М.Тунгалаг: Би зүгээр л хатуужсан юм

    Ой гэхээр л бид хамгийн түрүүнд модоор төсөөлдөг юм байна л даа. Гэтэл тийм биш юм байна.

    “Ярилцъя” энэ удаа зочноороо Ойн агентлагийн захирал М.Тунгалагийг урьсан юм. Дандаа эрчүүд зонхилж буй энэ цаг үед хааяа ч гэсэн эмэгтэй зочин урьж байгаач гэсэн уншигчдынхаа шүүмжлэлийн мөрөөр “алдаагаа” засч, улс төрийн хүрээнийхний хувьд нэн эртний танил энэ хатагтайг сонголоо. 
     

    -Таныг Соцдек Тунгаа, Ардчилсан намын Тунгаа, Хэрэг эрхлэхийн Тунгаа гэж дууддаг байсан. Одоо Ойн Тунгаа л гэдэг болж.   Ажилласан газар болгон овог тань болчихдог  юм байна?

    -Баярлалаа. 

    -Эрхэлж байгаа салбар тань учраас эхлээд ойн тухай  ярилцъя.  Монголд ойн асуудал ер нь ямар төвшинд байна вэ. Сүүлийн жилүүдээс л ойгоо хайрлая, байгаль дэлхийгээ аваръя гэсэн үгс сонсогдох болж ?

    -Ой гэхээр л бид хамгийн түрүүнд модоор  төсөөлдөг юм байна л даа. Гэтэл тийм биш юм байна. Ойг хамгийн гол бүрдүүлж байдаг хүчин зүйлсийг  50: 50 хувь гэж үзвэл нэг тал нь хүн юм байна. Хүмүүс бид нар нийлээд ой модтойгоо, түүний дотор ан амьтан, ургамал ногоо тэр бүх юмтайгаа нийлэн цогцолж байж ойг бүрдүүлдэг юм байна. Ойг зайлшгүй хүн, хүмүүсийн зан заншил, тэдний ахуй амьдрал, тэдний соёл, тэдний сэтгэл зүйн өнгө төрх энэ бүх донж маяг нийлж бүрдүүлдэг. Ой бол их сонирхолтой сэдэв л дээ. Намайг ой агентлагийн дарга болоод ирж айхад ой модыг сонирхолтой сэдэв болгож ярьдаггүй байсан. Одоо бол зайлшгүй сэдэв болгон авч үзэж эхэлж байна. Үүний төлөө ч бид багагүй ажилласан. Мэдээж дэлхий нийтийн чиг хандлага ч нөлөөлж байгаа.  Би энэ албанд томилогдож ирээд хамгийн эхлээд сэтгүүлчдийг энэ сэдвээр ярьдаг, асуудал болгож тавьдаг, дуу хоолойгоо зориулдаг болгохыг оролдсон. Тодорхой бодлого болгож  энэ ажлыг хийсэн.  Одоо бол өөрсдөө аяндаа бичдэг, дуугардаг гол сэдэв нь болсон байна. Энэ бол амжилт юм.  Ой бол улс орны асар  том баялаг. Энэ баялаг маань нийт хүн амд ямар хүртээмжтэй байдаг юм бэ гээд тооцоод харахаар европийн дундажаас 20 дахин, дэлхийнх дунджаас 10 дахин илүү байдаг.   Ийм баялагийг л бид эзэмшиж байгаа юм. Бас л хувь заяатай ард түмэн байгаа биз.  Гэхдээ хүн гэдэг амьтан энэ байгалийн гол өнгийг тодорхойлолцож байдаг гэдгээ мэддэггүй.  Бид өвөл болохоор утаа униараа яриад л, тэр сэтгэл зүйгээсээ болоод нэг л тийм саарал болчихдог. Тэгснээ зун болохоор аймаар гоё сэргэдэг. Бүх юм нов ногоон. Тэрийгээ дагаад аз жаргалтай болчихдог. Энэ бүх юм ойдоо эргээд шингэж байдаг  байхгүй юу. Амьдралын баяр баясгалан, уй гуниг бүх юм ойд шингэж байдаг. Ингээд харахаар ой маань яг л бидний амьдралын зураг. Өөрөө өвдөнө, хөндлөнгөөс хүмүүсийн харгислалд өртөж хэлмэгдэнэ .  Хүмүүс хууль бусаар ойд маш аймшигтай халддаг. Тайраад  хожуул болгоод хаячихдаг. Тэгж тайруулчихсан мөртлөө хажуунаас нь жижигхэн мөрчир нахиагаа дэлгээд өндийж байх жишээтэй. Шувууд нь ямар нэгэн хэлээр жиргээд л, энэ болгон бидний л амьдралын амьд холбоо. 

    -Төрийн бодлого, төрийн хайр ивээл хэр тусдаг салбар юм бэ?

    -Энэ их хэцүү л дээ. Ерэн оны ардчилсан хувьсгалаас хойш бүх юм өмч хувьчлалд орсон. Одоо мартагдаж дээ. Хүмүүс сандал байсан ч бөөн баяр хувьчилж аваад гэр рүүгээ аваад явж байсан. Энэ чинь бол яг ч бид нарын үе биш шүү дээ. Бид  шүргээд л өнгөрч байсан. Харин бидний аав ээж хонь малаа хувьчилж  аваад явж байсан. Энэ үедээ бид аягүй их юмаа алдаж байсан юм шиг бодогддог юм. Ялангуяа ойн салбарт . Эрх чөлөө…эрх чөлөө гэдэг зүйлийг аягүй их яриад, хариуцлага гэдэг юмыг орхичихсон. Уг нь эрх чөлөө, хариуцлага хоёр нэг зоосны хоёр тал. Бид тэр зоосны нөгөө талыг нь  хараагүй юм байна лээ л дээ. 

    -Нэгийг нь болохоор аваад давхичихсан?

    -Нэгийг нь аваад давхичихсан. Манай малчид чинь малаа хувьчилж авчихаад ямар хямралд орлоо доо. Хүүе, миний худаг хаана байна, нөгөө мал эмнэлэг хаана байнаа гээд төрөөс нэхээд эхэлсэн ш дээ. Баахан мал хувьчлаад авчихсан. Гэнэт нэгдлийн биш хувийн малаа хариулах болдог. Малаа услах гэсэн чинь худаг нь байхгүй. Трубаг нь суга татаж аваад төмрийн наймаачдад  зарчихсан. Ингээд худаг гэж тоногдоод шавар сууринаас өөр юмгүй болчихсон эвдэрхий юм байж байх  жишээтэй. Гэх мэтчилэнгийн их сонин сонин хямралуудтай монголчууд нүүр тулсан л даа. Ойн салбар өөрөө төрийн аягүй том салбар. Үндсэн хуулиндаа ч гэсэн тэгээд тусгачихсан байгаа. Гэвч нөгөө том өвч хувьчлалын давалгаанд энийг хэн ч хувьчлаагүй, хэн ч эзэмшээгүй, эзэнгүй орхичихсон. Тэгээд бод л доо. Эзэнгүй байтугай эзэнтэй байгаа юмнууд маань ямар болсон билээ. Ойн салбар бол эзэнгүйдлийн хэмлэгдэлтэнд хамгийн их өртсөн салбар болж үлдсэн. 

    -Бүтцийн хувьд хэр өргөн газар вэ?

    -Агентлагийн хувьд бол энэ хоёр жил гаруй хугацаанд нэлээд сайн бэхжиж амжсан. ЗГХЭГ-т дэд дарга хийж байсан туршлага маань надад их хэрэг болсон.  Ажил хэргийн орчинд тогтоосон сүлжээ, танил, найз нөхдийн дэмжлэг, хөшигний арын хатуу хөтүү орчинд ажиллаад сурчихсан ачаалал даах чадвар зэрэг маань энэ агентлагийнг босгоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Хоёр гурван жилийн дараа бол хөл дээрээ баттай босчих дүр зураг надад харагддаг. Иргэний байгууллагууд л их том тулгуур болж байгаа даа. 

    -Мэдээж төрөөс төсөв гэж жаахан юм өгдөг биз. Тэр төсвөө юунд зарцуулах вэ. Ойг сэргээх,  хамгаалах гээд олон чиглэлийн ажлууд байна биз?

    -Ой чинь өөрөө их глобалный асуудал ш дээ. Хятадыг нэг эрдэмтэн олон улсын хурал дээр шүүмжилж байсан. Хамгийн их мод тарьж байгаа орон бол Хятад. Өнөөдөр дэлхий дээр Хятад ойн нөөцөөрөө эхний топ таван орны нэг. Тариад л байдаг.  Ургуулаад л байдаг. Та нар өнөөдөр зөвхөн нүүрээ л угаагаад, будаад байдаг ганган хүүхэн шиг л байна шүү дээ. Тэгж яривал сибирийн бүсийн ойг хамгийн их сүйдлүүлж байгаа улсууд чинь та нар шүү гэж загнаж байсан л даа. Ойн дэлхийн уур амьсгалд үзүүлэх нөлөө асар өндөр болоод ирж байгаа юм. Тэгэхээр ойн асуудал нь өөрөө олон улсын шинж чанартай асуудлуудын нэг болчихсон. Олон улсын байгууллагууд, НҮБ монгол улсын ойд их анхаарал тавьж байгаа . Тэндээс гол өгч байгаа зөвлөмжүүдээс харж байхад ч, одоо бий болсон туршлага юмнаасаа ч харахад манайх хамгаалах бодлогоо илүү барих нь чухал байна. Энэ чиглэлийн  концевцийг  ч манайд санал болгож байгаа. Бид бол модыг  тарьж байгаа. Тарьж байгаа, ургуулж байгаа юман дээр мэдээж манай зуршлуудаас болоод маргаан их үүсдэг. Өнөөдөр би ийм ийм сайхан юм хийнэ, ингэнэ тэгнэ гээд л инженерийнхээ дипломыг аваад орж ирнэ. Гарч яваад маргааш нь л өө, чадахгүй юм байна болчихсон явж байдаг. Энэ ажил бол тэсвэртэй, тэвчээртэй, сэтгэлээ өгсөн улсуудын ажил. Яахав мод үржүүлгийн газруудад цөөн тооны тариаланч бий. Эдний нуруун дээр л явж байгаа юм. Үнэндээ бас бид чинь угаасаа мод тарьдаг, ургуулдаг соёл их муутай юм байна ш дээ.

    -Бидний амьдралд тэр талын уламжлалт соёл гэж угаасаа байхгүй шүү дээ? 

    -Мал нь идэж л байдаг, ургаж л байдаг. Тэгээд жаахан болохгүй бол ноолж ноолж байгаад нүүгээд явчихдаг ард түмэн юм байна л даа.  Тэгэхээр энэ талын уламжлал ч байхгүй, соёл ч байхгүй. Дээрээс нь бас бид мэргэжилтэй ажилчид бэлтгэх асуудлаа  их орхигдуулсан байна. Хуучин чинь ойн аж ахуйн ТМС-ууд их байсан. Тэгсэн чинь бүх нийтээрээ дээд сургууль руу уралдаад, нөгөөхөө хаяад гүйцгээчихсэн. Нийгмээрээ ийм юм руу орсон байна. Ядаж байхад нөгөө дээд сургууль төгссөн залуучууд чинь бага ч гэсэн дарга л болох итгэл тээгээд байдаг юм байна. Чи дөнгөж дээд сургууль төгссөн, туршлагагүй хүүхэд байна. Эхлээд хэдэн мод таривал яасан юм бэ гэвэл уур нь хүрч үхнэ. Амьдрал дээр байдал ийм л  байна. Гэтэл цаана нь мод тарьж ургуулна гэдэг чинь өөрөө маш нарийн  мэргэжил шаардсан ажил шүү дээ. Тэр талын ажилтнуудыг ТМС-иар бэлтгэдэг байсан байна. Гэвч одоо тэр нь байхгүй болчихсон. 

    -Түймэр гэж аймаар том дайсан бий. Ойг  баллаж өгч байгаа нэг том хүчин зүйл биз дээ?

    -Түймэр ёстой бурхны авралаар сүүлийн хоёр жил гайгүй байна. Ойн өвчин, хортон шавьж бол байгаа. Энэ чиглэлээр бид  их ажилласан. 

    -Өөрөө жамаараа унасан модыг ахуйн хэрэглээнд ашиглах талаар ямар бодлого байдаг юм бол?

    -Энэ тал дээр нэлээд ажиллаж байна л даа. Ерөнхийдөө бол эргэлтэнд орж байх ёстой. Ашиглалт нь өөрөө сайн байгаад байх юм бол яахав, хүмүүсийн хүсэл шунал тачаал аяндаа татрана.  Энэ чинь дандаа мөнгөтэй холбож гарч ирж байгаа зүй бус хэрэглээ биз дээ. Манайд юу дутагдаж байна вэ гэхээр энэ чиглэлийн технологиуд дутагдаж байгаа. Одоо жишээлбэл, мод бэлтгэж байгаа юм лдаа. Мод бэлтгэлийн аж ахуйнууд өөрсдөө борлуулж байгаа юм. Тэгэхээр л тэд чинь ёстой нөгөө яргуй хөөсөн ямаа шиг л загнаж байна ш дээ. Хамгийн түрүүлж мөнгө болох модыг л шилээд шилээд авчихна биз дээ. Тэгээд ойд нь үзүүр ёзоор бүх юмыг нь хаячихна. Тэр нь түймэрийн биомассыг бий болгож байх жишээтэй. Бидэнд  цэгцлэх юмнууд аягүй их байгаа.  

    -Ой хамгаалагч гэж гоё мэргэжилтэй, хувь заяагаа тэр чигээр нь ойтой холбочихсон, цөөн тооны сонирхолтой амьдралтай улсууд байдагсан . Одоо тэд ховорджээ.  Хөдөөгүүр явж байхад ойн байцаагч гэсэн сэтэртэй архи ууж давхисан,  айхтар улс төржиж намчирхсан захиргааны ажилтнууд л их тааралдах юм? 

    -Харин тиймээ. Би их олон хүнээс сонсч байсан. Бидний  хүрээнийнхэн хөгширөхөөрөө нэг сайхан уулын аманд очоод ойн байцаагч хийх юмсан гэж мөрөөддөг. Энэ юуг харуулж байна вэ гэхээр  энэ ой чинь өөрөө тайван сайхан, урт удаан, гэрэл гэгээтэй амьдралын бэлэгдэл юм байна гэдгийг л хэлээд байгаа байхгүй юу. Таны хэлсэн үнэн. Энэ мөн л манай салбарт байгаа боловсон хүчний хямрал, түүнээс үүдэн учирч буй зовлон юм.  Тэр нөхдүүд чинь бүр төрийн албан хаагч, ТЗ ангилалтай болсон шүү дээ. Ой хамгаалагч нар маш цөөхүүлээ. Үнэхээр цөөдөж байна. Хаанаа ч хүчирдэггүй. 

    -Таныг АН-ын Тунгаа гэдэг.  Ингэхэд  улс төртэй холбогдсон таны түүх нэлээн эртнийх байх шүү?

    -Энэ бол миний амьдралын хамгийн том түүх юм даа. Миний амьдралын нөгөө нэг  том түүх нь миний нөхөр Баясаа бид хоёрын амьдрал юм. Бид их багаасаа гэрлэсэн. Гурван хүүхэдтэй. Ийм л нэг гэр бүл. АН,МСДН-ын тухайд бол миний хүүхэд шиг л сэтгэл зүрхийг минь авсан зүйл дээ гэж би хэлнэ. Тэгж л их хайрлаж зүтгэсэн байдаг. 1988 он руу орж ярих нь.  Танай нутгийн Ламжав гуай гэж хүн бий. Миний их сургуулийн багш . Манай А.Ганбаа, Гончигоо дарга,  Алтанхуяг, Мэндсайхан, Улаанхүү  бүгдээрээ манай  их сургуулийн математикийн салбарынхан шүү дээ.  1988 онд Ламжав багшийг маань дандаа эсэргүү юм ярьдаг гээд хөөх барихдаа тулдаг юм байна. Нэг  нэргүй захидал бичээд явуулчихсан байсан. Энэ үеэс л миний амьдралын шинэ үе эхэлсэн. Багшдаа хайртай, багшаа хүндэлдэг шавийн нь сэтгэлээр багшийг маань унагах гэж зохион байгуулсан тэр нэргүй захидал бичсэн эздийг  илрүүлэх гол  ажлыг би зохион байгуулсан. Маш олон хүүхдүүдтэй уулзаж,  маш их гарын үсэг цуглуулж чадсан. Эздийг нь ч олсон.  Ингэж явж байгаад л миний МСДН-тэй холбогдсон зам ерөнхийдөө эхэлчихсэн.Тэгээд багш маань бага хурлын гишүүн болоод явсан.  Дараа нь 1992 оны парламент байгуулагдсан.  Нөгөө их хурлын танхимд зургуулаа эргээд харсан ганцаараа гэдэг үе шүү дээ. Гончигоо дарга, Элбэгээ дарга гээд зургаахан гишүүн байсан. Тэр үед сөрөг хүчний бодлогын зөвлөл  гэж их сүртэй нэртэй юм  байгуулж, багш маань намайг ажиллахыг урьсан.  Тэрнээс хойш л тасралтгүй ажилласан даа. Цалинтай цалингүй л зүтгэсэн. Тэр үед цалин ерөөсөө сонин байгаагүй. Бид нар яаж болж байсан юм бол гэж одоо дандаа боддог юм. Гэвч болж л байсан. Хүсэл тэмүүлэл нь өөр байсан юм шиг байгаа юм. Тэгж амьдраад л үндсэндээ өнөөдрийг хүрсэн. Тэрнээс хойш 10-аад жил Социал демокрот эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдаж байсан. АН-ын эмэгтэйчүүдийн байгууллагыг бас удирдаж байсан. 

    -АН-ын эмэгтэйчүүдийн байгууллагын тулгын чулууг тавилцаж байсан хүний нэг яах аргагүй мөн гэж таныг  ярьдаг л даа.  Харин энэ байгууллагаа яагаад орхисон бэ?

    -Энэ байгууллага  М.Энхсайхан даргыг намын дарга болоход нэлэн хүчтэй дэмжлэг үзүүлсэн л дээ. Би Энхсайхан дарга бол нийгмийн захиалга юм байна гэж бодож байсан. Урьд нь би  М.Энхсайхан даргатай нэг их хамтарч ажиллаж байгаагүй. Сонгууль  энэ тэрд ар талын фронтод л ажиллана шүү дээ. Тэр болгон ил байгаа том улстөрчидтэй гарч ирж ажиллахгүй шүү дээ. Дараа нь  М.Энхсайхан дарга  намайг намын нарийн бичгийн даргаар авсан. Тэгэхэд би намын эмэгтэйчүүдийн байгууллагын дарга байлаа. Тэгээд  хоёр албан тушаалтай зэрэг ажиллах боломжгүй гээд  М.Энхсайхан дарга  эмэгтэйчүүдийн байгууллагын даргаа өг гэдэг шахалт хийсэн л дээ. Ер нь ч тэгэх ёстой байсан. Тэгээд Дэлгэрмаа эгчид би санал тавьсан юм.  Тэгэхэд бол мань хүн бол огт хүлээж авахгүй байсан. Аргагүй шүү дээ. Миний хажууд бол маш том од шүү дээ. Би ийм ажил хийхгүй гээд халгаадаггүй. Тэгээд мань хүн үйл явцын дунд бол ойлгож хүлээж авсан. Би ч мань хүнтэй нэлээн сайн тулж ажилласан. Тухайн үед манай эмэгтэйчүүдийн байгууллага нам дотроо асар хүчтэй байгууллага болсон байсан. ҮЗХ-ндоо 30 суудалтай. 30 суудлаа эрэгтэйчүүдээр шийдүүлдэггүй. Зөвхөн өөрсдөө шийдвэрлэдэг. Тэр нь маш ач холбогдолтой байсан байхгүй юу. Тэгэхээр чинь арзайсан том байгууллага болоод босоод ирнэ биз  дээ. Залуугаасаа л би ингэж ажиллаж  ирсэн. Энэ замналаа ямар нэгэн карьерт хүрэх ёстой зам, сайд,их хурлын гишүүн болох ёстой зам гэж харж зүтгээгүй. Зүгээр л багштайгаа хамт ажиллаж ирсэн, явцын дунд ингэж өрнөсөн миний амьралын  түүх . Энэ амьдрал маань намайг их ч олон найз нөхөдтэй болгосон. Би бүгдийнх нь амьд түүх, амьд гэрч. Эргээд бодоход ийм л болсон байдаг. АН-ынхантай ч ажиллаж байлаа, ҮШН-ынхантай ч ажиллаж байлаа, МАХН-ынхантай ч бид нар хамтарч ажиллаж байлаа. Яагаад гэхээр зургаахан гишүүнтэйгээр  юу ч бүтэхгүй. Маш олон хуулийн төсөл дээр бол Ламжав багш бид хоёрын байгуулсан “Цэх” гэдэг байгууллага ажиллаж байлаа ш дээ. Багш маань надад маш том дэвшил өгсөн. Тэгээд 1996 онд манайхан яллаа. Ялалтын дараа бүгдээрээ саарал ордон руу нүүгээд явчихсан. Цөөхөөн хэдэн хүн л үлдсэн дээ. Би үлдэж байгаа юм, Улаанхүү үлдсэн юм. Ердөө хэдүүлхэнээ. Намаа сахиад л сууж байдаг. Тэгсэн чинь 2000 онд ялагдаад бүгдээрээ болохоо байлаа гээд эргээд л нүүгээд ирцгээсэн. Улаанхүү бид хоёр чинь аминдаа эзгүй байрандаа боссууд байлаа. (инээв) Тэгсэн жинхэнэ боссууд чинь бид нар байнаа гээд бүгдээрээ  шилэн байшингийнхаа хойморт гараад суучихдаг юм. Би залуу байж. 1996 онд  “Сайн байна уу” сонины ерөнхий менежерээр ажиллаад өдөр шөнөгүй сонин хийсэн. Хажуугаар нь  А.Ганбаатарын менежерээр ажилласан. С.Зориг энэ тэр гээд бусад найз нөхөд, хамт олныхоо ч ажилд менежерлэсэн. Чадлаараа л бүгдээрээ зүтгэсэн. Туршлагатай туршлагагүй хамаа байхгүй. Яагаад гэвэл бүгдээрээ л адилхан юм чинь. Тэр хооронд чинь цалингүй байгаа ш дээ. Сүүлдээ бүр энэ амьдралдаа дасчихдаг юм байна. Цалин авах ёстой ч гэж бодохгүй. Тэрнийг ёстой юманд бодохгүй. Орон нутгаас намынхан ирнэ. Би л хүлээж авдаг, уулздаг, сэтгэл санааг нь хуваалцдаг. Ерөөсөө ийм л байсан. Тэгээд 2000 онд навс ялагдсан. “Хувь заяагаараа хүлээж ав” гэдэг үгийг би тэгэхэд хэлсэн юм даа. Нам дээрээ очиж очиж Наранцацралт гарчихдаг байна ш дээ гээд ярвайсан юмнууд орж ирсэн . Тэгэхээр нь та нар тийм мундаг юм бол гарчихгүй яасан юм бэ, хувь заяагаа хүлээж ав та нар гээд хэлчихсэн.За ингээд явж байтал,  нам ч нэгдлээ, дүрмэн дээр нөгөө квотоо хийчихлээ. Дорлигжав бол асар их дэмжсэн. Намын дарга байсан ш дээ. Мань хүн бол үнэндээ аягүй либерал шүү.  Дорлигжав намын дарга байхдаа бидний ажлыг дэмжиж намын эмэгтэйчүүдийг квоттой болгосон. Тийм байтал дараа нь Дорлигжавт бол бид нөгөө “Үр могой”гэдэг  шиг юм болсон юм байгаа биз дээ. Өөрийг нь дэмжээд эмэгтэйчүүдийн байгууллагадаа квот өгчихөөд сууж байхад нь би эргүүлээд намын дарга дээр бол одоо Дорлигжав биш, Энхсайхан юм байна гээд зүтгэчихсэн. Эмэгтэйчүүдийн байгууллага М.Энхсайханыг их хүчтэй дэмжсэн. Бид үнэхээр их хөдөлмөрлөсөн. М.Энхсайхан бол үнэхээр сайн зохион байгуулагч. Цаг бариулах, хямд зардлаар их юм хийлгэх энэ тэрээс авахуулаад тэр хүний үнэт зүйлсийн тухай яривал их юм бий шүү. Тэгэхэд чинь Н.Энхбаяр гуай их хүчтэй байлаа. Бид  тэр хүчтэй гудамжнаас үзэж байлаа ш дээ. Тэгсээр байгаад 2004 онд бол нам үндсэндээ ялсан.  Үндсэндээ би бол наймаагаар л ганц хоёр суудлаа алдсан гэж боддог юм. Тэнд хувь хүмүүсийн өөрсдийнх нь муу юм ч бас орсон. Ингэж их зүтгэсэн, нөгөө ялуулсан баг чинь дахиад л гудамжны гудамжинд, бүр булангийн  буланд шахагдсан. Нэг мэдсэн чинь 40 гарчихсан тууж явна. Нэг мэдсэн гурван хүүхэд том болчихсон, амьдрал аягүй их юм шаардаад эхэлчихсэн байна ш дээ. Үгүй, би чинь одоо юу юм бэ. Тэгээд би М.Энхсайхан даргад шаардлага тавьсан. Та чинь одоо ямар сонин хүн юм бэ, амиа бодоод байна та,  та намын дарга байж ерөнхий сайд Ц.Элбэгдорж гуайтай орж яагаад юм ярьдаггүй юм бэ. Та яасан өөдгүй, хулчгар намын дарга юм бэ гээд. Энэ үед М.Энхсайхан даргыг дэмжиж байсан хүмүүс бол нэг ёсондоо хэлмэгдэж байгаа юм л даа. Хэлмэгдээд л үлдсэн. Хэдэн удаа хэлмэгдэх юм бэ. Тэгээд л ухаан суусан гэх үү дээ. (инээв) Гомдсон гэхэд хаашаа юм. Гомдол бол байж болохгүй л дээ. Би зүгээр л хатуужсан юм.  Тэд нарыг дагаад сайн муу зөндөө л юм үзэж байна ш дээ. Болъё л гэж бодсон. Тэгээд М.Энхсайхан даргад хэлсэн. Одоо болъё. Өнчнөөн хүч хөдөлмөрөө зориуллаа. Би явлаа гээд намаас гараад явчихсан. 

    -Гэхдээ М.Энхсайхан даргыг ҮШН-ыг байгуулахад та  дагаж явсан биз дээ?

    -Харин тийм. Зохион байгуулах ажил, хүмүүстэй хийх хэлэлцээрүүд гээд зөндөө  юм хийсэн л дээ. Тэртэй тэргүй энэ ямар нууц юм биш. Ахиад л зүтгэж  явсан. Одоо бол би нам бус Тунгалаг.  Нэг хэсэг хэцүү л байсан. Дассан сурсан орчноо өөрчилчихөөр саран дээр оччихсон юм шиг байгаа юм чинь. Би чинь юу хийчихэв ээ гээд л. Хэсэг хугацааг давсны дараа би  аягүй тайван, чөлөөтэй, уужим болчихсон. 

    -Амьдралынхаа урт удаан он жилүүдийг  тэр чигээр нь тодорхой үйл хэрэгт зориулна гэдэг өөрөө  том ойлголт шүү дээ.  Тэндээс өөрийгөө сугалж аваад огт өөр замаар алхана гэдэг  ч  том зориг. Эмэгтэй хүнд бол хэцүү? 

    -Маш хэцүү. Маш хэцүү. Гэхдээ надад нэг юм байсан. Тэр бол  математикаас өгсөн хүч. Би их сургуулийн математикийн ангийг төгсөөд мундаг математикч болоогүй , болох боломжч үгүй байсан. Яагаад гэвэл маш хүнд салбар.  Гэхдээ тэнд ганцхан юмыг л сургадаг юм.Бодлого  бол  олон арга замуудтай. Ганцхан хариутай. Ганцхан эцсийн хариуг олж гаргах л ёстой байдаг. Энэ хүмүүжлийг л олгож байгаа юм. Энүүгээрээ бол их олон математикийн хүмүүс улстөрд амжилтанд хүрсэн байх гэж боддог. Надад ч гэсэн математикаас авсан боловсрол маань л хэрэг болсон. Би бодож бодож  л нэг шийдвэрт хүрдэг байхгүй юу. Тэрэндээ бол нэг их харамсдаггүй. Яагаад гэвэл тэрэнд хүрэхийн тулд их хөдөлмөрлөж боддог юм. АН-аас гарсны дараа миний сэтгэлд болсон хамгийн том хямрал, хамгийн их хэцүү юм нь бол хамт олноосоо явчихсан маань л байсан. Эргээд бүгдээрээ эд нар урвагч гээд л. Энэ жил ардчиллын 20 жилийн ой болж байгаа. 25-30 жилийн дараа бол бид нар цагаадахын дээдээр цагаадаад хүндэт самбар энэ тэр дээр л үлдэнэ. 

    -Та багштайгаа ойролцоо л тавилантай хүн юм байна ?

    -Юу гэнээ. 

    -Насан турш монгол төрийн  төлөө яваад ганцхан “иргэн” гэсэн алдар зүүгээд л үлдсэн. Шавь нар нь сайдууд болж яваад,  багш нь гудамжинд алхаж амьдарсан.  Та ч гэсэн  дандаа хөшигний ард зүтгэсэн. Улс төр бол ил гарч ирж, үзэлцэж, тэмцэж томордог тайз биз дээ?

    -Энэ дээр их олон юм байдаг л даа. Бид нар бол дөчин мянгатын хүүхдүүд биш байхгүй юу. Бидний ээж аав бол жирийн нэг аймгийн л албан хаагчийн хэмжээний хүмүүс. Бид бол арай өөр, арай саад бэрхшээлтэй замаар явах болдог.  Угаасаа яг үнэндээ дөчин мянгатынхан л саарал ордонд орсон ш дээ. Манай багш бол үнэхээр маш их юм хийсэн хүн. 1992-1996 оны парламентад гэхэд  манай хэдэн гишүүн чинь сайхан исгэрсэн улсууд л байлээ ш дээ. Гэтэл үндсэн хууль шинээр гарчихсан. Маш олон хуулиудийг засах янзлах, шинэ үндсэн хуультайгаа зохицуулах шаардлага гарсан. Тэр нөр их ажлыг Ламжав багш хийсэн шүү.   Тэгээд яахав хувь заяа гэж байдаг юм байна.  Зарим нь сайхан шүгэлдэнэ, зарим нь сайхан дуулна тийм үү. Зарим нь аягүй гоё ярина. Тэгэхэд ард нь зайлшгүй ачааны хүндийг үүрээд тасралтгүй ажиллаж  байдаг хэсгийхэн байдаг. 

    -“Иргэн” Ламжав гуай одоо юу хийдэг юм бэ?

    -Багш маань одоо гэртээ байна. Би эртээдхэн очсон. Саяхан бас парламентын баяраар баяр хүргэсэн. Дандаа л торгуулийн бательоноор явсан хүн дээ.

    -Яагаад тэгсэн юм бол. Өөрөө бол сөргөлдөгч хүн биш шүү дээ?

    - Үгүй. Маш ухаантай хүн. Хэзээ ч сөргөлдөгч хүн биш. 

     -Улс төрийн амьдралаар амьдраад ард нь ийм ариун нэртэй  үлдсэн  

    - Яг тэр үйл хэрэгтээ л үнэнч байсан. Тийм хүмүүс олон байгаа. Тэдэнд өөр юу ч хэрэггүй.  

    -Таныг  хүмүүстэй ажиллаж  мэргэшсэн хүн гэж хардаг юм. PR-иар бол та их туршлагажсан хүн юм шиг.  Олон улстөрчдийн сонгууль дээр ажиллаж байхыг тань мэднэ. Харин гарч ирснийхээ дараа тэд “хэн” болдог вэ. Мэдээж таны хувьд шүү дээ?

    -Би тэр ажлаасаа маш их таашаал авдаг. Яг ажилласан хүнээ ялахад аягүй гоё кайф авдаг юм л даа.  Үнэхээр гоё байдаг. Сонгууль болгоны дараа надад аягүй  гоё мэдрэмж таашаал үлддэг.  Би ганцхан л юмыг зорилгоо болгодог . Тэр нь 50 дээр нэмэх нь нэг. Энэ л миний бүх ажлын зорилго байх ёстой. Нэр дэвшигч ч тэр  50 дээр нэмэх нь нэг гэдэг зорилгодоо хүрэхийн тулд өөрөө тэрнийгээ мэддэг байх ёстой. Ингэж байж л нэг баг болж ажиллана. Энэний төлөө хийх бүх алхмууд бол тов тодорхой төлөвлөгдсөн байх ёстой. Ерөөсөө төлөвлөж байж л амжилтанд хүрнэ шүү дээ. 1996 оны сонгууль гэхэд л, тэрний өмнөх намын дотор явагдсан сонгуулиуд байна.  Энэ болгоныг зохион байгуулалцаж шулуухан хэлэхэд дандаа гол рольд нь явсан. Тэгэхээр өөрийн эрхгүй туршлага сууж байгаа байхгүй юу. Ерөөсөө амьдрал гэдэг чинь туршлага юм байна ш дээ.  Сэтгүүлч хүн дандаа бичиж байх ёстой. Зураач хүн тасралтгүй зурж байх ёстой. Тэгж байж төгс рүү хүрнэ. Математикч хүн бол байнга тоо бодож айх ёстой. Тэгэхгүй л бол бодож чадахаа больчихдог.   Тэгээд дээр нь МСДН чинь социнтерний гишүүн байсан. Тэрийг дагаад маш том олон улсын туршлага орж ирж байна ш дээ. Сонгууль болохоор маш ах дүүсэг харьцаатай. Сургана, аваачна, курс сургуульд явуулна . Энэ бүх туршлага нь мэдлэг болдог. 

    -Эмэгтэй хүнийхээ хувьд та эмзэг биш юм. Үнэхээр баяр баясгалантай хүн юм ?

    -Манай С.Баярцогт  намайг нэг удаа чи юундаа инээгээд байгаа юм гэж загнаж байсан юм . Нэг ялагдлын л дараа юм даг. Тэр санаанд орж ирж байна. Миний аягүй их таашаал авсан юм бол гурван хүүхэд, гэр бүл, найз нөхөд минь юм. Би улстөрд үнэхээр  сайхан найз нөхөдтэй.  Асуудал үүсэхэд найз нөхдийнхөө хэн дээр нь ч очиход шийдээд өгье л гэж хандахаар  тийм олон арван найз нар байна ш дээ. Дээр нь би 10000 долларын булган шуба өмсөх жишээ нь сонирхолгүй. Би АН-д амьдарсандаа асар их баярладаг юм бол энэ. Тэд бол гэгээрсэн хүмүүс. Улс төрийнхөн бол ер нь гэгээрсэн хүмүүс шүү. Тэд бол асар их юм үзчихсэн улсууд.  Тэд нартай харьцана гэдэг бол  өөрөө хамт өсөхийн л нэр.   

    -Манай эмэгтэйчүүд улс төрд үнэхээр гарч ирж чадахгүй байна ?

    -Тэнд  бөөн эрчүүдийн зодоон болж байхад юун эмэгтэйчүүд. Үнэхээр чадахгүй байна. 

    -Эмэгтэйчүүдийн байгууллагын тухай нийтлэл бичих гээд материал цуглуулаад явж байхдаа танаар бахархсан шүү. АН-ын эмэгтэйчүүдийн байгууллага ямар хэмжээнд хүрсэн,  одоо ямар гоё явж байна вэ.  МАХН-ын эмэгтэйчүүдийн   байгууллагыг  бол үнэхээр хол хаясан нь харагдаж байна лээ. Бүх хөгжлөөрөө шүү дээ. Тэдний эмэгтэйчүүдийн байгууллага нь яагаад хүчирхэгждэггүй юм бол?

    -Энэ их буруу л даа. Шувуугаар жиших юм бол өрөөсөн жигүүртэй байгаад байгаа юм. Хоёр намын эмэгтэйчүүдийн байгууллага чинь нийгмийн эмэгтэйчүүдийн өнгө төрхийг тодорхойлох гол байгууллага ш дээ. Ерөөсөө анхнаасаа  л МАХН-ынхан VIP өрөөнд байсан юм байна лээ. Тэндээ л тухалж байдаг, тэндээ л ямбалж байдаг, тэндээ л албан тушаалтай байсан, тэндээ л цатгалан байсан. АН-ын эмэгтэйчүүд болохоор яг энэ юмаа босголцоод л, яг хамт үүрэлцээд л явсан. МАХН-ын эмэгтэйчүүдийн байгууллагыг харахад хоорондоо эв нэгдэлтэй харагддаггүй, дайчин биш, эрчүүдээсээ их хамааралтай харагддаг. Одоо болих хэрэгтэй. Өөрчлөхийн тулд дүрэмтэйгээ ажиллах ёстой. Намын дүрэмтэйгээ, ерөөсөө дүрэм журмаар ,хуулиар л бүх юм зохицуулагдана.  

Сэтгэгдэлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан