А.Батсүх: Бас нэг мэдэхэд хавар ирчихсэн л байдаг

    “Ярилцъя” булан энэ удаагийнхаа зочноор Монголбанкны ерөнхийлөгч А.Батсүхийг сонгож урилаа. Тэрбээр сүүлийн үед олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж байгаа хүний нэг юм.
    -Сүүлийн үед хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр та гарч байх боллоо. Банкны систем тойрсон асуудлууд өөрийн эрхгүй ийм байдалд аваачиж байх шиг байна. Уг нь бол бусад улс оронд Төв банкны ерөнхийлөгч, тагнуулын газрын дарга хоёрынхоо царайг ховорхон олж хардаг жишиг байдаг юм билээ?
     -Ер нь дэлхий ертөнц өөрчлөгдөж байна шүү дээ. Жишээ нь, олон улсын валютын сан хүнд сурталтай байгууллага байсан. Бүгд шүүмжилдэг, тийм үү. Гэтэл сая нэг шийдвэр гаргажээ. PR-ын компаниудыг хөлслөх. Бодлогоо дэлхийд ойлгуулах гэж. Тэгээд хоёр компани шалгаруулаад, бодлогоо дэлхий дахинд таниулах ийм амжилттай хөтөлбөр хэрэгжиж байна. Тэгэхээр юм өөрчлөгдөж байгаа биз. Өөрчлөгдөхөөс ч өөр арга байхгүй. Бидний ажиллаж байгаа санхүүгийн энэ орчин өөрөө яаж шинэчлэгдэв, нийгмийн хөгжил ямар төвшинд хүрэв. Бүх юм цаг хугацааны аясаар өөрчлөгдөж байна. Үүнийг бид хүлээж авахаас өөр арга байхгүй. 

    -Бодлого таниулах суртал­чил­гааны тухай хөндөж байна. Энэ зүй ёсны хэрэг. Би бол таныг Монголбанкны ерөнхийлөгчийн нэр хүнд, сүр хүч гэдэг ойлголтын төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй байна гэж шүүмжлэх гээд байна л даа?

    -Төрийн албаны мэргэжлийн ёс зүйг нэг талаас сайжруулах ёстой болж. Магадгүй дэлхий дахинд. Орчин үед техникийн нарийн ширийн юмнуудыг программ хангамж, машин техник ашиглаад бүгдийг нь шийдчихэж болж байна. Хүний ёс зүйтэй холбоотой юмыг бол яаж ч чадахгүй байна шүү дээ. Миний л ойлгож байгаагаар шүү дээ. Энэ бол зохицуулалтгүй үлдчихсэн. Хор хөнөөл ихтэй. Зөв зохицуулж чадвал маш их үр ашигтай, ашиг орлого авчир­даг ийм л хүчин зүйл орхигдчихоод байна уу даа. Ер нь бол банкируудын нийтлэг нэг дүр төрх байдаг л даа. Эрхээ дээд зэргээр хязгаарлуулдаг, хийх ажил бол бас дээд зэргийн ачаалалтай. Дээр нь ямар арга хэрэгслийг ашиглах вэ, ямар шийдвэр гаргах вэ бүгд толгой дээр.Ер нь хүнээс асуухгүй шүү. Ер нь л их бөглүү ойлголт. Бие даасан байдал гэж юу юм бэ гээд авч үзэхээр төгсгөл байхгүй ээ. Би боддог юм. Өнөөдөр хувь хүний орлого гэдэг юмыг яг юу болохыг нь эдийн засагчид томъёолж чадаагүй л байгаа байхгүй юу. Яг юуг орлого гэж байгааг. Цалин байна, байгууллагаас нь сургалтад явуулж л байна. Орлого нь нэмэгдэж л байгаа. Гэвч үүнийг мөнгөөр тооцох боломж байхгүй. Байгалиас, эцэг эхээс заяасан чадавхи байна шүү дээ. Бас л мөнгөөр тооцох боломжгүй. Өөр өөр. Тэгэхээр орлого гэж юу болохоо тодорхойлж чадаагүй л байгаа хүмүүс шүү дээ, дэлхийн эдийн засагчид. Тэгээд тэрийгээ тодорхойлоод чадчихсан юм шиг мэдэмхийрэх хэцүү. Мэдэхгүй гээд зүгээр суух бас хэцүү. Гэхдээ завсар зайгүй ажиллаж байгаа. Тасралтгүй ажиллаж байгаа. Ажиллаж байна гээд дуугарах албагүй. Ялангуяа монголын төрийн албан хаагчид. Би нөгөө төлөвлөгөөний комиссоос эхлээд ийм орчинд ажиллаад сурчихсан хүн л дээ. Нэг мэдэхэд л жил өнгөрчихсөн байдаг. Оны эхний өдрөөс оны эцэс хүртэл хагас бүтэн сайнд гэртээ харихгүй дээ. Тийм газар арван хэдэн жил ингээд явчихсан хүн болохоор тэр төлөвш­лөөрөө хэвшчихсэн. Ярих боломж бол ер нь багатай. Ажлаа л хийх ёстой. Хугацаатай. Хугацаатай учраас чанар­тай хийхийг хичээнэ. Зэмлэл хүртэнэ. Сайшаал хүртэнэ. Тэрнээсээ таашаал авна.

    -Монголбанкны ерөнхийлөг­чийн албыг хашсанаас хойш сай­шаал ер нь хүртэв үү?

    -Сайшаалыг хүртээгүй. Хүртэх ч боломж байхгүй. 34 хувийн инфля­цыг үзлээ. Нэлээд олон жилийн да­раа. Би байнга л нэг юмыг хэлдэг. 2006 оны эцсээр ажил авахад жи­лийн зургаан хувьд л гарч байсан. Тэгэхэд инфляц өсөх дарамт байнга л мэдрэгддэг байсан байхгүй юу. Энэ төсвийн том тэлэлт бол зү­гээр л галзуу хүн шиг л явж байсан. Эсэр­гүүцэх, нөлөөг нь багасгах ганц арга бол тэрийг сонсохгүйгээр юмаа хийх. Үүсчихсэн том инфляцыг чад­лынхаа хэрээр хэмлэж, эмтлэх ёс­той байсан. Энийгээ л би хийсэн. Энийг хүмүүс хатуу бодлого гэж ойл­госон. Энэ нь зөв байсан. Ерөөсөө сонгодог эмчилгээ нь л тэр. Баабар их зөв хэлсэн байна лээ. Үнэхээр архинд орчихсон байсан байхгүй юу. Архинаас гаргах шаардлагатай бай­сан. Архийг нь хорих хэрэгтэй бай­сан. Ямар нэгэн ухагдахуунаар. Сүү­лийн үед бодлогын хүүг Монгол­банк өсгөж гэнэ, бууруулж гэнэ гэж их ярь­даг болсон. Ингэж яриад бай­гаа нь надад их сайхан санагддаг юм. Бүр би өөрөө яриад байгаа юм шиг. Энэ ойлголтыг анхаардаг бол­чих­сон бай­гаа биз. Энэ банк чинь бас 80 гарчихсан настай банк. Дэл­хийн бу­сад Төв банкууд шиг эмчил­гээний хэрэгсэлтэй байх ёстой. Тэр нэвтэр­сэн шүү дээ, өнгөрсөн оны дундуур. Энийг нэвтрүүлэх амар байгаагүй. Бидний өөрс­дийнхөө хэмжээнд бо­дож, судалж байгаа, мэдэж байгаа юм байна. Дээр нь валютын сангийн экспедиц байна. Эндээс би урьсан. Олон удаа ирсэн. Их сайн хамтарч ажилласан. Тэгээд тест хийсэн. Өөрийн­хөө тоонууд дээр л тест хий­лээ ш дээ. Миний хүс­сэн үр дүн гарч чадах уу гэж. 2007 оны дундаас ха­риуг нь олж харсан. Ер нь үр дүн гарах юм байна гэсэн. Энэ тийм амар­хан юм биш. Хүмүүс их амархан гэж боддог байж магадгүй.

    -Инфляц 34 хувь хүрчихлээ. Энэ тохиолдолд Монголбанкны ерөн­хийлөгчтэй хариуцлага тоо­цох ёстой гэсэн шүүмжлэл их өр­нө­сөн. Одоогийн байдлаар инф­ляц 10 орчим хувиар буурсан бай­на гэж ойлгож байгаа. Өмнө нь яа­гаад арга хэмжээ авагдаагүй юм бэ?

    -Хэрээс хэтэрсэн хэмжээний хурд­­тай төсөв мөнгө хоёр өсч бай­сан. Энэ хурдан өсөлтийн сайн нө­лөө нь бол хурдан гардаг. Муу нөлөө нь бол удаж гардаг. Дэлхий дахиныг хамарсан мөнгөний өсөлт өнөөдөр Монголыг хамарч байна. Мөнгө ихэс­нэ гэдэг сүүлдээ хяналтгүй байх сонирхол үүсгэдэг. Тийм учраас өсөлт зохистой хэмжээндээ л байх ёстой. Хэтэрвэл 34 хувиар орлогыг чинь хаачихаж байна. Багасвал ши­рээн дээрээ тавих байсан бялууг чинь бага болгочихно. Тэгэхээр өөр­төө таарсан л оновчтой хувь хэм­жээн­дээ явах ёстой. Мөнгө л орж ирээд байвал сайн гэдэг чинь харь­цангуй ойлголт. Хоёр жилийн өмнө мөнгө орж ирээд л байсан бол эдийн засаг улам халаад л байх байсан. Халахаар ерөөсөө юмны үнэ л өснө. Танд мөнгө байна. Авах юм чинь бага л байна.

    -Дэлхийн эдийн засгийн то­моо­хон үзэгдэл болоод буй энэ санхүүгийн хямрал бодитойгоор манай хаалгыг тогшоод ороод ир­чихсэн юм уу, эсвэл бид түрүү­лээд хөөргөдчихсөн юм уу?

    -Бодитойгоор нөлөөлж байгаа. Нөлөөлнө ч гэдгийг бид мэдэж бай­сан. Есдүгээр сарын 30 хүртэл ер нь хадгаламж бага ч гэсэн өсөлттэй бай­­сан шүү дээ. Чуулган эхэлсэн. Хү­мүүс үзэл бодлоо илэрхийлэх нь ойлгомжтой. Гэхдээ соёл дутсан. Монголчуудад, бодлого боловс­руул­даг хүмүүст хариуцлага дутсан. Хо­хирол амссан. Буцаад ойлгож эхэлж байна. Өөрөө өөрсдийгөө хүндрүү­лэх шаардлагагүй байжээ гэдгийг. Гаднын нөлөө байна аа. Аравдугаар са­рын 1-нд төсөв оруу­лахад зэсийн үнэ 6000-7000 л байсан. Тэгээд до­лоо хоногийн до­тор хоёр дахин уна­хад өөрчлөлт орох шаардла­гатай л тулгарч бай­гаа байхгүй юу. Бодитой нөлөөлөөд эхэлсэн гэсэн үг.

    -Уучлаарай, дэлхийн хямрал хаалга тогшлоо гэх шуугиантай давх­­цаад таны ганц хоёр мэдэг­дэл гарсан. “Дэлхийн хямрал Мон­голд нэг их нөлөөлөхгүй ээ” гэх мэт. Та яагаад тэгж хэлсэн бэ. Цаана нь Төв банкны бодлогыг жолоодож байгаа удирдагчийн далд бодол байсан байж болно. Гэхдээ энэ байдал таныг “тэнэг амьтан” шиг харагдуулаад эхэл­лээ шүү дээ?

    -Буруу ойлгосон байна. Нө­лөөл­нө ч , нөлөөлөхгүй ч. Яг жинхэ­нэ­дээ бол. Нөлөөлнө. Нөлөөлөхгүй нь юу вэ гэхээр жишээ нь монголын компа­ниудад, банкуудад гаднын хөрөн­гийн зах зээлтэй өөрийнхөө бирж шиг холбогдоод, үнэ ханш нь унаад, огцом дарамт учруулаад хөдлөхөө байчих хүчин зүйл байхгүй байсан байхгүй юу. Өнөөдөр хувь­цаа нь бо­гинохон хугацаанд асар эрчимтэй унасан үнэт цааснууд Мон­голд бай­гаа юм уу. Байхгүй шүү дээ. Энэ та­лаасаа бол нөлөө байх­гүй. Нөлөө байгаа тал нь төсвийн чинь гол эх үүсвэр болсон алт, зэс хоёр дээр л байгаа биз дээ. Энэ нь бэлхэнээ ха­рагдаж, мэдрэгдэж байгаа байх гэж бодож байна. Бид энэ тухайд байнга л ярьдаг байсан биз дээ. Дандаа ийм өндөр байхгүй шүү гэж. Өндөр байхад нь л хэлдэг байсан. Тэгэхээр нөлөөлнө, нөлөө­лөхгүй. Нөлөөлөх­гүйг нь нөлөөлөх­гүй гэж ерөөсөө бүтэн даалгаж болохгүй. Нөлөөлж байгааг нь бүтэн нөлөөлж байна гэж ойлгож болох­гүй. Зэсийн үнэ уначих­лаа. Борлуу­лах орлогоо нэгээс хоёр жилийн дотор олчиход нөлөөлөхгүй­тэй л адилхан.

    -Хямрал Монголд ашигтай ч тусч болно гэж та бас хэлсэн. Үүнийгээ тайлбарлахгүй юу?

    -Ашигтай тусч болно. Баялагтай улс орон заавал өнөөдрийн өндөр үнэ ханш хөөцөлдөх албагүй. Тав зургаан жилийн дараа зөөгөөд ба­рахгүй их алт гарч ирнэ. Тэр доороо нефтьтэй арабын орнууд шиг л амьд­рах ёстой биз дээ. Өнөөд­рийн үнэ 3000 хүрэх нь ямар ха­маатай юм. Олборлолтоо л түргэт­гэе л дээ, төслүүдээ түргэтгэе л дээ.

    -Мөрөөдлөөр цатгалан, тай­ван амгалан амьдарцгаая гэсэн үг үү?

    -Тэгье л дээ. Үнэ хамаагүй. 2000 ч болог л дээ. Ахиухан л гаргая л даа. Манай хойд хөрш нефтийн үнэ уначихлаа гээд навсрахгүй, гутрах­гүй л байгаа биз дээ. Ахиухан л гар­гаж байна. Бүр татвараа ба­гасгаад. Өндөр үнэтэй байх үед нь бол тат­вартай байсан. Одоо бол татвараа багасгаад ахиухан өгмөөр байна шүү дээ. Тэдэнтэй адилхан бид бас баялагтай юм чинь зэсийн үнэ 3000 байсан ч гэсэн олборлол­тоо нэмэг­дүүлээд явъя л даа. Ер нь тэгж яри­вал бид өөрсдөө алт, зэсийн үнэ тог­тооход нөлөөтэй болж болно ш дээ. Бидний хэр нийлүүлэх, хэр ол­бор­лохоос авахуулаад үнэ хэл­бэлздэг, монголчуудын гэх нө­лөө байдаг тийм байдалд шилжиж болно шүү дээ.

    -”Анод” банкны тухай та бага ярих сонирхолтой байгаа байх. Гэхдээ л Анод…Анод гэж амтай бол­гон ярьж байна. “Анод” бан­кийг сүүлийн хоёр жилийн хуга­цаанд танайх таван удаа шалга­сан юм байна. Хадгаламж эзэм­шигч­дийн дунд ийм төвшний доргион үүсгэхгүйгээр зогсоох боломж байгаагүй юу?

    -Төв банкны хяналт шалгалт бол тасралгүй явагддаг юм. Заримдаа бид хэсэгчилж шалгана. Тодорхой сэдвүүдээр. Иж бүрэн, бүх үйл ажил­лагааг хамруулаад ч шалгана. Ер нь эрсдэл гарч болно шүү дээ. Одоо илрүүлчихээр бас их том буруутан болж байна л даа. Уг нь ингэж бо­лохгүй. Ийм байдал төрийн хяналт шалгалтын эрчийг сулруулж магад­гүй эрсдэлтэй. Харин ч зөрчил бай­гаа бол илрүүлээд таарсан арга хэм­жээг нь авч байвал илүү эрүүл тог­толцоо үйлчилж байна л гэсэн үг. Бусад банк маань ингэж халж бо­лохгүй. Гэтэл тийм хүлээлт үүсгэж болохгүй биз дээ. Урьд нь юу харж байсан юм бэ гэх байх. Урьд нь хя­наж шалгаж байсаан. Төв банкны хуулинд заасан эрх мэдлийн хү­рээнд, олон улсын стандартад нийц­сэн технологиор. Орчин үед мэдээл­лийн технологи өндөр хөгжчихсөн, санхүүгийн элдэв арга хэрэгсэл хурдан хөгжчихсөн байна. Нуух бололцоо байж болно.

    -Нуух бололцоо гэсэн үү?

    -Тийм. Та ингээд гарын үсэг зу­раад, тамга дараад, аудитлагдчи­хаад өгвөл үнэмшинэ биз дээ. Ин­гээд өгч л байгаа юм л даа. Гэхдээ судалсаар яваад зөрчил илрүүлж байх жишээтэй. Тэгэхээр Төв банкны хяналтын хүч чадал, арга хэрэгсэлд бол найдаж болно гэдгийг л анхаа­раасай гэж би хүсч байгаа. Санаа­тайгаар буруу тайлан мэдээ гаргаж болно. Гэхдээ баригдана.

    -Монголбанкны тохоон то­милсон элч “Анод” бан­кинд ажил­лаж байгаа. Энэ ажил хэр явцтай байгаа вэ?

    -Маш эрчтэй ажиллаж байгаа. Олон цагаар ажил­лаж байна. Хуульч нар хүчээ нэгтгэж байна. Сан­хүүч нар нэгтгэж байна. Хамгийн туршлагатай хя­нан шалгагч нарыг тавь­сан. Маш их ажил хийсэн. Ачаал­лыг нь мэдэрч байгаагийн хувьд л би ингэж хэлж байна.

    -Гэвч хадгаламж эзэм­шигчид нь тайт­гарсан уу. Төр иргэдийн хад­галамжийг хамгаа­лалтад ав­лаа. Гэхдээ л танай баг очиж ажил­лаж эхэлснээс хойш ч хү­мүүс хадгаламжаа тат­саар байгаа гэх юм. Зүй ёсны дагуу бол энэ явдал зогсох ёстой юм биш үү?

    -Эхний нэг хоёр өдөр бага зэр­гийн дараалал байсан. Одоо бол зогсчих­сон байна. Хадгаламжаа авах байдал үндсэндээ зогс­чихлоо.

    -Төрийн авсан арга хэмжээ “бай”-даа тус­сан л гэсэн үг үү?

    -Хадгаламжийн батал­гааны хуульд иргэд үнэ­хээр итгэж байна. Монгол­чууд төрдөө итгэдэг. Энэ нь үнэхээр харагдаж бай­на. Тэгэх тусам бид улам илүү хариуцлагатай ажил­лах ёстой болж байна.

    -Төрөөс эрсдэлийн сангийн мөн­гийг танайд авчраад байр­шуул­чих­лаа. Одоо арилжааны банкууд танайд хүсэл­тээ тавина. Нөгөө талд бас нэг хардлага үүсээд байна. Саарал байшинд ардаа банктай “эзэд” хэд хэдээ­рээ сууж байна. Тэдний лобби явагдаж байгаа. Тэгэхээр давуу хуваарилалт очиж таарна гэсэн?

    -Төв банкинд найдаж болно. Шударга, ажил хэрэгч зарчмаар хан­дана гэдэгт нь. Хэрвээ та улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийг ял­гаж таньдаг бол очоод асуугаарай. Ер нь та нарын нөлөөнд орж байсан уу, орох магадлалтай юу гээд.

    -Оруулах ажиллагаа яваг­даад эхэлчихсэн юм биш үү. Тэд бүгд өөрсдийн хэвлэл мэдээл­лийн хэрэгслүүдтэй. Түүгээрээ дам­жуу­лаад бодло­гуудаа явуулж байна шүү дээ?

    -Монголбанкны үйл ажилла­гаанд тэр нь нөлөөлөхгүй гэж бо­дож байгаа. Дийлэхгүй. Оролд­лого гарсан ч би зөв ойлгуулна. Нөлөөнд автахгүй. Энэ бол Төв банк. Төв банк шүү. Би хувьдаа 25 жил улсад ажиллахдаа хэзээ ч, хэний ч нө­лөөнд орж яваагүй. Цаашид ч тө­рийн албанд зүтгэж ирсэн энэ зар­чимд маань ямар нэгэн өөрчлөлт орохгүй. 

    -Саяны баталсан жур­мыг за­рим бизнесмэн шүүм­жилдэг. Энэ бол түр гал унт­раа­сан, бас л нэг эрх­лүүлж, нялхруулсан арга хэмжээ боллоо гэж?

    -Дэлхийн бүх улсын том бага банкуудад богино хуга­цаа­тай эх үүсвэрийн эрэлт бай­гаа шүү дээ. Урьд байгаа­гүйгээрээ их байгаа. Зөвхөн Монголд ч биш. Энэ ав­даг л арга хэмжээ.

    -”Анод” банкинд эрс­дэ­лийн сангаас байршуулж бай­гаа хувиас очихгүй гэж та мэдэгдсэн?

    -Очихгүй.      

    -”Анод” тэгээд цаашид яах вэ?

    -Бүтцийн өөрчлөлт хийнэ. Шаардлага гарвал төрөөс да­хин хөрөнгөжүүлнэ. Орчин үед сан­хүү­гийн ийм хүндрэ­лийг шийддэг аргууд нь бас хөгж­чих­сөн шүү дээ. Гэхдээ бүх юм хялбар гэсэн үг биш шүү. Таа­гүй төсөөллийг бол би байх ёстой л гэж үздэг. Заавал ан­хаа­руулж байх ёстой. Ялан­гуяа бидэн шиг ийм мөн­гөний бодлого хийдэг хү­мүүст. Дан­даа бороотой байх­гүй. Дан­даа нартай байхгүй.

    -”Анод”-ын захирлууд саа­туулагдан шалгагдаж бай­­на. Энэ явдлын өмнө “Анод”-ын гүйцэтгэх захи­рал Энхтөр Ерөн­хий сайдад захидал бич­сэн. Үүнийгээ тан­тай зөвлөсөн үү. Тэр за­хидлын агуулгын та­лаар та юу хэлэх бол?

    -Надтай зөвлөөгүй. Сүүлд уншсан. Би энэнд нэг их өндөр ач холбогдол өгөөгүй шүү.

    -Тэр захидалд уу?

    -Тийм. Тэр тийм их сонин байсан уу.

    -Сонин байсан?

    -Ямар талаасаа. Хүнээс мөн­гөө авч чадахгүй ядарч яваа юм шиг үү?

    -Нэгд, Монголын нэг сай­хан банк сүйрлийн ирмэгт ирс­нийг мэдрүүлсэн. Бас түүний удирдагч нь хамгийн эцсийн аргаа хэрэглэж бай­гааг харсан. Хоёрт, сул до­рой харагдсан ч, бас аюул­тай нөхцөл байдал айсуйг то­­дорхой шингээсэн бай­сан?

    -Харахад бол зарим ха­рил­цагч нь төсвөөс сан­хүү­жилт авах ийм гэрээ хэл­цэлтэй байж магад­гүй санагд­сан. Тэ­рэн дээрээ суу­рилсан боломж байж болох талаар танилцуул­сан юм болов уу гэж ойлгосон. Бид гэрээ хэл­цэл бүрээр нь үзэж байгаа.

    -”Анод” сандралд орсон. Санд­раад барьц алдахдаа олон жилийн турш харил­цаж ирсэн үнэнч зээлдэгчид рүү­гээ халдсан. Тэрбум тэр­бу­мын хүү төлж ирсэн үн­дэс­ний хэ­дэн хөрөнгөтнийхөө нэр хүн­дэд эргээд занал­хийлсэн. Га­хай зөө­хөөс га­раа­гаа эхэлж, амьд­ралын ха­туу хөтүүг туулж явж өнөө­гийн өндөрлөгт хүр­сэн хэдэн хар шилтэй боссууд энэ явдлын дараа танд гом­дож эхэлсэн сураг­тай. Учир нь Монголбанкны ерөнхий­лөгч А.Батсүх гэж нөхөр л ша­хаж ийм ажилла­гаа хийл­гэ­сэн гэсэн яриа тархаж бай­на. Та үүнийг мэдэрч байгаа юу?

    -Тийм юм явагдаж байж магадгүй.

    -Гэхдээ та компанийн за­хирлуудын дайсан биш шүү дээ?

    -Биш. Нөгөө талд нь 50-60 мян­ган хадгаламж эзэмшиг­ч байгаа шүү дээ. Ганцхан тэд ч биш.

    -Тэгээд төлөх чадалтайг нь шахаж байгаа юм уу?

    -Гэрээгээ зөрчөөд хугацаа­гаа хэтрүүлчихсэн бол төлөөч ээ л гэдэг хүсэлт тавьж байгаа. Нэр төрд нь халдаж зарлах нь бол манай бодлого биш.

    -Тэгвэл тэр ажиллагаанд яагаад таныг хардаж байгаа юм бол?

    -Хардуулах сонирхол дунд нь үүсгэж байж магадгүй. Хар­дуулах сонирхлоо зохион бай­гуулалттай явуулж, дундаас нь ашиг хонжоо хайх санаархал хаа нэгтэй байгаа байх л даа.

     -Яг үнэндээ бид энэ хү­рэн ширээний ард сууж бай­гаа А.Батсүх гэдэг эрх­мийн ху­вийн зангараг, оюун са­наа­ных нь ертөнц, хүнийх нь хэн бо­лохыг мэдэрмээр бай­на. Том албан тушаалд оч­чихсон, нэг “жижигхэн амь­тан” гэсэн сур­тал нэлэн­хүй­дээ явчихлаа шүү дээ?

    -Яваг л дээ. Би ерөөсөө ийм зүйлд ач холбогдол өгдөг­гүй.

    -Янз бүрийн сонирхол­той бүлэглэлүүдийн ажил­ла­гаа эрчимжсэн байна гэ­сэн үг. Хоёр нам тохироонд хүрсэн гэ­нэ, одоо энэ нөх­рийг зайлуул­на аа гээд л ярьц­­гааж байна. Таныг л буул­гах сонирхол яв­чихаж байгаа юм биш үү. Юун нө­гөө хямрал?

    -Би хямрал гэж ярих дур­гүй. Бүх бололцоогоороо урьд­чилан сэргийлэх ёстой. Хүнд­рэлүүд учирч болно. Үүнээс хаашаа зай­лах юм. Хаа­шаа ч зайлах арга­гүй. Шийдэх л хэрэгтэй. Шийдэж болно гэж бодож байгаа.

    -Та хатгуулах, оролдуу­лах, өөрөөр хэлбэл шуурган дунд зогсох тийм дуртай хүн үү?

    -Төрийн алба хүнийг найз­гүй л болгодог юм шиг санагд­даг. Нэг харахад л найз нөхөд­гүй бол­гочихдог. Би энэ тухай бо­доод учрыг нь олдоггүй юм.  

    -Ер нь л та их ганцаараа харагддаг шүү дээ. Угаасаа л ийм ганцаардмал хүн үү?

    -Ямар ч байсан миний эс­рэг хэн юу хийж байна гэдгийг ан­заарах завгүй л байна. Аж­лаа л хийнэ. Зарчмаа барина.

    -Гэхдээ л нийгэм таны хийж байгаа ажлыг харж байх, мэдэрч байх, зөв үнэлж байх ёстой биз дээ. Өөрийгөө ойл­гуулах гэтэл хоцорсон байх нь бий?

    -Үр дүн чухал болов уу л гэж бодож байна. Би байнга эндэ­хийн ерөнхийлөгч байх­гүй шүү дээ.

    -Таны өмнө ерөнхийлөгч байсан хүн одоо парламен­тын гишүүн болсон. Та хоё­рын дунд тодорхой зөрчил байдаг гэсэн яриа нууцгүй хэлэхэд газар авсан. Түү­нийг банкны систем тойр­сон өнөө­гийн энэ хямралыг ашиг­лан таны эсрэг сөрөг ажиллагаа их явуулж байгаа гэх юм. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

    -Надтай ирж уулзаад, нэг ярилцаасай л гэж боддог юм. Гэхдээ Монголын эдийн зас­гийн төлөө, санхүүгийн систе­мийн төлөө зүтгэж явсан хүн мөн юм бол тэгтлээ улаан ца­гаандаа гарчихаагүй байлгүй дээ. Би бол завгүй л ажиллаж байна. Миний хийж чадах юм энэ л байна.

    -Муухай үг хэлж байна гэж битгий бодоорой. Таныг өм­нөх ерөнхийлөгчийнхөө бөг­сийг муугүй ухсан гэж бас яригдах юм?

    -Тийм үйл ажиллагаа бол явуулаагүй.

    -Би улс төрийн орчинд ажилладаг сэтгүүлч. Таныг өмнөх ерөнхийлөгчийн хий­сэн хоёр гурван ноцтой гэ­рээг цуцалж, олон газар дай­сантай болсныг тань мэднэ шүү дээ?

    -Холбогдсон хүмүүс нь өөрс­дөө хариулна биз дээ. Би хариулах хүн нь биш байна.

    -Уучлаарай, тэгвэл ор­хиё. Одоо “Анод” байна уу, байх­гүй юу. Энэ асуултад та нэг хариулаач?

    -”Анод” байна.  

    -Цаашдаа?

    -Бүтцийн өөрчлөлт хийнэ. Би танд хэлсэн. Ямар ч байсан төр хадгаламжинд нь батал­гаа гар­гаж өгсөн. Энд ямар ч асуу­дал үүсэхгүй.

    -Дахин хөрөнгийн эх үүс­вэр төрд байхгүй?

    -Байгаа.

    -Таныг бас улс төрийн дэмж­­лэггүй хүн гэх юм. Та тэнд нээрээ ямар түшигтэй вэ. Таны үйл ажиллагаанд улс төрд дэмжлэггүй, тэр зүгийн хамгаалалтгүй бай­гаа тань нөлөөлж байна уу?

    -Улс төрийн хамгаалалт гэж ер нь юу юм бэ.

    -Хариулахаас татгалзаж байна гэж ойлголоо. Аль нэгэн хамгаалалтад аваачих гэж одоо оролдож байгаа юм биш үү. Нөгөө талаас нь тэгж харж бас болно л доо?

    -Би явахгүй л болов уу.

    -Таны хувийн намтрыг бид бараг мэдэхгүй. Социа­лизмын үеийн чанд хатуу бай­гууллага болох Төлөв­лөгөө эдийн зас­гийн улсын хорооноос ирсэн гэдгээс илүү мэдээлэл алга. Таны нийгмийн гарал, эзэмш­сэн боловсрол, туулсан зам­на­­лаас сонирхмоор байна. Яа­гаад юу ч мэдэхгүй, сул до­рой нөхөр гэж яригдаад бай­гаа хэрэг вэ?

    -Ер нь Төв банкинд хэн ч том­дохгүй. Яг өөрийгөө мэд­дэг бол. Манайхан банкны анги төгс­чихөөд л банкир гэж ярь­даг. Дэлхийн бүх том бан­куу­дын хам­гийн өндөр өртөг­тэй ажлыг инже­нерүүд, физик­чид хийдэг юм. Нөөц байршуу­лах, хөрөнгө ху­ваарилах, түү­хийг тооцох бүг­дийг нь инже­нерүүд хийдэг юм. Би бас тийм буруу ойлголттой хү­мүүс­тэй их таа­ралддаг юм. Би банкир гэсэн. Өнөөдөр ба­рууны сайн сургуу­лиудын фи­зикийн ан­ги төгссөн бүх фи­зикчийг бан­кууд татаж авч байна шүү дээ. Сонин бай­на уу.

    -Банкны өөрийн систе­мийн оршихуйн онол, сан­хүү­гийн ертөнцтэй холбоо­той улсын нууцын зэрэг­лэлд хамаарах ойл­голтууд зэрэг олон л асуудал бай­даг биз. Гэ­тэл пар­ламентад янз ян­зын хүмүүс суудаг. Энд мэд­лэгийн (сан­хүү­гийн) төвш­ний хийгээд салбарыг нь мэ­дэх мэдэхгүй дээр суу­рил­сан ялгаанууд ажиглагд­даг. Тэнд дуудаж авааччи­хаад л элдэв болох болох­гүй юм шал­гаагаад бай­даг нь танд ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?

    -Ялгаа байсан нь дээр л гэж боддог юм. Мэргэжлийн, турш­ла­гын, насны. Ялангуяа мэргэж­лийн ялгааг бол байх ёстой л гэж боддог. Бүгдийг нь нэг хил дээр аваачих юм бол ёс зүй. Тэрний дээр доор бол асуултад хариу­лах битгий хэл сонсоход ч хэцүү. Гэхдээ тэрэнд хүндэтгэлтэй хан­дах хэрэгтэй. Би бол тэгж л ханд­даг. Хариулахад хэцүү асуулт олон байдаг. Ёс зүйн зөрүү бол хүнд. Мэргэжлийн зөрүү бол харин сайхан.

    -Монголбанкны ерөн­хий­лөгчийн албан тушаа­лын зин­даа их сонин ха­рагддаг. Дэд сай­дын хэм­жээнд л авч үзэж байх шиг. Хуулиндаа бол Зас­гийн газ­раас хараат бус гээд заа­чихсан. Гэтэл дур­тай сайд нь дуудаж ха­рааж загначих гээд байдаг. Харьцахгүй байж болдоггүй. Уг нь га­даад оронд бол ху­ралдаанд орж ирээд суух зэрэг дэв нь хүртэл өөр л байдаг юм билээ. Энэ талаар та бодож үзсэн үү?

    -Сонин асуулт асууж бай­на. Би боддог. Гэхдээ хэлэхэд бас хэцүү байдаг. Өөртэйгөө холбож хэлж байгаа юм шиг ойлгогдоно.

    -Та ер нь бичдэг үү?

    -Цөөхөн судалгааны ажил бий. Сүүлийн хоёр жил ажлын ачааллаас болоод ийм зүй­лүүд дээр суух зав гарсангүй.

    -Таныг Монголбанкны ерөн­хийлөгч болохыг угтаж бас сөрөг мэдээллүүд би­чигд­сэн. Тэр дотор “Начин заан” ломбардын сүлжээ дур­дагдаж байсан. Эрх аш­гийн зөрчилтэй гэж үзэх үн­дэслэл үнэхээр байна уу?

    -Бид жинхэнэ эрх ашгийн зөр­чилтэй юмыг харчихаад хараа­гүй юм шиг л явдаг. Жин­хэнэ зөрчлийг шүү дээ. Зөрчил биш юмыг хараад байдаг. Тэ­гэхээр аягүй жижигхэн со­нир­хол л бай­гаа байхгүй юу. Мон­голд анх үйлдвэрлэл үйл­чил­гээний хор­шоо­лол байгуу­лаг­даж байсан даа. 1980-аад оны сүүлээр. Анх­ны таван хор­шоо­ны л нэг. Шинэ мая­гийн хувийн хэвшлийн. Тэгэ­хээр жаа­хан түүх байгаа биз. Хорин жилийн түүх. Гэхдээ ми­ний эх­лүүлсэн биш, миний эр­хэлж байгаа биш. Түүхийг нь тэн­дээс л харах хэрэгтэй. Дарга бол­чихоод байгуулчих­сан, ул­саас тендер авчихаад бай­гуул­чихсан, зээл авчихаад тө­лөөгүй байгуулчихсан юм биш. Эхний тавд хоршооны үнэмлэх авч байсан байдаг юм. Наяад оны сүүл шүү дээ. Түүхийг нь хар л даа. 

    -Өөрийг тань Ховдын хүн гэж сонссон. Хаанаас гарч, ямар замналаар явж өнөө­гийн өндөрлөгт хүрч ирс­нээ товч­хон ярьж өгч болох уу?

    -Улаанбаатар хотод төр­сөн.

    -Тэгвэл яагаад таныг Хов­дын фракцид хамруулж ярь­даг юм бол?

    -Ховдын Дарви сумын харъ­­яат болж таарна л даа. Ааваараа болбол олхонуд ов­гийн хүн л болж таарч байгаа юм. “Чинги­сийн нууц товчоо”-нд нэр заагаад орчихсон байдаг хоёр овгийн л нэг шүү дээ. Дар­ви суманд энэ жил л анх удаа очиж үзсэн. Су­тайн тахил­гаар. Гайхалтай сай­хан сэтгэгдэл төрсөн. Харахад зүгээр л нэг эн­гийн бор сум. Хэд­хээн бай­шин, даруухан сум… Цөөхөн айлтай. Аягүй бор сум. Сутай уулын тахил­гад тэгж оч­сон. Тэр уулын хор­мойд очиход үнэ­хээр хүчтэй сэтгэгдэл төр­дөг юм билээ. Говь, хээр, хан­гай, цөл гээд бүгд хоршчихсон. Модтой, устай, өвөрмөц тог­тоц­той. Су­мын түүхийг нь үзэ­хээр дал наян эрдэмтэн төр­чихсөн байх жи­шээтэй. Нэг сумаас шүү дээ. Дө­чөөд ар­дын, гавьяат цолтой хүмүүс гарч. Генерал бас байх юм. Монголд цуутай хөгжмийн зо­хиолч, эмч, фи­зик­чид, хууль­чид төрчихсөн. Сонин байгаа биз. Тэр суманд арван жил төг­сөөд, их сур­гуулийн химийн ан­гид элсч суралцаад, дараа нь Германд нээлт хийсэн хүн бай­на. Нэг эмэгтэй. Нанотехноло­гиор. Ерөнхийлөгчөөс шагнал гард­сан шүү дээ. Та санаж бай­гаа байх. Тэр бор сумаас л төрж шүү дээ. Би буцах замдаа бо­дож байсан. Гайхаад олоо­гүй. Аягүй бор сум байгаа байх­гүй юу. Өмнө нь ээж аавынхаа яриагаар л мэднэ. Үлгэр домог шиг л ярьдаг байсан. Үнэхээр сайхан нутаг байна лээ. Тэгж ярихаас ч өөр аргагүй газар юм. Би онгирч бай­гаа юм биш шүү. Тэгээд өөрийн­хөө намт­рыг харлаа. За, хотод арван жил төгсчээ. 11 хүүхэдтэй ай­лын том нь. Дунд сургуульд байхдаа дунд авбал авчихдаг, сайн авбал авчихдаг, онц ав­бал авчихдаг ийм л байж. Тав­дугаар ангид аав маань нэг эцэг эхийн хурлаас тарж яваад хэлсэн. Миний хүү олон дүүтэй боллоо. Сайн сурахгүй бол дүү нар чинь дуурайгаад сурлага нь базаахгүй хүүхдүүд болчихвол яах юм бэ гэж. (инээв) Ганц тийм өгүүлбэр сон­соод л өөр болсон.

    -10 дүүтэй хүнд аавынх нь хэлэх л үг байж дээ?

    -Тийм. Тав нь эрэгтэй, тав нь эмэгтэй. Гэр бүлээрээ бараг нэг байгууллага болдог л доо. Эмч, багш, барилгачин, гаг­нуур­чин, засалчин гээд янз бүрийн мэргэ­жилтэй. Дараа нь ОХУ-д очиж, Барилгын инже­нер-эдийн засагч мэргэжлээр суралцсан.

    -Аль хотод вэ?

    -Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль. Монго­лын сангийн 11 сайдыг төрүүл­жээ. Төв банкны таван ерөн­хийлөг­чийг юм уу даа. Бүгд л тэр сур­гуулиас төрж. Сонин байгаа биз. Тэгээд л төлөвлө­гөөний комисст ирсэн.

    -Жасрай гуайн удирдла­ганд ирсэн гэсэн үг үү?

    -Д.Содном гуайн.

    -Улсын Төлөвлөгөөний Ко­мисс гэж сампин шиг бай­гуул­лага байсан юм шиг бай­гаа юм. Чанд хатуу, өн­дөр диктатурт ажиллаж хэвш­­сэн нөхдүүд ихэвчлэн тэр газ­раас угшил­тай байх юм?

    -Магадгүй. За, тэгээд аж­лын­хаа хажуугаар 1990-1993 онд Гадаад хэлний “Цог” дээд сур­гуулийг төгссөн. Англи хэл­ний орчуулагч мэргэжлээр. Да­раа нь ажлаасаа чөлөө аваад АНУ-ын Иллинойсын их сур­гуульд сур­лаа. Мөнгөний оно­лын сэдвээр эдийн засгийн ухааны мастер хийсэн. Ирээд УИХ-ын Тамгын газарт зөвлө­хөөр ажилласан. Тэгээд МУИС-ийн Эдийн засгийн сур­гуульд татварын онолын чиг­лэлээр доктор хамгаалсан бай­на. Аж ахуй нэгжийн ор­логын албан татварын онол гэ­сэн сэдэв байгаа. Завтай бол сүүлд МУИС-ийн номын сан­гаас авч үзээрэй. Хэдэн матгир тоо л байгаа байх. Тэ­гээд л тө­рийн алба. 25 жил ажил­ласан байна. Би хувийн хэвшил рүү орж чадахгүй гэж найз нөхөд­дөө хэлдэг юм. Ажил­лаж үзээ­гүй болохоор тэнд би юу ч хийж чадахгүй.

    -О.Чулуунбат бол их нээлт­тэй хүн. Үйл ажилла­гаа нь хил хязгааргүй. Янз бү­рийн бүлэг­лэ­лүүдтэй орж гарч, яаж л бол яаж хөрвөж ажилладаг. Их эрх чөлөөлөг. Та болохоор ган­цаардмал, гунигтай, ууртай, хатуу, бас найз нөхөдгүй ха­рагддаг. Таныг түүнтэй их жиших юм?

    -Мэдэхгүй. Ер нь тэгээд бай­гаагаараа л байцгааж бай­гаа хүмүүс байх. Хүн болгон өөр өөр шүү дээ.

    -Та архи уудаг уу?

    -Үгүй.

    -Хааяа ч гэсэн 100 гр та­тахгүй юу?

    -Үгүй.

    -Яагаад?

    -Дургүй.

    -Ан авд явж байна, бил­лиард энэ тэр тоглож байна гэж бас огт дуулж байгаа­гүй?  

    -Үгүй. Уг нь сайхан л юм шиг байгаа юм. Нэг мэдэхэд л зав байхгүй. Битгий гайхаа­рай. Би сүүлийн 12-13 жил ээлжийн ам­ралт аваагүй. Хийж гавьсан зүйл алга. Гэх­дээ л ээлжийн ам­ралт аваа­гүй.

    -Наадах чинь ёстой уйт­гартай баримт байна. Та ямар гунигтай амьдралтай юм бэ?

    -Үнэн л энэ. Би долоо хо­ног амарч байна гээд явж байс­наа санадаггүй байхгүй юу. 1996 онд Үндэсний хөгж­лийн газ­раас АНУ-д сургуульд ява­хад ээл­жийн амралт биеэр эд­лээгүйнх гээд хэдэн төгрөг өгч байсныг санадаг юм. Тэ­гээд сурч байх үед юун амрах. Ирээд ажил­ласан, одоо ч ажиллаж л байна. Миний амьд­ралын орчин ердөө л энэ. Нэг мэдэхэд зун дуусчих­сан л бай­даг. Намар болж, өвөл болж, бас нэг мэдэхэд хавар ирчих­сэн л байдаг.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан