УИХ-ын сонгуулийн дараа дараа явагддаг эрх мэдлийн том хуваарилалт хийгдээд үндсэндээ дуусч байна. Мэдээж хоёр гуравдугаар зэрэглэлийн албан тушаалуудаар үргэлжилж байгаа "их засвар"-ыг эс тооцоод шүү дээ. Бүх том албан тушаалууд эзнээ олон төвхнөсөн харагдаж буй эл өдрүүдэд их улс төрд нэгэн том орон онгорхой анхаарал татаж буйг яагаад ч юм хэвлэлийнхэн үл анзаарна. Тэр бол МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын торгон сэнтий билээ. Энэ албан тушаалд хэн очих бол гэсэн аазгай хүргэсэн асуултын хариу болгож зүгээр л нэг номхон, сонирхолгүй кадрыг юм уу, эсвэл аль нэгэн өндөрлөгийн дохио зангаагаар хөдөлж байх үүрэгтэй утсан хүүхэлдэйг хуучны адил авчраад тавьчихвал мэдээж юу ч хүлээгээд нэмэргүй.

    Үнэхээр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал бол асар том бялуу. Юун сайд.

    Намын дарга нь Ерөнхий сайд учраас бүх ачаа намын ерөнхий нарийн бичгийн дарга дээр ирнэ. Тэгэхээр ачаа үүрэх хүн энд тавигдах нь нэгдүгээр шалгуур. Дүрмээрээ энэ хүн давхар ямар ч албан тушаал хашиж болдоггүй учраас намын толгойд суугаа цорын ганц орон тооны эрх мэдэлтэн байна гэсэн үг. Нөгөө талаар одоо тодрох ерөнхий нарийн бичгийн дарга ялсан намын төдийгүй Ардчилсан намын "дарга" байна гэсэн үг шүү дээ. Миний энэ үгэнд олон хүн эгдүүцэх байх. Гэхдээ л сөрөг хүчний намууд сульдан, залуураа далайд алдчихаад завиа хөмрүүлчих шахан далбилзан хөвж яваа нь нүдний өмнө ил байгаа дүр зураг биш гэж үү.

    Бас шинэ тодрох генсекийн гарт Засгийн газар, УИХ байгаа. Бүлгээрээ дамжуулаад парламентыг атгана, сайд нараараа дэмнүүлээд Засгийн газрыг атгана. Энэ бол үгүйсгэхэд хэцүү нөхцөл байдал. Энэ мэтчилэн тэр хүний гарт орж ирэх олон том боломжууд байгаа.

    Базаад хэлэхэд эрх баригч намын ерөнхий нарийн бичгийн даргын суудал бол чин үнэндээ МАХН-аас одоогийн улс төрийн өнгийг тодорхойлолцож яваа улстөрч болгоны хүсч байгаа оргил. Яагаад гэвэл хамгийн нэгдүгээрт хамтарсан Засгийн газрыг "атгалцах" эрх автоматаар шилжиж ирнэ. Хоёрдугаарт, энэ хүн Ерөнхийлөгчийн сонгуулийг удирдана. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч хэн байх, хэнийг гаргаж ирэх вэ гэдэг нарийн сценарийн жорыг энэ хүн хийнэ. Аймаар том эрх мэдэл шүү. Гуравдугаарт, энэ товарищ галд шатаагдсан Хувьсгалт намын цагаан байшинг босгож түүхэнд үлдэнэ. Нураах юм уу, сэргээн засварлах юм уу, шинээр босгох юм уу, арван давхар байх юм уу, хорин давхар шинэ үеийн супер харш босгох юм уу энэ хүн л мэдэж таарна.

    Нэг мөсөн нурааж цэвэрлээд элдэв шүглээд үлдчихсэн сүнс мүнснээс нь салгаж, шил толин гоёмсог ордон бариулах эсэхийг энэ хүн хийнэ гэсэн үг. Бас л гоё ажил болно шүү. Дээр нь 2012 оны парламентын сонгууль гарт нь байгаа. Одоо хамгийн супер нэг боломж үлдсэн. Энэ Засгийн газар хаа нэг тийшээ өнхрөөд өгвөл шууд намын дарга болно. Чухамхүү энэнээс болоод л энэ суудалд хэн залагдах асуудал хүлээгдэж байгаа.

    Тэгэхээр МАХН-ын ерөнхий нарийн бичгийндаргын сэнтийд хэн гарч ирэх бол гэсэн энэ амттай асуултын хариуд одоогоор яригдаж байгаа эрхмүүд хэн хэн болох талаар сонирхуулъя.

    Намын нарийн бичгийн дарга У.Барсболд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга, гишүүн асан У.Хүрэлсүх, намын нарийн бичгийн дарга Л.Амарсанаа гэсэн нэрс одоогоор яригдаж байна. Эдэн дотор цоо шинэ нэр ороод ирэх магадлал бол бага. Гэхдээ генсекээ генсек биш хүүхэлдэй байлгахыг захиалагчид хүсчихвэл эргэж мэднэ л дээ. Тэрнээс өөр тохиолдолд дээрх кандидатуудаас илүү хүчтэй фигур бараг орж ирэхгүй.

    Л.Амарсанаагаас бусад гурван залуугийн тухайд улстөрчийн хувьд эр бие жагсчихсан, бас л алах залуус. Хувь заяаны сонин тохиолдлоор энэ гурван залуу гурвуулаа алдарт Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо (МАСЗХ)-г үүсгэн байгуулалцаж, удирдалцаж явсан залуучууд байх юм. Тэд бол нөхөр мэт дайсан, дайсан мэт нөхөд. Сүүдэрт дайсан, наранд найзууд явдаг аюултай гарууд гэсэн үг. Нэг сонин  юм тэднийг эвлэрч  гар барилцлаа гэсэн  мэдээлэл хэвлэлээр хоёронтой цацагдсан байдаг. Үүнийгээ ч нэг их нуугаагүй. Жишээ нь, У.Хүрэлсүх намын бүлэг дээр "Одоо бид гурвын хооронд хэн ч орж чадахгүй" гэж ил цагаан хэлсэн байдаг бол У.Барсболд Удирдах зөвлөлийнхөө хурал дээр “Бид гурав гар барилцсан нь үнэн" хэмээн улайсан байдаг. Т.Гантулга нь болохоор хэвлэлд өгсөн ярилцлагадаа шууд "Бид гурвын дундуур одоо ямар ч өнгөтэй муур гүйх нь өнгөрсөн" гээд хэлчихсэн. Ийм нэг сонин баримт байдаг. Үнэндээ бол тэдний цаг нь ирчихсэн. Дөч хүрсэн эр, дөрөв дарсан ат гэдэг шиг жинхэнэ ачааны хүндийг авдаг дээрээ байгаа нөхдүүд шүү.

    У.Барсболд гэж хэн бэ гэдгийг улс төрийн хүрээнийхэн сайн мэднэ. Энэ удаа харин түүний ард Ерөнхийлөгч Н.Энхбаярыг шийдэмгий зогсч байгаа гэж ажиглагчид үзэж байгаа юм. Тэдний амнаас Н.Энхбаяр 2009 оныхоо сонгуулийг бодож У.Барсболдыг генсек болгох шөнийн зүүд, өдрийн мөреөдөлтэй байгаа гэх үг унаж байна. Харин яаж С.Баяртай учраа ололцож зөешөөрүүлэх вэ гэдэг л хоолой дээр тээглэсэн яс байгаа гэх.

    У.Барсболд бол олон удаагийн сонгууль удирдаж, олон том арга хэмжээ зохион байгуулж байсан гавьяатай хүн. Мен 2000 онд тэрээр нам дагасан залуучуудын холбоо, оюутны холбоо, ахмадын холбоо, эмэгтэйчүүдийн холбоог цөмийг нь нийлүүлээд намыг дэмжих асар том хөдөлгөөн байгуулж байлаа. Энэ ажлаа нягт нямбай, төгс шахам зохион байгуулж ёстой бусдыг будаа болгосон.

    2004 онд мань хүн Н.Энхбаяр У.Хүрэлсүх хоёрын муудалцсаныг далимдуулж МАСЗХ-г хоёр хувааж нэг хэсгийг нь өөртөө нэгтгэн "Улаан сарнай" нэртэй залуучуудын том байгууллага байгуулаад явчихсан. "Улаан сарнай" дээр нэмэх нь Монголын ардчилсан социалист оюутны холбоо, ахмадын холбоо энэ гурвыг нийлүүлээд нүсэр том арга хэмжээ хийж, аймаг болгонд Делика автобус өгч байлаа. Энэ ид үедээ 100 мянган хүн цуглуулсан сонгуулийн том нээлт, хаалтыг зохион байгуулж чадсан. Үнэхээр үгүйсгэх аргагүй нүсэр ажил байсан шуү. 2008 онд түүнийг намын нарийн бичгийн дарга болгохоос өөр аргагүй байсан. Намдаа танигдсан, өндөр боловсролтой, хүмүүстэй маш зөв харилцдаг ийм фигурийг дарахад ч хэцүү. Дээр нь У.Барсболд нам дотроо дээгүүр орох хөрөнгөлөг нэгэн. Хөрөнгөтэй, хөдөлгөөнтэй, парламент дотор хүчтэй дэмжигчидтэй (Ховдын фракц гэж хүчтэй бүлэглэл түүний гарт бий), намынхаа аппарат дотор ч их нэр хүндтэй, өөрийгөө гадна дотноос сайн хүрээлүүлсэн хүн. Баруунд болон АНУ-д мастөр хамгаалсан оюунлаг залуусаар өөрийгөө хүрээлүүлж чадсан гэдгийг нь ил далд намыхан нь атаархангуй ярьж байхыг олон сонссон. 20 нас-тайдаа дэд сайдын албыг хашиж, шилдэг ирээдүйтэй "коммунист" гэдгээ харуулсан, сайдаар зургаан жил ажилласан ийм хүн намын ерөнхий нарийн бичгийн дарга байхад хэн ч гайхахгүй шүү дээ.

    Дараагийн хүн Т.Гантулга. Түүний шошго "Онц их хурлын төлөө хөдөлгөөн". Намыг шинэчлэх үзэл санааг тээж яваа цорын ганц хүн шүү. "Онц их хурлын төлөе хөдөлгөөн" гэдэг өвөрмөц хүчирхэг байгууллагыг үүсгэн байгуулж, яах ийхийн зуургүй намын зүрхэнд шар ус хуруулж чадсан энэ залуу тийм амар басуулахгүй хүн гэдгээ гөжиж, гэдийж, зүтгэсээр байгаад намын их хурлаа хуралдуулж чадсанаар харуулсан. Энэ том акцаараа 2008 оны сонгуульд ялах боломжийг МАХН-д бүрдүүлж өгсөн гэдэгтэй өнөөдөр хэн ч маргахгүй. Энэ бол гавьяа. Намд үүрийн даргаас эхлээд намын даргын зөвлөх хүртэл ажилласан, (МАХН-ын шинэ үед төрсөн хамгийн хүчтэй даргын үед зөвлөхийн карьерт хүрч чадсан) аль ч үеийнхэн дотор нөлөөтэй, намынхаа төдийгүй нийгмийн шинэчлэлийн төлөө яваа залуучууд дотроо үнэлэгддэг л толгой доо. Тэр бас сайн боловсролтой гэгддэг. Энэ хүний ард М.Энхболд байгаа. Хамгийн сүүлийн нэг гарцаагүй баримт бол энэ хоёр намын XXV их хурлаар бие биеэ дэмжиж яваад хэн хэнийгээ "шатаачихсан" хоёр. XXV дугаар их хурлаар энэ хүнд генсек болох боломж байсан гэж би хувьдаа хардаг. С.Баяр, М.Энхболд хоёрын хэн нь ч ялсан түүнд боломж өгехеөр л харагдаад байсан юм даг. Өөр нэг хүчин зүйл түүнд Н.Энхбаяр үнэн дургүй. Энэ хүчин зүйлээс С.Баяр ч болгоомжилж, М.Энхболд ч айсан учраас гарын дор утсан хүүхэлдэй болгож Ё.Отгонбаярыгтавьсан. Уг нь "Улс төрийн зөвшилцөл" гэдэг сэдвээр улс төрийн шинжлэх ухааны доктор хамгаалчихсан түүн шиг шаггүй амьтан энэ үед хэрэгтэй. Дээр нь Т.Гантулга сонгуулийн технологиор мэргэшсэн хүн. С.Баяр нэгэнтэй ТВ-5 телевизийн "Өрөөнд нь" нэвтрүүлэгт зочлохдоо Т.Гантулгын номыг гаргаж ирж байгаад"Манай Гантулга сонгуулийн тогтолцоогоор мэргэшсэн судлаач, улс төрийн шинжлэх ухааны том эрдэмтэн хүн шүү дээ. Би энэ номыг их уншдаг юм" гээд харуулаад зогсч байхыгжишээ нь үзэжл байсан. Энэ энэ үүднээсээ түүнд бодитой асар том давуу тал байгаа. Хэдийгээр өөрөө "Би мөнгөгүй л дээ" гэж ирээд аялагхан дуугардаг ч түүнийг эдийн засгийн хувьд хэнээс ч гуйхгүй бэлтэй гэж ярьдаг. Ноолуураар мөнгө хийж байсан алтан үед түүнийг эдүгээн тэрбумтан Сү.Батболдтой нийлж бизнес хийн, тэр тоглоомондоо шаггүй гаршиж цулайсан гэж хүмүүс ярьдаг л юм билээ. Энэ бол нэг л жишээ. Тэгэхээр энэ гялалзуур эрхэм намын цагаан байшин зэргийг өлхөн барьчихаж дөнгөнө өө гэсэн үг. Дараа дараагийн сонгуульд ч хэрэгтэй зайран гэдэгтэй олон хүн маргадаггүй. Түүнд дайснууд цөөнгүй. Мэдээж Н.Энхбаярын зүгээс асар том дургүйцэл ирнэ. Т.Гантулгыг намын ерөнхий нарийн бичгийн даргаар тавина гэдэг нь өөрөө Н.Энхбаярыг 2009 онд шаансгүй болгоно гэсэн үг.

    Бас энэ товарищ намын их хурлын үеэр С.Баяр руугаа хэт их дайрсан. Парламент дотор ч Э.Мөнх-Очир, Д.Загджав гээд том том дайснуудтай. Т.Гантулга соёлтой, мөнгөтэй, нөлөөтэй, чадварлаг. Тулаад ирвэл хэнтэй ч алалцаж чаддаг, бас нөхөрлөж чаддаг үгүйсгэхийн аргагүй өвөрмөц нэгэн чанар түүнээс харагддаг. Зүгээр нэг нүдний шил гялалзуулсан, ялдам царайлсан, хялбар амьтан тэр биш дээ.

    Удаахь хүн Ухнаагийн Хүрэлсүх. МАХН-д төдийгүй Монгол орон даяар танигдсан хүчтэй улстөрч. Зоригтой ч аавын хүү. Н.Энхбаярын хаанчлалд бүх хүн сөхрөн унаж байсан үед сөрж дуугарсан ганц хүн. Тэр үед тэрэн шиг дуугарч чадсан аавын хүү байгаагүй. Энэ хүн бас мөнөөх алдарт МАСЗХ-г үүсгэн байгуулалцсан. Одоо түүний багийн залуус орон нутгийн намын байгууллагуудаар тархан ажиллаж байгаа. Дээр нь тэрээр "Зүүний хүчний холбоо"-г байгуулсан. Зан чанарын хувьд хөөстэй, хүчтэй, шаталттай, халуун сэтгэлтэй энэ эр унасан ч босч чаддаг нэгэн. "Хадгаламж" банкны хэрэг гэгчээр хоёр он дамнан шар махтай нь хатаасан ч цагаадсан. Энэ нь ч яах вэ дээ У.Хүрзлсүхийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэсэн улстөрчдийн л хийсэн ажил. Тэд ч санасандаа хүрсэн. Хэлье гэснээ хэн гуайгаас ч айхгүй хэлчихдэг, хийхээ хийчихдэг энэ залууд үеийнхэнд нь байхгүй нэг л том чанар байдаг. Тэр бол эр зориг. Аймхай, харимхай, хашир, гөлөгнүүр чанар түүнд харин ч нэг байхгүй дээ.

    Сүүлийн хүн Л.Амарсанаа. Түүний ард С.Баяр байгаа. Журмаараа бол тэр яах аргагүй л шат ахих ёстой хүн мөн. Дээр нь тэр дээд зэргийн сайн аппаратын ажилтан. Маш сайн зохиол байгуулагч. Бас маш сайн захиргаадагч. Энэ шинжээрээ агуу их социализмын үеийн "дарга нарын сүүлчийн дүр төрх. Сул тал нь маш ууртай, зан авир муутай, бас муугүй ч хоцрогдсон кадр. Энэ талаараа С.Баярын өөрийнх нь хэлээд байгаа үсрэнгүй хөгжлийнх нь алхаанд чөдөр болох л нөхөр. Түүнийг намын ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх гэж явсан, бас аж ахуйн ажил л хийгээд гүйгээд байсан гэх шалтгаануудаар Н.Энхбаярын стандартад нийцээгүй Хятад руу "цөлөгдсөн" гэж ярьдаг. Бас Дарханы Ардчилсан намтай нийлж бизнес хийдэг гэх нэг сонин хардлагад ордог юм билээ. Л.Амарсанаагийн нэг чадах юм намын байрыг бариулж чадна. Энэ ажлыг хийчихээд намдаа ч гавьяа байгуулчихсан, өөртөө ч хөөрхөн ашиг олчихсон зогсч байж чадах л хүн. Өөр нэг сөрөг тал нь түүнд одоогийн намын аппарат дээд зэргээр дургүй. Жолоочтойгоо хүртэл таардаггүй, түлхүүрээ шидэлцээд зогсч байдаг хэдэр ёдор амьтан шүү дээ гэж ирээд муучилдаг юм билээ. Бас хотын даргад зүтгүүлэхэд нь тэндээ ойчоод С.Баярынхаа урмыг баахан хугалчихсан, хасах оноотой тууж яваа гэж байгаа. Ийм л нөхдүүд Монголын улс төрд одоогоор үлдчихсэн хорхой хүргэж байгаа хамгийн том "бялуу"-нд хүрэх магадлал байна даа.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан