П.Батчимэг: Хужиртын гол, тоглож наадаж явсан голын ширэг зурайж сэтгэл өөрийн эрхгүй огшдог

    Би Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул л даа. Хүүхэд насаа Хужиртын голын ногоон дэнж дээр, өвөө эмээгийнхээ гар дээр өнгөрөөсөн

    “АПУ трейдинг” компанийн ерөнхий захирал хатагтай П.Батчимэгтэй ярилцлаа. 


    -Та бол баялаг бүтээгчдийн энэ том салбарт амжилттай ажиллаж яваа цөөхөн эмэгтэйн нэг. Ажил үйлсээр тань хүмүүс мэддэг ч Батчимэг гэдэг хувь хүний талаар тэр бүр мэдэхгүй. Ямар ертөнцтэй, ямар эмэгтэй юм бол.  Бас ямар намтар түүхтэй, хаана төрж өссөн, нийгмийн ямар гарал үүсэлтэй хүн юм бол гээд таны талаар сонирхох зүйл олон. Хоёулаа эндээс яриагаа эхлэх үү ?

    -Би Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул л даа. Хүүхэд насаа Хужиртын голын ногоон дэнж дээр, өвөө эмээгийнхээ гар дээр өнгөрөөсөн. Хөдөө нутагт, эрх таавараа өссөн ийм л нэг жирийн охин байлаа. Дунд сургуулиа Өвөрхангай аймгийн төвийн 10 жилд  дүүргэсэн. 10 дугаар ангиа төгсөөд тэр үеийн орос хэлний дээд сургуульд элссэн.  Таван жил дээд сургуульд сурч орос хэлний багш  мэргэжилтэй болж төгсөөд, Өвөрхангай аймгийн хоёрдугаар 10 жилд багшаар очиж байлаа. Ажил амьдралынхаа гарааг багшийн мэргэжлээр эхэлсэн маань миний амьдралд сайхан гараа болж өгсөн гэж боддог юм. Хөдөө нутагт, хүүхэд багачууд үймж шуугисан гэрэл гэгээтэй ертөнцөд миний амьдралын нэгэн сайхан үе өнгөрсөн.

    -Танай өвөө Монгол-Трансын анхны кадруудын нэг гэдэг байх аа?

    -Тийм ээ. Өвөө маань монгол-трансын анхны жолооч Пунцагийн Гаваа гэдэг хүн. Бид өвөө эмээгийнхээ гар дээр л өсч бойжиж, хүн болсон хүмүүс шүү дээ. 

    -Эцэг эхээс хэдүүлээ вэ?

    -Эцэг эхээс дөрвүүлээ. Нэг ах, хоёр дүүтэй. Айлын ганц охин. Айлын ганц охин гээд хэтэрсэн эрх танхи, дураараа байгаагүй. Их тийм журамтай, ах дүүсээ хүндэлдэг, өвөг дээдсээ дээдэлдэг тийм л уламжлалт орчинд бид хүмүүжсэн. Сайхан ээж ааваас төрж, сайн ах дүүгийн дунд эгэл жирийн амьдралаар өсч бойжсон.

    -Өвөрхангайд сургуулиа төгсөөд очиж ажилласан юм байна. Харин тэндээс яагаад хөдөлсөн тухайгаа ярихгүй юу ?

    -Өвөрхангай аймгаас 1994 онд ажил амьдралынхаа эрхээр л гарсан. Хүнд өөрийнхөө амьдралын орчинг өөрчилж, өөр зам мөр хөөх хүсэл төрдөг үе байдаг. Тэр л жамаар нутгаасаа гарсан. Бас миний нөхөр Улаанбаатарын уугуул хүн. Ээж аав нь Улаанбаатарт амьдардаг байсан. Тэгээд л ажил амьдралын шаардлагаар нөхрөө дагаад Улаанбаатар руу шилжиж ирсэн.

    -Та хоёр Өвөрхангайд танилцсан юмуу?

    -Үгүй. Бид хоёр оюутан байхдаа 1984 онд танилцсан. Тэгээд 1985 онд гэр бүл болсон . Манайх хоёр сайхан хүүтэй. Хоёр хүү маань өсч торниод эрийн цээнд хүрцгээсэн. Одоо дэлхийн хоёр талд суралцаж байна.

    -Дандаа эрчүүдийн дунд амьдардаг юм байна?

    -Тийм. Миний өссөн орчин дандаа л эрчүүдийн дунд, эрэгтэй хүүхдүүдийн дунд байсан. Эрэгтэй хүүхдүүдийн дунд өсч торнисон айлын ганц охин гэдэг утгаараа ч юмуу мэдэхгүй надад нэг тийм эршүүд маягийн зан байдаг л даа. Яагаад ч юм би 10 жилд байхдаа ч дандаа л эрэгтэй хүүхдүүдтэй тоглож, тэдэнтэй илүү үерхэж нөхөрлөж явсан. Ахтай, хоёр эрэгтэй дүүтэй болоод тэр үү эрэгтэйчүүдтэй харилцахад надад илүү ойр дөхөм байдаг.

    -Танай ээжийг багш хүн байдаг гэж сонссон?

    -Манай ээж орос хэлний багш, аав математикийн багш.

    -Гэрээрээ их сурлагатай хүүхдүүд байсан гэдэг. Ийм учиртай байж?  

    -Бид эгэл жирийн л сэхээтний гэр бүлд өссөн. Тодорхой хэмжээнд хариуцлагатай, үүрэг зорилгоо ухамсарладаг, амьдралд биеээ аваад явчих хэмжээний төлөвшлийг ээж аав маань олгосон.

    -Хотод орж ирээд хаана ажиллав?

    -Улаанбаатарт орж ирээд Цагдаагийн дээд сургуулийн гадаад хэлний тэнхимд орос хэлний багшаар ажилласан. Академид би  таван жил багшилсан. Дараа нь БСШУЯ-нд гурван жил мэргэжилтнээр ажилласан. Ер нь бол боловсролын салбарт тасралтгүй 14 жил ажилласан байдаг. Цагдаагийн академид ажиллаж байхдаа би Удирдлагын академийг “Төрийн удирдлагын менежер”мэргэжлээр төгссөн. Дараа нь 2004 онд АПУ компанид захирлаар ирж ажилласнаасаа хойш Австрали улсад суралцсан. Өөрийгөө хөгжүүлэх, цаг үеээсээ хоцрохгүй байх тал дээр хүн өөртөө байнга анхаарал тавьж байх ёстой. Энэ нийгэм ямар хурдан хөгжиж байгаа билээ. Нийгмийн хурдаас хоцрохгүй явахыг л хичээх ёстой гэж би боддог.

    -Хөдөө 10 дугаар анги төгсгөсөн шавь нартайгаа ямар харьцаатай байдаг вэ. Тэд таныг Батчимэг багш л гэдэг биз дээ?

    -Тэгэлгүй яахав. Би Өвөрхангайн арван жилд нэг л ангийг  дөрөвдүгээр ангиас аваад 10 төгсгөсөн. Дөнгөж сургууль төгссөн залуухан шинэхэн багш очиход манай намын үүрийн дарга, манай захирал хоёр маань надад дөрөвдүгээр ангийн жижигхээн хөөрхөн хүүхдүүдийг даалгаж өгч байлаа. Дөрвийн “а” ангийн тэр шавь нараа би хэзээ ч мартдаггүй. 10-р ангиа төгстөл нь тасралтгүй тэр хэдтэйгээ явсан. Манай ангид 30 гаруй хүүхэд сурч байсан. Тэдний маань 21 хүүхэд нь их дээд сургуульд орж байлаа. Одоо ёстой монгол улсын газар сайгүй ажиллаж амьдарч яваа. Одоо нэг шавь маань Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга болчихсон явж байна.

    -Таны нөхрийг цагдаагийн хүн гэж мэднэ. Цагдаагийн ар гэр байх бол тийм ч хөнгөн ачаа биш. Гэр бүлийнхээ хүнийхээ талаар товчхон танилцуулж болох уу. Цагдаагийнхан далд фронтод зүтгэдэг улсууд болохоор тэр болгон хүмүүс  мэддэггүй шүү дээ?

    -Миний нөхрийг Доржийн Батсайхан гэдэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга,  цагдаагийн хурандаа цолтой хүн бий. Хоёр оюутан л анх учирч байлаа. Тэр мөчөөс хойш нэг мэдэхэд 25 жилийн хамтын амьдралыг туулж ирсэн байна. 25 жил гэдэг бол асар их хугацаа. Хамтын амьдрал маань бусдын л адил жамаар явсан. Миний хамгийн хайртай зүйл бол миний хувийн амьдрал юм. Хэдийгээр миний нөхөр цагдаа хэмээх төрийн хүнд хүчир алба хашдаг, тушаалын дор амьдардаг хүн ч  гэсэн гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэзээ ч хөсөр хаяж байгаагүй. Алба нь бол маш хүнд алба. Цаг наргүй ажилладаг. Тэр хүний ажлыг ойлгоно, хамтдаа энэ хорвоог туулна гэж  л сонгосон учраас эхнэр хүнийхээ үүргийг  цалгардуулах эрх надад байхгүй. Эр нөхрөө хайрлана, халамжилна, амьдралынх нь сайн түшиг байна гэдэг бол эмэгтэй хүнээс их ухаан шаарддаг л даа. Ямар ч байсан бид хоёр амьдралаа аз жаргалтай, гэрэл гэгээтэй, сэтгэл хангалуун авч явж байгаа гэж боддог. Хоёр хүү маань өсч том болоод гэр орноо орхин, сургууль соёлын мөр хөөгөөд явлаа. Амьдралынхаа энэ үед улам л хоёр биенээ халамж хайраар дутаахгүй, хүний ёсоор сайхан амьдрахыг эмэгтэй хүнийхээ хувьд би боддог. Амьдрал гэдэг энэ насанд ганц л заяана шүү дээ.  

    -Цагдаагийн гэр бүл байх эмэгтэй хүнээс их тэсвэр тэвчээр шаарддаг. Тэдний амьдралын хамтрагч байх үнэхээр хэцүү. Баяр ёслол, тэмдэглэлт бүх үеүдэд гэртээ байхгүй. Заримдаа дургүй хүрмээр энэ байдлыг та яаж зохицуулдаг вэ ?

    -Тийм л дээ. Яг л нэг сайхан баяр ёслол болно. Бусад хүмүүс гэр бүлтэйгээ, үр хүүхдүүдтэйгээ хамтдаа байдаг тэр үеүүдэд бол би хоёр хүүтэйгээ гэртээ гурвуулаа л байдаг байсан. Нэгэнт бидний хувь тавилан учраас би тэрийг ойлгодог. Зүгээр нэг ойлгодог биш бүр  маш сайн ойлгодог гэж хэлж болно. Энэ бол миний л хувь заяа. Тэр хүн төрд тангараг өргөсөн, тусгай албатай хүн. Би” чи эхнэрээ хайрлаж халамжилсангүй, бидэнд заавал цаг зав гаргах ёстой, бид гурав дандаа ингэж амьдарч чадахгүй” гэж үглэж дуулдаггүй. Тийм юм бидний амьдралд ерөөсөө байсангүй. Яахав залуу байхад зарим үед сэтгэл дундуур, бусад хүмүүсийн гэр бүлтэйгээ баярлаж хөөрч,  хөгжилтэй сайхан байгааг хараад ялимгүй гонсойх юм байдаг л  байсан. Бид гурав л цагаан сар болсон ч гэсэн тавгаа ч засаагүй аавыгаа хүлээгээд сууж байдаг.  Залуу нас юм болохоор бас нөхөртэйгөө хамт байх юмсан, гэр бүлээрээ дандаа хамт баяр ёслолын үеүүдийг өнгөрөөх юмсан гэсэн цагаахан бодол эмэгтэй хүний хувьд орж ирэлгүй яахав. Хоёр хүү нь ч гэсэн аавыгаа бас тэгж  харж байдаг л  байсан байх. Яах ч аргагүй тэр хүний өөрийнх нь ажил мэргэжлийн онцлог учраас тэрийг бол хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Тэгээд л энэ айлыг өөдтэй өнгөтэй байлгахын төлөө, нөхрийнхөө сэтгэл санааг амгалан тайван байлгахын төлөө эмэгтэй хүний ухааныг зарж, амьдралаа авч явахыг хичээж ирсэн. Нөхөр маань ч надад тэрэнд маань дүйцсэн хүндлэл хайрыг зориулсан гэж боддог. Амьдрал хоёр хүнээс хоёр талын их ухаан шаарддаг. Аль аль нь доголдуулахгүй л явбал тэр айл амар амгалан, аз жаргалаар дүүрэн байж чаддаг гэж би боддог.

    -Генерал Сандаг-Очирт би “Танай цагдаад хувийн баяр жаргалын тухай ойлголт байхгүй шүү дээ” гэсэн нэг асуулт тавиад жаахан эвгүйцүүлчихэж байж билээ.  Та яагаад манай цагдааг хувийн баяр жаргалгүй гэж дүгнэж байгаа юм бэ гэж ирээд гайхширч байсан нь санагдаж байна?

    -Их сонирхолтой асуулт тавьсан байна л даа. Хүмүүс аливаа асуудлыг өөр өөрийнхөөрөө л ойлгодог. Цагдаагийхныг  хүмүүс гаднаас нь хараад нэг л их догшин ширүүн, зан ааш муутай ч гэдэг юмуу,эсвэл хүчний байгууллагын хүмүүс болохоор хүч хэрэглэх дуртай улс гэх маягаар ойлгодог. Тэр хүмүүс чинь бидний л нэгэн адил өөр өөрийн дотоод ертөнцтэй шүү дээ. Хашдаг алба нь хатуу хөтүү салбар ч гэсэн хүний л амьдрал цаана нь байдаг.

    -Та одоо манай үндэсний ууган үйлдвэр АПУ трейдинг компанийг толгойлоод явж байна. Энэ том айлыг авч явахад таны унаган мэргэжил их хэрэг болдог болов уу. Зарим захирлуудаас бүх юмыг өөрөө урд нь орж заах гээд байдаг багш шинж анзаарагдаад байдаг ?

    - Би багш мэргэжилдээ үнэхээр хайртай. АПУ компанид зургаа дахь жилдээ ажиллаж байна. Миний хувьд бол үнэхээр цоо шинэ салбар. Компанид ажиллаж байгаа 1000 гаруй хүмүүсийн аж амьдралыг өөд нь татах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх, тэднийг удирдан зохион байгуулах, энэ компанийг бизнесийн салбарт амжилттай сайн авч явахын төлөө зүтгэж байна. Эмэгтэй хүний хувьд мэдээж  амьдралын маань ачаа зарим үед ахадсан юм шиг санагддаг л юм. Гэхдээ надад аливаа бэрхшээл саадын өмнө шантардаг, одоо яанаа гээд арагшаа ухардаг зан байдаггүй. Энэ ажлаа сэтгэлдээ хүртэл  хийхийг л өмнөө зорилго болгож ажилладаг. Миний мэргэжил багш болохоор зарим үед надаас  багшийн маань зан чанар илрээд байдаг. Зарим нэг манайд ажилладаг залуучууд намайг багшаа гэж дуудаж л байдаг. Багш хүний шинж харагдаад байдаг ч юмуу, дүр төрхөөрөө тэгж буугаад байдаг ч юмуу, ааш зангаараа тийм сэтгэгдэл төрүүлээд байдаг юмуу бүү мэд. Гэхдээ багшаа гэж дуудахаар нь зүгээрээ, багшаа ч гэсэн болно,  хамаагүй гэж тэднийг инээлгэдэг. Багш хүн гэдэг бол юмыг дандаа гоё, гэгээлэгээр хардаг. Юмыг огт өөр  мэдрэмжээр тусгаж авдаг багш хүний тэр давамгай чанар одоо ч надад асар их хэрэг болдог. Ямар шийдвэр гаргах, асуудалд яаж хандах вэ гэдгээс бүх юм хамаардаг учраас энэ бүх асуудал эцэст нь надаас хамаарна, миний шийдвэр хэрвээ зөв байх юм бол энэ асуудал зөв явна гэдгийг ойлгох ёстой байдаг. Тийм учраас багшийн өөрийн характер, магадгүй тэгээд сүүлд амьдралаас миний олж авсан энэ шинэ салбарын туршлага хоёр нэгдэж чадаж байгаа л гэж би дүгнэдэг.

    -АПУ маш том өөрчлөлтүүдийг хийжээ. Өнгө төрхөө өөрчилж, танигдахын аргагүй болсон байна. Өчигдрийн сонинуудад танай “Ерөөл” брэнд гадны том уралдаанаас шагнал авсан тухай мэдээ гарсан байсан. Ажил үйлс нь өнгөтэй өөдтэй яваагийн шинж биз. Эмэгтэй хүн атлаа эрчүүдтэй ана мана л өрсөлдөж байх шиг байна?

    -Компаниа бизнесийн салбарт маш амжилттай ажиллаж байгаа гэж удирдаж явж байгаа хүний хувьд  бардам хэлж чадна. Энэ баялгийг бүтээж , энэ бизнесийг амжилттай авч яваагийн тухайд манай хамт олны хөдөлмөр зүтгэл, тэнд ажиллаж байгаа тэр олон залуучуудын чадварын асуудал бол нэн түрүүнд яригдах зүйл. Миний хувьд бол АПУ компанийн  борлуулалт маркетингийн компанийг удирдаж байна . АПУ трейдинг гэдэг бол борлуулалт маркетинг хариуцсан компани. Гадаад дотоодод их дээд сургууль төгссөн, мастерын зэрэг хамгаалсан, өндөр чадвартай залуучуудыг эгнээндээ авч,  хамтдаа энэ компанийн амжилтыг бүтээж байгаадаа захиралын хувьд үнэхээр бахархаж явдаг. Сая “Ерөөл” брэндээрээ бид дэлхийн наадмаас мөнгөн медалийн шагнал авлаа. Өмнөхөн нь Соёмбо брэндээрээ алтан медаль хүртсэн. Манай хамт олон маш урамтай байгаа. Цаашдаа ч  бид улам илүү амжилтыг бүтээж, дотоодын төдийгүй дэлхийн зах зээлд өрсөлдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө ажиллаж байна.

    -Манай үндэсний үйлдвэрлэгчид улс орноо хөгжүүлэхийн төлөө маш их зүтгэж байгаа. Харин энэ үйлсийг хажуу талаас нь дэмжээд өгөх үндэсний ухамсар гэдэг ойлголт нь хэр хөгжиж байгаа юм бол?

    -Ер нь бол хүмүүс үргэлж л шинэлэг юмыг хүсч байдаг. Бид ч энэ шинэлэгийг хүсдэг хүсэлтэй нь зэрэгцэж явахын төлөө, аль болох тэр хүслийг биелүүлэхийн төлөө ажилладаг. Ажиллаж ч байна. Цаашид ч ажиллана. Аливаа улс орон ингэж л явдаг. Энэ явц өөрөө үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр өөрсдийн зах зээлийг хангаж, улс орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулж явдаг. Манай эдийн засгийн энэ процесс явдгаараа л явсан. Энэ явц мэдээж үндэстнээ гэсэн иргэдийн ухамсраар дэмжигдэж байна.    

    -Монголынхоо үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг авнаа гэдэг болсон хэрэглэгчдийн дотно хандлага аль хэдийнэ түрлэг болж эхэлсэн юм шиг санагддаг?

    -Тийм ээ. Зах зээлээс илт мэдрэгддэг болсон. Яагаад гэхээр тэр түрлэг иргэдийн маань дотроос нь түрэн гарч ирж байгаа. Үндэснийхээ үйлдвэрлэлийн шив шинэхэн шар айргийг ууя.  Найдвартай, чанартай бүтээгдэхүүнээ хэрэглэе. Эх орондоо үйлдвэрлэсэн сүүгээ ууя гэсэн бодол бүх хүнд бий болсон. Хэрэглэгчдэд чанар гэдэг юм л дандаа бодогдож байдаг шүү дээ. Харин тэдний хүсч байгаа хүслийг л бид биелүүлж чаддаг байх ёстой. Үүний төлөө ажиллах нь бидний үүрэг гэж бид ойлгодог.

    -Та бас НИТХ-ын төлөөлөгч хүн. Ингэхэд манай хотын парламент дотроо хэр ардчилалтай вэ. Ардчилсан нам цөөнх байх аа ?

    -НИТХ-д 45 төлөөлөгч байдаг юм. Тэрнээс ес нь манай АН-ын суудал байдаг. Бид бол цөөнх. Хан-уул дүүрэг 18 жилийн турш нийслэлд АН-ын төлөөлөлтэй байгаагүй. 2008 оны орон нутгийн сонгуулиар АН-ын таван төлөөлөгч нэг дүүргээс нийслэлд суудал авч ялалт байгуулсан. Манай намын түүхэнд бичигдэхүйц том үйл явдал болсон  гэж үзэж болох юм. Мэдээж есөн хүн гэдэг бол 45 хүнтэй харьцуулахад аргагүй л цөөнх байдаг. Гэхдээ бид иргэдийн төлөөлөл, дуу хоолой гэдэг утгаараа тэдний санал бодлыг  НИТХ-д хүргэж байгаа. Чадлынхаа хэрээр бид хүргэж байгаа. Саналаа хэлж, бодлого чиглэл гарахад нь тусгуулж, тогтоол шийдвэр гарахад нь оролцож байгаа. Хотын  парламент гэж зарим нь НИТХ-ыг томъёолдог. Миний хувьд одоо л яг  тогоон дотор нь орж байж л харж мэдэрч байна л даа. Миний бодлоор НИТХ байнгын ажиллагаатай байвал зүгээр юмуу гэсэн бодол төрдөг юм. Жилдээ нэг юмуу хоёр хуралддаг энэ хурал бол нийслэл хотын болон нийслэлийн иргэдийн өмнө тулгамдаад байгаа асуудлыг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргахад хангалттай биш ажиллагаа гэж боддог. Тэргүүлэгчдийн хувьд ч гэсэн тоог нь  нэмэх шаардлага байгаа юм шиг. Яагаад гэвэл 45 төлөөлөгчөөс 11 тэргүүлэгч гэдэг бол тооны хувьд бага үзүүлэлт. Тэргүүлэгчдийг жаахан ахиулаад 21 ч юмуу болгочихвол авах суудлын тоо ч квотийн хувьд арай өөр болох юм болов уу гэсэн бодол байдаг. Засаг даргыг хэн сонгодог болох вэ, ард иргэд нь сонгодог болох юм уу, засгийн газар, ерөнхий сайд томилох уу гэдгээсээ авахуулаад шинэчлэх, бодож боловсруулах юм зөндөө бий. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад төлөөлөгчийн хувиар Тэргүүлэгчдийн хуралдаанд болон ардчилсан намын бүлэгт  саналаа удаа дараа өгч тусгуулсан. Хотын хөгжлийг харахдаа төсөв санхүүгийн хувьд биеэ даасан эрх хэмжээг нь хуульд тусгаж өгснөөр хөгжинө гэж бодож байна, 1994 онд батлагдсан хууль шүү дээ. Одоо хэдэн он билээ, нийгмийн шаардлага зайлшгүй гарч ирж байна.  Энэ хууль УИХ-аар хэлэлцэгдэж  байгаа нь цагаа олсон.

    -Нийслэлийн төсөв хэлэлцэхэд халуухан юм болно биз?

    -Нийслэлийн төсөвт тодотгол хийх зорилгоор тавдугаар сарын сүүлээр хурал зарлах гээд л байгаа юм шиг байна лээ. Үнэндээ бол хот дээр тийм хангалттай төсөв батлагдаж чаддаггүй. Өөрөө мэдэж байгаа байх. Өнгөрсөн оны сүүлийн чуулганаар оюутны хөнгөлөлтийн асуудал орж ирээд л хамаг төсвийг нь аваад явчихсан. Бас л бөөн будлиантай асуудал болж гарч ирсэн. Нийслэлийн ажил бол аж ахуйн ажил шүү дээ. Нийслэлд тулгамдаад байгаа бүх асуудал, нөгөө л ажилгүйдэл ядуурал, нөгөө л утаа, замын түгжрэл, замын засвар гээд бүх асуудлууд нийслэлийн төсвөөс хамаарч байгаа. Нийслэлийн төсөв бол үнэхээр хангалтгүй төсөв байдаг. Ийм хангалтгүй төсөв дээр нийслэлийн бүх зовлонг шийдвэрлэнэ гэж  шаардах нь өөрөө хэцүү ойлголт.

    -Хангалтгүй л дээ. Гэсэн ч иргэдэд зөвхөн шаардах эрх нь л байдаг ?

    -Тийм учраас бид аливаа асуудлыг дандаа нэг тийм урвуу буруу талаас нь харах биш ойлгох, дэмжих, өөдрөг гэгээлэг талаас нь харж сурмаар санагддаг юм. Хотын өмнө тулгарч байгаа ажлууд нь бол дандаа өртөг өндөртэй ажлууд байдаг. Дандаа их хэмжээний мөнгө төгрөг шаардагдсан. Өгч байгаа төсөв нь энэ ачааллаа даадаггүй. Гэхдээ л нийслэл хөгжиж байна уу гэвэл хөгжиж байгаа. Улсаас илүү их анхаарах, эрх зүйн талаас нь зохицуулалт хийх шаардлага тулгараад байна. Эрхийг нь, бололцоог нь өгч байж дараа нь шаардах ёстой. Манайд зарим юм зүй тогтлын хувьд их буруу жишгээр яваад байгаагийн л нэг том жишээ юм даа.

    -Та АН-ын ҮЗХ-ны гишүүн. Танай Хан-Уул дүүргийн нам дээр ямар асуудал болоод байгаа юм бэ?

    -2008 оны сонгуульд нэр дэвшиж сонгогдсоноосоо хойш жил гаран ажиллалаа. Ард иргэдтэйгээ нэлээн ойр ажиллаж үзэхийг хүссэн. Тэр чинээгээрээ багагүй ажилласан гэж бодож байна. Сонгуулиас  хойш өнгөрсөн хугацаанд иргэд рүү ,өрх гэр бүл рүү, хувь хүн рүү чиглэсэн ажлуудыг бол нэлээн хийсэн.  Намын асуудал дүүрэг дээр маань жаахан ээдрээтэй байгаа.  Дүүргийн нам хуваагдаад ч гэдэг юмуу үг хэлээ ололцохгүй байгаад миний хувьд сэтгэл эмзэглэж л байгаа. Ардчилсан Нам өөрийн дүрмийн дагуу шийдвэрлэх асуудал шүү дээ. Цаашдаа намынхаа нийтлэг эрх ашгийн төлөө намын нөхөд маань нэгдэж ажиллах байхаа гэдэгт итгэлтэй байна. Цаг хугацаа харуулах биз дээ. Саяхан манай намын ҮЗХ-ны сонгууль болсон. Би энэ удаа Дорнод аймагт нэр дэвшиж гарч ирсэн. Дорнод аймаг намайг маш сайхан хүлээж авсан.

    -Монголын энэ нийгэмд таны ах, дүү хоёр бол танигдсан хүмүүс. Нэг нь бизнесийн салбарт амжилттай явж байна. Нэг нь улс төрд ажиллаж байна. Та гэр бүлийнхээ амжилтаар мэдээж бахархдаг байх?

    -Бид их ах дүүсэг хүмүүс л дээ. Өнөөгийн нийгэм ороо бусгаа болсон ч юм уу, ах дүүс ч ах дүүс шиг байж чадахгүй байдаг тохиолдол олон байдаг. Бие биенээ хүндэтгэх тэр сайхан монгол зан  заншил алдагдаад байх шиг санагддаг юм. Бидний хувьд бол үнэхээр ах дүүсэг хүмүүс. Ямар ч байсан энэ хорвоод сайн ээж ааваас заяагдаж, бас сайхан ах дүүтэй учирч төрсөн хувь заяандаа би маш их баярлаж явдаг. Тэд маань миний бахархал байлгүй яахав дээ. Бие биенийгээ дэмжих, бие биендээ урам дэм өгөхдөө бол манай ах дүү нар хэнээс ч дутахгүй хүмүүс. Мэдээж дандаа нэг нэгэндээ найр тавьсан байдлаар, тал засч дагалдах маягаар бол бид нэг нэгэндээ ханддаггүй. Гэхдээ л ах нь ах шиг байж, дүү нь дүү шиг ч явах зарчимтай.  Энэ байр суурийг бид дөрөвт ээж аав маань хар багаас суулгасан. Ажил хөдөлмөртөө үнэн сэтгэлээсээ ханддаг, хүмүүст сайхан сэтгэлээр ханддаг тэр сайхан сэтгэлийг бидэнд төлөвшүүлж өгсөн ээж аавдаа баярлаж явдаг. Мэдээж үзэл бодол нийцэхгүй явдал зөндөө гарна. Аливаа юман дээр нэгдэх чадвар, бие биенийгээ шүүмжлэх чадвар, бие биендээ болохгүй юмаа шууд шударгаар хэлчихдэг тийм нэг илэн далангүй чадварыг бидэнд маш сайн суулгасан юм билээ. Амьдрал дээр мэдээж дөрвөн өөр ертөнц.

    -Батхүү гишүүн хэр баргийн юмыг ажрахгүй гүдэс харагддаг. Гэхдээ дотор луу нь өнгийгөөд үзэхээр уян зөөлөн хүн юм шиг санагддаг. Харин Батсайхан захирал барууны маягийн хэв шинжтэй хүн харагддаг ?

    -Хэдийгээр төрсөн ах дүүс ч гэсэн мэдээж хувь хүнийнхээ хувьд хоёр өөр ертөнц шүү дээ.  Манай ах бол эр хүнийнхээ хувьд нэг тийм сайхан гүндүүгүй, шулуухан, аливаа юмыг олон талаас нь харж ,ойрын юмыг холдуулж, холын юмыг ойртуулж хардаг хүн. Дүүгийнхээ хувьд ярихад миний  дүү чинь бас их хөдөлмөрч, их бүтээлч тэгээд их гоё тийм шинэ санаа, шинэ юмыг олохдоо гарамгай хүн л дээ. Би тэгээд ахыгаа мөн хоёр дүүгээ маш их хүндэлж явдаг.

    -Танай бага дүү бас бизнесийн салбарт ажилладаг гэсэн үү?

    -Тийм. Миний бага дүү Шунхлай компани болон үр тарианыхаа компанийг аваад явдаг.

    -Бэрүүдийнхээ тухай ?

    -Бид яг найзууд шиг харьцдаг. Тэд маань ч намайг сайн ойлгодог. Би ч тэдэндээ хайртай. 

    -Батчимэгийн улс төрд орох болсон шалтгаан юу вэ?

    -Би улс төрд бол шинэ хүн гэдгээ хэлсэн. 2007 онд Австралид сургуульд явахаасаа өмнө намд элссэн. Энэ бол миний өөрийн л итгэл үнэмшил. Хэн нэгэн хүн нөлөөлөөгүй. Сүхбаатарын талбай дээр манай намын өдөрлөг болоод, олон цагаан гэрүүд баригдчихсан нэг өдөр байсан юм. Хажуугаар нь явж байгаад дуурийн театрын өмнө машинаа тавьж зогсож байгаад л тэндээсээ гүйж очоод л голын гэрт нь ороод намд элсчихсэн. Сүхбаатар дүүргийн тавдугаар үүрийн гишүүнээр ингэж элсэж байлаа. Яагаад тийм шийдвэр гаргаснаа одоо ч би ойлгодоггүй. Яг ний нуугүй хэлэхэд тэр шийдвэрээ ахдаа ч хэлээгүй ш дээ. Тэгээд Австрали улсад сураад ирлээ. Тэгж байтал 2008 оны орон нутгийн сонгууль болсон. Сонгогчийнхоо эрх үүргийг мэдэхээс биш сонгуулийг ямар процедураар явдгийг ч мэдэхгүй байсан. Ингээд л тэр шуурган дунд давхиад орчихсон доо.

    -Та хүлээн авалт болгон дээр очоод, эфир болгонд ярилцлага өгөөд явдаггүй хүн. Тэр үүднээсээ нууцлаг гэж харж болохоор. Эмэгтэй хүнийхээ хувьд өөртөө хэр их бололцоо олгож, өөрийгөө хэр их хайрладаг вэ?

    -Мэдээж байгалиас заяасан дүр төрхөө хамгаалах, үргэлж сайхнаараа байя гэж бодох, залуу насаа хадгалж үлдэхийг хүсэх нь бүх эмэгтэйчүүдийн мөрөөдөл байх. Хэдий цаг наргүй ажилладаг ч гэсэн тодорхой хэмжээний цаг завыг өөртөө гаргалгүй яахав. Өөрийн маань унаган чанар аливаа нэг юманд хошуучлах гээд дайраад байхаасаа илүү ард нь сууж үлдээд өмнөх ажлаа сайн хийчихийг илүүд үздэг. Олны өмнө гараад, энд тэнд суугаад хүмүүстэй нийлээд явах хүсэл багатай. Надад цаг зав ч бага байдаг. Урдах ажлаа л сайхан хийчихэе. Юмыг нэг эхэлсэн бол дуусгачихъя, тэр ажилдаа чин сэтгэлээсээ хандчихъя гэхээс илүүг нэг их боддоггүй.

    -Та гомдомхой юу?

    -Би өөрийгөө нэг их гомдомхой гэж үздэггүй. Мэдээж хүн л юм болсон хойно гомдоно, баярлана. Гэхдээ утга учиргүй нэг юманд  гомдоод л тэрийгээ удаан хадгалаад л, бодоод явах дургүй. Ямарваа нэг сэтгэл гонсойлгосон асуудал амьдрал дээр ч, ажлын хувьд ч гараад ирэхэд би тэрийг давна, ард нь гарна гэж хатуу бодоод л алхдаг.

    -Манай монголчууд маш их өөрчлөгдсөн. Нийгэмд дээд зиндаанынхан гэж гарч ирлээ. Тэд бол үнэхээр сайхан амьдарч байна. Баялаг бүтээж байна. Тэрнийгээ ард нийтдээ, улс үндэстэндээ хүлээн зөвшөөрүүлж чадаж байна. Энэ бол яах аргагүй манай шинэ монголын олсон амжилт. Гэхдээ л энгийн хүмүүсийн дунд амжилттай амьдарч байгаа хүмүүсээ хардаг нэг хуучин харц хадгалагдаад явдаг. Эд бол тасарчихсан амьдралтай улс. Ханиад хүрэхдээ ч гадагшаа нисч үзүүлдэг байх гэх мэтээр. Таны ахуй амьдралын талаар асуумаар байна?

    -Бид ер нь бол хөдөөний эгэл амьдралаар л өсч бойжсон хүмүүс. Бид хаанаас ч юм буугаад ирсэн хүмүүс биш л дээ. Өөрсдийн хичээл зүтгэл, сэтгэл, хувь заяаныхаа эрхээр л энэ амьдралд хөл дээрээ босч ирцгээсэн. Эмээ өвөө, бидний элэнц хуланц, энэ удам судартаа мөргөж, сайхан аав ээждээ л их баярлаж явдаг.

    -Та монголд дэлгүүрээр ордог уу?

    -Оролгүй яахав. Би чинь эмэгтэй хүн, айл гэрийн эзэгтэй, хоёр хүүхдийн ээж. Бүх юмаа л зохицуулж явна шүү дээ. Нөхөртэйгөө хоёулаа хагас бүтэн сайн өдөр долоо хоногийнхоо хүнсийг дэлгүүрээс цуглуулаад авчихдаг. Хаана сайхан мах,  шинэ ногоо байна. Хаана үнэ нь арай хямд байна гээд л хүний боддоггийг л бодож амьдралынхаа өдөр тутмын асуудлыг зохицуулна ш дээ.

    -Та ямар машин унадаг вэ?

    -Lexus.

    -Чөлөөт цагаараа нутаг руугаа их явдаг уу?

    -Бид чинь их нутаг амьтай улс шүү дээ. Нутгийнхаа уул ус, газар шороо, хүн зонд нь хайртай. Жилийн жилд Шунхлай уулынхаа тахилгад явдаг. Шунхлай уулынхаа орой дээр гараад зогсч байхад, Хужиртын гол, төрж өссөн нутаг ус, тоглож наадаж явсан голын ширгэ зурайж сэтгэл өөрийн эрхгүй огшоод байдаг. Тэр ширгэн дээр л бид нар хөл нүцгэн тоглож өссөн. Бидний амьдарч байсан баруун хорооны хашаа нүдэнд харагдахаар өөрийн эрхгүй сэтгэл огшдог. Аз жаргалтай хүүхэд насны бүх юм л нүдэнд харагдаэд ирдэг.

    -Заримдаа сэтгэл давчдаад хотын амьдралаас гараад явмаар болдог. Та тийм үедээ юу хийдэг вэ?

    -Ер нь бол их ажлын ард гарсны дараа өөрийн эрхгүй амармаар, найз нөхөдтэйгөө сууж ярилцмаар тийм үе санагддаг л даа. Нэгэн хэвийн амьдрал гэдэг өөрөө асах уйтгартай. Тиймэрхүү мэдрэмж төрөөд ирсэн үед өөрийнхөө санаа сэтгэлийг өөрчлөх олон аргууд байдаг. Найзуудтайгаа суугаад, сэтгэлээ ханатал инээлдэж, хуучлах сайхан. Өнгөрсөн амьдрал, одоо байгаа ажил төрөл гээд ярихгүй сэдэв байхгүй ш дээ бидэнд чинь. Би хэдэн сайхан 10 жилийн найзуудтай. Бас амьдралын явцад надтай учирсан,надтай нөхөрлөж хамт байсан найз нөхдүүд ч олон байдаг. Хүнд хийх дуртай юм гэж  байдаг. Би бол гэртээ өөрөө зохиогоод төрөл бүрийн хоол хийх дуртай. Тэр зохиосон хоолондоо бүх сэтгэлээ шингээж хийдэг болохоор их амттай болдог. Бас сайхан ном унших дуртай. Хүмүүсийн дурдатгал, дурсамж номууд байдаг даа. Хүмүүсийн бодит амьдралын түүх байдаг болохоор энэ төрлийн номуудыг цуглуулж унших дуртай. Тэгээд сайхан хөгжим сонсоно. Ганцаараа заримдаа гуньсан юмуу, эсвэл нэг их гоё баярласан үедээ жолоочоо ажлаас нь буулгачихаад өөрөө машинаа бариад хөгжмөө чанга дээр нь тавиад, өөрөө дагаж дуулаад давхих сайхан байдаг. Миний хамгийн сонсох дуртай дуу бол ахын маань “Толин хул” дуу. Сүүлд Лхагвасүрэнгийн дуулсан” Морин хуур” дууг бас сонсох дуртай. Бас орос дуунд дуртай. Дагаад л дуулаад давхичихна. Би өөрөө ч орос хэлний багш болоод тэгдэг юмуу надад орос ахуй их ойрхон. Надад бас нэг сонин хобби байдаг. Би жижиг юманд их ач холбогдол өгдөг. Учиргүй би гэрээ цэцэг навч болгоод, эсвэл уран зургийн галерей шиг байлгаж чадахгүй. Надад тэр хобби нь байхгүй. Харин гараар нэхсэн сальфетик ч байдаг юмуу, хөөрхөн оёод, чимэглээд хийчихсэн жижигхэн  алчуур ч байдаг юмуу би тийм юманд л аягүй их дуртай. Тийм юманд л ач холбогдол өгч, тусгайлан худалдаж авдаг. Ажил дээрээ хүртэл стаканы дор тавьдаг гараар хийсэн чимэглэлүүдээ  туслахуудаасаа  харамладаг. Нэгийг нь алга болгочих вий  гээд л. Тэр дандаа гар бүтээл. Хүний гараараа хийсэн, хүний хөдөлмөр шингэсэн гэдгээрээ үнэтэй.  Тэр жижигхээн зүйлийг нэхэж хатгаад сууж байхдаа хүн бас л нэгнийг бодож, тэр үеийн сэтгэл зүрхний өнгөө шингээсэн байгаа. Би энэ үүднээс нь тэр жижиг зүйлсийг үнэ оруулж боддог. 

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан