Г.Равдан: Энэ дотроо тээж яваа юмаа бас нэг хөнгөлж, гадагшлуулж авъя гэж бодсон юм

    “Ярилцъя” буландаа та бүхэнтэй театр, киноны нэрт жүжигчин, гавьяат жүжигчин Г.РАВДАНГ уулзуулахаар урилаа.


    -Тантай уулзаж ярилц­лага авахсан гэж хүсдэг байлаа. Урилгыг маань хүлээж авсанд баяр­лалаа?

    -Энэ том сонин намайг зочноороо урьсанд дотроо их баярлаж байв ч чамд бай­цаагдана гэхээр жаахан тэв­дэж байх чинь.


    -Байнга л айлын хой­морт тухалж байдаг те­левиз, радиогийн ийм том зүтгэлтэн хүнд тэв­дэнэ гэсэн ойлголт бай­даг гэж үү. Сая таныг оройн мэдээ бичүүлж байхад нэлээн харж суу­лаа. Бас л амаргүй ажил бололтой?

    -Нэг их айж тэвдэх нь юу юм. Хуучны хэллэгээр бол айхтар хариуцлагатай ажил. Өөрийн эрхгүй л би алдаж болохгүй шүү гэсэн хатуу анхаарлаар өөрийгөө шахаж байгаа хэрэг л дээ. Тэр ша­хал­таасаа болоод жаахан тэвд­дэг заншилтай болчих­сон. Одоо ч бас нас зүс гэдэг маань хуучин шигээ биш бо­ло­хоор хэт хичээхээр тэр­нээ­сээ болоод өөрийгөө дарам­тад оруулчих гээд байдаг болжээ.


    -Та залуухнаараа, бас их эрч хүчтэй харагдаж байна шүү дээ?

    -Өө, за баярлалаа.


    -Равдан гуайтай уулз­вал зөвхөн “Сүүдэр” киногоор л амьсгална даа гэж мөрөөддөг бай­лаа. Соргодогийн Жар­галсайханы “Сүүдэр” киноны дүр бол таны кино урлагт хийсэн нэ­лээн том ажлуудын нэг байх. Энэ киногоор та дотроо байгаа бүх юмаа гаргаж чулуудсан байх аа. Ийм хэмжээний дүр тохиох бол жүжигчин хүнд хувь тавилан биз дээ?  

    -Соргодогийн Жаргал­сай­ханы энэ зохиол уг нь анх “Айлын том хүү” гэж тууж байсан юм л даа.


    -Тийм?

    -1985 онд өмнө нь би Балжинням найруулагчийн “Ацаг шүдний зөрөө” гэж ки­нонд тоглосон байсан. Кино маань дэлгэцэнд гараад удаа ч үгүй байтал дараагийн кино­ны санал ирсэн. Анх надад Балжинням найруулагч хэл­сэн л дээ. С.Жаргалсайханы “Айлын том хүү” туужаар кино хийхээр боллоо гэж. Ингээд тэр том найруулагчаас хоёр дахь кинондоо тоглох урилгаа хүлээж авч байгаа нь энэ. Эхлээд зохиолоо уншуула­хаар өгсөн л дөө. За, чи үүнийг нэг уншаадах. Дотроо сайн бод. Сэтгэлд чинь юу орж ирэх нь вэ, сайн суд­лаадах гэж байна. Авч яваад уншлаа. Сэтгэлийг өөрийн эрхгүй бул­ги­луулаад ирсэн. Залуу ч бай­лаа. Ёстой үүнд чинь нэг тог­ловол тоглоод үзвэл яасан юм гэж бодогдож байсан л даа. Зохиол ч гэж зохиол юм аа. Тэр амт шимт, дүр гэж янз­тай. Ингэж тохи­роо бүрдэж байхад жүжигчин хүн бариад авдаг газар биз дээ. Ингэж л би “Сүүдэр” кинонд тоглосон юм даа.


    ХӨДӨӨНИЙ ХЭРСҮҮ ХҮҮХДИЙН БАХАРДАН ХАШГИРСАН ТЭР ҮГ НАМАЙГ ӨӨРИЙН ЭРХГҮЙ ДҮРД МААНЬ ГУД ТАТАН ОРУУЛСАН


    -Жүжигчин хүнд бол мө­рөөдөж үхмээр гоё дүр байх. Дотоод сэтгэлийн иймэрхүү дүрүүдтэй тэр бүр учрахгүй биз дээ?

    -Тэр бол мэдээж. Дээр нь хамтран тоглогч хэн байхаас их зүйл шалтгаална шүү дээ. Аз тохиож Долгорсүрэн байж таарсан. Тэр Долгорсүрэн гэдэг чинь та минь ээ, хамт­ран тоглоход ямар гаажтай жү­жигчин гэж санана аа. Хамт­ран тоглоход цаад парт­нёрын өгөөж гэж юм байдаг л даа.


    -Нэг зиндааны хоёр том жүжигчин нэг талбар дээр тулж таарсан. Мон­гол кинонд мөнхөрсөн бас нэгэн гайхалтай хос­лол та хоёрын тоглолт байх?

    -Базарваань, Долгор­сү­рэн бол гайхалтай жүжигчин. Жүжигчин хүн ганцхан өө­рийнхөө дүрийг чирээд, өөр­тэй­гөө ажиллаад байхаас илүү дүрүүд хоорондоо ха­рил­цан шүтэлцэж байж, уусан нэгдэлцэж байж тэр харил­цаан дунд хэн хэнийх нь дүр товойж, хэн нь хэн бэ гэдэг нь тодорч ирэх учиртай байдаг. Долгорсүрэн бид хоёрын тог­лол­туудын тэр өгөлт авалт, бие биенийхээ тоглолтыг маш сайн мэдрэлцэж чадсан маань тэр дүрүүдийг амь оруул­сон байх. За тэгээд дүрүүдийн бичилт бол үнэ­хээр гайхалтай л даа. Аргагүй шүү дээ. С.Жаргалсайхан тэр үед үнэн хүчтэй байсан юм чинь. Тэр үед Соёлын яаманд ажиллаж байсан. Зохиолч­тойгоо очиж уулзаж танил­ца­хаас л хамаг юм эхэлнэ шүү дээ. Сайхан уулзаж ярилц­лаа. Би тэр үед таньдаггүй бай­сан юм чинь. Насаар на­даас хэд дүү хүн байсан. Хо­жим сайхан найзууд бололц­сон.

    -“Сүүдэр” бол Мон­го­лын кино урлагт боссон нэг том хөшөө л дөө?

    -Тэгэлгүй яах юм.


    -Долгорсүрэн жүжигчин та хоёр хоёулаа тэр ки­но­ноос хойш нэг л хана­чих шиг болсон. Та ер нь одоо Дугартайгаа өр­сөл­дөхүйц дүр хүсдэг үү?

    -Хүсэлгүй яахав. Нэгэнт л би жүжигчин хүн болж заяас­наас хойш мэдээж хэрэг өө­рийн дотоод сэтгэлд байгаа бололцоог бүгдийг нь гарга­хыг хүсч л таарна шүү дээ. Бас нэг энэ анзааны дүртэй уч­рах юмсан. Тэрнээс ч илүү ми­ний авъяас билэг, оюун ухаан, ур чадвар шаардсан, бие сэтгэлийн болоод ухааны царыг минь шавхсан дүр таар­­вал үзээд алдахсан гэж мөрөөдөлгүй яахав. Надад ийм хэмжээний дүр учирдаг бол би ахиад хүчээ сориход бэлэн шүү дээ.


    -Дугар бол амьдралын гашуун үнэнд шахагдан дотроо өөртэйгөө үзэл­цэж, хамаг сэтгэлийн тэнхээгээ барж байгаа дүр. Нөгөө талаас эр хүний хувьд  өөрийгөө яллаж, өөртөө хамгийн гач­лантай асуултыг тавьж чадаж байгаа хо­вор­хон чанарыг  шин­гээ­сэн. Та дүрдээ яг хэ­зээнээс эхэлж дурласан бэ?

    -Киноныхоо үйл явдлаас хөөе. Бас л нэг бодол болоод, өөрийгөө яллаад л морин дээрээ нэг муу юм сажилж явтал алсаас давхиж ирж байгаа хүүхэд харагддаг. Хүүхэд ч тулаад ирдэг. Ээж нь зү­гээр үү гэсэн үйлийн үргүй амнаас унаж ирж байгаа асуул­­тын хариуд урдаас “Ээж зүгээр ээ. Та манайд ахиж бит­гий ирээрэй.  Та миний аавыг алсан. Чи миний аавыг санаатайгаар орхиж явсан. Ээжтэй сууж манай юмны эзэн болох гэж чи ирсэн биз дээ” гэж хашгирдаг. Хөдөөний хэрсүү хүүхдийн бахардан хашгирсан тэр үг намайг өө­рийн эрхгүй дүрд маань гуд та­тан оруулсан. Худлаа худ­лаа гэж хар тэнхээгээрээ хаш­гираад, мориноосоо бууж очоод нөгөө хүүг эмээлээс нь ховх татаж унагаад өөрийн эрхгүй хашгирч, хий дэмий нухаад байдаг шүү дээ. Тэ­гээд л хар хурдаараа дав­хиад, дараагийн кадр дээр модны хажууд “Би алаагүй шүү дээ” гээд цурхирч, хамаг цээжний бөглөөсөө гаргаж, багтраагаа тайлж байгаа хэсэг л юм даа. Тэр хэсэг бол киноны нэлээн чухал хэсэг. Учиг зангилаа тайлагдаж байгаа, жүжигчнээс бас до­тоод хүч шаардаж байгаа хэсэг л дээ. Тэгээд манай найруулагч сайн шүү дээ.


    -Майхны гадаа тарвага өвчөөд байж байдаг нэг хэсэг бий дээ?

    -Тийм.


    -Ёстой нэг яахаа мэ­дэхээ байчихсан байж байтал нөгөө эмэгтэй өөрөө хүрээд ирдэг. Энэ хэсэг бол бас л чамин тоглолттой шүү. Дог­долж, түгшиж, гэрэвшиж байгаа атлаа хажуугаар нь эр хүний нэг тийм ялалтыг мэдрээд л... Тэгсэн хэрнээ сэтгэлдээ болж байгаа энэ олон явдлаа гадагшаа нууж ядаад л...?

    -Тэгээд нэг шийдэж бай­гаа юм. Муу гэрээ ахынхаа өвөөл­жөөн дээр дарчихаад яваад очъё гэж тэнд л хэлдэг дээ. Өмнө нь ерөөсөө ший­дэм­гий үг унагаж өгдөггүй шүү дээ. Тэгээд цаг нь болоод хэл­сэндээ яваад очъё гэхээр нө­гөө дотроос шалдаг асуулт нь зо­воогоод, ёстой нэг өө­рий­гөө тарчлааж байгаа юм л даа.


    -Долгорсүрэнгийн тог­лол­туудаас таныг өө­рийн эрхгүй огшоодог хэсэг бий юу?

    -Долгорсүрэн бол үнэхээр амьд тоглолттой. Энгийн мөрт­лөө үнэн. Тэгсэн мөртөө дотроосоо бугшиж, дот­роо­соо нэрж, гадагшаа нэг их айх­тар дүр үзүүлээд байх­гүй­гээр зугуухан зүрхнээсээ яргаад гаргаад ирдэг тоглолт­той жүжигчин л дээ. Миний тоглолт гайгүй сайн болсон бол тэр нь Долгорсүрэнгийн тоглолттой л их холбоотой. Дээр нь найруулагчийн чад­вар. “Сүүдэр” кинон дээр Долгорсүрэнгийн нэг хэсэг бий. Гадагшаа тэсэрч байгаа нэг хэсэг байдаг даа. Шөнө нь бид хоёр нэг шивнэлдэж хо­но­дог шүү дээ. Тэгээд мань хүн өглөө нь аргал хормой­лоод гэр рүүгээ алхаж явтал аав нь чив чимээгүй хажуу­гаар нь өнгөрөхдөө хуйваар нуруун дундуур нь ороолго­чихдог. Тэгэхэд тэр тэсэрч бай­гаа байдал. Бас тэр хол­боо­­той хонь сааж сууж байс­наа гэнэтхэн холбоогоо цувж хаяад “Яадаг юм. Би чинь эмэгтэй хүн шүү дээ” гэж ээж рүүгээ хандан бахардан хэлж байгаа хэсэг. Ай мөн ч гааж­тай тоглолт гарсан даа.


    -Тэр өвгөн их мундаг дүр шүү дээ. Цас буд­раад л, өвгөн нэг шар гаргачихсан. Тэр хэс­гийн зураг авалт нь үнэ­хээр гоё оо?

    -Тэр өвгөнд тоглосон хүн чинь Ховдын театрын жүжиг­чин Гомбонягаа гэж хүн бай­сан юм. Сайхан жүжигчин. Өнөө муу Дугарыг хүрээд ирэх байх гэж бодсон. Байдаг­гүй шүү. Наадахаа сайн та­таач дээ, чи. Ус ууж өвс идсэн амьтан уу. Хойтон жилийн идэшнээр өвөө чинь байгаа ч уу, үгүй ч үү... гэж амандаа бөвтнөж байгаа тэр хэсэг үнэхээр амьд тоглолтуудтай л даа.


    -Тэр хүү одоо хаана юу хийж явдаг бол?

    -Мундаг. Тэр үедээ бол хөгжим бүжгийн дунд сургуу­лийн морин хуурын ангийн хүүхэд байсан. Одоо том эр болоо биз дээ. Отгонбаатар гэдэг юм. Манай Архангайн хүүхэд байгаа юм, тэр чинь.  Багануурт байгаа болов уу.  


    -Тэр унагасан шараа тэ­гээд яасан бэ?

    -Яах аргагүй л унагах нь уна­гасан. Цааш нь яасныг мэ­дэхгүй. Тэр зураг авалт бол тэр чигээрээ оригинал л даа. Амьд­ралын үнэр тэгж байж л жин­хэнэ ёсоор ханхална биз дээ.  


    ДОЛГОРСҮРЭН ЯАГААД ТЕАТРААС ЯВСНЫГ ХҮҮХЭН ЖҮЖИГЧДЭЭС НЬ АСУУ


    -Таны хамгийн хайртай эрэгтэй жүжигчин хэн бэ?

    -Чимэд-Осор гуай. Чимэд-Осор гуайн тоглолтуудад би үнэхээр дуртай. Эмэгтэй жү­жигч­дээс бол Цэвээнжав гуай. Цэвээнжав гуай бол арга байх­гүй төрчихсөн амьтан л даа.  


    -Таны партнёр Долгор­сүрэн одоо хаа явна аа. Хайгаад олохгүй байна?

    -Эрдэнэтогтох тэр хоёр маань хувиараа л юм хийж бай­гаа болов уу даа. Тэр сай­хан жүжигчин ингээд зэ­вэр­чихлээ. Ид л үзэж байдаг үе нь шүү дээ.  


    -Театраас яагаад явчих­сан юм бол?

    -Хэн мэдэх вэ дээ. Тэр хүүхэн жүжигчид л мэдэж байгаа байх. (инээв) Надаас хойшхи явдал шүү дээ. Нэг буцаад театрт ирсэн юм. Тэгж байснаа төд удалгүй явцгаа­сан. Эрдэнэтогтох ч мундаг жүжигчин шүү дээ.  


    -Өөрт ногдоогүй бусдад олдсон дүрээс энэнд л тоглосон бол гэж хор­хойсдог дүр танд байдаг уу?

    -За даа, ер нь нэг их тийм юм байхгүй дээ. Би их хожуу кинонд тоглосон хүн шүү дээ. 1975 онд кино драмын анги төгсөөд, долоо найман жил болж байж найруулагч нарын хараанд өртсөн. Тэр үед бол би кинонд тоглохсон гэж мөн их бодож байсан даа. Сэтгэл гижигдсэн дүрүүдийг хараад байж ядна. “Эх бүрдийн до­мог” дээр Нямсүрэн ах Дог­шин хард тоглоод л. Ямар ч сайхан юм. Манай Дорлигжа­вын кинонууд байна. Цэвээн­равдангийн тоглосон кино­нууд байна. Тийм дүрүүдэд тоглох юмсан гэж их бодно. Энгийн атлаа, амьдралын дотор байдаг, нэг тийм харак­терный дүрүүдэд тоглохсон гэж мөн ч их хүсдэг байсан. Гэ­тэл байгалиас надад оноогд­сон юм нь нэг ийм шавилхан бие, гавьтай сай­хан биш энэ зүс царай байж байдаг. Ямар нэгэн сүрлэг сайхан баатрын ч юм уу дүрд тоглох боломжгүй. (инээв) Хуучны манай хэд бий шүү дээ. Жишээ нь, муухай Пүрэ­вээ гуайн тоглосон шиг, Гом­бо­дорж гуайн тоглосон шиг жижигхэн атлаа цаанаа л нэг характерный дүрүүдэд үзээд алдах юмсан гэж хүсдэг бай­сан. Гайхамшигтай туслах дүрүүд ч бас мундаг шүү дээ.

    Түрхэн зуур үзэгдээд өнгөрөх­дөө үзэгчдийн сэтгэлд хар­ваад орчихдог дүрүүд байдаг.


    -Түүхэн кинонуудад танд бо­ломж олдоогүй юу?

    -Байхгүй ээ, байхгүй. “Ман­духай” дээр тэр харахгүй юу. Лаваг гээд нэг Юнгэн хатны талын нэг нөхрийн дүр өгсөн. Сүүлд Мандухайг хар­ва­чих­даг. Тийм юм л оногд­сон. Баатар хүний дүрд чинь бас нэг бие хаа, дүр төрх, сүр хүч их чухал шүү дээ. Мань мэт шиг юмнууд арай л тохир­доггүй юм аа. (инээв) Яагаад ч юм нэг тохирч өгдөггүй. Би тэр баатрын хуяг дуулга энэ тэрийг нь өмч үзсэн. Чөр­чийгөөд нэмэргүй юм билээ.


    -Жүжигчин хүнийг бие бялд­раас илүү авъяас нь, дотор нь авч явдаг биз дээ. Манайхан баа­тар л гэхээр том биетэй хүн хараад байдаг. Сүүлд Чин­гис хааны дүрд тоглосон япо­ны жүжигчнийг харсан биз дээ?

    -Манайхны ойлголт, хү­лээж ав­даг төсөөлөл арай өөр. Үүнийг бас бодолцох ёстой. Би дотроо өө­рий­гөө ингэж л чамлаж явдаг. Түү­хэн кинонд тоглооч гэсэн санал ч ирж байгаагүй. Нэг удаа на­майг ма­най нутгийн Л.Эр­дэнэ­булган най­руу­лагч сорь­сон юм уу, яасан юм. “Чин Ван Ханддорж” кинондоо намайг Шан­зав Бадамдорж болго­сон. Тэр гэхд­ээ нэг их сайн дүр болоогүй байх аа.


    -“Гарын таван хуруу” шиг,  “Сүүдэр” шиг амьд­ралд бай­даг бодит үнэн зүссэн талх шиг үнэртэж байдаг, сэтгэлд ойр­хон кинонууд үнэ­хээр гоё шүү. Та бол МҮОНТ-д олон жил ажил­ласан хүн. Яаж яваад энэ радио теле­виз рүү ороод ир­сэн бэ?

    -Сургуулиа төгсөөд би Драмын академик театрт ху­ваа­рилагдсан. Театрт ажил­лаж байгаад дараа нь кино үйлдвэрт очсон. Театрт би 11 жил ажилласан. Гавьтай ч юм хийж ча­даагүй. Ганц хоёр жүжгийн гол дүрд тоглосон уу, яасан. Туслах дү­рүү­дэд бол нэлээн гарсан. Театрт тэр үед нөгөө мундаг мундаг жүжиг­чид ид байсан. Отелло ч юм уу, Гам­лет надад яаж олдох вэ дээ, энэ чинь. Кино үйлд­вэрт очоод дөрвөн жил ажил­лаж байтал кино үйлдвэр тарав аа. Дамдинбазар гуай, Дамчаа гуай, Дагийранз гуай, Цэнд-Аюуш гуай нартай хамт ажиллаж, орчуул­гын кинонд жаахан дөртэй болсон. Тэр аваргуудаас би их юм сурсан. Тэгж байтал гэнэтхэн л улс тэжээж чадахаа байлаа гээд кино үйлдвэр маань тардаг юм байна. Хэдэн найруулагч, жүжигчин, оператор, зураа­чид бүгд гудамжинд гарсан. Арга буюу амьдрал хөөх шаард­лага гарч ирж, армийн театрт ажилласан. Одоо энэ урлагийн холбооны Тунга­лаг гэж бий шүү дээ. Тэр даргаар нь ажиллаж байсан юм. Тэнд бас дөрвөн жил ажилласан. Харин тэнд би нэлээн хэдэн жүжигт тоглосон шүү. Одоо энэ “Х Түц” хамтлагийнх­ны тавьсан “Аянгын бороо” гэдэг жүжгийг чинь Монголд анх удаа армийн театр тавьж байлаа шүү дээ. Тэнд би гол дүрд тоглосон. Гайгүй хийчих­сэн болов уу. Хүмүүс ч тэгж үнэлж байсан. Тэгээд л дараа нь армийн театраас гарсан. Яаж ажил­гүй яваад байхав дээ. Радиод орсон. Өмнө нь драмын театрт ажиллаж байх­даа радиотой их хол­боотой ажиллаж байсан. Тэ­гээд л очсон. Наяад оны дундуур намайг радиод ажил­лаач гэж санал тавьж байсан л даа. Тэр үед яахав дээ. Кинонд тоглохгүй байж байж гэнэтхэн тогло­сон чинь да­раа­лан киноны урилгууд ир­сэн. 1985 оноос авахуулаад л жил дараалан 1990 он хүртэл баахан кинонд тог­лоод, нэг их хөөрчихсөн амь­тан явахгүй юу. Тэгж явахдаа радиогийн саналыг хүлээж авч чадаагүй юм.


    -Тэр үед чинь та од бай­сан биз дээ. Аргагүй шүү дээ?

    -Ямар юмных нь од бай­хав дээ. (инээв) Романууд, туужууд, богино өгүүллэгүүд очиж их уншдаг байсан байх­гүй юу. Тэгээд л ирж ажил­лаач гэж байсан хэрэг. Ах нь тэр од модны чинь учрыг сайн олдоггүй хүн. Од нь ч юм уу, юу нь ч юм.


    СҮҮЛДЭЭ ХАЛАГДАЖ, СОЛИГДДОГ ЗАЯАНДАА ДАССАН


    -Танил дуу хоолой, бүг­дийн мэддэг дүр төрх гарч ирээд шинэ теле­ви­зээр яриад эхлэх дот­но санагдаж байна. “Эх орон” телевизээр мэ­дээл­лийн хөтөлбөр дам­жуулж эхлээд нэ­лээн хэдэн сар болж байгаа байх?

    -Оны өмнө надад санал тавьсан. Би хүлээж аваад залуучуудтай хамтран ажил­лаж байна. Радио телевиз хоёр бол хоорондоо их өөр шүү дээ. Урьд нь нэг их ингэж ил гарч мэдээ энэ тэр уншиж бай­гаагүй. Заримдаа тэвдэнэ шүү. (инээв)  


    -Телевизийн уран сайх­ны нэвтрүүлгүүдээр та их л гардаг байсан шүү дээ?

    -Тийм л дээ. Гэхдээ одоо дээр үеийн тэр сайхан уран сайхны, утга зохиолын нэвтрүүлгүүд байх­гүй болсон шүү дээ.


    -Тэнд та хэдэн жил ажил­ласан бэ?

    -1995 онд ороод 2007 оны наймдугаар сарын нэгэнд халагдсан гэхээр 12 жил болсон байх шив.


    -Халагдсан гэдэг тань юу гэж байгаа юм?

    -Халагдахгүй юу. Тушаа­лаар.


    -Яагаад?

    -Одоо хөөгдөхгүй юу даа.


    -Тийм юм бас болсон юм уу?

    -Үгүй одоо болдог л юм бай­на лээ. Болсон л юм даа. Би ер нь тийм халагдаж явах л учиртай хүн юм шиг байгаа юм. Драмын театрт 11 жил ажил­лаад, би бас тушаалаар халагдаж байсан. Энэ нөхөр Равдан бол ёс суртахууны хувьд тэнцэхгүй. Залуу уран бү­тээлчдийг буруу үзэл са­наа­гаар уруу татаж, хамт ол­ны уур амьсгалыг эвдэн бус­ниулж байгаа тул ажлаас хал­сугай. 14 хоногийн дотор аж­лаа ол гэсэн тушаал гарч байсан.


    -Ёстой хөгжилтэй юм аа. Яагаад тэр вэ?

    -Чи яагаад инээгээд бай­гаа юм. Болсон явдлыг л ярьж байна шүү дээ. (инээв) Манай Сосорбарам энэ тэр сайн мэднэ. Тэгээд л халагдаж байлаа.


    -Тэр чинь хэдэн он билээ?

    -1987 он.


    -Аан, ардчиллын салхи сэвэлзээд эхэлчихсэн...

    -Яахав, энд тэндээс юмны зах сэжүүрээс сонсчихсон. Энэ Со, Цэвээнравдан бид хэд жаахан эсэргүү юм хэ­лээд байдаг байж л дээ. Тэ­гээд л халагдчихсан. Тэгээд кино үйлдвэрт очсон. Манай багш нар байлаа. Үнэхээр нэг хэсэг сайхан ажиллаж байсан шүү. Мөн ч их ажиллаж бай­сан. Ер нь жүжигчин хүн зав­гүй ажиллаж байх тусам урам­тай сайхан байж, улам их эрч хүчтэй ажилладаг л даа. Арьс шиг л элдүүлж бай­сан үе. Ид сайхан ажиллаж байтал кино үйлдвэрийг та­раа­сан. Ингээд армийн театрт очсон гэж хэлсэн. Ар­мийн театраас бас халагд­чихав аа.


    -Бас яасан бэ?

    -Бас л болохгүй юм хэлэх­гүй юу. Бас л таарахгүй байх­гүй юу. Би юмыг хэлчих гээд сөрвөгнөөд байдаг зантай хүн л дээ. Ялангуяа дарга нарын өөдөөс. Тэгж хэрээ мэдэхгүй цор цор хийж байж халагд­чих­даг. Мэдээж дарга нарт дуул­гавартай захирагдаж байдаг. Юм л хэлбэл жаа л гэж байдаг бөхөлздөг улс илүү нийцдэг. Жаахан гэдгэр ааштай, өө­дөөс нь юм хэлээд хамт олны дунд нэр хүндийг нь эвгүй­цүүлээд байдаг хүн хэрэггүй. Зайлуулахыг л бодно шүү дээ. Ийм юмаар л өөрийгөө ха­луулах бололцоог бэлдэж өгөөд явдаг хүн байсан. Сая бол яах вэ радио телевизийг ши­нэчлэх хороо энэ тэр гэж хэ­сэг нөхдийн хамт тэмцсэн. Тэгж байтал надаас бас нэг жаа­хан өө гарчихсан. Тэрэн дээр дөрөөлөгдөөд л нэгэн сай­хан өглөө Н.Наранбаатар захир­лын тушаалаар халагд­сан.


    -Нэгэн сайхан өглөө... байхдаа яахав дээ. Та нээрээ хөгжилтэй хүн юм аа. Гурван ч удаа халагдаж үзсэн юм бай­на. Яг халагдсан өглөө­гөө юу хийдэг вэ. Таны амьдралд ийм явдал бас нэг биш тохиолдож?

    -Хийх юм их байгаа. Зам яагаа ч үгүй байна л гэж бодож байсан юм чинь.


    -Ямар ч байсан хаалгыг нь хааж гараад салхи сөрөөд бүрзгэрдүүхэн алхана биз дээ?

    -Үгүй ээ. Хэдэн өдөр л бо­дож суудаг юм даа. Тэгээд л би халагдчихлаа гээд гутарч гу­ниад, архи дарс уугаад, аг­сан согтуу тавиад, уйлж ун­жаад байхгүй. Бодоод л бай­даг юм. Сүүлдээ халагддаг заяандаа бүр дасчихсан.


    -Өө, халагдаж үзээгүй биш дээ гэсэн шүү юм бодсон шигээ тууж явах уу?

    -Мэдээж шүү дээ.


    ТЕАТР БОЛ СЭТГЭЛ ЗҮРХ, ҮЗЭЛ БОДОЛ ХОЁРТ ХАМГИЙН ХАТУУ ЯЛ ТУЛГАДАГ ГАЗАР БАЙСАН


    -Амьдарч яваа цаг үеийн хувьд бид азтай хүмүүс биш гэж үү. Хуу­чин нийгмийг үзлээ. Тэ­рийг халж, шинэ хувьс­гал хийхийг үзлээ. Цоо шинэ нийгмийг цогц­лоох үйлсэд гар бие оролцож, амьд гэрчүүд нь боллоо?

    -Ёстой л нөгөө гурван төрийн нүүр үзлээ гэдэг шиг... Ээ дээ.


    -Ийм том үзэгдэл яваг­даж байхад хажууд нь тэр улс орны урлагийн­хан гар хөлөө эвхээд, ам нь үдээтэй байж бай­сан тохиолдол ер нь байдаг болов уу. Манай урлагийнхан яагаад ийм номхон юм бэ?

    -Харин тийм.  


    -Ардчиллын төлөө цо­хилж, дуу хоолой нь болж, ирээдүй үр хой­чийнхоо төлөө салхи сөрөн түүчээлж явсан урлагийн зүтгэлтнүүд хэд бол. Ингээд бодоод үзэхээр ердөө ганц хоёр­хон жүжигчин бай­даг юм. Манай Д.Сосор­барам ах байна, ерэн оны хувьсгалын түүхэн хүмүүсийн нэг. Та, за тэгээд Ц.Төмөрбаатар ах... Ингээд л зогсч бай­на даа?

    -Дамчаа гуай байна.   


    -Тийм ээ, алдарт Дамчаа агсан. Нийгмээ далдаас шоолж зүрхэлдэг бай­сан хэдэн найруулагч бас байгаа байх. Бусад нь бүгдээрээ яруу ал­дарт намын фон бо­лоод, одон тэмдгээ ярай­тал зүүгээд сууц­гаачихдаг?

    -Сайхан сууцгаана л даа. Ёстой нэг ярайх шиг болно шүү.


    -Тэгээд улсаас хөрөнгө мөнгө хаясан, томоохон түүхэн кино энэ тэр хийх болохоор мөнөөх нөхдүүд л хуйгаараа эзэгнэчихсэн заларч байдаг. Ийм нэг хачин юмнууд танайхнаас ха­рагдаад байдаг л даа?

    -Одоо яая гэх вэ дээ.


    -Та бол үзэл санааныхаа зовлонг дотроо тээж амь­да­р­сан хүн байх. Үзэл са­наа­наасаа болж амсч ирсэн тэр юмнууд хүний тань хувьд таныг хэн болгосон?

    -Сайхан асуулт байна. Үзэл санаа төлөвшиж бүрэл­дэх үйл явц, нэг залуу уран бүтээлчийн чадан ядан хөлөө олох гэж явсан тэртээ үе хоёр хамт юм. Миний л багш нар надад хувьдаа нийгмийн ши­нэт­гэлийн давалгаа болгонд уран бүтээлийн сэхээтнүүд урд нь явж байх ёстой. Уран бүтээлч хүн нийгэм, цаг үеэ соргог мэдрэгч байж чадахгүй бол урлагийн албатад тэнцэ­хээ больжээ л гэсэн үг. Энэ утгаараа биеэрээ ч тэр, сэтгэ­лээрээ ч тэр. Шууд ч тэр, дам ч тэр, эчнээгээр ч тэр, тэрхүү цаг үеийнхээ бүхий л тэсрэлт, үйл хэрэгт оролцож бай гэж сургадаг байсан. Багш нарын минь ач биз. Энэ биеийн ч үйл биз. Надад цаг үеэ чагнаж мэдрэх, шинэ, соргог үзэл санааг дэмжих, тэрнийхээ төлөө шатах чанар илүү цог­цолсон. Шатсан хүн тэсэрнэ. Тэсрээд гадагшаа гаргана. Хамаа намаагүй хэлнэ. Тэ­гээд хөөрхий өөрийгөө нам­нуулах өгөөшийг дэвсээд өгөхгүй хаачих вэ дээ. (инээв) Гэхдээ харамсах юм алга.


    -Манай урлагийнхан дунд нэг нэгийгээ хяр­гах, замаасаа зайлуу­лах, сэтгэлээр нь үхүү­лэх далд ажиллагаанууд бүр нарийн түвшинд хийгд­дэг байж ирсэн юм биш үү?

    -Ёстой тэрнийг чинь харж, үзэж явлаа шүү дээ. Дэндүү харгис, дэндүү бурангуй. Жин­хэнэ ардчилалгүй орчин бол урлаг гэж ярьдаг. Тэглээ тэглээ гэхэд хааны ордонтой ч зүйрлэмгүй хор найруулгууд театрт илүү явдаг байж мэднэ. Дотоод ёс суртахуун гэж аймаар. Жинхэнэ харгис­лал явагддаг. Үзэл бодлоо­роо арай тод ялгараад байгаа нөхөр дээр сүүдэр нь илүү том тусна. Чи дуулж л байсан байх. Алдарч жүжигчин Цэ­рэн­пагмыг ид үед нь. Өчиг­дөр­хөн тайзан дээр тодрон цойлж, үзэгчдийг байлдан да­гуулж байсан тэр гайхамшигт жүжигчнийг атаа жөтөө­нөө­сөө болоод, жаахан далим гарангуут маргааш нь л за, чи үзэгчдийн танхимыг тэр шат­наас тэр шат хүртэл цэвэрлэ­нэ ээ хө гээд хувин тэврүү­лээд, цэвэрлэгч болгочихож байсан шүү дээ. Үзэгчид жин­хэнэ тэр жүжигчнээр амьс­галж, алга ташилт нижигнэж байсан үед театр бусад хүүх­нүүдийнх нь атаа жөтөө, хо­рон санааны золиос болгоод татаад унагачихаж л байсан. Өөрсдийн гараар тэр идеа­лыг нухчин дарж унагаж бай­на аа даа. Ийм ийм аймаар харгислалуудыг харж, зүрхэн дундуураа зүсүүлж байлаа.  


    -Аймаар юм. Бараг хайр сэтгэлийнх нь асууд­лаас болж яллаж байсан юм биш үү?

    -Ёс суртахууны хувьд ноц­той алдаа гаргасан гэдэг нэг хаяг зүүгээд л түлхэж байгаа юм л даа.


    -Театр дээр үед хүмүү­сийнхээ сэтгэл зүрхний асуудлыг хүртэл хур­лаар авч хэлэлцдэг га­зар байсан юм билээ?

    -Сэтгэл зүрх, үзэл бодол хоёрт хатуугаас хатуу “хууль” үйлчилдэг байсан.


    -Таныг театрт байсан цаг үед зарим хүн хэт азтай, зарим нь дэндүү азгүй явсан юм шиг?

    -Тийм шүү. Гэхдээ урлагт нэгэнт л тангараг өргөсөн болохоор дэндүү азгүй бай­гаа юм биш үү гэж сануулах, гомдох эрх байхгүй шүү дээ.  


    -Хэрвээ та МАХН-ын ги­шүүн, намын их хурлуу­дын төлөөлөгч энэ тэр явсан бол нэлээн олон кинонд тоглочих байсан байх л даа?

    -(инээв) Урлагийн өмнө бол жүжигчин хүний бүх амьд­рал тэр чигээрээ золиосонд гарч байсан ч гомдолгүй, дотогшоо нулимсаа ширгээ­гээд л ёсолж байх ёстой юм.


    -Сэдэд агсантай амьд­ралынх нь сүүлчийн мө­чүүдэд уулзаж хөргийг нь бичиж байсан юм. Сэтгэл дотор минь хам­гийн сүрлэг орон зайтай оршиж байсан тэр их жү­жигчнийг ханхай өрөөнд, цагаан орны төмөр пур­шин дээр дан гудастай хэвтэж байхыг хараад яахаа мэдэхгүй мэлэрч билээ. Бие нь  чилээрх­сэн сөөнгө хоо­лойгоор “Ялангуяа ааш зан, авъ­яас билэг, үзэл санаа нь тод хүн дээр урлагийн тогооноос үсэр­­­сэн шав­хай их ирж буу­даг юм даа” гэж хэлж байсан. Сэдээ агаад чинь бараг гол дүр өг­дөг­­гүй байсан юм биш үү?

    -Сүүлд армийн театрт байх үедээ “Дутуу хээтэй тооно”, “Эцсийн тушаал” энэ тэрд тоглосон байх. Хүүхдийн театрт байхдаа “Хярааны хонхорт” жүжигт тоглосон байх.


    -Тэднийхээс гараад би Лхаасүрэн агсан дээр очиж уулзаж байсан юм. Нөгөө хөргөө л бичих гээд судалгаа хийж явах­­гүй юу. Тэгэхэд Лхаа­­сүрэн гуай “Хүүхэд за­луу­чуудын театраас цо­рын ганц Ардын жү­жиг­чин төрсөн ч миний багш Сэдэд шиг агуу жүжиг­чин төрөөгүй юм шүү” гэж хэлж байж би­лээ. Бас л айхтар үг шүү?

    -Мундаг үг байна. Аргагүй юм аргагүй л байдаг шүү дээ.


    ЭНЭ ТӨРӨЛД БАС ЧАМЛАХААРГҮЙ ӨӨРИЙН ГЭСЭН БОДОЛТОЙ, ҮЗЭЛТЭЙ БОЛЖ ТӨЛӨВШСӨНИЙХ ӨӨРСДИЙН ЗИНДААГ НЭГ ҮЗҮҮЛЬЕ ГЭЖ БОДЛОО


    -Багадаа таны радиогоор унш­даг өгүүллэг, туужуудыг их сонсдог байлаа. Одоо ч гэсэн та уран зохиолын бүтээ­лүү­дээс уншсаар л яваа. Цээж­лэх чадвар, ой тогтоолтын хувьд онцгой чадавхи байдаг байх аа. Яаж тийм том том юм­нуудыг цээжилдэг байна аа?

    -Цээжлэх чадвар маань одоо нас ахиад ирэхээр жаахан өөрч­лөгдөж байна. Залуу, яг сайхан бу­цалж явах үеийн юм гэж яаж байхав. Ой тогтоолт чухал л байлгүй яахав. Гэхдээ миний хувьд тэр зохиолдоо өөрөө их автдаг. Өөрөө дурлаж, их татагддаг.


    -Унших дуртай өгүүл­лэ­гүү­дээс тань таны хамгийн хайр­тай бүтээл хэний ямар зохиол бол?

    -Олон доо. Миний хамгийн хайр­тай, хамгийн анх барьж авч олны хүртээл болгосон өгүүллэг бол Эрдэнэ баавайгийн “Малын хөлийн тоос” л доо. Танай борогчингийн хөндий гардаг.


    -Тэгэлгүй яахав?

    -Найман сар дундаа орж, но­гооны үзүүр үл мэдэгхэн модширч, хөх номин тэнгэр газраас улам холдсон ч уужимхан цэлийж, салхи сэрүүхэн үлээх... (Нүдээ анин дэр­гэдээс тасран холдож буй юм шиг намуухан уншиж эхлэхэд нь тэртээ нялх багын танил бүхэн сэтгэлд зэрэгцэн ургаж, ахиад цааш нь ажлаа мартан хөвсөлзүүлээд бай­маар мөн чиг сайхан )... Ингээд л явахаар сэтгэл өөрийн эрхгүй та­тагддаг юм даа. Цаад бүтээл нь өөрөө агуу юмнууд юм даа. Би хичээж, хүчилж, механикаар огт цээжилдэггүй. Зохиолоо уншаад л байдаг. Унших тоолон тэр доторхи дүрүүдэд, дүрүүдийн харилцаанд, сэтгэлийн угийг хөндөх тэр нандин хэлхээсүүдэд, уран тансаг увидаст автаж, өөртөө нааж, дотроо юүлж авдаг. Одоо Ц.Доржготов гуайн бүтээл дээр ажиллаж байна.


    -Та уран сайхны амт шимтээр аагилсан тансаг өгүллэ­гүү­дийг уншиж байсан. Манай Ц.Дорж­готов гуай бол тэр чигээрээ асар том үзэл санаа байдаг. Мэдээж энэ сонголт руу таны өөрийн дотоод тэ­мүү­лэл чангааж байгаа байх?

    -Ерөөсөө л тэр. Одоо жишээ нь би “Хөгшид хөгжөөнтэй” гэдэг өгүүл­лэг дээр нь ажиллаж байна. Дорж­готов гуайн тэр санаа бол нэлээн цаанаас л айхтар юм хэлж ирдэг шүү дээ. С.Пүрэв гуайн олон бүтээ­лийг би уншсан. Мөн ч ланжгар амь­тан шүү дээ. “Утгын чимэг”-т олон удаа уншиж байсан. Радиод хамт ажиллаж байсан хоёр л доо. Яруу найргийн бүтээлүүдийг ч мөн ч их уншсан. Их Нацагдоржоос авахуу­лаад Эрээнцавын Нямсүрэнг хүртэл бүгдийг нь уншиж байлаа. Сайхан даа. Бэгзийн Явуухулан, Бавуугийн Лхагвасүрэн, Пунцагийн Бадарч гээд их уншсаан.


    -Б.Сосорбарам гавьяаттай хамтарч удахгүй үгийн ур­лагийг гайхуулна аа. Энэ ту­хайгаа манай уншигчдад со­нин дуулгаач?

    -Бас л насаараа энэ гашуун мөртөө учиртай инээдийн гэгээн агаараар амьсгалж яваагийнх энэ төрөлд бас нэг чамлахааргүй өө­рийн гэсэн бодолтой, үзэлтэй болж төлөвшсөнийх өөрсдийн зиндааг нэг үзүүлье. Энэ дотроо тээж яваа юмаа ч бас нэг хөнгөлж, гадагшлуулж авъя гэж бодсон юм. Нийгэм, цаг үеийн маань ерөнхий өнгө төрхтэй ч нэлээн нийцэх байх. Б.Цэнд­доогийн фельетонуудаас Б.Сосор­барам маань уншина. Би Ц.Дорж­готов гуайн өгүүллэгүүдээс уншина. Дөрөвдүгээр сарын 2, 3, 4-ний өд­рүүдэд хуучнаар “Ард” кино театрт болно.


    -Сонин “тоглолт” болох нь дээ?

    -Ойрхон зуур эргэлдсэн юмнуу­даас арай өөр байх аа. Олон юм руу самардаагүй. Нийгэмд товойн ор­шиж байгаа хоёр том авторын л бүтээлүүдийг уншина.


    АМЬДРАЛД БОЛ ХАНАЛАА ДАА ГЭСЭН ЮМ НАДАД ҮЕ ҮЕ БОДОГДДОГ


    -Равдан гавьяатын маань багш гэж ямар хүн байна вэ?

    -Багшийн сургуулийн соёлын анги анх төгссөн хүн шүү дээ би. Тэр үед миний ангийн багш Бүтэд гэж хүн байсан. Тэрнээс өмнө Өвөр­хангай аймгийн Хужирт сумын дунд сургуульд долоо төгссөн. Одоо энэ алдарт Жанцанноров, Бямбабаяр нарын төгссөн сургууль шүү дээ. Тэнд дуу хөгжмийн багш Очирбат гэж хүн байсан юм. Тэр багш маань л намайг урлагт дөрөөлүүлж өгсөн юм даа. Аз болж долоо төгсөхөд минь Багшийн сургуулийн соёлын ангийн хуваарь ирж би явсан. Тэгээд 1971 онд Багшийн сургууль төгсөх жил бас аз тохиож Багшийн дээдийн кино драмын ангийн хуваарь таар­сан юм.  Тэр үед дөрвөн жил болоод нэг элсэлт авдаг байлаа шүү дээ.


    -Яг төрсөн нутаг бол Архангай байх нь. Малчин айлын хүү юу?

    -Өвөг дээдэс маань бол мэдээж малчин. Манай аав бол жолооч хүн байсан. Жолооч хүний л хүү байгаа юм. Аав ээжээс есүүлээ. Есөн хүүх­дийн том нь. Дор маань найман дүү байна.


    -Өнөр өтгөн айл байж. Та өөрөө хэдэн хүүхэдтэй вэ. Тэд­нээс тань жүжигчин бол­сон хүн бий юу?

    -Би таван хүүтэй. Хамгийн бага банди маань МУИС төгссөн. Жү­жигч­нээр. Одоохондоо биеэ даагаад телевизүүдэд нэвтрүүлэг бэлтгээд явж байгаа. Хэд гурван кинонд бас жижиг сажиг юманд тоглоод, бас хүмүүст анзаарагдсан байдаг юм аа. Тэрийгээ л би жүжигчин болгох гэж урлагийн сургуульд оруулсан. Гай­гүй дотортой жүжигчин болж мэдэх л юм.


    -Та хэдэн онд гавьяат бол­лоо?

    -2002 онд. Н.Багабанди ерөн­хий­лөгчөөс гардсан.


    -Амьдрал ахуй ямар байна даа. Ардчиллын замаар хо­риод жил бид алхлаа. Зарим хэсэг нь оройгүй баяжиж, зарим хэсэг нь ёроолд нь ойчсон л гэх юм. Таны хувьд ямар байна?

    -За яахав дээ. Барзгар л байна.


    -Таныг оюутны байранд амь­дарч байна гэж дуулах юм. Асуу­хаас жаахан халгаад бай­лаа?

    -Юуг нь нуухав. Амьдарч л байна.


    -Танд байр үнэхээр олдохгүй байна уу?

    -Хөөцөлдөөд л байгаа. Би гэдэг хүн халагдаж солигдож явсаар байгаад тогтвор суурьшилтай ажил­ласан газраасаа байр авдаг юманд бололцоо хаагдмал. Тэр үед за, би энд л тогтвортой байгаад байна шүү. Тэгвэл байр майр авна ч гэж бо­дож яваагүй юм байна. За даа, тэгээд над шиг хэл ам таталсан хүнд юу гэж байр өгье гэж тэр дарга нар чинь бодох вэ дээ. Бушуухан зай­луулъя л гэж бодохоос. Сүүлд нэ­лээн хөөцөлдсөн. Болчих болов уу гээд гүйж л байна.


    -Тэр олон зуун оюутны шуу­гианд тан шиг их ажилтай хүн яаж ингээд амьдраад байх юм бэ?

    -Гайгүй ээ. Амьдрал өөрөө тэр чигээрээ шуугиан шүү дээ. Ер нь бол уран бүтээл хийх аятай тавтай нөхцөл бүрдүүлж байна энэ тэр гэж ямбалж явж сураагүй улс шүү дээ мань мэт чинь. Нэгэнт л миний сон­госон зам мөр ийм байж.


    -Хүүхдүүд тань тус тусын мө­рийг хөөгөөд явчихсан уу?

    -Нас биед хүрцгээсэн. Тус тусын мөрийг хөөсөн.


    -Нэг хэсэг таны тухай шар хэв­лэлээр их гардаг байсан. Өө, нөгөө Равдан 18-тай охинтой сууж гэнэ. Хүүш ээ, Равдан оюут­ны байранд амьдарч яваа гэнэ гээд л. Тэгснээ, бас нэг нөхрийг алгадчихаж гэнэ ээ гээд л шуу­гисан. Тэр зэрэг ч яахав. Эр улс нэ­гэндээ аль шанаа өгөхийг тэр гэхэв. Ха­рин тэр 18-тын тухай яриа...?

    -18 гэдэг нь худлаа худлаа.


    -Юунд тэгтлээ эгдүүцсэн юм бэ. Болно ш дээ. Хувь төөр­гийг хаана яаж эргэж, хэрхэн хэнтэй учрахыг хэн таах юм?

    -Надаас залуу хүн болохоор л тэгж бичиж байсан байх. Би олж уншиж байгаагүй. Яахав, би сүүлд өөрөөсөө нэлээн хэд дүү залуу хүнтэй гэр бүл болсон нь үнэн. Алдаж онож туулдаг амьдрал. Алдаа ч юм уу, оноо ч юм уу, бүү мэд. Амьдрах л гэж зүтгэж явна. Алдаа юм шүү, би мөн ч муухай алдлаа даа гээд толгойгоо ган­за­галж явсангүй. Таван хүүхэдтэй эхнэрээсээ сэтгэл салсан явдал маань намайг өнөөдрийг хүртэл ингэж зовоож, ороож яваа байх. Өөрийн маань үүрч яваа нүгэл л тэр юм даа.


    -Хүүхдүүд тань уучилсан биз дээ?

    -Тэр бол өөрсдийнх нь л хэрэг. Заавал уучлуулах хэрэггүй. Яах юм. Өөрсдөө ухаан тэгшрээд ойлгож, тунгаах байх. Ойлгоод намайг зөвтгөөсэй гэж би ерөөсөө бод­доггүй.


    -Бүтэн амьдралаараа соли­моор тийм том учрал юм уу?

    -Амьдралд бол ханалаа даа гэсэн юм надад үе үе бодогддог. Гэхдээ ямар одоо ингээд л цэг тавиад дуусгаад хаяна гэж байгаа биш. Зүгээр ерөнхийдөө тэгж бол бод­дог. Ханалаа. Хангалттай. Одоо өө­рийгөө ч нэг их шүүлгээд байх, өрөө­лийг ч нэг их шүүгээд байх шаард­лага байхгүй.


    -За, яахав дээ. Ганцхан танд тохиолдчихсон амьдрал биш. Явмаар л болоод яваа биз. Хаал­гаа хаагаад гараа л биз. Дотроо өөрийгөө зэмлээд явж хэрэггүй шүү дээ?

    -Ах нь дандаа зэмлэж явдаг. Дандаа...


    -Таны дуртай дуу юу вэ. Хааяа найзуудтайгаа дарвиад дуулна биз дээ?

    -Дуулна, уйлна. Сая Нэргүй­баатар бид хэд “Дайчин нөхрийн дуу”-г дуулж клип хийлгэлээ шүү дээ. Нэргүйбаатар гэнэтхэн өвчин нь хөдлөөд ерөөсөө хэдүүлээ “Дайчин нөхрийн дуу”-г дуулъя гээд зүтгэ­чихсэн. Саарал шинелиэ тай­лаа­гүй...буурал найз минь хаа яв­наа...гээд л авч өглөө. Богд хаанд тог­лодог. Манай Цогоо, манай Равсал Панз, би, Нэргүйбаатар бид дөрөв дуулсан.


    -Ямар гоё юм. Зохих ч гэж ванлий байгаа биз дээ?

    -Гайгүй байх аа.


    -Дараа нь та нар яасан. Сай­хан сууцгааж, ууцгаасан уу?

    -Үгүй ээ, үгүй. Зүв зүгээр л хий­гээд, зүв зүгээр л салцгаасан. (инээв)


    -Та хайрын тухай дуу аялдаг биз дээ?

    - Хайрын дууг чинь яг тэр хайр гээчид цаламдуулсан, амттай шим­тэй үед нь л аялдаг юм шүү дээ.  Харин хааяа ээжийн тухай дуу бол дуулна шүү. Дуулаад уйлна. Нас ахиад тэр юм уу. Улам л нулимс нэрэмтгий болж байна. Хааяа нэг хэдэн нөхөдтэйгөө аялна уу гэхээс караоке энэ тэрд ороод л цовхчоод явахгүй шүү дээ.


    -Хүмүүс таныг гадуур явж байхад их хүндэтгэнэ биз ?

    -Яах вэ, Равдан гуай сайн уу гэцгээдэг юм аа. Та яагаад гоё юмнуудаа радио телевизээр унших­гүй байнаа гэж их асуудаг. Одоо ч реклам, улс төр хоёр л гардаг болж дээ.


    -Нутаг их явдаг уу?

    -Зундаа нэг явнаа. Танай Да­шин­чилэнгээр дайруулаад л явж өгнө шүү дээ. Манай Хашаат бол яг танай нутагтай адилхан байгалтай. Хангай говь хосолсон.


    -Та манай нутгийг их сайн мэдэх юм аа?

    -Дээр үед туж л Дашинчилэнгийн дэн буудлаар дайраад , элсэн тасархайгаар гараад л явдаг байсан юм чинь. Танай нутгийн нөгөө дуул­даг Дондой гуайтай жишээ нь уул­заж учирч л явлаа.


    -Өө, тийм үү. Манай сумын ланжгар өвгөчүүдийн нэг шүү дээ. Өөр хэр олон хүн таних вэ?

    -Дондой гуай, Амгаа заан, бас чиний нийтлэлээр дамжуулж шар Туяатай танилцлаа даа. Сонинд гарсан өдөр нь уншаад хайчилж авсан. Тэрийгээ тэгээд олон хүнд уншуулсан даа. Шагдарсүрэнд ун­шуулсан чинь мань хүн уншиж дуусаад таг болчихсон. Тэгж тэгж энүүгээр нэвтрүүлэг хиймээр байна гэсэн. Сосорбарам уншаад уйлсан. Хоёулаа Шар Туяад захиад бичье гэж ярилцсан. Ахын дүү битгий сэтгэлээр унаарай. Хаа газар тийм адгийн юмнууд байдаг юм аа. Бууж өгч болохгүй. Ард нь хоёр ах нь байгаа шүү гэж бичих гээд байгаа юм уу хаашаа юм. Би чиний “Шар Туяа”-г уншваад бичүүлбэл одоо ч бэлэн. Анх уншихдаа олон газар огшиж уншсан шүү. За, тэгээд төгс­гөлд нь чиний Шар Туяаг минь хайр­лаач гэж норсон элсэн дээр нь ху­рууныхаа өндгөөр бичмээр... гээд арга тасарч байгаа  энэ тэр бол ....Тэр муу Туяа маань одоо хаана байнаа.


    Хамаатнаа сураглаж байгаа юм шиг нулимсаа шудран байж тэр надаас ийн сураглав. Амьд­рал нээрээ гоё юм аа.  Ми­ний мөрөөдлийн зочин  нэрт жүжиг­чин Равдан бид ийн хөө­рөлдөв. Хүний амьдралын эрээн бараан, элдэв гоёчлолгүй үнэн түүх. Нэг харахад Мөнгөн эмчтэй яриад байгаа юм шиг. Тэгснээ Дугарын сэтгэлийн ачааг хөнгөлөлцөж өгөөд ч байгаа  юм шиг...Со­нин...сайхан байлаа.  

Сэтгэгдэлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан