Тариан түрүү бөхийсөн ч Тариаланчдын итгэл бөхөхгүй

    Намрын сүүлчийн бороо машины цонхыг гунигтайхан угаана. Ийм өдөр хотоор юу ч хийлгүй сэлгүүцэж, шүхэр барьсан охид, хүрэмнийхээ захыг босгож саравчтай малгай духдуулчихаад байшингийн нөмөрт хэд гурваараа тамхилж зогсох эрчүүдийг ажин, өнийн дурсамжуудыг сэтгэл зүрхнийхээ хаа нэгтэйгээс эрж хайсан шиг ээ тааваараа гэлдрүүлж явах сайхан. Нэг л өглөө уулсын тэргүүнд бударч хонодог цасны түрүүч, уйтайхнаар шимшрэн шивэрсээр татарч оддог намрын сүүлчийн бороо сэтгэлээс өөр юунд ч хамаагүй юм шиг бодож явжээ. Залуугийн ааш бололтой.

    Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ хэд хоногийн өмнөөс орон даяар түгшүүрийн хөгжмөө дэлдэн жингэнэсээр айл болгонд очсон. Тэгэхээр тэднийг  дуулгасангүй гэж гомдох эрх хэн хэнд маань байхгүй гэсэн үг. Ийнхүү харанга дэлдэж хотынхон халаалт хэзээ ирэх, зам засвар хэзээ дуусах мэт ойр зуурын асуулдал хэлцэж, харин хөдөөгийнхөн түргэн авах нь тэр ээ.

    Налайсан шар намар дуусахгүй юм шиг, найрын дууны түрлэг татрахгүй юм шиг найгаж суусан тэд үүрээ эвдүүлсэн зөгий шиг бужигналдаж, өвс хадлан, мал хуй, өвөлжөө намаржаагаа санан ёстой нэг бужигнаж байна. Хэдхэн хоногийн өмнө явж байхад замын хажуугаар тариан талбай шаргалтаж, тариаланчид болц нь арай л тийм байна гэсхийн хүлээзнэж, энгэрийн айлууд хаяагаа шуучихаад найрлалдаж байсан сан.

    Нуур аа, чи хөлдөх гээд л байна уу даа

    Нугас гэдэг амьтан чинь хөөрхий болно шүү дээ...гээд л дуулалдаад байгаа хэрнээ адгаж өгөхгүй аязнаад суудаг нь монгол хүний уужуу тайван зангийнх биз ээ.  

    Яах ийхийн зуургүй хоёр өдөр хоёр шөнө цас бороо холилдон шуураад урьд урьдийнхаас урамтай сайхан ургасан ургацын маань хэсгийг хэвтүүлээд авав. Хэдийгээр гарз багатай өнгөрсөн ч зарим нэгэндээ хүндхэн тусчээ.  

    Одоо тэд маань уг нь арай ингэж бажгадах болоогүй байсан юм сан. Байгалийн аяг аашийг олох хэцүү юм даа гэлцэж сууна.  

    Шуурганы дараа сурвалжлагч бүсгүй телевизээр ярьж байнаа. Атрын гуравдугаар аян гэж баахан хөөрцөглөсөн тариаланчид хоёр хоногийн шуурганд гэнэ алдаж ургацаа алдлаа...гэж ирээд баахан амны билэггүй мэдээг баярын цахилгаан уншиж байгаа юм шиг дуржигнуулаад авлаа.

    Ингээд ойрхон тариан талбай очиж үзэхээр танил эрхмийн хамт замд гарав.

    Сүүлчийн бороо анхны цастай нийлж аван лавссаар гуу жалга, замын судгуудыг  усан шалбаагаар яах ийхийн зуургүй дүүргэжээ. Энхэл донхол болгоноос ус цацран бууж, түгдчиж яваа машиныг зогс тустал будаж хаях нь хэцүүхэн.    

    Уулын модод шар,ногоон, бас улаан өнгөөр сүлэлдэнэ. Хорвоогийн хамгийн гоё мөч тэргүүндээ цагаан сор гялтгануулсан уулсын бэл рүү саарал манан чимээгүйхэн бууж ирж буй агшин юм шиг. Болоод өнгөрснийг үл хайхрах мэт анир гүм үдэш юм шиг. Жаргах наран доор түмэн өнгөө гайхуулан тунарч харагдах моддын шивнээ юм шиг...

    Бид Баруун хараа орохоор довтолгож яваа нь энэ. Надад тариан талбай үзүүлж, тариаланчдын халуун сэтгэгдлийг хуваалцуулахаар зорьж яваа ах товчхондоо тарианд сэтгэл алдарсан нэгэн. Тариан талбайд очиж, тариаланчдын яриад байдаг тэр сайхныг нь нарийн мэдэрч үзээгүй гэсэн миний үг түүнийг суудлаас нь огло харайлгасан. Гайхахдаа „Чи ямар сонин юм бэ. Энэ хорвоогийн хамгийн агуу мэдрэмжийг аваагүй явж байдаг. Тариа...тэр мэдрэмжийг юутай зүйрлэмээр юм бэ дээ. Юун хайр...” гэсэн урьд өмнө хэзээ ч сонсч байгаагүй хачин үгийг амнаасаа унагасан. Бидний зам нийлсэн шалтгаан товчхондоо энэ.

    Уулын сүүдэр хүүшлэхээс урьтан талбайн түрүүчид хүрч ирэв. Саяхан давхиж явахад сугсарч байсан замын дагуух тариан талбайд шаргал дэвсгэр шиг налан хэвтжээ.Өөрийн эрхгүй дуу алдан харамсмаар. Хоёр гараараа өргөх гэж үзээд ч сэхэл авахааргүй хугарч унасан хэсэг байхад нарны илчийг горьдлого тээх мэт тосон өндөлзөх, амьтай амьсгалж буй хэсэг ч байх. Хэд хэдэн талбайг зорьж очив. Бараг л бүгдээрээ гамшигт өртжээ. Байгалийн хатуу ширүүн эрхшээлд нуга дайруулсан талбай чив чимээгүй. Нулимс унагамаар харамсалтай байлаа. Ийм байдалд байгаа тариаланчидтай яаж нүүр тулах вэ. Талбайн захад цэнхэр вагончиг, хоёр том маз машин, эртний танил ганц ширхэг улаан комбайн харагдана. Дөч эргэм насны хоёр хүн сууж байна. Маз машины кабинаас цаг агаарын мэдээ дуулдана. Биднийг ирэхийн өмнөхөн Хөвсгөл, Булганы тариаг саяын шуурга дайраагүй өнгөрсөн тухай мэдээлжээ. Ашгүй дээ, нэг хэсэг маань ч гэсэн ургацаа авах нь гэж тэр хоёр ярив. Удаан хараад байхаар хэвтээд өгсөн тариа нь толгойгоо өргөөд босч байх шиг санагдаж, сэтгэлийн мухарт нь итгэл найдварын гал асах шиг болж байгаа гэнэ. Учир нь манайхан унасан тариаг хөндлөнгөөс нь дайруулаад ороход босгож ирээд хурааж болдог хошуу санаачилж, түүнийгээ комбайндаа угсарч эхэлсэн мэдээ түрүүчээсээ иржээ. Тэрхүү бодож олсон зүйлийг „Иш өргөгч” хэмээнэ. Иш өргөгчийн тусламжтайгаар налсан тариагаа хурааж болно гэж тэд итгэлтэй хэлж байна. Нүдэнд нь харууслын үл ялиг утаа суунаглавч, итгэл найдварын галаа тийм ч амар бөхөөчихдөггүй сэтгэлийн хаттай улс ажээ, манай тариаланчид.

    Ингээд бид иш өргөгч гээчийг олж үзэхээр Баруун хараагийн төв рүү давхилаа. Нар хэдийнэ жаргажээ. Үтрэмийн талбай дээрх тод гэрлүүд асч, хүжигнэсэн улаан машин түржигнэн ажиллаж, цоргоороо цэв цэвэрхэн будаа тоос татуулан асгаж байна. Шуурга шуурдаг шөнө тэд ажиллаж болохгүй болтол нь өрсөж тариагаа хураажээ. Амжиж авсан энэ жаахан тарианд нь энэ жилийн турш сэтгэлдээ ургуулсан мөрөөдөл, хаваржин зунжин тойлсон хөлс хүч, бас байгалийн хатуу ширүүн үзэгдэлтэй шөнөжин тулалдсан эр зориг нь шингэсэн. Ингэж бодохоор өөрийн эрхгүй сэтгэл өвднө.

    Нуруулдсан будаа руу гараа шургуулж үзэхэд дулаахан, дотнохон мэдрэмж төрнө. Энэ үнэрийг нь юутай ч зүйрлэмээр юм дээ. Дөнгөж төрж амарлисны дараа хүүгээ хөхүүлж суугаа эх, үр хоёроос анхилдаг тийм гэхийн тэмдэггүй нэг ариухан үнэр ханхалдаг даа. Тэр л юм шиг.

    Иш өргөгчийг манай нөхдүүд дор нь гагнаад хийж эхэлжээ. Гэвч тохирох төмөр жаахан асуудалтай гэнэ. Зарим сэргэлэн залуучууд иш өргөгчийг бөөн бөөнөөр нь „үйлдвэрлэж” ширхэг тус бүрийг нь 20 доллараар сандарч тэвдсэн тариаланчиддаа зарах санал ирүүлж байгаа аж. Үүнд буруу юм юу ч байхгүй. Яагаад гэвэл бид одоо сэтгэж байгаа, хөдөлж байгаа улсуудаа адлаж байдаг цагийг ардаа орхисон. Энэ бол зах зээлийн нийгэм.Энд хөдөлмөрлөж, хөлсөө урсгаж байгаа нь л хүндлэгдэнэ.  

    Ингээд бид хот руугаа буцлаа. Замдаа тариаланчдын сэтгэлийн хат, тарианы гайхамшигт ид шид, түүнд татагдсан хүн гэдэг амьтны сэтгэлийн гоо сайхны талаар хүүрнэлдэж явав. Маргааш би ахиад замд гарахаар шийдлээ. Намайг шуурганд сөхрөөгүй тариаланчид хүлээж байгаа....

    FacebookTwitterEmailMore

Сэтгэгдэлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан