Х.Бадамсүрэн: Уул уурхайг тойрсон асуудлаар зөв мэдээлэл, цэгцтэй ойлголт, нэгдсэн байр суурьт хүрч чадаагүйгээс болж асар их боломжийг алдаж байна

    “Ярилцъя” энэ удаа УИХ-ын гишүүн, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн шинжлэх ухааны доктор /Sc.D/ Х.БАДАМСҮРЭНТЭЙ ярилцлаа.


    -Стратегийн ордуудыг эргэлтэд оруулах эхний алхмууд хийгдэж эхэлс­нээ­рээ өнгөрсөн оныг түүхэн он болж өнгөрлөө гэж дүг­нэц­гээж байна. Бас нийг­мийн маань цөөн хэсэг энэ гэрээнд эргэлзэж байгаа. Та ажлын хэсгийг ахалж ажил­ла­сан. Нэгэнт шийдчихсэн, гольдролдоо ороод явж байгаа зүйлтэй эргэж но­цол­дох сонирхол алга. Гэх­дээ танд ерөнхийд нь авч үзээд үнэлж дүгнэсэн бодол байгаа байх?

    -Монгол Улсын эдийн за­сагт тулгуур хоёр багана байна гэж би үздэг. Нэгдүгээрт, манай уламжлалт мал аж ахуй, газар тариалан хөдөө аж ахуйн салбар. Хоёрдугаарт газ­рын хэвлийн баялаг, эрд­сийн баялаг дээр суурилсан уул уурхайн салбар. Энэ сал­бар бол гарцаа байхгүй хоёр дахь том багана. Бид уул уур­хайн салбарыг тойрч олон жил ярилаа. Салбар маань ч удах­гүй 90 нас зооглох гэж байна. 1970-аад оны эхээр уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр баригдсанаар эрчимтэй хөгж­лийн он жилүүд эхэлсэн. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсын экспортын хэм­жээ эрс нэмэгдсэн. Ордуудыг түшиглэж дэд бүтэц, орчин үеийн шинэ хотууд бий болсон. Энэ үйлдвэрийн төсвөөр дам­жуул­сан ашиг, үр өгөөжийг хүр­тэх нөхцөл үүссэн. Энэ бол 1980-аад оны сүүл үе. Тэ­гээд зах зээлийн эдийн зас­гийн харилцаанд шилжсэн. Энэ бол бидний хувьд цоо шинэ эх­лэл байсан. Шилжилтийн үеийн энэ ороо бусгаа цаг үед хаа хаанаа үйлдвэрүүд маань суларч, ирээдүй нь тодорхой биш болон байдал хэцүүдэж ирсэн. Ямар замаар ард түм­нээ нэг их өлсүүлчихгүй авч гарах вэ гэж бас л дээр дороо бодсон, бужигнасан ийм л цаг үе байсан даа.

    -Та мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарыг яагаад тулгуур багануудын нэгэнд тооцож байгаа юм бэ. Өн­гөр­сөн нийгэмд л энэ сал­ба­рын нөлөө өндөр байсан. Одоо бол унтарч, хэцүүдэж байгаа салбар шүү дээ?

    -Манай улсын эдийн зас­гийн үндсэн тулгуур багана бол уламжлалт мал аж ахуй буюу буянт таван хошуу мал маань л байсан шүү дээ. Үүн дээр газар тариалан нэмэгдээд хөдөө аж ахуйн салбар юм. Мал аж ахуйгаа бүр ингэж үл ой­шоож болохгүй. Хөдөөгийн ард иргэдийн маань амь­жир­гаа юун дээр тогтож байна гэд­гийг эрхбиш та мэдэхгүй бай­маар­гүйсэн.

    -Уул уурхайн асуудлаар үгийг нь сонсчихмоор жин­хэнэ мэргэжлийн кадр пар­ла­ментад танаас өөр байх­гүй. Тэгэхээр уул уурхайн салбарын үүргийг онц­гой­лон үзэж буй өнөө үед нэ­гэнт уулзсаных уул уур­хай­гаа л ярья?  

    -Тэгье ээ. Мэргэжлийн хүнд мэргэжлийн салбараа яри­хаас өөр чухал юм угаасаа байхгүй.

    -Мэддэг юм аа ярья гэж томорч ч болно шүү дээ, таны хувьд?

    -Ах нь онгироо хүн биш. (инээв) Манай уул уурхайн салбарын улсын эдийн засагт оруулж буй хувь нэмэр тогт­мол өсөн нэмэгдэж байна. Энэ салбар эх орныхоо аж үйлд­вэрийн нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувь, улсын нийт экс­портын 80 шахам хувийг гар­га­даг боллоо. Ер нь Монгол Ул­сын ашигт малтмалын салбар хөгжил дэвшлийн нэн онцгой цаг үед тулж ирлээ л дээ. Энэ цаг үед төр засгаас ил тод, хариуцлагатай уул уурхай хөгжүүлэхийг зорьж байна. Улсын Их Хурлын даргын захирамжаар Эрдэс баялгийн сал­барын эрх зүйн орчныг бо­ловсронгуй болгох, тус сал­барт төрөөс баримтлах бод­ло­гын баримт бичиг болон стра­те­гийн ач холбогдолтой то­моо­хон ордуудыг ашиглах хө­рөнгө оруулалтын гэрээ­нүү­дийн төслийг Улсын Их Хур­лын чуулганы хуралдаанаар хэ­лэл­цүүлэх бэлтгэлийг хан­гах үүрэгтэй ажлын хэсэг бай­гуу­лагдан ажиллаж байгааг та бү­хэн мэдэж байгаа. Бид аж­лаа илүү үр дүнтэй, оновчтой, түргэн шуурхай зохион бай­гуу­лахын тулд зэс, үнэт ме­талл, нүүрс, төмөр гээд ашигт малт­малын төрлүүдээр бод­лого, хөтөлбөр боловсруулах аж­лын дэд хэсгүүдийг бай­гуу­лан ажиллаж байна. Мөн түүнч­­лэн уул уурхайн сал­ба­рын үйл ажиллагааг дэд бү­тэц­гүйгээр төсөөлөх арга­гүй юм. Тийм ч учраас уул уурхайн үйлд­вэрлэлийн хөгжлийг өө­рийн орны төмөр зам, эрчим хүч, хотжилтын бодлоготой уял­дуулах чиглэлээр манай аж­л­ын хэсгийн хүрээнд ажлын дэд хэсгүүдийг ажиллуулж байна.

    -Дэд хэсгүүд ямар бүрэл­дэ­хүүнтэй ажиллаж байна?

    -Дэд хэсгүүдийн бүрэл­дэ­хүүнд УИХ-ын гишүүдээс гад­на холбогдох яамдын алба­ны хүмүүс, салбарын эрдэмтэд, мэргэжилтнүүдийн төлөөлөл орж байгаа. Бид салбарынхаа бод­лого, эрх зүйн орчинг бо­ловс­ронгуй болгох, тул­гамд­сан асуудлуудыг цэгцлэн шийд­вэрлэх талаар бодитой санал дүгнэлт гаргачихна гэж бодож байгаа шүү.

    -Дээд төвшнийхний гар­га­сан бодлого шийдвэр ха­рамсалтай нь асар их шүүмж­­­лэл дагуулдаг. Ялан­гуяа танай уул уурхайн сал­бар бүх цэцэн мэргэдийн гарч ирж тоглодог талбар бол­чихлоо. Телевизээр харж байгаа биз дээ. Бүгд уул уурхайн “мэр­гэ­жилт­нүүд” болчихсон хашгираад л?  

    -Ер нь улс орны хэм­жээ­ний томоохон тухайлбал, ашигт малтмал, уул уурхайг тойр­сон асуудлуудаар хаа хаа­наа үнэн зөв мэдээлэл, цэгц­тэй ойлголттой болоогүй, нэгдсэн байр суурьт хүрч ча­даа­гүйгээс болж ихээхэн цаг ху­га­цаа, боломжийг алдаж бай­на. Юун түрүүн бухимдаж, бу­руу­шааж байдаг зангаа бид жаа­хан хойш тавимаар байна. Гэвч амьдрал юм болохоор эл­дэв явдлаар дүүрэн юм даа. На­дад бол салбарын маань ирээ­дүй, хэтийн төлөв гэрэл гэ­гээтэй, сайн сайхнаар тө­сөө­лөгддөг. Бас энэ маань зү­гээр нэг романтик төсөөлөл биш юм.  

    -Оюутолгойн гэрээний техник, эдийн засгийн үн­дэс­лэл нь яагаад хуулийн ху­га­цаандаа гараагүй юм бэ. Бөөн хэл үг дагуулсан?

    -Хөрөнгө оруулалтын гэ­рээ байгуулах асуудал маань өөрөө хэд хэдэн Засгийн га­зар дамжиж яригдсан шүү дээ. Гэхдээ л техник, эдийн зас­гийн үндэслэлийг хугацаанд нь хийчих боломж байсан. Гэрээг хэлэлцэх явцад энэ асуудал яригдаж л байсан. Гишүүд бол энэ чиглэлээр хатуу байр суурьтай байсан. Урьдчилсан байдлаар бол техник, эдийн засгийн үн­дэс­лэлийг танилцуулж байсан.  

    -Яамдад бодлогын гол концепциуд дээр ажилладаг боловсон хүчин дэндүү туниагүй болчихсон юм биш үү. Дандаа намын, дарга нарын томилгоо хийгдсээр байгаад...?

    -Ерөөсөө томоохон бод­лого гаргах, тэрийг цэгцтэй хэ­рэг­жүүлэх асуудал чинь хү­ний хүчин зүйлээс л шууд шалт­гаална. Энэ үүднээс аваад үзэхээр манай  яамдын бо­лов­сон хүчний бодлого үндсэндээ алдагд­чихсан. Эрдэс баял­гийн салбарт бол бүр их алдагд­­сан. Боловсон хүчний шал­гуур улс төр тал руугаа хэт их тавигддаг болчихсон байх­гүй юу. Зөвхөн улс тө­рийн өнгө аясаар хүнд шалгуур тавиад явах юм бол цаашдаа энэ улс орон яах юм. Мэр­гэж­лийн салбарын бодлогыг улс төрийн хэмжүүрээр арчиж баллаж хаяж хэрхэвч болох­гүй. Оюутолгойн хувьд бол шин­жилгээ судалгаа, геологи хайгуулын ажлыг нь гадаадын хөрөнгө оруулалтаар хийсэн. Лицензийг нь гадаадын ком­пани эзэмшиж байна. Оюутол­гойн асуудал яригдаад 10 га­руй жил болчихлоо. Цаг хуга­цаа хурдан явж байна шүү дээ. Судалгааны ажил үндсэндээ дуусах шатандаа орлоо. Гэх­дээ том орд учраас геологи хайгуулын ажил цаашид ч үргэлжилнэ. Дэлхийн жишиг ч ийм л байдаг. Одоогоор урьд­чилан тогтоогоод байгаа нөөц баялгийн хэмжээ хангалттай байна. Бүртгэгдсэн нөөцийн хувьд авч үзэхэд хүдэр дэх зэс 26,0 сая гаруй тонн, алт 1000 орчим тонн. Эрдэнэтийн овоо­ны зэсийн ордыг ашиглаж эх­лэхэд зэсийн нөөц 10 сая тон­ноор үнэлэгдэж байсан санагдаж байна. Түүнтэй харь­цуулахад бараг гурав дахин их бай­гаа биз дээ.

    -Алтны нөөцийнхөө хувьд?

    -Алтных нь хувьд аваад үзье. Ордын нөөц, нөөцийн тархалт, уул-геологийн нөх­цө­лөөс хамаараад жилд 20-40 тонн алт олборлох боломжтой гэсэн тооцоо гарч байна. Энэ нь өнөөдөр улсын хэмжээгээр олборлож байгаа алтаас даруй хэд дахин их гэсэн үг. Энэ бол валют санхүүгийн бодит бо­ломж. Уул уурхайн салбар түү­хэн хөгжлийнхөө 87 жилд нийт 80 гаруй тонн алт олборлосон байх. Ордын хүдрийн нөөцийг та бидний сайн мэдэх Эр­дэ­нэтийн Уулын баяжуулах үйлд­вэ­рийн хүчин чад­лаар ашиг­лая гэж бодоход 100 гаруй жилд хүрэлцэхүйц нөөц. Тэ­гээд бодохоор үнэхээр гай­хам­­шигтай, агуу том орд. Энэ бол манай орны давуу тал, монголчууд бидэнд байгаа бодит боломжийг харуулах үзүү­лэлтийн нэг гарцаагүй мөн. Хөгжил дэвшлийн үндэс суурь, түлхүүр гэдгийг хэлэх нь илүүц байх. Оюутолгой, Та­вантолгойн орд бол Монголын ард түмний буян заяа түшсэн нөөц баялаг. Гэхдээ 200-300 жилийн дараа, тэр ч байтугай 100 жилийн дараа зэс, нүүрс­ний эрэлт хэрэгцээ, үнэ цэн  ямар байхыг төсөөлж таа­маг­лахад хэцүү шүү дээ. Бурхан л мэдэх байх /инээв/. Тийм бо­лохоор эдгээр ордыг ашиг­лаж, улс орноо хөгжүүлж, амьд­рал ахуйгаа дээшлүүлэх нь зөв биз дээ. Харамсалтай нь Та­вантолгой, Оюутолгойн асуу­­дал бүрхэг байдалд, тод­руул­бал гацаанд ороод удсан шүү дээ. Ард түмний дунд хү­лээлт үүсчихсэн байлаа. Энэ удаагийн УИХ, Засгийн газар асуудлыг гацаанаас гаргаж чад­лаа. Ямар ч байсан Оюу­тол­гойн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдлээ. Тавантолгойн ордыг ашиглах ажил Ухаа­ху­дагийн хэсгээс эхэллээ. Бид­ний ярьдгаар галт тэрэг хө­дөл­лөө. Ажлын ахиц өөрчлөлт гарч байна. Эзэн хичээвэл заяа түшинэ гэдэг. Одоо ажиллах л хэ­рэг­тэй.

    -Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, техник, эдийн засгийн үндэслэлийн талаар тодотгож жаахан ярья. Түрүүн хуулийн хуга­цаанд яагаад гаргаагүйг л асуугаад орхисон?

    -Хөрөнгө оруулалтын гэ­рээ­ний талаар Ашигт малт­ма­лын тухай 2006 оны хуулийн 29 дүгээр зүйлд хуульчилж өгсөн байдаг. Тухайлбал, энэ хуулийн 29.2-т  зааснаар хө­рөн­гө оруулалтын гэрээг Мон­гол Улсын Засгийн газрын эрх олгосноор Санхүү, геологи, уул уурхайн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Зас­гийн газрын гишүүд хамтран хөрөнгө оруулагчтай байгуул­на гэж хуульчилсан. Мөн хуу­лийн 30 дугаар заалтын дагуу хөрөнгө оруулагч нь гэрээний төслийг дээр дурдсан төрийн захиргааны төв байгуул­ла­гуу­дад хүргүүлэх учиртай. Хөрөн­гө оруулалтын гэрээний тө­сөлд хавсаргах ёстой бичиг ба­римтуудын жагсаалтыг хуу­лийн 30.1.1-д эхний таван жилд оруулах хөрөнгийн хэмжээ, хугацаа, үйлдвэрийн хүчин чадал, бүтээгдэхүүний нэр төрөл, орд ашиглах арга, технологийн талаархи мэдээ­лэл, техник, эдийн засгийн үн­дэс­лэл, 30.1.2-д тухайн ордын нөө­цийг улсын нөөцийн нэгд­сэн бүртгэлд бүртгэсэн тухай Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тэмдэглэл гэж тус тус заасан. Ер нь бол уул уур­хайн үйлдвэрийг барьж бай­гуу­лах үндэс, амин сүнс нь улсын балансад бүртгэж ба­тал­гаажсан нөөц юм л даа. Нөөц баялгийг ямар хүчин чад­лаар, хэрхэн үр ашигтай ашиг­лах вэ гэдгийг тооцсон техник, эдийн засгийн үндэс­лэл бо­ловс­руулах учиртай. ТЭЗҮ бол ту­хайн үйлдвэрийн дүр төр­хийг харуулах үндсэн бичиг баримт юм. Оюутолгойн хө­рөн­гө оруулалтын гэрээг УИХ-д Засгийн газрын ажлын хэс­гээс танилцуулахдаа ТЭЗҮ-ийн үндсэн үзүүлэлтүүдийг үндэс болгож байсан. УИХ хуулийн дагуу хөрөнгө оруу­лал­тын гэрээний төслийг хэ­лэл­цэж, бүрэн эрхийнхээ хү­рээнд Оюу­толгойн ордыг ашиг­лах хөрөнгө оруулалтын гэ­рээний тухай 57 дугаар тог­тоо­лыг 2009 оны долдугаар сарын 16-ны өдөр гаргасан. Уг тог­тоо­лоор Оюутолгой ордыг ашиг­лах­тай холбогдуулан хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тог­тоом­жид ний­цүү­лэн Улсын Их Хурлын 2008 оны ар­ван­хоёр­дугаар сарын 04-ний өдрийн 40 дүгээр тог­тоолоор ба­тал­сан үндсэн зар­чим, удир­дамж, Эдийн засгийн байнгын хо­рооны 2009 оны тавдугаар са­рын 08-ны өдрийн санал, дүг­нэл­тийг харгалзан бай­гуу­ла­хыг Засгийн газарт зөв­шөөр­сөн юм. Энэ үндсэн дээр Оюу­толгойн хөрөнгө оруу­лал­тын гэрээ эцэслэн боловс­руу­лагдаж, Засгийн газар болон хө­рөнгө оруулагч талууд уг гэ­рээг 2009 оны аравдугаар са­рын 12-ны өдөр байгуулсан шүү дээ.

    -Одоо бидний мэдэхээр олон жил яригдаж байгаа Тавантолгойн ордын сэдэв рүү оръё?

    -Тавантолгойн ордыг эдийн зас­гийн эргэлтэд оруулах нь хүлээгдсэн, бас тулгамдсан асуудал мөнөөс мөн. Ерөнхийдөө энэ ордын талаар 40 гаруй жил яригдсан л даа. МАХН-ын дарга С.Баяр Монгол Улсын Ерөнхий сайдаар томилог­доод хийсэн томоо­хон тодорхой ажлуудын нэг нь олон жил яригдсан Тавантолгойн ордын асуудлыг тө­рийн зохицуулалттай­гаар ажил хэрэг болгохыг зорьсон алхам байсан. Уг орд нь геологийн хэсгээс бүрддэг л дээ. Тавантолгойн ордын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан “Энержи ресурс” компанитай гэрээ хэлцэл хийх замаар уг ордын тусгай зөвшөөрлийг төрийн мэдэлд авч, өнгөрсөн хугацаанд “Энержи ресурс” компаниас хийсэн судалгаа шинжилгээний ажил, бусад зардлын нөхөн төлбөр болгож, уг ордын Ухаа­худагийн хэсгийг тус компанийн мэ­дэлд үлдээсэн. Ийнхүү Тавантол­гойн ордын тусгай зөвшөөрөл төрийн мэ­дэлд шилжиж, уг ордын зургаан тэр­бум гаруй тонн нүүрсний нөөц баял­гийг эдийн засгийн эр­гэлтэд оруулах асуудал бодитой­гоор яригдаж эхэл­сэн. Энэ бол манай улсын эдийн засагт томоохон тус нэмэртэй, говийн бүсийн хөгжилд чухал ач холбогдол­той төсөл юм. Тавантолгойн орд бол нөөц баялгийн хувьд агуу их,  нүүрс­ний чанарын хувьд ч хосгүй орд. Монголчууд бидний жинхэнэ үүц. Энэ үүцээ дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралтай үед ашиглаж эхлэх талаар монголчууд бид бодож сэтгэж, тооцож, ухаанаа уралдуулж байна. Ингэхээс ч өөр арга алга. Энд том бүтээн байгуулалт өрнөх учиртай. Ингэснээр үйлдвэр уурхайг барьж байгуулахаас эхлээд олон мянган ажлын байр шинээр бий болно. Энэ ордыг түшиглүүлэн Уул уурхай-Эрчим хүч-Кокс, химийн цогцолбор барьж байгуулах учиртай. Энэ цогцолборт ажиллах үндэсний боловсон хүчнийг бэлтгэх ажлыг нэн яаралтай эхлүүлэх шаардлагатай. Боловсон хүчнийг сургаж, дадлага­жуулах ажилд мөн л олон монгол хүн хамаарагдана. Энэ нь санхүү­гийн хүндрэл бэрхшээлийг давж туулахад тус дөхөм болох нь дамжиггүй. Ер нь ч тэгээд хямралыг амжилттай даван туулахын зэрэгцээ хямралын да­раахь үеийг бид бодолцох шаардла­гатай. Энэ том цогцолборыг барьж байгуу­лахад наанадаж гурван жил хэрэгтэй л дээ. Ийм хугацаанд яаж ч бодсон санхүү, эдийн засгийн хямрал  дуусах нь ойлгомжтой. Ашигт малт­малын га­ралтай түүхий эдийн эрэлт хэрэгцээ ч нэмэгдэж, үнэ ханш өсөх нь то­дорхой.  Ийм учраас бид эрэлт хэ­рэг­цээ, үнэ ханшны өсөлтийг угтуу­лаад үйлдвэр уурхайгаа барьж байгуулах нь онцгой ач холбог­долтой юм. Энэ л зорилгоор УИХ 2008 оны 40 дүгээр тогтоолоороо Та­вантол­гойн нүүрсний ордыг хам­тарч ашиг­лах хөрөнгө оруулалтын гэрээг бай­гуулах үндсэн зарчим, удирдамжийг баталж, Зас­гийн газар­таа үүрэг чиг­лэл болгосон л доо. УИХ-аас өгсөн удирдамж чиглэ­лийн дагуу Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчид­тай яриа хэлцэл хийж байгаа. Гадаадын улс орнуу­дын нэр хүндтэй, нүүрсний үйлдвэр­лэлийн болон зах зээлийн талаар дадлага туршлага­тай томоо­хон ком­паниуд Тавантол­гойн ордыг хамтарч ашиглах талаар хүсэл сонирхлоо илэрхийлэн манай Засгийн газартай яриа хэлцэл хийж байна. Цаг хуга­цаа ч явж л байна. Гэрээ байгуу­лах үндсэн зарчим, удирдамж чиглэл батлагдса­наас хойш бараг 15 сар өнгөрчээ. Энэ бол ямар ч ажлыг ам­жуулж болох хугацаа л даа. Яа­равч­лах түргэвчлэх л шаардлагатай байна.

    -Цаашид нүүрс олборлох аж­лыг ямар байдлаар өрнүүлбэл би­дэнд илүү ашигтай вэ. Мэргэж­лийн хүний хувьд санаж бодож байдаг юм зөндөө л байгаа байх?

    -Тавантолгой нүүрсний орд нь геологийн таван хэсгээс бүрдэж байгааг би дээр хэлсэн. Тэдгээрийн  нөөц баялаг, ашиглалт явуулах уул-техникийн  нөхцөл зэргийг мэргэж­лийн түвшинд авч үзэхэд геологийн хэсэг бүрт бие даасан ил уурхай ажиллуулах боломж зарчмын хувьд харагдаж байгаа бөгөөд нийлбэр дүнгээр  40-50 сая тн нүүрс жилд олбор­­лож болох тооцоо гарч байна. Юуны өмнө нүүрс баяжуулах фаб­рикийг барьж, нүүрсний баяжмал гаргадаг болох хэрэгтэй. Энэ нь дараа дараагийн шат дамжлагуудад өртөг зардал хэмнэх, монгол нүүрс­ний үнэ цэнийг өсгөх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чухал алхам болно. Олборлох нүүрсний дийлэнх хэсэг нь буюу 30 сая гаруй тонн нь эрчим хүч­ний нүүрс байх төлөвтэй байна. Ийм хэмжээний нүүрсийг экс­портлох уу? Дотоодын хэрэглээг бий болгоод ашиг­лах уу гэдэг асуудал гарна л даа. Мэдээж том хүчин чад­лын цахилгаан станцыг барьж байгуулах нь зүйтэй. Энэ нь эрчим хүчний нүүрсний нэмэлт хэ­рэглээг бий болгож, эцсийн бүтээг­дэ­­хүүн бу­юу цахилгаан эрчим хүч үйлдвэр­лэж, өөрийн орны төвийн эрчим хүчний системийн найдвар­тай үйл ажилла­гааг хангаж, экспор­тын шинэ эх үүс­вэрийг нэмэгдүүлэх ач хол­­бог­долтой юм. Түүнчлэн нүүр­сийг гүн боловс­руу­лах үйлдвэрийг байгуу­лах асууд­лыг ч цогц байдлаар авч үзэх нь зүйтэй. Шинээр баригдах ца­хил­­гаан станцын болон нүүрс бо­ловс­­­руу­лах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг жич на­рийвч­лан гаргах шаардла­гатай л даа.

    -Тавантолгойн талаархи гэрээ хэлцлийг яаравчлах, эдийн зас­гийн эргэлтэд оруулах талаар бүгд л ярьж байна. Гэхдээ бид үр өгөөжийнх нь талаар нэмэлт тайлбаруудыг илүү сайн сонс­моор байна?

    -Ер нь л аливаа ордын тогтоц, уул-геологийн нөхцөл нь байгалийн­хаа хууль жамаар бүрэлдэн бий болдог л доо. Тавантолгойн орд ч мөн энэ л жамаар геологийн таван хэсгээс бүрдэж байгаа юм. Би мэргэжлийн хүний хувьд, салбарын­хаа зарим эрдэмтэн, мэргэжилтэн­тэй хамтран Тавантолгойн асууд­лаар байж болох хувилбаруудыг боловс­руулсан.

    Нэгдүгээрт, Тавантолгойн ордоо бүхэлд нь цогц байдлаар үе шат­тай­гаар ашиглах хувилбар байна. Хоёр­дугаарт, геологийн хэсгүүдийг нэгэн зэрэг ашиглах хувилбар. Уг ордын Ухаа худагийн хэсгийг ху­вийн хэвш­лийнхэн ашиглаад эхэлчихлээ шүү дээ. Геологийн бусад дөрвөн хэсэгт бие даасан дөрвөн уурхай байгуу­лаад,  нэгэн зэрэг ашиглана гэсэн үг л дээ. Бид эдгээр хувил­ба­руудаар техник, эдийн засгийн тооцоог урьд­чилсан байдлаар хийсэн. Боломжийн л дүр зураг гарч байгаа. Ер нь Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг иж бүрэн, цогц байдлаар шийдэх учиртай. Түүнчлэн улс орныхоо үндэсний бо­лон эдийн засгийн аюулгүй байдал, геополи­тикийн асуудлуудыг онцгой анхаарч үзэх ёстой. Ингэж баймааж нь л улс үндэснийхээ ашиг сонирхол, ард түмний язгуур эрх ашигт ний­цүүлж чадах болно. Мөн Тавантол­гойн асуудалтай уялдуулж, холбож шийдвэрлэх бүс нутгийн болоод улс орны хэмжээний томоохон асууд­лууд бий. Юуны өмнө говийн бүсийн дэд бүтцийн хөгжлийн асуудал, хүний хөгжил сангийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлж, санг хөл дээр нь зогсоож, ард иргэддээ хувь хишиг хүртээх зэрэг тулгамдсан асуудлууд байгаа шүү дээ. Тавантолгойн асуудлыг цогц байдлаар авч үзнэ гэдгийг тодруулж хэлье л дээ. Мэ­дээж орчин үеийн шилдэг тэргүүний технологи ашиглан нүүрсээ аль болох хаягдал, бохирдол багатай­гаар ашиглах томоохон ил уурхай байгуулагдана. Дараагийн дамжла­гад олборлосон нүүрсээ угааж баяжуулна. Нүүрс угаах үйлд­вэрээс эрчим хүчний нүүрс нь цахил­гаан станцад, угаасан коксжих нүүрс нь коксын үйлдвэрт тус тус нийлүү­лэг­дэх учиртай. Мөн угаасан коксжих нүүрс­ний тодорхой хэсэг дотоод, гадаадын зах зээлд борлуулагдаж болно. Цахилгаан станцад үйлдвэр­лэгдэх эрчим хүч болон коксын үйлд­вэрээс гарах кокс, дагавар бүтээгдэ­хүүн нь металлургийн үйлдвэрүүдэд нийлүү­лэгдэнэ. Ийнхүү манай улсын уул уур­хайн үйлдвэрүүдийн бүтээг­дэхүүний боловсруулалтын түвшин дээшилж, өртөг шингэсэн, өндөр үнэ цэнтэй бүтээгдэхүүний үйлдвэр­лэлийг бий болгож, аль болохоор эцсийн бүтээг­дэхүүнээ дэлхийн зах зээлд нийлүү­лэх зорилтыг тавьж, цаг алдалгүй хэрэгжүүлэх  байр суурийг би барим­талж байна. Үүний зэрэгцээ манай улсад шинэ нэр төрлийн бүтээгдэ­хүү­ний үйлдвэр­лэл, хэрэгцээ бий болж, салбаруу­дыг ажлын уял­даа холбоо­той­гоор хөгжүүлэх бо­ломж нөхцөл бүр­дэнэ. Эцсийн дүнд газрын хэв­лийн­хээ нөөц баялагтаа тулгуур­лан улс орныхоо эдийн засаг, санхүүгийн ча­дав­хийг сэвхийтэл дээшлүүлнэ гэ­сэн үг. Тавантолгойн ордыг түшиг­лэн барьж байгуулах Цог­цолборын дэд бүтцийн эхний ээлжийг 2011 онд багтаан, ил уур­хайн I ээлжийг 2010 онд, II ээлжийг 2011 онд, баяжуулах үйлдвэрийн I ээлжийг мөн 2011 онд тус тус ашиглалтад оруулах боломж хараг­даж байна л даа. Ер нь бол страте­гийн ач холбогдолтой томоо­хон ор­дуудаа цогц байдлаар эдийн засгийн эргэлтэд яаралтай оруулах замаар улс орны тулгамдсан асууд­луудыг шийдвэрлэх боломж байна, миний хувьд бол ингэх ч шаардла­гатай гэсэн байр суурьтай байгаа.

    Өөрөө үр өгөөжийн асуудлыг хөндлөө. Өнөөдөр монголчууд бид одоогоор багахан ашиг орлогыг ол­бор­лох шатанд буюу “түүхий” нүүрс­нээс олж байгаа нь бодит үнэн. Энэ байдалдаа дүгнэлт хийж, ашигт малтмалынхаа баялгийг газрын хэвлийгээс ухаж аваад экспортод ачуулдаг явдлаа зогсоох шаардла­гатай болж байна. Алийн болгон түүхий эд бэлтгэдэг орон байх юм бэ?  Нүүрсний хувьд бол цаашид төрийн бодлого юуны өмнө нүүрсээ угааж баяжуулан ашиглах, цахил­гаан эрчим хүч үйлдвэрлэх, улмаар гүн боловсруулах замаар өртөг шин­гэсэн, илүү үнэ цэнд хүрэх эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэг­дэх ёстой гэдгийг дээр би онцолж хэлсэн нь ийм учиртай юм л даа.

    -Гаднаас нь харахад хувийн хэвшлийнхний мэдэлд байгаа Ухаахудагийн ажил аль эрт эхэл­чихсэн. Төрийн ажил л далан задгай харагдаж байна.  Хувийн­хан үйлдвэрээ барьчихаад, төмөр замаа тавих гээд бөөн хэл үг болоод байж байна. Гэвч төрийн бодлого хаана нь явна вэ. Бас л яагаад талууд болчихсон үзэж байгаа хэрэг вэ?

    -Би өөртэй чинь санал нэг байна. Түрүүн дээр дурьдсан. Ерөөсөө 95-аас дээш хувийг нөөцөөр нь төр өөртөө үлдээгээд, дөрвөн хувийг нь хувийн хэвшилд өгөөд л салсан. Тэрнээс хойш хоёр жил болж байна. Тэгэхэд хувийн хэвшил ажлаа эхэл­чихсэн, нүүрсээ олборлоод экспор­тод гаргаад явж байна. Өнгөрсөн жил бараг хоёр сая тонныг гаргасан гэсэн байх. Баяжуулах фабрикийн­хаа суу­рийг тавьчихсан. Одоо ингээд дулаа­рахаар үйл ажиллагаа­гаа явуулна гэж байгаа. За тэгээд төмөр замаа барих бэлтгэл нь хан­гагдчихсан гэж байдаг. Гэтэл төрийн ажил л цалгар байна. Төрийн ажлыг хүн л хийж байгаа шүү дээ. Ажлын хурдаар бол үнэхээр өдөр шөнө хоёр шиг байна.   

    -Төмөр замын асуудлаа та жаахан бүрхэг орхичих шиг боллоо?

    -Төмөр замын асуудал нэлээн хэл ам татаад байгаа. Засгийн газрын шийдвэр уг нь гарчихсан. Тэр шийдвэр хүчингүй болоогүй байна. Тэгсэн хэрнээ ажил явдаггүй. Үнэ­хээр Засгийн газрын энэ шийдвэр буруу байжээ гэж байгаа юм бол түүнийгээ түргэн шийдэх хэрэгтэй. Тэгээд л бас нэг монголчууд гайгүй хэл амаа ололцоод, улс төрийн хоёр нам нь хамтраад улс төрийнхөө түвшинд хэл амаа ололцоод явсан чинь одоо болохоор төр, хувийн хэв­шил хоёр нь тэрсэлдэх гээд байгаа ч юм шиг тодорхойгүй нөхцөл бай­дал үүсээд байна шүү дээ. Тийм уч­раас Засгийн газар шийдвэрээ цэгцтэй болгоод, үнэхээр шаардла­гатай гэдэг юм бол УИХ-ын хаврын чуулганаар нэн тэргүүнд хэлэлцээд, энэ бүтээн байгуулалтыг явуулах ёстой.                         

    -Хувийн хэвшлийнхэн мөнгөө­рөө лаагаа иднэ үү, луувангаа иднэ уу хамаагүй юм биш үү. Замаа бариг л дээ. Тэр зам чинь Монголын эдийн засгийг л тэтгэх  зам юм байгаа биз дээ?

    -Бүх юм нэгдсэн бодлоготой, зарчмын дагуу л явмаар байна. Монголчуудыг талцуулсан, үл ойлголцуулсан урт удаан хугацааны маргаан талцаан бидэнд ашиггүй.   

    -Хоёр хувилбараар хоёулан­гаар нь зам тавьчихаж болдоггүй юм уу?

    -Тэртэй тэргүй бид далайд гарцгүй. Тэгсэн хэдий ч манай улсын хувьд бол давуу тал байна. Дэлхийн хоёр том зах зээлийн дунд байж байна шүү дээ. ОХУ-аар дамжаад Европ руу гарч болж л байна. Урд хөршөөр дамжаад дэлхийн асар том том зах зээлд хүрч л байна. Ер нь бол урд хөрш рүүгээ ч, хойд хөрш рүүгээ ч гарцтай байх ёстой. Гагцхүү замаа тавих л хэрэгтэй. Эхлээд урд хөрш рүүгээ зам тавьчихсан байхад бол болохгүй юм байхгүй. Зам тавигдсанаар хил хязгаар  шүүрэн шанага шиг сад тавиад сүйд болчихгүй л дээ. Хэт гэнэн зүйлсээр бага хөөцөлдмөөр байх юм.

    -Хувийн хэвшлийнхнээр нэг гарц руу замаа тавиулчихаад төр дараа нь худалдаад авчихаж болдоггүй юм уу?

    -Тэр гэрээний хувьд бол хожим өөрчлөлт оруулах боломж бий. Одоо манай гол төмөр зам л гэхэд яг манай төрийн мэдэлд биш шүү дээ. 50 хувь нь Оросын мэдэлд, 50 хувь нь монгол төрийн мэдэлд л байгаа. Тийм учраас мэдээж эргэж харж үзэх, үндэсний аюулгүй бай­дал, эдийн засгийн аюулгүй байдал, тэгээд улс орныхоо хөгжил дэвш­лийн талаас нухацтай бодож шийд­вэр гаргах ёстой нь ойлгомжтой.   

    -Эдүгээн шийдвэр гаргах төв­шинд ажиллаж байсан хүмүүс энэ он цагтайгаа түүхэнд үлдэнэ. Оюутолгойн гэрээг батлах явцад ажлын хэсэгт орсон хүмүүсийг нэлээд хардсан. Хөрөнгө оруу­лагч­даас авлига авсан байж болзошгүй гэх мэтээр. Та бол бар­гийн юманд хөнгөдөхгүй хашир хүн. Хожим хойно үр ачийнхаа өмнө нүүр бардам байж чадахаар гэрээ болж чадсан гэж хэлж чадах уу. Энэ гэрээний ард санаа зо­воосон юм үлдсэн үү?

    -Энд Монгол орны хөгжил дэвш­лийн тухай асуудлаас өөр ямар ч чухал гэх шалтгаан яригдахгүй. Тийм учраас гоомой хандах эрх бидэнд байхгүй. Улс орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө мэргэжлийн хүний хувьд өөрийнхөө оюун ухааныг дайчилж ажилласан. Мэргэжлийн талын асуудлуудад илүү анхаарлаа тавьж ажилласан гэсэн үг. Амьдрал баян юм чинь бүтээн байгуу­лалтын явцад энэ гэрээ улам сайжирч, төгөл­дөржиж явна гэдэгт итгэж байна.

    -Сүүлийн асуулт. Ингэхэд та­най Өмнөговьд юу болоод байна вэ. Та бүхэн  1,5 сая төгрөг амлаж байж гарч ирсэн. Сая чадан ядан 70 мянган төгрөг иргэ­дийн­хээ цөөн хувьд хүртээлээ. Гэтэл танай тэнд нэг нөхөр төрийн өмнө ногт ганзагалж очоод зуу зуун мянгыг тараасан мэдээ ирээд байх юм?

    -Та надтай уул уурхай яръя л гэж уулзсан.

    -Байгаль орчин гэж бүр сүй­дэж дууслаа. Х.Бадамсүрэн “Ажнай”-тай огт тэмцэхгүй байна. Эс харсан дүр үзүүлж байна гэж танай сонгогчдоос надад захидал ирсэн байна лээ. Тэд танд итгэж найддаг бололтой. Гэтэл та хэт эв эеийг сахиж байгаа юм биш үү. Газрын хөрсийг эргэтэл урагш нь нүүрс ачиж байгаа нь үнэн биз дээ?

    -Би нутгийн олон түмэн, сонгогч­дынхоо эрх ашгаас хэзээ ч урвахгүй. Гэхдээ асуудлыг би биш төр шийд­дэг. Магадгүй та намайг аймхай хүн байна гэж харж байгаа байх. Хувийн зан чанарын хувьд би асуудлыг гүйцэд харж, удаан тунгааж байж шийдвэр гаргадаг.  

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан