Т.ҮЙТҮМЭН: БИ ЭНЭ РИНГЭН ДЭЭР ЧИНЬ ТӨРЧИХСӨН ХҮН. ЭНДЭЭ ШИНГЭЖ ҮЛДЭХ НЬ Ч БАС ҮНЭН

    “Ярилцъя” булан та бүхэнтэй шинэ зочныхоо хамт мэндчилж байна. Тэр бол Монгол Улсын гавьяат тамирчин Т.ҮЙТҮМЭН.

     

    -Спортын ертөнцөд таны аж­лаа өгсөнтэй холбоо­той яриа хөө­рөө багагүй  явж байна. Их гэнэтийн шийдвэр байлаа. Яа­гаад боксын спорт амжил­таар дүүрэн, хөл дээрээ бо­соод ирчихсэн, сэргэл­тийн гэж бо­лох энэ үед “явах” болов?



    -Би 2005 оноос өнөөдрийг хүртэл боксын холбооны ерөн­хий нарийн бичгийн даргаар ажилла­лаа. Эргээд харахад бас л чамгүй олон жил өнгөрсөн байна. Тэгээд яахав хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. Өөрөө л ажлаа өгсөн. Намайг энэ ажлаас болиу­лах гэж хүсдэг хүн ч олон байсан. Дэмждэг, ажиллаасай гэж чин сэтгэлээсээ боддог хүн ч их байсан. Тэгээд яахав больё гэж бод­лоо. Энэ ажлыг авах гэж өд­рийн бодол шөнийн зүүд болж яв­даг улсууд нь аваг гээд зайгаа тавьж өгсөн.  

    -Ердөө л энэ үү?

    -Ердөө л энэ. 

    -Таны дотор нэг юм бай­на л даа. Ерөнхийдөө зах зухаас нь мэ­дээлэл ав­сан. Хүмүүс­тэй уул­заж сонирхож үзлээ?

    -Тэгээд юу гэцгээж байх юм. 

    -Боксын холбоог энэ спорт­­той амьдралаа хол­босон хү­мүү­сээс хол­дож байна уу даа гэсэн санааг зарим нь цухал­зуулж бай­на. Энэ бол спортын мэр­гэж­лийн хол­боо. Улс төр, биз­несийнхээ ими­жид хав­сарга чимэг тө­дий бол­гож ашигладаг гаднын хүмүүст та яагаад орон зай­гаа тавьж өгч байгаа юм бэ. Эргээд боксын­хоо хөгжилд хал­тай биш гэж үү?

    -Ер нь бол аливаа спортын хол­боо­дод тэр спортынх нь мэр­гэж­лийн хү­мүүс илүү олон байвал зүгээр л дээ. Гэх­дээ спортын хөгжлийг эдийн зас­гийн дэмжлэг­гүй­гээр авч үзэх бо­ломж­гүй. Хар үгээр хэлэхэд амжилт мөнгөн дээр л тогтдог. Тийм учраас хүссэн ч, эс хүссэн ч спортын хол­боо­дыг удир­даж байгаа хүмүүс тэр спор­тод мөнгө татах гэж гүйх л ажил хийх болдог. Спортын амжилтыг босгож ирдэг нэг том хүчин зүйл яах ар­гагүй эдийн засаг. Гэхдээ бас бизнесийн­хэн холбоодод бөөнөө­рөө орж ирээд л тэр спортыг шууд хөгжүүлчихнэ гэж байхгүй. Жишээ нь, манай холбооны турш­лага байна ш дээ. Ш.Сай­хан­самбуу гуай боксын спор­тод хэчнээн их мөнгө зарцуулж байлаа. Гэвч тэр мөнгө нь дэлхийн аварга бол­гоогүй.

    -Ш.Сайхансамбуу гишүүн энэ тал дээр гомдолтой байдаг шиг. Муусайн боксынхон мөнгө авч авчихаад хуншгүй нөхдүүд гэх маягийн үг нэг биш шидэж байсан санагдана?

    -Яахав дээ, өөрөө болохоор мөн­гөө зарцуу­лаад байдаг. Гэвч тэр мөнгө нь медаль болж өгдөггүй. Өөр юм л болоод байсан юм шиг байна лээ. Энэ гэхдээ миний ойлголт шүү. Одоо бок­сын холбоонд хэлтэй устай, мөнгөтэй хөрөнгөтэй олон хүн орж ирж байгаа юм байна лээ. Энэ хүмүүс гайгүй сайн аваад явах байх аа. Ер нь бол боксын холбооны нарийн бичгийн дарга гэ­дэг энэ ажлыг эвийг нь олчих юм бол  ба­раг хэл­гүй хүн ч аваад явчихаар ажил шүү дээ. Намайг бас гадуур янз бүрээр ярьдаг гэсээн. Хэлгүй усгүй, ком­пьютертой, компьютергүй ч гэнэ үү. Гэвч би энэ ажлыг эвийг нь олоод л хийгээд яваад байсан юм. Зургаан жил чадлаараа ажилласан. Надад тус болоод байдаг улс бас зөндөө байдаг юм ш дээ. 

    -Ер нь спортын холбоодын удирдлагад их мөнгөтэй хүн гэхээ­сээ илүү хамгийн сайн сонирхогч, жинхэнэ фен хүн орж ирвэл илүү амжилттай ажиллах юм шиг санагд­даг. Улс төрийнхөн бол энд бараг хэрэггүй хүмүүс. Тэд зүгээр л нэр хүн­дийн оноо цуглуулагчид. Та тэ­гээд зүгээр л нэг тэтгэврийн насны хөг­шин шиг “за миний амрах цаг болжээ” гээд энэ асуудлыг шийд­чихээгүй байлгүй дээ. Энд зориул­сан хөдөлмөр тань ч ийм  амархан орхиж болох зүйл биш байх? 

    -Үгүй л дээ. Энэ зургаан жилийн хугацаанд надтай баг болж ажилласан багш нар, боксчид, боксыг дэмжигчид гээд олон хүн бий. Тэдний дэмжлэг туслалцааг үнэхээр мартахын аргагүй. Бид хамтраад үнэхээр сайн ажилла­сан. Гаргасан амжилтуудаа би агуу амжилт л гэж хэлнэ. Маш  өндөр ам­илт гаргасан гэж боддог. Энэ зургаан жилийн хугацаанд боксоос хоёр хөдөлмөрийн баатар, 10 гавьяат, нэг ардын багш төрлөө. 60 жилийн хуга­цаанд гараагүй амжилтыг энэ зур­гаан жилийн хугацаанд гаргасан шүү дээ. Та на­майг боксын холбоог орхиод явчихлаа гээд байх юм. Би түрүүн хэлсэн. Намайг боксын холбоо­ноос холдуулах гэж байсан хүн ч байсан, бокс руу илүү их ор гэсэн хүмүүс ч бай­гаа, явуулахгүй гэсэн хүмүүс ч байгаа. Би ний нуугүй л хэлчихье. Анх намайг боксын холбооны нарийн бичиг боло­ход надтай өрсөлдөж байсан, мөн намайг нарийн бичгийн дарга болоход дургүйцэж байсан олон хүн байсан. Тэгэхээр би ажлаа өгөхгүй зуу­рал­даад, тамга тэмдгийг нь авч зугтаад юугаа хийхэв дээ. (инээв) Авах гээд байгаа хүмүүс нь аваад үзэг. Тэ­гээд яахав ажлаа өгдгөөрөө өгсөн. Ер нь бол би ажлаа маш сайн хүнд өгсөн гэж бо­дож байгаа. Боксыг их дэмждэг хүн л дээ. Бок­сын хол­бооны ерөнхий­лөгчөөр Ганзориг гэж хүн ажиллах бол­сон. Энэ хүнд өгсөндөө сэтгэл өег байна.

    -Урьд нь ерөнхийлөгчгүй яваад байсан гэсэн үг үү?

    -Нэг хэсэг хугацаанд ерөнхийлөгч­гүй байсан юм. Манай хуучин ерөн­хийлөгч “Эрдэнэт” үйлд­вэрийн Улаан­баатар хотын төлөөлөгчийн газрын дарга Д.Цогбаатар гэж хүн байсан юм. Тэр хүн маань гадаадад ажиллахаар  томилогд­чихсон. Үүнээс болоод ерөнхийлөгчгүй удлаа ш дээ.           

    -Таныг ерөнхийлөгч хайгаад уул­залт зо­хион байгуулаад явж бай­на гэж сонсч байсан л даа. Та олон хүнтэй уулзаж ерөнхийлөгч болооч гэж гуйж байсан юм биш үү. Тэгээд яагаад таны ингэж их хүн­дэлж байгаа хүн таныг явсны дараа ерөнхийлөгч болж байгаа юм бэ?

    -Үгүй, ингэсэн юм аа. Он гарах гээд байдаг, холбоо маань ерөн­хийлөгчгүй байдаг. Оны сүүл­чээр тайлангаа тавьдаг. Оны сүүлчээр шилдэг тамирчин, багш нараа шалга­руул­даг, шинэ жилээ хийдэг, ахма­дуу­даа хүлээж авдаг байсан байх­гүй юу. Тэгтэл тэр бүхэн гацаанд орсон. Ахмадууд намайг шаардаад байдаг, он гарлаа, шинэ жилээ хийе, хуучин юмаа үргэлж­лүүлье гэсэн чинь ерөн­хийлөгч бай­даггүй. Ерөнхийлөгчөө яаралтай тавьж, уламжлалт ажлуу­даа явуул­маар байдаг. Би ямар өөрөө ерөнхий­лөгч болж гүйгээд байлтай нь биш. Тэгээд би цуг ажил­ладаг ах нартайгаа ний­лээд хамт очиж гуйсан юм. Та ерөнхийлөгч болооч гэж нэ­лээн олон удаа гуйсан. Ган­зо­риг захирал бол урд нь ч гэсэн боксыг их дэмждэг байсан. Боксын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн шүү дээ. Хамгийн сүүлд намайг уул­захад “Үгүй дээ, Үйтү­мэн минь хэ­рэггүй. Одоо да­раа­гийн олимп энэ тэр нь ч дөхчихлөө. Энэ амжилтыг давтахад хэцүү шүү дээ” гэж хэлсэн юм. Дараа нь би “Хан­гарьд клуб”-ын 20 жилийн ойгоор Эрдэнэтэд уригдаж очихдоо ахиад л араас нь хөөцөлдөж гүйсэн. Манай бок­сын холбооныхон хуралдаж тогтоол гаргаад, түүнийгээ Эрдэнэтэд очихдоо Ганзориг захиралд өгөх гэж урд хойноо орж гүйсэн хэрэг. Гэвч уулзаж чадалгүй хүрээд ирсэн. Тэр үед бас Бадар-Ууган оччихсон байсан. Бадар-Ууганд ч би хэлсэн. “Чи таа­ралд­вал ингээд хэлчихээч. Бид шийд­вэрээ гаргачихлаа” гээд. Нөгөө ахма­дууд, тамирчид, удирдах зөвлөлийн­хөн намайг шахдаг юм байгаа биз дээ. Он гарах гэж байна. Нөгөө шинэ жил юу болж байна гээд л. Тэгээд би арга буюу өөр хүн хайж давхиад байж бай­тал, боксын холбооны хүмүүс маань дахиж хурал хийгээд, ерөөсөө ха­даг сүү бариад очъё. Чамайг очихоор дур­гүйцээд байгаа юм бол бид очъё гээд гараад явчихлаа. На­майг цуг явъя гэсэн л дээ. Би явахгүй гэсэн. Би тэр хүний амнаас үгүй гэсэн үгийг олон сонс­сон. Би дахиж очмооргүй байна гэсэн. Тэгэхээр та нар нэг яваад гуй­гаад үз дээ гээд явуулсан. Тэгээд хадаг сүүгээ бариад нөгөө хүмүүс чинь  очиж, ингээд Ганзориг захирал ерөн­хийлөгчөөр сонгогдохоор болчихсон. Би бол Ганзориг захирлыг 100 хувь дэмжиж байгаа. 

    -Та түүнтэй ерөнхийлөгч болс­ны нь дараа уулзав уу?

    -Ерөнхийлөгч болсны нь дараа нэг уулзсан. Хурал дээрээ уулзсан. Ерөн­хийлөгч маань боксын холбоогоо цаа­шид улам сайн авч явах байх, улам их амжилт гаргах байх гэж бодож байна. 

    -Ерөнхийлөгч өөрөө одоогийн энэ багийг бүрдүүлж байгаа юу?

    -Тийм. Ерөнхийлөгч шинэ баг бүрдүүлж ажиллаж байгаа. Намайг ч гэсэн цуг ажилла гэсэн. Би тэрэнд нь баярлаж байсан. Гэхдээ би одоо хэ­рэггүй биз дээ гээд нэрээ татаж авсан.

    -Монголд нэг ийм мораль бай­даг л даа. Амжилтыг хийсний дараа тэр амжилтын “арал”-ыг өөр нэг хэсэг хүмүүс ирж эзэлдэг. Улс төр, бизнес бүх л юман дээр энэ ха­рагд­даг. Энэ спор­тын тоосонд нь ч явж үзээгүй баа­­хан улс төрийнхөн орж ирсэн байна. Одоо бол олимпийн аварга төрчихсөн. Дэлхийн авар­­гууд төрчихсөн, баатрууд төрчих­сөн. Нө­гөө боксын спорт руу бүх ард түмний нүд хар­чихсан байгаа. Боксыг нэг хэсэг хүмүүс со­нирх­доггүй, огт дэмждэггүй л байсан шүү дээ?

    -Ер нь яг энэ боксын холбоонд бол мэргэж­лийн хүмүүс нь мэргэжлийнхээ талын юмыг авч явна. Мөнгөтэй төгрөгтэй хүмүүс дэмждэг байж болно. Бас спортоо мэдэхгүй дэндүү олон хүн орж ирэх юм бол олон толгойтой л болно гэсэн үг ш дээ. Зохион байгуулалт нь хэцүү болоод явчихна. Энэ холбоог яг энэ чигээр нь аваад явж чадах уу, олон тийшээ арзайлгаад яваад байх уу. Тэгэх л юм бол амжилт нь буурна. Тэгэхээр нэг том толгой байж байж л удирдах ёстой. Олон хүн тоглоод гүйгээд байх юм бол хэцүү. Улс төр энэ тэрийнхэн нь дэмждэг л юм байгаа биз. Тэрнээс биш улс төрийн карьераа хөөгөөд, тэрэндээ имиж маягаар хийсвэрээр хандаж  явах юм бол хэцүү ш дээ. Амжилт гаргачихсан боксын холбооны далбаан дор баахан нэр төр хөөсөн нөхдүүд яваад байх юм бол бас хэцүү. Би энийг шударгаар л хэлж байна. 

    -Спортын амжилтууд их сонин үечлэлтэй шүү дээ. Дараагийн олимпод медальгүй өн­жиж ч магадгүй. Аархаж, хамаагүй амлаж авах юм биш. Тэрийг спортын бус хүмүүс сайн мэд­дэггүй. Та арай үүнээс айсан юм биш биз дээ?    
       
    -Үгүй үгүй. Манай Монголын спорт дотор боксын спорт бараг нэгдүгээр зэрэглэлийн спорт болчихоод байна ш дээ. 

    -Боксын спортыг эр зоригийн спорт гэж боддог. Энэ спортын эрсдэлийг мэддэг хү­ний хувьд таныг айсан юм биш байгаа л гэж…?

    -Айж халширсан юм байхгүй. Би бол боксод сэтгэлтэй хүн. Би боксоос юм авъя, хожьё гэсэн ат­гаг сэтгэлгүй. Би тоглож байх хугацаандаа өө­рийн­хөө хэмжээнд амжилтаа ч гаргасан. Өөрийнхөө мөрөөдөж байсан олимпийн аваргыг ч хамт ажиллаж байсан багш тамирчидтайгаа нийлж зүтгэж байгаад төрүүлчихлээ. Би халш­раад энэ ажлыг өгсөн юм бол байхгүй. Би бол энэ спортын чинь рингэн дээр төрчихсөн хүн юм ш дээ. Эндээ шингэж үлдэх нь ч бас үнэн. Таны хэлдэг ч үнэн. Спорт бол  дөр­вөн улирал шиг л зүйл. Спортын амжилт дандаа өндөр байдаггүй. Спортод унадаг, урууддаг, гуниг гутралын үе гэж байдаг. Нисдэг, галзуурдаг үе ч гэж бий. Амжилтыг нэхэж, шаардаж, тулгаж хийдэггүй. Ам­жилтыг төрүүлдэг ч, амжилт өөрөө төрдөг ч. Гэхдээ манай боксын хүүхдүүд бүгд сайн байгаа. Манай боксын спорт унаагүй. Ам­жилт нь бол маш сайн байгаа. Сая хамгийн сүүлд Азийн Гуанжугийн наадамд бид урьдынхаа амжилтыг давтлаа ш дээ. Хүмүүс телевизээр харсан байх. Зарим хүн боксын спорт уначихлаа энэ тэр гэж ярьж байна гэсэн. Энэ бол тийм биш. Би дахин хэлье, боксын хүүхдүүд маань маш сайн байгаа шүү. 

    -Манай спортод олимпоос хойш олон залуу од төрсөн. Харж байхад манайхан ме­далиа хүзүүнээсээ авч амжаагүй шахам бай­хад нь тэвэрч аваад л дээш нь шидчих юм. Цэрэг, цагдаагийн цолуудыг мөр дүүргэж өгөөд л. Хүчний байгууллагад 10-20 жил зүтгээд ахлах дэслэгч, ахмад цол хүртэж чадаагүй алба хаагчид зөндөө бий. Гэтэл тэр идеалыг нь шууд нэг сонсогчид зүүгээд өгчихдөг. Хүчээр зүүж өгсөн алдар хүндэд цагаас нь эрт дарагдчих аюултай биш гэж үү. Та өөрөө манай спортын супер одын нэг. Зовлон жаргалыг нь мэднэ дээ?

    -Дарагдах эсэх нь өөрсдөөс нь л хамаарна. 

    -Бөхөд найраагаар цолтнууд төрчихдөг. Танай боксод ийм таримал тамирчин төрж болох уу, эсвэл боломжгүй юу? 

    -Тамирчид чинь угаасаа ургаж байгаа урга­мал гэсэн үг ш дээ. Нас нь болоод ирэхээрээ аян­даа болино. Яг энэ ургаж байгаа үед нь дэмжээд өгөх юм бол манай тамирчид бокс гэлтгүйгээр бүх спортод амжилт гаргана. Гол нь энэ тамирч­дад дэмжлэг хэрэгтэй. Амжилт гаргаад ирэхээр нь баахан цол тэмдэг, шагнал өгөөд л эвдээд хаячихдаг. Заримд нь бол үнэндээ дэндүү эрт өгөөд байна. Заримд нь өгөх ёстой ч өгөхгүй байна. Амжилтаа гаргачихлаа даа гэх юм бол харамгүй өгөх хэрэгтэй. Амьдралд нь хангалттай дэмжлэг болох юм өгөх хэрэгтэй. Тэгэхгүй байна л даа. Дөнгөж нэг жаахан хүүхэд гарч ирээд л дэлхийн аварга болчих юм бол хамаг юмаа өгөөд л ааш авирыг нь эвдээд хаячих жишээтэй. Тэгээд нөгөө хүүхэд нь биеэ тоогоод спортоо мартчих­даг. Од болчихсон. Нөгөө од чинь дээрээс бууж ирэхгүй баларч байна ш дээ. Тэгэхээр манай төр засгийнхан шагнал урамшууллаа бас сайн харж байж, тамирчныхаа хэр зэрэг удаан явах вэ, цаашаа ямар тэмцээн уралдаанд явах вэ гэдгийг харж байж өгөхгүй бол хамаг юмаа өгчихөөр сүүлд нь өгөх юмаа дуусчих гээд байна. Ямар давхар гавьяат өгөлтэй нь биш дээ.  

    -Гаднаас нь харж байхад бокс тухайн хү­ний залуу насанд нь, эрүүл мэндэд нь хал­гаатай, зүрх сэтгэлээ өгч тангараг тавьж байж ордог хатуу спорт юм шиг санагддаг? 

    -Тийм ш дээ. Яг үнэн.

    -Таныг нарийн бичгийн дарга байхдаа хол­боон доторхи ёс суртахууны элдэв асууд­луудыг нэлээн цэгцэлсэн гэж хэлдэг юм бай­на лээ. Үнэндээ бол мурий хамартай, ар­хинд орчихсон хүмүүс л холхилдож байдаг байсан. Тэд нь бүгдээрээ гомдолтой. Дасгал­жуулагч тамирчдын хооронд үл ойлголцол ихтэй. Энэ бүхнийг нөгөө Б.Дэлгэрмаа ард­чилсан на­мын байрыг архичдаас салгасан гэдэг домог шиг таныг л их цэгцэлсэн гэж ярих юм. Ямар хэлээр “ярилцаж” цэгцэлсэн бэ?

    -Манай холбоо чинь нэг хэсэг тэмцээн урал­даан дээр ч тэр, ер нь л энд тэнд хэл ам, зодоон нүдээн ихтэй, согтууруулах ундааг ч чамгүй хэ­рэглэдэг газар байсан л даа. Би ажлаа эхлэхдээ л тэмцээн уралдаанд оролцож байгаа хүүхдүүдээ ч бодсон, тэр тэмцээн уралдаан үзэхээр ирсэн үзэгчдээ ч бодсон. Тэр элдэв хэл үг, хэрүүл тэм­цэл, архи тамхиа болиоч ээ.

    Хов жив битгий ярьж бай. Энэ асууд­луудыг ер нь цэгцэлье, больё гэ­сэн. Тэмцээн уралдаан дээр баахан сог­туу хүмүүс л ирээд байдаг. Энэ бо­лохгүй ш дээ. Би та нарыг цөмөөрөө ар­хинаас гар гэж байгаа юм биш. Тэм­цээн дээр л битгий уу. Та нар гэр орон­доо ууна уу, ресторандаа ууна уу, ха­маа­гүй гэсэн. Гол нь тэмцээн дээр эрүүл бай. Тэмцээн дээр согтуу ирчихээд янз бүрийн маргаан, зодоон гаргахаа больцгоо гэсэн. Сүүлдээ би архи тамхи, хэрүүл маргааны асууд­лаас болж хоёр гурван байгууллагыг бү­тэн жилээр эрхийг нь хасч байсан. Ма­най удирдах зөвлөлийн гишүүд ярьж бай­гаад. Ингэж байж л энэ ажлыг цэгц­тэй явуулахгүй бол зүгээр л боль гэж хэл­чихээд л маргааш нь дахиад л хэ­вээ­рээ байвал энэ спорт ч гэсэн хөг­жихөд хэцүү. 

    -Бээжингийн олимпод боксын хол­бооны гол удирдагч Үүеэ хараг­даагүй. Яагаад очоогүй юм бэ?

    -Эдийн засаг, мөнгө төгрөгийн асууд­лаас л бас болсон. Хоёрдугаарт, би өмнө нь хоёр олимпод оролцчихсон та­мирчин хүн. Олимп үзээгүй биш. Ми­ний оронд нэг багш ч гэсэн очоод тэр олимпийн дэвжээ гэж ямар юм байдгийг үзээд ирэг. Бас гадаад, дотоодын та­мир­чид яаж тоглодог юм. Ойроос  ха­раад ирэг. Олимпийн аваргууд ямар бэлт­гэлтэй, яаж олимпийн аварга бол­дог юм. Нэг багш ч гэсэн тэрийг очоод үзээд ирэг гээд өөрийнхөө оронд Бат­цэ­рэн гэдэг багшийг явуулсан юм. Тэ­гээд л өөрөө үлдсэн. Түүнээс биш Бээ­­­жин­гийн олимпийг нь үзвэл үзээд, алчуур бариад тамирчныхаа хажууд нь гарвал гарчихна ш дээ. Нэг багш ч гэсэн турш­лага сууг гээд л явуулсан. Тэгээд яахав эндээ үлдээд л зурагт руу ороод явчихсан шүү дээ. 

    -Та ерөнхий нарийн бичгийн дар­гын хувьд хэдэн төгрөгийн ца­лин авдаг байсан бэ?

    -Би юу. Би цалин авдаггүй ш дээ. 

    -Та юу. Яаж цалингүй явна гэж?

    -Би ёстой бокст сэтгэлтэй тулдаа л, бок­сын төлөө төрсөн тулдаа л ингэж явж ирсэн. Огт мөнгө өгдөггүй гэхгүй ээ. Тодорхой хэмжээний амжилт гар­га­вал бас шагнаж, урамшуулдаг л бай­сан. Боксын холбоо ч шагнаж байсан, Эр­­дэнэт үйлдвэр ч шагнаж байсан. Гэх­дээ аймаар тийм тэнгэрт тулсан юмаар шаг­наагүй л дээ. Зохих ёсны бас нэг сая төгрөг энэ тэрээр шагнадаг л бай­сан. Би чинь бас огт мөнгөгүй ингээд л яваад байдаг хүн биш ш дээ. Сэлэнгэд на­­дад өөрийн гэсэн бизнес байгаа. Ма­най ах дүү нар тэрийг хөдөлгөдөг. Тэгж байж л амьдарч явна ш дээ. Тэгэхгүй бол сүйрнэ биз дээ. 

    -Реклам сурталчилгаанаас бас ор­лого олдог биз дээ. Олимпийн үеэр таны амнаас унасан “Илүү, илүү” гэдэг үг одоо бол брэнд бол­сон?

    -Юун орлого олдог юм бэ. Манайхан чинь хэцүү ш дээ. Би хүнд үгүй гэж хэлж ча­дахгүй. Найзууд гуйхаар нь л тэгж гардаг. 

    -Таны нэр хүнд чинь өөрөө зовж байж байгуулсан зүйл биз дээ. Тэ­гээд яагаад үнэгүй байх ёстой гэж. Та тэгээд гуйлганд л яваад байдаг юм уу? 

    -Одоо манай монголчууд чинь бүгд ха­маатан болчихоод байна ш дээ. Би хүнд үгүй гэж хэлж чаддаггүй юм. Аль болохоор хүнд туслахыг боддог. Ямар ч хүн байсан туслах гээд л гүйдэг. Зарим нь бүтнэ, зарим нь бүтэхгүй. Ер нь тийм л байдаг ш дээ, юм чинь. 

    -Сая улсын аваргад Бадар-Ууган яагаад тоглосонгүй вэ?

    -Бадар-Ууган бэртэл гэмтэл нь бо­лох­гүй байгаа юм шиг байна лээ.

    -Одоо залуу үеэс үнэхээр төрчихсөн дөө гэхээр тамирчин хэн байна вэ?

    -Манайд одоо олон хүүхэд байна. Төгс­цогт гэдэг хүүхэд байна. Энэ бол ёс­той сайхан авьяастай хүүхэд. Цаа­шаа олон тэмцээнд орж амжилт гаргах хүүхэд гэж бодож байгаа. 

    -Та боксын энэ хүнд хэцүү спор­тод хүчээ сорьж ирэхдээ бие бялд­рын хувьд ч, зан чанарын хувьд ч, өөрийгөө сайн хадгалсан тамирчин юм шиг. Яаж өөрийгөө ингэж хад­галж гарсан бэ?

    -Баярлалаа. Би өөрийгөө сайн бэлт­гэсэн л тамирчин. Бэлтгэл сайн хийсэн. Бэлтгэл сайн хийж байж л амжилт гар­гана. Одоо миний бүх шүд бүтэн. Хий­мэл шүд нэг ч байхгүй. Нүүр ам бүтэн. Му­руйж барьсан юм байхгүй байгаа биз дээ. (инээв) Ер нь боксын спорт бол хэцүү, маш хүнд спорт. Хэзээ ч бэртэл гэм­тэл авч мэднэ. Гэр бүлийн маань хүн эмч. Түүний нөлөө их байсан л даа. Тамирчин байхад ч тэр, жин хасахаас өгсүүлээд өчнөөн юм болно, тэр бүгдэд надад тусалж дэмжиж байсан. Нүүр ам, шүд хугарна. Аюултай шүү дээ. Тэ­гэхээр бэлтгэлээ л сайн хийх хэрэгтэй. Ер нь энэ хүнд спортод зорьсон бол зо­р­иод л амжилт гаргаад болих цагтаа боль­чих хэрэгтэй. Тэгэхгүй хөгширчи­хөөд л хүнд зодуулаад яваад байвал хэ­цүү ш дээ. Зодгоо тайлж өгдөггүй, больж өгдөггүй хэцүү хүмүүс байдаг ш дээ. Би бол Сиднейн олимпод ороод л бол­ь­сон. 

    -Та өөрийгөө азтай тамирчин гэж бод­дог уу, азгүй тамирчин гэж бод­дог уу?

    -Би азтай ч, азгүй ч тамирчин. Үйтү­мэн гэдэг хүн энэ спортын дэвжээн дээр заяаснаараа бол би азтай. Миний ах, Банди багш хоёр намайг боксын спорт руу хөтөлж оруулсан улсууд. Ам­жилт, гавьяа байгуулахад минь ту­сал­сан хүмүүс. Ард түмэн надад сай­хан алдар нэр, гавьяа шагналыг нь өг­лөө. Ард түмний хайртай хүү нь боллоо. Бок­сын спорттой хувь заяагаа холбо­сон­доо би баярладаг. Надад алдсан юм байх­гүй. Нэг хэсэг би амжилт гаргаж ирээд мэргэжлийн бокс руу орно гэж баа­хан дөвчигнөөгүй юу. Тэгж байгаад боль­чихсон ш дээ. Тэр үед надад Япон энэ тэрээс захиа ирээд мэргэжлийн бокст ор энэ тэр гэж л байсан. Тэгэхээр нь би мэргэжлийн бокст орно гээд л дөв­чигнөсөн чинь Олимпийн хорооны ерөнхийлөгч асан Ш.Отгонбилэг захирал дуудсан. Тэгээд очсон чинь “Миний хүү Сиднейн олимп хүртэл зүтгэ. Ах нь чиний бүх юмыг даана, ту­сална. Чи зүтгэ. Ингээд явчихаж бо­лохгүй” гэж хэлсэн. Би тэр дор нь ший­дээ гаргаад тэгье гэсэн. Сиднейд нэг оноогоор хожигдсон. Дараа нь Атлантын олим­поор бас нэг оноогоор хожигдсон. Би том тэмцээнүүдэд азгүй байдаг. Хэрвээ ялчихсан бол яах ч байсан юм билээ. Медаль авах ч байсан юм бил үү, аварга болох ч байсан юм бил үү. Гэх­дээ яахав миний гаргаж чадаагүй, хүрч чадаагүй амжилтыг манай боксын дүү нар, шавь нар маань бүгд авлаа. Би өөрөө авснаас ялгаагүй баярлаж явдаг. 

    -Та хэдэн шавьтай вэ. Зүгээр нэг хадаг бариад шүтээд хүрээд ирэх нэг өөр. Өөрөө олж учрах, тавилангаар учрах нэг өөр хэрэг байх л даа? 

    -Надад яг шавь гээд байх юм алга. Миний шавь бол боксын холбоо л байна ш дээ. Би боксын холбооны нарийн бичгийн дарга хийж байсан болохоор яг өөрийн гэсэн шавь бэлтгээд явах зав надад байхгүй байсан.   

    -Та дандаа л инээж яваа харагд­даг. Огт уурладаггүй юу?

    -Ер нь инээж явдаг ш дээ. Хүнд гоё энер­ги өгч явъя л даа. (инээв)

    -Уур хүрмээр юм тохиолдохгүй байна уу?

    -Би яаж ч уурласан хүнийг инээл­гэчихдэг ш дээ. Ямар ч ууртай хүнийг инээлгэдэг.

    -13 жилийн өмнө уулзаж байхад та “Би “Титаник” киноны дуунд дур­тай болчихлоо” гэж ярьж байсан. Одоо ямар дуунд дуртай вэ?

    -Одоо дуу энэ тэрд дургүй ээ. Тэр үед машиныхаа хөгжмөөр л тэр дууг их сонсч байсан болохоор тэрийг л гоё дуу гэсэн юм. 

    -Таныг хувийн клуб байгуулж бай­гаа гэж сонссон. Энэ үнэн үү? 

    -Тийм. Би сая боксын нарийн бич­гийн даргын ажлыг өгөөд өөрийн гэсэн клуб байгуулсан. Яг үйл ажиллагаагаа арай эхлэх болоогүй байгаа.

    -Таны багш агуу хүн үү?

    -Манай Банди багш уу. Агуу хүн. Дас­галжуулагч хүн агуу байж л амжилт гарна шүү дээ. Миний багш үнэхээр мундаг хүн. Би бол багшийгаа хаа ч өмөөрнө. 

    -Боксын тамирчин хүн рингэн дээр хэдэн жил зодолддог юм бэ?

    -Сонирхогчийн бокс бол цаанаас нь автоматаар 34 нас хүрэхээр л бо­лиул­чихдаг. Мэргэжлийн бокс бол мөнгө авч чадаж л байвал хэдэн нас хүрсэн ч ха­маагүй зодолддог. 

    -Энгийн амьдрал дээр зодоон хийх шаардлага гарах юм уу?

    -Гарахгүй ш дээ. Жаахан байхдаа зөндөө л зодоон хийж байсан. Одоо хөг­ширчихөөд юун зодоон хийж явах…

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан