Дуучин Т.Баясгалан: Би хайж явсан хүнээ олсон

    “Ярилцъя” та бүхэнтэй хамгийн сонин зочныг уулзуулахаар урьлаа. Олны нүднээс маш амжилттай нуугдаж байгаа дуучин Т.Баясгалан манайд уригдаж, уран бүтээл, хувийн амьдрал, хайр сэтгэлийнхээ нууцаас хуваалцлаа.
    -Дуучин Баясгалан хэвлэлийнхний хувьд хамгийн ховор хүн болчихоод удлаа. Олны ов жив, өөрийг тань чиглэсэн хүчтэй анхаарлаас багагүй зугтаж байх шиг байна. Хаана, юу хийж явнаа гэсэн асуултаар яриагаа эхлэе?
    -Та нэг удаа миний тоглолтыг үзээд дараа нь маш гоё нийтлэл бичсэн. Тэр нийтлэл миний санаанаас огт гардаггүй. Тэгээд тантай ирж танилцахад би их цөөхөн дуучинтай ярилцаж байсан. Чамд дараа миний ярилцлагад орох урилга өгье гэж хэлж байсан.

    -Тэгэхэд та “Би амьдралынхаа хамгийн үнэтэй мөчид таны ярилцлагад орж, зүрх сэтгэлээ нээнээ” гэж хэлж байсан?

    -Харин тийм ээ. Тоглолт хийх болгондоо, эсвэл шинэ цомог гаргах бүртээ тэр боломжоо ашигламаар санагддаг байсан ч танд амласан тэр амлалтаа бодоод ханддаггүй байсан. Өнөөдөр тэр амлалтдаа хүрч таны ярилцлагын зочноор оролцож байна. Сүүлийн үед би үнэхээр таг чиг байгаа. Өнгөрсөн хавраас хойш бүр нэг ч хэвлэлийнхэнтэй уулзаагүй. Энэ хугацаанд би өөртөө амралт олгосон. Үнэхээр дунд сургуулиа төгсөөд, дараа нь оюутан болоод, их сургуулиа төгсөнгүүт урлагийн хүний өрсөлдөөнтэй амьдралд хөл тавьсан болохоор асар их ядарсан байна. Заримдаа эргэцүүлээд бодохоор би ямар нэгэн юманд хөөгдөж явсан юм шиг санагддаг. Олон жил завсар зайгүй хөдөлмөрлөж, зогсолтгүй урагшаа тэмүүлж явсаар нэг талаас их ядарснаа мэдэрсэн л дээ. Тэгээд сайхан амарч авлаа. Сэтгэл зүрхээ ажлаасаа чөлөөлж, өрсөлдөөнөөс өөрийгөө сугалж аваад нам гүм амар тайван амьдарч байна. Өөртөө ингэж чөлөө олгох их сайхан байдаг юм байна.

    -Нээрээ л тэгсэн байх. Хурц тод өрсөлдөөн бүр оюутны танхимаас эхэлсэн юм биш үү. Төгсөөд гараад ирэхэд тань тал талаас тасдаж хаяхад бэлэн ширүүн ертөнц угтсан байх. Харин ч тэр өрсөлдөөнөөс нэг их зүрх алдаагүй, зоримогхон ороод явчих шиг харагдсан. Богино ч хугацаанд нэр алдрыг олсон байх?

    -Үнэхээр зүрх алдмаар санагдаж байсан үе олон байсан. Бүх юм тийм амар биш байлаа. Шууд л хүлээн зөвшөөрөгдчихдөг дуучин гэж ер нь байдаггүй байх. Бүгд л хүнд хэцүү сорилтуудыг туулдаг. Урлагийнхаа буянаар гэвч би амжилтад хүрсэн. Олон сайхан хүмүүсийн дэмээр урагшилсан. Монголоо олон ч удаа тойрч тоглолоо. Гадны олон орнуудад очиж тоглож үзлээ. Маш олон юмыг үзэж туулсан гэж хэлэхэд юу юм. Гэхдээ л зогсолтгүй давшсан. Би оюутан байхдаа үндсэндээ гарч ирсэн. Тэр үед чинь СУИС-ын оюутан хүн тайзан дээр гарах, том шоу тоглолтод оролцоно гэдэг ойлголт ер нь байдаггүй байсан. Тийм нөхцөлд л би том том тоглолтуудын зарлалыг харж байгаад, өөрөө зүрх гарган очиж “Тоглолтондоо оруулаач” гэж гуйж байгаад орж дуулдаг байсан. Энэ бүх түүх үнэн. СУИС-ын оюутан Баясгалан гэж зарлуулж байсан үеэ би хэзээ ч мартахгүй. Үнэхээр сайхан байсан. Сургуулиа төгсөөд дуучин Баясгалан гээд зарлуулж эхлэхэд харин надад жаахан түгшүүртэй санагдаж байсан. Яагаад гэхээр оюутан гэдэг нэр маань хамаг алдаа оноог минь хамгаалаад гардаг маш том хамгаалалт байсан юм болов уу. Дуучин гээд зарлуулж эхэлсэн эхний үе тийм нэг түгшүүр төрж байсан ч сүүлдээ өөрчлөгдсөн. “Зөвхөн чамдаа” тоглолтоо тавьж байхдаа монгол улсын соёлын тэргүүний ажилтан гэдэг сайхан цолыг хүртсэн. Яг тэр тоглолтон дээрээ МУСТА дуучин Т.Баясгалан гэж монголын үндэсний радио телевизийн нэвтрүүлэгч Цоодол ахаар анх зарлуулж дараагийн дуугаа дуулж байсан. Тэр үед би жингүйдчихсэн юм шиг, хаана явж байгаагаа мэдэхээ больж байсан. Маргааш өглөө нь сэрчихээд үнэн биз дээ гэж өөрөөсөө асуугаад л. Тэгж их баярлаж хөөрч байсан.

    -Соёлын тэргүүний ажилтан гэдэг цол тийм том цол гэж үү?

    -Үеийнхнээсээ хамгийн түрүүлж авсан. Манай сургууль маш сайн тодорхойлолт хийж өгсөн. Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл дэмжсэн. Тэр үед бол соёлын тэргүүний ажилтан гэдэг цол их үнэ цэнтэй байсан шүү дээ. Өрсөлдөөн ч их байсан.

    -Гала хамтлагийн охинд л зүүгээд өгчихдөг тэмдэг биз дээ?

    -Одоо хүмүүс үнэ хүнд нь уначихлаа гээд ярьж л байдаг юм. Надад бол тухайн үед асар том шагнал байсан. Сонирхолтой нь сонгуулийн үеэр зарим нэр дэвшигчийн халаасанд нь явж байж харагдсан. Тэр жаахан харамсалтай санагдсан.

    -Тэгвэл та тэр МУСТА гэдэг зүүлтнээс татгалзчих л даа. Тэртэй тэргүй нэртэй дуучин биз дээ?

    -Тэгсэн тэгээгүй намайг дуучин Баясгалан л гэж зарладаг шүү дээ. Намайг тэгж хэлсэнгүй гэж ч би гомддоггүй. Хэллээ гээд баярлаж сүйд болдоггүй. Гэхдээ л миний уран бүтээлийг үнэлж олгосон шагнал болохоор цагаан сараар ч юм уу, эсвэл наадмаар би зүүдэг. Сайхан байдаг.

    -Ер нь бол их амархан нэрд гарсан гэдгээ өөрөө зөвшөөрдөг биз дээ. С.Жавхлан та хоёрыг ахархан хугацаанд дайраад л гараад ирсэн гэж ярьдаг. Бид хөндлөнгөөс богино зам тууллаа, амархан байлаа гэж харж байж болно шүү дээ. Өөрт тань яг ямар бодол байдаг юм бол?

    -Мэдрэмжийг л их сайн ашигласан гэж боддог юм. Яг энэ цаг үед ямар дуу дуулвал хүмүүс яаж хүлээж авахаар байна вэ гэдгийг маш нарийн мэдэрч, тэр мэдрэмжээ алдалгүй ашиглаж чадсан. Манай Найдалмаа багш бол намайг цэвэр дуурийн дуучин болгоно гэж бэлтгэж байсан. Урнаа, Эрдэнэтуяа гээд шавь нар нь одоо Италид дуулдаг. Би бас Италид очиж үзэж байсан л даа. Тэгээд асар өндөр өртөгтэй газар. Тэр үед надад яагаад ч ээжийгээ, дүүгээ орхиод явах боломж байгаагүй. Энэ боломж үнэхээр хасах 100 хувь байсан. Тийм болохоор нийтийн дууг би дуулбал дуулсан шиг дуулъя гэж шийдээд багшаасаа зөвшөөрөл авсан. Багш маань их дургүй хүлээж авсан. Эхлээд би нууцаар клип хийж байгаад баригдчихсан. Телевизээр цацагдчихдаг. Айгаад хэд хоног мэргэжлийнхээ хичээлийг таслаад, багшийн ирж явах сургаар цаагуур наагуур нь зугтаж бөөн юм болж байсан. Сүүлд нь арга буюу үнэнээ хэлсэн. “Би дуулбал би нэгт нь л явна. Танд би амлаж байна. Та надад итгэ” гэж. Ингээд нийтийн дууг дуулж эхэлсэн дээ. Нэгэнт эхэлсэн учраас бүх мэдрэмжийг л алдахгүй ашигласан гэж боддог. Зах зээлийг, насыг, хүмүүсийн сэтгэл зүйг гээд бүгдийг нь судалж хөдөлсөн. Маш их хөлс урссан. Гэрээсээ гарахгүй нэг бүтэн өнжсөн өдөр надад байгаагүй.

    -Тэр үед тантай хэн ч уралдаж байгаагүй биз дээ. Жишээ нь Т.Ариунааг Болгариас төгсөөд ирэхэд нь Б.Сарантуяа аль хэдийнэ од болчихсон шуугиулж байсан. Энэ тухайд тэр “Надад ханцуй шамлаад л орохоос өөр арга байгаагүй” гэж ярьдаг. Яг түүнийг угтсан тэр үеийн рок попын ертөнцийнх шиг ширүүн өрсөлдөөн өөрийг тань угтаагүй?

    -Яг үнэндээ би тэрийг давая, тэрэн шиг болъё гэж аймаар зүтгээгүй. Ерөөсөө л нөгөө эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг ухагдахуун миний амьдралд батлагдсан гэж үздэг. Аз болоход жинхэнэ хүмүүсийн сэтгэлийг хөвсөлзтөл татаж чадсан жинхэнэ бүтээлүүдийг дуулж байсан. Жинхэнэ шилдэг, маш гоё үгтэй, маш гоё аялгуутай тийм бүтээлүүдийг дуулж чадсан. Энэ бол миний хувьд аз юм л даа.

    -Нийгмийн тухайн үеийн бүтэц нь өөрөө ийм төрлийн урлагт сонирхож байгаа юмаа тулгаад л оруулаад ирдэг шүү дээ. Нэг хэсэг Дарханы Энхбат гэж дуучин нийтийн дууны ертөнцөд цахиур хагалж байлаа. Дараа нь Вандан, Дуламсүрэн нарын хослол гарч ирж байлаа. Хосоороо дуулах энэ төрлийг шинэ цаг үеийн үзэгчдийн тодорхой хувь үгүйлж байсан юм болов уу. Энэ тухайд хэн нэг нь зөвлөсөн үү, тохиолдол уу?

    -Огтын санаандгүй тохиолдлоор дуулсан. Тэр “Мөнхрөх ч биш дээ хоёулаа” гэдэг дуу бол бидний анхны дуу.  Энэ дууны үгийг Соёлын гавъяат зүтгэлтэн Т.Сандуйжав гуай бичиж, Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров гуайн аялгууг нь зохиосон. 1991 онд зохиогдсон дуу байсан л даа. Бид энэ дууг 2000 онд дуулсан. Бэлтгэлд сурч байх үеэс л манай Найдалмаа багш “Өрөвдөх л юм даа чамайгаа” гээд нэг аймаар гоё дуу байдаг юм аа, Уранцэцэг дуулж байсан юм. Би тэрнийхээ нотыг олохгүй байна, тэрийг л чамаар дуулуулмаар байна гээд байда  байсан. Мэргэжлийн шалгалт гэж жилд дөрвөн удаа болдог байсан. Нэг удаагийн шалгалтын үеэр багш тэр нотоо олсон. Нэгдүгээр курст орчихсон байсан. Үгийг нь уншаад, аяыг нь сонсоод үнэхээр биширсэн. Ямар гоё дуу вэ. Н.Жанцанноров гуайн дуунууд өвөрмөц шүү дээ. Нэг их гоё намуухан эхэлдэг дээ. Хүн шууд ярьж байсан яриагаа таслаад, бодож байсан бодлоо таслаад шууд автдаг даа. “Би чамд хайртай” киноны дууг жишээ нь сана даа. Хүн өөрийн эрхгүй шингээд орчихмоор шүү дээ. Яг л тийм дуу байсан. Тэр үед би төгөлдөр хуурыг сайн тоглож чаддаггүй байсан. Одоо ч тийм мундаг биш л дээ. Дөнгөж л заалгаж эхэлж байсан. Би энэ дууныхаа аялгууг тоглож сурахын тулд сургууль дээрээ хоёр гурван шөнө хонож байсан. Өөрөө л тогломоор санагдаад болж өгөхгүй байсан. Тэгж уйгагүй хичээллэж байж сурсныхаа ачаар энэ дууг дуулсан гэж боддог. Ангидаа ирээд тэрийгээ л тоглодог. Хичээлийн дараа манай ангийнхан Баясаа нөгөө галзуу ганцыгаа тоглочих гээд бүгдээрээ дуулдаг. Тэгж байгаад яагаад ч юм С.Жавхлан бид хоёр нэг өдөр дуулчихсан. Тэгсэн чинь манай ангийнхан эрэгтэй эмэгтэй хоёр дуучин дуулбал гоё юм аа тээ гээд л. Үнэхээр хичээгээд л, хамтраад заавал энийг хийе гэж хүчлээгүй мөртлөө яагаад ч юм нэг мэдэхэд хамтраад дуулчихсан. Дээр нь бид хоёрын нэр бас их нөлөөлсөн юм болов уу. С.Жавхлан, Т.Баясгалан гэхээр хүмүүсийн шууд цээжинд орчихсон. Дээр нь хүүхдүүд байсан болохоор өхөөрдөж их сонссон юм болов уу. Уртаашаа ганц дуутай, уртаашаа урдаа барьдаг ганц л цагаан даашинзтай. Тэр даашинзаа анх зээлээр авч байсан. “Гэсү” гээд нэг газар соёлын төв өргөөн дотор байсан даа. Тэрийг манай Дашиймаа багшийн нөхөр нь ажиллуулдаг байсан юм. Тэнд нэг цагаан даашинз байгаад л байдаг байсан. Би хажуугаар нь гарах болгондоо хардаг. Нэг өдөр зориг гаргаад ороод өмсөөд үзсэн чинь наадах чинь барагтай хүнд таардаггүй юм. Хэтэрхий нарийхан даашинз гэж байна. Надад үнэхээр гоё таарсан. Тэр үед 95 мянган төгрөгний үнэтэй даашинз гэдэг бол үнэхээр өндөр үнэ. Наадах чинь ерөөсөө хүнд таардаггүй юм. Чи 50 мянгыг нь өгөөд үлдсэнийг нь цувуулаад өгчих гэсэн. Ухаангүй баярлаж байсан. Тэрэн шиг гоё даашинз дэлхий ертөнц дээр байхгүй. Тэр даашинзныхаа хүчээр би их гоё харагддаг байсан. Их тийм нүүртэй даашинз л даа. Өмсөөд л гарахаар яагаад ч юм би зориг орчихдог. Бүгдээрэнгээс нь гоё харагдаж байгаа ш дээ би гэж итгэдэг ч байсан юм уу. Бүү мэд.

    -Хамгийн анх том тоглолтод орж үзсэн тань хэзээ вэ?

    -Бэлтгэл курст байхдаа гавъяат жүжигчин Батсүх гуайн тоглолт бөхийн өргөөнд болж байсан. Тэгээд дөрвөн охин ардаа хоор хийлгэнэ гээд тэдний нэгэнд би очиж байсан. Тэр тоглолтод ороод хамгийн анх 5000 төгрөг авч байсан. Дуулж олсон анхны мөнгө гээд ээждээ авчирч өгөөд бөөн баяр болж байлаа.

    -“Мөнхрөх ч биш дээ хоёулаа”- г дуулаад л Т.Баясгалан & С.Жавхлан гэдэг дүэт гарч ирсэн. Олон нийтийн таашаалыг ч хүлээсэн. Дагаад баахан үлгэр эхэлсэн. Хүмүүс та хоёрын тухай элдэв сенсаациар амьсгалж байсан. Энэ тухай та дурсах дуртай юу?

    -Энэ тухай бараг арван жил л ярьлаа шүү дээ. Одоо бол хүмүүс энэ тухай хэн ч ярьсан сонирхохгүй болсон.

    -С.Жавхлан та хоёрын дунд хайр сэтгэл үнэхээр байсан юм уу?

    -Байгаагүй ээ. Хэвлэлүүдийн л зохиож байсан үлгэр. Бид өөрсдөө энэ талаар ямар ч бодолгүй байсан. Хүмүүс тэгээд яриад эхлэхээр өөрсдөө ичдэг, бие биенээсээ гэрэвшдэг тийм байдалд орчихсон байсан. Ингэж явсаар нэг л мэдэхэд тус тусдаа уран бүтээлээ хийх шийдвэрийг гаргацгаасан. Тэр замаараа л явцгаасан.

    -Тэр тэгээд таны хувьд хэн юм бэ?

    -Ангийн маань нэг хүүхэд.

    -Гэхдээ л та хоёрын хамтын энэ эхлэл дараа дараагийн олон дуучдад үлгэр болоод явсан юм биш үү. Залуучууд хос хосоороо л дуулаад эхлэсэн биз дээ?

    -Ер нь манай доод курсын оюутнууд, бидний дараа тэр маягаар уран бүтээл хийгээд явсан улсууд хатуухан хэлэхэд бас баярлаж явах хэрэгтэй л дээ. Биднийг хүлээн зөвшөөрдөггүйд нь гайхаад байдаг юм.

    -Зөвшөөрдөггүй гэж үү?

    -Тийм. Намайг бол дан ялангуяа бүр хүлээн зөвшөөрдөггүй.

    -Танай доод үеийнхэн үү?

    -Тийм.

    -Доод үе гэж уучлаарай, байгаа юм уу?

    -Байдаг л юм байлгүй дээ. Би тодруулъя л даа. Бидний араас гарч ирсэн манай эмэгтэй дуучид жишээ нь миний нэрийг сонсоод л уур нь хүрдэг юм биш үү.

    -Ойлгож болох зүйл байна. эмэгтэйчүүдийн атаа жөтөө шүү дээ. Бүгд л тийм байдаг. Бүх салбар л ийм байдаг шүү дээ. Нэг л үнэн байгаа. Та тэднийг бүгдийг нь тоосоороо булсан?

    -Бүгд л үе тэнгийнх. Бүгд л бие биенээ мэдэх хүмүүс байж тийм сонин хандлагууд гаргадагт нь би тухайн үедээ их гомддог байсан. Миний ч алдаа байсан л байх. Айхтар нэг их наалдаж харьцдаггүй болохоор тэгдэг ч байж болох юм.

    -Бүгдийг нь ардаа орхисон гэдгээ бол мэднэ биз дээ?

    -Миний хувьд бол тэр хүмүүс өрсөлдөгч биш. Баясгалан гэдэг дуучин өөрийн гэсэн орон зайтай. Өөрийн гэсэн фенүүдтэй. Өөрийн гэсэн уран бүтээлтэй. Тэр хүмүүст ч гэсэн байж л байгаа шүү дээ.

    -Одоо танд нээрээ эмэгтэй дуучдаас өрсөлдөгч байхгүй юу?

    -Би өөрийгөө ерөөсөө хэнтэй ч өрсөлдөж байна гэж боддоггүй. Ер нь эмэгтэй дуучидтай би хэзээ ч өрсөлдөж байгаагүй.

    -Хувцаслалт, менежмент гээд бүх зүйлээрээ та тэдэнд зам зааж ирсэн юм биш үү. Ялангуяа хувцаслалт дээр шууд өөрийг тань хуулж байгаа нь анзаарагддаг?

    -Үндэсний хувцасны загварт шинэ үеийн өөрчлөлтүүдийг оруулж ирсэн анхны загваруудыг би өмсч дуулж байсан гэж хэлж болно. Одоо бол бүх дуучид л “Торго салон” руу хошуурдаг болсон байна лээ. Тэгээд загварыг нь жаахан жаахан өөрчлөөд л захиалчихдаг. Тэр нь адилхан загварууд юм шиг харагддаг тал бий.

    -Нийтдээ хэдэн удаагийн тоглолт хийсэн бэ?

    -Яг бие даасан тоглолт гэвэл жижиг том нийлсэн 200 гаруй тоглолт хийсэн байна. Сумууд, гадаадад тоглосон тоглолтуудаа оруулаад шүү дээ. Гадаадад тоглосон гээд л манайхан их ярьдаг. Яг үнэндээ айхтар овойж оцойтол мөнгө олоод ирдэг юм байдаггүй шүү дээ. Их ч хүн үзсэн, бага ч хүн үзсэн дүндээ л дүн байдаг. Дуучнаас гарч байгаа хөлс хүч нь адилхан. Сайн ч дуучин очсон, дунд зэргийн дуучин ч очсон зарлага адилхан гардаг. Өртөг адилхан л өндөр шаардагддаг.

    -Дуучин болоогүй бол хэн байх байсан бол. Ингэж бодож үздэг үү?

    -Ерөөсөө тэгж бодож байгаагүй. Бага байхаасаа л дуулдаг байсан. Ээж маань намайг төрүүлчихээд 45 хоноод л ажилдаа орж байсан гэсэн. Тэгээд буурал аав ээж хоёр маань намайг авах гэж ирж байсан. Тэр үед хөдөөний хүмүүсийг хамаагүй хот руу оруулдаггүй ч байсан юм уу. Жин тээж ирж байсан гэдэг. Ингээд би буурал аав ээж хоёртойгоо хөдөө явсан. Тэнд хөдөө бригадын төвд амьдрана. Тэр үеэс л хүмүүс их дуулуулдаг. Орон дээрээ гарч зогсч байгаад хөшигнийхөө цаанаас монгол улсын гавъяат жүжигчин Баясгалан гэж өөрийгөө зарлаж байгаад дуулж гарна. Хүн болгон дуучин болоорой гэж ерөөдөг. Энэ яг дуучин болох хүүхэд гэж хэлдэг байсан. Тэр хүмүүсийн ерөөлөөр л би ерөөсөө дуучин л болох ёстой гэж бодсоор яваад дуучин болсон. СУИС-д орохоосоо өмнө хүүхдийн ордны аягүй олон дугуйланд явдаг байсан. Хөгжим бүжгийн, ятгын, дууны гээд. Өөрийгөө л бэлтгээд байсан нэг хэлбэр маань л даа. СУИС-д орохын тулд маш сайн бэлтгэх шаардлагатай. Тэр үед чинь улсын сургууль тавхан байсан. Босго өндөр. Энэ бүхний хажуугаар ээждээ туслана. Би дэнжийн мянгын захад их хайртай байдаг юм. Дэнжийн мянгын зах дээр зуныхаа амралтаар наймаа хийдэг байлаа. Хүүхэд гэхэд топ хийсэн сэргэлэн наймаачин байсан. (инээв) Тэр үед хамт зогсдог байсан улсууд одоо намайг хараад ярьдаг, дурсдаг л байх. Тэд нартайгаа ерөөсөө тааралддаггүй. Яагаад ч юм их хүйтэн өдөр ч юм уу, эсвэл бороотой өдөр, эсвэл хэт халуун нар шарсан өдөр өөрийн эрхгүй наймаачдыг өрөвддөг. Хөөрхий, өнөөдөр орлогогүй харих нь дээ гэж. Малчдаас илүү би наймаачдыг өрөвддөг. Зах дээр зосч байгаа хүмүүсийг их боддог.

    -Оддыг өнгөрсөн амьдралаа мартчихдаг гэх шүүмжлэл дагадаг. Гэтэл та тэднээс өөр юм аа?

    -Юуг нь нуух вэ, би дэнжийн мянгын захад хайртай. Баянхонгорын Бууцагаан суманд хайртай. Талын нууранд, хөх дэрсэнд, миний тоглож өссөн, миний аргал түүж явсан, дуулж явсан нутаг. Хайрлахгүй байхын аргагүй. Рок попын ганц нэг хүн ч юм уу, зарим хүмүүс намайг хөдөөнийх, хөдөөнөөс орж ирээд тайз эзэгнэлээ гээд ярьдаг. Уул шугамандаа би хотын унаган хүүхэд. Нэгдүгээр төрхөд төрсөн. 89-дүгээр цэцэрлэгт хүмүүжсэн. Нийслэлд дунд сургуулиа төгссөн. Дараа нь СУИС-д элссэн. Зуны амралт болонгуут би Баянхонгор луу явдаг. Тэнд буурал аав ээж дээрээ хүн болсон. Аав маань Өвөрхангайнх болохоор Өвөрхангайнх гэж овоглож явдаг. Тийм болохоор бүр хөдөөнийх гээд бодчихсон юм шиг байна лээ.

    -Танаас монгол хүүхний шинж илүү харагддаг. Сүүлийн үед охид хүүнүүдийн төрх их эрлийз маяг руу орсон. Энэ бас нэг шалтгаан болдог биз?

    -Мэдэхгүй юм. Хөдөөнийх л гэх гээд байдаг.

    -Зохиолын дууг хэрэглээний урлаг. Өөрийгөө хүндэтгэдэг хүмүүсийн хүрээний урлаг биш гэх үнэлэмж бий. Мэргэжлийн дуучны хувьд энэ үедээ хэзээ цэг тавьж, дараагийн үе рүү орох вэ?

    -Миний багшдаа өгсөн амлалт байгаа. Би мэргэжлийн дуучныхаа хувьд хийх юмаа хийнэ. Ари, романс дуулсан тоглолтыг заавал тавина гэсэн. Ахиад надад бэлтгэл хэрэгтэй. Ахиад нэлээн юм хийж байж тэр шат руу орно.

    -Хэдэн цомог гаргав аа. Лав энэ оны эхний цомгийг түрүүлж гаргах шиг боллоо?

    -Найман цомог гаргалаа. Одоо бурханы зүрхэн тарниудаас бүрдсэн маш сайхан “Баяр баясгалан” гэсэн нэртэй цомог гарах гэж байна. Би өөрийгөө бурханы дуу дуулж явах үүрэг хүлээсэн хүн юм болов уу гэж боддог. Энэ бодол маань жилийн өмнөөс илүү лавширсан. Далай багшийн ариун чандрын өмнө зүрхэн тарнийг хоёр удаа яг хажууд нь зогсч байгаад дуулчихсан. Дээрхийн гэгээн арван дөрөвдүгээр далай багшийг монголд ирэхэд монголчуудын тэр хүнд барьсан бэлэг нь ерөөсөө “Мөргөлийн түрлэг” гэдэг тэр сайхан дуу байсан. Тэрийг өөрт нь зориулж дуулсан. Сууж сонсож байгаад сүүлдээ босож зогсож сонссон. Миний дуулахыг сонсох гэж тэр хүн өөрийн үнэ цэнтэй сайхан амьдралаасаа дөрвөн минутыг зарцуулсан. Маш анхааралтай сонссон. Үүнд би үнэхээр их баярлаж явдаг юм. Юнескогоос бурхан багшийн чандрыг авч явдаг тэр эрхийг эдэлдэг Италид байдаг Ганжи Рембүчи багш хэлж байсан. Чи дэлхий дээр хамгийн азтай дуучин. Яагаад гэхээр Майкл Жексон ч бурхан багшийн ариун чандрын өмнө хэзээ ч дуулахгүй гэж.

    -Ганжи Рембүчи өөрөө их өвөрмөц, хурц тод мэдрэмжтэй  сонин хүн. Би уулзаж ярилцаж байсан л даа?

    -Үнэхээр сайхан хүн. Хүн болгоныг өөртөө татаж чаддаг. Хүн болгонд бэлэг өгөх гэж гүйдэг. Би яг гэрт нь 12 хонож байсан. Италид очихдоо. Гэртээ яг гурилтай шөлөө идэж амьдардаг. Энэ завшааныг надад олгосон хүмүүс нь одоо өөрсдөө мартчихсан ч байж магадгүй. Төгсбаясгалант хийдийн хэдэн хандмаа нар над руу хандсан юм. Соном гэж төвд багшаар дамжуулж. Бид Улаанбаатар ресторанд нэг жижигхэн арга хэмжээ зохион явуулах гэсэн юм аа. Чи ирээд “Ботгоны дуу”-гаа дуулаад өгөөчээ. Бидэнд чамд өгөх мөнгө төгрөг алгаа гэж над руу ярьсан. Би очиж дуулж өгсөн. Гэтэл Ганжи Рембүчи бурханы дуу дуулбал их сайхан зохих хоолойтой дуучин байнаа. Чи италид очиж миний төрсөн өдрөөр бурхан багшийн “Зүрхэн тарни”-ийг дуулж өгч болох уу гэсэн. Би хүлээж авсан. Дараа нь мартчихсан явж байсан чинь яг урилга хүрээд ирсэн. Тэгээд би Итал явж байсан. Өнгөрсөн жил ч хэд хэдэн удаа бурханы дуунуудаараа гадашгаа уригдаж дууллаа. Хамгийн сүүлд Ленинградад Маринскийн театрт дуулсан. Хүмүүс бүгд босч зогсоод алгаа улайтал нь ташиж байсан. Тийм үед газраас тасраад явчих шиг сонин мэдрэмж төрдөг. Анх ийм цомог хийх санааг надад Чойжамц хамба хэлж байсан. Тэр саналыг нь би ажил болгохоор шийдсэн. Удахгүй хийж байгаа цомгоо аваад Чойжамц хамбатай очиж уулзаж шалгуулна гэж бодож байгаа. Аль ч талаасаа сайн цомог болох байх аа.  

    -Сайхан мэдээ байна. Уншигчид маань намайг одоо бушуухан гол юм руугаа ороосой гэж яарч байгаа байх. Таны амьдралд өөрчлөлт орсон талаар ид шуугиж байгаа. Дуучин Баясгалан нөхөрт гарч, хүний хань, айл гэрийн эзэгтэй болсон. Энэ талаар уншигчид таны өөрийн амнаас унасан хариултыг хүлээж байгаа?

    -Миний аав бөх хүн. Буурал аав маань ч бөх хүн байсан. тийм болохоор би бөх хүмүүсийг дотроо их хүндэтгэж явдаг байсан. Манай буурал аав маань сумо бөх их үздэг. Такамисакири манай хүн хоёрыг их хардаг. Энэ хоёрыг л харах гэж сумо үздэг байсан байх. Тэгээд буурал аавтайгаа хоёулаа сумо үздэг. Дотроо Батаанааг ямар мундаг хүн бэ гэж бахархаж бодож явдаг байсан. Тэгээд хувь тавилангаар энэ хүнтэй учирсан. Насны хувьд ч хүний гэргий болох цаг минь ирлээ. Тэгээд энэ хүнийг амьдралын ханиараа сонгож, гэр бүл болон, хамтын амьдралаа эхлүүлээд аз жаргалтай амьдарч байна. Яг одоо жаахан тулгамдаад юунаас эхэлж ярихаа сайн мэдэхгүй байна. Өнгөрсөн оны 11дүгээр сарын нэгэнд сүй тавьж, ээжээс маань очиж гуйж авсан.

    -Сүй тавьсан тэр өдөр үнэхээр аз жаралтай өдөр байсан байх?

    -Миний амьдралын хамгийн жаргалтай өдөр байсан. Ээжид маань ч тэр өдөр үгээр өгүүлшгүй сайхан өдөр байсан байх. Гэхдээ тэр өдөр би хажууд нь байгаагүй. Сэтгэл зүрхэнд нь их л олон зүйл болоод өнгөрсөн байх.

    -Мэдээж эх хүнд олонд хүндлэгддэг, нэртэй зүстэй хүн охиныг нь гуйж, ёс заншлын дагуу сүй тавьж байгаа явдал онцгой сэтгэл хөдлөл авчрах байх л даа?

    -Би ээждээ маш их хайртай. Намайг тээж төрүүлсэн, өдий зэрэгт хүргэж өсгөж хүмүүжүүлсэн ачийг нь хариулах гэж хичээж л яваа. Би гэртээ нэг эгчтэйээ хамт амьдардаг байсан л даа. Хоёулаа хуйвалдаад ээждээ хэлэхгүй нууж зөндөө удаан явсан. (инээв) Кекүшюзан гэдэг нэрийг утгачилбал бүргэд гэсэн үг. Хоорондоо нууцаар бүргэд гээд л  ярьдаг. Тэгж явсаар байгаад нэг өдөр ээждээ зүрх гаргаж хэлсэн. Ээж маань бас маш сайхан хүлээж авсан. Ээж нь сайн мэдэхгүй юм. Нүүр тулж уулзаж байгаагүй ч харахад сайхан л хүү санагддаг гэж хэлж байсан. Тэгээд нэг өдөр ээж дээрээ дагуулаад орсон.

    -Орохдоо яаж байсан бол. Их ичимхий хүн юм шиг санагдсан?

    -Хоёулаа л их айж байсан. Ямар цохиод авах биш. Гэхдээ л манай хүн сандраад байсан. Ямар ч байсан нэг хөөрөгтэй явъя гээд л. (инээв)

    -Хоёр жилийн өмнөөс дотноссон гэж Кекүшюзан миний ярилцлагад орохдоо ярьж байсан. Яагаад ингэтэл нууцалсан юм бэ. Таныг байнга л хэвлэлийнхэн хөөж байдагтай холбоотой юу?

    -Хүн чинь ерөөсөө хамгийн нандин юмаа олны өмнө дэлгэхээс их айдаг юм билээ. Тийм болохоор миний ам бол яг л цоожтой авдар шиг явсан. Олны өмнө тэр зүйлээ дэлгэчих хайран. Хайрласан, харамласан сэтгэлийнх л байх.

    -Ямар нэгэн дайрлага ирэх вий, сүүдэр тусчих вий гэж үү?

    -Тийм.

    -Өмнө нь тийм дайрлаганд өртсөөр байгаад уу?

    -Үгүй л дээ.

    -Хэвлэл мэдээллийнхэн харин их хүндэтгэлтэй хандсан юм биш үү?

    -Нэг талаас тэгсэн. Баярлалаа гэж хэлмээр байна. Би өөрийнхөө ивээл жилийг гарахаар л миний бүх амьдрал цэгцэрнэ, миний бүх юм сайн сайхан болно гэж итгэдэг байсан. Тэр болтол би өөрийнхөө урд байгаа ажлаа л хийх ёстой. Хүнтэй суух цаг мөч ирэхэд би бас нүүр бардам байх ёстой гэж боддог байсан. Хүмүүсийн хов жив, хэл ам, миний тухай элдэв гүтгэлэг яаж өрнөх нь надад хамаагүй. Би хийхээ л хийх ёстой гэж би хатуу боддог байсан. Миний тухай ямар зохиол, хаана, юу хэвлэгдэж байх хамаагүй. Заримдаа би хүмүүсийн оньсого л болчихсон явж байдаг байсан. Оньсого тааж байгаа юм шиг л ханддаг байсан юм болов уу гэжж боддог.

    -Тэр танд анх хайр сэтгэлээ яаж илэрхийлсэн бэ. Арай мессеж бичсэн юм биш биз дээ?

    -Үгүй.

    -Өөрөө ичээд хариулахгүй байсан?

    -Их ичимхий. Би тэр нууцыг нь дэлгэчих үү. (инээв) Манай хүн анх би чамд хайртай гэж хэлж чаддаггүй байсан. Маш ичимхий хүн шүү дээ. Анх удаа тэр үгээ цаасан дээр бичээд өгч байгаа байхгүй юу. Тэгснээ яг авах гэсэн чинь сандраад, ичээд бөөн юм болсон. Бүгдийг нь хумиад амандаа хийчихсэн гээд бод доо. (инээв)

    -Ямар хөгжилтэй дурсамж вэ?

    -Тэгэхээр нь би амыг нь ухаж байгаад авчихсан. Аваад үзсэн чинь би яамд хайртай гээд биччихсэн байсан. Гурав тасарчихсан тэр цаасыг би ахиж хэзээ ч урагдахгүй болтол нь скочдоод хадгалчихсан. Байнга хэтэвчиндээ хийж авч явдаг.

    -Гэхдээ нэг их олны нүднээс нуугддаггүй байсан юм шиг ээ?

    -Айхтар их нуугддаггүй байсан. Азаар л хэвлэл мэдээллийнхэнтэй, бас гэрэл зурагчидтай таарахгүй яваад байсан. Бурхан хамгаалаад тэр болгон бид хоёрыг юманд өртүүлдэггүй байсан байх.

    -Монгол хүн олимпын аваргын медаль авсан өдөр хотын гудамжаар хоёулаа давхисан тал байна уу?

    -Өөрийн эрхгүй сэтгэл дотор нэг юм булгилаад ирсэн л дээ. Манай ар талд Батзориг зааных амьдардаг. Тэгээд тэр өдөр ерөөсөө бүгдээрээ гаръя, туг мугаа бариад талбай руу очицгооё гэж орж ирээд л бүгдээрээ гарцгаасан. Тэр өдөр монгол хүн бүрийн сэтгэл зүрх хүчтэй булгилсан. Тэрийгээ хорьж дийлэлгүй эмоцио илэрхийлцгээсэн. Тийм л юм болсон.

    -Мэдээж насан туршийн ханиа сонгож байгаа болохоор сайн бодож тунгааж шийдсэн байх. Таныг ер нь ойр тойрныхноос тань хориглож байсан уу?

    -Би бас байнга хүмүүстэй уулзаад, хүмүүсийн үг ярианд автаад суугаад байдаг хүн биш л дээ. Тийм болохоор тэр болгон чи Батбаяртай битгий гэрлээрэй гэдэг үгийг надад халдаж хэлж чадахгүй л дээ. Яахав мэр сэр сонсогдож л байсан. Гэхдээ энэ миний л амьдрал. Миний л хувь тавилан. Миний л сонголт. Би л энэ амьдралаар амьдрах юм чинь тэр нь бусдын тийм их санаа тавих, оролцох зүйл биш шүү дээ.

    -Кекүшюзан урьд нь гэр бүлтэй байсан. Хоёр хүүхэдтэй. Нэг үгээр та өнөөдөр ээж болсон гэсэн үг.  Харин хэр ээж болсон бол?

    -Аймаар сайн ээж болж байгаа гэж хэлэх нь юу юм. Мэдээж надад энэ талын ямар ч туршлага байхгүй. Одоо л дасан зохицож эхэлж байна. Миний хайртай хүний хүүхдүүд учраас миний л хүүхдүүд гэсэн үг. Би хичээж байгаа. Тэр хүнийг хайрласнаасаа дутуугүй үр хүүхдийг нь, аав ээжийг нь хайрлаж явна гэж бодож байна. Манай Бабу чинь өөрөө их бурханлаг, их хүмүүжилтэй, сайн хүүхэд. Хичээл сурлагандаа сайн. Зан ааль зөөлөн үнэхээр сайн хүү. Бид аз жаргалтай гэр бүл болж чадаж байгаа. Үүний төлөө бид бүхнийг хийнэ.

    -Охинтой нь уулзаж үзсэн үү?

    -Уулзаагүй байгаа. Зургийг нь харсан. Их хөөрхөн охин байна лээ. Хүүхдүүдийн буруу гэж юу байхав дээ. Би ч гэсэн өөрөө хойд урд эцгийн нүүр үзэж өссөн л хүн. Тийм болохоор би харин ч хүүхдүүдэд хэн хэнээс илүү сайн хандана гэж бодож явдаг. Хүүхдийн сэтгэл их эмзэг байдаг болохоор томчууд бид энийг нь үргэлж тооцож, үргэлж анхаарч, сэтгэлийг нь амар амгалан өсгөж хүмүүжүүлэх ёстой.

    -Монгол хүүхний шийртэй хариулт байнаа?

    -Би танд сэтгэлдээ бодож явдаг нарийн нандин зүйлсээ л хуваалцаж байна.

    -Та нэг удаа ярилцлагадаа Бурхан надад хайртай. Цаг нь болохоор намайг сайн ханьтай учруулна. Би бурханы зурсан зурагт итгэж явдаг гэж ярьсан байсан. Тэр мөч үнэхээр ирсэн үү?

    -Тэр ярилцлагын дараа Баясгалан үлгэрт итгэсээр л явна гэж ганц нэг сонинууд бичиж байсан. Бид нар угаасаа л үлгэрт итгэж өссөн биз дээ. Тэгээд бас үлгэр болгоны төгсгөл сайхан байдаг.

    -Цагаан морьтой ханхүү ирж авраад л уу?

    -(инээв) Би хайж явсан хүнтэйгээ учирсаан.

    -Хамт байхад түшигтэй, сайн залуу байх аа?

    -Маш халамжтай. Маш сайн хүн. Бас их хөгжилтэй. Надад их хайртай. Би бас маш их хайртай. Бид хоёр ивээл жилтэй хоёр л доо. Санаа бодол маш гайхалтай нийцдэг юм.  

    -Танаас хэд ах вэ?

    -Найм. Гэхдээ биднийг харахад ямар ч насны зөрөө мэдрэгддэггүй биз дээ. хүн болгон тэгж хэлдэг.

    -Тийм шүү. Ээж аав нь таныг хэр хүлээж авсан бол?

    -Маш сайхан хүлээж авсан. Би хадам аав ээж хоёртоо бас их баярладаг. Энэ хүнийг ийм сайхан өсгөж хүмүүжүүлж, улс эх орондоо хэрэгтэй, зөв хүн болгон төлөвшүүлж өгсөнд. Архи уудаггүй, тамхи татдаггүй, нинжин сэтгэлтэй, үргэлж хүмүүст туслахын төлөө явдаг. Дандаа бусдын төлөө өөрийгөө зориулж явааг нь хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг юм.

    -Таныг уран бүтээлээ эрчимтэй хийхийг зөвлөдөг үү. Эсвэл амар тайван амьдрахыг хүсэмжилдэг үү?

    -Өөрөө л шийд гэдэг. Уран бүтээлээ жинтэйхэн хий. Завсраар нь өөрөө сайхан амар л гэдэг юм даа. Би ч гэсэн санал нийлж байгаа. Хувийн амьдралаа би хамгаас илүүд тавина.       

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан