Хүний хөгжлийн сан бол алаагүй баавгайн арьс

    Парламентын хамгийн их улайсдаг цаг төсөв хэлэлцэх үе байдаг. Энэ жилийнх үзэж үзэж сая нэг юм шувтарлаа. Төсвийн алдагдлыг триллион шүргэн алдуулж, нийгмээ тэр чигээр нь халамжийн үрэн таран бодлогод хулдсан манай яруу алдарт төсвийн тухай хууль ийнхүү батлагдав.

    Парламентын хамгийн их улайсдаг цаг  төсөв хэлэлцэх үе байдаг. Энэ жилийнх үзэж үзэж сая нэг юм шувтарлаа. Төсвийн алдагдлыг триллион шүргэн алдуулж, нийгмээ тэр чигээр нь халамжийн үрэн таран бодлогод хулдсан манай яруу алдарт төсвийн тухай хууль ийнхүү батлагдав. Цээж өвчтэй шинэ монголын олигархиудын шийдвэрээр ирэх жил  805 тэрбум төгрөг салхинд хийсэх болжээ. Эдийн засагчдын дэвшүүлж байсан бүх гоё идей 76 кнопонд нам даруулж хоцрох нь энэ.  Мачийгаад мачийгаад хүч нь үл хүрсэн тэднийгээ ямар “болж” гэж тавлалтай нь биш дээ. Эдийн засгийн яамтай болж л тэдэнтэй үздэг юм биш бол дуу нь үл хүрэх газраас мянгантай хашгираад тусыг эс олсоор байх бололтой. 
     

    Сүүлийн үед дээдэс маань биднийгээ  “хохь нь” гэсэн л иймэрхүү шийдвэрүүдээр лантуудаж  байх болжээ. Гайхах ч утгаа алдсан гэж хэлж болох юм. 

    Чин үнэндээ бол өнөөдрийн улстөрчид одоохондоо өндөр байгаа зэсийн үнэнд хэт найдсан бодлого л явуулж байна. Үүн дээр тулгуурлаж л  Хүний хөгжлийн сан, ядуурлын сан мэтээ байгуулсан. Зөвхөн сонгогчдод амласан мөнгөө өгөх гэж л тэр. Үүнийхээ төлөө л нүдээ аниад дайрч байна гэж хэлэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн сонгуулийн хэмжээ хязгааргүй  мөнгөн амлалтын хөлд улсынхаа эдийн засгийг чирлээ шүү гэж эдийн засагчид тал талаас хашгирсан ч эрээвэр хураавар бүлэглэлүүд нэгсэж залуур дээр нь суусан энэ төрийн машиныг зогсоож чадсангүй.  Зэс бол үнэ нь унаж л байдаг, өсч л байдаг түүхий эд. Зэснийн үнийн савалгаанд төсвөө хуу сөхрүүлж байсан түүх ч бидэнд өчнөөн бий. Гэвч бид өнөөдрийг хүртэл түүхий эдийн зах зээлд түшиглэсэн эдийн засгийн бодлогоор л гэлдэрсээр байгаа.  Түүхий эдийн зах зээлээс хэт хамааралтай энэ байдал дахин нэг аравнаар ч үргэлжлэх төлөв ажиглагдаж байгааг эдийн засагчид хэдийнэ анхааруулж эхлээд байна. Одоо тэгээд яах вэ. Ард түмний мөнгө гэж ирээд улс төрийн шоучид тайзан дээрээс орилдог ч элдвээр төрд шахуулж байдаг бизнесийнхний л татварт төлдөг мөнгө шүү дээ.  Баялаг бүтээгчдийн хөлс шингэсэн мөнгийг баялаг бүтээж үзээгүй цагаан гартнууд брилиантан шигтгээтэй бөгжөөр гоёсон гарынхаа салаагаар ийнхүү урсгаж байна. Бидний хамгийн том эмгэнэл энэ л байна даа. 

    2011 онд инфляци 25 хувьд хүрч, үнийн өсөлт гарцаагүй нүүрлэх нь нэгэнт тодорхой болчихлоо. Бензин, талх хоёр дээрээ л бодчих. Төсвийн зарлага дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 50 хувийг даваад талийчихсан. Одоо эрх баригчид бүх төвшний татварыг нэмж дарамтлана. Ирээдүйгээс эрээ цээргүй зээлээ нэмж авсаар байх болно. Өөрөөр төсвийнхөө цоорхойг нөхөх гарц байхгүй. Он гарангуут энэ харгис мулгуу төсвийнхөө тодорхой хувийг нийгмийн халамж гэх гоё нэртэй дампуурлын шижмээрээ баахан тараана. Иргэн бүрт сар бүр архины мөнгө бэлнээр түгээнэ. Энийг эмгэнэл гэж нэрлэхгүй бол өөр юуг нэрлэх билээ. Төр өөрийнхөө гараар иргэдийнхээ ам руу спирт цутгаж, хонгилын гэрэл гэгээгүй аймшигт амьдралыг ивээн тэтгэж, баяр ёслолын байдалтайгаар цэцэглүүлж байна гэхээс өөр хэлэх үг алга байна шүү дээ. 

    Зарим улстөрчид сар бүр тараах архины мөнгөө цөцгий цохих мөнгө гэж өхөөрдөн нэрлэж байна. Энийг басамжлал, доромжлол гэхээс өөрөөр хүлээж авах арга алга. Зарим гишүүд “Сүртэй юм, хэрүүл хэл ам дагуулахгүй төсөв хэзээ байсан юм бэ” гэж хээв нэг хэлж байна.  20 мянган өрхийг орон сууцаар хангах мөнгийг өөрсдийн популист амлалтдаа зориулан цацаж байгаагаа тэд ийнхүү хаацайлж байна.  Ийм үед нөгөө талбай дээр орилж байдаг эх орончид хаачив аа. Чин үнэнийг хэлэхэд одоо л жинхнээсээ жагсмаар байна. 
    Өндөг, лооль юу байдгаараа шидмээр байна. 

    Та нар хэд хэдээрээ хамтраад бичил бизнес хий гэж төр биднийг тохуурхаж байна. 21 мянган төгрөгөө нийлүүлээд нийлүүлээд юу хийх юм. Ингэж ард түмнээ дорд үзэж, амьдралынх нь ядуу гуцуу дээр тоглож байгаа түшмэдүүдийг хараад хүмүүс бүгд үзэн ядах болжээ.  Тэдний зөв. Харин ч зохион байгуулалтад орж тэмцэх хэрэгтэй. 

    Үнэн хэрэгтээ Хүний хөгжлийн сан гэдэг маань одоогийн байдлаар алаагүй баавгайн л арьс. Энэ санд орох орлого тодорхой биш гэсэн үг. Стратегийн ордуудын хөрөнгө оруулагчдаас урьдчилгаа хэлбэрээр мөнгө авч, тэрийгээ л тараах гэж байгааг иргэд ойлгох хэрэгтэй. Энийгээ Засгийн газар өнгөлөн далдалж иргэдийг тэнэг юм шиг хуурч байгааг тэгэхээр эсэргүүцэх хэрэгтэй. 
    Дэлхийн банкнаас гаргасан дүнэлтүүдийг талбай дээр нээлттэй тавьж иргэдтэй танилцуулах ажлыг хийх хэрэгтэй. Тэдний дүгнэлтийг сонсоогүй, хараагүй юм шиг авирлаж байгаа нөхдүүдийг чичлээд өгөх хэрэгтэй байна. Бидний үр хүүхдийн ирээдүйгээс хулгайлж байгаа энэ эрх мэдэлтнүүдийг  МАХН нь байна уу, МАН нь байна уу, АН нь байна уу ялгаагүй бүгдийг нь шившиглэх ёстой. Ичихгүй шинэ жилээр энд тэндэхийн шилдгүүдээр тодорчихсон “шилдэг улстөрч” болчихсон оргилуун дарс буудуулаад давхиж явах вий. Яг тэгнэ дээь хараарай.  

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан