Асашёорюү Д.Дагвадорж: Ээж аав, нутаг ус, эх орон элэг зүрхэнд минь л эгшиж байдаг юм шүү дээ

    “Зууны шуудан” сонин “Ярилцъя” буландаа Мэргэжлийн сумогийн ертөнцийн өнөө цагийн “Хаан”, дэлхийн супер од Асашёорюү Дагвадоржийг урьж   халуун дулаан, илэн далангүй, чин сэтгэлийн яриа өрнүүллээ. Тэр урьд өмнө нь хэзээ ч энэ төвшинд дотоод сэтгэлээ нээж байгаагүй юм. Ингээд та бүхнийг бидний ярианд анхаарлаа хандуулахыг хүсье.

    Б.Ганчимэг


    -Эрхэм Ёкозүна, та өнөөдөр ахиад л дуулиан шуугиан дунд зогсож байна. Дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд таны тухай ээлжит сенсаациар амьсгалж байгаа энэ өдрүүдэд та эх орондоо ирлээ. Зодог тайлаагүй байгаа Ёкозүна шүүхийн танхимд өөрийн биеэр очиж мэдүүлэг өгсөн анхны тохиолдол энэ боллоо гэдэг үнэн үү?
    -Эхлээд хоёулаа мэнд усаа мэдэлцчихье, тэгэх үү.

     -Уучлаарай. Танд намрын мэнд хүргэе. Эх орондоо тавтай морилж байна уу. Би жаахан ёсгүй аашилчих шиг боллоо?

    -Эх орондоо ирээд хоёр хонож байна. Монголынхоо энэ сайхан намрыг зүрх сэтгэлээрээ мэдрэх, тэрэнд автах, энэ мэдрэмжээсээ болоод зарим талаар бүх юмыг мартах сайхан байна. Та бүхэн мэдэж байгаа. Миний бэртэл сэдрээд барилдаанаа үргэлжлүүлэлгүй завсарласан. Сайн эмнүүлэхгүй бол үнэхээр болохгүй байна. Биеийн энэ байдлаас болоод сумо бөхийг шимтэн үздэг, тэр дундаа намайг чин сэтгэлээсээ хайрлаж дэмждэг фенүүддээ сайхан барилдаан үзүүлж чадахгүй сүүлийн үед жаахан гундаагаад байна уу даа гэсэн бодол төрж байна. Тэднийхээ хайр хүндэтгэлийг тээж явах асар их хариуцлага надад оногддогийг би мэддэг. Урьд нь ч тийм байсан. Цаашдаа ч тийм байна. Энэ удаа үнэхээр бэртлээ сайн эмчлүүлэхгүй бол болохгүй байна. Тийм ч учраас нутгаа зорьж ирлээ. Эмээр эдгэдэггүй юмыг эх орон, эх нутаг илааршуулчихдаг нэг сонин зүй тогтол байдаг л даа.

    Энэ бол үгээр тийм амар илэрхийлэгдчих зүйл бас биш бололтой. Эх орондоо ирсэн зорилго маань үндсэндээ энэ. Юун түрүүн бэртлээ эдгээх, гараа эдгээхийг зорьж байна даа. Хэдий өндөр хөгжилтэй харийн орон сайхан ч хүн нас тогтохын цагт эх нутгаа л гэж тэмүүлдэг. Адгуус хүртэл газрын холоос нутгаа гэсээр гүйж ирдэг биз дээ. Ер нь хүн чинь энэ хорвоо дээр заяасан бас л нэг төрлийн адгуус шүү дээ.  

     -Манай 28-хан настай, бас тэгээд үргэлж асч байдаг их аваргын амнаас хэтэрхий буурьтай үг унаж байгаа юм биш үү. Нас тогтохоороо…гээд л ярьсан чинь тан шиг дүрэлзсэн хүнтэй хоршихгүй сонсогдож байна?

    -Яахав ээ, гал халуун амьдрал үргэлжилж байна. Асч байна. Дүрэлзэж байна. Мэдээж өөрийнхөө талбар дээр тэр эрэмгий чанар, ялалтын төлөө дүүлэн тэмүүлдэг араншин энэ биенд байдаг боловч хүн гэдэг амьтан чинь эргээд хүнийхээ ертөнцөд бууж ирдэг учраас тэрийгээ чагнаж, мэдэрч, ялгаж салгаж байхгүй бол болохгүй биз дээ. Тэр чигээрээ л нэг их аймаар амьтан яваад байж болохгүй биз дээ.

    -Мэдээж тэгэлгүй яахав. Магадгүй бид хүнийхээ хувьд туулж яваа амьдралыг тань бодож үзэхгүй, үргэлж амжилт нэхэж байдаг байх л даа?

    -Бидний амьдарч байгаа энэ зууны хурд, хөгжил эргээд сул талаа үзүүлж эхэлж байна л даа. Мэдээллийн гүйцэгдэшгүй хурд ноёрхож байна. Нэг секунд ч алдалгүй хэвлэл мэдээллийн технологи ажиллаж байдаг болж. Алхам тутам маань та нөхдийн хараанд. Тэглээ, ингэлээ гээд л бичээд байдаг. Гэхдээ гаднаас нь. Магадгүй миний дэвжээн дээрээс та бүхэнд харуулдаг тэр характер сонин байдаг байх л даа. Дагвадорж гэдэг аварга тэр газрын дэвжээн дээр сая сая нүдний өмнө өөрийнхөөрөө өөрийгөө ирлээд л…тийм үү. Энэ аваргын гаргаж байгаа тэр араншинг хүн болгон өөрийнхөөрөө дүгнэдэг байх. Гэхдээ өнөөдөр миний энэ дотоод ертөнцийг нээсэн хүн ховор л доо. Би ингэж хамаагүй өөрийгөө нээхийг хүсч байгаагүй. Яг үнэндээ өнөөдөр тантай хийж байгаа энэ уулзалтаар, та бид хоёрын дунд өрнөж байгаа энэ яриагаар танай сониноор дамжуулж миний талаар энэ гадуур явж байгаа элдэв бүх асуудлуудад delete хийе гэж хүсч байна. Өнөөдөр хоёулаа илэн далангүй сайхан яръя.

    -Монголын олон сод аавын хүүтэй ярилцлагын ширээний ард сууж байлаа. Гэхдээ та бол үнэхээр миний ярилцахыг хүсч байсан баатар. Надад итгэж, ийм сайхан боломжийг олгосонд баярлаж байна?

    -Та намайг ямар хүн бэ гэдгийг миний дотроос ухаж ав. Би таны өмнө өөрийгөө илэрхийлэх гэж бас чадах чинээгээрээ оролдъё, тэгэх үү.

    -Өөрийг тань их сонин хүүхэд байсан гэж сонсч байсан. Ардчиллын салхи нөмөрч, монгол оронд нийгмийн том шилжилт хийгдсэн үетэй таны бага нас давхацсан. Картын барааны дугаар дэлгүүрүүдийг нураах шахаж байсан тэр үед таныг дайрч ороод хөгшчүүлд юмыг нь авч өгдөг байсан гэж хуучны нэгэн анд тань дурсаж байсан юм. Цаг үе нь ч сонин, таны тэр үйлдэл ч сонин ?

    -Би цаг үеийн сонин сонин тодотгол үеүдийг өөрийнхөөрөө туулж гарснаар их бахархаж явдаг. Бод л доо. Би хичнээн залуу ч гэлээ социализм гэдэг нийгмийг үзсэн л байхгүй юу. Тэрний сургаалийг сонслоо. Дараагийн цоо шинэ ертөнц орж ирлээ. Тэр нийгмийнх нь хатуу хөтүүг бас биеэрээ мэдэрлээ. Хүн гэдэг амьтан өөрийнхөө чадлаар, өөрийнхөө ухаанаар, өөрийнхөө авъяасаар гарч ирж чаддаг энэ нийгмийн мөн чанарыг амсаж туулж явна. Манай аав ээжийн үед ийм нийгэм байсангүй. Энэ нийгэм бол хүний тэмүүллийн нийгэм гэж би боддог. Манай улс орон хүнд үеийг туулж үзсэн. Гэхдээ бид хэзээ ч сэтгэлээрээ өлсөж үзээгүй ард түмэн байхгүй юу. Тэр шинж чанараасаа ч болдог уу их өгөөмөр. Жаахан олсон юмнаасаа бусдадаа өгөх гэдэг. Заавал нэгэндээ илүүчлэх гэдэг. Өнөөдөр энэ чанар маань харин манай хүмүүст байна уу, үгүй юу. Надад бол байнаа. Хар бага наснаас л байсан. Цаашдаа ч байх болно. Хажуу айлд нэг ядарсан хөгшин байхад тал талхаа барьж ороод хувааж иддэг. Эргээд нэг ороход нөгөө хөгшин маань таван чихэр олчихоод  тэрийгээ надад өгөх гээд нандигнаад хадгалчихсан сууж байдаг. Би тийм л нийгэмд хүн болсон шүү дээ. Тэр үзлээрээ л тэр үед тэгж явахгүй юу.

    -Атаман ч байсан байх ?

    -Атаман ч гэж юу байхав. Хөдөлгөөнтэй л хүүхэд байсан. Гэхдээ хоргүй хүүхэд байсан шүү. Сайн эцэг эхийн буянаар буруу зөрүү ч явчихаагүй. Гэхдээ хүүхэд нас юм чинь сахилгагүйтэх юм байлгүй яахав. Тэр үеийн манай нийгэм үнэхээр ороо бусгаа болчихсон байсан л даа. Картын бараанд шилжчихсэн. Хөл толгойгүй юм болж байсан. Нэг өдөр явж байсан чинь дэлгүүрийн гадаа нэг эмээ амьтны хөлд үрэгдчих гээд сууж байсан. Би хэдэн найз нартайгаа явж байсан юм. Би тийм юмны хажуугаар зүгээр юу ч болоогүй юм шиг өнгөрчихөж чаддаггүй хүүхэд байсан л даа. Миний зан характер байгаа нь л тэр. Тэгээд би тэр эмээд тусласан. Хүмүүсийн урсгал дундуур дайрч ороод эмээгийн юмыг авч өгсөн. Тэр дурсамжаа би ч мартаагүй. Арай дэндүү байсан л даа. Хүн өлсөхөөрөө араатан болдгийг би тэгэхэд харсан.

    -Одоо танд тэр үеийн өгөөмөр, зөөлөн чанар бий юу. Хүн их хэврэг амьтан шүү дээ. Алдар нэр, цагийн аясанд гайхалтай эвдэрдэг ?

    -Би хэдийгээр нэр алдрын өндөрлөгт хүрсэн ч хүнээ алдаагүй л дээ. Монголын нэг сайхан үг байдаг. Тэнхлүүн явахад нь тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад нь тэвнээр тусла гэж. Манай сумод олон монгол байна. Бөхчүүдийн хүүхдүүдээс ч очиж л байна. Аль болох дэмнэхийг л хичээдэг. Яагаад гэвэл энэ замыг би өөрийнхөө биеэр туулж ирсэн учраас. Мэдээж дараа дараагийн үе ч ингэж туулах нь гарцаагүй. Миний хувьд тэр үед надад  татаас ерөөсөө байгаагүй. Хүнд хатуу замыг өөрөө л туулж, өөртөө дараа дараагийн замыг нээж ирсэн. Тийм болохоор тодорхой үеэ туулахад нь дүү нартаа туслахыг боддог. Гэхдээ бас нэг зангараг гэж юм байх ёстой.

    -Тэр ч тийм байх шүү?

    -Уруу гундуу таарвал нэг хоолонд оруулаад, санаа сэтгэлийг нь засах ч юм уу, бас нэг уранхай ханзархай кимонотой явахад нь сайхан кимоно хийлгээд өгөх ч юм уу. Тийм зэргийн нөмөр жудаг гаргалгүй яахав. Гэвч хүмүүст үзүүлж байсан тусламж, гаргаж байсан сэтгэл болгоноо яриад явахыг би хүсдэггүй.  

    -Түрүүн таны яриан дотор надад татаас байгаагүй, би өөрийнхөө зам мөрийг өөрөө л олсон гэсэн үг орж ирлээ. Таныг очиход кекүшюзан Батбаяр нэлээн хөлөө олчихсон байсан юм биш үү. Түүний зүгээс ямар нэгэн дэмжлэг, нөмөр нөлөө байсан уу?

    -Мэдээж цолтой бөх, цолгүй бөх хоёрын хооронд асар том ялгаа байгаа. Хэл ус, ёс жаягаас авахуулаад эхний үе хүнд шүү дээ. Энэ ойлгомжтой. Гэхдээ тэр хүн миний өмнөөс барилдаагүй. Би Батбаярын өмнөөс барилдаагүй. Зам замаараа л явж байгаа. Туулаад ирсэн амьдрал, дийлээд ирсэн амьдрал. Энэ амьдрал минь тэр чигээрээ л түүх болоод үлдэж байгаа шүү дээ. Мэдээж баяр хүргэе гээд гар барих тохиолдол байлгүй яахав. Хүний харьцаа юм чинь. Мэнд устай явна. Гэхдээ энэ даваад, ялаад, дийлээд, эзлээд ирсэн нь бол зөвхөн миний л амьдралын зорилго байсан. Би залуу хүн л дээ. Гэхдээ бас өөртөө арай л хүнд ачаа үүрч яваа юм уу гэж өөрийгөө боддог л юм. Өөрөөр хэлбэл миний хатан зориг намайг энэ хүртэл авч ирлээ. Нөгөө эр хүн зоригтой бол чоно юу гэдэг билээ…Би дандаа тэгж өөрийгөө ирлэдэг байсан. Би заавал ялах ёстой гэж. Ингэж л би тэр үеэс өнөөдрийн өдрийг хүртэл явж ирсэн.

    -Та бол манай нэртэй бөхийн гэр бүлд төрж өссөн хүн. Гэхдээ өнөөдрийн супер од Дагвадоржийн амжилтын хэдэн хувь тэр удам судартай холбоотой бол?

    -Тэр сайхан аав ээжийн ачлал буян, хайр энэрэлд багтаж, тэр сайхан хүмүүсийн генийг шингээж төрсөндөө би бахархдаг. Тэр дундаа намайг энэ хорвоод тээж төрүүлсэн ээждээ асар их баярлаж явдаг. Аавыгаа орхиж байгаа юм биш шүү. Гэхдээ миний дотоод чанар ээжтэйгээ их ойролцоо л доо. Манай аав бол тээврийн жолооч хүн байсан. Холын замд л гараад өгнө. Бид ээжийнхээ хатуу гараар л хүн болцгоосон. За, тэгээд миний үргэлж өрсөлдөгч байж ирсэн гурван сайхан ах минь байна. Би нээрээ их сонин байдлаас замаа сонгож байсан юм ш дээ. Энэ ярианд хамаагүй ч байж магадгүй. Анх манай хоёр ах чөлөөтөөр яваад л. Аймаар мундаг болцгоогоод л. Тэгээд яахав хүүхэд юм чинь би сахилгагүйтэж байгаад зодуулна.

    -Сумъяабазар, Сэржбүдээ хоёрт ?

    -Тэгэлгүй яахав. Тэгээд үймүүлж байгаад авахуулаад ирэхээрээ бодож байгаа юм л даа. За, энэ хоёртой ингэж явах юм бол насаараа дээрэлхүүлэх юм байна. Тийм учраас энэ хоёроос шал ондоо юмаар хөөцөлдөе гэж. Хүүхдийн санаа ш дээ. Би тийм сонин бодолтой хүүхэд байсан байхгүй юу. Тэгээд би жудог сонгож байсан. (инээв) Хөгжилтэй байгаа биз. Гэхдээ тухайн үед тийм шийдвэр гаргаж байна гэдэг өөрөө юм хэлж байгаа биз дээ. Энэ шийдвэр намайг үнэхээр л тэс өөр сонголтыг хийлгэж байсан байхгүй юу.

    -Сумогийн хатуу дэвжээнээс халираад орхиё, буцъя гэж няцах үе танд ер нь байсан уу. Мэдээж анхны, тэр балчир ахуй үед шүү дээ?

    -Мэдээж бүрэн гүйцэд ухаан суугаагүй бага балчир насанд шантрах юм байлгүй яахав дээ. Нутгаа санах, гэр орноо, ах дүүгээ санаад сэтгэл эгших үе байсан. Гэхдээ би бол тэрэн дээр нэг их туйлдаагүй шүү. Яагаад гэвэл намайг анх Буянт-Ухаа дээр гаргаж өгч байхдаа харж байсан ээжийн минь харц надад одоо хүртэл харагддаг. Намайг ширтэж байсан ээжийн минь нүд миний дотроос ерөөсөө гардаггүй. Одоо хүртэл надад тэр харц хүч тэнхээ өгдөг. Би хүний нүдийг харах их дуртай. Хүний нүд бүх юмыг нь илтгэж байдаг. Тэр хүний талаарх бүх зүйлийг нүд нь хэлж байдаг.

    Ээжийн маань тэр үед надад нүдээрээ хэлж байсан үг, өгч байсан хүч намайг тэнд амьдруулсан. Би чинь дунд сургуулиа Японд дуусгаж суралцсан шүү дээ. Манай сургууль чинь япондоо хамгийн чанга дэглэмтэй, догшин сургууль байхгүй юу. Би тэр сургуульд орсондоо л өдий хүртэл явж байна гэж одоо хааяа боддог. Маш чанга, ерөөсөө хагас цэргийн зохион байгуулалттай. Гэртээ харина гэж байхгүй. Манай өөрийн сумогийн багш ширүүн хүн. За тэгээд хөгтэй дөө. Эхлээд андуурч байгаа юм.  Өө, амархан юм байна. Би ёстой гүйж гараад л ялна гэж харж байгаа байгүй юу. Байхгүй, гүйж гараад л саваад унаж байгаа юм л даа. Би чинь бүх үсэг мүсгээ цээжилчихсэн мэднэ, шажигнуулна гэж тооцож байсан. Юу тэр. А гээд л шоконд орсон. А үсэг дотроо хоёр гурван янз болоод л явчихсан. А- ч үгүй, Б- ч үгүй  болно биз дээ. (инээв)

    -Хэл сурахдаа та хэдий хэрийн хугацаа зарцуулсан бэ?

    -Монгол хүний нэг чадавхи байдаг юм. Аль ч газар очсон, тэр нутгийн хэлийг нь маш чадварлаг эзэмшдэг. Жил хагасын дараа л би хэлний хувьд  асуудалгүй болсон байсан.

    -Яг одоогийн хэлний төвшнийг тань япончууд хэрхэн үнэлдэг вэ?

    -За, би өөрийгөө магтаж байгаа юм биш шүү. Намайг гайхалтай ярьдаг гэж л үнэлдэг.

    -Таныг  нутгийн аялгуудыг хүртэл чадварлаг эзэмшсэн гэж дуулж байсан?

    -Монголоор бол баруун аймгуудаар явахад көвүүн минь гээд л явж өгөхтэй адилхан. (дөрвөд аялгаар үзүүлэв) Тэрэнтэй адилхан нутаг нутгийн аялга гэж байдаг л даа. Тэр нутагт нь тэр аялгаар нь ярихад хүмүүс их баярладаг.

    -Хэлний хувьд хөлөө олчихдог юм биз. Хоол хүнсний асуудал гэж том проблем байна биз дээ ?

    -Хүн тэр газар нэгэнт л өөрийн том зорилго тээгээд оччихсон бол буцах зам байхгүй шүү дээ. Бүх л юманд нь дасах л ёстой болно. Тэр газрын ёс заншил, ахуйн соёл, хэлний соёл, хоолны соёл гээд бүгдэд л суралцах ёстой. Дандаа цагаан будаа идээд байх эхлээд мэдээж хэцүү. Сүүлдээ горойгоод орохоо байна. Би чинь гэртээ сайхан гурилтай шөлөө идэж өссөн хүүхэд. Хааяа залхуураад цагаан будаатай хоол хийчихээр аав “Аа, муу булдруунууд залхуурчээ. Ахиад хий, гурил тасалж хий” гээд л загнаад хийлгэдэг байсан. Японд очлоо. Тэнд гурил гэдэг юм нэг их өдөр тутмын хэрэглээ биш. Будаа л идэх болж байгаа юм даа. Бага байхад дуртай байсан нөгөө будаа чинь горойгоод орж өгөхөө байсан. Шөл нь гэж нэг хачин амттай юм өгнө. Тэрийг нь холиод иднэ. Нүдээ аниад л гөвнө. Горойгоод орохоо байсан. Сүүлдээ багш маань чи заавал сайн идэх ёстой, идэхгүй бол чи таргалахгүй, таргалахгүй бол чи хүчтэй болохгүй гэж хэлж эхэлсэн. Тэгээд өөртөө хэлж байгаа юм л даа. Дагваа, чи хоолон дээр бууж өгөхгүй шүү гэж. Халуун будаагаа сүүлдээ яаж аргалахаа олж байгаа юм. Би тэгвэл сүү авчихъя тэгэх үү гээд халуун будаан дээр сүү хийлгээд авлаа, тэр чинь сүүтэй будаа болно биз дээ. Ингээд хоол, хэл гээд бэрхшээлүүдээ шийдээд явчихаж байгаа юм. Би эд нараас юугаараа дутуу юм бэ гэж би өөртөө хэлдэг байсан. Бяртай бол бяртай, оюун ухаантай бол оюун ухаантай, гентэй бол гентэй. Тийм учраас би заавал эднийг ялна гэж боддог байсан.

    -Дэглэлт гэж нэг юм бий. Яаж давж байв?

    -Ямар ч нийгэмд хүн хийх ёстой ажлаа тэр зааж зурж өгсөн хууль журмынх нь хүрээн дотор хийгээд яваад байхад асуудал байхгүй шүү дээ. Ёс горимыг нь зөрчихгүй л байвал тэр ертөнцөд тийм айхтар дэглэлт энэ тэр гэж байхгүй.

    -Буянт-Ухаа дээр таныг үдэж өгөхдөө харж байсан ээжийнхээ харцны талаар та ярьсан. Таны ээж олон сайхан хүү төрүүлж өсгөсөн буянтай эхчүүдийн нэг. Зан чанарын хувьд ч нэлээд хүчирхэг хүн шиг санагддаг. Таны үзэл, төлөвшилд ээжийн тань нөлөө багагүй бололтой. Тэр таныг юунд ч битгий бууж өг гэж сургадаг гэсэн үнэн үү?

    -Эх хүү хоёр хүйн холбоотой байдаг. Эхийн сэтгэл үрд, үрийн сэтгэл ууланд гэж ярьдаг. Гэхдээ би ууланд сэтгэлээ хаячихсан хүү явахгүйг хичээдэг. Ээж минь үр биднийхээ төлөө л эмтрэнэ. Өөртөө байгаа бүхнээ үрдээ л гэнэ. Тэр агуу сэтгэлийн ачийг яаж хариулж барахав. Өдий хүртэл намайг гэсэн ээжийнхээ сэтгэлийг би үргэлж бодож явдаг. Болж өгвөл ээжийгээ баярлуулах гэж хичээдэг. Ээждээ би гэнэтийн гэнэтийн бэлэг өгөх их дуртай. Болж өгвөл аятайхан юм идүүлчих юмсан. Аятайхан юм өмсүүлчих юмсан гэж бодож явна. Ээжийн маань биднээр хүн хийсэн бүхэл бүтэн школ бий л дээ. Зүгээр ингээд ярих ч юм биш. Манай ээж бол үнэхээр агуу эмэгтэй. Би нэг дурсамж яръя. Ёкузана болоод ирлээ. Ээждээ нэг өдөр хэлсэн. Ээжээ хүүгээ сураар хэд сайхан ороолгоод өгөөч гэж. Ээж намайг эргэж нэг жуумалзаж харж байснаа шав хийтэл ороолгосон. Сайхан л байсан. Гэх мэтчилэн эх хүү хоёрын хооронд үгээр тэр бүр илэрхийлэгдэхгүй нандин харьцаа бий дээ.

    -Ээжээрээ ороолгуулж цээрээ арилгах шаардлага байгаад байсан юм уу?

    -Ер нь тэгээд бидний мэдэхгүй ертөнцөд ямар юм явагдаад байгааг энгийн хүмүүс тэр бүр мэдэхгүй шүү дээ. Тэр нь мэдрэгдээд байхаар сэтгэл санаа тавгүйтэх ч юм уу, энэ дотор жаахан давчдаад ирдэг юм. Ийм үед ээж аавын тэр дом хэрэг болох шиг надад санагддаг юм л даа. Хүүгээ домнох хүмүүс нь аав ээж хоёр минь юм уу даа гэж. Аавынхаа тэлээний амтыг багадаа их үзсээн. Тэрнийхээ буянд ч өдий зэрэгтэй явж байгаа.

    -Долгорсүрэн заан хөвгүүддээ нэг их олон үг хэлдэггүй юм шиг ээ?

    -Манай аав чинь бас нэг их сул үг хаяад байдаг хүн биш шүү дээ. Одоо харин өтөлж байна. Хүн өтлөхөөрөө хүүхэд шиг болдог бололтой. Муу аавыгаа сайхан наслуулж, баярлуулж, жаргааж явахсан гэж их л бодох юм. Магадгүй би монголд ингээд аав ээжтэйгээ хамт оровч гаравч байгаад байсан бол тэр бүр ийм сэтгэл төрөхгүй байсан байж мэдэх юм. Гадаадад олон жил амьдарч байгаа болохоор тэгдэг байх. Ээж аав, нутаг ус, эх орон гэдэг юм элэг зүрхэнд минь л эгшиж байдаг юм шүү дээ. Жам, зам хоёр ингээд л хөврөөд байгаа. Аав ээж хоёр минь тэр урсгалд элэгдээд л, торойгоод л…тийм үү. Энэ мэдрэмж намайг үргэлж ариусгаж, уярааж байдаг.

    -Асашёорюү аваргын характер дэвжээн дээр хамгийн их илэрдэг. Таны сэтгэлийн хөдөлгөөн, дотоод шаталт, тэсрэлт…энэ бүх зүйл нүдэн дээр. Баяр бахдал, бас шүүмжлэл дагуулах энэ зан чанарынхаа талаар өөрт тань харин ямар бодол явдгийг мэдэхгүй юм?

    -Миний амьдрал, алдаа оноо тэр чигээрээ түүх болон үлдэнэ. Мэдээж хүн юм чинь янз бүрийн л юм тохиолдоно. Жоохон юман дээр том алдаа гаргачих ч юм уу. Хүн бүрт л ийм юм тохиолддог байх. Яахав ээ, 1500 жилийн түүхтэй сумогийн ертөнцөд, энэ агуу их улс орны уламжлалт өв соёлын дэвжээн дээр нь нэг гадны нөхөр ирээд тонгочоод байвал таагүй л байх. Монгол хүний ухаанаар бодсон ч аягүй л байх. Япон орны ард түмэн сумогоо яаж хүлээж авч, яаж ханддаг билээ. Та бүхэн мэднэ. Тэр их шүтэн биширдэг сумогийн ертөнцөд нь хаа байсан талын монголын нэг Долгорсүрэн гэдэг хүний хүү очоод л сумо барилдаад л…

    -Азаргалаад л ?

    -Азаргалах нь ч хаашаа юм.

    -Яагаад. Азаргалсан ш дээ?

    -Үгүй ээ, азаргална гэдэг чинь муухай үг.

    -Тэгвэл илүү гоёор хэлье л дээ. Хаанчилсан ?

    -Түрэмгийлсэн. Тэр ертөнцийг нь хүчээр түрэмгийлж эзэлнэ гэдэг ямар байх вэ. Тэр кайфийг авдаг хүмүүс бас байнаа. Авахгүй, энэ одоо яах гээд байгаа юм гэж хандах хүмүүс ч байна. Жишээлбэл, та намайг бодож байна. Дагвадорж аймаар өөр характертай. Барилдахаараа аймаар уурладаг ч гэдэг юм уу. Эсвэл ерөөсөө энэ хүн энүүгээрээ л явдаг гэж бодоод байгаа байхгүй юу. Би таныг харж байна ш дээ. Би бас мэдрэнээ.

    -Үгүй дээ, би тэгж бодоогүй?

    -Тийм гэж үү. Гэхдээ л би танд дотоод сэтгэлээ нээж байна. Яагаад ингээд яриад байгаагаа ч мэдэхгүй байна.

    -Гэхдээ л та унахаараа уурладаг шүү дээ?

    -Би байна шүү дээ, шударга юманд дуртай. Ялчихсан шүү дээ, гэтэл яагаад…гэдэг юман дээр би өөрийнхөө сэтгэлийг барьж чадахгүй шууд илэрхийлчихдэг байхгүй юу. Энэ бол надтай хар бага наснаас явж байгаа дутагдал гэж хэлж болох юм. Нөгөө талдаа би шударга юманд дуртай. Энэ талдаа миний зөв ч байж магадгүй. Буруу ч байж магадгүй. Гэвч хөөе, өнөөдөр төгс төгөлдөр хүн гэж байдаг юм уу. Заавал нэг жижигхэн өө байж л байдаг биз дээ. Агуу их олимпийн наадмыг хар л даа. Ард нь өч төчнөөн алдаа гарч л байгаа биз дээ. Нэг хальт гишгээд л тэр тамирчин хүн бүхэл бүтэн нэг насны мөрөөдлөө, насаараа чардайж хийсэн амжилтаа нурааж л байгаа биз дээ. Ийм хэмжээний юмны дэргэд миний ярьж байгаа энэ алдаа юу юм бэ. Хүн зөв шүү гэсэн юман дээрээ зөв л байх ёстой. Хэзээ ч бууж өгөхгүй л байх ёстой.  

    -Та өрийнхөө барилдааны бичлэгийг хэр их үздэг вэ?

    -Сүүлийн үед их үзэж байгаа шүү. Ер нь л би эргэж заавал үздэг байсан. Ямар ч байсан гурав үзнэ. Би нэг юм танаас асуучих уу.

    -Тэг л дээ?

    -Та өөрийгөө ер нь яаж үнэлдэг вэ. Ямар хүн юм бэ. Үнэл дээ?

    -Хүнийхээ хувьд уу?

    -Мэдээж, хүнийхээ хувьд. Одоогийн таныг бий болгосон зүйл юу юм бол. Та хариул л даа.

    -Нэгдүгээрт, би маш сайн мэргэжилтэн. Үүндээ асар итгэлтэй. Хөдөөнөөс наашаа том зорилготой орж ирсэн. Сэтгүүл зүйн ертөнцөд заавал өөрийн орон зайг эзлэнэ, хүлээн зөвшөөрүүлнэ гэсэн. Чадсан. Мэдээж нөгөө талд нь би хүний л амьдралыг туулж яваа ?

    -Бидэнд нэг л судас гүйж байгаа юм байна. Яахав өөр өөрийн замаар л явж ирсэн болохоос. Энэ цээжин дотор тэндээс өнөөдрийн энэ өдөрт хүргэж ирсэн дотоод шаталт маань тэгээд өөр байсан гэж үү. Үгүй л байгаа биз дээ. Гэхдээ би танд нэг үнэнээ хэлье. Би өөрийгөө дандаа хүнээс дутуу гэж үнэлж явдаг.

    -Яагаад?

    -Тэр маань намайг дандаа ирлэж явдаг байхгүй юу. Жижигхээн жишээ авъя. Жишээ нь би өөрийнхөө биеийг толинд хараад заримдаа голдог.

    -Юу, та сумо дотроо маш гоё биетэй бөх шүү дээ?

    -Баярлалаа. Гэхдээ би ханалаа л гэвэл тэгээд амьдрал чинь дуусдаг юм биш үү. Би тэгж л үздэг. Тийм учраас би дандаа өөрийгөө голдог. Энэ барилдаан дээр би энэ мэхийг өшөө ингэж гоё хийсэн бол ялалт илүү гоё харагдах байж ч гэх юм уу. Зарим гоё барилдаануудыг хараад ямар гоё барилдаж байнаа. Би ингэж уран, ийм авъяаслаг харагдаж чадаж байгаа болов уу. Миний хөдөлгөөн, техник яагаад илүү гоё харагдаж болохгүй гэж. Би дандаа ингэ бодож явдаг юм. Хэзээ ч би өөрийөө төгс төгөлдөр Ёкозүна гэж бодохгүй. Япончуудын хэлсэн нэг үг байдаг юм. Хүн хэзээ ч өндөг шиг  өөгүй байж чаддаггүй гэсэн. Үнэн үг шүү.  Амьдралын туршид харин хүн өндөг шиг болох гэж хичээж ирдэг байх. Өө сэв, элтэрхий болгоноо чигжиж, ухааруулж, засч ирдэг юм болов уу. Хэзээ ч хүн анхнаасаа өчүүхэн ч өө сэвгүй, нэг их сайн сайхан амьтан байдаггүй л байхгүй юу.

    -Монгол бөхөөр бол дэвээ шаваа гэх байх. Өөрөөр хэлбэл барилдахын өмнөх агшин. Таны тэр үедээ гаргаж байгаа араншин үнэхээр сонирхолтой харагддаг. Тэр бүхэн таны сэтгэл зүйн хувьд өөртөө өгч байгаа ташуур уу. Эсвэл ердийн рефлекс юм уу?

    -Рефлекс биш юм аа. Энэ ерөөсөө миний тэр хүнтэй барилдах чин зүрхний илэрхийлэл юм. Би сая хэлсэн шүү дээ. Би энэнээс дутуу шүү гэж…ойлгож байна уу. Ингэж би...

    -Өөрийгөө уурлуулдаг гэж үү ?

    -Уурлуулдаг биш. Ирлэдэг, шатаадаг. Би чамаас дутуу. Гэхдээ би чамайг заавал ялна гэж. Тэгж байж миний барилдаан гардаг юм болов уу гэж боддог юм л даа.

    -Дэвжээн дээр гарч ирээд аймшигтай тодоор харуулж байгаа таны тэр хэлбэр, үзүүлж байгаа байр байдал олон бөхчүүдийг айлгадаг. Кайо, Чиётайкай эд нар бол хичнээн айхгүй дүр эсгэвч өвдөг нь чичирхийлж харагддаг л даа. Мэдрэгддэг юм. Таны өмнө тэдний бүх сул тал ингэж бий болдог шүү дээ?

    -Дэвжээн дээр гарч ирээд дэвж байхад үсрээд л гурван минут хэртэй л хугацаа өнгөрдөг. Хүмүүс шуугиад л. Энэ яахав дээ, тэр чигээрээ л заншил ёс. Гэхдээ би танд хэлсэн дээ. Хүн нүдээрээ хамаг юмаа илэрхийлдэг ээ гэж. Хичнээн наанаа ингээд сүрдүүлээд л, тийм үү. Янз янзын араншин гаргаад л байвч хүн нүдээрээ л хамаг юмаа гаргадаг байхгүй юу. Би танд сонин юм яръя. Шинэ Ёкозүна болчихоод гарч байсан үе. Гүржийн бөх Коккай гээд бөх байдаг. Их сүртэй бөх. Сахал самбай нь арзайгаад л, хамар ам нь сархайгаад л, ер нь бол баргийн хүн айхаар хүн ш дээ. Гарлаа. Нөгөө дүр төрхөө л үзүүлж байна. Мундаг юм байна даа гэж бодоод л. Тэр агшинд бид хоёрын дунд ерөөсөө л сэтгэл санааны байлдаан  болж байгаа байхгүй юу. Тэгсэн нүд нь тогтохгүй байнаа. За, нөхөр нэлээн чичирч байгаа юм байна даа гэж бодсон. Би хоёр л юмыг нь ажигласан. Нүд. Дээр нь гүрээнийх нь судас хоёрыг. Гүрээнийх нь судас лугшиж байсан байхгүй юу. За, би чамайг ялах юм байна. Би ялахдаа чамайг жинхэнэ арчиж өгнөө гээд л гарсан. Ялсан.

    -Сумогийн холбоо тодорхой хэмжээний уналтад орсон үед монгол Ёкозүна төрж, маш том сэргэлт авчирсан. Мэдээж энэ бол бидний бахархал. Гэхдээ сумо үзэхээр ирсэн тэр олонлог дотор таныг ялахад талархахгүй хэсэг байдаг. Хашгираад л, зэрлэг монголыг алаад өг гээд л. Тэдний тэр хашгираан таны чихэнд ирдэг үү?

    -Тэр бол намайг ирлэдэг бас нэг өгөгдөхүүн л дээ. Тэд хашгирдаг. Аймаар бүдүүлэг хашгирдаг. Бүдүүлэг гэж шууд хэлэхэд бас хаашаа юм бэ дээ. Яахав дээ, хүн нэг тийм үзэн ядсан өнгөөр хашгирдаг ш дээ. Надад тэр хашгираан ирдэг. Гэхдээ би өөртөө “Чаддаг юм бол…” л гэж хэлдэг юм даа.

    -Дотроо?

    -Дотроо. Өөртөө.

    -Тэд гэхдээ өөрчлөгдсөн үү. Эсвэл өрсөлдөөн юм болохоор үүрд тийм байх юм болов уу?

    -Юу гэж өөрчлөгдөх юм бэ. Үүрд мөнхийн зүйл шүү дээ. Би танд нэг дурсамж яръя. Гурван жилийн өмнө 11 сарын башё Фүкуокад болсон. Кайогийн нутаг л даа. Би Кайог ялсан. Бас рекорд эвдсэн. Жилийн нийт барилдаан зургаан башё нийлээд 90 барилдаан болдог. Би 84 ялчихсан байсан. Дээр нь бүтэн жилийн түрүү авчихсан. Хэн ч миний хажуугаар ороогүй. Дээр нь рекордыг эвдээд, долоон башё дараалан түрүүлсэн. Надад бол бас том нервний асуудал л даа. Тэгээд барилдаандаа орлоо. Тэнд байгаа бүх хүн Кайо Кайо гэж орилоод л. Саяын болдог Монгол башё шиг л юм болсон. Бүгд орилолдоод. Би ийм үед нэг зүйлийг аймаар боддог ш дээ. Би нээрээ эх орондоо байсан бол миний ард түмэн яг та нар шиг ингэж миний төлөө хашгирна шүү дээ гэж. Намайг тэд минь яаж дэмжиж байх бол доо гэж…(хэсэг дуугүй суув) Энэ бол миний л тавилан. Тэгээд л дэвжээн дээр байж байсан чинь яг миний өлмий хавьд тэр дор нэг ногоон цамцтай япон хүн суучихсан, намайг хараад уйлж байсан. Тэр хүний нулимс асгараад л байсан. Намайг Монгол улсын гавъяат тамирчин болж байхад манай Ерөнхийлөгч Багабанди гуай хэлж байсан юм. Биеийн хүчээр нэгийг ялна. Ухааны хүчээр мянгыг ялна гэж.

    -Тийм ээ, таныг гавъяатын тэмдэг зүүж байх агшныг сурвалжилж байсан?

    -Яг тэгж хэлж байсан тээ.

    -Тэр ногоон цамцат таны төлөө уйлж байсныг та мартдаггүй юм байна. Тэгэхээр та тэр ард түмний хайрыг нь бас авсан гэсэн үг. Дэвжээний дор уйлж суусан ногоон цамцатын нулимс таныг гэсэн хайр?

    -Тэгэлгүй яахав. Барилдаан болсон. Кайог би ялсан л даа. Гэхдээ тэр зрителийг бүгдийг нь ялна гэдэгт л миний гаргасан хүч оршиж байгаа юм шүү дээ. Тэгээд би ногоон цамцат руугаа харсан. Ногоон цамцат бид хоёр хоёулаа л уйлсан даа. Чи бид хоёр ялсан шүү гээд. Харцаараа л бие биедээ хэлж байгаа юм.

    -Сая монгол башё дээр таны хоолой өөрийн эрхгүй зангирч байгаа харагдсан. Энэ ямар мэдрэмжин дээр суурилсан догдлол вэ?

    -Явж явж би гэдэг хүн нэг л их сүртэй амьтан шиг харагддаг мөртлөө яльгүй жоохон юман дээр уярчихдаг сонин хүн шүү дээ. Монгол башёг эх орондоо зохион байгуулах миний нэг том мөрөөдөл байсан юм. Дээр нь би Ёкозүна хүний хувьд эх орноо бас таниулъя, сумогийнхоо бөхчүүдэд ямар газар төрж өссөнөө харуулъя гэсэн бодол байсан. Гурван жил бодож явсан зорилт. Тэр үед тэнгэр хангай ч мөн сайхан байсан шүү. Бороотой бол бороотой, салхитай бол салхитай, ёстой монгол монголоо харуулсан. Хичнээн таагүй үйл явдал болж, үймээн самуун дэгдсэний дараа байсан ч монголын ард түмэн мартах юмаа мартаж чаддаг юм байна. Тэр агуу их уухайг сонсоод, тэр сайхан кайфийг аваад би өөрийн эрхгүй огшсон л доо. Хүн өөрийнхөө өмнө байсан юмны ард гараад зогсч байх сайхан. Гарч чадахгүй байгаад байвал бүр хэцүү. Тэрийг хагалж гараад, амтыг нь мэдрээд зогсч байх ямар байх уу. Би сумод түрүүлснийхээ дараа яг тийм кайф авдаг. Уужраад л, нэг тийм үүлэн дээр гараад ирдэг байхгүй юу. Тэр их хуримтлагдаж байсан нерв биенээс гараад л. Шал өөр мэдрэмж шүү дээ. Нөгөө их барилдаан явагдаж байх үед, өдөр болгон дэвжээн дээр тулалдаж байх үед өөрийнхөө бүх бие сэтгэл, оюун санааг төвлөрүүлээд чардайж байх үед ямар байх уу. Ний нуугүй хэлэхэд зарим үед араатан шиг болдог үе байдаг л байргүй юу. Зөвхөн тэр ялалтын төлөө дайрдаг. Хажуудах хүмүүс зүгээр л нүдээрээ ойлгодог. Тэрнээсээ буух гэж бас юм болноо доо. Хүмүүс намайг зөвхөн гаднаас нь л хараад байдаг.

    -Ялсан ч гэсэн ялалтын нерв гэж бас байдаг байх нь ээ?

    -Байлгүй яахав.

    -Ёкозүна Дагвадорж олон даваа гүвээг давж амьдарсан. Тэр амьдралыг бид бүтнээр нь нэг амьсгаагаар ойлгоно гэж байхгүй. Дэвжээн дээр гарах эрхээ хүртэл хязгаарлуулж явлаа. Тэр “шийтгэл”  ингэхэд таны хувьд юу байсан бэ?

    -Асар их том даваа байсан. Би даваад гарсан. Эргээд би тэндээс цоо шинэ эрч хүчийг олж авсан. Би тэрэн дээр ноён нуруугаа харуулж гарах ёстой байсан. Харуулж чадсан. Асар их сэтгэлийн тэнхээ олж авсан. Надад тохиолдсон бас л нэг шалгуур байсан. Би ямар хувиараа очоод хөл бөмбөг тоглочихсон биш. Бас нэг хоёр улсын найрамдлын шинжтэй, гадаад явдлын яамд оролцсон арга хэмжээ байсан. Өөрийгөө гэнэн ч гэхэд хаашаа юм. Хэн ч гэсэн дүү нараа нэг бөмбөг шидэхэд өшиглөөд хөгжөөгөөд өгдөг биз дээ. Тийм л юм болсон. Би ямар хар тамхи татчихсан биш, өшөө ёс бус юм хийчихсэн биш. Сонин л юм болсон.

    -Их гэнэтийн явдал байсан байх?

    -Маш гэнэтийн. Яахав нэг шалтаг байсан байх л даа. Бодлогын чанартай. Гэхдээ яахав ээ, амьдрал баян шүү дээ. Бараан үүл арилж, тэнгэр цэлмэдэг. Үхэшгүй мөнхийн эвдрэл, үхэшгүй мөнхийн үл ойлголцол, дайсагнал гэж байдаггүй байхгүй юу. Хэзээ нэгэн цагт таагүй салсан нөхөд эргээд уулздаг, тэврэлддэг л хорвоо шүү дээ.

    -Дайсан ч гэсэн элэгддэг гэсэн үг үү?

    -Элэгдэнэ ээ. Өнөөдөр хичнээн таныг муу хэлж байвч маргааш ойлгодог цаг ирнэ. Цагийн хүнд хэцүү аяс болгоныг өөртөө гүн шингээгээд авч үлдээд байвал би хэн болох вэ.

    -Хамгийн хэцүү нь эх орондоо ирэхийг тань хориглосон үе байсан байх?

    -Яахав нөгөө талаас нь харъя л даа. Таны түрүүнд хэлснээр азаргалаад байсан нөхрийг жаахан даръя гэсэн санаа хэнд ч төрнө биз дээ. Тэр үед би яагаад ч юм ерөөсөө тэнд баймааргүй л байсан. Орчин, нөхцөл нэг л баймааргүй. Гэрээс гарлаа. Үүдэнд наян сэтгүүлчид. Дагаад л явна. Намайг буцаад очиход рекорд тогтоосон ш дээ. Хичнээн сэтгүүлчид цугларсныг хэлж мэдэхгүй байна. Би инээгээд л очсон. Нөгөө аварга аварга гэдэг хүнээ өөрсдөө янз бүрийн аяг үзүүлж байгаад гэнэт татаад унагачихсан. Би ямар гэм хийчихсэн юм бэ гэж өөрөөсөө мянга асуугаад хариулт олоогүй л дээ. Тэгээд эх орондоо сайхан байж байгаад очсон. Сэтгэл санаа үнэхээр сайхан болж, хөнгөрсөн байсан. Яагаад гэвэл би даваад гарсан байсан.

    -Гэхдээ та шүд зууж очсон уу, үнэхээр тайтгарч тайвширч очсон уу?

    -Би аварга хүн гэдэг утгаараа л очсон. Би Ёкозүна шүү гэдэг утгаараа л очсон.

    -Ойлголоо. Нээрээ тэгж шийтгүүлчихээд эх орондоо ирэхэд ямар байсан бэ. Чингис хаан нисэх онгоцны буудал дээр хамгийн эхэнд таны нүдэнд хэн харагдсан бэ?

    -Буухад уу. Маш гоё асуулт байна. Монгол минь монголоороо л угтсан. Ёо ёо тэр агаарыг бол мартахгүй ээ. Тэр битгий хэл хотоос гараад явахад Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн үнэр танар гэж байдаг шүү дээ. Тэр хүртэл янзтай гоё санагдаж байсан. Эх орон шүү… гэж. Гоё. Үнэхээр гоё мэдрэмж.  Онгоцноос буучихаад нэг төмөр саравчны дор зогсож байсан. Манай муу хоёр дүү. Өөдсөн чинээ хоёр амьтан гүйж ирсэн. (Аваргын нүд үл ялиг чийгтэж ирэв)

    -Хэний хүүхдүүд вэ?

    -Том ахын маань хоёр хүү Доржоо ахдаа хуушуур аваачиж өгнө гээд зүтгэсээр байгаад аваад ирсэн байсан. Тэр хоёрынхоо өгсөн хуушуурыг, онгоцны буудлын төмөр саравчны дор идээд зогсож байх сайхан байж билээ.

    -Гадаа юу?

    -Гадаа. Тэр хуушуур ямар гоё байсан бэ. Энэ ертөнцийн хамгийн амттай хоол хуушуур гэдгийг мэдэрсэн. Хоол ярьсан хүн хамгийн тэнэг гэдэг. Гэхдээ би нэг удаа монголынхоо хуушуурыг яриад тэнэг болъё л доо. Тэр хоёр жижигхэн амьтан ахыгаа гээд хуушуур аваад ирдэг гоё байна уу. Нэг хоёрдугаар ангийн л хоёр хүүхэд шүү дээ.

    - Хөөрхөн юм аа. Танай гэр бүлийн сэтгэлийн дэмжлэг байсан байх?

    -Тэгэлгүй яах юм бэ.

    -Ахиад манай аваргыг ээлжит хэл ам тойрч байна. Та битгий эмзэглээрэй. Дэлхийн бүх сэтгүүлчид адилхан шүү дээ. Үйл явдлын араас л хошуурч байдаг. 2007 оны нацу башёгийн дараа Шукан гендэй сэтгүүлд таны тухай шуугиантай нийтлэл гарсан. Ёкозүна Асашёорюү нэг давааг 6500 доллараар үнэлж авдаг гэсэн тэр сенсааци явсаар сая шүүхийн танхимд очлоо. Энэ үйл явдлын талаар таны байр суурийг сонсмоор байна?

    -Эхлээд би сумогийн холбооны талаар хэдэн үг хэлье гэж бодож байна. Сумогийн холбоо гэдэг тэр байгуулга бол өнөөдрийг хүртэл үе үеийн сумочдын амьдрал тэмцлийг авч явж ирсэн, агуулж ирсэн асар том түүхтэй байгууллага. Энэ дэвжээ юугаараа дэлхийд үлгэр жишээ болж ирсэн бэ. Шударга ёсоороо. Үнэхээр тэнд хүчтэй нь давдаг, хүчгүй нь унадаг. Ялж дийлэхийн хорвоо. Яахав залуу бөхчүүд гэнэ алдаад зарим нэг нь болчимгүй үйлдэл хийх юм гарна. Мэдээж олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой шүү дээ. Тэсвэр тэвчээр нь алдрахаар янз бүрийн зохисгүй хэл яриа гаргах арга замаар бухимдлаа тайлах оролдлого хийж байна. Хүч нь хүрэхээ байхаар хүнээс янз бүрийн авир гардаг юм байна. Би үнэхээр тэр хүүхдэд харамсаж байна. Аварга хүний хувьд бэлтгэл энэ тэр дээр таарч, санал зөвөлгөө өгөх тохиолдол гардаг л байсан. Тийм байдалд орсонд нь харамсаж байна. Гэхдээ нэг үг бий. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэж. Хориотой, янз бүрийн мансууруулах бодис хэрэглэж, тэрнээсээ болж шийтгэл хүлээж, хүнд байдалд орлоо.

    -Та Ваканохог хэлж байна уу?

    -Тийм. Хүн өөрөө өөрийгөө л авч явдаг. Өөрөө сумогийн ертөнцөд байж болшгүй алдаа гаргачихаад дараа нь ийм муухай гүжир гүтгэлэг хийж байгаа нь харамсалтай л байна. Өнөөдөр сумогийн дэвжээ бол хамгийн ил тод, хамгийн шударга дэвжээ.

    -Гэхдээ та бүр өмнө нь Шукан Гэндэй сэтгүүлийг шүүхэд өгчихсөн байсан биз дээ?        

    -Тийм. Сумогийн холбоо болон Ёкозүна би нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан.

    -Сэтгүүлийн үүсгэн байгуулагч Коданшо интернешнл компаниас 4,6 сая иен нэхэмжилсэн юм билээ. Энэ мөнгөн дүн тухайн сэтгүүлийн хэвлэгдсэн тоо, нэр төрийн хохирол хоёрын алийг нь түлхүү бодолцсон тооцоо вэ?

    -Нэр хугархаар яс хугар гэдэг биз дээ. Мэдээж өдий хүртэл хамаг хүчээ шавхаж, хамаг нервээ барж, амьдралынхаа тодорхой, том үеийг зориулж ирсэн амжилтыг минь ингэж зүй бусаар нулимах надад үнэхээр харамсалтай. Би ийм зүйлийг бол үзэн ядна. Өнөөдөр тэр хүн над шиг энэ  хөлсийг урсгаад, над шиг хатуу амьдралыг туулаад, над шиг барилдаан хийгээд, над шиг хүнд хэцүү нервийг авч яваагүй байж үзэгнийхээ үзүүрээр л хүний зүрх сэтгэл рүү хатгаж байгаад үнэхээр ой гутаж байгаа байхгүй юу.

    -Өмнө нь та нэг ч сэтгүүлчийг шүүхэд өгч байгаагүй юу?

    -Үгүй. Нөгөө утгаараа Асашёорюү гэдэг энэ хүн чинь ерөөсөө л гол баатар юм байна, тийм үү. Энэ хүнээр л оролдчихсон байвал тэр сонин зарагдана. Үнэн ч бай, худлаа ч бай. Тэгж л хоолоо олж идэж байдаг. Би танд өчигдөр хэлж байсан даа. Энэ бичиж байгаа сэтгүүлчдийн цаана амьдрал байдаг шүү дээ. Хоолоо олж идэх нэг арга нь тэр. Тийм болохоор би аль болох өнгөрөөхийг хичээдэг гэж. Гэтэл үнэн хэрэгтэй цаана нь хүний бүхэл бүтэн амьдралын нэр төрд юу үүсч, тэр хүн сэтгэлдээ ямар шарх авч байгаа нь тэдэнд ерөөсөө огт хамаагүй байдаг. Шукон гэндэй мэтийн шар сэтгүүл тийм хэмжээний л ёс зүйтэй шүү дээ.

    -Сэтгүүлчийн ард тэр хүний амьдрал явж байдаг гэж та хэллээ. Энэ үнэн. Хүн юм чинь хувийн гэх амьдрал байж л таарна. Гэхдээ сэтгүүлчийн гарт баримт байдаг гэдгийг та мартаад байна. Сэтгүүлчийн үйл ажиллагааг ганцхан цонхоор харж болохгүй?

    -Би бүх сэтгүүлчдэд хүндэтгэлгүй ханддаг хүн биш. Тэдэнд баримт байхгүй. Үнэхээр үнэн зөв нь юу юм бэ гэдгийг нотолдог газар нь хаана байдаг юм бэ. Шүүх юм байгаа биз дээ. Шүүхийн өмнө зөвхөн үнэнийг ярина гэж тангаргаа өргөдөг биз дээ. Ёкозүна би зөвхөн өөрийн нэр хүндийг хамгаалж байгаа юм биш. Сумогийн холбооны нэр хүндийг хамгаалж явах үүрэг гэж бас байна. Тэр үүрэг маань намайг ийм алхам хийхэд хүргэж байна. Бүхэл бүтэн 32 бөхийн нэр төрд халдлаа шүү дээ. Тэр хүмүүс бүгд амьдралаараа энэ спортод зүтгэж ирсэн хүмүүс. Тэдний амьдрал руу зүгээр л нэг шар сэтгүүл ингэж халдаж болно гэж үү.

    -Шукон Гэндэй нэг биш удаа тан руу чиглэсэн дайралт хийж байгаа. Яагаад вэ?

    -Ерөөсөө арслан болсноос хойш л над руу дайрч эхэлсэн шүү дээ.

    -Ард нь ямар нэгэн зорилгын үүднээс санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа бүлэг байхгүй юу. Та тэгж хардахгүй байна уу?

    -Янз бүрийн харагдаж байгаа юм бий. Нэг монгол нөхөр гарч ирээд эзэгнээд байхаар дургүй хүрдэг хүмүүс байгаа л даа. Би нээрээ япон бөх байсан бол аймаар том домог байгаа шүү.

    -Таны дотор хичнээн олон зүйл явж байгааг хэн ч тэр бүр мэдэхгүй. Сэтгэл өвдөх үе өчнөөн байдаг байх. Ялангуяа ойр тойр санаж явсан хүрээнээс таагүй салхи үлээх явдал хэр олон тохиож байсан бол?

    -Олон биш шүү. Надад эх орноос маань үлээж байгаа салхи л сонин. Өөрөөр би тийм жижиг сажиг юм бодож явдаг хүн биш. Амьдралдаа хүн асар олон мэдрэмжүүдийг авч явдаг. Жишээ нь намайг нөгөө шийтгүүлчихээд байж байхад манай кекшюзан Батбаяр Японы телевизүүдээр Асашёорюүгийн буруу гээд яриад л байсан. Эхлээд би ерөөсөө юм бодоогүй.

    -Японы телевизээр үү?

    -Тийм. Үнэхээр ярьж байсан. Би ганцаараа тэр телевизүүдийг үзээгүй шүү дээ. Бүх хүмүүс л үзэж байсан. Ярьж байсан. Би Батбаярыг хүндэлдэг. Анх монголчуудыг сумогийн ертөнцөд хөтөлсөн хүн. Өөрийнхөө хэмжээнд монгол бөхийг тэр ертөнцөд таниулсан хүн. Чадлынхаа л хэмжээнд. Тэрийг би хэзээ ч үгүйсгэхгүй. Би мэдээж шүүмжлэлийг сонсоно. Шийтгэл хүлээлгэхэд нь үүрч гарсан. Хариуцлагаа хүлээсэн. Гэхдээ өнөөдөр нутаг нэгтэй, цус нэгтэй, адилхан л хөлсөө гаргаж явсан бөх шууд нэг талыг бариад намайг гарч ирээд буруутгахаар нь дотроо жаахан гайхсан. Гайхсан шүү. Хүмүүс ч их гайхсан. Надад тэр хүнийг тэглээ гээд гуниж гутаад байх юм байхгүй. Гэхдээ эр хүн эр хүн шиг л байх хэрэгтэй. Хүний нутагт, хүний улстай нийлж нэг рүүгээ давших нь жаахан тийм байсан. Би ер нь ингэж хэлж байгаагүй. Нэгэнт бид илэн далангүй ярьж байгаа учраас сэтгэлээ нээлээ шүү. Хүн аливаа юманд өөрийнхөө хэмжээгээр л ханддаг юм байна лээ. Би тэрийг л ойлгосон. Нөгөө талаас нь бас хэлье л дээ. Үндэсний бөх дээр жишээ авъя. Даяар дуурсагдах, далай, даян, дархан аварга хүн байна. Манайд олон сайхан аварга бий. Би тэр хүрээнд жишээ авч байна шүү дээ. Дархан аваргад өөрийн орон зай гэж байгаа. Өөрийн хөлс хүчээр бий болгосон, тэр ертөнцдөө хэн ч халдашгүй орон зай шүү дээ. Ард түмэн нь тэр нэр хүндэд нь асар их хүндэтгэлээ шингээж байдаг. Мөн биз. Тийм хүн рүү нэг начин цэнгэлдэх дүүрэн хүний өмнө гарч ирээд ялих шалихгүй үг шиддэг гэж үү. Би мэдэхгүй. Хүмүүст ийм л төрх харагдсан юм билээ.

    -Кекүшюзантай таны хийсэн нэг барилдаан байдаг. Та өөрөө мэдэж байгаа. Хакүхотой саяхны хийсэн бас нэг барилдаан бий. Багагүй шуугиан тарьсан энэ хоёр барилдааны талаар таны сэтгэгдлийг сонирхож болох уу?

    -Би Даваажаргалтай хийсэн барилдаанаа яръя.  Энийг би нэг нээе. Тэр залуу аварга, шинэ аварга гараад ирчихсэн. Хэн хэн нь түрүүгүй болчихсон байсан. Тийм биз дээ. За, тэгээд бид хоёр барилдахаар гарсан. Үнэн хүчийг үзүүлэн барилдъя гэж л ер нь гардаг. Тэр сэтгэл зүйгээрээ л гарсан. Хүмүүс энэ барилдааныг янз янзаар л хүлээж авсан. Нэдэрлээ гээд л бичиж байсан. Надад үнэндээ тийм юм байгаагүй. Би алгадаагүй. Дүү бас босч ирээд тодорхой илэрхийлэл үзүүлсэн. Би өөрөө ч тийм үеийг туулсан. Янз янзын алдаж оноод ирсэн амьдрал. Юу ч бодоогүй. Яах аргагүй гар маань хөдөлгөөндөө савагдаад хацарт нь хүрчихсэн байна лээ. Тэрийг л хүмүүс дутуу харсан, зарим нь янз янзаар тайлбарласан юм шиг байна лээ.

    -Та дэвжээн дээр гайхаад толгой сэгсэрч харагдсан. Бүх юм санаандгүй л болоод өнгөрлөө гэж бодсон?

    -Би гайхсан байхгүй юу. Яаж байгаа юм бол доо гэж. Үнэхээр би зогтуссан ш дээ. Гэхдээ энэ тэмцэл. Байдаг л зүйл. Энийг сэтгүүлч та бүхэн нэг их өлгөж аваад байх шаардлагагүй.

    -Та ч гэсэн аатай, омогтой, тэр шинэхэн үеийг туулж гарсан хүн шүү дээ. Тэр үүднээсээ юм бодоогүй байх?

    -Та намайг жаахан харьсан, муудсан гэж харж байгаа юм уу. Тийм өнгөөр асууж байгаа юм уу.

    -Үгүй үгүй. Миний асуусан Кекүшюүзантай хийсэн барилдааныг та шууд алгасчихлаа шүү дээ. Даваажаргалтай хийсэн барилдаанаа яръя аа гээд?

    -Би зиндааныхаа л хүнтэй яръя, тэгэх үү. Ёкозүна хүн Ёкозүнатай хийсэн барилдаанаа л яръя.

    -Өө, тийм юм бас байж болох юм. Уучлаарай. Хакүхо тэгэхэд амандаа нэг юм хэлэх шиг болсон. Та сонссон уу?

    -Анзаараагүй. Гэхдээ магадгүй тэр хүн маань уншиж байж ч болно шүү дээ. Тийм биз дээ. Тийм нарийн гярхай юмыг бол та нар харна л даа. Яг барилдаан дээр бол боломж байхгүй. Тэр чигээрээ асар их нерв л байдаг. Ялчихсан гэж бодтол ялагдчихсан байх тохиолдол гарна. Өнөөдөр тэрийг асар нарийн техникийн хүчээр харуулж байна. Эргэж хараад би бодсон. Бид хоёр сая яачихав аа гэж. Би нэдрээд ч юм уу, Хакүхо үглээд тийм юм болоогүй. Яахав барилдаан дээр тийм юм харагдсан байхгүй юу. Яаж ч харагдаж болно. Би өөрийгөө өмөөрч байгаа юм биш шүү. Би үнэхээр буруу юм хийчихсэн бол уучлаарай ахын дүү гээд уучлал гуйна.

    -Та бас өөрийгөө өмөөрөх эрхтэй?

    -Хүн үнэхээр шударга бус юм хийвэл тэрийгээ заавал хүлээх ёстой гэж би боддог. Буулт хийдэг байх ёстой гэж би танд ярьсан шүү дээ. Өөрөөр хэлбэл өөрийнхөө үзэл санааг. Би өөрийнхөө үзэл санаагаар л асуудалд хандаж байнаа даа.  Даваажаргал бид хоёр ойлголцсон. Аварга надад  ахаа уучлаарай гэж хэлж байна лээ. Хүний ёсны халуун дулаан юм байх ёстой шүү дээ. Байдаг. Тэр аварга хүн мөр зэрэгцээд ирлээ. Хүндэлж харьцахгүй бол болохгүй. Ялангуяа Ёкозүна хоорондын эрэмбэ өндөр, эрхэмсэг харилцаа зайлшгүй байх ёстой. Биднийг үзэж байгаа сумод хайртай, тэндээс амьдралынхаа кайфийг авдаг сая сая хүний өмнө ухаалаг, хүн чанартай, шударга өрсөлдөх зарчим байна биз дээ. Мэдээж тэр сайхан бяр хүч, тэр сайхан аав ээжийн тэгш ухааныг өвлөж авч аварга болсон тэр хүнийг тэр хэмжээгээр нь би хүндлэх ёстой. Тэгж ч харьцдаг. Бас нөгөө талаас мэдээж надаас дүү хүн. Ахын хувьд бас харьцах юм байна. Тийм учраас тэр дүүгийн цолыг нь хүндэлж би харьцдаг.   

    -Ахын хувьд харьцахад хэр хүлээж авах чадвартай хүүхэд вэ. Би сайн мэдэхгүй болохоор?

    -Ухаантай. Халхын их аваргын генийг авч төрсөн мундаг аварга шүү дээ.

    -Сэтгэл зүйн бэлтгэл жаахан тааруу л харагддаг юм?

    -Эхэлж байна шүү дээ. Эхлэл шүү дээ. Яагаад буруутгах ёстой гэж.

    -Гоё хариулт байна. Дараагийн асуулт. Ваканохогийн мэдэгдэл саяын дуулианд даарин дээр давс гэгч боллоо. Тэр яагаад шууд таны эсрэг дайрав аа. Шукан Гэндэй сэтгүүлийн хөрөнгө оруулагчид түүнд мөнгө төлсөн юм биш биз дээ?

    -Ваканоход мөнгө төлсөн гэсэн хардлага явж байгаа юм билээ. 10 сая иен авч тийм юм хийсэн гэсэн мэдээлэл японд түгэсэн байна лээ. Учиг нь тэгээд хөврөөд явчихаж байгаа юм шиг байна.

    -Сумогийн ертөнцөд найраа, наймаа байдаггүй гэж та шүүх дээр эрс эсэргүүцсэн. Үнэхээр байхгүй гэж үү?

    -Ваканохо яагаад гэнэт тийм зүйл зохиож шуугиан тарив. Ваканохо гэж хэн юм бэ гэдгээс эхэлж яръя л даа. Тэр хүн сумогийн ертөнцөд харш, хориотой юмыг хийгээд зохих шийтгэлээ авчээ. Мөн үү. Тэр бөх өнөөдөр зарчмаа алдсан байна. Холбоо шийтгэлээ өгсөн. Хөөгдсөн байна, тийм үү. Товчхондоо энэ.  

    -Одоо тэгээд хорслоо тайлж байна гэж үү?

    -Одоо юу гэх юм бэ дээ.  

    -Найраанд орохоос татгалзвал бөхчүүд нийлж зоддог, багш ояаката нар нь дарамталдаг гэдэг тухайд та ямар тайлбар өгөх бол?

    -Өнөөдөр сумогийн иддэг хоолыг чан ко гэдэг юм. Энэ үгийн утгыг би тайлбарлаж өгье. Сумогийн дэвжээн дээр ирсэн газар газрын бөхчүүдийн идэж байгаа хоол чинь чан ко шүү дээ. Чан гэдэг нь аав гэсэн утгатай. Ко гэдэг нь хүүхэд гэсэн утгатай байхгүй юу. Сумогийн гэр бүлээрээ хооллодог хоол нь байхгүй юу. Мэдээж аав нь хүүгээ дарамтлаад шахаад, чи тэрэнд унаж өг гэх үү. Хэзээ ч тийм юм байдаггүй байхгүй юу. Хоолных нь нэр хүртэл ийм гүн гүнзгий утгатай ертөнц шүү дээ. Ойлгож байна уу. Мэдээж энэ ертөнцийн хатуу ёс жаягийг даахгүй сөхрөх нэгэн гардаг.  

    -Шүүх хурал дээр та эсрэг талын өмгөөлөгчийн тавьсан асуултуудад их сайн хариултууд өгсөн байна лээ. Гэхдээ тэдгээр асуултууд танд өмнө нь хэзээ ч ирж байгаагүй таагүй асуултууд байсан уу?

    -Тэгсэн. Гэхдээ би маш тайван хариулсан. Надад бухимдах шалтгаан байгаагүй. Тэнд хүн яах гэж очдог юм бэ. Зөвхөн үнэнийг л хэлэх гэж очдог биз дээ. Хатгасан, ингэж хэлбэл энэ хүн эгдүүцэх болов уу гэсэн бодлоготой асуултууд тавьж байна лээ. Би хариулсан. Ёкозүна хүний хувьд сумогийн ёс жаягийн өмнө сөхөрсөн, зарчмаа алдсан, түүнийхээ хариуд шийтгэл хүлээсэн нөхдүүдээс болж шүүхийн танхимд очоод мэдүүлэг өгөөд сууж байх мэдээж надад таагүй байсан. Хэний буруугаас үүдсэн билээ. Тэнд яагаад гэм зэмгүй олон арван бөхчүүдийн нэр хүнд хөндөгдөж байна вэ гэдэг дээр харамсаж байсан.

    -Итай гэдэг бас нэг бөх мэдүүлэг өгсөн. Дандаа сумогоос хөөгдсөн нөхдүүд байгаа нь анхаарал татаж л байна лээ?

    -Тийм шүү.

    -Кекүтэнзан Энхбатын нэр бас дурьдагдаад л явж байна лээ. Даваа худалдаж авах ажиллагааг зуучилдаг байсан ч гэх шиг. Та түүнийг Герман явахад нь 50 мянган иен өгсөн юм уу?

    -Өгсөн.

    -Гэтэл яагаад энийг Шукан Гэндэй мэдчихдэг билээ?

    -Би шүүх хурал дээр хэлсэн юм. Та тэрэнд мөнгө өгсөн үү гэж асуухаар нь өгсөн гэж. Зодог тайлах ёслол дээр нь өгөх ёстой юм. Тийм ёс жаяг бий. Хүний үсэнд хүрнэ гэдэг чинь ёс шүү дээ. Монголчууд хүүхдийнхээ үсийг үргээхдээ мөнгөн аяганд сүү хийж бариад тодорхой хэмжээний сэтгэлийн бэлэг өгдөг байх аа. Тэр л байхгүй юу. Өчнөөн жил хамт явлаа. Нэгийгээ зодгоо тайлаад хол явах гэж байхад сайн сайхныг хүсээд тав арван төгрөг өгч болохгүй юу. Монголоор бол 500 мянган төгрөг. Юм болохгүй л дээ. Гэхдээ сэтгэлийн бэлэг.

    -Мөнгө өгөх, авалцах найрааг хувцас солих өрөөнд явагддаг гэж Итай мэдүүлсэн. Тэр өрөөнүүд чинь камергүй хэрэг үү?

    -Энэ үнэхээр зохиомжит яриа л даа. Тэр дотор өчнөөн олон сэтгүүлчид холхиж байдаг. Өдий төдий хүн холхиж байдаг. Маш олон нүд харж байдаг газар ш дээ. Тэр байтугай хана хүртэл чихтэй гэдэг биз дээ. Иймэрхүү хэтэрхий инээдтэй зохиомжууд тэнд яригдаж л байсан.

    -Гэхдээ иймэрхүү гүтгэлгийн чанартай явуулгуудад яагаад монголчуудыг гол баатар болгох гээд байна вэ. Энэ цаагуураа сумог эзэлсэн манайхны энэ цаг үеийг зогсоох гэсэн бодлогын чанартай ажиллагаа байж болох уу?

    -Хэн ч юу  ч гэж бодож болно. Дээр үед нэг Тувагийн бөх монголд ирж барилдсан даа.Тэр зерител ямар аймаар уурлаж байсан бэ. Хоёр давчихсан чинь наадахаа алаад өгөөч ээ, саваад өг гээд л хашгираад байсан биз дээ. Бид нэг удаагийн тэр тохиолдолд л тэгж байсан. Тэгвэл энд байдал ямар байгаа билээ. Санаагаа айхтар илэрхийлэхгүй байгаа ч тодорхой хэмжээний бүлэглэл дургүйцэж байж болох шүү дээ. Надад хааяа иймэрхүү төрлийн мэдрэмж төрдөг л дөө. Хаана ч нутгийн гэх нэг үзэл байна шүү дээ. Ойлгож болох зүйл.

    -Таны нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаануудыг мэднэ. Монголдоо хөрөнгө оруулалт хийж,  тодорхой төвшний ажлуудыг хийж байгаа. Энэ тухайд чухам юу бодож явдгийг тань асуухгүй өнгөрвөл муухай хэрэг болно?

    -Би өөрийнхөө хөлс хүчээр олсон, цэвэр ариун, шударга хөдөлмөрөөрөө олсон мөнгөөрөө монголдоо тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалт хийж яваа хүн гэж өөрийгөө боддог. Элдэв хуурмаг аргаар олсон юм уу, янз янзын хахууль, луйвараар би тэр бүхнийг хийгээгүй шүү. Ард түмэн энийг мэдэж байгаа байх. Урсгасан хөлснийхөө амтаар өнөөдөр монголдоо цөөхөн ч гэсэн хэсэг хүнийг цалинтай, амьдралтай явуулах гэж хичээж байгаа шүү. Гадны хөрөнгө оруулалтыг татаад оруулаад ирэхсэн. Энэ эх орондоо юм хийж бүтээх юмсан. Өөрийн эх орноо сайхан болгох юмсан гэсэн тэр мөрөөдөл маань энэ бөхөөс даваад явчихжээ. Чадах чинээгээрээ бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулаад явж байгаа ч бүр илүү ихийг амжуулахсан, илүү ихийг нааш нь чиглүүлэхсэн гэсэн чин хүсэл эрмэлзэл надад бий болсон байна.

    -Ингэхэд АСА группын ажил хэр явж байгаа вэ?

    -Сайн байгаа. Гэхдээ би өдөр тутмын ажилд нь оролцдоггүй. Цирк гэж ямар унтарчихсан газар байв. Тулганд нь цог ч байгаагүй шүү. Тэгвэл өнөөдөр ямар болсон байна. Та орж үзсэн үү.

    -Үзсэн. Хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн гэж сонссон. Үнэнийг хэлэхэд циркийг хувьчлагдахад шүүмжлэлтэй хандаж байсан сэтгүүлчдийн нэг би. Энэ байгууллагын урлагын гэх амьдрал дуусгавар болчих вий, сумогийн ордон болчих вий гээд л?

    -Орчин үеийн шоу төв байгаасай. Бүрэн хэмжээгээр нь л хүчин чадлыг нь ашиглах юмсан. Үргэлж асч, амьдарч байгаасай гэж би бүр илүү хүсдэг. Циркид анх ороод ирсэн чинь нуль социализм л үнэртэж байсан шүү. Одоо энд шинэ агаар, шинэ менежмент орж ирсэн. Манай уран бүтээлчид ажлаа хийгээд явж байгаа. Бид үргэлж хөгжмөөр байна. өнөөдөр уран нугаралтаар гэхэд монголчууд тэргүүлж чадахаа байчихсан байна шүү дээ. Хэн тэргүүлж байна. Тэнд хятадууд тэргүүлж байна. Бид ерөөсөө завсар зайгүй хөгжихийн төлөө явмаар байна. Хаа хаанаа. Одоо цирк рүү ороод ирэхэд шал өөр болсон.

    -Таны сарын орлого хэд вэ?

    -Та яагаад надаас ингэж асууж байгаа юм.

    -Саяхан би энэ асуултыг нэг банкны захиралд тавьсан. Тэр 10 сая гэж хариулсан. Энэ бол бахархал байхгүй юу?

    -Надад нуугаад байх юм байхгүй ээ. Тэртээ тэргүй авч байгаа цалин, шагналын мөнгө бүгд ил байдаг юм. Яагаад гээч. Сумогийн холбоо чинь далд байгууллага биш байхгүй юу. Би сарын цалин 2.8 сая иен авдаг юм. Монгол төгрөг рүү шилжүүлвэл 28 сая төгрөг. Тэрэн дээр нэг башёгийн мөнгө гэж хоёр сард нэг удаа явагддаг шүү дээ. 10 сая орчим төгрөг ирдэг байх. Ялахгүй бол авахгүй шүү дээ.  За тэгээд шагналын, бооцооны мөнгө бүгд спортын сонин дээр дэлгэрэнгүй гардаг юм. Нууж хаагаад байх юм байдаггүй юм ш дээ.

    -Та яг одоо хэдэн туслахтай байгаа вэ?

    -Надад яг өөрийн дагуул долоон бөх байдаг юм. Өөр манай яг гал дотор гурван бөх байдаг. Нийлээд 10 бөх бий. Би бас хувийн жолоочтой. Жолоо барьж болохгүй дүрэмтэй. Дээр нь нэг менежер байдаг. Тэднийгээ авч явдаг юм даа.

    -Ёкозүна хүн Ёпоны эзэн хаантай ямар харилцаатай байдаг бол?

    -Би танд Ёкозүнагийн барьдаг сэлэмний тухай ярьж өгьё. Ёкузана яагаад сэлэм бариад байдаг юм. Жирийн ардын хүү сумогийн дэвжээнд барилдаад Ёкузана болоход нэг ёсондоо язгууртны зэрэглэлд очиж байна гэсэн үг. Нэг үгээр хэргэм байхгүй юу. Ёкозүна гэдэг үг хөндлөн олс гэсэн утгатай. Шашны утгатай зүйл л дээ. Дээр нь тэнгэрийн ханхүү гэж явдаг юм. Тэнгэрт тэтгэгдсэн хүү гэж явдаг. Би нэг дурсамж яръя. Өдий хүртэл миний амнаас гараагүй олон зүйлийг би танд ярьж байна. Нэг сарын башё дээр эзэн хаан ирлээ. Эзэн хааныг төв хаалгаар орж ирэхэд нь бүх бөхчүүд аварга арслангаасаа авахуулаад тэр холбооны бүх бөхчүүд ярайтал зогсож байсан. Эзэн хаан урдуур нь алхаж өнгөрдөг. Эзэн хааны нүүрийг харж болдоггүй гэсэн айхтар ёс байдаг юм. Тийм ёс заншилтай. Хэдэн градус юм бэ дээ. Тодорхой хэмжээнд толгойгоо бөхийлгөж зогсдог. Эзэн хааны хөл харагдаад наашлаад л яваад байсан. Миний өмнө хөл зогслоо. Мэндэллээ. Долоон башё дараалж түрүүлсэнд, бас рекорд эвдсэн Ёкозүна танд чин сэтгэлийн халуун баяр хүргэё гэж хэлсэн. Хэзээ ч урьд өмнө нь эзэн хаан тийм үг хэлж байгаагүй. Тэгэхэд миний хажууд Тозиазами зогсож байсан. Ямар гоё хүндлэл вэ. Нуугаад яахав тухайн агшинд надад тодорхой хэмжээнд өөрөөрөө бахархах омогшил төрсөн. Эзэн хаан яваад өглөө. Точиазүма надад Ёкозүна та үнэхээр гайхалтай юм аа гэж хэлж байсан. Миний ганц барилдаан таардаггүй айхтар бөх шүү дээ. Миний өмнө хэзээ ч намайг магтаж байгаагүй бөх тэгж хэлсэн.

    -Үнэхээр сайхан юм аа. Гоё санагдаж байна. Ингэхэд визний асуудал дээр та ямар нэгэн давуу эрх эдэлдэг үү?

    -Би тэр улсын хууль ёсноос гадуур ямар ч эрх эдэлдэггүй. Хэдий Ёкозүна ч гэсэн би гадны улсын иргэн шүү дээ. Надад ямар ч тусгай эрх ямба байдаггүй. Усыг нь уусан, ёсыг нь дагаж амьдардаг.

    -Иргэншлийн талаар янз бүрийн санал ирж байсан уу?

    -Ирж байсан.

    -Японы хүргэн болоосой гэсэн хүсэл их л байсан байх?

    -Та яг ямар хариулт авмаар байна.

    -Тэдэнд хэлдэг үгийг тань?

    -Би монгол хүн шүү дээ. Магадгүй гэдэг эх орноороо дэндүү их омогшдог монгол хүн байх. Би улаан залаатай монгол хүн. Эх оронтой хүн шүү. Үүгээрээ асар их бахархдаг. Бид нар чинь тэнгэрт тэтгэгдсэн хүмүүс байхгүй юу. Өнөөдөр бид өдөр тутмын шалдир бульдар хэрүүлээ больмоор байна шүү дээ. Асар томоор сэтгэе л дээ. Бие биенээ түгжиж биш дэмжиж явъя л даа. Яагаад нэг нэгнээ жоохон юмаар оролдож, унагааж, таагүй үгээр булаад байгаа юм бэ. Улс төр нь ч тэр. Нэг л эв нэгдэлгүй. Гэхдээ би хэзээ ч улс төрждөггүй. Бүгдээрээ том байя л даа, тэгэх үү.    

    -Манай их аварга руу зодог тайлах дөхлөө, арай зодог тайлах гэж байгаа юм биш байгаа, эсвэл тэгчихээсэй гэсэн өнгө аястай, жаахан тийм горьдсон мессеж их шиддэг л дээ. Та тэдэнд ямар хариу өгмөөр байна?

    -Мөнхийн хүн гэж байхгүй шүү дээ. Харин мөнхийн нэр алдар, амжилт, хийсэн бүтээсэн үлдэнэ. Бие бол гүйцэхгүй шүү дээ. Цаст уулын цагаан барс цагаан болохоор шоргоолжинд бариулна гэж нэг үг байдаг. Тэр үе хэзээ нэгэн цагт надад ирнэ.

    -Хөөх, бүр одооноос тэрэнд бэлтгэж байгаа хэрэг үү?

    -Ер нь. Ойлгож байна уу. Ер нь гэж хэлж байна шүү дээ. Гэхдээ би болоогүй шүү. Би дөнгөж 28-хан нас хүрч байна шүү.

    -Тийм ээ. Харж байна?

    -Харж байна уу. Тийм үү. Надад итгэж байна уу.

    -Итгэж байна?

    -Тэгвэл би та нарын итгэлийг би алдахгүй шүү.

    -Баярлалаа. Монголын ард түмэн танд хайртай шүү дээ. Тэд үргэлж танд итгэдэг. Ингээд нисээд ирэхэд гайхалтай байгаа биз дээ ?

    -Гайхалтай. Монгол минь ингээд л шаргалтаад угтдаг шүү дээ. Үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж. Тантай ингээд чин сэтгэлээ онгойтол ярих сайхан байна. Монгол сэтгүүлчтэйгээ, монгол хэлээрээ ингэж яриагүй юм байна. Би японы хэвлэл мэдээлэлтэй ингэж ярьж үзээгүй. Өөрийнхөө хэлээр, өөрийнхөө эх оронд, үг үгээ мэдэрч, сэтгэл сэтгэлээ уудалж өөртөө ийм цаг зав гаргаж суух гоё байна. Гоё энерги авлаа. Эх хэлээрээ сэтгэлийн гоё торгон учиг хөндсөн зүйлсийн тухай ярина гэдэг өөрөө маш гоё кайф. Би бараг 11 жил тэр хүмүүсийн асуултанд л хариулж ирлээ шүү дээ.    

    -Тийм шүү. Та санаа сэтгэлийн тэнцвэрээ амархан алддаг хүн юм шиг санагддаг. Гэхдээ хүнд нэг тийм бөглөө, блокоо тайлахгүй бол болохгүй үе ирдэг шүү дээ. Тийм үед та яадаг вэ?

    -Та яадаг вэ. Би дараа нь хариулъя.

    -Би юу. Би бол зарим үед удаан уйлж, зарим үед ууж, зарим үед юм хага шидэж янз бүрээр л тэсэрдэг. Тэрийгээ буруу, муухай зүйл гэж боддоггүй. Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан шүү дээ?

    -Би хариулъя. Би яагаад байн байн монгол руу зүтгээд байдаг юм бэ. Тэр нутагт өдий хүртлээ явчихсан миний хэмжээний хүнд хэр баргийн юмыг тэсээд гарчих сэтгэлийн тэнхээ байна биз дээ. Гэхдээ бас хааяа залхах юм аа. Гараад л явна. Түмэн зурагчид, түмэн сэтгүүлчид. Өнөөдөр яасан, ямар хоол идсэн. Хэнтэй уулзсан, хэдэн цагт унтдаг вэ гэсэн тийм л хөгийн юм асуудаг . Нэг юмаа хичнээн асуудаг юм бүү мэд. Аварга хүн гэхээрээ л заавал ингээд гэдсээ тэнтийлгээд л гэртээ хэвтээд  байх ёстой юм уу. Аан тийн тийн гэж толгой бөхөлзөөд л. Бүх юм нь бусдын хараанд. Бусдын таалалд нийцэж. Болъё л доо. Энийг өөрчильё л дөө. Хүн байна даа. Хамаг нервээ барж байна шүү дээ. Тайлмаар, энэ дотроосоо гаргаж хаямаар юм байна шүү дээ.

    -Харин тийм л учраас асууж байгаа юм?

    -Би монголдоо ямар ч хүнгүй, тал хээр газар ганцаараа зөндөө суудаг. Өндөр уулан дээр гарч сууна. Ганцаархнаа. Өөрөө өөртэйгөө хамт.

    -Голдуу Өвөрхангайд аа юу?

    -Үгүй. Хаана л бол хаана. Энэ чинь миний эх орон шүү дээ. Салхиар нь алгадуулж, бороонд нь норж ганцаараа алхах хичнээн сайхан бэ. Өвлийн тэр тэсгим хүйтэн агаарыг би аймаар санадаг. Гараад л амьсгалахад өөдөөс  уур цан сэвшээд л. Би хүйтэнд маш дуртай. Тэсрэлт бол мэдээж олон янз л даа. Магадгүй би өнөөдөр танд өөрийгөө нээж тэсэрч байгаа байж болно шүү дээ.

    -Сая манайд долдугаар сарын нэгэнд болсон үйл явдал танд юу бодогдуулсан бэ?

    -Би их эмзэг хүлээж авсан. Гэхдээ тэр хүмүүс яагаад тэгж тэсрэв ээ. Энийг л бодох ёстой. Би тэр шөнө ерөөсөө унтаж чадаагүй. Ресторанд хоол идээд сууж байсан чинь монголд ёстой аймаар юм болж байна гэж хүн хэлсэн. Дуулаад л гэр лүүгээ шууд гарч явсан.  

    -Танд өөрийн эрхгүй автаж байна. Яагаад ч юм эх орноо чин сэтгэлээсээ хайрламаар. Монгол маань үнэхээр яруухан шүү дээ?

    -Гайхалтай. Ийм эх оронтой хүмүүс олон биш шүү. Бид нар дандаа энийгээ мэддэг байх ёстой. Эх орноо хайрлах хайраас миний бүх юм эхэлсэн.

    -Хайр…Үнэхээр өргөн ойлголт. Хайрын тухай тантай ярьмаар л байна?

    -Тийм шүү. Өргөн ойлголт. Би санал нэг байна.

    -Хоёулаа хүн болгонд ирээд буцдаг анхны хайр гэдэг зүйлийн тухай яръя. Та хэзээ энэ зүйлтэй учирч байсан бол. Сэтгэл зүйн хувьд бас л нэг сонин үзэгдэл шүү дээ?

    -16 настайдаа. Ертөнцийг харах нүд чинь өөр болоод ирдэг нас биз дээ. Би гэдэг хүн ч бас хувираад л…тийм үү.  Гэтэл миний өмнө нэг хүн гарч ирсэн. Нэг хөөрхөн охин. Гэнэн, ариун, тэгсэн хэрнээ өөрт маань даах чинээгээр нь л хөнгөхөн шаналал авчирч байгаа юм л даа. Анхны хайртай ингэж учирч байлаа. Их сонин шүү. (Энэ үгийг хэлээд тэр инээмсэглэв, миний өмнө хамгийн гэгээн аварга сууж байна)

    -Тэр их хөөрхөн охин уу?

    -Яагаад ч юм үүл харахаар тэр охины царай надад харагддаг байсан.

    -Үүл ээ?

    -Тийм ээ. Зуны гоё, сэвгэр цагаан үүл. Цаана нь цэв цэнхэр тэнгэр.Тэгээд тэр дунд цав цагаан үүлэн дунд тэр охины царай харагдаад л. Нэг мэдсэн би юу ярьж байнаа. Ингэж ярьж болж байна уу, үгүй юу.

    -Яагаад болохгүй гэж?

    -Одоо эргээд санахаар маш гоё дурсамж. Хүүхэд юугаа мэдэх юм бэ. Догдлоод л. Тэгээд л би япон явчихсан юм.

    -Гэхдээ мартаагүй байгаа тань гоё байна?

    -Би ерөөсөө тэрийг мартдаггүй шүү дээ. Аягүй гоё дурсамж үлдээсэн. Эргэж ирэхэд миний тэр үерхэж байсан охин бас амьдралын хатууг амсчихсан байсан шүү. Одоо хааяа эргэж нэг уулзах юмсан гэж боддог юм. Гэвч хэзээ таарахыг мэдэхгүй. Хэрвээ тэр ямар нэгэн байдлаар гундаж явбал туслахсан гэж бас боддог юм.

    -Гундуу явбал таны сэтгэл өвдөнө?

    -Тэр гундуу явах хүн биш л дээ. Гэхдээ энэ ярилцлагыг олж унших болов уу. (инээв) Сайн явж байвал мэндлээд ч гэсэн өнгөрөхсөн. Хүний хувьд шүү дээ.Тухайн үед надад сайхан мэдрэмжийг төрүүлж өгснийх нь төлөө тэр хүний талаар би энэ хэмжээний бодол агуулж явж болно биз дээ.

    -Бололгүй яах юм бэ. Манай аварга ингэхэд хэр аав бэ?

    -Би сайн аав. Охин хүү хоёртой. Тэднийхээ өмнө хүлээсэн үүрэгтэй. Тэр үүргээ хэзээ ч умартахгүй.

    -Жет ли -гээс сэтгүүлч асуусан. Та бол нэгэн цагийн баатар. Харин одоо таны хувьд манай үеийн баатар гэж хэлэх хүн байна уу гэж. Тэр “Байлгүй яахав. Монголын Асашёорюү байна шүү дээ” гэж хариулсан. Бахархмаар байсан шүү?

    -Би хийсэн амжилтаараа Жет ли-д танигдах хэмжээнд очоод, өөрийгөө мэдрүүлж чадсан бол сайхан. Тэр хүний өгсөн хариулт надад сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Мэдээж муу эр бол хэзээ ч баатар болж чадахгүй.

    -Жак Ширак таныг их хүндэлдэг гэсэн. Та хоёрын анхны уулзалт Ерөнхийлөгчийн францад хийсэн тэр айлчлалын үеэр болсон уулзалт уу?

    -Биш. 2005 онд анх Японд уулзаж байсан. Яг түрүүлчихээд байж байсан. Жак Ширак гэдэг хүнийг дэлхий дахин мэднэ. Дорнын түүх,соёлыг судалдаг, дорно дахинд хайртай, дэлхийд нэртэй улс төрийн зүтгэлтэн хүн. Тэр том хүн намайг оройн зоогонд урьлаа. Би хүлээж авалгүй яахав.  Японы телевизүүдийн холбооны ерөнхийлөгч байсан. Тэгээд би, бас болгарын бөхчүүд байсан. Би түрүүлчихсэн бөөн кайфтай. Тэр хүн чинь хэн билээ. Агуу их удирдагч хүн. Гэтэл тэр хүн миний барилдаанаас, өчүүхэн ч гэсэн миний гаргаж байгаа амжилтаас кайф аваад, намайг хүндэтгээд тэгээд сууж байх бас сонин л юм билээ. Асашёрюү, би таны фен чинь шүү. Надад хувийн музеи гэж байдаг. Надад сумогийн ёсолгооны гоё маваши байна. Том цолтой бөхчүүдийн торгон маваши ч байна. Үснийх нь самнууд ч надад байгаа. Би сумод маш их дуртай. Тийм болохоор цуглуулгад маань сумогийн холбогдолтой эд зүйлс их бий гээд ярьж байна. Тэр өдөр би түрүүлээд бооцоо овоо авчихсан байсан. Тэгээд би бооцооноосоо сугалаад өглөө. Надад өгч байгаа юм уу гэж байна. Эхнэр нь хамт сууж байсан. Хоёулаа гайхаад л.Миний бэлгийг аймаар гоё хүлээж авсан. Тэгээд “Асашёрюү,би таны энэ агуу их ялалтын тань шангаас хамт хүртэж байгаадаа маш их баяртай байна. Надад энэ л дутагдаж байсан юм. Хүмүүсээ харж байгаарай, надад Асашёрюү бэлэглэсэн шүү гээд пиджакаа дэлгэж байгаад би ийшээ хийлээ шүү” гэж байгаад хийж байсан. Нэг л мөнгө шүү дээ. Цагаан өнгөтэй, бооцооны мөнгө байдаг даа. Тэр нэг ширхэг мөнгийг тэгж их гоё хүлээж авахад надад онцгой сэтгэгдэл төрсөн. Би олон сайхан дэлхийн хүмүүстэй уулзаж учирч явсан. Бүгдийг нь яаж энд ярихав.  

    -Жет Литэй бол та уулзаагүй байгаа юу?

    -Уулзаагүй байгаа.

    -Селин Дионтой таныг уулзсан гэж сонсоод үнэхээр атаархсан шүү?

    -Тийм үү. Гурван сарын башёгийн үеэр Селин Дионы тоглолт болох гэж байна гэхээр нь очсон. Дууг нь сонсох маш дуртай. Хүндэлдэг дуучны маань нэг болохоор үзье гэж үзсэн. Тэгсэн чинь тоглолтыг зохион байгуулагч нөхдүүд Асашёорюү ирчихсэн байна гэж хэлж л дээ. Өө, тийм үү. Би тоглолтоо дуусгачихаад тэр хүнтэй заавал уулзмаар байна гэсэн байна. Уулзлаа. Цагтаа дэлхийг уйлуулж байсан дуучин байхгүй юу. Дэлхийн залуусыг хайранд умбуулж байсан. ”Титаник”-ын дууг мэднэ биз дээ.   Тэрүүгээр бид огшиж байсан, тийм үү. Дэлхий нэг хэсэг тэр хүний дуугаар амьсгалсан шүү дээ. Гоё тийм ээ.

    -Таныг хараад тэр яаж байх юм?

    -Өө, аварга. Сумогийн их аварга би тантай уулзсандаа үнэхээр баяртай байна гэж хэлсэн. Уучлаарай, би өөрийгөө ямар нэгэн байдлаар товойлгох гээгүй юм шүү. Болсон явдлыг л ярьж байгаа юм. Миний үсийг хараад л, өмссөн кимоно эд нарыг гайхаад л. Сумо сумо гээд л. Тэгснээ надад бас нэг санал тавьсан.(инээв)

    -Ямар санал?

    -Хоёулаа барилдах уу гэсэн.

    -Селин үү дээ. Тантай юу. Наадах чинь ямар хөгжилтэй юм бэ?

    -Би тэгье гэсэн.

    -Мэдээж хошигнол биз дээ?

    -Мэдээж. Ингэж барилддаг юм гээд гараа өргөсөн чинь шууд хүрч ирээд тэврээд авсан. Би сүүлдээ хөөе хөөе одоо болно шүү гээд гараа өргөөд инээсэн.Тэр уулзалт үнэхээр гоё, чөлөөтэй уулзалт байсан. Нөхөр нь хамт байсан. Сайхан хүн байна билээ.

    -Тоглолт нь гоё болсон уу?

    -Тасархай. Би тэгээд гайхсан л даа. Энэ аймаар хоолой хаанаас нь гардаг юм бол. Ийм туранхай туниагүй хүнээс яаж тийм хүчирхэг хоолой хаанаас нь гардаг байнаа гэж би асуусан. Надад тэр хүн юу гэж хариулсан гээч. Аймаар гоё хариулт өгсөн. Сэтгэлээсээ гардаг юм гэж.

    -Гайхамшигтай юм аа. Та бас Норовбанзад гуайтай уулзаж учирч явсан тухайгаа өчигдөр дурсаж байсан?

    -Би нэг л жишээ яръя. Н.Норовбанзад гуайн “Дөрвөн цагийн тал” гээд агуу сайхан дуу байдаг даа. Тоглолтон дээр нь одоогийн манай хэдэн залуу дуучид бадаг бадгаар нь авч дуулсан юм. Одоо Т.Ариунаа …өөр хэн хэн ч билээ. Төгсгөлд нь Н.Норовбанзад гуай гарч ирээд дуулсан. Би үнэхээр юу хэлэхээ мэдэхгүй байдалд орсон л доо. Уучлаарай, Н.Норовбанзад гуай гарч ирээд зүгээр л тараагаад хаячихсан. Тэр хүний хоолой хаанаас нь гарч байгааг би гайхширч байсан. Надад тэр хүнтэй уулзсан нэг л агшин байдаг юм. Би аварга болчихоод байж байлаа. Н.Норовбанзад гуайн бие нь тааруу японд эмнэлэгт ирчихсэн байна гэж дууллаа. Би сайхан цай чанаад, бууз хийгээд, шөлтэй ингээд монголоороо эргэлээ. Дэлгэрмаа эгч, Дэдэрмаа эгч хоёр хамт байсан. Бидний сүүлчийн уулзалт тэр байсан. Би тэр хүнд өөрийнхөө гараар чанасан цайгаа амсуулж чадсанаараа бас бахархаж явдаг юм шүү. Цай гэдэг чинь өнгө нь юу билээ. Бэлгэдэл нь юу билээ. Монгол хүний хувьд өөртөө монголынхоо нэг агуу хүнийг амьд сэрүүнд нь эргэж очиж амжсандаа баярлаж явдаг. Одоо тэр хүн шиг дуучин төрнө гэдэг хэцүү л дээ.           

    -Та хэр дуулдаг вэ?

    -Яагаад гэнэтхэн ингэж асууж байгаа билээ. Би дуулнаа. Ер нь дуулах дуртай шүү.

    -Сэнгэнэтэл хааяа дуулчихмаар, тэгвэл л сэтгэл сайхан хөнгөрөөд явчихмаар дуу байдаг. Таны тэр дууг л сонсмоор байна?

    -Би “Нутгийн зам” гэдэг дуунд их дуртай. Эх нутагтай, эх оронтой хүний хувьд тэр дуунд дуртай.

    Хүлээсэн сэтгэлд минь ойртож харагдаад

    Хөндийг туулсан нутгийн зам аа

    Хүүгээ үдээд хоцрох ээжийд

    Ханисаад үлдэх аяны харгуй

    Нутгийн зам нуруутай

    Нуган үрдээ ханилгаатай…

    Зовлон жаргал ээлжлэн хөврөөд

    Зураг төөрөгтэй нутгийн зам аа

    Зүрх догдлон таньдаа очиход

    Зөрөг жим нь тодрох харгуй…Нутгийн зам нуруутай…нуган үрдээ ханилгаатай.(Хүүгээ үдээд хоцрох ээжийд…Ханисаад үлдэх аяны харгуй…аваргын нүдийг нулимс бүрхээд ирэв. Дагаад дуулмаар, юу юугүй уйлмаар)

    -Юу хэлэхээ мэдэхгүй нь. Та үнэхээр сайн дуучин юм?

    -Өө, баярлалаа.

    -Та өөрийнхөө барилдааны бичлэгийг олон удаа үздэг гэж ярьсан. Сумъяабазар аваргын барилдааныг үздэг үү?

    -Ёстой сонин. Ах маань миний барилдааныг үзэж чаддаггүй гэж байгаа юм. Би бас ахын барилдааныг үзэж чаддаггүй байхгүй юу. Ерөөсөө чаддаггүй.

    -Аав тань яадаг бол?

    -Аав маань хөөрхий үздэг байх. Би асуудаггүй. Гэхдээ тэр эцэг хүний сэтгэл дотор юу болж байдаг бол. Бас л асар их нерв тээж явдаг байх л даа.  

    -Гэхдээ ховор хувь заяа шүү дээ. Хоёрын хоёр аварга хүү заяалаа?

    -Ховорхон хувь заяа. Би монголынхоо ард түмэнд үнэхээр баярлаж явдаг. Тэднийхээ хайр хүндэтгэлийн хариуд өшөө сайхан барилдах болно. Зам урт байна. Би хичээнээ.  

    Асашёорюү аваргатай би ийн хөөрөлдлөө. Мэдээж бичлэгийнхээ хальсанд буусан болгоныг энд багтаах аргагүй юм. Гэхдээ сэтгүүлч хүний хувьд монголоосоо төрсөн нэгэн цагийн гайхамшиг болсон энэ аваргатай ярилцаж, уншигчдыгаа уулзуулж, түүний сэтгэл зүрхний хөг аялгууг сонсгож, монголоо гэсэн хэнтэй ч зүйрлэмгүй агуу их омогшлыг нь мэдэрч чадсандаа баяртай байна. Бас энэ ажил надад  мэргэжлийн асар том кайф авчирлаа. Баярлалаа, аварга аа.

    Урьд өмнө хатуу хөтүү үгээр гомдоож явсан бол түүнийгээ эргүүлж авмаар байна. Бас…

    Зовлон жаргал ээлжлэн хөврөөд

    Зураг төөрөгтэй нутгийн зам аа

    Зүрх догдлон таньдаа очиход

    Зөрөг жим нь тодрох харгуй…гэж сэтгэлээ хөвсөлзтөл аялсаар нутгийн зүг гармаар байна. Дэрс нь бөхөлзөж, салхи нь сэнсэрсэн монголынхоо шаргал намрыг яг одоо тэндээс мэдэрмээр байна. 

Сэтгэгдлүүд : 1

  • Intuill

    <a href=http://bestcialis20mg.com/>best site to buy cialis online</a> The restricted ovulator chicken a unique animal model for investigating the etiology of ovarian cancer

Сэтгэгдэл оруулах

урлан