О.Магнай: Тэмцэгч, халуун цустай ард түмэн бол алддаггүй юмаа

    “Ярилцъя” та бүхэнтэй Ир­гэний хөдөлгөөний ерөн­хий зохицулагч, АН-ын ги­шүүн О.МАГНАЙГ уулзуулахаар урилаа.


    -Магнай, Батзандан тэр­гүү­тэй жагсагчид гудам­жин­даа гарч ирэх нь, хаврын синд­ром нь хөдөллөө, мөн­гөгүй болчихсон бололтой гэх мэт шүүмжлэлүүд чих дэлсч байна. Мэдээж энэ мэтээр хүмүүс янз янзаар хүлээж авч байгаа байх. Ингээд бид энэ хаврын анхны жагсаалыг яг гардан зохион байгуулж байгаа хүнийх нь албан ёсны байр суурийг уншигчиддаа хүр­гэ­хээр таныг урьсан юм?

    -Жагсаалын талаар сонир­хож байна гэж ойлголоо. Шүүмж­лэлийн тухайд гадуур нэг их яваагүй байх аа. Харин өнгөрсөн жил хагасын хуга­цаанд иргэний хөдөлгөө­ний­хөн чи­мээгүй байсантай хол­боо­той болов уу. Яах аргагүй шүүх цагдаагийн хаалгыг та­таж, жил гаруй явлаа. Ерөн­хий­дөө сүүлийн гурав дөрвөн сар л эрх чөлөөт иргэний амьд­ралаар амьдарч байх шив дээ.

    -Өршөөгдсөнөөс хойш уу?

    -Уулчлагдсанаас хойш. Энэ хугацаанд нийгмийн байд­­лыг харахад ер нь сай­жирсан гэхээсээ илүү муудсан зүйл нь илүү олон байна. Энэ бай­дал хүн болгонд харагдаж бай­гаа байх. Ийм үед магад­гүй нийгмийн сөрөг хүчний, иргэ­ний эрхийг хамгаалдаг хэс­гийнх­ний дуу хоолой үгүй­лэг­дэж байгаа. Та ч гэсэн үүнийг жирийн иргэнийхээ үүднээс харж л байгаа байх. Хэдэн нөхдүүд дээрээ засаг­лаж бай­гаа нэртэй сандай­лаад суу­чих­сан, доороо ард ир­гэдийн үгийг сонсдоггүй. Ард түмний юу хүсч байгааг мэдэрдэггүй. Ийм л хэсэг бү­лэг хүмүүс дээр суучихаад удаж байна. Ард түмний амьд­рал ядуураад л байдаг. Нэг хартал 80 хувь нь ядуурчих­сан. Ийм л нийгэм­тэй болчих­сон байна шүү дээ. Тэгэхээр яах аргагүй иргэдийн дуу хоолой, иргэдийн идэвх сэргэх шаардлага зайлшгүй хэрэгтэй байна. Би ч гэсэн жагсаал цуг­лааныг зөвхөн Батзандан, Маг­най хоёр зо­хион байгуул­даг байгаасай гэж хүсдэггүй л дээ. Уг нь жагсаал цуглаан бол ардчилсан ний­гэмд иргэдийн үзэл бодлоо илэр­хийлдэг л нэг хэлбэр. Уг нь энэ нийгмийн иргэн бүр идэвх­тэй, иргэн бүр жагсдаг, ир­гэн бүр эрхээ шаард­даг бай­вал заавал бид жагсч цуглаад байх шаард­лагагүй л дээ.

    -Манай сэтгүүлчид ялан­гуяа их ярьдаг болсон нэг ойлголт дээр дөрөөлж асууя л даа. Энэ бол мэдээж хар­дах эрх. Та бүхнийг мөн­гөөр дуудсан жагсаал хий­нэ. Мөн­гөгүй болчихоод жаг­сах гэж байна гэж бид хардаж байгаа. Бид мушгиж гуй­вуу­лаад байна уу. Жаг­саал цуглааны эргэн тойрон үнэ­хээр ийм зүйл байдаг юм уу?

    -Хэвлэл мэдээллийнхэн гэж би нэлэнхүйд нь бодохгүй бай­на. Зарим нэг эрх бариг­чийн гаргаж байгаа сонин хэвлэлээр мушгин гуйвуулах гэж оролдож байна гэж хувь­даа ойлгож байгаа. Тэгээд тэр хийж байгаа зүйлийг нь сэт­гүүлчийн байр суурь гэхээсээ илүү цаагуураа хэн нэгэн улстөрчийн байр суурь илэрч байна гэж л  харсан. Ер нь аль ч улс оронд мөнгөөр жагсана гэж байдаггүй юм аа. Жагсаал цуглаан гэдгийг хэн дуртай нь ч хийдэггүй юм. Мөнгө өгье гэж хүмүүсийг дуудаж ирээд жагс гэдэг ойлголт байдаггүй байх­гүй юу. Жагсаал цуглаан гэдэг асар их итгэл үнэмшил, асар их эрсдэл байдаг юм. Бид амар­хан болохоор нь жагсах гээд жагсаад байгаа юм биш. Хэцүү болохоор нь, цаашлаад биднээс өөр жагсах хүн байх­гүй болохоор нь, энэ нийгэмд тэмцэх шаардлага зайлшгүй байгаа болохоор нь жагсдаг. Би зүгээр нэг юмыг ойлгодог юм. Батзандан, Маг­най гэдэг улсууд бол нийг­мийн үзэгдэл юм. Энэ хүмүүс одоо юу гэдэг юм, шоронд ороод тэр чигээ­рээ дуусах юм бол энэ ний­гэмд дахиж жаг­сах, дахиж тэм­цэх, дахиж үнэ­ний дуу хоолой болох залуу­чууд гарч ирэхгүй. Өнөөдөр гашуун боловч үнэн юм бол хэн луйвардаж, хэн хулгайлж байгаа нь Монголд од шиг гялалзан тэр дээр амьдарч байна шүү дээ. Энэ чинь хойч үедээ ямар үлгэр дуурайлал үзүүлж байна вэ гэвэл ерөн­хийдөө ингэж явбал тэнд хүр­дэг юм байна гэсэн үлгэр болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ залуучуудад яах аргагүй жишиг болох тэм­цэл, жишиг болох үлгэр дуу­рай­лал болох хэрэгтэй гэж бид ойлго­дог. Тийм учраас бид амжил­тад хүрэх ёстой. Бид амжил­тад хүрэх юм бол мон­гол­чуу­дын бүлээн цус бага ч гэсэн хал­на гэж ойлгодог. Ер нь тэмц­сэний үр дүнд заавал нэг юманд хүрч байх ёстой. Энийг бид өөрсөд дээрээ үзүүл­нэ гэж ойлгодог. Энэ бүх үүр­гийг ухамсарлаад жагсч бай­гаа болохоос биш ямар нэгэн мөн­гө төгрөгийн асуудал байх­гүй. Та мэдэж байгаа 2004, 2005 оны үед биднийг жагсч байхад ард нь Л.Гүнда­лай байна, М.Энхсайхан бай­на, Б.Эрдэнэбат байна, Ц.Эл­бэг­дорж байна гэж ямар их хард­сан билээ. Тийм биз дээ.

    -Одоо бас Н.Энхбаяр байна гээд л хардаж эхэл­сэн?

    -Хардаад л эхэлнэ. Иргэ­ний нийгэм дэх иргэний идэвх дэндүү сул байгаа тохиолдолд энэ нь эргээд хардалтыг бий болгодог юм болов уу. Гэхдээ дөрвөн жилийн өмнөх Магнай, гурван жилийн өмнөх Магнай, таван жилийн өмнөх Магнайг харьцуулахад одоогийн Маг­най тодорхой хүрээллийг бий болгочихсон хүн гэж би өө­рий­гөө харж байна. Гэхдээ өнөөд­рийн энэ хардалт нэг сонины бич­лэгээр дуусах байх аа гэж би бодож байна.

    -Та бүхэн жагсч, тэмцэж явж юм хийгээгүй биш хий­сэн. Хийсэн зүйлийг тань   барьчихсан байшин шиг харж, үнэлж байсан нийг­мийн тодорхой хэсгийнхэн байгаа. Гэхдээ сүүлдээ нэг л биш болчихсон, өөр зүйл рүү явчихсан гэх шүүмжлэл байдаг. Энэ тухайд та юу хэлэх вэ. Өөрсдөө ч тарж бутарсан, байгуулсан намаа ч орхицгоосон шүү дээ?

    -Магадгүй бид алдсан бол гар­гасан бүх алдааныхаа өм­нөөс уучлал гуйж чадна. Гэх­дээ бидний гаргасан алдаа­наас болж Монголд ядуурсан хүн, зогссон ажил байхгүй гэдэгтэй би 100 хувь санал нийлдэг. Эцсийн эцэст хэдэн луйварчин улсын толгой дээр гарчихсан, ард түмнийх нь 80 хувийг ядууруулчихсан. Өөрсдийн дарангуйллыг бий болгочихсон. Хэдэн залуу гарч тэмцээд, амь амьдралаа­раа хо­хирч үлдээд, эцэст нь нө­гөө­­дүүл нь байрандаа үлдээд, залуучууд нь адгийн шаар болоод дуусна гэж би л лав итгэхгүй байна. Тийм юм байх ёсгүй. Тэгэхээр манай иргэд ч гэсэн асуудлыг их зөв өнц­гөөс харж байх хэрэгтэй. Заавал нэг хардалтын, заавал нэг мөнгө төгрөгтэй холбосон хар сэрээр харах ёсгүй шүү дээ. Гэхдээ бас нэг талаас ар­гагүй дээ. Энэ нийгэм чинь ядуу байна. Ер нь нийгэм ядуу­­рах тусмаа асуудалд их хар­тай ханддаг, юм бүхнийг мөн­гө­тэй холбож хардаг. Сон­гуульд хүртэл сая таван зуун мянган төгрөг амлаад ялчи­хаж байна гэдэг нь энэ нийгэм ямар их мөнгөнд дуртай, асууд­­лыг ямар их зоосны нү­хээр харах дуртайгийн шинж мөн биз дээ. Тэгэхээр иргэд илүү их өөрийнхөө амьдрал дээр асуудлыг тусгаж ха­раа­сай. Магнайгийн ярьж байгаа юмыг сайн тунгаагаасай.   Ялан­гуяа хэний төлөө яриад байгаа юм бэ гэдэг дээр тог­тож сонсоосой. Түүнээс биш зүгээр нэг захиалгатай нийт­лэлийн мөрөөр гүехэн бодож битгий хараасай. Өөрөөр хэл­бэл нөгөө “соотон халтар дүй­вээнээр” гэдэг шиг асуудалд битгий хандаасай гэж би хүс­дэг юм.

    -Долоон сарын 1-нд бас л та жагссан. Хэрвээ жагс­сан гэж хэлж байгаа нь ха­риуц­лагагүй сонсогдвол ууч­лаарай. Та сонгуульд өр­сөлдсөн. Ялагдсан. Мэ­дээж таныг дэмжигчдэд бухим­дал байсан байх. Үүнтэй до­лоон сарын 1-ний үйл явд­лыг зөндөө холбо­сон. Олон түмний бухимдал мэдээж бай­сан. Гэхдээ та нөх­дийг эр­гээд үйл явцыг хумьж дий­лээгүй гэж тайл­бар­ладаг. Тантай тэр явд­лаас хойш уулзаагүй боло­хоор асууж байна л даа?

    -Үнэн. Долдугаар сарын 1-ний үйл явдалд хамгийн ойр байсан хүн нь бол би л дээ. Гэхдээ долдугаар сарын 1-ний үйл явдалд оролцсон олон­хи нь хүүхэд, залуучууд байсан. Ялангуяа 1990 оноос хойш төлөвшсөн шинэ үеийнх­ний төлөөлөл байсан. Бид зүгээр нэг юмыг л ойлгох ёстой юм байна лээ. Ер нь бол нөгөө хонь шиг ноомой, загас шиг дуугүй монголчуудын үе өнгөрч байгаа юм байна гэд­гийг. 1990 оноос хойш эрх чө­лөөний мэдрэмжийг амсчих­сан цоо шинэ үе гарч ирж байгаа юм байна аа гэдгийг хүн хүнээс түрүүлж юуны өмнө эрх баригчид ойлгох ёс­той. Иргэний хөдөлгөөнүүдээс өнгөр­сөн хугацаанд олон шаард­­лага тавьж байсан. Тэр шаардлагаас харамсалтай нь маш цөөхөн асуудлыг хүлээж авч ажил хэрэг болгосон. Тийм болохоор нь тавьсан шаард­лагаа дотор нь орж ажил хэрэг болгоё гээд пар­ла­ментад нэр дэвшсэн. Сон­гуулийг нь луйвардчихсан. Та сая намайг сонгуульд ялагд­сан гэж байна. Би өөрийгөө ялагд­сан гэж боддоггүй. Өнөө­дөр 6000 хүний санал авсан Ц.Нямдорж парламентад сууж байхад, би 30000 хүний санал авсан атлаа луйвардуул­чи­хаад өнөөдөр энд тантай яриад сууж байна шүү дээ. Ир­гэний хөдөлгөөнүүдийн тө­лөө­лөгч­дөд 2008 оны сонгуу­лиар нийтдээ 200-гаад мянган хүн дэмжиж саналаа өгсөн.

    -Таны ялсан гэж үзэж бай­гаа энэ үзүүлэлтийг ямар нэг систем булааж ав­сан юм уу, аль нэг улс тө­рийн хүчин луйвардчихсан юм уу?

    -Би өөрт чинь харин про­цес­сыг ярих гээд байна шүү дээ. Ерөнхийдөө Магнайгийн сонгуулийг луйвардсан нь тодорхой болоод, луйвардсан нөхөр нь уучлал гуйж өөрөө телевизээр уйлаад зөндөө юм болсон ш дээ. Асуудлыг тойр­гийн хороонд тавихад тойр­гийн хо­роо сонгуулийн ерөн­хий хороо мэднэ ээ гэж байгаа юм. СЕХ-нд нь тавихаар бич­чи­хээд аваад ир гээд буцааж байх жишээтэй. Дарга нь Бат­тулга гэж нөхөр байсан та са­наж байгаа байх. Одоо Эрдэ­нэт үйлдвэрт дарга хийж бай­на уу даа. Тэгээд өргөдлөө бич­­гээр аваад хандах гэтэл хаалгаа түгжээд зугтаачихсан. Одоо хаана асуудлаа тавих вэ, хүлээгээд байвал сонгуу­лийн дүн гарах гээд байна тийм ээ, сонгуулийн дүн нэг л гарах юм бол дахиж ухраах ямар ч боломжгүйг та бид хоёр хоёу­лаа мэднэ. Ингээд МАХН-д хан­дах нь хамгийн зүй­тэй гэж үзээд хандсан. Тэнд очиход зохион байгуу­лалт­тайгаар үймээн тарих асууд­лыг ч гэсэн цаад нөх­дийн зүгээс бас хийсэн юм шүү дээ. Энэ дээр би итгэлтэй байгаа. Мэдээж ир­гэд бухим­дал­тай байсан. Яах аргагүй юмаа хулгайд алдсан хүмүүс чинь ууртай байл­гүй яахав. Би тэрийг  зөв­шөөр­нө. Тэр тус­маа сон­гуу­лиа хулгайд алдсан иргэд бол ууртай байсан. Дээ­рээс нь иргэдийг дутуу үнэл­сэн. Тү­рүү­ний миний хэлдэг нө­гөө л нэг хонь шиг номхон, загас шиг дуугүй хүмүүсийг бороо­хой­гоор номхруулчихна гэж ойлгосон байхгүй юу. Гэтэл  тэгээгүй, энэ бүгдийн үр дүнд долдугаар сарын 1-ний үйл явдал болсон. Тэгэхээр дол­дугаар сарын 1-нийг хар өдөр, хар дурсамж гэхээсээ илүү... Гэхдээ энэ дээр тод­руул­га хийхэд, уучлаарай ту­хайн өдөр амь насаа алдсан хү­мүүс, тэдний ар гэрийнхэнд бол яах аргагүй хар өдөр. Үү­нийг би хүлээн зөвшөөрнө. Энэ хүмүүст эмгэнэл илэр­хий­лэх ёстой. Гэхдээ  Монгол Ул­сын түүхэнд энэ үйл явдал бол хараар бичигдэх ёсгүй. Хам­гийн нэгдүгээрт энэ үйл явдлаас сонгууль луйвардаж болохгүй юм байна гэдэг сур­гам­жийг аль аль нь авсан бо­лов уу. Хоёрдугаарт, нэг хүн­дэт­­гэлтэй хандах  ёстой юм байна. Иргэдийн жагсаал цуг­лаа­ныг цагдаагийн хүчээр та­рааж болдоггүй юм байна гэдгийг ойлгох ёстой. Гурав­ду­гаарт, иргэдээс тавьж ирж бай­гаа асуудлыг тухай бүрт нь шийдээд яваад байвал бухим­дал өдий зэрэгт хүртлээ дэв­рэх­гүй гэдгийг эрх баригчид ойлгоосой гэдэг ийм л сур­гам­жууд үлдлээ гэж би ойлгож бай­­гаа. Цагдаа нарын хувьд ч гэсэн ялгаагүй. Иргэдийг буу­даж болохгүй юм байна. Мон­голын цагдаа тушаал бие­лүүл­­лээ гэж ярих дуртай. Тэг­вэл ту­шаал биелүүллээ гэж ярих чинь та нарыг аврахгүй юм байна аа, дарга нар чинь цагаа тулахаар та нарыг өмөө­рөхгүй юм байна, асуудал бо­лохоор та нарыг урдаа бамбай шиг тавь­чихаад, дараа нь яг асуу­­дал шийдэгдэх үед нөгөө дар­га нар чинь өөрсдийнхөө л арь­сыг хамгаалаад явах юм бай­на гэдгийг Монголын цаг­даа ч гэсэн ойлгосон болов уу. “Түү­хийн сайн нь ч миний багш, муу нь ч миний багш” гэж Орост буудуулсан манай Ерөн­хий сайд Амар гуай хэл­сэн. Яг тэрэнтэй адил дол­ду­гаар са­рын 1-ний түүх нь сайн ч бай, муу ч бай бидний багш болж үлдэж байгаа юм. Тийм уч­раас энэ сургамжийг аль аль тал нь өөрийнхөөрөө хү­лээж аваасай, зөвөөр хүлээж аваа­сай.

    -Таныг шоронд хорьсон. Хэр удлаа?

    -60 хоносон.

    -Тэр олон хоног хориг­дож шалгагдах явцад хү­ний­хээ хувьд бас ойртож харилцана биз дээ. Ингэ­хэд манай цагдаа өөрсдий­гөө хэн гэж боддог нөхдүүд байх шиг байна вэ. Өөрс­дийгөө ойлгох ойлголтон дээр нь алдаад байх шиг санагддаг юм?

    -Битгий гомдоорой гээд хэлчихье. Тушаал биелүүл­дэг компьютер шиг л болчих­сон хүмүүс байдаг юм байна лээ. Би ний нуугүй л хэлнэ. Дээрээс нь энэ хүнийг яллах ёстой л гэвэл ялладаг, яллах ёсгүй гэвэл хэнийг ч юунаас ч цэвэрхэн гаргадаг. Миний нүдэн дээр юу юу болсон гэж бодно. Би өөртэйгөө нүүр тулахаас өмнө Монголын шүүх, цагдаа, прокурорыг арай ч ийм түвшинд очсон гэж бодоогүй. Бас арай ч үгүй байлгүй дээ гэсэн бодол хүнд байдаг даа. Тийм бодол надад ч гэсэн байсан. Гэтэл зөвхөн Магнайгийн жолооч болсныхоо төлөө, Магнай­гийн хамгаалагч болсныхоо төлөө, Магнайгийн сонгуу­лийн менежер хийснийхээ төлөө, Магнайгийн сонгуу­лийн сурталчилгаанд явж байсныхаа төлөө 10-аад хүн ял авсан гээд бод доо.

    -Сурталчилгаанд тань ажилласан хүмүүсээс сэт­гүүлчдээс бусад нь бараг яллуулсан байх аа?

    -Сэтгүүлчдээс бусад нь ял авсан. Зүгээр хүний ма­шиныг барьсны төлөө гурван жилийн ял авна гэдэг бол байж боломгүй зүйл байхгүй юу. Тэнд байгаа цагдаагийн нөхдүүд ч гэсэн энэ хүмүүс хэлмэгдэж байна гэдгийг дотроо мэдэж байсан ч гэсэн дээрээс даалгавартай гэдэг нь хөдөлгөөнгүй. Яг махны машин шиг ажиллаж байсан байхгүй юу. Тэгээд ч Монго­лын цагдаа дэндүү аймхай хулчгар, албан тушаалынхаа боол болсон нөхдүүд байдаг. Даргынхаа өөдөөс үг ч хэлж чадахгүй. Ажилгүй байхад л дарга нь суугаад бай гэвэл бүх өрөө нь онгорхой, өрөөн­дөө өдөржин суудаг. Хагас бүтэн сайнгүй суулгадаг. Ядаж илүү цагийнхаа ажлын мөнгийг авчихъя гэж даргын­хаа өөдөөс хэлчихэж чадах­гүй. Тийм зүрхтэй зоригтой аавын хүү байдаггүй юм билээ.

    -Тэд нарт чинь хувийн амьдрал гэж угаасаа “бай­даггүй” шүү дээ?

    -Байх ёстой. Тэр чинь бас хүн шүү дээ. Цагдаа болно гэдэг чинь амьдралаа зо­лиос­лохоос илүү бас л нэг ажил хийж цалин авахын тө­лөө явж байгаа иргэн хүний амьдрал байхгүй юу. Гэтэл тэрийгээ өөрсдөө ойлгодог­гүй. Даргаасаа л айж амьдар­саар насыг бардаг.

    -Тэгсэн хэрнээ өөрс­дий­гөө төрийн цагдаа гэж ярьдаг. Төрийг иргэн гэдэг хар хүчнээс хамгаалдаг улсууд гээд ч ойлгочихсон юм шиг?

    -Яг үнэн. Ерөнхийдөө сэт­гэлгээнийх нь асуудал үнэ­хээр өрөвдмөөр. Та долоон сарын 1-нд ажигласан бол ерөнхийдөө манай цагдаа нар байшин дотор байгаа нь манайх, байшингаас гадаахь нь дайсных гээд л яг цэргүүд шиг хооронд нь хуваагаад байлдсан шүү дээ. Гэтэл тэр гадаа жагссан иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд тэр нөхөд цалин аваад ажиллаж байгаа гэдэг ухам­сар ерөөсөө байхгүй байгаа байхгүй юу. Цагдаа нар хууль сахиулах л үүрэгтэй. Түүнээс биш хэн нэгэн даргын тушаа­лыг биелүүлдэг, хэн нэгэн даргыг хамгаалдаг, хэн нэгэн даргын тушаалаар хүнд эрүүгийн хэрэг үүсгэж барьж хорьдог байж болохгүй.  

    -Та хоригдож гарч ирээд хүчнийхний харгис­лалын тухай тодорхой мэ­дэгдэл хийж байсан. Да­рамт гэж үнэхээр аймшиг­тай юм байх юм уу?

    -Манай хавтаст хэрэг 18000 орчим хуудастай хэрэг болсон л доо. Урьд нь хад­галамж зээлийн хоршооны  хэрэг  л арван хэдэн мянган хуу­дастай гарч байсан. 18000 гэдэг бол ер нь Монго­лын эрүүгийн түүхэнд хам­гийн олон хуудас материал цугларсан ийм хэрэг гэх юм уу даа. Алхам тутамд хууль зөрчигдөж байсан. Хэрэгтэй танилц гээд өглөө есөн ца­гаас шөнийн 22 цаг хүртэл суулгадаг байсан. Ингээд яриад байвал өдий төдий юм бий.

    -Би тэр үед танаас ярилц­лага авъя гэж олон удаа утасдсан. Болоогүй байна, болохгүй гэсэн, хориглосон гэх хариу л өгдөг байсан. Ярилцлага өгөхийг хүртэл нэг хэсэг хориглосон байх аа?

    -Хориглож байсан. Бид бас нэг ярилцлага өгч үзсэн л дээ. Дуудаад л буцаагаад Ганцхудагт хийнэ шүү. Дахиж сонин хэвлэлд хандахгүй шүү гэж хэлж байсан. Сонин хэвлэлд хандчихаараа ч яадаг юм. Манай цагдаа нар бас өөрсдөө улс төр их сайн хийдэг юм билээ. Ямар мэдээллээ алдаж сонин дээр гаргах вэ гэдгээ ч сайн ухамсарладаг улс.

    -”Ганц худаг”-аас гарч ирээд та мэдэгдэл хийсэн. Үнэхээр аймаар юм үзлээ гэж хэлсэн. Үүнийг та бие­махбодь дээрээ суурилж хэлсэн үү, сэтгэлзүйн хувьд хэлсэн үү?

    -Сэтгэл зүйн хувьд л даа. Би гэхдээ тав хоног өлсгөлөн зарласан шүү дээ. Тав хоног ус уугаагүй. Их л хэцүү бол­дог юм байна лээ. Тав хоног ус уухгүй байх гэдэг. Цагдаа нар бол тоглосон байхгүй юу. За, байж бай. Чуулган хурал­даадхаг гээд л.   Дэндүү увай­гүй юм их болсон доо.

    -Иргэний хөдөлгөөний намаа яагаад татаад унага­чихсан бэ?

    -Иргэний хөдөлгөөний нам татан буугдаагүй шүү дээ. Өнөөдрийг хүртэл байгаа.

    -Лидергүй, шошго тө­дий нам уу?

    -Байдгаараа л байгаа.

    -Дарга нь одоо яг ямар хүн байдаг вэ?

    -Анод банкны ерөнхий­лөгч байсан Даваа гуай ажил­лаж байгаа. Бас л хэлмэгдсэн хүн.

    -Хатагтай Ичинноровын тухай сүүлийн үед их ярьж байна. Та энэ тухайд юу гэж бодож байна. МАХН-ыг хамгийн их эсэргүүцдэг байсан хүн биз дээ?

    -Би одоо Ичинноровын сон­голтон дээр тайлбар хий­гээд яахав. Надад ёстой тайл­бар хийх юм алга. Юу болсон юм нарийн учрыг нь мэдэхгүй байна. Ямар ч бай­сан МАХН-д орлоо гэд­гийг нь харсан, харамсч байна.

    -Гэхдээ энэ чинь төрөл арилжсан юм шиг шийдвэр биз дээ. Эсвэл би буруу бодоод байна уу?

    -Би бас тантай яг санал нэг байна. Яагаад гэвэл та бид хоёр яг адилхан мэдээ­лэлтэй байх шиг байна л даа.      

    -Ардчилсан намд орж ирснээрээ тодорхой хэм­жээгээр рейтинг тань буур­сан гэдгийг хүлээн зөв­шөөрөх үү?

    -Үргэлж рейтинг дээшээ байна гэж байхгүй шүү дээ. Зарим хүн муу хэлүүлэхээс айдаг. Бидний хувьд тийм юм байдаггүй юм аа. Хангалттай муу хэлүүлсэн. Та бүхэн мэдэж байгаа даа. Өнгөрсөн 20 жилд ингэж муу хэлүүлсэн хүмүүс байхгүй байх аа. Шүүх, прокурор, цагдаагийн­хан бол айхтар гүтгэдэг юм билээ шүү. Та санаж байгаа бол ялангуяа долдугаар сарын нэгний үеэр цагдаа­гийн хэвлэл мэдээллийн алба бол бараг намын хэвлэл мэдээллийн алба шиг ажилласан байхгүй юу. Сая төгрөг хүмүүст өгч байшин шатаасан, за тэгээд л тэр чулуунуудыг бүгдийг нь голоос зөөсөн, шатдаг тэсэр­дэг бодис савлаад тараасан гээд л. Бүгдээрээ нотлогдоо­гүй. Хурандаа цол гэдэг бол цагдаагийн хамгийн дээд цол нь болов уу гэж би ойлгож байгаа. Ийм цолтой хүмүүс дэндүү хариуцлагагүй, увай­гүй мэдэгдэл хийж нийгмийн сэтгэлзүйг эхнээсээ буруу бэлтгэсэн. Дараа нь нийг­мийн сэтгэлгээ нэгэнт хэл­бэлзчихсэн үед хэн ч буруу­гүй байна аа гээд тавьчих юм бол өөрсдөө эргээд асуу­далд унах учраас ямар ч байсан хүмүүсийг шоронд хийх ёстой гэдэг ойлголтоор 200, 300-аар нь шоронд хий­сэн ш дээ. Эхнээсээ мөрдөн байцаалтаа зөв хийгээд асуудал ийм болсон юм байна, иргэд зүгээр бухимд­сан юм байна, зохион байгуу­лалт байгаагүй юм байна гэд­гийг ойлгосон бол юм арай өөрөөр явах ёстой байсан.

    -Ардчилсан намд орс­ноор байгаа бүхнээ зо­лиос­лож тэмцсэн үнэ цэн тань юу болж хувирсан бэ. Энэ нам чинь бас орж ир­сэн болгон гараад ирдэггүй нам шүү дээ. Юуг алдсан, юуг олсон юм бэ гэвэл?

    -Өнгөрсөн сонгуулиар би нэг л юм харсан. Би сон­гуульд бол ялж чадах юм байна. Гэхдээ АН, МАХН хоёрын аль нэгээс нэр дэв­шиж байж л ялах юм байна гэдгийг. Тэгээд бас сонгууль гэдэг өөрөө тохироо юм байна гэдэг нь харагдсан л даа. Бас залуу хүмүүс дэндүү гэгээн цагаанаар асуудлыг боддог юм байна лээ. Муу санаа нь багаддаг юм байна лээ. Гэхдээ хүмүүс нэг юмыг ойлгох хэрэгтэй. АН-ын лидерүүд бол яах аргагүй өөрсдөө хувьсгал хийж гарч ирсэн улсууд. МАХН-ынх­наас дэндүү ялгаатай шүү дээ. МАХН-ынхан бол шат шатаараа, дараа дараагийн үе үеэрээ гардаг бол АН-ынхан тэмцэж байж гарч ир­сэн хүмүүс. АН-ын залуучуу­дад ч гэсэн намын ахмадуу­дын хэлдэг үг бол үзэж бай­гаад гараад ирээрэй залуу­чуудаа л гэдэг. Би ч гэсэн үүнийг их зөв үг гэж хүлээж авдаг. Ялангуяа улс төр гэдэг бол өөрөө уриалгагүй л салбар. Чиний ээлж боллоо гэж хэн ч хэлэхгүй, чи л өөрөө ээлжээ болсноо мэдүүлэхгүй бол хэн ч чамайг нэрээр чинь дуудахгүй шүү дээ. Тэгэхээр хувь хүний идэвх чармайлт, өөрийнх нь манлайлах чад­вар гэдэг илүү чухал гэж би хардаг.

    -Намын гишүүн хүн, тэр тусмаа эрх барилцаж бай­гаа намын гишүүн ийм айх­тар дур зоргоороо жагсана, цуглана гэж аашилж болж байгаа юм уу. Нам тань яаж хүлээж авах бол?

    -АН бол нэг хувь хүний ч юм уу нэг хэсэг бүлэг хүмүү­сийн нам биш. АН бол энэ Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөний өмнө үүрэг хариуцлага хүлээдэг нам гэж би ойлгодог л доо. Үнэндээ АН, МАХН-тай ингэж нэг дороо удаан байх юм бол АН-д л ашиггүй. Энийг бол хүн болгон харж байгаа. Тэгэхээр энэ намыг урт хуга­цаанд байлгая, урт хуга­цаанд Монголын цаашдын улс төрийг тодорхойлуулъя гэж байгаа бол өнөөдөр энэ хамтарсан Засгийн газраас гаргах л ёстой гэж би ойлго­дог. Гэхдээ энэ бол миний хувийн байр суурь.

    -Танай нам дотор ийм байр сурьтай хүн олон байгаа юу?

    -Маш олон байгаа. Ард түмэн хэнийг сонгосон тэр нь олонхи болдог. Сонгогдоогүй нь цөөнх болж эрх баригч­дынхаа бодлого шийдвэрийг хянадаг. Ер нь стандарт бус энэ тэр гэж зарим нэг нүдний шилтэй хүний яриад байдаг юм бол яах аргагүй манай нийгэмд сайнаасаа илүү муу юмыг бий болгож байна. Нэг хэсэг стандарт бус шийдвэр гаргадаг гээд нөхдүүд хөөрөөд бие биеэ магтаад байсан, одоо стандарт бус шийдвэр нь яваандаа бүтцээ, нийгмийнхээ үндэс суурийг байхгүй болгож байна. Цааш­даа юугаар ч нөхөхгүй том алдаа гарна л гэж би хардаг юм. Гэхдээ үүнийг засч залруулах хэрэгтэй. Ямар ч үед боломж байдаг. Засч залруулах үүрэг хариуцлага нь магадгүй энийг зөвөөр харж байгаа хүмүүст илүү байгаа болов уу.  

    -Одоо 1.5 саяа өгч ча­дах­гүй нь ойлгомжтой бол­лоо гэж хүмүүс ярьцгааж байна?

    -Анхнаасаа сая таван зуун мянган төгрөг өгөх боломжгүй  л байсан байхгүй юү. Эдийн засагт маань энэ амлалтыг нь даах чадал байхгүй шүү дээ. Амлалт бол хатуу зүйл байдаг. Амлалтыг нэхэх нь нөгөө талаас ард түмний эрхийн асуудал. МАХН сонгуульд ялсан. Сая таван зуун мянган төгрөг өгнө гэж илүү амлалт өгч ялсан. Тэгэхээр МАХН-ын хүлээж байгаа үүрэг нь. МАХН пар­ламентад 46 суудалтай нам. Тэгэхээр МАХН-аас амлал­тыг нь нэхэх ёстой. Хувьсгалт нам ардчилсан намд хайр­тайдаа засагт оруулаагүй. Айсандаа л оруулсан шүү дээ. АН өөрсдөө нөхцөл тавьж орсон болохоос гуйж засагт ороогүй. Энийг бол манай засагт орсон нөхдүүд цаг ямагт ойлгож байх хэрэг­тэй. Тэгэхгүй хүний хөнжилд өөрөө гүйгээд орчихсон юм шиг л үргэлж муу хэлүүлээд, үргэлж л загнуулчихсан, айлын хатавчинд сууж бай­гаа хүүхэд шиг байх шаард­лагагүй.

    -Н.Алтанхуяг дарга нэг ярилцлагадаа Магнай нарын тэр нөхдийг манай нам хүнд үед нь авсан. Одоо тэгээд юу хийгээд явааг нь ойлгохгүй л байна гэсэн утгатай битүү үг чулуудсан байсан?

    -МАХН бол зүгээр л нэг нам. АН-ын хувьд бол энэ эх орон, энэ Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө, ард­чил­лын үнэт зүйлсийг бий болгож байгаа, бэхжүүлж байгаа нийгэмд тэр үүргийг хүлээж явдаг намын хувьд АН-ын лидер өөрөө жинхэнэ лидер байх ёстой. Түүнээс биш энгийн нэг хулчгар нөхөр АН-ын олон зуун гишүүнийг төлөөлөөд тэнд сууж байна гэдэг өөрөө бас ичгэвтэр зүйл. Яах аргагүй намын дарга гэдэг бол намын нүүр царай. Би бол АН-ын даргыг хувьдаа тэмцэгч чанартай, иргэнлэг байр суурьтай, зарчимдаа хатуу, тэр дундаа МАХН-тай зарим нэг зүйл дээр огт тохирдоггүй тийм хүн байх ёстой гэж ойлгодог. МАХН-ыг үзэн яддаггүй юмаа гэхэд зарчмын хувьд МАХН-ын зарим зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй хүн АН-ын дарга байх ёстой. Үнэндээ АН-ын дарга МАХН-д дуудаг­даж очдог сул фигур бай­мааргүй байна. Тэгээд ч хувьсгалт намтай бүх юмаа­раа адилхан дарга байвал ардчилсан нам, хувьсгалт нам хоёрын ялгаа ч гарч ирэхгүй. Одоо бол нөгөө хар үгээр хэлэх юм бол унтаж хэвтэх боломжтой болгон нь хоорондоо унтаад хэвтчих­сэн ийм л нийгэм болчихлоо ш дээ.

    -Та бас ардчилсан хүчний холбоонд орсон. Ардчилсан хүчний холбоог сүүлийн үед нэлээд хардаж байгаа. АН-ын өнөөдрийн удирдлагыг халах солих гэсэн зорилготой байдаг л нэг хуйвалдааны бүлэглэл гээд л. З.Энхболд гишүүн рүү жишээ нь дайраад эхэлсэн. Яагаад ардчилсан хүчний холбоог чиглэсэн хардлага яваад байна вэ. Хүчиндээ байна уу?                   

    -Яах аргагүй хүчтэй хү­мүүс нэг дор цугларсанд л байгаа болов уу гэж би харж байна. Ардчилсан хүчний холбоо бол зүгээр нэг намын даргыг солих хэмжээний тийм жижиг зорилготой бүтэц биш ээ.

    -З.Энхболдыг намын даргад зүтгүүлэхээр нэгд­сэн фракц гэх маягийн ойлголт явж байх шиг байна лээ?

    -З.Энхболд бол яах аргагүй хүчтэй лидер. Би АН-ын даргыг яг З.Энхболд шиг хүн байгаасай гэж хүсдэг. Тэгэхээр энэ үүднээс л гаднаас дайралт ирж байгаа юм байлгүй дээ. Ер нь бөм­бөгтэй тоглогч руу л хүмүүс очдог юм ш дээ. Тэгэхээр ардчилсан хүчний холбоонд бөмбөг байгаа юм байлгүй.

    -Танд сүүлийн асуултыг үлдээе?

    -Би нэг л юманд итгэдэг. Юу вэ гэхээр тэмцэгч ард түмэн хэзээ ч алддаггүй гэ­дэгт. Би Францын ард түмэн, Солонгосын ард түмнээр жишээ татаж ярих дуртай. Ир­гэд гэдэг чинь өөрсдөө ир­гэ­ний идэвхтэй, өөрийнхөө амьдралд эзэн болдог, өө­рийн­хөө ядуурал, амьд­ра­лын болж бүтэхгүй байгаа бүх юмыг зөвхөн өөрийн бу­руу гэж харахаас илүү бас дарга нараасаа хайдаг байх хэрэгтэй. Аль ч нийгэмд гур­ваас таван хувийн ядуурал бай­хад энгийн үзэгдэл. Ха­рин ядуурал 80 хувьд хүрнэ гэдэг бол яах аргагүй төрийн буруу бодлого л гэж ойлгох хэрэгтэй. Ард түмэн өөрс­дийн­хөө нийгмийн идэв­хийг сэргээж, амь амьдра­лынхаа төлөө тэмцэх цаг болсон. Тэмцэх хэрэгтэй, ер нь иргэд тэмцсэний эцэст л жаргадаг. Тэмцэгч, халуун цустай ард түмэн бол алддаггүй юм аа.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан