Тавантолгой монголын ард түмэн та бидний өмч биш юм уу

    Ерөнхий сайд С.Батболд „Тавантолгойн орд газрын ашгийг бүх ард нийтэд хувьцаа хэлбэрээр тараана” гэж амлалаа. Байгалийн баялгаасаа бүх монголчууд хувь хүртэх ёстой.

    Ерөнхий сайд С.Батболд „Тавантолгойн орд газрын ашгийг бүх ард нийтэд хувьцаа хэлбэрээр тараана” гэж амлалаа. Байгалийн баялгаасаа бүх монголчууд хувь хүртэх ёстой. Үүний төлөө ажиллана гэж тэрбээр өмнө нь  бас амлаж байсан. Гэхдээ тэр нь хэт ерөнхий, итгэлцлээс хол, их улс төрөөс ирж л байдаг битүү хатуу амлалт сонсогдож байсан нь нууц биш. Энэ удаагийн мэдэгдэл юугаараа сюрприз юм бэ гэсэн асуулт гарч ирж байгаа байх. Гүйцэтгэх засаглалын тэргүүн Тавантолгойгоос хувьцаа тараана, тараах тараахдаа 2,7 сая иргэддээ бүгдэд нь, 35 мянган аж ахуйн нэгжийнхээ алийг нь ч гадна үлдээхгүй, тэр бүү хэл гадаадад оршин сууж байгаа монгол иргэдээ ч алагчлахгүй гэж албан ёсоор гарч ирж амласнаараа үнэ цэнтэй том мэдэгдэл гэж хүлээж авахаас өөр аргагүйд хүргэж байна. Ийм мэдээг сайн мэдээ гэхгүй ямар мэдээг сайн мэдээ гэх билээ…Эдгээр өгүүлбэрүүд миний түрүүчийн нийтлэлийн мөрүүд. Том утгаар нь хүлээж авбал том мэдэгдэл байна. Ийм сайхан галын дэргэд бүгдээрээ тойрон суувал яасан юм бэ гэж би нийтлэлээ төгсгөсөн. 
    Эргээд уншихад бичсэн нийтлэлээс маань хэрүүл, үл ойлголцлоос залхсан, ахин ийм гал дүрэлзэж улс орны хөгжлийн хөшүүрэг болох стратегийн том ордуудыг ашиглалтад оруулах их ажлыг гацаанд оруулах вий гэсэн айдас, хэт их итгэж найдсан гэнэн сэтгэл үнэртэж байна. 
    Энэ бүхний дараа ахиад нягталж, хүмүүсийн харж байгаа, эргэлзэж байгаа тэр цонхоор бас хараад үзэх бодол төрнө. Яагаад гэвэл цөөн бус иргэд, олон зуун мэргэжилтнүүд Тавантолгой дээр Засгийн газраас оруулж ирсэн саяны төслийг эсэргүүцэж байгааг хүндэтгэн үзэх ёстой. Учир нь тавантолгой бол нийт ард түмэн бидний өмч билээ. 
    Өөрсдийн өмчийг хэн нэгэн дур мэдэн шийдэж, далдуур үгсэн хувааж, идэж ууж байхыг хүлцэнгүйгээр харан суудаг гэнэн тэнэг үеийг ардаа орхисон шинэ зууны сэргэлэн сэргэг иргэд атал яагаад Засгийн газрын өргөн барьсан ганцхан хувилбарт хэвлэл мэдээлэл юутай хээтэйгээ толгой дохих ёстой гэж. Тэдний өөхөнд боосон энэ “сайхан” төслийг сөрмөөр санагдаж, эгдүү хүрээд байгаагийн цаана үнэндээ олон шалтгаан байна. Ингээд гол зүйл рүүгээ оръё. Засгийн газраас УИХ-д өргөн барьсан, араас нь сайд болгон нь зурагтаар ээлжилж магтан зүтгүүлж байгаа эрх танхил төслийг нөгөө талаас нь харан эгдүүцэж буй хүмүүсийн байр суурь дундаас шиншилж, шигшиж үзье. Ингэж тунгаах нь ч бас сэтгүүлч бидний үүрэг мөн санагдана.  
    Ингэхэд хэрүүлийн алим болоод буй алдарт Тавантолгой маань яг ямар үнэтэй эд юм бэ. Чин үнэндээ Тавантолгой ямар үнэ цэнэтэй, ямар баялаг болохыг Монголчууд бид мэдэхгүй байгаа юм биш үү. Энэ асуултыг хүмүүс бие биедээ тавьж эхэлжээ. Тавих нь ч зүй ёсны хэрэг. Нүдээ боолгож, чихээ бөглүүлсэн юм шиг аймшигт тархи угаалган дунд үүлгэртэж байгаад л бүгдийг нь тавиад туучихдаг болохоор хаширсан биз.  
    Эзэн нь өмч хөрөнгөнийхөө үнэ цэнийг мэддэггүй болохоор эцэс төгсгөлгүй хэрүүл хараалд улс орон живж, эцэст нь том төслүүд хөдлөхгүй тав зургаан жилээр гацаанд орохоос ч яахав дээ. Өөрсдөө юмаа ингэж хийдэг улсууд олон нийттэй уулзахдаа тунгалаг төр, шилэн хананы тухай ярих ч хэрэггүй. 
    Тавантолгой ямар үнэ цэнтэй юм бэ гэсэн асуултыг би тавьсан. Одоо хариулах гээд оролдъё. 
    Овоот толгой гэж Тавантолгойгоос баруун урагш, Хятадын хилээс  45 км зайтай байдаг нүүрсний орд ямар үнэд хүрсэнтэй жишиж үзээд Тавантолгойн үнэ цэнийг мэдэж болохоор харагдана. 
    Овоот толгойн ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг бас л алдарт  Айванхоу Майнз эзэмшдэг юм байна. (Мэдэхгүй. Ямарт нь ийм их хувь заяа ногддог юм бол) 
    Тэд хоёр сая орчим доллар төлөөд уг ордын нөөцийн үнийг болон уг ордыг ашиглахад хөрөнгө оруулах нь ашигтай юу үгүй юу гэдгийг харуулдаг техник-эдийн засгийн үндэслэл гэдэг баримт бичгийг олон улсын санхүүгийнхэн хүлээн зөвшөөрдөг мэргэжилтнүүдээр хийлгэсэн байна. ТЭЗҮ гэх энэ товчилсон нэртэй манай уншигчид ч сайн танил болсон байх учиртай. Яагаав нөгөө Оюутолгой дээр галт тэрэг хөдлөх дохиог аль эрт өгчихсөн хойно гол тийз болох баримт бичиг нь бэлэн болоогүй байж сандаргаагүй юу. Орд газрыг ашиглахад хөрөнгө оруулах эсэхээ  шийдэхэд энэ баримт бичиг л хамгийн чухал байдаг юм байна. Энэ баримт бичгийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй мэргэжилтнүүд хийсэн байх нь чухал.  Тэд яагаад хүлээн зөвшөөрөгддөг вэ гэхээр алдаа гаргаж байгаагүй, мөнгө ахиухан төлчихвөл хуурамч дүгнэлт гаргаад өгчихдөг хулхины гарууд биш гэдгээ нотолж чадсанд байдаг аж. Энэ бичиг баримтыг гаргуулаад авсан цагт ихээхэн баялаг дээр мөнгө босгоход ямар ч асуудалгүй, ордоо барьцаалаад урт хугацаатай, хүүгүй эсхүл жилийн 1 хувь хүрэхгүй хүүтэй зээл авах ч боломжтой. Ингээд л болоо. Өөрсдөө нүүрсний уурхай байгуулах ч албагүй. Бидэнд ийм баялаг орд байна. Нүүрсний уурхай байгуулаад, олборлож гаргасан нүүрснээсээ төлбөрөө ав гэхэд л компаниуд баланд шунасан эрвээхэй шиг нисэлдэн ирдэг. Овоот толгойн орд дээр яг л иймэрхүү байдлаар асуудал явж байна. Тодруулбал, Лейтон гэдэг туршлагатай компани манай “сайн найз” Фрийдландад уурхай байгуулах ажлыг нь хийж өгч байна гэнэ. (Яавал Фрийдланд шиг азтай төрдөг юм бол оо. Үнэхээр тусдаа төрсөн амьтан юм даа)
    Тэгвэл тэр Овоот толгой  ямар үнэ хүрсэн юм бол гэх амттай асуулт гарч ирж байгаа байх.  
    Тийнхүү мөнгө цохиж байж техник эдийн засгийн үндэслэл хийлгэснийх нь дараа Хятадын төрийн эзэмшилд байдаг томоохон хөрөнгө оруулалтын сан Овоот толгойн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг Фрийдландын компанийн хувьцааны 20 орчим хувийг 550,0 сая доллараар худалдаж авчээ. Дараа нь Торонто, Хонгконгийг бирж дээр бүртгүүлээд мөн л 500,0 орчим сая доллар босгосон байна. Одоо уг компанийн хувьцааны нийт үнэ 2,0 тэрбум доллар. (Үүнийг www. southgobisends.com гэх сайтаас харж болно ) Энэ компанийн хувьцааны 57 хувийг Айванхоу Майнз өөрийн эзэмшилд үлдээсэн.  Бүр задлаад тайлбарлахад манай сайн найз хоёр сая доллар зараад л хоёр тэрбумын үнэд хүрсэн компанийн хувьцааны 57 хувийг буюу 1,2 тэрбумын хөрөнгөтэй болчихсон байна. Үүний цаад учир нь ердөө л баялаг сайхан ордыг ашиглах эрхтэйд байгаа юм. Өөр юу ч биш. 
    Тэгэхээр олон улсын санхүүгийн зах зээл Овоот толгойн ордыг 2.0 тэрбум доллараар үнэлжээ. Тэгвэл Тавантолгой маань энэ ордтой зүйрлэвэл ямаршүү юм бэ...Энэ асуулт одоо бүр энгийн түвшин рүү орж ирэн тавигдаж байна. 
    Дээрх ордын нөөц нь  150.0 сая тонн. Тэгвэл Тавантолгойнх 6.4 тэрбум тонн. Өөрөөр хэлбэл 42,6 дахин илүү гэсэн үг. Коксждог буюу төмөрлөг хайлуулах шаардлагыг хангадаг өндөр илчлэгтэй учраас илүү үнэ цэнтэй байдаг нүүрс Овоот толгойн нүүрсний дөнгөж 35 хувь нь байгаа бол Тавантолгойнх 65 хувьтай. Уул геологийн нөхцөл гэж мэргэжлийнхний хэлдэг үгээр бол Тавантолгойнх хамаагүй давуу. Тэгэхээр Тавантолгой маань Овоот толгойн ордоос хамгийн багаар бодоход 50 дахин илүү үнэ цэнтэй. Өөрөөр хэлбэл хамгийн хямддаа л 100.0 тэрбум долларын үнэд хүрэх боломжтой гэсэн үг. 
    Энэ их мөнгө үү бага мөнгө үү.
    Өнөөдөр Монгол улсын жилдээ бүтээн бий болгож байгаа дотоодын нийт бүтээгдэхүүн 5.0 тэрбум доллар гэхээр бидний 20 жил бий болгох нийт бүтээгдэхүүнтэй тэнцэнэ гэсэн үг. Гадаад дотоодын шинжээчид Монгол улсын дэд бүтэц, аж үйлдвэржилт, бэлчээрийн цөлжилт, утаа, тоостой тэмцэх, боловсрол, эрүүл мэндийн салбарын шинэчлэлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эмчилгээ үйлчилгээ, сургалт,  хөдөлмөрийн чадвартай хүн бүрийг ажлын байраар хангах, өрх бүр орон сууцтай болох гээд бүх л асуудлыг шийдвэрлэж, монгол хүн бүр эх орондоо сэтгэл тэнүүн, ажил төрөлтэй, хүүхэд нь сургуультай, хот нь цэвэр цэмцгэр амьдрах боломжтой орон болгоход 31-42 тэрбум долларын хөрөнгө оруулалт л хэрэгтэй гэж тооцоолоод байгаа.  Энэ тэгээд бидний өөрсдийн хүчээр босгож чадахгүй мөнгө юм уу. Яагаад асуудал зориуд даялж, төөрөгдүүлсэн маягаар явах гээд байна вэ. 
    Тавантолгойгоо ашиглах эрхийг гадаадынханд  өгөлгүй, өөрсдөө бүхэлд нь аваад үлдэж чадвал бид бүх асуудлаа шийдээд иргэн бүр баян чинээлэг болох боломж байна гэж үзэж байгаа хүмүүсийн зөв юм биш үү. 100.0 тэрбумаас хөрөнгө оруулалтад хэрэгтэй 42.0 тэрбумд оногдох хувьцааг нь зарчихад цаана нь 58.0 хувь нь буюу 58.0 тэрбум долларын үнэ цэн бүхий хувьцаа нь Монголын ард түмний өмчлөлд үлдэнэ. Өөрөөр хэлбэл Монгол хүн бүрт 21.5 мянган долларын үнэ цэн бүхий хувьцаа оногдоно гэсэн үг. Үүнээсээ жил бүр хамгийн багадаа 5 хувийн ногдол ашиг хүртэнэ гэвэл жилдээ хүн бүр 1.4 сая төгрөг хүртэнэ. Дэлхийд гайхагдаад байгаа Катар хүмүүс шиг л амьдрана гэсэн үг. Ийм тооцоог гаргаж байгаа хүмүүсийг яагаад сонсохгүй байх ёстой гэж. Яагаад пиарууд өөрөөр донгодож, энэ асуудлыг зангидаж хариуцсан хүрэн бөөртэй хүүхэд төрхтэй сайд нь “Сэтгүүл зүй ямар ч асуудалгүй, тэднийг шийдчихсэн. Амархан ш дээ” гэж бүлтэрч суугаа юм бэ.  Ахиад жаахан хугацаа сунгаж хэлэлцвэл яасан юм. Юунд хөөгдөн бид салхич шувуун мэт давхих ёстой гэж. Яагаад ингэж яаран дааран наадамтай давхцан батлах ёстой гэж.  
    Өнөөдөр бидэнд амлаад байгаа МАХН-ын ганц удаа хүртээх 1.5 сая төгрөгийн төлөө юу. 
    Хэрэв энэ удаа л бид алдвал юун нөгөө “Алт сандайлсан гуйлгачин” . “Алт байсан нүхэн дотор суусан гуйлгачин” л болно шүү дээ. 
    Бид өнөөдөр энэ сонголтыг л ухаалаг хийхгүй бол аюулын харанга улс орны минь хувь заяаны хаалган дээр дэлдэж байна.
    Эцсийн эцэст та бидний итгэж сонгосон Их хурлын гишүүд ямар шийдвэр гаргахаас Монголын хувь заяа шалтгаалах болчихоод байна. 
    Тэгэхээр тэднийг хараа бараанаасаа гаргаж болохгүй цаг ирсэн байна. Шударга ёсыг, эх орныхоо ирээдүйг бодсон шийдвэрт гараа өргөхийг шаардах цаг ирсэн байна. Хэрэв олон түмний энэхүү шахалтыг үл тоох юм бол  тэднийг өөрсдийг нь огцруулах тэмцлийг зохион байгуулж, түүндээ олон түмнийг нэгдэж ч болох юм. Хулгайч төрийг жигшин зэвүүцэж буй Үүл баатарын үгэнд үнэний гашуун амт байна. Ийм үед элдэв худалдагдсан хөлсний ажилчдын биш жинхэнэ эх орондоо хайртай түүн шиг хүмүүсийн дуу хоолойг чагнах нь ард түмэнд луужин болно. 
    Хамтарсан Засгийн худалдаад авчихсан бүх суваг судлуудаас ямархуу авиа гарах нь ойлгомжтой. Тэд хэдхэн халтар төгрөгөөр зүрх сэтгэлийг, авъяас чадварыг авчихна гэж эндүүрдэг юм. Эрээний бараа шиг хямдхан чадвар, багахан дадлыг таарсан үнээр нь авснаа сэтгүүл зүйг авчихлаа, шийдчихлээ гэж бүлтэрсэн харийн угшилтай, холын удамтай нэг нүдний шилтэй сайдад хэт зэвүүрхсэндээ би энэ удаа яаран үзгээ шүүрлээ. Гэхдээ алдахгүйг хичээнэм. Тавантолгой дээр ахиад ухаан бодлоо уралдуулж (Тэнгэр минь гэхдээ зургаан жил биш шүү), олсон баримт, мэдээлэл болгон дээрээ дүгнэлт хийж үзэх нь зөв санагдана...Харин та юу гэж бодож байна. Над руу захидал бичээрэй. Би өөрийнхөө мянга мянган уншигчдийн талд байх болно шүү...

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан