилдэг болсон шүү дээ. Гэтэл үгүй юм байна. Ма­най монголчуудын сэт­гэл сайх­наа­раа байгаа юм байна. Хүн бол­гон туса­лъя, дэмжье, тав ар­ван төг­­рөг ч хамаа­гүй цуглуулъя, ду­лаан хөн­жил өгье гэж амьс­галлаа шүү дээ.  Ядар­сан цагт нөх­рийн ча­нар таниг­да­на гэдэг шиг бидний яс чанар ч та­нигд­лаа. Монгол­чуудын­хаа энэ хар аян­даа оволзож байгаа сэт­гэ­лийн чанарыг олж харж дотроо би огш­сон. Үнэхээр сай­хан байсан. Мон­гол­чууд бид чинь ийм л улсууд шүү дээ гэж бо­дож сэтгэл сай­хан болсон. Энэ ми­ний хамгийн сүүлд мэдэрсэн хамгийн сайхан мэдрэмж минь байлаа.

Сэтгэгдэлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан