З.Туул: Ядуу олон хүний уур бухимдлыг хайрцаглаж чадахгүй байлгүй дээ

    “Ярилцъя” буландаа АН-ын ҮЗХ-ны хурал дээр хамгийн тод мэдэгдлийг хийсэн, өмгөөлөгч З.ТУУЛЫГ урьж ярилцлаа.

    -Таныг ЗГХЭГ–т ажил­лаж байсныг мэдэх юм. Сүүлийн үед хаана ажил­лаад байна вэ?

    -ЗГХЭГ-т нэлээд хэдэн жил ажилласан. Тэр үед орон нут­гийн байгууллагын хэлтэс  гэж байсан юм. Тэнд найман жил шахам ажил­ла­сан байна. 2002 онд өм­гөөл­лийн шалгалт өгөөд тэн­ц­сэн. Тэр үед нас ч 50 дөх­чихсөн байсан. Хуульч сонгон шалгаруулах тухай хууль  гэж гардаг юм бай­на. Тэтгэвэртээ гарчихаад өм­гөөллийн эрх авч чадахгүй юм байна гэсэн бодол төр­сөн гэх үү дээ. Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх  тус­гай зөвшөөрөл гэдэг нь өм­гөөлөгч  ямар нэгэн гэмт хэрэгт холбогдохгүй, хууль бус юм хийхгүй л бол бүх насаараа ажилтай байх боломж. Надад энэ нь илүү сонголт юм болов уу гэж бодсон. Тэгээд л өөрөө тө­рийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан.  Тэр үед ЗГХЭГ-ын даргаар Ө.Энх­түвшин гишүүн ажиллаж  байсан. Намайг хүсэлтээ гаргасны дараа тэр хүн бас дуудаж уулзаж байсан юм шүү. Тэр үед бол ЗГХЭГ-т  АН-ын харьяалалтай гэх хоёр гуравхан л хүн  ажил­лаж байсан л даа. Тэгээд Ө.Энхтүвшин дарга уул­заад, та яагаад энэ шийдвэ­рийг гаргав. Танд ажил төр­лөө хийхэд тань хүнд хэцүү байна уу, арай ямар нэг намын гэмээр шахалт энэ тэр байсан юм биш биз дээ. Уг нь  хамтраад ажиллая, таныг эндээ байх биз гэж бодож байсан юм сан гэж хэлж байсан.  Надад бол үнэндээ тийм юм байгаагүй. Зүгээр л өмгөөлөгч болъё гэж шийдсэн. Хуульч сонгон шалгаруулалтын хууль ч гарчихсан.  Хуучин бол тө­рийн албанд ажиллаж бай­сан хүмүүс шалгалт өгчи­хөөд түдгэлзчихээд байгаад болдог байсан бол энэ хуу­лийн дараа эсвэл өмгөө­лөгчөө сонгох эсвэл төрийн албаа сонгох ийм л нөхцөл байдал үүссэн шүү дээ. Тэр цагаас хойш би өмгөө­лө­г­чөөр ажиллаж байна.

    -Ө.Энхтүвшин дарга бас тийм ч намч хүн биш л юм бай­­на. Бүр анх ажил хөдөл­мөрийн гараагаа та хаанаас эхэлж байсан хүн бэ? 

    -Ажил хөдөлмөрийн гараа­гаа хуучин Ажилчны районы Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа гэж байгуул­лагаас эхэлсэн. Тэнд соёлын заа­варлагч гэж ажлыг анх 21 нас­тай жаахан охин хийж эхэлж байсан. Тэгээд дараа нь Шинж­лэх ухааны ака­демийн улсын но­мын сан, Түү­хийн хүрээлэн зэрэг газруу­дад ажиллаж бай­гаад ЗГХЭГ-т ирсэн. Нийтдээ улсад 30 гаруй жил ажиллалаа даа.

    -Үзэгдэж харагдахаа бай­сан ховор хүн гэнэт саяын ҮЗХ-ны хурал дээр гараад ир­сэн. АН-тай ингэхэд яаж яваад хувь заяагаа холбо­чихов?

    -Ардчиллын сураг чимээ гараад эхэлчихсэн үед гэдэг юм уу даа. Ер нь бол нийгэм цаанаа­саа л өөрийн эрхгүй шинэ юм хүлээж эхэлсэн, хүмүүс нь дор бүрнээ тэрийг хүсэмжилж, өөр хоо­рондоо сэм ярилцаж эхэл­сэн тэр цаг үе л дээ. Тэр үед би ШУА-ийн Түүхийн хүрээ­лэнд ажиллаж байсан. Зүүн хүрээ­лэн гэж ярьдаг юм даа. Тэнд мате­матикийн хүрээлэн байсан юм. Түүхийн хүрээлэн гурав­дугаар давхарт нь  байр­ладаг байсан. Тэр хавийнхан  бие биеийнхээ өрөөгөөр орж гарна, ярилцана. Математикийн хүрээлэнгийн  захирал нь манай Р.Гончигдорж дарга байсан юм. Халтар гэж  том математикч байдаг даа. Нэг удаа тэдний өрөөнд цай уунгаа бас янз бүрийн цаг үеийн юм ярьж бай­тал Гончигоо дарга орж ирээд гарсан юм. Та нар очоо­рой. Их сургууль дээр хэсэг улсууд цуглаад ярилцдаг болсон шүү гээд. Тэгээд нэлээд бодож бай­гаад гэнэтхэн л очих шийдвэр гаргасан. Батсүх гэж нэг эмэг­тэй найзтайгаа ярилцаж байгаад хамт очлоо. Түүхийн хүрээ­лэнгээс дөрвөн хүн л Ардчилсан социалист хөдөлгөөн гэдэгт орсон байдаг юм. Тэрний нэг нь би. Тэгэхээр ерэн оноос эхэлж хувь заяагаа холбож дээ. Тэр маань ч бас цаанаа учиртай. Ми­ний өвөө хэлмэгдэж, 1937 онд буудуулсан. Одоо бол эр­дэм­тэд хэлмэгдлийн түүхийг өөрөөр харж эхэлсэн байна. Миний бодлоор 1920 оноос хойш болсон тэр хэлмэгдүүлэл­тийн үе бол 1937, 1940-өөд он хүртэл үргэлжилсэн. Энэ бол бараг геноцид  маягийн хэлмэг­дүүлэлт болсон. Үнэхээр тэр үеийн хэлмэгдэлд өртсөн хү­мүүс бол маш их зовлон үзсэн улсууд байдаг юм шүү дээ. Манай аав, манай аавын найз нөхөд. Би бүгдээс нь энэ гашуун тавиланг харж өссөн. Ер нь бол бараг насаараа шахам Дотоод явдлын яамны хараан дор байж байдаг хэсэг бүлэг хүмүүс байсан юм ш дээ. Гэндэн гуайн охин Цэрэндулам эгч байна. Дэмид жанжны хүү Элбэг ах,  Эрдэнэбатхааны Раднаа ах, Лхүмбэ гуайн охин Навчаа гээд манай аавтай их үерхдэг хү­мүүс байсан. Манай өвөөг “Хар­бин” Цэрэндаш гэдэг. Орос, хятад, манж хэлтэй. Хамгийн боловсролтой, бас сайхан нь  байсан гэж ярьдаг. 1930-аад онд Манжуурт (Харбин) Монголын банк, санхүүгийн төлөөлөгчийн газар гэж байхад ажилладаг байсан юм билээ. Тэндээс нь дуудаж авчраад Япон тагнуу­лын хэрэг гэдгээр цаазалсан гэдэг. Намайг багад аавын найзууд хааяа манайд цуглаад  хэлмэгдлийн тухай их ярьдаг байсан. Ийм юман дунд өсч төлөвшсөн хүн өөрийн сонгол­тоо хийсэн нь тэр л дээ. 

    -Таны аав хэн гэдэг хүн байсан юм бэ?

    -Манай аав Зав гэж хүн байсан. Цагдаагийн байгуул­ла­гад ажиллаж байсан хүн л дээ. 60-аад оны үед Хрущёв гарч ирээд Орост цагаатгал хийсэн дээ. Тэр нь манайд ч гэсэн үргэлжилсэн юм байна лээ. Аав маань сайн цаг ирж гэж бодсон байлгүй аавыгаа цагаатгуулах гээд өргөдөл өгсөн байдаг. Аав маань овгоо солиод амьдарч байсан байгаа юм. Тэгээд л шууд бараг өргөдөл өгснийхөө дараагийн долоо хоногт л аж­лаа­саа халагдсан байдаг юм. Энэ хэлмэгдэл бол хүмүүсийг ерөөсөө л далд оруулчихсан гэх юм уу даа. Нэг үгээр хэлбэл юу ярих, хэнтэй уулзах тэр бүх юм нь өөрийн эрхгүй нэг тийм болгоомжлолтой. Тэр үеийн нөлөөн дор л би өссөн. Мэдээ­жийн хэрэг аав маань шанал­гаатай хэцүү амьдралаар амь­дар­сан. Байнга мөрдөж мөшгиж байдаг. Нэг байгууллагад ажил хийж байгаад шагналд тодор­хойлох, албан тушаал дэвших болдог. Тэр бүхэн  дээр нь нөгөө нөхдүүд гишгэж байдаг. Энэ бүхнийг бол би хамгийн том нь байсан учраас мэдэрдэг. Тэр орчинд өсч хүмүүжээд л энэ ардчиллын төлөөх үйл хэрэг рүү чинь яваад орчихсон.

    -Гэхдээ өөрийнхөө үзэл бодлын сонголтод харамс­даггүй биз дээ?

    -Үгүй. Хэзээ ч үгүй. Бид үзэл бодлын эрх чөлөө гэдэг үнэт зүйлийг олж авлаа. Энийг мэ­дээж мөнгө төгрөг, эд мате­риалтай зүйрлэхийн аргагүй зүйл. Өнөөдөр бид энэнийхээ хүчээр л намын хурал дээр босч ирээд  удирдлагуудаа шүүмжлээд хэлчих чадалтай, тийм тэнхээтэй явж байна л даа. Энэ бол миний өөрөө оролцож хий­сэн, энэ Монголын ард түм­ний бүгдийнх нь дэмжлэ­гээр хийгдсэн ардчилсан хувьсгал гэдэг юмны л ач. 

    -Бид хоёрын яриа явсаар өөрийн эрхгүй танай ҮЗХ-ны хурал руу орж байна л даа. Сүүлийн үед АН-аас нэг тийм сонин хувирал харагдаад байдаг болчихжээ. Нэг л тийм өөр өнгө төрх. Өрсөл­дөгч улс төрийн хүчнээсээ ялгагдах юмгүй сонин байр байдал. Бид элдэв дажинд дуртайдаа, эсвэл дандаа сөргөлдөөн хүсдэгтээ ингэж хараад байгаа юм биш шүү?

    -Би таныг их сайн ойлгож байна. 

    -Тэр өөрчлөлтийг л хам­гийн том илтгэсэн хурал болох шиг боллоо. Энэ хурал дээр хамгийн тод шүүмж­лэлийг илэрхийлсэн хүн нь та. Тантай уулзаж ярилцах бол­сон бас нэг шалтгаан ч энэ юм. Та яагаад намын удирдлагууддаа ингэж шүүмж­лэлтэй хандах болов. Хэр удаан явсан бухимдал тэсрэв ээ?

    -Өөртэй чинь яг санал нэг байна. Үнэхээр хачин хурал болсон. Аливаа хурал даргыгаа татаж унагаагаад л, дотроо тал тал тийшээ үсчсэн шүүмжлэл өрнүүлээд л, хэн цээжээ хүч­тэй дэлдсэн, хэрхэн бие биенээ илүү доромжилсноороо үр дүн­тэй байдаггүй л дээ. АН-ыг ийм сул дорой байсныг огт харсан­гүй. Нам дотроо асуудлаа илэн далангүй ярьж, энэ улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг авч үзэж, олон түмний хүсээд байгаа, бидний зүг харсан, итгэж найдсан тэр хүлээлтэд хариу өгөх ёстой байсан уу гэвэл бай­сан ш дээ. Даанч харамсалтай нь ерөөсөө тийм юм болсонгүй. Ерөөсөө л нам жим. Юунд орчихов оо гэмээр. Ямар айлын хуралд ороод ирэв ээ гэмээр. Илтгэл бол надад үнэхээр таалагдаагүй. Зүгээр л биднийг мануухайнууд сууж байгаа юм шиг хандсан.  

    -Намын даргын илтгэл үү?

    -Тийм. Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэл нь арай дээр байсан гэж бодож байна. Ялангуяа УИХ дахь намын бүл­гийн илтгэл, дээрээс нь намын даргын илтгэл, хамтар­сан Зас­гийн газарт хоёр жил ажилласан тухай илтгэлүүд бол үнэндээ гялайх, цайх юм бай­сан­гүй. Намын дарга сүүлд нь хэлж байна лээ. Бид хоёрхон жил ажил­лаж байна ш дээ. Үр дүн нь гарах болоогүй гэж. Одоо хоёр жил ажиллах нь байтугай энэ байдлаар 20 жил ажиллаад ч ард түмний амьдрал дээшлэ­хээр­гүй байна. Өмнөх 20 жилээ бид алдчихсан л байгаа шүү дээ. Өнөөгийн Монголын шал­дар булдар амьдралд хүмүү­сийн арга барагдаж байна. Монгол хүний амьдралын чанар гэж огт алга. Итгэл хүлээж ард түмнээс сон­гогд­чихоод, на­мынх­наараа дэм­жүүлж Засгийн газарт орчихоод  ийм тайлан тавиад сууж байна гэдэг бол дэн­дүү л харамсалтай санагд­сан. 

    -Танай намын дарга ҮЗХ-ны л статустай дарга биз дээ. Тэ­гээд яагаад Их хурлаа зар­лая гэж байхад дэмжиж ху­рал­дуулчихаад  жинхэл­чи­хэж болохгүй байгаа юм бол?

    -Дүрэм бол яг тийм л байгаа шүү дээ. Манай намын дарга Их хурлаар л сонгогддог. Би хангалттай ажилласан, гишүү­дийнхээ итгэл найдварыг хү­лээ­чихсэн, ард түмнийхээ төлөө хамтарсан Засгийн газарт орж ажиллаад тодорхой үр дүнд хүрлээ, амьдрал ахуй сайн сай­хан боллоо гээд ам бардам хэлчих бололцоотой л гэж үзэж байгаа юм бол намынхаа  Их хурлыг хуралдуулахаас юун­даа болгоомжлоод байгаа юм бэ.  Жаахан зардал л гарна биз. Сонгуулийг болохоор хэдэн арван саяар нь хандив тусламж аваад хийчихдэг шүү дээ. Бас УИХ-ын гишүүдийнхээ суудлын тоогоор төрөөс мөнгө авч байгаа биз дээ. Намын хурал хурал­дуулах хэмжээний мөнгө бол бай­гаа байлгүй. Их хурал хурал­дуулъя гэсэн хүсэл зорилготой олон гишүүд, залуучууд байх шиг байна лээ. Дарга нар тэд­нийг авч хэлэлцэхгүй байна. Сүүлд нь санал хураалгасан. 30-аад л хүн гар өргөж байна лээ. 

    -Нууцаар санал хураах ёстой биз дээ. Яагаад ил санал хураалт явагдсан юм бэ. Шууд утгаараа бол  да­рамт биз дээ?

    -Гүйцэтгэх зөвлөлөөс хэ­лэл­цэх асуудалд орж ирээгүй ш дээ. Зүгээр заалнаас гишүүд санал гаргаж байж хэлэлцүүл­сэн. Тэгсэн ч энэ асуудлыг энэ удаа хэлэлцэхгүй гээд л гар өргөчихөж байна лээ. Бүх юмыг цаанаас нь бариад баглачихсан байсан. 

    -Хурлын дараа намаас гарсан баримт бичгүүдийг үзсэн. ҮЗХ-гоо шинэчилье. УИХ, Засгийн газарт байгаа өөрөөр хэлбэл албан ту­шаалтай гишүүдээсээ түлхүү оруулж ирье гэсэн бодлого явж байна гэж харсан?

    -Саяын хурал дээр ажлын хэсэг байгуулагдсан. Ер нь бол цаашдаа энэ ажилтай, албан тушаалтай  хүмүүсээ л ҮЗХ, ГЗ-дөө оруулах л юм явуулж бай­гаа юм байна лээ. 

    -Танай намын удирдлага жирийн гишүүдээсээ улам холдоно гэсэн үг үү?

    -Тэгж л таарна ш дээ. Намын дүрмэнд хийх өөрчлөл­тийг бол намын их хурлаар баталдаг. Яригдаад байгаа санал дүрмэнд орвол гишүүд арай тийм юмыг батлахгүй байлгүй дээ. Сүүлийн үед бол улам л ардчилалгүй, танигдахын аргагүй аргачлалаар манай намын ажил хэрэг явдаг болчи­хоод байна. Хөдөөнөөс замд ядарч зүдэрч ирсэн хүмүүсийг чинь фракцууд хүлээж аваад л өөр өөрсдийнхөө санаа оноог тулгаад, урвуулж аваад л гар өргүүлдэг болсон байна. Сүүлийн үед чинь тийм л хурал болдог болсон байна ш дээ. Нөгөөдүүл нь бүр сүүлдээ буцахын хүслэн болоод, нөгөө хоол, архи дарсанд нь бараг ядарчихдаг юм биш үү. 

    -Яг хувьсгалт нам шиг л хуралдаж байна лээ л дээ. Гишүүдээ айхтар хайрцаг­ласан харагдсан шүү?

    -Тийм байна лээ.

    -Энэ л байр сууриа илэр­хийлнэ дээ гэсэн хүн хүртэл дуугарахгүй суугаад байхыг бодоход үнэхээр өөрчлөгд­сөн санагдсан.  Юугаар, ямар хөшүүргээр ингэж барьдаг байна аа?

    -Мэдэхгүй байна. Би үгэн­дээ хэлье гэж бодож байснаа мартсан байна лээ. Танхим дүүрэн сайхан залуучууд сууж байх юм. Гишүүд бол шинэч­лэгдсэн байна лээ. Гэвч тэд маань дуугүй л суугаад байх юм. Өчүүхэн жаахан юм л бо­доод суугаад байгаа байх л даа. Тэрнээс биш АН-ыг дэмжээд, ийм цаг үед нь ороод ирсэн залуучууд ингэх учиргүй дээ гэж  бодож байлаа. Аягүй сонин бүрэлдэхүүн байлаа.

    -Та намаас албан ту­шаалд хан­даж байгаа ханд­лагыг яв­цуу хүрээнд шийд­дэг бол­сон гэж шүүмжилсэн. Н.Алтан­хуяг дар­гыг тойрдог Сонги­но­­­хайр­хан чиглэлийн нөх­дүүд юм уу, баруун айм­гийн­хан л ажил албатай болж бай­на гэж ил тод хэл­сэн. Та энийгээ яг ямар ба­рим­­тад тулгуурлаж хэлсэн бэ? 

    -Хамтарсан Засгийн газраа хоёр нам 40:60 хувиар байгуул­сан гэсэн. Хэд хэдэн агентла­гийн дарга, бас бус энд тэнд томилгоонууд хийжээ. Агент­лагийн даргаар нэг нөхрийг томилчихсны дараа бол тэр нь дороо  хэлтэс, газрын дарга нараараа бас өөрийн намын хүмүүсээ авдаг юм байна л даа. Энийг нэг их задалж яриад яахав дээ. Ер нь л асар явцуу хүрээнд албан тушаалын ху­ваар­­илалт явагдсан л даа. 

    -20 жил гудамжинд явчих­сан нам болохоор боловсон хүчнийхээ  тодорхой хувийг энэ үед байршуулаад авъя гэж зүтгэх нь аргагүй л дээ. Гэхдээ шударга бусаар л явагдаад байх шиг байна?

    -УБЕГ гэдэгт саяхан би оч­лоо. Надад бас хуучин тэнд ажил­лаж байсан таньдаг ганц нэг хүн байдаг юм аа. Тэгээд сонсч байхад “Манай тэр тэр дар­­га чинь танай намаас та­вигд­­­сан ш дээ” гээд хуруу да­раад л ярьж байх юм. Нэг эмэг­тэйгээс бусад нь миний л лав мэддэг хүн байхгүй байна лээ. Хаанаас ирсэн юм, хэн тавьсан юм. Тэгээд би дараа нь сураг­ласан. УИХ-ын сонгуу­лиар Сон­гино­хайрхан дүүрэгт ажил­ласан хүмүүс орсон юм байна лээ. АН ганцхан Сонгино­хайр­ха­наас УИХ-ын гишүүнтэй бол­сон юм байлгүй. Ер нь бол тийм л томилгоо явагдаад байна л даа.

    -Бас Ерөнхийлөгчийг та шүүмжилсэн. Шүүх засаглалд бугшсан бузар булайг хуу цэ­вэрлэнэ гэж итгэж байтал талаар боллоо гэсэн утгатай үг хурцаар хэлсэн. Та өөрөө энэ салбарт ажиллаж байгаа хүн болохоор хэлэх үг байгаа болоод л хэлсэн байх? 

    -Монгол Улсын Ерөнхийлөг­чид хуулиар олгогдсон бүрэн эрх, үйл ажиллагааны чиг үүрэгт нь бүх шатны шүүхийн шүүгчийг  томилох, чөлөөлөх  эрх байгаа. Мөн Улсын ерөнхий прокурор бай­на. Шүүхийн хараат бус бай­далд хэнбугай ч нөлөөлөх учир­гүй. Хуулийн дагуу дээр дурд­санаар Ерөнхийлөгч шүүх эрх мэдэлтэй холбогддог. Ерөнхий­лөгч  анх ажлаа эхлэхдээ шүү­хэд шинэчлэл хийх чиглэлээр хүчтэй дуугарч эхэлсэн л дээ. Эрх зүйн орчин нь бүрдээ­гүй­гээс ажил удаан байна гэх байх л даа.  АН бол УИХ-д хорин хэ­дэн л гишүүнтэй. Шүүхийн тухай шинэчилсэн хуулиа батлуулж чадах эсэх нь бол бас эргэл­зээтэй л дээ. Ц.Нямдорж сай­дын харж байгаагаар бол шүүх эрх мэдлийн хүрээнд шинэчлэл хийгдэж  байгаа. Гэхдээ огцом хурдлуулж, хамаагүй бужигнуу­лах хэрэггүй гэсэн юм хэлж бай­на лээ. Тэгэхээр миний бодлоор бол үнэхээр хүсч хүлээж байгаа өөрчлөлтүүд хийгдэхгүй юм байна. Хэдэн шүүгчийн томил­гоо­ноос өөр энэ салбарт юу хийв ээ. Шууд хэлэхэд  сая бол үнэхээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг томилохдоо Ерөнхийлөгч хариуцлагагүй хандсан гэж үздэг. Хуульч хүний хувьд. Энийг маш олон хуульч ярьж байгаа. 

    -Тийм ч цэвэр биш хүнийг шүүхийн оройд тавилаа гэж та бүхэн үзэж байгаа юм би­лээ. Танай намын угшилтай хүн биш юм уу?

    -Үгүй байх гэж бодож байна. Шүүгч нар бол нэлээд эрт улс төрийн намын харьяалалгүй болсон улс. Хуульчдын дунд хардлага бол байгаа. Энэ хүн бол ерөөсөө мөнгөтэй хүмүүс­тэй л гүнзгий харилцаатай хүн байж магадгүй. Тэд нарынхаа дэмжлэгийг авчихлаа л гэж ярьж байна. Олигархиуд чинь нөлөө­лөөд шүүх эрх мэдэл рүү орчих­лоо шүү дээ. Энийг хуульчид маш их ярьж байгаа. Ерөөсөө Ерөнхийлөгчид хамгийн хүчтэй нөлөөлдөг бүтэц нь юу юм. Ерөнхийлөгчийн Тамгын газар яасан бэ. Мэргэшсэн, шуурхай удирдлагаар хангах ёстой мэр­гэшсэн төрийн албан хаагчид хаа­чив. Дээрээс нь зөвлөх нь бай­на. Гурван шүүгч, гурван про­курор, гурван өмгөөлөгчтэй уулзахад л хангалттай мэдээ­лэл авах байлаа. Ерөнхийлөг­чийн бүрэн эрхийн хугацаанд ганцхан удаа тохиолдож болох томилгоо шүү дээ. Улсын дээд шүүхийн шүүгч болон Ерөнхий шүүгчийг томилоход ийм хурдан томилж байсан удаа ер байхгүй юм билээ. Их ултай суурьтай судалж байж шийдвэрээ гаргах байсан. Улсын дээд шүүхийн хуралдаан болоод тэр хүн 58 хувиар гэсэн байх гараад ирж. Ерөөсөө үдээс хойш нь л Ерөн­хийлөгч шууд томилсон. Сонин юм. Бид чинь нэлэнхүй­дээ шүүх засаглалд хачин шүүмжлэлтэй хандаж байсан биш билүү. Гэ­тэл Нийслэлийн ерөнхий шүүгч байсан хүнийг л тавилаа ш дээ.  Нийслэлийн шүүх тэгвэл хам­гийн л сайн ажилласан юм бай­на шүү дээ. Ерөнхий шүүгч нь дэвшлээ. Шүүхийн шинэчлэл гэдэг нь хэдэн тэтгэврийн насан­даа хүрч байгаа эмэгтэйг уй­луулж өргөдлийг нь авч чө­лөөлснөөр  бүү дуусаасай. 

    -Манай төрийн ажил арга барилын хувьд, харилцааны хувьд, ажилдаа ханддаг ханд­лагын хувьд улам л аймаар болоод байгаа ш дээ. Зүгээр л гүтгэлгээр нэг нэгийгээ хэл­мэгдүүлчихдэг болсон. Та бол шүүгчидтэй өдөр тутам амьдралаараа холбогдоно. Айхгүй байна уу?

    -Шүүх дотор ч шинэчлэлийг хүсэгчид байгаа. Бүгдээрээ хээл хахуульд автчихсан юм биш. Гаршсан хэдэн хүн бий. Өмгөө­лөгчид бүгд мэднэ. Олон нийт, иргэд ч хэлж байгаа. Ажлаа мэд­дэг, шударга сайн шүүгч нарт нь  итгэж байна. 

    -Саяын танай ҮЗХ-ны ху­рал улс төрийн цэнгээнт үзүүл­бэр элбэгтэй хурал бол­лоо л доо. Намын даргын илтгэл дотор л гэхэд зохисгүй үгс олон гарч ирсэн. Монго­лын хүүхнүүд үе мултарсан гадаад эрийн өвөрт орж бай­на гэж яг ямар утгатай, яах гэж хэлсэн үг гараад ирсэн бэ?

    -Хүн юу ч гэж ойлгож боло­хоор юм билээ. Дэндүү хариуц­лагагүй үг гэж энийг л хэлэх байна. Хэрвээ эмэгтэй­чүүд бид намын даргын илтгэл тавих хэмжээнд очтол эмзэглэлийг нь дагуулж, нийтээрээ тийм бай­далд орчихсон юм бол тэр нь тэгээд хэний буруу юм бэ. Ма­най эрчүүд тааруухан болсны шинж биш юм уу. Ер нь тэгээд энэ асуудлыг манай намын дарга авч хэлэлцдэг юм уу.  

    -ҮЗХ-ны гишүүд хэр хү­лээж авсан бэ, тэр үгийг нь?

    -ҮЗХ, Мөнхтуяа бол тэр до­роо  шууд эсэргүүцэж үгээ хэлж байна лээ. Олон хүн эмзэглэсэн болов уу. Дэндүү гэхэд, дэндүү  болсон доо. 

    -Сангийн сайд С.Баярцогт Н.Батбаяр хоёрын мэтгэл­цээ­нийг та юу гэж харсан бэ?

    -Өмнөөс нь ичмээр юм бай­на лээ. Би бүр энэ чинь юу бо­лоод байгаа юм бэ гэж гайхаш барсан.  

    -Маргааш нь намын дарга тань орж ирэнгүүтээ юм хум авч шидээд, гишүүдийнхээ заримыг зүхэж хараасан юм аа даа. С.Эрдэнэ гишүүн нь намайг зүхлээ, тагнаж чагна­лаа гээд УИХ-ын Тусгай хя­нал­тын дэд хороонд намын даргыгаа өгчих юм. Үнэхээр хошин байна шүү?

    -Тийм мэдээлэл хэвлэл мэ­дээллээс л авлаа. Би бол ор­донд ордог мундаг хүн биш шүү дээ. Тэнд нь юу болдгийг мэдэх­гүй. Үнэхээр хол хөндий. Жи­рийн л нэг гишүүн юм чинь. Үнэ­хээр ингэж авирлацгааж байгаа бол харамсалтай л юм. Хурлын дараа их л бухимдацгааж бай­гаа юм байна. Уг нь хүссэн юмаа эд нар хийж л байгаа ш дээ. 

    -Том шийдвэрүүдийг нэг нам дангаараа гаргах ямар ч бололцоогүй 20 жил явж ир­сэн. Одоо л нэг энэ улс орныг чинь хөгжлийн дараа­гийн шат руу нь оруулъя гээд хамтар­сан Засгийн газрыг байгуул­сан. Гол хийх юм нь страте­гийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах. Энийгээ хийлээ. Одоо хянал­тын механизмаа ажиллуулъя, хийдгээ хийлээ, засгаас гаръя гэж тодорхой гишүүд нь үзэж байгаа юм байна. Та юу гэж бодож байна вэ?

    -Би чинь анх хамтарсан Зас­гийн газарт намыг ороход дэм­жиж байсан хүн ш дээ. Гараа өргө­сөн. Үнэхээр Монголын ард түмэн энэ газрын баялгаа зөв зохистой ашиглаж, амьдралаа дээшлүүлж, баялгийнхаа хувийг эзэн хүн шиг нь  хүртэх ёстой, тэр цаг нь ирсэн гэж бодож бай­сан. Одоо бол хяналт хэрэгтэй болчихлоо. Энэ бол нийт ард түм­ний хэрэг биш болчихлоо. Хэд­хэн хүний, тодруулбал, ма­най ҮЗХ-ны гишүүн гээд 200 га­руй хүн сууж байна ш дээ. Тэр­ний 10 хүрэхгүй хүнд нь хамаа­тай хэрэг л болчихлоо ш дээ. Бусдад нь  ямар ч хамаа байх­гүй.  Тэрний төлөө шүлсээ гоо­жуу­лах хэрэггүй. Одоо иргэдийн өгсөн итгэл найдварыг төлөөлж ажилла л даа. Хийгээд өгсөн гэрээнийхээ хэрэгжилтийг хяна. Одоо яагаад ингээд зуураад байдаг юм бэ. 

    -Одоо бол Засгийн газ­раас сайдуудаа татах ёстой гэж үзэж байгаа юм байна, тийм үү?

    -Тийм. Одоо хангалттай. 

    -Засгаас гарч болохгүй. Төр бужигначихна. Хэлсэн ярьсандаа эр хүн шиг байнаа л гээд цаадуул чинь гүрийж байна. Ер нь намын даргыг сон­гуулийн өмнө ч сольж бол­но ш дээ. Яагаад намын дар­га солихоор л АН муухай харагдах болчихоод байгаа юм бэ ?

    -Тэрийг одоо бүгдээрээ л ойл­гохоо байчихаад байна шүү дээ. Юу хэлэхээ мэдэхгүй байна. 

    -Хамгийн либерал, али­вааг хамгийн чөлөөтэй авч үздэг нам яагаад гэнэтхэн “Би намын даргаар ажиллаж чад­на. Нөгөө намын толгойтой мэргэжлийн төвшинд тоглож чадна, намынхаа эрх ашгийг Н.Алтанхуягаас илүү хангаж  чадна” гэж зөв амбиц илэр­хийлсний төлөө гишүүдээ эргэж намнах машин ажил­луулаад байна вэ. З.Энхболд гишүүний гаргасан амбицыг бол эрүүл алхам л гэж бид жишээ нь харсан?

    -Зөв шүү дээ. Ер нь яагаад болдоггүй юм бэ. З.Энхболд бол үнэхээр зориг зүрхтэй, боловс­рол мэдлэгтэй, цэх шударга, ор­чин үеийн хүн. Намын даргаар ажиллаж чадна. Сая бол нэг л болж өгсөнгүй.  

    -Хүчгүй байв уу?

    -Өөрөө бас нэг тийм хүчтэй байж чадсангүй. Бид бол дэмж­чихье л гэж бодож байсан. Бас хэд гурваараа ярилцаж л байлаа. З.Энхболд бол чадна. З.Энхболд бол Н.Алтанхуягтай мөр зэрэгцээд нэг намд зүтгэж байсан хүн. Тэр хүний ажилсаг, мэдлэг боловсролтой, чадвар­лаг гэдгийг нь өөрөө сайн мэднэ ш дээ. Дээрээс нь бол АН-ыг аваад явчих өөр хүмүүс ч байна. Миний одоо хамгийн их итгэж байгаа хэсэг бол “Нэг Ардчи­лал”-ын залуучууд байна. Тэр хэсэг бол эрүүл байна. Энэ 20 жил явсны эцэст итгэл найдва­раа алдахын даваан дээр тэр залуучуудыг хараад би за, ард чинь бас сайхан үе  байгаа юм байна шүү. Эд нарыг зөв дэмжээд, хордуулчихгүйхэн шиг аваад явчих юм бол бас бидэнд итгэл найдвар байгаа юм байна гэж бодсон. 

    -АН өмнөх сонгуулийн да­раа ч засагт хамтраад л явсан. 62-ын бүлэг энэ тэр гээд үй­лээ үзээд л явцгаасан. Хэдхэн нөхөд л тэр дээд төвшинд очиж Засгийн газарт ордог. Баабар, Б.Дэлгэрмаа, Да.Ган­болд гээд цөөн хэдэн лиде­рүүд болохоор яагаад гадна нь байдаг юм бэ. Та тэрийг яаж хардаг вэ?

    -Харин яагаад гэдгийг би огт ойлгодоггүй. Намын дотоод ард­чилал, хүний нөөцийн бодлого алдагдахаар ингэнэ биз дээ. Ерөөсөө манай мэдлэг чадвар­тай, боловсролтой, эрүүл, улс орондоо хүлээн зөвшөөрөгдсөн  хэсэг нь бараг албан тушаалд очихгүй байгаа гэж хэлж болно. Тэд маань одоо яагаад байдаг юм бол. Ам хамар нь болдоггүй юм уу, эсвэл  гүйж очиж долиго­нож, архидаж, янз бүрийн зусар юмыг нь хийж чаддаггүй боло­хоор тэгдэг юм уу даа гэж боддог. Би ч бас тэрийг нь хийж чаддаггүй болохоор ойлгодог. Хэрэв архи уувал зугтаагаад л явчихдаг. Жигтэйхэн  магтахгүй, тааралдвал бараг шүүмжилнэ. Ичгүүргүйгээр долигонож явдаг хүмүүс манайхнаас албан ту­шаалд оччихдог юм. Долиго­ногсдын нэлээд том баг байгаа ш дээ. Бас хов зөөнө. Тэгэхээр цаадуул нь шагнадаг юм уу даа. Эрүүл саруул, боловсролтой, турш­лагатай, зарчимтай нь болохоор албан тушаалд очиж чаддаггүй. Тэд нар маань сон­гууль болохоор дэвшээд л унац­гаачихдаг. Тэр нь яахав дээ, тав арван цаас нь дутчихдаг. Тойр­гоо ч буруу сонгодог л юм шиг бай­гаа юм. Хэрсүү бөгөөд зөв хүн олонсон бол магтагч­даас хол явж, үнэн үгтэнд ойр байхсан. 

    -Одоо тэгээд ирэх сон­гуульд АН ялах магадлал байна уу?

    -Одоо энэ хоёр нам өнгөр­сөн байх л гэж бодож байна ш дээ. 

    -Та МАХН дотор болж байгаа процессыг яаж харж байна. Зарим улстөрч бол сонгуульд нэг нэрээр орчи­хоод дунд нь нэрээ сольчи­хож байгааг нь  залилангийн шинжтэй үйлдэл гэж үзэж бай­гаа. АН үнэхээр улс тө­рийн үйл ажиллагаа явуулах­гүй байна л даа. Хувьсгалт намын энэ алхам дээр сөрөг хүчний хувьд улс төрийн дүгнэлт гаргах ёстой л гэж бодож байсан юм?

    -Тэгэлгүй яахав. Бидний саяын хурал бол энэ тухай заа­вал ярих ёстой байлаа ш дээ. Их бодлоготой хуралдах бай­сан. Үнэхээр олон түмэн ч тэр, нийгмийг дагуулдаг сэхээтэн хэсэг ч тэр  гарцаа байхгүй ма­най намыг энэ үйл явдлууд дээр улс төрийн дүгнэлт хийнэ гэж хүлээсэн ш дээ. Засгийн газарт орчихсон болохоор дуугарч чаддаггүй юм байна. Тэгвэл энэ­нээсээ гараад яагаад дуугарч болдоггүй юм бэ. Тэр албан тушаал чинь юу юм бэ. Амь нас юм уу, эрүүл мэнд юм уу, оюун санаа юм уу. Бидний үнэт зүйлс, энэ намын гишүүд дэмжигчдийн хүсэл зоригоос илүү зүйл юм уу.  Ёстой нөгөө засаглалын, эрх мэдлийн амтыг мэдчихээрээ хүн ингэж шүлэнгэтдэг юм байлгүй дээ. 

    -Ер нь АН-ынхан хөдөлж энэ биеэ үнэлэгч маягтай нөх­дүүдийг төрийн дээд төвш­нөөс зайлуулж, эрүүл саруул хэсгээ гаргаж ирэх цаг болсон юм биш үү. АН дотроо цус сэлбэлт хийх үе ирчихсэн юм биш үү?

    -Цаг нь болчихсон ш дээ. 20 жил гэдэг бол том  үе байдаг юм байна. Зүгээр зайгаа тавьж өгөөд яв гэхээр эрэгтэйчүүд маань уурлах байх л даа. Бид нар болоогүй. 50, 60 нас бол улс төрийн ид нас шүү дээ гэх байх. Бас ч нэг талаасаа тийм. Эмэг­тэй хүн 50-тай бол авгай гээд бай­гаа. Үгүй ш дээ. Эмэгтэй хүн энэ насандаа ёстой хийгүй болдог. Хэтэрхий өөрсдийгөө бид л бүгдийг чаддаг,  бүхнийг хийдэг, биднээс өөр чадах хүн байхгүй гэвэл болохгүй. Тэрний л үр дагавар өнөөдөр бий бол­чихлоо ш дээ. Нэг сайн ялаг­даад ухаарах байлгүй. 

    -Та нарын амьдралын 20 жил л энэ намыг бий болго­сон шүү дээ. Одоо эргэж хараад бидний залуу насыг, бидний тэмцэл зүтгэлийг үнэ­гүйдүүлчихлээ гэсэн бухим­дал байгаа байх. Гэхдээ бу­химдлыг ч гэсэн эвтэйхэн дарж хайрцаглах аргад танай­хан суралцчихжээ?

    -Цаадуул чинь ууртай бай­гаа. Яахав зааланд жаахан хашгираг. Тэгээд гайгүй тайв­шир­на гэдгийг бол тооцсон бай­на лээ. Бид ч энүүгээр хийх юм аа хийнээ гэж байгаа. Тойргийн сонгогчдоос олонхи санал авч УИХ-ын гишүүн болсон хүмүүст хийх ажил, бодох зүйл их бай­гаа. Улс орныхоо төлөө шийд­вэр нь зөв гарч яваад, үнэхээр  ард олны  амьдрал ахуй сай­жирч байгаа бол  эд нарыг дэмжээд л явна шүү дээ. Гэтэл одоо энэ амьдрал ямар байна даа. Ард олон өдөр ирэх тусам ядуурч байна. Монгол хүн нэг их юм хүсдэг хүмүүс биш юм байна шүү дээ, хөөрхий. Жаахан юм хаяж өгөөд л амьдралыг нь дэнжигнүүлээд л бариад байгаа байхгүй юу. Тэгээд нөгөөдүүл нь энэнээс дээш амьдрал байдаг­гүй юм байнаа гээд ойлгочих­лоо. Жаахан юм өгөхөөр нь алгаа тосоод авчихдаг. Энэ биш ш дээ. Монгол хүн хүлээцтэй ч цочмог уурладаг. Ядуу олон хүний уур бухимдлыг хайрцаг­лаж чадахгүй байлгүй дээ.

    -Өмгөөлөгч хүний хувьд танаас асуумаар байна. Сүү­лийн үед сэтгэл сэрдхийл­гэмээр хэргүүд их  гарч байна. Эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байна уу? 

    -Нийгмийн байдалтай ихээ­хэн холбоотой. Хүмүүс ажилгүй байна, архидалт их байна. За­римыг нь зүгээр суулгаж сургах бодлого барьж байна. Ингэж амьдарч болохгүй шүү гээд гараад гүйсэнд нь танил тал, арын хаалга алга , дээшээ тэн­гэр хол, доошоо газар хатуу гэгч болж байна. Тав арван цаас олно. Тэрүүгээрээ хүүхэд, эмэгтэйгүй  архи аваад уучихдаг болсон. Одоо энэ архидалт энэ тэр чинь бүр ахуйн хүрээнд болсон. Онц хүнд гэмт хэрэг өссөөр байгаа нь үнэхээр сэтгэл зовоож байна. Ажилгүй, ядуу хүмүүс гэмт хэрэгт холбогдох нь их байна шүү дээ.

    -Та одоо ямар хэргүүд дээр ажиллаж байна.?

    -Би захиргааны болон эрүү­гийн хэрэгт өмгөөлөл хийж, зөвлөгөө өгдөг. 

    -Танай өмгөөлөгчдийн нэг хэсэг нь үнэхээр томорсон. Том том хэргүүд дээр л ордог. Өндөр өртөгтэй, өндөр хөлс­тэй баячуудыг өмгөөлдөг. Нэг хэсэг нь бол хоногийн хоолоо яая даа гэж байгаа иргэддээ үйлчлээд л, бараг тэд нараа­саа цалингаа авч чадахгүй явж байдаг. Та аль хэсэгт нь хамрах бол?

    -Хуульч өмгөөлөгч нь зах зээлийн нийгмийн мэргэжил юм даа. Мэргэшлийн өндөр ур чадвартай, ёс зүйтэй, туршлага­тай байх нь хамгийн чухал.  Харин тийм өмгөөлөгч нь хэд бол.Өмгөөлөгчид зарим нэг хэрэг дээр одоо багаар ажилла­даг болсон. Би хэдэн сайн өмгөөлөгчидтэй зөвлөлдөж ажилладаг. Тэд нар маань залуу болохоор эрч хүчтэй, эрүүл саруул байдаг юм. Би ч ядуусын л өмгөөлөгч байх. 

    -Ганцхудагийн урьдчилан хорих байранд өмгөөлөгч ч авах чадалгүй, хилс хэрэг тохогдон ядарч байгаа залуу­чууд олон байна. Та тэднээс сонгож  өмгөөлдөг үү?

    -Бид чинь жилд хоёр төл­бө­рийн чадваргүй иргэнийг өмгөө­лөх үүрэгтэй. Манай холбооны дүрмэнд байдаг юм. Бид тийм хүмүүсийг өмгөөлөх ёстой.

    -Надад нэг залуугаас за­хиа ирсэн юм. Хилс хэрэгт гүт­гэгдээд байна гээд. Судла­хаар үнэхээр хүнд нөхцөлд орсон хүн байна. Хэд хэдэн л цуврал бичлээ. Нөгөө залуу маань Хүний эрхийн үндэс­ний комисст ч захидал бичээд л байгаа гэсэн. Яавал дээр вэ?

    -Сайн өмгөөлөгч аваад өг­чих. Манайхны хэн нь ч өмгөөл­нө өө. Би ч өмгөөлсөн болно.

Сэтгэгдэлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан