“ШЕРЕМЕТЬЕВО”-д учирсан хоёр

    Шинэ он гарахтай урьтан нэг тий­шээ хөлгийн жолоо залах шаардлага гараад болдоггүй ээ. Өнгөрч буй оны аж­лаа дүгнэх, шинэ жилийн баяр ёс­лолоо төлөвлөх гээд удирдлагууд то­ми­лолт өгөх дургүй. Тэгсэн ч гэсэн  яв­маар  санагдаад, сэтгэл тогтохгүй.  

    Зул сарын баяр юу юугүй хаяанд тул­чихсан. Урьд нь төдийлөн ач хол­бог­дол өгдөггүй байсан манай хот дэл­гүү­рүүдийнхээ цонхноос “Merry Christ­mas” гэ­сэн гэрлэн чимэглэлүүд улал­зуулаад л, энд тэнд гоёл зүүсгэлээ зүүсэн гацуур мод “ургаж” хоноод л, уур амьсгал цаа­наасаа л нэг сэтгэл гижигдээд болдоггүй ээ. Шинэ жилийн баяртаа амжиж ирэх ам­лалт өгснөөр би нисэх эрхтэй болов. Wow…эрх чөлөөтэй боллоо. Арванхоёр­дугаар сарын 29-ний үүрээр 06 цагт  “Чингис хаан” нисэх онгоцны буудалдаа эргэж буух тийзтэй. Ингээд бүх юм О’Кей.  

    Алёно i love to
     

    Ялангуяа Европ руу зүглэх гэж бай­гаа хүмүүсээс ойр дотнынхноосоо “За, Аэрофлотоор л битгий яваарай “ гэх зөв­лөгөө сонсоогүй хүн бараг байхгүй байх. Гэсэн ч би сонгочихсон. Жилийн өмнө Ше­реметьевод гурван цаг онгоц саатан гө­лийт­лөө хүлээж байснаа ч мартчих­жээ. Эсвэл шинэ жилийн баяр сураг чи­мээ­гээрээ л урьтаас ингэж хүмүүсийн сэтгэлийг  юутай хээтэй нь догдлуул­чих­даг ид шидтэй юм болов уу. 

    Аэрофлот компанийн SU 563 онгоц “Чин­гис хаан” нисэх буудлаас цагаасаа хоёр цагаар хоцорч хөөрлөө. Цаашаа дамжин нисэх тул сэтгэл түгшиж эхэлсэн ч “харин ч гайгүй хоцорлоо, амжих биз” гэж өөрийгөө тайвшруулав. Харин ми­ний зургаан настай бяцхан охинд хоц­рох энэ тэр огт сонин биш бололтой. Он­го­цонд орж ирээд хөөрхөн цэнхэр үүр­гэвчтэй бэлэг авангуутаа л Аэроф­лотын сэтгэл хангалуун үйлчлүүлэгч болж хувирсан. Тэр маань аав ээж хоёрын­хоо хамт санаад бэтгэрэх шах­сан эгчтэйгээ уулзах гэж яваа юм л даа. Таван цаг гаруйн нислэгт цурам ч хийл­гүй зураг зурсаар “Шереметьево”-д догь гэгч нь хөл тавив. Цагаасаа хоцорсон бид “гүйгээрэй” командтай пижигнэсээр дам­жин өнгөрөгсдийг бүртгэх цэг дээр ирэв. Тэнд юу болдог билээ. Бүгд л яардаг, бүгд л бужигнадаг. Ердийнхөөс хэд дахин илүү хурд гарган байж хянал­тын бүсийг өнгөрсөн ч урдаас уучлаарай ч байх­гүйгээр “Стамбулын онгоц хөөрч байна” гэсэн хариу угтах нь тэр. Дараа­гийн онгоц зургаан цагийн дараа ниснэ. Хү­лээхээс өөр гарцгүй болжээ. Газар газ­рын хүмүүс бухимдан холхиж, “Аэроф­лот”-ын нүүр нь ширлэгдсэн ажилтнууд “Хүлээх л болж дээ, бүгд л хүлээж байна шүү дээ” гэсэн ойлгомжгүй хариутайгаа хамт мөрөө хавчина. Монголчууд энэ мэт байдалтай тулгарч дөжирчээ. Учир нь бид бусадтай адилхан шаардаж, эрхээ сануулж чаддаггүй. Азийнхны бус­дад дандаа “жийгдэж” явдагтайгаа эв­лэр­сэн хүл­цэнгүй зантай. Нөгөөдүүл ч дан­даа бидний дээгүүр харж байдаг. Үеийн үед ийм л байсан. Цаашдаа харин яах бол… 

    Алёно би чамтай заавал уулзана

    Манай онгоцныхон хэд гурваараа хү­лээлгийн өрөөний сандлуудаас эзэг­нэж аван тухалцгаалаа.  Гэвч тэд яагаад ядаж зургаахан настай миний охины үйлч­лүүлэгчийн хувьд эдлэх ёстой эр­хийг бүдүүлгээр хөндчихөөд уучлал ч гуй­даггүй байна аа… Эднийх хоногоор саа­туулах тохиолдолдоо зорчигчдыг буу­далдаа байрлуулж, хоолны талон өгдөг биз дээ. Арай хоночихгүй гэж най­даж байгаа ч эдлэх ёстой эрхээ шаардах нь зүйн хэрэг гэж би бухимдан бодно. Ийн­хүү асууж сурсны хүчинд хүн тус бүр 490 рублийн хоол идэх талонтой болж авлаа. Хамгийн хямдхан кафед энгийн нэг шпагетти захиалахад 473 рубль. Энгийн 350 мл-ийн цэвэр ус 4-5 доллар. Арай ч дээ. Үйлчилгээ гэж авах юм байх­гүй. Дээр нь зан авир гэж ярих юм биш. Хо­­цорч бухимдсан хүмүүс дуугаа өн­дөрс­гөөд л байвал “Аэрофлот”-ынхон давж л өндөрсгөдөг давилуун улс. 

    За, энэ ч яахав зургаан цагийн да­раа нисдэг л байгаа даа гэж бодол­хийл­нэ… Чилийтэл хүлээлгэсэн зургаан цаг арай ядан дуусав. Ашгүй манай нислэ­гийн бүртгэл эхэлснийг цангина­тал зар­лаж байна. 

    Баяртай, бүх бухимдал. Буцаад ирэ­хэд битгий л ийм байгаасай. Ийнхүү аав, ээж, охин гурав Стамбулын онгоцонд сууж байна. Гурван цагийн дараа бид­нийг тэсч ядан хүлээж байгаа охиндоо очно. Амьдрал бол санаж хүлээх, уулзаж учрахын баяр ч юм шиг. Ийм санаандгүй явдлуудгүй бол аялал өөрөө гунигтай ч юм шиг. Бүх юмыг уучлан тайвшир­чих­сан үүлэн дундуур нисч явна. Хажууд нэг хүн бувар бувар үглэхийг ч анзаар­сангүй. “Чи ер нь яах гэж энэ тэнэг “Аэ­роф­лот”-оор захиалсан юм бэ. Охин маань хол газраас ирээд танихгүй мэ­дэх­гүй газар өдий төдий цаг биднийг хү­лээж байгаа. Арай төөрч будлиагүй бай­гаа даа” гэж аав гуай зэмлэж байна. Давгүй ээ, би түүнийг үл тооно. Угаасаа зарим үед аавууд ийм яншаа болчихдог юм. Том охин маань өөр орноос нисч ирж, бид гэр бүлээрээ Стамбулд уулзах төлөвлөгөө минийх байсан юм. Учир нь би энэ хотод ирээгүй яг 10 жил болж бай­на. Тэр үеийн бүх дурсамжийг цээ­жиндээ амилуулахыг хүссэн минь энэ. Энэ бол хамгийн амттай жаргал шүү дээ.

    Суудлын даруулгаа хийцгээнэ үү, манай онгоц 15 минутын дараа Ататюрк олон улсын нисэх онгоцны буудалд газардах гэж байна гэсэн үйлчлэгчийн ялдам дуунаар энд тэндгүй суудлын даруулга бөхлөх чимээ түгэв. Ингээд бид зорьсон газраа ирлээ. 

    Эхнэр болохоор тохиролцсон бүс­гүй­гээ ирэхгүй болохоор тэсвэр алдаад уулзахаар хайж яваа нэгэн ахтай хууч хөөрч, замын танил болцгоосон боло­хоор гурвуулаа биш дөрвүүлээ болон бууж ирэв. Монгол хүний цоож цуургагүй сэтгэл ээ гэж. Солонгост олон жил ажил хийж байгаад иртэл эхнэр маань замаа бодоод талийсан байлаа. Хэдэн жил Эрдэнэтэд ганцаараа амьдарлаа. Тэгээд нэг бүсгүйтэй танилцсан юм. Нэг жил сайхан амьдарч байтал Турк яв­чихсан. Ирнэ гэсэн ч ирж өгдөггүй ээ, гомд­лын мөрт олж уулзах санаа­тай… гээд  тууж яваа юм. Сайхан “гар” бай­гаа биз. Ингээд ирэхэд нь бүсгүй нь хүлээж авахгүй бол яана аа.    

    Ахиад л адал явдал биднийг угтаж байжээ. Юун бүсгүй… Тэрнээс ч дор юм болов. 

    Шалган дээр паспортоо барин дугаараа хүлээж зогссон ах хүү догдолж байгаа бололтой. Арав гаруй хүний дараа түүний ээлж ирлээ. Манай “ах” яасан удаж байна вэ гэж ярилцах зуур бид түүнийг түр орхин цааш нэвтрэх бо­лов. Нэг харсан ахыг цагдаагийн офицер да­гуулаад явж байна шүү. Юу болсон юм бол… Хүлээлээ… таг чиг. Яаж хаяж явах юм бэ гэсээр ахиад 20 минут хү­лээлээ. Ах гарч ирдэггүй ээ. Монгол хүн бай­на даа, асууж сурах хэрэгтэй шүү дээ гэсэн уламжлалт ааш хөдлөн ахыг нэвт­рүүлэлгүй саатуулсан шалганы ажилт­наас очиж сураглалаа. “Түүнийг шал­гах шаардлага гарсан, хүлээх хэрэг­тэй” гэсэн товч бөгөөд тодорхой хариу барьж байна. Тээшээ авчихаад ахиад хэсэг хугацааны турш хүлээлээ. Ах гарч ирсэнгүй. Ахиад аав гуай үглэж байна. “Чи ер нь хаашаа хүн бэ. Гомо Нарааг ч байсан найз минь л гэнэ. Хаа газраас гарч ирсэн нь мэдэгдэхгүй баригдаад явсан хүнийг ч ах ах гэж зууралдана, тэнэг юм уу. Гадаа хүүхэд хүлээж бай­гааг ер нь мартав уу” гээд л…Учир нь тэр бол цагдаагийн хүн. Би бол сэтгүүлч хүн… Арга буюу  орхин гарлаа. 

    Уучлаарай, би тоглож чадахгүй нь, Эдуард явчихсан гунигтэй байна
     

    Муухай л юм боллоо доо, ахыг яа­гаад саатуулж байгаа юм бол… Гараад ирэхэд нь хэн ч байхгүй. Гомдох байх даа…гэсэн хөнгөн шаналгаа сэтгэл эзэм­дэнэ.  Ахиад хүлээмээр л байна. Гэвч болохгүй нь ээ… Уучлаарай, ах аа.. хаал­ганы цаана удаан уулзаагүй охин минь хүлээж байгаа шүү дээ.

    Стамбул урьдынхаараа  сүмийн хонхны уянгалаг дуугаа хадаан угтаж бай­на. Бид хүмүүс шиг  тэр өндөр өртөг­тэй Америк, Англи, Сингапурт гэр бүлээ­рээ зугаалж чадахгүй. Охин маань оюу­тан, цаанаасаа хамгийн хямд зардал гарган нисч ирээд бидэнтэй уулзах хам­гийн оновчтой газар бол Стамбул. 

    Энд ирж хүүхдүүдтэйгээ хэд хоног амарч, аз жаргалтай дурсамж бүтээж өгөөд буцна. Энэ л надад чухал. Одоо­хон­доо бидний бололцоо үүнээс хэтэрч ча­дахгүй. Гэхдээ эдэлсэн аз жаргалаа юутай ч харьцуулахгүй. Аз жаргал бол нэг л хэмжигдэхүүнээр хэмжигддэг, нэг л ян­заар эдлэгддэг эд гэж би бодож байна. 

    Охид минь хамгийн жаргалтай эрх­лэлдэж, Ази Европыг холбосон алдарт агаарын гүүрэн доогуур усан онгоцоор аялж явна. Өмнө нь усан онгоцоор явж л байсан. Гэхдээ энэ удаа яагаад ийм аз жаргалтай байгаа юм бол. Усны үнэр цээж нэвтлэн орж ирж, тэнгисийн ер бусын нөлөөнд эзлэгдчихсэн хөвж явна. Нээ­рээ би хэзээ ийм жаргалтай бай­лаа… Цахлай Ливингстон дэргэд минь зэ­рэгцэн дүүлж явах шиг. Гараараа да­лавчинд нь хүрч үзэхсэн… 

    Цахлай нисч байх үедээ хэзээ ч тэнцвэрээ алддаггүй, хурдаа алдаж унадаггүй. Тэнгэрт нисч байх үедээ хурдаа алдаж унах нь тэдний хувьд ич­гэвтэр, гутамшигтай зүйл шүү дээ… танил мөрүүд ийнхүү орж ирнэ. Ми­ний доторхи Жонатан цахлай сэрж байх шиг байна. Жонатан Ливингстон улам тунгалагшин харагдах шиг… нүдээ онийлгон нарны урдаас удаан гэгч саравчлан хармаар.  

    Нэг мэдэхэд долоо хоног гялалзан өнгөрчээ. Зочид буудлын гаднаас жуулч­дыг тосч сурсан овжин такси­нуу­дын нэгд суун нисэх буудлын зүг давхиж явна. Стамбул өөрчлөгджээ. Хогийн цэг бай­сан газар асар том худалдааны төв барь­сан байна. Дэлхийн хотууд хоорон­доо яралзан өрсөлдөж, шинэ зуунд хэн хаана юуг амжиж хийх вэ гэсэн гайхам­шигт оюун ухааныг уралдуулж байна. Эднийх бол Азийн хотууд шиг сүмбэр бүмбэр өндөр, шил толь болсон барил­гуу­даар гайхуул­даг газар биш. Хуучин стиль имижээ л торд­дог.  Энэ хот 12.8 сая хүн амтай. Дэл­­хийн тав дахь том хот. Европын хам­гийн том metropolitan хот. Туркийн соёл, эдийн засаг, банк санхүүгийн төв нь. 

    Европын соёлын нийслэлд тооцогд­дог энэ хотын түүхэн дурсгалууд  1985 онд ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгд­сэнийг бүгд мэдэж байгаа. Эднийх  Ев­ропын 2010 оны соёлын нийслэлээр нэр­лэгд­сэн юм байна.  Харин 2012 онд  Ев­ро­пын спортын нийслэл болохоор хүч хаян ажиллаж буй. Хот нийтдээ 39 дүүрэгтэй. 

    Сонирхуулахад зөвхөн Стамбул хотод гэхэд 35 тэрбумтан байдаг юм байна. Тэрбумтныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт ордог гэсэн мэдээг хаа нэгтэйгээс уншиж байжээ. Өөрчлөгдөж, өөдөлж дэвжиж байгаа айлын гэр цаа­наасаа л нэг цагаан харагдаад байдаг даа. Тийм л байна, эднийх. Гэхдээ л хараахан шигдээд үлдчих хүсэл төрөх­гүй нь.  Муу ч гэсэн Улаанбаатар минь л сайхан. Тэндээ л бид дэндүү гэмээр эрх чөлөөтэй амьдардаг.

    Ататюрк буудал дээр ирлээ. Москва­гийн онгоц саатаад хоёр хонож байна гэсэн улсууд ширэв татан холхилдож байна. Нисэх цаг хараахан болоогүй байна. Яадаг бол …гэсхийн хүлээлээ. Аш­гүй бүртгэл эхэлж байна. Ингээд онго­цон­доо суулаа. Гурван цаг нисээд алдарт “Шереметьево”-д ахин газардав.  Хоёр цагийн дараа бид нутаг руугаа ни­сэх ёстой. Товлосон цаг боллоо. Нис­лэгийн сураг байдаггүй ээ. 

    Transfer desk-ийг бүчсэн улаан хэрүүл. Ёстой өргөөд шидчих шахаж бай­на. Аргагүй дээ, маргааш 30. Нөгөө­дөр арванхоёрдугаар сарын 31. Энэ хорвоогийн хам­гийн өндөрлөг өдөр. Жаргал зовлон, уйтгар гуниг, баяр хөөр дүүрэн нэгэн он явж, шинэ догдлол, шинэ итгэл найдвар тээсэн цоо шинэ он ирнэ шүү дээ. 

    “Шереметьево” онгоц нь саатаж бу­химдсан түмэн газрын хүн зоны хилэнд дарагдаж гүйцсэн бололтой. “Аэроф­лот”-ын ажилчид цөхөрсөн үү, хүйтэн царайлаад бүр хөшчихөж. “Аэрофлот”-ыг харааж зүхсэн зорчигчид нээлттэй микрофоноор ёстой шавайгаа ханатал хаш­гирч байна. Хонох нь ч тодорхой бол­жээ. Буудал гаргаж өгөх байх гэсэн найдлага ч талаар өнгөрөв. Хашлагатай сандлууд дээр нь хажуулж ч болохгүй. 

    Хананд өлгөөтэй телевизээр Ерөн­хий сайд Путинийг эсэргүүцсэн жагсаа­лын тухай сурвалжлага гарна. Ходор­ковс­кийг сулла. Түүний дарангуйллаас Орос орноо  чөлөөлье… гэх мэт уриа, пла­кат барьцгаажээ. Цагдаа нар зари­мыг нь хөл гарыг нь сарвалзуулаад л ачих юм. Манайд болж байсан трак­торчдын цуглаан санаанд орж ирж байх чинь. Эркаг маань (сэтгүүлч Г.Эрдэнэбат) яг энэн шиг гурван цагдаа дамжилж аваа­чаад машин руугаа чулуудчихаж байж билээ… Тэр үеийн дурсамжууд сэт­гэлд ийнхүү амилж, андаан дурсан ган­цаараа инээж суугааг минь хэн ч анзаарахгүй нь гоё. 

    Үзэх ганц зугаа энэ л юм даа. Нэг ч сэт­­гүүлч, нэг ч тоймчийн дүгнэлтгүй. Доор нь зөвхөн тайлбарлалтгүй гэсэн би­­чиг бичжээ. Тайлбарлавал аюултай. Бүг­­­дийг захирагч Владимир Владими­ро­вич хилэгнэнэ. Тэр бараг ахиад Ерөн­­­хий­лөгчийн сонгуульд өрсөлдөж ма­гад­гүй­гээ Ларри Кингийн шоунд орох­доо ам алдчихсан. Аймаар юм… Манай сэт­гүүлчид бол ёстой дуу дуугаа авалцан шуу­гиж байгаа даа. Орос орон ингэтлээ нэг хү­ний засаглалд дагжих шахаж байх гэж…

    “Шереметьево” эмх замбараагаа алд­жээ. Яахаас ч сийхгүй харцтай мул­зан толгойтнууд холхиж, хүмүүсийг жийр­хүүлнэ. Ачаа тээш задарсан, ухаж төнхсөн, алдагдсан тухай гомдлууд тал талд чих дэлсч жихүүцүүлнэ.  Арай дээрд­сэн, ачаа тээшинд халдах нь ба­раг байхгүй болсон гээгүй бил үү?  Тийм дээ, аливаа зуршил арилтлаа уддаг шүү дээ. 

    Түмэн хүн холхисон “Шереметьево”-д ганц­хан хүүхдүүд л бухимдалгүй. Сая­хан онгоцонд эгчээсээ уйлж салсан охин маань хөөрхөн шар толгойтой хүүтэй ямар­хан нэгнийг ярилцаж байна.  Төд удал­гүй хөөцөлдөн гүйж, хэний ч үгэнд орох­гүйгээр дур зоргоо тунхаглаж эхлэх нь тэр. Жаалхүүгийн нэр Эдуард. Тэд энд чамгүй удаан сууцгааж байгаа бо­лолтой. Сүүлдээ ээж аав нь мөр мөрөө дэр­лэн зүүрмэглэцгээж, хоёр хүүхдийн аюул­гүй байдал бидний толгой дээр ирэв. Сандлуудын ар өврөөр хөөцөлдөн тоглох тэд аажмаар орон зайгаа тэлэн, байн байн үзэгдэж харагдахгүй алга болж сандаргана. Тэгснээ толгойгоо ний­лүүлээд юу ч юм ярилцана. Яаж ойл­гол­цож буйг нь тэнгэр л мэдэх байх. 

    Москвагийн цагаар шөнийн 23 цаг өнгөрч байтал тэд нисэх болж бужиг­на­лаа. Хэдэн цаг хамтдаа тоглосон хоёр салах болов. Хөөрхөн хуруунуудаа орол­дон тонгойн зогсоцгоожээ. Эдуард хувц­саа өмсөхгүй гэж гэдийв. Тэгж байс­наа Алёна,  i love to… гэж хашгиран  хү­мүү­сийг нир хийтэл инээлгэв. Охиныг маань Ариунаа гэдэг нэрийг Эдуард Алёна болгон хөрвүүлжээ. Алё­на… баяртай, дараа заавал уулзана аа… Ийнхүү манай “хосууд” саллаа. Хөлс нь гоожиж, басхүү сэтгэл ихэд хөдөлсөн охин маань бидний дэргэд гунигтайхан ирж суув. Тэрэнд ямар байгааг ойлгож бай­на. Охиноо сэргээх гэж ачаа түрдэг тэр­гэн дээр суулгаж Шереметьевогоор хөндлөн гулдгүй түрж “давхисан” ч тэр гунигласан хэвээрээ л байлаа. 

    Шилэн хананы цаана Москвагийн цас будран бууж байна. Яг  бага байхад  манай нутгийн тэнгэрээс бужигнан буудаг байсан сэвсгэр цагаан цас шиг. Яасан танил юм бэ…Хамагч машинууд  цасыг хуу түрэн бөөгнүүлнэ. Харин би сэтгэлдээ хамагдан түрэгдэн бөөг­нөрч буй тэр цасыг бага ахтайгаа хамт ха­шаандаа босгодог байсан цасан өв­гөн болгож харна. Хамрыг нь  хийх луу­ван байхгүй, ах маань үсний минь улаан бөмбөлөгтэй боолтыг шигтгэчихэж билээ. Хөөх, ийм налчгар хамартай өв­гөн байдаг юм уу гэж аав маань хөгжил­тэй инээж байсан нь өнгө будагтайгаа ами­лан харагдана. Буцаад яг тийм жаргалтай болох юмсан. 

    Микрофоноор хашгирч бухимдлаа тай­лагсад овоо тайвширч эхэлжээ. Нэ­гэнт шөнө болсон, нэгэнт хүлээхээс өөр гарцгүй болсон. Гэхдээ л оросуудын наргианч зан хэвээрээ. Зарим нь онигоо ярьж, зарим нь бяцхан халамцчихсан дуулж, ахиухан тунгаар туучихсан нэг нь “Бүгдээрээ энд шинэ оныг угтахад бэ­лэн үү, би л лав бэлэн шүү” гэж хашги­ран хөгжөөнө. Хаа газрын ард түмэн ийм л  цагаахан…ийм л гэгээхэн дээ. 

    Сандлуудыг түрж нийлүүлээд бяц­хан ор засч охиноо унтууллаа. Өглөө нисч л үзээсэй…Энд бодлоос минь өөр гоё юм алга. 

    “Шереметьево”-д шинэ өглөө ирж байна. Манай нислэгийн хуваарь таг чиг. Тэгж тэгж самбар дээр нэр нь гарч ирэв. Баяр­лаж байтал бас дахиад л алга бол­чихно. Нэгэнт найдахад хэцүү нөхцөл байдалд орсон улсууд болохоор “Аэ­роф­­лот”-ынхныг тачигнатал загнаж, ээ­рүүл­­дэж байж хоолны талон олж ирц­гээжээ. Зарим нь бүр илүү талон  аргалж авсан гэж байгаа. Ингээд шинэхэн өглөөний хоолонд “Тавтай морилно уу” гэж бие биенээ найрсгаар урив. 

    Төд удалгүй манай нислэг зар­лагд­лаа. Ингээд арай гэж онгоцондоо суудаг байжээ. Монголын тэнгэрт үүр хаяарч бай­лаа. Манайхан шинэ жилээ тэмдэг­лэ­чих­сэн. Миний амлалт будаа… Жаа­хан гунигтай л юм. Гэхдээ жинхэ­нээсээ нэг л гуньж өгөхгүй нь ээ. Яагаад гэвэл маргааш арванхоёрдугаар сарын 31 шүү дээ… гэсэн танил догдлол цээжин цаанаас түрж ирээд. 

    Ариунаа маань харин ганцхан асуулт тавина. Ээж ээ, би Эдуардтай ахиад хэзээ уулзах юм бэ гэж… Хариу­ла­­хад хэцүү асуулт үүнээс өөр таарч байл уу, яалаа… Сэтгэл өвдөөд хэлэх үг ол­­дохгүй нь. Эсвэл би жинхэнээсээ одоо л ээж болж байгаа юм болов уу….Ээж.

Сэтгэгдлүүд : 1

  • Zochin

    Янзтай

Сэтгэгдэл оруулах

урлан