Д.ЦЭВЭЭНЖАВ: Би хүний муу явааг хараад баярладаггүй л

    ГЕГ-ын дарга Д.ЦЭВЭЭНЖАВ манай сэтгүүлчийн асуултад хариулж байна.

    -Урилгыг маань хүлээж авсанд баярлалаа. Ний нуугүй хэлэхэд таныг Д.Цэвээнжав гишүүн л гэж мэднэ. Парламентад хоёр удаа олон түмний итгэлээр сон­гогдон ажиллаж байсан танил түшээ болохоор тэр юм. Нөгөө талаас нь болохоор Увсын хүн гэсэн ерөнхий нэрээс цааш ямар ч мэдээлэл алга?

    -Тэгэхээр нэлээн дэлгэрэнгүй “тулах” болж байнаа даа, бид хоёр. Миний ойлголт зөв үү.

    -Зөв байлгүй яахав?

    -Юуны өмнө “Зууны шуудан” сонин намайг “Ярилцъя” буландаа урьсан явдалд би талархаж байна. Танай со­нинд өөрийн чинь бичсэн нэг ма­териал нийтлэгдсэнийг уншлаа. Хувь хүний маань хувьд намайг нэлээн эмзэг­лүүлж байгаа асууд­лын нэг сэдвийг хөндсөн байна. Эмзэглэж байгаа газраа өглөө танаар хатгуулчихаад бодож байлаа.

    -Юу гэж?

    -Ерөөсөө энэ сэтгүүлчийн урилгад очъё гэж. Та намайг олон мянган ун­шигчдынхаа өмнө ярилц­лагад урьсан. Надад олон түмнээс нуугдаж, бултах шалтгаан байхгүй. Харин ч сонир­холтой, ил тод санагдсан. Яахав дээ хийж байгаа ажлын маань үр дүн зарим хүний дургүйцлийг төрүүлээд эхэлж байх шиг байна. Тэгээд шууд л улаан цайм гүтгэлгээр балбах бодлого явуулахаар шийдсэн бололтой.

    -Сумтай холбоотойгоор дэвэр­гэж дэгдээ­сэн энэ асуудлыг та гаалийн байгууллагын өмнө хүчээр босгож ирж тавьж байгаа ээлжит таагүй дайрлага гэж хүлээж авч байна уу. Эсвэл?

    -Энэ бол Монгол Улсын гаалиар орж гардаг олон бараа бүтээгдэхүүний л нэг. Ганцхан энэ бараа цагдаагийн байгууллага болон бусад хуулийн байгууллагын зөвшөөрөлтэйгөөр орж ирэх ёстойгоороо л ялгаатай. Одоогийн энэ орж ирсэн бүтээгдэхүүний хувьд эзэн нь тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл тэр хүн хэн болох, бас түүнд лиценз нь байгаа эсэх тодорхойгүй гэсэн үг.

    -Илрүүлэхийн тухайд анхны тохиолд­лыг тагнуулынхан илрүүлсэн. Да­раа­гийн хоёр үйлдлийг танайхан ил­рүүл­сэн байх аа?

    -Эх­ний­хийг тагнуулын байгууллага, дараа­гийн гурван үйлдлийг гаальчид илрүү­лээд бай­на л даа. Тагнуулынхны илрүүлсэн тэр сум бол гаалийн хянал­таас гарчихсаны дараа ил­рүүл­­сэн сум. Энэ дээр манай гаалийн бай­гуул­лагын ажлын доголдол, дутагдал байсан нь үнэн. Ер нь аль ч улс оронд барааг 100 хувь шалгана гэдэг тийм амар ажил биш л дээ. Рентген техник хэрэгсэл байгаа тохиол­долд бол хараад байж болно. Тийм техник хэ­рэг­сэлгүй тохиол­долд бол 100 хувийн өндөр ма­гадлал нэхэх аргагүй бол­чихож байгаа юм л даа.

    -Ингэхэд манай гааль техноло­гийн хувьд ямар төвшинд хүр­сэн газар юм бэ. Мэдээж дэл­хийтэй харьцуулахад шүү дээ?

    -Хяналтын технологи талаас нь аваад үзэх юм бол өнөөдөр олон улсын хаана нь ч хүрэх­гүй байна. 2011 он гэхэд зөвхөн бүрдүү­лэлт та­лаа­саа бид Солонгосын гаалийн төв­шинд хүрнэ гэж үзэж байгаа улс шүү дээ. Нөгөө би­чиг цаас бүрдүүлдэг талаасаа гэсэн үг. Яг хянаж байгаа, тэр ачаа барааг дотор нь юу бай­гааг бүрэн гүйцэд харах талаасаа бид тэр төв­­шинд хүрнэ гээд амлачих юм алга. Энэ бол бодит үнэн. Дэлхийн орчин үеийн техник тех­­нологи асар өндөр төвшинд хүртэл хөгж­чихөөд байхад өнөөгийн монгол гаальчид ерөө­сөө л улаан гараараа, хоёр нүдээрээ л тэмтэрч байна шүү дээ.

    -Ёстой ичмээр юм. Цахим гааль бол­чих­лоо, технологийн шинэчлэл яваг­даад байна гээд л баахан магтаалын хур буугаад байсан биш бил үү. Тэр бүхэн юу байсан хэрэг вэ?

    -Бүрдүүлэлтийн талд гарсан шинэч­лэ­лүүдийн талаар өгч байсан дүгнэлтүүд байх.

    -Мэдээллийн системийн талд гарсан ахицууд гэж үү?

    -Тийм. Яг шалгадаг, хянадаг энэ үйл ажил­лагаан дээр өнөөдөр ямар ч техникжилт байх­гүй. Бид одоо энэ онд л ачааны жижиг таван рентген авч тавих талаар дөнгөж ярьж байна. Ерөөсөө Хятадын Засгийн газраас буцалтгүй тус­ламжаар Замын-Үүдэд өгсөн ганц ачаатай машин шалгах том рентгенээс өөр юмгүй л сууж байна шүү дээ.

    -93 мянган сум ороод ирчихлээ л гээд шуугиад байна. Энэ тоо тийм том тоо юу. Бизнесийн агуулгаараа сумны най­маа хэр ашигтай юм бэ?

    -Сум аль улсад үйлдвэрлэгдсэн энэ тэрээсээ шалтгаалаад янз бүр л дээ. Одоо­гийн орж ирчихээд шуугиан тариад байгаа энэ калибрын сум бол зах дээр ширхэг нь 500 төг­рөг байдаг гэнэ лээ. Жаахан ховор цагтаа ширхэг нь 700 хүрдэг байсан юм шиг байна. Ингээд бодохоор наймааныхаа хувьд тийм их өндөр ашиг би харахгүй л байна. Чухам цааш нь нарийн аваад үзвэл ийм их сум Мон­голын зах зээл дээр хэрэгтэй юу гэдэг асуулт гарч ирнэ. Хэрэгцээнээс хэд дахин давчихсан сум байгаа байхгүй юу. Энэ л сонин. Иргэд тийм их сум авч нөөцлөх ямар ч шаард­ла­гагүй. 93 мянга чинь зөвхөн нэг удаагийн л тоо. Ахиад ийм хэмжээний сум орж ирчихээд байна шүү дээ.

    -Хуулиар бол хориотой?

    -Хуулиар бол шууд оруулах хориотой. Зөвшөөрөлтэй бол оруулдаг.

    -Сумны эзэн тогтоогдсон ч зөвшөө­рөлтэй байх юм бол асуудалгүй юм бай­на, тийм үү?

    -Тийм болов уу.

    -Эзнийг нь бол олоогүй байгаа юу?

    -Энэ бол манай үүрэг биш. Тагнуулын байгууллага шалгаж байгаа.

    -Сумны хэрэг тусдаа асуудал. Харин дуулиан болгож байгаад далимдуулж өөр санаархал явуулах оролдлого бас хажуугаар нь явж байна. Бодвол та харж байгаа биз?

    -Ер нь зүгээр ганц сумаар ч биш бусад янз бүрийн хэлбэрээр миний эрхэлж байгаа ал­бан тушаалаас үүдсэн дайралтууд гарч бай­­на л даа. Энэ бүгдийг нарийн ажиглаж судалж үзэхэд цаанаа тодорхой зорилготой үйл ажиллагаа гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл цаана нь нэг дирижёр байгаа нь. Мөн түүнийг нь тасралтгүй сонин хэвлэлд тавьж өгдөг, интернэтэд тогтмол байршуул­даг сүлжээ бий болсон байна. Тэгэхээр энэ аж­лыг хэн нэг нь санхүүжүүлж байна гэсэн үг. Бас нөгөө талаар манай байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, явуулж байгаа бодлого, гаргаж байгаа шийдвэрүүдийг авч дан­даа сөрөг талаас нь хүчээр тайлбарлаж, гүжирдсэн хэлбэрт оруулан цацаж байгааг ха­рахад ГЕГ дотор ойлгосон, ойлгоогүй юу ч ха­маа­гүй юм шүүрч авч, гадагш нь гаргаж байд­аг мэдээлэгч байгаа нь харагдаж байна. Харамсалтай нь, энэ үйл ажиллагаа нь манай гаалийн байгууллагын

    ажилд ч гэдэг юм уу, эсвэл төр, засгийн ажилд хэрэг болох талаа­саа биш хувь хүн, ард иргэдэд сэрэмж­лүүлэх талаасаа ч биш, зөвхөн нэг хүнийг яаж зай­луулах вэ гэсэн зорилго агуулж байна л даа.

    -Та өмнө нь ийм хэмжээний дайралтад ер нь өртөж байв уу?

    -За даа, ёстой үгүй юм байна шүү. Пар­ламентад би хоёр удаа сонгогдож ажил­лалаа. Орон нутагт удирдах ажил хийж явлаа. Олон жил төрийн албыг хашиж ирлээ. Яг ийм дай­ралт надад ирж байгаагүй юм байна.

    -ГЕГ-ын спорт зааланд сагс тоглож байсан нэг хүн золгүй байдлаар амиа алд­сан. Уг явдлын дараа бас янз бү­рийн мэдээлэл гарсан. Энэ тухайд та тайлбар өгөхдөө хувийн өш хонзон­гийн шинжтэй үйл ажиллагаа явагдаж бай­на гэсэн нэг өгүүлбэр унагасан бай­сан. Яагаад тэгж үзсэн юм бэ?

    -Хүн нас барахад бол цаана нь уй гашуу бай­­даг. Гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд нь эмгэнэж байдаг. Гэтэл тэр эмгэнэлийг нь хэн нэг этгээд өөрийн бусармаг зорилгоо гүй­цэлдүүлэхийн тулд шүүрч аван ашиглаж бай­гаа явдал бол дэндүү хүнлэг биш явдал юм. Тэр бичсэн байдал нь хэтэрхий хүнлэг биш бай­гаа байхгүй юу. Ийм зүйлд бол би эг­дүүц­нэ. Тэрийгээ илэрхийлсэн. Нэг гаднын бай­гууллага заал аваад тоглож байсан юм билээ. Тэдний нэг нь тэр талийгаач. Хүмүүст ийм уй тохиолдож байхад манай нэг ажилтан тэр өдөр албаар ташаа мэдээлэл зохиомж­лоод л гадагшаа цацаж суусан байх жишээ­тэй. Дараа дараагийн гарсан мэдээллүүд ч мөн л энэ цэгээс улбаатай. Яахав дээ ийм ул­суудыг гар хөлөө болгож зорилгодоо ашиг­лаж байдаг хүмүүс бас цаана нь байна шүү дээ. Урьд өм­нө нь энд ажиллаж байсан зарим нэг хүн эр­гэж байр, бууцандаа хоргодоод эл­дэв муу­хай юм сэдээд явдаг хэл чимээ ч байх л юм. Иймэрхүү аргаар төрийн албыг эзэлж авах гэсэн санаархал их явдаг болжээ. Тэ­гээд тэр зорилгодоо хэвлэл мэдээллийн хэрэгс­лийг ашигладаг. Санаа сэтгэлээр нь да­рамталж уна­гах гэдэг. Энэ барилаараа са­наагаа гүйцэл­дүүлж чадна гэж бодож байгаа нь өөрөө эмгэнэл юм даа.

    -Манайд мэдээлэгч байна гэж та түрүүн хэл­лээ. Мэдээлэгч байтугай танайд чинь тагнуул шургалуулаад ажил­луулж байсан түүх байгаа биз дээ?

    -Ер нь бол төрийн бүх шатны албыг Мон­гол Улсынхаа аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал талаас нь хамгаалах зорил­гоор тодорхой үүрэг хүлээсэн байгуул­лагуу­дын зүгээс зохион байгуулалттай арга хэм­жээ явуулдаг байхыг би үгүйсгэхгүй. Харин тэр төвшинд гүйцэтгэх ёстой үүргийг хэт­рүүлж хийх, эсвэл түүнийгээ буруу зорилгод ашиг­лах явдал бол хориотой зүйл. Гэхдээ ми­ний ярьсан мэдээлэгч бол ийм төрлийн ажил эрхэлдэг мэдээлэгч биш шүү дээ. Зүгээр л нэг явуургүй аргатай, бусдын гар хөл болж байгаа этгээдийн л болчимгүй үйлдэл.

    -Таныг ирэнгүүтээ шинээр 60 хүн ажилд авсан гэсэн мэдээлэл байх юм. Энэ үнэн үү. Халаа сэлгээ хэр хийсэн бэ?

    -Тэр хүн нас барсан асуудлыг надтай холбож бичихдээ 18 хүн ажлаас халаад, түү­ний нэг нь сэтгэл санааны дарамтад орж аж­лынхаа өрөөнд нас барлаа гэж бичсэн байсан л даа. Үнэхээр дэндүү үнэмшилгүй худлаа зүйл. Би өнөөдрийг хүртэл ГЕГ-аас нэг ч хү­нийг ажлаас халаагүй байгаа. ГЕГ-ын ажилт­нууд дотроос өөрсдийн хүсэлтээр анхан шатны нэгж рүү явж ажиллах хүсэлт гаргаад түүнийг нь шийдэж өгсөн тохиолдол дөрөв бий. Халсан хүн бол байхгүй. Бид УИХ-ын чуулганаар төсөв төлөвлөгөөгөө батлуулсан. Тэр дотор ГЕГ-т энэ онд 78 орон тоог нэмж авах, тэдний цалингийн санг суулгуулж өгсөн. Энэ шийдвэрийн дагуу гаалийн сургууль төгссөн төгсөгчдөөс шалгаруулж ажилд авсан. 2005 оноос хойш манай энэ сургуулийг төгссөн 80 гаруй хүн энэ сонгон шалгаруу­лалтыг хүлээгээд байж байсан. Манай тэр сургууль чинь бакалаврын зэрэгтэй хүн элсүүлж авдаг, тэгээд дараа нь өдөр, орой, эчнээ ангиудаар гаалийн мэргэшил олгодог ийм сургууль шүү дээ. Тэр төгсөгчдөөсөө сонгон шалгаруулалт явуулаад 60-аад хүн ажилд авсан нь үнэн. Энэ ажилтнууд дотор хөдөө орон нутагт, хил дээр очоод тааруу ажиллаж байгаа гэх үнэлэлт авсан ажилтан нэг ч байхгүй байна. Үнэхээр сайн ажиллаж байгаа. Гаалийн сургуульдаа бид их талархаж байгаа. Үнэхээр сайн боловсон хүчин бэлт­гэжээ гэж. Бид цаашдаа ч энэ системээр боловсон хүчнээ сэлбэж, сайжруулах болно.

    -Таныг энд томилогдоход үндсэндээ хоёр талтай ойлголтоор угтсан байх. Олон жил төр түшилцэж явсан хариуц­лагатай төрийн хүн ирлээ. Тодорхой зарчим барьж ажиллах байх гэсэн итгэлтэй нэг хэсэг. За даа хувьсгалт на­мын ээлжит нэг товарищ ирлээ. Энэ хүнээс ч шинэ юм хүлээгээд хэрэг байна уу даа гэж үл итгэсэн бас нэг хэсэг. Гэвч тодорхой хугацаа өнгөр­чээ. Гаальчид тань таныг хэрхэн үнэлж дүгнэж байгаа вэ?

    -Чухал асуулт байна. Үнэхээр ч тийм хоёр тал­­тай хүлээлт байсан байх. Анх ажилд ирс­ний дараахнаас за, энэ Цэвээнжав гэж хүн УИХ-д Дархан-Уул аймагт нэр дэвшээд яв­наа. Түр л ирчихээд явах ийм хүн гэсэн мес­се­жийг цацсан л даа. Ийм юм явуулж байгаа нэг хэсэг байхад нөгөө талаас нь Их хурлын сон­­гуульд нэр дэвших нь гэж бас нэг хэсэг хүн уур нь хүрээд баахан хар пиар явуулсан. Гэ­­­­­тэл нөгөөх нь Их хуралд нэр дэвшихгүй үл­­­­­­дээд, харин бүр төрийн албаны нээлттэй сон­­гон шалгаруулалтад ороод нэгээр гараад ир­­­сэн. Гурван хүн өрсөлдөөд, би 84,6 хувийн оноо авч тэргүүлсэн л дээ. Ингээд гараад ирс­ний дараа за, тэгвэл одоо энэ нөхрийг чинь ма­таж, хэвлэлээр балбаж л зайлуулна даа гээд үзчихсэн. Олон хүний дургүй хүргэсэн байх л даа. Яагаад гэвэл би ирэнгүүтээ хатуу зар­чим барьж эхэлсэн. Гаальчин хүн хуулиар ол­г­огд­сон эрх хэмжээгээ хэтрүүлж л гишгэ­сэн байх юм бол “та ажлын байраа орхи” гэсэн шаард­лага тавьсан. Гадаад худал­дааны элдэв луйвруудтай хатуу тэмцэл явуулж эхэл­сэн. Тоо хэмжээгээ дардаг, үнэтэй бараагаа үнэ­гүй­дүүлдэг ч юм уу, энэ мэтийн луйв­ру­у­дыг тас­лан зогсоож эхэлсэн. Ингээд ирэхээр ми­ний дайсан үнэхээр олширсон л доо. Тэр дайс­нууд маань ойр зуурын бодолтой хү­мүү­сийг гар хөлөө болгоод ашиглаж эхэл­сэн. Гаа­лийн халуун тогоон дотроосоо ч миний эс­­рэг дур­гүйцэх хүмүүс бий болж эхэлсэн. Гад­­наа­саа ч бий болж эхэлсэн. Өнөөдөр есөн сар ажил­лачихаад эргээд гаальчидтайгаа уул­заад үзэ­хэд ямар ч байсан өөрт минь ил ца­гаан хэлж байгаа дүгнэлтүүд намайг бас баяр­луулж эхэлж байна. За, аргагүй манай гаальд төрийн түшигтэй хүн ирсэн юм байнаа. Манай гааль гэдэг байгууллагад төрийн ал­баны үнэр гэдэг юм үнэхээр арилчихсан байсан юм байнаа гэж хэлж байна.

    Монгол Улсын гаа­лийн хууль, Гаалийн татвар, тарифын тухай хууль гэсэн энэ хоёр үндсэн хуулийг би ирээд батлуулсан. Энэ хууль долдугаар са­рын 1-нээс үйлчилж эхэл­сэн. Энэ хоёр хуу­лийг дагаж 60-аад журам бо­­ловс­руулах бол­сон. Журам боловсруулна гэ­дэг үнэхээр на­рийн асуудал л даа. Үнэхээр пар­ламентад хоёр удаа сонгогдож ажилласны маань гавьяа гарч байгаа. Журам нэг бүрийг бүх хэлт­сийн дарга, мэргэжлийн зөвлөлөө суул­гаж байгаад хэлэлцэж, санаа оноогоо нэгтгэж ажиллаад, ахиц гараад эхлэхээр манай хамт олон ч баярлаж байгаа. Бид нэг л хатуу зарчим тохирсон. Тэр зарчмаараа л хө­дөлбөргүй явж байгаа. Боловсон хүчнийг сонгож авахдаа ч тэр. Ерөөсөө хамт олноо­роо хэлэлцэж бай­гаад л шийдэж байгаа. Би гол гол цэгүү­дийн удирдлагыг өөрчилсөн. Гэх­дээ цөмийг нь гааль­чид дотроос нь сонгож авч тавьсан. Гад­наас удирдах албан тушаалд нэг ч хүн аваагүй.

    -Тантай ярилцахаа нийтэд зарласан болохоор редакцын утсаар мэдээллүүд их ирлээ. Та Бат-Эрдэнэ гэдэг нөхрийг Замын-Үүдийн гаалийн даргаар тавьсан юм байна. Энэ хүн Х.Баатарын үед хэрэгт холбогдож явжээ. Батболд гэдэг хүнийг мөн Гашуун­сухайтад томилсон юм байна. Тэр хүн ша­тахууны наймаа эрхлээд тэнд ёстой хан­халзаж байдаг гэнэ. Ийм но-той хүмүүсийг боомтуудад яагаад байршуулсныг асууж өгөөч гэж бидэнд хандсан?

    -Х.Баатарын хэрэгтэй холбогдуулж хорьж шалгагдаж байсан хүмүүс энэ дотор байна л даа. Тухайлбал, тэр Бат-Эрдэнэ байна. Одоо лабораторийн эрхлэгчээр ажиллаж байгаа Цолмон гэж эмэгтэй бий. Энэ хоёр хүнийг Х.Баатарын холбогдож байсан төмрийн хэрэг­тэй холбогдуулж шалгасан юм билээ. Дараа нь энэ хоёр ажилтанд ямар ч холбог­долгүй гэсэн тогтоол нь гараад ажиллаж байсан. Нэгэнт хуулиар гэмт хэрэгтэн биш болох нь тогтоогд­сон тохиолдолд хэнийг ч хэлмэгдүүлэх ёс байхгүй. Хүний хувь заяаг нэг удаа шалгагдсан гэх зүйлээр далимдуулан баллаж болохгүй л дээ. Олон жил ажилласан, хамт олныхоо дунд нэр хүндтэй ажилтнууд байна лээ. Энэ бүхэн дээр үндэслээд Бат-Эрдэнийг нь Замын-Үүдийн гаальд, Цолмонг нь лабораторийн эрхлэгчээр томилсон.

    -Батболд нь?

    -Энэ хүн Баттөмөр даргын үед Гашуун­сухайтын боомтод гаалийн улсын байцаагчаар томилогдсон юм билээ.

    -Цагаанцоож гэж хэн бэ?

    -Цагаанцоож гэж Сэлэнгэ аймгийн гаалийн даргаар ажиллаж байгаад ерөнхий газар Баттөмөрийн үед ирчихээд түр байж байсан хүн юм билээ. Өөрөөр хэлбэл нэг газар даргаар томилогдохоор яригдаж байсан. Би ирээд хороон дарга болгож бууруулж тавьсан. Шуу­дангийн хороонд. Харин өмнөх хэргүүдэд хол­боотой эсэхийг би мэдэхгүй байна. Батболдыг ч өмнөх хэргүүдэд ямар холбоотойг мэдэхгүй.

    -Нэг хэсэг Говь-Алтайнхан гаалиар дүүрлээ гэж хэвлэлийнхэн их шүүмжилдэг байсан. Одоо Увсынхан дүүрч байна уу?

    -Би түрүүн сонгон шалгаруулалтаар ажилт­нуудаа авсан гэж хэлсэн. Саяхан нэг тооцоо хийж үзлээ л дээ. Бүх анкетаар нь шүүгээд нарийн үзэхээр нэг л хүн Увсынх байна. Шинэ төгсч ирсэн нэг хүүхэд шүү. Өөр ганц ч хүн алга даа. Энүүгээрээ харин би Увсынхандаа жаахан муу хэлүүлж байж магадгүй.

    -Өглөө нэг хүн Д.Цэвээнжав ерөнхий газрыг хуучин дарга байсан Шарав­самбуугийн хүмүүсээр дүүргэж байна гэж ярьсан. Бодвол гаалиас утасдсан болов уу?

    -Шаравсамбуугийн хүмүүс гэдэг тухайд надад бас хүмүүс ярьдаг юм аа. Одоогийн албан тушаалд тавигдсан хүмүүс дотор Шарав­самбууг гаалийн дарга байх үед анх гаальд орж байсан ийм хүмүүс байгаа юм билээ. Би нэрээр нь гурван хүнийг хэлж болно. Жишээлбэл газрын даргаар бид Дэлгэрбаяр гэж залууг тавьсан. Их чадварлаг боловсон хүчин л дээ. Хуучин Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Энхтуяа гэж эмэгтэй бий. Тэр хүнийг захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дар­гаар шилжүүлж ажиллуулж байна. Алтан­туяа гэж эмэгтэй газрын орлогч дарга хийгээд байж байгаа. Энэ гурвыг хэлдэг юм шиг байна лээ.

    -Шаравсамбуу гуайн үед ажилд орсон болохоор нь л түүний хүн гэж нэрлэчихээд байгаа хэрэг үү?

    -Тэгдэг юм шиг байна лээ.

    -Түүнээс биш Шаравсамбуу энэ улсуудаар дамжуулж өнөөгийн гаалийн ажилд гар хөлөө дүрэх оролдлого хийгээд байгаа зүйл байхгүй биз дээ?

    -Огт байхгүй. Шаравсамбуу гуай чинь тийм ч овилгогүй хүн биш шүү дээ. Төрд хатаагдсан, төрийн өндөр алба хашиж ирсэн хариуцлагатай хүн. Хуучин ажиллаж байсан газар руугаа эргэж хургаж хутгалдаад үймүүлээд байх хэмжээний хүн биш.

    -Цагааннуурын боомт дээр та өмнө нь алдаа гаргаад хөөгдөж байсан Сүхбаатар гэдэг хүнийг тавьсан юм уу?

    -Сүхбаатар гэж хүн Завхан аймгийн боомтын салбарын эрхлэгч байсан хүн. Тэр хүн 16 жил хөдөө хэсч ажилласан ийм хүн байна лээ. Авгай хүүхэд нь хотод, өөрөө хөдөө боомтуудаар 16 жил томилогдож ажилласан. Энэ хүн чинь бас хүн шүү дээ. Одоо Цагаан­нуу­рын салбарын эрхлэгчийнхээ ажлыг бас ч гэж сайн хийгээд явж байгаа. Сайн хийдэг болохоор хэсэг нөхдийн занаанд орж зодуулаад, биедээ бэртэл гэмтэл авсан явдал ч гарсан. Хэцүү алба шүү. Та нөхөд бас бодох хэрэгтэй. Хэрэгт холбогдож байсан нь худлаа. Харин ч хувийн гэх амьдрал нь ямархуу байгаа бол доо, бодох л асуудал шүү дээ.

    -Тэгэлгүй яахав. Уучлаарай. Утсаар ирсэн мэдээллүүдийг аль болох бүгдийг нь асуучих гээд л?

    -Ойлгож байна.

    -Гаалийн Баатар гэж домогт хүн бий. Бас л сонин хувь заяаны эзэн. Намдаа хан­дивын мөнгө цуглуулж яваад орон шоронгийн хаалга татсан гэдэг. Шүүх хурал дээр нь намаас ирсэн нэг бичиг хүртэл бий шүү дээ. Энэ хүний талаар танд ямар бодол явдаг бол. Хуучин таних уу, ГЕГ-ын дарга болоод уулзсан уу?

    -Намайг ЗХУ-ын Коммунист намын дэргэдэх Нийгмийн ухааны академийг төгсөөд төв хороонд ирээд нэг жил ажиллаж байхад миний төгссөн тэр сургуульд Х.Баатар гэдэг хүн шалгалтандаа тэнцээд явж байсан юм. Ингэж би анх мэднэ. Сүүлд 1998 онд намайг УИХ-д нөхөн сонгуулиар орж ирэхэд Х.Баатар манай намын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан. Хувь хүнийхээ хувьд эрдэмтэй, чадалтай хүн. Ганцхан зөөлөн чанараасаа болж алдсан юм шиг байна лээ. Х.Баатарыг би нэлээн гайгүй мэднэ.

    -Буруу ажилд тавьсан байх, тийм үү?

    -Анх бол хувийн бизнесгүй ийм хүн тавих ёстой гэж нам дээр яригдаж байгаад сонгож тавьж байсныг нь би мэднэ. Очсон хойноо бол бас тодорхой хүмүүсийн нөлөөнд орчихсон тал ажиглагддаг юм. Нэг намд олон жил явсан нөхөр ёсны хувьд би ГЕГ-ын даргаар томилогд­соныхоо дараа эргэж очсон л доо. Уулзсан. Хүний хувьд нэгийгээ тэр газар орчихоод шаналж суухад би очих л ёстой. Бас хашиж байсан албанд нь ирлээ. Тийм биз дээ. Тэгээд би энэ зун эргэж очсон л доо.

    -Танд ямар нэгэн юм захисан уу?

    -Ямар ч юм ярихгүй байна лээ. Яахав ээ, би улс төрийн тоглоом болоод нэг ёсондоо хэн ч биш болоод дуусч байна даа гэсэн жаахан гоморхуу аяс цухуйлгаж байсан. Улсын баярын үеэр намайг нэг магадлангаар оруулах сураг­тай байх шиг л байна. Гаргавал эрүүл мэнд маань нэлээн муу байна, эмчлүүлэх л шаардлага байна даа гэсэн ийм л юм хэлсэн.

    -Тэр аргагүй л дээ?

    -Бие нь базаахгүй харагдаж байсан.

    -Гаальд нам тань баахан хэлтсийн дарга “шахсан” тал байна уу. За, Цэвээнжав аа хэдэн хүн ажилтай болгоно шүү гэх мэт яриа болно биз дээ?

    -Давтан хэлье. Гаднаас нэг ч хүн дарга даамлаар тавигдаагүй.

    -Хувьсгалт намынхнаар дүүрсэн гэж хардах шаардлагагүй юу?

    -Шаардлагагүй. Нэмж хэлэхэд долдугаар сарын 1-нээс төрийн албан хаагчид улс төрийн намын харъяалалгүй болчихсон шүү дээ. Тэгэхээр улс төрийн өнгө аястай шүүмжлэл бүр утгагүй гэсэн үг.

    -Д.Цэвээнжав дарга Гаалийг авлига, хээл хахуулиас ангижруулна гэж мэдэгдсэн. Өмнөх үеийн гаальчид бүгд хахуульчид байсан хэрэг үү гэж нэг асуулт гарч ирэх байх?

    -Манай 1200 ажилтанг нийтэд нь авлигачид мэтээр харлуулж болохгүй гэдгийг би өгсөн ярилцлага болгондоо хэлж байгаа. Энэ дотор цөөн тооны хууль бус юманд өртчих гээд байгаа эрсдэлтэй байцаагчид гэж манайд нэрлэдэг л дээ, тийм байцаагчид бий. Бид эднээсээ салах ёстой гэж би хатуу хэлсэн. Энэ үгээрээ би бүх гаальчдыг харлуулсан юм биш. Гаалийн байцаагчдын үйл ажиллагааг бид тал талын хяналтад оруулж өгсөн. Үйлчлүүлэгч өөрөө хяналт тавьдаг болсон. Ийм тохиолдолд авлига өгөх боломж хаагдаж байгаа. Авах боломж нь ч хаагдаж байгаа. Би энийг л арилгах гэж ажиллаж байгаа биз дээ. Өнөөдөр төр, засгийн бодлого ч тийм байгаа юм биш үү. Авлига гэдэг юм Монголд бодитой нүүрлэжээ. Энэ хар толбо­ноосоо салцгаая гээд байгаа юм биш үү. Би энэ бодлогыг л хэрэгжүүлэхгүй юм бол энд суухын хэрэг байгаа юм уу.

    -Тийм шүү. Ингэхэд гаалийнхны утсыг үргэлж л тагнаж чагнаж, мөшгиж байдаг гэж үнэн үү. Танд мэдрэгдсэн юм байна уу?

    -Үгүй биз дээ. Надад мэдрэгдсэн юм алга. Тагнуулын байгууллагын ажил үүргийн функц нь өөрөө хүнд шүү дээ. Сэжиг бүхий, анхаарал татсан этгээдүүдийг бас дагаж хөөцөлдөж ажиллахаас өөр аргагүй байдаг биз. Би тэдний ажилд хүндэтгэлтэй ханддаг.

    -Байцаагчид дотор чинь тагнуулд алба хашдаг тусгай албан хаагчид цөөнгүй байдаг юм биш үү?

    -Би тийм байгууллагад давхар үүрэг гүйцэтгэдэг шүү гэх ч юм уу, эсвэл танай тэр ажилтан манайд үүрэг гүйцэтгэж байгаа шүү гэсэн асуудал ил тод тавигддаггүй болохоор энэ талаар ямар нэг юм хэлэхэд хэцүү юм.

    -Нэг хэсэг танай гаальчид сэтгэл зүйн их дарамттай ажиллах шиг санагдсан. Захын хүн та нар авлигач гэж чичлээд. Энэ шавартай нэр хүнд хэр цэвэрлэгдсэн бэ?

    -Манай нэлээн гайгүй хоёр улстөрч хоорон­доо маргах ч биш, тоглох ч биш үг шидэлцэж байхыг би харж байсан юм. Нэр төртэй хүн нэр төрөө сэргээлгэдэг юм. Нэр төргүй байж чиний нэр төрөө сэргээлгэнэ гэж юу байдаг юм гэж. Энэ нэр төр гээч зүйлийн талаар бодууштай үг юм шиг санагдсан. Хүн нэр төрөө өөрөө хамгаалж явах ёстой. Дуудах нэрийг эцэг эх өгдөг. Харин дуурсах алдрыг хүн өөрөө олдог. Тэгэхээр хүн өөрөө үнэхээр шулуун шударга, зөв амьдарч чадах юм бол тэр алдар нь үнэлэгдэж, хүндлэгдэх л болно. Буруу бусармаг явбал хүмүүс шүүмжлэх л болно. Өөрөөр хэлбэл тэрэнд нь тохирсон үнэлэмж ирнэ гэсэн үг. Гэхдээ нийтээр нь хамруулан гүтгэж гүжирдэж болохгүй. Ялгаж салгах л хэрэгтэй. Бид ажилтнуудтайгаа ёс зүйн асуудлаар нэлээн дорвитой тулж ажиллаж байгаа. Үр дүн нь ч гарч эхэлж байна. Гаалийн байцаагч өөрөө хүн шүү дээ. Өвддөг зүрхтэй. Дандаа тэгж хараар будуулж явахыг хэн хүсэх юм. Нэг үхрийн эврээс болж нийтээрээ доргиж, доромжлуулж явах чинь нэг ёсны хэлмэгдүүлэлт шүү дээ. Энийг л манай нийгэм тунгаах хэрэгтэй.

    -Гаалийн байцаагчид бол төрийн өм­нөөс татвар цуглуулагчид шүү дээ. Тат­вараа үнэн шударгаар төлөх сонирхолтой субъект энэ хорвоод байдаг гэж үү. Энэ үнэмлэхүй үнэнээс болоод гаальчдыг хараах, харлуулах, үгүйсгэх, гүтгэх үзэгдэл хавтгай байдаг байх л даа?

    -Үнэн шүү дээ. Өөрсдийн бусармаг санаа­гаа хэрэгжүүлэхэд нь тээг болсон байцаагч нарыг дарамтлах явдал нэлэнхүйдээ байна. Үүнийг л төр зогсоохын төлөө ажиллах ёстой. Нөгөө талдаа өөрөө ч цэвэр шударга ажиллах ёстой.

    -Байнга л ямар нэгэн даргын сэнтий тийш зүтгэж байдаг нэг айхтар өвчин газар авчээ. Зүгээр нэг хэлтсийн ажилтан л хэлт­сийн даргаа түлхэж, тэнд нь очихын төлөө тасралтгүй тэмүүлж байдаг. Ерөөсөө шат шатанд энэ өвчлөл гаарсан. Албан тушаа­лын ийм дуршил танай гаальд хэр их вэ?

    -Үнэхээр аюултай өвчин. Яг хувь хүнийх нь сэтгэлгээнд нүүрлэсэн их аюултай өвчин. Гаальд ахлах байцаагч болох, ахлах болж тодорхой нэг хэсгийг удирдах сонирхол бол илэрхий мэдэгдэж байсан. Би ирээд нэлээн хэдэн даргыг өөрчилсөн л дөө. Долоон албаны дарга, цаана нь арав гаруй ахлах өөрчлөгдсөн. Замын-Үүдийн гаалийн дарга, орлогч, Улаан­баатарын гаалын дарга, орлогч, Буянт-Ухаа­гийнх мөн адил. Ингээд өөрчилсөн. Энэ өөрчлөлтийн цаана нөгөө онгойсон байр суурин дээр очих гэж хөөцөлдсөн хүмүүс их олон гарч ирсэн. Харин тэр ажлаас өөрчлөгдсөн хүмүүс эргэж зууралдаагүй шүү. Би л дарга болмоор байна, тэрнийг очуулчихмаар байна гэх мэтээр ярьж орж ирсэн улс олон байсан. Тэр байтугай тэр үед хэлтсийн дарга байхад нь өөрчилж гаалийн улсын байцаагч болгочихсон хүн өнөөдөр надаас “Та одоо намайг аль нэг газар хороонд даргаар тавьчихаж болохгүй юу” гэж орж ирсэн.

    -Шууд тэгж орж ирж байх юм уу?

    -Шууд. Бүр нэрээр нь хэлж байгаа юм. Тэр даргыг өөрчлөөд намайг тавьчихаж болохгүй юу гэж над дээр тэр хүн дахин дахин орж ирсэн. Ийм муухай үзэгдэл байсаар л байна шүү дээ.

    -Тийм этгээдүүдийг бол бүр хөөж явуу­лах хэрэгтэй. Яасан эрээ цээргүй явдал вэ?

    -Тэр бүү хэл би өмнө нь гаалийн удирдах албан тушаал хашиж байсан хүн, эргээд би гаальд л очмоор байна гээд явж байгаа тухай сонссон. Хэцүү зовлон байгаа биз. Төрийн энэ албыг юу гээд ойлгочихсон нь тодорхойгүй байна шүү дээ. Бөөн сэтгэлийн шунал. Ийм далд шуналаа дарж чадахгүй байгаагаасаа болоод дээш доошоо янз бүрийн худал гүтгэлэг, жижиг сажиг асуудал ярьж гүйх, сонин хэвлэ­лээр элдэв хар мэдээлэл цацах зэргийн явуургүй ажлуудаар цагаа үрээд гүйгээд байх өөрт нь эмгэнэлтэй л баймаар юм. Манайхан дотуураа гэгээрмээр байна. Атгаг, арчаагүй ийм зан чанараасаа салмаар байна.

    -Нээрээ таныг саяхан хауст нүүж орсон гэж сонссон. Та ч баян юм аа?

    -Гурван хаус гээч. Мөн ч инээдтэй мэдээ­лэл бичсэн байна билээ. Нэг өрөө хоёр ширхэг, хоёр өрөө нэг ширхэг байрыг бид авсан. Үнэн. Тэр гурван байрыг би ядарсан гурван ажилтан­даа авч өгсөн. Гаалийн байцаагч хүн өнөөдөр таван өнчин хүүхдээ тэжээгээд айлын халаас­ны өрөөнд амьдраад явж байна. Ганц бие эрэгтэй хүн шүү

    дээ. Яагаад тэр ажилтныг орон сууцанд оруулж болдоггүй юм бэ. Орох оронгүй учраас гаальчдынхаа гэр орноор ээлжилж хоноод хүүхдээ хөтлөөд явж байгаа эх хүн байна. Манайхан надад хандсан. Яагаад тэр хүнд ганц өрөө байр олгож болохгүй гэж.

    -Үгүй, тэгээд өмнөх удирдлагууд юу хийж байсан юм бэ. Ажилтнуудаа тэгтэл ядарчихаад байхад хараагүй хэрэг үү?

    -Гэтэл хоёр дахь байраа авчихсан гаалийн байцаагч байж л байгаа байхгүй юу. Энэ тэгээд шударга ёс гэж үү. Ийм гачигдалтай улсуудаа орон гэртэй болгосныг маань л Д.Цэвээнжав өөртөө авсан мэтээр хэвлэлээр бичүүлсэн. Бүр гурван хаус болгоод шүү.

    -Өөр нэг ноцтой мэдээлэл явсан байгаа. Таныг ГЕГ-ын дарга болохын тулд Ерөнхий сайд С.Баярт 300 сая төгрөг хахуульд өгсөн гэж. Энэ юун мэдээлэл вэ. Ерөнхий сайд та хоёрын хэн нь ч энэ мэдээлэлд хариу өгсөнгүй. 300 сая төгрөг бол толгой эргэмээр их мөнгө биз дээ?

    -Энэ бол үнэхээр аймшигтай мэдээлэл. Би сонсоогүй явж байсан. Нэг бага шиг захиал­гатай шар сонин дээр гарсан мэдээ юм билээ. Хүмүүс яриад байхаар нь олж үзлээ л дээ. Уншаад үнэхээр цочирдлоо. Намайг үнэхээр Монгол Улсын Ерөнхий сайд, түүний кабине­таас томилж байгаа. Би өөрөө төрийн хариуц­лагатай алба толгойлж яваа хүн. Хүнийг ийм аймшигтай гэмт хэрэгт гүтгэнэ гэдэг бол үнэ­хээр байж боломгүй үйлдэл. Би энэ асуудлыг Авлигатай тэмцэх газарт өгч шалгуулж нот­луулна. Намайг бас орлогын мэдүүлгээ худлаа бөглөж өгсөн гэж тэрэндээ гүтгэсэн байна лээ. Хууль хяналтын газруудаар нь шалгуулж үнэн мөнөө олъё гэж би шийдээд байна.

    -Нөхөр Д.Цэвээнжав ирээд хоёр хүн ажлаас чөлөөлжээ. Нэг нь танаас өмнө зү­гээр ажлаа хийгээд явж байсан хүүгээ ирээд л ажлаас чөлөөлсөн байх юм. Нөгөө нь хотын гаалийн даргаар олон жил ажил­ласан Дариа гуайг үүрэгт ажлаас нь чөлөөл­сөн. Түүнийг ерөнхийлөгчийн баз гэж хэвлэлээр гарч байсныг мэднэ. Аль ч дарга тэр хүнээр “оролдоогүй”. Энэ хоёр шийд­вэрийг тань асуухсан гэж бодоод явсан юм?

    -Нэгдүгээрт, энд үнэхээр хатуу зарчим барьж, шулуун шударга ажиллахаас өөр замгүй гэдэг нь тодорхой байсан. Хэрвээ Д.Цэвээнжав гэдэг дарга энэ байгууллагад өөрийн төрсөн хүүтэйгээ хамт ажиллаад л эхлэх юм бол юу болохов. Шаардлага тавихад ч юм уу, эсвэл би зарчимч ажиллаж байгаа шүү гэж хэлэхэд төвөгтэй болох байсан болов уу. Тэгээд л би шийдвэрээ гаргасан.

    -Хүү тань яаж хүлээж авсан бэ. Бас нас биед хүрээд, зохих боловсролыг эзэмшээд, төрийн албан хаагч болчихоод өөрийн­хөөрөө ажиллаж амьдрах гэтэл аав нь гарч ирээд ажлаас чөлөөлчихдөг. Сэтгэл зүйн хувьд хэцүү байх магадлалтай ийм жишээ ер нь сонсч байгаагүй?

    -Эцэг хүний л гаргах хатуу шийдвэр л дээ. Би хүүтэйгээ ярьсан. Миний хүү хуульч хүн. Мэргэжлийнхээ дагуу өөр газар ажилла даа. Энэ систем өөрөө хэцүү. Би дээрээс нь нэлээн хатуу зарчим барьж ажиллах болох байх. Миний хүү л намайг ойлгохгүй бол хэн ойлгох юм бэ гэж. Хүү маань эхлээд жаахан бодлогоширч бодож байсан. Тэгээд л удалгүй өргөдлөө өгөөд чөлөөлөгдсөн. Дариа гуайн хувьд бол Монголын гадаад худалдааны салбарт, гаалийн байгуул­лагад нийтдээ 18 жил ажилласан ийм хүн. Нас бол бас тэтгэврийн хэмжээнд хүрчихсэн. Улаан­баатарын гаалийн газрын даргын ажлыг бол найман жил хийсэн ийм хүн л дээ. Би ирээд Дариа гуайтай уулзсан. Бидний өмнө энэ гаалийн байгууллагын ажлыг эмхэлж цэгцлэх, шинэчлэх, эрүүл гольдролд нь оруулах том зорилт тулгарч байна. Та нар ч гаалийн байгуул­лагад ийм олон жил ажилласан хүмүүс байна. Энэ байгууллагын үйл ажиллагааг зөв шулуун явуулах үйлсэд хүчин зүтгэх ёстой. Ийм учраас таныг чөлөөлөх саналтай байна гэдгээ хэлсэн. Дариа гуай ч чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Тэр хүний туршлага энэ байгууллагад хэрэгтэй учраас би Дариа гуайг өөрийнхөө зөвлөхөөр томилсон. Тэр үед бас хүмүүс над руу ярьж байсан. Цэвээнжав аа, чи болж байгаа юм уу. Ямар галаар тоглож байна вэ гэж.

    -Ерөнхийлөгчийн зүгээс юу ч илэрхий­лээгүй юу?

    -Би Ерөнхийлөгчийг сайн мэднэ. Тэргүүн хатагтайг ч багагүй мэднэ. Энэ хүмүүсийг төрийн ийм ажилд орохгүй гэдгийг нь би бас нэлээд гадарлахын хувьд мэднэ. Өнөөдрийг хүртэл яав ийв гэж над руу нэг ч яриагүй.

    -Тийм ч биз дээ?

    -Тэр улсууд урьд нь надтай ямар байсан, тэр л хэвээрээ байгаа. Ер нь төрийн ёс зүйд харш үйлдлүүдийг төрд хатаагдсан ийм хэм­жээний улсууд биш, харин тэдний нэрийг барьж элдэв юм хийхийг оролддог увайгүй улсууд доогуур нэлээн хийж явдаг байдаг байж магадгүй шүү.

    -UBS нам гээд л нэг их ярих юм. Та бас тэндэхийн нэг том гишүүн үү?

    -Увс гэдэг утгаар ярьж байгаа бол би яах аргагүй Увс аймгийн Малчин сумын найман жил, Улаангомын 10 жилийг төгссөн хүн шүү дээ. Төгссөнөөсөө хойш бол харин би нутагтаа тоймтой хэдхэн очсон. Нутагтаа ерөөсөө ажиллаагүй. Дархан-Уул аймагт л нийтдээ 20 гаруй жил ажиллачихсан л хүн байгаа юм. Нут­гийн гэх үзэл мэдээж байнаа. Байлгүй яахав. Төрж өссөн нутаг ус, тоглож наадаж өссөн найз нөхөд, ахан дүүсээ бодохоор яах ч аргагүй түмнээс илүү дотно л санагддаг юм билээ. Хүн гэдэг сонин амьтан шүү. Энэ утгаараа бол би нутаг амьтай хүн. Нутгийн хүмүүс хүрээд ирэхэд тэдэнтэйгээ хууч хөөрөөд, аяга хоолоо хуваагаад идчихээс ерөөсөө татгалзахгүй.

    -Ганц шил гожин тавьчихаад…

    -Өө, тэр байх шүү дээ. Нөгөө талаараа Монголын дөрвөн зүг, найман зовхисоос ирж суурьшсан олон үндэстэн ястны өлгий Дархан хотод их олон жил амьдарчихсан хүн. Дархан үнэхээр интернационал хот. Дарханд би олон газрын аавын хөвгүүдтэй нөхөрлөж, ажиллаж, амьдарч ирсэн. Тийм болоод ч тэр үү, айхтар нутгархаг өвчин надад байдаггүй юм. UBS нам гэхээсээ илүү Дарханыхантайгаа нэлээн татлагатай л хүн дээ. Ер нь тэгээд төрд олон жил ажиллаад ирэхээр нутаг ус гэхээсээ илүү Монгол Улс орноо яаж хөгжүүлэх вэ, Монголын хүн ардынхаа аж амьдралыг дээшлүүлэхийн төлөө чи юу хийж чадах вэ гэдэг асуудал л чухал болчихдог юм даа.

    -Та ямар гэр бүлд төрж өссөн бэ?

    -Би малчин айлын гэрт төрсөн, малчин удамтай хүн. Хамгийн энгийн амьдралтай, ядуухан айлын л хүүхэд дээ. Миний аав хар төмрийг цохиж юм бүгдийг хийж чаддаг, алт мөнгийг хайлуулж юу хүссэнээ урлачихдаг, уулын модыг унагаж хатаагаад авдар шүүгээ, гэрийн мод хийчихдэг ийм л нэг дархан хүн байлаа. Надад аавын маань тэр гарын ур бага ч гэсэн шингэж үлдсэн юм шиг байгаа юм. Аавыг маань мэдэх хүн бүр хэлнэ. Хатуу хүн гэж. Ер нь хүнд олон таван юм хэлэхгүй. Нэг хэлбэл хатуу хэлнэ. Эргэж буцдаггүй ийм л хүн. Харин ээж маань их даруу, зөөлөн аядуу зан ааштай. Олондоо ундтай устай, жирийн сайхан монгол эмэгтэй байсан. Ээж маань их эрт өөд болж, би өнчин өссөн. Тэрнээсээ болдог уу, би их өрөвч сэтгэлтэй. Ямар ч байсан би хүний муу явааг хараад, хүний ядарсныг үзээд баярладаггүй л хүн. Болж өгвөл туслачих л гэнэ.

    -Эцэг эхээс хэдүүлээ вэ?

    -Хоёулхнаа. Гэхдээ манайхан сүүлийн үед их өсч байгаа. Би гэхэд дөрвөн хүүхэдтэй. Дөрвөн хүүхдийн маань гурав нь хоёр, хоёр хүүхэдтэй болчихсон явж байна. Эхнэр бид хоёр зургаан ач, зээтэй болсон.

    -Таны гэргий хаана ажилладаг хүн бэ?

    -Гэргий маань бүх насаараа сургуулийн өмнөх насны сурган хүмүүжүүлэх байгууллагад ажиллаж байна. Миний очсон газар болгонд намайг дагаж явсан. Гэхдээ очсон газар болгоноо улсын тэргүүний цэцэрлэг болгож байсан ийм л сурган хүмүүжүүлэгч хүн байгаа юм. Би бол жаахан тийм хатуудуу зан ааштай. Харин манай хүн бол эелдэг зөөлөн. Тэгээд бидэн хоёрын энэ нь хоорондоо уусан зохицоод, нэг нэгнийхээ дутууг нөхөөд насаараа хамт явж байгаа улс даа. Эхнэр маань 1974 оноос хойш 34 жил энэ салбартаа ажиллаж байгаа хүн шүү дээ. Үүнээс 30-аад жил нь цэцэрлэгийн эрхлэгч хийсэн. Хөдөлмөрийг нь төр засгаас үнэлж "Алтан гадас" одонгоор шагнаж байлаа. Тэр маань үнэхээр хөдөлмөрч хүн.

    -Та хоёр хаана танилцсан бэ?

    -Бид бүр дунд сургуульд байхдаа учирсан хоёр шүү дээ. Гэргий маань наймдугаар ангид, би аравдугаар ангид байсан.

    -Сургуулийн үерхэл юм уу. Гоё юм аа. Гэгээн дурсамжтай хоёр байх нь?

    -Сургуулийн үерхэл. Сонин байна уу (инээв). Манай Малчин сум чинь найман жилтэй. Би наймдугаар ангиа төгсөөд аймаг руу арван жилд явсан. Наймд байхдаа доод ангийнхаа охиныг жаахан харж байж л дээ.

    -Тэгээд яасан, захиа бичээд л?

    -Захиа бичсээн, бичсэн. Хотод би арваа төгсөөд ирсэн. Тэгж байтал нөгөө охин маань цэцэрлэгийн техникумд ирсэн. Тэгээд л хойноос нь хөөцөлдсөөр байгаад аваад суучихсан. Тэр мөчөөс хойш хамтдаа л энэ хорвоог туулж яваа хоёрдоо.

    -Гэгээн юм аа. За ингээд бидний яриа өндөрлөж байна. Цаг, зав гаргасанд баярлалаа. Танд амжилт хүсьө?

    -Та бүхэнд ч бас амжилт хүсьө.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан