Танил нөхдүүд татварын байгууллагыг самарч явна

    Ердөө хэдхэн жилийн өмнө төрийн тусгай албанаас гэмт хэрэг үйлдсэний улмаас зайлуулагдсан этгээдүүдийн зарим эдүгээ толгой өндийлгөж эхэлснээс гадна хээв нэг хариуцлагатай албанд томилогдчихсон буруу гарын ажлаа үргэлжлүүлж явна.

    Яаж чадаж байна аа

    Манай төрийн албаны архив ой санамжаа алджээ. Сэтгүүл зүй ч мөн адил. Ердөө хэдхэн жилийн өмнө төрийн тусгай албанаас гэмт хэрэг үйлдсэний улмаас зайлуулагдсан этгээдүүдийн зарим эдүгээ толгой өндийлгөж эхэлснээс гадна хээв нэг хариуцлагатай албанд томилогдчихсон буруу гарын ажлаа үргэлжлүүлж явна.  Энэ удаа тэдгээр баримтууд дотроос нэлээд ноцтой гэж үзэж байгаа нэг жишээг сонгон авч олон түмний сонорт хүргэхээр шийдлээ. Магадгүй энэхүү нийтлэлийг бичсэнийхээ шанд сэтгүүлч би вээр ч ээлжит гүтгэлэг, дарамтын бай болж мэдэх юм. Гэсэн ч дуугүй сууж үл тэвчив. Амьдралдаа новшин юмнуудтай олонтой үзэлцэж, тэрнийхээ хариуд байж боломгүй доромжлол гүтгэлгийг бишгүй амсч явсан учир айх хулчийх тухай ойлголт нэгэнт алга болжээ.  
    Үл бүтэх этгээд гэж миний үзэж байгаа тэр нөхөр бол одоогоос найман жилийн өмнө Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүн юм. Цагдаа цагдаадаа Эрүүгийн цагдаагийн газар. Эрүүгийн цагдаа цагдаадаа тус газрын гуравдугаар хэлтэст алба хааж байсан. Эрүүгийн албанд цагдаагийн шилмэл хөвгүүд алба хашдаг. Тэнд хуулийн алтан босгыг давж гишгэсэн хэн боловч зохих шийтгэлээ хүлээн, цагдаагийн албанаас зайлуулагддаг төдийгүй, ийм этгээдүүдийн амьдралд ахин хөх форм өмсч, мөрдэс зүүх хувь тохиодоггүй хатуу тавилантай. Даваа овогтой Энхбат  гэх цагдаагийн ахмад 2002 онд өөрт олгогдсон эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдыг дарамтлан доромжилж, эрх чөлөөнд бүдүүлгээр халдаж, хууль бус ажиллагаа явуулсан хэргийг үйлдсэн юм. Уг хэрэг тэр үед төвийн хэвлэлийн хууль зүйн хэлтэст ажиллаж байсан сэтгүүлчдийн сонороос мултраагүй. Гэвч одоо санахад холбогдогч нөхөр нэг их дуулиан тариулалгүй дарж чадсан юм шиг.  Ахмад Д.Энхбат нь тухайн үед Монгол улсад ажиллаж амьдарч байсан ОХУ-ын иргэн Кузмичевыг хууль бусаар байцааж, биед нь явсан их хэмжээний мөнгийг дээрэмдсэн онц ноцтой хэргийг үйлдсэн юм.  Энэ бол маш ноцтой хэрэг. Уг хэргийг тухайн үед ЦЕГ-ын хяналт шалгалтын хэлтсээс шалгаж, гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй ноцтой хэрэг үйлдсэн болохыг нь тогтоосон.  Үүгээр зогсохгүй Улсын Мөрдөн Байцаах Газрын 6 дугаар хэлтэст мөн давхар эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Шалгалтаар Д.Энхбат нь өөрийн бизнесийн танил болох “Чин есөн оргил” ХХК-ын удирдлагуудын хүсэлтээр цагдаагийн албан ёсны тоо бүртгэлд бүртгэгдээгүй өргөдөл гомдлоор ОХУ-ын иргэн тухайн үед МУ-д ажиллаж байсан Кузмичёвыг ажлын бус цагаар саатуулан, ажил дээрээ авчирч дарамтлан байцааж, хууль бусаар хорьж саатуулан, бичиг баримт паспорт болон биед нь байсан эд зүйлсийг өөрийн дураар хураан авсан нь мөрдөн байцаалтын явцад ил болсон юм. Цагдаагийн ажилтны дарамт шахалтын бай болсон хохирогч Кузмичёв нь Д.Энхбатыг өөрийнх нь биед байсан их хэмжээний америк долларыг хууль бусаар хураан авч буцаан өгөөгүй гэсэн гомдлыг гаргаж цагдаагийнхан мөрөөр нь шалгасан. Мөрдөн байцаалтын явцад Д.Энхбатын дээрхи үйлдэл бүрэн нотлогдож, түүнийг сэжигнээр баривчлан хорьж байлаа. Энэ бол мянга мянган цагдаагийн алба хаагчдын нэр төрийг уландаа гишгэсэн, гутамшигт хэрэг юм. Тийм ч учраас түүнийг цагдаагийн эгнээнээс хөөсөн. УМБГ-ын 6 дугаар хэлтсээс Д.Энхбатад эрүүгийн хуулийн 292р зүйлийн 2-т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад, тухайн үеийн хуулийн хөнгөрүүлэх нөхцөл байдлаар шүүхэд шилжүүлэлгүй хэргийг нь хааж, харин цагдаагийн ажилтанд байж боломгүй гутамшигт хэргийг өдүүлсний учир цагдаагийн бие бүрэлдэхүүний эгнээнээс хөөж цагдаагийн цол хэргэмийг нь хураан авч байсан түүхтэй. Энхбатын эдийн сонирхлыг одоо ч эрүүгийн цагдаагийнхан толгой сэгсрэн гайхдаг. 
    Тэрээр цагдаад ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээр Налайхад архины үйлдвэр байгуулан ихээхэн ашиг орлогыг олж байсан бөгөөд үүгээр кзогсохгүй давран УБ хотод Казино байгуулан ажиллуулж асар их мөнгөтэй болсон нэгэн юм. Компани нь Хууль бус үйл ажиллагаа явуулж үүнээсээ болж түүний эхнэр цагдаагийн байгууллагад олон удаа шалгагдан баригдаж байсан ч ямар нэгэн аргаар Д.Энхбат аргалан мулталж, дахин ийм хэрэг гаргахгүй хэмээн олонтаа ам өчгөө өгч байсан түүхтэй болохыг нь нотлох хүмүүс өнөөдөр цөөнгүй байна. Татварын албанаас компанийг нь шалгаж улсад төлөх ёстой байсан олон зуун сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлэхээр  дүгнэлт гарч их хэрэг мандахад хүртэл тэрбээр Нийслэлийн татварын газрын маргаан таслах хурлаар ороод л улсад төлөх ёстой мөнгөө төлөхөөргүй болоод  сугараад гарч байсан зайтай эр. 
    Татвартай холбогдсон энэхүү явдал нь мань эрийн толгойд дараагийн буух буудал маань татвар юм байна гэсэн ойлголтыг гүн гүнзгий үлдээсэн бололтой.  
    Хувийн компаниудынхаа асуудлуудыг аргалж хайцаалах гэж явахдаа Нийслэлийн Татварын Газрын удирдлагатай танилцаж бүр цаашлаад 2007 онд өөрөө Нийслэлийн татварын газарт жирийн нэг татварын байцаагчаар бус бүр шууд ахлах байцаагчаар томилогдсон гэж байгаа. Гэмт хэрэгтнүүд манай улсын чухал чухал салбаруудыг ингэж л баллаж, тоглож явна даа. 
    Д.Энхбат нь тухайн үед өөрийн хууль бус бусармаг үйлдлээ үргэлжлүүлэн явуулахын тулд өөрийг нь удирдан ажиллаж байсан тасгийн дарга Ч.Сүхээг хууран мэхэлж, тогтоол дээр гарын үсгийг нь зуруулснаас болж нөгөөх нь албан тушаал буурч насаараа ажиллаж байсан албанаасаа огцорч ажил амьдралгүй болох шахсан тухай цагдаагийнхан бүгд ярьдаг.  Энэ жишээ гэхэд түүнийг хүнийхээ хувьд ямар өөдгүй, увайгүй этгээд болохыг нь нотлон харуулж байгаа байх. Одоо хэргийн эзэн Д.Энхбат  өөр төрийн байгууллагад шургалан орсон төдийгүй, дарга даамал болчихсон төрийн мэргэшсэн тусгай байгууллагыг самарч явна. Түүнд ийм хэмжээгүй эрх дархыг хэн олгосныг хүмүүс гайхаж ядна. 
    Хууль сөхөж үзье. Татварын хуулинд зааснаар бол татварыг албанд гурваас доошгүй жил удирдах ажил хийсэн, урьд нь татварын албанд ажиллаж байсан хүнийг л дүүргийн татварын хэлтсийн даргад санал болгох ёстой юм байна. Ёстой цагаан дээр хараар бичигдсэн УИХ-аар батлагдсан хууль өмнө минь байна. Хууль зөрчигч, Цагдаагийн байгууллагыг донслогосон байж боломгүй гэмт хэрэг үйлдэгч, түүнийхээ улмаас ичих нүүргүй болон тус албанаас хөөгдсөн Д.Энхбат гэгч энэ этгээд одоо нийслэлийн Баянгол дүүргийн татварын хэлтсийн даргаар томилогдоод ирчихсэн, тус байгууллагыг танихын аргагүй болтол бужигнуулж явна. 
    Баянгол дүүргийн татварын хэлтсийн даргын ажлыг гартаа оруулангуутаа өөрт нь үйлчлэх хүний тоог нэмж нэг нарийн бичигтэй байсан бол ажлыг нь гурав хувааж  гурван хүнтэй болгон томруулж, эзэн хаан мэт аашилж сууна. Боловсон хүчний туслах гэж нэг хүн байсан бол дахин хоёр хүн нэмж авч түүнийгээ Нийслэлийн татварын удирдлагуудаар дэмжүүлчихсэн явж байх жишээтэй. Дэрээс ард биднийгээ улс орон ядуу тарчиг байна, ард түмэн минь бүсээ жаахан чангалсан ч гэмгүй шүү л гээд байгаа атал энэ мэт дээрэмчдийг ингэтэл гааруулж буйн учрыг ТЕГ-ын дарга ноён Оюунбаатараас асуумаар санагдаж байна. Та улсын төсвийг нэмэлт зардал гаргаж “хэмнэх” бодлого явуулж байгаа юм уу. Түүний чинь нэг жишээ таны өөд нь татан авчирсан Д.Энхбат гэх этгээдийн одоогийн явуулж буй дур зоргоороо ааш авир уу.  
    Албан тасалгааныхаа арын өрөөнд хаанахын ямар ч даргын өрөөнд байдаггүй зөөлөн буйдан байрлуулж бүр цаашилбал цагаан хэрэгсэлтэй хүлтэл болсон гэж байгаа. Энэ бүхэн төсвийн халааснаас гарсан уу, хувийнх нь бизнесийн ашиг орлогоос ирсэн юм болов уу. Дүүргийн татварын хэлтсийн даргын арын өрөө цагаан хэрэгслээр бас яадаг байна аа.  
    Энэ мэт хөнжил гудасны хэрэг явдал бүр яамай хэрэг болох байх. Надад олдсон өөр нэг мэдээллээр бол Баянгол дүүрэгтэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтээс  2009 оны ажлын байдлаараа 100 гаруй сая төгрөгийн шагналыг БГД-ийн татварын хэлтэс авахад уг мөнгийг Энхбат өөрийн нэр дээр банкинд хувийн данс нээж түүгээрээ дамжуулан үрэн таран хийснийг татварын хэлтсийн хамт олон нь шивнэн ярьцгааж байгаа явдал юм. 
    Мөн УИХ-ын гишүүн С. Эрдэнэ тус хэлтэс дээр 2010 онд ирж уулзалт хийхэд, уг уулзалтын үеэр татварын хэлтсийн ажилтнууд хэлтсийн даргынхаа хууль бус үйлдлүүдийг ярьж, Д. Энхбатыг холбогдох газарт танилцуулж ажлаас нь өөрчилж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан тухай баримт байна.
    Ажилтнууд С.Эрдэнэ гишүүнд ярихдаа, манай байгууллага нь Д.Энхбат даргыг ирсэн цагаас хойш цагдаа тагнуулын байгууллага шиг уур амьсгалтай болсон.  Ажиллагсад бие биенээ тагнаж, энэ талаараа Д.Энхбатад алтан хошуу хүргэж сайн хүн болдог шинэ жишиг тогтоод байна гэж хүртэл хэлж байжээ. 
    Албаны зориулалттай автомашинаа хувьдаа байнга хэрэглэдэг ба орой үдэш хагас бүтэн сайн, амралттай байхдаа ч хувийн мэт ашигладаг зэрэг бол энэ хүний хувьд юу ч биш. 
    Татварын Ерөнхий газрын дарга Ц.Оюунбаатар энэ айлыг хэр авч явж байгаагийн жишээ энэ. Улс төрд хэсэг бусаг толгой хоргодож яваад, сонгогчдын итгэлийг авч чадалгүй өвдөг шороодож өөртөө дүн тавиулсан иймэрхүү үеэ өнгөрөөсөн гишүүдээ өөгшүүлж төрийн тусгай албадын толгойд залдаг зуршлаа эрх баригч МАХН хэзээ болохийг хөх тэнгэр л мэддэг болсоор удаж байна. Намын шинэ дарга, Ерөнхий сайд Сү.Батболд яралзсан эрдэмтэй, элдэвтэй, шинэ монголчуудаар эгнээгээ сүрхий тэлж, багаа сайтар бүрдүүлж яваа. Гэсэн хэрнээ иймэрхүү нөхдүүдийн гараас төрийн чухал албадыг салгаж авах ажлыг огт хийхгүй байна. Энэ нь өөрийг нь бөөрөнхий, аймтгай, хэтэрхий эв эеийг хичээдэг, төрийн хүний хатуу чанд бодлогогүй байна гэж шүүмжлүүлэхэд хүрч байна. Төрийн ийм чухал албад дээр нэр цэвэр, мөр цагаан, ажил албандаа мэргэшсэн, төрийн жинхэнэ алба хаагчид ажиллах ёстой болохоос энд тэндээс хөөгдөж ирсэн гэмт хэрэгтнүүд, хэдэн халтар төгрөгөөр авилга өгөөд очоод суучихдаг байж болохгүй санагдана. Ийм балчиг намагнаасаа салж чадахгүй байж эрхэм Ерөнхий сайд та тунгалаг төрийн тухай яриад хэрэггүй. Одоо тунгалаг төр, сайн засаглалын тухай ярих болгонд тань бид амыг тань энэ мэт нэрийг тань баасдаж яваа гишүүдийн тань балгаар хааж байх болно гэдгээ хатуу мэдэгдье. 
    Эрхэм ТЕГ-ын болон Нийслэлийн татварын газрын удирдлага ч гэмт этгээд Д.Энхбатаас авилга авсан байж болзошгүй гэсэн хар доогуур ажилчдынх нь дунд тархжээ. Хаана хууль бус явдал газар авна тэнд хардлага сэрдлэг тархдаг нь амьдралын зүй тогтол юм. Хаана шударга бус явдал цэцэглээд байна тэнд нөхдүүдийн аалзны тор шиг авилгын сүлжээ хэрсэн байдаг нь мөн амьдралын үнэн билээ.  
    Жич: энэхүү нийтлэлийн дараа Д.Энхбат нь манай сонин руу хандаж,  хувийн харилцаагаараа сэтгүүлч миний хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж ахиж энэ талаар нийтлэл гаргуулахгүй байх талаар хөөцөлдөж, тэрийгээ гүйцэлдүүлсэн тул би түр завсарлахаас өөр аргагүй байдалд орлоо. Энэхүү цуврал нийтлэлийг сонирхож хамтран ажиллах хүмүүс байвал надад хандахыг хүсч байна. Ер нь сүүлийн үед сэтгүүлчдэд энэ мэт дарамт шахалт их ирэх боллоо. Зөвхөн надад гэхэд хэд хэд тохиогоод байна. Ийм дарамтаас болж миний УИХ-ын гишүүн О.Чулуунбаттай холбоотой нийтлэл мөн үргэлжлэх боломжгүй болсон билээ. Гэвч би ингээд зүгээр суухгүй. Үнэний төлөө явах болно гэдгээ ах дүү танил талаараа дулдуйдан сэтгүүл зүйн гал тогоо руу хутгалдаж буй гэт хэрэгтнүүдтэй хийсэн тэмцлээ үргэлжлүүлэх болно. 

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан