Бодоогоо дурсч, Болдоогоо түшиж явахаар боллоо

    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хэд, хэдэн томилгоотой холбоотой асуудлыг авч хэ­лэлцлээ. Тэр дотроос хамгийн сонирхолтой нь Үнд­сэн хуулийн Цэцийн гишүүнд Улсын ерөнхий прокурор асан М.Алтанхуягийг нэр дэвшүүлэх тухай асуудал байв.

    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хэд, хэдэн томилгоотой холбоотой асуудлыг авч хэ­лэлцлээ. Тэр дотроос хамгийн сонирхолтой нь  Үнд­сэн хуулийн Цэцийн гишүүнд Улсын ерөнхий прокурор асан М.Алтанхуягийг нэр дэвшүүлэх тухай асуудал байв. Гэвч энэ удаа уг асуудлыг байнгын хороо авч хэлэлцсэнгүй. Учир нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг  М.Алтанхуягийг Үндсэн хуулийн Цэцэд гишүүнээр томилохоос тат­галзжээ. Мөн Улсын ерөнхий прокурорын орлогч асан Б.Цэрэнбалтавыг  УИХ дахь МАХН-ын бүлгээс Хүний эрхийн үндэсний комиссын даргад  санал болгосон гэх мэдээлэл тархаж байна. Хүний эрхийн үндэсний комиссын даргын асуудалд парламент  доторхи АН-ын бүлэг зарчмын байр суурьтай байгаа. Тэд бараг л хүлээж авахгүй болов уу. Энэ асуудлыг тойрсон ажиглагчдын таамаглал харин нэлээдгүй анхаарал татаж байна.

    Эдгээр эрхмүүд бол Н.Энхбаярын үед Улсын ерөнхий прокурор, орлогчоор тус бүр томилогдон ажил­лаж байсан бөгөөд нэг жилийн хугацаагаа дутуу байхад  “Өөрсдийн хүсэлт” хэмээх аятайхан шош­готой шахалтын дор албан  тушаалаасаа чө­лөөлөгдөх хүсэлт гаргаж, ажлаа өгсөн юм.    

    Өнөөдөртөө энэ асуудлыг  Хууль зүйн байнгын хороо түр хойш нь тавьж “залхуурсан” ч хэд хоногийн дараа хоёр намын бүлгийн дунд  тохи­рол­цоо явагдаж таарна. 

    Ажиглагчдын дунд Үнд­сэн хуулийн Цэцийн даргаар М.Алтанхуягийг  тавина гэсэн таамаг явж эхэлжээ. Яагаад заавал М.Алтанхуяг гэж гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж байна.  “Шинэхэн” МАН-ын нэр хүндэд асуултын тэмдэг зүүлгэн түгж буй энэ үйл явдал цаашаа хэрхэн өрнөх бол. Хэрэв тэднийг дээрх албан тушаалуудад  улайран зүтгүүлбэл тус намын эрх ба­ригчдыг  дээд зиндааны про­ку­роруудын барьцаанд орсон нөхдүүд л гэж хүлээж авахаас өөр аргагүй юм. Энэ нам тэ­дэнд өртэй юм байна. Тэд­нийг бэмбэгэнүүлэх өч төч­нөөн ноцтой баримтуудыг гар­таа атгачихсан юм байна гэх зэргийн жижүүрийн дүг­нэлтүүд  ар араасаа цувна.  

    Тэрийгээ ч мэдээд улс төрийн шинжтэй хөгийн гэ­мээр “хариултуудыг” урьдчи­лан тарааж эхэлж байх шиг байна. Жишээ нь баяр хөө­рийн уур амьсгалаасаа ха­раа­хан салаагүй яваагүй улс­төрчдийн амнаас  “М.Алтан­хуяг  бол  Н.Энхбаярын үед тавигдсан ч түүний хүн биш. Одоо Н.Энхбаяр  Цэцэд хан­дана. Урдаас нь түй гэх хүн хэрэгтэй шүү дээ” гэсэн бэлэн хариу унаж байх юм. Тийм байж гэж бодоход МАХН экс дарга Н.Энхбаярынхаа өм­нөөс дунд хуруу өгүүлэх хүнээрээ  М.Алтанхуягийг  сонгож байна гэж үү. Энэ бол үнэхээр итгэхэд хэцүү, барин тавин таамаг.  Дээд шүүхийн даргаар Ц.Зоригтыг тавилаа. Энэ нөхөр одоо шүүх дээр үүсэх МАН-ын бүх юмыг “янзална”. АН үнэхээр нам тавиулж байна шүү гэх хорон ярианууд ч дээрх хэрэг явд­лын эргэн тойронд нисч бай­на.  Энэ ч мөн улс төрийн ор­чинд явж л байдаг, явуулж л байдаг зүйлсийн зах зух. 

     МАХН-ын XXVI их хурал маш нарийн дэглэлттэй яваг­даж өндөрлөлөө. Үнэхээр өө сэв багатай ажиллагаа гэж хэлж болно. Ний нуугүй хэ­лэхэд бүх санаачлагын бараг 80 хувь нь У.Хүрэлсүх дээр харагдаж байлаа. Их хурлыг тэр чигт нь хайрцаглаж, эхлэ­лээс төгсгөл хүртэл нь хараа бариан дороо  барьж чадсан явдал нь эдний генсекийн өнөөгийн хүчийг яалт ч үгүй илтгэж байна.  

    Нам төрийн өнгийг тодор­хойлж байгаа үе үеийн бүх төлөөллийг багтааж, ямар ч хэл гозгоноод байхааргүй на­рийн тооцож сонгосон бүт­цийг  “Удирдах зөвлөл”-дөө хийж өгчээ. Шинэ бүтцээс нь ажихуйд тавь, жар, далан оны гурван үеийн төлөөлөл тус намын “Удирдах зөвлөл”-ийг бүрдүүлэв.  Зүгээр өнгөн талаасаа гэхэд “Хасын” Ган­хуяг, Даш.Зоригт гэх мэт на­мын даргын орчмоос хүмүү­сийн зэвүүцлийг хамгийн их соронздон татах болсон нөх­дүүдийг “Удирдах зөв­лөл”-д хөл тавиулаагүй харагдахаар хийсэн нь ч бүлэглэлүүдийн зүгээс талархал хүлээж бай­на. “Хүрэлсүх үнэхээр  хүч­тэйгээ харууллаа” гэх мөрөн дээр нь алгадсан, бас ч гэж шууд утгаар нь зусар зулгуй хэмээн үгүйсгэж угтамгүй  дүгнэлтүү­дийг  тэд генсе­кийн­хээ зүг ха­рамгүй илгээцгээж байна.  

    Угаасаа МАХН жараад оныхноосоо, тухайлбал М.Энх­болд, У.Хүрэлсүх, С.Бат­болд нарын аль нэгнийг  намын даргаараа сонгох нь тодорхой байсан. Тэд энэ удаа С.Батболдод ачаагаа үүрүүлэхээр шийдэж. Энэ хүн нь 2012 оны сонгуульд  намаа авч орох юм байна. С.Баяр шиг даргатай “тулаанд” орж байсан үеэ санагалзаж, эр­чил­лэг, эрэмгий, туг шиг, гал шиг удирдагчаа үгүйлж  дот­роо сэм унтарцгаагаад л эр­гэж хурган эвгүйтээд байхгүй бол С.Батболд давгүй аваад  явчихна. Түүнийг өнөөдөр хүний гутал өмсчихөөд хурд­лаад байна гэж гоочлох бо­лолцоогүй болсон. Тэр гутлаа ягштал өөртөө тааруулж авлаа шүү дээ. 

    Ардын намын анхны дар­га нь Бодоо гэж хүн байсан.  Гэвч Бодоогоо эд нар түү­хэндээ дэндүү муухай дүрээр үлдээсэн. Уг нь таван хэлтэй, тухайн цаг үедээ шаггүй боловсролтой хүн байсан гэдэг. Өнийн түүхэнд үлдсэн Бодоо нь  үнэн хэрэгтээ хам­гийн ядуу лам хүн байсан бол, өнөөдрийн гол дүр бо­лоод буй Болдоо нь энэ цагийн хамгийн баян хүн нь. Одоо Бодоогоо ярьж бөөн уухай туухай болоод байхын оронд Болдоогоо түшиж амьдрах нь өлзийтэй болох шиг боллоо гэсэн цагаан нар­гиан цалгиулсаар их хурлын төлөөлөгчид нь нутаг нутгийн зүг галгиуллаа. Хурлын хөшиг ийнхүү хаагджээ.  

    XXVI их хурал бүхэлдээ түүхэн хурал болж өнгөрлөө. Өчнөөн жил гадна дотноос баалуулсан МАХН хэмээх навсарсан нэрээ сольж чад­сан нь энэ их хурлын гавьяа. Энэ цагийнхных нь гавьяа. Эл ажлаа ч чамгүй нуруутай хийж дуусгалаа. Хэрэв С.Бат­болд “Удирдах зөвлөл” рүү аль хэдийнэ “Батболдын хүн” гэх нэрийг зүүж, ар өврөөсөө атаархал дагуулж, энд тэн­дээс элдэв өдөөн хатгалга гар­гаж ирээд байсан нөхдүү­дээ бүгдийг нь хөтлөөд ороод ирсэн бол бөөн юм болох байлаа. Гэвч тэр тэгсэнгүй. 

    Намын нарийн бичгийн даргын нэг орон тоон  дээр У.Хүрэлсүх өөрийн хүн болох  Я.Содбаатарыг гаргаж ирэв. Түүгээр нам доторхи далаад  оныхны тархийг бариулах гэж тооцсон ч байж болох. Энэ үүргээ ч гайгүй хийчих залуу биз.  Харин У.Барсболдыг  Удир­дах зөвлөлөөс “жийнэ” гэдэг жаахан галаар тоглосон хэрэг болчихов уу гэж ажиг­лагчид үзэж байна. Энэ тал дээр тэдний дунд тохироо байгаа байж болох. Хэрэв тохироо байхгүй хийгдсэн бол У.Барсболдын өмнө хоёр сонголт байгаа. Тэр нь үетэйгээ учраа олоод явах уу. Н.Энхбаяр дээр очих уу гэсэн сонголт. Хэрэв тийшээ  очвол  Н.Энхбаярын хүч бага би­шээр нэмэгдэнэ. Гэхдээ очих­­гүй л болов уу. Мөн Т.Билэг­тийг “Удирдах зөвлөл”-өөс хассан явдал анхаарал татаж байгаа юм. Гадна талаасаа бол Т.Билэгтийг ирэх сонгуу­лиар  Говь-Алтайд үзүүлэхгүй л гэж байгаа юм байна гэж харж болохоор. Бүр шууд хэлэ­хэд энэ удаа түүнийг  Ж.Энхбаяр хаачихлаа гэмээр үзэгдэнэ. Хэрэв тийм бол Ж.Энхбаярын талаар нисч буй нэгэн “бор шувуу” үнэн болж таарна.  Найз Данзан­гийнхаа ширээний хөлийг  тайран байж Бодоогийн урласан Ардын намын анхны тамга тойрсон нэг хорон мэдээлэл нам дотор тархаад буй.  Музейгээс алдагдсан гэх МАН-ын тамга ямар нэгэн түүхээр Энхээ гэх иргэний гарт очсон байдаг.  Тэрхүү там­гыг Энхээгээс Ж.Энх­бая­рыг  худалдаж авсан гэж ги­шүүд ярьж байна. Гэхдээ шууд энэ наймаагаар Ж.Энх­баярыг “Удирдах зөвлөл”-д хөл тавьсан гэх нь түүний нэр төрийн хувьд хүндэтгэлгүй дүгнэлт болох биз. Хуучин “Удирдах зөвлөл”-өөс  Ж.Сауле, Ч.Жаргалсайхан, В.Уд­вал, Д.Рэгдэл, Ч.Даш­дэмбэрэл, Эрдэнэ сумын Засаг дарга Б.Жамбалдорж, Р.Раш зэрэг арван хэдэн хүнийг  ийнхүү өөрчилсөн байна. Р.Рашийг түлхсэний ард нэг их сүртэй шалтгаан байхгүй биз.  Ж.Сауле ч мөн адил. Харин ч Бага хуралдаа 14 казах төлөөлөл оруулж ирсэн байна лээ.  Эрдэнэ сумын Засаг дарга энэ тэр бол бүр асуудалгүй. Төв хороонд байж үзсэн анхны сумын дарга болсон нь түүний амьдралын нэгэн гайхамшигтай түүх болсон биз. Бусдаар бол  намын бага хурал руу хэтэрхий олон   залуучуудыг хяналтгүй оруулж ирлээ. Тэд бол амбиц түшиглэж л орж ирж байгаа  пацаанууд шүү дээ. Эргээд тэднийгээ хүчрэхгүй болчих вий гэсэн байж болох шүүмжлэл л дагаж байна.Бас  гуугалсан, уухайлсан хуучны концертын шинж ихтэй байлаа гэсэн шүүмж ч сон­сог­дож байв. Энэ зэргийн шүүмж­лэлүүд бол байх л зүйл.  

    Юутай ч намын “Удирдах зөвлөл”-ын хорин хэдэн хүн  ирэх УИХ-ын сонгуульд нэр дэвших тасалбараа авчихлаа гэсэн үг.  Аймаг аймгаас тө­лөөлөл оруулсан мэт хараг­дав ч зарим аймгуудыг орхи­сон нь анзаарагдаж байгаа байх.  Сэлэнгэ, Дархан, Ор­хон, Говьсүмбэр гэх мэт газ­руудаас “Удирдах зөвлөл”-д төлөөлөл нь хөл тавьсангүй.  Эндээс ч сонин гаргалгаа хийж болно. Жишээ нь, Сэ­лэнгээс хэн ч алга. Энийг   О.Чулуунбатад эд нар нь итгэхгүй байна гэж харж бас болохоор... 
     Намын даргын хувьд “Удирдах зөвлөл”-д ордоггүй. Гэхдээ намын дарга “Удирдах зөвлөл”-ийг огцруулах саналаа Бага хуралд оруулах эрхтэй. Гэвч өнөөгийн бага хурал У.Хүрэлсүхийн хурал учраас Хүрэлсүхтэйгээ л асуудлаа шийдэхгүй бол явахгүй. Тэгэхээр сонгууль өнгөртөл энэ айлаас элдэв тас няс хийсэн чимээ гарах­гүй нь нэгэнт тодорхой бол­жээ. Ардын нам хэмээх “ши­нэ” айл ийнхүү төвхнөлөө. Харин Ардчилсан нам гэх хуучин айл маань яацгаагаад л байна даа…   

Сэтгэгдлүүд : 1

  • zochin

    like

Сэтгэгдэл оруулах

урлан