Ариунцэцэг: Үүнийг л тэвччих, бүх зүйл түр зуурынх байдаг гэж би өөртөө хэлдэг

    Миний ярилцлагын зочноор янз янзын мэргэжлийн хүмүүс уригддаг. Тэдний маань дотор нэг л топ модель  (Э.Одгэрэл) байсан юм. Харин Ариунцэцэг хоёр дахь нь боллоо. Фото моделийн хувьд тэр миний ярилцаж байгаа анхны зочин. Ирмүүн сэтгүүл үнэхээр хамгийн ховор бүсгүйчүүдийн нэгийг олж чаджээ. Учир нь түүний хойноос бүх хэвлэл ангуучилж байдаг ч, тэр маш сайн нуугдаж чаддаг юм 

    -Таныг шоу бизнест өөрийн орон зайтай залуу од гэж боддог. Харин одоо тэр орон зайг  бүдгэрсэн гэх юм. Өөрөөр хэлбэл, мартагдсан, орхигдсон, ганцаардсан гэх тайлбарууд таныг тойрч байна. Яг одоо та аль хотод амьдарч байна вэ?
    -Миний хувьд шоу бизнес, тэр дундаа загварын ертөнцтэй урт удаан хугацаагаар холбоотой байна ч гэдэг юм уу, эсвэл насан туршдаа эндэхийн хүн байна гэсэн хатуу зорилготой байгаагүй л дээ. Гэхдээ энэ салбарт хүчээ сорьж байсан үе маань надад өөрийгөө улам илүү нээхэд, өөрийгөө олж авахад нөлөө үзүүлсэн. Би нуугдаж, зугтсан санагдаж байгаа бол тийм биш юм л даа. Би ердөө хувийн амьдрал руугаа бүх анхаарлаа зориулсан. 
    -Хувийн амьдрал чухал л даа. Цаг хугацаанаасаа бас өгөх ёстой байх ?
    -Би хэдийгээр залуу  хүн ч гэлээ эмэгтэй хүн гэж хэн байх ёстой вэ гэдгийг өөрийнхөө хэмжээнд л мэдэрсэн. Эмэгтэй хүн сайхан гэр бүлийн эзэгтэй, сайхан хүний хань, үр хүүхдийн сайн ээж байх ёстой. Эмэгтэй хүн гэхээр л сул дорой нэгэн байх ёсгүй. Эмэгтэй хүн хэнээс ч дутахгүй боловсролтой, өөрийн гэсэн хүчтэй байх ёстой гэж боддог. Энэ талын ойлголтоо дагаад одоо би сурч байгаа л даа. Бүх анхаарлаа хичээл ном руугаа өгсөн болохоор урлаг соёл, тухайлбал загварын ертөнцөөс өөрийгөө холдуулсан. Гэхдээ холдоно гэж бүр зорилготойгоор хатуу шийдээд холдоогүй л дээ. Өөрийн эрхгүй амьдрал намайг ийм байдал руу шилжихэд нөлөөлсөн. 
    -Хамгийн сүүлд “Гоёо”-гийн сурталчилгаанд тоглосон бил үү?
    -Хамгийн сүүлд би “Айр маркет” дээр гарч байсан. Одоо бол өнгөрсөн есдүгээр сараас эхлэн “Монос косметикс”-той хамтарч ажиллаж байгаа. 
    -“Монос” дуучин Сэрчмаатай хамтарч ажиллаж байсан байх аа. Моделио сольж  байгаа юм уу? 
    -Монгол бүтээгдэхүүн дээр нь биш, гадаадаас оруулж ирж байгаа бүтээгдэхүүнүүдийн сурталчилгаан дээр би хамтарч ажиллаж байгаа юм. Зураг авалтууд эхэлчихсэн завгүй л гүйж байна. 
    -Өөрөө “Гоёо”-ийн нүүр царай болж байсан модель. Одоо бол “Гоёо”-г Э.Одгэрэл л илэрхийлж  байна. Загварын ертөнц бол цаг хугацааны харцан дор захирагдаж явдаг хатуу салбар.  Тань шиг залуухан, үзэсгэлэнтэй охид байсаар байхад нэг өтөл модель л хамаг юмны өнгөн дээр алхаж харагдах юм. Энэ юутай холбоотой байдаг юм бэ?
    -Захиалагчдын хүсэлт, моделийн чадвар хоёр л асуудлын гол цөм шүү дээ.Өөр илүү дутуу юм байхгүй биз дээ. Жишээлбэл, миний хувьд би амьдралаас болоод загварын ертөнцөөс холдсон. Өөрийн боловсролдоо цаг зав гаргах шаардлага гарсан. Надтай адилхан шийдвэр гаргаад гадагшаа дотогшоо сурч боловсрохоор явсан олон моделиуд байгаа. Ийм нэг хэсэг байхад загварын ертөнцийг амьдралаа болгосон, амьдралынхаа зорилгоо болгосон, тэрнийхээ эцсийг үзээд оргилд нь гарахаар хөдөлмөрлөж яваа бас нэг хэсэг байна. Одгэрэл эгч бол тэр хэсгийн нэртэй төлөөлөгч. Миний хувьд монголын хамгийн шилдэг загвар өмсөгчдийн нэг яах аргагүй Одгэрэл. 
    -Дэлхийн загварын ертөнц их залуужсан шүү дээ. Тэнд 40 гарсан моделиуд байгаа болов уу?
    -Байгаа байгаа. Ер нь хүн өөрийгөө хэрхэн гоё, залуухнаар нь авч явж байгаагаас л хамаарна шүү дээ. Гадаад үзэмжнээс илүү дотоо гоо сайхан нь үнэхээр гоё байх юм бол гадагшаа үргэлж гэрэлтэж явдаг юм болов уу гэж боддог. Дотроосоо залуу хүн гаднаа хөгшин харагдахгүй. Дотроо хөгшин байдаг, гаднаа хичнээн үнэтэй тос түрхээд , яаж ч хичээгээд гоё харагдахад эргэлзээтэй. 
    -Та аравдугаар ангиа төгсөөд анагаах ухааны их сургуульд элсэж байсан гэж үнэн үү?
    -Би арван жилд байхдаа дөрөвдүгээр арван жилийн химийн гүнзгийд сурдаг байсан юм. Аравдугаар ангиа төгсөөд би Хүмүүнлэгийн ухааны их сургуульд Япон - Англи хэлний орчуулагчийн хос мэргэжлийн ангид элссэн. Надад нэг дутагдал бий л дээ. Би нэг зүйлд зорьж явж байгаад замын явцад ямар нэгэн таалагдахгүй юм гараад ирэхээр би цаашдаа хүсэлгүй болчихдог. Нэг тийм сонин зантай. Гэхдээ бүр зоръё гэсэн юмандаа зорьдог л доо. Надад өөрт маань уг нь мөрөөддөг, хийхийг хүсдэг аягүй олон зүйл байдаг. Яг хийх гэхээр аягүй их саад гарч ирдэг. Ийм шалтгаанаар л би сургуулиа орхисон. Дараа нь Анагаахын чиглэлээр сурах бодол бол байсан. 
    -Эмч болохыг хүсдэг байсан юм уу?
    -Эмч биш юм аа. Би юмны учрыг олох, ухаж шинжлэх чиглэлд илүү дуртай. Өөрөөр хэлбэл шинжлэх ажилд. Гэхдээ энэ сонирхлоо түр хойш нь тавьсан. 
    -Одоо ямар чиглэлээр сурч байгаа юм бэ?
    -Одоо би Хартфорд иститутын бизнесийн удирдлагын ангид сурч байгаа. Мэргэжлээ хэнээс ч дутахааргүй түвшинд эзэмшихийг  их хүсч байна. 
    -Сингапурт сураад байна гэсэн мэдээлэл гарсан байсан. Тэнд хэр удсан бэ?
    -Хэлний чиглэлээр сурч байсан. Бараг нэг жил болоод ирсэн. Яг тэр үеэр намайг хэвлэлүүд монголд байх аргагүй болоод явлаа гэх мэтээр маш их бичсэн л дээ.
    -Сэтгэл зүйн хувьд явмаар үе байдаг шүү дээ. Орчноо сольж, өөртөө тулгарсан хүнд хэцүү зүйлийг ялж гарахын тулд хаашаа ч хамаагүй алга болмоор болдог. Магадгүй танд ч бас ийм зүйл тулгарсан байж мэдэх юм?
    -Сингапур явсан яг хувийн зорилго маань хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэх л байсан. Үүнийхээ хажуугаар орчноо солихыг хүсч байсан байж магадгүй л дээ. Түүнээс биш хэвлэл мэдээллийнхний дайралтад эмзэглээд зугтсан юм биш. 
    -Мэдээж, хэвлэл мэдээллийнхнээс болж юу гэж явах вэ дээ. Харин хайр дурлалаас ч юм уу, түүнээс үүссэн сэтгэлийн дарамтнаас болж явах шийдвэр гаргаж болно шүү дээ?
    -Би амьдралынхаа ирээдүйг бодоод л шийдвэр гаргасан. Хүн амьдарч байсан орчноо тодорхой хугацаанд өөрчлөөд эргэж ирэхэд бас их сонин байдаг шүү дээ. Буцаж ирэхэд аягүй их сэтгэл догдолдог биз дээ. Тэр догдлол сонин мэдрэмж хүнд төрүүлдэг байж болох юм. 
    -Таныг анх дунд сургуулийн охин байхад миссийн тэмцээний тайзан дээрээс харж байсан юм байна. Миссийн тэмцээнд оролцох шийдвэр хэнийх байв. Тэр орой таныг үзэгчид шууд л “Ард түмний мисс” гээд өргөмжилчихсөн?
    -Миний хүүхэд нас үнэхээр гайхамшигтай дурсамжуудаар дүүрэн санагддаг. Хүүхэд байхдаа би бүжиглэдэг байсан. Хамгийн анх “Монголжингоо” улсын уралдаан гэж зохион байгуулагдахад манай эгч надад ороод үзээч гэдэг саналыг тавьсан. Тэр үед би өөртөө ерөөсөө итгэлгүй байсан л даа. Тэр тусмаа загварын талаар ямар ч мөрөөдөлгүй, зүүдлээч үгүй явсан. Тэгээд “Монголжингоо” тэмцээнд ороод тэргүүн байрыг авсан. Дараа нь миссийн тэмцээнд орох зөвөлгөөнүүд ирсэн. 
    -Тэр жилийн миссийн тэмцээнд дээр үзэгчид тэргүүн титмийг авсан бүсгүйг хүлээн зөвшөөрөхгүй хашгиралдаад, хэвлэлийнхэн тань руу хошуураад бөөн юм болж билээ. Маргааш нь хэвлэлүүдээр   Эрдэнэтийн Ариунцэцэгт  үзэгчид “Ард түмний мисс” гэсэн алдрыг өглөө гэсэн сурвалжлагууд дүүрэн байсан. Энэ гоё дурсамж мөн биз дээ?
    -Хамгийн гоё дурсамж. Таван жилийн өмнөх явдал шүү дээ. Тэр мөчүүд үнэхээр миний амьдралын мартагдашгүй дурсамжуудын нэг болон үлдсэн. Хэдийгээр би бүжиглэдэг, бас ч гэж үзэчдийн өмнө гарч байсан охин байсан ч гэсэн анх тэр орой UB паласын тайзан дээр гараад тэр олон мянган хүнийг хараад үнэхээр цочирдсон. Сэтгэл маших хөдөлсөн. Тайзны ард ороод үзэгчдэд баярласандаа өөрийн эрхгүй уйлсан. Үзэгчдийн надад өгсөн тэр үнэлэмж миний сэтгэлийг үнэхээр догдлуулсан. Тэр үед намайг дэмжиж, миний төлөө байсан үзэгчдэд би одоо хүртэл баярлаж явдаг. 
    -Тэр тайзан дээрээс л хамгийн анх шоу продюссоруудын хараанд өртсөн байх, тийм үү?
    -“Мисс интернешнл” тэмцээнээс би фото миссийн өргөмжлөл авч, дараа нь  “Гоёл” наадамд оролцох эрх авсан.  Яг миссийн тэмцээнд явахын урд өдөр Эрдэнэтэд шалгаруулалт болоод би орж байсан. Миний одоо  хүртэл баярлаж явдаг хүн яах аргагүй Цолмон багш. 
    -Том Цолмон уу?
    -Тийм. Тэгээд “Гоёл” наадамд оролцоод, тэндээсээ дараа нь Зев Розенбергийн истудид зураг авалтад орж, хамгийн анх  “Гоёо”-гийн рекламанд зураг авахуулж байсан. 
    -“Гоёл” наадамд хэдэн удаа оролцож байсан бэ?
    -Хоёр удаа оролцож байсан.
    -Энэ жил?
    -Ороогүй. Би ер нь фото модель чиглэлээр түлхүү ажилладаг. Энэ талдаа илүү сонирхдог. 
    -Клипэнд олон удаа тоглосон биз дээ ?
    -Дуучин Болдын хоёр клипэнд тоглосон. 
    - “Зөвхөн чам руу” дууны клип нь их таалагддаг юм?
    -Баярлалаа. 
    -Би хувьдаа таныг миссийн тэмцээн дээр шуугиан тарьсан үзэгчдийн үнэлэлт дунд тэр орой л шууд олон нийтийн анхааралд хүчтэй орж ирсэн гэж үздэг. Гэтэл зарим хүмүүс үгүй ээ, сонгосон эр хүн нь алтны магнат Ц.Мянганбаяр байсан учраас дуулиан дэгдсэн гэдэг. Аль нь юм бол?
    -Сонголт маань бас нөлөөлсөн л дөө.
    -Хэвлэлийн баатар, алтны том компаны эзэн эртэй учирсан учрал тань үнэхээр том дуулиан дэгдээсэн л дээ?
    -Би нийгэмд юм хийж бүтээсэн ч юм уу, ажил төрлөөрөө шалгарч мандсан хүн биш байтал намайг тэгж их айхтар анхааралдаа аван, тасралтгүй миний тухай янз бүрийн нийтлэлүүдийг бичин цацаж байгааг ерөөсөө хүлээж авч чаддаггүй байсан. Хэвлэлээр өөрийнхөө тухай гарсан зүйлсийг уншаад зарим үед надад ичих сэтгэл төрдөг байсан. 
    -Гайхах, гомдох энэ тар бол бүр утгаа алдсан уу?
    -Утгаа алдсан. Миний тухай дандаа буруу ташаа зүйл нийтлэгдэж байсан шүү дээ. 
    -Энэ бүхэнд таны буруу гэж юу байхав дээ. Гэхдээ их хэцүү байсан байх?
    -Хүнд цаг үе байсан. Дөнгөж амьдралын зах руу хөл тавих гээд хаашаа, яаж гишгэхээ мэдэхгүй зогсч байсан үед маань хайр найргүй хандаж, олон хүмүүс миний амьдрал руу ороод, хүн болгон дүгнэж цэгнээд, өмссөн зүүсэн, идсэн ууснаар маань хэмжээд л, гудамжинд ч зүгээр алхуулахгүй  байх нь надад хүндээр тусч байсан. Яваа яваандаа энэ байдалд дасч эхэлсэн л дээ. Одоо бол дөжирсөн. 
    -Хүмүүс нэг юмыг л их гайхдаг. Яагаад ийм залуухан, гоо үзэсгэлэнтэй сайхан охин өөрөөсөө үе мултарсан алтны магнатыг сонгосон юм бол гэж . Таныг шууд л эд хөрөнгөн дээр суурилсан сонголт хийлээ гэж ойлгосон байх. Гэтэл танд ямар гайхамшигтай учрал байсныг, хувийн ямар нандин зүйл болохыг тань хүмүүс мэдэхгүй шүү дээ ?
    -Хэн ч миний нүдээр хэн нэгнийг олж харахгүй. Энэ ертөнцийг харахгүй. Миний сэтгэлээр бусдыг мэдрэхгүй, миний бодлоор ямар нэгэн зүйлийг бодохгүй болохоор надад ямар байгааг надаас өөр хэн ч мэдэж чадахгүй. Энэ бол цорын ганц үнэн. Тийм тохиолдолд надад өөрийгөө бусдад ойлгуулах гэж хичээх ямар ч сонирхол байгаагүй. Би юуг ч тайлбарласан, яаж ч үнэнийг хэлсэн бусад хүмүүс өөрийнхөөрөө л ойлгоно. Гэхдээ нэг л зүйл байдаг. Сэтгэл зүрх гэдэг юм өмнөө байсан бүх зүйлийг даваад гардаг. Сэтгэлд маань тийм хүч хангалттай байсан болооор надад тийм аймаар давж чадашгүй даваа байгаагүй. 
    -Анхны гоё хайр байсан байх л даа?
    -Тийм. Хайр дурлал, хайр сэтгэл гэдэг үнэхээр агуу зүйл. Ямар хүн намайг яг чин зүрхнээсээ ойлгох вэ гэхээр яг над шиг л хайртай учирсан хүн намайг ойлгох байх. Өөр хүмүүс хэзээ ч ойлгохгүй. Насны хувьд заагтай олон л гэр бүл байдаг. Тэднийг ерөөсөө ярьдаггүй атлаа биднийхийг  хүмүүсийн нүдний өмнө гаргаж ирдэг. Үүнд би аягүй их эмзэглэдэг. Би өөрийгөө өмөөрч байгаа зүйл биш юм шүү. Эцсийн эцэст миний ойр дотныхон, миний найз нөхөд, миний хайртай хүмүүс намайг ойлгож, хайрлаж л байвал бусад зүйл надад чухал биш. 
    -Тэр таныг одоо ч гэсэн хайрладаг хэвээрээ л байгаа юу?
    -Тийм. 
    -Тэгвэл яагаад та хоёрыг салчихсан гэж  бичээд байдаг юм бэ?
    -Мэдэхгүй. Бид хамтдаа л байгаа шүү дээ. Бүх юм сайхан байгаа. Сонин дээр гардаг Ариунцэцэгийн амьдрал, яг нийгэмд өөрийнхөөрөө амьдраад явж байгаа Ариунцэцэг хоёрын амьдрал хоёр газар тэнгэр шиг ялгаатай байдаг. Заримдаа уншаад энэ миний тухай биш байлгүй дээ. Өөр Ариунцэцэгийн тухай бичээ байлгүй дээ гэж хошигнодог юм. 
    -Таны учирсан хүн гэр бүлтэй байсан нь тэр их шуугиан дэгдэхэд бас нөлөөлсөн байх л даа? 
    -Магадгүй.
    -Жүжигчин Пүрэвсүрэн та хоёрын харьцаа яг ямар вэ. Сониноос Пүрэвсүрэнд хандсан нэг хурцхан яриа уншиж  байсан юм байна?
    -Тэр бол миний алдаа биш л дээ. Тухайн үед гарч байсан мэдээллүүдээс болж би тавгүй байдалд нэг биш удаа орж байсан. Би шар хэвлэлүүдэд ч юм уу, бусад мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгөх дургүй. Надад тийм хүсэл огт байдаггүй. Би урьд өмнө ямар нэгэн ярилцлага өгч байгаагүй. Миний өмнөөс шууд зохиогоод биччихсэн хэд хэдэн зохиол нийтлэгдэж байсан.  Тэнд миний ямар ч буруу байгаагүй. Энэ бүхний төлөө би Пүрэвсүрэнгээс уучлал хүсэхэд бэлэн. Тэр бол миний яриа байгаагүй ээ гэдгийг бас ойлгох хэрэгтэй болов уу. Хэвлэлүүд , бусад шар мэдээллүүд бид хоёрыг өрсөлдөгчид ч юм уу, эсвэл дайснууд юм шиг болгож их бичдэг. Амьдрал дээр бол огтхон ч тийм биш. Би бол тэр хүнтэй уулзаж, юм ярилцаж үзээгүй. 
    -Пүрэвсүрэн бас ярилцлага өгч л байсан. Ариунцэцэг Пүүжээ эгчээ гээд л гүйж явсан хүүхэд гэх мэтээр?
    -Харин тийм. Тэр бас яг миний өмнөөс зохиож ярилцлага нийтэлж байсан сонин байсан. Тийм болохоор би яг миний өмнөөс яаж зохиол найруулж тавьж, намайг таагүй байдалд оруулж байсан шигээ Пүрэвсүрэнг хорлочихсон юм болов уу гэж хүлээж авсан.
    -Магадгүй л юм?
    -Харин тийм. Би Пүрэвсүрэнг өөрийнхөөрөө л хүлээж авдаг. Бусдын юу гэх хамаагүй. Пүрэвсүрэн бол гайхалтай сайн жүжигчин. Бас сайхан бүсгүй шүү дээ. Мэргэжлээрээ ажиллаж, амжилтад хүрч, тэр хэрээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээж яваа. Би хүндэтгэдэг. Тоглосон кино, бүтээсэн дүрүүдэд нь дуртай. Гэтэл хэвлэлүүд намайг түүний дайсан мэтээр л бичдэг. Амьдрал дээр миний тархи толгойд ийм зүйл огтхон ч байхгүй шүү дээ. 
    -Уучлал хүсэхэд бэлэн гэж та хэллээ. Энэ зөвхөн хэвлэл мэдээллээр та нарын дунд босгож ирсэн муухай санаачлагуудын өмнө буруугүй гэдгээ хэлсэн явдал уу. Эсвэл би гэдэг хүн гарч ирснээр чиний амьдрал эргэсэн бол уучлаарай гэсэн үг үү. Аль нь вэ?
    -Уучлаарай. Би гарч ирснээр амьдрал чинь эргэчихсэн гэж хэлэх үндэс байхгүй л дээ. Тийм явдал ерөөсөө байгаагүй. Миний амьдралд таван жилийн дараа юу тохиолдохыг би хэлж мэдэхгүй шүү дээ. Тэр үүднээс авч үзвэл тэр хүний хувь тавиланг би гарч ирснээр өөрчилсөн гэвэл энэ нь буруу ойлголт болно. Хувь тавилан гэдэг бол таашгүй зүйл. Биднийг дайснууд болгож  сонин хэвлэлээр гарсан мэдээллүүдийн эсрэг би ярилцлага өгсөн мэтээр надаас гараагүй зохиол нийтлэгдэж байсныг  ойлгуулахыг хүсч байна гэдгээ л хэллээ. Миний нэг гол үзэл би хүнд худлаа хэлэхгүй, хүнтэй дайсагнахгүй явахыг  хүсдэг. Хүн болгон өөр өөрийнхөө тавилангаар л амьдардаг. Хүн болгон өөр өөрийн дотоод ертөнцөд аз жаргалаа бүрдүүлээд, өөрөөсөө аз жаргалыг хайгаад л амьдардаг. 
    -Таны нөхөр бол монгол улсын эдийн засагт өөрийн хувь нэмрийг оруулаад л явж байгаа нэг том бизнесийн төлөөлөгч. Олон зуун хүний амьдралыг авч авдаг, олон тэрбумын татварыг төлдөг, энэ талаараа өөрийн гэсэн ажил хэргийн нэр хүндтэй хүн. Гэтэл хэвлэлээр их хачирхалтай хүний дүр уншигддаг. Сайхан хүүхэн л харвал аваад суучихдаг, уйдахаараа салчихдаг  донжуан гэж . Таны хайртай Ц.Мянганбаяр жинхэнэдээ хэн юм бэ ?
    -Би энэ талаар үнэхээр эмзэглэдэг. Монголын нийгэмд тогтчихсон нэг муухай зүйл байдаг л даа. Тэр нь хүнийг нийгэмд хийж бүтээж байгаагаар нь биш аль болох муу муухайгаар үзүүлэх явдал. Бусдыг ингэж харлуулсан, муу муухайгаар үзүүлсэн мэдээллүүдэд өөрсдөө ч их дуртай байдаг.  Энэ муухай  байдал нь нийгмийг тэр чинээгээр нь бас муухай болгож байгааг мэддэггүй. Бие биенийхээ улыг шагайж явдаг, бие биенийхээ хийсэн юмыг үнэлж тоох дургүй байдаг энэ бүх байдал манай нийгэмд ямар ашиг тустай юм бэ. Би ерөөсөө ойлгодоггүй. Манай хүн бол зүгээр л ажлаа хийгээд, хүч хөдөлмөрөө урсгаад, монголынхоо ирээдүйн сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийж яваа бизнесмен хүн. Тэр хүний хувийн амьдралын талаар элдэв гүтгэлэг унших хэнд хэрэгтэй юм бэ. Хүмүүст ямар ч мэдлэг өгөхгүй зүйл биз дээ. Манайхан өөртөө ямар ч мэдлэг өгөхгүй юмыг их авч уншдаг. Бидний эргэн тойрныхон ийм зүйлсэд хариу өгөх их хүсэлтэй байдаг.Арай хэтэрлээ гэх мэтээр хэлж л байдаг. Бид бол ач холбогдол өгдөггүй. 
    -Гэхдээ нөхрөө дотроо өмгөөлдөг биз дээ? 
    -Өмөөрнө. Өмөөрлөө гээд миний нөхөр тийм хүн биш шүү дээ гэж би хэлээд байх нь утгагүй зүйл байх. Тэртээ тэргүй ганцхан манай гэр бүлийг биш бусад олон арван гэр бүлийг тэгж бичсээр л байна шүү дээ. 
    -Ц.Мянганбаяр их зөөлөн хүн юм шиг санагддаг. Эр хүнийхээ хувьд гайхамшигтай хүн болоод л та ийм их дурласан байх ?
    -Зөөлөн. Миний хамгийн их хайрладаг чанар түүний энгийн чанар. Их энгийн хүн л дээ. Бас дэндүү сайхан сэтгэлтэй. Энийг нь эргэн тойрных нь хүмүүс л мэдэж хайрладаг байхад хангалттай. 
    -Та хоёр анх яг яаж танилцсан бэ?
    -Амьдралынхаа тийм нандин зүйлийг би олон нийттэй хуваалцмааргүй байна. Хүний амьдралын дурсамжинд үлдсэн байдаг хамгийн үнэ цэнэтэй, хамгийн нандин зүйл анхны учрал байдаг болов уу. Тэрийгээ хүмүүст дэлгэмээргүй байна л даа. Миний хувийн амьдрал миний л амьдрал. 
    -Та хэр эзэгтэй вэ?
    -Эмэгтэй хүний нэг гол мөн чанар айлын сайн эзэгтэй байх юм болов уу. Мэдээж надад урьд нь ямар ч туршлага байгаагүй. Амьдралын явцад чадах чинээгээрээ туршлага хуримтлуулж, сайхан эзэгтэй байхын төлөө л чармайж яваа. 
    -Ээж болох төлөвлөгөө байгаа юу?
    -Байгаа.
    -Та утсан дээрээ нөхрийнхөө дугаарыг юу гэж тэмдэглэдэг вэ?
    -Энэ тийм сонирхолтой гэж үү. 
    -Надад сонирхолтой байна л даа?
    -Миний хайраа. 
    -Өдөрт хэдэн удаа залгадаг вэ. Олон уу?
    -Мэдээж. Гэхдээ би энэ ярилцлагад гэр бүлийнхээ дотоод амьдралыг нарийн ширийн тайлагнамааргүй байна. 
    -Та одоо үнэхээр аз жаргалтай байна уу?
    -Маш их аз жаргалтай байгаа болохоор тэрийгээ хайрлаж  байна. Миний одоогийн аз жаргал надад хангалттай. 
    -Өөрийг тань нөхрөөсөө тусгаарлаад залуустай наргиж цэнгэж явах боллоо гэсэн мэдээлэл цацагдсан. Бүр “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүүтэй бүжиглэж байгаа фото нийтлэгдсэн байсан. Тэр юу вэ?
    -Өнгөрсөн жилийн шинэ жилийн арга хэмжээний үеэрх зурагнууд л даа. Миний найз нөхөд их сонин ш дээ. Нэг бол надаас дүү, эсвэл надаас эгчмэд бүсгүйчүүд л байдаг. Би тэр нөхөрлөлөөсөө их сайхан энерги авдаг. Авах, суралцах юм зөндөө байдаг юм. Зурагны тухайд найз нөхдүүдтэйгээ шинэ жилээр нэг арга хэмжээнд оролцоод явж байх үеэр зураг дараад явж байсан зурагчин тэр зургуудаасаа сонгож сонинд өгсөн байна лээ. Тэнд их олон хүмүүс байсан. Яагаад гэвэл олон газрууд шинэ жилээ тэнд тэмдэглэж байсан. Тэр хүмүүс дотор миний таньдаг олон хүмүүс тааралдсан. Тэдний нэг нь Жаргалан. Жаргалантай тааралдаад танилын ёсоор ярьж хөөрч, бүжиглэсэн. Жаргалантай хамт гарсан таван л кадр байна лээ. Тэнд бараг 500 орчим кадр дарагдсан байх. Гэтэл тэр тавыг нь сугалж аваад л сонинд нийтэлчихсэн байсан. 
    -Яахаараа сонинд оччихдог байнаа?
    -Би үнэхээр гайхсан. Ямар нэгэн хүний санаатай үйлдэл ч юм уу, бүү мэд. Сонины борлуулалтад л хэрэгтэй зүйл байсан юм байлгүй дээ. Сонинуудыг хараад байхад өчнөөн олон сайхан гэр бүлүүдийг эхнэрийг нь нэг өөр хүнтэй холбоод, нөхрийг нь бас нэг өөр эзэгтэйтэй холбоод биччихсэн байдаг. Гэтэл яг амьдрал дээр тийм биш байдаг. Ийм зүйл яагаад хийдэг юм бол. Болгоомжтой хандах ёстой шүү дээ. Энэ байдлаас нь болж хүмүүсийн амьдралд юу ч үүсч болно гэдгийг тунгааж, хайрлаж, тодруулж лавлаж байж нийтэлж баймаар санагддаг. Би бас их шашинлаг. Шашинлаг гэдэг маань бурхан бурхан гээд учир начиргүй гүйгээд байдаг гэсэн үг биш л дээ. Ёс зүйн  талаас тавьж өгсөн сургаалиуд нь сонин байдаг. 
    -Өөрөө чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ. Юу уншдаг, юу үздэг гээд …сонирхуулбал?
    -Би ном унших дуртай. Гэхдээ сэтгэхүйн талаасаа хүнд хүрдэг, хүнийг эзэмддэг тийм зохиолуудыг сонирхдог. Хүн гэдэг амьтан өөрөө яг юу юм бэ ч гэдэг юм уу, элдэв нууцыг агуулсан, тайлах гэж оролдсон гоё гоё номууд байдаг даа. Тийм төрлийг илүү сонирхдог. Иймэрхүү талын сонирхлоо хөөгөөд байхаар бас л шашин руу орчихдог. Хүнд өөртэйгөө ажиллах их сонирхолтой шүү дээ. Жишээ нь бясалгал гэхээр л цагаан хувцас өмсөөд завилж суугаад өөрийнхөө ухаан бодлыг таглаад залбираад суухын нэр биш гэж би үздэг. Хүн өдөр тутмын амьдралдаа зүгээр гудамжаар явж байхдаа нийгмийнхээ тухай, алхаж яваа хүмүүсийн амьдралыг тунгаан бодоод явж байгаа нь өөрөө бясалгал юм болов уу. Би бас өөрийгөө ийм байдалд аваачих их дуртай. Хөгжмийн урсгал гэх юм бол ер нь тайван, намуун, сонгодог аязуудыг  сонсох дуртай. Бас поп хөгжмүүдэд ч дуртай. Монголынхоо дуучдыг ч их сонсох дуртай. Ариунаа, Сараа бас Болдын дуунууд байна. Урлаг соёлын ертөнцөд ахицууд бас гарч байгаа гэж боддог. Шинээр гарч ирж байгаа хамтлагуудын дуунуудыг ч сонсох гоё байдаг. 
    -Эрдэнэт таны төрөлх хот уу?
    -Би Улаанбатарт төрсөн л дөө. Гэхдээ миний хүүхэд ахуй нас Эрдэнэт хотод өнгөрсөн. Манайхан бүгд Эрдэнэтэд амьдарцгаадаг. Манай Эрдэнэт үнэхээр гоё хот. Залуусын хот гэдэг шүү дээ. Утаа униаргүй, цэвэрхэн, бас намуухан. Миний урлаг, спортод дуртай байдаг маань энэ хотод өссөнтэй маань их холбоотой болов уу гэж боддог юм. 
    -Эцэг эхээсээ хэдүүлээ вэ. Ээж аав тань ГОК-д ажилдаг гэсэн үү?
    -Би эцэг эхээсээ гурвуулаа. Дээрээ нэг эгчтэй, доороо нэг дүүтэй. Аав ээж маань “Эрдэнэт” үйлдвэрт ажилладаг. Эрдэнэтдээ би их хайртай. Хүний өсч торнисон газар цаанаасаа тэр хүнтэй ямар нэгэн шижмээр холбоотой болчихдог юм шиг байгаа юм. Байгаль нь, хүмүүс нь гээд бүгд нэг л дотно. 
    -Та бараг буддаггүй юм аа даа. Сүүлийн үед загварынхан, урлагийнхан гоо сайхны мэс засалд их орж байгаа. Танд энэ талын төлөвлөгөө байдаг уу?
    -Гоо сайхны мэс засалд орж байгаа хүмүүсийг буруутгах бодол надад байдаггүй. Үнэхээр шаардлагатай зүйлдээ гар хүрч болно шүү дээ. Тэр шийдэл нь тэр хүний амьдралд аз жаргал авчирч л байвал болоо. Бусдад ямар ч хамаагүй асуудал. Тухайн хүний цэвэр өөрийнх нь хувийн асуудал шүү дээ. Миний хувьд одоогоор өөртөө ямар нэгэн засвар хийх бодол байхгүй. Бас нас маань залуу байна. Элдэв оролдлого бие төрх, царай зүсэнд маань шаардагдаагүй байна. Зураг авалтын үед аягүй их тод будалт шаардагддаг болохоор бусад үед бол аль болох будаггүй байхыг чухалчилдаг. 
    -Хүн болгонд өөрийн айдас байдаг. Таных…?
    -Би хагацахаас л айдаг. Үхэл бол огт өөр зүйл л дээ. Тэр бол биш. Хүмүүс юунаас айж байна. Хагацахаас л айж байгаа байхгүй юу.   
    -Тийм шүү. Сэтгэл шаналсан үед тайлах, тэр байдлаас гарах шаардлага тулгардаг. Хүн болгон өөрийн аргатай. Таных юу вэ?
    -Миний бодлоор би хэдий чинээ аз жаргалтай амьдрахыг хүснэ, төдий чинээ бэрхшээлийг туулах ёстой байх гэж боддог. Надад таарсан хүнд цаг үе тухайн үедээ аягүй хүнд байдаг ч, даваад гарсны дараа маш их аз жаргал болж хувирдаг. Тэрийг даваад гарчихлаа, би гайхалтай юм аа гэж тийм үед боддог. Тэгж бодох өөрөө маш гоё байдаг. Би өөртөө нэг үгийг хэлэх дуртай. Энийг л тэвччих, бүх зүйл түр зуурынх байдаг гэж. Би түргэн ууртай. Гэхдээ тийм үедээ тавхан минутыг өөртөө өгөөд ганцаараа суусны дараа тайтгарчихдаг. Хүн ер нь өөрөөсөө бурууг хайж сурах нь илүү зөв юм болов уу гэж би боддог болсон. Ер нь би бодож л уураа гаргадаг. Гэхдээ бодоод л улам шатаад л, гүнзгийрээд, хүндрээд байх биш бодож онгойж, бодож уужирч сурсан. Хичнээн намайг гомдоосон ч гэсэн хэсэгхэн хугацааг л надад өгчих юм бол би аягүй хурдан тайвширч чаддаг. Би байгалийн гоё гоё үзэгдлүүдэд дуртай. Жишээ нь, бороо орохоор сэтгэл нэг л гоё  ариусаад явчихдаг. Гоё том том ширхэгтэй цас будраад ордог доо. Тийм үед хотын гудамжны аль нэг хэсэг ч юм уу бүдэгхэн гэрэлтэж  байхыг харах гоё байдаг. Тиймэрхүү  байгалийн гоё үзэгдлийг харж, дотоод ертөнцөөрөө мэдрэх үед толгойд янз бүрийн сайхан бодлууд их орж ирдэг. Ийм үеүд их гоё байдаг. 
    -Таны хамгийн дуртай баяр юу вэ?
    -Хүүхэд байхдаа би төрсөн өдрөө л их хүлээдэг байсан. Хамгийн дуртай баяр миний төрсөн өдөр байсан. Одоо бол шинэ жилд л дуртай. 12 сарын 31, Нэгдүгээр сарын 1 хоёрын дундах тэр өдөр ертөнцийн бусад бүх өдрүүдээс илүү өндөрлөг өдөр юм шиг санагддаг. Хүн болгон аз жаргалтай байдаг болохоор ч тэгж санагддаг юм уу, бүү мэд. Ертөнцийн хамгийн гоё өдөр бол 31-ний өдөр.
    -Заримдаа амьдралын цагийг зогсоож байгаад өнгөрсөн бүх алдаагаа засах юмсан, тэгээд нэг эхэлж үзвэл ямар байх бол гэж боддог юм. Та тэгж боддог уу ?
    -Би эргэж харамсах асар дургүй. Нэгэнт л бодоод, шийдвэрээ гаргаад явсан юм чинь дараа нь харамсаж гашуудах хэрэггүй гэж би боддог. Буруу бодсон, дутуу бодсон явдал байдаг ч гэсэн би өнгөрсөн явдалд харамсах дургүй. Амьдралын цагийг зогсоож байгаад гээд таныг ярьсан чинь нэг явдал санаанд орж ирж байна. Би нэг удаа хоол хийгээд зогсч байхдаа ерөөсөө энэ амьдрал гэдэг юм чинь хоол хийхтэй л адилхан юм байна шүү дээ гэж бодсон. Хоолны жорыг хүн өөрөө зохиож амталж, улам илүү амттай болгох гэж хүссэндээ янз бүрийн жор хийж  байдаг шиг амьдралын жорыг хүмүүс өөрсдөө зохиож байдаг юм байна гэж. 
    -Сайхан хариулт байна. Уг нь ахиад зөндөө юм яримаар байлаа. Даанч бидний зай, цаг бага байна. Танд маш их баярлалаа. Сайн сайхныг хүсье?
    -Та бүхэнд ч бас. Ойрдоо хэн нэгэнтэй ингэж яриагүй юм байна. Сэтгэл нэг л сайхан болчихлоо. 

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан