Д.Дамба-Очир: Тэрбумаас нь татгалзчих уу гэж би Эрдэнэтчүүдээс асуусан

    “Ярилцъя” УИХ-ын гишүүн Д. Дамба-Очирыг зочноороо урьлаа.  

    Сэтгүүлч Б.Ганчимэг

    -Манай улс төрийнхөн гаднаасаа ширүүн шүүмжлүүлж байна. Хэдэн хүн УИХ-ыг тараана гээд өлсөөд хэвтчихлээ ?

    -Юм юм л болж байх шиг байна.

     -Та харин хамгийн сэргэлэн гишүүн юм биш үү. АНАТХ-ны өлсөгчид дотроос Эрдэнэтийнхнээ сугалж аваад нутаг буцаачихсан гэж байгаа. Яаж тохиролцов оо?

    -Сэргэлэнсээд байх юу байх вэ дээ. Ер нь бол амлалт нэхэх, улстөрчдөөс амлалтаа биелүүлэхийг шаардах нь байх л асуудал шүү дээ. Энэ үүднээс нь тус холбооны зүгээс хийж байгаа тэмцлийг эрс эсэргүүцээд, хатуу буруушаагаад байх хэрэггүй. Улстөрчдийг нэлээд хөдөлгөөнд оруулж байна. ЗГ-ыг шахаж байна. УИХ ч гэсэн тэвдээд амлалт барьцаануудаа хэлэлцэж байна. Тэр хүмүүсийн тэмцлийн үр дүн шүү дээ. Гэхдээ хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. Ойлголцож болохгүй зүйл гэж ерөөсөө байдаггүй. АНАТХ-ны жагсаал цуглаанд манай  Эрдэнэтийн 15 хүн ирсэн. Тэр 15 хүнийг төлөөлж хоёр хүн ирж бидэнтэй уулзсан. Тэд чинь сонгогчдийн маань л нэг хэсэг  шүү дээ. Тийм болохоор бид уулзаж, ярилцаж, ойлголцох ёстой. Нэлээн илэн далангүй ярилцаж, ойлголцсон гэж би бодож байгаа.  Би АНАТХ-г үүргээ биелүүлчихлээ гэж бодож байна. Цааш цаашдаа эрүүл мэндээ бодож, нутаг орон руугаа явах нь зөв шүү дээ. Монгол орноо хөгжүүлэхгүй гээд эсрэг зогсчихоод  байгаа хүн нэг ч байхгүй. Бүгдээрээ монгол улсынхаа л төлөө зүтгэж байгаа. Үүнийгээ хаа хаанаа мэдэж байгаа шүү дээ. Нийгэм маань их стресстэй, их төвөгтэй байна. Улсаа  хөгжүүлэхийн төлөө  бүгдээрээ нэг зүгт харах ёстой юм уу, эсвэл хэдэн тийшээ харж суучихаад, хэрүүл хараалд живж байх ёстой юм уу.  Ийм үед эв нэгдэлтэй байцгааж, улс орныхоо хөгжлийг түргэтгэх талын юмаа  бодохгүй бол болохгүй боллоо. Ирээдүй, үр хойчоо бодож бие биенээ дэмжиж ажиллах цаг ирээд байна. Хүн гэдэг чинь ерөөсөө сэтгэлийн л амьтан шүү дээ. Тийм болохоор би тойргийнхонтойгоо илэн далангүй л ярьсан. Ярилцахад ойлголцохгүй юм гэж байхгүй шүү дээ.  

     -Тийм шүү. Танай нөхдүүд уулзаад ер нь юу ярьцгааж байх юм?

    -Шулуухан хэлэхэд ерөөсөө л 1,5 саяыгаа нэхэж байна шүү дээ. За, тэгээд дээрээс нь бол та юм хийхгүй байна гэж ярьж байна. Би орон нутагтаа хийж байгаа ажлуудаа нэлээд тайлбарлаж, илэн далангүй хэлж ярьлаа. Үнэн хэрэгтээ тэр бүр бидний хийж байгаа ажлууд, санаачилж хэрэгжүүлж байгаа зүйлүүд олон нийтийн чихэнд очиж дуулддаггүй юм байна. Мэдээлэл байхгүй. Бидний бас нэг дутагдал энэ байна. Хүмүүстээ ерөөсөө ажлаа тайлагнадаггүй, мэдээлэл өгдөггүй, хийж байгаа ажлаа хүргэдэггүй. Тэгээд л нөгөө гишүүдэд хувиарласан тэрбумын асуудал ч гэдэг юмуу, нөгөө улс төр ороод анхнаасаа буруу өнгөтэй явчихсан мэдээллүүд нь болохоор оччихдог. Ийм тохиолдолдд нөгөөдөхөө хамгаалаад ярьсан ч үр дүн муутай, үл ойлголцсон ярианууд болоод явчих жишээтэй. Цаана нь хийгээд, чирээд яваад байгаа ажил хэрэг нь ямар ч сурталчилгаа байхгүй.   Ийм нөхцөл байдлуудаас болоод таагүй уур амьсгал их бүрдэж байна. Жишээ нь би энэ тэрбумаас нь татгалзчихъя гэж сонгогчдоосоо асуусан. Эрдэнэтчүүд  болохгүй гээд байгаа шүү дээ.  

    -Бусад 75 чинь авч байхад та татгалзаж болохгүй гэж байх юм  уу?

    -Тэр чинь Эрдэнэтэд л хөрөнгө оруулалт  болж очиж байгаа учраас Эрдэнэтийн иргэд авъя л гэж ярьж байгаа юм л даа. Ямар Дамба-очир хоёр халаасандаа 500,500-гаар нь хийчихээд, өөрөө идээд ч юмуу үрэн таран хийгээд, эсвэл одоо өөрийнхөө намынхандаа өгөөд ч юм уу тараагаад сууж байгаа биш. Энэ бодлого нь өөрөө эхлээд л хардлага явчихсан, тэр нь тэгээд улс төр болж хувирсан. Энэ бүхнээс болоод нийгэмд муухай юм болж харагдсан. Ер нь сөрөг , үгүйсгэсэн, мушгисан, хардсан, улс төржсөн мэдээллүүдийг асар их хүч хаясан, тусгай гэж хэлж болохуйц технологиор  сонгогчдод хүргэдэг болчихлоо шүү дээ. Ажил хэрэг, амжилт, ахиц дэвшлийн талаар бол таг. Орон нутагт хөрөнгө оруулалт хангалтгүй байна гэж бүгд ярьдаг. Тойрог болгон ярьдаг, шүүмжилдэг. Аргаа бараад УИХ-ын гишүүд нь хэдэн тийш чангаагаад байхаар нь гишүүн болгонд тэрбумийг тавьж өгтөл нөгөөхийг нь мушгиад давхичихсан. Гишүүд хувьдаа авах гэж байгаа биш орон нутагт байгаа асуудлуудыг л цэгцлэх гэж төсөвлөсөн гэдгийг ойлгоод байгаа атлаа тоглоод байдаг. Энэ бүх байдлаас болж л улс оронд хэрүүл тэмцэл нүүрлэж байна шүү дээ.  

    -Эрдэнэт бол боловсролтой, үйлдвэрлэл хөгжсөн, хүн ам ихтэй том тойрог.  Асуудлыг ойлгож хүлээж авах, дэмжих, хамтрах талдаа сайн байх ?

    -Эрдэнэтийнхэн бол ойлгодог. Гэхдээ Эрдэнэтэд бас л байдал хүнд байгаа гэдгийг бодох хэрэгтэй. Бусдаас илүү гарчихсан амьдрал алга. Жишээ нь Дархан, Эрдэнэт, Улаанбаатарын гэр хороолол ерөөсөө болохоо байлаа. Яагаад гэхээр энэ гурван хот руу чинь иргэд их хэмжээгээр нүүн орж ирж байна. Тэнд дэд бүтэц алга байна, тэнд амьдрах нөхцөл алга байна. Хөдөө орон нутагтаа амьдрах аргагүй болоод, хамаг мал хуйгаа бараад тэр хүмүүс чинь суурин газар бараадаад ингээд ороод ирж байна. Орж ирэнгүүтээ маргааш нь гэрээ буулгачихаад л тойруулаад дөрвөн шон зоочихдог. Тэгээд хашааг маань бариад өг, цахилгааныг маань тавьж өг, усыг маань ойртуулж өг, энэ хэдэн хүүхдүүдийг ажилтай болгож өг гээд л шаардаад эхэлдэг. Ийм учраас энэ хотуудын гэр хорооллын асуудлыг онцгой анхаарч бодохгүй бол болохоо байчихаад байна. Эрдэнэтийн гэр хороолол нь Эрдэнэт хотоосоо гурав дахин том болчихсон. Сонгогчдын талаас илүү хувь нь тэнд амьдарч байна.  

    -Хаа газар л ийм байна. Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь хязгаарлаж, та нар ирж болохгүй, яв өөр газар очиж амьдар гэж хэлэх арга байхгүй. Хэцүү асуудал шүү дээ?

    -Тийм л дээ. Увсын аль аль сум гэлээ дээ. Тэнд нь бараг хүмүүс үлдээгүй гэсэн. Тэр чигээрээ Эрдэнэтэд нүүгээд ороод ирсэн.

    -Бүр тийм ихээрээ ирж байна гэж үү?

    -Ирээд л би танд яриад байна шүү дээ. Бүр хоёр сум нүүгээд ороод ирсэн. Одоо тэгээд бүх аймаг, сумууд газар орноо хаяад нүүцгээх үү. Аягүй төвөгтэй асуудал үүсээд удлаа шүү дээ. Тэгэхээр том хотуудын гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдэхгүй бол болохгүй нь. Очихоор л дагаад шалчихдаг. Та энэ гишүүдээс асуугаад үз л дээ.   

    -Ойлгож байна. Хоёулаа өөр сэдэв рүү оръё. Тэгээд танай тойргоос ирж жагссан 15 хүн бүр буцчихсан уу?

    -Буцсан. Ярилцаж, ойлголцоод буцаатал бас хоёр хүн өлсгөлөн зарлачихсан байна.  Энэ тухай би өчигдөр засаг даргаас нь сонслоо. Талбай дээр гэр барьчихсан өлсгөлөн зарлаж байгаа гэнэ.

    -Ямар хоёр хүн?

    -Яахав, манай тойргийн л хоёр хүн байхгүй юу.

    -Хөдөлгөөний нөхдүүд юм уу?

    -Тийм амлалт нэхэх хөдөлгөөний хүмүүс.

    -Та очиж тэр хоёртой уулзах уу?

    -Улсын төсвийн тодотгол явсны дараа очих санаатай байна. Тавдугаар сарын дундуур УИХ-ын тамгын газрынхан бүтэн бүрэлдэхүүнээрээ Эрдэнэтэд очих юм. Энэ үеэр УИХ-ын хийж байгаа ажлуудыг танилцуулах, ер нь хоёр гишүүн нь юу хийж байгааг танилцуулах байх.  

    -1,5сая төгрөгийн амлалтаасаа ер нь татгалзчихвал яасан юм бэ дээ. Стратегийн ордууд түрүүчээсээ эргэлтэнд орж эхлэв үү, үгүй юу, орж ирж байгаа мөнгө нь улс орныхоо хөгжилд дорвитой түлхэц  өгөх зүйлд биш тал тал тийш тарамдаад дуусах нь. Хэдэн хүний хашгирсны зоргоор ингэж тараагаад дуусгавал хэзээ монгол орон хөгжих юм бэ. Энэ амлалтаасаа уучлал гуйгаад татгалзчихаж болдоггүй юм уу. Нам дотор ийм санаачлага алга уу?

    -Энэ бол намын хариу өгөх асуулт байх. Нэг хувь гишүүний биш.  

    -Ганц гишүүн ч гэсэн татгалзаж болохгүй гэж үү?

    -Намын хэмжээгээр шийдэж байгаа асуудал. Нам  амлаад л гарсан бол дараагийн сонгууль дээрээ хариуцлагаа тооцуулна. Тийм учраас нэгэнт амласан бол тэрийгээ гүйцэтгээд л явах болно. Нэгэнт л одоо төр нь амлачихсан, нам нь амлачихсан тохиолдолд тэрийгээ хийхийн төлөө л зүтгэх хэрэгтэй.

    -Сонгуулийн өмнө та миний ярилцлагад орохдоо мөнгөн амлалт хэрэггүй л гэж хэлээд байсан санагдана. Одоо болохоор өг өг гээд байх юм даа?

    -Тийм ээ. Тэгж хэлж байсан. Тэрнээсээ ухраад байгаа юм биш. Би хувь хүнийхээ хувьд бол ерөөөсөө ингэж бэлэнчилдэг, ингэж бэлнээр мөнгө тараадаг зүйлийг эрс эсэргүүцдэг. Ингээд л  мөнгө тараагаад байх юм бол мөхөл рүүгээ л явна. 90-ээд оны үед бол ажиллах, баялаг бүтээх, тэрнийхээ үр шимийг үзэх хүслээр улс орон маань амьсгалж байсан юм шүү. Хүн болгон хөдлөх, ажиллах сонирхолтой. Хүн болгон компани байгуулж, болсон болоогүй тамга өвөртлөөд гүйлдэж байсан тэр үеийг би манай улсын хамгийн гэрэл гэгээтэй, хүмүүс нь зөв хүсэл тэмүүлэлтэй байсан үе гэж бодож явдаг. Тэгж хөдөлж хөлхөж эхэлснээрээ монголчууд маш ихийг сурсан, маш ихийг олсон. Гэтэл  сүүлийн үед нэг сонин зүйл илт анзаарагдах болсон. Ерөөсөө хүмүүс маань ядуу, нэн ядуу гэдэг тэр ангилал руу л орох сонирхолтой болчихсон нь харагдаж байна. Ерөөсөө  л бэлэнчлэх дуршлаар өвдөцгөөсөн. Одоо ядуу болон нэн ядуу ангиллын хүмүүст төрөөс тийм  мөнгө, ийм юм өгөх ёстой тэрийгээ авъя л  гэдэг. Зүгээр авъя гэж биш бараг загнаж байгаад авах гэдэг тийм хандлага бий болчихож. Өөрөөр хэлбэл ажил хийхгүй зүгээр сууж байгаад тэжээлгэх гэсэн ийм аймшигтай буруу юм руу улс орноороо орцгоож байна. Энэ юуг илтгэж байна вэ.  УИХ дээр улс төрийн намуудын энэ хамаа намаагүй мөнгөн амлалтуудыг хуулиар хориглоё гэж яригдаж байгаа. Тэгэхгүй бол улс орныг сүйрүүлж дуусах юм байна.  

    -Тархитай болгон нь энэ тэнэг амлалтыг эсэргүүцсэн. Хүчрээгүй. Одоо парламент зориг гаргаад татгалзвал ард түмэн ойлгоно шүү дээ?

    -Та миний ганцаараа шийдвэрлэхгүй юмыг л асуугаад байх юм. Жишээ нь, Эрдэнэт монгол улсыг сүүлийн 30-аад жил тэжээж явж ирлээ. Тэгэхээр Эрдэнэт шиг дахиад дөрөв, таван үйлдвэр байгуулж байж монголын ард түмний амьдрал өөдөө болно. Тэрнийхээ төлөө шийдвэр гаргаад, тэрнийхээ төлөө том үйлдвэрүүдээ босгож ирээд, тэр хэмжээгээрээ эдийн засгаа  өсгөөд, тэр хэмжээгээр дэд бүтцээ өсгөөд, тэр хэмжээгээр ажлын байрнуудаа гаргаад ирэх юм бол монголын амьдрал өөр шатанд гарна. Нэг удаагийн олголтын мөнгө бол одоо яах юм бэ идэж уугаад л, үр дагаварт нь юмны үнэ өсөөд л ингээд дуусах байлгүй дээ. Тийм учраас би сонгуулийн өмнө мөнгөн амлалтуудыг эсэргүүцэж байсан. Одоо нэгэнт л амласан бол 1,5 сая төгрөгөө өгөх л ёстой болчихоод байна шүү дээ.

    -Танай Эрдэнэтэд 70 мянга тараад эхэлчихсэн үү. Явц хэр байна?

    -Тараад эхэлчихсэн. Цагаан сарын өмнө ахмадууд маань авсан, одоо бусад насны хүмүүс авч байна.

    -Эрдэнэтийнхний нэг хүсэл бий. Манайх хот шинжээ алдчихлаа. Тэрийгээ эргүүлж авмаар байна гэсэн. Та тэдэнд хотын статусыг авч өгнө гэж ярьж байсан. Энэ ажлаа ямар шугамаар хөөцөлдөж байна ?

    -Саяхан аймгийн иргэдийн хурал хуралдаад хотынхоо статусыг авъя гэж ерөнхийлөгч, ерөнхий сайдад санал явууллаа. Би давхар УИХ-ын даргад бичиг өгсөн байгаа. Ингэхгүй бол амьдралд нийцэхгүй байна. Шийдүүлэхийн төлөө ажиллана.

    -Эрдэнэтийн зэс хайлуулах үйлдвэрийн асуудал ид яригдаж байна. Та нэлээн гардан хөөцөлдөж байгаа. Энэ ямар шатандаа явж байна. Үйлдвэр хэрвээ баригдвал Эрдэнэтэд ямар үр дүн ирэх, мөн энэ ажилд хэр зэргийн мөнгө шаардлагатай болох талаар сонирхмоор байна. Хичнээн жил явж байгаа асуудал билээ. Их л удаж байгаа санагдах юм ?

    -Миний мэдэхийн л лав 15-20 жил ярьж байгаа юм. Зэс хайлуулах үйлдвэр гэж. Улс орны хөгжлийн тухай гаргасан томоохон бүх л бичиг баримтуудад зэс хайлуулах үйлдвэр баръя л гэсэн байдаг юм. Мөн орос монголын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн советын хурлаар зэс хайлуулах үйлдвэр баръя гэж хэд хэдэн удаа шийдэж, бэлтгэл ажлыг хангая гэж ярьсан. Эрдэнэт үйлдвэр бол зэс хайлуулах үйлдвэр барих асуудлыг үндсэндээ техник эдийн засгийн үзүүлэлт зураг бүх юмаа бэлтгэчихсэн хүлээж байдаг. Гэвч энийг хийдэггүй л юм. Бүх засгийн газрууд ярьдаг. Гэвч хийдэггүй. Би ойлгодоггүй. Ямар сайндаа Засгийн газрын хийх ёстой ажлыг л одоо бид УИХ дээр шүүрч авч байгаад л хугацаатай шахуу үүрэг өгч шахаж байхав.

    -Энэ үйлдвэрийг босгоход хөрөнгийн хэмжээ хэд гарч байгаа бол?

    -Янз янз л байгаа. Хүчин чадлаасаа болно л доо.  

    -Ажлын байр мэдээж нэмэгдэнэ?

    -2000-3000 шахам хүний ажлын байр бий болох юм. Эрдэнэтэд бол ердөөсөө Эрдэнэт үйлдвэрийг л түшиглэж ажлын байр бий болно. Эрдэнэт хот гэдэг чинь өөрөө Эрдэнэт үйлдвэрийг дагаж бий болсон хот шүү дээ. Тийм учраас Эрдэнэт үйлдвэрийг л дагаж хөрөнгө оруулалтууд хийгдэж байж ажлын байр бий болно. Тийм учраас л олон жил яригдсан энэ үйлдвэрийг эхлүүлье, энэ үйлдвэрийн цаана гараадхъя, энэ олон түмний сонголтоор гарч ирсэн хүний хувьд Эрдэнэтийнхээ төлөө хуруу дарам том хэдэн ажлуудыг нь хийгээд өгье гэсэн бодолтойгоор зүтгээд явж байна. Монгол орон цаашдаа түүхий эдийн орон байх юмуу, эсвэл нэмүүн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн боловсруулж гаргадаг  улс орон байх юм уу. Энэ бол маш том бодлогын асуудал шүү дээ. Зэсийн үнэ өнөөдөр 8000 байна. Аягүй өндөр байж байна. Энэ бол боломж. Дээрээс нь гэнэтийн ашгийн татвар 2011 оны 01сарын 01-ээс хүчингүй болж байгаа. Үйлдвэрүүд их хэмжээний ашиг олохоор боломж харагдаж байгаа биз. Сангийн сайд С.Баярцогт хэлж байсан. Бид 68 %ийн татвар тавьснаас болж Эрдэнэтэд гурван зэсийн үйлдвэр барих хэмжээний мөнгийг зүгээр л идэж ууж дуусгалаа шүү дээ гэж. 68%-ийн татварыг хүчингүй болгоход бол ерөөсөө ганц яригдсан асуудал бол Эрдэнэтэд зэс хайлуулах үйлдвэр баръя гэдэг асуудал байсан шүү дээ.

    -Ер нь 68%-ийн татвар өөрөө нөгөө хар баасан гариг гэдэг шиг монголын бизнесийн ертөнцөд хар тогтоол л болж үлдлээ шүү дээ?

    -68%-ийн татварыг авснаараа зам барьсан л гэдэг юм, байшин барилга барьсан л гэдэг юм. Дэд бүтцийн асуудлаа шийдсэн л гэж ярьдаг юм. Тэтгэвэр тэтгэмжээ нэмсэн л гэж  байгаа юм. Нэмсэн л байх. Шулуухан хэлэхэд төрийн албан хаагчдийн цалинг нэмээд л, эцсийн эцэст овойж товойх юм байхгүйгээр л идэж ууж дуусгасан шүү дээ. Хариуцлагагүй л юм болсон гэж би дотроо боддог. Олонхи хөрөнгө оруулалтуудыг байхгүй болгосон. Үндэсний, өөрийн гэж үзэх олон компаниудыг бол дуусгасан шүү дээ. Ялангуяа алтны хэдэн компаниа бол бүгдийнх нь хаалгыг  барьсан. Үүнээс нь болоод хууль бус бизнесийн орчин бий болгосон,татвараас бүгдээрээ зугтдаг болгосон гээд ярих юм бол маш олон муу үр дагаварууд гарч ирсэн гэж би  дотроо боддог. Ийм учраас одоо зэс хайлуулах үйлдвэрийг яаралтай барих хэрэгтэй. Ажлын хэсгийнхэн бол Засгийн газарт хэдхэн үүрэг өгч байгаа юм. Нэгдүгээрт, санхүүгийн асуудлаа шийд. Хоёрдугаарт, олон улсын хэмжээнд хэрэглэгддэг, маш зөв технологийг оруулж ир. Гуравдугаарт, байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд хоргүй ийм үйлдвэр байх ёстой шүү гэж. Өөрөөр Засгийн газрын ажилд бид хутгалдаад байх шаардлагагүй. Хаа хаанаа ажлаа л явуулах ёстой.

    -Иргэдийн араншин их сонин. Өөрсдөө сонгож гаргаж ирчихээд маргаашнаас нь л парламентын гишүүдээ 76 маанаг гэж загнаад эхэлдэг. Та бол анх удаа их хуралд орж ирээд ажиллаж байгаа гишүүн. Үргэлж маанаг, тэнэгээрээ хэлүүлж байх хэцүү санагдаж байна уу ?

    -Монгол улс гэж байж байгаа л бол төр гэж байж л таарах байх. Төр гэж байж байгаа бол аль нэг аавын хүүхэд энэ ажлыг хийгээд л явж таарах байх. Эрдэнэтээс жишээ нь би биш юмаа гэхэд аль нэг аавын хүүхэд энэ УИХ-д сонгогдоод л явна. Би төр нь төр шиг байгаасай, төрөө ард түмэн нь тэр хэрээр нь хүндэлж дээдэлж яваасай л гэж дотроо боддог.  Өөрийн эрхгүй ингэж бодох үе гардаг. Гэхдээ тэглээ гээд гуниж гутраад байх юу байхав. Ээж маань надад нэг хөгжилтэй ч гэмээр юм хэлж байсан.  Миний аав сонингуудыг нэгд нэгэнгүй уншаад, дугаарлаад, сайныг нь нэг талд нь тавьчихаад мууг нь нэг талд нь тавьчихдаг гэсэн. Хөөрхий тэгээд  хүүгээ муулсныг нь бол шатааж байгаа харагддаг юм гэж ээж минь надад ярьсан. Тэгээд би бодож байлаа. Энэ муу хоёр хөгшин маань хүртэл ингээд хямарч байх юм даа гэж. Надад ганцхан зорилго байгаа. Тэр нь Эрдэнэтийнхэнд нэг юм хийгээд өгчих юмсан гэсэн зорилго. Өөр юу ч байхгүй. Эрдэнэтийн ард түмэн намайг маш их дэмжиж гаргаж ирсэн. Хариуд нь би сайн л ажиллах ёстой.

    -Сүүлийн хоёр жил шахам таныг нэлээн дайрч давших шиг боллоо. Сүүлдээ Дамба-очир биш Молиго-очир гээд бичдэг болсон. Гишүүн болохоосоо өмнө байгуулаад ажиллаж байсан компаний тань нэр тэр бүхэнтэй хамт чичлүүлсэн. Замын ажлыг тань харахаар овоо л явж байх шиг харагддаг. Гэхдээ үнэхээр хэцүү тендер таарсан юм аа даа. Эргэн төлөгдөх нөхцөлтэй. Ийм тендерт баргийн компаниуд ордоггүй шүү дээ. Эргээд засаг нь мөнгөө өгдөхгүй уддаг, үүнээс болж компанийн хөрөнгө, нэр хүндээ баллаад  дуусдаг. Та улс төр лүү явахдаа компаниа хэцүү байдалд орхиод явчих шиг ээ?

    -Манай компанид ажиллаж байгаа хүмүүс, компанийн ажилчид маань яг л тэгж боддог юм шиг байна лээ. Дамба-очир гэдэг хүн энэ компанийг байгуулаад, олон жил амжилттай ажиллаж, энэ олон хүний аж амьдралыг хариуцаж явчихаад өнөөдөр УИХ-д сонгогдоод ингээд явчихлаа гэж. УИХ-д сонгогдсоноос л болж компанийн үйл ажил хэцүү байдалд орлоо гэж хардаг юм шиг байна лээ. Надад гэхдээ тэгж хэлдэггүй л дээ. би нэг удаа өмнө нь сонинд ярилцлага өгсөн. Өгөхдөө бол хэлсэн. Энэ зам руу орсон нь бол миний хувьд маш том алдаа байсан. Би нэг л юм бодож орсон. Тэр нь юу вэ гэхээр монголын компаниуд өөрсдөө энэ мэт ажлуудаа хийгээд, тэрэн дээрээ өшөө илүү сайжраад, туршлагажаад аваасай билээ. Боловсон хүчин нь сайжраад, ачаа даах тэнхээ суугаад аваасай, тэрийг дагаад тоног төхөөрөмж нь сайжраад аваасай гэж. Хамгийн гол нь хэдэн ажилчид маань ажлын байртай байгаасай л гэж бодоод яваад орчихсон. Над шиг ийм хүнд нөхцлөөр тендер авсан нэг ч хүн монголд байхгүй. Яг ийм нөхцлөөр шүү. Сүүлийн гурав дөрвөн жил тендер зарлаад нэг ч хүн орж ирээгүй. Энэ бол монголын үндэсний нэг компанийн л эдэлж байгаа зовлон. Гадныхан бол ийм зовлон эдлэхгүйгээр авах юмаа аваад л гарцгаачихдаг. 1000 шахам монгол ажилчин энэ компанид ажилладаг. Тэднийг хоолтой, амьдралтай байлгахын төлөө л хийсэн алхам. Гэвч хэн ч ингэж ойлгодоггүй юм байна.

    -Асар өндөр зардлаар бүтдэг ажил бол зам. Төр засгийн мөнгийг авч үрэн таран хийчихээд сууж байгаа компаниуд зөндөө байдаг. Эргэн төлөгдөх нөхцөлтэй, өөрсдийн хөрөнгөөр барьж байгаа зам шүү гэж, ялгаа заагийг нь танай компани олон нийтэд сайн тайлбарлахгүй яваад байсан шүү дээ ?

    -2010 оны төсөвт  манай мөнгө суусан. Суусан мөнгөө авч чадахгүй байгаа.

    -Яагаад. Тэгвэл тэр их мөнгө шаардсан, хүнд хүчир ажлуудыг ийм хэцүү нөхцөлтэйгөөр орж хийх компаниуд цаашид олдохгүй шүү дээ?

    -Яагаад гэхээр энэ ажлыг дуусгаж байж авах ёстой. Хажуугаар одоо муу дээр улцан гэж хямрал таарчихсан. Энэ хүнд дайрлаганд бүгдээрээ л мөнгөгүй болцгоосон. Манай компани ч гэсэн. Тэгээд нэгэнт л энэ ажлыг эхлүүлчихсэн юм чинь дуусгах гээд л зүтгэж яваа.

    -Ихэнхийг нь компанийхаа үндсэн хөрөнгөөр нугалсан байх. Одоо хэдий хэрийн зам үлдсэн юм бэ?

    -Ер нь 123 километр зам барих л ажил шүү дээ. Одоогийн байдлаар тэрний есөн километр л үлдээд байна. Зам гэдэг бол асар өндөр өртөгтэй ажил. Өнөөдрийн байдлаар 18-19 тэрбум төгрөг энэ ажил руу хийчихээд л явж байна. Би энэ компанийг бол ер нь баллаж дуусч байх шиг байна. Цаана нь гарч дуусгая л гэсэн бодлоос өөр юм надад алга. Хэдийгээр өөр хүмүүс энэ компанийг удирдаад явж байгаа ч гэсэн өөрийнхөө гаргасан алдаанаас болж тэдний сайн муу хэлүүлж, чичлүүлж байгааг үүрэхгүй гээд яах юм бэ.  

    -Арван хэдэн жил амжилттай удирдаад, өдий зэрэгт хүргэсэн хүндээ нэг удаагийн хүндрэлэээс болж компани тэгтлээ гомдчихгүй байлгүй дээ. Гэхдээ энэ тендерт орсон маань алдаа байжээ гэсэн үгнээс тань монголын  бизнесийн ертөнцийн бодит зовлон ханхлах шиг болж байна ?

    -Өнөөдөр надад телевизээр гаргаад үзүүлье гэхээр бусадтай адилхан үзүүлчих юм байдаггүй. Үзүүлэх юм болохоор энэ компанийн хийсэн бүтээн байгуулалтууд, бий болгож байсан юмнууд, тэгээд  том том тоног төхөөрөмжүүд, баазууд л нүдэнд харагдаж байгаа юм. Хүмүүсийн харах дуртай, хүлээж авах дуртай гоё ганган юм нь байж өгдөггүй. Би гэр орондоо баахан хөөрөг цуглуулсангүй, хувьдаа орд харш барьсангүй, эхнэр хүүхдээ элдэв брэндээр хучсангүй, мурийтай тоглоод, архи ууж агсан тавиад, үрж тараагаад явсангүй ийм л дүр зурагтай  байх юм. Би ганцхан энэ компанийг дагаж амьдарсан, хувь заяагаа даатгаад халуунд халж, хүйтэнд хөрж явсан хэдэн зуун ажилчдынхаа хувь заяаг л бодож шаналж байна. Хамгийн гол нь тэр хүмүүсийн надад итгэсэн итгэлийг би яах ёстой байсан юм. Тэд нар л ажилтай, амьдралтай байгаасай гэж ийм хүнд нөхцөлтэй ажил руу орсон шүү дээ. Ноднин намар би барьж байгаа зам дээр нь очсон. Замын хажуугийн айлуудаар ороход намайг танихгүй байна. Тэр эзэн нь байсан нэг хүн бол мөнгийг нь авч үрж, УИХ-д гарч ирээд л суучихсан. Зам барих ёстой улсын мөнгийг идэж уугаад дуусгачихсан юм гэнэ лээ. Намдаа өгөөд ч юмуу, УИХ- д гарахын тулд л зарчихсан юм гэнэ лээ гэж айлын хүмүүс надад ярьж байна лээ. Бичиж байгаа хэвлэл мэдээллийн бүх юмнуудаас иргэдэд ийм л ойлголт төрүүлсэн юм байна даа  гэж би дотроо бодохоос өөр яах ч билээ. Саяхан би аавтайгаа нэг уулзлаа. Аав маань ганцхан юм л надаас асуусан. Зам чинь хэзээ дуусах вэ гэж.

    -Таны аав бол монголын анхны аж үйлдвэрийн гавъяат ажилтан хүн. Насан турш хөдөлмөрлөж, сайн нэртэй, сайхан мөртэй амьдарсан. Тэгэхээр элдэв буруу ташаа ойлголтуудаас болж сэтгэл нь зовж байгаа байх л даа?

    -Тийм ээ.

    -Тийм хүнд бол таны УИХ-ын гишүүн байснаас зүгээр ажлаа хийгээд явж байсан нь илүү санагддаг биз. Өөрийнхөө өгсөн Дамба-очир гэдэг нэрийг Молиго-очир гээд бичүүлээд байхаар тэр сайхан нэртэй зүстэй эцэг хүнд онцгүй л байдаг байх ?

    -Аав маань тийм ганцхан л юм асуусан. Би удахгүй дээ, удахгүй л гэж хэлсэн.

    -Сүүлийн үед танай нам дотор томоохон хөдөлгөөнүүд  хийгдлээ. Хуучин намын дарга ажлаа өглөө, ерөнхий сайдын албаа ч өглөө. Улс төрд байгаагүй жишгийг үзүүллээ. Үүний хажуугаар жигүүр хөдөлгөөнүүд үүсч, хэл үг багагүй дэгдэж байна. Нам гэдэг айлын дотоод амьдралын талаар танд ямар эргэцүүлэл байх юм?

    -Энэ нам бол 90 жил болсон, нэр хүндтэй улс төрийн хүчин. Энэ улс орныг энэ нам л авч явж ирсэн. Зүгээр нам дотор болж байгаа жигүүр энэ тэрийн тухайд бол би айхтар хатуу дүгнэлттэй байдаг хүн биш л дээ. Олон ургалч, эрүүл саруул уур амьсгал намд  байх ёстой л зүйлийн нэг. Намын дарга С.Баярын үүрэгт ажлаа өгч байхыг хараад монголын ард түмэнд олон зүйл бодогдсон байх. Улс төрд эрх мэдлээс өөрийн хүсэлтээр татгалзах явдал ер нь хэр олон байдаг бол. Хоорондоо тэмцэлдэж, алалцаж, яаж өрсөлдөж байж тэр эрх мэдэл гээчид очдог билээ. Энэ хүний хувьд улстөрчийн хувийн соёл, эр зориг гаргаж, түүгээрээ монголын улс төрд маш том жишиг харууллаа. Ийм хүн бол ховор л доо. Ялангуяа намын дарга буюу ерөнхий сайдын алба гэдэг бол монгол улсын хамгийн том албан тушаал шүү дээ. Энэ үүднээс нь харж, дотроо бусдын адил бахархаж байлаа. Ийм том жишиг, ийм том соёлыг манай намын түүхээс л унших боллоо шүү дээ.

    -Намынхаа шинэ даргын хувьд ?

    -С.Батболд даргын хувьд бол түүнд энэ өндөр хариуцлагыг үүрээд явах бүрэн бололцоотой хүн. Монголын олон нийт ч энэ хүнийг юм хийх байх гэж харж байгаа. Тийм учраас урд ажлууд нь сайн яваасай билээ. Бүгдээрээ хажуунаас нь дэмжиж, дэмнэж, хамтраад улс орныхоо төлөө юм хийхсэн гэж л бүгд бодож байгаа. Би тэр мянга мянган гишүүдийн л нэг.  

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан